Categories
мэдээ цаг-үе

Д.Шүрхүү: Өнөөдрийн Орос, Хятад хоёр 20 жилийн дараа баталгаатай найзууд байх уу

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай оронд айлчилсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Эдгээр айлчлалаас манай оронд юу үлдэв?

-Монгол Улс уул уурхай гадаад зах зээл дээр сайн байхад хоёр хөршөө үл тоох маягтайгаар бодлогоо тодорхойлж их давилуун явсан цаг үе бий. Гэтэл уул уурхайн экспорт хумигдаад ирэх үед манай орон ямар эмзэг эдийн засагтай вэ гэдгээ мэдэрсэн. Хоёр хөрштэйгээ ойртох болсон нь сүүлийн 10 жилд гуравдагч хөршийн бодлого эдийн засгийн хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүйтэй холбоотой. Улс төрийн бодлого сайн хэдий ч эдийн засаг хүндрээд, хөрөнгө оруулалт буурах үед бид гэнэт сэхээ авсан юм. Бид хоёр хөрштэйгээ ойртох болсон гол шалтгаан нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Сүүлийн хоёр жил шуурхай арга хэмжээ авч Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиа өөрчлөөд гадаад талдаа анхаарч эхэлж байгаа ч үр дүн нь хараахан гараагүй байна. Си Жиньпин дарга манай оронд айлчлахдаа зээл тусламжийг урьд өмнө нь байгаагүйгээр өглөө. В.Путиныг ирэхэд төмөр замыг хос болгох, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, далайн тээвэр, транзитын асуудал яригдсан. Энэ бүхэн ердөө эхлэл. Тодорхой тохиролцоонуудаа бид хийж чадсанаар гадаад орчноо сайжруулах эхлэл тавигдсан. Гэвч бидний хүсэн хүлээж байсан үр дүн хэзээ гарах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Гадаад валют, хөрөнгө оруулалт нэмэгдсэн зүйл алга. Улсын төсөв хүндхэн хэвээрээ байгаа. Тиймээс 2015 онд гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл ямар болох нь тодорхойгүй байна.

Транзит тээвэр, төмөр замын асуудлыг айлчлалуудаар ярьсан. Ази Европыг холбосон төмөр зам Монголоор дамжина гэсэн. Эдгээр нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол. Хоёр хөршөөс манай руу чиглэх валютын урсгал бий болох уу?

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар шийдэгдсэн хамгийн чухал зүйл нь төмөр зам, транзит тээврийн асуудал байсан. Хятадын тал анх удаа транзит тээвэрт 40 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлнэ. Мөн далайн боомтууд руу хүрэх боломжийг нээхээр болсон. Харин хариуд нь “Та нар төмөр замын асуудлаа нарийн царигаар шийдвэл боломжийг та нарт олгоно” гэсэн.

ОХУ-ын талаас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл төмөр замын гол шугамыг 2020 он гэхэд хос болгон цахилгаанжуулах бол Арц суурь, Эрдэнэт, Хөвсгөлийн зам барихаар тохиролцсон. Уг тохиролцоонуудыг харж байж бид дараагийн алхмуудаа хийнэ. Төмөр замын царигийг бид явцуу хүрээнд шийдээд байгаа юм. Монгол Улс төмөр замаа ямар үндэслэлээр байгуулах вэ гэдгээ нарийн тооцоолж чадахгүй байгаа. Манайхан төмөр замаар зөвхөн нүүрс зөөнө гэсэн бодолтойгоор царигийн асуудлыг ярьсан. Төмөр замаа барьж чадаагүй байтал үндэслэл муутай гэдэг нь харагдсан. БНХАУ импортын нүүрсээ хязгаарлаж эхэлсэн. Түүнчлэн нүүрсний үнэ унасан. Хятадын тал коксжих нүүрсэндээ гурав, бусад нүүрсэндээ зургаан хувийн татвар бий болгосон. Нүүрсээ авахдаа хүртэл өндөр шалгуур тавьсан. Тэгэхээр манай нүүрс маш хямд гарах нэг зам байна. Эсхүл ямар ч экспорт байхгүй. Ийм тохиолдолд бидэнд өргөн, нарийн аль ч цариг байсан нүүрсээ борлуулж чадахгүй. Бараг л төмөр зам барих шаардлага байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би 2010 онд царигийн асуудлыг ярьж эхлэхэд “Бид Ази Европыг холбосон транзит тээврийн бүс зангилаа болж хөгжих ёстой” гэдгийг хэлж байсан. Царигийн асуудал дээр бид хаанаас шилжүүлэн ачих вэ гэдэг зүйл бодогдож байлаа. Бидний ирээдүйн гол зорилго нүүрсээ зөөх биш Монгол Улс Ази Европыг холбосон эх газрын дамжин өнгөрөх зангилаа цэг болох ёстой. Аль аль айлчлалын хүрээнд төмөр замыг далайн боомттой холбох тухай ярьсан нь хамгийн том ололт болсон.

Та урд хөршид очиж боомтын талаар судалгаа хийчихээд ирсэн гэв үү?

-Би Си Жиньпин даргын айлчлалын дараа Хятадад очиж манайхан далайн боомтыг ашиглах боломж хэр байгаа талаар судалгаа хийсэн. Бид хоёр боомтоор яваад ирэхэд хоёр сонин зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр Тяньжин боомтод очиход нурмаг бүтээгдэхүүний бирж гэж ажилладаг юм байна. Бирж дээр ажиллах нөхцөл боломж хангалттай байна лээ. Энд Монголын нүүрс ирдэг юм уу гээд сонирхтол ирдэггүй юм байна. Манайхаас гарсан нүүрс Ухаагийн нүүрс нэрээр ирдэг юм билээ. Монголын говиос авсан нүүрсийг Өмнөд Монголын талд угааж цэвэрлээд “Ухаагийн нүүрс” гэдэг нэр өгөөд автомашинаар зөөдөг юм байна. Түүнээс биш бидэн шиг Чалкод гэрээний нөхцөлөөр нэг сая тонн нүүрс өгнө гэж тохиролцоод хэрүүл ам хийгээд явдаггүй юм байна. Бид нүүрсээ тэнд өгвөл ашигтай ажиллаж болохоор санагдсан. Нүүрсээ яаж зөөж байгаа талаар нь судлахад тэнд очиж буй нүүрсний 70-80 хувь нь автомашинаар тээвэрлэгддэг юм байна лээ. Төмөр замаар Шинхуа гэх мэт том компаниуд өөрсдийн замаар зөөдөг.

Тяньжиний хажууд Дунжанд манайхан газар түрээслэх гэж байгаа. Хятадын талаас бидэнд амлалтаа өгсөн. Үүнийг түргэвчлэх шаардага бий гэдэг нь анзаарагдлаа.

Дараагийн боомт нь Зиньжоу юм. Уг боомт нь газарзүйн хувьд Монголын хилээс 800 гаруй км зайтай. Тэр боомтын бүтээн байгуулалт өнөөдөр явагдаж байгаа. Тус боомт нь нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт нунтаг бүтээгдэхүүн, үр тариа, газрын тос, байгалийн хий ачиж буулгадаг боомт газрыг бүтээн байгуулж байна. Энэ нь Сибирь, Монголын зах зээл рүү чиглэсэн гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Тяньжин боомт улсынх бол Зиньжоу нь анхны хувьцаат компани юм билээ. Үүнээс үзэхэд Монголын дорнод хэсгээр эдийн засаг, зам тээврийн хоёр дахь зүүн талын хонгил үүсгэх боломжтой. Төмрийн хүдэр, нүүрс, үр тариаг ч гэсэн цаашид зөөж болохоор байна.

Тэгвэл Оросын зах зээл ямархуу байдалтай байгаа бол?

-ОХУ, БНХАУ хоёр 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларын бараа бүрээгдэхүүний эргэлт хийнэ. Тэгэхээр хоёр хөршийн хоорондох бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэнэ. Дорнод бүсээр эдийн засгийн талын тээврийн хонгил үүсэх бүрэн боломж байна. Оросын Алс Дорнодоор явж байгаа хэсэг нь ачаалал ихтэй.

Хөөт-Чойбалсан-Бичигтийн хооронд 300-400 км төмөр зам барихад л бараг холбогдчихож байгаа юм. Азиас Европыг холбох тээврийн коридор хоёр урсгалтай байна. Төмөр замын бодлогоор Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цариг гээд тусгачихсан. Нарийвчлан судлаад үзэхэд Монголын хилээс 800 км төмөр зам тавьчихбал Зиньжоу боомтоос Европ хүртэл ямар ч асуудалгүй ажил явж байх том урсгал бий болно.

Таны энэ мөрөөдөл биелэх юм уу?

-Хэдэн жилийн өмнө байсан бол биелэхгүй байх байсан. Монгол Хятад хоёр улс иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрлээ. ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн тал дээр ч гэсэн бүр нягт уялдаатай болсон. Хоёр хөрш худалдаагаа хөгжүүлье гэж байгаа бол энэ зурвас газрыг нээх ёстой. Өмнө нь Хятадын нутаг руу өргөн төмөр зам олон орсон. Нөгөө талаас Монгол Улс Тавантолгойгоосоо Гашуун сухайт хүртэл нарийн цариг тавьчихсан. Ингэж чадвал Монголын хоёр дахь том коридор үүснэ. Талын зам, Шинэ торгон зам, ОХУ дорно зүгт эдийн засгаа тэлэх гурван бодлого нийлж байгаа юм. Эдийн засгийн энэ коридор гурван оронд аль алинд нь ашигтай. Хятад үр тариа, газрын тос, нүүрсээр маш их дутагдаж байгаа орон. Мөн эрчим хүч, авто зам тэдэнд хэрэгтэй байна. Хятадын Шинэ торгон замын эдийн засгийн бүс XXI зууны далайн торгон зам гэдэг бодлого нь бодитоор хэрэгжих боломжтой. Хятад хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах сонирхолтой байгаа. Замын-Үүд Эрээн, Цагаан хад-Гашуун сухайт, Бичигт хавьд эдийн засгийн бүс үүсэх боломж байна. Ингэснээр Монголын дорнод бүс хөгжинө. Дорнод бүсэд бид үр тариа, тутрага, мал аж ахуйг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Бид ингэж зурвас бүс байгуулах хэрэгтэй. Бид мөн гурав дахь эдийн засгийн хонгил үүсэх боломжтой. Тувагаас орж ирж буй Арц суурь, Хөвсгөл, Эрдэнэт чиглэл урагшаа холбогдчихоор босоо тэнхлэг ороод ирнэ. Бид зөвхөн Тавантолгойн нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт зүйлсийг зөөнө гэж байхаар гурван улсыг холбосон энэ чиглэлээр төмөр замаа баривал ирээдүйтэй. Үүнээс харахад зургаан жил маргасан нарийн царигийн асуудал тийм ч чухал биш.

Алдаа нь юундаа байна вэ?

-Х.Баттулга, А.Гансүх сайд нар Монголын аюулгүй байдал, транзитын тал дээр анхаарсан бодлого нь зөв боловч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байсан. Тэд мэргэжлийн хүмүүсийг холдуулсан. Төмөр замчдын холбоо гэх мэт мэргэжлийн хүмүүс нь Засгийн газрынхаа эсрэг тэмцээд эхэлсэн. Үүнд хамгийн том асуудал нь бий. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод ажлаа явуулж байсан бол зөв байсан. Манайхан цариг гэж их ярилаа. Монгол Улсын аюулгүй байдал царигтаа байгаа юм биш. Нарийн цариг бол мухар зам. Хятад Монголыг холбосон зам. Харин манай орны аюулгүй байдал нь транзит тээвэр. Талын зам бодлогоо манайхан эхэнд тавьсан бол царигийн асуудал ингэж газар авахгүй байлаа. Хятадад аялалаар явахад авто зам хамгийн чухал гэдгийг мэдлээ. Бид цариг шийдэж чаддаггүй юм бол өмнө зүгтээ маш сайн авто зам тавих хэрэгтэй.

Хятад руу эрчим хүч экспортлох асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Бид эрчим хүч экспортлохдоо хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь З.Энхболд даргын хэлснээр ерөнхий хэлэлцээр хийж, зарчмаа тохиролцох ёстой. Оюутолгойгоос 10 центээр авдаг хэрнээ экспортлохдоо хоёр центээр экспортолж болохгүй биз дээ. Эхний ээлжинд үнээ зөв тохирох. Өөр нэг зүйл нь технологийн асуудал. Монгол Улс хөгжлийн чанарын шинэ түвшинд очих ёстой. Хятадууд хоцрогдсон цахилгаан станцуудаа хааж байгаа. Тэрийг нь бид авч ирж хэрэглэж болохгүй. Монгол Улс үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бид Монголын хангай, говио сүйтгэж болохгүй. Нар, салхины том хөшгөн цахилгаан станцыг барих ёстой. Орчин үеийн томоохон цахилгаан станцуудыг томоохон хэдэн газраа байгуулах шаардлагатай.

Хийн хоолойн асуудлыг гадагшаа явж ирсэн хүн бүр манайх тавина гэж байна. Гэтэл хоёр хөрш олон сая ам.доллараар зургаа гаргуулж хэдүйн гарын үсэг зурсан нь тодорхой боллоо. Хийн хоолой Монголоор дамжих юм уу. Хоолой тавилаа гэхэд хойноосоо Орос, урдаасаа Хятадуудын нөлөө онцгой ихсэх юм биш үү?

-Энгийн утгаараа хийн хоолой тавих нь транзит тээврийн орон гэдэг утгаараа хоёр гурван ашигтай тал бий. Талын замын давуу тал нь баялагаа ухахгүйгээр дамжин өнгөрөхөд нь төлбөр авах юм. Бодит байдал дээр Оросын тал дорно зүг рүү хандаж буй хандлагаа алсын бодлоготой хийж байна. Энэ нь газрын тосны хоолойноос тодорхой харагдсан. Оросын бодлого нэг зах зээлээс хараат байхгүйн төлөө явж байна. Тэд дорно зүг рүү хараагаа тэлэхдээ хэд хэдэн чиглэл рүү явж байгаа. Газрын тосны хоолойг Номхон далайн эрэг, Хятад гэсэн хоёр салаа замаар тавьж байна. Хятадтай харилцаа муудах үед далайгаар газрын тосоо гаргана. Өнөөдрийн ОХУ, БНХАУ хоёр 20 жилийн дараа баталгаатай найз байна гэсэн үг биш. Тиймээс стратегийн бодлогоороо Алс Дорнодын бүс далайн боомт руугаа чиглэж байна. Хийн хоолойгоо ч гэсэн тэгж тавих гэж байгаа юм. Алс Дорнодын эрэг рүүгээ нэг тавиад нөгөө салааг нь хятад руу дамжуулна. Том гүрнүүд 20-30 жилийн цаадахыг харж байна. Харин монголчууд 2-3 жилийн цаадахаа бодож байна. Зөвхөн ганц Хятад руу чиглүүлж хийн хоолойныхоо чиглэлийг өөрчлөхгүй. Энэ бол баталгаатай. Ирээдүйд манай орныг дайруулан том оврын биш юм аа гэхэд бага оврын хоолой явж магадгүй. Монгол Улс Орос, Хятадын өрсөлдөөнийг ашиглах ёстой. Хятадууд манайд хайртайдаа далайн боомт руу төмөр зам тавих гээд байгаа юм биш. Оросын нөлөөг ядаж Улаанбаатараас хойш нь гаргах гэсэн санаа. Энэ бүхнийг бид ойлгох шаардлагатай.

Олон улс судлалын хүрээлэн цаашид ямар асуудалд анхааран ажиллах вэ?

