Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Монголчуудаа өмөөрмөөр байна

Харьд худалдагдсан морь хүртэл нутгаа тэмцэж ирдэг гэлцдэг. Нэг хэсэг нь амьтан хүртэл ухаантай, нөгөө хэсэг нь энэ адгуусны зан гэх байх л даа. Адгуус ийн нутаг зүгтээ гүйж байхад бид тоонотоо зориод ирж буй элэг нэгтнүүддээ хэрхэн хандаж байна вэ гэдэг томоос том асуултын тэмдэгтэй хэвээр байна. Бид Өмнөд монголчуудаа Хятад гэж гадуурхаж байснаас үсэрсэн цус, тасарсан мах минь гэж огт бодохгүй байгаа. Тиймээс ч Монголоо гээд тэмцээд ирсэн хүмүүсээ цаашаа гээд түлхдэг гэмтэй. Сүүлийн хэдэн жилд Өмнөд монголчуудыг нутгаасаа хөөж гаргалаа гэх мэдээлэл хааяахандаа нэг хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Энэ байдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Учир нь тэднийг Монголоос шууд буцаах “тийз” олгодогтой холбоотой. Тэд Монголоо гэх сэтгэл байгаа болохоор үхэн хатан үлдэхийн тулд тэмцээд байгаа юм. Тиймгүйсэн бол хөгжлийн шинэ шатанд гарч буй Хятадаас л холдов гэж. Аргаа бараад “Биднийг тосч авах сүүлчийн найдвар ар Монгол” гэж үзээд л тэмцээд байгаа хэрэг. Гэтэл бид Өмнөд монголчуудыг тагнуул, визийн зөрчилтэй гэх мэт есөн зүйлээр нь дуудаад гишгэх газаргүй болтол нь шахаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болъё” гэсэн уриалга гаргаж түүнийг нь бүхий л дарга нар алга ташин хүлээж аваагүй бил үү.

Үнэхээр Өмнөд монголчууд нь гэм буруутай байвал бид Монголдоо л хорьё л доо. Ер нь Өмнөд монголчуудаа өмөөрч дуугармаар байгаа юм. Ганц хоёрхон жилийн өмнө “Өмнөд монголчуудаа сэрцгээе” гэдэг дуу дуулсныхаа төлөө нэгэн залуу эрэн сурвалжлагдаж сүүлд нь улс төрийн бослого хийх гэсэн хэргээр цаазлах гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Хятадад зургаан малчинг эдийн засгийн хөгжилд саад тушаа үзүүлсэн гэх нэрээр баривчилж, шүүх хурал хийлгүйгээр 1-2 жилийн ял оноосон явдал гарсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байлаа. Тэд малын бэлчээрийг нь талхалж байгаад эгдүүцсэн нь тэр юм. Үүний улмаас олон зуун малчин Хятадын Засгийн газарт шаардлага тавьж, хоёр хоногийн турш тайван жагсаал хийж, өмгөөлөгч нар нь давж заалдах хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болгосон удаатай. Тэвчээр нь барагдсан малчид бэлчээр усаа хамгаалахаар нэгдэж тэмцэж эхлэв. Малчид нүүрсний машины цувааг хашиж зогсоох гэсэнд, ачааны машины жолооч Мэргэн гэдэг залууг шууд дайрч амь насыг нь хороож байв. Хэдэн зуунаар өвлөгдөн ирсэн монгол уламжлал, монгол ахуйгаа авч үлдэхийн тулд энэ мэт хохирсоор байна. Дэлхий даяарчлагдаж байгаа энэ цаг үед хүний амь, эрх чөлөө үнэтэй байх ёстой. Энэ үнэ цэнийг бид л бүтээх хэрэгтэй.

Өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ирэхэд манайхан замын хөдөлгөөнөө хааж, байгаа бүхнээ урдаа барьж баахан гүйв. Энэ биш ээ. Бид Си даргыг ирэхэд жагсах байсан юм. Монгол хүн монгол хүнээ өмөөрч жагсах байсан юм. Энэ бослого тэмцэлд турхирсан өдөөн хатгалга биш шүү. 25 жилийн өмнө бий болгосон ардчиллын замаар бид үзэл бодлоо илэрхийлэх ёстой байлаа. Бид Түвдийн төлөө жагсах биш монгол угсаатныхаа төлөө жагсах ёстой байсан юм. Дэлхийд Монгол нь Монголоо өмөөрөхгүй бол хэн биднийг гэх билээ. Өр нимгэртэл өмөлзөөд ирэх, өв уламжлалаа тээгээд ирэх цөөхөн хэдэн Өмнөд монголчуудаа 1.564.115 км2 газар нутагтаа багтаагаад авах уужим сэтгэл бидэнд хэрэгтэй байна. Үүнийг л давчихбал ар Монголдоо очлоо доо хэмээн хилийн зурвас руу хараа бэлчээн суугаа Өмнөд монголчууд мянга мянгаараа байсаар байна.

Ө.ТЭНГИС

Categories
мэдээ цаг-үе

М.Амарсанаа: Энэ удаагийн тоглолтын үеэр бид анх удаа нэг нэгээрээ дуулна

Ньюанс” хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаатай ярилцлаа.

-“Ньюанс” хамтлаг жил бүр театрын баяраар тоглолтоо хийдэг. Харин энэ жил харьцангуй эрт хийж байна шүү?

-Манайх ихэнх тоглолтоо гуравдугаар сарын 25, 26-нд хийдэг байлаа. Энэ удаа харин арваннэгдүгээр сарын 18, 19-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Мэдээж хэрэг жил бүрийн тоглолт онцлогтой болдог. Энэ жил бид анх удаа нэг нэгээрээ дуулах гэж байгаа. Дуучин хүний хоолойн цараа, хамтлагтаа ямар үүрэгтэй дуулдаг вэ гэдгээ нэг бүрчлэн харуулна. Манай хамтлаг байгуулагдаад арван гурван жил боллоо. Энэ хугацаанд бид нэг ч удаа ганц, ганцаараа дуулж үзээгүй. Мөн бидний тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс тайз, гэрэлтүүлэг ямар болж вэ гэдгийг онцгойлон хардаг. Тиймээс их өвөрмөц тайз зассан. ДБЭТ-ын ерөнхий зураач Ганбаатар зургийг нь гаргалаа. Энэ хүн манай бүх л тоглолтын тайзны шийдэл дээр ажилладаг.

Үзэгчдээ улаан хивсээр алхуулан угтаж авдаг. Бас дарс шимсэн шигээ танхим руу орох үзэгчид ганцхан танай тоглолтын үеэр харагддаг?

-Аливаа нэгэн арга хэмжээний оролцогчид буюу дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө улаан хивсээр алхдаг. Харин манайх үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлэх үүднээс ийн угтдаг юм. Энэ жил ч бас угтах үйлчилгээ бий. Улаан дарс сонгодог утгаараа бидний тоглолттой нийцдэг. Дээрээс нь цэвэр ус, сайн чанарын ундаагаар ирсэн хүн бүрийг дайлдаг байгаа.

Түрүүн хамтлагийн гишүүд тусдаа дуулна гэж ярилаа. Анзаараад байхад гишүүд тусдаа дуулаад эхлэхээр хамтлаг тарахын дохио болоод байх шиг ээ?

-Тийм юм байхгүй ээ. Бид нар энд тэнд очоод ганцаараа дуулж байсангүй. Байлаа ч маш ховор байх. Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш байнга л хамт байсан. Цаашдаа ч хамтдаа байна. Яахав хувь уран бүтээлчийн үүднээс дуулахыг хүсдэг бүтээл гэж бий. Тэр боломжийг л энэ удаагийн тоглолтоороо хангаж өгч байгаа юм. Үзэгчдэд ч бас сонин байх болов уу.

Тасалбар ямар үнэтэй байх вэ?

-Аль болох уян хатан үнэ тогтоосон. Суудлын зэрэглэлээсээ хамаараад 20, 40, 60 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолт ямар нэртэй вэ. Дандаа л гадаад нэр өгдөг?

-Энэ удаад бас гадаад нэр өгсөн. “Гранада” гэж. Дууны нэр л дээ. Дэлхийн тенор хоолойтой дуучдын ур чадварыг шалгадаг том бүтээл. Ерөөсөө л их эрч хүч мэдрэгдэнэ. Латин Америк маягийн стильтэй, Мексикт зохиосон дуу. Тоглолтоо эрч хүчтэй байлгая гэсэн үүднээс ингэж нэрлэсэн.

Танайх анх байгуулагдаж байхдаа ДБЭТ-ын дэргэдэх хамтлаг байсан. Одоо хэвээрээ юу. Ер нь яагаад театрын дэргэдэх хамтлаг болчихсон юм бэ?

-Бид нар 2001 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгсөж байлаа. Дөнгөж төгссөн залуучууд ДБЭТ-т орсон. Удаа ч үгүй байтал шинэ жил боллоо. Тэрүүгээр бидний дөрвөн залуу мэндчилгээ дэвшүүлэхээр болсон юм. Тэгээд л өөрсдийгөө хамтлаг гээд, мэндчилгээ гаргасан. Эндээс л хамтлаг байгуулах санаа төрсөн хэрэг. Дараа нь нэг өдөр МУГЖ Г.Эрдэнэбат ах таараад “За та дөрөвт Ньюанс хамтлаг гэж нэр өглөө” гэсэн. Ингэж хамтлаг байгуулагдсан түүхтэй. Театрынхаа дуучид байсан болохоор ДБЭТ-ын дэргэдэх хамтлаг гэж овоглуулсан. Харин театрынхаа дэргэдээс холдоод жил гаруй хугацаа өнгөрлөө.

Анхны л попера чиглэлээр дуулдаг хамтлаг байлаа даа?

-Тэгэлгүй яахав. Эхний хэдэн жил тайзан дээр гарахад үзэгчид “Больё оо, орооч ээ” л гэж орилдог байлаа. Юун тэр алга ташилт. Нийтийн дуу, рок попоо л сонсдог байсан цаг. Одоо харин өөр болсон шүү. Ийм урсгал байдаг юм байна гэдгийг ойлгочихсон. “Ньюанс”-ыг тайзан дээр гарахыг хүлээдэг болчихож. Энэ бүхэн хүмүүсийн боловсролтой холбоотой л доо.

-“Ньюанс” сонгодог урлагийн хөгжилд хүчин зүтгэж байгаа хамтлаг л даа. Гэхдээ нийтээрээ, үзэгчдээрээ дагаж дуулдаг уран бүтээл хийх болов уу?

-Манай хамтлагийн монгол дуунуудыг үзэгчид дуулна шүү. Эхлээд хүмүүсийн мэддэгээр, үзэгчдийн хэмнэлд тааруулаад дуулж эхэлнэ. Дундаас нь мэдээж хэрэг хүчээ авна шүү дээ. Нэгэнт л тэд биднийг сонсох гэж ирсэн байгаа. Тэгэхээр бид яаж дуулдагаа харуулах ёстой. Бид голдуу жар, далаад оны олны сэтгэлд хүрсэн дууг дуулдаг. Зүгээр нэг аялахгүй, өөрсдийнхөө хэмнэлд оруулж дуулах дуртай.

Яруу найрагч, хөгжмийн зохиолч дээр очоод захиалсан дуу байдаг уу?

-Цөөхөн дөө. Гэхдээ бас байгаа. Сүүлийн үед уран бүтээлчдэд дуу захиалж байгаа. Ирэх жил дүрсжүүлэх төлөвлөгөөтэй. Том Жагаа ахаас “Дэлхийд ганцхан монгол” нэртэй дуу авлаа. мөн “Харанга”-ын Чука ах “Зөвхөн Монголдоо”-г дуулаач гэсэн санал тавьсан. Өнгөрсөн хавар болсон тоглолтын үеэр нь дуулсан. Энэ мэтээр урын сандаа монгол дуу оруулна. Гэхдээ аль болох дуулаачийн ур чадвар шалгасан бүтээл дээр ажиллахыг эрмэлзэж байна.

Дуурийн, попера урсгалын дууг дуулахад гадаад хэлний мэдлэг тодорхой хэмжээнд байх ёстой биз?

-Хэлний боловсрол их шаардлагатай юу гэхээр үгүй. Гэхдээ тодорхой ойлголтгүй бол дуудлага, хэллэг зөв сонсогдохгүй. Бид оюутан байхдаа итали хэлийг хоёр жилийн турш судалсан. Орос хэлний ерөнхий ойлголт бий. Ер нь долоо, найман хэлээр уран бүтээлээ туурвидаг. Бүгдийг нь мэднэ гэж хэлэхгүй ч, цайгаа олоод уучих хэмжээнд ойлгоно.

Орос руу, тэр дундаа Улаан-Үд, Эрхүү рүү их явах юм аа?

-Бид 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн ОХУ руу тоглолтоор явж байгаа. Улиралд бараг гурав, дөрвөн удаа явж байгаа байх шүү. Буриадын ардын жүжигчин Ким Базарсадаев гэж хүнтэй холбогдсоноор хойшоо явах болсон. Энэ хүний соёлын сан гэж байдаг. Тэр газрын урилгаар тоглолт хийж байгаа. Бид нар очоод дуулах л үүрэгтэй. Тоглолтын зохион байгуулалт, маркетингийг нь хийчихсэн байдаг. Үзэгчид ч их сайхан хүлээж авна шүү.

Тэнд хэдэн хүний суудалтай театрт тоглодог вэ. Тасалбарын үнэ ямар байдаг юм бол?

-Очсон газар бүртээ харилцан адилгүй л дээ. 400-800 хүний суудалтай театрт тоглоно. Тасалбарын үнэ мянган рубль байдаг. Манайхаар 60 орчим мянган төгрөг болдог. Хоёр өдөр тоглоход тасалбарын борлуулалт 100 хувьтай байдаг. Түүнд нь урамшаад тоглоод л байна.

Европ руу бас яваад ирсэн дээ?

-Тийшээ олон улсын фестивальд оролцохоор явсан юм. Нэлээн хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэндхийн үзэгчид их сүрхий. Босоод, дуулаад, баярлаад сүйд болно. Тэгж яваад эх орондоо ирлээ. Тайзан дээр гартал манайхан бүр таг чиг. Тэгэхээр өөрсдийгөө л болохгүй байна гэж боддог юм билээ. Хэдүүлээ нэг л эмоцигүй байна уу, яагаад байна вэ гэж хоорондоо яриад л. Гэхдээ манай үзэгчид хөөрөх үедээ гоё шүү дээ. Сэтгэл нь хөдлөхөөр гадныхнаас илүү гарна уу гэхээс дутахгүй.

Уран бүтээлийн зүгээс зөвлөгөө өгдөг хүн бий юу. Тэр дууг ингэж дуул ч гэдэг юм уу?

-СУИС-ийн багш нар маань байна. Багш нар дээрээ очоод зөвлөгөө авна. Манай хамтлагийнхан Монголын алтан үеийн гэгддэг уран бүтээлчдийн отгон үеийн шавь нар шүү дээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай дуучин Ц.Пүрэвдорж, ардын жүжигчин А.Загдсүрэн, Д.Жамьянжав, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нарын шавь.

Танай хамтлагийн гишүүн Өнөрөө одоо хаана, юу хийж байгаа вэ?

-Америкт байгаа. Тэнд сурахаар явсан. Коллежоо төгсөөд хувиараа ажиллаж байгаа. Өнөрөө маань хамтлагаасаа албан ёсоор бол гараагүй. Жил бүрийн тоглолт дээр амжаад ирэхийг хичээдэг. Сүүлд хамтлагийнхаа арван жилийн ойгоор ирж үзэгч олонтойгоо уулзаад явсан. Энэ жил харин амжихгүй бололтой.

Танайх студи нээсэн гэсэн. Бас дуулаачийн сургалт явуулна гэж сонстлоо?

-Студиэ жилийн өмнө нээсэн. Гайхуулах зүйл гэвэл өөрсдөө бүхнийг хийсэн. Барилгын дотоод засал, интерьерээ өөрсдөө хийсэн. Одоо байнгын үйл ажиллагаатай. Хоёр дахь гэр гэж хэлж болно. Ер нь гэртээ байхаас илүүтэй студи дээрээ байж байдаг юм. Дуулаачийн сургалтын тухайд хараахан амжихгүй л байна. Уг нь санаа бол байгаад байгаа юм. Одоохондоо хойшоо тоглолтоор их явж байна. Тэгэхээр сургалтаа тогтмол явуулж чадахгүй болчихоод байгаа. Ер нь санаа бол байгаа. Түр хойшлуулсан гэж ойлгож болно.

Д.ДОРЖДЭРЭМ

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Аавынхаа амьдралаа зориулж, зүтгэсэн спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна

Энэ сарын 14-23-ны хооронд Тайландын Пукет хотноо Азийн элсний IV наадам болно. Гэтэл уг наадамд бэлтгэж байсан манай сагсан бөмбөгийн шигшээ баг УИХын С.Эрдэнийн хүсэлтээр оролцох боломжгүй болсон талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамир ярьсан. Энэ талаар УИХын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

Таныг сонгуульд олон хүний санал авахын тулд Монголын сагсан бөмбөгийн холбооны ажилд санаархан, сагсан бөмбөгийг улстөржүүлж байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн холбооныхон яриад байгаа. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Б.Тамир гэж хууль бус нөхөр байгаа л даа. Шүүхийн шийдвэрээр хууль бус гэдэг нь тогтоогдчихсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ нөхрийг хууль бус гэдгийг нь тогтоосон.

Би Баянгол дүүргийн сонгогчдоос сонгогддог. Сагсан бөмбөг гэдэг бол улс, үндэсний хэмжээний спорт, тийм биз. Гэтэл тийм утгагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Би баянголчуудынхаа төлөө хийх ёстой ажлаа хийгээд зүтгээд л явж байгаа. Намайг дахин сонгох уу, үгүй юу гэдгийг баянголчууд л мэднэ шүү дээ. Түүнээс биш сагс тоглодог хүмүүс шийдэхгүй. Спорт болохоос улс төр биш. Эд нар өөрсдийнхөө бодож яваа юмаа л ил гаргаад хэлчихлээ л дээ. Спортыг улс төрд ашигладаг, улс төр болгож, хутгаж завааруулдаг, өнөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг л бүх юмаа хэлчихлээ. Цаана нь байгаа эздийнхээ үг, бодол санааг хэлчихэж байгаа байхгүй юу.

