Categories
мэдээ цаг-үе

“Та үнэгүй аялмаар байна уу” Уралдаан

Categories
мэдээ цаг-үе

“Үй цай” сургуулийнхан Д.Пүрэвдоржийн шүлгээр амьсгалсан өдөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийнхан ер бусын хөл хөдөлгөөнтэй угтав. Сургуулийн үүдээр ормогц Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн зураг бүхий том самбар угтлаа.”Үй цай” сургуулийн Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимаас “Эзэн заяа” яруу найраг , уран уншлагын тэмцээнийг гурав дахь удаагаа зохиож буй юм байна. “Эзэн заяа” гэдэг нь “Эх орон танаасаа би,

Энгэр дүүрэн эрх чөлөө,

Элэг бүтэн эзэн заяа

Энэ насны жаргал авлаа хэмээх найрагчийн мөрүүдээс үүдэлтэй. Уг өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 60 гаруй сурагчоролцсон юм. “Үй цай”-гийн сурагчид үндэсний хувцсаар гангараад, ирсэн зочдыг мэхийн угтана. Арваннэгдүгээр сарын 26-нд энэ сургуулийнхан үндэсний хувцсаар гоёдог. Үдээс хойшдоо хамгийн сайхан монгол хувцастай сурагчийг шалгаруулдаг юм билээ.Сургуулийн хананд Монголын зохиолч, яруу найрагчдын зургийг хүндэтгэлтэй байрлуулжээ. “Үй цай”-гийнхан хос хэлний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Олон хэлний боловсролын хөтөлбөрт шилжиж байгаа гэнэ. Тиймээс сурагчид нь эх хэлээрээ сайн ярьж байж гадаад хэл сайн сурна гэж багш нар нь ярив. Энэ сургуулийн хүндэтгэлийн хэсэгт байрлуулсан “Монголын нууц товчоо”, морин хуурыг Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж, төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар сургуулийн хойморт залж өгчээ.Сургуулийн удирдлагууд найрагчтай нэг нутгийнх агаад Өвөрхангайн Бүрд сумаас гаралтай аж.

Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин Долгорын Нямаа найрагчийг сугадсаар тэмцээн болж байсан Урлагийн танхимд өглөө нь орж ирлээ. Танхимд чанга яригчаар Д.Пүрэвдоржийн яриа сонсогдоно. “Хэрэв миний бичсэн шүлэг хэн нэгний сэтгэлд хүрсэн болМонгол түмний голомтод,ухаанаас нь ассансэтгэлийн дөлөөр бичсэнд байх болов уу” гэсэн үг зүрхэнд хүрнэ. Д.Нямаа найрагч тайзан дээр зогсоод,сонирхолтой дурсамж хөврүүллээ. “Д.Пүрэвдорж гуай бид хоёр Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт сурч байсан. Насаар надаас 6-7 ах. Д.Пүрэвдорж тэргүүтнийг 50-иад оныхон гэж, П.Бадарч бид нарыг 60-аад оныхон гэжутга зохиолд тодорхойлдог юм. Д.Пүрэвдорж гуай бид хоёр оюутан гэсэн хэлхээнээс гадна “Сэгс цагаан богд” найраглалаар холбогддог. “Сэгс цагаан богд” найраглалын 45 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Сэгс цагаан богд”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” найраглалаараа Д.Пүрэвдорж Төрийн шагнал хүртсэн юм. Энэ найраглалаа гурвууланг нь “Мөнгөн завъяа” дэлгүүртэй байранд бичсэн.Энэ байрны гадуур гарах болгондоо энэ тухай дурсгалын самбар байрлуулчих юм сан гэж боддог. “Сэгс цагаан богд” найраглалаа бичээд, утсаар намайг дуудаад, уншиж өгч байж билээ. 1969 оныарваннэгдүгээр сарын орчим болов уу. Дараахан нь арванхоёрдугаар сарын 13-нд “Үнэн” сонинд энэ найраглал гарч байсан юм даа. Д.Пүрэвдорж гуайн үеийнхний хэмжээнд монгол хэлээр бичих найрагч дахин төрөхгүй л болов уу. “Тусгаар тогтнол” шүлэгт

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!гэж шүлэглэсэн байдаг. Зогдор дэвсэх гэдэг нь тэмээгээр зөөлөн явахыг хэлж байгаа юм. Та аль хэр явж ирэв гэхэд “За, би зогдор дэвсүүлээд явж ирлээ” гэдэг. Монгол ахуй амьдралаас урган гарсан, уран тод дүрслэл нүдэнд нь, сэтгэлд нь шингэсэн хүнийг дахин олоход хэцүү гэжэнэ буурал ярив.”Д.Пүрэвдорж” сангийн тэргүүн П.Энхтүвшин “Аавын нэрэмжит тэмцээн болж байгаа энэ сургуульд орж ирэхэд аав амьд байгаа ч юм шиг, гэртээ байгаа ч юм шиг сайхан санагдаж байна. Би дөрвөн хүүхэдтэй. Үндэсний хувцсаа өмссөн хүүхдүүдийг хараад баярлаж байна” гэв. Энэ өдөр мөн “Үй цай” сургуулийнхан гадаадын зочдын даллагатай байлаа. ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Нимбуева тэмцээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, “Родина” хэмээх шүлэг уншиж өглөө.

“Үй цай” сургуулийн тавдугаар ангийн сурагч Н.Энх-Үжин салхи хагалж, “Эх орон” шүлэг уншив. Тэрбээр бага насны ангилалд тэргүүн байр хүртсэн. Охин 87 шүлэг цээжээр мэддэг гэлээ. Учир нь эдний ангийнхан хоёрдугаар ангиасаа эхлэн шүлэг цээжилж, урануншлагын хамтлаг байгуулсан учраас урын сан нь арвин. Н.Энх-Үжин цагаан сараар хамаатнууддаа шүлэг уншиж, магтуулдаггэнэ.”Шүлэг цээжлэхээр хичээлээ хурдан тогтоодог” гэж охин ярив.116 дугаар тусгай сургуулийн У.Чанцалдулам “Буурай эмээ” шүлгийгуншихад нь эмээгээ өрөвдөх сэтгэл төрөв.”Буурай эмээ”хэмээх үнэн үгтэй шүлгийг энэ өдөр олон хүүхэд уншсан нь “Эмээгээ хайрла” хэмээх тэнгэрийн зарлиг шиг санагдана.Ахлах насны ангилалд түрүүлсэн “Хүрээ тулга” сургуулийн С.Алтанцэцэг охин мөн л “Буурай эмээ” шүлгээр амжилттай оролцсон.Энэ шүлгээ эмээ, өвөө хоёртоо уншиж өгөхөдэмээ нь нулимс дуслуулан сонсоод “Миний охин түрүүлэх байх аа” гэж хэлсэн гэнэ. Харин дунд ангийнхнаас түрүүлсэн 87 дугаар сургуулийн Т.Хуншагай “Хөх даалимбан тэрлэг”-ийн гол баатар бүсгүйн энэлсэн сэтгэлийг өөрийнхөөрөө үзүүлэх гэж байдгаараа хичээсэн. Тэр дайны үеийн бүсгүйн дүрийг гаргахдаа эмээгээ төсөөлсөн гэнэ билээ.Энэ өдөр Д.Пүрэвдоржийн олон сайхан шүлгийг давталттайгаар сонссон нь монгол хэлний яруу эгшиглэнг мэдэрч, утга гүн захиасыг нь ухаж эргэцүүлэх боломжийг олон хүнд олгосон буй за.

ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Ц. Н.

“Үй цай” сургуулийнхан шүлэг уншихдаа сэтгэл гаргаж бэлтгэсэн нь анзаарагдана. Тавдугаар ангийн Э.Адиша хүү”Цэрэг та” хэмээх шүлэг уншихдаа буу барьсан хамтрагчтайгаа тайзан дээр гарч жүжиглэлтэйгээр үзүүлсэн. Найрагчийн “Тусгаар тогтнол”, “Буурай эмээ”, “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг” шүлгүүд хамгийн олон давтагдав.”Хар цас” найраглал уншигдахад дунд сургуульд байхдаа самбарын өмнө зогсоодэнэ найраглалыг уншдаг байснаа санав. Хүүхдүүд хоёрдугаар дайны гашууныг энэ уран бүтээлээр дамжуулж мэдрээ дээ. “Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус” гээд л 93 дугаар сургуулийн 9-ын “А” ангийн Э.Маралмаа уншихад хонгор шар энэ охиныг Светлана л гэдэг байх гэж итгэж билээ.

Ахмад зохиолч, төрийн шагналт Д.Нямаа, Д.Пүрэвдорж найрагчийн хүү П.Энхтүвшин нарыг “Үй цай” сургуулийн захирлын өрөөнд хүлээж авахад халуун яриа өрнөв. “Энэ хүний алдар нэрийг мөнхжүүлж байгаад баярлалаа” гэж өвгөн хэлнэ лээ. Харин захирал Д.Баяраа “Яруу найргийн амт шимтийг хүүхдүүддээ мэдрүүлэх сэн гэж хичээж байна” хэмээв. “Үй цай” сургуулийнхан Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Бүрд сумын Эрээн уулын өвөрт баруун аймгууд руу явах төв зам дээр найрагчийн шүлгэн хөшөө босгох болсноо Д.Баяраа захирал дуулгав. “Сэгс цагаан богд”-ын тухай яриа ахиад л өрнөв. Цагаан сарын дараа Д.Амбасэлмаа гуайн нэвтрүүлэгт оролцохоор Сэгс цагаан богдод очиход Сүхбат нь тэмээ бэлэглэсэн гэнэ. “Тэмээтэй нутгийн хүн ч тэмээ бэлгэнд авч байгаагүй.Ширээ хонгор маань сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан богддоо яваг гээд бурантагийг нь эргүүлээд өгсөн. Миний ширээ хонгор Сэгс цагаанбогддоо яваа” гэж өвгөн хуучиллаа. “Д.Амбасэлмаа гуай Н.Сүхбат гуайг танд сайн юм билээ” гээд орон даяар зарлачихсан. Гэргий тань яаж хүлээж авав” хэмээн өвгөнийг түншсэн чинь “Дургүйгээ хүрэхээр би Сэгс цагаан богд руу явна шүү гэж айлгадаг юм” гэж байна. Д.Нямаа гуай хувцсаа өмсөөд гарахдаа “Би Сэгс цагаан богдын Сайхан хотын хөөрхөн хархүү шүү” гэсэн.

33 дугаар сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч Э.Болор-Од цэнхэр торгон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй 16 настай Сэгс цагаан богдын охин ирээ юу гэлтэй харагдав. “Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу, Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна” гээд л хөдөөх хонгор бүсгүйн аалиар уншиж билээ. “Сайхан хотын хөөрхөн хархүү” урт наслана даа.

Э.Адиша “Үй Цай” сургууль “Цэрэг танаа”

Д.Нямаа, Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин

Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус

Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу…

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Мянга мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн мэс заслын эмч А.Цэнджавынд өнжлөө

Хүүхдийн мэс заслын эмчээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджавынд өнжлөө. Цэнджав эмчийнх зуун айлын хавьцаа таван давхар сууцны дээд талын давхарт дөрвөн өрөө байранд амьдардаг юм байна.

Дээд давхартаа мансард хийж байраа өргөтгөжээ. “Өө хүүхдүүд хүрээд ирж. Орж ирээд дээшээ суу, унд уу. Гадаа ч хүйтэрч байна шүү гэсээр Цэнджав гуай биднийг угтсан юм. Томоо гэгчийн ханын шүүгээ, хүрэн өнгийнбуйдан, ширээг өнгө хослуулж тавьсан зочны өрөөнд оронгуут хамгийн тү­рүүнд өчнөөн өнгө, хэлбэртэй төрөл бүрийн хонх нүдэнд туслаа. Гэрийн эзэн гадагшаа явах бүрдээ хонх авчирдаг гэнэ. Хананд суурилуулсантавиур дээрх хонхнууд лав хорь гарчээ. Гэрийн эзэн”говийн брэнд цай”-гаараа биднийг дайлав.Цөцгий нь тунарсан, ямааны борц хаясанбудаатай цайгаа “говийн брэнд” гэж онцолж орсон гарсан зочдоо дайлдаг уламжлалтай гэнэ. Гэрийн эзний хобби нь сагсан бөмбөг гэдэг нь илт.

Цай уух зуураа спортын сувгаар сагсан бөмбөгийн тоглолт үзсэн шигээ тухаллаа.Дуртай спорт нь болохоор тэр үү яриагаа шууд лсагсан бөмбөгөөр эхлэв. Сагсан бөмбөгийн тоглолт сонирхонгоо”Лос Анжелос Лакерс багт Коби эргэн ирсэн ч улирлын гараагаа амжилт муутай эхлүүлж байна даа. Уг нь сайн тоглодог баг байсан юм. Нээрээ Лакерс гэснээс ахынх нь дэмждэг Миами Хит баг ч амжилт муутайхан л байна шүү. Сүүлийн хоёр ч удаагийн талбай дээрх тоглолтдоо хожигдчихлоо. Леброн аргагүй л багийг хөдөлгөгч хүч нь байсан юм байна. Түүнгүйгээр багийн ахлагч Вейд, довтлогч Бош гар нийлж сайн тоглож өгөхгүй л байна. Гэхдээ яваандаа ойлголцоод сайн тоглох байлгүй дээ. Уг нь 2011, 2012 онд дараалан аваргаар шалгарсан, өнгөрсөн жилийн хошой аварга мундаг баг даа” гэжирээд хууч хөөрөв. Амралтын өдөр учраас халуун бүлээрээ цуглажээ. Бэр нь дээд давхраас хүүгээ тэврэн бууж иртэл сагсны хорхойтон маань зурагтнаасаа сая салав. Ачдаа амь гэж. Хошуугаа цорвойлгож ирээд”Еэ миний сайхан хүүг хараарай та нар, өвөөгийн сайхан хүү нь сэрчихсэн байна. Өвөөгийнхөөрөө айл хэсч яваа том хүн байхгүй юу энэ чинь” гэсээр өвөр дээрээ авлаа.

Цэнджав эмчийн том хүү Цахиурбаатар”Аав бид нарыг л ингэж хошуугаа дэвсээд эрхлүүлж байгаагүйюм даа. Хүүхэд эрхлүүлэхдээ ийм авьяастай гэдгийг нь ч мэдээгүй” гэж бидний ярианд оролцов.Цэнджав эмч”Ах нь долоон хүүхэдтэй айлын отгон нь.Айлын бага учраас найм хүртлээ ээжийнхээ мөөмнөөс гараагүй. Цэрэгт явтлаа өврөөс нь салаагүй. Цэргийн албанд байхдаа ч ээжийнхээ өврөөс салаагүй дээ. Гэрийнхээ хажууханд буюу Сайншандын барилгын цэргийн албанд алба хаасан учраас цэргүүдийн оройн тооллогын дараа цэргийн ангиасаа гараад гэр рүүгээ алхчихна. Шөнө дунд очиж, ээжийнхээ цай хоолыг идээд, өвөрт нь хэсэгхэн хэвтэж байгаад үүр цайхаас өмнө буцаад л анги руугаа алхдаг “эрхийн балай” байлаа даа. Шандынхан намайг “Энэ эрхийн балай, хүн болохгүй ээ” гэнэ. 1973 онд найман настайдаа Сайншандын Төмөр замын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсч ороод л эрхийн балай хэдий ч хоосон толгойгүй гэдгээ баталж эхэлсэн. Онц сурч баталсан гэсэн үг. “Ахлах ангидаа том толгой гаргаж, бага зэрэг хичээлдээ муудсан. Ямар сайндаа л өглөөний хичээлдээ 10 цаг гэж ирэхэв дээ. Уг нь зургаан цагт босоод долоод гэрээсээ гарна. Далай Сайншандын хөтөл дээгүүрээ даваад алхана. Хол биш хэдий ч замдаа найзуудтайгаа тоглоод тэгж уддаг байсан юм уу даа. 10 цагийн үед ангийн хаалгаа онгойлгоод эрүүн дээрх дөнгөж ургасан тачирхан сахлаа илсэн нэг их том амьтан “Багш аа орох уу” гэдэг байсан тухай ангийнхан маань одоог хүртэл ярьдаг” гэж бага залуу насаа дурсав.

Ингэж том толгойлж явсаар гурван шалгалтныхаа нэг дээр нь хангалтгүй дүн авч Анагаах ухааны дээд сургуульд элсэж сурч чадалгүй цэрэгт явжээ.Хар хөлс нь цувж, зовиурлан шаналах ижийгээ өвчнөөс нь салгах арга эрэлхийлэхдээ толгойг нь барьж, цайг нь дөхүүлэхээс хэтэрдэггүй хүүхэд насандаа “Ерөөсөө л эмч болъё” гэж нэг мөр шийдсэн гэнэ. Цэнджав эмч Дорноговийн Сайншандын уугуул аж. Аавынх нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Жаргалант сум.Аав Аюушхүү нь тагнуулч хүн байжээ. Үүргээ гүйцэтгэхээр хэдэн арван хоногоор ч хамаагүй ор сураггүй алга болдог байсан учраас аавыг нь орлон ах нар нь үлддэг байж. Цээж тоонд маш сайн, гүйлгээ ухаантайгаас гадна хоёр хөршийнхөө хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байсан гэнэ.

Тэрээр аавынхаа тухай “Миний аав томоо гэгчийн агуулах дахь эд зүйлсийг нэр, төрөл, тоо ширхэг, хаана байгаагаар нь мэддэг байсан гэдэг. Орос хэлээр чөлөөтэй ярьдаг учраас Орос цэргийн ангийн дарга нартай найзалж, цуг анд явж, ангийн арьс махаа тэдэнд хэрэгцээт зүйлсээрээ солино. Тагнуулч учраас хятад хэлээр өөгүй сайхан ярьдаг байсан гэдэг юм. Тэгж ярьж хэлдэг байж тагнуулын нэр хүндтэй албанд зүтгээ байлгүй дээ. Цэргийн алба хаах хугацаандаа 1949-1954 оны хооронд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд мал баазын даргаар ажиллаж байхдаа ээжтэй маань гэр бүл болж, сумандаа л анхны найман ханатай ханагар сайхан гэрийг босгож байлаа. Орос цэргийн дарга нар нэг талд нь аавтай шатар нүүж, ээж нөгөө талд нь саахалтын эгч нартай буу халаад суухад би хатавч хавьцаа найзуудтайгаа бужигналдаж, тоглоод байхад тэдэнд садаа тээг болдоггүй байсан гэхээр овоо том гэртэй байсан санагддаг” гэж дурсамж сөхлөө.

Доод талын давхраа тэр чигт нь зочны өрөө болгон тохижуулжээ. Гал тогоогоо баруун буланд нь шийдэж өгчээ. Дээд давхартаа унтлагын, ажлын, хүүхдийн өрөөнүүд гаргажээ. Ажлын өрөөний номын шүүгээ нь эмч айлынх гэдэг нь харваас андашгүй. Англи, орос голдуу хэлээр бичсэн анагаах ухааны ном жин дарна. Том хүү нь л тусдаа гарчээ. Дараагийн хүү Цахим-Эрдэнэ нь аавынхаа мэргэжлээр сурч байгаа гэнэ. Биднийг очиход оюутан хүү нь хичээлээ хийгээд завгүй сууж байлаа. Бага охин Цэнбүжин нь дунд сургуулийн сурагч юм байна.

Аав, ээжээс өвлөгдсөн зүйл нь хурга, ишиг хөнгөлдөг жижигхэн хутга аж. “Намайг мэс заслын эмч болохыг зөгнөсөн юм шиг, энэ зүйл манайд хадгалагдан үлджээ” гэж ирээд унтлагын өрөөний ханын шүүгээнээсээ хадганд боосон жижигхэн хутга гаргаж ирж сонирхуулав.

Бид яриагаа ажлын өрөөнд зургийн цомог үзэнгээ үргэлжлүүлэв. Залуугийнх нь цэрэг хувцастай зураг зургийн цомогт нь олон харагдав. Цэнджав эмч гурван жил барилгын цэргийн ангид алба хаачихаад элсэлтийн шалгалт өгч Анагаахын дээдэдорж байжээ. Тухайн үед далбагар том ковбой малгай моодонд орж байсан гэнэ. Ковбой малгай духдуулж өргөн даавуун өмдөөр гоёж, ширвээ сахал ургуулсан айхтар ганган амьтан есдүгээр сарын нэгэнд ангидаа оржээ. Дөнгөж сургуулиа төгссөн 18-тай ангийн охид нь “Ах аа, ах аа” гэхээр нь эхэндээ их дургүйцдэг байснаа яриад тас тас инээв. “Ахаа” гэж дуудаж байсан ангийн охидынх нь нэг болох Ц.Мөнхжаргал насны хань нь болжээ. Бидэнд цай, хоол бэлдэж гал тогоо хавиар завгүй эргэлдсэн Мөнхжаргал гуай сая л нэг чөлөө гарсан бололтой, ханийнхаа хажууд зураг үзэж тухаллаа. Ханьтайгаа Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлын ойролцоох Танктай хөшөөний хажууд болздог байсан талаараа дурсав. Гэрийн эзэгтэй”Бид хоёр 1988 оны наймдугаар сарын 8-нд хуримаа хийж, голомтоо бадрааж байсан юм. Хамгийн бэлгэшээлтэй нь өнгөрсөн наймдугаар сарын 9-нд ач хүүтэй болсон. хэдхэн минутыг өмнө төрсөн бол 8-ны өдөр төрөх байлаа. Тиймээс манай гэр бүл наймын тоог их бэлгэшээдэг. Миний хань аливааг чин сэтгэлээсээ, тултал хийдэг чанартай. Тийм болохоор л ажил хөдөлмөр нь амжилттай явдаг болов уу.Бид хоёр гэр бүл болсон цагаасаа л амьдрахын төлөөуйгагүй зүтгэсэн. 1986, 1987 онд би тэмээний ноосоор цамц нэхэж, нөхөр маань Дэнжийн 1000-ийн зах дээр борлуулдаг байлаа” гэв.Бидэнтэй хамт зургийн цомог сонирхож суусан бэр ньхажуугаас”Ээж маань их уран. Шинэ жилийн гоёл, цагаан сарындээлийг хачин гоё урлана” гэж магтлаа.

Мөнхжаргал эмч Клиникийн нэгдүгээр амаржих газрын орлогч дарга юм байна.Ажлынх нь өрөө Клиникийн нэгдүгээр төрөх эмнэлгийн нярайн тасгийн хажууд байдаг гэнэ. “Дөнгөж мэндэлсэн нярайн дуу хадсан өрөөний өмнүүр дандааөнгөрдөгтөөбэлгэшээдэг шүү” гэж байна.Гэрийн эзэгтэй насаараа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллажээ.

Цэнджав эмч зах зээлийн шилжилтийн үед хүний амь аврахын тулд оёдлын торгон утсаар ч гэдсийг нь оёдог байснаа дурсав.

Торгон утсыг нь ариутгах спирт ч байгаагүй учраас зах дээрээс худалдаж авсан ногоон шилтэй спиртээр ариутгадаг байж. Тэр бүү хэл Эрээний зах дээрээсбинт хүртэл худалдаж авдаг байсан гэнэ. Тэрээр “Том хүнд мэс засал хийхээс хүүхдэд мэс засал хийх нь хэцүү. Бүр төрөөд хэдхэн цаг болсон алгын чинээ нярайд хүртэл мэс ажилбар хийнэ шүү дээ. Том хүн бол хаана зовиурлаж байгаагаа хэлнэ. Нялх, нярай хүүхэд тэгэхгүй.Их л сайндаа уйлна. Гэхдээ л хүүхдийн мэс заслын эмчээр ажиллана гэдэг маш их аз жаргалтай. Хүүхэд бол жижгэрүүлсэн том хүн биш. Аугаа өвөрмөц ертөнц. Оношинд нь зохицсон зөв эмнэлгийн туслалцаа үзүүлж чадах юм бол бие нь дорхноо сэргэдэг. Оношийг нь л зөв тогтоох нь чухал. Нэг ертөнц, амьдралыг үхлийн аюулаас салгаж чадвал түүн шиг баяр бахдал гэж хаа байхав. Хүүхдийн мэс заслын эмч жижигхэн алдаа гаргах төдийд л маш их эрсдлийг дагуулдаг. Ихэвчлэн хурууны үзүүр, харааны хурцаар мэс засал хийдэг. Том хүний эмч нар тархи, зүрх, хэвлийн хөндийн мэс засалч гээд мэргэшээд, түүнийгээ дагнаад явдаг бол хүүхдийн мэс засалч хүүхдийн бүхий л эд эрхтэнд мэс засал хийдэг. Зүрх, уушги, тархинаас эхлээдмэдрэлийн, хавдар авах зэрэг олон төрлийн мэс заслыг хийдэг” гэж ярилаа.

Цэнджав эмч дөнгөж төрөөд 45-хан минут болж буй нярайд гэдсийг нь хаах буюу гэдэснийх нь гадна гарсан нарийн бүдүүн гэдсийг нь хэвийн болгох хагалгаа байнга шахуу хийдэг гэнэ. Ийм төрлийн гажигтай нярай сүүлийн үед олноороо төрөх болжээ. Социализмын үед буюу өмнө нь ийм эмгэг өнөөдрийнх шиг олон байгаагүй гэнэ. Үүнээс гадна төрөлхийн улаан хоолой, бүдүүн гэдэсний битүүрэлтэй төрөх тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Сүүлийн үед 4D эхо дурангаар ургийг хараадгэдэс нь гаднаа, анус битүү, ахар сүүл нь хавдартай, зүрхний цоорхойтой бол хийсвэрээр авахуулчихдаг болсон байна. Цэнджав эмч үүнд сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. “Уг нь иймэмгэгүүдийг эмчилж болдог юм шүү дээ.Тэр бүү хэл одоо үед уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийг устгахыг дэлхий нийтээр хориглосон. Харин хавсарсан гажигтай бол эмчлэх боломжгүй” гэж ярилаа.

“Мэс заслын эмчээр олон жил ажилласан хүнд онош нь тогтоогдоход хэцүү, санаанаас гардаггүй өвчтөнүүд олон биз” гэж сонирхоход”Бий бий.2000 онд Архангай Тариат сумаас өтгөн нь хатдаг гэх оноштой нэг хүүхэд ирсэн юм. Өтгөн нь чулуужиж, түгжрээд, гэдэс нь тогоо шиг болчихсон хүүхэд. Онош нь тодорч өгдөггүй. Олонөдөр бодсоны эцэст бүдүүн гэдсэнд нь хагалгаа хийлээ. Гэтэлбүдүүн гэдэсний төгсгөл нь мэдрэлгүй болсноос үүдээд өтгөн нь түгжирсэн байсан. Нэг удаа дөрөв тавхан настай хүү доошоо цус алдаж, цусаар бөөлжин эмнэлэгт хүргэгдэж ирдэг юм. Тэр хүү элэгний судасны хагас бөглөрөлтэй учраас ходоодны амсар дахь судас нь өргөсөөд, цус алдаад байсан юм билээ. Амжилттай эмчилж чадсан шүү. Одоо тэр хүү 20 гаруй настай сайхан залуу бий. Ер нь онош нь тодрохгүй шаналж байгаа хүүхдийн оношийг зөв тогтоож эмчилсэний нэг их том амьсгаа авмаар болдог. Эрүүл саруул болоод инээж хөхрөөд гүйж явахыг нь харах жинхэнэ жаргал даа” гэж хэлээд инээмсэглэв.

Гэрийн эзэгтэй хажуугаас нь “Өвгөөн нөгөө Ховдын охины талаар яриач. Онош нь мэдэгдэхгүй хэцүүхэн байсан шүү” гэж ярианд оролцов.Эх нялхаст бөөлждөг гэдгээс өөр оношгүйохин Ховдоос хүргэгдэж иржээ. Шинжилгээгээр ямар ч өөрчлөлт илрээгүй учраас эмч нар ч сандарцгаасан гэнэ. Цэнджав эмч бүдүүн гэдэсний эргэлтийн гажигтайг нь оношилж чаджээ. Охины бүдүүн гэдэс буруу байрлалтай учраас идсэн хоолны тал нь ходоод руу нь ордог бол үлдсэн хэсгээ бөөлжөөд гаргачихдаг байж. Энэ мэтчилэн шинжилгээгээр илэрдэггүй олон өвчнийг хагалгаагаар оношийг нь тодруулж, амжилттай эмчилсэн туршлага өчнөөн юм билээ.

А.Цэнджав эмч”Шинжилгээгээр бүх өвчин илэрдэггүй. Оношоо маш зөв тавьж, ямар хагалгаа хийхээр цаг алдалгүй тогтох ёстой. Би өвчтөн хүүхдүүдээ шинжилгээ өгөхөөс нь авахуулаад дагаж явдаг. Рентген туяаны эмч нь туршлагагүй, эхоны эмч нь дутуу харсан байж болно. Тиймээс шинжилгээг нь хамт явж байж хийлгүүлэх нь маш тустай. Өнгөрсөн хугацаанд 8500-аад хагалгаа хийсэн. Одоогоос хориод жилийн өмнө хагалгаа хийж, эдгээсэн жаахан хүүхдүүд ханхар залуус, гоолиг бүсгүйчүүд болоод алхаж явахыг хараад “Би, Эх нялхсын эрүүл мэндийн үндэснийтөвийн эмч нар энэ залууст амьдрал бэлэглэсэн” гэж бодохоорбахархах сэтгэгдэл төрдөг. Хагалгаа хийсэн хүүхэд бүртэйгээ эргэх холбоотой байдаг” гэжярилаа.Мөн тэрээр гурван настай хүүхдээс хоёр кг гаруй хавдар авсан хүндхэн хагалгааг Монголдоо анх удаа хийж байсан эмч аж. Монголд анх удаа хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг ч 2012 ондхийж байжээ. Энэ хагалгаанд орсон дөрвөн настай хүү төрөлхийн элэг цөснийзамын битүүрэлтэйн улмаас элэг нь хатуурч, тархинд хүндрэл өгөөд эхэлчихсэн байж. Энэ хэвээр удвал үхэлд хүргэх аюултай байсан гэнэ. Хагалгаа маш амжилттай болсон аж.Өдгөө нэгээс найман насны 30 хүүхдэд эрхтэн шилжүүлэх ийм төрлийн хагалгаа хийх шаардлагатай байгаа гэнэ. Гэвч эргэж харахаас аргагүй нэг асуудал байгаа юм билээ. Үндсэн хуулиндаа хүүхдийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх ёстой учраас эрхтэн шилжүүлэх хагалгааг хориглодог юм байнаЭлэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэгт 100 сая, Солонгост 200 сая төгрөгөөр хийдэг бол Монголд 50 сая төгрөгөөр хийх боломжтой гэнэ.

Цэнджав эмч хошигнох дуртай нэгэн. Ямар сайндаа л “Миний туйлын хоёр хүсэл бий. Үзэгчдийн аадар бороо шаагих мэт сонстох алга таших чимээн дунд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэнджав гэж зарлуулж тайзан дээр гарч ирэх. Нөгөөх нь наадмын зүлэг ногоон дэвжээн дээр Санжаадамба зааныг гозойтол нь тонгорох” гэв. Тэрээр солгой хоолойтой урлаг уран сайхны тал дээрээ маруухан учраас бүх дууг ганц аяар л туучихдаг аж. Тийм болохоор “Би урлагт орвол ая зохиогч нар л ажилгүй болох байх даа” гээд инээлдэв.

Цэнджав эмчийнд өнжсөн хагас өдрийн хугацаанд өвчиндөө шаналсан олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн түүхийг сонссон. Ажлаа сэтгэлээсээ хийдэг гэдэг нь сонирхуулж ярьсантүүх бүрээс нь мэдрэгдэнэ. Хүүхдийн мэс заслын Цэнджав эмч гэхээр Монгол даяар андахгүй энэ эрхэмбиднийг гаргаж өгөхдөө “Мэс засал бол багийн ажил.Мэс заслын, унтуулах, сэхээн амьдруулах, сувилагч, асрагч зэрэг олон баг гар нийлэн ажллаж байж өвчтөний амийг авардаг. Түүнээс бишнэг эмч нь буруу харж зогсоод хийдэг юм биш л дээ. Өчнөөн хүний сэтгэл, хөдөлмөр нэг хүүхдийг амийг авардаг” гэсээр үдлээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Цэцэ буюу Н.Цэцэнбилэг: Тоглолтынхоо орлогоор Нацагдоржийн номын санд бага насны хүүхдэд зориулсан танхим байгуулна

Рэппэр Н.Цэцэнбилэг буюу Цэцэтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 27-нд “Mint club”-д бие даасан тоглолтоо хийсэн билээ.

-Тоглолт хэр болов. Тоглолтынхоо орлогыг хандивын үйлст зориулна гэж сонссон?

-Сайхан болсон. 500 гаруй хүн ирж үзлээ. Гэхдээ санасанд маань хүрсэнгүй. Би “Мобиком” корпорациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аянд нэгдэж хүүхдийн номын сан байгуулах төслөөр МУГЖ Одончимэг зэрэг дөрвөн хүнтэй өрсөлдсөн. Харамсалтай нь миний санаа эцсийн шатанд шалгараагүй. Энэ төслөө ингээд орхичихолтой биш нэгэнт эхлүүлсэн юм чинь ажил хэрэг болгоод ард нь гаръя гэж бодсон. “Ном ба Ирээдүй” тоглолтоос олсон орлогынхоо мөнгөөр хүүхдийн номын сангийн танхим бий болгохоор шийдсэн. Энэ саналыг “Vanquish”, “Opozit”, “Гурван охин” хамтлагийнхан болон BX болон “Хувьсал” продакшны хамт олон дэмжиж тоглолтод оролцсон.

-Яагаад заавал хүүхдэд зориулсан номын сан гэж?

-1-6 насны хүүхдийн номын сан манайд огт байдаггүй юм билээ. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Гэтэл номоор дамжуулж хорвоо ертөнцтэй танилцах цаг үе дээр очоод ном уншчих газар байхгүй. Манайхан нэг буруу ойлголттой явдаг. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад 2, 3 нас хүртэл нь гэрээс гарахгүй хүүхдээ харах ёстой гэж боддог. Үнэндээ гадны бусад орнуудад хүүхдээ ой хүрээ юу үгүй юу, гадуур дагуулж зугаалж, номын санд насанд нь тохирсон ном уншиж өгч, хамтдаа цагийг өнгөрөөдөг юм билээ. Харин манайд хүүхдээ тэврээд дэлгүүр хэсэхээс өөр хувилбар байхгүй санагдсан. Нацагдоржийн номын санд сул талбай байгаа юм билээ. Тэр хэсэг талбайг 1-6 насны хүүхдэд зориулсан хүүхдийн номын сангийн танхим болгоно.

-Ер нь хичнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?

-Танхимын зураг төслийг гаргачихсан. Зураг төслийг “Grand creative” группын залуус гаргаж өгч байгаа. Нэг их том танхим биш ч гэсэн эцэг, эх, хүүхдүүд хамтдаа номтой нөхөрлөж нэг өдрийг ч гэсэн өнгөрөөхөд хангалттай гэж тооцоолж байгаа. Зураг төсөлд тусгагдсанаар нийт 18 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн.

-Тэгэхээр танхимаас гадна номын сан бүрдүүлэхэд бас тодорхой хэмжээний мөнгө орох нь ээ?

-“Мобиком”-оос надад энэхүү санаачилгыг маань дэмжиж таван сая төгрөг хандивласан. Энэ мөнгөөрөө эхний ээлжинд хүүхдийн комик ном хэвлэн гаргадаг “Motion frame” компаниас хямдралтай үнээр ном авч байгаа. Тус компани хүүхдэд зориулаад ном гаргаад байдаг. Ном нь тэр болгон хүүхдэд хүрэхгүй олон мянгаараа хадгалагдаж байхаар нэг нэгнээ дэмжээд хямдралтай үнээр авахаар ярьсан байгаа.

-Тэгээд тоглолтоор хичнээн төгрөг цугларав?

-Шаардлагатай мөнгөнийхөө 50 хувийг л олсон. Тиймээс миний саналыг дэмжиж хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Тоглолтын тасалбар хэд байсан юм бэ. Хүмүүс хандивын тоглолт гэдгийг чинь мэдэж байсан биз дээ?

-Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байсан. Уг нь 900 ширхэг тасалбар хэвлүүлсэн. Хүмүүс хандивын тоглолт их зохион байгуулдаг болчихсон юм биш үү. Тэгээд ч тэр үү хүмүүс нэг их шуурахгүй л байна. Ер нь миний санаачилгын ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байх шиг. Ийм номын сантай болсноор хүүхэд бүр мундаг боловсролтой болчих гээд байгаа юм биш. Эхлэлийг нь хэн нэгэн тавьж мессеж өгөх хэрэгтэй шүү дээ. Үүнийг л хүмүүс ойлгоод надтай нэгдээсэй гэж хүсч байна.

-Та чинь өмнө нь цомгийнхоо орлогыг бас хандивын үйлст зориулж байсан санагдаж байна?

-“2012” гээд цомгийнхоо орлогыг “Hi Fi”-аас аваад бас хүүхдийн төлөө хандив өргөсөн. 800 гаруй CD-ний мөнгө гэдэг чинь таван сая гаруй төгрөг болсон санагдаж байна.

-Уран бүтээлчид тэр болгон орлогоо хандивын үйлст зориулаад байдаггүй. Таны хувьд энэ бүхний цаана ямар нэгэн хэтийн зорилго байна уу?

-Залуу хүн гэдэг утгаараа нийгэмдээ өөрийн гэсэн бодит оролцоотой, үеийнхэндээ үлгэр дуурайлалтай амьдрах дуртай. Магадгүй миний хүмүүжилтэй холбоотой байж ч мэднэ. Харин сошиал ертөнцөд хүн бүр л өөр өөрийн өнцгөөс хүлээж авч байна. Ихэнхдээ миний эсрэг байр суурьтай сэтгэгдэл бичсэн харагдсан. “Энэ Цэцэ улс төрд орох нь, нэр төр хөөцөлдөөд” гэхчилэн бичсэн байсан. Наад зах нь миний тоглолтыг үзэж хандивт нэгдэх гэж байсан бага ангийн хүүхэд тэрийг нь уншаад нээрээ тийм юм байхдаа гээд бодчихно шүү дээ. Бага насны хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй хэний ч үгэнд итгэнэ. Тиймээс залуусыг сайн юм хийж яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд доромжлохгүй амаа хамхиад яваасай гэж боддог.

-Хүмүүжил гэснээс гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй вэ?

-Манай аав цахилгааны инженер. Харин ээж багш. Би нэг эгчтэй. Бага нас ихэнхдээ өвөө, эмээ дээр өссөн. Өвөө монгол хэлний багш хүн. Намайг бага байхад янз бүрийн үлгэр уншиж өгнө. Гадаа тоглохоор нэг үлгэр уншаад утга санаа, үйл явдлыг нь ярьж өгөөд гарна шүү гэж байнга хэлнэ. Тэгээд ч тэр үү би ном унших дуртай. Хүүхэд байхдаа Нацагдоржийн номын санд байрныхаа найзуудыг дагуулж ирж ном уншина. Манайх 40 мянгатад байсан юм. Миний хувьд “Эхлэл” гээд хувийн дунд сургууль төгсөөд АНУ-д интерьер дизайнерын чиглэлээр сураад ирсэн.

-Хэзээнээс дуу хөгжим сонирхох болсон юм бэ. “Vanquish” хамтлагийн гишүүн байсан байх аа?

-Хүүхэд байхын л бүжиглэх дуртай байсан. “Одод болохын хүслэн” тэмцээнд реп бүжгээр оролцож тусгай байрын шагнал хүртэж байсан юм байна. Нэг хэсэг “Vanquish” хамтлагт байсан. Гэхдээ хамтлагт олон хүн байдаг. Тэр чинээгээрээ өөрийнхөө үзэл бодлыг уран бүтээлээрээ илэрхийлэх байдал хязгаарлагдмал байдаг. Тиймээс бие даасан уран бүтээлч байхаар шийдсэн.

-Сүүлийн үед реппер Цэцэгүй кино, жүжгийн дуугүй болсон харагдсан. Дуучид хүртэл тантай хамт уран бүтээл гаргах болж. Үүний нууцыг таны дууны шүлгийг бичих арга барил гэх юм?

-Би өөрөө сайн хэлж мэдэхгүй юм. Би тийм гэх нь утгагүй л дээ. Ер нь би дууныхаа шүлгэнд их ач холбогдол өгдөг. Бүх репперчид л адилхан. Миний хувьд нэг их нарийн гүн гүнзгий утга гэхээсээ бидний өдөр тутамдаа хэрэглэж буй энгийн үг хэллэг донжийг тааруулаад хэлэхэд хүнд хүрдэг юм санагддаг. Тэрнээс би айхтар мундаг яруу найрагч биш шүү дээ/инээв/.

-Таны саяхан гаргасан “Намхан” гээд дуу “Элбэгдорж намхан, Баттулга намхан, Алтанхуяг намхан, Баабар бас намхан, Путин бас намхан, Би ч гэсэн намхан. Ингээд харахад намхан нуруу ашигтай…” гэсэн үгтэй юм билээ. Үүгээрээ юу илэрхийлэх гэсэн юм бэ?

-Намайг хүн бүр л намхан гэдэг. Намхан хүний зовлон нэг. Хүн бүр л намхан нуруутай нь гэм юм шиг ханддаг. Хүнийг гаднаас нь хараад битгий дүгнээсэй гэсэн нь энэ дууны гол санаа. Төрийн том түшээд өндөр, нам нуруутай. Намхан нуруу гадаад үзэмж болохоос биш оюун ухааны илэрхийлэл биш шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын гарьд, начин цолтонтой нэг ангийнхан

“Манай ангиас аймгийн арслан зургаа төрсөн. Тэр зургаагаас хоёр нь улсын цолонд хүрсэн. Үлдсэн дөрөв маань ид барилдаж байгаа. Ер нь манай ангийн 25 төгсөгчөөс арав гаруй нь улс, аймгийн цолтой. Жинхэнэ шижигнэсэн хөвгүүд байлаа даа” гэж оюутан цагийн дурсамжаа ярих нэг ангийнхантай уулзлаа. Тэд бол 2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн төгсөгчид. Ангийн багш нь Монгол Улсын начин Д.Адъяахүү. Спортод, тэр дундаа бөхөд хайртай 35 залуу эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж нэг ангийнхан болжээ. Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд ирцгээсэн, тэгээд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор барагтай бол гадуур тэнэдэггүй байсан гэнэ. Эхний хоёр жил гэр сургууль, сургууль оюутны байрны хооронд жим гартал алхдаг байсан тухайгаа ярьж байна. Нэгдүгээр курст байхдаа хичээлээ цаг тухайд нь хийдэг, одоогийн оюутнууд шиг ганц нэг цагийг тасална гэх ойлголтгүй байжээ. Нэг ёсондоо тун томоотой оюутнууд явсан гэнэ. Гэхдээ хөвгүүд л болсон хойно байсгээд сахилгагүйтчихнэ. Багш нь тэр үед айхтар загнаад байхгүй ч хааяа нэг орой руу нь ортол зэмлэдэг байжээ.

Эдний ангийнхан нэгдүгээр курстээ 35-уулаа элссэн гэсэн. Дөрвөн жилийн хугацаанд шилжих нь шилжээд, сургуулиа орхих нь орхисоор 25-уулаа төгсчээ. Харин ангид ганцхан охин байсан нь Уянга. Хөвгүүд нь ганц охиноо үерхэж барья гэж илт гуйхгүй ч гэлээ бусад ангийн хөвгүүдээс сэмхэн харамладаг байжээ. Ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор голдуу хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг. Бусад нь оюутны дотуур байранд суудаг байжээ. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ. “Тэр үеийн пирожкины амт одоо ч амтагдах шиг болж байна.

Манай сургуульд эрчүүд голдуу сурдаг байсан болохоор гуанзны эгч нар оюутан хүүхдүүд гээд өрөвддөг байсан байлгүй мах ихтэй хийдэг байсан шүү” гэж ярилаа. Нээрээ л оюутнууд пирожки, мантуун буузтай найзалсан шигээ дөрвөн жилийг өнгөрөөдөг дөө. Харин “Аварга” сургууль биеийн тамирынх гэдэг утгаараа сургууль дээрээ маш олон цагийг өнгөрөөдөг байжээ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд өдөр 13, 14 цагийн үед тарна. Хичээл тарахаар цаг хэртэй хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ гарна. Д.Адъяахүү багш нь чөлөөт бөхийн мэх, барилдах арга техникээс эхлээд бөх хүн биеэ хэрхэн авч явах тухай, спортын ёс зүй, хэм хэмжээний тухай хаа явсан газраа үлгэрлэдэг байсан гэнэ. Ангийнхан нь багшийгаа дурсахдаа “Манай багш биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байсан. Харин манай ангийн багш биднийг зодож байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэхдээ л бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөөрчих байсан даа гэж бодоод аргалдаг юм” гэв.

Эднийх биеийн тамирын сургууль ч гэлээ оюутнуудын дунд ямар л уралдаан тэмцээн болох ёстой тэр бүхнийг зохионо. Урлагийн үзлэг болохоор ганцхан охинтой ч янз бүрийн үзүүлбэр үзүүлчихнэ. Чөлөөт сэдэв дээр туранхай, өндөр биетэй хөвгүүдээ загвар өмсөгч болгоод шоу хийчих жишээтэй. Энхсүх, Лхагва-Очир, Буянбаатар нарын залуус нүүрээ будаад, хиймэл үс зүүн эмэгтэй дүрд тоглодог байжээ. Эгчийнхээ, дүүгийнхээ, таньдаг эмэгтэй найзынхаа өндөр өсгийт, даашинзыг өмсөөд гунхалзаж өгнө. Бүр хөхний даруулга хүртэл зүүдэг байсан гэж байгаа. Нэгдүгээр курсийнхээ урлагийн үзлэгээр үзүүлсэн уг үзүүлбэр шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан тул ангиараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин найрал дуу дуулахаар дан эрчүүд урлагийн заалыг нураах шахам, сүртэйхэн дуулдаг байсан гэнэ. Бас сагсан бөмбөгөөр хоёр ч удаа сургуулийнхаа аварга болж байжээ. Ер нь авьяастай хүүхдүүд олон. Л.Баасанбаяр, Отгонхүү, Цэнджав, Эрдэнэбат, Лхагваа нарын хүүхдүүд ангийнхнаа манлайлан явдаг байжээ.

Хөвгүүд олонтой, дан эрчүүдийн анги ч гээд хэлчихэж болох учраас аливаа баяр ёслолын үеэр олон охинтой сургуулийнхантай шефлэнэ. Өөр сургуулийн, олон охинтой анги олох үүргийг ангийн багш нь хариуцдаг байжээ. Багшийнхаа олоод ирсэн ангийн охидыг хөөрхөн, муухай гэж гололгүй бөөн баяр болон хүлээн авдаг байсан гэдэг. Ингэж хоёр ангийнхан шефлэхэд хосоо олоод авах сэргэлэн нэгэн байх. Хэд хэдэн хос тэрхэн зууртаа үерхэж нөхөрлөж байсан нь оюутан ахуй цагийн дурсамж болон үлджээ.

Чөлөөт бөхийн ангийн хөвгүүд мэдээж хэрэг дөрвөн жилийг хоорондоо ноцолдож өнгөрөөсөн байж таараа. Бэлтгэлийн үеэр нэгийгээ давахын хүсэлд дийлдэн тэмцэлддэг мөртлөө хичээлийн бус цагаар нэгэндээ жигтэйхэн хайртай болчихсон байдаг байжээ. Ер нь гадны, өөр ангийнхнаас нэгийгээ учиргүй өмөөрнө. Ганц нэгээр нь явж байхад дээрэлхэх гэвэл олуулаа яваад очно. Гэхдээ гар зөрүүлэхгүй. Сүрийг бадруулж, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулчихаад л яваад өгчихдөг байжээ. Ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаа хүмүүс юун түрүүнд зодолдох гээд байдаггүй, аливаа маргааныг зөвөөр шийдвэрлээд сурчихдаг гэсэн. Харин нэгдүгээр курсээсээ хоорондоо, дараа нь сургуулийнхаа хэмжээнд ноцолддог байсан бол гуравдугаар курст орох жилээсээ улсын наадамд зодоглож эхэлсэн түүхтэй. Улсын наадам болон энд тэндхийн барилдаанд гайгүй гэсэн залуусаа ноцолдуулна. Заалны барилдаануудыг ер нь алгасдаггүй байжээ. Мөн төрөлх аймаг, сумынхаа наадамд очиж барилддаг байсан түүхтэй. Цолонд түрүүлж хүрсэн нь Ш.Жаргалсайхан. Тэрээр гуравдугаар курст орох жилийнхээ зун Завхан аймгийнхаа наадамд очиж ноцолдоод начин цол авсан гэнэ. Оюутан байх дөрвөн жилийн долдугаар сарын 12-ны оройг ангийнхан руугаа утас цохиж өнгөрүүлнэ. “За чи яав хө. Би гурвын даваанд уналаа. Тэр намайг амалж авлаа. Нөгөө хэдээс сураг байна уу. Манай нөгөө ангийн тэр манай нутгийнх юм байна. Аймагт ирж ноцолдоод овоо хэдэн даваа авчихлаа” гэхчлэн ярина. Оюутан байхаасаа ноцолдсон хөвгүүдээс одоо улсын цолтон хоёр төрчихсөн. Энэ жилийн наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр тус ангийн бахархал. Наадам дөхөөд ирэхээр нөгөө хоёрын бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол гээд чих тавин суудаг гэсэн. За тэгээд наадмын өмнөх орой барилдах хоёроосоо дутахгүй догдлон нойр нь хулждаг ажээ. Багаасаа бие биенээ мэдэх болсон нэг ангийнхан учраас давахад нь хамт хөөрч, өвдөг шороодоход нь хамт унаж иржээ. 2011 онд Ш.Жаргалсайхан, Э.Энхбат хоёр хамтдаа улсын начин цолонд хүрч анги хамт олон төдийгүй “Аварга” сургуулийнхнаа баярлуулжээ. “Өнгөрсөн жилийн наадмаар манай ангийнхан тэр чигтээ ёстой нэг догдолсон байх. Жагаагаа давах бүрт л магнай хагартлаа баярлаж байсан. Эрхгүй догдолдог юм билээ. Гэр гэртээ зурагтаа үзээд сууж байгаа хэрнээ давах бүрт нэг нэгэн рүүгээ залгаж баяраа хуваалцаж байсан” гэж ярив. Аваргуудыг даваа бүрт давсаар үзүүр, түрүү булаалдахаар зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд харах ч хэцүү, харахгүй байх ч хэцүү болтлоо тэвдэцгээжээ. Ангийн анд нь амжилттай сайн барилдаж, улсын гарьд цолонд хүрэхэд тун их бахархсан талаараа өнөөдөр ам булаалдан ярьж байна.

Тэдний оюутан насны дурсамж дандаа л бөхтэй холбоотой байх юм. Хоёрдугаар курст байхдаа ангийнх нь гайгүй сайн барилддаг таван залуу нийлж аваад Дарханд болсон тэмцээнд зодоглохоор явжээ. Дарханчууд ургацын баяраа хийгээд бөх барилдуулсан юм байх. Түрүүлсэн бөхийг хөгжмөөр шагнана гэдгийг дуулсан хөвгүүд уухайн тас явцгаажээ. Залуу насны дэврүүн сэтгэлээр очоод бүгдийг нь хага шидэх юм бодож явсан гэнэ. Тэгсэн нутгийн бөхчүүдэд бүгдээрээ өвдөг шороодчихож. Барилдаанаа дуусгачихаад буцах гэтэл унааны мөнгө үлдээгүй байна. Хөгжим өвөртлөөд буцна гэж байсан залуус харих ч мөнгөгүй болоод аргаа барахдаа галт тэргэнд “туулайчилж” хотод ирж байжээ.

Спортоор амьсгалсан ангийнхан өнөөдөр салбар салбарт амжилттай ажиллаж байна. Улсын цолтой хоёр бөхөөс гадна дөрвөн аймгийн арслантай. Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн арслан А.Амараа, Орхон аймгийн арслан Б.Ганхүү нарын “аваргууд” үндэсний бөхөөрөө барилдаж буй. Мөн Спортын төв ордны багш Батнаран тус ангийнх. Бусад нь голдуу хувийн бизнес хийж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсон МОНГОЛ ХҮН

Дэлхийн Шинжлэх ухааны академи буюу “The World Academy of Sciences”-аас Монголын эрдэмтэн академич, доктор, профессор Г.Цэрэнчунтыг энэ оны “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр шалгаруулсан байна. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Тэрээр Дэлхийн болон АНУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэнэ. Гансүхийн Цэрэнчунт 1977 онд Дундговь аймагт төрсөн бөгөөд өдгөө эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний хувьд бүхий л цаг хугацаанд шинжлэх ухааны салбараас алхам ч холдоогүй гэхэд болно. 2000 онд Монгол улсын Анагаах ухааны их сургуулийг төгсч улмаар Германы Берлин хотын Гумболдын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Сурч байх явцдаа тус сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг байжээ. Ингээд 2006 онд эх орондоо ирж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшилж байгаад 2007 оноос Анагаах ухааны хүрээлэнд судлаач,Төслийн удирдагч, Шинжлэх ухаан технологийн “Оюун онош” төвийн ерөнхий захирлаар ажиллах болжээ. Харин 2009 оноос Монголын анагаах ухааны холбоог тэргүүлж байгаа аж. Г.Цэрэнчунтыг ерөөс гараа хумхиж суудаггүй хүн хэмээн мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг. Зөвхөн эх орныхоо шинжлэх ухааны салбарт олон туршилт, нээлт хийхээс гадна гадаадын нэртэй их, дээд сургуулиудад багшилж, ажиллаж үлгэр дуурайлал болж мэдлэгээ хуваалцаж яваа нэгэн. Тухайлбал, 2010 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор, 2011- 2012 онд ХБНГУ-ын Гумболдын их сургуульд зочин профессор, 2011 онд АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн байна. Ингээд 2012 онд тэр болгон хүн хүртээд байдаггүй профессор хэмээх эрхэм цол хүртсэн ажээ. Тус ондоо бас нэгэн амжилт гаргасан нь Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн явдал юм.

Мэдээж дэлхийн хэмжээний эрдэмтний амжилт, гавьяа шагналыг дурдаад барахгүй их шагнал хөвөрнө. Зах зухаас нь танилцуулбал, говь нутгаас төрсөн эрдэмтэн хүү 2006 онд Монгол Улсын “Шилдэг” эрдэмтнээр шалгарч байжээ. Харин 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал, 2011 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан бол 2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч байсан удаатай.

Г.Цэрэнчунтын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дэлхийн шилдэг эрдэмтэн болгосон нь монголчууд бидний хувьд бахархууштай түүхэн үйл явдал боллоо. Түүний цуврал бүтээл нь хавдрыг эс, молекулын түвшинд бүрэлдэж байх үед нь бүрэн дүүрэн оношилж чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгожээ. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн байна. Энэхүү ажлаа Европын холбооны улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгснийг дэлхий дахинаа онцолжээ.

Профессор Г.Цэрэн­чунтын бү­тээлүүд ХБНГУ, АНУ, Польш, Канад, Англи, Грек, ОХУ зэрэг олон орны нэр хүндтэй сэтгүүл, хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү олон улсын олон нийтийн хяналттай, шалгуур өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг ажээ.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ

Монголын спортын түүхэнд олимпийн топ дөрөв гэж нэрлэдэг чөлөөт бөх, жудо, бокс, буудлагаас өөр спорт байхгүй мэт их л удлаа. Гэтэл өнгөрөгч зууны 70-аад оны дунд үеэс эхлэн хүүхэд, залуусын дунд хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн спорт дэлгэрч өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчтэй болоод нэлээн хэдэн жил болсон шүү дээ. Үүнийг нь төрийн хэмжээнд нэг их анзаарч хараагүй л болохоос. Харин өнгөрсөн зун зохиогдсон зүүн Азийн наадам Монголд багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулав. Үүний тод томруун жишээ нь сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудын гаргасан амжилт билээ. Тэд өчигдөр л огцом сайжирсан уу, эсвэл угийн л энэ амжилт руу дөхөж явсан уу, цаашид энэ амжилтаа хэрхэн бататгаж, илүү хөгжүүлэх вэ гэдэг асуудал багийн удирдлагуудын өмнө байгаа.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиодог супер лигийн тэмцээн эхлээд арав гаруйхан хонож байна. Тэмцээн эхлэхээс өмнө багуудын хооронд тамирчдын шилжилт хөдөлгөөн явагдсан. Нэг ёсондоо шилдэг тамирчдыг наймаалцсан гэсэн үг. Энэ жилийн хамгийн өндөр үнийг олон улсын хэмжээний мастер Т.Санчир тогтоолоо. Тэрээр өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд “SBL Хасын хүлгүүд” багт тоглож үнэ цэнэтэй тамирчнаар шалгарч байсан. “Хүлгүүд” багийн шилдэг тоглогч энэ жил “Баянгол шонхрууд” багт хүчээ өгч байгаа. Түүнийг лигийн улирал эхлэхийн өмнөхөн өөр багт тоглох эсэх тухай яриа сагсан бөмбөг сонирхогчдын дунд түгээд байлаа. Супер лигийн тэмцээн уг яриаг баталж Т.Санчир өөрийн хуучин багаа орхиж “Баянгол шонхрууд”-д хүчин зүтгэж байна. Тэрээр шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд 70 сая төгрөгөөр зарагджээ. Тамирчнаа зарсан баг тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг авахгүй. Татвар, шимтгэл ч өгөхгүйгээр тэр чигтээ Т.Санчирт очиж байгаа. Мөн түүнд Японы лигт тоглох урилга ирсэн гэх мэдээлэл бий. Энэхүү санал одоогоор аман яриа төдий байгаа бөгөөд тэдний санал, гэрээнийнөхцөл таалагдвал арлын орныг зорихыг үгүйсгэхгүй юм. Манайдаа л хамгийн үнэтэй зарагдсанд тооцогдож байгаа тэрээр шинэ багтаа ирснээс хойш супер лигийн тэмцээний гурван тоглолтод оролцсон. “Ирвэсүүд”-тэй хийсэн эхний тоглолтод 27, “Арслангууд”-тай тоглоход 26 оноо авсан. Харин “Төв ургац” багтай тоглоход 50 оноо авч энэ улирлын дээд амжилтаа тогтоосон билээ. Т.Санчирын тоглолтод багийн удирдлагууд сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Гадаадаас өндөр үнэ цохиж авчирсан тамирчид ч одоогийн байдлаар нэг тоглолтод 50 оноо аваагүй байгаа юм. Багийн эзэд ч түүнийг иймэрхүү тоглолт гаргана гэсэн итгэл хүлээлгэн хоёр жилийн гэрээ байгуулсан нь оножээ.

Легионер тоглогчдын тухайд тэд манай улсад ирэхдээ сонгон шалгаруулалтад ордог болсон. Нэг үгээр хэлбэл хэн дуртай тамирчин манай улсын лигт тоглохгүй гэсэн үг. Лигт тоглож буй нэг багт гурваас илүү гадны тамирчин байхыг зөвшөөрдөггүй. Тиймээс одоогийн байдлаар баг тус бүр нэгээс хоёр легионертой байгаа юм. Гадны тамирчид зургаан сарын турш манай улсын лигт тоглохдоо сар бүр дунджаар 1500-3500 ам.долларын цалин авдаг. Дээрээс нь Монголд амьдрах байрны төлбөрийг тухайн багийн эзэн хариуцна. Өнгөрсөн жил “Дорнод танан гарьд” багт хүчин зүтгэсэн Вүүдс легионеруудаас хамгийн өндөр цалин буюу сард 3000 ам.доллар халаасалдаг байлаа. Түүний амжилтыг энэ жил “Бүргэдүүд” багт тоглохоор ирсэн Карлделл Жонсон эвджээ. Тэрээр багаасаа сар бүр 3500 ам.долларын цалин авч байгаа. Легионер тамирчид манай улсын лигт тоглох болсноос хойш тамирчдын ур чадвар нэмэгдэж байгаа гэдэгтэй олон хүн санаа нийлнэ. Дасгалжуулагч, багш нарын сургаагүйг гадны тамирчид зааж байгаа гэж хэлж болох юм. Нэг ёсондоо Монголын сагсан бөмбөгт бодитой хувь нэмрээ оруулж байгаа. Тэднийг хаа холын Америкаас, өндөр цалин амлан авчирч байгаа багийн эздэд талархах учиртай.

Харин манай тамирчид хэдэн төгрөг авдаг нь олны сонирхлыг татах нь баараггүй. Лигийн тэмцээнд өрсөлдөж буй багийн тамирчид дунджаар сар бүр нэг сая төгрөгийн цалин авч байгаа. Аль багт, ямар байрлалд, ямар үүрэгтэй тоглохоос хамаарч харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Зарим багийнхан зөвхөн тэмцээний үед тамирчдаа цалинжуулдаг бол гэрээнийхээ хугацаанд буюу бүтэн жилийн турш цалинжуулдаг баг ч бий. “SBL хасын хүлгүүд” багийн тамирчид тэмцээнтэй, тэмцээнгүй гэлтгүй жилийн дөрвөн улиралд сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Мөн тус багийн эзэн өнгөрсөн жил Б.Билгүүнтэй 15 сая төгрөгийн гэрээ хийж байжээ. Уг гэрээ нэг жилийн хугацаатай байсан. Тэгэхээр энэ жил мөн л иймэрхүү хэмжээний мөнгө халааслах биз. Тамирчдаа чамгүй өндөр үнээр үнэлдэг багийн тоонд “Дорнод танан гарьд” зүй ёсоор багтана. Хоёр жилийн өмнө л гэхэд багийнхаа гол тоглогч болох Ихбаяр, Ууганбаяр, Мөнхболд нарт хоёр өрөө орон сууц авч өгөн гэрээ хийж байлаа. Тамирчид ийн гэрээ хийхэд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учраас хөдөлмөрийн гэрээ төдийхөн зүйл дээр гарын үсэг зурдаг ажээ. Тиймээс өөр баг илүү мөнгө амалвал өмнөх гэрээгээ шууд цуцалчихдаг гэсэн. Ингэж багийн эздийнхээ итгэлийг алдах тохиолдол гардаг учраас сагсан бөмбөгт хөрөнгө оруулж буй хүмүүс хэдхэн жил болоод солигддог юм байна. Тэгвэл сагсан бөмбөгийн оргил ертөнц NBA-д бизнес хэрхэн эргэлддэг,сагсан бөмбөгчид багийн эзэд, арилжаа наймаа хэрхэн өрнөдөг вэ гэдгийг сонирхоё.

Жеймс Нейсмит 1891 онд сагсан бөмбөг хэмээх спортыг сэдэж оюутнуудын зугааг гаргаж байсан тэр үе ба өнөөгийн хооронд дүрмийн хувьд том ялгаа байхгүй ч арилжаа наймаа, цалин пүнлүү, зар сурталчилгааны хувьд асар өөр ертөнц болтлоо өөрчлөгджээ. Америкт сагсан бөмбөг мэргэжлийн гэдэг тодотголтой болж лиг байгуулагдаж байх үед тамирчид сардаа 970 ам.доллар буюу жилдээ 6-7 мянган ам.долларын цалинтай байсан бол өнөөдөр хамгийн бага цалинтай сагсчин хоёр сая ам.долларыг жилдээ халаасалж байх жишээтэй. Сагсан бөмбөгчдийн шилжилт хөдөлгөөн багаа солих, зодог тайлах зэрэг нь нарийн хууль дүрмийн дагуу үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцсөн горимоор явагддаг. Ямар ч сагсан бөмбөгч бие даан ганцаараа “Би цалингаа нэмүүлье, би өөр баг руу явъя” гэж ярьдаггүй юм байна. Иймэрхүү үйлдлүүдийг зөвхөн итгэмжлэгдсэн агент нь хийдэг ажээ. Сагсан бөмбөгийн үйлдвэрчний эвлэлээс лиценз авсан хуулийн боловсролтой иймэрхүү агентууд өөрийнхөө үйлчүүлэгчийн бөмбөг тоглохоос бусад бүх асуудлыг шийддэг бөгөөд өвдвөл яах вэ, бэртвэл яах вэ, гэр орон, унаа тээвэр, авгай хүүхдийн ажил төрөл гээд бүхий л асуудлыг хариуцдаг. Ийм учраас тийм хүмүүс үйлчлүүлэгчийнхээ гэрээний 2-4 хувийг шимтгэл гэж авдаг юм байна. Мэдээж сагсан бөмбөгчид нэг багаас нөгөө баг руу явахдаа хэдэн ам.доллараар зарагддаг бол гэх асуудал гарч ирнэ. Гэхдээ сагсан бөмбөг хөлбөмбөгийг бодвол нэг онцлогтой. Учир нь сагсчид богино хугацаанд гэрээ байгуулдаг ба энэ гэрээнийхээ сүүлчийн жилийг худалдаж аваад өөр баг руу илүү өндөр цалинтайгаар явж болдог. Хөлбөмбөгчид нэг багт очсон даруй тэр багийнхаа амьд бараа болж өөрийн мэдэлгүй болдог бол сагсчдын хувьд арай өөр. Тэд дээд тал нь 3-4 жилийн гэрээ байгуулдаг тул өөр баг руу мөнгөөр зарагддаггүй, ихэвчлэн солилцоо маягаар өөр тамирчинтай ч юм уу, драфтын дугаараар ч юм уу арилжаалагддаг ажээ. Нэг жишээ татъя. Энэ жил Леброн Жеймс “Майами”-гаас төрөлх “Кливлэнд” рүүгээ буцлаа. Леброн анх “Майами”-д ирэхдээ цалин бодсонгүй, аваргын титэм л зүүдэлж ирсэн. Тийм ч учраас урьд авч байсан цалингаасаа хамаагүй бага мөнгөтэй гэрээ байгуулж байна. Учир нь түүний очсон баг олон сайн тоглогчтой. Тэд ч бас өндөр цалин авдаг байсан тул тэр их мөнгө нэхэж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Учир нь NBA-гийн дүрэм ёсоор нэг багийн нийт сагсчдын цалин тодорхой нэгэн түвшингээс илүү гарах ёсгүй гэж байдаг тул яалтай ч билээ. Тэгээд тэр багтайгаа Леброн хоёр удаа аварга боллоо. Одоо29 настай Леброн амьдралаа бодох хэрэгтэй болсон тул хуучин баг руугаа хамгийн өндөр цалинтай гэрээ хийгээд буцаж байна. Хэдийгээр түүний “Майами”-тай хийсэн гэрээ дуусахад нэг жил дутуу байгаа ч гэлээ тэдний хуулиар сүүлчийн жилийнхээ гэрээг буцааж худалдаж авч болдог юм билээ. Ингээд л тэр чөлөөт сагсчин болжээ. Түүний агент “Кливлэнд”-ийг сайн шантаачилж хоёр жилийн хугацаатай 42.1 сая ам.долларын гэрээ байгуулсан байна лээ.

СУПЕР ЛИГ ХЭРХЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ВЭ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй супер лигийн тэмцээнд долоон баг оролцож байгаа. “Баянгол шонхрууд”, “Монторх”, “Vаlvoline”, “Төв ургац”, “Чингис сити”, “Ирвэсүүд”, “Лидерүүд” багууд одоогийн байдлаар өрсөлдөж байна. “Баянгол шонхрууд”-ыг бодвол бусад нь тийм ч чанга өрсөлдөгч биш. “Монторх” гэхэд өнгөрсөн жилээс л лигийн тэмцээнд оролцож байгаа харьцангуй туршлага багатай баг. “Valvoline”-ы дасгалжуулагч мөн л туршлагатай муутай. “Төв Ургац”, “Чингис сити” багууд энэ жил анх удаа лигт толгож байна. “Ирвэсүүд” багийг харин Ц.Цэвэрбал гавьяат дасгалжуулж байгаа. Тэрээр багтаа “Баянзүрх Буллс”-ын зарим тоглогчдыг урьж авчирсан ч гэлээ одоогоор олигтой гар нийлж тоглолтдоо орж чадахгүй байна. “Лидерүүд”-ийн тухайд лигийн тэмцээнд гурван ч удаа аваргалж байсан. Энэ удаад харин дандаа шинэ залуу тоглогчдоор “цус сэлбэжээ”. Тэднийд О.Очирбат, Г.Чинбат, О.Дөлгөөн, О.Цэлмэг нарын залуус тоглож байгаа бөгөөд ирэх жилийн оюутны “Универсиад” наадамд оролцох юм.

Лигийн тэмцээнийг тун сонирхолтой болгох “Дорнод танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Харцага”, “Ригс”, “Аравтууд” багийнхан супер лигийн тэмцээнд оролцсонгүй. Хоёр холбооны үл ойлголцол, маргаанаас болоод лигийн тэмцээн хоёр хуваагдчихаад байгаа. МҮСБХ-ны зүгээс дээрх таван багийн эздэд хандан зөвшилцөх, улмаар супер лигт оролцохыг уриалж өчигдөр 18 цагт уулзалт хийхийг товлоод байсан. Гэвч аль ч багийн эзэн тэдний уулзалтыг тоож очсонгүй. Тиймээс ирэх сарын 21-нд эхлэх дээд лигт тоглохоор болжээ. Дээд лигийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооныхон 20 жилийн ойн өдрөө буюу арванхоёрдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр төлөвлөчихөөд байгаа. Харин заалны асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Жил бүрийн лигийн тэмцээн зохиогдож ирсэн Спортын төв ордоны зүгээс ирэх оны түрээсийн гэрээг ямар нэгэн спортын холбоодтой байгуулаагүй байгаа ажээ.

Д.БАТЭРДЭНЭ

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

БХИС-ийн захирлууд улстөржин, оюутан дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв

Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Д.Энхболд манай сонинд хандлаа. Тэрбээр “Оюутны холбоог удирдаж байхдаа Ерөнхий сайдыг сургуульдаа урьж авчирснаас хойш манай сургуулийн удирдлагууд намайг элдвээр дарамталж, одоо цагдаад шалгуулахаар болж байна. Манай сургуулийн удирдлагуудын улстөржилтийн золиос би болчихлоо” гэсэн юм. Цааш нь ярьснаар нийгмийн идэвхтэй нэг оюутан сэргэлэн загнаж Ерөнхий сайдыг сургууль дээрээ авчирснаас үүдэж, хурандаа, генерал цолтнууд өнөөх сэргэлэн оюутан дээр багахан хэмжээний гүйцэтгэх ажиллагаа явуулаад байгаа юмдаг уу даа. Д.Энхболдын ярьсныг хүргэе.

Өөрөө яаж яваад сургуулийнхаа оюутны холбооны дарга болчихсон юм бэ?

-Би угаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд. Нэгдүгээр дамжаанд байхдаа Оюутны холбооны өрөөнд ортол их гоё санагдсан. Оюутны холбоонд орчихвол гоё, гоё ажил хийж болохоор, оюутнууд дундаа сайхан явж болох юм байна гэж бодогдсон. Ингээд ном, журмынх нь дагуу оюутны холбоонд элсээд 2013 оны есдүгээр сард “Сонсогч оюутны холбоо”-ны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тэргүүнээр нь томилогдсон.

Дарга болчихоод Ерөнхий сайдыг урья гэдэг санаа төрөв үү?

-Дарга болчихоод шинэ жилийн баяр гэх зэрэг жижиг, сажиг ажил хийгээд л явж байсан. Төрийн гурван өндөрлөг манай сургуульд бараг ирж байгаагүй гэж сонсоод уриад үзвэл яадаг бол гэж бодсон. Ерөнхийлөгч арай томдох байх, Ерөнхий сайдыг цэргийн баяраар уриад үзье гэж бодсон. Тэр үед УИХ-ын гишүүдийн утасны дугаар facebook-ээр нэг тарчихсан байсан учраас Н.Алтанхуяг сайдтай холбогдоход амархан байсан. 2013 оны гуравдугаар сард болсон явдал шүү дээ.

Утас руу нь залгаад ярьчихсан юм уу?

-Эхлээд залгахад дуудаж байсан. Том албан хүнтэй ярина гэхээр айдаг юм билээ. “Би БХИС-ийн оюутны холбооны тэргүүн байна. Монгол цэргийн баярыг угтаад та манай сургуульд айлчилж, оюутнуудтай энгийн яриа өрнүүлээч” гээд мессеж биччихсэн. Бас цахим хаягаар нь захидал явуулчихсан.

Хариу ирэв үү?

-Маргааш нь хичээлдээ сууж байтал Ерөнхий сайд над руу залгаад “Энхболд уу, Алтанхуяг байна. Мессежийг чинь авлаа. Манайхан чам руу ярих байх. Би очно. Сайхан зохион байгуулаарай” гэсэн. Би ч баярлаж, балмагдаад “Ойлголоо. Баярлалаа” л гэсэн. Удаа ч үгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүн, дараа нь туслах нь гэсэн байх хүмүүс ээлжлээд яриад эхэлсэн. “Ерөнхий сайд үүрэг өгсөн. Танай сургуульд очих хугацааг товлолоо. Гуравдугаар сарын 18-нд очно” гэсэн. Гэтэл тэр өдөр манай сургууль амардаг. Тийм учраас Ерөнхий сайд руу дахиад “Ерөнхий сайд аа, манай сургууль гуравдугаар сарын 18-нд амардаг юм. Та ирэх хугацаагаа урагшлуулж өгөөч. Их ажлын тань хажуугаар мессеж бичиж байгаад уучлаарай” гэсэн мессеж явуулчихсан. Ингээд гуравдугаар сарын 14-ний 17.00 цагтманай сургууль дээр ирэхээр боллоо. Түүнээс өмнө туслах, зөвлөхүүд нь сургууль дээр ирж зохион байгуулалтын ажлыг нь бэлтгэсэн. Оюутнуудын асуух асуултын хүртэл чигийг өгдөг юм билээ.

Өөрийн чинь урьснаар Ерөнхий сайд ирэх болсныг сонсоод танай сургуулийн удирдлагууд юу гэсэн бэ?

-Яг ирэхээр болсных нь дараа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ мессеж бичсэн гэх зэрэг нарийвчилж хэлж чадаагүй. Тэгтэл дэд захирал дуудаад “Ажил хийлгэхгүй. Янз бүрийн хүмүүс дуудлаа” гэж загнасан.

Ерөнхий сайд ирээд намайг босгож байгаад “Энхболд оо, намайг урьсанд баярлалаа” гэхэд их сайхан санагдаж байлаа. Үүнээс хоёр хоногийн дараа сургуулийн захирал өрөөндөө дуудаад “Танай оюутны холбоо ажлаа хийж чадахгүй. Татан буулгана. Ажлаа өг” гэсэн.

Ерөнхий сайдыг хүртэл сургуульдаа авчирсан байсан учраас өөрөө бардам байсан биз дээ. “Биднийг яагаад муу ажилласан гэж дүгнэж байна вэ” гээд асуучихаж болоогүй юм уу?

-Цэргийн сургууль “Мэдлээ, гүйцэтгэе” л гэх ёстой. Нэгдүгээр дүрэм, даргын зөв, хоёрдугаар дүрэм, өөрийн зөв гэж бодвол нүүр рүүгээ алгадаад нэгдүгээр дүрмийг унш гэсэн онигоо хүртэл манай сургуульд бий шүү дээ. Өмнө нь сургуулийн удирдлагууд “Оюутны холбоо бол оюутнуудын сайн дурын байгууллага. Бид танай асуудалд оролцохгүй” гэж байсан. Гэтэл гэнэт муу ажиллаж байна, яв гэдэг асуудал ярьж эхэлсэн.

Тэгээд ажлаа өгөв үү?

-Ингэж хэлээд дахиж юу ч яриагүй болохоор “сануулга юм байна” гэж ойлгоод л ажлаа хийж байсан. Оюутны холбоог тэргүүлэх маш их ажилтай. Оюутнуудын автобусанд явдаг үнэмлэхийг цахим хэлбэрт оруулах гэж хүн нэг бүрийн мэдээллийг шинэчилж, цахим хэлбэрт оруулах ажлыг бид хариуцаж, зарим үед долоон хоног сургууль дээрээ өдөр, шөнөгүй ажилладаг байсан. Өмнө нь сайн ханддаг байсан багш нар хичээл тасаллаа гээд үзэхээ ч больсон. Сургууль дээр хонож ажиллаж байгааг мэдсэн атлаа хичээл тасалсан гээд шалгалтад унагаадаг болсон. Нэгдүгээр дамжаагаа 3.87 голч дүнтэй төгссөн бол хоёрдугаар дамжаандаа таван хичээл дээр уналаа. Удирдлагуудын хурал дээр намайг хөөх тухай хүртэл асуудал яригдаж эхэлсэн. Энэ бүхнээс болоод зургадугаар сард саналаараа ажлаа өгсөн. Зунжин ажил хийж төлбөрөөсөө гадна унасан хичээлийнхээ кредитийн 185 мянган төгрөгийг олсон. Тэгтэл наймдугаар сарын сүүлээр сургуулийн захирал дуудаад “Нэгдүгээр дамжааны оюутнуудад яриа хий. Оюутны үнэмлэх, смарт картыг нь цэгцэл. Дахиад ажлаа хий” гэж үүрэг өгөөд Оюутны холбооны тэргүүнээр томилсон.

Захирал, багш нарын чинь хандлага зөөлөрсөн гэж үү?

-Бичиг цаасны ажлыг хамгийн сайн хийж байсан учраас дахиж хий гэж даалгасан байх. Багш нарын хандлага сайжраагүй. Тэгээд ч гуравдугаар дамжаанд мэргэжлийн хичээл ордог учраас би хичээлдээ илүү анхааръя гээд есдүгээр сарын 15-нд Оюутны холбооны тэргүүний ажлаа дахиад өгсөн. Ажлаа дахиж авсныхаа дараа, есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгчийг урьчихсан.

Яаж тэр вэ?

-Их амархан. Урилгаа бичээд л Төрийн ордны баруун хаалгаар хүргээд шууд оруулаад өгчихдөг юм байна лээ. Дараа нь Ганбаатар гэсэн байх аа, туслах нь яриад “Хоёр орны Төрийн тэргүүний айлчлал давхцаад энэ удаад урилгыг хүлээж авах боломжгүй байна. Дараа заавал очно. Баярлалаа” гэж ярьсан.

Тэр тухайгаа сургуу­лийнхаа удирдлагуудад хэлээгүй юү?

-Хэлээгүй. Угаасаа есдүгээр сарын 15-нд ажлаа өгчихсөн юм чинь. Тэгтэл сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа Д.Баасандамбын шийдвэрээр Дотоод хяналтын алба Оюутны холбооны үйл ажиллагаа, санхүү, төсвийг шалгахаар болсон. Шалгалт өнгөрсөн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Би өөртөө байсан бүх материал, оюутны холбоонд үлдээсэн бүх материалаа шалгуулсан. Тэгтэл БХИС-ийн нэгдэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон. Сургуульд харьяалагддаг бүх хүмүүс жагсаад, удирдлагууд яриа хийдэг юм. Тэр нэгдэл дээр гэнэт сургуулийн дэд захирал, хурандаа С.Пүрэвдорж “Оюутны холбооны тэргүүн Энхболд мөнгө идсэн. Та нарыг луйвардаж, залилсан байна. Шалгуулна” гэж зарласан.

Яаж байгаа нь тэр билээ?

-Би бүр гайхаж орхисон. Маргааш нь шалгалтаа өгөх гээд ангийнхантайгаа зогсч байтал Авто инженерийн тэнхимийн дарга, дэд хурандаа Урантөгс “Чи ямар их мөнгө иддэг юм. Чамд ял үүрүүлнэ. Харж байгаарай” гэж загналаа. Юу болоод байгааг мэдэхээ ч больсон.

Сургуулийн удирдлагууд өөрийг чинь шалгуулахаар цагдаа, шүүхэд хандсан юм болов уу?

-Манай оюутны холбоонд байсан Г.Бат-Оргил, Ц.Төрболд, Т.Солонго нарыг миний эсрэг өргөдөл гаргаж шүүхэд өг гэдэг үүргийг С.Пүрэвдорж хурандаа өгсөн байсан. Бүр тэр гурван оюутны бичсэн өргөдлийг Эрхзүйн тэнхимийн багш нар хянаж, зассан тухай миний хажууд хоорондоо ярьж байсан. Ямар учраас, яагаад шүүх, цагдаад өгөх гэж байгааг ойлгоогүй учраас шалгалт хийсэн Дотоод хяналт, шалгалтын албанд өнгөрсөн мягмар гаригт очлоо. Шалгалтаар надад зөрчил илэрсэн юм уу, шалгалтын дүнг үзүүлээч гэхэд хошууч Булгантөгс “Чамд ямар ч зөрчил илрээгүй. Танайханд шалгалтын тайланг хар гэж хэлүүлсэн шүү дээ” гэсэн. Хэн ч надад шалгалтын тайланг ав гэж хэлээгүй. Тэгсэн атлаа шалгалтын тайланг өгөөгүй. Би “Намайг шүүхэд өгөх гэж байна. Би дахиад шалгуулахаар материал бүрдүүлж байгаа. Шалгалтын дүнг өгөөч” гэж гуйхдаа “Манай ах Батлан хамгаалах яаманд ажилладаг. Дахин шалгуулна гэсэн” гэж худлаа хүртэл хэлсэн. Тэгтэл “Манай шалгалтаар зөрчил илрээгүй. Шалгалтын дүнг Д.Баасандамба хурандаа (Сургалт хариуцсан дэд захирал)-д өгсөн.Сургуулийн удирдлагаас чамайг шүүхэд өг гэж оюутнуудаар өргөдөл гаргуулсан гэсэн. Гэсэн ч шүүх хүлээж аваагүй учраас цагдаад хандахаар болсон гэсэн. Юу болоод байгааг С.Пүрэвдорж хурандаа (Цэргийн хангалт, үйлчилгээ хариуцсан дэд захирал) мэдэж байгаа” гэсэн.

Өөрийг чинь хэдэн төгрөг завшсан гэж шалгуулахаар болсон юм бол?

-Намайг 12 сая төгрөг залилсан, идсэн гэж зарласан. Багш нар “Өө, нөгөө их мөнгө иддэг оюутан” гэж элдвээр хэлнэ. Оюутнууд “Ядаж машин авчихсан биз дээ” гээд хичээлдээ ч суух аргагүй болсон.

Оюутны холбооны тэргүүн цалин авдаг юм уу. Ер нь танай холбоо ямар мөнгөөр санхүүждэг юм бэ. Ямар учиртай 12 сая төгрөг яригдсан хэрэг вэ?

-Оюутны холбоо 12 гишүүнтэй. Боловсролын сайдын тушаалаар оюутны сургалтын төлбөрийн 0.5 хувийг оюутны холбоогоор дамжуулж зарцуулах ёстой юм билээ. Гэтэл манай сургуулийн удирдлагууд мөнгөгүй гээд Оюутны холбоог өөрсдөө мөнгө ол гэсэн. Тиймээс оюутны смарт картны үнэ дээр 1000 төгрөг, оюутны үнэмлэхний үнэ дээр 2000 төгрөг нэмж авсан. Манай сургууль 1300 гаруй оюутантай. Хоёр хичээлийн жилд 12 сая орчим төгрөг цугласан. Би ажлаа авсны дараа холбооны нэр дээр данс нээж, бүр орлого, зарлагыг дансаар дамжуулж хийдэг болсон. Мөн мөнгө зарах шийдвэрийг би ганцаараа биш 12 оюутан бүгд гарын үсэг зурж гаргадаг. Тэр мөнгийг юунд, яаж зарцуулсан гээд бүх баримтыг шалгалтын комисст гаргаж өгсөн. Бүх сургуулийн оюутны холбоо ийм зарчмаар ажилладаг. Мөнгөгүй бол оюутны эрх ашгийн төлөө ажиллах ямар ч боломжгүй шүү дээ.

Юунд зарцуулсан юм бэ?

-Оюутны холбооны өрөөг тохижуулж, компьютерууд авч тавьсан. Интернэттэй болгосон. Шинэ жил, асуулт хариултын тэмцээн гээд арга хэмжээ зохион байгуулсан. Бүх тооцоо баримтаараа бий. Ерөнхий сайдыг ирэхэд хүртэл бид дундаасаа мөнгө гаргаад ус, ундаа тавьж байлаа. Мөнгөгүй үед гар утсаа ломбардад тавьж байгаад ажил зохион байгуулна. Оюутны үнэмлэхний мөнгө ороод ирэхээр утсаа авах жишээтэй л ажилладаг байсан.

Та нар нийлээд шоудчихсан юм биш биз?

-Смарт картны мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэхээр долоо хоног сургууль дээрээ ажиллахад бүгд хоол авч идсэн. Арван хэдэн хүн нэг удаа хоол идэхэд 70 орчим мянган төгрөг болсон байх. Нэг удаа холбоогоороо амралтад явсан. Намайг шүүхэд өгсөн гурван оюутны хоёр нь тэр амралтад хамт явсан. Хоолонд ороход ч бүгд л ордог байсан. Тэр бүгдийг дэлгэрэнгүй тайлагнасан. Уг нь идсэн гэвэл холбооны 12 оюутныг бүгдийг нь шалгах ёстой байх. Гэтэл ганцхан намайг онилоод, тэр бүх мөн­гийг намайг ганцаараа хувьдаа зарцуулсан гэж зар­лаад байгаа нь сонин байна.

Яагаад танай сургуулийн удирдлагууд чамайг шүүх, цагдаад өгөх гээд байгаа гэж. Ер нь юунаас болж чамд таагүй хандаж эхэлсэн юм бол?

-Ерөнхий сайдыг ирснээс хойш бүгд дарамталж эхэлсэн. Манай сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц МАН-ын үед Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тийм учраас Н.Алтанхуяг сайдыг сургууль дээр авчирсан гэж намайг хавчиж эхэлсэн байх.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танай сургуульд очих үеэр чи болохгүй юм хэлчихсэн юм уу. Эсвэл сайд танай удирдлагуудад таагүй хандсан юм болов уу?

-Үгүй. Цэргийн инженерийн сургуулийн материаллаг баазад дэмжлэг үзүүлнэ гээд л явсан. Асуух асуултыг хүртэл Я.Чойжамц генерал хянасан учраас би юу гэж хамаагүй зүйл ярих юм бэ.

Одоо хичээлдээ явж байгаа юу?

-Оюутнууд хоргоогоод, багш нар дарамтлаад хичээлд явах ямар ч боломж байхгүй болсон. БХИС хуулийн салбарын гол ажиллах хүчинг бэлтгэдэг. Гэтэл ийм том сургуулийн захирлууд улс төрийн үзлээсээ болж, нэг оюутныг хавчиж, хамт сурдаг оюутнуудыг нь өөрийнх нь эсрэг хөдөлгөж байгаа нь харамсалтай. Бараг л над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбат: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг олзуурхаад байгаа шүү

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбаттай ярилцлаа.

УИХ шинэ Ерөнхий сайдаа томилчихлоо. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэр ажиллах бол гэдэг дээр таны бодол ямар байгаа вэ?

-Манай эдийн засгийн ерөнхий дүр зураг муудчихсан энэ үед засгаа сольсон ньмуу зүйл биш. Угаасаа гадаад зах зээл Монголыг хангалтгүй гэдэг үнэлгээгээр үнэлчихсэн байна.Монголтой холбоотой хувьцаа олон улсын хөрөнгийн биржүүд дээр унаж байна. Дээрээс нь төгрөгийн ханш юу ч биш боллоо.Ийм байхад өөрчлөлт хийх нь зайлшгүй. Цагаа ч олсонбайх.

Гол нь шинэ Засгийн газар яаж ажиллах юм бол доо. Хүнд байдлаас гаргаж чадах юм болов уу?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж байна лээ. Энэ бол бизнесийн болоодхөрөнгө оруулалтын,засаглалын таатай орчин бий болгоно гэсэн үг байх. Энэ утгаар нь ойлгоод олзуурхаж байгаа. Ингэж хэлсэн шигээ ажиллах болов уу гэж найдаж байна. Би өнгөрсөн долоо хоногт Хонконгт хөрөнгө оруулагчдын уулзалтад ороод ирлээ. Тэд ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үгийг сайны дохио гэж хүлээж авсан хандлагатай байна лээ. “Одоо л бизнес, хөрөнгө оруулалтыг ойлгодог Ерөнхий сайд гарч ирлээ” гэдэг байдлаар хүлээж авч байна.Үнэхээр тэдний ойлгож байгаа шиг ажиллабал сайн л байна.

Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын талаарх ойлголт ямар байх юм?

-Монголоос эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын сайн дохио ирээсэй гэж хүлээцгээж байна.Үнэндээ манайд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас илүү засаглалын гажуудал Монголын нэр хүндийг гутаагч,хөгжлөөс хойштатагч болон хувирчихаад байна.Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төр өөрөө бизнест хутгалдаж,хувийн салбараа түлхээд байна шүү дээ. Эцэстээ энэ нь дарангуйлал болон өргөжиж байна.

Саяхан гадны нэг хөрөнгө оруулагчтай уулзаад ярьж байтал нэг зүйлийг хэлж байна лээ. Юу гэхээр”Танайх хуулийг үнэхээр завхруулах юм аа. Саяхан манай нэг танил Сайншандад зочид буудлынхаа өрөөнд тамхи татчихжээ. Бодвол хориглох тэмдгийг нь хараагүй юм уу эсвэл тэр тэмдэг нь байгаагүй юм уу. Гэтэлтүүнийг саатуулаад, бичиг баримтыг нь хурааж, бөөн чирэгдэл учруулсан байгаа юм. Уг нь бол хуулийн дагуу50 мянган төгрөгөөр торгох ёстой биз дээ” гэсэн юм. Үнэндээ манайхан 50 мянган төгрөгөөс илүү мөнгө авахын тулд тэгж аашилж байгаа нь тодорхой.Гадаадын хөрөнгө оруулагчдад хандах манайхны хандлага ийм л байна. Тэгэхээр яаж хөрөнгө оруулагчдыг бид татах вэ.Энэ бол ердөө засаглалын гажуудлын илрэл.Үүнээс л татгалзах ёстой.Гааль, татварынхан төрийн нэрийн өмнөөс хэмжээгүй эрх дарх эдэлж, дарангуйлал тогтоож болохгүй л дээ. Оронд нь дэлхийн зах зээл дээрх хувийн салбаруудыг Монголд оруулж ирэх сувгийг нээх хэрэгтэй.Аль болох их мөнгө орж ирэх тааламжтай нөхцөлийг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн тав, зургаан жилбайгаль орчноо хамгаалах нэрээр уул уурхайн салбарт орж ирэх мөнгөний урсгалыг хумьсан.Мэдээж байгаль орчноо хамгаалах нь бидний үүрэг. Гэхдээүр хүүхдээ өлсгөлөн, боловсролгүй хүн болгож өсгөх эрх бидэнд байхгүй шүү дээ.

Эдийн засгийн орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд тэгвэл шинэ Засгийн газар яаж ажиллаасай гэж та харж байна вэ?

-Юуны түрүүнд УИХ-ынхаа түвшинд ойлголцох хэрэгтэй. МАН, АН, Шударга ёс эвсэл хамтраад ажиллах нь үр дүнтэй.Бусдыг нь Ерөнхий сайдөөрөө мэдээд хийх биз ээ.

Шинэ Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулна, том төслүүдийг гацаанаас гаргана гэж яриад байгаа…

-Зоригтой л хөдлөх ёстой. Хэн нэгэнд таалагдахгүй болов уу гэж айж эмээвэл тэгээд ажил урагшлахгүй. Бид чинь чөлөөт зах зээлийн орон байлаа. Гэтэл өнөөдөр командын, хараат зах зээл рүү шилжчихээд байна шүү дээ.Залгамж чанар байхгүй, туйлбаргүй бодлоготой байна. Долоо хоногийн дотор хэдхэн хүн тохироод баталчихсан хуулид лөнөөдөр Монгол Улсыг баллаж байна.Монгол Улс ардчилсан орон болъё, дэлхийн том зах зээлийн нэг хэсэг болъё гээд байгаа юм болдүрмээр нь тоглох хэрэгтэй.Тэгэхгүй байхаар чинь хэн бидэнтэй ажиллах юм бэ. Гар барих гэж ирээд алгадчихдаг хүн байж болохгүй биз дээ. Үүнийгээ л өөрчилмөөр байна. Үүний тулд ард түмний эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтраад зүтгэх ёстой.

Таны хэлснээр гурван намхамтрах боломж хэр байдаг юм бол. АНМАН хоёр хамтарвал бид орохгүй гэх зэргээр танай намынхан яриад байгаа сонсогдох юм?

-Тэр нь, энэ нь гомдоно, тунина гэдэг бол улс төрийн асуудал биз. Чухам яаж тохиролцохыг мэдэхгүй юм. Надад үнэндээ улс төрд оролцох сонирхол алга.Харин монголчуудын амьдралын түвшинг сайжруулж, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа өөд нь татахын тулд улс төрийн хүчнүүд хамтраад ажиллабал үр дүнтэй гэж л бодох юм.Ялангуяа ашигт малтмал лицензийн асуудлыг гацаанаас гаргаж шийдэх хэрэгтэй. Мөнгө орж ирэх хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой байна.

Чингэс бондын өрөөс эхлээд шаналгаатай асуудлууд манайд их байна л гэх юм?

-Чингэс бондоор мөнгө босгох үед бид хөрөнгө оруулагчдад “Энэ мөнгийг эргэн төлөгдөх сайн төслүүдэд зарцуулна” гэж амласан. Тэд ч “Та нар наад мөнгөө төсвөөс гадуур зарцуулна шүү” гэж хэлээд өгсөн юм. Тэгтэл бид тэр мөнгийг авангуутаа зам тавьж, гудамж зассан шүү дээ.Тийм учраас Олон улсынвалютын сан”Бондын мөнгийг төсөвтөө суулга” гээд байгаа юм.Бондын мөнгийг гадныхны хэлдгээр тансаглалын төсөлд зарцуулсан учраас тэр.Үнэндээ дэлхийн бусад орнууд өндөр хүүтэй зээл авчихаад хэзээ ч зам тавьдаггүй юм. Зам тавих ажлыг зөвхөн төсвийн мөнгөөр хийдэг юм.

Харин одоо шинэ Засгийн газар өмнөх засгаас өөрөөр ажиллана гэдэг дохиог өгөх хэрэгтэй.Авсан зээлээ түргэн хугацаанд ашиг олох төсөлд зарцуулна гэдэг байдлаар ажиллах хэрэгтэй. Тэгвэлөрийн хязгаарыг нэмэгдүүлэх саналыг МАНдэмжиж магадгүй.

Яасан ч нэмж өр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа шүү дээ?

– Манайх хоёр, гурав биш 20, 30 тэрбум ам.долларын өр тавьсанч төлж чадна.Авсан зээлээ үр ашигтай төсөлд зарцуулж чадвал шүү дээ. Хамгийн гол нь тэгж чадалгүй мөнгөө газарт булаад байгаа учраас өрийн хязгаарыг нэмэгдүүлэхээс болгоомжлоод байгаа биз.

Нөгөө талаар Ч.Сайханбилэг сайд өмнөнь Н.Алтанхуягийн танхимд ажиллаж байсан учраас түүнээс өөрөөр ажиллахгүй байх гэдэг таамаг бий болов уу?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг олзуурхаад байгаа шүү дээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг төр рүү гэдэг уриалгыг бодит болгох хэрэгтэй байна.Тэгвэл хэтдээМонголд сайд болъё гэдэг хүн олдохгүй. Улс төрд орох мөрөөдөлд умбасан залуучууд байхгүй болно шүү. Зөвхөн бизнес хийе, бүтээн байгуулъя гэдэг хүсэл эрмэлзэлтэй залуучууд олширно.

Валютын ханшийн талаар одооямар бодлого явуулах хэрэгтэй гэж бодож байна…

-Валютын ханш бол эдийн засгийн нүүр царай. Тийм ч учраас өнөөдөр эдийн засаг муудаж байна. Уг нь манай дотоодын банкуудад сайнактив байна. Тэр зээлүүдийн ард үр ашигтай үйлдвэрүүд ажиллаж байгаа.Үүнийгээгадагш нь гаргаж худалдах чухал үүргийг Монголбанк гүйцэтгэж болно. Гэтэл тэгж чадсангүй. Зах зээлд үнэ тогтворжуулах нэрээрбэлэн мөнгө гаргачихлаа шүү дээ.Энэ бол дэлхийд байхгүй практик.

Гэхдээ Ерөнхий сайд энэ бодлогыг үргэлжлүүлэх юм шиг байна лээ?

-Тэгвэл ханшийн уналт үргэлжилнэ. Монголын төгрөг уналттай байхад гадны хөрөнгө оруулалт бүр ч орж ирэхгүй.

Таны хувьд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд байсан. Одоо яах бол. Хэрвээ танай нам засагт хамтрахгүй гэвэл ямар нэгэн суудалд очихгүй байх?

-Улс төрийн сэдвээр яримааргүй байна. Би яах вэ.Гол нь улс орны эдийн засгийн асуудал өнөөдөр чухал байна.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва та гурвыгнамынхан чиньжийгээд эхэлсэн.Сая Н.Энхбаяр дарга ирээд та нарыгнамынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс хөөсөн ч гэх юм?

-Тийм юм байхгүй. Бид намдаа ямар ажил хийж байсан тэр хэвээрээ л байгаа шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг…” нэртэй үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд Зана­базарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах гэж байна. Уг үзэсгэлэнд зураач Л.Хадбаатарын бүтээлүүд тавигдах юм. Тэрээр өөрийн бүтээлээрээ Монгол Улсыг социалист нийгмээс ардчилал руу тайван замаар шилжсэн үеийг харуулсан юм. Тодруулбал, 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн түүхэн үйл явдлууд болон уг тэмцэлд манлайлан оролцсон түүхэн хүмүүсийг дүрсэлжээ. Зураач Л.Хадбаатар өөрөө Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг. Тиймээс Ардчилсан хувьсгалд оролцсон гэрч, мөн уран бүтээлчийн хувьд уг үйл явдлуудыг харуулсан бүтээл туурвисан байна. Л.Хадбаатарын дөрвөн жилийн хугацаанд туурвин бүтээсэн уран зургууд нь бидний хойч үедээ үлдээж буй бас нэгэн үнэтэй түүхэн баримт юм. Түүний бүтээлүүдийн талаар Монгол улсын гавьяат багш, зураач Ч.Бизьяа гуайтай ярилцсаныг сонирхуулья. Ч.Бизьяа гуай өдгөө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуульд багшилж байгаа юм.

-Та зураач Л.Хадбаатарын бүтээлүүдийг сайн мэднэ. Түүний “Түүчээ цаг…” үзэсгэлэнд тавигдах бүтээлийн талаар зураач, багш хүний хувьд ямар бодолтой байна?

-Л. Хадбаатарын уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь Ардчилсан хувьсгалыг харуулсан зургууд юм. Би энэ бүтээлүүдийг нь Ардын хувьсгалын эхэн үед Шарав гуайн зурж байсан бүтээлүүдтэй адилтгаж үздэг. Нэрт зураач Шарав бурхан зурдаг байсан . Тэгсэн хэдий ч Ардын хувьсгалд оролцож хувьсгалын агуулгатай бүтээлүүд туурвисныг бүгд сайн мэднэ. Харин Л.Хадбаатар Ардчилсан хувьсгалын үйл явдлаар хэн ч бүтээл туурвиагүй сэдвээр Шарав гуайтай энэ зэрэгцэн зурсан гэж би боддог.

-Үзэсгэлэнд түүний олон бүтээл тавигдана. Түүнээс Та алийг нь онцлох вэ?

-“Ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид ” нэртэй бүтээлийг онцолмоор байна. 400 гаруй хүнийг дүрслэн харуулахдаа уг эзэдтэй яг адилхан зурж, дандаа бодит дүр төрхийг бүтээсэн. 400 гаруй хүний дүрсийг өөр өөр, хувь хүний онцлогийг нь гаргаж чадсан. Ийм л зураг. Тэрээр олон үйл явдлыг харуулсан бүтээлүүдийг туурвисан. Энэ бүтээлд 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн 40-өөд үйл явдлуудыг харуулсан. Хамгийн гол нь эдгээр зургуудад хоорондоо ижил дүр гэж үгүй. Ийм зохиомжоор хийсэн бүтээл одоогоор Монголд байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ардчилсан хувьсгалын үйл явдлаар дээр үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Чүлтэм гуай тухайн үед нэг зураг зурсан юм. Тэр зураг одоо хаана байгаа нь мэдэгддэггүй.

-Та “Онцгой шийдвэр” нэртэй зургийг мөн л онцлоод байсан?

-Өлсгөлөн зарлахын өмнөх орой МоАХ-ын Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан түүхэн бодит үйл явдлыг харуулсан бүтээл юм. “Өргөх бичиг” гэж зураг байна. Энэ үйл явдлаас өмнө “Өргөх бичиг” гэдэг хэллэг байгаагүй. Үүнээс хойш шинэ хэллэг бий болж байна. Мөн “Хүнд өдрүүд” хэмээх өлсгөлөнд оролцож байгаа бөгөөд дэмжиж байгаа хүмүүсийг дүрслэн харуулсан бүтээл. “Тэнгэрийн хүүхдүүд” гэдэг зураг байна. Тэнгэрээс энэ хүүхдүүдийг элч болгон илгээж, тэд Монголд Ардчилсан хувьсгалыг хийлгүүлсэн гэсэн утгатай бүтээл юм. Манай Л.Хадбаатар бол өөрийнхөө байгалиас заяасан унаган авьяасаараа гарч ирсэн зураач. Бас нэгэн онцлог нь гайхалтай дүрслэх чадвартай. Хийж байгаа бүтээлээ ургуулан боддог, бодсон бодол нь оновчтой гэдгийг хэлмээр байна. Ардчилсан хувьсгалын тухай баримт материалаар баялаг урын сантай. Тиймээс ч эдгээр бүтээлүүдийг туурвисан. Ардчилсан хувьсгал ялаад 25 жил өнгөрсөн боловч энэ үйл явдлуудыг харуулсан том бүтээл байхгүй. Яахав дээ хөрөг зэрэг бол байгаа. Үйл явдал харуулсан зураг бол үгүй.

Математикчид математик бол шинжлэх ухааны хаан гэдэг. Матетматик хаан юм бол түүнийг төрүүлсэн эх, эцэг байх ёстой доо. Тэгвэл шинжлэх ухааныг төрүүлсэн эх нь дүрслэх урлаг юм. Яагаад гэвэл эрдэмтэд энэ тэнд очиж судалгаа хийхээрээ дандаа тэнд тийм хадны зураг байна гэж ярьдаг. Хэдэн мянган жилийн өмнө хүн амьдарч байжээ гэдэг. Түүнийх нь баталгаа бол зураг болдог. Бичиг үсэг ч зурагнаас гаралтай. Хүн хэлгүй байхдаа хоорондоо зургаар ойлголцдог байсан. Дүрслэх урлаг гэдэг агуу юм. Тиймээс Л.Хадбаатар энэ зургуудаараа Ардчилсан хувьсгалын түүхийг үлдээж байгаа юм. “Уран зураг бол харах яруу найраг. Яруу найраг бол унших уран зураг” гэж алдарт зураач Леонардо да Винчи хэлсэн байдаг юм.

Ю.ДЭЛГЭР