-Өмнө нь хүмүүс манай хүрээлэнг төдий л сайн анзаардаггүй байсан. Харин хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын дараагаас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Бид ч гэсэн олон улсыг нээх цонх болж ажиллах хэрэгтэй байна. Хүмүүс Стратегийн хүрээлэн байхад танайх байх шаардлага байгаа юм уу гэдэг. Эд бүгдээрээ чиг үүрэг нь өөр. Стратегийн хүрээлэн хагас албан шинжтэй. ҮАБ-ын ажлын албаны дэргэдэх байгууллага. Зөвхөн орос хятадаас гадна дотоод, гадаад аюулгүй байдлыг давхар хариуцдаг. МУИС дээр олон улсын харилцааны сургууль гэж байна. Тэд сургалтаа хийж, бага зэргийн судалгаа хийдэг. Харин манай хүрээлэн Орос, Хятад болон бусад орны эрдэмтэд ирж ном хаялцдаг, бүх зүйлийг нээлттэй судалдаг байгууллага. 2008 онд манай хүрээлэнгээс санаачилан Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн форум гэж байгуулсан. Уг форумаараа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэж таван удаагийн форумыг хийсэн. Тэр болгон дээр гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьдаг байсан. Тухайн үед Оросны эрдэмтэд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих болоогүй гэдэг байлаа. Гэтэл Душанбед анхны уулзалт боллоо. Гадаад харилцааны дэд сайд нар уулзлаа. Ирэх жил Шанхайн хамтын ажиллагаан дээр уулзахаар болсон.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярболд: Нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-“Алтангадас трейд” компанийн БНСУ-аас оруулж ирсэн таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ESSE” тамхийг улсын орлого болгож, битүүмжлээд буй. Юуны учир ийм арга хэмжээ аваад байна вэ?

-Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос МХЕГ-т хаяг, шошгын зөрчилтэй, Монгол Улсын нэгдэж орсон ДЭМБ-гаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенц, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хаяг шошго бүхий тамхи худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн мөрөөр хяналт, шалгалтыг тус компани дээр удирдамжийн дагуу хийсэн. Шалгалтаар “ЕSSE Lights”, “ЕSSE Change” нэрийн тамхинууд дээрх конвенц, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлээд, уг тамхинуудыг худалдан борлуулахыг нь зогсоож, битүүмжилсэн байгаа. Тус компанийн агуулахад байсан хуучин стандартын үед оруулж ирж худалдаж байсан тамхины үлдэгдлүүдийг нийлүүлээд нийт таван тэрбум төгрөгийн тамхи битүүмжилсэн.

Нэг компани таван тэрбумын үнэтэй бараагаа улсын орлого болгуулж, битүүмжлүүлнэ гэдэг маш том цохилт. Үүний нөгөө талд нэг компани ийм их хохирол амсч байгаа нь танай байгууллага энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа бага хийж, тухайн компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй байх гэж ойлгож болох юм?

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаран болчихоод байна. Мөн янжуур тамхины стандартад өөрчлөлт орсон. Хууль хэрэгжиж эхлэх болон шинэ стандартыг мөрдөж эхлэхээс өмнө тамхины бизнес эрхлэгчдэд хугацаа өгсөн нь тэдний бизнесийг хамгаалж, бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг зарж борлуулж дуусгах, энэ хооронд дараагийн бүтээг­дэхүүнээ хэвлүүлэх зэрэг боломжуудыг олгосон. Шинэ стандартыг батлагдсан өд­рөөс нь бус тодорхой хуга­цааны дараа хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг ч мөн адил тэгсэн шүү дээ. “Алтангадас трейд” компани нь хууль, стандартын өөрчлөлтүүдийг мэдэж байсан.

Та бүхэн хяналт шалгалт явуулахдаа торгож, битүүмжлэхийг энэ тэргүүнд тавьдаг юм уу. Тухайн бизнесийн байгууллагын эрх ашгийг хэр анхаарч үздэг юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын зарчим бол хууль, тогтоомж, стандартуудыг албадан хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн байдалд дэмжлэг үзүүлсэн, аль болохоор эдийн засаг болоод үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг тусгадаг. Гэхдээ үнэхээр хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн байвал энэ хэвээр нь үргэлжлүүлээд байх боломжгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар алдаа дутагдлыг нь засуулах арга хэмжээ авдаг. Тухайн тамхинуудын хувьд яалт ч үгүй Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенцийг зөрчсөн байгаа нь дээрх арга хэмжээг авахад хүргэсэн. Шууд устгах юм уу, дараагийн арга хэмжээг аваагүй байна. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас тодруулга авч, Стандартчилал хэмжилзүйн төвөөс шошгын стандартыг зөрчсөн байна гэдэг мэдээлэл авсан. Нэг байгууллагын өнцгөөс бид энэ асуудалд хандаагүй.

Тамхины бизнес эрх­­­лэгчдийн холбоо “Алтан­гадас трейд” компанийн талаар мэдээлжээ. Үүнээс харахад нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесменүүд нэгнийхээ эсрэг ажил зохиогоод байгаа юм шиг. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж анзаарч болох нь?

-Манай байгууллагад хэн ч өргөдөл, гомдол гаргаж хандаж болно. Гаргасан өргөдөл гомдол нь эрхзүйн үндэслэлтэй бол хууль тогтоомжийн дагуу л хяналтаа явуулна. Түүнээс биш тухайн байгууллагын цаана ямар ашиг сонирхол байсныг бид мэдэхгүй. Илэрч байгаа зөрчил нь хууль тогтоомж зөрчсөн байвал хуулийн дагуу л хариуцлага тооцоод явна. Тамхи гэдэг энэ зүйл эрүүл мэндэд хортой. Нийт өвчлөлийн дотроос зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи. Тэгэхээр тамхин дээрх зурган анхааруулга, шошгын асуудал чухал юм. Тамхины дотор агуулагдаж байгаа бохь, никотиноос илүүтэй шошгон дээрх анхааруулга, зөвлөмж нь нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлоо өгч байдаг нь нотлогдсон. Никотин нь 1.5, 1.6 байх нь ялгаагүй. Аль аль нь хортой. МХЕГ, тамхины хяналтад оролцогч байгууллагууд шошгон дээрх анхааруулгад ач холбогдол өгөөд байдаг нь ийм учиртай юм. Дээрх тамхинуудын хайрцган дээр “Зөөлөн амттай”, “Lithts”, “Зөөлөн амт нь сэнгэнэсэн амтаар солигдоно” гэх мэтээр бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11-гийн “А”-г илт зөрчсөн. Бусад тамхинаас хор хөнөөл багатай, зөөлөн гэх мэтээр бичсэн нь тамхи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн л нэг арга болж байгаа. Бүх тамхи л никотин агуулж байгаа учир хүний эрүүл мэндэд хортой.

Хэрвээ “Алтан гадас трейд” компани танайхаас тавьсан шаардлагуудыг биелүүлээд, бараагаа үйлдвэрлэгчид нь буцааж шошгыг нь стандартад нийцүүлэн дахин оруулж ирж болох уу. Ер нь тамхины чиглэлийн гэлт­гүй ийм байдалд орсон компаниудад гарах гарц байдаг уу. Хуулинд ингэж харж үзсэн, бизнес эрхлэгчдээ анхаарсан зүйл заалт бий юу?

-Бид хууль тогтоомжийнхоо дагуу л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Нийслэлийн Прокурорын газарт хандаад, энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн шинж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавьсан. Тус газраас энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуул гэсэн. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар шилжүүлчихсэн. Үүний дараа ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд захиргааны журмаар шийдэхээр болбол манай байгууллагад ирэх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага яаж шийдэхээс шалтгаална. Монголд мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн баримтаас харахад эргэж буцаана, реэкспорт хийгээд тэнд нь зөрчлийг арилгуулах гэсэн ямар нэгэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн дагуу Засгийн газрын 197 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ерөөсөө хурааж устгана л гэсэн заалт байгаа.

Таван тэрбумын хөрөнгө шүү дээ, нэг компанийн. Хэдий нэг компани ч гэлээ цаана нь олон хүний эрх ашиг, амьдрал бий?

-Гэхдээ энэ асуудлыг хяналт шалгалт хийсэн байцаагч нар нь шийдэхгүй. Удирдлага, ерөнхий байцаагч нарын Зөвлөлийн хурлаар оруулж эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ одоо тэгж шийднэ, ингэж шийднэ гэж хэлж болохгүй.

Монгол Улсын хуулийн гаргалаа нь өөрөө шошгын стандартын зөрчилтэй байвал хураана, улсын орлого болгоно, олсон орлогыг нь улсын орлого болгоно, зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана гэсэн л заалттай.

Сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордох нь ихэслээ. Сүүлийн хоёр сард ийм тохиолдол нэлээд гарлаа?

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийтдээ хордлого, халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гарсан. Хордлого халдварын гол шалтгаан нь юутай холбоотой байна вэ гэхээр үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл ахуйн зохистой дадлын мэдлэг хангалтгүй байна. Мэргэжлийн бус хүмүүс энэ ажлыг эрхэлдэгтэй холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнээ яаж тээвэрлэх вэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүс хүнс зөөж байна. Мэргэшсэн байдлыг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед тогооч, хүнсний чиглэлийн худалдагч нарыг түр сургалтаар бэлтгэж байгаа нь сургалтын чанар хангалтгүйг харуулж байна. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналт сул байна. Цэцэрлэг байлаа гэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийнхээ эрүүл ахуйн зохистой дадал, хандлага ямар байгааг үнэлдэггүй, дотоод хяналт тавьдаггүй. Ийм байдлаас болоод энэ хордлого халдварууд гараад байна л даа. Эрүүл мэндийн зарим байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай ч холбоотой. Бид яагаад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг нь шалгаад үзээд байдаг вэ гэхээр энэ маш чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Өмнөговь болон бусад газруудад гарсан зарим хордлогын хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нь өөрсдөө нян тээгч байгаа учир хоол хүнс бохирдуулах эх уурхай нь болж байна. Үүнийг үзэж шинжилж байгаа байгууллагууд нь үнэн бодит ажиллахгүй, шинжлэхгүйгээр шууд дэвтэрт нь бичиж өгдөг. Ийм байдлаас болоод хордлого, халдвар үүсээд байна. Гуравдугаарт, сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын хүчин чадал ихэссэн, ачаалал ихтэй ажилладагтай холбоотой.

Баян-Өлгий аймагт хоёр ч удаа хүүхдүүд хордсон тохиолдол гарлаа. Сүүлд Улаанхус суманд гарсан хордлогын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-“Улаанхус суманд өнгөрсөн сарын 29-ний өдөр цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор өвдлөө” гэсэн мэдээлэл ирж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалт хийсэн. Анх ирүүлсэн мэдээлэлд 47 хүүхэд өвдсөн гэж байсан боловч нийт 74 хүүхдээс хоолноос хордсон гэх шинж тэмдэг илэрсэн. Үүнээс 51 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг, 19 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад байна гэсэн мэдээ ирсэн. Эдгээр хүүхдүүдэд халуурсан, бөөлжсөн, биеийн байдал нь суларсан гэсэн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Холбогдох шинжилгээнүүдийг авсан. Нян судлалын шинжилгээний хариу нь өнөөдөр гарна. Эхний шинжилгээгээр цусан суулгын нян илэрч байна гэсэн.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын тань хувьд нэг зүйл тодруулъя. Манай сонины байрны цонхнуудыг таглаж “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга баригдаж байгаа. Уг барилга баригдаж эхэлснээс хойш олон хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Ажлын байранд гэлтгүй ер нь хүнд байгалийн гэрэлтүүлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Уг барилга баригдсанаас хойш манай сонины сэтгүүлч сурвалжлагч, ажилтнууд нар, салхи үзэхээ байж, хүнд нөхцөлд ажлаа явуулж байна. Та үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-2010 оноос өмнө бүх барилгын зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийгдэж, зураг төслийг нь эрүүл ахуйн байгууллагаас зөвшөөрсний дагуу барилга угсралтын ажил эхэлдэг байсан. 2010 оноос хойш яасан бэ гэхээр, тус онд Засгийн газрын 325 дугаар тогтоол болон Ариун цэврийн хуулинд өөрчлөлт оруулах замаар урьдчилан хяналтын энэ асуудлыг байхгүй болгосноос сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламжийн барилга хоорондын зай, барилгын дотоод технологийн зохион байгуулалт нь хянагдахгүй явж байна. Үүнээс болж сүүлийн үед хоорондоо наалдсан, байгалийн гэрэлтүүлгийг нь хаасан барилгууд олширч байна.

Байгалийн гэрэлтүүлгийн ач холбогдол маш их л дээ. Нарны гэрэл нян, ашиггүй бичил биетнийг устгадаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг гэж ойлгож болно. Нарны гэрэл нь хаагдсанаар тухайн барилгад хөгц, мөөгөнцөр үүсэх асуудал үүсдэг. Яагаад хөгц мөөгөнцөр үүсдэг вэ гэхээр байгалийн гэрэлтүүлэг дутсанаас болдог. Нарны гэрэлтүүлэг нь хүний биед нөлөөлж, бодисын солилцоонуудыг эрчимжүүлдэг. Хүмүүс нарны гэрэлд биеэ ээж, D витаминыг нийлэгжүүлнэ гэдэг шүү дээ. Энэ асуудлууд байхгүй болсноор ажлын байр, гэр орон, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа бид сургалтын боловсролын байгууллагад энэ асуудлыг тавьдаг. Байгалийн гэрэлтүүлэг ямар байх ёстой юм. Цонх, шалны харьцаа хэд байж гэрэлтүүлгийн норм хангагдах ёстой юм гэдэг шаардлагуудыг тавьдаг. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчдийн юм уу, эсвэл цаана нь ямар нэг эрх ашгийн үүднээс хуулинд өөрчлөлт оруулсан нь ийм нөхцөл байдлуудыг бий болгож байна. Одоо эрүүл ахуйн талаасаа болохгүй байна гээд бид очиж, хяналт тавьж, барилгын ажлыг нь зогсоох эрхзүйн үндэсгүй болсон гэж хэлж болно.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах гутлын үйлдвэр ашиглалтад орлоо

Өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтад орлоо. Гэхдээ энэ бол үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын тоо. Хүчин чадлаа бүрэн ашиглавал ийм тооны гутал өдөр бүр үйлдвэрлэж чадна гэсэн үг. Одоохондоо олон нийтийг хамарсан захиалга орж ирэх­гүй, зах зээл бага байгаагаас хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа ажээ. Нээлтээ хийгээд гурав хонож буй “Best shoes” гутлын үйлдвэр дээр очив. Үүдэндээ эрэгтэй хүний аварга том гутал урлаад тавьчихаж. 220 см-ийн урттай, 342 размерийн уг гутал Монголын хамгийн том ботинк гэсэн. Шинэ үйлдвэрийнхээ нээлтэд зориулан тус компанийн авьяаслаг залуус аварга гутлыг урлажээ. Тус үйлдвэрт 40 гаруй залуус ажиллаж байна. Дизайн, эсгүүр, оёдол, уллагаа гээд дамжлага бүрт мэргэжлийн боловсон хүчин бий. Эднийд ажиллаж буй залуусын олонх нь их, дээд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс. Шинэхэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд, захиалга ихтэй болохоор ажлын байрны тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

“Best shoes” гутлын үйлдвэр 2001 онд байгуулагджээ. Захирлыг нь Б.Түвдэнням гэдэг. Тэрээр “Урлах эрдэм” дээд сургуулийг гутлын дизай­нер, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсчээ. 24 дэх жилдээ гутал хийж байгаа юм байна. Гутлын үйлдвэр хаагдахаас өмнө сүүлийн хоёр жилд нь ажиллачихсан. Үйлдвэр ямар байдгийг мэдэх учраас өнөөдрийнх шиг хэмжээний үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөдөж явсаар шинэхэн үйлдвэрээ нээжээ. Ингэхдээ Засгийн газраас зарласан 888 төслийн хүрээнд Чингэс бондоос хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байна. Түүгээрээ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж зэргийг худалдан авчээ. Тоног төхөөөрөмжөө бүр Италиас оруулж ирсэн гэнэ. Одоо тэдэнд зөвхөн үйлдвэрлээд байх л үүрэг үлджээ. Энэ тухайгаа Б.Түвдэнням захирал “Өнгөрсөн бямба гаригт үйлдвэрийн нээлт болсон. Цахим хуудсуудаар манай үйлдвэрийн тухай мэдээлэл гарсан байна лээ. Уншигчид ч нэлээн сэтгэгдэл бичсэн байсан. Ерөнхий сайдтай ах дүү мэт л бичиж. Зээл авчихаар ингэдэг бололтой юм. Ингэж юм хийх гээд ядаж яваа нэгнээ хий хардаж байхаар ганц ч гэсэн урмын үг хэлж болдоггүй юм болов уу гэж бодогддог юм байна” гэв.