Би бол энэ Б.Тамирыг бодох юм бол сагсан бөмбөгийг тоглож өссөн. Сагсан бөмбөг тоглож өсөөгүй хүн ч гэж бараг байхгүй байх. Бүхий л залуус, хүүхдүүд тоглодог спорт. Би энэ спортод өртэй хүн. Тийм учраас би энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа. Миний аав амьдралаа, бүх насаа энэ спортод зориулсан. Аав маань жаран хэдэн онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд хотын спорт хороонд анх очоод дараа нь Анагаахын дээдийн биеийн тамирын багшаар 15, 16 жил ажилласан. Бүхий л амьдралдаа миний аав сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө бүхнээ чиглүүлж ажиллаж байсан спортын ийм л хүн. Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж яваа. Түүнээс биш надад Б.Тамирын яриад байгаа шиг тийм шаардлага ерөөсөө алга. Би чинь өөрийн гэсэн тойрогтой. Өөрийн гэсэн сонгогчидтой улстөрч. Энэ хүн шиг зуугуул юм яриад явах шаардлага надад байхгүй.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-г хууль ёсных. Харин танай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог албан ёсных биш. Тэмцээнд МСБХг урьдаг талаар ярьсан байна билээ?

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хуучин Монголын сагсан бөмбөгийн холбоо байхдаа олон улсын гишүүнчлэлээ авчихсан. Би сагсан бөмбөгийн холбоог ерөөсөө үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл энэ сагсан бөмбөгийн холбооны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар нь миний аав ажиллаж байсан. Миний аав Монголын сагсан бөмбөгийн холбоог анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг шүү дээ. Ууган мастеруудын нэг. Тэгэхээр би юу гэж аавынхаа байгуулсан, зүтгэж ажиллаж явсан холбоог үгүйсгээд байх вэ дээ.

Тэгвэл Үндэсний сагсан бөмбөгийн холбоог яагаад байгуулсан юм бэ?

-Сагсан бөмбөгийн спортын үйл ажиллагаанд оролцъё гэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоог хэдхэн хүн өмчлөөд авчихсан. Тэд хурлаа хийдэггүй, энэ спортын төлөө юу ч хийдэггүй. Худлаа л яриад байдаг. Жилд болсон болоогүй гурав, дөрвөн тэмцээн зохион байгуулдаг. Тэрнээс заалнаас олсон тав арван цаасны орлогоо хувааж идээд сууж байдаг ийм л хэдэн хүмүүс байсан ш дээ. Энэ спорт уначихсан, бүр байхгүй болчихсон байсан.

Үндэсний холбоог байгуулах болсон гол шалтгаан нь юу байсан бэ гэвэл ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг манай аав 1992 онд санаачилсан юм. Уг тэмцээнийг жил бүр зохиодог уламжлалтай болгосон. Тэмцээний хамрах хүрээ өргөн, насаараа энэ спортоор явчихсан хүмүүст тэмцээнтэй болно гэдэг сайхан шүү дээ. Ц.Мөнх-Оргилыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхад хоёр, гурван удаа санал тавьж, энэ тэмцээнийг чинь ивээн тэтгэе, та нар зохион байгуул аа, энэ тэмцээнийг анх санаачилсан спортын мастер Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ болгож зохиоё гэсэн чинь за гэж хэлсэн. Харамсалтай нь “За” гэж хэлчихээд ёстой жинхэнэ улстөржүүлээд ахмадын УАШТ-ийг манай аавын нэрэмжит болгож өгөөгүй юм. Хоёр, гурван жилийн турш би ивээн тэтгэе, хамтарч зохион байгуулъя гэхэд намайг хүлээж аваагүй. Намайг дандаа үгүйсгэж, эхний жил нь Дарханы ойн нэрэмжит болгоно, дараа нь Дорнодын ойн нэрэмжит болгоно гээд хэдэн тийш нь бултуулаад байсан юм. Тэгэхээр нь би сүүлдээ Ц.Мөнх-Оргилд “Ямар муухай юм бэ. Тэгж яривал манай аав танай намын гишүүн хүн. Энэ спорт, холбоог нь үүсгэн байгуулаад өөрийнхөө амьдралыг зориулсан хүн. Гэтэл чи яагаад ийм зан гаргаад байгаа юм. Би үүгээр улс төр хийх гээгүй. Би аавдаа л буян болох гэсэн юм. Амьдралаа зориулсан спортынх нь нэг тэмцээнийг өөрийнх нь нэрэмжит л болгоё гэсэн юм” гэж хэлж байлаа. Тэгээд болдоггүй юм бол Монгол Улсын иргэнийхээ эрхийг эдэлнэ гээд залуучуудтайгаа ярьж байгаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан. Байгуулагдаад гурван жил гаран болж байна. Холбоогоо байгуулаад жил гаран болж байлаа. Тэр үед үндсэндээ сагсан бөмбөгийн спорт уначихсан байсан. Яаж босгох вэ гэж яриад Үндэсний супер лигийн тэмцээн байгуулъя, залуучууд үздэг сонирхдог, бүтэн тав, зургаан сар үргэлжилдэг, яг Америкийн NBA-гийн системээр явуулъя гээд. Тэгээд гадны легионер тамирчдыг оруулж ирье. Тэгж байж тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхгүй бол дотроо л яваад ахихгүй байна, шинэ түвшинд гарч ирж чадахгүй байна гэж яриад анхны жил 14 легионер авчирсан. Та бүхэн мэдэж байгаа. Ямар гоё өрсөлдөөнтэй тэмцээн боллоо, таван сарын турш.

Дараа нь дахиж легионер тамирчид ирсэн байх аа?

-Ноднин дахиж 21 легионер орж ирсэн, анх удаа. Олон улсын шүүгч нар шүүсэн. Ямар сайхан, өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтууд болсон билээ. Тэгтэл нөгөө сагсан бөмбөгийн холбоо юу хийсэн бэ. Юу ч хийгээгүй. Хэрүүл л хийгээд байсан. Бидэн рүү л дайраад байсан. Бид ерөөсөө хэрүүл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл дуугараагүй. МСБХ дотроо зөрчилдөж эхэлсэн. Дотроос нь өөрсдийнх нь ахмадууд, шүүгч нар, тамирчид шүүхэд өгсөн. Монголын сагсан бөмбөгийн холбоо хурлаа хийхгүй байна, хууль бус байна гээд. Шүүх түүнийг нь шалгаад Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн байна, хурлаа хийгээгүй байна, татвар төлөөгүй байна, өр авлагатай гэдэг нь үнэн юм байна гэдгийг нь тогтоосон. Тийм учраас хууль бус хурлыг нь хүчингүйд тооцоод, хурлаа дүрмийн дагуу хийх үүргийг Монголын сагсан бөмбөгийн холбоонд өгсөн байхгүй юу. Өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваад байгаа юм, эд нар. МСБХ Шүүхийн шийдвэрт нийцүүлээд, ТББ-ын тухай хуулийн дагуу жил бүр тайлангаа тавиад явж байх ёстой. Гэтэл энэ холбоо хурлаа арван жил хийгээгүй. Тэгээд эд хөрөнгө шилжүүлж байгаа биш дээ. Ц.Мөнх-Оргил нь тамгаа Ч.Ганхуягт “Май” гээд өгчихсөн. “Талх” Ганхуяг нь тамгаа бас дураараа Б.Тамир гэдэг нөхөрт өгчихсөн. Гэтэл уг холбоо улсын бүртгэлд ерөнхийлөгч нь Ц.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга нь Б.Дашдорж гэсэн бүртгэлтэйгээр одоо болтол байж л байна.

Манай лигийн тэмцээн энэ сарын 15, 16-нд нээлтээ хийх гэж байна. Легионер тамирчид маань эхнээсээ ирчихээд байна. Тэгэхэд мөн л нөгөө хэрүүлээ дахиад л хийгээд эхэллээ. Дахиад л С.Эрдэнэ рүү дайраад. Бүхий л мэдээллийн хэрэгслээр айхавтар дайрч байна. Би нэг ч удаа хэрүүл хийгээгүй. Өнөөдөр анх удаа л хийх гэж байна.

Таныг Азийн элсний IV наадамд сагсан бөмбөгийн шигшээ багийг оролцуулахгүй байх хүсэлтийг Монголын үндэсний олимпийн хороо руу илгээсэн гэх юм?

-Би олимпийн хорооны Д.Загдсүрэнд нь ч хэлсэн, тэр Ц.Дамдинд нь ч хэлсэн. Энэ тамирчдыг явуулчих аа, та нар яагаад тамирчдыг хориод байгаа юм бэ. МСБХ-ны үйл ажиллагааг Шүүхийн шийдвэрээр зогсоочихсон. Пукетийн наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багийг олимпийн хорооны нэр дээр л явуулчих ёстой байхгүй юу. Яагаад үүнийг улстөржүүлээд бүхнийг С.Эрдэнэ зориуд болиулчихсан юм шиг над руу дайраад байгаа юм. Би олимпийн хороонд бичиг явуулахдаа “Та нар яагаад шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа юм бэ” гэдэг л шаардлага тавьсан. Түүнээс биш тамирчдыг яалаа гэж тэгэх вэ. Тамирчид маань тэмцээнд явж л байвал сайн шүү дээ.

Сая манай оюутан залуус Азийн аваргад яваад бас л бөөн шуугиан тариад ирлээ. Тайванийг нутаг дээр нь хожоод, Макаог хожлоо. Хятад, Тайвань хуйвалдаж байгаад манайхыг хэсэгт нь унагаачихлаа. Гэсэн ч тавдугаар байрт ороод л ирж байна. Азийн аваргад Инчеоны наадамд явсан тамирчдаас нэгийг нь өрсөлдүүлээгүй. Бид зориуд явуулаагүй. Яагаад гэвэл сагсан бөмбөг ийм хэмжээнд өсч хөгжиж байна гэдгийг харуулахын тулд дандаа шинэ хүүхдүүд явсан ш дээ. Очоод бужигнуулаад ирлээ. Энэ бүхэн хэний ач вэ. Сагсан бөмбөгийн холбоо мундагтаа ийм болгочихсон юм уу. Үгүй л байхгүй юу. Гадны өндөр зэрэглэлийн легионерууд, шүүгч нар орж ирж байна. Манай лиг бүтэн өвөлжингөө, хавар тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм урт хугацаанд гадны тамирчид багт нь орж өрсөлдөөд байхаар тэднийг дагаад тамирчид маань хөгждөг юм байгаа биз дээ. Тэр хар, шаруудаас айхаа больчихож байна. Тэгэхээр ижил царайтай азиудаасаа бүр айхгүй биз дээ. Тэд нарыг үл тоож байгаа юм чинь. Үүнийг л ойлгохгүй байна даа. Тэгээд л над руу дайраад байх юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьж байна.

Хэзээ ашиглалтад орох юм?

-400 хүний суудалтай “А” заал нь энэ сард ашиглалтад орно. “Б” заал нь ирэх сард ашиглалтад орох юм.

Танай холбоо Спортын төв ордны заалыг эзэмшчихээд МСБХг хэцүү байдалд оруулчихаад байгаа юм биш үү?

-Хэн гэрээ хийсэн нь авна. Манайх урьдчилаад гэрээ хийгээд төлбөрөө төлчихсөн. Эзэмшсэн юм байхгүй, тоглолтынхоо цагийг аваад л гэрээ хийчихсэн. Нөгөө холбоо төлбөрөө ч төлөхгүй, гэрээгээ ч хийхгүй байж юу яриад байгаа юм. Авахыг нь хэн байг гэсэн юм. Зах зээлийн зарчим биз дээ, хэн мөнгөө төлж, гэрээ хийсэн нь авна. Ердөө энэ. Бодит байдал нь ийм байна. Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй ш дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйдаг. Тэрийг ивээн тэтгээд өгөөч, энийг дэмжээд өгөөч гэж хүн гуйгаад л явдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

М.ЭНХ-АМГАЛАН: “ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

Говь Повер” ХХК их хэмжээний мөнгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөөшүүхээр шийдүүлэх замаар гарган авсан гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацагдлаа. Энэ асуудлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Энх-Амгалантай ярилцлаа.

Эрдэнэс-Таван Толгой ХК яагаад “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах болсон юм бэ?

-“Эрдэнэс-ТаванТолгой” ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд гаалийн хяналтын бүс, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулах тендерийг 2012 оны 12 дугаар сард зарласан. Уг тендер шалгаруулалтанд “Говь повер” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ гадаад зах зээлд ихээхэн буурсан бөгөөд “Эрдэнэс-Таван толгой” компани Чалко компанид нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх үүднээс нүүрсний тээврийг Цагаан хадаар дамжуулахгүйгээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн шууд БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл тээвэрлэх асуудлыг Чалко компанитай тохирсон. Ингэснээр тус компани экспортолж буй нэг тонн нүүрс тутамд таван ам.долларыг хэмнэх бололцоотой болсон гэсэн үг. Засгийн газрын 2013 оны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Таван Толгой” компанийн уурхай дээр гүний гааль байгуулахаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Нэгэнт Чалко компанид нийлүүлэх нүүрсийг Цагаан хадаар дамжуулан нүүрс экспортлохгүй болсон тул “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлээ тус компанид 2013 оны зургадугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн. Энэхүү шийдвэрийг “Говь Повер” компани эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны долдугаар сарын дөрөвний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нийт 7.4 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-Таван Толгой” компаниас нэхэмжилсэн.

Танай компаниас зарласан тендерт ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн компани шалгарсан тухай өнгөрсөн жил багагүй шуугисан?

-Уг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн онд шалгаад зохих дүгнэлтээ гаргасан тул нэмж тайлбар хийх нь илүүц болов уу.

Ер нь бол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын саналыг зөвхөн ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн тендерийн шаардлага хангаж буй эсэхийг үнэлдэг бөгөөд тухайн компанийн эзэмшлийг шалгаж тогтоох үүрэг Үнэлгээний хороонд байдаггүй.

Сүүлийн үед Г.Дэнзэн нь “Говь Повер” ХХК-иар дамжуулан танай компаниас 4.8 тэрбум төгрөг гаргуулж авсан гэж бичих боллоо?

-Уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь холбогдох хууль хяналтын байгууллагад байгаа. “Эрдэнэс-Таван Толгой” компани уг асуудлыг өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ингэх нь стратегийн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс-Таван Толгой” компанийн өнөөгийн үйл ажиллагааг бодитоор дүгнэхэд тустай төдийгүй олон нийтэд компанийг тойрсон асуудлуудаар үнэн зөв мэдээллийг өгөхөд чухал ач холбогдолтой.

-“Говь Повер” ХХК танай компаниас хохирлоо шаардах эрхтэй юу?

-Уг компани Монгол Улсын Иргэний хуулийн 229 болон 355 дугаар зүйлийн дагуу хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.

-4.8 тэрбум гэсэн үнэлгээг ямар байгууллага хийсэн, юунд үндэслэж тогтоосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Говь Повер” ХХК 2014 оны долдугаар сарын дөрөвний өдөр гаргасан нэхэмжлэлдээ манай компаниас нийт 7.4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. “Говь Повер” компанийн үнэлгээг бид өндөр гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаарт зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг хийлгэх хүсэлтээ бид шүүхэд гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 4071 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч үнэлгээ хийж 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр 5.3 тэрбум төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын дээрх үнэлгээг 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлаараа хэлэлцэж баталгаажуулсан.

Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс одоо ашиглагдаж байгаа юу? Шүүхийн шийдвэрийн дагуу авсан тэр их хэмжээний хөрөнгийг танай компани хэрхэн ашиглах вэ?

-Нэгэнт шүүхийн шийдвэрээр дээрх хөрөнгө манай компанид шилжиж ирсэн тул бид энэ хөрөнгийг үр ашигтай ажиллуулж байна. Тухайлбал энэ жил бид экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаар дамжуулж 500 гаруй мянган тонн нүүрс экспортолсон. Цаашид Баруун Цанхийн уурхайд болон боомтын төмөр зам ашиглалтад орох үед шилжүүлэн ашиглана.

Б.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш бууж, төгрөг чангарах нөхцөл бүрджээ

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд “Найман шарга” дээрх ам.долларын ханш арав орчим төгрөгөөр өссөн нь засаг бужигнаснаас болж валютын ханш савлаж эхэллээ гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлсэн. Ам.доллар өсөх эрсдэл бий юу гэсэн асуултад хариу хайлаа. Эдийн засгийн суурь балансаараа болж ам.доллар өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж шинжээчид хэлж байна. Эдийн засагт эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр том баланс бий. Ам.доллараар гаднаас авдаг барааг эрэлт, ам.доллар авч гадагш нь зардаг маань нийлүүлэлт. Ер нь жил бүр л бид олдог доллараасаа илүү хэмжээний доллар зарж гаднаас юм авдаг байсан. Өнгөрсөн жил гэхэд л монголчууд олсон доллараасаа нэг тэрбум 400 сая ам.доллар илүү зарж гаднаас юм худалдан авч зориулж байв. Ам.долларын ханш 1800 хүртэл өндрөө авсны гол шалтгаан нь энэ. Харин энэ жилийн эхний гурван сарын байдлаас харахад манай улсын худалдааны балансын алдагдал өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг тэрбум 400 сая ам.доллараар буучихаад байна. Өөрөөр хэлбэл бараа эргэлтийн баланс маань 335 сая ам.долларын ашигтай гарчихаж. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гарч байгаагүй статистик. Өмнө нь бид олсноосоо илүү долларыг гадагш нь бараа худалдаж авдаг байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ болсон гэсэн үг. Ийм үед ханш өсөх боломжгүй гэж шинжээчид хэлж байна. Харин ч эсрэгээрээ төгрөг чангарах нөхцөл үүсчихээд байгаа аж. Хэрвээ энэ үед доллар өсвөл ханшийн зөрүүнээс ашиг хийх зорилготой хүмүүсийн үйл хөдлөл гэж тайлбарлахаас аргагүй гэнэ. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Долларын ханшийг өсгөх сонирхолтой, ханш өсөхөөр доллар худалдаж авч, ханшийн өсөлтийн үнийн зөрүүн дээрээс ашиг хийдэг хүмүүс байдаг. Банкууд, ченжүүд гэгддэг валютын цэгийнхэн, тодорхой хэмжээний мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс валютын ханшин дээр тоглох хандлага байдаг” гэж ярилаа.

