Categories
мэдээ цаг-үе

Д.Баярсайхан,Ч.Эрдэнэбулган нарыг хоёр дүүгийнх нь хамт баривчилж, албан өрөөг нь битүүмжилжээ

-ТЭДНИЙГ ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНГИЙН МӨНГӨНӨӨС 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУВЬДАА ЗАВШИЖ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БУЙ БОЛОЛТОЙ-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг өнгөрсөн даваа гаригт ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дүүргийн нэгдүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар баривчлах шийдвэр гарсан байна. Түүнийг яг ямар үндэслэлээр баривчилсан талаарх мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж буй аж. Эх сурвалжийн мэдээллээр Д.Баярсайхан нь доод албан тушаалтнуудтайгаа хуйвалдан ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээний сангийн мөнгөнөөс их хэмжээгээр завшсан байж болзошгүй гэнэ. Д.Баярсайхантай хамт мөн Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нь сэжигтнээр татагдаад хоригдож буй бол төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд, Д.Баярсайханы бас нэг төрсөн дүүг мөн баривчилсан байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад “Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч шалгалтын явцад халамж үйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгүй гэж үзэж буй” гэдгээ ч хэлж байгаа юм. Одоогоор тэдэнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ зүйл ангиар бол “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээжээ. Дээрх хүмүүсээс гадна энэ хэрэгт их бага хэмжээгээр олон хүн холбогдож буй гэдэг мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

ТЭД ХОЁУЛАА НЭГ НУТГИЙНХ

Д.Баярсайхан нь арав гаруй жил Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж буй аж. Тэрбээр энэ албанд ирээд Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганыг ажилд авсан бололтой. Ч.Эрдэнэбулганы хашдаг гэх энэ алба нь хяналт шалгалт, дотооддоо аудит хийдэг юм байна. Тодруулбал, Улсын хэмжээнд хүн амын хөгжил, нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх үүрэгтэй. Мөн байгууллагынхаа эрхлэх асуудлын хүрээний хүн амын хөгжил, нийгмийн халамжийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийдаг. Үр дүнд үнэлгээ өгөх төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх чиг үүрэгтэй ажилладаг юм байна. Тэгэхээр

Санхүү бүртгэлийн газар нь Нийгмийн халамж үйлчилгээний газрын бүх л хууль бус зүйлийг нуух бас илрүүлэх онцгой үүрэгтэй газар аж. Тийм ч болохоор Д.Баярсайхан нутгийнхаа дүүг томилсон бололтой юм. Учир нь Архангайн гаралтай хүмүүс аж. Д.Баярсайхан нь 1996-2000 онд АН-ынхан засаг барьж байх үед аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байжээ. Иймд тэднийг үгсэн хуйвалдаж төрийн мөнгийг хууль бусаар ашиглан завшсан гэж хардаж буй юм байна. Тухайлбал аудитын шалгалт хийх нэрээр Ч.Эрдэнэбулган Д.Баярсайханы хамаг булхайг хаацайлдаг байсан бөгөөд сүүлдээ хамтран хувь хүртэх замаар нийгмийн халамж үйлчилгээний сангаас 4.5 тэрбум хүртэлх төгрөгийг завшиж зарим тохиолдолд компаниудын данс руу шилжүүлэн хэсэг хугацааны дараа буцаан төвлөрүүлдэг байж болох сэжүүр ч олджээ.

ХОРЬ ГАРУЙ КОМПАНИ БАЙГУУЛСАН БАЙНА

Халамж үйлчилгээний сангийн мөнгийг завшихын тулд Д.Баярсайхан нь өөрийн дүүгийн нэр дээр олон тооны компани байгуулсан байна. Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга болсныхоо хоёр жилийн дараагаас төрсөн дүүгийнхээ нэр дээр компани байгуулж эхэлсэн аж. Харин Ч.Эрдэнэбулган газрын даргаар ажилласныхаа гурван жилийн дараа дүүгийнхээ нэр дээр компани байгуулж халамжийн мөнгө завшиж эхэлсэн байж болзошгүй гэнэ. Тэдний энэ үйлдэл нь баримтаар баталгаажиж байгаа бөгөөд Д.Баярсайхан Ч.Эрдэнэбулган нарын ойр дотнын хүмүүийн нэр дээр байгуулсан компани 20 гаруйд хүрээд буй аж. Шалгалтын явцад өөр компаниуд ч шинээр гарч ирж болзошгүй гэж үзэж буй гэнэ. Тэднийг саатуулахаас өмнө удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Мөн шалгалт хийх явцад багагүй төрийн албан тушаалтан холбогдож болзошгүй байсан тул мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлнө хэмээн үзэж яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьжээ. Учир нь Д.Баярсайханыг шалгах явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар хуулийн ажлын хэсгийнхэн ярилцаж хэргийн талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл агахгүй байх асуудлыг ч ярьсан тухай эх сурвалж хэлж буй юм. Тэд хэрэгт хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар улс төр орчихно гэж эмээж буй бололтой.

С.ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ГАРСАН Ч …

Энэ хэргээс улбаалан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж магадгүй гэх мэдээлэл түгж зарим цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодруулахад “Ингэж хүн гүтгэдгээ болих хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд нь шалгах асуудал байгаа бол шалгаад үнэн зөвийг тогтоох байх” хэмээн зарим нэг хэвлэлд хариу өгсөн байв.

70 ГАРУЙ ТӨРЛИЙН ХАЛАМЖ ТҮГЭЭДЭГ

Нийгмийн халамж үйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар түгээдэг. Хөндлөнгөөс харахад Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг нэг газар боловч энэ байгууллагаар олон тэрбум төгрөг иргэдийн гар дээр очдог. Иргэний гар дээр очихдоо энэ мөнгө 200, 300 гэх бага мөнгөн дүнгээр тараагддаг боловч олон хүнийг хамруулж бодох юм бол энэ нь их хэмжээний дүн болоод явчихна. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компани данс руу шилжсэн гэх мэтээр баримт гарч ирж буй юм. Манай улсад мөнгө өгөх халамжийн үйлчилгээ нийт үйлчилгээний 95 хувийг эзэлдэг. Энэ нь албан тушаалтнуудад мөнгө завших сэдэл болсон бололтой. Халамж үйлчилгээнийхэн төрийн мөнгийг шамшигдуулсан хэрэг анх удаа илэрч буй тохиодол нь энэ уудагийнх биш юм. Дөрвөн жилийн өмнөөс гарч эхэлсэн бөгөөд эхний хэрэг хийсэн хүмүүс нь шүүхээр шийтгүүлсэн. Гэхдээ газрын даргын оролцсон энэ хэрэг арайл хэтийдсэн, бусдын дургүйг хүргэхээр байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Г.ТАНА

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрхэмбаяр: “Нүцгэн дурлал”, “Миний нууц хүү” жүжгийн дүрүүддээ илүү хайртай

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Бөхөөр хичээллэдэг, спортод дуртай байсан хүү яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Өвөө маань бөхөд дуртай хүн байсан юм. Намайг бөх болгоно гэж үргэлж ярьдаг байсан л даа. Өвөөгийн маань хүсэл сүүлдээ миний сонирхол болсон. “Алдар нийгэмлэг”-т чөлөөт бөхийн секцэнд дөрөв, таван жил хичээллэсэн юм. Ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ дээд сургуульд орно гэж огт бодож байгаагүй. Төгссөн чинь гэнэт л дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Манай ангийнхан орох сургуулиа ярилцацгаагаад эхэлдэг юм. Би ч нээрээ юу болох билээ гэж бодоод тэр орой нь гэртээ хариад ээжтэй ярилцсан. Ээж ааваараа яриулаад Батлан хамгаалахын дээд сургуульд орох уу гэж асууж байна. Аав цэргийн хүн л дээ. Сүүлдээ гэр бүлээрээ ярилцаж байгаад ээжийн удамд урлагийн хүн байдаг гэдэг дээр тогтлоо. Тэгээд л жүжигчин болъё гэж шийдчихсэн. СУИС-ийн шалгалтад өөрийнхөөрөө бэлдээд хэдэн дуу, шүлэг цээжлээд орлоо. СУИС-ийн шалгалтад эхний дүрдээ тэнцсэн, хоёр дахь дүрдээ бас тэнцлээ. Дараагийн шатанд монологи үзүүлэх байсан юм. Тэрийг нь мэдэхгүй болохоор СУИС-д тэнцээгүй. Батлан хамгаалахын дээд сургуульд оръё доо гэж бодоод Жуковын музейн автобусны буудал дээр бууж хойшоо гэрлүүгээ алхаж байтал “Зохиомж” дээд сургууль операторын анги, жүжигчний ангид элсэлт авч байна гэсэн бичиг олж харсан. Нэгэнтээ л жүжигчний ангид оръё гээд зориод явж байсан юм чинь гээд шууд ороод шалгалт өгөөд тэнцсэн.

-Төгсөөд Драмын театрт ажилласан байдаг. Театрын босго өндөр гэдэг шүү дээ. Яаж тэнцэж байв?

-Тэр их азтай юм болсон. Намайг сургууль төгсөх үед “Сонгодог жүжгийн шилдэг дүр” шалгаруулах уралдаан болдог байсан юм. Одоо ч болохоо байсан шиг байна лээ. Жүжигчдийг төгсөх курсийн оюутнуудтай өрсөлдүүлдэг байсан юм. “Маск”-ын Мөнхсайхан ах “Отелла” жүжгээр түрүүлж байсан. Дараа нь өндөр Түвшин ахыг “Абсурд” жүжиг хийж түрүүлж байхыг нь мэднэ. Миний орсон тэмцээн гурав юм уу дөрөв дэх жил нь байсан. Тэр тэмцээнд ороод жүжигчидтэй, үеийнхээ оюутнуудтай Антон Павловичийн “Хунгийн дуу” жүжгээр өрсөлдөөд гуравдугаар байранд ордог юм. Гуравдугаар байранд орж мэргэжлийн жүжигчдийг ардаа орхино гэдэг миний хувьд үнэхээр сайхан, том зүйл байсан. Тэр үед л “Зохиомж” дээд сургууль байдаг юм байна гэж хүмүүс мэдэж авсан. Хүмүүс СУИС, Кино урлагийн дээд сургуулийг л мэддэг үе шүү дээ. “Зохиомж” дээд сургуулийг олонд таниулсан хүн гэж бараг болно доо. Тэгэхэд гуравдугаар байрын шагналыг нэг таягтай хүн өгч байсан юм. Тэр хүн шагнал өгчихөөд сургуулиа төгсөөд ирээрэй гэсэн. Тэр хүн маань МУГЖ Баатар найруулагч байж. Анх тэр хүн л намайг театр руу хөтөлж оруулсан.

-Та театрт хэр удаан ажилласан бэ?

-Тэмцээнээс хойш би өдөр болгон театр руу орж хулгайгаар жүжиг үздэг болсон. “Ромео, Жульетта” жүжгийн бүх тоглолтыг үзлээ. Тэр үед “Надаар тоглосон хайр” гэдэг жүжиг жинхэнэ мандаж байсан. Бараг 20 гаруй удаа үзсэн. Сүүлдээ өөрөө тэр жүжгэндээ тоглодог болсон доо. Театрт ажиллаж байхдаа ээжийнхээ өвөө Шаравдоогийн өрөөнд ажилладаг байлаа. Бас л бахархалтай л байдаг юм билээ. Ингээд бодохоор театрт 2003 оноос хойш “Мөрөөдлийн театр” байгуулагдах хүртэл ажилласан байна. “Мөрөөдлийн театр”-аа 2011 онд байгуулсан юм. Театрт найман жил ажилласан байна. 2003 оноос 2011 он хүртэлх театрт тавигдсан бүх уран бүтээлд тоглосон. Жилд гурав, дөрвөн жүжигт тоглосон байдаг юм.

-Театрын бодлого менежментийн хувьд таалагдаагүй учраас гарсан гээд байдаг үнэн үү?

-Энэ бас хоёр талтай л даа. “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өдий зэрэгтэй жүжигчин болоод явж байгаа минь театрын маань гавьяа. Театрын ахмадуудаас, жүжигчдээс тайзан дээр таван үг холбож сурсан. Тайзан дээр аятайхан алхаж, жүжиглэхийг сурсан. Ингэж өдий зэрэгтэй явж байгаа минь яг үнэндээ Драмын театрын хүч.

Гадна талдаа маркетинг менежмент, одоо гарч ирж буй залуу үедээ тохирсон бодлого ч гэдэг юм уу тэр юмаараа бол дутмаг. Тэрүүгээрээ л хойшоо суугаад байгаа юм. Босго өндөртэй гэж ярьсан мөртлөө яагаад хүмүүс театраас гараад байна вэ. Одоо тэр залуучуудыг хар л даа. Шагай бид хоёр гарлаа, Хулан, Ганцэцэг хоёр гарсан, Урнаа эгч, Ганчимэг, Ганцэцэг нар гараад явчихсан. Яг үнэндээ бол гарсан хүмүүс бүгд жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ бас нэг юм хэлээд л байна шүү дээ.

-Театр ингэж ажилладгийг харуулна гэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан гэж та ярьсан байсан. Хүмүүс олон сайхан жүжиг тоглоно гэсэн хүлээлттэй байгаа. Одоо бол танай хамтлаг хошин шогийн тоглолт л хийгээд байна. Илүү арилжаа тал руугаа яваад байгаа юм биш үү?

-Бид мөрөөдлийн уран бүтээлээ хийе гэж байгуулсан хамтлаг шүү дээ. Анх “Миний нууц хүү” сонгодог жүжиг тавьсан. Дараа нь “Тэр чинь би” гээд бас сонгодог жүжиг тавьсан. Манай хамтлаг “шоу драм” гэдэг жанраар уран бүтээлээ туурвидаг. Манай тоглолтыг үздэг хүмүүс мэддэг. Нэг цагийн жүжиг хийгээд араас нь хоёр номер хийдэг ч юм уу. Хамтлаг болгон өөрсдийн өнгө аястай шүү дээ. Хүчээ сориод үзье гээд цэвэр хошин шогийн тоглолт хийж үзсэн. Хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг үүднээс бид “Утасгүй бол үхлээ юу” гэдэг жүжиг тоглосон. Маш амжилттай болж хүмүүс сайхан хүлээж авсан.

Хоёрт, “Мөрөөдлийн театр”-ыг зориод ирж байгаа олон залуу уран бүтээлчид байгаа юм. Тэр хүмүүст цалин өгөхийн тулд арилжааны тоглолт хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн жүжиг тавина гэвэл амьдрал зогсоно. Батаа, Шагай бид гурав гурвуулхнаа цалин авч байгаа бол өөр хэрэг. Бид гурав 20 гаруй хүн тэжээгээд явж байна. Тэр утгаараа шоу хийж байна. Цаашдаа ч гэсэн хошин тоглолтоо хийгээд явна. Сонгодог жүжгээ ч тавина.

-Та голдуу ямар дүр бүтээж байна?

-Кинон дээр бол эсрэг тал руугаа л тоглоод байна. Тайзны уран бүтээл дээр дурлалт залуу, даруухан тал руу нь илүү их сонгогддог. Тайз дэлгэц хоёр өөр л дөө.