“Best shoes”-ийнхэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, цэрэг, цагдаагийн, малчны гээд төрөл бүрийн гутал хийж байна. Эрэгтэй гутал дотроо бас л олон янз. Өвлийн, хавар намрын, богино түрүүтэй, урт түрийтэй гээд явж өгнө. Материал нь ч бас харилцан адилгүй. Гоёлын арьсан гутал хийнэ. Бас жинхэнэ матрын арьсаар ч гутал хийж байгаа ажээ. Ингэхдээ зүгээр нэг олдсон матрын арьсаар нь хийчихгүй. Хэвлий хэсгийн арьс хамгийн зузаан байдаг болохоор тэр арьсыг нь л хэрэглэдэг гэсэн. Ийм гутал 700 мянган төгрөгийн үнэтэй. “Best shoes”-ийн хамгийн үнэтэй гутал ажээ. Учир нь матрын арьс үнэтэй байдаг гэнэ. Нэг гутал хийх арьсыг 500 мянган төгрөгөөр авдаг юм байна. Бас цэрэг, цагдаагийн гутал хийдэг. Дотор гадаргүй арьсан гутал чийг татахгүй. Цэрэг, цагдаагийн байгууллагын захиалгаар хэд л бол хэдийг үйлдвэрлэж өгөх бүрэн боломжтой гэсэн. Харин малчдад зориулан оломцогтой гутал үйлдвэрлэж байгаа ажээ. Эмэгтэй гутал ч бас төрөл бүрээрээ байна. Гоёлын өндөр өсгийтөөс эхлээд урт, богино түрийтэй, хавар намрын, өвлийн, өсгийтэй, өсгийгүй гээд эмэгтэйчүүд ямар л гутал өмсөхийг хүсдэг тэр бүхийг “Best shoes” үйлдвэрлэж буй. Бас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварын тундр гутал үйлдвэрлэж эхэлжээ. Уг гутал цаа бугын гутал шиг битүү үстэй. Гэхдээ үс нь үхрийнх. Үхрийн үсийг янз бүрийн будганд оруулалгүй, байгалийн өнгөөр нь ашиглаж байгаа юм байна. Эдний гутлын үнэ 360-395 мянган төгрөгийн ханштай ажээ. Дээрх үнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа гэнэ. Эх орондоо үйлдвэрлэж байж яасан үнэтэй зардаг юм, баячуудын гутал хийлээ гэж зэмлэх нь ч бий. Тиймээс арай хямд арьс авч өртөг багатай гутал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнийхээ зэрэгцээ сайн чанарын гутлаа ч үйлдвэрлэнэ гэж байв. “Бид Засгийн газраасаа зээл аван ажиллаж байгаа. Монголчуудынхаа итгэлийг алдаж болохгүй. Тиймээс хамгийн сайн гэсэн бүхнээр л гутлаа хийдэг. Муу арьстай ганцхан гутал худалдаанд гаргалаа гэхэд миний 24 жилийн хөдөлмөрийг үгүй хийчихнэ. Алдах эрхгүйгээр ажиллаж байгаа” гэж Б.Түвдэнням захирал ярьж байв. Эднийх гутлынхаа материал, түүхий эдийг голдуу гаднаас оруулж ирдэг ажээ. Уг нь дотоодынхоо арьс, шир, нэхийг ашиглая гэж бодоод хэдэн жилийн өмнө Дарханаас нэхий, арьс худалдан авчээ. Түүгээрээ 200 гутал хийгээд худалдаанд гаргачихсан чинь худалдан авагчид нь эргэж ирээд бөөн хэл ам болж. Учир нь боловсруулалт муутай нэхийгээр доторлочихоор чийг татаад, өмсөхийн аргагүй болж байсан гашуун туршлага эднийд бий. Тиймээс одоо худалдан авагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд сайн чанарын арьс, нэхий гаднаас оруулж ирж байгаа юм байна. Харин олонд танигдаад, худалдан авалт ихтэй болчихоор түүхий эд үйлдвэрлэгчид ч гэсэн эднийд зориулан арьс, нэхийгээ боловсруулдаг болох байх гэж тооцоолж буй ажээ. Ер нь тус гутлын үйлдвэр борлуулалт сайтай болчихвол дагаад хөнгөн үйлдвэрийн салбарт олон ажлын байр нэмэгдэх юм билээ. Жишээ нь, аль нэг цех эдний гутлын зөвхөн өсгийг л хийхэд хэд хэдэн ажлын байр нэмэгдэх боломжтой юм байна.

“Best shoes”-ийн үйлдвэр гурван давхар байртай. Доод давхар тэр чигтээ үйлдвэрийн байр. Нэгэн жигд хувцсаар ижилссэн гуч гаруй залуус ажиллаж байна. Хоёр давхарт загвар зохион бүтээгчид сууна. Шинэ загвар зохиохоос гадна орж ирсэн хүн бүртэй уулзаж захиалгыг нь авдаг. Эднийхийг зориод ирсэн хүн зөвхөн өөртөө зориулан цорын ганц гутал хийлгэх боломжтой. Ингэвэл гутлын үндсэн үнэ дээр 10-15 хувийн нэмэгдэл төлөөд л болоо. Тэр нь 15-30 мянган төгрөг болно. Өөрийнхөө дуртай хээ, оруулгыг хийлгэж болно. Бас өөрийн хүссэн өнгө, материалаа сонгох эрхтэй. Ер нь хүн юу хүснэ, тэр бүхнийг эдний хамт олон хийж өгч чадна.

Загвар зохион бүтээгчдийн өрөөтэй залгаад захиалгын хэсэг бий. Эхнэр, нөхөр хоёр ирчихсэн өвлийнхөө гутлын захиалгыг өгч байна. Хосууд “Best shoes”-ээр олон жил үйлчлүүлж байгаа ажээ. “Бөөр их өвддөг. Эдний гутлыг өмсөхөөр чийг татахгүй болохоор амар байдаг юм. Дөрвөн улиралд өмсөх бүх гутлаа эндээс авдаг. Гэрийн шаахай хүртэл “Best shoes”-ийнх” гэв. Харин дээд давхарт захирал, санхүүгийн албаныхан суудаг юм байна. Байрны давхар бүрт гутлын сувинер, гуталтай холбоотой сонин содон эдлэл байх ажээ. Харин гутлуудаа “Улаанбаатар” их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Маршалын гүүрний “Оргил” худалдааны төвд борлуулдаг юм байна.

Тус компанийнхан байгуулагдсан цагаасаа хойш захиалгаар гутал хийж эхэлжээ. Янз бүрийн л хүн захиалга өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гутлыг ч урладаг юм байна. Бас УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил эрхмүүд “Best shoes”-ийн гутлыг өмсөж байгаа гэсэн. Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол поп урсгалаа гаргаж ирэхдээ хувцаслалтдаа ч мөн үндэсний хэв маягийг шингээсэн. Тэр үедээ эднийхээр гутал хийлгэж байжээ. Мөн төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, МУГЖ Т.Ариунаа, “Увертура” хамтлаг гэхчлэн “Best shoes”-ийн гутлаар гоёдог олон хүн бий. Гутлаас гадна арьсан цүнх, хэтэвч үйлдвэрлэдэг. Гутал захиалж буй хэрэглэгч цүнхээ хослуулан хийлгэх дуртай байдаг гэнэ.

Тус үйлдвэр дотоодын зах зээлээ төвөггүй хангах боломжтой. Бүр хоёр хөрш рүүгээ ч экспортлох боломжийг эрэлхийлж байгаа ажээ. Жилийн өмнө Оросын томоохон сүлжээ дэлгүүртэй холбогдоход “Өдөрт 250 гутал хийдэг болчих. Тэгвэл манайх танай гутлыг зарж болно. Манайх Хятадаас гутал авч байхаар танайхаас авдаг болчихвол бидэнд ашигтай байна” гэсэн хариу өгчээ. Тухайн үед өдөрт 40 гутал хийдэг байсан болохоор тэгсгээд чимээгүй болчихсон аж. Одоо харин үйлдвэртэй болчихсон болохоор оросуудтай нүүр бардам харьцаж болохоор болжээ.

Б.Түвдэнням захирал үйлдвэрээ танилцуулах явцдаа “Ийм гоё үйлдвэртэй болчихлоо. Монголчууд маань дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд манай гутлыг худалдаж аваарай гэж уриалмаар байна. Ямар ч байсан чийг татахгүй гэдгийг бүрэн амлаж чадна. Загварын хувьд хэнд ч гологдохгүй болов уу. Манайхан чинь үнэтэй зүйл эдэлж хэрэглэж сурсан улс. Материал танихдаа маш сайн. Аль л сайн гэсэн материалаар гутлаа үйлдвэрлэж байна” гэв. Тэрээр эх орныхоо онцлог, цаг уурын байдлыг хэнээс ч илүүтэй мэдэрч гутлаа үйлдвэрлэдэг. Өвөл цас мөс ихтэй болохоор халтирахгүй ултай гутал хийхээ мэднэ. Бас хэр баргийн хүйтэнд хөл дааруулахгүй гутал үйлдвэрлэж байгаа ажээ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Халад өмсч, эмнэлгүүдээр явж хулгай хийдэг бүлэглэл баригджээ

-ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН 12 ХҮНИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ-

Бусдын дүрд хуви­лан хулгай хийдэг бүлэг­­лэ­лүүдийг Улаан­баа­тар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэл­жээ. Хулгайчид эмнэ­лэгт эмчийн дүрээр, оффист ажилтны дүрээр, наадамд уяач болж очдог байжээ.

ЦАГААН ХАЛАДТАЙ ХУЛГАЙЧ

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэс­ний төв зэрэг эмнэ­лэгт халад өмсч ороод, хулгай хийдэг бүлэг­лэлийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнгөр­сөн долоо хоногт илрүүл­жээ. Тэд хөл хөдөл­гөөн ихтэй, олон эмчтэй эмнэлгүүдэд цагаан халад өмсч, нүдний шил зүүж ордог аж. Улмаар эмч нарыг өрөөнөөсөө түр гарах хооронд зөрж орж түрийвч, гар утас зэргийг нь хулгайлдаг байжээ. Мөн өвчтөнүүдийн өрөөгөөр хэсч эзэнгүй тасгаас цэнэглээд орхисон утас, түрийвч зэргийг хулгайлдаг байжээ. Тэр ч бүү хэл таарсан өвчтөнийхөө биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгдөг байсан гэнэ. Тэд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс гадна Анагаахын шинж­лэх ухааны үндэс­ний их сур­гуульд сурч байгаа оюутан мэтээр олон оюутантай лекцэнд сууж, анги танхимаар явж хулгай хийдэг бай­жээ. Одоогоор цагаан халадтай зургаан хулгайчийг саатуулан, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тэд зургаан удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Сэжигтнүүд 20-25 насныхан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй гэнэ. Зарим нь дээд боловсролтой ч ажил хийдэггүй байжээ. Тэдэнд Эрүү­гийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус зүйл ангид “Хулгайн гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьд­чилан үгсэж тохи­ролц­­сон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэг­лэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүр­тэл хугацаагаар баривч­лах, эсхүл хоёроос таван жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

ТОМ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН, УЯАЧДЫН ДҮРД ХУВИЛСАН ХУЛГАЙЧ НАР

Томоохон үйлд­вэр, уурхайн, ком­па­ниудын цалин буу­хаар хоёр, гурван машин­тай очдог 10 гаруй хулгайч бас байдаг аж. Тэд өөр салбар, эсвэл төв ком­­паниас ирсэн мэтээр ажилтнуудад ойл­гуулж, ажлын байр руу саадгүй ордог гэнэ.

Жийп хөлөглөсөн, үнэтэй хувцастай тэднийг ихэнхдээ төв салбараас ирсэн гэж ажилтнууд ойлгодог аж. Хулгайч нар ихэнхдээ орон нутагт байдаг уурхай, үйлдвэрүүдийг онилдог аж. Тэд цалин буух үеэр ажилчидтай хамт архи ууж байгаад мөнгө төгрөг, эд зүйлийг нь хулгайлдаг байжээ. Мөн уурхай, үйлдвэрээс тоног төхөөрөмж авдаг байснаа хүлээжээ. Ийм байдлаар хулгай хийдэг 10 гаруй иргэн өөрсдөө толгойлогчтой, хэсгийн дарга, зохион байгуулагч, нярав гэх мэтээр ажил үүргийн хуваарьтай байдаг гэнэ. Мөн компаниудын харуул хамгаалалт, цалин буух цаг хугацаа, захирал нь эзгүй байх зэргийг судалдаг хулгайчаа менежер гэдэг байсан гэнэ. Тэд мөн л 20-35 насны залуус. Тэдгээр залуус бусдад 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй арваад залуусыг энэ хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шалгаж байгаа аж. Уг зүйл анги нь 5-10 жил хорих ялтай юм.

Дээрх бүлэглэл нь хотын төвийн томоохон офиссуудаар явж хулгай хийдэг байснаа хүлээжээ. Ингэхдээ мөн л костюм өмсөөд тухайн байгууллагын ажилтан мэтээр орж хулгай хийдэг байсан аж. Тэр ч бүү хэл нийслэлтэй ойр аймгуудын ой, баяр наадмаар уяач болж хулгай хийдэг байсан нь илэрчээ. Уяачийн дүрд хувилсан хулгайч дээлээр гангарч, морь унаж явдаг аж. Улмаар уяачидтай дотносч уяан дээр нь хонож, гэрээр нь байрлаж байгаад хулгай хийдэг байжээ.

Сүүлийн үед хулгайч нар бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх арга залиа улам нарийсгах болсон нь үүний илрэл гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. Хэд, хэдээрээ бүлэглэн дундаа машин тэрэг авчихсан байдаг болжээ. Тиймээс ч бусдад учруулах хохирол нь ихэссэн гэнэ.

Хулгай ч нарыг дотор нь хаанаас яаж хулгай хийдгээр нь ялгадаг болж. Хуримын хулгайч нар гэж бий гэсэн. Тэд бэлгэ дэмбэрэлтэй, хурим хийхэд сайн өдрүүдээр томоохон ресторан, амралтын газраар явж хулгай хийнэ. Ингэхдээ хүргэн, бэрийн аль нэг талаас нь явж байгаа мэтээр бусад зочдод эвтэйхэн хэлнэ. Өглөөнөөс үдэш болтол зочидтой хамт ууж, дуулна. Түүнийг хэн гэдэг, хаанаас ирснийг бусад нь нэг их асуухгүй. Ингээд хуримын төгсгөлд өнөөх хулгайч гол зорилгоо биелүүлээд зочдын цүнхнээс түрийвч, гар утас зэргийг нь хулгайлна. Тэр ч бүү хэл хүргэн, бэрд өгсөн бэлэгнээс ч хүртэл хулгайлж амждаг аж. Бас ажил явдлын хулгайч нар байдаг гэнэ. Тэд гашуудал тохиолдсон айлыг ядах юмгүй олоод оччихно. Ажил явдал эхэлсэн өдрөөс л тэр айлаар орж гарч, ажил төрөлд нь тусалж, уйлан гашуудаж байгаа настай хүмүүсийг өрөвдөн, хамт уйлж жүжиглэдэг байна. Ингэж хэд хоног тэнд холын хамаатных нь дүр эсгэн идэж ууж байснаа сиймхийг нь ашиглаад гэнэт хамаг юмыг нь хамаад явчихдаг аж.

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэргийн талаар 15435 гомдол, мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хуучин Баруун дөрвөн замд байрладаг байсан. Харин одоо Баянзүрх дүүргийн нутаг хуучнаар 805 дугаар ангийн хашаанд байрлаж байгаа аж. Эд зүйлээ алдсан, ажил дээр нь сэжигтэй эдгээдүүд эргэлдээд байгаа бол цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг сануулж, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хаягийг иргэдэд мэдээлэхийг хүссэн юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Бат хааны Увек хот

Увек хотын гаднах байдал

Эзэн Чингэс хааны ач Бат хааны байгуулсан Увек хотын туурийг ОХУ-ын Ижил мөрний сав газраас олж илрүүлсэн нь түүхчдийн хувьд ойрд сонсоогүй гайхалтай мэдээ байлаа. Бат хааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл нь Сарай-Бат. Сарай-Бат хотын талаар элдэв сонирхолтой мэдээ, сэлт, үүх түүх ном, судруудад олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сарай-Бат хотыг алтадсан шовх оройтой сүм дуган, барилгууд, цайз, цамхаг, ордон, шилтгээнүүдээр дүүрсэн, холоос алтран шаргалтан харагддаг байсан тухай түүхийн сурвалжуудад дурдсан нь бий.

