Categories
мэдээ цаг-үе

Баруун аймгаас долоон тэрбумаар хэмжигдэх нефтийн бассейн илэрч магадгүй нь

Их нууруудын хотгорт нефтийн асар их нөөц бий ч манай улс өнөөдрийг хүртэл баруун бүсдээ хайгуул эхлээгүй байна. Баабар саяхны нийтлэлдээ “Их нуурын хотгорт дэлхийд эхний тавд орох газрын тосны орд бий талаар урьдчилсан таамаг гарсан. Энэ нөөц долоон тэрбум баррель хүрэх аваас хоолойгоор татах тухай ч ярьж байна. Үүнийг нотлохын тулд хайгуул хийж, цооног өрөмдөж, сейсм тавихаас өөр аргагүй. Засгийн газар энд тендэр зарлан шалгаруулчихаад ялсан компани яг ирээд хийх гэхээр нь унжаад хэвтчихсэн. Унжих байсан юм бол явдал болгож шалгаруулалт явуулах ямар хэрэг байна” гэж онцолсныг эс тооцвол сүүлийн үед энэ чигийн мэдээлэл ер нь цацагдаагүй. Их нууруудын хотгорт лицензтэй компаниудын төлөөлөл нь ч, салбар хариуцсан албаныхан нь ч газрын тосны асар их нөөц байж мэдэх баруун бүсийн хайгуулын талаар хөндөж байгаа юм алга.

Геологичид их нууруудын хотгорт газрын тосны нөөц бийг үгүйсгэдэггүй. Социализмын үед ЗХУ-ын геологичид манайд нефтийн хайгуул хийхдээ Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож байсан юм. 1963 онд нефтийн хайгуул хийж байсан Зөвлөлтийн геологийн алба нутаг буцаж, Монголын нефтийн хайгуул, судалгаа гуч орчим жил зогссон байдаг. Зах зээлд шилжсэний дараа дэлхийд гуравт жагсдаг Английн “Бритиш петролиум” компанийнхан газрын тосны нөөцтэй байж мэдэх нутгуудаар явж байжээ. Тэд монгол геологчидтой хамт Тамсагбулагаас Увс нуур хүртэл явсан баримт бий. Эндээс харахад Их нууруудын хотгор дэлхийн “акул” компанийн сонирхлыг татаж байж. Тэд дөрвөн сая ам.доллар зарцуулж эрэл хайгуул хийснийхээ эцэст “Монголын газрын тос танай орны дотоод хэрэгцээнд бол бүрэн хангалттай. Харин бидэнд эдийн засгийн үр ашиг өгөх нефть алга” гээд нутаг буцжээ. “Бритиш петролиум” мэтийн аваргуудад өдөрт 200 мянган баррель нефть олборлодог орд олдвол эдийн засгийн ашигтайд тооцогддог гэдэг. Манайхаар бол Зүүнбаянгаас жилдээ олборлож байгаа хэмжээг өдөрт нь олборлож байж ашигтай ажиллана гэсэн үг. Сүүлд манайд ирсэн “Юникол”, “Филикс петролиум” компанийнхан ч Их нууруудын хотгорыг судалсан байдаг. Үе үеийн геологичдын анхаарлыг татсаар ирсэн Их нууруудын хотгор баруун Монголд оршдог. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрийг хамардаг юм.

Их нууруудын хотгорт нэг ч өрөм тавиагүй учраас яг төчнөөн тонн нөөцтэй гэж шууд хэлэх хэцүү. Гэхдээ магадлалын онолоор бол нефтийн том нөөц байх боломжтой гэдгийг геологичид үгүйсгэдэггүй. Их нууруудын хотгорын цаахна талд хятадууд газрын тосны олборлолт явуулж байгаа аж. Ялангуяа Алтай сумын урд талд хятадууд хилийн шугаманд тулгаад өрөмдөж, соруулаад байна гэсэн мэдээг нутгийн иргэд өгч байна. Албаныхан ч энэ мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Энд эргэж харахаас аргагүй нэг өнцөг бий. Нефть мэтийн шингэн зүйлийг хоёр километрээс соруулаад авчихаж болдог гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Налуу өрөмдлөг хийхэд л асуудалгүй гэнэ. Саяхан баруун бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Ховдод болоход Увс, Говь-Алтай аймгийнхан “Газрын тосны хайгуулаа манай нутаг руу хийгээд өгөөч, шатахууны үнэ Улаанбаатарт хямдхан байхад бид үнэтэй хэрэглэж байна. Газар дор бэлээхэн нөөц байгаа нь тодорхой байхад ингэж амьдрах ч гэж дээ” гэсэн агуулгатай яриа шүүмж өрнүүлсэн юм билээ. Манай улсын хувьд хятадуудын олборлолт явуулаад байгаагийн наахна орших газартаа өрөм тавих гэхээр хилийн зурвас, тусгай хамгаалалттай нутаг, их говийн дархан газар гэх мэт саад бэрхшээлүүд байдаг аж. Сүүлийн үед Ховд аймгийн удирдлагууд газрын тосны нөөц байх магадлалтай тэр хэсгийг тусгай хамгаалалттай нутгаас гаргаж хайгуул хийх бололцоо олгооч гэсэн хүсэлтийг албаны байгууллагуудад нь тавьж эхэлжээ. Нөөцтэй бол баялгаа ашиглая, нөөцгүй нь тогтоогдвол буцаад тусгай хамгаалалтад нь оруулахад болохгүй юмгүй гэсэн санаа бүхий үг хэлэх иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Хилийн цаахна талд хятадууд олборлолт явуулж байгаа юм чинь наад талд нь нөөц байх өндөр магадлалтай гэж геологичид ярьж байна.

Одоогоор Увс-1, Хар ус-2, Шарга-3 гэх мэт баруун таван аймгийг хамарсан том талбай дээр нэг ч гэрээ байгуулаагүй аж. Гэрээ байгуулах шатандаа явж байгаа гэнэ. Нэгнийх нь асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл очоод багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулж хэлбэл Увс-1 талбай. Уг талбай дээр “Гладвилл” гэж Хонконгийн компани бий. Энэ талбайд Газрын тосны газар, “Гладвилл” компанитай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон гэрээний үндсэн нөхцөлүүдэд яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ҮАБЗ-д хүргүүлсэн юм.

Нөгөө нь Хар ус-2 гэдэг талбай. Энэ талбай Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Чандмань, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дөргөн сумын нутагт оршдог. Уг талбайд 2007 онд нээлттэй тендер зарлаж Их Британийн Виржиний арлуудын хөрөнгө оруулалттай “Ренова илч” компани шалгарчээ. Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Барлоу Холдинг” компани нь “Ренова илч” ХХК-ийн хөрөнгө оруулагч аж. Нийт хувьцааных нь 82 хувийг эзэмшдэг байна. Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн тушаалаар бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг ялсан компанитай хэлэлцэн тохирч үзэглэх эрхийг Газрын тосны газарт олгосон байдаг. Хөрөнгө оруулагч, захиалагч талуудын маргаан шүүхээр явсаар цаг алдсан тал байгаа аж. Маргааны эцэст анх тендерт ялсан компанид гэрээ байгуулах эрх үүсээд байгаа гэнэ. Тодруулж хэлбэл “Ренова илч”-д. Сүүлд энэ оны долдугаар сард Газрын тосны шинэ хуулийн дагуу гэрээний төслийг үзэглэн салбарын яаманд нь хүргүүлжээ. Гэрээний загвараа батлаагүй гэх шалтгаанаар хойшилсоор байгаа бололтой. Гэрээний загварыг батлах ёстой Засгийн газар бүрдээгүй байгаа учраас энэ асуудал нэг хэсэгтээ хүлээгдэх нь ойлгомжтой болжээ. “Ренова илч” компанийн хувьд хуульд заасан ёсоор орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд жилд 25 мянган ам.доллар төлнө, нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн үүрэг хүлээх юм билээ. Хайгуулын найман жилийн хугацаанд нийт 38.9 сая ам.долларын хөрөнгө оруулна, үүнээс эхний жилд гэхэд 4,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тоонууд яригдаж байгаа аж.

“Шарга-3” дээр “Тэнгэр холдинг” компанийн нэр дуулддаг. Энэ компанийн хувьд тендерт материалаа өгсөн ч шалгаруулалт нь болохоос өмнө захирал нь баривчлагдсан байдаг. Хөрөнгө оруулалтыг нь “Тэнгэр холдинг” биш Английн “Коннект ресурс” компани хийжээ. Энэ компани арав гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг. Ном, дүрмийнх нь дагуу хөрөнгөө оруулсан гэх мэдээлэл энэ компанийг Монголоос гарах үед дуулдаж байсан. Шарга-3 дээр нэлээд өндөр түвшний судалгаа хийж байж. Гэвч захирал нь хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар судалгаа зогссон бололтой. Монголд арав гаруй сая ам.доллараа хийсэн Английн компани хоёр жилийн өмнө нутаг буцсан юм. Энэ компани Монголоос гарахынхаа өмнө “Тэнгэр холдинг”-ийнхонд “Бид хөрөнгө оруулалтаа алдагдал гэж тооцож байгаа ч гэсэн танайхаас татаж авахгүй. Царцаах шийдвэр гаргаж байна” гэж хэлээд явсан гэх мэдээлэл байна. Хөрөнгө оруулалт ид хийгдэж байх үед “Тэнгэр холдинг” 250 ажилтантай байжээ. Сөүл бизнес центрийг сардаа 27 мянган ам.доллараар түрээсэлдэг байсан гэх энэ компанийн ихэнх ажилтан өнөөдөр ажилгүй болжээ. Талбай дээр нь арав хүрэхгүй хүн ажиллаж байгааг эс тооцвол үйл ажиллагаа нь бараг зогссон гэнэ. Баруун бүсийн анхаарал татсан нэг талбай болох Шарга-3 дээр байдал ийм байна.

Дахин хэлэхэд дээр дурдсан гурван компанийн алиных нь ч гэрээ байгуулагдаагүй. Хайгуулын ажил явуулах нөхцөл бүрдээгүй байгаа гэсэн үг. Газрын тосны шинэ хуулиар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газар шийдэх бол газрын тосны асуудал хариуцсан яам нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлах аж. Харин Газрын тосны газар хайгуулын талбайд захиалга хүлээн авах гэрээлэгчийг сонгон шалгаруулах юм байна. Газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгох газар нь салбарын яам. Төрийн байгууллага тусгай зөвшөөрөл олгосныхоо дараа орон нутгийн захиргаанд мэдэгдэх процесс бий. Компанийн хувьд тухайн жилийнхээ төлөвлөгөө, төсвийг Газрын тосны газраар батлуулж хайгуулын ажлыг эхлүүлэх юм байна.

Эдгээр талбайнууд дээр тодорхой хэмжээний мөнгөө зарчихсан хөрөнгө оруулагчдын хувьд гэрээгээ хурдан хугацаанд байгуулж ажлаа эхлэх өндөр сонирхолтой байгаа нь мэдээж. Нутгийн иргэдийн хувьд ч баялгаа эргэлтэд оруулах сонирхол хүчтэй байгааг өмнө өгүүлсэн. Дахин хэлэхэд Их нууруудын хотгорын ердөө цаахна Хятадын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт ид явагдаж байна. Дархан газар, хилийн зурвас гэх мэтээр шалтаглаж хайгуул эхлүүлэхгүй цаг алдах хэрээр хилийн зурваст өрөмдлөг явуулж буй урд хөршийнхөн хоёр километр орчмын газар доорхийг соруулаад авчих бололцоотой гэдгийг өмнө онцолсон. Тэгэхээр нефтийн дажгүй нөөцтэй нь бараг л тодорхой болсон Их нууруудын хотгорынхоо үнэ цэнийг элдэв шалтаг, шалтгаан хайж унагамааргүй байна. Газар доорх баялгаа бусдад алдахгүйн тулд хайгуулаа эхлүүлье гэсэн баруун аймгийнхны уриалга ч санадаг санаа. Ер нь “Эрсдлээ үүрч мөнгөө гаргаад баруун бүсэд чинь нефть байгаа эсэхийг тогтоогоод өгье” гэсэн хөрөнгө оруулагчдад ингэж тээг болох хэрэг байна уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал

Өмнөтгөл

Монголчууд бид эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхийн тулд байгаль орчны доройтлыг сааруулах, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэлийн менежментийг шинэчлэх гээд олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх түүхэн хариуцлагатай үетэй тулгараад байна. Энэ бүхнийг оновчтой шийдвэрлэх гарцыг бид шинэчлэл, өөрчлөлт хэмээн томьёолж тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэстэй ойлгох, шийдвэрлэхийг хичээж, технологийн шинэ шинэ шийдлүүдийг эрэн сүвигчилж байгаа билээ.

Энэ бүхнийг нэгэн зэрэг хийх шаардлагатай байгаа ч улс орны санхүү эдийн засгийн нөөц хязгаартай учир тулгамдсан хамгийн гол асуудлаа зөв тодорхойлж түүнийг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм.

Энэ түүхэн цаг үед манай зарим эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Монголд шинжлэх ухаан хөгжөөгүй, шинжлэх ухаан байлаа ч гээд нөлөөгүй, байхгүй байхад үгүйлэгдэхүй, ШУА төр, захиргаа, намын нэгж болсон, эрдэмтэд академичдын хийж бүтээсэн зүйл тодорхойгүй, шинжлэх ухааныг аврах хэрэгтэй боллоо гэх мэтээр хүрсэн ололт, түвшинг хэт үгүйсгэн хараар будах болсон нь нэн эмгэнэлтэй байгаа учир өөрийн санал бодлыг товч боловч илэрхийлье.

Учир нь шинжлэх ухаан, технологийн салбарт гарц шийдэл хүлээсэн олон тулгамдсан асуудал байгаа ч аврал эрхүйц дайны байдалд орчоогүй байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ НИЙГМИЙН ХӨГЖИЛД ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГ

Сүүлийн 3 жилийн дунджаар шинжлэх ухааны нийт санхүүжилт 32 тэрбум, түүний дотор эрдэм шинжилгээний ажлын зардал 9.2 тэрбум төгрөгт хүрч энэ нь ДНБ-ний 0,2 хувьтай тэнцэж байна.

Олон улсын жишиг үнэлгээгээр дээрх үзүүлэлт 0.4 хувиас бага бол тухайн орны хувьд шинжлэх ухаан нийгэм соёлын үзэгдлийн төдий байр суурьтай, 0,8 хувьд хүрч байвал нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээний, 1.5 орчим бол тухайн орны хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үздэг билээ. Санхүүжилт хүрэлцээгүй, түүний хувиарлалт оновчтой бус, дэлхийн жишигт нийцсэн судалгааны томоохон лабораторууд цөөхөн, эрдэм шинжилгээний ажлын үр дүн үйлдвэрлэлийн бизнесийн салбарт удаан нэвтэрч байгаа судалгааны байгууллага их дээд сургуулийн уялдаа холбоо сул зэрэг олон хүндрэл бэрхшээлээс шалтгаалан манайд шинжлэх ухааны нөхцөл амаргүй төвөгтэй, нийгэмд хуримтлагдсан гарц шийдэл хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн боловч салбарыг бүхэлд нь буруутгах, муулах учиргүй.

Манай орны тариалангийн салбарт л гэхэд түүнийг эрхлэх шинжлэх ухааны үндэслэл, арга технологи нилээд сайн боловсрогдож, цаг үеийн нөхцөлд тохирон шинэчлэгдэж, үйлдвэрлэлд нэвтэрч байгаагаас өнөөдөр үр тариа, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах хэмжээнд хүрээд байна. Зөвхөн 2014 онд л гэхэд манай эрдэмтэн судлаачдын сорьж нутагшуулсан, шинээр бүтээсэн зусах буудайн дасан зохицох чадвар сайтай Дархан-34, Дархан-74, Дархан-134 зэрэг сортууд үйлдвэрлэлд 20-25 ц/га буюу жишиг сортоос 5-6 ц/га илүү ургац өгсний үр дүнд, манай тариаланчид нийтдээ 460 мянга шахам тонн ургац хураан авч төр, засгаа баярлуулаад байгаа нь шинжлэх ухаанчдын хөдөлмөрийн үр дүн биш гэж үү.