-Киноны санал их ирдэг ч голомтгой гэж дуулсан. Ямар дүрийг сонгож тоглоод байна?

-Дүр сонголтондоо гол биш. Нэлээд хэдэн шалтгаан байна. Сүүлд тоглосон киноноос хойш гол болон туслах дүрийн долоо, найман киноны санал ирсэн ч огт тоглохгүй байгаа. “Мөрөөдлийн театр”-ынхан удахгүй кино хийх гэж байгаа юм. Тиймээс өөр уран бүтээлд тоглохгүй гэсэн хамтлагийн яриа бий. Хоёрт, зохиол нь дахиад л гомо залуугийн дүр орж ирсэн. Тэр нэрийг арилгая гэж ядаж байхад дахиж тоглоод яахав дээ.

-Гомо залуугийн дүрд тоглосны тань дараа залуус их залгаж сонирхсон гэсэн үнэн үү?

-Нэг залуу байнга яриад, өглөө нь сайхан амарсан уу, орой нь сайхан амраарай гээд байсан. Их муухай санагдсан. Төсөөлмөөргүй юм байна лээ.

-“Мөрөөдлийн театр”-ын гурав яагаад нэгдэх болов?

-Яагаад ч юм Шагай бид хоёрыг театраас гарахад Батаа тэр үед хамтлагаасаа гарч таарсан юм. Бид гурав уулзах л ёстой байсан юм болов уу гэж боддог. Тал талаасаа тэгж л таарсан хэрэг. Бие биенээ гараач гэсэн юм бол байхгүй. Бүгд өөрсдөө дор дороо л шалтгаантай байсан. Уулзаад нэг юм хамтарч хийх үү тэгье гээд л тэр дороо гоё эвлээд л болсон зүйл.

-Навчаа, Ааяа гээд чадварлаг эмэгтэй жүжигчид танай хамтлагт тоглодог. Бас залуу жүжигчдээс Дөлгөөн, Баярмаа, Намуунаа нар байдаг. Та гурав санал тавьсан уу, эсвэл өөрсдөө тоглоё гэсэн үү?

-Ааяа эгчийн хувьд бид дөнгөж “Мөрөөдлийн театр” байгуулж байхад эмэгтэй жүжигчдээс нэг түшигтэй хүн хэрэгтэй байсан юм. Эмэгтэй жүжигчид бүгд өөр өөрийн хамтлагтай байсан. Тэр үед Ааяа эгчид санал тавьсан чинь зөвшөөрсөн. Ааяа эгчийн бие чилээрхээд оронд нь хэнийг тоглуулах вэ гэж ярилцаж байгаад Навчаа эгчид санал тавьсан. Тэрнээс хойш Навчаа эгч маань манай гурав, дөрвөн тоглолтод хамтарч байна. Хөдөө орон нутгаар хамт яваад ирлээ.

Дөлгөөний хувьд манай анхны “Миний нууц хүү” жүжигт тоглож байсан. Тэрнээс хойш би “Мөрөөдлийн театр”-т үлдэнэ гээд үлдсэн юм. Сүүлийн хоёр, гурван тоглолт дээр маамуутай учраас ороогүй байна. Намуунаагийн хувьд бид “UBS” телевизийн “To be or not to be”-г хөтөлж байсан тэр жил хоёрдугаар байранд орж байсан. Намуунааг театртаа урьсан. Биднээс гадна Драмын театрт ажиллах урилга нь ирчихсэн байсан юм. Намуунаа өөрөө “Мөрөөдлийн театр”-ыг сонгож ирсэн.

-Таны хамгийн хайртай дүр юу вэ?

-Миний хувьд хоёр бүтээлдээ илүү хайртай. Хоёулаа анхных гэдэг утгаараа. Театрт байхдаа гол дүрд тоглосон, хамгийн их хөлс хүч шаардсан бүтээл. Хамгийн их хөлс дуслуулсан уран бүтээл. Эхнийх нь “Нүцгэн дурлал” инээдмийн жүжиг. Хоёр дахь нь “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийн ууган хүүгийн дүр.

-“Мөрөөдлийн театр” ямар кино хийх гэж байна?

-Анхны кино маань “Ээжийн дайсан” гэдэг кино. Одоо хоёр дахь уран бүтээлийн зохиол яригдаж байгаа. Мэдээж инээдмийн кино хийнэ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Манай хамтлаг бүтэн жилээр төлөвлөгөөгөө гаргачихдаг. Одоо Европын орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байна. Энэ жилийн төлөвлөгөөндөө оруулчихсан байсан юм. Бид залуучууддаа боломж олгож нэг нэгээр нь ээлжлээд авч явдаг. Дөлгөөнийг Америк, Баярмааг Япон, Чукагаа Солонгосоор авч явсан. Одоо Намуунааг Европоор авч явах гэж байна. Монголд арванхоёрдугаар сарын 4-нд ирнэ. Дараа нь Өвөр Монгол руу тоглолтоор явна. Долоо хоног явж ирчихээд арванхоёрдугаар сарын 10-наас Улаанбаатарт суурин байна. Тэгээд л шууд шинэ жилийн ажилдаа орно доо.

-Та шинэ жилээр өвлийн өвгөн болоод байдаг, энэ жил бас хүүхдүүдэд бэлэг тараах уу?

-Сүүлийн үед Жагаа ах бид хоёрт өвлийн өвгөн болох санал их ирж байгаа. Санал ирвэл өвлийн өвгөн болно. Жагаа ах маань Гомбосүрэн гуайг залгамжилж өвлийн өвгөн болж байгаа. Харин би Жагаа ахаас сураад л явж байна. Батаа, Шагай хоёрын хувьд энд тэнд хөтлөгч хийх байх.

-Өвлийн өвгөн болоход төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?

-Нэг удаа 600-800 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Жилд хэдэн тоглолт хийнэ гэж төлөвлөдөг вэ?

-Хавар, намар шинэ уран бүтээл, хүүхдийн тоглолт гээд жилдээ дөрвөн тоглолт хийчихдэг. “Мөрөөдлийн театр” хүүхдийн жүжгийг хамгийн анх эхлүүлсэн. Театрт л хүүхдийн театр гэж байснаас ямар нэг хамтлаг хүүхдэд зориулсан тоглолт жүжиг тавьдаггүй байсан. Манайх зургадугаар сарын 1-нд “Цондоолой, Цүндээлэй” гээд зөвхөн хүүхдүүдэд зориулсан тоглолтыг “Ирмүүн”-ийхэнтэй хамтарч тавьсан. Дараа нь “Динза Цондоолой ба харь гарагийнхан” гэсэн жүжиг тоглосон. Үүний дараагаас л “Маск”-ийнхан “Буратино” гэх зэргээр хүүхдийн жүжиг тавьж эхэлж байна. “Шинэ үе” бас хийгээд эхэлсэн. Хүүхдэд зориулж ийм зүйл хийх хэрэгтэй гэдгийг анх санаачилсандаа баяртай байдаг.

-Эрхэмбаяр гэдэг хүн амьдрал дээр аль дүртэйгээ илүү ойр вэ?

-“Надад өгөөгүй хайр” киноны дүр маань ойртож очино. Ер нь дуугүй талдаа, зожиг ганцаараа байх дуртай. Гудамжаар явахад намайг “Амьдралд тавтай морил” киноны Билгээгээр их таньдаг. Хаяахан “Мөрөөдлийн театр”-ын инээдмийн дүрээр хараад байх шиг санагддаг. Зөрж өнгөрсөн хүмүүс жуумалзах нь бий.

-Хамгийн их судалгаа хийсэн дүр чинь юу вэ?

-“Надад өгөөгүй хайр”-ын сохор залуугийн дүр. Тайзан дээр хоёр цаг сохор хүний дүрд тоглодог учраас судалгаа их шаарддаг. Би Багшийн дээдээс Драмын театр руу нүдний шил зүүчихээд нүдээ аниад явчихдаг байсан.

-Танай хамтлаг залуу уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьж авч байна?

-“Мөрөөдлийн театр” одоо залуу боловсон хүчин авна. Төгсөх курсийн, төгсөөд ажилгүй байгаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой залуусыг шалгаруулж авна. Оръё гээд ирсэн залуусыг авч нэг уран бүтээл дээр ажиллаад үзье гэж хэлдэг. Уран бүтээл дээр ажиллахад л тэр хүн нэвт уншигддаг. Хувь хүн талаасаа ямар вэ, эвдэрсэн үү, үгүй юу, тайзан дээр хэр авьяастай байна, хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байна уу гэдэг нь харагддаг. Театр шиг хоёр жил дагалдан хийлгэнэ гэж байхгүй. Хоёр гурван сар л хангалттай.

-Гадаадад тоглолт хийхээр хэр их хүн үздэг вэ?

-Сайн үздэг. Солонгос, Японд харлачихсан хүмүүс андашгүй. Орж ирээд л хоёр тийшээ хараад түгшүүртэй харагддаг юм билээ. Гадаад руу явахдаа залуучуудын холбоо, гадаадад байдаг монголчууд, оюутны холбоо зэрэг байгууллагуудтай холбогддог. Зарим нь танай хамтлагийг сонирхоод байна гээд санал тавьдаг юм.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

О.Батсүх: Хубилай хааны түүх Чингис хааныхаас дутахгүй

“Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр “Их Хүннү” уран бүтээлийн нэгдлийн захирал О.Батсүх “Хубилай хаан, Монголын их Юань улс” бүтээлээрээ шалгарсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та Хубилай хааны тухай бүтээлээрээ “Жек Уотерфорд” сангийн тэргүүн шагналын эзэн болсонд баяр хүргэе.

-Энэ шагналыг авсандаа сэтгэл өндөр байна. Эл номыг бичих гэж судалгаа хийж арваад жил болсон. Хубилай хааны бодит дурсгалууд их байдаг. Тэдгээрийг нь олж харъя гэж гадаадын судлаачид ч их судалдаг, харин монголчууд бид хэрхэн мэддэг билээ гэж судалсан. Ер нь Хубилай хааны түүх их сонин. Юу гэхээр өвөг эцэг Чингэс хааныхаа түүхээс хол давсан түүхтэй хүн шүү дээ. Төрсөн нутгийнхаа хил хязгаараас даван гарсан газар нутгийг байлдан дагуулснаараа тэр гайхамшигтай. Агуу хүн гэдэг бол өөрөө их түүхийг араасаа дагуулдаг юм байна. Нэгэн цагт Хубилай хаан морьтон монголчуудаа дагуулан өнөөгийн Хятадын нийслэл Бээжин хотыг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулахыг хичээсэн. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорьсон. Судалгааны явцад энэ хааны түүхийг гайхан биширч явснаас биш, ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж бодоогүй явлаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуайн бичсэн “Монголын товч түүх”-ийн номонд их түүхийг арав арван жилээр эмхлэн бичих хэрэгтэй гэсэн байдаг. Тэр үүднээс би энэ номыг бичсэн юм. Монголын ард түмэн их түүхээ мэддэг байгаасай, ойлгодог байгаасай гэж би боддог. Шагналын хувьд “Жек Уотерфорд” сангийнхан нэлээд олон эрдэмтдийн бүтээлийг хэлэлцүүлэн манай энэ бүтээл дээр дийлэнх нь санал өгсөн юм билээ.

-Юань гүрнийг үндэслэгч их хааны тухай түүхэн, судалгааны зурагт номыг арав гаруй жилийн судалгааны үр дүнд бүтээсэн гэлээ. Судалгааны ажлаар хэдэн улс дамнан аялсан бол?

-Орос, Иран гэх мэт Юань гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар явсан. Юань гүрний дагуур Алтан ордны улсаас, Ил хаадын улс хүртэлх Дундад Азийн асар их, өргөн уудам газар нутагт Хубилай хааны зарлиг тушаал, гэрэгэ хүрч байсан гэхээр бахархам юм билээ. Зарим нэг бэрхшээлтэй асуудлууд байсан л даа. Юу гэхээр судалгааны ажлаар гадны орны архивт суугаад ном зохиол, олдвортой таараад түүнийгээ уншиж, ойлголт дөнгөж авч байх үед “Одоо болно, энэ чинь манай түүх” гэх мэтээр нүд үзүүрлэх үе бишгүй. Учир нь түүхийн үнэт олдвор хэрэглэгдэхүүнүүд яах аргагүй тухайн улсын өмч болсон байдаг. Энэ нэг талдаа харамсалтай боловч нөгөө талаараа гайхмаар зүйл. Монголын нэгэн их хааны ул мөр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байгаа нь л түүх юм. Ер нь манайхан Хубилай хааныг Хятад улсад байсан хаан л гэцгээдэг. Гэтэл ачир дээрээ тийм биш юм билээ. Солонгос, Тайланд гэх мэтийн Азийн орнуудад хүртэл нэр суу нь түгж, тэр улсын хаанд охиноо бэр буулгасан зэрэг сонирхолтой түүх арвин бий. “Түүхэн өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбарт бүтээл бий болсон юм. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээлээ.

-Хубилай хааны тухай Америкийн эрдэмтэн нэлээд сайн судалгаа хийсэн байдаг. Түүний бүтээл танд нэлээд тус болсон байх. Япон руу дайлаар мордох үед живсэн усан онгоцны үлдэгдэл зэрэг нь таны судалгаанд тусгагдсан уу?

-Хамрагдалгүй яахав. Тэдгээрээс гадна Хубилай хааны үүсгэн байгуулсан одон орон судлалын багаж, 1287 онд бариулсан Төрийн удирдлагын их сургууль зэрэг байна. Өнөөгийн намар нь сургалт эхлээд, хавар төгсдөг дэлхийн боловсролын системийг Хубилай хаан үүсгэсэн байгаа юм. Мөн монгол төрийн залгамж халааг бэхжүүлэх зорилгооор элэнц өвөг, эмгээс эхлэн өөрийн үе хүртэлх хаад хатдын тахилын өргөөг босгосон байдаг. Хубилай хаан шарын шашныг шүтэж Пагва ламыг Улсын багшаар өргөмжилсөн ч нөгөөтэйгүүр монгол туургатны язгуур шашин тэнгэр үзлээ дээдэлж байсны илрэл юм. Зөвхөн хаад хатад ч гэлтгүй авга ах нарыгаа буюу Зүч, Цагаадай, Өгэдэй, өөрийн аав Тулуй тэргүүтнийг мөн шүтээн ордондоо мөнхөлсөн түүхтэй. Харамсалтай нь тэр шүтээн ордон одоо үгүй болж дээ.

-Таныг судалгааны ажил хийж явах үед Хубилай хааны үр сад гэх хүн таарав уу?

-Өвөр Монголд түүний удам угсааны хүмүүс байдаг гэсэн. Манай алтан ургийнхан шиг “би, би” гэсэн ойлголт харьцангуй бага юм билээ. Хубилай хааны удмын хүнийг яаж тогтоодог вэ гэхээр овгийн тамгаар нь тогтоодог юм билээ. Тэр овгийн хүн байна гээд тамгыг нь хараад эрдэмтэд тогтоодог юм. 1215 онд өвөө нь Хятад гүрнийг эзлээд ирэх үед Хубилай хаан төрсөн байдаг. Яг энэ жилээс хойш 1370 он хүртэл 155 жил Юань гүрнийг манайхан захирсан. Энэ бүхнийг би номынхоо есөн бүлэгт багтаасан.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн билээ. Түүхийн ийм том судалгаа хийсэн юм чинь түүхч хүн үү?