1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж дэлхийд зарлагдан шаваа тавьсан уг хот маш богинохон хугацаанд худалдаа, соёл, цэрэг дайны өндөр ач холбогдолтой газар болон хувирсан байдаг. Хотын гайхалтай архитектуртой барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг төрх нь өрнө, дорнын худалдаачид, жуулчид, хаад ноёд, хатдыг дуу алдуулдаг байж. Тус хотоос Европ, Азийн соёлын гайхалтай нийлэмж, өгүүлэмжийг олж хардаг байсан гэнэ. Уг хотыг нүдээр үзэж биширсэн олон хүмүүс энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1333 онд Ижил мөрнөөр аялсан Арабын Ибн-Батутга Сарай-Бат хотын гайхамшгийг бишрээд бишрээд бараагүй байдаг. Тэрээр “Сарай хот бол ертөнц дээрх хамгийн гоёмсог хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам, зээлээр хүмүүс дүүрэн хөлхөлдөнө. Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд хотын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд, кыпшак, черкешүүд орос, византчууд христийг эрхэмлэх аж. Үндэстэн бүр өөрийн хороололтой. Тэндээ мөн өөрсдийн захтай болой. Ирак, Египет, Сириэс ирсэн худалдаачид, гадаад улсын иргэд өөр аймагт орших ба худалдаачдын агуулахын гадуур өндөр хэрэм хүрээлэх амой” хэмээсэн бол 1300-гаад оны үед тус хотод хөл тавьсан Аль-Омари “Алтан хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар тунгалаг ус урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид байх ба харшийн оройд кынтар (дундад зууны хүндийн хэмжүүр. Таван кг орчим) хэмжээтэй цул алтан шинэхэн cap гялалзана. Хааны ордныг шадар сайдуудын нарын орд гэр, цамхаг хэрэм хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл амьдарна” гэсэн байдаг.

Энэ бүгдээс Бат хааны байгуулсан Сарай-Бат хот ямархуу төрхтэй байсан нь анзаарагдана. Бат хаан зөвхөн Сарай хотыг байгуулаад зогсоогүй, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотыг байгуулж, католик шашны нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашныг аварч үлдээсэн гэдэг. Эдгээр хот нь Сарай хотын дэргэд хэмжээгээр жижиг боловч зарим улсын нийслэлтэй харьцуулбал хөгжил нь дээгүүрт тооцогддог байж.

Бат хааны байгуулсан Увек хот нь түүний зуны сууцтай ойролцоо оршдог байжээ.

Увек хот болон ойр орчимд нь 2005 оноос хойш малтлага, судалгаа хийж байгаа Саратов мужийн Орон нутгийн өвийг хамгаалах музейн ажилтнууд, Археологийн төвийн газрын мэргэжилтнүүд “Бид саяхныг хүртэл жижиг хэмжээний, цөөн тооны эд өлгийн зүйл л олдог байсан. Гэтэл хэд хоногийн өмнө эртний Увекийн буюу Алтан ордны улсын хамгийн том хотын нэгийнх нь туурийг оллоо. Энэ бол том үйл явдал” хэмээгээд байгаа юм.

Увек хотын нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг нь хувийн өмчид хамаарагдаж байгаа учир малтлагаа гүйцээх боломжгүй байгаа нь археологичдын өмнө тулгарсан хамгийн том саад болоод байгаа аж. “Хэрэв хувийн олон эзэмшилд нэвтэрч, гүнд нь байгаа бүхнийг ил гаргавал олон улсад шагшигдах хосгүй нээлт болно” гэж судалгааны багийн ахлагч Д.А.Кубанкина ярьжээ.

Увек хот нь ислам, христ, бөөгийн шашныг хослуулсан олон соёлын өлгий байсан нь хотын тууриас олдсон эд өлгийн зүйлсээс тодорхой болжээ. Хотын тууринаас Бат хааны ноёрхол дор амьдарч байсан Христийн шашинт хүмүүсийн суурин, хоёр сүм олдсон байна. Эндээс Бат хааны ивээл дор Христийн шашинтнууд элбэг хангалуун амьдарч байсныг гэрчлэх олон зүйлс олджээ. Христийн сууринаас олдсон эд өлгийн зүйлсийн зарим нь хотын элитүүдийн эдэлдэг зүйлс байсан аж. Тухайлбал, Христийн сууринаас үсний хятад хатгуур, луугийн зурагтай хагархай таваг, модон бариул зэрэг олджээ. Архелогичдын үзэж байгаагаар хоёр сүмийн нэг нь 1280 онд баригдаж, 14 дүгээр зууны эхэн үед устгагдсан гэнэ. Христийн сүм нь вааран дээвэртэй, ханыг нь зургаар чимэглэсэн, гадна, дотногүй сийлбэртэй байжээ. Харин хоёр дахь сүмийг 1330 онд байгуулсан нь 1350 он хүртэл оршин тогтносон байна. Христийн сүмийн агуулахад торгоны замын худалдаачдын эд зүйлсийг хадгалдаг байжээ. Агуулахын хэсгээс Византын эзэнт гүрнээс авчирсан таваг, вааран савнууд гээд чамин тансаг эд бараа олдсон байна.

Увек хот нийслэл Сарай болоод Ижил мөрний болгарчуудын нийслэл хот Болгар хоёрын дунд байсан, стратегийн онц ач холбогдолтой, бүс нутгийнхаа худалдааны гол бүс байжээ. Бат хааны зуны өргөөг бараадуулан байгуулсан уг хотыг Доголон Төмөр хааны их цэрэг 1395 онд дахин сэргэхээргүй болтол сүйтгэсэн гэдэг түүхтэй. Судалгааны багийн ахлагч малтлагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа “Хэрвээ малтлагаа үргэлжлүүлбэл яг л Орос нутгийг эзлэн сууж байсан монголчуудын түүх шиг археологийн дундаршгүй баялаг өв олдох юм” гэсэн байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн бизнесээ “толгойлдог” Ц.Баатарбилэгийнд өнжлөө

“Танайд өнжье” булан­гийн­хаа энэ удаагийн дугаа­раар “НВЦ” компанийн ерөн­хий захирал Ц.Баатар­билэгийнд өнжлөө.

Тус компани нь өнгөрөгч долоо хоногт болж өнгөр­сөн Улаанбаатар хот бай­гуулагдсаны 375 жилийн ойгоор нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт хийсэн компанийн нэг нь болсон, нөгөө талаас тэрээр Мон­голын бизнесийн салбарт амжилттай яваа шинэ залуу бизнесмэн учир өнгөрөгч баасан гаригт ийнхүү тэдний­хийг зорьсон юм.

Ажлын өдөр байсан учир Ц.Баатарбилэгтэй ком­панийнх нь байранд уулзахаар боллоо. Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн байр хэдэн давхар өндөр, шил толь болсон сүрлэг том биш юм. Нэг давхар ч хуучны барилгыг орчин үеийн засалтаар засч, тохижуулжээ. Ком­панийн үүдээр ормогц шилэн хоргонд шилэн, болор, шавар, сүрэл гэх мэт бүхий л материалаар хийсэн тахиа, өндөгний сувинерүүдийг байрлуулсан нь содон харагдаж байв.

Ц.Баатарбилэг захир­лын өрөө ч бас нэг их том­гүй, буйдан гэх мэт элдэв тавил­гагүй юм. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр байсан болоод ч тэр үү, салбар компаниудынхаа долоо хоногийн ажлын тайланг сонсоод зав муутайхан сууж байна. Эдгээр уулзалтаа дуусахад гадны зочинтой уулзах ажил мөн үлджээ. Гэхдээ товлосон цаг нь хараахан болоогүй байсан тул бид хэсэгхэн хугацаанд яриа өрнүүлээд авлаа. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд өдгөө “Монэгг”, “НВЦ трейдинг”, “Эггмарт” сүлжээ дэлгүүр гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Өнөө жилээс эхлэн газар тариалангийн салбар буюу тэжээлийн тариа­лангийн чиглэлээр хүч үзэхээр шийдэж, эхний тариалалт, туршилтуудаа хийж үзжээ.

“НВЦ”-гийн шилдэг бүтээн байгуулагч компаниар шалгарсан гол хүчин зүйл бол өнгө­рөгч есдүгээр сард нэг сая өндөглөгч тахиатай “Баян шувуу” аж ахуйг нээсэн явдал билээ. Герман улсын дэв­шилтэт техник, технологиор тоноглогдсон уг үйлдвэр нь Төв аймгийн Баянчандмань суманд байрладаг юм.

Тэрээр ийн компанийнхаа тухай товч танилцуулаад “Биз­­нест амжилттай хөл тавьж буй маань JCI Монгол байгууллагатай салшгүй холбоотой юм” гэлээ. Учир нь Ц.Баатарбилэг 2003 онд олон найзтай болох, танил талын хүрээгээ өргөтгөх зорилгоор тус байгууллагын гишүүнээр элсч байжээ. Ингэхдээ жирийн гишүүнээс авахуулаад салбарын хорооны дарга, салбарын ерөнхийлөгчийн албыг хашиж, хамгийн сүүлд 2013 онд тухайн жилийнхээ дээд албан тушаал буюу Үндэсний ерөнхийлөгчөөр ажил­ласан байна. Энэ хуга­цаанд мэдээж түүний олон найзтай болох зорилго нь зөв­хөн монгол залуус төдийгүй дэлхийн олон орны найзуудтай болж биелсэн ажээ.

JCI олон улсын залуучуу­дын байгууллага нь дэл­хийн 120 гаруй оронд 5000 гаруй салбартай, манлай­лагч залуучуудыг төрүүлэн гаргадаг, залуусын нөхөр­лөлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбар 1992 онд байгуулагдсан, өдгөө 600 гаруй гишүүнтэй, бизнес, улс төр, нийгэмд амжилттай яваа 40 хүр­тэлх насны залуучууд тус бай­гууллагын гишүүн гэнэ.

Ц.Баатарбилэгийн ажлын өрөөний хананд нэлээд том хэмжээтэй алтан шаргал өнгийн хүзүүний зүүлт шиг тэмдэг өлгөөтэй байна. Үндэс­ний олимпийн хорооны алтан од хэмээх шагнал байдаг даа, яг түүн шиг сүртэй том тэмдэг юм. Учрыг лавлабал, өнгөрсөн жил зүүсэн JCI Монгол бай­гуул­лагын Үндэсний ерөнхий­лөгчийн зүүсгэл гэнэ. Их чамин, сүртэй эд ажээ.

Нэг их удсангүй Ц.Баатар­билэг захирлын ажил дууслаа. Ер нь түүний ажил шөнө дунд дуусдаг гэнэ. Гэхдээ энэ удаа хүндэтгэх шалтгаантай тул нэлээд эрт гэртээ харьж байгаа нь энэ хэмээн тэрээр инээмсэглэн өгүүлэв.

ЯНЗ БҮРИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛГҮЙ Ц.БААТАРБИЛЭГИЙНХ

“Japan town”-д байх тэдний гэрт орвол нүдээрээ инээмсэглэсэн бүсгүй хаалга тайлж өглөө. Мэнд мэдэлцэн, хоол унд, цай цүй болцгоов.

Эднийх тус байранд амьд­раад хоёр жил шахам болж байгаа гэнэ. Уг нь энэ байрыг анх ашиглалтад ороход нь Ц.Баатарбилэгийн аавынх авч байсан юм байна. Тэгээд гурван жил шахам амьдарч байгаад хүүдээ өгөөд, аав, ээж хоёр нь Зайсанд өөр байр худалдаж авч нүүжээ.

Ц.Баатарбилэг хараахан албан ёсоор хуримаа хийж, эхнэрээ аваагүй байгаа. Гэхдээ бидэнд хаалга тайлж өгсөн М.Пүрэвсүрэн хэмээх бүсгүйтэй үерхээд нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. “Бид хоёрт ч төлөвлөсөн олон “ажил” байна даа” хэмээн инээцгээнэ.

Өнгөрсөн хугацаанд Ц.Баатарбилэг аав, ээжийн эрх хүү байжээ. Үүнийгээ тэрээр “Би чинь 30 хүртлээ аав, ээжтэйгээ амьдарсан. Ээжээрээ хувцсаа угаалгаад л, орой ирэхэд халуун хоол, цайтай угтдаг байлаа. Хүний эцэг, эх л болсон хойно шөнө дундалж орж ирэх үед “Дэмий сэлгүүцэж гадуур яваад байна уу даа” гэх үгсийг ч сонсож байлаа” хэмээн ярьж байсан юм.

Эднийх дөрвөн өрөө юм. Гэхдээ хэн ч орж ирсэн нүүж ирээд удаагүй юм болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Энэ талаар түүнээс лавлахад “Бид чинь гэртээ байхаасаа байхгүй нь их. Өглөө эрт гараад л шөнө дунд орж ирдэг юм. Нөгөө талаас гэхэд бид энгийн байх дуртай. Тийм болохоор өрөөний энд тэндээ зураг өлгөх ч юм уу, аль эсвэл янз бүрийн чимэглэл хийхийг тийм ч таатай зүйл биш гэж боддог” гэлээ.

Үнэхээр ч түүний хэлснээр найз бүсгүйтэйгээ явж байхдаа авсан улбар шар, цагаан цэцэг бүхий зурагнаас өөр энэ гэрийн хананд хадсан зүйл ховор аж. Зочны өрөө нь л гэхэд дугуй хэлбэртэй буйдан, телевизор гээд, бусад өрөө­нүүд ч гэсэн элдвийн тавилга бага, энгийн тохижилттой юм.

Харин телевизорын хажууд байх хоёр гитар нүднээ тусч байлаа. Ц.Баатарбилэг багадаа орцонд “дуулдаг” байснаас гадна “хойно” сур­гуульд сурч байхдаа гитар тоглох дуртай байсан гэнэ. Хоёр гитарын нэгийг өөрөө худалдаж авсан бол нөгөөхийг найзууд нь бэлэглэж байжээ.

НИСЭХИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ Ч БИЗНЕСМЭН БОЛОВ

Ц.Баатарбилэгийг дээд сургуульд сурч байхад нь “Шувууны хүүхэд” гэж шоолдог байжээ. Учир нь эднийх Шувуун фабрикийн айл. Түүний аавыг Б.Цэрэндаваа гэдэг бөгөөд Завхан аймгийн уугуул. Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн зоотехникчийн ангийг төгссөнөөсөө хойш Шувуун фабрикт ажиллаж, суурьшжээ. Түүнээс хойш 20 гаруй жил ажиллаж, орлогч захирлын албыг хүртэл хашиж байсан бөгөөд хожим хувьчлагдахад нь хувийн ажил эрхлэхээр албаа өгчээ.

Харин түүний ээж В.Пүрэв­жаргалыг Шувуунфабрикийн 26 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн төгсөгчид андахгүй мэдэх ажээ. Тэрээр улсад 40 гаруй жил ажиллахдаа 20 жилд нь дээрх хоёр сургуулийн захирлын албан тушаалыг хашсан хүн гэнэ. Боловсролын байгууллагад насаараа ажилласан В.Пүрэвжаргал гуайг энэ жил төрөөс Монгол Улсын гавьяат багш хэмээх цолоор шагнажээ.

Төрж, өссөн гэр бүлийнх нь түүх ийм учир Ц.Баатарбилэг багаасаа л шувууны аж ахуйтай холбогдсон гэхэд болно. Тэрээр Шувуун фабрикт өссөн хүүхэд насаа хэзээ ч мартагдахгүй сайхан үе хэмээв. 2000 гаруйхан хүнтэй энэ жижиг сууринд сургуулийнхаа бүхий л дугуйлан, дамжаанд явахаас гадна, зунжин усанд сэлж, загасчилж, Туулын голыг өөд уруугүй тэшүүрээр гулгаж өссөн багын найзуудтайгаа одоо хүртэл дотно нөхөрлөж явдгаа дурссан юм.