Банкуудын хувьд худалдааны балансын алдагдал буурч хасахтай биш нэмэхтэй гарсан ийм үед валютын ханшин дээр тоглолт хийх үндэс байхгүй аж. Учир нь тэнд эдийн засагчид ажилладаг. Бараа эргэлтийн баланс ашигтай гарсан энэ үед доллар өсөх боломжгүй гэдгийг тэд мэднэ. Харилцагчдаасаа төгрөгөөр хадгаламж авсан үед том зээлдэгч нь доллараар зээл авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд долларын авлагатай болно гэсэн үг. Үүнийгээ банкныхан доллараар урт гэж ярьдаг юм билээ. Доллараар урт гэдэг нь мэргэжлийн жаргон маягийн үг бололтой. Энэ тохиолдолд долларын ханш өсвөл банкинд ашигтай, ханш нь уначихвал алдагдалтай гэдэг нь тодорхой. Эсрэгээр нь тухайн банкинд хадгаламж доллараар ороод ирчихсэн байлаа гэж төсөөлье. Ийм үед төгрөгөөр зээл гаргавал банкны авлага төгрөг болж хувирна. Харилцагчийнхаа хадгалуулсан долларыг төгрөг болгосон энэ байдлаа банкныхан доллараар богино гэдэг юм билээ. Ам.долларын ханш чангарвал алдагдал нь банкны нуруун дээр ирнэ гэсэн үг. Валютын ханш савлагаатай үед балансаа барьж чадахгүй байгаа учраас банкуудын доллар авах, өгөх ханшийн зөрүү нь өндөр байдаг гэж эдийн засагчид ярьдаг. Савлагаа ихтэй үед банкууд аль талд нь гарахаа мэдэхээ байчихдаг гээд тайлбарлачихаж болно. Гэхдээ аль ч улсын банкууд тэглэх бодлого барихыг илүүд үздэг юм байна. Урт ч биш, богино ч биш байхыг чухалчилдаг гэсэн үг. Төгрөгөөр авсан хадгаламжаа төгрөгийн зээл, доллараар авсан хадгаламжаа долларын зээл болгох маягаар харьцааг нь тэнцүүлдэг гэсэн үг л дээ. Манай арилжааны банкуудын хувьд заримдаа доллараар урт, заримдаа богино болчихдог гэнэ. Бүгд нэг талдаа ханарсан буюу бүгдээрээ урт болох үе ч байдаг аж. Долларын ханш өсөх үү, буурах уу гэсэн хүлээлттэй болсон үед ийм тал анзаарагддаг байна. Долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл доллараар урт болохыг эрмэлздэг гэсэн үг. Яг өнөөдрийн хувьд манай арилжааны банкуудад тэглэх хандлага давамгайлж байгаа аж. Шалтгаан нь өмнө дурдсан бараа эргэлтийн балансаас үүдэлтэй.

Ийм үед Оюу толгой гацаанаас гарч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд эхэлбэл төгрөг чангарах бүрэн боломжтой гэсэн өөдрөг таамгийг зарим шинжээч хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл банкууд тэглэх чиглэл рүү орох гэнэ. Доллар, төгрөгийн харилцаагаа тэнцүүлнэ гэсэн үг. Заримынх нь хувьд доллараар богино болохыг ч эрмэлзэнэ гэж эдийн засагчид онцолж байна. Ингээд бодохоор мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс ч юм уу, валютын цэгүүдэд л ханш өсгөх тоглолт өрнөхгүй бол өөр бодитой эрсдэл алга.

Засаг бужигнасан үед гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрч, хөрөнгөө оруулахаа азнана, ийм шалтгаанаар долларын ханш өсөх эрсдэл бий гэсэн болгоомжлолыг шинжээчид үгүйсгэж байна. Харин ч засгийг унагана, унагахгүй гэсэн тодорхой биш яриа, хэлээнд цэг тавьсан нь сайн хэрэг гэнэ. Шинэ засаг гарч ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн чигийг идэвхтэй барьж ажиллаад эхэлбэл найдвар байгаа аж. Олон улсын зах зээл засаг унасныг эрсдэл гэж харахгүй байгаа ч үгүйсгэх аргагүй өөр нэг эрсдэл бий. Одоогоор Ерөнхий сайдад хэн нэр дэвших нь тодорхой биш байна. АН-ын ҮЗХ хуралдаад ч дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг цаг алдалгүй тодорхой болгочихвол гадаадад хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөх вий гэсэн айдасгүйгээр амьдрах бүрэн бололцоотой. Удахгүй байгуулагдах шинэ засгийн хувьд эдийн засагт хамаатай өөр нэг болгоомжлол байгаа. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч “Өмнөх Засгийн газрууд шиг урьдах засгийн хийсэн бүхнийг харлуулаад бүхнийг шинээр эхэлнэ гэвэл эхний хохирогч нь бизнесмэнүүд болно. Бизнес эрхлэгчид хохирно гэдэг нь тэдэнд ажиллаж буй ажилтнууд хохирно гэсэн үг. Өргөн утгаараа иргэд хохирч байгаа хэрэг. Замын тендер зарлаж нэг компанийг сонгон шалгаруулчихсан байлаа гэж бодъё. Нөгөө компани нь эхний хөрөнгө оруулалтаа хийж, ажилчдаа сургаж, тоног төхөөрөмжөө худалдаж авчихаад байтал засаг солигдоод ажлыг нь зогсоочихвол хэцүү. Зам гүүр, онгоцны буудал барих, сургууль эмнэлэг засах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх гэдэг бол засаг төрийн тасралтгүй үргэлжлэх бодлогын хүрээнд хийгддэг ажлууд. Ийм онцлогтой бодлогоо үгүйсгээд байвал гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын зах зээл, дотоодын бизнес эрхлэгчид төрд итгэхээ байчихдаг” гэж ярилаа.

“Мандал даатгал”-ын шинжээчид оны эхээр ам.долларын ханшийг 1900 хүртэл өсөх эрсдэлтэй хэмээн таамаглаж байсан. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал сайжрахгүй бол гэсэн тодотголтойгоор. Гэтэл өнөөдөр худалдааны баланс 335 сая ам.долларын ашигтай гарч байна. Долларын ханш өнөөдрийнхөөс ч уруудах нөхцөл аль хэдийнэ бүрдчихсэн гэсэн үг. Гэхдээ шинэ засаг байгуулагдаж хэрэгжүүлэх бодлогоо зарлахаас нааш долларын ханш тэгж ингэж буурна гэсэн таамаг хэлэх боломжгүй гэж эдийн засагчид хэлж байна. Шинэ Засгийн газар цаг алдалгүй байгуулагдаж, “Рио”-той учраа олчихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, тэр үед долларт 1700 төгрөг хүртэл буух боломжтой гэсэн урьдчилсан таамаг бий. Сая дурдсан төсөөлөл ажил болвол ам.долларын өнөөдрийн ханш хамгийн дээд ханш болох гэнэ. Шинэ Засгийн газар өмнө засгийн ололттой ажлыг нь үргэлжлүүлээд алдааг нь засаад явбал жилийн дараа ам.долларын ханш 1600 хүрч буух таамаг ч шинжээчдийн дунд яригдаж байна.

Бас нэг таатай мэдээ гэвэл эдийн засаг өнөөдрийнхөөс муудах ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Эдийн засаг өсөлт, уналт, тогтворжилтын гэсэн циклиүдээр үргэлжилдэг. Циклээр нь харвал бид бүсээ чангалаад аль хэдийнэ хоёр жил болсон гэнэ. Уруудах цикл маань ерөнхийдөө дуусч байгаа бололтой. Тодруулж хэлбэл хэрэглээний таналт хоёр жил үргэлжилжээ. ДНБ энэ оны эхний гурван улирлаар долоон хувийн өсөлттэй гарсан. Энэ тоо эдийн засгийн онолын үүднээс л өсөлт гэж харагдаж байгаа гэсэн тайлбарыг шинжээчид өгч байна. ДНБ-ий өсөлтийг бүрдүүлсэн салбар нь зөвхөн уул уурхай, барилга хоёр. Хэрэглээний салбар энд огт дурдагдахгүй гэсэн үг. ДНБ-ий 50 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт өсөлт явагдаагүй аж. Хэрэглээний зах зээл унасан гэх гээд байна л даа. Бүр тодруулбал иргэдийн хэрэглээ, бизнесмэнүүдийн бизнесээ тэлэх шийдвэр дээр аль хэдийнэ уналт явагджээ. Энэ цикл жам ёсоороо тодорхой хугацаанд хадгалагдана. Тэгээд эрэлт эргэж сэргэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ л бол бүсээ чангалсан хүмүүсийн эрэлт сэргэнэ, худалдан авалтаа хийж эхэлнэ, бизнесмэнүүд ажилчдаа халах биш, харин ч шинээр ажилчид авч эхэлнэ гэсэн өөдрөг таамаг байна. Хоёр жилийн турш бүсээ чангалсан ийм нөхцөлд Монголын эдийн засагт одоогийнхоос дор байдал үүсэхгүй, эдийн засгийн уналт, хямрал цааш үргэлжлэхгүй гэдэг бол олзуурхмаар мэдээ. Хоёр жилийн турш таналт явагдсан, иргэд, бизнес эрхлэгчид нь ийм удаан хугацаанд бүсээ чангалсан тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар хэрэглээг дэмжих бодлого явуулах учиртай гэнэ. Хэрвээ хэрэглээг танах бодлого явуулбал эдийн засаг жинхэнэ утгаараа хямарна гэсэн таамаг байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Тамир: Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг С.Эрдэнэ гишүүний хүсэлтээр олон улсын тэмцээнээс хасагдлаа

-ТАМИРЧИД АЛЬ НЭГ ХОЛБООНООС БИШ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС АЗИЙН ЭЛСНИЙ НААДАМД ОРОЛЦОХ БАЙЛАА-

Тайландын Пукет хотноо энэ сарын 14-23-ны өдрүүдэд болох Азийн элсний IV наадамд манай улсын сагсчид оролцох боломжгүй болжээ. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ерөнхийлөгч Б.Тамиртай ярилцлаа.

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ)-ноос Монголын сагсчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх талаар Монголын үндэсний олимпийн хороонд ханджээ. Үүнээс болж сагсчдыг тэм­цээнд явуулахгүй байх шийдвэрийг Монголын үндэсний олимпийн хороо гаргасан юм байна. Сагсан бөмбөгийн холбоод хэзээнээс зөрчилдөх болсон юм бэ?

-Олон улсын сагсан бөм­бөгийн холбоо, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, тавин жилийн түүхтэй холбоо нь ерөөсөө Монголын сагсан бөмбөгийн холбоо шүү дээ. Сагсан бөмбөгийн холбоо гэж өөрсдийгөө нэрлээд байгаа бусад нь Монголын сагсан бөмбөгийн холбооныхоо доор буюу салбар зөвлөл нь болж ажиллах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нарийн бичгийн дарга Н.Тулга гэдэг залуу гурван жилийн өмнө Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байгууллаа гээд намайг удирдах зөвлөлдөө орохыг гуйж байлаа. Тэр холбоо гээч нь одоо будлиан хутгаад байна.

Уг нь МСБХ нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах албан ёсны эрхтэй.

-Тийм бол одоо яагаад Азийн элсний наадамд оролцуулахгүй гээд байгаа юм бэ?

-Ерөөсөө л Инчоны наадамд Монголын сагсчид амжилттай оролцоод ирэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, түүний нарийн бичгийн дарга Н.Тулга нарын уур нь хүрсэн. Монгол Улсын сагсчид багаараа амжилт гаргаад ирж байхад МСБХ-ны нэр хүнд өсчихлөө гээд байж ядаад байгаа юм. МСБХ тамирчдыг авч яваад амжилтын эзэн болчихлоо гэж уурлаад байгаа нь инээдтэй. Тэднийхээр МҮСБХ гэдэг төрийн бус байгууллага тэр амжилтын эзэн болох ёстой байж. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Азийн Элсний наадамд манай тамирчид мөнгө, хүрэл медаль авч байсан. Одоо дахиад медаль аваад ирэх магадлалтай. Тэгэхээр дахиад МСБХ-ны нэр гарахаас тэд айж байна. Нэр хүндийн төлөө бүхнээ зориулдаг хүмүүс бусдын нэр гарахаас үхтлээ айдаг юм байна. Тиймээс тамирчдыг явуулахгүй гэж Монголын үндэсний олимпийн хороо руу бичиг бариад гүйж байна шүү дээ.

-МҮСБХ тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байхыг шаардах эрхтэй гэж үү?

-Эрх байхгүй. Монгол Улсыг төлөөлж явах гэж байгаа найман тамирчин ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Шүүхээс тэднийг гадаадад гарахыг хориглоогүй. Энэ нь ерөөсөө л С.Эрдэнэ гэдэг хүний хувийн амбицаас эхтэй. МСБХ-ны ээлжит бус чуулган 2014 оны гуравдугаар сарын 23-нд болсон юм. Тэр чуулганд С.Эрдэнэ, Н.Тулга нар ирсэн. Тэр үеэр МСБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль нууцаар явагдсан. С.Эрдэнэ гишүүн надтай өрсөлдсөн юм. Нууцаар санал өгсөн хүмүүсийн 68 хувь нь намайг сонгосон. Би 17 жилийн турш улсын чанартай тэм­цээнд оролцсон сагсчин хүн. Сагсчид сагсчнаа дэмжсэн. Энэ нь С.Эрдэнэд таалагдаагүй учраас чуулган хууль бус боллоо гээд шүүхэд өгчихсөн. Маргаашнаас нь эхлээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Хурал хууль бус болсон. Би сонирхож байгаад гараад явчихсан” гэж ярьж эхэлсэн. С.Эрдэнэ гишүүн сонгуульд оролцсоныг тэнд байсан хүн бүр мэдэж байгаа. Шүүх нь С.Эрдэнийн гомдлыг хүлээж авч л байдаг.

-Шүүх хоёр холбоо байж болно гэж шийдвэр гаргасан юм биш үү?

-Тэгсэн. Үүнд С.Эрдэнэ гишүүн ханаагүй. Тэр хүн өөрөө МСБХ-г авах гээд үзээд байгаа хэрэг. Дараагийн сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглах л гэж тэр байх. Сонгуулийн насныхны талаас илүү хувь нь сагсан бөмбөгт дуртай. Тэгэхээр сонгогчдын дурладаг сагсны төлөө юм хийж байгаа гэж харагдах нь л тэр хүнд чухал. Түүнээс тэр хүн сагсан бөмбөг гэж юу байдгийг мэдэхгүй.

-С.Эрдэнэ гишүүн холбоог нь дэмжээд та мэргэжлийн хүний хувьд сагсчдынхаа бэлтгэлд анхаараад хамтарч ажиллаж болохгүй гэж үү?

-С.Эрдэнэ гишүүний аав Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмад үе шүү дээ. Содномзундуй агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах хүсэлт МСБХ-нд ирсэн юм билээ. Тэр үед би холбооны ерөнхийлөгч биш тамирчин байсан. Өөр тэмцээн давхцаад Содномзундуй агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж амжаагүй гэсэн. Ингээд л Н.Тулга нь С.Эрдэнэд энэ талаар буруу ойлгуулаад зөрчилдүүлээд эхэлсэн. Бидэнд ч санхүүгийн дэмжлэгээс эхлээд тус хэрэг­тэй. Хамтраад ажиллахад болохгүй юм байхгүй. Дэмжээд өгвөл бид PR-ийг нь хангалттай хийгээд өгнө. Гэтэл тэр хүн өөрөө МСБХ-ны үйл ажиллагаанд саад хийгээд эхэлсэн. Улсын бүртгэлийн газарт хүртэл манай холбоог бүртгүүлэхгүй гэсэн. Бид жил гаруй хөөцөлдөж, шүүхийн шийдвэрээр холбоогоо Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байгаа юм. Үүний дараа ээлжит бус чуул­­ган болоход С.Эрдэнэ гишүүн “Би сонгогд­сон ч, сонгог­доогүй ч та бүхэн­тэйгээ хамтарч ажиллана” гэж орж ирчихээд ялагда­хаараа бидний эсрэг дахиад мэдээлэл хийгээд, шүүх­дээд эхэлсэн. Ингээд ажил хийлгэхгүй байхаар яаж хамтарч ажиллах юм бэ.

-Инчоны наадамд явахад ийм маргаан гараагүй юм уу?

-Гаралгүй яах вэ. МСБХ тамирчдыг авч явах ёсгүй гээд бөөн хэрүүл, зарга хийсэн. Уг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай холбоог ир гээд байдаг. Гэтэл бөөн бичиг баримт, хэрүүл болж байж С.Эрдэнийн холбоо, Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны дөрвөн хүн бидэнтэй хамт явсан. Манайхаас хоёр хүн явсан.

-Тамирчдаа бас булаацалддаг уу?

-Тамирчид аль нэг хол­боонд харъяалагдахгүй. Тэдний эрх ашиг ч зөрчигдөх ёсгүй. Бүртгэлтэй гэж яри­вал Т.Санчираас эхлээд МСБХ-нд бүртгэлтэй. Т.Сан­чир хэдэн настай билээ, хэдэн жил сагс тоглож байгаа билээ энэ утгаар нь бодвол гурван жилийн түүхтэй МҮСБХ-нд ямар ч хамаагүй. Гэхдээ тамирчид амжилт гаргаад ирэхэд С.Эрдэнэ гишүүн тусалсан, дэмжсэн гэж өөрийнхөө PR-ийг хийсэн л гэсэн. Үнэндээ нэг төгрөг ч өгөөгүй, бэлтгэл хийж байхад нь нэг удаа ч ирээ­гүй. МСБХ 17 жилийн турш Лигээ зохион байгуулж ирсэн. 18 дахь жилээ зохиох гэтэл С.Эрдэнийн холбоо Спортын төв ордны заалыг авчихсан. Спортын төв ордон манайд заал өгдөггүй байсан. Үүнээс болж тамирчид хохирох ёсгүй. Бид заалгүй боллоо гээд тамирчдыг лигт нь битгий ор гэж хэлэх ёсгүй. Та нар “Үндэсний лиг”-т нь ороо. Харин бэлтгэлээ өөр заал түрээслэж хийе л гэсэн. Тамирчид тэр лигт нь хоёр жил оролцсон. Энэ жил Спортын төв ордны заалаа авах байх гэж бид найдаж байна. Хүсэлтээ өгсөн, хувиараа ч уулзсан. Заал шийдэж өгнө гэж найдаж байна. МҮСБХ даваа, лхагва, баасан гаригт заал авчихсан гэсэн. Бид үлдсэн мягмар, пүрэв, бямбад нь авъя гэж хандахад бодолцъё л гэсэн.

Энэ сард С.Эрдэнийн хол­бооноос зохион байгуулдаг “Үндэсний лиг”-т оролцох баг алга. Гол таван баг нь оролцохгүй гээд гарын үсэг зураад явж байна. Тамирчидтайгаа хамтарч ажилладаггүй холбооны тэмцээнд оролцохгүй гэсэн бичиг өгсөн байна лээ.

-МҮСБХ нь гадаадаас тоглогчид авчирснаар тамирч­дын амжилтад нөлөөлснийг үгүйсгэх аргагүй байх.

-Тэгж өөрсдөө ярьдаг юм. Үнэндээ тухайн баг нь өөрсдөө гадаадаас тамирчдаа авчирдаг. Аль нэг холбоо авчирдаггүй. Лигт оролцож байгаа тав, зургаан багийн ахлагч өөрсдөө тамирчдаа сонгож, урьдаг юм шүү дээ.

-Багийн спортоор амжилт гаргаад эхлэ­хээр эндээ ирээд хэрүүл хийгээд тэмцээн уралдаанд явуулахгүй гээд байхаар олон улсад муухай харагдаад эхлэх юм биш үү?

-Тэр хүмүүст наадахаа хэлээд ичмээр байна шүү гээч. Тамирчдыг явуул л даа. Тэр бүү хэл С.Эрдэнийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бичиг явуулчихсан байна. Эндэх хэрүүлийнхээ тухай бичээд МСБХ-г холбооноосоо хасаач гэж хүссэн байна. Ийм ичмээр. Тийм уйваагүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бидэнд “Юу болоод байна вэ. Бид албан ёсны холбоогоо дэмжиж ажиллана” гэсэн хариу ирсэн.

Монголын үндэсний олимпийн хороонд өгсөн бичгийг нь харахад Инчоны наадамд Монголын тамирчид оролцохгүй байсан гэж байна шүү дээ. Одоо Азийн элсний наадамд оролцуулбал Монголын үндэсний олимпийн хороог шүүхэд өгнө гэж байна шүү дээ. Шүүхэд өгнө гэсэн болохоор Монголын Үндэсний олимпийн хороо тамирчдыг явуулахгүй гэдэг шийдвэр гаргачихсан. Уг нь тамирчид манай холбооны биш Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээд оролцох гэж байгаа юм шүү дээ. Тийм учраас салбарын сайд нь байна уу, Ерөнхийлөгч нь байна уу “Тамирчдыг явуул” гэдэг шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна.

Монголын сагсан бөм­бөгийн шигшээ баг таван жилийн турш гадаадын тэмцээн уралдаанд оролц­сон. Олон улсын тэмцээнд оролцож эхлэхээсээ өмнө МСБХ-ны удирдлага дор маш олон жил бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр үед МҮСБХ гэгч төрийн бус бай­гууллага хаана байсан юм бэ.

-Олон улсын тэмцээнд тамирчдаа оролцохгүй гэж хүртэл маргалдаж байгааг харахад сагсан бөмбөгийн холбоог удирдах нь тийм ашигтай байдаг юм болов уу гэж бодогдлоо.

-Би энэ холбоог удирд­санаас хойш хувиасаа 70, 80 сая төгрөг гаргасан. Найз нөхдийн минь дэмжлэгийг нэмэхээр 150. 160 сая төгрөг гарсан. Надад нэг ч төгрөгийн ашиг байхгүй. Харин ашиг нь тамирчдын минь амжилт. Энэ ажлыг тогоонд нь байдаг, сэтгэлтэй хүн хийдэг юм. Одоо Мон­голын сагсан бөмбөгийн шигшээ багийн залгамж болох багийг бэлтгэж байна. Монголыг төлөөлөх брэнд бүтээгдэхүүн бэлтгэх нь л бидний ажлын үр дүн шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Хурдлах дуртай залуусын уралдах газар нээгджээ

Улаанбаатараас Цонжин болдог явах замд “Скай фрэндс” хувийн аэродром бий. Тэнд хувийн онгоцнууд хөөрч, буудгийг хүмүүс мэдэх байх. Харин саяхнаас нисэх онгоцныхоо буудлын дэргэд уралдааны машины зам байгуулжээ. Тэндээ “Go kart raceway” төрлийн арав гаруй уралдааны машин оруулж иржээ. Харахад газартай наалдчихаа юу гэмээр намхан, “Формула-1”-д уралддаг машинтай төстэй ажээ. Кузовгүй учраас дотор нь суусан хүн ил харагдана. Машинууд нь улаан, улбар шар, саарал өнгөтэй. Дөрвөн талдаа зөөлөвч маягийн резинтэй. Хоорондоо, эсвэл хашлага мөргөвөл доргилт бараг мэдрэгдэхгүй гэсэн. Уралдааны замын тухайд дэлхийн стандарт 400-1600 метрийн урттай байдаг. Манайд анх удаа байгуулагдсан болохоор эхний ээлжинд хамгийн богино зам буюу 400 метртэйг сонгожээ. Гэхдээ шув шулуун биш. Жолоочийн ур чадварыг шалгасан тойрог ихтэй. Өргөн нь харилцан адилгүй. Яг уралдааны зам дээрээ шулуунд зургаа, тойрогт долоон метрийн өргөнтэй. Харин гараа, барианы хэсэг 10 метрийн өргөн. Машинаа Шанхайн урд хэсгээс “Go kart raceway” төрлийн уралдааны машины үйлдвэрээс очиж авчээ.

Ийм машинаар уралдахад янз бүрийн эрсдэл байхгүй. Маш намхан буюу газраас дээш тавхан см-ийн өндөртэй учраас онхолдох асуудал гардаггүй юм байна. Зам нь ч бас элдэв саад байхгүй толигор. Жаахан ч гэсэн цуурсан бол аюулгүй байдал алдагдана. Тиймээс толь шиг гөлгөр замтай байх ёстой ажээ. Машины тухай ерөнхий мэдээлэл ийн аваад жолоодож үзэхээр болов. Алхаж ороод суучихлаа. Суудал нь газар байгаа гэсэн үг. Хоёр хөлөө урагш жийгээд суудаг ажээ. Суудлын бүс, хамгаалалт гэж байхгүй. Уралдааны зориулалттай учраас автомашины суудлаас арай өөр юм. Автомашинд хэрэглэх зориулалттай хүүхдийн суудал гэж байдаг даа. Яг л тиймэрхүү. Хоёр тийшээ найгахад суудал нь цаанаасаа хүний биеийг барьж өгөх зориулалттай. Тайлбарлагчийн зөвлөсний дагуу нуруугаа сандалдаа наагаад суучихлаа. Харин хоёр хөл хааз, тоормосон дээр яг очиж байна шүү. Тоормос хэрэглэх шаардлага бараг гарахгүй. Хаазаа гишгэхээ болихоор машин өөрөө хурдаа саадаг гэнэ. Ингээд хамгаалалтын дуулга өмсөөд хөдөллөө дөө. Асаахдаа түлхүүр хэрэглэхгүй юм. Суудлын ард байх моторыг асаах ажээ. Машины жин 120-130 кг. Бензин хөдөлгүүртэй. 45 км/цаг хурдалдаг гэсэн. Машин асангуут “За хаазлаад байгаарай” гэв. Уралдааны машин учраас хэт хурдалж болохгүй байх, хэрэв явж байгаад хажуу тийш онхолдвол, эсвэл юм мөргөвөл шууд гэмтэл авах юм байна гэж бодоод зугуухан хаазлав. Хөл хаазан дээр хүрэв үү, үгүй юу машин хурдаа авдаг ажээ. Мотор нь яг хажууханд учраас сүртэй гэгч нь хүнгэнэж байна. Уралдааны зам руу орохын өмнөх хоёр гурван метр зайд хаазаа яаж гишгэх вэ, жолоогоо хэрхэн мушгих вэ, зогсоох бол яах билээ гэдгийг туршиж үзэв. Ерөнхийдөө тэгтлээ айж сандраад байх зүйлгүй ажээ. Заавар хэнд ч ойлгомжтой болохоор уралдааны зам руу дөнгөж ороод л хаазаа гишгэж гарав. Хурдаа богинохон хугацаанд авдаг юм байна. Шулуун замд давхиад баймаар санагдаж байлаа. Харин тойрог дээр эхний удаад тун болгоомжтой эргэв. Жолоо нь бага зэрэг хатуу ч гэлээ гарын хөдөлгөөнийг маш сайн мэдэрнэ. Бага зэрэг залах төдийд эргэж байв. Эхний тойргийг машинтай танилцах, хөдөлгөөнөө хянах маягаар дуусгалаа. Харин дараа, дараагийн тойргууд дээр давхиад л баймаар юм билээ. Жирийн машинаар тойрог дээр хурдтай, огцом эргэвэл онхолдох аюултай. Уралдааны машин тиймгүй. Хурдтай орж ирээд жолоогоо мушгихад бага зэрэг сандарсан ч огтхон ч ажрахааргүй юм. Машиныхаа “аашийг” мэддэг болчихоор 400 метр замыг минут ч хүрэхгүй хугацаанд тойрчихов. Улам хурдалмаар санагдаад хэд хэдэн удаа тойроодхов. Ингэж уралдаж үзэхэд нэг тойрог нь 5000 төгрөгийн үнэтэй.

Эднийх машинуудаа өнгөрсөн наймдугаар сард оруулж иржээ. Удаагүй байгаа ч гэлээ залуучууд аль хэдийнэ мэддэг болчихож. Амралтын өдрүүдээр үйлчлүүлэгч ихтэй болдог гэнэ. Ирсэн залуус хоорондоо бооцоо тавьж уралдахаас гадна өөрсдийнхөө машин дээр хийх боломжгүй үйлдлээ оролдож үздэг ажээ. Уралдааны бооцоо янз бүр. Залуучууд дуртай зүйлээрээ бооцоо тавина. Тойргийн мөнгө даахаас эхлүүлээд тав, арав, хорин мянган төгрөгийн бооцоотой уралддаг гэнэ. Түүнээс өндөр бооцоо ч бий. Сарын өмнө хоёр залуу хүрч ирээд 250 мянган төгрөгийн бооцоотой уралдаад явжээ. Уралдаж байгаа залуус бие биетэйгээ өрсөлдөхөөс гадна цаг харж давхидаг. Тэдгээр залуусын нэг нь 400 метр замыг 23 секундэд туулжээ. Одоогоор түүний амжилтыг эвдсэн хүн байхгүй байгаа гэсэн. Харин ихэнхдээ уг замыг дунджаар 40 секундэд туулдаг юм байна. Эрчүүдтэй зэрэгцээд хүүхнүүд ч уралдах дуртай. Байнга ирж уралддаг эмэгтэйчүүд ч бий гэнэ. Хүүхнүүд өдрийн хоолонд даахаас эхлээд түрүүлсэн нэгэндээ шинэ цүнх, гутал авч өгөх бооцоо тавьж уралддаг юм байна. Ер нь 15-аас дээш настай хэн ч уг машинаар уралдаж үзэх боломжтой гэсэн. Тус газрын зохион байгуулагч Д.Баянжаргал “Залуусын ухамсар, биеэ авч яваа байдал жилээс жилд дээшилж байгаа. Уралдааны машин оруулж ирснээс хойш залуучууд их ирдэг болсон. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Саяхан л гэхэд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хэдэн залуу ирээд явлаа. Архи дарс сэнгэнүүлсэн нэг ч хүн манайд ирж байгаагүй. Тийм болохоор залуучуудаараа бахархаж байна” гэв. Эднийд ирж байгаа хүмүүс өндөр сэтгэгдэлтэй буцдаг ажээ. Өмнө нь агаарт гарахыг хүссэн ч очоод хийх зүйл байдаггүй байсан, танайх цэвэр агаарт сайхан үйл ажиллагаа явуулж байна гэх талархлын үг тасардаггүй гэсэн. Тиймээс үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорих болжээ. Уралдааны машины дугуй хээгүй, гөлгөр учраас цас орсон үед унах боломжгүй. Харин өвөл унаж болох цасны мотоцикль, цасны машин оруулж ирэх талаар судалгаа явуулж байгаа юм байна.

“Go kart raceway” машиныг манайхан өмнө нь оруулж ирж байгаагүй учраас шинэ төрөлд тооцогдож байгаа. Тиймээс урлаг, спортынхон эднийд хүрч ирж кино, клипнийхээ зургийг авч байгаа гэсэн. МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” тоглолтдоо зориулсан гурван дууныхаа нэгийг энд ирж дүрсжүүлжээ. Сүүлд харин “Омарын эрэлд” уран сайхны киноны хамт олон уралдааны машинтай зураг авсан гэнэ.

“Скай фрэндс” хувийн аэродром дээр “Go kart raceway” уралдааны машин байхаас гадна “Томас эйр” ХХК-ийн онгоцнууд бий. “JU-1919”, “JU 1911” гэсэн гурван төрлийн онгоцтой. Дөрөв, зургаан хүний суудалтай эдгээр онгоц “Томас эйр” компанийнх. Эднийх хувийн компаниуд болон хувь хүмүүсийн онгоцыг буулгаж, хөөргөх аэродромыг 2010 онд байгуулжээ. Аэродром ямар байх ёстой, бүх л шаардлагыг хангаж ажилладаг юм байна. Хүлээлгийн танхим, нисгэгчийн өрөө, зорчигчийн өрөө, нисгэгчийн сургалтын төв, нислэгийн удирдлагын өрөөтэй. Онгоц буух, хөөрөх шороон зурвастай ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол уншигчдад зориулан англи хэл дээр гаргасан анхны богино өгүүллэгийн цуврал номын нээлт боллоо

“Talk Talk English” сургал­тын төв өөрийн охин компани болох “Kennedy Cooper Publishing” компанитай хамтран төрөл бүрийн сэдвүүдийг хамар­сан сонирхол татам адал явдлаар дүүрэн боги­но өгүүллэгийн цуврал номуу­дыг англи хэл дээр би­чин ун­шигч­дын гарт хүргэж эхэллээ.

Богино өгүүллэгийн цув­рал номын нээлт өнгөрсөн баасан гаригт “Интер ном” дэлгүүрт болсон юм. Номын нээлтийн ёслолд “Talk Talk English” боловсролын тө­вийн ерөнхий захирал Ч.Амар­санаа, “Talk Talk English” боловсролын төвийн гүй­цэтгэх захирал Тревор Сурад, “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди болон ССАЖЯ, Монголын Үндэсний но­мын сан, Нацагдоржийн нэ­рэмжит хотын номын сан, Хүүхдийн номын ордон, Монгол Судлалын сургуулийн албаны төлөөлөгчид оролц­сон юм. Мөн тус төвд су­ралцаж хэлний мэдлэгээ дээш­лүүлсэн суралцагчдыг тө­лөөлж, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түв­шинбаяр, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат та­мирчин У.Мөнх-Эрдэнэ нар хү­рэлцэн ирсэн юм.

“Talk Talk English” бо­ловсролын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа “Бид монгол уншигчдад зориулсан сонирхолтой цуврал ном гар­гах гэж нэлээд ярилцаж, олон ажил төлөвлөсний үр дүнд эхний арван цуврал номоо та бүхний гарт хүргэж байна. Маш том ажлыг амжилттай эхлүүлсэндээ туйлын баяр­тай байна. Бид цаашид цув­ралынхаа тоог сард нэг юм уу, хоёроор нэмж гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ но­муудыг гаргахад маш олон хүний хүч хөдөлмөр орсон гэд­гийг тэмдэглэе. Орчин үед хүмүүс зузаан ном унших боломжгүй болсон. Тийм цаг зав ч бага. Нимгэн мөртлөө сонирхолтой сэдэвтэй номыг түлхүү уншдаг. Хамгийн гол нь эдгээр цуврал номууд нь хэл сурах гэж байгаа хү­мүүст хамгийн хэрэгтэй. Энэ номуудыг монголчуудын цүнх­ний ном болно гэдэгт ит­гэлтэй байгаа. Хэлийг нэг сар вакум орчин суугаад л төгс сурчихдаггүй. Байнга дав­таж, үгийнхээ баялагийг нэмэгдүүлэх замаар л га­даад хэл сурах нь хамгийн үр дүнтэй. Тийм болохоор хэл сурах гэж байгаа хүмүүс энэ номыг цүнхнийхээ ном болговол түгжрэлд зогсч байхдаа, автобусанд явж байхдаа, хүн хүлээж суух­даа л гаргаж ирээд уншаад, үгийнхээ баялгийг нэ­мэгдүүлж, дүрмээ ойлгох ач тус тустай. Хамгийн гол нь сонирхолтой сэдэв, үйл явдалтай болохоор уй­дахгүй. Эдгээр номууд мон­гол уншигчдад зориулан анг­ли хэл дээр гаргасан анх­ны богино өгүүллэгийн цуврал болж байгаагаараа онц­логтой юм” гэж номын нээл­тийн ёслолыг нээхдээ хэлсэн юм.

Номын зохиогчид болох “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди, Купер Балтис нар “Эдгээр номыг гаргахад маш их хүчин чармайлт орсон юм шүү. Бодит амьдрал, болсон явдал, уран зохиолынх гээд янз бүрийн сэдэвтэй. Эд­гээр сэдвүүдийг монгол уншигч­дад ойртуулахын тулд Мон­гол түүх, ёс заншлыг суд­лахад ч хүргэсэн. Цуврал ном гаргахын тулд олон зүйлийг судаллаа. Их хөлс хүч, хөдөлмөр орсон но­муу­­дыг маань амтархан ун­шиж, хэлний мэдлэгээ сайж­руу­лаарай. Аливаа хэлийг сурахад унших нь чухал. Ту­хайн хэлээр уншиж байж хэл­ний мэдлэг сайжирдаг” гэлээ.

Үүний дараа “Talk Talk English” боловсролын төвийн зүгээс хүрэлцэн ирсэн хүндэт зочдод цуврал номын дээжээс багцыг өргөн барьсан юм. Энэ үеэр олимпийн аварга Н.Түв­шинбаяр “Тамирчид бидний хувьд ном унших цаг зав төдийлөн олдоггүй. Бэлтгэл, сургуулилт гээд хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх цаг гардаггүй.

“Talk Talk English” боловсролын төвөөс ийм сайхан цуврал ном гаргаж байгаад талархаж байна. Миний хувьд зузаан ном уншихаар нойр хүрээд байдаг муу талтай. Харин эдгээр номууд нимгэн юм. Богино өгүүллэгүүдийг уншихад нойр хүрэхгүй, бас сонирхолтой байдаг” гэсэн юм.

Эдгээр цуврал өгүүл­лэ­гүүд нь англи хэл сурч буй монгол сурагчдад зориулан гарч буй анхны номууд гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. Бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг үг хэл­лэгүүдийг маш энгийн ойл­гомжтойгоор ашигласан бө­гөөд зарим түлхүүр үг­нүү­дийг цагаан толгойн да­раал­лаар ном бүрийн арын хуудсанд орчуулгатай нь хэв­лэжээ. Тухайлбал,”The First Woman in Space” цув­ралд сансрын анхны эмэгтэй нисгэгч, баа­тар­лаг Валентина Тереш­кова, зоригт улс төрч Aung San Suu Kyi болон эр зориг, оюун ухааны хүчээр дэлхийг өөр­чилж чадсан зургаан бо­дит хүмүүний намтар, агуу үйлийн талаар бичсэн энэ­хүү номыг англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй бүх насныхан уншихад тохи­ромжтой байхад”A Day in the Life”ном нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй хү­мүү­сийг уншиж сурах дадал олгоход зориулагдсан маш ойлгомжтой энгийн үг хэл­лэ­гүүд, дүрэм ашиглан бич­сэн байх жишээтэй. Дэл­хийн өнцөг булан бүрт амьд­ран буй хүмүүст өдөр бүр то­хиолддог сонирхолтой амьд­­ралын талаар, төрөлх хот Улаанбаатарт болж буй сонирхол татам бодит мэтүйл явдлыг уншиж, дүр­мийн болон үгсийн сангаа баяжуулах боломжийг эдгээр цувралууд танд олгох аж.

Хамгийн гол нь англи хэлний анхан шатнаас ахи­сан түвшиний мэдлэгтэй бүх насныханд зориулагдсан эд­гээр цувралаас та өөрийн түв­шиндөө тохируулан но­моо сонгон уншиж болох юм байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан

Л.Гансүхтэй ярилцлаа. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байх­даа Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөл­­бөрөөс онц их хэм­жээ­­ний мөнгө бусадтай нийлж завшсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ.

Таны биеийн байдал ямар байна вэ. Хэд хоног өлсгөлөн зарлаж байж батлан даалтад гарсан бэ. Энэ асуудлаар яриагаа эхлэх үү?

-Цагдан хорих төвд 90 гаруй хоног саатуулагдсан. Хоригдож байхдаа арав гаруй хоног өлсгөлөн зарласан.Хүн чинь хоол тэжээлийн дутагдалд ороод эхлэхээр биеийн бүх эд эрхтэн мууддаг юм байна. Биеийн байдал хорихоос гарч ирснээ бодвол нэлээд сайжирч байгаа. Бөөрний бүх үзүүлэлт муудсан. Би бөөрний архаг өвчтэй болоод олон жил болж байна. Дараа нь элэг муудсан. Өмнө нь огт өвдөж байгаагүй, вирусгүй байсан элэг церрозтой хүний элэгний үзүүлэлттэй болсон байна лээ. Мөн зүрхэнд өөрчлөлт гарч, хэм алдагдаж, олон хоног хоол идээгүйгээс цөс өвдөж, бүх бие шар ногоон өнгөтэй болчихдог юм байна. Энэ бүгдээс болоод цусан хангамж муудчихдаг юм байна. Бас нүд муудаад ойр орчмын зүйл бүрэлзэж, чих шуугиад эхэлсэн. Толгой бол байнгын манараатай, дүйнгэтдэг болсон.

Та АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан хорихоос наймдугаар сард бичсэн захидалдаа “Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахын тулд АТГ “хэрэг” зохиолоо” гэсэн байсан. Энэ талаараа тодорхой тайлбар өгөөч?

-Харин тиймээ. Энэ нь сая Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэхийн урьд өдөр АТГ-ын хийсэн хэвлэлийн бага хурлаар нотлогдлоо шүү дээ. АТГ-ын хийсэн хурал прокурорыг хажуудаа суулгаж байгаад, олон хуулиа зөрчин, нэг талыг хэт барьсан мэдээллээр Гансүх өөрийн туслахууд, хамаатан зэрэг 10 холбогдогчтой 13 тэрбум төгрөгөөр улсыг хохироосныг “нотолсон” тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Тэгэхдээ нэг талыг барьсан “нотолгоо”-г бодит мэт мэдээлэв. Эхнээс нь “хэрэг” хэрхэн үүссэнийг хугацааны дэс дарааллаар ярья:

Нэгдүгээрт, 2014 оны тавдугаар сарын 9-нд сонинд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол улсын хилээр оргон зугтжээ” гэсэн мэдээлэл гарсан. Утга нь Прокурорын байгууллагын эх сурвалжаар “Л.Гансүх охин Цэрэнжагзан нь удирддаг охиныхоо компаниар, тендер­гүйгээр иргэдэд нүүрснийлүүлээд ихээхэн ашиг олсон нь баримтаар нотлогджээ. Мөн улсыг 854 сая төгрөгөөр хохироогоод, АТГ хэрэг үүсгээд шалгаад эхэлмэгц оргон зугтжээ” гэсэн. Энэ нь хугацааны хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах болон алдарт “Дан дээл, давхар дээлийн асуудал” хэлэлцэжбайх үе юм. Энэ мэдээлэл гарснаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигачин болсон.

Иймээс Н.Алтанхуягийг “муухай” гэж харагдуулах, “Дан дээл, давхар дээл, Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэх мэт “хэрэг”-үүд АТГ-ыг “гар хөлөө” болгож байгаа улсуудын хүссэнээр шийдэгдэхэд хэрэгтэй байжээ. (тэр үед би гүтгэлгийг АТГ зохиосон гэж бодоогүй) Уг нь би бүр дөрөвдүгээр сарын 24-нд Солонгос яваад хагалгаанд ороод эмнэлэгт байсан бөгөөд намайг явах хүртэл манай ажлаар болон гэрээр ямар нэгэн зарлан дуудах ирээгүй юм.

Тухайн моментонд дээрх үйл явдлуудад нөлөөлөхийн тулд намайг ирэхийг хүлээл­гүй маш их яарч ийм мэдээлэл гаргасан байжээ. Ингээд тав­дугаар сарын 20-нд би Монголд ирэхэд анхны зарлан дуудах ажлын хаягаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэрээр ирээд, тавдугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр татах тогтоол гарсан. Хамгийн сонир­­холтой нь намайг сэжигт­­нээр татах тогтоолын бичвэр сонин дээр гарсан текстээр бичигдсэн байвал яах уу. Надаар гадаад явахгүй байх баталгаа гаргуулан хоёр хүнээр батлан даалт хийлгүүлэн хуулийн дагуу гадуур байцаахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би ч хэрэг хийгээгүй учраас хуулийн дагуу шалгуулаад учир нь олдоно гэж бодсон.

Араас нь харахад тэр үед АТГ-ынхан намайг албан тушаалаа ашиглан ямар ч шийдвэр гаргах эрхгүй, оргож зугтаагаагүй ,”Нүүрс” хөтөлбөр хэрэгжих хоёр жилд миний охин Монголд байгаагүй, миний охин энэ компанид хувь эзэмшдэггүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй учраас тендер зарлах хэрэггүй, 800 гаруй сая төгрөгийг Гансүх аваагүй менежмент хийсэн компани зээлээр аваад буцаа­гаад дөрвөн сарын дотор хоёр хуваагаад төлсөн, хөтөл­бөр хэрэгжсэн эхний жил уг компани алдагдалтай ажиллангуут MGLSB компа­нийг эзэн нь татан буулгаад харин дотор нь ажиллаж бай­сан хүмүүс хоёр дахь жилдээ хөтөлбөрийг зогсоохгүйн тулд шинээр MGLSBD ком­пани байгуулан (Би хуучин ком­панийн эзнийг “Чи тоглоомноос гарч байгаа бол орондоо ажиллах компаниа олж өг” гэж шахсанаас ийм шийдэлд хүрсэн ) хуучин компанийн байгуулсан сүлжээ, ажилчид, өр, өглөгийг хариуцан шинэ менежментээр хэмнэлттэй ажиллаж,нэг их ашиг олоо­гүй ч өр ширгүй болсныг хангалт­тай мэдэж байсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг ямар ч хэрэг хийгээгүйг мэдэж байсан. Тухайн моментонд л “хэрэг” захиалагчдад нь хэрэгтэй байсан учраас яаруу сандруу энэ зохиолыг зохиосон.

Хоёрдугаарт, Тиймээс намайг “жинхэнэ” хэрэгтэн болгохын тулд АТГ-ын байцаагч Золжаргал, АТГ-ын ня-ботой хамтран намайг улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохи­роосон мэт хийсвэр тооцоо зохион Аудитын газрын байцаагч Ичинхорлоог дарамтлан дүгнэлт болгуулааддолдугаар сарын 5-ндАТГ-ын Амарбатаар “Гансүх улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон” мэтээр зарлуулсан. Энэ хохирол гээд байгааг хойно дэлгэрэнгүй ярья. Тэгээд долдугаар сарын 9-нд намайг дуудан яллагдагчаар татах тогтоол гаргасан. Намайг тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 9 хүртэл хоёр удаа байцаахдаа энэ тухай огт асуугаагүй. Хөтөлбөрийн тухай ерөнхий хэдэн асуулт л асууж байсан. Яллагдагчаар тогтоол танилцуулахдаа энэ зохиомол дүгнэлт гэгчээ танил­цуулаагүй, тэр ч бүү хэл өнөөдрийг хүртэл танилцаагүй л байна. Манай өмгөөлөгч нар олон удаа шаардаж байж арай гэж өнгөрсөн аравдугаар сард л уншсан гэсэн. Хуулбар хийлгэхгүй, тэмдэглэл ч хийлгэхгүй харин тэмдэглэл хийх гэсэн Баасандорж өмгөө­лөгчийг хөөж гаргасан гэсэн. Ичин­хорлоо АТГ-ынханд дарамт­луулж, хүссэнээр нь дүгнэлт гаргаснаа манай өмгөө­лөгч Баасандоржтой уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Баасандорж Чингэлтэй дүүргийн цагдаад хан­даад, цагдаа эрүү үүсгэх хүсэл­тийг прокурорт тавь­сан боловч прокурор эрүү үүсгэхээс татгалзсан. Мөн сая ээлжит гүтгэлгээ арван­нэгдүгээр сарын 4-нд хийхдээ прокурорыг хажуудаа суулгасан нь прокурор АТГ-аас 100 хувь хараат болсныг харуулж байна.

Гуравдугаарт, Долдугаар сарын 29-ний өдөр Золжаргал байцаагч намайг “Өмгөөлөгч хэрэггүй, яаралтай хүрээд ир. Нэг юм танилцуулъя” гэж хууран аваачаад “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд ганцхан сар надад туслаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Тулга, түүний найз Төмөрбаатар нарын дансаар ихээхэн хэмжээний мөнгө орсон, гарсан байна. Энэ нь нүүрсний мөнгө гэдэг үндэслэлээр “Гансүх, Тулга нарын мөнгө угаасан хэрэг” гэгчийг нэмж, гаргаж ирэн долдугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолоо шинэчлэн дахин яллагдагчаар татсан тогтоол үйлдэн бид­нийг шууд хоёр сараар хорих шийд­вэр гаргасан. Энэ залуучууд менежмент хийсэн компанитай болон нүүрсний борлуулалттай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Тулга, Төмөрбаатар нартай менежмент хийсэн компанийнхан мөнгө өгч, авалцаж “угааж” байгаагүйгээ нотолж байгаа юм. Эд нар надтай бас мөнгөний ямар нэгэн холбоо байхгүй. Одоо бодоход Н.Алтанхуягийг той­рон хүрээлж “улсыг идэгчид”-ийн тоог л нэмэх хэрэгтэй байсан юм шиг ээ. Бас АТГ-тТулга нар Алтанхуягийн зөв­лөх байсан нь өөр дээрээ байцаах эрх авахын тулд л “нүүрстэй” холбох хэрэгтэй байж гэж бодогдож байна. Үнэхээр мөнгө угаасан хэрэг байгаа юм бол цагдаагийн харьяаллын учраас цагдаа л шалгах ёстой биз дээ. Яагаад долдугаар сарын 29-нд яаран хоёр сараар хорьсон гэхээр бидний хоригдох хугацаа есдүгээр сарын 29-нддуусахад дахин нэг сараар сунгаж, аравдугаар сарын 1-д УИХ-ын чуулган эхлэхэд Алтанхуягийн зөв­лө­хийн авлигын хэрэг анхаарлын төвд дахин орно гэж тооцоолсон бололтой. Яагаад гэхээр намайг хоёр сар хорихдоо ганцхан удаа буюу наймдугаар сарын 15-нд байцаасан. Юу асуусан бэ гэхээр “Ерөнхий сайд чам дээр яах гэж ирсэн юм. Ирэхээ урьдчилж чамд хэлсэн үү. Ерөнхий сайдтай чи юу ярьсан бэ,Нүүрс нийлүүлэх компани банкнаас зээл авахад чи яагаад бичиг өгдөг юм” гэсэн хорьж шалгах ямар ч шаардлагагүйэнгийн хэдэн асуулт л тавьсан.

Дөрөвдүгээрт, Арваннэг­дүгээр сарын 5-ны өдөр Н.Алтан­­хуягийг огцруулах асуу­дал хэлэлцэхтэй холбоотой урьд өдөр нь “улс төржсөн” АТГ мэдээлэл хийлээ. Нөгөө л Алтанхуягийн тойрон хүрээлэгчид ямар “муухай” тухай. Тэдний тоо 10 хүрсэн тухай. Одоо бүр ичихээ болиод шууд л баахан мөнгө идсэн нь нотлогдсон тухай “солиотой” арифметик зохиолоо. Нэг тонн нүүрсийг маш хямдхан 27500 төгрөгөөр буюу нийт зургаан тэрбум гаруй төгрөгөөр 200000 гаруй тонныг аваад гурав дахин үнэтэй80.000 төгрөгөөр буюу 19 тэрбум гаруй төгрөгөөр зараад улсыг 13 тэрбум (19-6=13) төгрөгөөрхохироолоо гэж зарлав. Нүүрс ямар ч зардалгүйгээр Багануур, Улаанбаатарт хоёр дахин шигшигдээд, Бага­нуураас үнэгүй тээвэр­лэгдээд, Улаанбаатарт шуудай­лагдаад, 163 цэг рүү тээвэрлэгдээд, борлуулагч нар цалингүй зарагдаад байсан гэнэ. Тэгээд Гансүх баахан туслахуудтайгаа 13 тэрбум төгрөг хувааж идээд баяжсан гэнэ.

Танд АТГ-ынхны хэлээд байгаа 13 тэрбум төгрөгийг идээгүй, шамшигдуулаагүй гэх баримт байгаа биз дээ. MGLSB компани таны охинтой ямар ч хамааралгүй юм уу?

-Гансүхийн албан тушаал ямар ч шийдвэр гаргадаггүйтэй адил хувийн компанийн мөнгө Гансүхэд огт падлийгүй гэд­гийг АТГ-ынхан сайн мэдэж байгаа. Компанийн бүх бичиг баримт, анхан шатны болон тайлан тооцоо, компьютер, тамга тэмдгийг нь АТГ хурааж авсан. 13 тэрбум төгрөг ямар зүйлд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн ашиг, алдагдалтай ажилласан тухай АТГ-ын нэг өрөөгөөр дүүрэн баримт байж л байгаа. Гэтэл энэ зардлуудын тухай ганц үг ганхийсэнгүй. Тэгсэн хэрнээ уурхай ком­пани хоёрын хоорондын тооцоо­гоор төлөгдөөд явж байсан 399 сая төгрөгийн шатахууны тооцоог “хохирол” мэтээр тоотой нь зарлах юм. Бас MGLSB компанийг эзэн Сүхбаатар нь манай охинтой хамтран байгуулсан мэтээр дахин гүтгэх юм. Бас намайг компанийн эзэнтэй”санхүүгийн асуудлаас болж” зөрчилдсөнөөс шинэ компани буюу MGLSBD-г байгуулж гүйцэтгэх захирлаар өөрийн туслахаа тавьсан мэтээр, намайг хуурамчтайлан гаргаж 854 сая төгрөг ЗГХЭГ, Эрчим хүчний яаманд хүргүүлсэн мэтээр энэ нь “зориулалтын бус шаардлагагүй” зүйлд зар­цуулагдаж үрэгдсэн мэтээр, 1.5 тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн сангаас аваад “идчихсэн” мэтээр, надыг сэжигтнээр татсан тогтоол нь дөрөвдүгээр сарын 24-нд гарсан мэтээр худал мэдээллүүдийг цацсан.

Улсын бүртгэлийн газраас MGLSB-г ганцхан Сүхбаатар 2009 онд байгуулсан. Манай охин тус компанийг байгуулахад болон сүүлд ч нэмэгдэж ороогүйг тогтоосон л байж таараа. MGLSBD-г Гансүх байгуулаагүй, Даваахүү байгуулсныг мөн тэндээс мэдсэн л байж таараа. Би тайлан гаргадаггүй харинMGLSB компаниас 2012-2013 эхний жилийн ажил алдаг­далтай тухай дараа жилийн ажлаа эхлүүлэхийн тулд банкны өр, татварын өр, бэлтгэн нийлүүлэгчдийн өр, шинээр ажлаа эхлүүлэхэд хэрэгтэй урсгал зардалд түр 854 сая төгрөг зээлэхийг хүс­сэн хүсэлтийг л дэмжиж, холбогдох шийдвэр гаргадаг газруудад бичиг хийж өгсөн. Компани авсан мөнгөө дөр­вөн сарын дотор буцааж төл­сөн тухай огт дурдсангүй. Хувийн компани авсан мөнгөө дээр дурдсан зориулалтаар зарсан нь АТГ-т зориулалтынбус шаардлагагүй зүйлд зарцуулагдсан мэт харагджээ. Нэг тонн нь 200000 төгрөг хүрч байсан нүүрсийг хоёр дахин шигшээд, чулууг нь ялгаад шуудайлаад, тээвэрлээд, гэрийнх нь хажууд цэг байгуулан 80.000 төгрөгөөр хүргэн өгч, улсаас нэг ч төгрөг гаргалгүй 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгон гэр хорооллыниргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн хийгээд Багануурын уурхайд дэвшил авчирсан хөтөлбөр гэдгийг харахгүй, харин заавал идсэн уусан мэт харж байгаа нь харамсалтай. 1.5 тэрбум төгрөг гэдэг нь банкны зээл бөгөөд 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгож байгаагийнхаа төлөө Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан хувийн банкаарарай бага хүүтэй авсан зээл юм. Өнөөдөр зуу зуун тэрбумаар нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгож байна шүү дээ. Эцэст нь намайг тавдугаар сарын 26-ндсэжигтнээр татаж, эрүү­гийн хэрэг үүсгэсэн хэрнээ дөрөвдүгээр сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр АТГ-ынхан хэлж байна. Ингээд тогтоосон хэрэг гэдгээ тайлбарлаж байгаа хэрнээ л худлаа гүтгэх юм. Үнэхээр харамсалтайбайна.

АТГ бүтэн долоон сар олон төрлийн бараа биш ганц­хан шуудайлсан нүүрс зардаг компанийн бичиг баримтан дээр ажиллачихаад зардал, ашиг, алдагдлыг нь зааглаад хэлчихгүй, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хэрэглэн улс төржсөн популист мэдэгдэл хийж, олон хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлж байна. Намайг гурав дахь сард хорих шийдвэрээ шүүхэд танилцуулахдаа 12 байцаагч цаг наргүй ажиллаж байгаа тухай прокурор нь шүүхэд хэлснийг өмгөөлөгч надад хэлж байсан.

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон нь цаанаа лобби байсан гэж харах хүмүүс байгаа. Энэ талаарх таны тайлбар?

-Засгийн газар байгуулаг­даад иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг дээр тодорхой сонголт хийх болсон. Яагаад гэхээр цалин тэтгэвэр нэмэх гэхээр сонгуультай холбоотой популист хуулиуд батлагдсан байснаас хөрөнгө оруулалт зогссон,өр тавиад иргэддээ ихээхэн бэлэн мөнгө тараасан учраас орлого өрөнд явж байсан учраас боломжгүй бай­сан. Иймээс Засгийн газар үнийн өсөлттэй тэмцье гэсэн шийдвэр гаргасан. 2012 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газар бай­гуулаг­дангуут Монголбанктай хамт­раншатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр­лэгч, нийлүүлэгчдийг цуглуу­лан холбогдох яамд уулзан хамтран ажилласны үр дүнд үнийг тогтвортой барьж эхэл­сэн. Гэтэл аравдугаар сарын дундуур нүүрсний үнэ эрс өссөн. Судалгаа хийтэл Улаанбаатарт нүүрс жижиг­лэнгээр иргэдэд зар­даг компани байхгүй харин бөөнөөр нийлүүлдэг хоёр ком­пани л байсан. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг нэг хувийн компани. Тэд нар нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь шууд экскаватороор хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж 200-гийн цагаан орны пүршин дээр шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200.000-220.000 төгрөгөөр зардаг байсан. Багануураас ирдэг нь тэндээс хямдхан авдаг ч замын зардал өндөр байсан. Тиймээс нүүрсний үнийг барих, хямдруулах шаардлага гарч “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Их хэмжээний мөнгө “идэж” болохоор хөтөлбөр байсан уу, үгүй юу гэдэгт хариулах хэрэгтэй байх?

-Л.Гансүх миний бие Ерөн­хий сайдын ахлах зөвлөх. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш олон газар оролцсон. Тухайлбал,Багануурын уурхай, Төмөр зам, Замын цагдаагийн газар, НЗДТГ, таван дүүргийн Хөдөлмөр, Нийгмийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар гээд төрийн олон байгууллага оролцсон. Надаар ямар ч бэлэн мөнгө, нүүрс дамжихгүй учраас мөнгө идэх боломжгүй. Харин хийгдэж байгаа бүх ажлыг би хянаж байсан. Аль нэг ажиллагаа нь л хэдэн цаг доголдоход бусдыгаа унага­чихаж байгаа юм. Жишээл­бэл, нэг өдөр 25 вагон нүүрс ирэх ёстой байтал 15 нь ирлээ гэхэд 10 вагон нүүрс авах айлууд хоосон хоцорно гэсэн үг. Түүнийг шигших, савлах, түгээх хүмүүс сул зогсоно гэсэн үг. Эсвэл нүүрс зөөдөг машинуудын хэд нь эвдэрлээ гэхэд тухайн өдөртөө нүүрс зөөх, хүргэх боломжгүй л болж байгаа байхгүй юу. Тиймээс маш хариуцлагатай, зөв зохион байгуулалт шаардлагатай байсан. Тухайлбал, зарын дагуу ажилд орохоор ирсэн хүмүүс чинь хоорондоо үл ойлголцоно, муудалцана, хүйтэнд өдөржин ажиллаж байгаа болохоор зарим нэг нь жаахан архи хүртчихнэ. Тэднийг зохицуулах ээлжийн цагдааг байрлуулах,талбайн ажилчдын хоол ундыг нь хийх гал тогоо, хоол идэх майхан зэргийгцэргийн ангиас түр авч өгөх гээд асуудал их байсан. Дээр нь хувийн компанийн удирдлагуудыг байнга хянаж шахаж, ажиллуулна. Олонх нь туршлага муутай, залуу хүүхдүүд байсан, тэдэнд хэр­хэн яаж ажиллахыг нь зааж, зөвлөнө. Тухайлбал, нүүрсээ хэрхэн ялгаж, шуудайдаа хогтой хийж байна уу үгүй юу, оёдол нь ямар байна гээд ерөнхийдөө “Нүүрс” хөтөл­бөрийн хэрэгжилтийг хянаж, урагшлуулах хэрэгтэй байсан. Тиймээс би зохион байгуулалтын ажлыг гардан хийсэн. Түүнээс биш “Нүүрс” хөтөлбөрийг эхлүүл гэдэг шийдвэрийг би гаргахгүй шүү дээ. Харин Багануурын уурхайд Ерөнхий сайд очоод”Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ” гэхэд уурхайнхан 27500 гэсэн. Яагаад гэвэл Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 нь тэднийд ашигтай гэсэн. ИнгээдБагануурын уурхай, компани аль аль нь сэтгэл өндөр ажлаа эхлүүлсэн. Гэхдээкомпанитонн тутмыг нь 80 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй,энэ үнэндээ зардлаа шингээх ёстойг Засгийн газраас үүрэгдсэн. “Нүүрс” хөтөлбөрт оролцох Засгийн газрын оролцоо эндээс дуусаж байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс завших нь байтугай илүү нэг шуудай нүүрс гарч болохгүйн шалтгааныг би нэг бүрчлэн тайлбарлая.

Үүний дараа аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулсан. Хамгийн гол нь иргэдэд шигшсэн нүүрс өгөх учраас шигшсэнээрээ авъя гэхээр Багануур дээрээ шигшихээс өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр нүүрс шигших машин механизм авахаас өөр аргагүй болсон. Тэгээд том шигшүүр, хутгадаг экскаватор, зөөвөрлөж, хураадаг техник гээд тэр бүгдийг компани худалдаж аваад үүнийг ажиллуулах хүмүүсийг нь техник худалдаж авсан компанитай нь гэрээ байгууланажиллуулсан байсан. Шигшсэнийхээ дунд хэсгийг вагонд ачиж байгаа юм. Вагонд ачих, Улаанбаатарт ирэх хүртэлх бүх зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани хариуцна. Багануурын уурхайн нүүрс маш амархан нунтгардаг чанартай. Вагонд ачих, ирэх замд, буулгахад гээд нэлээд хэсэг нь бутарна. Дээр нь Багануурын уурхайд нүүрсний чулууг ялгах боломж байхгүй. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа хоёр зуугийн цагаан орны пүршин дээр шигшиж байгаа юм. Вагон бүр дээр 14 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллана. Мөн нэг тоологч байна. Хэсэг нь шигшиж, чулууг нь ялгана, хэсэг нь шуудайлж, жинлэнэ, хэсэг нь оёж, оёсныг нь машинд тоолж ачна. Бүгд нарийн бүртгэлтэй компьютерийн программд орсон байгаа юм.

Вагон дахь нүүрс дууссаны дараа тоологч, тухайн бригадын дарга хоёр “Энэ вагоноос тэдэн шуудай нүүрсгарлаа. Тэдийг нь ийм дугаартай машинд, эдийг нь ийм дугаартай машинд ачлаа” гэх зэрэг бүртгэл хийнэ.Ингээд бригадын ахлагч тоо бүртгэгч 2 гарын үсэг зурна. Өдөрт 20 вагон нүүрс буулаа гэж бодъё. 20 вагоны 20 тоологч бүх дүнгээ нэгтгээд, тухайн өдөр буусан нийт нүүрсний жин, тоог гаргана. Үүний дараа уг тооцоонд талбайн ахлагч, “Багануур илч” компанийн холбогдох албан тушаалтан зөвшөөрсөн гарын үсэг зурна. Учир нь гэрээн дээрээ жигнэсний дараахь цэвэр жингээр тооцно гэж заасан учраас энэ бүгдийг хийгээд байгаа юм. Үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компанийнхан цахилгаан станц уурын зууханд 20500 төгрөгөөрөө тонн тутмыг нь өгнө. Вагон өөрөө жингийн стандарт алдагдалтай байдаг юм. Анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг юм. Дээрх хоёрыг хасаад үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компани цахилгаан станц уурын зууханд өгчихөж байгаа юм. Мэдээж ялгасан чулуу хаягдана.

Нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр буулгана. Буулгахын тулд талбайн тохижилт гэж бас хэцүү юм байна. Өвлийн хүйтэнд дээрээс нь өглөө эрт нүүрсээ буулгах болдог. Тэгэхээр гэрэлтүүлэг хэрэгтэй болно. Үүнд өчнөөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа юм. Мөн хээрийн гал тогоо, хоол, цай хийдэг гэрүүд, бусад зохион байгуулалт, ачилтын машинуудын зогсоолыг түрээсэлж авах, ажилтан бүрийг хүрз, жоотуу, бээлийнээс эхлээд багаж, хэрэгслээр нь хангах гээд ажил мундахгүй. Оёгч машинууд нь байнга эвдэрнэ, хүрзний иш, хүрз байнга хугарна, бээлий, амны хаалт хоёрыг хоёр хоног тутамд өгнө, хоол, унд гээд зардал их. Дээрээс нь тэдгээр ажилчид сард гар дээрээ 800 мянган төгрөгийн цалин авч байсан. Тэгэхээр байгууллагад шимтгэл суутгалтайгаа нийлээд нэг хүнээс 900 гаруй мянган төрөгийн зардал гарч байсан гэсэн үг. Харин цэг дээр ажилладаг борлуулагчид гар дээрээ 900 мянган төгрөг авдаг гэхээр компаниас сая гаруй төгрөгийн зардал гарна гэсэн үг байгаа биз. Дээр нь ачилтын машины жолооч нар маш өндөр цалинтай. Зарим сайн явдаг жолооч сард таван сая төгрөг хүртэл авч байсан. Мөн ачилтын машинууд нарийвчилсан маршруттай. Хаана хүрэх, аль машинд хичнээн шуудай нүүрс, аль вагоноос ачих вэ гээд диспетчерүүд замын хуудас өгч зохицуулна. Вагон дээрх тоологч замын хуудаст төчнөөн шуудай нүүрс ачлаа гээд гарын үсэг зураад явуулна. Диспетчер тэд дугаартай тийм машиныг төчнөөн нүүрстэй гаргалаа гэж гарын үсэг зурна. Очих цэгтээ хүрээд буулгахаар нь борлуулагчид хүлээн авлаа гэж гарын үсэг зурна. Энэ бүгд компьютерт өдөр бүр шивэн тулгагдана. Нэг шуудай зөрөхөд л Талбайн ахлагч, диспетчерүүд, тоологчид, бригадын дарга нар гэртээ харихгүй хаана алдсанаа олно. Гэх мэт бүгд хяналт, зохицуулалт дор явагдаж байсан. Энэ нь нэг шуудай нүүрс ч алга болох, идэх боломжгүй хатуу хяналтын дор уг ажил явагдсан гэсэн үг.

Би “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний нэг сар өглөө 07:00 цагточоодажил эхлэхийг хараад ямар нэгэн асуудалгүй байвал яваадэргээд 17:00 цагийн орчимд ирдэг байсан. Тэгээд 23.00-00.00 цаг хүртэл компанийнзахирал, талбайн ахлагч, диспетчерүүд, бригадын дарга нартай уулзалдажшинээр юу хийх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Өөр нэг зүйл хэлэхэдкомпанийн банкнаас авсан зээл арваннэгдүгээр сарын 20- нд бүтсэн. Нүүрс тараалт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлсэн. Бэлтгэл ажиларавдугаар сарын 20-нд эхэлсэн учраас компанизээл автал их мөнгө хэрэгтэй байсан тул би чадах чинээгээрээ өөрөөсөө, хүнээс мөнгө олж өгч байсан. Түүнийгээ ажил жигдрээд эхлэхээр эргүүлээд авсан байгаа. Үүнийг нотлох баримт тайлан тооцоо бүгд байгаа

-“Нүүрс” хөтөлбөрийн үр дүнг тодорхойлбол?

-“Нүүрс” хөтөлбөр бол Улаанбаатар хотод 163 цэг байгуулж, түүгээрээ дамжуулан нүүрсийг шигшиж чулууг ялган шуудайлан амыг оёж хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний иж бүрэн, өргөн хэмжээний сүлжээ байгуулан иргэдэд тараасан Төр хувийн хэвшил хамтран амжилттай ажилласан нүсэр цогц ажил болж чадсан. Орон сууцны иргэд 20500 төгрөгөөр цахилгаан станц авсан нүүрсээр харьцангуй хямд дулаан хэрэглэдэг байсан. Тэгвэл гэр хорооллын иргэдээ чболомжийн хямд нүүрсээр буюу дулаанаар хангахыг Засгийн газар бас хүссэн. Мөн Багануурын уурхайд дам ашиг авчирсан. Уг уурхай цахилгаан станцаа л арай ядан нүүрсээр хангадаг байсан бол иргэдэд нүүрс нийлүүлэх болоод ирэхээр эрэлт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нүүрсээ гаргах хөрс хуулалтын ажлаас эхлээд олон машин, механизмын хүч шаардлагатай болоход Засгийн газраас тус уурхайд маш хурдан хугацаанд арваад сая ам.долларын зээл авахад нь дэм болж өгсөн.Цахилгаан станц өмнө нь тав хоногийн нөөцтэй гэдэг байсан бол олон тоног төхөөрөмж авснаар сарын цаашлаад улирлын нөөцтэй болоод ирж байгаа юм. Мөн цахилгаан станцуудад тонн тутмыг нь 20500 төгрөгөөр борлуулдаг байсан бол хөтөлбөрт 27500 төгрөгөөр борлуулж, ашиг олж байгаа юм. Мөн ялгасан нүүрснээс томуудыг нь уурхай дээр ирж нүүрс худалдан авдаг хүмүүст тонн тутмыг нь 30 мянга гаргаад өгчихөж байгаа юм. Мөн үүний дээр Засгийн газар 2013 онд цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнийг 22500 болгож нэмэгдүүлж өгсөн. Багануурын уурхай цахилгаан станцад гурван сая тонн нүүрс өгдөг. Үнийг нэмэгдүүлснээр зургаан тэрбум төгрөгийн ашиг нэмэгдэж байгаа юм. Энэ бүхний үндсэн дээр Багануурын уурхай түүхэндээ анх удаа ажилчдаа таван сарын цалингаар шагналаа шүү дээ. Ингээд нөгөө “Нүүрс” хөтөлбөр чинь улсыг хохироох нь байтугай Багануурын уурхайд хүртэл ашгаа өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, иргэд шуудайлсан нүүрс хямд үнээр авснаар жилд 50 тэрбум төгрөг хэмнэсэн ашиг байна. Гуравдугаарт, 700 гаруй хүнийг өндөр цалинтай ажлын байртай болгосон. Дөрөвдүгээрт, энэ хөтөлбөр төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг нотолж өгсөн.Ийм олон ашигтай ажил болсон.

Компанийг хэрхэн сонгосон юм бэ. Яагаад заавал таны туслахаар ажиллаж байсан хүний MGLSB гэх компани шалгарсан юм бол?

-Энэ ажилд компани сонгоход хүндрэлтэй байсан. Тооцоо хийж үзчихээд ашиггүй байна гээд байсан. Харин MGLSB компанийн Сүхбаатар зөвшөөрсөн. Ерөнхий сайдад танилцуулан хөтөлбөрт ажиллах шийдвэр гарсан. Тухайн үед Сүхбаатар миний сайд байх үед туслах байсан Эрдэнэбулганыг компанийнхаа гүйцэтгэх захирлаар авъя. Чамтай хамтраад ажиллавал сайн биз дээ гэсэн. Эрдэнэбулган маш ажилсаг, зарчимч залуу бөгөөд би зангаа авалцсан тул дуртай зөвшөөрсөн. Эрдэнэбулган маш сайн ажиллаж, Сүхбаатар, бид хоёрын итгэлийг алдагдуулаагүй. Харамсалтай нь нийслэлийн хороо болгонд хоёр цэг байгуулан, нүүрс шигших, шуудайлах, ачих ажил хийж байсан хүмүүсийг өндөр цалинжуулж байсан гэх мэт олон тооцоолоогүй зүйлээс болж эхний жил компани банкны өр, татварын өр, байгууллага хоорондын ихээхэн өртэй гарсан. БасЭрдэнэбулган ч гадагшаа сурахаар явах болсон тул Сүхбаатар компаниа татан буулгахаар шийдсэн. Ер нь ажил эхлэхэд тооцоолоогүй олон хүндрэл гардгийг бизнес эрхлэгчид мэднэ. Харин манай эхнэрийн дүүгийн хүүхдийг Эрдэнэбулган нягтлангаар ажилд авсан байсныг би сүүлд мэдсэн. Өнөөдөр ажил хийснийхээ төлөө хэлмэгдүүлэлтэнд өртөхийг мэдсэн бол энэ залуучуудыг би юу гэж дэмжих вэ. АТГ-т дуудагдах хүртлээ би өөрийгөө мундаг юм хийсэн гэж бодож байсан ш дээ. АТГ-ын энэ бүх кампанит ажлын үр дүнд ямар ч байсан Засгийн газар, Ерөнхий сайд огцорлоо. Нүүрс хөтөлбар зогслоо. Нүүрс хөтөлбөр зогссоноор лав л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд үнэтэй нүүрс авах боллоо. Засгийн газар огцорсноор Монгол хожихгүй нь ойлгомжтой. Хэн хожиж буйг цаг хугацаа харуулна биз. Нэг юмыг хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн энэ компанийн залуучуудыг “Гансүхэд хахууль өгснөө хүлээ” хэмээн шаардаж, бас Алтанхуягтай ажиллаж байсан хөтөлбөрт огт хамаагүй олон залуучуудыг олон сар хорьж, цагдан нэг ёсондоо эрүүдэн шүүжхэлмэгдүүллээ.

Таныг өмнө нь 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэмээн мэдэгдэж байсан.Уг хохирол хэрхэн бий болсонтой та танилцсан уу?

-Энэ 3.6 тэрбумын хохирол гэгч хаанаас гарсан гэхээр тухайн үед Багануурын уурхай цахилгаан станцад 20.500 төгрөгөөр, иргэн аж ахуйн нэгжүүдэд 25.000 төгрөгөөр өгч байсан нүүрсийг менежмент хийх компанид уурхай дээрээс өөрийнхөө тоног төхөөрөмж ажилчдын хүчээр шигшээд 27.500 төгрөгөөр аваад Улаанбаатар руу зөөх, Толгойт, Амгалан өртөөнд буулгах, дахин шигшээд чулууг ялган шуудайлж, амыг оёж тээвэрлэн, Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй зарах үүрэг хүлээлгэсэн Ерөнхий сайд, Багануурын уурхайнхантай хамтран гаргасан шийдвэрийг АТГ-ынхан компанид 27500 биш39.000 төгрөгөөр өгөх байсан гэж зохион бичээд энэ хоёрын зөрүүгээс хоёр тэрбум гаруй, мөн шигшээд хаягдсан чулуу, үлдсэн нунтаг нүүрсний зөрүүгээс нэг тэрбум гаруй нийлээд 3.6 тэрбумаар улсыг хохироосон гэж үзсэн гэсэн байна лээ. Шигшихэд үлдсэн нунтаг нүүрсийг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани “Багануур илч” ХХК цааш нь авч зарж байсныг дээрх нөхдүүд мэдэж байсан хэрнээ “хохирол” гэсэнхэрэг зохиосон юм. Засгийн газар уурхайн ТУЗ шийдвэрээ гаргаад, уурхайд ашигтай хувилбараар шийдэгдээд хоёр жил хэрэгжээд, өнгөрсөн ажлыг араас нь АТГ-ын хоёр нөхөр толгойд орсон тоогоо хэлэн цаасан дээр “хохирол” зохион түүнийг нь аудитын нэг байцаагч дүгнэлт болгоод хэлмэгдүүлэлт хийхийг оролдож байгааявдал л юм л даа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тантай уулзсан явдал нэлээд шуугиан тарьсан. Тухайн үеийн Ерөнхий сайд тантай чухам юу ярьсан бэ. Нууц биш бол тэр тухай яриач?

-Нууцсаад байх юм юу ч байхгүй. “Гансүх ээ, чамайг ямар ч буруугүй гэдгийг манай Засгийн газар бид бүгд мэдэж байгаа. Улс төрийн ийм хэлмэгдүүлэлт явагдаж байгаа гэдгийг чи өөрөө ойлгож байгаа учраас би чамд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх л гэж ирсэн юм. Шоронгийн чинь нөхцөл ямар байна. Удахгүй асуудал шийдэгдэнэ. Янз бүрийн асуудал байхгүй биз дээ” л гэсэн. Ерөнхий сайдтай цуг Шүүхийн шийдвэрийн дарга хамт байсан. Ийм л яриа болсон.

Та цаашид энэ асуудалд ямар байр сууринаас хандана гэж бодож байгаа вэ. Энэ хэрэг таныхаар улс төрийн зохиомол хэрэг. Үүнээс гарах, салах найдвар хэр байна вэ?

-Бүх зүйлхоосон, зохиомол, улс төрийн хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуягийг боорлож, Засгийн газрыг унагаахын тулд охиноос нь авахуулаад эргэн тойрныхныг нь хүчний байгууллагатай хамсан яргалан тамлаж байгаа муухай улстөрчдийн тоглоом. Хийгээгүй, үйлдээгүй хэргийг би яалаа гэж хүлээх юм. Мөнгөн дээр огт гарын үсэг зурдаггүй, нэг төгрөг ч миний гараар дамждаггүй, ямар ч эрх мэдлийн шийдвэр гаргадаггүй намайг ингэж алж чадаж байгаа юм чинь төрийн байгууллагад даргын албан тушаал хашиж байгаа бүх даргыг ингэж чадна л гэж харуулж байгаа хэрэг. Энэ нь намайг шонд өлгөн харуулж, дуулгаваргүй байвал энэн шиг болгоно шүү гэж харуулж байна л гэсэн үг. Гэхдээ АТГ-ын захиалагчид хэзээ нэг цагт энэ бохир механизмдаа хэрчүүлэх л болно шүү дээ. Тэр байтугай АТГ-аас айхгүй, үнэнийг хэлж байгаа миний өмгөөлөгчийг хүртэл хэрэгтэн болгож, бас нийт өмгөөлөгчдийн амыг барихыг оролдож байна. Одоо бол надад “Одоо ямар хэрэг нэмж гаргах бол” гэсэн юм л бодогдож байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Нэхмэлчин баатрын ЭГЭЛ ӨДӨР

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, алдарт нэхмэлчин Б.Гүнжилам, хань Д.Цээсүрэнгийнхээ хамт гэрийнхээ үүдэнд биднийг угтлаа.

Эднийх Шувуун фабрикт өнгөрсөн хавар иржээ. Хүүхдүүд, өөрсдийнх нь нийлээд зургаан хүний газар дээрээ жижгэвтэр үйлдвэрийн байр бариад, үлдсэн хэсэгт нь ногоо тарьж, хүлэмж байгуулахаар төлөвлөж л дээ. Ингээд блокоо өөрсдөө цохиод, хүлэмж ч худалдаж аваад, нэхмэлийн үйлдвэр барих зураг төслөө хүртэл боловсруулж байтал хаанаас ч юм хэдэн хүн гарч ирээд “Энэ газар чинь минийх” гээд хоёр хөгшнийг баахан сандаргаж байгаа аж. Хөдөлмөрийн баатар маань ном журмынх нь дагуу явж газартай болоодохлоо гэж бодтол өөр эзэд гарч ирээд төлөвлөсөн ажил нь түр зогсчихоод байгаад жаахан гомдолтой ярианаас нь анзаарагдлаа. Гэрийн эзэн Д.Цээсүрэн гуай “Уг нь Гүнжээ маань Хан-Уул дүүргийн Хүндэт иргэн юм шүү дээ. Манай хүн чинь цагтаа улсдаа, нийслэлдээ хийдгээ хийсэн хүн. Юм хийчихлээ гээд зүгээр суудаггүй. Одоо жижгэвтэр үйлдвэр бариад энэ хавийнхныгаа ажилтай болгоно гэж зориод байгаа. Гэтэл энэ газрын гэрчилгээ нь гардаггүй” гэлээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны энэ хэсгийг Шинэ суурьшлын бүс гэдэг юм байна. Газрууд нь эзэдтэй бололтой, хашаагаа хатгах нь хатгаад, ирээд суух нь суучихаж. Гэхдээ ундуй, сундуй. Гудамжаар нь холхих хүн цөөн, дэлгүүр, ТҮЦ гэж үгүй. Замаар нь ачааны том машинууд элс хайрга зөөж давхилддаг болохоор тоос шороо, дуу чимээ их.

Гүнжээ баатар “Би хот руу орно оо. Ажил дээрээ очих дуртай шүү” гэлээ. Тэрээр төмс, лууван арилгаад тогоо руу хийчихлээ. Тэгснээ буузны гурилаа гаргаж ирээд ганц нэг нухалснаа дээрээс нь түмпэн хөмрөв.

Эднийх таван хүүхэдтэй. Нэг хүү, дөрвөн охинтой. Том хүү Ц.Баярхүү нь компьютерийн чиглэлийн мэргэжилтэй. Удаах охин Ц.Оргилмаа нь тогооч, дундах охин Ц.Бурмаа нь герман, орос хэлний орчуулагч юм байна. Охин Ц.Одончимэг нь цэцэрлэгийн багш бол отгон охин Ц.Отгончимэг нь маркетингийн мэргэжилтэй бөгөөд сүлжмэлийн жижгэвтэр үйлдвэрт ажилладаг аж. Том охиных нь отгон хүү эмээ, өвөө дээр байгаа гэнэ. Дөрвөн настай, Оргилболд зээгээ өвөө нь “Манай ач, зээ нараас энэ л бөх болох хүн дээ. Би тэгж л хараад байгаа юм. Дөрвөн настай шүү дээ. Тэгсэн хэрнээ том биетэй байгаа биз” гэж бахархан харж, толгойг нь илнэ.

Б.Гүнжилам гуай “Бид хоёр өнөө зун Орос руу явсан. Тэнд сурдаг ууган ач хүү дээрээ очоод ирсэн. Ач хүү маань Ленинградад төмөр замын сургуульд сурдаг юм. Бид нийтдээ хорин тав хоног сайхан аялаад ирсэн” гээд хойно авахуулсан зургаа сонирхуулна. Гүнжээ баатрын аав Г.Балжинням Хэнтийнх юм байна. Харин баатар маань ээжийнхээ нутаг Архангайн Цэнхэрт төрсөн аж.

Хотод нэгдүгээр сургуулийг төгсөөд илгээлтээр үйлдвэрт очиж ажлын гараагаа эхэлж байжээ. Уг нь Багшийн дээдийн шугам зургийн багшийн ангид орно гэж төсөөлж байсан гэнэ. Сургуульд нь Үйлдвэр сургалтын хичээл орж сурагчдыг үйлдвэрүүдэд дадлага хийлгэдэг байсан нь нөлөөлж сургуулиа төгсөөд 1965 онд илгээлт авч үйлдвэрийн ажилчин болжээ.

“1965 оны зургадугаар сарын 22-ны өдөр юм. Аж үйлдвэрийн комбинатын конторт үйлдвэрүүдийн дарга нар ирчихсэн. Илгээлтээр ирсэн 120 хүүхдийг хуваарилж авцгаасан юм. Би арван жилийн найз Мажигсүрэнтэйгээ нэхмэлийн үйлдвэрт хуваарилагдлаа. Илгээлтээр ирсэн 33 хүүхэд нэг өдөр нэхмэлийн үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Би үйлдвэрт очсон цагаасаа нийгмийн асар их идэвхтэй байсан. Тэр үед ямар гоё байсан юм бэ. Улс орон даяар илгээлтийн эздийн тухай ярьцгааж, залуус илгээлтээр эх орны өнцөг булан бүр рүү яваад л. “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, атрын тухай өгүүлсэн кино, зохиол гараад л. Илгээлт авсан залуусын сэтгэл их хөдөлнө” гэж Б.Гүнжилам гуай ажил дээр, үйлдвэрт хэрхэн ажилчин болж очиж байсан тухайгаа дурсан ярьж байхдаа уйллаа. Хэсэг чимээгүй байж байснаа “Манай үйлдвэрт сайхан сайхан хөгшчүүл залуус бидэнтэй чинь мөр зэрэгцэн ажиллана. 76 настай Дашдулам, 73 настай Цэрэндулам, 72 настай Сосор, Должин гээд олон хөгшчүүл ажилладаг байлаа. Тухайн үед тэтгэвэрт гарсан ч бие хаа нь эрүүл саруул байвал ажиллахыг зөвшөөрдөг байсан юм. Тэдний хараа сайн. Сүвлэгээний хэсэгт ажилладаг байсан гээд бод доо. Нэг нь амандаа тамхи зуучихаад ажиллана. “Та тамхи татахаа боль. Утаа битгий гарга. Тамхи татдаг өрөө рүү оч” гэж бусад нь хэлэхээр “Тийшээ очиж тамхи татах гэхээр цаг алдах гээд байна. Эндээ л” гээд бөөн инээдэм болцгооно. Би чинь 44 настайдаа тэтгэвэрт суусан. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гээд. Одоо 67 настай. Дээр өгүүлсэн хөгшчүүлтэй харьцуулбал надад ажил хийх нас өчнөөн байгаа биз дээ. Зүгээр суухыг боддоггүй юм” гэж яриад үйлдвэрийг нь хувьчлаад машинуудыг нь төмрийн хаягдалд өгч, олон зуун хүнийг ажилгүй болгосон тэр үеийг бодохоор харамсал төрдөг гэлээ.

Б.Гүнжилам гуай тухайн үед үйлдвэрээс гардаг хаягдлыг дахин боловсруулах цех байгуулах хүсэлт гаргасныг нь дээрээс дэмжиж “Аж үйлдвэрийн хаягдал буюу хоёрдогч түүхий эдийг эргүүлэн ашиглах нь зүйтэй” гэж үзэн тасаг байгуулж өгчээ. Актлагдсан хэдэн хуучин машинтай тасагтаа ажилчин авах зар тавьтал дөрвөн хүн иржээ. Үйлдвэрээс нь засварчдыг цагаар ажиллуулах болж. Ингээд оёдол, нэхмэлийн үйлдвэрээс гарсан, 1960 оноос хойш хуримтлагдсан хаягдал, өөдсөөр ажлын бээлий, сандлын бүрээс, буйдангийн бүтээлэг, гэрийн хөшиг, хаяавч, зүүмэл хөнжил, орны бүтээлэг, гудас зэрэг олон бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Тэр бүү хэл оёдлын үйлдвэрийн даавууны өөдсөөр хүүхдийн дотоож, даашинз оёдог байсан гэнэ. Б.Гүнжилам гуай үйлдвэрт ажилчин байх үеийнхээ тухай ярихдаа тун чиг дуртай, сэтгэл хөдлөн ярина. Б.Цээсүрэн гуай хөгшнийхөө ярихыг чих тавин сонсонгоо тогоонд чанаж байгаа ногоондоо ч санаа тавина. Хажуугаар нь зээгээ томоотой байлгах гэж тэрүүхэн тэндээ арга хэмжээ авна.

Гүнжээ баатрын нэхэж байсан орны бүтээлэг гэрт нь байна. Гаргаж ирж үзүүлнэ. Пальтоны драпны өөдсөөр хийсэн бүрээстэй сандал руу зааж “Энэ байж л байна” гэлээ.

Д.Цээсүрэн гуай Завханы Яруу сумынх юм байна. Нутгаасаа хар багадаа гарч, ээжийгээ дагажээ. Ээж нь Шаазан ваарны үйлдвэрт ажиллана. Үйлдвэрийн ажил хүнд хүчир болохоор сүүлд бие хаа нь мууджээ. Тэр үед нь Д.Цээсүрэн гуай ээжийнхээ ажлыг хийж үйлдвэрт ажилчин болсон гэнэ. Багаасаа ээжийгээ дагаж үйлдвэрт очдог байсан болохоор тэнд ажиллахад хэцүү байгаагүй аж. Зургадугаар ангид байхад нь тус үйлдвэрийн удирдлага түүнд ээжийнхээ ажилд сайн тусалдаг гээд баярын бичиг хадгалуулж байж. Тийм болохоор хэзээний л ажилчин нь юм шиг л ажилладаг байсан гэнэ.

1963 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байжээ. Хоёулаа жаахан хүүхдүүд. Шаазан ваарны үйлдвэр, Нэгдүгээр сургууль ойролцоо оршдог байж. Б.Гүнжилам гуай “Би наймдугаар ангид байлаа. Манай ангийн Даваажав, Мөнхцэцэг нар кино үзье гэнэ. Бидэн дээр үйлдвэрт ажилладаг гээд хөөрхөн хөөрхөн банди нар ирнэ ээ. Хамт кино үзнэ. Биднийг өнөө үйлдвэрийн ажилчин залуус маань хоолонд оруулна. Гэхдээ хааяа. Хоёр гурван удаа л байх. Тэгж уулзсаар байгаад л дассан даа” гэж дурслаа. Тэгтэл Д.Цээсүрэн гуай буузны гурил тасалж байснаа “Бид тавуулаа нийлдэг байлаа. Таван сайхан шижигнэсэн залуус. Одоо гурав нь л амьд сэрүүн байх шив” гэлээ.

Б.Гүнжилам гуайн сэтгэл нь хөдөлсөн нь илт. Залуу сайхан байх үеийнхээ үүх түүхийг нэгд нэгэнгүй ярина. Ярих бүрт сормуус нь чийгтээд үе үе чимээгүй болчихно. Нулимсаа гараараа арччихаад л ажилчин байсан үеэ дурсана.

Хөдөлмөр зусланд явж, намрын ажлаар Ерөө, Жаргалантын сангийн аж ахуйд ангийнхантайгаа ажилладаг байж. Тракторын чиргүүлэн дээр сууж талбай дээрээ очно. Ангийнх нь дөрвөн хүүхэд тогооч хийнэ. “Мартагдашгүй намар” кинон дээр гардаг яг тэр үйл явдал. Тогооч андууд нь хоолоо хийчихээд “Ерөөгийн чайк” гээд нэрлэчихсэн өнөө чиргүүлэн дээрээ тавиад нөгөөдүүл дээрээ очно. “Ямар гоё байсан юм бэ. Эх орныхоо төлөө ажиллаж байна гэсэн чин эрмэлзэл бидэнд байжээ. Тэр үеийн хүүхдүүд ингэж л ажил хөдөлмөрийн амтыг багаасаа мэдэрч өсдөг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд тийм биш. Ажлын найман цагаа яажшуу нэг юм ачаалалгүй, амар хялбар дуусгаад харьдаг билээ. Зүгээр сууж байгаад явчих юмсан гэсэн бодолтой. Эх орныхоо төлөө гэх сэтгэлгүй, хөдөлмөрийн амт гэж юу байдгийг ч мэддэггүй улс. Энэ бүхэнд хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Төр засгийн л буруу юм шүү дээ” гэнэ.

Хөдөлмөрийн баатар маань өөрийнхөө хүүхдүүдийг хөдөлмөрч, шаргуу зантай болгож өсгөжээ. Тэрээр “Цээсүрэн гэдэг айлын хамгийн үнэт зүйлс бол үр хүүхдүүд маань. Миний хүүхдүүд яасан их хөдөлмөрч гэж санана. Миний том охин ганцаараа л ресторан ажиллуулаад явдаг ш дээ. Олон хүний ажлыг ганцаараа хийдэг гээч. Бага охин маань ч мундаг дайчин. Амаржаад хэдхэн хоноод л магистртаа явж эхэлсэн. Би хүүхдүүдээрээ, бэр, хүргэнүүдээрээ бахархдаг юм” гэж ярилаа. Эхний гурван хүүхдээ төрүүлээд 48 хоногтойд нь үйлдвэрийн дэргэдэх яслид өгчихөөд ажилдаа ордог байж. Өдрийн цайны цагаар очиж хөхүүлнэ. Яслийн нас нь өнгөрөнгүүт үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгт оруулчихна. Ийм маягаар л таван хүүхэд нь торнижээ. Заримдаа хоёулаа шөнийн ээлжинд ажиллах үе бий. Тэгээд үүрээр ирнэ. Ууган хүү нь хаалганыхаа дэргэд эвхдэг цагаан ороо засч унтдаг байсан гэнэ. Аав, ээжийгээ шөнө ирэхэд нь нам унтчихаж магад. Хаалгаа тайлж өгөхгүй бол аав, ээж минь хаачих вэ гэж санаа нь зовдог байсан нь тэр. Б.Гүнжилам гуай хүүхдүүдийнхээ тухай ийн яриад уйлав. “Аав, ээж минь надад их тус болдог байлаа. Тэд маань миний сайн сайхан явахыг хараад, ард түмэн минь надаар бахархахыг үзчихээд бурхан болсон юм шүү дээ” хэмээлээ. Хойно нь орон дээр сууж байсан хөгшин нь сэтгэлийг нь засч “Миний хөгшин одоо уйлаад яах вэ. Сэтгэлээ барь” гэлээ. Тэгтэл баатар маань хүүхэд шиг л нулимсаа гараараа шудраад “Хөгшөөн, ногоо болсон байх. Гаргаарай. Одоо хэдүүлээ сайхан бууз хийж иднэ ээ” гээд хөгжүүн өгүүллээ.

Өвөө, эмээ, зээ хүү гурав бууз хийж гарлаа. Том том цэцгэн бууз. Түрүүн тогоонд чанасан төмс, лууванг гаргаж ирээд наранцэцгийн тос, ногоо амтлагчуудтай хутгаад салат хийчихлээ.

Эднийх улсын баяр, цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Д.Цээсүрэн гуай “Сүүлийн үед ахмадын баяраар хүүхдүүд ирдэг болсон. Тэр өдрөөр бид хоёрыг баярлуулна. Ахмадын баярыг тэмдэглэдэг болсноосоо хойш л өөрийгөө настай болсноо мэдрээд байгаа шүү” гэж инээмсэглэлээ. Хүүхдүүд нь гэртээ ирэхээрээ аав, ээжийнхээ гарын цуйван, бууз, хуушуурыг идье гэнэ. Ястай мах чанаад, шөлөнд нь хоёрдугаар гурил тасалж хийсэн хоолыг хүүхдүүд нь илүү амтархан “Ээжийн шөлтэй хоол хамгийн сайхан нь” гэж магтуулдаг аж. Амралтын өдрөөр шар будаатай, банштай чанаж уух нь эдний гэр бүлийн бас нэг уламжлал.

1994 онд Д.Цээсүрэн гуайд Гутлын үйлдвэрээс нь гутлын ул хийдэг 20 ширхэг резин өгөөд л ажлаас нь гаргаж байжээ. Олон жил ганц ч төгрөгийн орлогогүй байж байгаад 2008 онд тэтгэвэрт гарч мөнгөтэй золгосон гэнэ. Ажилгүй гээд зүгээр суухгүй гэргийнхээ ажилд хамтарна. Д.Цээсүрэн гуай 45 литр цусаа бусдад хандивласан Монгол Улсын Хүндэт донор юм байна.

Ид хийж бүтээх насандаа ажилгүй болцгоосон ч энэ хоёр нэг ч өдөр завтай суугаагүй гэнэ. Зах зээлийн ороо бусгаа цагт ХЭАА байгуулж, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв хүртэл байгуулж байжээ. Аж ахуйгаа авч явахын тулд байраа барьцаалж ч үзсэн гэнэ. Ломбардны хүүг нь төлж чадахгүй болж, ажил нь зогсоход хүрч нэгэн үед хэцүү л байж. Байраа зарж жижиг цехээ хөл дээр нь тогтоохын тулд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж. Тэр үед сургалтын төвд нь явж ажил амьдралтайгаа залгасан хүүхдүүд одоо нас биед хүрсэн, өрхийн тэргүүн, хүний гэргий болцгоочихсон хүмүүс цагаан сараар багштайгаа ирж золгоно.

Б.Гүнжилам гуайг автобусанд, хотын төвд, энд тэнд явж байхад хүмүүс их танина. Хүрч ирээд “Та их сайхан хүн шүү. Би таны туршлагаар ажиллаад гавшгайч, гавьяат болж байлаа. Таныг би хэзээ ч мартахгүй. Та гоё шүү” гэж хэлдэг гэнэ. Үүнд баатар маань маш их урам орно. Б.Гүнжилам гуай ажилчин болсон цагаасаа л мандаж эхэлжээ. 1974 онд “Алтангадас” одонгоор шагнуулж, 1976 онд Төрийн шагнал, 1980 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Б.Гүнжилам гуай энэ л мөчөө өөрийнхөө мандаж явсан үе гэж нэрлэнэ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал, нийслэлийн эмэгтэйчүүдийн хуралд ч удаа дараа сонгогдож байсан нийгмийн зүтгэлтэн байж. Үйлдвэртээ ажиллахын хажуугаар депутатынхаа ажлыг хийжнийслэлд ирсэн гадны зочидтой уулзалт, хурал чуулганд байнга оролцоно. Д.Цээсүрэн гуай “Манай хүн тун ч завгүй. Үйлдвэрээсээ ирээд л хувцасаа солиод уулзалтад явна. Би чинь хүүхдүүдээ хараад үлдэнэ. Өлгийтэй хүүхдээ угжаад л цонхон дээрээ зогсоод ханиа хэзээ ирэх бол гээд л харуулдаад зогсдог байлаа” гэвэл Б.Гүнжилам баатар “Намайг ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн баатар болоход ханийн минь тус их. Ар гэртээ санаа зовох зүйлгүй, сайн түшиг тулгууртай байсан тулдаа л би ажилдаа амжилт гаргасан. Би ханьдаа үргэлж талархаж явдаг” гэж сэтгэлийн үгээ хэлэв.

Б.Гүнжилам гуайн гаргасан санаачлага нь тухайн үедээ маш чухалд тооцогдож, түүний туршлагыг далан мянган хүн ажилдаа ашиглаж байжээ. Энэ талаар тухайн үеийн бүхий л сонин хэвлэлд бичин үлдээсэн байна. Мөн түүний тухай өгүүлсэн баримтат кинонууд ч бий. Баримтат киног нь үзсэн залуус “Хөөх та тэр бүтээлгийг нэхсэн юм уу. Намайг жаахан байхад манайд тийм орны бүтээлэг байдаг байсан”, “Манай өвөөгийнд тэр бүтээлэг одоо ч бий” гээд гайхан, түүхэн баатар хүнтэй уулзаж гар барьсандаа олзуурхдаг гэнэ. Б.Гүнжилам гуай ид мандаж явах үедээ 400 шахам уулзалтад очиж, туршлагаасаа хуваалцаж, ярилцлага хийжээ. Одоо ч түүнийг урьж залдаг газрууд байсаар. Сүүлд Зүүнхараагийн сургуульд очиж уулзалт хийсэн байна.

Б.Гүнжилам “Би зүгээр сууж байгаад баатар болоогүй. Хөдөлмөрлөж байж, эх орондоо юм хийж бүтээж байж баатар гэж цоллуулсан. Ю.Цэдэнбал дарга надад “Алдарт нэхмэлчин” гэдэг цол хүртэл өгсөн шүү дээ” гэлээ. Тэрээр Э.Бат-Үүл даргатай уулзаж, хүсэлт тавьж, санал бодлоо илэрхийлэх гээд олон удаа хотын захиргаан дээр очсон ч доод тушаалын хүмүүс нь түүнийг нэг ч удаа уулзуулаагүй гэнэ. Бүр “Таныг танихгүй. Хэн байх чинь хамаагүй. Өргөдлөө өгөх гэж байгаа бол нааш өг” гэж хүртэл хэлж байжээ. Үүнд нь баатар маань гомддог гэнэ. Бас хөдөлмөрийн баатруудаа төр засаг нь анхаардаггүйд санаа нь зовдог аж. Одоо улсын хэмжээнд 160 гаруй хөдөлмөрийн баатар байдаг бөгөөд нийслэлд дөч, тавиад нь амьдарч байна. Харамсалтай нь энэ тоо жил ирэх бүр л цөөрөөд байгаа. Үүнд нь Б.Гүнжилам гуай сэтгэл эмзэглэдэг гэсэн юм.

Гаднаас нэг залуу ороод ирлээ. Нэр нь Батсайхан. Хөрш нь. Гүнжээ баатар “Энэ залуу бол бид хоёрын баруун гар. Бид хоёрт үргэлж тусалдаг юм. Энэ хашаа хороог барихад хамгийн их тусалсан сайхан сэтгэлтэй залуу” гэлээ. Батсайхан “Цээсүрэн ах аа, хашаа босгох гэсэн юм өргөлцөөд өгөөч” гэв. Цээсүрэн гуай “Одоохон” гээд толгой дохив.

Д.Цээсүрэн, Б.Гүнжилам нар өглөө зургаан цаг гээд босоцгооно. Гүнжээ баатар гимнастик, сагсан бөмбөгөөр багаасаа хичээллэсэн болохоор хөдөлгөөний дутагдалд орохгүй гээд өглөө дасгал хийнэ. Дасгалаа хийчихээд орж ирээд цайгаа чанана. Ингэж л энэ хоёрын өдөр эхэлнэ. Гарч хашаа хороогоо барина. Амбаар, саваа битүүлнэ. Гэрийн эзэн блок цохино. Зарим өдөр хамтдаа хот руу орж ирнэ. Өдөр нь нэг иймэрхүү л байдалтай өнгөрнө.

Д.Цээсүрэн гуайг зэрвэс харвал “Шинэ үсгийн багш” киноны тугалчин Чойжоо гуайтай тун төстэй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөх аж. “Тэр гэр бүлээрээ авахуулсан зургийг хар даа. Тэрэн дээр үгүй ээ мөн төстэй гарсан байгаа биз. Хүмүүс намайг тэр жүжигчинтэй адилхан гээд л байдаг юм” гээд инээлээ.

Б.Гүнжилам гуай ажлын цагаа яаж хэмнэх вэ, яаж хаягдалгүй ажиллах вэ гээд улс эх орондоо хэрэг болохуйц санал санаачилга гаргасан нь тухайн үедээ улс орон даяар хэрэгжжээ. Төрийн шагналтны диплом дээр нь “Нөхөр Б.Гүнжилам ажлын байранд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах оновчтой арга, социалист уралдааны тооцоот дэвшилт хэлбэрийг сэдэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан” гэж бичжээ. Гурван минут тутам утас нь дуусахаар доош бөхийж цаг алдахын оронд дэргэдээ тавцан байрлуулж утсаа байрлуулж, челнокоо цэнэглэхийн тулд цаг гарздахгүйн тулд нөөц челноктой болох, намхан нуруутай ажилчид ажлаа хийхэд түвэгтэй байдаг учир гишгүүрт тавцан санаачилжээ. Энэ мэтээр ажлаа үр дүнтэй хийхэд шаардагдах хэрэгтэй бүхий л зүйлийг нарийн тооцоолон шинэ санаачлага гаргаж байж. Түүний энэ санаачлага хүчээ авч Монголын үйлдвэрчний эвлэлийн аравдугаар их хурлын тогтоолд “…Өөрийн ажилд таван жилийн төлөвлөгөө зохиож, ажлын цаг ашиглах нарийн тооцоо хийсний үндсэн дээр тавдугаар таван жилийн төлөвлөгөөг гурван сар 18 хоногийн өмнө биелүүлэхээр үүрэг аваад ажиллаж байгаа Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Б.Гүнжиламын санаачилгыг бусад салбарт дэлгэрүүлэх нь зүйтэй” гэж тусгаж байсан гэнэ.

Ийн Б.Гүнжилам гуай залуу нас, ид хийж бүтээж байсан цагаа дурсч, одоо, цаашид юу төлөвлөөд байгаагаа илэн далангүй сонирхууллаа. Түүнийг ийм амжилт гаргахад, хөдөлмөрч болоход удам нь нөлөөлсөн гэнэ. Эднийнхэн дархан, мужаан хүмүүс байсан гэнэ. Аав Г.Балжинням нь маш няхуур нямбай хүн байж. Төмөр замд ажиллаж байгаад, Түүхийн төв архивт орсон гэнэ. Түвд хэл, бичиг мэддэг. Хуучин монгол бичгээр бичдэг хүн байж. Охиндоо түвд бичиг, уйгаржин бичиг заана. Орос сэтгүүл байнга захиална. Гүнжээ баатрын ажил дээр нь хүрч ирээд өнөөх сэтгүүлүүдээ өгнө. Ажлын байртай нь танилцаж зөвлөгөө өгнө. Тэгээд энд тэнд очиж индэр дээрээс хэлэх үгсийг нь хүртэл бичиж найруулж өгдөг байсан аж. Ер нь охиноо маш их хурцалж дэмждэг хүн байсан гэнэ. Б.Гүнжилам баатар “Хөдөлмөр болнэр төр, алдар гавьяаны хэрэг мөн” гэсэн уриа лоозонг л чиг шугамаа болгосоор иржээ.

Нэгэн үе, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эгнээг түүчээлэн, ажилчин хүний гараар эх орон хөгждөг гэдгийг ажил, амьдрал, үйлсээр харуулж явсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Гүнжиламын амьдралын нэгэн өдрийг сонирхуулбал ийм байна. Ярьсан болгоныг нь тэмдэглэж, хэлсэн үгс бүрийг нь багтаана гэвэл тоо томшгүй цаг хугацаа орох ийм л баялаг түүхтэй, гавьяатай, хөдөлмөрч эмэгтэй нийслэл хотын баруун урд зүгт их хүсэл мөрөөдөл тээн энгийн сайхан аж төрж байна.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