-Би түүхч судлаач биш. СУИС-ийг театр, киноны найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад эх орноо төлөөлөн Өвөр Монголын “Одон” телевизэд баримтат кино найруулагчаар очсон. Тэндээ гадаадын найруулагчидтай хамтран кино бүтээж байгаад Хубилай хааны түүхийг судалж эхэлсэн. Ингээд түүхэн баримтат кино хийхээр сэтгэл шулуудаж, улмаар Хубилай хааны тухай түүхэн ном бүтээлээ. Кино маань есөн ангиар цацагдсан. Кино гарсны дараагаас л эхлэн ном болгон хэвлүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирж байлаа.

-Түүхэн ном бүтээнэ гэдэг амаргүй даваа биз?

-Баримтат кино бол амархан. Судалгааны дагуу хөгжмийн зохиолчтойгоо ярилцаад, баримтуудаа шигтгэж өгнө. Харин ном бичнэ гэдэг бол асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм байна. Аливаа шинэ бүтээл өмнөх бүтээлүүдээсээ улбаалан гарах нь зайлшгүй учраас өмнө нь гарсан ном зохиол, түүхэн баримтуудыг уншиж судална гээд цаг хугацаа их зарцууллаа.

-Таны эл бүтээлийг харахад бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд оччихсон юм шиг санагдлаа.

-Энэ бүтээлтэй холбоотой зарим нэг сургуулиуд докторын зэрэг хамгаалаач, сэдэв чинь бэлэн байна гэсэн санал, сонголтууд ирж байна. Оны сүүлчээр сонголтоо хийгээд суралцана даа. Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Евроази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан. Үүний улмаас Хубилай хаан өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө, дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байсан. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэн мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ. Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань Улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малтлага хийсэн “Улаанбаатар” их сургуулийн багш Эрдэнэбаатар гэдэг залуутай хамран ажиллаж байна. Сүүлийн гурван жил явж зургийг нь авсан. Хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Монгол археологичоор ахлуулсан судалгааны баг маань амжилттай ажиллаж байна. Эх орныхоо үнэт олдворт хөрөнгө оруулах сонирхолтой монгол бизнесменүүд олон байна. Түүнээс биш гадаадын төсөл хэрэгжүүлэгч нар Монголын газар нутагт, манай археологичдын мэдлэг чадварыг ашиглаж малтлага хийчихээд дэлхийд цацахдаа өөрсдийнхөө нэрээр гаргадаг гашуун сургамж зөндөө байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв

“Мандал даатгал”-ын эрсдэлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа гаргажээ.

Монголын эрсдэлийн тайлангийн хувьд гурав дахь удаагаа бэлтгэн гаргаж байгаа нь энэ юм. Шинжээчид энэ оныг “АНУ-ын хувьд эдийн засгийн хувьд өсөлт ахисан, Европын тухайд өсөлт удааширсан, Хятадын хувьд эдийн засаг өсөлт бууралттай жил болж байна” гэж дүгнэжээ. Энэ утгаараа олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө сөрөг байгаа аж.

Монголын эдийн засгийг тэд дотоод эдийн засгийн хувьд ханшийн өндөр өсөлттэй, өрийн дарамттай, уламжлалт бус мөнгөний бодлогоос үүссэн инфляцийн өсөлттэй, мөнгөний урсгалын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн өсөлт саарсан, банк санхүүгийн системд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж оношилжээ. Үүнээс гадна ханшийн өндөр хэлбэлзлийн улмаас хувийн хэвшил, иргэдийн валютын ханшаас хүлээх алдагдал ноцтой хэмжээнд тулж бизнесийн ашиг, орлогыг хамах болсноор хүнд нөхцөл байдал дунд байна гэсэн анхааруулгыг онцолжээ. Хамгийн гүнзгийгээр хямарсан гэгддэг 2009 оны сүүлээр ажилгүйдлийн түвшин арав гаруй хувьд хүрч байж. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч буурчээ. Уг үзүүлэлтийг “Мандал даатгал”-ын шинжээчид эрс сайжирсан үзүүлэлт гэж тодотгожээ. Ажилгүйдлийн түвшин тав орчим хувьд хүрсэн үед хөдөлмөрийн зах зээл хэвийн түвшинд орлоо гэж үзнэ хэмээн Монгол банкнаас мэдэгдэж байгаа. Харин шинжээчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хэвийн түвшиндээ хүрэх хараахан болоогүй хэмээн үзэж байгаа аж.

Их гүрнүүдийн хоорондын зөрчил дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгаа ч Монголд шинэ боломж өгнө гэж “Мандал”-ынхан тайландаа онцолжээ.

Эрсдлийн тайланд “Украины хямрал ОХУ-ыг барууны орнуудаас зайгаа барихад хүргэж Хятадтай ойртох шалтгаан боллоо. Харин Монголын хувьд дунд нь оршиж байгаа боломжоо аль ч талдаа ашигтай байдлаар эргүүлж чадвал эдийн засаг маань дан ганц түүхий эдийн үнээс хараат бус болох боломжтой” гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. Гэвч нөгөө талд Орос, Хятадаас улам хүчтэй хамааралтай болох эрсдэл ч байгааг үгүйсгэсэнгүй. Шинжээчид эрх баригчдад “Хоёр их гүрний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ улсаа хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэсэн асуултанд нэн даруй хариулж, урт хугацааны бодлого боловсруулан төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлага үүсч байна” гэсэн зөвлөгөө өгчээ.

Америкийн хувьд энэ жил хөдөлмөрийн зах зээл сэргэсэн, санхүүгийн зах зээл сайжирсан үе байж. Ирэх онд улам сайжрах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. АНУ хямралын дараагаас эдийн засгаа эрчимжүүлэх мөнгөний хүчтэй тэлэх бодлогыг явуулж ирсэн аж. “Мандал”-ын шинжээчид олон улсын эрсдлийн тайландаа Америкийн хэрэгжүүлж буй бодлогын талаар “2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл мөнгөний бодлогын хүүг 5.25 хувиас 0.25 хувь болтол эрчимтэй бууруулж тэлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүллээ. Энэ нь Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авч хөрөнгө оруулалт хийн хүүг бага түвшинд барих замаар нийт эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг өдөөх зорилготой юм. Уг хөтөлбөрийг 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж өдгөө гурав дахь үеийн хөтөлбөр нь хэрэгжиж байна. Гурав дахь хөтөлбөр нь 2012 оны есдүгээр сараас эхлэн сар бүр 40 тэрбум ам.долларын моргэйжээр баталгаажсан үнэт цаас худалдан авснаар эхэлсэн юм. Удсан ч үгүй арванхоёрдугаар сараас сар бүр 85 тэрбум ам.доллараар худалдан авалт хийх шийдвэр гарчээ. Ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дорвитой сэргэхгүй байсантай холбоотой. Хоёр жилийн дараанаас 85 тэрбумыг бууруулж өнөөгийн байдлаар 15 тэрбум болголоо. Уг хөтөлбөрийг оны эцэст зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү бууруулж байгаа нь эдийн засаг сэргэж байгааг илтгэх юм. Харин төв банк нь бодлогын хүүг эргэн өсгөхөө харзнах болсноо мэдэгдсэн. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгааг илтгэлээ” хэмээн онцолжээ.

Америкийн нөхцөл сайжирч байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгаа гэж дүгнэсэн шинжээчид Европын байдалд сайн дүн тавьсангүй. Шинжээчид тайландаа “Украин, ОХУ-ын асуудал Европ, АНУ, ОХУ-ыг хамарсан өргөн цар хүрээтэй их гүрнүүдийн хоорондох асуудал болж хувирлаа. ОХУ ба АНУ, Европын холбооны бие биедээ сөргүүлэн тавьсан эдийн засгийн хоригууд нь дөнгөж өндийж байсан Европын эдийн засагт хүндхэн цохилт болж ирлээ. 2015 онд ч нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Үйлдвэрлэлийн индекс өсч байсан ч буурч эхэллээ. Уг нь 2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 48 нэгжээс 54.2 нэг хүртэл өссөн нь эдийн засаг илт сэргэж байгааг илэрхийлж байсан. Гэвч 2014 он гарсаар Украины маргаан дэгдэж, цар хүрээ нь их гүрнүүдийн түвшинд хүрч эдийн засгийн бодит хоригууд тавьсан нь Европ, АНУ, ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засагт итгэх итгэл буурч Европын эдийн засаг эргээд агших эрсдэлтэй боллоо. Ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа нь гол эрсдэл хэвээр байна” хэмээн дүгнэжээ.

Ажилгүйдэл өндөр түвшнээсээ буухгүй, Засгийн газрын өрийн хэмжээ багасахгүй байгаагаас гадна Украины хямрал хүндэрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг дагуулж байгаа аж. Европын холбоо, ОУВС-гаас Европын энэ оны эдийн засгийн өсөлтийг 1-1.2 хувь гэж таамаглаад байгаа юм.

Урд хөршийн хувьд энэ онд эдийн засаг нь сайн байгаагүй гэнэ. Үүний шалтгааныг шинжээчид “Хятад Улс дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэх тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгавруудыг хийж эхлээд байгаа юм” гэж тайлбарлажээ. Системийн хэмжээний ийм томоохон өөрчлөлтүүдээ богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол эдийн засгийн өсөлт нь саарах эрсдэл урд хөршид бий аж. Өсөлт нь саарвал түүхий эдийн уналтаар дамжиж Монголын эдийн засагт ч хүнд цохилт ирэх эрсдэлтэй гэнэ. Хятадын эдийн засаг саяхныг хүртэл мэдэгдэхүйц муудаагүй байсан ч ирэх жилүүдэд таагүй хэвээр үргэлжлэх төлөв ажиглагдсаар байгаа юм байна.

Нийт экспортынх нь 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, гадагш нь зарж валют болгодог эрдсийнхээ 90 гаруй хувийг зөвхөн Хятадад худалдаалдаг монголчуудын хувьд анхаарах нэг зүйл байгаа аж. Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн харилцаа үүсгэх шаардлагатай гэж шинжээчид зөвлөж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна

-“САЙН” ГЭХ АМ ДАМЖСАН ЯРИАГААР МАЛЫН АСД ГЭХ ЭМИЙГ ХҮМҮҮС ИХЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ-

Хүн эрүүл мэнддээ хамгийн хариуцлагатай байх ёстой. Гэтэл иргэд “сайн” гэх аман ярианы үнэн эсэхийг өөр дээрээ туршиж байгаа нь харамсалтай. “Бүх төрлийн өвчинд сайн. Төгс эдгээнэ” гэх ам дамжсан аман яриагаар “АСД” хэмээх малд зориулсан эмийг ихээр хэрэглэх болжээ. Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн ч хүмүүс авч хэрэглэсээр байгаа аж. Тиймээс энэ эмийн талаар, хэрхэн яаж борлуулагддаг талаар сурвалжиллаа.

ҮР ХҮҮХЭД ЗАЯАЛГАДАГ ЭМ ГЭВ ҮҮ

Зар түгээдэг вэб сайтуудаас хайхад “АСД эм зарна. Монгол заавартайгаа. Үйлдвэрийн оргинал нь” гэх зар хэдэн янзаараа гарч ирнэ. Зарын дагуу холбогдоход бүгд сайн, сайхан гэж магтах аж. Тэдэнтэй ярихад анхаарал татаж байсан зүйл нь бүгд хувиараа ганц, хоёр ширхгийг л оруулж ирж байгаагаа хэлсэн юм. Үнэхээр эм бол Монголын Улсын хилээр тусгай зөвшөөрлийн дагуу орж ирж, хүнд зориулагдсан гэдгээр бүртгэгдэх учиртай. Гэтэл хүмүүс нууцаар оруулж ирээд нууцаар зараад байгаа нь анхаарал татав. 9918-тай утасны дугаараар зар өгсөн эмэгтэй “Манай өвөө хавдартай хүн байсан юм. Уугаад амьдрах хугацаа нь уртассан. Бурханы оронд очтол ухаан санааг нь эрүүл байлгадаг юм. Одоо манайхан бүгд хэрэглэж байгаа. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэглэх гэж хоёр ширхгийг авчирснаа хямд зарах юм. Хүсвэл хүргээд өгнө” гэв. “Танай гэрийнхэн бүгд хавдартай болоод АСД хэрэглээд байгаа юм уу” гэж асуутал ихэд уурлаж “Зөвхөн хавдартай хүн хэрэглэдэггүй. Дархлаагаа дэмжих зорилгоор хүн бүр хэрэглэж болно. Бүр турах зорилгоор ч уудаг хүн олон бий. Үр хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс уугаад үр хүүхэдтэй болсон гэдэг яриа байгаа. Хүүхэд заяахгүй байх чинь дархлаатай холбоотой юм байна. Дархлааг нь дэмжээд өгөхөөр аяндаа хүүхэд заяадаг. Харин тэр дархлааг нь АСД дэмждэг” гэв. Яг ямар өвчинд хэрэглэдэг талаар дахин лавлахад “Би эмч хүн биш яаж мэддэг юм. Оросууд тэр чигээрээ хэрэглээд сайхан байгааг хүмүүсээс асуугаач” гэж бухимдангуй хариулав. Ер нь малд зориулсан АСД эмийг зарж байгаа хүмүүс эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй, ам дамжсан яриаг эх сурвалж болгон бүтээгдэхүүнээ борлуулдаг нь ажиглагдаж байв. Ядаж тэр эмийнхээ найрлагыг хэлж мэдэхгүй үүх, түүх ярих хүн олон байлаа.