Бага ангид байхаасаа л эхлэн Шувуун фабрик хэмээх үйлдвэрийн бараг шат дамжлага бүрээр орж гарч өнгөрүүлсэн гэдэг. 1990-ээд оны юм ховорхон байсан үедбуюу долоо, наймдугаар ангид байхдаа байрныхаа найзуудын хамт ааваасаа авсан хэдэн төгрөгөөрөөөндөг авч, хот руу оруулж ирэн зардаг байсан гэнэ. Хоёр, гурван сетка өндөг аваад автобусанд суугаад хот руу явна даа. Хэдхэн төгрөгөөр авсан өндгөө шар дэлгүүр, хорооллын зах гэх мэт тоотой хэдэн газарт хоёр нугалаад зарчихаад буцаад явна. Амжвал тэр өдөртөө дахиад нэг орж ирнэ. Ингэж наймаа хийх тусам сүүлдээ туршлагажиж, найзынхаа танилын байрны нэг өрөөг түрээсэлж, халаалтыг нь салгаж байгаад агуулах маягийн өрөө ч хийжээ. Дүү Ц.Мөнхбаатарын хамт шинэ жилийн өмнө тэр жижиг агуулахдаа өндөг худалдан авч цуглуулаад гүйлгээтэй үед нь зарж байсан тохиолдол ч бий. Тиймээс Ц.Баатарбилэг арван жилийн хүүхэд гэхэд хэрдээ баян хүү байсан гэдэг. “Бизнес” хийсэн тэр мөнгөөрөө өрөөнийхөө ханыг дүүртэл загасны аквариум, гутал хувцас худалдан авдаг байв. Бүр ээж нь нэг өдөр “Миний хүү чинь ээжийнхээ сарын цалингаас л их мөнгөөр гутал аваад өмчихсөн байна шүү дээ” гээд бөөн инээд болж байсан удаа бий.

Ц.Баатарбилэг Латвийн нийслэл Ригад Нисэхийн сургуулийг 1998 онд төгсчээ. Тухайн үеийн Зөвлөлтөд нисэхийн инженер бэлтгэдэг хоёр том сургуулийн нэг нь энэ сургууль байсан аж. Ээжийнхээ зөвлөснөөр тус сургуульд бүртгүүлэхээр очиход ердөө 12 хуваарь дээр 100 гаруй хүүхэд өрсөлдөж байв. “Яаж ийм олон хүүхдээс би орж чадахав дээ. Сурлагаараа орчихдог юм аа гэхэд хэн нэгэн танил талынх нь хүүхэд өмнүүр орчих биз дээ” гэж бодсоор эрүүл мэндийн шалгалтад нь орсон гэж байгаа. Нисэхийн сургууль учир эрүүл мэндийн шалгалт хамгийн чухал байлаа. Өөрөөр хэлбэл, нүд, сонсгол, дотор эрхтэн гэх мэт цоо эрүүл хүүхдийг л авах учиртай. Энэ шалгалтын дараа 30 гаруйхан хүүхэд шалгалт өгөхөөр тэнцжээ. Ц.Баатарбилэг ч “Одоо бол харин хичээнэ шүү” гэж өөртөө хэлсэн гэдэг. Тиймээс ч эрүүл мэнд болон сурлагаараа тэнцэж, Нисэхийн их сургуулийн инженерийн ангид орж, авионика мэргэжлээр улсын зардлаар суралцан төгсчээ.

Одоогийн бизнес хийж буйгаа тэрээр “Инженерийн сэтгэхүйгээр л бизнесээ хийж, үйлдвэрээ барьж байна даа” гэх. Өдгөө түүний нисэхийн инженер найзууд нь ч эрхэлж буй бизнест нь санаа оноогоо хэлдэг гэсэн. Түүнтэй хамт сурч байсан нөхдүүд нь өдгөө ИНЕГ-ын даргаас авхуулаад салбарынхаа удирдах албуудыг манлайлан авч явж байгаад баяртай явдгаа ярьж суусан юм.

Тэрээр багаасаа л өндөг зарж, наймаа хийж сурсан тул Орост сурч байхдаа ч машин зөөж, өөрийн хэрэгцээний мөнгөө олчихдог байжээ. Тэрээр суралцах дөрвөн жилийн хугацаандаа 21 ширхэг “Волга 24″маркийн авто машин Монголд оруулж ирсэн гэсэн.

Тэрээр 1998 онд төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллахаар МИАТ компанид хандсан боловч орон тоо байхгүй байсан учир ажилгүй хоцорчээ. Энэ үед аавынх нь ажиллаж байсан үйлдвэр ч хувьчлагдан, орос найз нар нь хувийн бизнес эрхлэхийг санал болгосон үе байв. Тиймээс аав, хүү хоёр хамтран сарын 30 хувийн хүүтэй мөнгө зээлж, “НВЦ” компаниа байгуулжээ. Ингэж аавынхаа орос танилуудыг “ашиглан” Оросын Белореченское компаниас өндөг оруулж ирдэг болов. Тэр үед дотоодын шувууны аж ахуй нэгжүүд уналтад орчихсон, монгол өндөг бараг байгаагүй бөгөөд Оросоос импортоор оруулж ирвэл харьцангуй ашигтай гэдгийг аав, хүү хоёр олж харсан нь тэр байжээ. Ингээд аавынхаа Оросоос авчирсан өндгийг ачиж аваад дэлгүүрүүдээр явна. Аажимдаа дэлгүүрүүдээс захиалга өгч, шууд хүргэлт хийдэг болжээ. Ингэхийн хэрээр туслах хүмүүс хэрэгтэй болж эхэлсэн тул нэг жолооч, туслах ажилчин авч байсан гэдэг.

Яваандаа зөвхөн импортлогч компани бус томоохон аж ахуй байгуулъя гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 2003 онд аж ахуй байгуулах ажилдаа оржээ. 20 мянган шувуутай аж ахуйгаа анх байгуулж, аажимдаа 60,80 мянган шувуутай болж ахин дэвшсээр байсан гэнэ. Улмаар 2006 оноос эхлэн АНУ-ын Пилгрим Прайд компаниас тахианы мах импортолдог болжээ. Ингэсээр 2011 он гэхэд сайн багтай болчихсон, аж ахуй эрхлэх ч туршлагатай, борлуулалтын сүлжээ нь ч бүрдсэн учир сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулъя хэмээн 55 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Баян шувуу” аж ахуйгаа байгуулж эхэлжээ. Дэлхийд бол 500 мянган тахиатайгаас дээш аж ахуй нь томд тооцогддог байна. Нэг үгээр хэлбэл, том улсын жижиг хотуудад бол ийм хэмжээний үйлдвэр байхгүй гэхэд болох аж.

Ийнхүү өөрөө өндгөө ачаад эхэлж байсан бизнес нь өдгөө 300 гаруй ажилтантай Монголын шувууны аж ахуйн салбарын тэргүүлэгч үйлдвэр болтлоо өсөн дэвжжээ. Түүний ийн амжилттай яваа нь компанийн хамт олны хүчин зүтгэл хэмээн тэрээр хэлж байв.

Байгуулагдсан цаг үе буюу 1998, 1999 онд жилдээ тус компани нэг сая шахам өндөг борлуулдаг байсан бол өдгөө жилдээ 100 гаруй сая ширхэг өндөг худалдаж байгаа ажээ.

АЙЛЫН ТОМ ХҮҮД ХАРИУЦЛАГА ИХ

Ц.Баатарбилэг таван хүүхэдтэй айлын том нь учир багагүй хариуцлага үүрдэг ажээ. Тэрээр компаниа ерөнхийд нь удирддаг бол аав нь ТУЗ-ийн даргаар ажиллаж, орос өндөгний борлуулалтаа хариуцдаг байна. Харин дүү Ц.Мөнхбаатар нь “Монэгг” компанийг удирдаж байгаа бол нөгөө дүү Ц.Мөнхцэцэг нь удахгүй зах зээлд нэвтрүүлэх шингэн өндөгний үйлдвэрийг хариуцан ажиллаж байгаа юм байна. Бусад дүү нар нь мөн л компанидаа хариуцлагатай албыг авч явдаг гэв. Өөрөөр хэлбэл, “НВЦ” нь гэр бүлийн бизнес юм байна. “НВЦ” нэрийн тухайд анх байгуулахыг зөвлөж байсан Орос найз болоод аав Цэрэндаваагийн нэр, овгийнэхний үсгийн нийлбэр гэнэ лээ.

Шингэн өндөгний үйлд­вэрийн тухайд Италийн тех­ник технологийг ашигланулсын стандартын савла­гаатай, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд зориулан шингэн байдлаар худалдаанд гарга­хаар төлөвлөөд байгаа аж. Ингэх­­дээ өндөгний шар, цагааныг тус тусад нь ялгаж, өндөр градуст ариутгасан 10, 20 кг-ын тусгай савлагаатайгаар худалдах юм байна. Түүнчлэн өндөгний хальс кальци ихтэй байдаг учир нунтаглаж, үйрүүлсэн байдлаар ч худалдахаар төлөвлөж буй. Уг үйлдвэрийг цагаан сараас өмнө ашиглалтад оруулах гэнэ.

Эдгээрээс гадна тэжээлийн үйлд­вэр байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь газар тариалан эрхэлдэг бусад аж ахуй нэгжээ дэмжих сайн талтай аж. Өөрөөр хэлбэл, гурилд тэнцэхгүй буудайг тэжээл болгож ашиглах юм. Ирэх жилд л гэхэд тус компани 7-8 тэрбум төгрөгөөр будаа худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ мөнгө нь дотоодын үйлдвэрүүдээ давхар дэмжих өртөг болж байгаа ажээ.

Ц.Баатарбилэгийн гэр бүлийнхний төлөвлөж буйгаар 2015 онд мөн тахианы мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ярилцаж, бэлтгэлээ хангаж байгаа гэсэн. Тодруулбал, ирэх оны намар гэхэд тахиа төхөө­рөх хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг оруулж ирэ­хээр гэрээ хэлцлээ аль хэдийнэ хийчихсэн гэсэн.

Энэ мэтчилэнгээр зургаан жил дараалан зургаан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж цаашдаа ч бизнесээ өргө­жүү­лэх, экспортын бүтээг­дэхүүн­тэй болох гээд олон төлөв­лөгөө, зорилт бий гэнэ лээ. Ингэхийн тулд өмнөх эхлүүлсэн төслүүдээ амжилттай хийж байж дараагийн үйлдвэрээ нээхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчилж байгаа тухайгаа Ц.Баатарбилэг ярив. Тэр багадаа өндөг худал­даж байхдаа дүү Ц.Мөнхбаатартайгаа нийлж суугаад “Шувуун фабрик” шиг үйлд­вэртэй болчихволүүнээс илүү олон өндөгтөй болно доо” гэж ярилцдаг байсан гэдэг. Түүний хүсэл эхнээсээ биелж байгаа нь энэ биз ээ.

ӨНДГИЙГ ЗӨВХӨН АШИГ ОЛОХ ГЭЖ БУС ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ УЧИР ХУДАЛДДАГ

Ц.Баатарбилэг зөвхөн ашиг олохыг урьтал болгохоос илүүтэйгээр өндөг гэгч зүйл нь хүний биед ямар хэрэгтэй талаар судалгаа, шинжилгээ хийдэг нэгэн аж. Энэ ч утгаараа 2008 онд “Өдөр бүр өндөг хэрэглэе 1” номоо гаргаж байсан бол хоёр дахийг нь 2012 онд гаргаж байсан тухайгаа тэрээр мөн хуучилсан юм.

Өөрийн бүтээсэн номоо танилцуулангаа хэд хэдэн сонирхолтой тоон баримтыг дурдав. Манай улс дэлхийн бусад орныг бодвол өндөгний хэрэглээгээрээ хамгийн бага гэсэн жагсаалтад багтдаг. 70, 80-аад оны үе буюу Шувуун фабрик улсын үйлдвэр байх үед нэг хүнд жилдээ найман ширхэг өндөг ногддог байсан бол өдгөө 70 ширхэг ногдож байгаа ч энэ нь чамлахаар үзүүлэлт гэнэ.

2013 онд манай хүн ам жилдээ 200 сая өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүний тал хувийг импортоор, талыг нь дотооддоо үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 200 саяын тал хувийг “НВЦ” үйлдвэрлэсэн болж таарч байна. Үүн дотроо 70 хувийг нь импортын өндөг борлуулсан бол үлдсэн 30 хувийг дотоодын үйлдвэрээсээ хангажээ. Тиймээс ирэх жилд энэ байдлыг эсрэгээр нь болгож 80-иад саяыг дотооддоо үйлдвэрлэж, 20 гаруй саяыг нь импортоор оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн.

Монголд жилдээ 350 сая ширхэг өндөг зарагдах боломжтой гэсэн судалгаа байдаг. Энэ бол эрүүл мэндийн талаас нь гаргасан судалгаа. Үүнийг хүн амдаа харьцуулаад үзвэл нэг хүн жилдээ 120 өндөг хэрэглэнэ. Хэрэв ийм хэмжээний өндөг үнэхээр хэрэглэж чадах юм бол уургийн хангамж талаасаа үлэмж ач холбогдолтой. Гэхдээ энэ бол дээр хэлсэнчлэн бага үзүүлэлт. Учир нь Японд нэг хүн жилдээ 400 өндөг хэрэглэдэг бол Орост 250, Европын орнуудад сард нэг хүнд 43 ногддог гэх мэт нэлээд өндөр тоон үзүүлэлттэй.

“НВЦ” компани Дэлхийн өндөгний холбооны гишүүн юм байна. Тиймээс ч жилдээ хоёр удаа тус холбооны шугамаар Ерөнхий захирлуудын хуралд суудаг. Тус хуралд 70 гаруй орны өндөгний аж ахуй эрхлэгчид хуран цугладаг бөгөөд өндөгний хэрэглээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээ солилцдог аж. Энэ шугамаар дээрх тоон үзүүлэлт бүхий мэдээллүүдийг авсан тухайгаа Ц.Баатарбилэг ярьж байлаа.

Түүний хэлснээр Канад, Австрали, АНУ, Европын холбооны зарим улсуудад Засгийн газрын дэргэд нь Өндөг судлалын агентлаг хүртэл байдаг гэнэ. Тэд эхийн сүүний дараа орох уураг, амин дэм бүхий өндөгний судлагдаагүй үлдсэн амин дэмийг судлахаас гадна хүнсний бус зориулалтаар хэрхэн ашиглаж болохыг ч нарийвчлан судалдаг байна. Түүгээр ч зогсохгүй ямар үйл ажиллагаа явуулбал хүн ам өндгийг илүү ихээр хэрэглэх талаар Засгийн газартаа зөвлөмж өгдөг байгууллага хүртэл бий гэнэ лээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2050 онд гэхэд дэлхийн хүн амын хамгийн их хэрэглэх хүнсний жагсаалтын нэгдүгээрт сүү, сүүн бүтээгдэ­хүүн, хоёрдугаарт өндөг орсон байдаг аж.

Тус компанийн хувьд 2012 онд Дэлхийн өндөгний холбооны “Golden egg” шаг­на­лыг хүртэж байсан. “Эх орны­хоо нэрийг гаргаж, шаг­нал авах мөч үнэхээр супер байсан” хэмээн тэрээр бахар­хангуй өгүүлж байсан юм.

Хэдийгээр “Баян шувуу” хэмээх дотоодын өндөгний үйлдвэр ашиглалтад орсон ч орос өндөг хэрэглэдэг хүмүүсийн тоо буураагүй. Тиймээс тус компани өндөр өртөг зардалтай ч импортоор өндөг оруулж ирэх ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Үүнийг тэрээр “Хэрэг­лэгч юу хүсч байна. Түүнийг л хий” гэсэн зарчмын дагуу хийдэг гэдгээ хэлж байв.

“НВЦ” улсын төсөвт ч багагүй хувь нэмэр оруулж байгаа. Учир нь өндөг, тахиан махыг импортоор оруулж ирснээр гааль, татварт жилдээ 5-6 тэрбум төгрөг өгдөг гэсэн.

Манай Засгийн газ­рын зүгээс жижиг дунд үйлдвэ­рүүдийг тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь гаалийн татвараас чөлөөлж байгаа нь бодитой дэмжлэг бол­дог гэдгийг тэрээр мөн хэлж байв. Учир нь “Баян шувуу” үйлдвэрийн тоног төхөө­рөмжийг ямар ч татваргүйгээр оруулж ирсэн ажээ.

Түүний гаргасан “Өдөр бүр өндөг хэрэглэе” хэмээх номуудын тухайд өндөгний бизнес эрхэлж эхэлсэн 20 жилийн өмнөөс эхлэн цуглуулсан материалуудаа нэгтгэжээ. Ингэхдээ өндөгний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар болон шувууны аж ахуйн хөгжил, хэрхэн шувууны аж ахуй байгуулах, шувууг гэрийн нөхцөлд ашиг­лах тухай, түүгээр ч зогсохгүй тахиа, өндгөөр хоол хийх жор гэх мэт тодорхой бүлэг сэдвүүдийг хамарсан ажээ.