Энэ бүхнээс үзвэл хэрвээ дэмжиж, хөгжүүлж, ашиглаж чадвал Монголчууд, Монголын шинжлэх ухаанд асар их чадамж бололцоо байгаа болно. Өнөөдөр манай залуучууд дэлхийд алдартай Microsoft зэрэг компаниуд болон нэр хүндтэй их сургуулиудад сурч, ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн олон шинэ бүтээл гаргаж, академич Б.Чадраа, Х.Намсрай тэргүүтэй физикчдийн багууд, зарим эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Монгол улсад төдийгүй эрин зууны нээлт гэхээр бүтээл бүтээгдэхүүн гаргаад байгаа зэрэг нь дээрх дүгнэлтийг батлах тодорхой үзүүлэлт болно.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ГАРЧ БАЙГАА АХИЦ ДЭВШИЛ

ШУТ-нийн салбарын сүүлийн жилүүдийн төлөв байдлыг авч үзвэл нилээд нааштай өөрчлөгдөж байна. Үүнд:

1. 2007-2010 онтой харьцуулбал шинжлэх ухаан, технологийн нийт зардал 2014 онд 2.0 дахин, түүний дотор эрдэм шинжилгээний ажлын зардал 2.7 дахин нэмэгдлээ.

2. Шинэчлэлийн нэг чухал асуудал нь ШУТ-ийн үйл ажиллагааны санхүүгийн бүтэц юм. Энэ нь 1. Онолын суурь судалгаа 2. Хавсарга судалгаа 3. Судалгаа хөгжил гэсэн 3 хэсгээс бүрдэж байна. Хөгжсөн орнуудын жишгээс харахад ойролцоогоор нийт санхүүжилтын 12 % нь онолын судалгаанд, 24-25 % нь хавсарга судалгаанд, 62-65 % судалгаа хөгжилд оногддог байна. Манай улсын хувьд 2013 онд дээрх үзүүлэлт 15.4 %, 33.9 %, 50.4 % болж тохиромжтой харьцаа руу дөхөж байгаа нь нилээд таатай үзүүлэлт болно.

3. ШУТ-ийн салбарын дэд бүтэц эрчимтэй хөгжиж эхэлж байна. Инновацийн төв, инкубатор судалгааны төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан технологийн парк, гарааны компани гээд ШУТ-ийн үйл ажиллагааг дэмжих, зуучлах институцүүд буюу дэд бүтэц олноор байгуулагдаж байна. Шинжлэх ухаан, технологийн ололтыг хэрэглээ болгон бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлд ч багагүй чармайлт гарган зохих үр дүнд хүрч байна. Энэ нь тус салбарын дэд бүтцийн хөгжилтэй холбоотой юм.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэ зууны ШУТ-ийн салбарын хөгжлийн ерөнхий хандлагыг харвал:

Нэгд, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах замаар амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах,

Хоёрт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл бизнестэй холбогдож бүтээгдэхүүний үнэ өртөгт шинжлэх ухааныг илүү их шингээх,

Гуравд, шинжлэх ухааныг жирийн хүмүүст ойртуулах, хүн төрөлхтөний нийтлэг соёлын нэг хэлбэршил болгон улс үндэстнээрээ шинжлэх ухаанжих зэрэг багц асуудалд чиглэгдэж байна.

Манай орны хувьд шинэ зуунд шинжлэх ухаан техонлогийг хөгжүүлэхдээ дэлхийн шинжлэх ухааны дээрх хандлагуудаас гадна өөрийн орны өвөрмөц онцлог, шинжлэх ухаан хөгжиж ирсэн уламжлал шинэчлэлийг нилээд харгалзах нь зүйтэй юм.

Учир нь улс орон бүхэн өөрийн онцлогт тохирсон ШУТ-ийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр тодорхойлж хэрэгжүүлж байна. Жишээлбэл Япон, БНСУ, нанотехнологи, биотехнологи, харилцаа холбооны технологи, материаллаг технологи, БНХАУ мэдээлэл, харилцаа холбооны технологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн технологи, биотехнологид түлхүү анхаарах болов.

Манай оронд ШУТ, түүний дотор инновацыг хөгжүүлэхэд харилцаа холбоо, тээврийн дэд бүтэц сул, засаглал муу, тогтворгүй, инновацийн бодлого санаачлага өндөр технологид чиглэгдэх хандлагатай эхэлж байгаа зэрэг нь шинжлэх ухааны үндсэн тоглогч нарын үйл ажиллагааны уялдаа холбоо оновчтой зохион байгуулагдаагүй байгаатай холбоотой байна.

Нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан шинжлэх ухаан төдийгүй дээд боловсролын ирээдүйн төлөв байдал өөрчлөгдөж байна. Энэ нь:

Нэгд, технологи дагнан боловсруулах ерөнхий хандлагийг өөрчилж, шинжлэх ухааныг суурь судалгаа, технологи, инноваци гэсэн бүхэл бүтэн системийн хэмжээнд авч үзэж хөгжүүлэх хууль эрх зүйн үндсээ боловсруулсан төдийгүй, үйл ажиллагаа эхэлчихээд байна.

Хоёрт, Бид олон жил шинжлэх ухаан, дээд боловсролыг саланги, тусад нь хөгжүүлж ирсэн тогтолцоогоо өөрчилж, тэдгээрийн хоорондын холбоог өргөтгөн, судалгаанд суурилсан их, дээд сургууль болгох том зорилтыг дэвшүүлж байгаа билээ.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадвал их дээд сургуулиуд дэргэдээ эрдэм судалгааны томоохон лабораториуд, бусад хүчирхэг бааз суурьтай болохын зэрэгцээ, шинжлэх ухаан дээд боловсролын холбоо сайжран, эрдэмжсэн инноватор багш нар бэлтгэгдэн, ШУТ-ын салбарт илүү нөлөөтэй бас хүртээмжтэй ажиллах боломжтой. Инновацын тогтолцоог мэргэжсэн инноватор багш, инноватор эрдэмтэдгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нөгөө талаар зарим ижил төстэй хүрээлэн, судалгааны төвүүд их сургуулиудынхаа бүтцэд орж, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг зах зээлд хэрэглээ, бизнес болгох инновацын тогтолцоо өргөжиж хөгжих болно. Энэ ажлын эхлэлийг аль 20 жилийн өмнө Дархан-Уул аймаг дахь УГТЭШ-ний хүрээлэнг хуучин ХАА-н коллежтой нэгтгэн УГТСЭШХ болгон өөрчилж, шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэл хосолсон Монголдоо анхдагч хэмээн нэрлэгдэж болох жишиг хүрээлэнг байгуулсан билээ. Бас дэргэдээ өөрсдийнхөө залуу халааг бэлтгэх зорилготой “Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай” лицей сургуулийг байгуулсан болно. Өдгөө энэ хүрээлэнг орон нутгийн бусад төрийн өмчийн их сургуультай харьцуулбал эрдэмтэн судлаачдын тоогоор 10 гаруй, эрдэм шинжилгээний дундаж зардал 30-40 дахин их байгаагаас гадна эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн бааз ямар ч их дээд сургуультай харьцуулах аргагүй илүү, инновацын тогтолцоо эрчимтэй хөгжих суурь боломж сайтай болно. Багш судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэмтэд багшлах, профессорын багт орж ажиллах, оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагын боломж өндөр гээд төрөөс бодлогоор дэмжвэл давуу тал олон болно.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ҮНЭЛЭМЖ

Өдгөө ШУТ-ийн салбар, эрдэмтэдийн ажлын үнэлэмж, нэр хүнд буурч байгаа ч мухардмал байдалд орчихоогүй байна. Манай зарим эрдэмтэд өөрсдөө шинжлэх ухаанаа гоочилж, шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухааны ач холбогдол, түүний бичигдээгүй нөр их ажлын талаар төсөөлөлгүй хүмүүс олширсноос, нөгөө талаар хэтэрхий намчирхах, талцах хийсвэрлэх үзэл давамгайлах боллоо. Мөн хүмүүс аль нэг намын эрх ашгийн төлөө хоосон таамгаар амьдардаг, намаар дамжин ажил албанд хүрэхийг хичээх болсоноор нийгмийн амьдралд мэдлэг мэргэжил, дадлага, туршлага, сайн муугийн ялгаа бүдгэрч улмаар мэддэггүй нь мэддэгээ удирддаг бас дарамталдаг буруу жишиг тогтож байгаа нь нууц биш ээ. Энэ бүхэн шинжлэх ухаан, технологийн салбарын үнэмлэмж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэхэд нэг их хэлсдэхгүй биз.

Нөгөө талаар шинжлэх ухааны буюу оюуны бүтээлийн үнэлэмж муу, эрх зүйн орчин сул байгаа учир зохиогчийн эрх, технологийн нууц алдагдаж түүнийг үнэ хөлсгүй хулгайлагчид олширсон нь ч шинжлэх ухааны нэр хүндэд таагүй нөлөөлөх боллоо. Мөн ШУТ-ийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэх, сурталчлах, сонин сэтгүүл хомс, үйлдвэрлэл бизнесийн салбарын технологийн мэдрэмж, инновацын идэвхжил нэн сул байна. Түүний зэрэгцээ эрдэмтэн хүний шалгуур үзүүлэлт суларч, хэн хүссэн нь ач холбогдол багатай сэдвээр цол зэрэг хамгаалах боломжтой болсон одоогийн тогтолцоо ч нөлөөлж байна.

Эрдэм судалгаагааг дуртай нэг нь хийчихдэг амар хялбар ажил алба биш. Академич Т.Төмөржав “Эрдэмтэн гэж эрдэм номын бартаатай замаар замнаж, хал үзэж, хат суусан, шинжлэх ухааны аль нэг салбарт нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар жинтэй судалгаа явуулж, эрдмийн зэрэг хамгаалж, шинжлэх ухааны онол, судалгааны арга зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн, оюуны өндөр чадавхи, өргөн мэдлэг, боловсрол эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, эрдмийн бүтээл номын шавь нараараа нийгэм, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл эрдмийн ажил бол цаг наргүй, цалин хөлс, үнэлэмж муутай нэг ёсондоо шинжлэх ухааны боолын хөдөлмөр гэхэд нэг их хэлсдэхгүй болов уу?

ШУТ-ИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАНГИЛАА АСУУДАЛ

Бидний хувьд сэтгэж бодох, бүтээх оюуныхаа чадвартаа түшиглэн ирээдүйгээ харсан шинжлэх ухаанч бодлогоор урагшлах учиртай. Нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж байгаа өдгөө цагт шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтгүйгээр шийдвэрлэх асуудал огт алга байна. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдрал ерөнхийдөө шинжлэх ухаанжих явцад түүний үүрэг ач холбогдол өсч, улам ихээр эдийн засагжиж, бизнес агуулгатай болж шинжлэх ухааны чанар өөрчлөгдөж байна.

Улс төрийн хувьд тогтвортой байж, ШУТ-ийн салбартаа хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа улс орнуудын хөгжил дэвшил түргэсэж байгаа нь манай өмнөд хөршийн туршлагаас тодорхой байна. Иймээс улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрд асар олон боломж бололцоо гардаг учраас түүний шинэчлэл өөрчлөлтийг түргэсгэхэд нэмэр болох болов уу хэмээн дараах саналыг нэмэрлэе.

1. ШУТ-ийн салбарын бүтэц, удирдлага зохион байгуулалтын одоогийн задгай тогтолцоог боловсронгуй болгох.

ШУТ-ийн хуулийн дагуу одоогоор Монгол улсын шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл (МУШУТҮЗ), Боловсрол шинжлэх ухааны яам (БШУЯ), Шинжлэх ухааны академи (ШУА), тэдгээрийн санхүүжилтыг олох, хувиарлах, зохицуулах үүрэг бүхий Шинжлэх ухаан технологийн сан (ШУТС), Хүрээлэн, Судалгаа үйлдвэрлэлийн төвүүд зэрэг газруудаас Монголын ШУТ-ийн салбар бүрдэж байна. Энэ бүтцээр засгийн газрын шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухааны болон шинжлэх ухаанаа мэддэг уламжлалт төлөөлөл огт байхгүй байгаагаас гадна, зах зээлийн тогтолцоо менежментийг бий болгох зорилгоор ШУТехнологийн санг байгуулсан боловч бие даасан, тодорхой эрхтэй байх боломжгүйгээр БШУЯамны харъяа газар болгочихсон билээ.

Ном хэвлэлийг мөшигвөөс АНУ зэрэг орнуудад Үндэсний шинжлэх ухааны сан гэж агентлагийн эрхтэй бие даасан байгууллага байдаг бөгөөд дэвшигдэн гарч ирсэн ШУТ-ийн төслийг мэргэжлийн экспертууд судлан тухайн төсвийг санхүүжүүлэх эсэхээ бие даан шийддэг журамтай байх юм.

Эрх мэдэлтэй, тодорхой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй юм шиг МУШУТҮЗ гэх байгууллагыг ерөнхий сайд толгойлдог. Түүний албан ёсны нарийн бичгийн даргыг БШУЯ томилодог. Шинжлэх ухаан, технологийн салбарын гол асуудлыг энэ хүнээр дамжуулан богино хугацаанд шийдвэрлүүлэх гэж оролдовч эрх нь хязгаарлагдмал, тус зөвлөлийг жилд 1-2 удаа хуралдуулж, тодорхой асуудлаар шийдвэр гаргуулах үндсэн үүрэгтэй юм шиг. Зүй нь үндэсний гэх тодотголтой энэ зөвлөлийн нарийн бичгийн дарга хүрээндээ тодорхой ажлын хэсэгтэй байж, төр засаг, шинжлэх ухааны салбарыг холбож, тулгамдсан асуудлуудыг тодорхойлогч, шийдвэрлэгч, хэрэгжүүлэгч засгийн газар, ерөнхий сайдын шадар туслагч байж чадвал нэр хаягандаа тохирмоор. МУШУТҮЗ нь шинжлэх ухаан инновац-үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг оновчтой тогтоох, стратегийн төлөвлөгөө таамаглал боловсруулах, технологи-инновацын эксперт хийх, ШУТ-ийн мастер төлөвлөгөө, Монгол улсад инновацын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шаардлагатай асуудлыг холбогдох байгуулагуудаар гүйцэтгүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх чадвартай баймаарсан.

Мөн БШУЯ, ШУА, ШУТС гэсэн бие биеэ харсан байдалтай хоорондоо уялдаа холбоо муутай энэ гурван байгууллагыг удирдлага зохион байгуулалтын хувьд нэг тогтолцоонд оруулах шаардлагатай байна. Энэ талаар олон жил ярьж, цөөнгүй баримт бичигт тусгаж байсан ч өнөө болтол ШУТ-ийн салбар нэгдсэн удирдлага, зохицуулалт муутай БШУЯ-ны шинжлэх ухааны асуудал хариуцсан газрыг хэлтэс, эсвэл хэлтсийг газар болгон нэр хаягыг нь өөрчлөх төдийгөөр дорвитой өөрчлөлт гарахгүй хэвээр байна. Чухам үүнд л хүмүүс бухимдаж манай ШУТ-ийн салбар юм хийхгүй байна, шоовдор хүүхэд шиг боллоо, аврах хэрэгтэй… гэх мэтээр ярьж бичиж байгаа болов уу.

Гаргалгаа маш энгийн, гэхдээ хэд хэдэн хувилбар байж болох юм. Монголын ШУТ-ийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий БШУЯ-ны ШУ-ны бодлого зохицуулалтын хэлтэс нь цөөн орон тоотой, эрх мэдэл хязгаарлагдмал, сайдын ам, үндэсний зөвлөлийн шийдвэрийг харсан шинжтэй байгаа нь тодорхой асуудлыг богино хугацаанд бие даан шийдвэрлэх боломж хомс байна. Түүний зэрэгцээ ШУТ-ийн салбарын дэд бүтэц олшрон, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага нь өргөжиж байгаа энэ цаг үед хэлтсийн хэмжээний цөөхөн орон тоотой газар ШУТ-ийн бодлогыг зангидан боловсруулж хэрэгжүүлэхэд цаашдаа хүчин мөхөсдөж болзошгүй юм.

Цаашид үндэсний хэмжээнд инновацын бодлогыг хэрэгжүүлэх, салбарын инновацын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан инноваци, шинэ мэдлэг бүтээх, ашиглах үйл явц, технологи дамжуулах, нутагшуулах чиг хандлагыг судлах, үнэлэх гээд энэ хэлтэсийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай болно. Иймээс байж болох эхний хувилбар бол Засгийн газрын бүтцэд ШУТ-ийн салбарыг хариуцсан юмуу ерөнхий сайдын шууд удирдлаганд ажилладаг агентлагийн хэмжээний байгууллага байх нь зохистой байж болох юм. Бидний хойт хөршид ШУТ-ийн салбарын бодлогод ерөнхийлөгч түлхүү оролцох чиглэлтэй байгааг ч бид бодолцох учиртай. ШУТ-ийн Улсын Хороо гэсэн боломжийн бүтэцтэй байсан үе бий.

Монгол улсын ШУТ-ийн салбарын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцооны талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан нэг бус удаа ажиллаж байсан ч ахлагч нар нь энэ салбарын талаар төсөөлөл муутай хүмүүс байсан учир хүсэж, хүлээсэн шийдвэрүүд гарч байсангүй.

Бидний бодлоор бусад улсуудын жишгийг дагаж салбараа сайн мэддэг, тодорхой алба хашдаг, тухайлбал шинжлэх ухаан технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжсэн ажлын хэсэг томилж ажиллуулбал богино хугацаанд тодорхой санал дүгнэлт боловсруулагдах боломжтой. Бид цаашид гүйцэтгэгч, харэгжүүлэгч байгууллагын зааг ялгааг нэлээд тодруулах хэрэгтэй байна.

2. Судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог өргөжүүлэх Сүүлийн үед манай зарим эрдэмтдийн ярьж бичиж байгаагаар ШУА, түүний салбар хүрээлэнгүүдийг тарааж, шинжлэх ухааны асуудал хөгжиж, эрдэмжсэн орнууд шиг Их сургуулиуд дээр ШУТ-ийн асуудлыг шууд төвлөрүүлээд явчих боломж одоогоор алга байна.

Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, бизнесийн байгууллагын холбоо, түншлэлийг өргөжүүлэх нь ШУТ-ийн салбарын шинэчлэлийн асуудлын нэг чухал хэсэг юм. Энэ нь манай орны хувьд салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лаборатори байгуулах, хувийн хэвшил болон гадаад орнуудтай хамтран шинжлэх ухааны инкубатор, технологийн парк байгуулах, салбар дундын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудаас эхлэх нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ Их сургуулиудын хийж байгаа судалгааны ажлын төрөл, түвшин, боловсон хүчний нөөц зэргийг харгалзан үзэж, улс орны ирээдүйд хэрэгтэй, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний судалгааны төвүүдийг байгуулах, зарим хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх зэрэг олон талт ажлууд хийгдэх шаардлагатай.

3. Сүүлийн үед ШУТ-ийн салбарын асуудлыг дан ганц ШУА-тай холбон ярих болсон нь нэн өрөөсгөл хандлага болно. ШУА-ын төрөлжсөн салбар академүүд, бага чуулганууд шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг дэвшүүлэн гаргаж ирэх, боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг сайжруулах, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шинжлэх ухаан бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны дүгнэлт өгөх зэрэг олон тал ажлыг гүйцэтгэж байгаа нь манайдаа л боломжийн бүтэц юм. ШУА-ийн бага чуулгануудад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Их сургуулиудын тэргүүлэх эрдэмтэд, судлаачидаас гадна төрийн байгууллага, хувийн хэвшлээс ч төлөөлөл байгаа нь үүнийг батлах үзүүлэлт болно.

ШУА-ийн академичдын бүтэц бүрэлдэхүүнийг ирээдүйтэй залуу эрдэмтэдээр сэлбэж, бага чуулгануудын эрх зүйн орчин сайжруулж, академик эрх чөлөөг нь өргөтгөх зэргээр шинэчлэгдэж байгааг үгүйсгэх учиргүй.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 50 гаруй жилд ШУА өөрийнхөө хөгжлийн эхний шатын зорилтыг амжилттай хэрэгжүүлж хүрээлэн, салбарын академиудыг бойжуулан гаргасан нь бодит үнэн болно. Ер нь аль ч улсын ШУА, түүний дотор 180 шахам жилийн түүхтэй Америкийн Үндэсний Академи, 290 гаруй жилийн түүхтэй Оросын ШУА цаг үеийн хөгжлийн хандлагыг даган түүний зорилго, статус, бүтэц нь өөрчлөгдсөөр ирсэн болно. Манай ШУА ч гэсэн бие даасан, үндэсний хэв шинжээ илүү хадгалж төрөөс ШУТ –ийн талаар баримтлах бодлого, санал боловсруулах, ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт экспертиз хийх, төр засгийн байгууллагад зөвөлгөө өгөх, дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухааны ололт амжилтыг судлах, шинжлэх, түүнийг ашиглах зөвлөмж аргачлал гаргах эрдэм судлалын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлүүдээр эрдэм шинжилгээ, эксперт, зохицуулах үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсэг байгуулж удирдлагаар хангах, ШУТ-ийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэд, судлаачид, байгууллагыг алдаршуулах, нийгмийн ухамсар, сэтгэлээг шижлэх ухаанжуулах зэрэг чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй байна.

Ардчилалын хэмээх энэ 20 гаруй жилд бид нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбар өөрийн гэсэн ямар ч онол номлолгүй явж ирснээс ямаршуу үр дүнд хүрчээд байгаа нь бидэнд тодорхой болоод байгаа юм бишүү. Үүний хамгийн наад захын жишээ нь ШУ-ыг ойлгож бас үнэлж мэддэггүй зөнөглөсөн парламенттай болчихсон байна.

Үе солигдох хэмжээгээр шинжлэх ухааны хөгжил урагшилж байдаг гэж Германы их физикч Макс Планк хэлсэн буй.

4. Эрдэмтэн судлаачдын чадамжийг дээшлүүлэх. Манай ШУТ-ийн салбарт чадварлаг залуу эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэд нь авч үзвэл судлаачдын чадвар буурах хандлагатай байна. Энэ нь судлаачидруугаа чиглэсэн төрийн бодлого сул, их дээд сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжилтэнүүдийн мэргэжлийн баримжаа, чадавхи хангалтгүй, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо дутмаг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байна. Үүний уршигаар тус салбарт ажиллагсадын цалин, үнэлэмжинд ахиц гарахгүй байгаагийн зэрэгцээ хамт олны дийлэнх хэсэг болсон мэргэжсэн судлаачид дорвитой бэлтгэгдэж чадахгүйд хүрлээ.

Нөгөө талаар орон тооны хатуу хязгаарт захирагдаж, шаардлагатай чиглэлээр шинээр мэргэжилтэн авах боломжгүй байгаагаас нэг бол хүн халах эсвэл тэтгэвэрт гарах хүнийг хүлээх хоёрхон сонголтоос болж зарим салбарт эрдэм шинжилгээний ажилтнууд оворжих хандлага ажиглагдах болсоныг нуух юун. Өөрөөр хэлбэл нилээд газар ахмад судлаачид залгамж халаагаа бэлтгэж чадалгүйгээр халагдах хөөрхийлэлттэй хувь заяа хүлээж байна.

Иймээс судалгаанд суурилсан магистр, докторын сургалтын зэрэгцээгээр мэргэжсэн судлаачид бэлтгэх төрөл бүрийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүн болгон эрдмийн цол зэрэг хамгаалах албагүй. Харин эрдмийн нийт хамт олон, үндсэн гүйцэтгэгчид мэргэшсэн, бас хүчирхэг байх шаардлагатай болно.

5. ШУТ-ийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах. Орчин үед шинжлэх ухааныг суурь судалгаа, технологи, инновац гэсэн бүтэн системийн хэмжээнд авч үзэхийн зэрэгцээ судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоонд шилжихийг эрхэмлэн зорьж байна. Энэ нь шинжлэх ухаан, боловсролын салбарын академик эрх чөлөөг өргөжүүлнэ гэсэн үг.

Өнөөгийн дэлхий дахины нийтлэг чиг хандлагаас үзэхэд улс орнуудын нийгмийн эдийн засгийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжил, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрээр тодорхойлогдох боллоо. Нөгөө талаар Монгол улсын боловсролын хуулинд: “Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ сургалтын, дээд сургууль нь эрдэм шинжилгээ сургалтын хэв шинжтэй байна” гэж заасан нь эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад судалгааны төвүүд хосолмол бүтэцтэй байж хөгжих замыг хаасан өрөөсгөл заалт болно.

Зарим талаар хангалтгүй ажиллаж байгаа хүрээлэн, судалгааны төвүүдийн түвшингээр салбарыг бүхэлд нь үнэлэх нь зохимжгүй байна. Иймээс эрдэм судлалын байгууллагуудын ажлыг 2-3 жилд төрийн эксперт хийх замаар өрсөлдөх, амьдрах чадварыг нь сайжруулах шаардлагатай байна.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.МИЖИДДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Академич Х.Намсрай

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой – гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

Х.Намсрай 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнахаар болсон билээ.

Төрийн дээд, тэргүүн зэргийн уг одонг анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын бага хурлын дарга, анхны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, соёл урлагийн салбараас Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын хүмүүс хүртэж байлаа.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрөөр хүмүүжсэн доктор профессоруудын нэг анги

“Биднийг оюутан ахуй цагт улс орон даяар ургац хураалт, мал төллөлтөөс авахуулаад хөдөө орон нутагт хашаа хороо, байр сууц барих, худаг ухах зэрэг ажилд биднийг дайчилдаг байж билээ. Гэхдээ одоогийн хэллэгээр бол “албадлагын” маягаар л биднийг ажиллуулдаг байсан хэдий ч бүгд л намар хаврын ажилд явахыг хүснэ. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байж дээ. Бүр ажилдаа дурлана гээч. Ер нь нэг анги хамт олны дотор бүлээн дулаан уур амьсгал бүрэлдэн тогтох, нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байх гээд одоогийн хэллэгээр жинхэнэ “супер” анги бий болоход хичээлээс гадуурх хөдөлмөр маш их нөлөөлдөг гэдгийг бид биеэрээ мэдэрсэн улс. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг яах аргагүй үнэн. Хүн хөдөлмөрч, уйгагүй зан чанарынхаа ачаар орчин үеийн өнөөгийн нийгмийг бүтээж чадсан. Үүнийг одоогийн хүүхэд, залуус хэр ойлгодог юм бол. Одоогийн хүүхдүүд ч ажил гэхээр охид нь бол шал арчиж аяга угаахыг, хөвгүүд нь түлээ хагалж, ус зөөх төдийхнийг ойлгодог болж дээ” хэмээн ярилцах тэд бол одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1978 оны МУИС-ийн Хэлбичгийн факультетын Монгол хэл-уран зохиолын ангийг төгсөгчид. Хөдөлмөрөөр “хүмүүжсэн” тус ангиас профессор цолтон дөрөв, докторын зэрэг хамгаалсан гурван ч эрдэмтэн төрөн гарсан нь тус ангийнхны чансааг илтгэнэ.

Ойрын хэдэн жил уулзалдаагүй учраас нэг ангийнханд ярих зүйлс мундахгүй. Тэд өөр хоорондоо сонин хачин болгож ярих зүйлс нь ихэнхдээ хэдэн жил, сарын өмнө болоод өнгөрчихсөн байх жишээтэй. Гэтэл бидний хажуу ширээнд суусан залуус “Паах, аль есдүгээр сард гадаадаас ирсэн, дөрөв таван жилийн өмнө бид тэгж уулзалдсан эсвэл жилийн өмнө ингэж тэгж эмнэлэг домнолгоор явсан гээд улирч, баларсан зүйлсийг өнөөдөр, өчигдөрхөн болсон үйл явдал мэтээр их чухал ярьцгаах юм. Мөн чиг хачин улс юм аа” хэмээн жиг жуг хийцгээв. Арга ч үгүй биз. Тэднийг оюутан ахуй үед гар утас гээч байгаагүй учраас анги дээрээ л уулзалдаж, сонин хачнаа хуваалцдаг байж. Хэрэв хэн нэг нь сум орон нутаг руу удаан хугацаагаар явбал захидлаар харилцдаг байсан санж. Хижээл насанд нь гар утас, интернэт бидний хэрэглээнд нэвтэрч, түүнд дасталаа чамгүй хугацаа зарцуулсан нь лавтай. Гэхдээ даслаа даслаа гээд тэдний ихэнх нь твиттер, фейсбүүк, мэссенжир хаяггүй л болов уу. Тиймээс тэд нэг нэгнийхээ нүд рүү харж, зэрэгцэж суугаад зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцах буюу одоогийн залуусыг бодвол илүү “амьд” харилцааг эрхэмлэдэг байсан, одоо ч хэвээр. Цаашид энэ хэвшил нь юу гэж өөрчлөгдөх билээ. Ямар сайндаа нэг нь “Манай ач хүү сая сургуульд ороод оо. Хичээл нь тарсныг мэдэхийн тулд хүүтэйгээ гар утсаар ярих юм байх оо. Эхний хэд хоног нь хүргэж өгчихөөд хоёр цагийн дараа ангийнх нь хаалгыг сахиад суучихдаг байлаа. Тэгсэн чинь тартал нь нэгээс хоёр цаг хүлээнэ. Заримдаа бүр гурван ч цаг хүлээдэг байгаа. Тэгсэн намайг чинь ядраад сүйд боллоо гээд утас авч өгсөн юм. Яаж залгах, дугаараа хэрхэн хийхийг нь зааж өгөөд байтал эхэндээ будилаад манаргаж өгдөг байсан одоо арай зүгширч байгаа. Энэ “дөрвөлжин хараар” ач хүүгээ хичээлийг нь тарсан эсэхийг л мэддэг төдий. Харин та хэдтэйгээ бол уулзаж ярилцахгүй л утасны цаанаас ярьж ч чадахгүй юм билээ” гэх билээ.

Нэгдүгээр курст элсэн оруутаа намар нь тэд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Загдал тасгийн тарианы үтрэмд ажиллажээ. Тэднийг багш нь болох хожим 1992-1996 онд УИХ-ын гишүүн,Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, академич, нэрт түүхч Ж.Болдбаатар хариуцан явжээ. Ингээд л өдөр шөнийн ээлжинд гарч, тариа буулгаж, цэвэрлээд, сортлон Улаанбаатар руу ачуулаад байх нь тэр. Тэд ядарсан үедээ бороо орохыг тэсэн ядан хүлээнэ. Учир нь хааяа нэг бороо, цас орвол хэд хоногоор амарч нуруу нь тэнийнэ. Гэхдээ л тэд бүрхэг тэнгэрийн дор майхандаа өдөржин дуулж, хуурдан, ном зохиол уншиж” заримдаа бүр намрын хүйтэн бороонд хүн малгүй зутарсан малчил айлд хүртэл тусалдаг байж. Энэ байдлыг нь багш, сургуулийн захиргаа нь сайн ойлгохгүй учраас хааяа нэг нууцаар Загдал тасгийн улаан буланг нэг сайн “доргиодог” санж. Тэдний хувьд “доргих” гэдэг ойлголт тэс ондоо. Шөнийн 12 цаг хүртэл бүжиглэж, дуулж, хөөрөлдөөд л болчих нь тэр. Их л сайндаа хөвгүүд нь саахалтын эзэгтэйг панаалдаж ганц литр нэрмэл олж, хувааж ууцгаана. Мэдээж эрүүл саруул улс өөр хоорондоо зодоон цохион хийнэ гэж байхгүй. Тэгтэл нэгэн удаа Болдбаатар багшдаа гардуулах нь тэр. Багш нь “За, манай тэр хэдэн сэгсгэрүүд болиорой! Сайхан мэдээрэй. Та нар хөдөөний залууст буруу үлгэр үзүүллээ, үдэшлэг дээр бус, хотод хэдэн найз нар цуглаад дарс шимэнгээ хийдэг бүжгийг энд хийлээ” гэж ирээд л сүрхий загнасан гэдэг.

Гуравдугаар дамжаагаа төгсдөг жил буюу 1976 оны зун тэд ангиараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн үхэрчин Хөдөлмөрийн баатар Данзандаржаагийнд ажиллахаар явжээ. Оюутны зуны барилгын ажил гэдэг долдугаар сард өрнөдөг их бүтээн байгуулалтын аян аж. Тийм ч учраас “ОСХГО” буюу “Оюутны социалист хөдөлмөрийн гавшгай отряд” гэж барилгын ажилд туслах цоллоно. Тэд эзгүй хээр, нүцгэн уулын аманд алдарт үхэрчний хонь үхрийн угаалгын ванныг барьж өгсөн аж. Бас хажууд нь худаг ухаж өгч. Ойр хавьд гол байхгүй, зуны халуун шатам халуунд чармай нүцгэн шахуу л ажиллаад байх нь тэр дээ. Хааяа Хэрлэн гол руу явж усанд орно. Сумын захиргаанаас нэг үхэр, хэдэн хонь ямаа өгснийг өөрснөө төхөөрч махаа бэлтгэнэ. Гурил, цагаан будаа, гоймон, давсаар хангалттай хангана. Тэр зун Улс хувьсгалын баяраар МАХ-ын 55 жил, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 45 жил, Тэмцэл нэгдлийн 20 жилийн ойн баярыг зэрэг тэмдэглэжээ. Хөвгүүд нь сумын төв орж барилдацгааж. Зодог шуудаггүй учраас цээж нүцгэлж байгаад өмд гуталтайгаа үзэж тарж дээ. Найдандорж, Зоригт нар нь гурав давж, сумын бөхчүүдийг багагүй сандаргаад авсан сурагтай. Бас дэмбээ хурууны тэмцээнд Д.Цэмбэл шөвгөрчээ. Наадмын үеэр ангийн анд, хожмын доктор Л.Бэгзжав агсан заяаны хань АУДС-ийн оюутан, Аварга хэмээх нутгийн бүсгүйтэй учирсан гэдэг. Ингэхээр тэр зуны наадам монгол хэл-уран зохиолын ангийнханд өгөөмөр хандсан байгаа биз.

Дараа жил нь тэднийг орос хэлний орчуулагчийн ангийнхантай нийлүүлэн ОСХГО болгоод Надя хэмээх орос мэргэжилтэн багшид даатгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу илгээжээ. Биндэрт дутуу баригдсан клубийн барилгыг гүйцэх даалгавартай. Тэднийг явахаас нь өмнө “Биндэрийн буриадууд айхтар аюултай, хамт ойр дотно нөхөрлөж, наргиж цэнгэж болохгүй. Алуулна гэж мэд” хэмээн баахан ятгажээ.Ихэвчлэн охидууд байсан учраас айж сандрахад хөвгүүд нь харин ч тоосон шинжгүй байжээ. Д.Баярхүүгээр толгойлуулсан Ю.Мөнхамгалан, Л.Бадраа, Д.Цэмбэл нар Ононгийн голд сэлж аваад сумын төв рүү гараад гишгэчихэж. Багш нарынх нь хэлдгээр сумын төвийн болдоггүйчүүдийн нэг болох Оргодол гэж нөхрийнд очиж хуруудаж хоножээ. Гоочилж, айлгасан хүн таарсангүй. Харин ч тэр зун буриад зоны өглөгч сэтгэлийн ачаар цөцгий, махаар тасраагүй гэдэг. Намар, хаврын ажилд дайчлагдаад дунджаар 200-300 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ л их мөнгө. Харин энэ удаад зуны ажлын хөлс гэж 25 төгрөг өгчээ. Тэд дор хаяж 200 төгрөг өгнө гэж бат итгэчихээд зарим нь бүр тэр мөнгөө юунд зарцуулахаа ч хүртэл урьдчилаад дэвтэр дээрээ ярайтал биччихсэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэд мөнгөний төлөө биш өөрөө өөрсдийгөө олохын төлөө, насан туршийн найз нөхөдтэй болохын тулд, тэсвэр хатуужилтай болохоор ажлын хөлсөө огтхон ч голоогүй гэдэг.

Өдгөө тэдний ангиас олон доктор профессоруудаас гадна магистр цолтой олон бий. Тэд өдгөө их сургуулийн багш, судлаач, улс төрч, урлаг судлаач, япон, хятад хэлний орчуулагч хийж, салбартаа тэргүүлэгчид нь болон цойлжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн Д.Дэмбэрэлдорж, Өмнөд Солонгосын Дангук их сургуульд багшилж буй профессор Ю.Мөнх-Амгалан, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч агсан, доктор Л.Бэгзжав, Күнзийн соёлын төвийн монгол талын захирал, нэрт дуун хөрвүүлэгч, доктор М.Чимэдцэеэ, Арабад суугаа Монголын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан профессор, улс төр судлаач, нийтлэлч Д.Баярхүү, МУИС-ийн Япон хэлний багш Л.Энхсайхан, СУИС-ийн багш Ц.Бурмаа, Радиогийн япон хэлний редакцийн анхдагч, үүсгэн байгуулагчийн нэг, нэрт орчуулагч бий. Д.Цэмбэл, Монгол дахь энэтхэг судлалын үндсийг тавилцсан судлаач Ч.Сийлэгмаа, Монголч эрдэмтэн, Монголын нууц товчоог Франц, Румын хэл дээр орчуулсан Родика зэрэг салбар бүрийнхээ тэргүүлэгчид нь болжээ, тэд. Түүнчлэн тэд судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр тус бүрдээ өөрсдийн бүтээлийг олны хүртээл болгожээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг 28 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч бүтэн цаг гаруй хүлээлгэсний эцэст эхэлсэн юи. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээртМонгол Улсын Ерөнхий сайдын томилгооны асуудал байв. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 44 гишүүний ирцтэйгээр эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн тул тэд ийн оролцсонгүй. Тэгвэл пүрэв гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжээд байсан билээ. Чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн танилцуулгыг уншиж танилцуулсан. Төрийн тэргүүн “Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачилгатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье” гэсэн юм.

Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцууллаа. Дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Эдийн засгийн хямрал, улс төрийн хямралтайгаа хослоод эхэллээ. 1990-ээд оны түүх давтагдах гээд байна уу үгүй юу. Өмнөх Засгийн газрын сайдууд давхар дээлтэй байсан. Хэрвээ улс төрийн хатуу сорилыг давж чадахгүй, бүлэглэлийн эрх ашгаар төсөөлөөд байвал улс орныхоо ачааг авч явж чадахгүй. Мэргэжлийн баг бүрдүүлээд ажиллавал, ачааны ард гарна. Тэгж чадахгүй бол хар түүх давтагдана. Өмнөх Ерөнхий сайдын танхимд давхар дээлтэй хүн байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харахадхүнд нөхцөлийг давж чадахааргүй нугарч байгаа тал харагдаж байна. Н.Алтанхуяг эдийн засгийн хямралыг үүрээд явчихаагүй. Уг нь Ерөнхий сайд болох хүнийг эдийн засагч мэргэжилтэй байх болов уу гэж бодож байсан. Та өөрийн сул талаа хэрхэн нөхөх вэ. Өнөөдөр багаа яаж бүрдүүлж явах вэ. “Давхар дээл”-гүй байх уу танай танхим. Мэргэжлийн багаар Засгийн газраа бүрдүүлэх үү.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж магадгүй гэсэн таны болгоомжлолтой санал нэг байна. Үүнээс гарахын тулд ажил үйлс, шийдлээрээ, үр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Аливаа ажлыг сайн менежер хийдэг.

Би хуульч хүний хувьд сайн менежер байж Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулна.

УИХын гишүүн О.Баасанхүү: -Байнгын хороо процедурын алдаагаа яагаад зассангүй вэ. Ерөнхий сайдыг огцруулахдаа процедурын алдаа гаргасан шүү дээ. Өнөөдөр Ерөнхий сайд томилогдвол тамгаа Шадар сайдаас авах болоод байна.Мөн тогтвортой байх гэдэг утгаараа парламент дахь бүх намуудаас танхимаа бүрдүүлнэ гэж байна. Өмнөх бүрэлдэхүүнээсээ танхимаа бүрдүүлэх үү. Нэрлэх боломж байна уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Үндсэн хуулийн тухайн заалтын хоёр дахь нөхцөлөөр явж байгаа. АН-ын ҮЗХ-ноос парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх чиглэл өгсөн. Харин хамтрах эсэхээ намууд өөрсдөө шийднэ. Шинэчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэн ажиллах болно.

УИХын гишүүн Л.Эрдэнэчимэг: -Гэр хорооллын иргэдийн амьдралд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн хөгшид сард 210 мянган төгрөгөөр амьдарч байна. Та Ерөнхий сайд болоод тэтгэвэр тэтгэмжийг яаж нэмэх юм бэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн уналтыг зогсоож цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Саяхан баталсан ирэх оны төсөвт цалин тэтгэврийг 500 тэрбумаар нэмэхээр болсон.

УИХын гишүүн Г.Уянга: -Би Ч.Сайханбилэгийгдэмжихгүй. Учир нь нам төрийн дээр байна. Таныг Ерөнхий сайд болгохын төлөө таны урд сууж буй таны найз С.Баярцогт их гүйсэн. Оюутолгойн 34 хувийг байхгүй болгох вий гэхээсайж байна. Ямартай ч та миний саналтай саналгүй томилогдох юм байна. Гэхдээ олонхи таныг дэмжихгүй байгаа.Та ялагдаж томилогдсон. Монголын ард түмэнд хохиролтой байсан Оюутолгойн гэрээг цааш үргэлжлүүлэхюм байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Би улс төрд 20 гаруй жил ажилласан. Би өөрийгөө багийн тоглогч гэж боддог. Ерөнхий сайдаар томилогдвол Сайханбилэгийн гэх Засгийн газрыг байгуулна. Миний төлөө ганц найз минь зүтгээгүй. АН-д байгаа бүх гишүүд найз нар минь гэж боддог. Цаашдаа бид багаараа амжилт гаргана. Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр том төслийг шийдэхээс өөр аргагүй. Харин хэрхэн, яаж, хэзээ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Таны саналыг хүндэтгэж үзэж байна. Би хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа шийдлээрээ Монголын ард түмэн ялах байх гэж бодож байна.

УИХын гишүүн Х.Болорчулуун: -Монголд баялгийн хараал нүүрлэлээ. Энэ нь урагшгүй ноёдтой улсад нүүрлэдэг юм. Өнөөдөр том том орд, гэрээнд дээр бид дандаа алдаж байсан. Оюутолгойн ордод найман төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. Оюутолгойн татварыг нэмж Эрдэнэт шиг 18 хувийн татвартай болгож чадах уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Эрдэнэт, Оюутолгой хоёр ордыг хооронд нь жиших аргагүй. Сүүлийн 25 жил төрийн маш том хөнгөлөлт чөлөөлөлттэй явж ирсэн. Оюутолгой дээр дахин хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай.

УИХын гишүүн М.Батчимэг: -Хуулиа батлах биш сандал ширээний асуудлаар УИХ бүрэн эрхийн хугацаагаа алддаг. Ерөнхий сайд танхимаа нэгтгэж удирдах боломжгүй хуультай байна. УИХ томилж байгаа цагт “давхар дээл”-ний асуудлыг шийдэж чадахгүй.Ерөнхий сайд нь танхимаа мэдэж бүрдүүлдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү. Өмнөх Засгийн газрын үед гадаад харилцааны тал дээр анхаарал хандуулдаг хүний хувьд урам хугарч байсан. Засгийн газрын нэгдмэл байр суурь биш фракцын зөрчлөөс бол өөр өөрийн төслөө барьж гүйдэг, сайд нар протоколын гадна ажиллаж байна. Сайд нар протоколгүй гадаадынхантай уулздаг нөхцөлийг зогсоож чадах уу. Та амаргүй нөхцөл байдалд Засгийн газрыг тэргүүлэх гэж байна. Японд Ерөнхий сайд нь үйл ажиллагаа нь буруу байвал огцрох хүсэлтээ гаргалаа. Та үүнийг юу гэж үздэг вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Ер нь эхний асуудлын хүрээнд Үндсэн хуулийг улам сайжруулъя, парламентат ёсыг сонгодог утгаар нь хөгжүүлье гэсэн бодолтой байгаа. Гадаад бодлогын төрөөс баримтлах үзэл баримтлалыг баталсан. Танхимаараа үйл ажиллагааг явуулна. Засгийн газар нь саналаараа огцордог, танхимаа тараадаг тогтолцоо руу явах ёстой. Нэгдсэн бодлого гаргахын төлөө хамтарч ажиллана гэж бодож байна. Нөхцөл байдал хүнд байгаа.

УИХын гишүүн Д.Ганбат: -Эдийн засгийн амаргүй үед энэ Засгийн газар ажиллах нь. Иргэдийн амьдрал хүнд байна.Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ. Хөрөнгө оруулагчид татарлаа. Хөдөө орон нутагт ямар ажлууд хийгдэх бол?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Бид хөрөнгө оруулагчийн итгэлийг алдсан. Бидэн сайн хууль байгаа ч гадныхан итгэхгүй байна. Итгэлийг нь олох бодлогыг боловсруулж шийднэ. Бүх зүйлийг нээлттэй шийднэ. Хөшигний ард ямар нэг зүйлийг хийхгүй. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хамааралгүй, эдийн засгийн хувьд солонгорсон бодлого явуулна.

УИХын гишүүн Г.Баярсайхан: -Монгол Улсын Ерөнхий сайд ялаад, ард түмэн ялагдана гэсэн ойлголт байхгүй. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгээс сонсъё гэсэн үгээ сонсож байгаа. Бүгдэд таалагдах албагүй. Шинэчлэлийн Засгийн газрын ямар ажлуудыг цаашид хэрэгжүүлээд явах вэ. Монгол Улсад төрийн өмч их байна. Төрийн өмч байгаа газруудад мөнгө угаах бодлого их явж байна. Төрийн өмчийн хувьчлалын асуудлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт реформ хийх хэрэгтэй.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Шинэчлэлийн Засгийн газрын шийдлийг хадгалж ажиллахаас өөр аргагүй. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ. Үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснээр үр дүнгээ өгсөн. Үнэ тогтворжуулахад төр, Монгол банкны оролцоог байхгүй болгоно. Нийгмийн салбар дахь хувьчлал, тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шийднэ. Зөв өрийн удирдлагын тогтолцооны шинэ хуулийг УИХ-д өргөн барьж бодлогоо тодорхойлно.

УИХын гишүүн С.Одонтуяа: -Монгол Улс мөнгөгүй болж төрийн нүсэр аппаратаас саллаа. Яамд аж ахуйн ажил хийсээр хоёр жил өнгөрлөө. Бодлогын ямар ч асуудлыг шийдсэнгүй. Иргэд хямралаас гаргаж чадах эсэхийг л хүлээж байна. Бид эдийн засгийн онц байдлыг яаралтай тогтоох ёстой. 2015 оны төсөв хямралаас гарахгүй. Сумдад 40 гаруй соёлын төв барихаар баталсан нь хямралын үеийн төсөв мөн үү. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хаясан. Энэ салбарыг бүгдийг нь хувьчилж болохгүй. Засаглалыг нь сайжруулах ёстой, хагас бие даасан байх ёстой. Уул уурхайн салбарыг нээлттэй болгох асуудлыг шийдэх үү?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: -Сэхээнд орсон эдийн засагт авах арга хэмжээг яаралтай хийж ажиллана. 2015 онд орлого бүрдэхгүй бол царцаахаас өөр аргагүй болно. Эрүүл мэндийн шинэчлэлээр эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч, бодлого боловсруулж ажиллана. Шинээр томилогдох эрүүл мэндийн сайд шинэчлэлийг зоригтой хэрэгжүүлж ажиллана.Бид баялгийн сангаа байгуулах замаар эдийн засгийн сууриа тавина.

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутолгой 118 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ, үүнээс 8.7 тэрбумыг татвараар өгнө. 34 хувийг нь зарчихъя гэвэл нүгэл болно. Тийм юм руу явж болохгүй шүү. Өнөөдрийнхөөрөө хүн амьдарч болохгүй, фракцын сэтгэлгээнээс гарах цаг болсон. Чи, бид төрийн мөнгөөр гадаадад суралцсан. Нэг удаа олон түмнээ бод. Энэ үгийг санаж яв, найз нөхдөдөө хэл. “Одоо чадахгүй” гэж. Манай улстөрчдөд нэг алдаа бий, албан тушаал эрх мэдэлд хүрэхээрээ олон түмэнд амласнаа мартдаг. Олон түмнийг харахаараа гэнэн цайлган ард түмнийг хардаг, нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ. Ардчилсан намынхан фракцын сэтгэлгээнээсээ гараад, улс орны хэмжээнд сэтгэгдэг болохгүй бол энэ хямралын ард гарахгүй. Нэг бол живнэ, ард нь гарвал том лидер болно. Тийм том хариуцлага өмнө чинь хүлээж байна.

УИХын гишүүн З.Баянсэлэнгэ: -Намын дарга, фракцынхаа эсрэг картаа сугалж байсан хүн бусдыгаа урвагч гэж дуудаж байгаа нь буруу. Бидэнд эв нэгдэл, итгэлцэл хэрэгтэй байна. Хувийн эрх ашгийг хойш тавьж, улс эх орныхоо төлөө гэдэг эв нэгдэл хэрэгтэй байна. Найз нөхөд, намын дотроо урвадаг байдлыг байхгүй болгомоор байна. Ард иргэдийг ядуу амьдралаас бид л гаргаж чадна. Бид нийтийн эрх ашгийн төлөө бодлого хэрэгжүүлмээр байна. АН-аасфракцын хямралаас гараасай гэж бодож байна.

УИХын гишүүн Д.Ганхуяг: -Сонгуулиас бусад цагт хэтэрхий их улстөржиж байна. Тэр нь УИХ-аас үүдэлтэй байна. Төрийн түшээд улстөржих тусмаа бүтээлч үйл ажиллагаа маш бага байдаг. Хэд хэдэн чухал асуудлыг шийдмээр байна. УИХ-ын гишүүд бидэнд хуримтлагдсан асуудал их байна. Өнөөдөр бид хоёр төсөвтэй байна. УИХ таван тэрбум ам.долларын бонд гаргаж өгч болно гээд хоёр, гурван төсөвтэй болгосон. Намын санхүүжилтийг ил тод болгомоор байна.

УИХын гишүүн С.Одонтуяа: -Зоригтой шийдмэг Ерөнхий сайд байгаасай. Хариуцлагын асуудал яригддаггүй юм байна. Нэг албан тушаалтан, сайдад хариуцлага тооцъё гэхээр намын эв нэгдэл, хагаллаа бутаргалаа гэдэг. Улс орны эрх ашгийг тэргүүнд тавьдаг болох ёстой. Томилгооны асуудал дээр нэг хүн оруулж ирчихээд шахдагаа болих хэрэгтэй. 2-3 хүн оруулж ирдэг болох. Олон жил нам, фракц гэсээр даахаа болилоо. Хямралаас үүдэлтэй төрийн байгууллагын орон тооны цомхотголоос маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Гудамжинд гардаг, моргейжийн зээлээ төлж чадахгүй болох вий, анхаараарай. Шоугүй Засгийн газар байгаарай.

УИХын гишүүн Д.Арвин: -Хоёр хөрштэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг маш зөв авч явна шүү. Хөршүүд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж ярьдаг. Орлогогүй гээд бүх юмыг хувьчлахгүй шүү. Ингэвэл Монгол Улс өөрөө хувьчлагдана. Оюутолгойг Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаарай гэж хүсэх байна. Оюутолгойтой холбоотой бүх улстөрчдөд анхааруулъя, бид хөрөнгө мөнгөө аваад үхэхгүй. Бидний удам үр хүүхэд, Монгол Улс мөнх шүү.

УИХын гишүүн Ч.Улаан: -Энэ богино хугацаанд санасан бүхнээ гүйцэлдүүлж чадахгүй. Тулгамдсан асуудлыг шийдэх нь чухал. Сангийн яам таны гал тогоо. Хоолгүй бол хүн ямар байдалд орох вэ гэдгийг сайн бодоорой. Хөл алдаж, гүйж болохгүй. Засгийн газраас, Ерөнхий сайдаас их зүйл хүлээгээд нэмэргүй. Ийм боломжийг цаг хугацаа, нөхцөл бололцоо нь хязгаарлачихсан. УИХ өөрөө маш хязгаарлагдмал орчин бий болгосон. Дотоод, гадаад нөхцөл байдал туйлын хязгаарлагдмал. Баруун тал хоосон байгаа чинь дэмжлэг биш. Оюутолгой бидний толгойны хорт хавдар болсон. Хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Амьдрал залгуулах нь нэн тулгамдсан асуудал болсон. Хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй.

УИХын гишүүн А.Бакей: -Холыг харж, зангарагтай ажиллаарай. Казах түмэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж ирсэн, одоо ч оруулж байгаа. Үндэсний цөөнхийн тулгамдсан асуудал маш их байна. Үүнд онцгой анхаарал хандуулж төр засгийн шийдвэр гаргах төвшинд үндэсний цөөнхийн оролцоог нэмэгдүүлэх талд анхаарахыг хүсье гэх мэтээр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж дууссан юм. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 42 нь буюу 95.5 хувь нь уг саналыг дэмжив. Г.Уянга гишүүн эсрэг кноп дарсан бол Х.Баттулга гишүүн санал хураалтын үед чуулганы танхимд байсангүй. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр санал хураахын өмнө гишүүдийн картыг тоолж яваа нь содон туссан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Цог, С.Ганбаатар нар гадаад томилолттой байсан. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Болор нар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг чуулганы танхимын индэр дээрээс үг хэлсэн юм. Тэрбээр “Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал,эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Шинээр байгуулагдахЗасгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ. Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гол шинж нь дэмжлэгтэй Засгийн газар, Шийдлийн Засгийн газар, шуурхай Засгийн газар байх болно.

Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид л бид тулгуурлах учиртай. Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээнэ хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай. Танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай.

Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр түвшинд авч үзэх ёстой. Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд бэмбэгнэж суудаг байдлаасаа гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё. Хоёрдугаарт, энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол боллоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёсзүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Амжилт хүсье” гэлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Царцаасан барилгуудыг дуудлага худалдаагаар үнэ хүргэх боломжтой

Барилга, хот байгуу­лал­тын дэд сайд Г.Бай­гальмаатай ярилцлаа.

-Төсөв хэцүүхэн байгаа ийм үед царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг бол дэмжихээс аргагүй санаа. Ингэхэд царцаасан барилга тийм олон байна уу?

-Есөн дүүрэг, 21 аймагт сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, спорт цогцолбор, эмнэлэг гээд нийтдээ 550 ширхэг царцаасан барилга байна. Улсын төсвөөр баригдсан барилгуудын 80, 90 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгаа. Дутуу баригдаад орхигдсон барилгад хэчнээн төгрөг зарцуулсан, ямар шалтгаанаар, хэний буруугаас болж зогссон гээд бүх мэдээллийг нь гишүүдэд тараасан эмхтгэлд оруулж өгсөн. Жишээ нь Яармагт дутуу баригдаад өнөө хэр ажил нь эхлэхгүй зогссон 320 ортой эмнэлгийн барилга байна. Энэ барилгад өчнөөн мөнгө зарцуулчихсан. Дутуу мөнгийг нь улс өгч чадахгүй бол бид яах ёстой вэ гэдгээ бодох цаг болсон.

-Царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар хувилбарууд байна вэ?

-Хувилбарууд мэдээж байгаа. Хэрвээ энэ барилгыг заавал барих ёстой гэж үзвэл үргэлжлүүлээд барих мөнгийг нь улсаас цаг алдалгүй гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ мөнгө өгч чадахгүй гэвэл зориулалтыг нь өөрчилж болно. Эмнэлэг биш сургууль хэрэгтэй гэдэг ч юм уу, цаг үеэ дагасан шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Аль аль нь хэрэггүй гэвэл орон нутагт эрхийг нь шилжүүлэх гарц бий. Орон нутаг нь цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дутуу баригдсан барилгын асуудлыг шийдэж болно. Орон нутагт нь шилжүүлэхгүй гэвэл дуудлага худалдаагаар худалдах боломж байгаа. Хувийн хэвшлийнхэнд шууд худалдах хэрэгтэй. Худалдаж авсан барилгаа цаашид яаж ашиглах нь хувийн хэвшлийнхний асуудал болчихно гэсэн үг. Цэвэр бизнесийн зарчмаар явагдах процесс учраас ашиглагдахгүй байна гэж үгүй. Улс тэр барилгад төсвөөс зарцуулсан мөнгөө олоод авчихна, хувийн хэвшлийнхэн худалдаж авсан барилгаа хэрэгтэй зүйлд ашиглаад явна. Ер нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Яг ямар хувилбар, гарцаар шийдэх вэ гэдгийг барилга тус бүрээр нь шийдэж өгмөөр байгаа юм. Царцаасан 550 барилгад чамгүй их хөрөнгө орсон. Улсын төсвийн хөрөнгийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Жил өнгөрөх бүр үнэгүйдэж байна. Босгоод барьчихсан барилгуудын хувьд жил ирэх бүр моралийн элэгдэлд орж байна. Шинээр юм хийлгүй яахав. Гэхдээ ингэж ярихаасаа өмнө нэгэнт оруулсан хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд эзний сэтгэл гаргах цаг болсон. УИХ шийдлийг нь гаргаад өгвөл бид гүйцэтгэхэд бэлэн байгаа.

-Ийм олон барилгыг царцаах болсон нь цаанаа нарийн шалтгаантай гэдэг нь тодорхой. Нийтлэг алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Зураг нь хийгдээгүй байхад улсын төсөвт мөнгийг нь суулгачихсан нийтлэг алдаа ажиглагдаж байна. Зураг нь гүйцэд хийгдээгүй барилгын төсөв яаж зөв гарах вэ дээ. Таамгаар мөнгө суулгачихдаг, өнөөх нь он дамждаг гэсэн асуудал жил бүр гарсаар ирсэн. Он дамжаад явчихаар валютын ханшийн хэлбэлзэл мөнгөний ханшаас шалтгаалсан эрсдэл гараад ирж байгаа юм. Зураг нь батлагдаагүй ажлын төсөв батлагдах нь олон сөрөг үр дагавартай. Зургаа дуусгах гэсээр байтал хамаг цагаа барчихдаг. Магадлалаар оруулна, батлуулна гээд өчнөөн процесс бий. Ингэж тэгсээр байтал намар болчихдог. Арай гэж мөнгөө авлаа гэхэд хоёр, гуравхан сар л ажиллаж таардаг юм байна л даа. Дутуу үлдсэн барилгын ажлыг ирэх жил нь үргэлжлүүлж таарна. Үргэлжлүүлэхийн тулд төсвийн тодотгол хийхээс аргагүй болдог. Жилийн жилд төсвийн тодотгол хийдгийн бас нэг шалтгаан нь энэ. Өмнөх засгийн үед дуусаагүй ажилд мөнгө тавиад явдаг байсан. Харин энэ засгийн үед ажлыг яахаараа заавал тодотгол хийж байж хийдэг юм бэ гэсэн асуудал яригдсан. Тэгээд л өнөө барилгын ажлууд нь зогсч царцаасан гэсэн нэр зүүсэн хэрэг. Ер нь цаашдаа зураг, төсөл нь бэлэн болсон ажлын зардлыг төсөвт суулгах хэрэгтэй л дээ. Энэ бол бидний хамгийн эхлээд хийх ёстой ажил.

-Барилгын салбарын төсөв буруу бодогдоод байдгийн нэг том шалтгаан нь валютын ханш. Энэ эрсдлийг хаахыг тулд яах ёстой вэ?

-Дотоодын үйлдвэрлэлтэй холбоотой учраас хамгийн түрүүнд дотоодынхоо үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Ер нь дотоодын үйлдвэрлэл нэг үеэ бодвол хөгжиж байгаа. Барилгын материалыг гаднаас авна гэхээр валют хэрэгтэй болж таарна. Валютын ханш өсчихвөл төсөвт багаар тооцож төлөвлөсөн зардал хүссэн, хүсээгүй өсч байна л даа. Жишээ нь 2015 оны төсөвт долларын ханшийг энэ жилийнхээр оруулж байгаа. Гэтэл ирэх жил барилгын ажил эхлэхээр доллар хэд хүрэхийг тааварлашгүй. Валютын ханштай холбоотойгоор ажилчдын цалин пүнлүүнээс эхлээд тээврийн зардал, шатахууны үнэ өртөг өсөөд байдаг эрсдэл бий.

-Царцаасан барилгууд дээр өөр ямар алдаа ажиглагдаж байна?

-Зарим компани өчнөөн газарт нэгэн зэрэг олон ажил авсан байна. Хяналт тавихаас аргагүй асуудал. “Барилга байгууламж” ХХК гэхэд 660 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, соёл спортын цогцолборын барилга гэх мэт нэг дор таван ажил авсан байх жишээтэй. “Аслан” гэдэг компани таван ажил авсан байна. Яагаад бусадтайгаа хуваагаад хийж болдоггүй юм бол, нэг дор ийм их ажил авч хийж чадахгүй гацаах ямар хэрэг байна гэх мэт асуулт гарч ирж байгаа. “Өлзий иш” гэдэг компани гэхэд л 11 ажил авсан байх жишээний.

-Нэг яамнаас уу?

-Ганц яам биш л дээ. ЭМЯ, БШУЯ, ССАЖЯ гэх мэтээр нэлээд хэдэн яамнаас ажил авсан байгаа юм. Ийм компаниуд зөндөө байна. Хийж амжилгүй орхиод байгаа гэдэг утгаар нь энэ жишээнүүдийг дурдаж байна л даа. Зураг сайн байвал барилга сайн байна. Зураг дээр үндэслэж төсөв бодогдож, зохиогдож байдаг. Анхнаасаа сайн гүйцэтгэлтэй явсан эсэх нь анхаарал татаад байгаа юм. Энэ мэт зүйлсийг шалгаж нягталж аудитын дүгнэлт хийлгэж дорвитой шийд гаргах хэрэгтэй. Мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт татаж төсвөө нэмэгдүүлэх цаг нь ирсэн гэж бодож байна.

-Царцаасан барилгаас болж хохирсон компаниуд бий юу?

-Тийм компаниуд байгаа. Хохиролтой компаниудын хувьд маш хэцүү нөхцөл байдал үүссэн. Наанаа нэг компанийн асуудал яриад байгаа юм шиг боловч цаанаа өчнөөн том асуудал бий. Тэр компанид ажиллаж байгаа хүмүүс гэхэд л том тоо гарч ирнэ. Барилгын компаниуд сөхрөөд хаагдах дээрээ тулаад байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Зарим нь бүр дампуурч байна. Ер нь компаниудын олонх нь банкнаас зээл авч ажлаа эхлүүлсэн байдаг. Зээлийнхээ хүүг улсын өмнөөс төлсөөр яваад хохирсон компаниуд байгаа. Хохирсон компаниудын цаана өчнөөн хүний амьдрал ахуй яригдаж байгаа. Царцаасан барилгуудыг тохирсон гарц хувилбараар нь шийднэ гэдэг барилгын салбарын асуудлыг цэгцэлж өгч байгаа хэрэг.

-Та түрүүн царцаасан барилгуудын зориулалтыг өөрчлөх ёстой гэж ярилаа. Сургууль цэцэрлэг гэхэд л хаана ч хэрэгтэй, тэгэхээр зориулалтыг нь өөрчлөх боломж байгаа гэж үү?

-Зориулалтыг нь өөрчлөх газар олон бий. Жишээ нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сум байна. Тэнд “Шинэ сум” төслийн хүрээнд канад модон барилга, канад технологиор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийг цогцоор нь барьж өгсөн. Бууцагаанд гэхэд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлсэн. Одоо царцаасан барилгын нэг болсон. Гэтэл Бууцагаанд 640 хүүхдийн сургууль баригдсан. Одоо ажиллаж байгаа сургууль нь ч бий. Тэгэхээр тэнд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл хэрэггүй гэсэн үг. Нэгэнт баригдаж эхэлсэн тэр барилгыг сум орон нутагт хэрэгтэй өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Тодруулж хэлбэл зориулалтыг нь өөрчлөх ёстой. Хугацаа нь явах тусмаа зориулалт нь өөрчлөгдөхөөс аргагүй болсон энэ мэт барилгууд байна.

-Жишээ нь Бууцагааны сургуулийн өргөтгөлд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?

-Нийт 500 сая төгрөг зарцуулчихаад байгаа. Гэрээгээрээ бол 939 сая төгрөг зарах учиртай юм билээ. Тэнд гэхэд л 500 сая төгрөг царцаасан барилга нэрээр ямар ч үнэ цэнэгүй байж байна. Би нэг зүйлд их эмзэглэж байгаа. Царцаасан барилгуудын ихэнх нь хөдөө орон нутагт бий. Тэгээд дийлэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёлын төв. Ингээд бодохоор орон нутагт тэр хэрээр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны асуудал яригдаж байгаа юм. Гарцаагүй сургууль, цэцэрлэг хэрэгтэй сумд бий л дээ. Шийдэхийг нь шийдээд өгчих хэрэгтэй. Гэхдээ сая дурдсан шиг зориулалтыг нь өөрчлөх ёстой барилгуудыг дуудлага худалдаагаар зарах ч юм уу, ямар нэг байдлаар үнэ цэнэтэй болгож байгаад энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэндээс орж ирсэн мөнгөө сургууль, цэцэрлэгийн барилга барихад зарцуулбал төсөвт дарамт ирэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хуулиар тоглодог шүүгчдийг шалгаж, хариуцлага тооцно уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар Танаа

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны (Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, П.Цэцгээ нар оролцсон) 2014 оны 9 -р сарын 17- ны өдрийн 159 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8-р сарын 26-ны өдрийн А/246 тоот захирамжийг (цаашид Захирамж гэнэ) зөвтгөхдөө дараахь алдаанууд гаргажээ.

Үүнд:

1.Монгол дээд сургуулийн машинууд зогсож байсан газар нь 2013 онд хашааны маань хилтэй зэрэгцүүлэн тулгаж Орчлон констракшн компани дулааны шугам (цаашид шугам гэнэ) тавьснаас болж, уг шугамын хамгаалалтын зурваст хууль бусаар орж хохирсныг шүүгчид зөвтгөж, эдгээр машиныг зайлуулах захирамжийг зөвтгөснөөр хэлмэгдүүлэлт боллоо. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн хамгаалалтын зурваст баригдсан обьектыг зайлуулах гэсэн заалтад “захирамжийн 2 дахь заалт нийцсэн гэж үзнэ” гэсэн юм. 17 жилийн өмнө авсан, кадастрын дагуу хууль ёсоор эзэмшиж байсан газар, хажуугаар нь хүч хэрэглэн шугам тавихын өмнө, хамгаалалтын зурваст нь орж, дээр нь байсан хашааны хаалга, машин нь Эрчим хүчний тухай хууль зөрчихөд хүрч, тэдгээрийг зайлуулах захирамжийг зөв гэж үлдээж буй шүүгчдийг гадны нөлөөнд автсан байх л гэж бид таамаглаж байна.

Хамгаалалтын зурваст орж буй газар төрийн өмчийнх гэдгийг нотолсон нэгч баримт нотолгоо байхгүй. Хэрвээ тийм байсан бол компани замын цагдаа дуудаад хэдхэн минутанд машинууд ачуулах байсан. Эсвэл захирамж төрийн эзэмшлийг газраас машинуудыг зайлуулах гэж үндэслэсэн бол маргаан гарахгүй байв. Шүүхийн тогтоолд асуудлыг тодорхойгүй болгож “сургуулийн эзэмшил газар болон дулааны шугам тавих газрыг хооронд нь тусгаарлаж зурсан зурвас (цагаан зураас)-ын дагуу, уг зурваст тулгаж авто машинуудыг байрлуулж” гэж бичсэн. “Тулгаж” гэдэг үгээр хөөвөл бид эзэмшил газраасаа халиагүй гэсэн үг. Тэгвэл эзэмшил газар дээрээ байхад машиныг хэн ч зайлуулах нь хууль зөрчиж буйг шүүгчид чимээгүй өнгөрөв. Хавтаст хэрэгт, хүчээр тавьсан хамгаалалтын зурваст манай 197 кв м газар орсныг Нийслэлийн МХЕГ-аас тогтоосныг хавсаргасан байгаа. Энэ баримтыг шүүгчид үл ойшоов. Энэ шугам манай газраар дайрсан тул зургийг нь хянаж зөвшөөрсөн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас “шугамын ажлыг эхлүүлэхээс өмнө шугамын трассын дагуух газар эзэмшигчтэй зөвшилцөх” гэж зураг дээр цохсон байдаг. Энэ нотлох баримтыг шүүгчид үл ойшоов.

2.Эрчим хүчний тухай хуулийн 7 – р зүйл ” …нийслэл… дүүргийн засаг даргын бүрэн эрх” гэсэн нэртэй. Учир нь дүүрэг дэх газрыг нийслэлээс ч, дүүргээс ч олгодог тул газрын тухай хуультай /нийслэл, дүүргийн засаг даргын бүрэн эрх ямар газар байх ёстойг заагласан/ зөрчилдөхгүйн тулд тодотгож өгсөн юм. Эрчим хүчний тухай хуулиа баримтлах юм бол Нийслэлийн засаг даргын бүрэн эрх рүү халдсан дүүргийн засаг даргын захирамж хүчингүй болох ёстойг шүүгчид үл тоов.

Ер нь хэрэг үүсэх нөхцөлийг шүүгчид анхаарсангүй. Хамгаалалтын зурвасыг манай газраар дайруулахгүй тавих өөр боломж байгаагүй юм. Учир нь шугамын нөгөө талд цахилгааны шугам, явган ба автозам тулсан байв. /Шугам цахилгааны шугам болон авто замын хамгаалалтын зурваст тавигдаж хууль зөрчсөн/ Иймд зөвшилцөх, хүч хэрэглэх гэсэн 2 гарц л байсан. Бидний хашаандаа шинээр барих барилгын газар нь дулааны шугамын хамгаалалтын бүсэд орж байгааг “Орчлон констракшн” компанийн захирал Д.Ганзориг болон бусдад нь хэлж зургаа үзүүлж, шугамаа нэг бол 5 м цааш тавь, эсвэл нөхөн төлбөрийн талаар зөвшилцье гэсэн юм.

Гэтэл компани нөхөн төлбөрөөс зугтаж, өөрийн танил гэгддэг дүүргийн засаг даргаар олон хууль зөрчсөн захирамж гаргуулж хашааны хаалга сугалан хаяулж, машин чирж зайлуулж, цагдаагийн хамгаалалтын доор шугамаа тавьсан юм.

3.Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.5-т зааснаар “21.3 -т зааснаас бусад газарт” эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэдгийг заасан байдаг. Иймд хуулиас хэтэрч нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн буюу МДС-ийн эзэмшил газар дээр газар чөлөөлөх, машин зайлуулах захирамж гаргах нь хууль зөрчсөн хэрэг. Цаашилбал төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан, хэтрүүлэн ашигласан хэрэг үүсэж болохыг шүүгчид анхаарсангүй.

4.Захирамжийн 2 дахь заалт нь “дулааны шугам тавих ажилд санаатайгаар саад учруулж буй… тээврийн хэрэгслүүдийг ачих” гэжээ.

Гэтэл цагаан зураас татаж өөрийн эзэмшлийн газраа нотолсон газартаа байгаа /шүүхийн тогтоолд бичсэнээр шугамд тулгаж / машинуудыг хэн нэг нь эзнийх нь зөвшөөрөлгүй, хүчээр зайлуулах нь өмчлөх эрхэд халдаж буй хэрэг гэдгийг шүүгчид анхаарсангүй. Гэрийнх нь хашааг эвдэж, хашаандаа байсан машиныг ачаад явчихвал зайлуулбал шүүгчид байтугай хүн зөв гэхгүй дээ. Уг нь захирамж “төрийн өмчийн газар дээр байгаа” тээврийн хэрэгслүүдийг ачих гэж байсан бол маргах хүн гарахгүй. Тийм баримт ч байхгүй, байх үндэслэлгүй юм.

Үндсэн хуулиар хамгаалагддаг өмчлөх эрхэд халдах гэж буй бол захирамжиндаа шүүх, прокурорын шийдвэрээ тусгах ёстой, тэр байхгүй бол булаалт, дээрмийн хэрэг болдгийг мэддэг хүмүүс захирамж гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлдэг тусгай газар ч бий бөгөөд Засаг дарга баахан цагдаа дагуулж ирж гүйцэтгэх хууль, дүрэм ч байхгүй. Хууль дүрэмгүй мэт авирласан төрийн албан хаагчдын үйлдэл, захирамжийг шүүх хамгааллаа.

5.Манай эзэмшил газрыг 20 гаруй хоног үнэгүй ашигласан нь бас хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 46.1-д “Засаг дарга газар эзэмшигч ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг тодорхой хугацаагаар, төлбөртэй буюу төлбөргүй ашиглаж болно” гэж заасан. Дүүргээс бидэнтэй урьдчилан тохиролцох боломжгүй байсан юм. Учир нь компани 197 кв газрын нөхөн төлбөр яригдана. Үүнийг ярихаас компани татгалзсан, тэд хүчээр дайрах гэснийг цагдаа дуудаж зогсоож байсан. Одоо дүүргийн удирдлагууд цагдаа дагуулж очиж газрыг нь булаах ганц арга л үлдсэн юм. Дараа нь шүүхийг аргална гэж тооцсон бололтой юм. Хувийн компаниас бусдын эзэмшил газрын нөхөн төлбөрийн олон зуун сая төгрөг гаргуулахгүйн тулд төрийн албан хаагчид хууль зөрчиж газар булаасныг шүүгчид зөвтгөлөө.

6.Эрх бүхий төрийн байгууллага шугамын зургийг хянаад, газар эзэмшигчтэй зөвшилц гэж цохолт хийсэн байхад дүүргийн Засаг дарга энэ зөвшилцлийг хийлгэх талаар санаа тавихыг оронд, манай газрыг булаан өгч “аль нэг аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олгоход чиглэсэн” захирамж гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 7.1.2-р заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-р заалтыг тус тус зөрчснийг шүүгчид анхаарсангүй.

7.Захирамж нь дараахь хохирлыг бидэнд учруулсан тул хүчингүй болох ёстой юм.

Үүнд: бусдын шугамын хамгаалалтын зурваст эзэмшлийнхээ 197 кв метр газрыг оруулж ашиглах боломжгүй болов. Газрынхаа хэсгийг алдсанаас болоод сургуулийн бизнес мэдээллийн төв барих боломжоо алдав. /эскиз зургаа хийлгэсэн байв/. Газраа 20 гаруй хоног ашиглуулсан боловч төлбөр авч чадаагүй. Машин угзарч чирснээс болоод байнга засварт өгдөг болов. Сэтгэл санааны цохилт доромжлол амсав. Захирамж гараагүй бол дүүргийн барилга, хоёр орон сууц бариад дуусаж байсан компани бидэнтэй зөвшилцөхөөс өөр аргагүй байв.

8.”Дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах” зорилготой захирамж нь хууль зөрчсөн үйлдлүүдийн үндэслэл болсон тул шүүх “дотоодод “чиглэсэн гэж хамгаалахгүй, хүчингүй болгох ёстой.

Засаг дарга нар энэ олон хууль зөрчиж буйгаа мэдэж байсан. Магадгүй дараа нь шүүх дээр очихоор их мөнгөтэй, өмгөөлдөг компани нь тусална гэж найдсан байх. Энэ таамаг ч хэрэгжиж эхэлж байх шиг байна. Давж заалдах шатны шүүх (Ц.Цогт тэргүүтэй) хэрэгт шударга хандаж анхан шатны шүүх рүү буцаах саналтай байсанд талархъя

Анхан шатны шүүгч Б.Адъяасүрэн захирамжийг нийтийн эрх ашигт нийцсэн гэж хуулийн үндэслэлгүй зөвтгөж байсан боловч шийдвэртээ эрчим хүчний хуулийн хэрэгт үл хамаарах дээрх заалт хэрэглэсэн байсанд, мөн хашааны хилийг хамтарч тогтоохоос өмнөх байсан хашааг нотлох баримт болгосонд гомдолтой байна

Эрхэм Ерөнхий шүүгч Ц.Зоригт гуай !

Олон хууль зөрчсөн үйлдэл гаргах үндэс болсон, олон хууль зөрчсөн, бидний эрх ашигт ноцтой хохирол учруулсан Хан Уул дүүргийн Засаг даргын захирамжийг зөвтгөсөн шийдвэр гаргасан хяналтын шүүхийн шийдвэр шударга биш байгаа тул энэ хэргийг Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү.

Саяхан бид “Гурван шатны шүүх олны эрх ашгийг боомилсон шийдвэр гаргажээ” гэсэн нийтлэлийг “Өнөөдөр” сониноос (2014.09.11) уншлаа. М.Батсуурь, Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг, Ц,Сумъяа, Д.Мөнхтуяа нарын шүүгч нарт гомдоллосон байв. ШӨХТГ-ын дарга О.Магнай ч шүүгч нар мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна гэж үзэн Хэвлэлийн бага хурал хийлгэж Адъяасүрэн, Атарцэцэг, Мөнхтуяа, Сумъяа, Цэцгээ гэх мэт нэр дурьдсан нь хэвлэлд (Өдрийн сонин, 2014.10.14) гарчээ.

Эдгээр шүүгчдийн олонд ил болоогүй буруу шийдвэрүүд ч байгаа байх. Бид ч гэсэн олон барилга барьдаг олон их наяд төгрөгийн орлоготой компанид шүүгчид дээрх зургаан шүүгч үйлчиллээ гэж хардаж байна.Иймд та бүхэн ажлын хэсэг байгуулж эдгээр шүүгчдийн шийдвэрүүдийг хянаж үзэж өгнө үү. Хуулиа мэдэхгүй юм уу хуулийг санаатай мушгиж тайлбарласан шийдвэр гаргасан нь нотлогдвол дээрх шүүгчдийг дахиж эрх зүйн чиглэлд ажиллах эрхгүй болгож өгнө үү.

Холбогдох веб хуудсууддаа шүүгчдийн талаар иргэдийн гомдлыг гаргадаг журамтай болно уу.

Бид асуудлыг шийдтэл хэвлэлийн бага хурал тогтмол хийж шаардсаар байх болно.

Шүүхээс хэлмэгдсэн олон хохирогчийг бидэнтэй нэгдэж тэмцэхийг уриалж байна.

Монгол Дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич доктор, професор Намжаагийн ДАШЗЭВЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Очирбат: Монгол хүнийг Тувад шатаасан хэргийг ОХУ илрүүлэх сонирхолгүй байх шиг

-ТУВАД МОНГОЛ БҮСГҮЙГ ШАТААСАН ХЭРГИЙН МӨРӨӨР…-

ОХУ-ын нутагт өнгөрсөн долдугаар сард монгол эмэгтэй сураггүй алга болсон юм. Сураггүй болсноос нь хойш 14 хоногийн дараа хохирогчийг машинд нь шатаасан байхыг олсон. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч энэ хэргийн мөрөөр Тува, Хакасын нутгаар явж “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр…” цуврал сурвалжлага бэлтгэн уншигчдад хүргэсэн билээ. Хохирогч Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-нд бараа авахаар Хакасын нийслэл Абакан руу яваад сураггүй болсон. Ганцаараа наймаа хийхээр 20 орчим сая төгрөгтэй, шинэ “Toyota-Crown” автомашинтай явсан түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байсан ч сураг гаргаагүй. Харин эргүүлийн цагдаа нар Ак-Довурак хотоос 20 км орчим яваад төв замаас 300 метрийн зайд шатсан машин байхыг олсон нь монгол бүсгүйнх болж таарсан. Жолооны ард эмэгтэй хүн сууж байсан гэдгийг ОХУ-ын цагдаагийн байгууллага тогтоосон гэдэг. Тиймээс монгол эмэгтэйг Тувагийн нутаг дэвсгэр Ак-Довурак хотын ойролцоо хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг хэргийн газарт очиход төв замаас салсан бүдэг шороон замаас 20-иод метрийн зайд шатсан машины үлдэгдэл болох төмөр, дугуйны тросс, хаймар зэргээс өөр зүйл байгаагүй. Мөн хэргийн газарт тосны бололтой толбо үлдсэн байсан. Бидэнтэй хамт явсан хүмүүс тэр тосыг машины бензин биш шатахуун гэж таамаглаж байсан юм. Мөн машин дэлбэрээгүй, шатсан байсан.

Тиймээс л шатахуун ачсан машинтай хүмүүс хамтран явсан, хохирогчийг машинтай нь шатаасан байж магадгүй гэх таамгийг цагдаагийнхан гаргасан бололтой байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын нууц учраас Тувагийн цагдаагийн байгууллагаас бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Харин машинд шатсан хүний цогцосноос үлдсэн чөмөгний ясыг хохирогчийн ээж, дүүгээс авсан дээжтэй харьцуулж шинжилнэ гэсэн мэдээллийг л өгсөн. Өөрөөр хэлбэл, машинд шатсан хүн яг Монголоос гараад сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн эсэхийг генийн шинжилгээгээр тогтоосны дараа бусдын гарт амиа алдсан уу, золгүй байдал байсан уу гэдгээр нарийвчлан шалгана гэж байсан юм. Биднийг наймдугаар сарын дундуур Тувад очиход Монголыг төлөөлж байгаа Ерөнхий консул Д.Ганболд “Мөрдөн байцаагч шинжилгээний хариу удаан хугацаанд гарна гэдгийг хэлсэн. Шинжилгээг зөвхөн Москвад хийдэг юм байна. Бэлдэцийг Кызылээс Москва руу явуулахад шуудангийнхаа хуваарийг хүлээдэг юм байна. Мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт (Наймдугаар сарын 14-ний үеэр) шуудангаа хүлээж байна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан бэлдэцийг явуулсан гэж найдаж байна” гэсэн хариуг өгсөн. Хохирогчийн ар гэрийнхэн тухайн үед ярилцлага өгөхдөө “Түүнийгээ амиа алдсан гэдэгт одоо ч итгэхгүй байгаа. Барьцаалагдсан байгаасай гэж залбирч байна” гэж байсан билээ.

ОХУ-аас генийн шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр иржээ. Шинжилгээгээр машинд шатсан хүн нь Монголоос сураггүй болсон Ц.Оюунгэрэл мөн гэдэг нь тогтоогдсон аж. ОХУ-аас генийн шинжилгээний хариуг дөрвөн сарын дараа өгсөн ч дахиад өөр шинжилгээ хийх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн гэнэ.

Талийгаачийн дүү Ц.Очирбат манай сонинд хандаж ярилцлага өгөхийг хүссэн юм.

-ОХУ-аас генийн шинжилгээний хариу ирсэн байна. Тэгэхээр одоо талийгаачийг хэн хөнөөснийг шалгаж эхэлнэ гэсэн үг үү?

-Эгчийн минь машиныг олсны дараа ээж, бага дүү хоёрыг минь Тувад аваачиж генийн шинжилгээ хийсэн. Тэр шинжилгээний хариу дөрвөн сарын дараа л гарч байна. Тэр том гүрний шинжлэх ухаан хөгжсөн байдаг байх. Гэтэл талийгаачийг мөн эсэхийг тогтоохын тулд дөрвөн сарын хугацаа зарцуулсан нь сонин. Генийн шинжилгээгээр талийгаач манай эгч мөн болох нь 99.9 хувийн магадлалаар тогтоогдсон байна. Энэ тухай албан бичгийг Тувад суугаа Ерөнхий консулаар дамжуулж авсны дараа бид талийгаачийнхаа үлдсэн эд зүйлийг авах хүсэлт гаргасан. Шатсан машинаас талийгаачийн дунд чөмөгний яс төдий зүйл л үлдсэн гэж анхнаасаа бидэнд хэлсэн. Түүнийг нь ч гэсэн нутагт нь ёс төртэйгээр оршуулъя гэсэн юм. Гэтэл гэнэт дахиад гавлын ясны тухай яриад эхэлсэн. Гавлын ясыг нь шинжилж гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоох юм байх.

-Гавлын яс нь байгаа. Түүнийг нь шинжилнэ гэж танайханд мэдэгдээгүй байсан юм уу?

-Долдугаар сарын 21-нд талийгаачийн машиныг олсон гэж мэдэгдсэнээс хойш өдийг хүртэл ямар ч гавлын яс яригдаагүй. Манай ээж, дүү хоёр Тувад очиж шинжилгээ өгөхдөө нэг мэдүүлэг өгсөн. Дараа нь Тувагаас дөрвөн хүн ирж мэдүүлэг аваад гэр орных нь зургийг аваад явсан. Тэгж байхдаа ч гавлын яс гэж яриагүй. Үлдсэн эд зүйлийг нь нутагт нь авчирч оршуулъя гэтэл ийм шалтгаан хэлээд боломжгүй гэж байгаа нь хар төрүүлж байна.

-Анхнаасаа энэ хэргийг гадны нөлөөтэй гэж шалгаж эхэлсэн биз дээ?

-Бид ч тэгж л ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхдээ нэг нүдний шил харуулсан. Хэргийн газраас 50 метрийн зайд тэр шил байсан гэсэн. Тэр шилийг талийгаач Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Тэгэхээр талийгаач машинаасаа буугаад зугтаж яваад шилээ унагаасан байх магадлалтай. Бас талийгаачийг тухайн үед нэг эмэгтэйтэй хамт явж байсныг гэрчүүд мэдүүлсэн. Энэ бүхнээс харахад гадны нөлөөтэй гэдэг нь баараггүй байгаа. Гэтэл ОХУ-ын хуулийн байгууллага өнөөг хүртэл хэргийг дорвитой шалгахгүй байгаа нь гавлын яс гэдэг шинэ зүйл гаргаж ирснээс харагдаж байна.

-Хамт явж байсан эмэгтэйг нь байцааж байгаа юм болов уу?

-Тэр эмэгтэй Улаангомд хоёр хоноод буцсан байдаг. Ямар зорилготой хэнийд ирснийг мэдэхгүй. Улаангомоос талийгаачтай хамт хилээр гарсан яриа ч бий. Тэр эмэгтэйг байцаасан байх гэж итгэж байна. Өөр улсын хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор үнэндээ бидэнд мэдэх зүйл алга.

-Танайх өмгөөлөгчтэй юү?

-Өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн.

-Танайхнаас өөр Монгол Улсыг төлөөлж энэ хэргийн араас хэн хөөцөлдөж байгаа юм бол?

-Танай сонинд цуврал нийтлэл гарсны дараа Ерөнхий прокурор Д.Дорлигжав ээжтэй уулзахдаа прокурор гаргаж өгнө. Тэр хүн танайханд тусална гэж амласан. Тэр дагуу Увс аймгийн прокурор Т.Мөнхбаяр энэ хэрэг дээр анхаарал хандуулж байгаа гэж ойлгосон. Тувагаас мөрдөн байцаагчид ирэхэд тэр хүн уулзсан. Т.Мөнхбаяр прокурортой уулзахад “Манай байгууллага босоо удирдлагатай учраас Ерөнхий прокурор л ОХУ-ын Мөрдөн байцаах газрын даргад албан бичиг өгөх ёстой. Бид тэр дагуу Ерөнхий прокурорт хандсан” гэдэг. Увс аймгийн Засаг дарга бас Тувагийн Ерөнхийлөгчид захидал бичиж хэргийг хурдан хугацаанд шийдэхэд анхаарал хандуулахыг хүссэн гэсэн. Тувагийн Ерөнхийлөгчөөс “Энэ хэргийн мөрдөн байцаалтыг шамдуулж байгаа” гэсэн бичиг ирсэн байна лээ. Өнөөдөр би Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргатай уулзлаа. Бас л хил залгаа, харилцаатай байдгийн хувьд албан бичиг явуулъя гэсэн.

-Гадаад харилцааны яаманд хандсан уу?

-Хэрхэн яаж хандах учир зүйгээ үнэндээ мэдэхгүй байна. Тувад суугаа Ерөнхий консултай л холбогдож байгаа. Тэр хүн хуулийн байгууллагын бичгийг дамжуулах л үүрэгтэй бололтой юм. Түүнээс улсаа төлөөлөөд шаардлага тавих эрхтэй эсэхийг мэдэхгүй юм. Энэ хэрэг гараад дөрвөн сар өнгөрлөө. Гэтэл бид талийгаачтай салах ёс ч хийж чадаагүй байна. Монгол хүн байна оршуулаад салах ёс хийчихвэл ядаж тайван нойрсох байх гэж итгэх юм. Гэтэл өнөөдөр бидэнд оршуулах эд зүйл ч алга. Бидний хардаж байгаагаар ОХУ-ын хуулийн байгууллага энэ хэргийг шийдэх сонирхолгүй байх шиг байна. Тиймээс Монголын эрх бүхий байгууллагууд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Танай ээж “Охиныг минь барьцаалсан байгаасай” гэж байсан. Шинжилгээний хариу иртэл ийм найдвар тээж байсан байх.

-Хүний найдвар эцсийн мөч хүртэл байдаг юм байна. Аав минь хөгжлийн бэрхшээлтэй. Хоёр хөгшний даралт ихдэж айлгаад тун хэцүү байгаа. Хэрэг гарсны дараа хотоос ах дүү нь очсон ч салах ёс хийж чадаагүй. Сая шинжилгээний хариу гарлаа гэхээр нь ах дүү нь цуглаад Увсад ирчихсэн байна. Гэтэл Оросын тал эд зүйлийг нь өгөхгүй гэнэ. Одоо яахаа мэдэхээ байчихаад хүлээж л байна. Ерөнхий консулын мэдэгдсэнээр арванхоёрдугаар сарын 1-н гэхэд хариу өгнө л гэсэн.

Талийгаач маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Нэг дүү нь хотод хэвтэрт байдаг юм. Өөрөө Увсад бизнес эрхэлдэг, банкинд сар бүр 15 сая төгрөг төлдөг байсан. Компанийнх нь бүх бичиг баримт өөрийнх нь нэр дээр. Ядаж нас барсныг нь батлах баримт бичиг байхгүй болохоор ажлыг нь ч үргэлжлүүлэх боломжгүй болчихсон. Алдсан хүн арван тамтай гэдгээр яриад байвал зовлон их байна гэв.

Бид Увс аймгийн прокурор, Хууль цаазын зөвлөх Т.Мөнхбаяртай холбогдоход “Өөр улсад шалгаж байгаа учраас мөрдөн байцаалтад оролцох боломж байхгүй. Бид зохих ёсны дагуу шаардлага тавьж л байгаа” гэлээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Анд минь аян замынхаа тэмдэглэлийг тэрлэх гээд л алсыг зорьж дээ

Анд минь аян замд гарч дээ. Холын холд аян замын тэмдэглэлээ тэрлэх гээд явчихлаа. “Сайн яваад ирээ­рэй” гэж үддэг байсансан, сайхан нийтлэл бичихээр ган­зага дүүрэн ирдэгсэн. Аялж л явбал улам өнгө ороод байдаг, явж ирээд нүдэнд харагдаж, гарт баригдтал, амт үнэртэй, өнгө, аялгуутай нь хамаг биений шар үс бостол хачин мэдрэмж төрүүлтэл бичнэ. Уншиж байгаа хүн өөрийн эрхгүй инээнэ. Эсвэл толгой сэгсэрнэ. Нүдэнд нулимс дүүрнэ. Бичсэнийг нь уншиж байгаа хүнийг ийм хачин үйлдэл хийгээд байхаар өөрийн эрхгүй асуу­на. “Юу уншаад инээж хөхрөөд янз бүр болоод байгаа юм” гэвэл “Гангаагийн бичсэнийг л” гэж хариулаад цааш үргэлжлүүлнэ. Нээрээ л хээрийн салхийг ч үгээр урлаж, үс хийсгэж мэднэ шүү. Түүнийг аян замын тэмдэглэл бичсэний дараа нэг хэсэгтээ л өөр газар очоод ирсэн мэт хачин сайхан мэдрэмж төрдөг юм.

Одоо бид олон сайхан зүйлээ хуваалцаж ярихгүй болжээ. Хаа нэгтээ бодлогошрон, яаран алхаж байгаа мэт. Ихээ хол явсныг нь дуулаад итгэж ядлаа. Яг хэзээнээс бид тэгж дотно нөхөрлөж эхэлснээ санадаггүй юм. Надаас үе мултарсан олон ах л даа. Бидний нөхөрлөл нас хүйс харгалзахгүй “чи, би” гэж хэлсээр он жилийг ардаа орхиж дээ. Бид хамтдаа нэг өрөөнд хоёулхнаа суух болж, орчлонгийн хамаг л юмыг хамж шимэн ярина. Хорвоогийн үйл явдал барагдах биш дээ. Түүний гэргий, хүүхэд нь, манай гэрийнхэн ч бидний нөхөрлөлийг андахгүй. “Надаас олон цагийг чамтай өнгөрүүлж байгаа ч чамтай би хардахгүй ээ” гэж гэргий нь бидний нөхөрлөлийг, өдрийн ихэнхийг хамтдаа нэг өрөөнд өнгөрөөдгийг минь шоглон хэлдэг. Ямар сайндаа ээж минь “Дүүтэй чинь адилхан нэртэй болохоор андуураад байдаг юм, “ажлын” гэж өмнө нь заавал хэлж бай” гэхэв дээ.

Тэр “Миний нэр Гангануур байсан юм, Гангаа л болчихсон болохоос” гэж хэлнэ. Өөр бусдад тэр бүр хэлээд байсныг мэдэхгүй. Нутгийн маань Ганга нуурын нэртэйгээ л надад хэлж саймширч байгаа нь тэр. Хамт нэг өрөөнд сууж байгаад өглөөний хурал дээр намайг нүүр улалзтал шүүмжилчихээд хурлын дараа орж ирэхгүй алга болчихно. Нэлээд байж байгаад орж ирэхдээ нэг л аргадангуй, тайвшруулах аястай юм яриад ороод ирдэгсэн. Ажлын хэдэн залуусыг тойруулж баахан дөгөөж, инээд наргиан болж яваад зориг ордог юм уу, намайг шүүмжилснээ мартдаг юм уу, инээд алдсаар ороод ирнэ. Эхэндээ анзаардаггүй байсан ч сүүлдээ мэддэг болчихлоо. Янзыг нь үзээд ингэж орж ирэхэд нь заримдаа дуугүй л байна. Нэлээд хойно Гангаа маань хэлж байна. “Айхгүй ч гэсэн аягүй гэж чамайг шүүмжилчихээд өрөөндөө орж ирэхээр халгаад байдаг юм. Уурлахгүйг чинь мэдсээр байж л шууд өрөөндөө ороод явчих хэцүү байдаг” гэж. Бид ингэж л нөхөрлөж ирсэн. Хэн хүнд хэлдэггүй нууцаа ч сэмхэн шивнэлдэнэ шүү дээ. Дараа нь өөр, өөр өрөөнд суудаг болсон ч манай өрөөгөөр оролгүй явна гэж үгүй. Заавал хэдэн үг сольж, тамхиа баагиулж байгаад л гарна.

Одоо дахиад ирэхгүй гэж бодож ч чадахгүй ээ. Зүгээр л аян замын тэмдэглэлээ бичихээр хаа нэгтээ удаан хугацаагаар явсан байх. Бэлтгэлийн хувцастайгаа хаа нэгтээ хэнэггүйхэн инээчихсэн алхаж яваа. Ингэж бодож л гунигт бодлыг үргээхээс дээ. Тэр хэзээ ч хээнцэр ганган хувцасладаггүй байлаа. Хэнэггүй л эр дээ. Бие нь өвдөж нэлээд удаан хугацаа өнгөрсөн ч байсхийгээд л ажил дээрээ ирчихсэн нийтлэлээ бичээд, эсвэл бидний нэрлэж заншсанаар арын нүүрээ бичээд сууж байна. Энэ буланг Ж.Гангаа маань л анх бичиж эхэлсэн. Жижигхэн хэмжээтэй ч том санаа агуулдаг энэ бичлэгүүдийг нь манай сонины уншигчид унших дуртай. Саяхан өрөөндөө юм бичээд сууж байхад нь хуучны нэг танил нь орж ирээд их л турж жижигхэн болсныг нь хараад таниагүй бололтой. Манай өрөөнд орж ирээд “Гангаатай уулзах гэсэн юм. Өрөөнд нь өөр хүн сууж байна” гэлээ. Үгүй дээ, өөрөөс нь өөр хүн ширээн дээр нь суух ёсгүй. Та анзаараагүй байлгүй” гэсээр дагуулж очиход өөрөө инээчихсэн юмаа бичээд сууж байна. “Энэ хүн чамайг байхгүй байна гэхээр нь дагуулаад ирлээ гэхэд “Намайг танихгүй болохоор нь “Байхгүй байна” гээд хэлчихсэн юм” гэдгийн байна.

Нөгөө хүн таниагүйдээ тэвдэж баахан тайлбар тавих гэтэл Гангаа тоосон шинжгүй наргиа болгоод л өнгөрөв. Ер нь их хошин мэдрэмжтэй хүн л дээ. Бичихдээ ч, ярихдаа ч нэг тийм аяс цухалзана. Найз нөхдөөр байнга хүрээлүүлнэ. Шинээр ирж байгаа залуус нэг л мэдэхэд Гангаа ах гээд багш шавь болчихно. Тэр олон хүнд уйгагүй зааж сургана. Шинэ залуу сэтгүүлчид байтугай сэтгүүл зүйн луугарууд ч хадаг барьж шавь орчихно шүү дээ. Хүнд урам ч өгнө, шүүмжилбэл ч шүүмжилнэ. Өглөөний хурал дээр Гангаа дарга юу гэж хэлэх бол гэхээс сэтгүүлчид жигтэйхэн сандарна. Шүүмжлэл нь яалт ч үгүй оносон байдаг болохоор хэн ч эсэргүүцэхгүй л дээ. Харин Гангаа магтсан бол тэр хүн нэг хэсэгтээ л додигор явна шүү дээ. Гангаагийн нийтлэлийг унших ямар сайхан гээч. Өглөөний ундаа уухтай адил Гангаагийн нийтлэлийг унших гэж өглөө бүр сонин авч уншдаг гэж нэгэн танил маань хэлж билээ. Дэндүү, дэндүү амттай бичдэг юм чинь дээ, арга ч үгүй биз.

Гудиггүй, гуниггүй анд минь. Дахиж найзынхаа бичсэн сайхан нийтлэлүүдийг уншихгүй болжээ. Түүнтэйгээ ширээний наана цаана, хундага дарс хуваан сууж инээж хөхрөхгүй нь. Байхгүй болсон гэж хүлээн зөвшөөрч чадахгүй ч хорвоогийн хатуу хуулийг яалтай. Өөр амьдрал байдаг бол заавал диваажинд очих ёстой хүн дээ, миний анд. Тэнд ертөнцийн гайхам сониныг, талын салхи ямар үнэртэйг, цэцэгс ямар үзэсгэлэнтэйг, амьдрал ямар амттай бас ямар ээдрээтэйг, гол ус хэрхэн урсдагийг, нөхөрлөл ямар үнэ цэнэтэйг, бүсгүйчүүд ямар сайхныг ярьж өгөөрэй. Энэ дэлхий чамд томилолт өгөөд явууллаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ: Бид Үндсэн хуулиа ашиглаж чадсан уу гэж асуумаар байна

Монгол Үндэсний Ардчилсан Нам, Шинжлэх ухааны академитэй хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр академич Г.Чулуунбаатар “1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл”, Я.Содбаатар “Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлага”, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд” сэдвээр илтгэл тавив. Тэгвэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах зайлшгүй шаардлага гарсныг онцлон тэмдэглээд дээрх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин Ерөнхий сайд асан Д.Содном гуай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн гажуудаж байгаа заалтуудыг дурдаж, дээрх заалтуудыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоогоо өөрчлөн шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.

Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.

-Монголчууд 1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш дордуулсан долоон өөрчлөлт хийснээс өөр зүйлийг хийсэнгүй гэж байна. Та харин ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах нөхцөл бүрдсэн бол өөрчлөлтийг хийж болдог. Үндсэн хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хязгаарын заалт байхгүй. Тэр утгаараа нэмэлт өөрчлөлт хийж болох ч дордуулсан долоо шиг тийм өөрчлөлтийг харин хийж болохгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхний өгүүлбэр “Монгол Улсын ард түмэн бид…” гэж эхэлдэг. Тийм болохоор ард түмнээрээ хэлэлцүүлэн хүлээн зөвшөөрүүлж дараа нь Их хурал хэлэлцэн баталж байсан юм шүү дээ. Түүнийгээ бид дэлхий нийтэд ард түмний нэрийн өмнөөс зарлан тунхагласан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүй тогтлын зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага гараад ирэв үү. Эсхүл хэсэг хүмүүст эс таалагдсан, буруу зөрүү ойлгосон, бүр ойлгоогүй, өөрсдийнх нь тухайн сонирхол эрх ашигт харшлаад байгаа гэх зэргээс болоод өөрчилж байгаа бол өөрчлөлт хийж болохгүй.

-Өөрчлөлтийг тэгээд ямар шугамаар хийх ёстой вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол түүнийхээ үндэслэлийг судалгаан дээр тулгуурлан гаргах хэрэгтэй. Түүнийгээ боловсруулчихаад ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Өмнө нь бид Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлсэн дээ. Яг тэр зарчмаар явах хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмнийхээ саналыг авах нь хамгаас чухал. Хэрэв тэгж явбал болохгүй юм гэж хаа байхав.

-Бид Үндсэн хууль гэж маш их ярьдаг ч үнэндээ бид Үндсэн хуулиа ашиглаж чадсан юм уу?

-Тийм ээ. Бид үнэхээр Үндсэн хуулиа ашиглаж чадсан уу гэж асуумаар байна. Мөн бид Үндсэн хуулиа хэр зэрэг гүнзгий ойлгож хэрэглэж байна вэ гэдэг чинь бас нэг асуулт шүү. Үүнийгээ тал талаасаа зайлшгүй бодох л хэрэгтэй байгаа юм. Тэгсний дараа өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэлээ гаргаж ирээд яривал хий хоосон өөрчлөлт хийнэ гэж яриад хийснээс хамаагүй илүү болно. Одоо бол Үндсэн хууль зөрчиж байгаа хоёр л гол субьект байгаа.

-Тэр нь юу гэж?

-Үндсэн хуулийг Их хурал л зөрчдөг юм. Сүүлийн үед Үндсэн хуулийг нам зөрчдөг болчихлоо. УИХ, нам хоёр Үндсэн хууль зөрчихөө байчихвал өөрчлөлт шинэчлэлтийн яриа байхгүй л дээ.

-Энэ яриа юунаас үүдэж байна вэ?

-Хууль бус нэмэлт өөрчлөлтөөс болоод л ийм яриа гарах болсон.

-Хууль бус гэдгээ тодруулахгүй юу?

-1999 онд Монгол Улсын Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрийг л хэлээд байгаа юм. Тэр долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон шийдвэр гармагц түүгээр л явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1999 оны нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон.

-Хүчингүй болсон өөрчлөлтийг өнөөдөр хүчинтэй мэтээр явж байгаа гэсэн үг үү?

-Хүчингүй болсон зүйлийг Их хурал 14 жил хүчиндэж Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнийг бид зогсоох хэрэгтэй.

-Яаж зогсоох боломж байна вэ?

-Яаж зогсоох вэ гээд толгойгоо гашилгаад байх юмгүй. Үндсэн хуулийг Цэцийн хүчингүй болсон тогтоолыг л биелүүлэх хэрэгтэй. Ингэж хуулиа зайлшгүй мөрддөг зарчмыг хатуу баримтлах шаардлага тулгарч байгаа юм. Үүнийгээ л биелүүлчих. Долоон нэмэлт өөрчлөлт хийсний дараа УИХ, Засгийн газрын эрх үүрэг хоёр зааг их бүдгэрсэн. Зарим талаар бүр байхгүй болчихсон. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг намууд түүний бүлэг болон фракциуд авчихсан юм уу даа. Ингэснээр Үндсэн хуулийн биш элементүүд гарч ирээд төрийн тогтолцооны Үндсэн хуулиар заасан үзэл баримтлалыг нурааж нийгмийн хямрал руу аваачих гээд байгаа юм. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ярихаас өмнө Үндсэн хуулиа судлах, Үндсэн хуулийг ёсчлон даган биелүүлэхээс эхэлж өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Одоохондоо үүнээс өөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд байх ноцтой шаардлага үүсээгүй байх гэж бодоод байгаа шүү.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг гээд янз бүрээр тайлбарлаж, түүнээс гарсан маргаан удтал үргэлжилсэн. Үүн дээр ямар бодолтой байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэсэн заалт огт байхгүй. Харин ч давхар хашиж болохгүй гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэдэг чинь 1999 оны долоон өөрчлөлтийн нэг байхгүй юу. Тэр нь хүчингүй болчихсон. Хүчингүй болгочихсон нэмэлтийг хүчинтэйгээр мөрдөөд байгаа хуулийн хүчирхийлэл, хууль биелүүлэхгүй байгаа зарчимгүй хууль бус үйлдлээ Их хурал зогсоох ёстой.

-Манай улс Ерөнхий сайдгүй, салбар яамд нь сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа бол?

-Ингэж болохгүй ээ. Энэ бол маш буруу үйлдэл. Одоо явагдаж буй улс төрийн үйл явц буруу. Бүгд Үндсэн хуулийг зөрчөөд байгаа. Ерөнхий сайд томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа олонх болсон тэр намтай зөвшилцдөг. Олонх болоогүй бол тэр намуудтайгаа зөвшилцөөд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэх Үндсэн хуулийн заалттай. Гэтэл одоо түүнийгээ зөрчөөд фракциуд, бүлгээр хэлэлцүүлж байна. Намуудтай зөвшилцөх гээд УИХ-ын дарга урьдчилсан байдлаар санал авч Ерөнхий сайдад нэр нь дэвшиж байгаа хүнээ дагуулаад явж байна шүү дээ. Ийм зүйл Үндсэн хуульд байхгүй.

-Тэгээд ямар байдаг юм?

-Ерөнхий сайд томилохыг Ерөнхийлөгч хийх ёстой. Өмнө нь ч гэсэн тэгж л явж ирсэн. Би П.Жасрай, М.Энхсайхан нарыг Ерөнхий сайд болоход энэ л зарчмаар явсан. Тэр зарчим гээд байгаа нь Үндсэн хуулийн зарчим юм шүү дээ. Түүнээс өнөөдрийнх шиг ийм хачин балай Үндсэн хуулийн биш аргаар явж байгаагүй.

-Монгол Улсын 2015 оны төсвийг өнгөрөгч долоо хоногт баталлаа. Өмнөх жилүүдийг бодоход төсөв нэлээд танагдаж батлагдсан. Ирэх оны төсвийг та хэрхэн өөдрөгөөр харж байгаа вэ?

-2015 оны төсвийн орлого зарлагын зөрүүг харьцангуй бага 420 тэрбум төгрөгийн зөрүүтэй баталлаа. Энэ бол дэвшил. Гэхдээ ирэх оны төсвийг 2015 он гараад маш олон удаа тодотгол хийхээр баталчих шиг боллоо. Хуулинд захирагдан баталсан дүр үзүүллээ. Агуулга, ерөнхий зарчмаар нь төсвийг баталсан болохоос биш нарийн утгаар нь төсвийг хэлэлцэж чадаагүй. Салбар эрхэлсэн сайдгүй төсөв баталсан. Түлш эрчим хүч, уул уурхайн салбар гэхэд сайдгүй байна. Манай эдийн засгийн гол тулгуур салбарууд хариуцах эзэнгүй болчихоод байгаа юм. Сүүлд нь үүнийг Их хурал хариуцахгүй. Яам л өөрөө хариуцна. Яагаад түлш түлээгээ таслав. Яагаад энэ олон байр сургуулийг хөлдөөв. Яагаад гэрэл цахилгаангүй болгов. Яагаад экспортыг тасалдуулав гээд л шахаад эхэлнэ. Гэтэл хариуцлага тооцох эзэн байхгүй. УИХ өөрөө Засгийн газрыг орлож хоёр давхар үүрэг хүлээн төсвөө баталчихлаа.

-Хариуцах эзэнгүй болохоор хариуцлага хэнд тооцогдох нь тодорхойгүй болчихоор яах юм?

-Дахин хэлэхэд хариуцлага хүлээх эзэнгүй болчихсон. Их хурал л лав хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Нэг сайд томилогдоод ирснийхээ дараа “Мэдэхгүй. Намайг ирэхэд ийм төсөв баталчихсан байсан” гээд л сууж байна.

-Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байна. Намрын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байгаа?

-Үүн дээр дараа тухтай уулзаж ярилцлъя.

Э.ЭНХБОЛД