АСД-ИЙН ТАЛААР ТҮҮХ ХҮРТЭЛ ЗОХИОЧИХОЖ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үүдэнд малын “АСД” эм нууцаар зардаг хүн олон юм. Ойр дотнынх нь хүн өвчиндөө шаналж байгааг харсан хүн хэд хоног ч гэсэн зовлонгүй байлгахын тулд юуг ч хамаагүй худалдаад авчихаж мэдэхээр байдаг юм байна. Энэ зовлон дээр нь тоглож малын эмийг амьд ус гэж нэрлэн зарж байгаа нь харамсалтай санагдав. Өвчтэй хүмүүст малын эмээ “Амьд ус” гэж нэрлэн зарахдаа түүх хүртэл зохиочихож. Тэр түүхийг нь уншихад их нь нууцлаг эм бололтой юм. АСД эмийн түүх “Михайл Иванович эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн цонхны тавцан дээрээс шарлаж, урагдсан сонингийн тасархай олсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Иванович энэ сонингийн тасархай түүний гарт ирсэн нь тохиолдол биш бурхны явуулсан гайхамшиг гэж үздэг” гэж эхэлнэ. Улмаар тэр өвчтөн АСД хэмээх гайхамшигт эмийн талаарх мэдээллийг сонины тасархайнаас уншиж, эхнэр нь эрэл сурал болж олсны хүчинд эрүүл болж байгаагаар түүх үргэлжлэх юм. Бас “1943 онд Засгийн газар олон арван янз бүрийн шинжлэх ухааны академийн лабораторид хүн болон амьтныг цацраг идэвхит бодисоос хамгаалах, хүний биеийн эсэргүүцлийг өндөржүүлэх эм гаргаж авах нууц даалгавартай байлаа. Зөвхөн Дорогов АСД-г байгуулсан холбоот улсын мал эмнэлгийн туршилтын лабораторид амжилт олсон юм” гээд “Ихэнх эмч нар малын эмчийг хоёрдугаар сортын буюу өөрсдөөсөө дорд үзсээр ирсэн явдал байлаа. Тиймээс эмийг анх нээсэн Дорговыг АСД гэсэн эмнээс Д-г хасаж анагаах ухаанд хэрэглэх саналыг тавихад өөрийг нь устгах боломжтой гэж үзээд зөвшөөрөөгүй” гэжээ. АСД-г тойрсон энэ мэт зохиомол яриа олон юм. Мэлхийний арьс, өндөгний уурагнаас гаргаж авсан л гэнэ, шоронд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүст туршиж байсан л гэнэ. Орост цэргийн өндөр албан тушаалтнууд нууцаар хэрэглэдэг байсан, зохиогчийнх нь амийг бүрэлгэсэн гэх мэт аман яриа их байх юм билээ. Оросын сайтуудаас хайхад ч албан ёсны бус сэтгэгдэл, аман яриа хэлбэрээр энэ эмний тухай их бичжээ. Харин албан ёсны сайтууд, албан байгууллагын мэдээлэлд АСД-г зөвхөн малд хэрэглэдэг гэдэг мэдээлэл тавьсан байсныг онцолъё.

АМЬД УС” ГЭВ ҮҮ

Монгол заавар гээд байгаа гурван хуудас цаасан дээрх түүх мэт зүйлийг бичсэнээс гадна хэрэглэх заавар, ямар өвчний үед яаж хэрэглэхийг заажээ. Дур мэдэн заавар гаргахдаа бүр хүүхдэд хэрэглэж болно гэж онцолжээ. Тодруулбал, “АСД нь маш хурц тааламжгүй үнэртэй тул бүх тохиолдолд буцалсан хүйтэн ус хэрэглэнэ. Хүүхдэд сүүтэй хэрэглэж болно” гэжээ. Таван дуслаар таван өдөр уухаас эхлээд 20 дусал хүртэл уух гэнэ. Дараа нь бууруулаад буцаад таван дусал дээрээ барих юм байна. Танилцуулгад дурдсанаар ямар ч өвчинг цааш нь явуулахгүйгээр бүрэн зогсоож чаддаг гэнэ. Уушгины сүрьеэ, бөөр, бэлгийн замын өвчин, арьсны өвчин, нүдний эмгэг, чихний үрэвсэл гээд ер нь бүх төрлийн өвчинг анагаах шидтэй мэтээр бичжээ. Хачирхалтай нь эмийн найрлагын талаар ганц үг тавиагүй байв. “Шидтэй эм мэтээр тайлбарлаж, бүх өвчинд сайн гэж ухуулж, нууц жортой мэтээр ярих нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг зарах нэг арга. Ийм учир битүүлэг зүйлийг хэрэглэх нь өөрөө маш том эрсдэл дагуулдаг” гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байв.

Зарж байгаа хүмүүс нь малын АСД эмийг “Амьд ус” хэмээн зарахдаа ихэвчлэн өөрөө хэрэглэж байсан, ойр дотнынх нь хавдартай хүн хэрэглээд эрүүл болсон мэтээр ятгадаг юм байна. Гэвч АСД хэмээх эм нь зөвхөн малд өгөхөөр зориулагдсан бөгөөд Орост ч, Монголд ч малын эм гэдгээрээ л борлуулагддаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна. Эдгээр эмүүдийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны “Малын эмийн салбар зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж ОХУ-ын Агроветзащита, Армавирская биофабрика гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн хэлбэрээр “Монгол Улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг.

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг. Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг.

АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг энэ дагуу судалж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэглээнд зориулан гаргасан байна.

Иймд АСД-3Ф, АСД-2Ф эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед сөрөг нөлөө илэрч болох талтайг анхаарна уу” гэдэг сэрэмжлүүлгийг дайсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Визгүй зорчдог болсноор хамаатан садангууд Эрээнцавын хил дээр уулзалдаж байна

Монгол, Оросын иргэд энэ сарын14-нөөс харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсний эхний өдөр буюу энэ сарын 14-нд Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарч, Оросын 300 орчим иргэн Монгол Улсад нэвтэрсэн гэдэг мэдээллийг ИХШХЕГ-аас өгсөн юм. Тэгвэл Гурван улсын хил дээр оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сум буюу Эрээнцавын хилийн боомтоор хоёр орны иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулан ямар үйл явдал болж байгаа талаар иргэдээс тодруулсан юм. Бид Эрээнцавын гаалийн ажилтанЖ.Ганчимэгээстодруулахад “Манай улсаас энэ сарын 14-нөөс эхлэн ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор олон иргэн хил гарлаа. Хилээр гарсан иргэдийн ихэнх нь наймаа эрхэлдэг иргэд. Манай сумын 150 гаруй хүн урд хөршийн барааг ОХУ-ын хил давуулан Чита муж руу гаргадаг юм. ОХУ-аас өдийд цөөхөн хүн манай улс руу орж ирдэг. Долоо хоногтоо хоёр гурван хүн л манай улсад ирдэг юм. Тэгсэн визгүй болсон чинь олон хүн манай улсын хилээр нэвтэрлээ” гэв.

СУМАНД ЗОЧИД БУУДАЛ,ДЭЛГҮҮР, САУН, ЦАЙНЫ ГАЗАР БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авсан юм.

ОХУ-тай манай орон харилцан визгүй зорчдог болсон. Танай суманд визгүй зорчдог болсноор хөл хөдөлгөөн хэр нэмэгдэж байна вэ?

-Манай сумын иргэдээс эхлээд ойролцоо сумынхан хүртэл хилийн дагуу байдаг тосгод, Чита муж руу явцгааж байна. Мөн Манжуур орох гэж байгаа хүмүүс ч хилээр нэвтэрч байна. Өдийд хөл хөдөлгөөн бага байдаг бол одоо манай сумаар хөл хөдөлгөөн ихтэй байна. ОХУ-ын иргэд ч манай суманд ирээд хонож, өнжөөд явж байна. Суманд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас бизнес эрхэлдэг иргэдэд таатай орчин бий болж байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэн зочид буудал бариад эхэлж байхад дэлгүүр, саун, цайны газар гээд үйлчилгээний төвүүд баригдаж эхэллээ. ОХУ-ын компаниуд ч манай сумын Засаг даргын Тамгын газрынхантай уулзаж байна.

Тэд ямар ажлаар та бүхэнтэй уулзаж байна вэ?

-Дөнгөж сая гэхэд ОХУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд ирж уулзлаа. Тэд хоёр орон визгүй зорчдог болсонтой холбогдуулан хоёр орны иргэдийг аялуулах гэж байгаа гэдгээ бидэнд хэллээ. Мөн том худалдааны төв сумын төвд баримаар байна гэсэн гэв.

ОРОС НАЙЗ МААНЬ ИРЖ УУЛЗЛАА

Эрээнцавын сумаас ОХУ-ын Соловьевск тосгон километр хүрэхгүй зайд оршдог. Гэвч дээрх хоёр сум тосгоны иргэд сүүлийн 20 гаруй жилийн өмнөөс харилцаа нь тасарчихсан гэхэд болно. Улз голын хоёр захад орших мөртлөө бие биенээ огт танихгүй мэт нам гүм амьдардагбайна.Уг нь 1990 оноос өмнө сум, тосгоны иргэд бие биенийхээ гэрт айлчилдаг.Эрээнцавд хамтарч газар тариалан эрхэлдэг байсан юм. Бүр дотнын найз, гэр бүлийн найзууд болсон хүмүүс ч олон.Их найрагч Д.Нямсүрэн гэхэд зундаа гэрээсээ хөл нүцгэн явсаар хил гарч орос найзуудтайгаа уулзалдаж найрлаж байгаад орой гэртээ ирдэг байсан гэдгийг сумын төвийнхөн ярьж байсан юм. Тэгвэл харилцан визгүй зорчиж байгаатай холбогдуулан голын хоёр захаас бие биеэ санагалзаж суусан монгол, орос найзууд уулзалдаж байгаа гэнэ. Энэ талаарЧулуунхороот сумын иргэн Б.Цогтсайхан “Эрээнцавын сангийн аж ахуй байх үед оросууд ирж газар тариалан эрхэлж байсан юм. Ёстой л цэл залуухан байхдаа атрын шан таталцаж найган шаргалтсан тариаг хамт хурааж байлаа. Тэгсэн 1990 оноос хойш орос найзуудтайгаа уулзаж чадахаа байсан. Уг нь саахалтын зайд л амьдраад байгаа мөртлөө хилээр хашигдаад уулзаж чадахгүй байлаа. Визгүй зорчдог болсон чинь манай найз Саша намайг сураглаад ирж уулзалдлаа. Уг нь манай сумынхан ч Орос руу цагаан хуудсаар нэвтэрч болдог байсан. Бигадаад паспорт байхгүй гээд хилээр нэвтэрч чадахгүй өдий хүрсэн юм. Манай сумын хэдэн хөгшчүүл бүгдээрээ хил нэвтэрч найзуудтайгаа уулзана гээд л яриад байгаа” гэв.

ӨВӨӨГИЙНХӨӨ ХАМААТНУУДТАЙ УУЛЗАХ ГЭЖ БАЙНА”

Эрээнцавын хил дээр хамаатан садангуудын уулзалт болж байгаа гэнэ. ОХУ-д амьдардагБуриад зоныхон ах, дүү хамаатан садангаа дагуулаад Монголд байдаг хамаатнуудтайгаа уулзалдахаар ирж байгаа аж. Харин Монголын талаас хамаатнуудаа тоссон хүмүүс Эрээнцавын хил дээр ирээд баярлаж хөөрч байгаа гэнэ. МөнОХУ-д амьдардаг хамаатан садантайгаа үр, хүүхдээ танилцуулах гэж гэр бүлээрээ хилээр гарч байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Өмнө нь “Алтаргана” наадам зохион байгуулж Монголын буриадууд ОХУ-д амьдарч байгаа хамаатнуудтайгаа уулзалддаг байсан бол визгүй зорчдог болсноор дуртай үедээ бие биенийдээ зочилж болох гэнэ. Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн Б.Батсүрэнтэй холбогдлоо. “Манай өвөөгийн хамаатнууд агийн буриадууд юм. Уг нь Эрээнцавынхилээс холгүй байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед л хил гараад явчихсан гэж өвөө ярьдаг байсан юм. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзах гээд явж байна. Хилийн цаана Багадаев ахын хүү биднийг машинтай тосч байгаа гэсэн. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзахаар явах гэж байна” хэмээн ярив. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор гурван улсын хилийн зааг дээр оршдог Эрээнцавын хил дээр ийм үйл явдал өрнөж байгаа аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Г.Ундармаа: “Итгэлийн танхим” төсөл цаашид ч үргэлжилнэ

Жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

Та “Шинэ үе” продакшныхаа тоглолтод оролцолгүй нэлээд удлаа. “Шинэ үе”-ээс гарсан гэх юм?

-Одоохондоо тоглолтод орохгүй байгаа. Хамтлагаасаа гараагүй. Чөлөө авсан.

Тэгвэл хэзээнээс “Шинэ үе”-ийн уран бүтээлд оролцох вэ?

-Одоогоор төлөвлөсөн ажлууд байна. Ажлуудаа цэгцэлчихээд хамтлагийнхаа уран бүтээлд орох байх.

-“Single ladies” уран сайхны кино амжилттай болсон. “U-Фильм”-ийн дараагийн уран бүтээл хэзээ гарах бол?

-“U-Film” хоёр дахь уран бүтээлээ удахгүй үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Зураг авалт дууссан. Дуу оруулалт, хөгжим гэх мэт ажлууд яг одоо хийгдэж байна. Миний хамгийн сайн мэдэх, хамгийн ойр сэдэв бол эмэгтэйчүүдтэй холбоотой гэж би боддог. Учир нь би охин, хүүхэн, бүсгүй, эмэгтэй, эхнэр хэмээн нэрлэгдсэн эмэгтэй хүн. Хэдэн жилийн дараа эмээ гэж бас нэрлэгдэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийг, эмэгтэйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг, тэднийхээ амьдралыг ямар ч эрдэм номноос илүүтэйгээр мэдэх учраас л уран бүтээлийнхээ сэдвийг эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр бүтээж туурвих хүсэлтэй байгаа.Анхны бүтээл маань “Single ladies” инээдмийн кино. Хүмүүс ам сайтай байдагт, бас өнөөдрийг хүртэл “Univision” дээр хүмүүс давтаж үзсээр байгаа гэсэн мэдээллийг сонссондоо баяртай байгаа.

Хоёр дахь кино ямар сэдэвтэй байх бол. Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Уянгын драм байна. Энэ бүтээлээрээ ямар бүсгүй хамгийн аз жаргалтай вэ гэсэн асуултад хариулт өгөхийг, харуулахыгхичээлээ. Киноны нээлт нэгдүгээр сард товлогдсон. Энэ удаа их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан зураг авалтуудыг хийсэн.

Найруулагчаар нь та өөрөө ажилласан уу. Кинондоо дүр бүтээсэн үү?

-Ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ удаа дүр бүтээсэнгүй. Харин “Single ladies”-ыг манай “U фильм”-ийн анхны уран бүтээл гэдэг утгаараа хоёр бүсгүйтэй хамтарч тоглосон.

Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа вэ?

– Хамтарч ажилласан уран бүтээлчид болон шинэ уран бүтээлийн тухай мэдээлэл удахгүй цацагдаж эхэлнэ. Тэр үед бүх мэдээллийг өгье.

ЭХЭМҮТ-ийн хүлээлгийн танхимыг тохижуулсныг тань харсан. Дараагийн “Итгэлийн танхим” төсөлт ажил эхэлсэн үү?

– Хэдий би санаачилсан ч гэсэн энэ ажил бүхний ард маш олон сайхан сэтгэлтэй бие биенээ дэмжье, хамтын хөдөлмөрийн үр шимийг үзье, хамтдаа бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хөдөлмөрч бүтээлч хүмүүс байдаг юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

Гурав дахь төслөө хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлсэн байгаа.Маш сайн судалгаа, тооцоо, төлөвлөлт, бэлтгэл ажлын үр дүнд ажил хурдацтай мөн үр дүнтэй хэрэгждэг. Одоо харьцангуй туршлагажсан байна. Тэгэхээр үйлчлүүлэгчид, мөн төсөл хэрэгжих байгууллагадаа аль болох хүндрэл учруулахгүйгээр түргэн шуурхай чанартай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж өгч чадна гэдэгтээ улам л итгэлтэй болж байна.