Тиймээс Ц.Баатар­билэг “Бид өнөө­дөр ашиг олох гэхээсээ илүү­тэй­гээр хүний биед үлэмж ашигтай хамгийн бага өртгөөр хамгийн их уургийг биедээ авч болох энэхүү бүтээг­дэхүүнийг монгол хүн өдөр бүр хэрэглээсэй гэж л хүсэх, зорих болсон” хэмээж байлаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Өнгөрөгч бямба гаригт Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөний нээлт Сүхбаатар аймгийн төвд боллоо. Замын хөдөлгөөний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн Засаг даргаЖ.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Өмнө нь 10 гаруй цаг авто машинаар явж Улаанбаатарт ирдэг болсон бол одоо зургаан цаг орчим яваад ирдэг болжээ. Замыг стандартын дагуу “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниуд барьж гүйцэтгэсэн байна. Замын хөдөлгөөний нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд “Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийгнийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9км хатуу хучилттайавто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна” гэлээ. Түүнчлэн Их хурлын дарга “Энэ замыг тавихад М.Зоригт гишүүн их үүрэг гүйцэтгэсэн шүү” гэхэд нээлтэд оролцогчид шинэхэн замаа “Зоригтын зам” хэмээн нэрлээдхэв. Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Энэ зам Ази Европыг холбосон зам болно. Далайд гарцгүй манай орон Бичигтийн боомтоор дамжуулан далайд гарах гарц нээгдлээ” гэдгийг онцолсон юм. УИХ-ын гишүүн М.Зоригт “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газар аль аль нь манай аймгийг анхаарч байна. Бид ганцхан авто зам ч биш маш олон ажлыг хийж ард нь гарлаа. Энэ зам ганцхан Сүхбаатарчуудынх биш. Бүх монголчуудын зам, хөгжлийн зам шүү. Сүхбаатарын урд хэсэг Эрдэнэцагаан сум Хятадаас эрчим хүч авдаг байсан бол эрчим хүчний шугамтай боллоо” гэсэн юм.

Замын хөдөлгөөний нээлтийн дараа “Таван эрдэнэ” малтай хорооллын үйл ажиллагаатай УИХ, Засгийн газрын гишүүд танилцав. Аймгийн төвд мал олноор байх нь хүн амын эрүүл мэнд, ялангуяа малаас хүнд халдах халдварт өвчин гарах, хотын тохижилт соёлжилтонд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлал байсан тул аймгийн төвөөс мал гаргах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна. Малтай хороолол аймгийн төвөөсөө долоон км-ийн зайтай байдаг аж.

Тус аймагт 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулсан нь үдээс хойш тууз хайчилснаар нээлтээ хийлээ. Түүнчлэн “Боловсрол” хотхон болон Ахмадын сувиллын нээлт энэ үеэр болсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдоос тодруулга авав.

З.Энхболд: НАДАД ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН Ч БОЛОХГҮЙ

Сүхбаатар аймгийн бү­тээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-Ж.Батсуурь дарга, М.Зо­ригт гишүүн нар хийх гэж байгаа ажлаа их тайлбарладаг байсан. Хийнэ хэмээн зураг байсан хороолол өнөөдөр бодитоор бий болжээ. Айлуудаар нь орж үзлээ. 40 сая төгрөгөөр иргэд хаустай болсон байна. Улаанбаатарт 40 саяар гарааш ч авч хүрэхгүй гэдгийг манайхан мэдэж байгаа. Аймгийн удирдлага, компани хоёр анх амласан гэрээгээ биелүүлж валютын ханш өссөн ч гэсэн ажил болчихсон байна. Улсын төсвөөс “Боловсрол” хороололд сургууль, цэцэрлэг барьж өгөх амлалттай байгаа. Энэ жил шинэ обьект бариагүй ч гэсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулиудын нэгийг нь бариулахаар сая газар дээр нь шийдлээ. Цэцэрлэгийн асуудлыг шийдэх байх. 21 аймгийг бүтээн байгуулалт хийж байгаагаар нь жагсаавал Сүхбаатар аймаг тэргүүлнэ. Бусад аймгуудтай адилхан хөрөнгө оруулалт авдаг. Гэхдээ өөрсдөө санаачилгатай тул улсаас өгсөн багахан мөнгөөр их ажил хийж байна. “Боловсрол” хороололд улсаас нэг ч төгрөг өгөөгүй. Амласан зүйл нь 200 хүүхдийн дотуур байр байсан. Энэ нь харин ажил болжээ. Сургууль, цэцэрлэг, номын сан барих үүргээ биелүүлнэ гэдгээ хэлсэн. Хүн санаачилгатай, сэтгэлтэй байвал ямар ч ажлыг хийж болдгийг Сүхбаатар аймгийн жишээ харуулж байна.

Та эдгээр хаусыг найман хувийн орон сууцны зээлд хамруулах тухай ярьсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Найман хувийн зээлийг олон давхар орон сууцанд өгдөг дүрэмтэй. Монголбанкнаас хоёр мэргэжлийн хүнийг нь дагуулж ирээд энэ байшингуудад ч гэсэн зээл өгөх хэрэгтэй гэдгийг хэллээ. Төвлөрсөн дэд бүтэцтэй хаус маягийн амины орон сууцанд зээл өгөхөөр ярьж байгаа. Удахгүй шийдэгдэх байх. Тэгэхээр журам өөрчлөгдөнө.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байна гэсэн яриа гараад байгаа?

-Тийм цуурхалд хариу өгөөд байх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Ардын нам ингэж нурааж яваагүй

УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэнтэй ярилцлаа.

Баасан гаригийн чуул­ганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь олонхийн дэмжлэг авалгүй хууль санаачлагчид нь буцаахаар болчихлоо. Одоо тэгэхээр төсвийг дахин өргөн барина гэсэн үг үү?

-Ирэх оны төсвийг батлахад 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Хаврын чуулганаар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн дээд доод хязгаартаа багтаан төсвийн орлого, зарлагаа тохируулна гэсэн үг. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч тоон дээрээ ажиллах байх. УИХ-ын баруун гарт Засгийн газар, зүүн гарт нь Монголбанк байдаг. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хамтад нь хэлэлцье. Төсвийн тэлсэн бодлого явуулаад байгаа үед Монголбанкнаас ирэх онд валютын ханшийг одоо байгаа түвшинд нь барих магадлал тун тааруу. Олон улсын байгууллагуудын тайланг харж байхад экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онуудад өсөхгүй бөгөөд магадгүй буурах хандлага ажиглагдаж байгаа. Орлогодоо тааруулж зарлагаа төсөвлөхгүй бол болохгүй. Тухайлбал, манай улс дөрвөн төгрөгийн орлоготой байж долоон төгрөгийн зарлага гаргах гээд байна. Орлого, зарлагын зөрүүг богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас, гадна дотнын зээл тусламж авч санхүүжүүлэх нь өрийн гинжин хэлхээ бий болгоод байгаа юм. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тавьсан Засгийн газрын бондын дийлэнх хэсгийг сүүлийн 2012, 2013, 2014 онуудад нэмэгдүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар хоёр их наяд 110 орчим тэрбум төгрөгийн зөвхөн дотоодын өрийн үлдэгдэл байна. Энэ нь ирэх хоёр жилд маш том хүндрэлийг үүсгэнэ. Хамгийн том хүндрэл нь бид валютын ханшаа барьж чадахаа болино. Орлогодоо тохируулж зарлага гаргаж амьдаръя л даа. Таван метрийн өндрөөс унасан хүний хөл нь хугараад амьд үлддэг. 15 метрээс дээш өндрөөс унахаар амиа алддаг. Ирэх хоёр жилд ирэх хүндрэлээс урьдчилан сэргийлж зарлагаа хянаж таван метрийн өндрөөс унах хэрэгтэй. Өнөөдөр бидний орлого 2011 оны хэмжээнд байгаа бол зарлагаа ч гэсэн түүндээ тааруулж гуравхан жилийн өмнөх амьдралдаа эргээд очицгооё л доо. Тэгэхгүйгээр орлогоосоо давсан зарлага гаргаад яваад байвал гадагшаа хандсан Монгол Улсын бүх гэрээ хэлэлцээр ашиггүй болно. Хоолойд тулсан өртэй болчихоор гадныхан түүнд нь тааруулаад амь тариа залгах мөнгө өгч хариуд нь бугуй барьдаг. Нууцгүй хэлэхэд сүүлийн хоёр гурван жил ийм зүйл явагдсан. Одоо манай нам сайн ажилласан, танай нам муу ажилласан гэж маргалдах цаг биш. Монголоо бодох цаг.

Төсвөө энэ чигт нь батлаад явчихбал хаврын чуулганы төгсгөл рүү төсвийн тодотгол хийгээд явчих боломжтой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс цухуйлгаж байсан. Харин та юу гэж бодож байгаа вэ?

-Би Ерөнхий сайдыг ойлгохгүй юм. 2014 оны төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр дутна. Орлого дутаж байгаа юм чинь зарлага талаас нь тэр хэмжээний мөнгийг хасч таарна биз дээ. Юуг нь хасч, алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ 2015 оны төсвийг батлахаас өмнө 2014 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй байсан. Тэр дутуу санхүүжүүлсэн юмаа үргэлжлүүлээд явуулах шаардлагатай. Үүнийгээ хийхгүй байна. 2015 оны төсвөө батлаад дараа нь 2014 оныхоо төсөвт тодотгол хийе гээд байх юм. Ерөнхий сайд олон төрлийн ажилтай завгүй л байдаг байлгүй. Сангийн яам нь ядаж тодорхой зүйл хэлээд явчихаж болдоггүй юм уу. Биднийг хэлэхээр “Муу үзэх гэлээ. Муу ёрлож харлууллаа” гээд унадаг. 2013 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Энэ оны төсөвт нэг удаа тодотгол хийснийг санаж байгаа байх. Дахин нэг тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна. Ийм замбараагүй үйл ажиллагаа яваад байхаар магадгүй тендер дагасан будилаан газар авна. Тендерийг санхүүжүүлэх үгүй нь ч тодорхойгүй болно. Төгрөгөөр тендерт орчихоор валютынхаа ханшийг алдчихдаг. Тендерт ороод алдагдал хүлээсэн компанийн тоо хэдэн зуугаараа байна. Зээл авч тендерт орсон компани банкнаас алдагдал хүлээхэд банкууд дагаад хүндэрдэг. Энэ гинжин хэлхээ явсаар л байгааг харахгүй юм. Өрийн хэмжээ дээд хязгаартаа тулчихсан үед цаашаа өр зээл авна гээд явбал улам хүнд байдалд орно. Хоёр гурван жилийн дараа байдал маш ноцтой болно.

Ерөнхий сайдыг огцруулах нь үүнээс гарах гарц мөн үү?

-Би Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан 28 гишүүний нэг нь. Эдгээр 28 гишүүний кнопоор асуудлыг шийдэж чадахгүй. Энэ нь эрх баригчдын шийдэх асуудал. Эдийн засгийн бодлогын тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа явбал эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрнэ.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрсэн гэж ярьдаг. Тэр үед эдийн засгийн нөхцөлөө сайжруулж чадсангүй гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний дараахан буюу 2008, 2009 онуудад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсныг санаж байна. 2010 оноос эдийн засгийн нөхцөл байдал гайгүй сайжирч эхэлсэн. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд маш ихээр орж ирснийг санаж байна. 17.8 хувь гэдэг бол маш өндөр тоо. Ийм өсөлтийг байнга хадгалах нь хэцүү гэдэг нь тодорхой юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортойгоор хоёр оронтой тоонд хадгалах нь чухал байсан. Тиймээс тухайн үед МАН-аас төсвийг тэлэхгүй, хөөсрүүлэхгүй бодлого барьж төлөвснөөс илүү орсон орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах чиглэл барьсан. Харамсалтай нь бид энэ бодлогоо 2012 оны сонгуулиар ард түмэнд зөв ойлгуулж чадаагүйгээс болж ялагдсан. Хэдийгээр бид дээрх бодлогыг барьж байсан боловч хоёр нам хамтарсан байсан тул 2012 оны төсвийг хөөстэй, тэлж баталж байсныг санаж байна. Гэтэл 2013, 2014 онуудад түүнийг бүр ихээр давуулан хөөсрүүлсэн. Тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон зарлага бий болгочихлоо.

Анх Хөгжлийн банк байгуулаад Засгийн газрын баталгаатай бонд босгох үед бондыг худалдан авахаар таван тэрбум ам.долларын санал ирж байсныг санаж байна. МАН-ын бүлэг дээр тухайн үед “Энэ хэмжээгээр авах нь эрсдэлтэй байна” гээд зөвхөн 580 сая ам.долларын бонд аваад нэг ч цент зарцуулалгүйгээр 2012 оны УИХ-ын сонгуульд орсон гээд бод доо. Шулуухан хэлэхэд бид эх оронч царайлж яваад сонгуульд ялагдсан.

Одоо тэгээд араас нь харамсаад байгаа юм уу?

-Би харамсахгүй байна. 2014 оны өндөрлөгөөс эргэн харахад бидний тухайн үед явуулж байсан бодлого зөв байжээ.

Чалкогоос мөнгө аваад Хүний хөгжил санд оруулаад ард түмэнд тараачихсан. Тэр өрийг чинь өнөөдөр төлөх гээд асуудал болж байна шүү дээ?

-Эрх баригчид ямаа шиг зүйлийг тэмээтэй зүйрлэж ярьдаг. Чалко компаниас Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулан нүүрсний урьдчилгаа авахуулаад тэрийг нь хүний хөгжил санд 350 сая ам.доллар өгүүлсэн нь үнэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зээл аваагүй гээд гүрийх шаардлагагүй. Эрдэнэс Тавантолгой Чалко компанийн хооронд гэрээ байгуулсан. 2008 онд Австралийн коксжих нүүрсний уурхайнууд үерт авсан. Тухайн үед Хятадын эдийн засаг хурдацтайгаар 10-аас доошгүй хувиар өсч байсан. Коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 135 ам.долларт хүрч байсан. 2011 оны дунд үеэс коксжих нүүрсний үнэ буурч эхэлсэн. Эрдэнэс Тавантолгой компани Чалкотой гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар 10 жилдээ үнэ тогтвортой байх нөхцөлөөр тохирсон байсан. Магадгүй тухайн үед 80 ам.доллар байхад нь бид 70-аар гэрээ байгуулсан нь үнэн. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн унах нь тодорхой байсан тул 70 ам.доллар дээр тогтмолжуулах бод­лого барьсан. Одоо кокс­жих нүүрсний үнэ унаад 33 ам.доллар болсон. Үнийг унагаахгүй 10 жил тогтмолжуулах гэтэл “Монголын баялгийг үнэгүйдүүлж гадныхантай хуйвалдаж хямд өглөө” гэж шүүмжилж байсан биз дээ.

Та бизнесийн салбарын амжилт, ололт нь юундаа байдгийг ч мэднэ. Аливаа бизнес зээл авч л хөл дээрээ босдог гэдэг нь манай болон дэлхийн томоохон компаниудаас харж болдог. Хувийн бизнестэй хүмүүс нь зээл авч хөл дээрээ зогсоно гэчихээд улс нь зээл авъя гэхээр яагаад эсэргүүцээд байдаг юм бэ?

-Улс ч ялгаагүй хувь хүн ч ялгаагүй зээл авч болно. Хөгжихийн тулд зээл авдаг нь үнэн. Банк зээл өгөхдөө ирээдүйн орлого тогтмол, эргэн төлөлтийг нь харж байж зээл өгдөг. Таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Чингэс бондыг анх гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл өгснийг санаж байгаа байх. Ардын намын бүлгийн гишүүд дотор үүнийг нь санаачлаад дэмжээд явъя гэж байсан хүний нэг нь би. Гэхдээ бондыг эргэн төлөх хугацаанд орлого тогтвортой байх нь баталгаажсан нөхцөлд энэ орлогыг аваад зарцуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамныханд би хэлж байсан. Гэтэл экспортын орлого тооцоолоогүйгээр унаад байна. 2015 оны нүүрсний экспорт хэд байхыг хэн ч тааж мэдэхгүй. Орлого байхгүй үед зээл авахаар тэр нь өр болж хувираад байгаа юм. Улсын суурь болсон Засгийн газрын зээлжих зэрэглэл буураад эхлэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн зээлжих зэрэглэл дагаад унана. Засгийн газраасаа илүү баталгаатай зээлжих зэрэглэлтэй аж ахуй нэгж байдаггүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлага хүлээхээ болъё. Менежментээ зөв хийгээд гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө босгоод ирэхээр Засгийн газар нь зээлжих зэрэглэлээ унагаад, мөнгөний унацыг нэмээд байгаа юм. Дахин хэлэхэд зээл авч болноо, эргэн төлөгдөх нөхцөлд чинь орлого тогтмолжсон байх ёстой гэдгийг хэлье. Төлж чадахгүй бол яах вэ гэхээр Парисын клубийн зарчим яриад байх юм.