-“Итгэлийн танхим” төслийг хэрхэн эхлүүлж байсан юм бэ?

-Ер нь хамгийн анхны ажил бол Улсын Клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажил байсан. Гэхдээ энэ нь телевизийн реалити шоунд оролцож ялагч болсон сайхан түүх юм. Харин яг “Итгэлийн танхим” ТББ байгуулаад эхэлсэн анхны ажил бол Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг сэргээн засварлах, тохижуулах ажил байлаа. Тэндхийн хоёр хүлээлгийн танхим, үзлэгийн өрөө, хоёр ариун цэврийн өрөө, коридор, эмч нарын өрөө, эмч нарын амралтын өрөө зэргийг нийт 88 сая төгрөгийн төсөвтэйгөөр засаж тохижуулсан.

Дараагийнх нь ЭХЭМҮТ-ийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн л 80 гаруй сая төгрөгийн төсөвтэйгөөр сэргээн засварлаж тохижуулсан. Маш их ачаалалтай эмнэлэг шүү дээ. Өдөрт 600-700 хүн үйлчлүүлдэг. Тохижилтын ажил дажгүй болсон шүү. Надад бол таалагдсан. Яг л нэг орчин үеийн эмнэлэг шиг болсон гэж бодож байгаа.

Төсөл хэрэгжүүлэхдээ та өөрөөсөө хэдэн төгрөг гаргасан бэ?

– Эхнийхээ төсөл дээр хувиасаа найман сая төгрөг,хоёр дахь төсөл дээрээ арван хоёр сая төгрөг зарцуулсан байгаа.

Тохижилтын зураг, дизайныг хэн гаргадаг вэ?

-Заслын тухайд мэргэжлийн компанид ханддаг юм. Тэдний гаргасан зургийг би өөрөө батална. Мэдээж хэрэг өөрийнхөө санааг тусгана. Харин материал сонголтыг цэвэр өөрийнхөөрөө сонгосон. Барилгын инженертэйгээ ярилцаж байгаад материалаа авдаг. Зуун айлаар зуун удаа явна шүү дээ. Өглөө эрт бэлтгэлийнхээ хувцасыг өмсөж аваад л цемент, шохойгоо машиндаа ачаад л явж өгнө. Олон өдөр ингэж гүйдэг ч нэг л өдөр үсээ янзлуулчихсан, гоёлын даашинзаа өмсөөд хийсэн ажлаа хүлээлгэж өгөхөөр хамтарч ажилласан хүмүүстэйгээ гар барилцаад баярлаж зогсох тэр мөч хамгийн амттай байдаг.

Эмнэлгийн удирдлагууд, ажилтнууд таны саналыг яаж хүлээж авдаг вэ?

– Мэдээж дуртай хүлээж авна. Мянга мянган хүний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүс тухтай орчинд ажиллах ёстой шүү дээ. Энэ ажлыг эхлүүлснээрээ маш олон хүнээс талархлын үг сонсож байгаа. Фэйсбүүкээр баяр хүргэсэн, урам хайрласан захиа их ирнэ. “Эмнэлэг дээр очиж үзлээ. Зүгээр л нэг жижиг өрөө тохижуулсан юм байх гэж бодсон чинь том заалыг тэр чигээр нь тохижуулсан юм байна” гэж хэлнэ. Хүнд гоё үг хэлж чаддаг хүмүүс сайхан энергитэй шүү дээ. Түүнээс нь бас их эрч хүч авна. Ирсэн захиа бүрт ажлынхаа заваар хариу илгээхийг боддог юм. Ер нь хүний төлөө хийсэн сайн сайхан үйл бүхэн эргээд өөрт маш гоё энерги, хүч чадал, урам зориг, баяр баясгалан бэлэглэдэг шүү дээ. Нэг удаагийнхаа төрсөн өдрөөр нэгдүгээр амаржих газарт мэндэлсэн 50 хүүхдэд бэлэг тараалаа. Тэгсэн энэ жил захиа ирж байна аа. “Өнөөдөр манай охины төрсөн өдөр болж байна. Бас таны төрсөн өдөр. Охин минь хорвоо дээр мэндлээд анхныхаа бэлгийг танаас авсан. Нөхөр бид хоёр охиндоо таны нэрийг өгсөн” гэж бичсэн байсан.

Компаниудад хамтарч ажиллах санал тавиад үгүй гэсэн хариулт сонсож байв уу?

-Ганц хоёр тийм газар бас байна. Мэдээж хэрэг сэтгэлд нь тусалчих юмсан гэсэн санаа байдаг л байх. Төсөв мөнгө нь тусгагдаагүй, энэ удаадаа боломжгүй гэх мэт шалтгаанууд гардаг. Харин миний сэтгэл нэг зүйлд их зовдог. Надад тусалж, төслийг минь дэмжсэн албан байгууллага, найз нөхөд, хувь хүмүүстээ баярлалаа гэж хэлэхээс өөрийг хийж чадахгүй байна. Тэднийгээ баярлуулж чадахгүй байна даа гэж санаа зовдог. Танай сониноор дамжуулаад хамтран ажилласан, тусалж дэмжсэн бүх хүндээ баярлалаа гэж хэлье. Бүр чин сэтгэлээсээ дахин дахин үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлье.

Төслийн ирээдүйтэй холбоотой таны мөрөөдөл юу байдаг бол?

-Их гоёор мөрөөддөг юм. Гадныхны хөлөө олчихсон буяны байгууллагыг хараад дотроо битүүхэн атаархана. Гэхдээ хүмүүсийг авч ажиллуулахад цалин өгөхгүй байж болохгүй. Цалин өгөхөөр нэг ч гэсэн материалаа авчихмаар байдаг. Ер нь ажлаа явуулахад заримд нь цалин өгнө. Бас сэтгэлээрээ мөнгө, төгрөг гэхгүй ажиллаж байгаа залуучууд бий. Яваандаа тогтсон цалинтай хэдэн ажилтантай, олон хүнд хүрэх сайхан ажил хийнэ л гэж боддог. Харин би өөрийнхөө уран бүтээлийг хийхдээ хүнээс мөнгө гуйж чаддаггүй. “Single ladies” киног хийхдээ өөрийнхөө ахад хандсанаас биш аль нэг байгууллагаар ивээн тэтгүүлээгүй. Тэгж гуйж чадахгүй юм билээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

М.Ичинноров: Хүний эрхийн төлөөх ажил гэж хүлээж авсан

Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хам­гаа­лах газрын дарга М.Ичин­норовтой ярилцлаа.

-Таныг Хүний эрхийн хуульч гэдгээр нь олон нийт мэднэ. Нэлээн удаан хугацаанд иргэний нийгэм, стратегийн өмгөөлөл хийж байгаад төрийн албан хаагч боллоо. Ажил хэр жигдэрч байна?

-Төрийн албанд нийгмийн төлөө сэтгэл зүрхээ зориулах, санаачилгатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн ажиллах нь чухал. Яагаад гэхээр сайн дурын үндсэн дээр юм уу, иргэний нийгмийн түвшинд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хийж байсан ажлаа эрх мэдлийн түвшинд, төрийн аппарат, төрийн системд орж хийнэ гэдэг утгаараа их чухал. Гэрч хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрхзүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө эрхзүйн системтэй улсад заавал байх ёстой. Гэрч хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллах саналыг талархан хүлээж авсан нь албан тушаалд очиж байгаа гэхээсээ илүү хүний эрхийн төлөөх ажил гэж үзсэнийх л дээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн ажлыг төрийн систем дор хэрэгжүүлэх залгамж халаа гэдэг утгаар нь хүлээн аваад ажиллаж байна. Ажил нэлээн жигдэрч байна.

-Саяхан дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөө нээгдсэн. Олон улсын стандарт руу очих эхний алхмыг эхлүүллээ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах нь Маршалын албаны үндсэн чиг үүргийн нэг. Шүүх хуралдааны өмнө, шүүх хуралдааны үеэр гэрч, хохирогчийн аюулгүй, айдасгүй, тав тухтай байдлыг хангасан туслалцаа үзүүлэх өрөөтэй байх санаачилга юм. Миний хувьд энэ албанд томилогдохоос өмнө гэрч, хохирогчийг хамгаалах НҮБ-ын, олон улсын стандартыг нэлээн уншиж судалсны үндсэн дээр гадны шүүхүүдийн “Хүлээлгийн өрөө”-нөөс санаа авсан л даа. Гэхдээ зүгээр нэг хүлээлгийн өрөө биш гэрч, хохирогчид иж бүрэн цогц туслалцаа үзүүлдэг өрөө байгуулахаар зориг шулуудсан. Гэрч, хохирогчид шүүхийн хаалга татахдаа өөрийг нь хохироосон этгээд, тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь ямар ч хамгаалалтгүй нүүр тулдаг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болсон хэргийг шүүхээр хэлэлцэх үед их тохиолддог. Өөрөө хохирчихоод дээрээс нь айж ичин, коридорт зогсч байгаа дүр зургийг сэтгүүлч та нар олон харсан байх. Энэ байдлыг л эхлээд өөрчлөхөөр шийдсэн. Одоо хохирогч, гэрч тусдаа хаалгаар ороод, тэндээ сэтгэл зүйн болон өмгөөллийн зөвлөгөө, эрүүл мэндийн туслалцааг ч авах боломжтой боллоо. Эмзэг хэргийн хохирогчид заавал шүүх танхимд орохгүйгээр веб камераар дамжуулан мэдүүлгээ өгнө. Ингээд шүүх хуралдаан дуусахад өөр хаалгаар төрийн хамгаалалтад гараад явна. Шаардлагатай тохиолдолд нүүрийг хувиргаад танигдуулахгүй шүүхээс авч гарах боломжтой. Энэ бол төрийн үйлчилгээний цоо шинэ боловсон бас иргэнлэг, хүмүүнлэг соёл. Бусад хуулийн байгууллагуудад ийм жишиг тогтоохын төлөө зорьсон юм. Гэрч, хохирогч тусгайлан тохижуулсан тохилог сайхан өрөөнд халуун цай, кофе уугаад сууж байна гэж хуулийнхан ч, иргэд ч төсөөлж байгаагүй биз. Гадаадын зочид төлөөлөгчид жишиг өрөөтэй танилцаад “Сайхан юм хийжээ” гэж магтаж байна лээ. Өөрийнхөө гэрийг тохижуулж байгаа юм шиг сэтгэлээ шингээж ажилласан.

-Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн гэх хэрэг, найман настай охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн Мөнх-Оргилын гэх олны анхааралд байсан хэргээр жишээ болгоход гэрч, хохирогчийн хамгаалал үгүйлэгдэж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах жишиг рүү орсон нь сайн хэрэг. Үүнээс ч эрт орох ёстой байсан юм биш үү?

-Ер нь ингээд харж байхад төрийн ажил, төрийн үйлчилгээг сэтгэлтэй хүн хийх ёстой юм байна гэж ойлгосон. Аль ч газар төрийн ажилд сэтгэл, хайр дутагдаад байна уу гэж бодогддог юм. Дээрээс нь төрийн үйлчилгээний хоцрогдол хаа сайгүй байна. Өнөөдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлж байна. Тэгвэл нөгөө талаас тэд жирийн нэгэн Дорж, Дулмаад үйлчлэхийн төлөө тэнд сууж байгаагаа ухамсарладаг баймаар байна. Манай эрхзүйн системийн шинэтгэлийн хүрээнд дорвитой өөрчлөлт хийж урагшлах хэрэгтэй. Бүх салбарт НҮБ-ын гаргасан стандарт, хууль тогтоомжийн жишгээр эрхзүйн шинэчлэл хийж, түүнийг хэрэгжүүлж чадах боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Саяхан би НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөх багш болоод ирлээ. Ингээд явж байхад манайх хэт хоцрогдсон нь шууд л мэдрэгдэж байна лээ.

-Тахарын албыг олон нийт юу хийдэг, ямар байгууллага гэдгийг төдийлөн ойлгоогүй байж магад. Тэр бүү хэл УИХ-ын зарим гишүүд хэрэгцээгүй алба байгууллаа, татан буулгах хэрэгтэй гэж шүүмжилж байхыг сонссон. Ер нь яагаад энэ алба байх хэрэгтэй юм бэ?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг, хамгийн гол нь гэрч, хохирогчийг хамгаалдаг төрийн систем 20 жилийн өмнө эхлэх байсан. Тахарын алба гэдэг нэр нь өөрөө хуучинсаг нэр томъёо байж магадгүй. Хуульдаа заавал монгол нэр томъёо ашиглах ёстой гэдэг утгаар ингэж нэрлэсэн болов уу. Энэ бол Маршалын алба. Анхнаасаа гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүргээ бодлого баригчид, олон нийтэд илүү ойлгуулж таниулах ёстой байсан байх. Энэ нь маш чухал функц шүү дээ. Хохирогч хамгааллын асуудал олон жил хэдэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхний нуруун дээр явж ирсэн. Тэгвэл өнөөдөр л төрийн нэрийн өмнөөс гэрч, хохирогчийг хамгаалах асуудал тавигдлаа. Бид аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна хохирогч, гэрчид сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцааг ч үзүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын эрх зүйн шинэчлэлийн чухал алхам. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн дорвитой алхмуудын нэг мөн. Эрх зүйн системийн хоцрогдлоос хурдан салах хэрэгтэй. Олон чухал дэвшил авчрахыг хүсч байна.

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаална гэхээр шүүгч нар дархан цаазтай мэт байна гэж ойлгогдох тал бий. Аюулгүй байдлыг хамгаална гэдгийг чухам юу гэж ойлгох нь зөв бэ?

-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах гэдэг талаас нь ойлгох нь зөв. Жишээ нь, шүүгч өөрөө дэгээ сахиулаад, зарим тохиолдолд халдлагад өртдөг байсан бол одоо Тахарын албаны офицериуд эдгээр ажлыг хийж, хамгаалж байна. Энэ ажил ингээд жигдрээд явчихна. Хамгийн чухал нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулиа сурталчлах, таниулах, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрөө батлах, гэрч, хохирогчийг хамгаалалтад авдаг тусгай байр байгуулах, санхүүжилтээр хангах гээд шийдэх асуудал маш их байна. НҮБ, “Хохирогчийн эрхийн судалгааны төв” ТББ-аас хийсэн судалгаагаар гэрч, хохирогчид хамгаалалтад байдаггүйгээс амиа хорлох, гэрчийн мэдүүлгээс буцах, өөрөө хэрэгтэн болох тохиолдол олон байгааг тогтоосон. Жилд дунджаар 3000-5000 гэрч, хохирогч аюулгүй байдлын хамгаалалт авах шаардлага байгаа нь судалгаагаар гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тухайд авч үзье л дээ. Хүчирхийлэлд өртсөн хүн аль нэг төрийн бус байгууллагаас туслалцаа авахад тэнд байрлах өрөө тасалгаа, өдөр хоног нь ч хязгаартай. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч давтан халдлага, заналхийлэлд өртсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс эхлээд сануулна, тэгээд тусгаарлана. Төрийн нэрийн өмнөөс хохирсон иргэнийг хамгаалаад ирэхээр хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар есөн төрлийн хамгаалах арга байгаа. Үүнээс хоёрыг нь манай Гэрч, хохирогчийг хамгаалах алба шүүгч, прокурорын ямар нэгэн зөвшөөрөлгүй хэрэглэх боломжтой. Тухайлбал, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ. Манай алба дээр тусгай бүлэг ажиллаж байна. Мөн эрэн сурвалжлагдаж байгаа ялтныг хайх, мөрдөн шалгах чиг үүрэг Тахарын албанд бий. Байгуулагдаад удаагүй байхдаа оргоод дөрвөн жил болсон хоригдлыг баривчилсан. Эрэг шураг хөдлөөд эхэлчихлээ. Одоо иргэд ийм хамгаалалт байгааг, нөгөө талаас өмгөөлөгч, шүүгч, прокурор хуулиа яаж хэрэглэхээ мэдэх хэрэгтэй байна. Уг нь сайхан бүтэц, систем бий боллоо.

-Шинэ юм эхлэхэд заавал хүндрэл, бэрхшээл, сорилт тулгардаг шүү дээ. Ажлаа урагшлуулахад асуудал их гарч байна уу?

-Ерөөсөө л сэтгэлгээний л асуудал. Ялангуяа шинэ бүтэцтэй, шинэлэг чиг үүрэгтэй байгууллагыг шинэ сэтгэлгээгээр удирдах ёстой. Хуучирсан тогтолцооны сэтгэлгээгээр удирдвал гацаанд орно. Прокурор, шүүгч зөвшөөрөл өгснөөр бид гэрч хохирогчийг хамгаалах заалтуудыг хэрэгжүүлнэ. Гэтэл шүүгч, прокурорууд журам нэхэх гээд байдаг. Битгий журам нэхээч, хуулиа л барь гэхээр “Үгүй ээ заавал журам хэрэгтэй шүү дээ” гэж хэлэх хүмүүс байна. Энэ мэтээр хайрцаг дотор сэтгэх, ажиллах хандлага байдаг нь үнэн. Бид юуг шүтэх ёстой вэ гэхээр зарчим. Үндсэн хуулиа, эсвэл органик хуулиа баримтлаад шийдвэр гаргахад хаа ч буруудахгүй. Гэтэл дандаа журам яриад суучихдаг. Хамгийн гол нь энэ хүнд би яавал туслах вэ гэдэг талаас нь бүх шийдлүүдийг, хувилбаруудыг хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын хүмүүс бодох учиртай. Хуучирсан сэтгэлгээг бүрмөсөн халах цаг болсон. Тахарын ажилтны гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүний төлөө, хүний эрхийг хангах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримталсан байвал ямар ч нөхцөлд буруудахгүй, тийм учраас хүмүүст туслахын тулд зоригтой шийдлүүдийг хайж бай гэж би хүмүүстээ хэлдэг.

-Таныг хүний эрх ярьж байгаад албан тушаалд очлоо, чимээгүй боллоо гэж шүүмжилж байж магадгүй?

-Гэрч хохирогчийг хамгаалах шинэ тогтолцоог хүний эрхийн хуульч хүнээр хэрэгжүүлэхээр томилсон нь харин ч нүдээ олсон гэж хэлэх хүмүүс олон болов уу. Би өөрөө дэвшилтэт сэтгэлгээтэй хүн. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт хийхийн төлөө хийсэн ажлууд маань нийгэмд ямар нэгэн шинэчэлт, өөрчлөлт, сэтгэлгээний дэвшил авчирч чадсан гэж боддог. Албан тушаалаар биш нөлөөллийн түвшинд эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн. Нөлөөлөл үзүүлж чадсан, цаашдаа ч үзүүлнэ. Таны ярьж байгаа шүүмжлэл бол цөөн хүмүүсийн л бодол байх. Миний үзүүлсэн стратегийн өмгөөлөл бүхэн нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан. Хамгийн сүүлд Г.Алтанхүүгийн хэрэг дээр ажиллалаа. Магадгүй дарагдаж болох байсан хэргийг ил гаргаж тавьснаараа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход төр анхаарал хандуулахад нөлөөлж чадсан. Хэргийн тухайд ч гэсэн шударга шийдэгдэх тал руугаа явж байна. Би албан тушаалд очлоо гээд хүний эрхийн төлөөх тэмцлээ орхиогүй. Харин ч төрийн аппарат дор улам хүчтэй өрнүүлж байгаа.

-Таныг Дээд шүүхэд ажиллаж байсан гэдэг. Олон нийт таныг хүний эрхийн төлөө ажилладаг гэдгээр илүү мэддэг байх?

-Тийм шүү дээ. Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетыг төгсөөд Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байгаад тун удалгүй тушаал дэвшиж Улсын Дээд шүүхэд ирж байлаа. Тухайн үед дүүргийнхээ шүүхийн архивыг шинэчлэх ажлыг санаачлан хийж байсан нь надад итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэж боддог. Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд ажиллаж байхад хүний эрхийн төлөө ажиллах сэдэл төрсөн гэх үү дээ. Яагаад гэхээр манай эрхзүйн системд хүний эрх маш ихээр зөрчигддөг. Гэмгүй хүн шүүгдэгчийн ширээнд сууж байгааг олон л харж байлаа. Ингээд АНУ-д хүний эрхийн чиглэлээр сургуульд сурч, НҮБ, олон улсын ТББ-уудад ажиллаж байлаа. Ажлын туршлага маань ч, сэтгэлгээ минь ч аль аль нь төрийн ажлыг хийх давуу тал болов уу л гэж боддог юм.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байлаа. Одоо ч Засгийн газар бүрдтэл тогтворгүй байдал үргэлжлэх нь. Энэ нь танай байгууллагад нөлөө үзүүлж байна уу?

-Хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлж байна. Амьдрал ядуу байсан ч тогтвортой байдал нь амьдралын баталгаа болж байдаг. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал бүх шатанд мэдрэгдэж байна. Хүмүүс улс төрийн хуйвалдаан, бохир заваан, өөрсдийн эрх ашгийн төлөөх тэмцлийг харж байна шүү дээ. Ер нь улс төрөөс залхсан байна. Эдийн засаг хүнд болсон нь төрөөс эхлээд, иргэдэд арвич хямгач, тооцоотой, хэмнэлттэй байх ухаан суулгаж магадгүй. Төрийн систем, удирдлагын тооцоогүй, үрэлгэн байдлыг өөрчлөх болов уу гэж найдаж байна. Эдийн засгийн савалгаанд улс төрийн савалгаа нөлөөлж байдаг нь харамсалтай. Хүмүүс тогтвортой байдлыг л хүсдэг шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Оюун ухааныг дээдлэгч Ц.Дэмбэрэл профессорынд өнжлөө

ШАДИВЛАН ГЭЖ НОМ БҮТЭЭДЭГ ГАЗАР ГЭСЭН УТГАТАЙ ГЭНЭ

“Танайд өнжье” сурвалжлагаа энэ удаа олонд нэршсэнээр IQ Дэмбэрэл гуайнхаас хүргэж байна. Монголын математикийн багш нарын академи, Оюуны чадварын IQ төв болон Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор, профессор Цэрэнгийн Дэмбэрэл гуайнх. Дэмбэрэл гуай Завхан нутгийнхны урилгаар тус аймагт очиж долоо хоног лекц уншаад өнгөрсөн бямба гаригийн үдэд Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Эднийх Шадивланд амьдардаг. Бид онгоцны буудлаас харих замд уулзаж, хамт гэрт нь очихоор өмнөх өдөр нь ярилцсан байв. Зам зуур хөдөөгийн аж байдал, Улаанбаатарын тоосжилт утаа мэтийг ярилцан явсаар хотоос гарч зуслангийн бүс рүү чиглэлээ. Тосч авсан жолоочтойгоо заримдаа орчин үеийн болон нэн шинэ үеийн философийн чигийн яриа хальт солилцон явах юм. Жолоочийн гүнзгий мэдлэг, өндөр боловсролыг гайхасхийж явтал хүү нь болж таарлаа. Хүү аавыгаа тосч аваад харьж буй нь тэр байж. Шадивлангийн амны зуслангийн бараа харагдана. Модот уулсын бараа хөх ногоовтор өнгөөр бага зэрэг дуниартана. Агаар цэнгэг, саруулхан.Уулсын энгэр лүү өгсүүр, нэлээн дэржигнүүр замаар өгслөө. Зуслангийн том жижиг байшингуудын хамгийн дээд талд ихэр юм шиг яг адилхан хоёр сууц зэрэгцэнэ. Хоёул хийц загвар, өнгө будгаар ижилссэн гурван давхар хувийн сууц юм. Цэмцгэр ч гэж янзтай. Нэг нь манай “жолооч философичийнх”. Аав ээжтэйгээ хаяа дэрлэн аж төрдөг юм байна. Нөгөө нь манай сурвалжлагын баатрын гэр. Энүүхэн доор Бямбасүрэн гуайнх байдаг юм гэж сонирхуулав. Ерөнхий сайд асан тэндээ амьдарч, урин дулаан цаг ирэхэд ногоо цагаагаа ч тарьдаг гэнэ. Өнгөрсөн зун бяцхаан ботаникийн цэцэрлэг шиг ногоон төгөлхөнд суугаад буурал эдийн засагч ярилцлага өгч байсан нь тэр мөчид санаанд буув.

Ц.Дэмбэрэл гуай амьдран суугаа газрынхаа тухай нэгэн сонирхолтой түүх ярьж өглөө. Шад гэж ном, оюун ухаан, дүв гэдэг нь бүтээх, лин гэдэг нь газар гэсэн түвд үг гэнэ. Ном бүтээх газар гэсэн үг ажээ.

Монголчууд тэртээ XV зууны үед энэ газрыг судалж үзээд бясалган сууж оюун ухаанаа төвлөрүүлэх, номын үйлсийг бүтээхэд гойд тохи­ромжтой газар хэмээн тогтоожээ. Тэгээд хоёр хийд барьж, дээд Шадивлан, доод Шадивлан гэж нэрлэсэн аж. Дээд Шадивланд нь ертөнцийн явдлыг огоорон тэвчиж бие сэтгэл оюунаа буддын номд зориулсан том лам нар нь суудаг байсан гэнэ. Нэг үгээр бол буддизмын профессорууд юм уу даа. Доод Шадивланд нь ертөнцийнхөө явдлаар явж, сүсэгтэн олон үйлчлэн, өргөл барьц жасаа сан хураагч жижиг, дунд лам нар суудаг байжээ. Хожим өнгөрсөн зууны эхээр дээд хийдэд нь Богдын Засгийн газрын стратеги бодлого барьдаг хэсэг төрийн зүтгэлтнүүд байрладаг байж. Энийг Хятадын Засгийн газар устгасан бол доод хийдийг нь гучин хэдэн онд манайхан өөрсдөө сүйтгэсэн байна. Хоёр хийдийн туурь эндээс холгүйхэн бий. Энэ түүхийг би энд төвхнөснөөсөө хэзээ хойно мэдсэн юм. Сонин л учир ерөөл гэж дотроо бод­дог юм гэж Дэмбэрэл гуай сонирхуулав.Хашаандаа гацуур, нарс мод нэлээн тарь­жээ. Цаашид ойжуулж, ойн сан хийх бодолтой, одоо­ноос үрсэлгээ хийхээр бодож байгаа гэв. Хөрснийхөө онцло­гоос хамаараад зарим мод сайн ургадаг бол зарим нь ургадаггүй тухай ч сонирхуулж “Мод ургуулна гэдэг ерөөсөө л хүүхэд арчилж байгаа юм шиг арчилгаатай, их нарийн эд юм байна шүү дээ. Таван жил сайн арчлаад ургуулаад авчихвал цааш нь явчих юм шиг байна. Тэр хүртэл усалгаа шаардаад байгаа” гэж ярьсаар биднийг дагуулан гэртээ орлоо. Гэргий П.Цогзолмаа нь угтлаа. Нүдээ­рээ инээмсэглэсэн эгч юм.

ОЮУНТАЙ ТӨРСӨН ӨҮЛЭН ЭХ” ГЭСНИЙ ЦААНА УЧИР БИЙ ГЭВ

Тэр хоёр аян замын сониноо хуваал­цаж, бид ширээ той­рон цайлангаа яриагаа үргэлжлүүлж байна. Эднийх дөрвөн хүүтэй, зур­гаан ач охинтой аж. Дөрвөн хөвгүүнийх нь нэг эднийхтэй зэргэлдээ амьдардаг гэж өмнө хэлсэн. Түүний охид гээд хоёр жаахан охин орж ирээд өвөөдөө үнсүүлмэгц годхийн гарцгаав. Ач нараа бас л IQ-гаар шахаж байна уу, та гэвэл, тэгэлгүй яахав, ер нь 3-13 нас хүртэл нь IQ-гаар уйгагүй, боломжоор нь хичээллүүлэх хэрэгтэй. Ном, ухаан задалдаг тоглоомуудыг нь өгнө. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны чадварыг хөгжүүлэх тун чухал юм байна гэж мэддэг болчихсон. Улсын хэмжээнд оюун ухаанаа хөг­жүүлж байгаа гучаад мянган хүүхэд байна гэсэн мэдээлэл өгсөн юм.