Тэр нь юу билээ?

-“Өрийг цайруулж өгдөг юм аа” гээд байгаа. Парисын клубийн зарчим яваад эхэлбэл хэвийн горим үгүй болно. 2000 оны эхээр ОХУ их өрийг тэглэж, манайхан “Орос шиг бай л даа” гэж хэсэг ярьсан даа. Одоо тийм зүйл байхгүй ээ. Яаж ч хүлээгээд нэмэргүй. Хүмүүсийн тархийг угаахаа боль. Одоо арилжааны зээлүүд л явж байна.

Асуудал энэ мэтчилэн хоолойд тулчихаад байхад Засгийн газраар ажлыг нь хийлгэмээр байна. Бондын хүүгээс эхлээд ярих юм их байгаа юм биш үү. Гэтэл сандал ширээний хэрүүл хийгээд байх юм…

-Хэн саад болсон юм.

Танай намынхан Ерөн­хий сайдыг огцруулна, салбарын сайд нарыг огцруулна гээд ажил хийлгэсэнгүй шүү дээ?

-Манай зээлжих зэрэглэл B- болсон. Үүнээс доош унаж С ангилалд орох гээд байна. Хэрэв тэгвэл дампуурлын менежмент явагдана. Одоо харин төсөв дээрээ тэлсэн бодлогоо болиод орлогодоо зарлагаа тохируулан ороод ирвэл заавал огцруулна гээд сандал ширээ ярих ямар ч шаардлагагүй. Энэ чинь аргаа барсан л арга шүү дээ. Гадна дотно хүмүүстэй уулзахаар амьдрал хүндрээд байна гэдэг. Энэ саарал байшинд ороод ирэхээр амьдрал сайхан байна гэх юм. Амьдрал сайн муу байгаагийн үнэлэмжид би хүртэл эргэлзэж эхлээд байна. Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал биш. Бодлогын алдаагаа л засчих. Юм л бол биднийг ажил хийлгэхгүй байна гэх юм. Эрх баригчдад 50 кноп байгаа биз дээ.

АН-ынхныг дотроос нь жаахан өдөөгөөд өгөхөөр хагаралддаг. Үүн дээр нь танайхан тоглолт хийгээд байгаа юм биш үү. Хамтарсан Засгийн газар байгуулах сонирхол танайханд байгаа гэх юм?

-Ардчилсан намын дотоод хэргийг би мэдэхгүй. Хардах эрх хүн бүхэнд байдаг. Харин гүтгэх эрхгүй. Бид Засагт орох шаардлагагүй. Бид үнэний туйл биш. Хүмүүн биеийг олж төрсөн адилхан хүмүүс тул бидэнд алдаа оноо байсан л байх. Манайхан бүх хүнд тааруулж сайн ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Хүн болгоныг диваажинд байгаа мэт амьдруулж чадаагүй нь үнэн. Угаасаа тэгж чадахгүй юм байна лээ. Ардын нам тэмцэж чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүй гээд хэлц үг гарсан байна. Энэ үнэний хувьтай үг шүү.

Тавантолгойг хувьчилна гэсэн. Ирэх оны эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү?

-Тавантолгойг хувьчилна л гээд байгаа. Газрын доорх баялгийг бид бүтээгээгүй. Хэдэн мянган жил эцэг өвгөдийн халуун амиар олдсон баялаг. Үнэгүйдсэн үед нь хувьчилж өөрсдөө хувааж идэх гэж байна гэсэн янз бүрийн хардлага байдаг. Би хараар будмааргүй байна.

Хэдэн жилийн өмнө Лексус-570 гэдэг машин Улаанбаатарын гудамжинд хэд явдаг байлаа. Одоо битүү л явж байгаа биз дээ. Энэ чинь зарлага шүү дээ. Ам.доллараар авдаг зүйлсийг багасгах хэрэгтэй.

Та ч гэсэн дөнгөж саяхан гарсан үнэтэй гар утсыг доллараар л авсан байна шүү дээ. Мөнгөтэй хүмүүс бүгд ингэж байна. Үүнийгээ зогсоочихооч?

-Үнэн. Намайг шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээж авъя. Манай эхнэр гадагшаа явж ирээд IPhone 6 гар утсыг бэлэглэсэн юм. Энэ мэтчилэн Монголын ам.долларын урсгал гадагшаа явж байна. Хувь иргэн бүр өөрсдийн хэрэглээн дээрээ анхаарах хэрэгтэй. Би ч гэсэн эргэж харъя.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Золзаяа: Охиныхоо төлөө миний хийж чадах зүйл энэ л байна

-ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨР БОЛОХ 150 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ОЛОХЫН ТУЛД НАПОЛЕОН ТООРТ ХИЙЖ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Саяхан фейсбүүк хуудсаар Сүхбалсангийн Золзаяа гэдэг бүсгүй нялх охиноо эмчлүүлэхийн тулд наполеон тоорт хийж худалдан эмчилгээний төлбөр цуглуулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүний охин одоо дөрвөн настай. Эмч нар булчингийн хөгжилгүй гэсэн онош тавьж, яаралтай мэс засал хийлгэхийг зөвлөжээ. Охин болон охины аав, ээжид Христийн шашны нэгэн байгууллага тусалж, мэс засал хийлгэхээр АНУ-ын эмнэлэгт хандаад байгаа аж. Гэвч уг эмнэлгийн төлбөр болох 150 мянган ам.доллар энэ гэр бүлд байхгүй учир бяцхан охиныг хөл дээр нь босгох эмчилгээ хойшлогдсоор байгаа гэнэ. Гэвч охины ээж чадах бүхнээ хийж эмчилгээний зардал олохоор тоорт хийж зарж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд захиалга авч байгаагаа мэдээлснээр одоо тэр 200 гаруй тоортны захиалга аваад байгаа гэнэ. Бэрхшээлийн өмнө шантралгүй, хандив гуйж гараа хумхин суулгүй үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй 25 настай залуухан ээж С.Золзаяагийн ярилцлагыг хүргэж байна.

-Охины тань эмчилгээ хэр хийгдэж байгаа вэ. Мэс засалд хэзээ орох бол?

-Миний охин одоо дөрвөн ойтой. АНУ-ын Мичиган мужид эмчлүүлэхээр оччихсон байгаа. Өнгөрсөн долдугаар сард Америк явсан. Очоод шинжилгээнүүдээ хийлгээд, мэс заслын өмнөх бэлтгэлээ хийлгээд байж байна. Шинжилгээгээр миний охинд дараалан зургаан мэс засал хийх шаардлагатай гэсэн дүгнэлт эмч нар хийжээ. Эхний мэс заслыг арваннэгдүгээр сарын 3-нд хийх хуваарьтай байсан. Уг нь мэс засалд орох цаг хугацааг нь төлөвлөчихсөн байсан юм. Гэтэл эмнэлгийнх нь зүгээс ор хоногийн төлбөр, мэс заслын дараахь физик эмчилгээ гэхчлэн миний ойлгож байгаагаар холбогдох бүх үйлчилгээнд нь нийт 150 мянган ам долларын төлбөр төлөх шаардлагатай гэсэн. Ор хоногийн төлбөр нь нэг хоногийн 700 ам.доллар юм байна. Тэгээд төлбөрөө төлөөгүй гээд мэс заслыг нь хойшлуулчихсан байгаа.

-Өнгөрсөн долдугаар сард Америк явсан гэсэн. Одоо тэндээс ямар мэдээлэл өгч байна?

-Очоод гурван сар болж байна. Америкт мэс засалд орох гэж байгаа хүнд тухайн өвчнөөс өөр элдэв хууч өвчин байх ёсгүй гэдэг юм байна. Мэс засалд ороход өвдөх өөр юмгүй байх ёстой гэдэг гэнэ. Миний охины ганц хоёр шүд нь хорхойтой. Тэрийгээ очсон хойноо янзлуулсан. Ерөнхийдөө бүх шинжилгээнүүдээ өгөөд мэс засалд ороход бэлэн болчихсон байгаа юм. Манай охиныг хариуцаж авч явсан байгууллагын хүмүүс тэр эмнэлэгт хүсэлт тавьсан гэсэн. Бид яаж ч цуглуулаад 150 мянган доллар цуглуулж чадахгүй. Төлбөрөө жаахан ч гэсэн багасгах боломж байна уу, ядуу орны хүүхдэд арай жаахан уян хатан хандаж туслаач гэсэн хүсэлт тавьчихаад байгаа гэсэн. Ядаж мэс заслын дараахь зарим үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх ч юм уу, зарим нэг хоногийг нь үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа л даа. -Охиныг тань эмчлүүлэхээр хариуцаж яваа байгууллага ямар байгууллага вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, христэд итгэгч Америкийн байгууллага. Хүүхдийн төлөө буяны ажил хийдэг, арав гаруй жилийн туршлагатай байгууллага юм. Манай хүүхэд тэдний тусалсан хорин зургаа дахь хүүхэд нь гэж байсан. Монголоос бол хоёр дахь нь.

-Та бүхэн тэр байгууллагыг яаж олж холбогдов. Эндээ эмнэлгийн тусламж хэрхэн авч байв?

-Охин маань нэг сартайгаасаа Гэмтэл согогийн эмнэлгийн хяналтад орсон юм. Төрөхдөө хөл гар нь таталттай төрсөн. Нэг сартайгаас нь эхлэн хөл гарт нь гипс, чиг тавьж, бараг нэг ой гартал нь тэгж явсан. Нэг удаа шөрмөс сунгах мэс засал хийлгэсэн юм. Тэр мэс заслыг хийлгэсний дараа хөл нь арай гайгүй, хүний хөл гэх хэлбэр дүрстэй болсон.

-Манай эмч нар тэр үед юу гэж оношилсон бэ?

-Ерөнхийдөө гадаадын эмч нартай адил төстэй юм хэлдэг байсан. Гэхдээ шөрмөс л гэж яриад байхаас булчингийн тухай огт ярьж байгаагүй. Гэтэл Америкт очоод шинжилгээ хийлгэтэл манай хүүхдийг булчингийн хөгжил огт байхгүй байна гэсэн. Монгол эмч нар булчин гэж нэг ч ярьж байгаагүй болохоор бид энэ талаар юу ч мэддэггүй. Америкт шинжилгээ өгөхөд, эмчилгээг их оройтуулсан байна гэж эмч нар нь хэлсэн. Оройтуулчихсан учраас олон төрлийн мэс засал хийх шаардлагатай болж байгаа юм байна. Манай эмч нар хэлэхдээ “танай хүүхэд арай л нялх байна. Манай Монголд ийм хүүхэд төрж байгаагүй болохоор бидэнд ямар ч туршлага байхгүй, ядаж жаахан томрохоор нь мэс засал хийж үзье” л гэдэг байсан. Гаднын эмч нар болохоор бүр нялхад нь эртхэн эмчлэх ёстой гэж хэлж байна.

-Гаднаас эмч нар ирлээ, үзлэг оношилгоо хийж байна гэсэн мэдээлэл байн байн гардаг. Та энэ дагуу явж хандаж байв уу?

-Гадаадаас хааяа эмч нар ирсэн үед охиноо үзүүл гээд эмнэлгээс дууддаг байсан. Очоод үзүүлэхээр нөгөөдүүл нь нэг их тодорхой юм хэлдэггүй. Монгол эмч нь нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардана гэж хэлдэг бол гадаадын эмч нар бага дээр нь мэс засал хийх ёстой л гэдэг байсан. Манай эмч нар “Бид туршлагагүй” гээд мэс засал хийхгүй явж ирсэн. Би зөвхөн тэр эмнэлгээр дамжуулж биш, гадаадаас эмч ирлээ гэж сонсдох болгонд өөрөө очиж уулздаг. Тэр болгонд “оройтлоо шүү дээ, бүр багад нь мэс засал хийх ёстой” гэдэг байсан. Тэгэхээр нь монгол эмч дээрээ очоод хэзээ хагалгаа хийх вэ гэхээр “Болоогүй ээ, арай л бага байна” гээд байдаг байсан. Тэгсээр хоёр ой ч гарлаа. Хүүхдээ ядаж хөл дээрээ босчихоосой гэж бодоод зөндөө л хөөцөлдсөн. Эмч маань нөгөө л “болоогүй байна” гэдэг үгээ л хэлдэг.

-Америкт очсон эмнэлгийнх нь эмч нар мэс заслын дараахь үр дүн ямар байх талаар урьдчилж мэдээлэл өгөх юм уу?

-Анх энэ байгууллага охиныг маань авч явахдаа найман сар болоод, ганц хоёр мэс засал хийлгээд бараг хөл дээр нь босгоод ирнэ гэсэн төсөөлөлтэй явсан юм. Хүүхдээ авч очоогүй, эхлээд зөвхөн зургийг нь явуулсан болохоор тийм баримжаа өгсөн байх. Гэтэл бүх шинжилгээ хийсний дараа зургаан удаа мэс засал хийх нь тодорхой болсон. Эмч нар нь хүүхдийг маань хөл дээрээ босоод явах нь явна гэж байгаа юм. Манай хүүхэд шиг булчингийн хөгжилгүй хүүхэд байдаг юм болов уу гээд би интернэтээр нэлээн судалж үзсэн. Анх охиноо булчингийн хөгжилгүй гэдгийг эмчээс биш интернэтээс мэдсэн л дээ. Англид манай охин шиг төрсөн нэг охин мэс засал хийлгээд явдаг болсон тухай уншсан юм. Бас л том болтлоо эмчилгээ хийлгээгүй байж байгаад таван настайдаа мэс засалд ороод хөл дээрээ босч, явдаг болсон гэж бичсэн байсан. Хэрэв бид охиноо багад нь Америкт эмчилгээ хийлгэсэн бол булчинг нь хөгжүүлээд өөрөөрөө явах боломжтой байсан юм билээ. Одоо бол, нэгдүгээрт зургаан удаа хагалгаа хийнэ. Хоёрт, мэс засал хийлгэсний дараа протез өмсүүлнэ. Протезний тусламжтайгаар л явдаг болно, бараг насан туршдаа тийм байна гэж байна. Уг нь бага дээр нь эмчилсэн бол өөрөө хөл дээрээ босоод явах боломж байсан юм билээ.

-Хүүхдийнхээ эмчил­гээ­ний төлбөрийг цуглуулахаар сэдсэн санаа тань олны дэмжлэгийг ихээр хүлээж байна. Та тоортоо хэзээ хийж эхлэв. Захиалга хэр ирж байна?

-Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Одоогоор 200-гаад тоортны захиалга авчихаад байна. Фейсбүүк дээр “ээжүүдийн групп” гэж байдаг юм. Тэрэн дээр ээжүүд адилхан үр хүүхэдтэй хүмүүс болохоор нэгийгээ их сайн дэмждэг. Тэгээд би охиныхоо тухай бичсэн л дээ. Хүмүүс цааш нь түгээж маш олон хүн мэдээлэл авсан байна лээ.

-Ямар үнээр зарж байгаа вэ?

-Хорин мянгаар.

-Өмнө нь та бялуу, на­рийн боов хийдэг байсан уу?

-Үгүй үгүй. Тоорт яаж хийхийг интернэтээс харж сурсан. Одоохондоо охиныхоо төлөө миний хийж чадах юм энэ л байна. Зүгээр тоорт хийе гэхээр чимэглэж чадахгүй. Тиймээс наполеон тоорт хийж байгаа юм. Ажиллагаа ихтэй л юм байна. Тийм их мөнгө хаанаас олно доо гэж дэмий шаналж суухын оронд хөдөлж л байвал учир нь олдох болов уу гэж бодох юм. Тэгээд ч завгүй байхаар хүүхдээ санах нь арай гайгүй. Хүүхдээ явуулчихаад зүгээр суух биш араас нь бага багаар мөнгө явуулаад л байна. Наполеон тоорт зарж олсон мөнгөө хүүхдэдээ л явуулж байна. Захиалга орж ирэхийн хэрээр хийгээд л байна.