Бидний яриа энэ үед өөрийн эрхгүй IQ болоод явчихлаа. “Оюун ухааны бяд удамшихдаа эцгээс гэхээсээ эхээсээ арай илүү удамшдаг юм шиг байна. Энийг би өөрөө зохиож хэлж байгаа юм биш. Монголын Нууц товчоонд “Оюунтай төрсөн Өүлэн эх” гэж үг байна. Чухам яагаад оюунтай төрсөн Есүхэй эцэг гэж хэлээгүй вэ. Энэ талаар бид шинжлэх ухааны судалгаа гаргачихсан. Нийгэмд гаргаж тавих цаг нь арай болоогүй байна. Ер нь хүүхэд гүйх ухааныг бол эхээс, цусан төрлөөсөө авдаг юм байна. Үүнийг монголчууд эртнээс сайн мэддэг байсан учраас сайн бэр авах, удам судрыг нь олон үеийг нь харж байж бэр буулгадаг заншилтай” гэсэн яриагаар хачир нэмэв. Тэрбээр гэртээ хүрэх замдаа байна байн “хэдүүлээ очоод сайхан кофе ууна аа” гэж явсан болохоор кофе уух юм байна даа гэж бодож байсан авч гэргий нь сүүтэй цай аягалав. Мөнгөн аягатай халуун цай барихад нь гайхах ч шиг их л содон санагдсаныг нуух юун. Хажуудах хүмүүсээ харвал бүгд ижилхэн хийцтэй мөнгөн аяга барьжээ. Нутгийн заншил юм даа. Баруун зүгийнхэн ялангуяа Увс нутгийнхан нэг хэсэг Оросын Тувагаас оруулж ирдэг улаан эрээн хээтэй том шаазан аягаар нөгөө аагтай шаргал цайгаа дүүргэн барьдаг байсан үе бий. Зарим нь зочиндоо мөнгөн аяганд цай барьдаг заншилтай. Одоо ямар болсныг мэдэхгүй ч Ц.Дэмбэрэл профессорынд энэ заншил мөрдөгдөж байна. Гэрийн эзэгтэй харваас зан сайт нэгэн болох нь илт. Гэхдээ яриа хөөрөө цөөтэй хааяа нэг хүүхдүүдийнхээ талаар ганц үг унагах бөгөөд нүдээрээ инээмсэглээд л суух аж. Улмаар биднийг баа­хан хоолоор шахсаны эцэст про­фессор доод давхарт байх ажлын өрөөндөө дагуу­лан орлоо. Өрөөний хананд байрлах өргөмжлөл, диплом сэлтийн дунд “Дэлхийн ирээдүй судлалын нийгэмлэг” гэсэн нэгэн содон гэрчилгээ байна. Сонирхвол дэлхийн ирээдүйг судалж, чиг өгч байдаг байгууллага гэнэ. Жараад оны эхээр байгуулагдсан дэлхийн ирээдүйн судалгааны бай­гууллага юм байна. Дэмбэрэл гуай ерээд оноос энэ байгууллагыг ихэд сонирхож элсчээ. Улмаар хоёр мянган оны эхээр Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийгэкс Ерөнхийлөгч П.Очирбат, нэрт соён гийгүүлэгч, ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай нарын санаа нийлсэн, оюун санааны хэдэн нөхөдтэйгөө хамтарч байгуулсан юм байна. Өөрөө тэргүүнээр нь ажилладаг аж. Түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан асуултаа асуулаа. Хүний оюуны чадварыг тодорхойлох нь тийм амар биш шиг санагддаг л даа. Зүгээр л хэдэн сорилоор тодорхойлогдчихдог бол юуных нь оюун ухаан байхав. Оюун сэтгэлгээний явдал гэдэг тийм амархан танигдаад байх гэж үү гэж.”Би өөрийн гэсэн нарийн аргачлалтай. Хоёр өөр хүний оюуны бядыг хоёр өөр аргачлалаар тогтоож болохгүй. Нэг л аргачлалаар тогтоодог. Тэр чинь зүгээр нэг сорил биш, тогтсон аргачлал байна” гэсэн хариулт өгөв. Тэрбээр ерэн оноос хойшхи Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн бүх хүмүүс, БШУ-ны сайд хийсэн бүх хүмүүсийн оюуны бядыг тогтоочихсон. Яваандаа зарлана гэж байв.

ИНЖЕНЕРЧЛЭГДЭЭД, МАШИНЫ ЭД АНГИ БОЛООД ЯВАХ ХЭСЭГ НЬ ЯВНА, ТҮҮНД ОРОХГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ БАС БАЙНА

Эднийх дөрвөн хүүтэй гэж дээр хэлсэн. Нээрээ оюуны чадвар эхээс удамшдагийг монголчууд мэдээд бэр буулгахдаа удам судрыг нь анхаарч ирсэн уламжлалтай гэж түрүүн хэлснийг нь санаад дөрвийн дөрвөн бэр буулгахдаа тэр уламжлалыг хэр зэрэг баримталсныг нь сонирхсон юм. Гэвч “манай бэрүүд сайн, ер нь их сайн шүү” гэсэн нь өөр нэгэн сонирхолтой сэдэв рүү биднийг хөтөлчихлөө. Хүнийг хэт жолоодно гэдэг буруу. Тэр тусмаа хүний амьдралыг инженерчилэн жолоодно гэдэг буруу шүү дээ. Тиймээс би хүүхдүүдийнхээ амьдралд нэг их оролцоогүй гэсэн хариулт өгсөн юм. Тэгвэл өнөөдөр жинхэнэ инженерчлэлийн эрин үе эхэлж байгааг наад зах нь хүмүүс “ухаалаг” гар утсанд хэрхэн донтож байгаагаас харагдах шиг. Технологийн хөгжил хүмүүсийн тархийг инженерчлээд, хүмүүс амьдралын хэв маяг, амьралд хандах хандлагаараа яг л робот мэт болоод байх шиг. Энэ тийм таатай зүйл мөн үү. Ирээдүйд бүр ч робот маягтай болох байх даа. Харин инженерчлэгдээгүй нь амьдрахад хэцүү болох байх даа. Оюун ухааны хүнтэй уулзсаных энэ тухай ямар бодолтой явдгийг нь сонирхоцгооё. Тэрбээр ингэж хэлж байна. “Нэгэнт хөгжил нь инженерчилж байгаа бол ихэнх нь тэгээд инженерчлэгдээд явахаас өөр арга байхгүй.Машины эд анги болоод явахаас өөр яахав. Болно. Болохгүй хүмүүс гэж бас байна шүү. Огт инженерчлэгдэхгүй хүмүүс харин ч сайн шүү дээ. Инженерчлэлд орохгүй байна гэдэг чинь оюун ухаанаараа дээр нь ялгараад гараад ирж байна гэсэн үг. Билл Гейтс, Цукерберг робот биш. Стив Жобс робот байгаагүй. Тэд дэлхийг удирдаж байна”.

ХУУЧИН НОМЫН ХУУДАС НААХ, ЖИЖИГ БАРИМАЛ ЦУГЛУУЛАХ ХООБИЙТОЙ

Эднийд анх орж ирэхэд ханын шүүгээнд нь жижиг оврын баримлууд, хуучны гоёл бэлэг дурсгалын зүйлс нүдэнд тусч байсан юм. Профессор маань жижиг баримал цуглуулах хообийтой юм байж.Мөн хуучин ном наах, янз бүрийн жижиг эдлэл засч нааж янзлах дуртай гэнэ. Аавынхаа хообийг мэддэг хөвгүүд нь, одоо ач нар нь хүртэл хуучирч урагдсан ном, тоглоомуудаа авчраад өгчихдөг, тэрийг нь мань эр наагаад цэмбийлгэчихдэг юм байна.”Жижиг эдлэлийг бол засаад, наагаад л яваад байна. Ном бичиж суухдаа хааяа суудлаасаа өндийж жижиг сажиг эдлэл засч додомдоод авах нь надад их амралт болдог” гэсэн юм. Бээжинд явж байгаадэртний эдлэлийн дэлгүүрээс нэгэн баримал үнэ цохиж авснаа сонирхууллаа. Морины хондлой дээр бич суужээ. Нэгэндээ алим авч өгч байгаа бололтой дүрслэлтэй эд юм. Профессор “Би морь жилтэй, эхнэр минь бич жилтэй юм. Энэ морь нь алимыг аваад бичдээ өгөөд байгаа юм уу, бич нь мориндоо өгөөд байгаа юм уу мэдэхгүй. Ийм нэг сонин гоё баримал байгаа юм. Миний хүү энэ юу гэж байна хэмээгээд гаднаас орж ирсэн хүүдээ баримлаа харууллаа. Энэ хүү нь математик эдийн засгаас гадна Хятадад барилга, архитектурын чиглэлээр сурсан, хятад хэлтэй гэнэ. Аавынхаа санаачлан эхлүүлж байгаа оюуны чадварын сургуулийн хотхоны барилгын ажлыг удирдан ажиллаж байгаа юм байна. Тэрбээр”Нэлээн эртний ханз байна. Ийм ханзыг тайлж унших хүн Монголд байхгүй байх аа даа” гэв. Дөрвөн хүүдээ дандаа Өлзий гэж нэр хайрлажээ. Том нь “Шунхлай” компанийн дэд захирал Өлзийбадрах, удаах хүү нь Оюуны чадварын IQ төвийн захирал Өлзийхутаг, түүний дараах Өлзий-Эрдэнэ хүү нь энэ хятад хэлтэй архитекторч юм байна. Отгон хүү Түмэн-Өлзий нь Дархан Уул аймагт хувийн сургуультай аж.Харин ихэр юм шиг, хүүгийнхтэйгээ ижилсүүлэн барьсан сууцныхаа барилгын зургийг өөрөө гаргасан гэсэн.

ОЮУНЫ ЭКОЛОГИЙГ ХАМГИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭСЭН ОРОН БОЛ АМЕРИК ГЭВ

Дэмбэрэл гуайн ажлын өрөөнд улс орон, хувь, хувьсгалын олон ч сэдвээр яриа өрнөлөө. Нэгэн инээдтэй яриаг нь одоо хүргэе. Улс оронтой холбоотой юм. Нэг үеэ бодвол манайхан жаахан өндийж байна гээд тэрбээр энэ явдлыг ярьсан. Хоёр мянга таван оны үед аймгийн Засаг дарга нарыг Тайваньд арван дөрөв хоног явуулжээ. Туршлага судлуулах гэж. Тэнд явсан нэг нь Дэмбэрэл гуайд хэлж л дээ. Засаг дарга нар очоод хичээлд нь суучихаад гарч ирээд муушигдаад байна гэнэ. Тэр дотор хоёр л арай гайгүй хүн байсан гэж байгаа юм. Хааяа нэг гарч номын дэлгүүрээр ганц нэг ном олж үзэх, ядаж гадаа гараад хүмүүс яаж ажиллаж байна, ямар сандал байна гээд хардаг. Бусад нь бүгд хөзөрдчихдөг гэнэ. Муушиг тоглоод. Цөмөөрөө хөзөр авч явсан байна. Ингэж яриад дарга нарыг ядаж гадаадад явж байхдаа муушигдахгүй байж болохгүй юу хэмээн ихэд гайхаж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт очиж ажилласан Завхан аймгийн Засаг даргыг нэлээн оюунлаг залуу юм гэж магтаж байна.Жамьянтив гэдэг хүн юм байна. Тэгээд гайгүй залуучууд гарч ирж байгаа юм байна гэж би харсан шүү гэлээ. Ер нь хүнийIQ нь ямар байна ажлыг зохион байгуулж байгаа арга нь ерөнхийдөө тийм л байдаг юм билээ. Савнаасаа л болдог юм билээ л дээ гэж ярина. Хүний IQ-г тодорхойлчихоод тэрийгээ зарладаггүй, өөрт нь хэлдэггүй нь ямар учиртай вэ гэвэл хэлэхээсээ илүүөөрсдөд нь зорилго тавиад шахаад л байх хэрэгтэй гэж байв. Хүүхдүүддээ ч энэ талаар өөрсдөд нь хэлдэггүй, “Та нар Монгол орныг урагш нь чирэх ёстой” гэж шахдаг гэнэ. Хөвгүүд нь дөрвүүлээ эдийн засагч, математикч мэргэжилтэй. Бизнесийн чиглэлийн хүмүүс атлаа философи их уншдаг юм байна. Бага хүү нь философи руу нэлээн гүн орж байгаа гэж ярьсан. Харин аав ээжтэйгээ хөршлөн суугаа Өлзийхутаг хүү нь философи их сонирхдог аж. Нөгөө ирэх замдаа аавтайгаа орчин үеийн философи хөнддөг залуу.

Дэмбэрэл гуай “Оюуны экологи” гэж сонин сэдэв хальт хөндөөд орхино лээ. Энэ бол “Нэгд, оюун ухаан ажиллах биологи нөхцөл болох эрүүл байх. Хоёрт, нийгмийн экологи. Шинэ юм ярьдаг, цоо шинэ юм боддог, шинэ дэвшил гараад ирвэл үр дүнг нь дэмждэг нийгэм байх ёстой. Манай нийгэм дэмжихгүй байна. Оюуны экологийг хамгийн зөв хэрэглэсэн улс орон бол АНУ. Тийм учраас тэнд үеийн үед оюун ухаан төвлөрч бөөгнөрч ирсэн. Хаана оюун ухааныг үнэлж байна Америкт үнэлж байна” гэж байв. Энэ бүх ярианы эцэст номын сангаа танилцуулав.Номын шүүгээний хажууд, буланд давхарлан тавьсан хуучны ширэн цүнхнүүд байна. Нэг том ширэн цүнх харуулав. Дэлхийн квантын физикт өөрийн онолыг боловсруулсан нэрт физикч Намсрай гуай барьж байсан цүнхээ бэлэглэсэн нь энэ аж.”Физикч Намсрай гуай өөрөө бэлэглэсэн юм шүү. Италиас авсан, жинхэнэ профессорын цүнх” хэмээн “гайхуулаад” авав. Тэгээд номын санг нь сонирхлоо. Дүүрэн тооны, эдийн засгийн ном байгаа биз дээ гэж бодож орсон ч тиймгүй юм. Дэлхийн бүх цаг үеийн урлагийн сор бүтээлүүдээс эхлээд сонгодог уран зохиол, философи, сэтгэл судлал, түүх, улстөр, математик, эдийн засаг. Толстой, Достоевский, Чехов, Гоголь, Шолохов, Сервантес… Тэр бүгдээ үзүүлээд “Энэ бол ёстой жинхэнэ ном байхгүй юу, за юу” гэнэ. Сонгодог зохиолчдоос сэтгэх хэв маягаараа танд хэн нь илүү таалагддаг вэ гэхэд Толстой, Достоевскийг нэрлээд бас Чехов ямар гайхалтай гэж санана гэж дуу алдав. Гол нь амттайхан сонголт, хүн төрөлхтний соёл иргэншлийн, оюун ухааны гол гол баримтууд эдний номын санд нэгэн амттайхан бөгөөд соньхон сан хөмрөгийг бий болгожээ. “Афоризмын алтан цуглуулга” ч гэж байх шиг. Монгол, орос, англи хэл дээр байх юм. Сэтгэл судлалын ном бүтээлүүд хичнээн ч байна вэ. Эмоцийн фсихологи, орчин үеийн фсихологи … гээд явж өгөх юм. Англи, орос хэл дээр бүх цаг үеийн урлагийн сод бүтээл, шилдэг таван зуун зураг, Барууны мастеруудын бүтээлүүд, тэдгээрийн дотор аль тавин хэдэн онд хэвлэгдсэн номууд ч байна. Хөрш амьдарч байгаа хүү нь байн байн зарим номыг нь аваад гэртээ орчихдог бололтой нь ярианаас нь анзаарагдана.Нөгөө сэтгэл зүйн номуудыг хараад асуулаа л даа. “Та шашин хэр шүтдэг вэ” гэж. Шүтдэггүй, харин судалдаг гэнэ. Тэртээх нэгэн өдөр нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар мань эрийг манай улсад Элчин сайдаар сууж байсан Бакула Рембүүчи дээр дагуулж очжээ. Элчин сайд, Рембүүчи юу гэж хэлсэн гэж бодно. “Та шашинд орохгүй хүн юм байна. Та харин шашныг сайн судлаарай. Тэгэхдээ манай шашныг хүндэтгэж яваарай” гэж хэлсэн байгаа юм.

Түүний ажлын өрөөнд ормогц сод эрдэмтэн Коперникийн хэвлэмэл хөрөг зураг өөдөөс ширтэнэ. Профессор хүүхэд ахуйдаа математикийн улсын наймдугаар олимпиадад түрүүлээд мянга есөн зуун далан хоёр онд Польшийн Торун хотод болсон олон улсын математикийн арван гуравдугаар олимпиадад оролцжээ. Торун нь Коперникийн төрсөн нутаг.Үүнийг бас хувь заяаны тохиол гэж бодож бэлгэшээж явдаг гэнэ.Тэгээд хэлэхдээ “Коперник бол оюуны чадавхиар тийм ч аварга хүн бас биш. Гагцхүү хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрээрээ, Коперник бол дэлхийг хөдөлгөж нарыг зогсоосон хүн. Агуу байгаа биз. Коперникоос өмнө дэлхий зогсч нар хөдөлж байдаг байж л дээ. Ийм л гавьяатай хүн” гэсэн товчхон түүх сөхсөн.