-Тусалъя, хандив өгье гэсэн хувь хүмүүс, компани албан байгууллагууд хэр хандаж байна?

-Хандаж байна. Дөнгөж сая л гэхэд Цагдаагийн академийн сонсогч оюутнууд хандив өгье гэж утсаар ярьсан. Хувь хүмүүс ч тусалж дэмжмээр байна, дансны дугаараа өгөөч гэж утасдаж байна. Өнөөдөр Мэдээлэл харилцаа холбооны газраас нэг эгч утсаар яриад тусалмаар байна, мэдээллээ өгөөч гэсэн. Олон салбартай юм байна, салбарууддаа уриалаад манай охинд хандив өгье гэж ярьсан. Би яг албан ёсоор данс нээгээд мөнгө хэрэгтэй байна, өгөөч ээ гээгүй байгаа л даа. Охиноо Америк руу явуулахад бас л мөнгө төгрөг амаргүй л байсан. Итгэгч байгууллага маань ихэнх зардлыг дааж байгаа. Мэс заслыг нь нэг эмчээр үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Шинжилгээг нь үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Гэтэл эмнэлэг, эмч хоёр нь тусдаа байдаг болохоор эмнэлгийн зүгээс ор хоногийн мөнгө шаардлагатай гээд байгаа.

-Та хандивын данс нээхгүй юм уу?

-Одоохондоо өөрийнхөө дансыг тусалъя гэсэн хүмүүст өгч байна.

-Та юу ч гэсэн дансныхаа дугаарыг мэдээлчихгүй юу. Бялууны захиалгаа ч түүгээр хийж болох болов уу?

-ХААН банкны 5100124153, Голомт банкны 1815007441 дугаартай.

-Гэр бүлээс тань охиныхоо хамт Америк руу хүн явсан уу?

-Үгүй. Зөвхөн итгэгч байгууллагын хүмүүс хариуцаж явсан. Нөхөр маань АПУ-д борлуулалтын жолооч хийдэг юм. Охиноо Америк явуулах болчихоод би ажлаасаа гарсан. Өмнө нь охиноо тусгай цэцэрлэгт өгчихөөд ажлаа хийдэг байсан. Одоо би хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Жирэмсэн болохоор ажил хайгаад ч олдохгүй юм. Хүүхдэдээ мөнгө явуулмаар байдаг. Ажилгүй хүн олигтой мөнгө өгч чадахгүй, шаналж суухын оронд хөдөлж байя гээд тоорт хийж байгаа минь энэ.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Сурагч байхдаа хоёр ч кино хийсэн арвын А-гийнхан

Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуулийг 2005 онд төгссөн 10-ын А ангийнхантай уулзлаа. “Аравдугаар ангиа саяхан төгссөн мэт санагдаж байна. Нэг л мэдэхэд есөн жил өнгөрсөн байна шүү” гэж ярих залуус 1995 оны намар сурагчийн ширээнд тохой залган сууцгаажээ. Тухайн үед 23 дугаар сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн гэх тодотголтой байв. Орос, англи, солонгос, япон хэлийг гүнзгий түвшинд заадаг. Тиймээс элсэн орж байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авдаг байжээ. Нэгдүгээр ангид элсэн орсон алдрай жаалуудад А үсэг заасан бага ангийн багш нь Д.Баасансүрэн. Цагаан толгойгоо үзэж дуусаад үсэглэлийн баяр хийж байсан сурагч насны дурсамж одоо ч тэдний сэтгэлд тодхон гэрэлтэж байгаа.

Эдний ангийнхан дөрөвдүгээр ангиасаа орос хэлний хичээл үзэж эхэлжээ. Орос хэлний багш нь Буриадаас ирсэн настай хүн. Сурагчид багшийнхаа үгэнд орно гэж жигтэйхэн. Насаараа багшилсан хүн учраас хичээлээ ч сайн заана. Сурагчид ч хичээлдээ дуртай. Харин зургадугаар ангид орох жил орос хэлний багш нь солигджээ. Хүүхдүүдийн аль хэдийнэ дасчихаад байсан Буриад багш нутаг буцаж оронд нь дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн болов уу гэмээр хорь гаруйхан насны орос залуу хичээл орсон байна. Залуухан багшийн туршлага дутсан уу яасан хүүхдүүдийнхээ эвийг нэг л олохгүй байж гэнэ. Дээрээс нь буурьтай суурьтай буриад багштай нь харьцуулахад дэв дав хийсэн багш байж л дээ. Тиймээс хүүхдүүд л болсон хойно хичээл дээр нь үймүүлнэ. Багшийгаа монгол хэл мэдэхгүйг далимдуулаад эх хэлээрээ шоолно. Тэгсэн нэг өдөр хичээл дээр багшийгаа шоолоод инээлдэж байтал залуухан орос багшийн тэсвэр алдагдаж сандлаа бариад босоод иржээ. Бүр сурагчид руугаа сандал шидэх гээд, өнөө хэд нь зугтаагаад бөөн юм болсон байна. Удалгүй өнөөх багш ажлаа­саа гараад дахин шинэ багштай болж байсан түүх эдний ангид бий. Харин бага ангиасаа орос хэл үзэж байсны хүчинд оросоор тун дажгүй ярьчихна. Зарим нь орос хэлээр ус цас бол англи хэлд шамдсан нөх­дүүд ямартай ч хүний ярьсныг ойлгоод, өөрийгөө илэр­хийлээд байх хэмжээний мэд­лэг­тэй төгсөцгөөжээ. Бага ангиа төгсөөд тавдугаар ангид ороход нь Ш.Оюунсүрэн багш ангийг нь дааж авч гэнэ. Ш.Оюунсүрэн багш газарзүйн хичээл ордог. Маш зөөлөн хэрнээ сурагчдыг үгнээсээ гаргахгүй. Сурагчаа загнаад байхгүй, тэгсэн хэрнээ бүх хүүхэд багшаасаа эмээнэ. Буруу зүйл хийлээ гэхэд “Хөөе чи яагаад ингэж байгаа юм бэ” гэж зэмлэхээсээ урьтаад юу болсон учрыг нь асууна. Хэн буруу зүйл хийсэн, дахиж буруу зүйл хийж болохгүй гэдгийг сайтар ухамсарлуулдаг байжээ. Ш.Оюунсүрэн багш өдгөө 23 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Ангийнх нь зарим нөхөд цаг заваараа багш дээрээ очиж мэнд мэдээд, сайн яваагаа дуулгадаг гэнэ лээ.

Сурагч ахуй цагийн дур­самж хүний амьдралын нандин зүйлийн нэг болдог. Алдаа гаргаж багшдаа загнуулах, онц сураад аав ээжээрээ маг­туу­лахын аль аль нь эргээд бодоход гэгээлгээр сэтгэлд үлдсэн байдаг. Эдний ангийнхан ч бас дурсах зүйл ихтэй. 23 дугаар сургууль найм, аравдугаар ангийн сурагч­дынхаа дунд “Мини Оскар” наадам зохиодог байв. Тэр нь сурагчдын дундах кино урлагийн наадам. Хүүхдүүд киноныхоо зохиолыг бичээд, найруулаад, жүжиглээд, зургаа аваад, монтажилна гээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Тэмцээний үеэр яг л Оскарын шагналт­нуудыг тодруулж буй мэт бүх номинациар нэр дэвшигчээ тодруулдаг ажээ. Тэд сургуулийнхаа хамгийн том тэмцээний нэг “Мини Оскар”-т наймдугаар ангидаа анх оролцжээ. Эдний ангийн тэргүүний сурагчдын нэг Б.Золбоо тухайн үед “Одод” студийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэнэ. Телевизтэй, студитэй ойрхон түүнд богино хэмжээний кино хийх санаанд нь багтаад байжээ. Ингээд “Гурван найз” киноныхоо зохиолыг өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө зургаа авчээ. Монтажаа ч мөн өөрөө хийсэн байна. Ямар сэдвээр кино хийх вэ гэж нэлээн бодсоны эцэст боевик кино хийе гэж ярилцаад зохиолоо бичжээ. Хар багаасаа найзалсан арван жилийн найзууд хожим бие биенийгээ танихгүй хоорондоо буудалцаж байгаа өрнөлтэй. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсний дараа найзыгаа таньж харамсаж байгаа­гаар кино дуусна. Ийм киноны зохиол бичээд зураг авалтдаа гарчээ. Жаахан хүүхдүүд учраас машин тэрэг хэрэг болно. Гудманд яваа хамгийн гоё машинтай хүн дээр гүйж очоод “Ах аа, бид нар кино хийж байгаа юм. Машинд чинь зураг аваадахъя” гэж гуйна. Дэлгүүрийн зураг авалтыг ч бас хүн гуйгаад л хийчихнэ. “Эгчээ, кино хийж байна.Дэлгүүрт зодолдох хэрэгтэй боллоо” гээд л. Аппарат, камер болсон жаахан хүүхдүүд ингээд гуйгаад ирэхээр татгалзах хүн байдаггүй, бүгд л уриалгахан зөвшөөрдөг байжээ. Ингээд киногоо хийгээд тэмцээндээ оров. Сургуулийнхаа хэмжээнд хамгийн анхны тулаант кино хийсэн гэж сайшаагдаад, ангиараа хоёрдугаар байр эзэлж, Б.Золбоо “Шилдэг кино зураглаач” шагналын эзэн болсон байна. Харин аравдугаар ангидаа оролцсон “Мини Оскар” тэдний санаанаас огт гардаггүй гэсэн. Өмнөх тэмцээний туршлагадаа тулгуурлахын зэрэгцээ бас ч гэж том болцгоосон учраас “чанартай бүтээл” хийхээр зорьжээ. Сэдэв нь хүртэл хэн бүхний сонгоод байдаггүйг чухалчилсан байна. Айхтар зодолддог залууг мафийнхан эгнээндээ нэгтгэх гээд. Залуу зөвшөөрөхгүй болохоор найз охиныг нь барьцаалж байгаа үйл явдалтай кино байж. Энэ удаагийн зураг авалт “өндөр түвшинд” болжээ. Ерөнхий, туслах хоёр зураглаачтай. Ангийнхаа Лодойг тухайн үед гарч байсан “Гурван марал од” Солонгосын олон ангит кинон дээр гардаг Сандугаар төсөөлчихсөн. Цамцных нь энгэрийг яраад, ардаа хамгаалагчтай явдаг мафийн толгойлогч болгоод л. Харин сайн зодолддог залуугаа тус киноны Ким Инха шиг байхыг найруулагч шаардана. Ингээд таньж мэдэх хүнээсээ бенз машиныг нь гуйж аваад Б.Энхбилэг жолооч болж байсан гэсэн. Харин ангийнх нь бусад хөвгүүд мафийн гишүүд болчихсон. Аав, нарынхаа костюмыг гуйж өмсөөд Тагнуулын ерөнхий газрын өмнөх талбайд гол зураг авалтаа хийж байжээ. Харин шөнийн зодоонтой хэсгээ “Тэнгис” кино театрын өмнөх талбайд авч байсан гэнэ. Хөвгүүд хоёр хуваагдан зодолдож байхад цагдаа нар “Юун зодоон цохион бэ” гэсээр хүрч ирж байжээ. Хөвгүүдийг ийн кинонд тоглож байхад охидууд арын ажлыг хариуцна. Жүжигчдээ өлсгөхгүйн тулд гэр гэртээ хоол цай хийж ирнэ. Бас зураг авалтад хэрэгтэй эд зүйлийг олох гэж чармайна. Киноны төгсгөлд буудалцаантай хэсэг гарах учраас тэр үед хэрэглэх жинхэнэ мэт харагдах тоглоомон буу хайж олох гээд ажил их. Тухайн үед киноны ажлаар гэртээ харих оройтон аав ээждээ загнуулж байсан бол өнөөдөр дурсан ярихад хамгийн хөгжилтэй, хэзээ ч мартамгүй дурсамж болон үлджээ.

Арвын А-гийнхан ерөнхий­дөө сурлага, хүмүүжлээр жигд­хэн сайн хүүхдүүдтэй байсан гэнэ. Сургуулийн дэг журам бусад сургуультай харьцуулахад нэлээн чанга байжээ. Охид үс гэзгээ хамаагүй задгай тавьж болохгүй. Нүүр амаа будна гэж санахын ч хэрэггүй. Гэдэс, нуруугаа гаргасан богино цамц өмсвөл сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулах дээрээ тулна. Хөвгүүд ч мөн адил. Үсээ элдэв янзаар будахгүй. Өргөн өмд, хэлхгэр цамц өмсөхгүй. Хатуу чанга хэрнээ хүүхдийн хүмүүжилд маш эерэгээр нөлөөлсөн дэгийн үр дүнд эдний ангийнхан маш зөв төлөвшилтэй болж чадсан гэж бахархдаг юм байна. Сурлагаараа нэгэн жигд ч гэлээ тэр дундаас цойлон гарсан хүүхдүүд бас бий. Эдний ангийн гавал нь Н.Үүрцайх, О.Мөнхбаатар. Н.Үүрцайх Монголын хүүхдийн ордоны эрдэм алтан медальтайгаас гадна шатрын спортоор хотын аварга болж байжээ. О.Мөнхбаатар орос хэлний олимпиадад дүүргийн аварга болж байсан гэнэ. Спортоор ч бас мундагууд бий. Усан спортоор идэрчүүдийн улсын аварга болж байсан Г.Ариунаа арвын А-гийнх. Мөн сахилгагүй нөхөд ч бий. Б.Энхбилэг ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байж. Байс гээд л хэрэг тарьчихаад аав ээжийгээ сургуулийн захиргаатай уулзуулна. Нэг удаа үймүүллээ гээд ангиасаа хөөгдчихөж. Дараагийн цагийн хичээлээ хүлээн подвольд байх хувцасны өлгүүрийн тэнд чимээгүйхэн зогсож байтал “Хувцасны өлгүүрийг хаяж гээгдүүлбэл торгуультай” гэх бичигний өрөөсөн булан наалтнаасаа салж байжээ. Нэг булан нь эргээд муухай харагдаад байхаар нь янзалчих санаатай тавцан дээр байсан шүдэнзээр тэрүүхэн хэсгийг шатаах гэтэл гал авалцчихаж. Тэрүүхэн тэндээ шатахгүй өлгүүрийн жижигхэн цонхоор орж хүүхдийн нэхий дээлэнд авалцжээ. Сандарсан хүү жижигхэн цонхоор шуртхийн ороод арай гэж нэг унтраасан байна. Гэхдээ нэг нэхий дээл, нэг куртикний хохиролтой. Галаа унтрааж дуусангуутаа хурдхан тэндээс холдохын түүс болж гуанзаар эргэлдэж гарчээ. Тэгсэн хичээлийн эрхлэгч хажуугаар нь зөрөхдөө хувцсанд нь шингэсэн хиншүүний үнэрээр бариад авч. Энэ мэт санамсаргүй хэрнээ дэггүйтэж байсан тохиолдол олон. Б.Энхбилэг бас зурах авьяастай. Шивээс хийгээд сурчихсан болохоор хүн бүрт л өнөөхөө хийгээд өгчих юмсан гэж бодно. Ангийнхан нь ч бас шивүүлэх дуртай. Би, би гэж шивүүлсээр байгаад аравдугаар ангиа төгсөхдөө талаас илүү нь шивээстэй болоод төгсжээ. Багадаа ингэж дүрсгүйтэж байсан хүү өнөөдөр “Монгол” телевизэд ажиллаж буй. Гадаадад найман жил сурч ирсэн тэрээр “Таны мөрөөдөл” нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер ийм ажилтай. Бас “Бодь электроникс”-ийн дэд захирал, Монголын либериал залуучуудын холбооны ТУЗ-ийн дарга Б.Золбоо эдний ангийнх. Түүнийг 2012 оны НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эдийн засаг, бизнесийн “Bloomberg” телевизийн хөтлөгч З.Энхболорыг танихгүй хүн байхгүй болов уу. Энэ мэтчилэн сурагч байхдаа эрдэмд номд шамдаж, зөв хүн болох төлөвшлийг сурч, хүүхэд насны цагаахан дэггүйтлээр тоглож өссөн 10-ын А-гийнхан өдгөө салбар бүрт ажиллаж байгаа. Гэхдээ зүгээр нэг ажилласан болоод өнгөрөх биш нийгмээ манлайлан орчин цагийн үлгэр жишээ залуусын тэргүүнд явна.

С.АЛТАН