ДАРХАН БЭРИЙН ӨРГӨМЖЛӨЛД ГЭРГИЙ НЬ ИХЭД БАЯРЛАЖ, НУЛИМС УНАГАЖЭЭ

Номын өрөөнөөс нь гарч хоёрдугаар давхарт гэргий Цогзолмаатай нь жаал яриа дэлгэв. Тэрбээр аравдугаар ангид байхдаа нөхөртэйгөө танилцсанаа ярьсан юм. Ёстой л ээжийнх нь өврөөс босгож ирж танилцсан тухайгаа түрүүнд нь Дэмбэрэл гуай өөрөө ярьсан юм.Хөвгүүдээ өсгөж байсанүеэ амьдралынхаа нэгэнжаргалтай үе гэж байв. “Тэрсхэн болохоор бужигнуулж өгнө, бүтэн хөлтэй сандал гэж байхгүй байдаг байлаа. Тэрсхэн дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг их л завгүй байдаг юм. Одоо бодоход их сайхан байжээ. Ээж бол хүүхдүүдээ эрүүл л бойжуулах нь чухал. Тэгсэн байхад бусад нь аяндаа болно. Сурах тал дээр бол аав нь их анхаардаг байсан” гэсэн яриа болов. Хүүхдүүд нь дөрвөн настайгаасаа цагаан толгойн үсгээ сурчихсан гэнэ. Ойр ойрхон зайтай хөвгүүд үймүүлээд байхаар нь цагаан толгой заагаад өгчихсөн гэнэ.Ингэж гурван том нь дөрөвтэйдөө цагаан толгойгоо сурсан байна. Цогзолмаа гуай телевизийн инженер. Радио телевизэд арван долоон жил ажиллажээ. Нөхөр нь Хан-Уул дээд сургуулиа байгуулахад ньтуслахаар ажлаасаа гарч, сургуульдаа юм юм л хийсэн гэнэ. Дэмбэрэл гуайн ах дүүс түүнийг хүндэтгэн дархан бэрийн өргөмжлөл дурсгасан нь нүднээ содон тусна. Түүн дээр “Пүрэв овогтой Цогзолмаа танд

Амраг журамд ээл зааж

Сэтгэлийн гэгээнд Туяарсан бүсгүй минь

Итгэлийн галыг бадраасан бэр минь

Уньт гэрийн галын бурхан

Ураг худдаа эрхэм түшиг

Ухаант дөрвөн үрсээрээ

Удам хойчийг минь дархлаач

Даруухан монгол бүсгүй таныг

Дархан бэрээр хүндэтгэн өргөмжлөв” гэжээ. “Энэ бол дээд зэргийн хүндэтгэл шүү дээ. Ингэж хүндэтгэлтэй хандахад надад их сайхан санагдсан шүү. Нулимс унагаж байсан” гэж энэ өргөмжлөлийг хүлээж авахдаа төрсөн сэтгэгдлээ тэрбээр хуваалцсан юм. Дээр цухас дурсаад өнгөрсөн сургуулийн тухайд, эдний байгуулж буй оюуны гоц чадвартай хүүхдүүдийн сургууль нь жил гаруй хоёр жил орчмын дараа ашиглалтад орох юм байна. Энд хичээлийн байр, сурагчдын дотуур байр, багш нарын орон сууц гэхчлэн багш, сурагчдын сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг хангасан нэгэн том хотхон босох нь. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас баталсан боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөр энд л жинхэнэ утгаараа хэрэгжих нь ээ. Үдэд очсон бид үдэш арван есөн цагийн алдад оройн зоог бариад, ном бүтээхүйн зохист газар Шадивлан, гэр бүлийн аз жаргал, баяр баясгалан дүүрэн, оюуны их өргөө Ц.Дэмбэрэл гуайнхаас хотын төв рүү хөдөллөө.

Н.ПАГМА

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганхуяг: “Нэхмэлийн шар” байрны иргэд эцсийн шийдвэрийг гаргана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай ярилцлаа.

-Танай дүүргийн “Нэхмэлийн шар” гэж нэрлэгдэх байруудыг дахин төлөвлөж барилга барихад төр, иргэдийн хооронд нэлээд маргаан үүсээд байна. Асуудал юунаас эхлэлтэй вэ?

-Нэхмэлийн шарын байрыг дахин төлөвлөн барилгажуулах асуудал наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хороог байгуулснаар эхэлсэн юм. Түүнээс өмнө буюу энэ оны зургадугаар сард нийслэлээс “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны байрыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг өнгөрөгч зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлаар баталсан юм. Тэр журмын дагуу Нэхмэлийн гэж нэрлэдэг манай дүүргийн II болон III хорооны нутаг дахь 20 байрыг дахин төлөвлөж барилгажуулах компанийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан нь тэр юм. Тус хороог Засаг дарга миний бие ахалж байгаа.

Дээрх журамд тухайн санал ирүүлж буй байгууллага ямар, ямар шаардлага хангасан байх талаар ч заасан байгаа. Тухайлбал, журмын 6.4-д санал ирүүлэх барилгын компани нь барилгажилтын төсөл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын туршлага, санхүүгийн техникийн чадавхи гээд таван зүйлийг бичиг баримтын төсөлдөө хавсарган оруулж ирэх ёстойг заасан.

Журмын дагуу Хотын ерөнхий төлөвлөгөөний газар сонгон шалгаруулалтаа зарласан.

-Журмын дагуу атал иргэд яагаад бухимдаад байгаа юм бэ?

-Сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо бус Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явуулсан.

Уг нь Үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд шинээр барих барилгад хичнээн хүн амьдрах, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж нь ямар байх гээд ерөнхий мэдээллээ сонссон. Гэтэл энэ үед Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсээс “Сонгон шалгаруулалтаа зарлачихсан. Материалуудаа хүлээж аваад эхэлчихсэн шүү” гэсэн. Угтаа бол Үнэлгээний хороо хуралдаж, нөхцөл, шаардлагаа тавьсны дараа сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан юм.

Манай Үнэлгээний хорооны хувьд ерөнхий шаардлагуудаа нарийвчилсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Ямар ч ажлыг хийх гэж байгаа хүмүүст шаардлага тавьдаг шүү дээ. Хамгийн багадаа тийм туршлагатай, санхүүгийн чадавхитай, техникийн болон хүний нөөц ийм байх ёстой гэх мэт. Гэтэл эдгээр шаардлага огт тавигдалгүйгээр зарлагдчихсан юм. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй л дээ. Нэг хоногийн ч өмнө болохноо муу байрнаасаа салаад авъя гэсэн иргэдийн зөв. Нөгөө талаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч журмынхаа дагуу зарласан нь зөв. Үнэлгээний хороо бас шаардлагаа тавихгүй бол болохгүй нь ээ гэдэг нь ч зөв. Ингэж гурван талаасаа нэгдэж байж иргэдийн эрх ашиг хамгаалагдах ёстой юм. Энэ ажлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр иргэд маань ямар ч асуудалгүйгээр орон сууцтай болох л асуудал.

-Тэгээд тэр зарлагдсан сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарчихсан байгаа юм уу?

-Ямар ч компани шалгараагүй. Компаниудын ирүүлсэн санал лацтайгаа Ерөнхий төлөвлөгөөний газарт байгаа. Уг сонгон шалгаруулалтыг манай Үнэлгээний хорооны шаардлагыг тусгаагүй учир алдаатай байна гэж үзээд дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

-Үнэлгээний хорооноос ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, техникийн талын үзүүлэлт буюу инженерингийн тооцоо судалгаа, ерөнхий төлөвлөгөөтэй холбогдсон болон газар орчны байдал, архитектур төлөвлөлт гэх мэтийг харгалзах ёстой гэж байгаа. Нөгөө талаас чадварын үзүүлэлт буюу гүйцэтгэгч байгууллагын чадавхийн асуудал байгаа юм.

Ер нь бол энэхүү дахин төлөвлөлтийн ажил нь барилга угсралтын болон зураг төслийн компани хоёр нийлж байж хийх ажил. Тиймээс чадавхийн тухай асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Тухайлбал, найман байшин буулгаад дахин барилга барих гэж байгаа компани санхүүгийн хувьд чадавхитай, мөнгө босгох чадвартай, техникийн нөөц бололцоо нь сайн байх ёстой гэх мэтчилэн шаардлагыг тавьж байгаа юм. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл учраад тухайн байгууллага барьж чадахгүйд хүрвэл иргэдэд ямар баталгаа гаргаж өгөх вэ. Муугаар бодоод барьж чадахгүй болбол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Ийм эрсдлүүдийг хааж байж Үнэлгээний хороо үнэлгээгээ зарлах ёстой байсан гэдэг шаардлагыг тавьж сонгон шалгаруулалтын ажлыг зогсоосон юм.

-Гэхдээ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь таныг ашиг сонирхлын зөрчилтэй байснаас үүдэлтэй гэж иргэд хэлж байгаа?

-Энэ бүхний цаана иргэдийн эрх ашгийг хамгаалах, ямар нэг эрсдэлгүйгээр орон сууцанд нь оруулах зүйл яригдаж байгаа юм шүү дээ. Ийм зүйлийг ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй, хамаатныхаа, базынхаа, эсвэл хувьцаа эзэмшдэг компаниа оруулах гэж байна гэх мэтээр арай өөр өнцгөөс ярьж эхэлсэн л дээ. Тэр дагуу намайг иргэд АТГ-т өгч шалгуулсан. Хариу нь өнгөрөгч долоо хоногт гарсан. Мэдээж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон.

Намайг шалгуулсан нь иргэдийн зөв. Тэд хардах эрхтэй. Магадгүй Ганхуяг хамаатнаа оруулсан ч байж болох шүү дээ. Гэхдээ одоо нэгэнт хуулийн байгууллага нь шалгаад түүнийг тогтоочихлоо.

-Тэгвэл энэ бүх маргааны зангилаа нь дээр хэлсэн журам болж таарч байна уу?

-Журамд учир дутагдал байна гэж харж байгаа. Тиймээс сайжруулах тухай цаашид ярина. Гэхдээ нэгэнт зарлаад авчихсан зүйлээ үнэлэх үү, үгүй юу гэдэг нь асуудал болоод байна.

-Тэгвэл хэзээ өөрчлөлт оруулах вэ. Иргэд журамдаа өөрчлөлт оруулахыг илүүтэйгээр хүсч байгаа нь өнгөрөгч долоо хоногт Э.Бат-Үүл даргаар ахлуулсан удирдлагуудтай хийсэн уулзалтаас анзаарагдаж байсан?

-2014 оны зургадугаар сард журам батлагдсан. Миний зүгээс ч өөрчлөлт оруулах тухай санал тавьж байгаа. Үнэлгээний хорооны эрх, үүргийг тодорхой болгох гэх мэтээр нарийвчилсан заалтуудыг оруулах шаардлагатай байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах тухай асуудал нь Иргэдийн хурлаар орж байж шийдэгдэнэ. Тиймээс энэ удаагийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын тухайд одоогийн мөрдөж байгаа журмын дагуу л дахин төлөвлөлт нь явагдах болов уу. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо журмын өөрчлөлтийг хүлээхгүй. Өөрчлөлтийг хүлээлээ ч гэсэн журам нэгэнт буцаж үйлчлэхгүй тул одоо хүчин төгөлдөр байгаа журмаараа л явна гэсэн үг. Харин Үнэлгээний хороо аль болох чанартай гүйцэтгэж чадах боломжийн компанийг иргэдэд шалгаруулж өгөхийн тулд чадлаараа ажиллана. Иргэд ч үүнд давхар хяналт тавих ёстой. Компани танилцуулгаа хийхэд үнэхээр өөрийнх нь шаардлагад нийцэж байгаа эсэх талаар сайтар судлах ёстой. Тэгээгүй тохиолдолд татгалзах эрхтэй. Яагаад гэвэл энэ бол бүх насаар нь өөрт байх өмч хөрөнгийн асуудал тул хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Тэгвэл таны зүгээс журмын өөрчлөлтийг ИТХ-д яаралтай оруулж ирэх үүрэг ногдож байна?

-Бид журмын өөрчлөлтийг оруулахын төлөө ажиллана. Гэхдээ энэ удаагийнх нь хуучин журмаараа л явахыг дээр хэлсэн. Тиймээс журмын өөрчлөлт нь дараа дараагийн барилгын дахин төлөвлөлтийг хийхэд л нөлөөлнө. Манай дүүргийн хувьд хамгийн эхний барилга тул энэ удаа учир дутагдал байгааг үгүйсгэхгүй.

-Хамгийн эцсийн хариуцлагыг иргэд хүлээнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн байдлаар орон сууцгүй хоцорлоо гэхэд Үнэлгээний хороо буюу төр ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Тийм. Үнэлгээний хороо эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм биш. Үнэлгээний хороо нь тухайн компанийг иргэдтэй гэрээ хийх эрхийг л өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргаад Нийслэлийн Засаг даргад танилцуулна. Засаг дарга үүнийг болж байна гэж үзвэл батламж гардуулна. Ингэснээр тухайн компани иргэдэд танилцуулгаа хийх эрхээ авлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдтэй гэрээ хийнэ. Танай байрыг тэгнэ, ийм болгон гэх мэтээр. Тэгэхээр эцсийн шийдвэрийг өмчлөгч иргэд гаргана. Тиймээс Үнэлгээний хорооны санал болгосон компани иргэдэд таалагдахгүй ч байж болно. Харин иргэдийн олонхи татгалзаад эхэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулна.

Өөрөөр хэлбэл, барилга барьж өгөх чадамжтай компани эсэхийг Үнэлгээний хороо буюу төр иргэддээ сонгож өгөөд иргэд өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар асуудал үүсвэл иргэд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Энэ бүхэн нь энэ ажил иргэн хүн хувийн компани хоёр гэрээ хийж байгаа асуудал бөгөөд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлээр зохицуулагдан явж байгаа. Мөн Барилгын тухай болон Орон сууцны тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа.

-Одоо тэгвэл Үнэлгээний хороо хэзээ хуралдах вэ. Одоогийн байдлаар хичнээн компанийн санал ирээд байгаа вэ?

-Өнгөрөгч пүрэв гаригт Үнэлгээний хороо хуралдсан. Журамд зааснаар үнэлгээний хорооны бүх гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зурах ёстой юм. Гэтэл зарим нэг гишүүд маань өвчтэй, томилолттой таарсан. Тиймээс бүх гишүүдийгээ байхад гарын үсгийг нь авъя гээд энэ сарын 21-нд Үнэлгээний хороо дахин хуралдахаар болсон. Өөрөөр хэлбэл, тэр өдөр бид үнэлгээгээ хийнэ гэсэн үг. Урьдчилсан мэдээллээр найман санал ирээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА