Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Пунцагийн БАДАРЧ Одоо би шүлэг бичихгүй. Харин ч муухай ажлаас гарчихсан юм шиг аятайхан байна

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай ярилцлаа.

Таныг Богд хааны тухай жүжиг бичиж, тайзнаа тавих дөхөж байгаа гэж сонсоод ирлээ. Сонин сайхан ихтэй сууна уу?

-Ерөнхийдөө амьдралд ханасан царайтай. Күнзийн хэлснээр, зүгээр л амьдарч байна. Ухаандаа, телевизороор адуу гараад ирнэ, адууны тухай биччихсэн, хоёр хүн ярина, тэрийг бас биччихсэн. Үзсэн харсан туулсан бүх юмныхаа тухай биччихсэн. Тэгэхээр надад одоо сонин юм ерөөсөө алга. Сэтгэлийн нүдээр хараад сэтгэх чадвар үгүй болчихож байгаа юм уу даа. Хамгийн гол нь, өөрөө өөртөө бахархаж байгаа нэг зүйл бол энийгээ мэдэрч байгаа маань юм. Тэгээгүй хүн бол би ч өтөллөө дууслаа гээд гуниглаад явчихна шүү дээ. За, яриандаа орох уу.

Тэгье. Богд хаант Монгол Улсын түүхийн сэдэвтэй дуулалт жүжиг тань удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна?

-Энэ маань “Оройн дээд” гэж нэртэй юм. Бичсэн гол хүн бол Дамбын Төрбат. Ярилцаж харилцаж бичсэн нь бид хоёр. XX зууны Монголын түүхэнд гурван хувьсгал болсноос өөрсдөө хийсэн, хамгийн үнэ цэнтэй хувьсгал бол 1911 оны хувьсгал юм. Энэ хувьсгалыг төрийн зүгээс удирдаж зам мөрийг нь зассан хүн бол VIII богд Жавзандамба хутагт мөн. Хоёр дахь, Сүхбаатарын гэж нэрлэгддэг Бодоо Данзангийн хувьсгал мэдээжээр гадаадын цэрэг зэвсгийн тусламжтай байсан ч 1911 оны хувьсгалтай эхэлсэн, явсан бүх зам нь ав адилхан. Жишээ нь, Богдын тамгатай бичигтэй, хойшоо явах улс урагшаа зугтааж Богд уулын ард очиж хуралдчихаад хойшоо явсан. Тэгэхээр энэ хоёр хувьсгал адилхан. Нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хоёр зуун гуч дөчин жил гадаадын дарлалд байсны эцэст аварсан. Энэ тусгаар тогтнол дээр дахин хувьсгал гарсан л хэрэг. Социалист нийгмийн үед зүүлгэсэн “сохор богд”, “түвд богд”, “балам лам”, “шашны мунхруулагч богд” гэсэн нэрнээс нь улс төр хийгээд түүх, ард түмэн дөнгөж цэвэрлэж байгаад бас нэгэн нэмэр болюу гэж бодож бичсэн дуулалт жүжиг дээ. Гэхдээ сонгодог дуурийн хэлбэр, дуулалт жүжиг буюу хөгжимт драмын хэлбэр хоёрын нийлмэл чанартай бүтээл юм. Хөгжмийг ҮДБЭЧ-ын Бирваа гэж залуу бичиж, Болд гэж найруулагч нь найруулж байгаа юм.

Гадаад хүн, түвд хүн яагаад Монголын хаан болов гэж зарим хүмүүс ярьдаг?

-Дэлхийд зохиогчгүй нэг шашин, зохиогчтой гурван шашин байдаг. Хамгийн анхны гэх юм ууминий шүтэж хүндэтгэдгээр буддын шашин юм уу даа. Ахмад нь. Тэр бүү хэл, нэг ном уншиж байтал Йисүсийг лам хувцастай зураад, буддын сургуульд сурч байсан гэж бичсэнийг би харсан. Тэр ч яахав. Манай хаан түвд хүн байсан нь шарын шашин Түвдээс манайд орж ирснийх. Манай лам нар, сурагчид түвд багштай байж таарах нь ээ. Тэгэхээр тэндээс богд залах нь буруугүй л дээ. Шашин төр нь нийлмэл байсан юм чинь ямар ч арга байхгүй. Төр нь гаднаас хараат, шашин нь өөрийншүү ухаантай. Тийм цагт Монголд байгаа хамгийн ихээр олон түмний сэтгэлийг татагч, өөд нь татагч, зовлонгоос салгагч нь төр биш шашин нь байсан учраас төртэй болонгуутаа толгойны нь хүнийг төр шашныг хослон баригч оройн дээд Очирдарь болгоно биз дээ.

Төр, шашин хоёрыг Үндсэн хуулиар тусгаарлаад удаж байгаа манай оронд Гандангийн хамба лам гэдэг суудалд ихээхэн ач холбогдол өгөөд байдгийг та юу гэж үздэг вэ?

-Учраа олохгүй байна. Нөгөө талаар учир нь олдохгүй байна. Тусгаар тогтносон улс шинэ нийгэм байгуулаад эхэлсэн чинь хамаг юм нь зуун задгай, жаран хагархай. Шинэ нутагт буусан айл шиг. Үүний учрыг олоход хэцүү дээ. Харин бүүр зэвүүрхмээр нэг юм бий. Шашны үйлдэл болоод зүйлүүдийг маш овжноор ашиглаж байгаа луйварчин гэхэд хатуудах болов уу, тийм давхарга бий боллоо. Тэрийг дагадаг олон түмэн ч их олон боллоо. Энэ бол нийгэмд байгаа хамгийн аюултай үзэгдлүүд юм. Будда Сиддхарта бол маш худал бөгөөд маш үнэн замыг хүн төрөлхтөнд зааж өгчээ гэж би боддог. Энэ нас бол нэг л олдоно гэсэн. Үнэн байгаа биз. Энэ яваа насандаа та эрүүл саруул, сэтгэлийн аз жаргалтай, амгалан тайван амьдар гэсэн. Бас л зөв. Тэгээд энэ насандаа буян их үйлд, тэгвэл хойд насандаа тажаргана аа гэсэн. Тэр нь огт худлаа байхгүй юу. Будда сохор хүнийг эдгээх гээд чадаагүй, хүнийг урт наслуулах гээд олоогүй, доголон хүнтэй уулзсан, хөлтэй болгож чадаагүй. Одоогоор бол элэгний гепатит вирусийг эдгээж чадаагүй. Тэгмэгцээ за, та нар сэтгэлээ ариусга. Бие биеэ хайрла, хүндэл. Үхнэ гэдэг зайлшгүй юм. Гэхдээ дахин төрөхийн тулд, сайн төрлийг олохын тулд, хүмүүн төрлийг олохын тулд та одоо гэгээр ээ гэж хэлсэн. Энэ маш худлаа бөгөөд бас машид зөв байгаа биз. Өнөө цагт хүмүүс шашинд автаад байгаа явдал бол шинжлэх ухаанч гэгээрэл манай улс оронд дутмаг байгаагийнх. Нөгөө талаар, хүмүүн нүгүүд амьдрал гэдгийг ойлгоогүй. Ойлгоогүй нь ч учиртай. Социализмын үед болоод л байсан, болоод л байсан. Гэтэл төр болоод үзэл суртал нь “Ажиллаад бай, социализмыг байгуулъя. Коммунизмд оронгуут дэлгүүрийн бүх юм үнэгүй болно” гэсэн. Үүнд ч бас буддагийнх шиг худлаа байгаа биз дээ. Бас л нэг мунхруулга. Явж явж мундаг мунхруулга байхгүй юу. Мунхруулга гэчихвэл арай хатуудах болов уу яах бол. Сэтгэл санаанд нь тийм буруу зарчим шингээгээд өгчихсөн. Гэтэл хүний орчлонд хүн яаж амьдрах ёстой тэр зарчмаар яваа нийгэм нь капитализм буюу зах зээлийн эдийн засагтай ардчилсан энэ нийгэм. Чамд хэн ч тус болохгүй. Чи өөрийгөө тэжээ гэсэн зарчимтай. Орчлонгийн зохицол нь энэ шүү дээ. Би Энэтхэгт явж байсан чинь гудамжинд нь нэг хүн тийчлээд байх юм. Одоо энэ хүнийг яадаг юм бол, эмнэлэг яаж дуудах вэ гэсэн чинь мөнгөгүй юм чинь ингээд л үхнэ гэж байна. Нэг ухаантны ийм үг байдаг юм. Би өөрөө ч ингэж боддог. Хүн өдөр болгон үхдэг гэж. Хүн үхлээс зугтах ямар ч арга байхгүй. Орчлонгийн нэг үнэн нь энэ. Төрөхгүй байж болно гэж байгаа юм шүү. Орчлонгийн үнэн нь үхэх төрөх хоёр гэдэг биз. Манай Дэндэвийн Пүрэвдоржийн нагац ах Чоймбол гуай “Ганцхан үнэн бий дээ. Үхэх л үнэн. Төрөхгүй байж болно оо” гэж хэлж билээ. Хүний насыг Платон, бас өөр нэг ухаантан дал л гэж хэлсэн. Гурав хуваагаад, хорин тав, тавин тав, тэгээд цаана нь арван тав. Суут сэтгэгчид тэгээд хэлчихэж. Одоогийн ертөнцөд хүнийг яагаад жаран настайд нь тэтгэвэрт гаргаж байна вэ. Эрдэмтэд тооцоолоод, сэтгэх чадвар, хүч чадал нь жараас хойш буурдаг гэж үзжээ. Тэр мэргэдийн хүний чадавхийг томъёолсон нас, өнөөдрийн шинжлэх ухааны бие махбодь оюун сэтгэлд хийсэн эрдэмлэг шинжилгээгээр гаргасан нас дүйцэж байгаа биз. Гэхдээ дал хүрээд дуусаа гэх нь юу юм.

Олон жилийн өмнө түвдэч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар буддын философийн зохиол “Бодь мөрийн зэргийн хураангуй”-г зааж байгаад оюутнууддаа ингэж хэлсэн. “Эрт цагт номд нэвтэрсэн багшдаа нэг шавь нь, багш аа, та надад ертөнцтэй таарахгүй ном заагаад өгчихжээ гэж хэлсэн гэдэг. Буддын ном бол ертөнцийн номтой таардаггүй юм. Ертөнцтэй нийцдэггүй ном шүү, энэ чинь” гэж хэлж байсан. Та түрүүн яг л ийм зүйл хэлчихлээ?

-Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг Хү­рэлбаатар докторын хэлсэнч­лэн, миний сая хэлсэн хийгээд боддогчлон Буддагийн ном чинь үнэн хэрнээ мундаг худлаа байгаа юмаа.

Агуу их багш нар хэлэх­дээ номын ёс, ертөнцийн ёс хоёр таардаггүй гэж хэлээд байдаг юм байна л даа?

-Номын ёс гэдэг чинь нэг хүний гаргасан ёс. Ертөнцийн ёс гэдэг чинь сав шимийн ертөнцийн өөрийнх нь хууль байхгүй юу. Нийцэхэд хэцүү еэ. Күнзийн нэг мундаг үг байдаг юм. “Амьдрал бол зүгээр жирийн л юм” гэж. Хүн түүнийг адармаатай, зовлонтой, илүү ихийг хүссэндээ эвдээд хөрөөдөөд өөрснөө л хачин болгочихдог. Күнзийн энэ сургаалын нэг тод жишээ бол манай Монголын уламжлалт хөдөөгийн айл байдаг. Яг Күнзийн хэлсэнчлэн зүгээр л байгаад байдаг. Зун болохоор зунтай нийлээд л амьдарчихна. Намар болохоор намартай нийлээд л амьдарчихна. Өвөл болохоор өвөлтэй нийлээд хашаа бариад өнтэй сайхан амьдарчихна. Хавар болохоор малаа төллүүлээд хавартай нийлээд амьдарчихна. Гайхамшигтай зохицож амьдарч байна шүү дээ. Манай нутгийн нэг найз өвгөн маань надад хэлсэн юм. За, сайхан зусч байна уу гэсэн чинь өө сайхан зусч байна. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан л байгаа юм байна даа. Газрын гарц сайхан байгаа юм байна шүү дээ гэсэн чинь өөдөөс “Үгүй ээ. Мал таргалахгүй, энэ өвс нэг л биш, энэ бороо нэг л биш” гэдэг юм байна. Тэгээд “Энэ бороо шимгүй болчихсон юмаа. Бороо их ороод, газар ухаад үзэхэд тохой хэртэй чийг унасан байгаа юм. Тэгсэн хэр нь ногоо ургадаггүй” гэснээ жаал бодож сууснаа “Арга ч үгүй юм байх аа даа. Тэнгэрийг буудаад бороо оруулчихсан юм чинь үхсэн бороо орсон байх” гэж билээ. Тэгэхээр хөдөөгийн нүүдэлчид бол зүгээр л амьдарч байгаа юм шүү. Зүгээр л байгальтайгаа нийлээд амьдарч байтал гэнэт нэгдэл байгуулаад хачин болгочихсон.

Зүгээр байсан юмыг оролдоод зүгээргүй болгочихож ээ?

-Тийм. Таван хошуу малтай байлаа. Унах морьтой, ачих тэмээтэй алаад идчих үхэртэй, найз нөхдөө ирвэл хонь гаргаад өгчихөөр ийм айл байж байтал үхэр ч байхгүй, адуу ч байхгүй, хонийг нь тууж аваачаад нэгдлийн малчин болгочихсон. Ингэжзүгээр байж байсан юмыг хүн өөрөө оролдоод этгээд хэцүү болгодог. Түүнээс биш амьдрал бол Күнзийн хэлдэгчлэн жирийн л юм шүү дээ. Хувь хүн, айл зүгээр байж байснаа гэнэт “за, уулын аманд ерөөсөө хаус барина аа” гээд хамаг юмаа зараад хаус барьчихсан чинь өвөл нь хөлд­чих шахахгүй юу. Юунд юм ху­маа зарав гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдээд, хүүхдүүд нь хоорондоо зодолдоод, ингээд зүгээр амьдарч байсан айл баларч байх жишээтэй. Күнзийн энэ сургаал мундаг үнэн байгаа биз. Тэгэхээр хүн амьдралаараа их оролдох хэрэггүй. Манай зүйр үгэнд “Авгайгаараа оролдвол салахын тэмдэг” гэдэг шиг л юм даа. Хүн дандаа нэг юмыг бодож явууштай.Яахав, илүү дутуу машин тэрэг авах, гэр орон сууцнаасаа байшинд орох, нутаг сэлгэх мэтийн ойр зуурын юм байлгүй яахав дээ. Тэгэхдээ хүн болгон амьдралаа яаж хүндрүүлэхгүй байх вэ гэдэг талаас нь бодож явууштай. Бүх зовлонгийн эх хүсэл гэж будда хэлсэн шүү дээ. Хүслийнхээ боол болохгүй байх л хэрэгтэй юм. Хүслийнхээ боол болчихоороо өөрөө өөрийнхөө боол, нэг нэгнийхээ боол болоод, зүв зүгээр байсан амьдралаа бужигнуулаад тараагаад хаячихаж байна.

Та энэ жилийн Болор цомд мялаалгын шүлэг уншина биз дээ?

-Би бол яруу найрагч хүн биш юмаа.

Яагаад?

-Зүгээр л гайгүй сайн шүлэг бичдэг хүн байхгүй юу. Сайн шүлгүүд бол бичсэн. Жинхэнэ төгс гэдэг юм уу мэргэжлийн яруу найрагч гэж нэг хэсэг байна. Авьяасын яруу найрагч гэж байна. Энэ хоёр нийлээд яруу найрагч болно. Тэгэхээр би бол амьдралынхаа тавин жилд шүлэг бичсэн байна. Надад сайн шүлгүүд сайн найраглал нэлээн хэдэн юм бий. Одоо би зохиол бичихгүй. Нэгд, өөрийнхөө өндөрлөгөөс өөрөө ойчмооргүй байна. Нөгөөтэйгүүр, одоо болсон. Надад энэ амьдралыг билгийн нүдээр хараад сэтгэл догдлолоор, сэтгэлгээний их чадвараар сайхан уран бүтээл шүлэг зохиол бичиж чадахгүй. Чадахаа больсон. Үүндээ ерөөсөө гутрахгүй байна. Харин ч муухай ажлаас гарчихсан юм шиг аятайхан байна. Зовлонтой ажлаас гараад яс амар байгаа юм чинь амар байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн гоёлын үс засалтад жараад оны сонгодог хэв маяг зонхилж байна

Манайдаа үсчдийнхээ ур чадвар, үйлчилгээгээрээ тэргүүлдэг томоохон газруудын нэг бол “Matrix” салон. Зайсанд байрлах “Оргил шилтгээн”-ий хоёрдугаар давхарт тус салоны high class зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг салбар нь бий. Өчигдөр тус салоныг зорьж очлоо.

Үүдний хүлээлгийн хэсэгт нь нэг үсчин залуутай уулзлаа. Сурвалжлагаар яваагаа хэлж, өнөө жил хүмүүс шинэ жилийн баяртаа зориулж ямар үс засалт сонгож байгаа, ямар хэв маяг зонхилж буй талаар сонирхож, элдэв зүйлийг асуулаа. Шинэ жилийн үдэшлэг, ёолкондоо үсээ янзалж байгаа нь энэ гээд эмэгтэйчүүд нь үсээ буржийлгаж, сүлжиж саа, лак энэ тэрийг цацдаг. Эрчүүд нь ч үсээ цэнхэр, шар өнгийн сороор гоёдог байлаа, хэдэн жилийн өмнө.

Одоо бол тэр байдал үгүй болсон гэнэ. Аль болох даруу. 1950, 1960-аад оны үс засалт эргэн ирж байгаа юм байна. Сүүлийн гурван жилд өмнөх тэр гял цал байдал бага багаар арилсаар өнөө жил хүмүүс илүү даруухан засалтыг сонгож байгаа гэнэ. Хөвсгөр урт үстэй бүсгүй байлаа гэхэд сайхан индүүдэж шулуун болгоод үзүүр хэсгийг нь үл мэдэг буржийлгах ч юм уу. Хэрэв богино үстэй бол уг хэсгийг нь хөвсийлгөн үзүүрийг нь гадагшаа эргүүлэх. Эрэгтэйчүүд нь үсээ нэг талдаа хагалаад, гоё хэлбэрт оруулах.Иймэрхүү чиг хандлага илүүтэй ажиглагдаж байгаа аж. Хувцасны моод дахин давтагддаг шиг үс засалт ч ингэж эргэн ирдэг юм байна.

“Matrix” high class салон өглөө 10 цагт үүдээ нээгээд үдэш 20 цаг хүртэл ажиллаж байна. Мэдээж үйлчлүүлэгч хүсвэл захиалсан цагт нь үйлчилнэ. Энэ салоныхон зөвхөн үсийг нь сайхан болгоод зогсохгүй нүүр будалт, хумс гээд гоо сайхны ямар л үйлчилгээ байна бүгдийг нь нэг дор цогцоор нь үзүүлж байна.

“Matrix” салон энэ салбараа байгуулаад гурван жил болж байгаа аж. Зөвхөн Зайсанд амьдардаг гэлтгүй хотын хаанаас ч хүмүүс ирж үйлчлүүлнэ. Нийт үйлчлүүлэгчийн 70-80 хувь нь байнгын үйлчлүүлэгч гэхээр эдний үйлчилгээ ямархуу вэ гэдэг нь анзаарагдана. Үүдэнд таарсан өнөө үсчин залуу ийн ярилаа. Түүний нэрийг нь асууж, энд ямар ажил хийдгийг нь асуувал “Намайг Н.Батжаргал гэдэг. Үсчин” гэж танилцууллаа. Н.Батжаргал “Амралтын өдрүүдээр ачаалал нэмэгддэг. Арванхоёрдугаар сарын хорьд гаргаад л бид завгүй болчихдог. Хоол ч идэх завгүй ажиллах нь бий. Бид өдий хүртэл ажиллахдаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бүх зүйлд сэтгэлээсээ хандах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Биднийг зорин ирж байгаа хүнийг сэтгэл ханамжтай гаргах нь хамгийн чухал” гэлээ. Эднийх өөрийн сургалтын төвдөө үсчдээ сургаад дадлага хийлгэж, дагалдангаар ажиллуулсны дараа үсчин хэмээн тооцож ажиллуулдаг юм байна.

Тус салоны үсчин Б.Азжаргалтай танилцлаа. Тэрээр ажил мэргэжлийнхээ талаар ярьж сонирхуулна. “Манай захирал их мундаг мастер үсчин шүү дээ. Өөрөө залуу хүн болохоор залуусаа их дэмждэг. Бидэнд “Ур чадвар чухал. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл байдаг нь аливаад сэтгэлээсээ хандах. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийвэл тэр нь хүнд хүрдэг. Тийм болохоор юм болгонд сэтгэлээсээ хандах ёстой” гэж захидаг юм. Бид ч энэ зарчмаар ажилладаг. Миний хувьд үсчин, гоо сайханч гэдэг мэргэжил хүнийг хөөрхөн болгодог сайхан мэргэжил” гэж ярилаа. Захирал чинь хаана байна вэ гэтэл түрүүний үсчин гэж өөрийгөө танилцуулсан залуу руу заалаа. Н.Батжаргал үйлчлүүлэгчийн суудаг сандал дээр гар утсаа оролдоод суух аж. Оддын үсчин, олны танил эрхмүүдийн тэргүүнд гараа хүргэдэг цор ганц хүн хэмээн цоллуулдаг “Matrix”-ийн Бачкатай ирэнгүүтээ ярилцсанаа сая л мэдлээ. Хүмүүс орж ирээд “Захирлын тайралт хийлгэнэ” гэж хүлээн авагч бүсгүйд хэлнэ. Тэр нь салоны захирал Бачкагаар үсээ тайруулж, янзлуулна гэсэн үг. Үсчид нь 27500 төгрөгөөр үс тайрдаг бол захирал нь 50 мянган төгрөгөөр ийм үйлчилгээ үзүүлнэ. Үйлчлүүлэгчид нь урьдчилаад цаг авчихдаг учир Бачка хүмүүсийг ийн хүлээж суудаг аж. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 5-наас шинэ жилийн үс засалт, нүүр будалт эхэлжээ. Өнөө жил бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгтээ үсээ маш энгийнээр янзлуулж байгаа бөгөөд зөөлөн, даруухан өнгийн будалт хийлгэж байгаа аж.

Шинэ жилийн гоёлын засалт эмэгтэйчүүдийн хувьд 50-65 мянга, эрэгтэйчүүдийнх 15-20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эрчүүд дунджаар сард хоёр удаа үсээ засуулдаг бол эмэгтэйчүүд улиралд нэг удаа орж ирдэг гэнэ. Харин олны танил хүмүүсийн хувьд бол өөр л дөө. Түмний нүдэн дээр ил байдаг болохоор өдөр бүр орж ирдэг эрхмүүд бий.

Эдний байнгын үйлчлүүлэгчид гэвэл “Sweetymotion” хамтлагийнхан юм. Тэд 1998 оноос эхэлж Бачкатай найзалж, олон жилийн турш гоо сайхнаа даатгасаар иржээ. Тус хамтлагийнхан гурвуулаа авахуулсан томоос том жаазтай зургаа салоны хамт олонд дурсгаж, дээр нь сэтгэгдэл, гарын үсгээ зурсан нь хананд өлгөөтэй байна. “Гурван охин” хамтлаг, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, топ модель Э.Одгэрэл, дуучин Э.Оюумаа, “Камертон”, “Люмино” хамтлагийнхан, “Харанга”-ын Лхагваа, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Чоно” хамтлагийн Дэрмээ гээд эдний байнгын үйлчлүүлэгчдийг дурдвал их урт санж. Урлаг, рок попынхноос гадна спортынхон, бөхчүүд, УИХ-ын гишүүд, томоохон компанийн захирлууд “Matrix”-аар байнга үйлчлүүлдэг юм байна. Ийн үйлчлүүлэгчдийнх нь тухай сонирхож байтал гаднаас бөх бололтой, том биетэй залуу орж ирлээ. Харваас бөх шинжтэй, явж байгаа, сууж байгаа нь. Нэг л харсан царай. Тэгтэл дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулахаар орж ирэв.

Шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд оролцох гэж байгаа бүсгүйчүүд эдний салоноор орж ирээд үс гэзгээ гоё болгуулчихаад нүүр будалт хийлгэж, хумсаа ч буудуулаад бүрэн үйлчилгээ авах нь түгээмэл гэнэ. Тус салоны гоо сайханч А.Алтанзул “Шинэ жилийн хумс будалтад зөөлөн, дулаан өнгө аяс зонхилж байна. Хумсны лакны хувьд бүсгүйчүүд ягаан, уусгалттай будалтыг сонгож байна. Хумсны сарыг үлдээсэн будалтыг илүүтэй сонгож байгаа. Хүний хумс сарны хэсгээрээ амьсгалдаг. Сүүлийн үед чанартай, тогтоц сайтай будаг хэрэглэх болсон болохоор эрүүл мэндийн талаасаа ингэж бодолцох болжээ. Нүүр будалтын хувьд ч хөнгөн, энгийн зөөлөн, будалтууд давамгайлж байна. Хөмсөг, уруулаа тод будаж байна” гэлээ. Монгол бүсгүйчүүдийн нүүрний онцлог, нүдний өнгө нь Ази, Европ хэв маягийн аль ч будалтыг шингээж, гаргаж чаддагаар өвөрмөц гэнэ. Гоо сайханч А.Алтанзул энэ мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байгаа аж. Тэрээр “Үсээ гоё засуулаад, нүүрээ сайхан будуулчихаад гараа тоохгүй орхивол зохимжгүй. Хүмүүс уулзахдаа хамгийн түрүүлж гар барин мэндчилдэг. Гар бол тэр хүний талаарх эхний мэдээллийг өгдөг. Тийм болохоор гар, хумсныхаа гоо сайхныг орхигдуулж болохгүй. Лак сонгохдоо америк, япон, солонгосынхыг сонговол зүйтэй шүү” гэж зөвлөлөө. Хумсаа энгийнээр янзлуулъя гэвэл 22 мянга, гоёлын гелен хумстай болъё гэвэл 30800 төгрөгийн үнэтэй юм байна. Хөмсөг янзлахад 5500 төгрөг. Нүүр будалтын хувьд энгийнх бол 38500, гоёлынх нь 44 мянган төгрөг.

Ийн гоо сайханчидтай ярьж суутал өнөө бөх залуу үсээ засуулчихаад гараад явчихаж. Түрүүхэн л үсээ угаалгаад цагаан алчуураар толгойгоо боочихсон сууж байсан юм. Дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулаад дуусч байна. Тэрээр “Би эдний салоноор үйлчлүүлдэг болоод удаагүй. Манай гэр ойрхон байдаг болохоор энэ салоныг сонгосон” гэлээ. Түүнээс “Түрүүний энд сууж байсан бөх хэн юм бэ” гэж асуувал дуучин бүсгүй маань “Улсын харцага А.Бямбажав шүү дээ” гэлээ. Тэгэхээр нь “Би бөхчүүдийг зурагтаар зодог, шуудагтайгаа байхад нь харахаараа сайн таньдаг юм. Зодогны өнгө, цээжний хэлбэрээр нь ялгадаг. Жишээ нь, Б.Гончигдамбын зодог нь ягаавтар” гэвэл “Чи түрүүн Бямбажав харцагыг цамцаа тайлаач. Цээжийг чинь нүцгэнээр нь харъя гэхгүй дээ” гэж хошигнолоо. Тэрүүхэн тэндээ бөөн инээдэм болцгоов.

Эднийхээр гадаад хүмүүс бас үйлчлүүлнэ. Буурал толгойтой, настайвтар европ эр орж ирлээ. Халимгаа багасгах гэж байгаа бололтой үсчиндээ үсээ хэр их тайрахыг хуруугаараа баримжаалан заах аж. Үдээс хойш оройхон тийш ачаалал нэмэгдэнэ. Шинэ жил дөхөхөөр тэр талаар ярилтгүй. Үсээ янзлуулах гэсэн хүмүүс хүлээлгийн хэдэн сандлыг дүүргэнэ. Ийн зав зайгүй ажиллаж үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай гаргаад шинэ он солигдохын өмнө буюу 31-ний 18 цагт сая нэг юм ажлаасаа бууцгаадаг гэнэ, “Matrix” салоныхон.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Мянганы сорилтын сангаас тэрбум орчим доллар орж ирэх бололтой

АНУ-ын Мянганы сорилтын корпораци манай улстай хоёр дахь удаагаа Мянганы сорилтын компакт гэрээ хийхээр сонголоо. Анхны гэрээ нь АНУ-аас зорилтот хөгжлийн туслалцаа үзүүлэхэд 285 сая ам.долларын санхүүжилт хийгдэн таван жилийн хугацаатай үргэлжилсэн юм. Эл гэрээ өнгөрсөн есдүгээр сард дуусгавар болсон билээ.

Өнгөрөгч долоо хоногт Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирал Дана Хайд Монгол Улсын өндөр албан тушаалын хүмүүстэй утсаар холбогдож манай улс дахин сонгогдсоныг мэдэгдлээ. Хоёр дахь гэрээний зорилго болон нөхцөлүүдийг хоёр улсын Засгийн газрууд ойрын хугацаанд хэлэлцэхээр болсон юм байна. АНУ-ын Засгийн газрын хувьд Монгол Улсын эдийн засгийн үргэлжилсэн өсөлтийг нийтийг хамарсан, ядуурлыг бууруулсан хөгжилд хүргэхээр Монголын Засгийн газар Мянганы сорилтын корпорациар дамжуулан хамтран ажиллана гэсэн чиг баримжаатай байгаагаа илэрхийлээд буй.

Мянганы сорилтын сангаас гаргасан дээр дурдсан 285 сая ам.долларыг манайхан хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр, эрүүл мэнд, цэвэр агаар, авто замын гэсэн зургаан төсөлд зарцуулсан. Энэ зарцуулалтыг зарим эдийн засагчид хэтэрхий жижиг түвшнийх гэж үздэг. Ач холбогдлын хувьд явцуу, хөрөнгө мөнгийг зарцуулсан арга зам нь ядмаг гэж шүүмжилдэг. Гэсэн ч эдгээр төслүүд хэрэгжсэн салбар, цэг бүртээ үр өгөөжөө өгсөн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолдог.

Мэргэжил боловсрол, сургалтын төсөлд 50 сая ам.доллар зарцуулсан бөгөөд үр дүнд нь 30 орчим Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, сургууль болон сургалтын орчныг шинэчилж, өрсөлдөөнт тэтгэлэг олгосон нь мэргэжилтэй, чанартай боловсон хүчний томоохон арми гарахад тусалсан гэж тодотгосон байна.

Хот орчмын төсөл хэрэгжсэнээр Монголын мал аж ахуйн салбарт хөгжлийн цоо шинэ хандлага авчирсан гэж дүгнэжээ. Ялангуяа бэлчээр ашиглах, малын үүлдэр угсааг сайжруулан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд хот орчмын бэлчээрийг тухайн орон нутгийн малчдад урт хугацаанд гэрээгээр ашиглуулах замаар бэлчээрийн доройтлыг бууруулсан. Мөн саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн, хотын иргэдийг сүү, цагаан идээгээр хангах гэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж мэдээллээд байгаа.

Авто замын төслийн хүрээнд Чойр-Сайншандын чиглэлд цементэн суурьтай, 176.4 км хатуу хучилттай зам барьсан бол Цэвэр агаар төслийн хүрээнд гэр хорооллыг утаагүй зуухаар хангах ажилд оролцсон, Салхитын салхин цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системтэй холбох ажлыг гүйцэтгэж, Налайх дэд станцыг Диспетчерийн үндэсний төвтэй холбох удирдлагын шилэн кабелийг татсан зэрэг ажлуудыг нь дурдаж байна.

Мянган сорилтын корпораци тухайн улстай дахин гэрээ хийх эсэх талаар авч хэлэлцэхдээ эхний гэрээний амжилт, үр дүн, тодорхой хугацаан дахь ардчилсан тогтолцооны хөгжил, хэрэгжүүлэлт, мөн шаардлагатай байгаа салбарын шинэчлэл нь үндэсний хувьд тэргүүлэх зэргийн ач холбогдолтой эсэх зэрэг олон шалгуурыг харж байж шийдвэр гаргадаг аж. Монгол Улс шалгуур үзүүлэлтүүдийн бодлогын онооны жишгийг хангасан учир ийнхүү дахин хамтарч ажиллан, сангийнхаа тусламжид хамруулахаар болсныг албаны хүмүүс хэлж байна. Ингэхээр дээр дурдсан зургаан төсөл ямар ч байсан санасан хэмжээнд нь хүрсэн болоод л тусламжийн гараа дахин сунгахад хүргэсэн болов уу.

Хоёр дахь удаагийн гэрээний хугацаа, хэрэгжилт, нөхцөл, тусламжийн хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хоёр талаас ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байна. Талууд эхний ээлжинд уулзаж ярилцсаны дараа зарим нэг зүйл тодорно. Шинэ он гарангуут хоёр дахь гэрээний асуудал эрчимжих тов гараад байна. Мянганы сорилтын сангийн тусламжид хамрагдсан орнууд эхний ээлжинд АНУ-тай хамтран хоёр талын эдийн засагч, судлаачдаас бүрдсэн баг байгуулж судалгаа хийгээд дараа нь төсөл хэрэгжүүлэх салбар, чиглэлийг тодорхойлдог. Энэ судалгаа нь хагас жил хүртэл хугацаанд үргэлжлэх нь бий.

Манай хувьд Засгийн газраас хоёр дахь удаагийн гэрээний асуудалд өндөр ач холбогдол өгч, үүнийг хариуцсан Ажлын хэсгийг яаравчлан байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн Мянганы сорилтын санд чухам ямар салбараа санал болгох нь одоогоор тодорхой биш байгаа юм.

Энэ удаагийн тусламжийн мөнгийг дэд бүтцийн салбар болон хотын утааг багасгах мөн хүүхдийн эмнэлэг барих чиглэлд зарцуулна гэсэн таамаг явж байна. Анх байгуулсан гэрээний үр дүн Мянганы сорилтын сангийнхнаас нааштай үнэлгээ авсан ч иргэдийн зүгээс массыг хамарч чадаагүй, хот төлөвлөрсөн газрын иргэдийн ашиг сонирхолд илүүтэй нийцсэн хэмээн шүүмжлээд буй. Харин энэ удаагийн тусламжийн мөнгийг улс, эх орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нийлж байна. “Утааг багасгана гэж зуух, яндан тарааж, гэрийн дулаалга тарааснаас тэр их мөнгөөр үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулсан бол 2015 оны нэгдүгээр сард монголчууд нэгэн шинэ үйлдвэртэй болчих байсан ч юм билүү” гэж ард иргэд саналаа хэлжээ. Мянганы сорилтын сан төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудад дараагийн удаа туслахдаа долларынхаа хэмжээг өсгөдөг. Хэрэв тухайн улсын санал болгож, тусламж авахыг хүсч байгаа салбар нь үнэхээр тусламж авсанаар цэцэглээд босоод ирнэ, ядуурал буурна гэвэл ам.долларыг хоёр тэрбум хүртэл хэмжээгээр ч өгөх боломжтой гэх. Хэрвээ манай Засгийн газар энэ удаад дэд бүтцийн тухайлсан салбараа хөгжүүлнэ, томоохон бүтээн байгуулалт хийнэ, төмөр зам барьж, үйлдвэрүүдтэй болно гэсэн хүсэлтээ, үндэслэлтэй, шинжлэх ухааны гаргалгаатай тавибал Мянганы сорилтын корпораци 600-700 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум ам.долларыг ч өгчихөж мэдэхээр байгаа гэнэ. Ийм магадлалыг эдийн засагчид гаргаад “Мянганы сорилтын корпораци улс орнуудад тусалсан мөнгөн дүнд шинжилгээ хийхэд үйлдвэр, дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрт илүүтэй мөнгө хаясан нь тогтоогдсон” гэжээ. Тэдний үзэж байгаагаар тус корпорацийнхан том төсөлд том, жижиг төсөлд жижиг мөнгө өгдөг гэх. Мянганы сорилтын корпораци дэлхийн ядуурлыг бууруулахад хамаг л зорилгоо чиглүүлдэг. Ядуу буурай, хөгжиж буй оронд ажилгүйдэл их. Нэг үйлдвэртэй болно гэдэг асар олон айл хоолтойгоо залгахын нэр. Тэр үйлдвэрийг барихад зам харилцаа, барилга барина гээд олон залуус ажилтай болох үүд нээгдэнэ. Ийм л учраас тус корпорацийнхан дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт илүү их итгэл тээдэг нь тэр юм.

Хэрэв тийм бол бид энэ удаад тусламжийн гараа сунгаад “Ядуурлаасаа яаж гармаар байна. Дахин тусалъя. Санаагаа хэл” гэж байгаа хүмүүст томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, үйлдвэр байгуулах чиглэлд хөрөнгө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хэрэгтэй юм. Тэгэхгүй дахиад л “Зуух, яндан, эсгий дулаалга тарааж утаанаасаа сална” гэсэн зүйл яривал оновчгүй.

Мянганы сорилтын корпорацийн албан ёсны тайлангаас үзэхэд Танзани, Сенегал, Марокко, Мозамбек, Индонез, Гана зэрэг улсууд тус сангаас дэд бүтцээ сайжруулна, үйлдвэр барина гэсэн төсөл хэрэгжүүлэхийн тулд хэдэн жилийн өмнө 540-698 сая ам.долларын тусламж авсан байх юм. Ингэхээр манай дэд бүтцийн тухайлсан төслүүд үндэслэл сайтай, боловсруулалт өндөр байвал 700 сая хүртэлх ам.долларыг дотооддоо татах боломжтой гэсэн таамаг нэг их хийсвэр зүйл биш гэсэн бодол төрнө.

Эргэн төлөгддөггүй ийм их хэмжээний мөнгө Мянганы сорилтын сангаас Монголд орж ирж байгаа нь эдийн засаг хямарсан энэ үед бидэнд бурхнаас ирж буй хишиг гэхэд нэг их буруудахгүй л байх.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Баастын ЗОЛБАЯР: “Бүтэн” бол бийр бэхтэй холбогдсон миний овог бүтээл юм

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Баастын Золбаяртай ярилцлаа. Бүтээлээрээ “Утгын чимэг-2014” наадамд тэргүүн байрт шалгарсан энэ эрхэм Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” санд зөвлөхөөр ажилладаг.

-Сэнгийн Эрдэнийн нэрэмжит “Утгын чимэг” наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн айрагдаж байгаад өнөө жил түрүүллээ. “Цоожны нэг шүдлэн” монгол ахуй ханхалсан сайхан бүтээл байна лээ?

-Баярлалаа. Би энэ наадамд хоёр дахиа оролцлоо. Өгүүллэгийн тухайд, онцгой гайхалтай зүйл хийсэн гэж нэмэр хачир бодох зүйл алга аа. Ер нь монголоороо, яруу сайхан бичихийг, уламжлалт өгүүллэгийн хэв шинжийг хадгалахыг эрмэлзсэн. Ур чадвар, зохиомж, хэлсэн санаа, хандлага нь муугүй байлаа гэж дүгнээд шалгаруулсан болов уу гэж бодож байна. Жинхэнэ монголоороо зүйл их ховордож байна. Нийгэм их цэвдэгшиж байна. Бас хүний тулх, чанар, амьдрах шалгарал үлэмжхэн доройтож байна. Ийм зүйлсийг хөндөхийг хичээсэн. Хамгийн гол нь монголоороо байх үндэстний хэв соёл алдагдаж байгаа нь уран бүтээлчдийн нийтлэг эмзэглэл байгаа болов уу гэж хэлэхийг хүсч байна. Машины цонхоор морь хөтөлсөн, хоёр дугуйтай мотортоор хонь хариулж яваа дүр зураг нийтлэг боллоо. Энэ бол яавч монголлог явдал биш байх аа.

-Үнэхээр тийм шүү. Нээрээ, машин дотроос морь хөтөлсөн зураг цахимаас нэг бус харсан шүү…

-Алив улс үндэстний оршихуйн дархлаа нь хэл, соёл гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл үүнийхээ эсрэг үйлдэл хөдөлгөөн, тэрслэл өдөр бүр тохиолдохыг гаслан харж байна. Үүнийг анагаахын тулд л, алив үндэстэн шалгарч үлдэхийн тулд л өөрийн гэсэн хэл, соёлоо манах, түүнд нь зохиолч нар үргэлж үүргээ гүйцэтгэж ирсэн гэж ойлгодог. Тиймээс энэ хандлага, үүргийн үүднээс Монголоо гэсэн алив соён гэгээрүүлэгч бүхэн тэмцэх ёстой байх. Энэ нь надад хамаарч байгаа гэж боддог.

-“Буянт голын хөвөө, баруун Алтайн уулсаас ийм нэг монгол зохиолч тодрох учиртай байж” гэж Д.Урианхай зохиолч нэгэнтээ дуу алдсан нь бий дээ?

-Хэнд ч сайхан үг сонсох таатай л байдаг. Утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн надад хүнддэхээр сайхан тодотгол, сайшаалыг харамгүй хүртээсэн. Тэдний нэг Д.Урианхай ах. Итгэл хүндлэлийг нь даах гэж лут ачаа бий. Энэ ачаандаа тэнцэхийг л хичээх хэрэгтэй. Ачааг нь даалгахын тулд алгадах ч бас хэрэгтэй байх. Түүнийг нь бас хүртэх тэнхээтэй байж зохиолч гэдэг алдрыг үүрнэ байх аа.

-Таны анхны ном “Бүтэн” нэртэй хэвлэгдсэн. Чойжилжавын Билигсайхан багш тань өмнөтгөл бичсэн санагдана. “Энэхүү бүтээл нь үргэлжилсэн үгийн төрөлд нэгэн шинэчлэл авчирлаа” гээд л…

-Миний гурав дөрөвхөн жаахан ном бий. Эхнийх нь “Бүтэн” л дээ. Билэгээ багшаас үлдээсэн үг сануулга, урам ташуур үргэлж бодогддог. Уран зохиолд их үнэн, туйлбартай ханддаг хүн байсан. Дурсах бүрт “Ухаарахуй” номыг нь авч хардаг. Их ухаантай хүн байсан даа, хөөрхий. Надад зориулсан сайн сайхан үг баримтат эсээ, мөнөөх монголоороо байхад эвтэй юм гэдэг агуулгаар байсан. Миний шинэчлэл хийгээд гавих юу байхав, өөдрөг мөрөөдөл, өөрт нь байгаа боломжийг нь илүү асааж өгье гэдэг алсын ухаантай хүний гэгээн сэтгэл байсан нь тэр ээ.

-“Бүтэн” өгүүллэг тань “Монголын сонгомол өгүүллэг” номонд багтсан. Г.Аюурзана Монголын сонгомол бүтээлүүдийн нэг гэж орчин үеийн зохиолчдын бүтээлээс “Бүтэн”-ийг онцолсон байдаг?

-Энэ антологиуд, ер эдгээр үндэстний уран зохиолын бүтээлийг шигшиж байр багцааг нь гаргасан Г.Аюурзана ах болоод яруу найрагч Л.Өлзийтөгс нарт талархах учиртай. Сонгомол бүтээлийг ялгаж, салгаж уншигчдын ойлголтыг цэгцэлж өгнө гэдэг бол маш чухал ажил, эр зориг. Арван хоёр жилийн өмнө бичсэн миний анхны номд багтсан “Бүтэн” өгүүллэгээр тэр антологид багтаасан бүтээлүүдээ отголсон байдаг. Антологийн эхний өгүүллэг их Д.Нацагдоржийн “Харанхуй хад”. Энэ нь сайхан санагддаг. Энэ түвшинд сонгогдож итгэл үнэмшлийг нь олгосон тэдний сонголтыг үргэлж хүндэтгэнэ. “Бүтэн” бол бийр бэхтэй холбогдсон миний овог бүтээл юм даа.

-Та бол “Өдрийн сонин”-ы бүтээгдэхүүн. Энэ гал тогоонд орсон үеэ дурсахгүй юу?

-Ажил амьдралаа эндээс эхэлсэн, олсон. 2000 онд МУИС-ийн сэтгүүл зүйн анги төгсөөд, хавар нь энэ сонинд дадлага хийх үед өөриймссөн хүмүүс дээрээ шууд л яваад очсон нь тэр. Зунжин, намаржин бичсэн жаахан мэдээ энэ тэрхнийхээ шагналд урамшаад таваргасан. Тэр зун би овоо гүйсэн шиг байгаа юм. Зургадугаар сарын хорьдоор өмссөн, авга ахын хонхны баярын бэлэг болгож өгсөн жигтэйхэн гоё, бас ч итали шаахай намар аравдугаар сарын эхээр улнаасаа цоорсон. Дотроосоо хөлийн илч, гаднаасаа Улаанбаатарын цардмал замд илүүлсээр тэр сайхан гутал ердөө гуравхан сар миний эдэлгээнд байсныг бодохоор тэр зун миний гүйсэн харайсны багцаа тодорч байгаа юм. Мэдээ олж, бусдаас өрсөх шалгаралд явсан нь тэр. Сэтгүүл зүйд хөлөөр явж хоолоо олж идэх, өрсөх гэдэг зарчим угаас эхний баримтлал шүү дээ. Ингээд оны адгаар цалинтай болж, энэ сонины эгнээнд орсон юм. Жилийн дараа Мягаа эрхлэгч надад итгэл хүлээлгэж хэлтсийн дарга болгосон. Ингээд түүнээс хойш бараг бүх хэлтсийнхээ даргыг тойрч хийгээд 2009 онд өөр ажилд шилжтэлээ есөн жил ажилласан. Амжилт ч гаргасан гэж боддог. Энэ цаг хугацаанд тулж түшсэн энэ хамт олонд баярлаж явдаг аа. Уран бүтээлийн, эрх чөлөөлөг, хийсэн ажлын нь үр дүн маргааш өглөө нийгэмд толилогдож байдаг сайхан мэргэжил дээ, сэтгүүлч гэдэг.

-Эрээнцав орж Данзангийн Нямсүрэн агсны тухай бичсэн “Бүлээн” эсээ нийтлэл тань Монголын сэтгүүл зүйд шуугиан тарьж байсан даа. Дараа нь уг бүтээлээрээ нэрлэсэн ном ч гарч байлаа?

-Миний сайхан дурсамжийн нэг. 2004 оны өвөл. Он дуусах дөхөж байсан цаг. Нэг л сайхан юм бичмээр санагдаад байдаг. Тэр үед л үл мэдэгдэх нэгэн хүч онгод “Эрээнцав яв” гэж надад шивнэсэн болов уу гэж боддог. Дорнодоор дүүрэн цастай, ерөөс тэр их тал тэр чигээр цасан давалгаанд оршиж байхад буугаад, П.Хашчулуун маань тосоод, тэгээд л яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн ахуй байгалийн өв дээр очсоноо бичсэн нь тэр өвлийн гэгээн дулаан, амжилт итгэлийн, хайр талархлын шагналыг надад авчирсан юм аа. Ер бусын яруу гоо сайхан цаг арван жилийн өмнө нэгэнтээ тийнхүү намайг олж, би мөнхүү цагийн эрхшээлд “Бүлээн”-ийг бичжээ. Миний бичсэнүүдээс хамгийн их уншигдаж, намайг мэдүүлсэн нь энэ бүтээл. “Бүлээн”-ээрээ хоёр дахь бяцхан номоо нэрлэсээн. Заяалт нэр нь л дээ.

-Та “Бүтэн”, “Бүлээн”, “Бүгээн”, “Хүмүүн” гэх ганц ганц үгээр номоо нэрлэсэн нь их содон, цаанаа утга агуулгатай санагддаг. Таны бүтээлүүдээс монгол хэлний яруу сайхан айзам, хүн байгалийн зохилдлогоо, энгийн сайхан монгол ахуй бүгд найрсан нийлсэн нь мэдрэгддэг?

-Номын нэр гэдэг уран бүтээлчийн нэр, итгэл үнэмшил, агуулга илэрхийлэл. Товч тодорхой байна гэдэг л чухал гэдэг дээ. Бас энгийн, тэгээд цул. Миний номууд бол утга зохиол, сэтгүүл зүйд арван жил мэтгэсэн Золбаярын илэрхийлэл. Цаашдын өсөлт, лавшралын илрэл гэж ойлговол буруугүй. Би өмнөхөн хэлсэн, надад сайхан үг хэлсэн хүмүүс эдгээр үгсийг хамааруулдаг гэж. Үг бол хамгийн дээд хүч. Ертөнцийн эхэнд чухамдаа үг л байсан гэж батлагсад бий. Би мөн чигээр ойлгодог. Энэ дэлхийн хамгийн сайхан, ид шидэт, утга уянгат, илэрхийлэл төгс хэл бол монгол хэл. Тиймээс үүнийхээ чадамж, бололцоог дайчилж бичихийг эрмэлзэх нь өөрийгөө хүндэтгэхийг хүсдэг ямар ч уран бүтээлчийн зорилт болов уу. Агуулгын, зохиомжийн төгөлдөр найралт, цаг хугацаа туулах бүтээл туурвия гэвэл эхлээд хэлээ, баримлаа жинхэнэ утгаар эзэмшиж, эвийг нь олсон байх учиртай. Ингэж ширхэглэж байж л бүтээлийн тухай жинхэнэ утгаараа ажиллах шаардлагатай гэж ойлгодог.

-Ингэхэд таны шимтэн уншиж, хайрлан хүндэтгэдэг зохиолчид хэн бол оо?

-Унших бол уран бүтээлчийн, ер нь ухаант хүний үргэлжийн ажил байх учиртай. Гэхдээ сонгох гэж чухал ойлголт байна. Энэ талаар надад зөвлөдөг олон буянтан бий. Урианхай ах, Батбаяр ах, Галаа багш гээд сэтгэл дэвсэх хүн цөөнгүй. Миний “Бүлээн”-д гардаг даа, Нямсүрэнгийн уншдаг номууд гээд. Хэдхээн ном байдаг. Миний хувьд бол яахав дээ, үндэстнийхээ сонгомол өвүүдийг уншина, за тэгээд Чехов, Толстой, Набаков, Шолохов гээд нэлээд хэдэн нэр дурдах болох байх. Гэхдээ жинхэнэ утгаар уншиж доторлохын тулд бас ч цаг хугацаа, сэрэл мэдрэмж хэрэгтэй юм шиг билээ дээ.

-Таныг утга зохиол, сэтгүүл зүйд хөл тавьж байсан эхэн үед зохиолч Бөхийн Бааст гуайн хүү гэж андуурах тохиолдол байдаг байсан. Ижий аав болоод ус нутгийнхаа тухай ярихгүй юу?

-Ийм тохиолдлууд гарна аа. Хэрэв би түүний хүү байсан бол ардын уран зохиолч эрхмийн 60 гаруй насан дээр мэндэлсэн байх шаардлагатай болдог. Миний аав Ховд аймгийн Чандмань сумын сургууль, Ховдын багшийн дээд сургуульд багшилж байгаад бурхан болсон, эгэл жирийн сэхээтэн, эрдэм ном шүтсэн нэгэн байсан. Уран зохиолд хайртай, хайртайн хэрээр мэдрэмжтэй хүн байлаа. Намайг гуравдугаар ангид байхад сумын сургуулийн хүүхдүүдийн дунд шүлгийн тэмцээн болоход миний бичсэн шүлэг нэртэд хоёр мөр нэмж бичиж өгсөн нь эдүгээ сонгодог мөрүүд санагддаг.

Алиман сарны гэрэлд алтаар урсана, энэ гол

Мөнгөн сарны гэрэлд мөнгөөр урсана, энэ гол гэсэн хоёр мөр. Энэ мөрүүд надад яруу сайхны сүншиг болж оршсон гэж боддог. Инээдтэй нь, миний бичсэн шүлгээс мөр битгий хэл, нэг үг сэтгэлд үлдээгүй нь ямархан юм бичиж явсныг хэлээд өгдөг.

-Хүмүүсийн тухай бичсэн хөрөг, аян замын туурвилууд, эссэ нийтлэлээр та алдартай. Харин сүүлийн үед ихэвчлэн өгүүллэг бичиж байна уу?

-Энэ чиглэлдээ хүмүүсийн тогтоосон жишиг түвшингээс илүү үл гарна гэхэд, дутуудах зүйл үл хий гэсэн шаардлага өөртөө тавиад жаал жуул юм оролдож л байна.

-Үргэлжилсэн үгийн томоохон хэмжээний бүтээл тухайлбал, тууж, роман туурвих тал дээр ямар бодолтой байна. Жүжиг, киноны зохиолд өөрийгөө сорих уу?

-Бодоод л байна. Бичих, хүчийг сорих ёстойгоо бас мэдээд л байна. Гэхдээ “жаахан өөр” л юм хийхгүй бол болохгүй гээд бэргэх нь их байна. Уншиж судлах, барил багцаа авах ч зүйл их байна. Манай нийгмийн оюун санаа, сэтгэлгээний ядуурал үнэхээр гаарсан. Доромжлох дон, явцууран хийрхэх нь гамшиг болоод, үндэстний гэгээн сайхан бодит чанар, итгэл сэтгэл алдарсан байна. Хуурмаглал, урвалт, үнэгүйдэл нийгмийн хэв шинж боллоо. Үүний эсрэг бүгдээр тэмцэх, дуугарах, өөрөөрөө үлгэрлэх цаг нэгэнт болжээ. Энэ нь иргэн бүрийн үндэстнийхээ сайн, сайхны өмнөөс өөртөө байгаа алив гэрэл гэгээгээ илүү өрдөх шаардлагатайг тулгаж байна. Монголд эдүгээ оюун санаа, сэтгэл, тархийг үнэлж хүндэтгэх орон зай огт үгүй болсныг нь л нийгэмд таниулах бас мөнхийн бүтээл хийхийг өөртөө болоод үзэг нэгт нөхдөдөө уриалахыг л чинхүү хүсч байна даа. Монголд хамгийн үнэ цэнэгүй зүйл бол оюун санааны бүтээлүүд болсон гэвэл хилс болохгүй. Өнөөдөр Парист Занабазарын бүтээл долоо, найман тэрбум төгрөгөөр үнэлэгдлээ. Эрхэм нөхөр, жүжигчин Б.Амарсайхан дэлхийн киноны хэмжүүрт хүрч тоглож байна. Энэ бол оюун санааны илрэл, үнэлэгдэхүүн. Үүнийг манай нийгэм хэрхэн хүлээж авч, хэрхэн хандаж байгааг юмны учир мэдэх хүмүүс ойлгож байгаа байх аа. Эхлээд тархи, оюун санаагаа үнэлж хүндэтгэж гэмээнэ улс нийгэм хөгждөгийг л нийтээр ойлгож, сэрмээр, сэхээрмээр байна даа.

-Хэл шинжлэлийн эрдэмтэн Я.Ганбаатар таны “Хавар ай”, “Намар ай” зэрэг туурвилуудыг Д.Нацагдоржийн уянгын өгүүллэгүүдтэй харьцуулж, үргэлжилсэн үг боловч хайрцаглахад яруу найраг шиг болдгоороо адилхан гэж тун сонин гаргалгаа гаргасан нь бий. Мөн Данзангийн Нямаа зохиолч ч “Золбаяр ай” гэж бичсэн дээ?

-Би дөрвөн ай бичье гэж бодсон юм. Манай уран зохиолчдын хамгийн их бичсэн сэдэв л дээ, улирал бол. Гэхдээ өөр, өөрийн хавар, намар, өвөл, зунтай хорвоо шүү дээ. Одоо “Зун ай”-гаа биччихвэл дөрвөн ай бүрдэх гээд л байна. Ганбаатар гуайн тэр өгүүллийг уншсаан, надад урам, бас үүрэг өгч байгаа явдал гэж хүлээж авсан. Нямаа ах романтик гэгээн зүйл бас бичиж үнссэн. Сайхан л санагддаг.

-Сонинд ажиллаж байх үеийн дурсамж, дурдатгал инээд наргиантай зүйл, мөн бичихэд адармаатай хүмүүс, хэцүүхэн бүтсэн зохиол, нийтлэлүүдээсээ ярихгүй юу?

-Зөндөө дөө. Манай ах нар, талийгч Ш.Батмөнх, Ш.Цэрэнпил ах нар маань хааяа ганц нэг шил юм ууна. Би ч бас тэр идээнд нь дайчлагдана. Дэлгүүр гүйнэ. Нэг удаа нөгөө зүйлд явж байтал, араас утасдаж яаралтай сурвалжлагад явуултал, би нөгөө зүйлийг нь мартаж оджээ. Үндсэн ажлаа хийлгүй болохгүй биз дээ. Тэгээд нэг удаа уух сархдыг нь дөрвөн цагаар хождуулсан тул,

Архинд явсан Золоо минь

Арай дэндүү удлаа даа гэж дуулагдах байдалд хүргэж байлаа. Би өмнө хэлсэн, сонины орон зай гайхалтай, хичнээн оройтсон, алжааж ядарсан ч, шинэ хэвлэгдсэн сонинг барихаар ер бусын гайхалтай мэдрэмж төрдөг. Аргагүй юм даа, тэр чигээр шив шинэ, хав халуун бүтээлүүд юм чинь, сайхан сонин удирдаад, эсвэл сэтгэлд хүрсэн зүйл биччихээд гэрээдээ зүглэж байх шиг жаргал ховор оо. Үүнийг сонинд, халуун уран бүтээлч хамт олон дунд ажилласан хүн л мэднэ. “Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт гэдэг бол сонгодог уриа. Энэ сонин үүнийхээ төлөө уураг тархиа үргэлж дайчлан ажилладгийг би мэднэ ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн том алхмаасаа ухарчих вий

-ШҮҮГЧИЙН ЦАЛИНТАЙ БАРЬЦАЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН СОЁЛЫН Л АСУУДАЛ ЮМ-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргалаа. Тэгэхээр тойргийн шүүх байгуулснаа буцаана гэсэн үг үү?

-Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийг нутаг дэвсгэрээр бүсчилж эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулна гэж заасан. Дагнасан шүүхийн ач холбогдол хэлж баршгүй. Өглөө загасчин, орой тариачин гэдэг шиг шүүгч нэг иргэний хэрэг, нөгөө талд очиж эрүүгийн хэрэг шийддэг байсныг өөрчилсөн нь шүүгчийг мэргэшүүлдэг. Мэргэшсэн шүүгчид мэргэшсэн шийдвэр л гаргана. Үүний үр ашгийг нь хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс хүртэнэ шүү дээ. Шүүхийн шинэчлэлийн асар том алхмаасаа ухарчих вий гэж болгоомжилж байна. Хууль гарсны дараа шүүгчид очсон газартаа байр авчихсан. Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байсан шүүгчид Дорнод руу томилогдохдоо байраа зараад очсон газраа орон гэртэй болчихсон. “Хууль өөрчлөгдлөө. Эргээд нүү” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Буцааж нүүлгэх бол улс хариуцах байх. Үүн дээр санхүүгийн том хүндрэл гарна. Шүүхийн 2015 оны төсөв дээр энэ тал дээр нэг ч төгрөг ороогүй. УИХ үндэслэлтэй тайлбар гаргана гэж итгэж байна. Үүнийг нь Үндсэн хуулийн цэцийн хуульчид эргээд харах бололцоо байгаа шүү дээ. Үндсэн хуулийг хөгжлөөс ухрааж тайлбарладаггүй. Тиймээс дунд суудлын хуралдааны шийдвэрээр тогоо хөмөрчихлөө гэж харахгүй байгаа. Цэцийн гишүүдийн мэргэн ухаанд найдах ёстой.

-Хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх гэж аймаг дамжиж явах нь иргэдэд хүндрэлтэй гэх юм билээ.

-Иргэдээс ийм гомдол нэг ч ирээгүй. Тиймээс хүндрэлтэй, чирэгдэлтэй байна гэх яриа хийсвэр яриа. Жишээлбэл, давж заалдах шүүх рүү иргэн өөрөө гомдлоо бариад явдаггүй. Гомдлоо орон нутгийнхаа анхан шатны шүүхэд л өгчихдөг. Анхан шатны шүүх гомдлыг хавтаст хэрэгтэй нь хамт дараагийн шатны шүүхэд хүргүүлчихдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцох шаардлага байдаггүй. Улаанбаатар хотод гэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд арван хүний хоёр нь л оролцдог. Хөдөө ч ийм л байдалтай. Хэрвээ тухайн иргэн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа бол амьдарч байгаа газраасаа онлайнаар шүүх хуралдаанд оролцох техникийн бололцоо бүрдчихсэн. Хэдүүлээ цахим эринг ашиглая л даа.

-Анхан шатны шүүхээр шийдсэн хэргийн хэдэн хувь нь дараагийн шатны шүүхэд ханддаг бол?

-Иргэний хэргийн 6-7, эрүүгийн хэргийн 30, захиргааны хэргийн 50 орчим хувь нь давж заалддаг. Дундаж дүнгээрээ улсын хэмжээнд 11 орчим хувь нь давж заалдсан дүн гарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 89 хувь хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэстэй.

-Хууль зүйн сайд өмнө нь Тойргийн шүүх байгуулагдсанаар давж заалдах шатны шүүхэд хандсан иргэд хохирч байна гэж мэдээлж байсан. Ажлаа авсныхаа дараа эрх зүйн шинэчлэлийн хуулийн алдааг засахаа мэдэгдсэн. Тэгэхээр шинэчлэлийн багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж магадгүй.

-Дагнасан шүүхээс ухаръя гэж яриагүй байх аа. Шүүхийн эрх зүйгээ хөгжүүлэх, боловсронгуй болгоход би хамтарч ажиллахад бэлэн байна.

-Шүүхийн шинэтгэлийг иргэдээс илүү хуульчид шүүмжлээд байх юм. Хуульчдад таалагдахгүй байгаа юм болов уу?

-Шинэтгэл хэр зэрэг хэрэгжиж байгааг эсэргүүцлээр хэмждэг юм шүү дээ. Ямар ч шүүмжлэл байхгүй бол эрх баригчидтай эв түнжингээ олоод хонины найр болж байна л гэж ойлгогдоно. Олон хүн шүүмжлээд, зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд уур уцаар болоод байгааг шүүхийн шинэчлэл явж байна гэж хардаг. Шүүгчийнхээ өрөөнд ороод сууж байдаг өмгөөлөгч орж чадахаа больчихоор уурлаад байгаа юм. Шүүгчдийг шүүх хуралдааны танхимд л хэргийн оролцогчтой уулзуулдаг болсон. Энэ мэт олон өөрчлөлт олон түмний эрх ашгийг хангаж байгаа нь үнэн.

-Шүүгч өндөр цалинтай байхад прокурор, мөрдөн байцаагч бага цалинтай байна гэж шүүмжлэх юм. Шүүгч эдийн засгийн хувьд хараат бус байж хараат бусаар шийдвэр гаргана биз дээ?

-Өмнө нь улсын төсвийн 0.3 хувьд хүрэхгүй бага мөнгөөр шүүх амиа зогоож байлаа. Хэдэн тэрбум төгрөгийн хэргийг нэг сая хүрэхгүй цалинтай шүүгч шийдвэрлэж байсан. Шүүх, шүүгчид ийм л хүнд хэцүү амьдралтай байсан. Одоо төрийн албан хаагчдаасаа хамгийн өндөр цалинтай боллоо. Энэ хэрээр хариуцлага, эрмэлзлэл нь өндөр болсон. Шүүгчийн цалинг төд гэж зарлах нь хараат бус байдалд халдсан, нөлөөлж болзошгүй асуудал. Гэхдээ бусад улсын шүүгчтэй харьцуулахад хамаагүй бага. Бусад хуульчид барьцаж байгаа бол соёлын л асуудал даа. Хүний амь нас, эд хөрөнгө, эрх чөлөөтэй холбоотой олон чухал шийдвэр гаргаж байгаа хүнийг багш, эмч, хууль сахиулагчтай харьцуулах нь Монголын л асуудал юм даа. Дэлхий ийм юм ярихаа больчихсон шүү дээ. Шүүгч тасархай өндөр цалинтай, тэр хэрээрээ хариуцлагатай байх ёстой. Шүүгч хараат бус байвал миний өнөөдрийн бүү хэл, ирээдүй үр хүүхдийн минь амьдрал гэгээтэй байх учраас шүүгчээс битгий харамлаарай гэсэн соёлоор дэлхий явж байна. Манайхан энэ соёлд дасаагүй учраас шүүмжлэл гаргаад байх шиг. Монгол 500-хан шүүгчтэй. Тэдэнд хангалттай цалин өгөхөд Монгол л хожно шүү дээ.

-Шүүхийн тухай багц хууль батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаар багагүй хугацаа өнгөрлөө. Шүүх нээлттэй болсон, цахим сангаас шүүхийн шийдвэр авчихдаг болсон гээд давуу тал их гарсан. Иргэд шүүхийн шинэчлэлийн үр дүнг хүртэж байна уу?

-Энэ онд Монголын шүүх бүрэн утгаараа нээлттэй болсон. Германд ажиллаад ирэхдээ шүүхийн нээлттэй байдлаар бид тэр улсаас хол түрүүлснийг анзаарлаа. Шүүх хуралдаанд орж чадахгүй байна, ажиглаж болохгүй байна гэдэг яриа түүх болж үлдсэн. Хот, хөдөөгийн аль ч шүүхийн үүдэнд очиход шүүх хуралдааныг танхимын гаднаас шууд үзэх боломж бүрдсэн. Мөн шүүхийн шийдвэр нээлттэй болсон.www.shuukh.mn сайтад шүүхийн бүх шийдвэр бий. Энэ бол иргэд шүүхэд хяналт тавих, үнэлэлт өгөх том боломж. Шүүхийн шийдвэрийг суурин интернэтээр л үздэг байсан бол одоо гар утсаараа харах боломжтой болсон. Цахим сангийн ухаалаг утасны апликейшнийг авсанаар малын бэлчээр дээрээс шүүхийн шийдвэртэй танилцаж болно. Ингэж цахим шүүх болох үндэс суурийг тавьж чадлаа. Цахим шүүхтэй болсноор хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах боломж бүрдсэн. Саяхан Ховд аймагт хоригдож байгаа хүний хэргийг Улаанбаатарт шийдэхдээ хуралдаанд онлайнаар оролцуулсан. Цаашид 461 дүгээр хорих ангиас шүүгдэгчдийг зөөж авчрахгүй. Тэндээс нь хуралдаанд оролцуулдаг болно. Шүүгчдийн сургалтыг ч онлайнаар явуулах боломж бүрдсэн.

-Энэ онд цөөнгүй шүүгч томилогдсон. Шинээр томилогдсон шүүгчдийн боловсрол, ажлын дадлага туршлага хэр байгаа бол?

-Шүүхийн хүний нөөцийг 63 шинэ шүүгчээр сэлбэсэн нь шинэ үеийн шүүхийн түүхэнд байгаагүй үзэгдэл. Нийт шүүгчдийнхээ 13 хувийг шинэчлэлээ гэж үзэж байгаа. Өмнө нь шүүх цус ойртсон, шүүгчийн туслах л шүүгч болдог гэх шүүмжлэл байлаа. Тэгвэл шинээр томилогдсон 63 шүүгчийн 52 хувь нь гаднаас орж ирсэн. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан, компаниудын хуулийн зөвлөх хийж байсан туршлагатай хүмүүс шүүхэд ирлээ. Боловсролын түвшинг нь харахад 40 хувь нь магистр, 11.1 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын зэрэг хамгаалсан байна.

-Бусад улсад шүүгчийн гаргасан шийдвэр нь сургалтын хувьд ч, хуульчдын хувьд ч том судлагдахуун болдог. Манайд шүүгчийн гаргасан шийдвэрийг судалдаг уу?

– Одоо эхлэх гэж байна. Шүүгчийн шийдвэрийг эрдэмтэд мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж эхэллээ. МУИС-ийн гурван эрдэмтэн шинжилгээ бичиж хэвлүүлсэн нь Монголын шүүхийн түүхэнд бараг анхных биз ээ. Шүүгчийн шийдвэрт дүн шинжилгээ хийгээд эхлэхээр шүүгчид шийдвэрээ гаргахдаа маш хариуцлагатай хандахаас өөр аргагүй болно. Энэ бол мэргэжилтний бултаж, үгүйсгэж үл болох хяналт.Хяналтаас хариуцлага эхэлнэ. Энэ утгаараа шүүгчийг хариуцлагатай болгох чухал механизм ажиллаж эхэллээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

П.АНУЖИН: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуу­лиан шуугиан дагуу­лан явж эхэлсээр бас хэ­дэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үр­гэлж­лэх төлөвтэй байна вэ?

-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улир­лын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.

-Нэвтрүүлгийн хувьд ийм байж, харин таны хувьд хэр их өөрчлөлтийг энэ нэвт­рүүлэг танд авчирсан бэ?

-Уран бүтээл маань на­дад зовлон жаргалыг тэн­цүү авчирсаан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой байх аа.

Манай сэтгүүлч Э.Энэ­рэлийн П.Анужинтай хий­сэн ярилцлагын дэлгэ­рэн­гүйг ирэх даваа гаригийн дугаараас уншаарай.

Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?

-Би арван жил төгстлөө сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэгээд өөр мэргэжил сонгосон ч хувь тавилан намайг хийх ёстой бас хүсч байсан ажилд минь хүргээд өгсөн. Арван жилд байхдаа монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, шүлэг бичдэг байв. Болгар улсад болсон Олон улсын хүүхдийн шүлгийн IV ассамблейд таван шүлгээрээ оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.

Арван жилд байхдаа л бүжиглэдэг, “Манлай охин” тэмцээнд түрүүлж явсан гэж дуулж байлаа. Бас шүлэг бичиж, уралдаанд орж байжээ…

-Хүүхэд бүр л шүлэг бичих гэж үздэг шүү дээ. Тэгээд монгол хэлэндээ сайн, шүлэг энэ тэр бичдэг хүүхэд бүр л тэр үед монгол хэлний анги, сэтгүүлчийн ангид орно гэж боддог байсан байх. Намайг хүүхэд байхад манайхан нагац ахынхтай хамт амьдардаг байлаа. Нагац анх маань Монгол Улсын шинэ төрийн сүлд, тамгыг бүтээсэн Ц.Ойдов юм шүү дээ. Ахынхаар тэр үеийн урлаг соёлынхон, яруу найрагчид, тэрслүү үзэлтнүүд гэгдэж байсан зохиолчид их цуглардаг байсан. Яруу найраг, ном зохиол, уран зураг, соён гэгээрүүлсэн их яриан дунд л миний хүүхэд нас өнгөрсөн санагддаг. Сургуулиа онц төгсч, их сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авчихаад хөөр болж зогсохдоо гэнэт л өөр шийдвэр гаргачихсан. Тэр үед хүүхэд бүр л МУИС-ийн харилцааны ангид орно гэдэг байлаа шүү дээ. Бусдыгаа дагаж шуураад л, өндөр оноо авсан хүн гээд л харилцааны ангид орчихож билээ.

Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэр хүмүүсийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг чинь нээхийг хүсч байна. Ер нь хүүхэд үеэс чинь ярилцлагаа эхэлмээр байна. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээж аавынхаа талаар ярина уу?

-Эцэг эхээс хоёулаа. Аав, ээж маань хуучны хэллэгээр сэхээтэн, баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ бүтэн илэрхийлэх сайхан үг надад дутах вий гэж айж байна. Ямартай ч би сайн аав, ээжийн охин гэдгээ л хэлмээр байна. Аав маань намайг нэгдүгээр ангид ортол газар буулгахгүй үүрч, эрхлүүлж өсгөсөн. Дүү бид хоёрыг ер бусын тайван орчинд, амар амгалан өсгөснийг би сүүлд хүний гэргий болсон хойноо ойлгосон. Намайг багад нэрээр минь дуудаж сэрээлгүй, үнсч сэрээдэг байж билээ. Миний ээж бол хэзээ ч нугарч хугарахгүй, тун зарчимч гайхалтай эмэгтэй. Ээж минь биш байсан ч дагаж биширмээр хүн.

Телевизийн энэ том төсөлд орохоос өмнө зөв хооллолтын талаар хүмүүст зааж сургадаг багш байсныг тань мэднэ. Тэр замналд орсон чинь ч өөрийн учир шалтгаантай байсан гэдэг?

-Тийм ээ. Бүхий л зүйл учир шалтгаантай. Хүнд өвдөж, амьдралд тэсч үлдэх аргаа эрж хайж явахдаа хоол хүнсээр дамжуулан эрүүл болох ухааныг олсон юм. Хоол хүнс гэж ярих ч үүний цаана хүн болж, бие, хэл, сэтгэл гэгээрэхийн маш том ухаан байдаг. Бидний өглөө, өдөр, оройгүй ам руугаа халбагадаж байгаа хоол хүнс нь өөрийн биед ямар нөлөө үзүүлж байдгийг ухаж ойлгодоггүй. Хоол хүнсийг ходоодоо дүүргэх төдийд л боддог. Гэтэл хоол хүнс хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Өнөө цагт хэлбэрт ач холбогдол өгөхөө больж байна шүү дээ, хэлбэрээ анхаараад гаднаас нь угааж цэвэрлээд байхаас хүн болсоор бие махбодь, оюун санааны их цэвэрлэгээг дотроос нь хийх тухай огт мэдэлгүй, ач холбогдол өгөлгүй энэ насыг бардаг нь харамсмаар л санагддаг.

Хүмүүст эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягийг мэдүүлж, түгээнэ гэдэг буянтай ажил. Одоо телевизийн энэ завгүй ажлын хажуугаар үүнийгээ хийж амжиж байна уу. Ийм ажлаа орхиод хэл ам дагуулсан энэ салбарт орсондоо харамсдаг уу?

-Баярлалаа танд, энэ ажлыг маань буянтай ажил гэж онцолсонд. Үнэндээ тэр сайхан ажлаа төдийлөн хийж амжихгүй л байна. Эрүүл зөв хооллолт, бие махбодио дотроос нь цэвэрлэж ариусгахын ухааныг хүмүүст түгээж, ярьж эхэлсэн цагаас хойш олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй амьдарч явааг харахад баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Түүнээс гадна Монголд органик хүнсийг хэрэглэх ёстойг ойлгосон хэрэглэгчдийг бий болгож, үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүний урсгал манайд орж ирж, дэлгүүр бүрт органик хүнсний тасаг цаашлаад төрөлжсөн дэлгүүрүүд бий болсныг иргэнийхээ хувьд монгол хүний эрүүл мэнд, хүнсний салбарт оруулсан хувь нэмрээ гэж боддог.

Телевизийн салбарт орсондоо огт харамсдаггүй ээ. Хийх л ёстой ажил маань байсан.

Хүний юу идэж байгаа нь нүүрэн дээр нь илэрч, бодол санаад нь нөлөөлж байдаг гэж үнэн үү?

-Тийм ээ, хүний нүүрэнд илэрдэггүй нуугдаж үлддэг юм гэж нэгээхэн ч байхгүй. Бүр тод бичээстэй байдаг. Будгаар дарахын аргагүй, үгээр өөрийнхөө тухай юу ч гэж яриад нүүр царай, бие махбодь чимээгүйгээр бидний үнэн түүхийг илэрхийлж байдаг.

-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?

-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?

-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол “Монгол Тулгатан” шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?

-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.

Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?

-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.

Б.Баатар найруулагч та хоёрыг нэвтрүүлэг эхэлснээс хойш л хамт амьдрах болсон гэх яриа тарсан. Үүнд яг чин үнэнээр нь хариулт өгч болох уу?

-Бид хэзээ ч хамтарч амьдарч байгаагүй. Бидэнд гэр бүлийн ямар ч харилцаа байхгүй.

Гэр бүл, үр хүүхэдтэй чинь холбоотой асуулт та­вибал хэт хувийн асуудалд тань орчихсон явдал болдог юм болов уу…

-Гэр бүлийн асуудал гэдэг бол хүмүүсийн дотоод асуудал шүү дээ. Ганц Анужинтай холбоотой асуудал бол би хариулж болно оо, гэтэл гэр бүл чинь олон гишүүнтэй…

Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?

-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.

Ер нь хэвлэлийн дайрла­гад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.

Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Хувь хүний итгэл үнэм­шил, үнэт зүйл чухал ч гэ­­сэн хүн яах аргагүй нийг­мийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.

Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.

Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмж­лэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгал­зуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.

Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.

-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэвтрүүлэг дуулиан тарилаа. Түүнийг оролцуулах цаг хугацаа нь мөн байсан уу. Гаргахын өмнө хаалт хориг байсан болов уу?

-Монголын ард түмнээс сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл үзсэн. Өмнө нь хоёр Ерөнхийлөгч орсон, энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон. Түүний орох цаг хугацаа мөн байсан уу гэж чухам юутай холбогдуулж асууж байна вэ гэдгийг би асуумаар байна.

Үнэнийг хэлэхэд өнөө­дөр Н.Энхбаяраас цэрвэсэн үзэгдэл илтэд байгаа гэвэл хилс болохооргүй бус уу?

-Би дээр хэлсэн. Нэвт­рүүл­гийн зөвлөлөөрөө оролцогчдоо тодруулдаг гэж. Яг тэр зарчмаараа энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Нөгөө талаасаа бидний хэт туйлшрамтгай, хэн нэгнийг хүчтэй чадалтай үед нь дагаж, шүтээд тэнхээрхсэн цагт нь бүгд нүүр буруулдаг зан ядаж хэвлэл мэдээлэлд тусахгүй байгаасай гэж би хүсдэг. Нэвтрүүлэг гарахын өмнө төвөгтэй байдлууд ихээхэн үүсч байсныг нуухгүй. Энд үүнийг ярих нь илүүц биз.

Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн дараа зарим нь яаран нэвтрүүлэгт орж, ярилцлагынхаа багагүй хугацааг энэ сэдэв рүү хэлтийлгэж байна лээ. Намын гишүүний хувьд ирсэн анхааруулга, зэм байсан уу?

-Албан ёсоор ирсэн анхааруулга, зэм байхгүй ээ. Хувь хүн өөртэйгээ холбоотой зүйл дээр яриа өгөх эсэх бол цэвэр хүний эрхийн асуудал. С.Баяр даргын манай нэвтрүүлэг хийгээд уран бүтээлийн маань талаар харамгүй хэлсэн урмын үгийг уран бүтээлчид бид талархан хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань зочинтой холбоотой яриа болоод бусад зүйл миний хариулах зүйл биш. Хүн ер нь өөрт хамаатайг ярьж, шүүж бас хариулж байвал зохино гэж хатуу боддог. Төрийн өндөр дээд албыг он удаан жил хашиж, ард түмний итгэлийг хүлээж байсан эрхмүүд нэг нэгээрээ гарч ирж хэзээ ч огтлолцохгүй яриа тал талд өгч буй нь ч өнөөгийн Монгол төрийн эрхэм түшээдийн түүх болохоос түүнийг буй байгаагаар нь бичиж хүргэсэн уран бүтээлчид бидний ер нь хэвлэл мэдээллийнхний буруу огт биш.

Ер нь таны уулзаж байсан эрхмүүдээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамж үлдээж чадсан зочин, үг юу вэ?

-Зочин бүгд л гүн сэтгэгдэл үлдээдэг, хооронд нь харьцуулж жишихийн аргагүй ч амьдралд биеэрээ зовж үзсэн, зовлонг тэсч, хат суусан хүний яриа хүчтэй хийгээд хийгүй байдгийг анзаарсаан.

Танай нэвтрүүлэгт Женко Х.Баттулгыг ихээхэн нөлөөлдөг гэх юм. Бүр хөтлөгчөөр оролцож байсан удаа бий. Тэр хүнтэй та, танай баг ямар холбоотой юм бэ?

-Багагүй уран бүтээл хийлээ. Энэ хугацаанд бидний уран бүтээлд Х.Баттулга гэдэг хүн нөлөөлөөд дарамт болоод эсвэл мөнгө өгөөд явсан баримт би мэдэхгүй ээ. Үзэж хараагүй зүйлээ би юу гэж ярих билээ дээ. Элдвээр хардаж ядахдаа сүүлдээ ойр дотнын байдлаар холбоод ярьж байгааг ч дуулсан. Тийм зүйл байхгүй. Чухал 100 сэдэв нэвтрүүлгийн хувьд, нэлээд хэдэн дугаарыг бид хамтарч бэлтгэсэн. Чухал 100 сэдэв нэвтрүүлэг угаасаа хэн бүхэнд нээлттэй нэвтрүүлэг шүү дээ. Хөтлөгчөөр оролцохын тухайд найруулагчийн шийдэл. Найруулагч Б.Баатар болон Х.Баттулга гишүүний нөхөрлөлийн тухайд найруулагч нэгэнтээ хариулж ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хүмүүс чин үнэн нь юу болохыг мэдэхгүй атлаа өөртөө ойр байдаг, өөрийнхөө хэв маяг, ойлголтыг бусдынх гэж ойлгож, тулгаад байдаг юм уу даа.

Танд заримдаа бүх зүйл улс төр дээр очиж холбогдож, огтлолцож бүх хардлага тийш чиглэгдэх нь хэцүү санагддаг уу?

-Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж л гэж хэлнэ.

Намын гишүүнээрээ бай, эсвэл уран бүтээлчээр үлд гэсэн сонголтыг тулгавал алийг нь сонгох вэ?

-Энэ хоёр харьцуулах зүйл биш ээ. Цаг цагаараа байдаг. Мөн өөрийгөө таньсан хүн өөрийн сонголтонд л амьдардаг, тэдэнд юуг ч тулгаж чадахгүй.

Ер нь сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Сайхнаа удталхадгалахын нууц юу бол?

-Сайхан эмэгтэй гэж дотноо гаднаа сайхан байхыг хэлнэ гэж жижүүрийн мэт хавтгай хариулдаг болжээ. Дотрын сайхныг дурьдах болсон том дэвшил юм даа. Сайхан гэдэг бол үгээр гэхээсээ мэдрэмжээр хариулагдах зүйл. Хамт байхнээ, харахнээ, ярихнээ сайхан мэдрэгдээд л байгаа бол сайхан гэсэн үг, би аливааг үгээр тодорхойлохоос аль болох зайлсхийдэг, үгээр хэлэмгүй сайхан гэж байдаг. Албан ажил гэх мэтийг тодорхой үгээр товч ярьж болдог. Хайр, гоо сайхны тодорхойлолт бол үгийн хүчнээс давдаг. Үг гэдэг хязгаартай харин мэдрэмж бол хязгааргүй. Сайхнаа хадгалахын нууц бол ухаарал, хөдөлмөр бас тэвчээр юм уу даа.

Нээрээ, нэг хэсэг өөрийг чинь нүцгэллээ гэж баахан шуугисан, удалгүй эвлүүлэг байсан нь батлагдсан. Ингэж оролдох шалтгаан юу юм бол гэж бодож үзэж байв уу?

-Нүцгэлээд зургаа тавиад байна гэдэг миний ой ухаанд багтахгүй зүйл. Нарийн нандин гэдэг талаасаа шүү дээ. Харин хүн гэдэг талаасаа бол бүр сонин сэдэв биш ч байж магадгүй. Оролдоно гэдэг амжилттай яваагийн шалтгаан гэж надад олон хүн хэлдэг. Би хувьдаа онц ач холбогдол өгч тайлж бодож байгаагүй юм байна. Хүн хүний үзэж туулах харилцан адилгүй, тохиож буй бартаа саад, зовлон бүхэн түүний өсөх, хат суухын шалтгаан болж байдаг гэдгийг л мэдэж байна.

Олон хүний нүдний өмнө амьдарч явна гэдэг амаргүй байх. Хүн энэ амьд­ралыг туулахдаа да­ваа нугачаа бүрийг л давж урагшлахаас аргагүй байдаг. Яаж тайвширч, хүч тэнхээг олж авдаг вэ. Бясалгадаг уу?

-Тийм ээ саад бэрхшээл, зовлонгарч ирлээ гээд зугтаалтай бас үхэлтэй биш. Хүн зовлон даадаг шүү дээ. Бүгдийг хайрлаж уучилж өршөөж тайвширдаг. Аливаад гомдох сэтгэлээ гээгээд ирэхээр хүч тамир орох шиг санагддаг. Бясалгалыг хүн бүр өөрөөр ойлгодог байх аа. Би хувьдаа аливааг гүн ухаарахыг бясалгал гэж боддог. Ярихаас илүүтэй бодож бясалгах нь давж байвал олон зүйлийн учир аандаа л олддог.

Сүүлийн үед улстөрч­дийн хүүхдүүд үе залгам­жилж орж ирэх боллоо гэлцэх болсон. Таны төрсөн аав бас улстөрч хүн. Аавын зүгээс улс төрд хөл тавихад оролцоо байсан уу?

-Анх хөл тавихад оролцсон зүйл байхгүй ээ. Мэдээж эцэг үрийн бие биеэ дэмнэх сэтгэл аль алиных нь дотоодод байлгүй л яахав. Гэлээ гээд энд тэнд дэвшүүлж ахиулаад явсан ганц ч түүх байхгүй. Хэн хэн нь хийх ажлаа мөр мөрөөрөө л хийгээд явдаг. Намд элсэн орсон түүх бол Д.Оюунхорол гишүүнтэй анх уулзсанаар эхэлсэн юм шүү дээ. Ард түмнээсээ гурвантаа УИХ-д сонгогдсон энэ туршлагатай улстөрч, хүчирхэг эмэгтэйгээр чиг замаа заалгаж, гараас нь хөтөлж МАН гэдэг их айлын босгоор алхсандаа би баярлаж бас талархаж явдаг.

Монгол тулгатан нэвтрүүлгийн олонд ил гараагүй зүйлс их байдаг нь лав. Хэзээ нэгэн цагт түүнийг ил гаргах нэвтрүүлэг эсвэл ном бичих үү?

-Сайхан асуулт байна. Их баярлалаа танд. Тийм ээ, зочдын маань олны хүртээл болоогүй олон яриа бидэнд үлддэг. Олон цаг, өдрөөр үргэлжилсэн яриан дундаас найруулагч маань илүү давуу эрхтэйгээр тодорхой яриануудыг сонгон оруулдаг. Зочинтойгоо ярилцаж байх зуур энэ хүний энэ л талыг илүү тод харуулах юмсан гэж эрхгүй бодогдох үе байдаг, гэтэл найруулга дууссаны дараа миний бодож байснаас өөр тал нь илүү тусч тодорсон байх нь их. Тийм учраас цаг нь болохоор “Миний мэддэг 100 эрхэм” гэдэг ном заавал бичиж, өөрийнхөө мэдрэмжээр тэр хүмүүсийг үлдээнэ гэж боддог.

Хувцаслалт чинь ихээхэн анхаарал татдаг. Танд маш сайн дизайнер, имиж мэйкер байна уу. Эсвэл өөрийн мэдрэмж үү?

-Надад аль аль нь байхгүй. Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийдэг, хэн нэгэн намайг надаас илүү ойлгож мэдрээд, миний донж төрхийг тодорхойлно гэж байхгүй ээ. Хувцаслалтын маань талаар маш олон хүн ярьж, асуудаг болохоор ямар нэг байдлаар анхаарал татаад байдаг юм байна гэж ойлгох болсон. Мэргэжлийн зарим хүн нэвтрүүлгүүддээ өмссөн өөрийнхөө загваруудаар шоу хийх хэрэгтэй гэх санал ч өгдөг.

Сүүлийн үеийн зар сурталчилгааны хэв маягийн анхаарлын төвд та орж ирсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Хорьтой биш гуч давсан бүсгүй хүн ингэж сурталчилгааны гол дүр болох болсон нь юутай холбоотой бол?

-Надад санал тавьж байгаа газрууд ихэвчлэн бидний хийж бүтээж байгаа зүйл таны ярьж зааж сургадагтай агуулга таарч байгаа тул дэмжин ажиллаач л гэдэг. Гадна төрх, наснаас минь илүүтэй миний үзэл бодол, санаж хүсч явдаг зүйлийг олж харж мөн чанарт минь нийцсэн санал ирдэгт талархалтай бас хүндэтгэлтэй ханддаг. Дотроосоо нийцтэй зүйл дээр ажиллахад дүр гаргаад байх ч шаардлага гардаггүй. Тэгээд ч би жүжигчин хүн биш, байгаагаараа л байж байдаг.

Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж…

-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ. Том охин маань

Манай гэрт лили ургадаг

Миний гэрт лили амьдардаг.

Манайд бас жижигхэн лили ч бий

Миний гэрт дандаа ургадаг

Үзэсгэлэнт лили бол миний ээж” гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, “Миний ээж гарсан байна” гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Э.Минжинсор: Эх нутагтаа гүйгүүл морь шиг тэмүүлсээр ирлээ

Дуучин Э.Минжин­сортой ярилцлаа.

Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Эх орондоо ирээд арав хонож байна.

Бүр ирэв үү, түр ирэв үү?

-Бүр ирлээ.

Та эх орондоо хэдэн жилийн дараа ирж байна вэ?

-Энэ сарын сүүлээр охид маань долоон нас хүрнэ. Тэгэхээр би Америкт найман жил болсон юм байна шүү.

Өнгөрсөн хугацаанд хаагуур амьдарч байсан бэ?

-Нью-Йорк, Нью-Жерсид амьдарч байсан. Миамид хэсэг хугацаанд амьдарсан ч тэндхийн агаар нь таарахгүй байсан болохоор буцаад Нью-Йорк руу очсон.

Тэнд ямар ажил эрхэлж байв?

-Бусдын жишгээр л амьдарч эхэлсэн. Бааранд бартендер хийж байлаа. Тэгээд удалгүй хөл хүнд болоод, хүүхдүүдээ өөрөө өсгөе гэж шийдсэн. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд нэг хэсэг ажил эрхлээгүй. Сүүл рүүгээ нэг компанид бичиг цаасны ажил түр хийж байгаад гарсан.

Таныг ихэр охидтой болсон, Америкт амьдарч байгаа талаар фэйсбүүк хуудаснаас тань хардаг байлаа. Таныг Грек залуутай сууж байгаад хоёр тийш болсон гэж дуулсан?

-Тэгсээн. Грек залуу байсан. Бүтээгүй ээ. Их хурдан салсан. Ээжтэйгээ ойрхон байж, ээжтэйгээ хамт охидоо өсгөлцөж байгаад ирсэн.

Та Америк явахаасаа өмнө залуусын дунд од байж, хэвлэлийн хуудсыг чимдэг уран бүтээлч байсан?

-Тийм байсан уу, бүр мартчихаж. Ер анзаардаггүй байжээ. Би 2006 оны наймдугаар сард явсан юм байна.

-“Spike” хамтлаг анх яаж байгуулагдаж байсан бэ. Тэр түүхийг өнөөдөр яривал дурсамжтай юм?

-Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны ангид хамт сурдаг байсан Уянгаа гэдэг найз маань надад “Хамтлагт орох уу” гэж хэллээ. Би тухайн үед ганцаараа уран бүтээл хийдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгээд Маралаа (Д.Маралгуа), Туяа (Б.Мөнхтуяа) хоёртой танилцаад гурвуулаа хамтлаг байгуулсан. Дараа нь Номикоо (Э.Номин-Эрдэнэ) маань нэмэгдсэн. Номико, Маралаа, Туяа гурав маань Хөгжим бүжгийн коллежийн нэг анги байсан юм. Ингэж л хамтлагаа байгуулж байлаа. Жаахан охид байжээ. Дөнгөж л 18 настай байж.

Нэг хамтлаг гэгдээд явж байсан тэр сайхан үеийн сэтгэлээс гардаггүй мөчүүд олон л байдаг байх?

-Бид дөрөв хамт амьдарч байсан. Тэр мөч их гоё. Их дэлгүүрийн хойно байранд амьдардаг байлаа. Хамтдаа хоолоо хийж иднэ, дөрвүүлээ хамт унтана. Бэлтгэлээ хамт хийнэ. Оюутан байсан болохоор хичээлийн хажуугаар хамтлагийн ажлаа зохицуулахад жаахан хэцүү байлаа. Бүгдээрээ шөмбийтлөө турцгааж билээ (инээв).

Манай үеийнхэн биднийг зөндөө л их сонирхдог байлаа. Зарим нь дэмжинэ. Бахархацгаана. Бид чинь Монголын анхны охидын хамтлаг гэж явдаг шүү дээ. “Spike” бол Монголын анхны охидын хамтлаг.

1997 онд хамтлаг маань байгуулагдаад “Пентатоник” наадмаас Шинэ, шилдэг хамтлагийн шагналыг авч байсан. Бид гадаад дуу дуулж эхлээд дараа нь өөрсдөө дуугаа зохиодог болсон. Дандаа л өөрсдийн зохиосон дуугаа дуулдаг байв.

-“Spike” хамтлаг дахин тайзнаа гарах уу?

-Яагаад болохгүй гэж. Маралаа энд хүрээд ирэх юм бол дөрвүүлээ дурсах маягаар ганц хоёр уран бүтээл хийж болно л доо.

Америкт байхдаа Монголын рок попын ертөнцийг ажиглаж харж л байсан байх?

-Гоё санагддаг байсан. Монгол маань хөгжчихсөн байна. Шинэ хамтлаг, дуучид их гарч ирсэн байна. Бахархаж байна аа.

Дуучин Ж.Чингэстэй хамтарч дуулсан “Дөрвөн улирал хоёр амраг” дуу тань одоо ч дуулагддаг. “Зүүдэнд ургасан тэр минь” дуу ч тэр?

-Тийм үү. Гоё дуунууд шүү. Миний дууг сонсч, дагаж дуулдаг байсан фенүүд маань одоо гуч дөнгөж гарч байгаа залуус болсон байх аа.

Уран бүтээлүүдээс тань түмэнд хүрсэн гэвэл ямар дуунуудаа нэрлэх вэ?

-“Нууцхан хайр”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” гээд л дуулсан дуу болгон маань хүнд хүрдэг байжээ, одоо бодоход.

Охид тань Монголд ирээд хэр дасч байна вэ?

-Монгол орчин дутаад байсан болохоор бүр зориуд эх орондоо авчирлаа. Тэнд нэгдүгээр ангид сурч байсан юм. Хичээлдээ гайгүй байсан л даа. Одоо Монгол сургуульд яваад хэл ус сураад болчих байх аа. Охид маань Монгол яасан гоё үзэсгэлэнтэй юм бэ гээд л байгаа. Би охиддоо “Ээж нь Монголоо санаад байна” гэж дандаа хэлдэг байсан. Дандаа Монгол эх орноо ярьдаг байсан болохоор охид маань Монголын талаар сайн мэднэ. Тэднийгээ өөр шигээ Монголдоо сэтгэлтэй хүмүүс болгож өсгөмөөр байна. Би Америкт амьдаръя гэж яваагүй. Хөгжье, судалъя гэж явсан. Тэндхийн рок поп гэж юу байдаг юм. Орчинд нь очиж мэдэрье. Яаж сэтгэж байна, түүнийг судалъя л гэж явсан. Сайн ч судаллаа, ойлголоо. Сонирхолтой л юм билээ. Түүнээс биш Америкт үлдье, харлая, амьдаръя гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. Тийм учраас эргэж ирсэн.

Таныг олон хэл судал­сан. Энэ тал дээр нэлээд боловсролтой гэдэг?

-Олон хэлээр ярьдаггүй ээ. Сурч байсан гэвэл Орос, Франц гээд европ хэлнүүд байна.

Эх орноо санах үед танд юу хамгийн түрүүнд санагддаг байсан бэ?

-Хэцүү ш дээ. Гэнэт гэнэт л нутгаа санана. Унтаж байгаад л гэнэт сэрэхээр цээж хөндүүрлэчихсэн байна. Тэгээд л нүдэнд Монголын минь ус уул, тал, байгаль, сайхан газрууд нүдэнд үзэгдээд санана. Урлагийнхан чинь эх оронч хүмүүс байдаг юм байна гэж надад санагдсан. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьцгаадаг. Энэ үг надад таалагддаггүй. Эмэгтэй хүн ч гэсэн гүйгүүл морь шиг эх нутаг руугаа тэмүүлдэг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Би тэмүүлсээр байгаад л нутагтаа ирлээ. Нутагтаа газардах мөчид нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Би тэгнэ гэж хэзээ ч бодоогүй. Огшоод л явчихдаг юм билээ. Ингээд ярихаар л нулимс өөрийн эрхгүй гарах гээд байна (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

Манай монголчууд их зөөлөн харьцаатай хүмүүс юм. Үйлчилгээ нь ч сайхан болчихож. Их хөөрхөн юм. Бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэг гэр бүл шиг юм гэдэг нь анзаарагдаж байна. Бие биенээ муулдаг гэцгээдэг. Тэр бол яах вэ, байх л асуудал. Стресстэй болохоор л тэгж байгаа юм. Түүнээс биш жинхэнээсээ, үнэн сэтгэлээс тэгж байгаа юм биш ээ гэж бодож байна.

Монголчууд маань хөгжих явцдаа дайрч гарах ёстой саад бэрхшээлээ даваад л гарч байна. Бид илүү эвтэй байж гэмээнэ хүчтэй байна. Монголчууд монголчуудаа л хайрлана. Монголчуудыг өөр хэн хайрлах юм бэ. Ийм л зүйлс надад гүн гүнзгий орж ирсэн. Үүнийг л бүгд ойлгоосой.

Тайзаа хэр санав. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтаас урам авдаг?

-Урлагт нэг л орсон бол гарч чаддаггүй гэдэг чинь үнэн юм байна. Яагаад гэвэл дотроос шинэ дуу гаргамаар, шинэ юм хиймээр хүсэл төрөөд байдаг болчихдог. Тэрийгээ хаачихаар бөглөрөөд байдаг юм байна. Тэрийгээ гаргая гэж бодож байна. Тэнд байхдаа шинэ жил болгоноор хотуудаар явна шүү дээ. Шинэ жил дөхөхөөр л дуудацгаана. Жилдээ нэг тайзан дээрээ гарчихдаг байсан. Урлагийн хүн болохоор уран бүтээлээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн байдаг ч юм уу, тоглолтоор явахад нэг л гоё байдаг. Гэхдээ хүүхдүүдээ өсгөх их ажлын хажуугаар Америкт байхдаа уран бүтээлдээ төдийлөн анхаарал хандуулж чадсангүй. Хоёрын хоёр хүүхдийг өөр хүнээр харуулж, өсгүүлэхийг хүсээгүй. Төрснөөс нь өдийг хүртэл өөрөө сэвлэгийг нь үнэрлэн байж өсгөж байна. Би анхнаасаа л хүүхдүүдээ ингэж өсгөнө гэж өөртөө амласан байсан.

Охид тань таны дуулах авьяасыг өвлөж үү?

-Хоёулаа урлагийн авьяастай. Нэг нь урлаг талдаа, нөгөө нь компьютер график сонирхож байна.

Таны “Залуу нас” дуу шуугиан тарьж, хүүхэд залуус гэлтгүй бүгд сонсдог байлаа. Та ингэхэд нийт хичнээн дуу, цомог гаргаад байгаа вэ?

-“Шидэт тагтаа”, “Ил далд”, “Цэнхэр алим” гээд зургаан цомог гаргасан. Хичнээн ч дуу гаргасан юм бэ дээ. Тоог нь сайн мэддэггүй ээ. “Залуус нас” дуу бол сэтгэлээс гарсан уран бүтээл.

…Цаг агаар тааруу байна гээд

Цонх ширтэн зогсохгүй хэрэггүй…гэж гардаг. Энэ мөртүүд надад үргэлж бодогддог. Цаг агаар ямар байх нь хамаагүй. Үргэлжлүүлээд л явах хэрэгтэй, амьдралд. Сэтгэл санааны байдалдаа битгий захирагд л гэсэн үг шүү дээ.

Урлагийн хүн болохын тулд та ямар саад бэрхшээлүүдийн ард гарсан гэж боддог вэ?

-Ерөөсөө бууж өгөөгүй. Үргэлж тэмцсэн. Дуртай байсан болохоор намайг юу ч зогсоогоогүй.

Та 2000 оны эхээр билүү дээ. Нүүрний арьсаа солиулсан гэх шуугиан тарьж билээ?

-Зун гэрийнхэнтэйгээ ойрхон, хөдөө яваад ирсэн чинь тэгээд борлочихсон ш дээ. Бов бор болчихсон (инээв). Найзууд маань чи яачихсан юм бэ гэж асуугаад л. Хүүхдийн тос түрхээд байсан чинь тэгээд борлочихсон ш дээ. Үнэн түүх нь гэвэл тийм л байна.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Дэлхийн түүх, улс төр сонирхож уншина.

Нааш ирэхээсээ өмнө Монголд очоод хамгийн түрүүнд юу хийнэ, юу иднэ гэж төлөвлөж байсан бэ?

-Элэгний нухаштай талх иднэ дээ гэж бодогдоод байсан. Бас маслотой талхи иднэ гэж бодсон. Бууз, хуушуур гээд л монгол хоолнууд гоё шүү.

Та хотын уугуул хүүхэд билүү?

-Тийм. Би Улсын их дэлгүүрийн энд төрсөн. Дөчин мянгатын хүүхэд.

Аав, ээж тань аль нутаг усны хүмүүс юм бэ?

-Аав маань Ховдынх. Манай ээж Улаанбаатарынх.

Та урлагийн чиглэлээр ямар сургууль дүүргэсэн юм бэ?

-Урлагийн чиглэлээр сураагүй. Ерөөсөө байгалиас заяасан авьяасаар л дуулаад явж байгаа. Намайг урлагт чиглүүлж, зааж сургасан хүн бол Офицеруудын ордны хормейстэр Нандиа багш. Мөн “Хөх тэнгэр” хамтлагийн Буян-Өлзий ах байна. Манай “Spike”-ийн нөгөө гурав маань хөгжим бүжгийнх болохоор тэднээсээ их юм сурсан. Аав маань эх баригч мэргэжилтэй ч урлагийн их авьяастай өөрөө тоглолт найруулаад, дунд нь орж жүжиглэж дуулаад л явдаг хүн байсан гэдэг.

Би өөрийнхөө амьдралд баярлаж явдаг юм. Хоёр сайхан охинтой боллоо. Өмнө нь ганц бие байхдаа гэр рүүгээ төдийлөн яардаггүй байлаа. Ажлаа тараад гэр рүүгээ харина гэхээр ганцаараа байх хэцүү. Гэтэл одоо болохоор охид руугаа яаран яаран харьж байгаа юм чинь, гоё.

Миний хувьд монголчууд хамгийн гоё ард түмэн. Үнэхээр сайхан хүмүүс байдаг юм. Хүн нутгаасаа гарч байж нутгаа их үнэлдэг юм байна. Эх орондоо ирээд анхныхаа ярилцлагыг “Өдрийн сонин”-д өгч байгаадаа баяртай байна. Ингээд монголчууддаа ирж буй шинэ ондоо санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, бүгдээрээ эв эетэй байгаасай гэж хүсч байна. Миний хувьд тун удахгүй уран бүтээлдээ ханцуй шамлан орж олон сайхан дуугаар бэлэг барина гэдгээ хэлье.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаж дууслаа

Дорнод, Сүхбаатар, Хэнтийаймгийннутгаар хэд хоног явлаа. Цагаан зээрийн их сүрэг хядлагаас амьд гарахын тулд хилийн зурвас руу нүүдэллэж байна.Хилчид машин, мотоцикль, мориор зээрийг эргүүлэн хөөж байгаа ч дийлдэхгүй байгаа аж. Урд хөршийн хилчид сүүлийн жилүүдэд цагаан зээр хил даван ороод ирэхээр өндөр торон хашаагаа буулгаад оруулчихдаг болжээ. Бүр цагаан зээрийн бүс нутаг бий болгох гэж байгаа талаараа хоёр улсын боомтын зөвлөл хуралдах үеэр хэлсэн байна. ОХУч гэсэн Дорнод аймгийн нутагтай залгаа хилийн орчимд цагаан зээр нутагшуулахаар хашаа барьсан гэнэ. Хоёр хөршүүд Монгол Улсын хилээр цагаан зээр ороод ирвэл “Одоо манай улсын амьтан болсон” гээд л тусгайлсан зээр нутагшуулах хашаандаа хийдэг болжээ. Монголд баян, ядуу бүгд цагаан зээр рүүгээ буу бариад дайрч байхад хөрш орнууд эсрэгээрээ цагаан зээрийн бүс нутагтай болгох гээд томоохон ажил хийж эхэлжээ.

Дорнод аймгийн төв дээр очлоо. Засаг дарга С.Ганбатыг огцруулах гээд жагсаал хийж байсан юм. Жагсагчид “Энэ мэс заслын эмч С.Ганбатыг огцруулахгүй бол юу ч хийхгүй байна. Ийм хүнээр аймгаа удирдуулахгүй” гээд л жагсаал хийж байгаа бололтой. Аймгийн цагдаагийн албан хаагчид жагсаал цуглааны улмаас эмх замбараагүй байдал үүсч магадгүй гээд хамгаалалтад гарчээ. Цагдаа нар “Юун цагаан зээр. Энд Засаг даргаа огцруулах гээд “алаан” болж байна. Цагаан зээр турчихсан. Одоо бууддаг хүн байхгүй” гээд сууж байна. Гэтэл аймгийн төв дээр цагаан зээрийн мах худалдан авч байгаа ченж олон байлаа. Оонын гулууз махыг 18, шаргачингийнх 15 мянган төгрөгөөр худалдан авч байв. Аймгийн зах дээр мах худалдаж авна гэсэн ченж нар бүгд зээрийн мах их хэмжээгээр худалдаж аваад хотод аваачиж борлуулдаг байна. Цагаан зээрийн махны худалдаа тус аймагт ил цагаандаа гарсан байна лээ. Ченжүүд зээрийн мах худалдахаар ирж байгаа хүмүүст “Гол нь арьснаас нь салгачихсан гулууз байх хэрэгтэй. Олон гулууз байвал өөрсдөө очоод авна” гэх юм.

ХОРИХ, ЦЭРГИЙН АНГИ, ЗАСТАВЫН СКЛАДАНД ЗЭЭРИЙН МАХ ДЭВХИЙТЭЛ ХУРААЧИХСАН БАЙГАА

Дорнод аймгийн төвд явж байгаад олон жил хилийн цэрэгт ажиллаж байсан, бүр заставын даргаар арав гаруй жил ажиллаж байсан бэлтгэл хурандаа цолтой нэгэн эрхэмтэй таарч цөөн хором ярилцлаа. Тэрбээр цэргийн анги, хилийн цэрэг, хорих ангийнхан бүгд цагаан зээрийн мах хоол хүнсэндээ хэрэглэдэг талаар ийн ярив.

Та заставын даргаар ажиллаж байхдаа цагаан зээрийн мах цэргүүддээ өгдөг байсан уу?

-Өгөлгүй яах вэ. Хилийн цэргийнхэн өвөлд цагаан зээрийн махаар л хэдэн цэргийнхээ хоол хүнсийг бэлтгэдэг байлаа. 2011 оноос өмнө цагаан зээрийг хэдээр нь бол хэдээр нь буудаад складандаа тэвхийтэл хураачихдаг байлаа. Цагаан зээр агнахыг хориглосонхууль батлагдсанаас хойш цэгцэндээ орсон. Гэхдээ төрийн байгууллагууд цагаан зээрийг хядсан хэвээрээ л байна шүү дээ.

Төрийн байгууллагууд гэхээрээ хилийн цэрэг, цэргийн анги, хорих ангийнхныг хэлээд байна уу?

-Тийм ээ. Улсын төсвөөс цэрэг, хоригдлуудынхоол хүнс, тэр тусмаа махны төсөвт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Ангийн дансанд сар бүр тэр мөнгө нь ордог юм. Манай хил хамгаалах газрынхан застав болгон дээрээ малтай. Гэхдээ өвлийн цагт цагаан зээрийн мах л иддэг юм. Отрядын дарга заставын даргад үүрэг өгнө. Цэргүүдийнхээ хоол хүнсэнд зээрийн мах өг, адуу, үхрийнхээ махтай холиод өг. Төсөвт ирсэн мөнгөөрөө заставуудад урсгал засвар хийхгүй бол улсын төсвөөс мөнгө өгөхгүй байна” гэнэ. Бид ч даргынхаа өгсөн үүргийн дагуу цагаан зээрийн мах цэргүүддээ өвөлжин өгнө. Тогооч маань цагаан зээрийн махан дээр адууны хэрчим өөх өгөөд л болгодог байлаа. Хилийн ойролцоо хүний хөлөөс хол зайдуу болохоор цагаан зээрийг хэдээр нь ч буудсан болно. Бүр цэргийн ангийн захирагч нар хоорондоо ярилцаж байгаад хил орчмоос цагаан зээр агнаад аваад явдаг. Хорих ангийнхан ч ялгаа байхгүй. Саяхан хорих ангид ажилладаг найз маань цагаан зээрийн анд яваад ирсэн гэж ярьж байсан. Яг өдийд хорих, цэргийн анги, заставын складанд яваад очвол зээрийн мах дэвхийтэл хураачихсан байгаа. Буу сум, машин тэрэг, буудах хүн нь бэлэн. Цагдаатай таарсан ч хаяагаа хадарч нэгнийгээ барьж хориод асуудал үүсгээд байхгүй болохоор цагаан зээр хүнсэндээ бэлтгэсээр байгаа. Цэргийн дарга нарцэргийн хүнсний мөнгийг хувьдаазавших, эсвэл бусад зүйлд зарцуулах гээд цагаан зээрийг хоморголон устгаж байгаа нь харамсалтай байдаг юм гэв.

СҮХБААТАР АЙМГИЙН МАХНЫ ЧЕНЖҮҮД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГЦАГААН ЗЭЭРИЙН МАХААР ХАНГАДАГ

Цагаан зээр олноор сүрэглэн байгаа Хялганат талд мөн л буун дуу тасрахгүй байгаа гэдгийг Дорнод аймгийн иргэд хэлж байна лээ. Отрын адуу их байгаагаас цагаан зээрийг ад үзэх хүн ч олон байгаа гэсэн. Дорнод аймгаас Сүхбаатар аймаг руу хөдөллөө. Сүхбаатар аймагт цагаан зээрийн мах 25 мянган төгрөгөөр худалдан авч байна лээ. Малчид аймгийн төв орох шатахууныхаа мөнгийг цагаан зээр агнаж болгож байна. Сумаасаа аймаг орж ирэхдээ машиныхаа ард цагаан зээр ачаад ирж байна лээ.”За таван сайхан сэрийсэн ооно ачаад ирлээ. Мөнгийг нь өгчих. Буулга гэсэн газар чинь очоод буулгая” хэмээн 40 гаруй насны эр машиныхаа багажийг онгойлгож үзүүлж байв. Ченж 125 мянган төгрөг тоолж өгөөд “Буулгадаг газраа буулгаад өгчих” гэж хэлэв. Мөнгөө авсан эр ч машиныхаа багажийг хаагаад зээрийнхээ махыг буулгахаар хөдөллөө. Сүхбаатар аймгийн зах дээрмаххудалдаж авна гэж машин дээрээ бичсэнхүмүүсээс “Цагаан зээрийн мах их хэмжээгээр авах гэсэн юм” гэж асуухаар бүгд л “Зээрийн мах хэдийг бол хэдээр нь худалдаалж болно. Манай зооринд хураалгаатай байгаа” гэж хариулах юм. Тэд уул уурхайн компанийн ажилтнуудад зээрийн мах нийлүүлдэг юм байна. Уул уурхайн компаниуд ажилчдынхаа хүнсийг бэлтгэхийн тулдХэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн махны ченжүүдээс худалдан авдаг байна. БОНХЯ-ны мэргэжилтнүүд цагаан зээр хоол хүнсэндээ хэрэглэж байсан уул уурхайн хэд хэдэн компанийг илрүүлсэн байна.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс цагаан зээрийн мах хоол хүнсэндээ хэрэглэж байсан уул уурхайн хоёр ч компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн өнгөрсөн жил машиндаа 15 зээр агнаж явсан Дорнод аймгийн иргэнБ- д 15 сая төгрөгийн торгууль тавьжээ.

ЦАГААН ЗЭЭРИЙН ЭВЭР НАЙМАН МЯНГАН ТӨГРӨГ

Цагаан зээрийн мах, эврийг 1990-1998 оны хоорон экспортолдог байсан. 2000 оны эхээр урд хөрш рүү экспортлохоо зогсоосон. Гэвч одоог хүртэл цагаан зээрийн эврийг хилээр хууль бусаар гаргасаар байгаа юм байна. Сүхбаатар аймгийн төв дээр килограмм зээрийн эвэр найман мянган төгрөгийн үнэтэй байна. Урд хөршийн эмийн үйлдвэрүүд зээрийн эврийг өндөр үнээр худалдан авдаг юм байна. Урд хөршид зээрийн эврийгхудалдан авч байгаа үнээсээ гурав дахин өндөр үнээр борлуулдаг байна. Цагаан зээрийн эвэр ховор төрлийн өвчин намдаах эмийн түүхий эд болдог байна. Махны ченжүүд цагаан зээрийн эврийг худалдан авч байна лээ. Ченжүүд “Цагаан зээрийнарьс, шийр, толгой, гэдсийг нь хаяж байна. Сүүлийн үед элэгний хорт хавдартай хүнд элэг нь сайн гээд элэг нь үнэд хүрсэн. Цагаан зээрийн наймаа мал худалдан авч борлуулахаас ч илүү ашигтай. Зардал мөнгө бага гарч байна” гэж ярив. Өнгөрсөн аравдугаар сард манай улсын иргэд Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Зүүн хатавчийн боомтоор хууль бусаар их хэмжээнийзээрийн эвэр гаргаж байгаад баригдсан. Хятадын хилчдэд Монголын хилээр орж ирсэн хүнд даацын машинд шалгалт хийхэд 1.43 тонн цагаан зээрийн эвэр гарч ирсэн байна. Хураагдсан эврийн ихэнх нь дагзныхаа ястай байсан нь зээрийг агнаад эврийг нь авсан байна гэж урд хөршийн хилчид манай улсад албан тоотоор мэдэгдсэн байна. Манай улсын хил хамгаалах газарт урд хөршийн хилийнхэн хураагдсан эврийг хосоор нь тооцоход70 мянга орчим цагаан зээрийн эвэр хураагдлаа. Ихэнх нь дагзны ястай эвэр байна. Цагаан зээрийн эвэр хилээр хууль бусаар оруулж ирж байгаад анхаарал хандуулна уу” гэх албан тоот бичиг хүргүүлсэн байна. Цагаан зээрийн их хэмжээний эвэр хилээр нь нэвтрүүлэх гэж байгаад баригдсан Сүхбаатар аймгийн Б,Н, Жнарыг урд хөршийн цагдаа шалгаж байгаа юм билээ.

Цагаан зээрийг зүүн гурван аймгийнхан ингэж л устгаж үгүй хийж байна. Монголын цагаан зээр АК барьсан сувдаг шунахай сэтгэлтнүүдийн гайгаар хядуулж дууслаа. Тэдэнд цагаан зээр өвлийн идэш, мөнгө болон харагдаж байна. Захгүй шаргал талд согтуу хөлчүү нөхдүүдийн буун дуу тачигнаж үхлээс зугтсан цагаан зээр үхэдхийн унаж, хөх тэнгэрээ ширтээд сүүлчийн амьсгалаахурааж байна. Амьдаараа гэдсээ хүү татуулж, толгойгоо тасдуулаад машины тэвшин дээр татганан хэвтэж байгаа цагаан зээрийн хувь заяа даанч эмгэнэлтэй.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

М.Наранбаатар: Намайг аль намын хэний хүн гэх юм бэ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Саяхан УИХ 2015 оны төсвийг батлахдаа МҮОНРТ-ийн төсвийг ихээхэн танаж баталсаныг та юу гэж үзэж байгаа вэ. Үндэсний телевизийн үйл ажиллагааны цар хүрээнд энэ асуудал нөлөөлөх үү?

-Энэ тухай ярихын өмнө тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй байх. Шийдвэр гаргагчид зөвхөн олон нийтийн телевиз гэж яриад байдаг юм. Уг нь манай байгууллага олон нийтийн телевиз, үндэсний цөөнхөд зориулсан хоёрдугаар суваг, ММ агентлаг, Монголын радиогийн 3 суваг, дэлхийд таван хэлээр нэвтрүүлэг цацаж буй Монголын дуу хоолой радио гээд олон хэлтэс, хэсгээс бүрддэг. Тэгэхээр ганцхан телевизэд төсөв өгдөг хэрэг биш болж байгаа юм. Манай төсөв юунаас бүрддэг вэ гэвэл мэдээж улсын төсвийн дэмжлэг, хураамж, нийгмийн чанартай сурталчилгаанаас бүрдэнэ. Улсын төсвөөс манай байгууллагын зардлын 50 хувийг хангадаг байсан. Үүнийг энгийнээр өгүүлэхэд улсын төсвөөс ирэх дэмжлэг манай нийт хүмүүсийн цалинтай л тэнцдэг байсан бол одоо нийт ажилчдын цалин байхгүй болчихлоо гэсэн үг. Тэгэхээр цаашдаа МҮОНРТ яах ёстой вэ. Яаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, цалингаа тавьж, мэдээллээ бэлтгэх вэ гэдэг асуулт босч байгаа. Энд үндсэн үүрэг буюу соён гэгээрүүлэх, мэдээлэх, улмаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч бий. Энэ бүхнийг авч үлдэх, цаашид хадгалах хөгжүүлэх боломжгүй боллоо. Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл оногдсон төсвөө хуваарилахаар ид ярьцгааж байна.

-Төсвөө хуваарилахаар үйл ажиллагааны ямар график гарах бол. Ажилчдаа халах уу, зарим нэвтрүүлгүүдээ зогсоож, эфирээ хаах уу?

-Радиогийн гурван сувгийн хоёрыг нь хаах уу. Телевизийн хоёр сувгийнхаа үндэсний цөөнхөд зориулсан эфирийг зогсоох уу. Мэдээллийн хөтөлбөрийнхөө талыг нь зогсоож, Монголын дуу хоолой радиогоо, MNB сайтаа хаах уу, ажилчдаа цомхотгох уу гээд олон асуудал босно. Шийдвэр гаргагчид үүнийгээ эргэж харах байх гэж найдаж байна.

-Төсөв танах болсон шалтгаан нь юу байв?

-Зарим хүмүүсийн мундагаар ярьж байгаа асуудлын цаана өчүүхэн жижиг эрх ашиг байдаг гэдгийг олон нийт мэднэ дээ. Тэрүүн шиг дэндүү харамсалтай популизм явчихлаа. Миний сонссоноор МҮОНРТ-ийн төсвийг танах саналыг гаргасан хүмүүсийн нэг буюу Ч.Хүрэлбаатар гишүүн PR-ийн мэргэжилтэн авсан байна. Тэгсэн тэр нөхөр нь “Та олон нийтэд таалагдахыг хүсвэл сэтгүүлчдэд таалагд. Сэтгүүлчдэд таалагдъя гэвэл мөнгө өг. Мөнгө өгөхийн тулд МҮОНРТ-ийн төсвөөс танаад танай телевизд өгье гэвэл телевизүүд таныг магтана” гэсэн байгаа юм. Энэ өчүүхэн жижиг популизм нь ард түмэн олон нийтэд гай дагуулж байна. Дээр нь ганц нэг хүний популизмд автаад хийчихээгүй. Ер нь энэ хугацаанд улстөрчдөөс хараат бус байх, олон нийтийн байх чиг баримжаагаа дагасан нь улстөрчдийн дургүйг хүргэсэн бололтой. Улстөрчдийн томил гэсэн хүнийг томилоогүй, гарга гэсэн нэвтрүүлгийг нь гаргаагүй явдлууд ийм байдалд хүргэлээ. Энэ үйлдлээ эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй уяж тайлбарлах гэх байх. Гэхдээ 2008 оны төсвийг батлахад өнөөдрөөс ч хүнд байсан даа. Тэр үедээ яагаад хасаагүй байж, өнөөдөр ингэж авирлаад байгаа юм гэдэг асуулт гарна.

-Олон нийт хараат бус бай, бие даасан бай, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуул гэж шахдаг. Харин хараат бус байх боломжгүй гэдгийг саяын төсөв баталсан явдал баталчихав уу?

-Үеийн үед ийм л нөхцөл байдалтай байсныг хэлээгүй нь миний буруу байх. Би гурав дахь парламент, зургаа дахь Засгийн газартай ажиллаж байна. Төр засгийнхан “Та нар биднээс мөнгө авчихаад яагаад бидний тухай, бидний нэвтрүүлгийг гаргахгүй байна вэ” гэдэг. Бид “Уучлаарай. Хараат бус байна. Зарчмаа дагана” гэхээр “Төсвийг чинь хасна” гэдэг байсан . Ингэж биеллээ олно гэж санасангүй. Дээр нь өс өвөрлөсөн нам, нийгэмд таалагдах гэсэн популист улстөрч, М.Наранбаатар гэдэг хувь хүнд хонзогносон бүлэглэлийн огтлолцол дээр асуудал шийдэгдлээ.

-Нэгэнт асуудал шийдэгдсэнээс хойш өнөө жилдээ бүсээ чангалаад ажиллах байх. Цаашид асуудал хэрхэх бол?

-Байдал ингэж эргэсэн ч гэлээ олон түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Урьд нь хийж байсан зүйлүүдээсээ ухарч болохгүй. Улсын төсвөөс ирэх мөнгө танагдсан ч олон түмнээс ирэх хураамж гэж байдаг. Гэтэл бас л хураамжийг алга болгох тухай хүмүүс ярьж, асуудал босгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүн МҮОНРТ-ийн нэг өрхөөс авдаг 1100 төгрөгийн хураамжийг зогсоох хуулийн төсөл санаачлаад явж байна. УИХ-ын гишүүдэд санаачлах хууль, хийх ажил олдохгүй байгаа юм уу, бүү мэд. Нэг өрхийн сард өгч байгаа 1100 төгрөг хэний амьдралд гай болж байгаа юм бол. Авч байгаа мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх хөтөлбөрүүдийг 1100 төгрөгтэй харьцуулахад тэс өөр асуудал яригдана. Энгийн жишээг дурьдахад кино театрт нэг удаа кино үзэхэд 8-9 мянган төгрөг. Харин манайх 1100 төгрөгөөр сард 50 кино үзүүлж байгаа. Бас сард 180 мэдээллийн хөтөлбөр 1100 төгрөгтөө багтдаг. Дээр нь хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн гээд олон зорилтот бүлгүүдэд зориулсан нэвтрүүлэг бий. Энэ бүгдийг яагаад байхгүй болгох гээд байгаа юм. Өнгөрсөн зун би Баян-Өлгий аймгаар явсан. Тэндэхийн иргэд үнэхээр баярлаж байна билээ. “Бид монгол хэл сураагүй нь алдаа. Гэхдээ Тува аялгаар, Казах хэлээр нэвтрүүлэг явуулж байгаа нь үнэхээр сайшаалтай” гэж хэлж байсан. Улмаар MNB world гэсэн гуравдугаар сувгаа нээж англи хэлээр цацахаар төлөвлөж байлаа. Цаашдаа Орос, Хятад гээд олон хэлээр цацагдах боломжтой. Монгол төрийн бодлого, бодит мэдээллийг өгдөг сувагтай болох зорилго маань ингээд үгүй болж байна. Төсөв танасны уршиг энэ.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон хүний ажиллах хуулийн хугацаа дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн анкетийг өнгөрсөн долоо хоногт аваад дууслаа. Хэр нээлттэй явагдав?

-Би ч гайхаж байна. Яагаад гэвэл “Та нар олон нийтийн байх ёстой, та нар МАН, АН-ын засагт үйлчилж байна” гэж ярьдаг, хашгирдаг, шахаж шаарддаг хүмүүс маань хаачив. Тэр хүмүүс Үндэсний зөвлөлөөр дамжуулж тэнд хяналт тавьдаг учиртай. Үүнийг төрийн бус байгууллагууд, олон нийт, нөгөө санаа тавьдаг хүмүүс ойлгосонгүй юу. Эсвэл тэдэнд ойлгуулсангүй юу гэдэг нь анхаарал татаж байгаа. Ер нь 2005 онд МҮОНРТ-ийн хууль батлагдахад Үндэсний зөвлөлийн 15 гишүүний асуудал үүссэн. Тэгэхэд 130 гаруй төрийн бус байгууллага нэгдэн чуулганаа хийж 35 байгууллага гишүүнийхээ нэрийг дэвшүүлсэн. Эрүүл мэнд, спорт, хууль эрх зүйн чиглэлээр гэх мэт. Тэгээд тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ, төрийн бус байгууллагаас 15 хүнийг томилж явуулсан. Ер нь яагаад манай байгууллагын анхны Үндэсний зөвлөл “Их сайн ажилласан” гэж сайшаагдаж өдий хүртэл яригддаг вэ гэвэл олон нийт харьцангуй сайн, нээлттэй оролцсоных. Энэ удаа харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Би хэвлэлээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлагыг уншлаа. Тэр хүн “Төр мөнгөө өгдөг учраас араас нь хяналт тавиулахаар хүмүүсээ явуулдаг” гэж хариулсан байна билээ. УИХ-ын байнгын хорооны дарга л ийм ойлголттой байна шүү дээ. Түүний ярилцлагыг уншаад олон нийт “Нөгөө хараат бус, олон нийтийн статус нь хаана байна. Төр хянадаг юм байна” гэж ойлгохоор болсон байсан.

-Үндэсний телевиз дээр бүх асуудлыг М.Наранбаатар зохицуулдаг юм уу эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас бүрдүүлсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг бүх шийдвэрийг гаргадаг юм уу?

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл анх байгуулагдсанаас хойш дөрөв дэх бүтэц нь ажиллах гэж байна. Гурав, гурван жилээр ротаци хийгддэг. Харин сүүлийн үеийн бүтцийг хараад хүмүүс ойлгоно. Бүх зүйл ойлгомжтой болсон гэсэн үг. Ямар зорилгоор хэнийг явуулдаг вэ гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нотлоод хэлчихсэн байна гэж харж байгаа.

-Саяхан МҮОНРТ-ийн хоёр захирал нь ажлаасаа халагдсан. Ямар үйл явдал болж хоёрын хоёр захирал нь нэгэн зэрэг ажлаа өгөхөд хүрэв?

-Яагаад халагдав гэхээсээ өмнө яаж томилогдсон процессыг нь харах ёстой. Ч.Даваабаяр гэж захирал байлаа. Ч.Даваабаяр улстөрчөөс, АН-ын нэг фракциас томилогдсон. Тэрээр ажлаа хийх нөхцөлгүй болсон. Хамт олных нь 80-90 хувь нь гарын үсгээ зурчихаад байхад би тогтоож авч үлдсэн ч гэлээ эсрэг санал гаргачихсан ажилтнууд нь удирдлага дор нь ажиллаж чадахгүй ш дээ. Ингээд Үндэсний зөвлөл энэ хүнийг чөлөөл гэж шахсан, чөлөөлсөн. Яг нэг жилийн өмнө саяынх шиг хэл ам гарсан. Гэм буруутан нь М.Наранбаатар ч юм шигээр яригдсан. Буруутай гэж хэлээд өнгөрөх бол нэг асуудал. Улмаар МҮОНРТ-ийг нурааж байгаа нөхөр нь М.Наранбаатар гэж яриад буусан. Бодит байдал тийм биш юм. Ер нь тэр хүний суудал гэхээсээ илүү миний суудал хэрэгтэй байгааг ярьж байсан. “Би хугацаатай томилогдсон. Надад эхэлчихсэн ажил байна. Би та нарын ажлаа өг гэсний дагуу болдог ч юм биш” гэж цаад эзэнд нь ч, өөрт нь ч хэлсэн. Энэ байгууллагыг авч үлдэхийн тулд, улс төрийн шахааг зөөллөхийн тулд Ч.Даваабаярын оронд Д.Энхтуяаг авсан. Д.Энхтуяа ирээд Ч.Даваабаяраас ч дор арга барилаар ажиллалаа. “Уучлаарай, болохгүй” байна гэдгийг би өөрт нь хэлсэн. Хамт ажиллаж байгаа хэрнээ Үндэсний зөвлөлд, УИХ руу байнгын матаастай. Матаасын хариу шийдвэр нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирээстэй. Ийм гацааны байдалтайгаар ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй байсан. Ингэж би ажиллаад ч яахав, тэр хүнийг байлгаад ч яахав. Шийдвэр гаргах шаардлага тулгарч би шийдвэрээ гаргасан. Үр дүнд нь дахиад л “М.Наранбаатар луйварчин, МҮОНРТ-ийг дампууруулсан” гэдэг яриа давтагдаж байгаа юм.

-Батбаяр, Д.Энхтуяа хоёр хамт томилогдсон байх аа. Яагаад хоёуланг нь халах болсон юм?

-Радиогийн, ММ агентлагийн, телевизийн, стратеги санхүүгийн захирал гэж бий. Энэ дөрвөн албан тушаал дөрвүүлээ дэд захирлын статустай байсан юм. Гадуур бүх зүйл нэг хүний гарт төвлөрч байна гэдэг шүүмжлэл байсан. Тэгэхээр нь хөтөлбөрийн бодлогыг салгая, асуудал эрхэлсэн дэд захиралтай болъё гэж үзээд Батбаярыг томилсон. Юун хөтөлбөрийн бодлого сайжрах, хөтөлбөрийн бодлогод анхаарах вэ. М.Наранбаатарын суудал л сонин байсан, тэдэнд.

-МҮОНРТ-ийн захирал болохын цаана ихээхэн том эрх ашиг байдаг бололтой. Яг ямар эрх ашиг байгааг та сайн мэднэ. Яагаад хүмүүс, улс төрийн бүлэглэл энэ суудлыг булаацалдаад байна?

-Захирал болохыг хүсч мөрөөдөж байгаа хүмүүсээс нь, захирал болгохоор тэмүүлж байгаа фракци, бүлэглэл, нам, тэрнийх нь лидерээс асуух хэрэгтэй байх.

-МҮОНРТ улс төрөөс ангид байх боломж байна уу. Уг статус нь олон нийтийн гэж байгаа ч ялсан намыг телевиз мэт байдаг шүү дээ?

-Нуух зүйл байхгүй. 1996 онд Засгийн газар бүрдээгүй байхад буюу Ерөнхий сайд нь томилогдсон даруйдаа гаргасан хамгийн эхний тушаал нь Радио, телевизийн даргыг солих байсан. 2000 онд засаг байгуулагдаад бас л хамгийн эхний тушаал нь Цагдаагийн дарга, манай байгууллага хоёрын удирдлагыг солих. Яагаад гэвэл манай байгууллагыг маш чухал зэвсэг гэж мэддэг. Дэлхийн жишигт ч тийм байдаг бололтой. Ямар нэг онц байдал үүсэхэд эхлээд телевиз дараа нь төмөр зам, цахилгаан станцыг гээд ярьдаг биздээ. Түүнтэй ижил манай байгууллагыг тайван байдлаар эзэлж байгаа хэрэг. Тэгээд дараа нь өөрсдийнхөө хөгжмийг захиална.

-Өнөөдрийн улстөрчид МҮОНРТ-д ямар хөгжим захиалж, ямар дарамт шахалт үзүүлж байна?

-Их том дэвшил 2005 онд гарсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа, Н.Энхбаяр дарга УИХ-ын дарга байхад хоёр талаас нэг, нэг хууль өргөн барьсан. Тэрний нэг нь ОНРТ-ийн тухай хууль. Уг нь 1998 онд төрд хэвлэл мэдээлэл байхыг хориглосон хууль гарч, хэрэгжсэн. Гэхдээ манайхыг эрх барьж байсан хоёр нам хоёулаа хувьчилж зүрхлээгүй. 1998 онд тэр хуулийг гаргахдаа ч АН манайхыг тавьж явуулаагүй. МАХН 2000 онд ялсан ч тавьж явуулалгүй хоёулаа өөрсдийнхөө үзэл суртлын зэвсэг болгосон. Харин 2005 онд олон нийтийн болгосон нь үнэхээр том дэвшил болсон. Тэгсэн ч үеийн үед эрх баригчид өөрийнхөө савраас тавьж явуулахыг хүсээгүй. Тэр нь төсвөөр баталгаажиж байгаа юм. Санхүүжилтээр нь барьж, шантаажилдаг хэлбэрээ орхиогүй гэсэн үг. “Бид төсвийг чинь өгөөд байхад. Чи яагаад байгаа юм” гэж өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад өгчихсөн юм шигээр эрх барьж байгаа хүмүүс яьдаг. Уяаных нь үзүүр тэдний гарт байгаа учраас бид хаашаа ч хөдөлж чадалгүй чирэгддэг. Гэхдээ олон нийтийн болсон гээд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай мэдээлэл гаргахгүй байна гэсэн үг бас биш.

-Манай МҮОНРТ бусад ижил төстэй орнуудын ижил статустай телевизүүдээс илүү байж, нийгмийг илүү ихээр соён гэгээрүүлж, мэдэх эрхээр нь хангаж чадаж байгаа юм уу?

-Бид өөрсдийгөө ардчиллыг хэдэн зуун жил хэрэгжүүлсэн Англи, Америк, Японтой жишиж яриад яахав. NHK-тэй ижил түвшинд хүрсэн гэвэл худлаа. Харин 1990 онд эрх чөлөөнд хүрсэн орнуудаар явж үзсэн. Ямар хууль гаргаж, яаж өөрчилсөн байна гээд. Зарчим нь манайхтай ижил ч оффис нь өнөөгийн МҮОНРТ-ийн байр шиг долоон байгууламж байгаа юм. Улс нь томдоо биш телевизийн стандарт тийм байдаг. Өвөрмонголын Одон телевизийг нэг харуулах юмсан, эрх баригчдад. Хятадын нэг мужийн л телевизийн байр, дэлхийн стандарт ямар байдгийг харуулж байна. Тэдний техник, тоног төхөөрөмж, хэдэн хүн байна гэдгийг харуулвал энэ хүмүүс цочиж унана даа. Юун манайхыг гоочлох, нэмж байр барьж өгөх асуудал яригдана. Гүрж, Киргиз, Армян гээд бусад олон орон ижил статус, ижилхэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр манайхан тэр улсууд руу очиж багшилж, телевизийн хөгжлийг зааж сургаж байна. Ер нь бид ОНРТ ямар байдаг вэ тэр жишиг зарчмаар л явж байна.

-Таны суудлын тухайд. Энэ суудалд удлаа, аль ч төрд нүүртэй гэх мэтээр яригддаг?

-Намайг аль намын хэний хүн гэх юм бэ. Нийтлэг үнэлэмж, бусдын жишгээр бол аль нэг нам, бүлэг, эвсэлийн хүн байж л ерөнхий захирал болно биздээ. Гэхдээ намайг хэний хүн гэх бол. Нэг хэсэг Н.Энхбаярын хүн гэдэг байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Одоо Ц.Элбэгдоржийнх гэх үү эсвэл З.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн хүн гэх үү. Аль ч хувилбар нь боломжгүй байгаа биз. Шууд хэлбэл 2005 оны хуулийн ачаар, дээрээс нь зарчимтай ажиллавал хийж болдог юм гэдгийг харууллаа. Түүнээс биш намайг унагах, мөргөх оролдлого үе үеийн төр засагт байсан. Би өдөр бүр бүрхэг байсан гэж хэлэхгүй ч өдөр бүр сайхан байгаагүй юм шүү. Энэ зөвхөн М.Наранбаатарын асуудал байхаа больж Олон нийтийн радио, телевизийг сууриар нь байхгүй болгох асуудал болж байгаа учраас яриад байна. Төсвийг нь танаж, олон нийтийн зөвлөл нь ийм болчихлоо. 2012 онд долоон хүн тавихдаа ямар л хүмүүсийг явууллаа. Энэ нь тэрний хүн гээд шууд нэрлэнэ ш дээ.

-Одоо тэгвэл ямар ажил хийх шаардлага тулгарч байгаа юм?

-Шийдвэр гаргагчид алдаагаа ойлгох байх. Энэ хэн нэгний өс хонзонгоо авах талбар биш юм байна гэж харах байх. Харин засч болохгүй нэг зүйл байна. Хэрвээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд аль нэг нам, фракцид харьяалагдсан хүмүүс ороод ирвэл зургаан жилдээ засч чадахгүй. Зургаан жилийн дараа ямар үр дүн гарах вэ гэвэл “Засрахааргүй болжээ. Хувьчилъя” гэдэг шийдвэр л гарна. Хувьчлах сайн хувилбар мөн ч цаана нь нэг эзэн байж таарна. Одоо байгаагаас нь сайн авч явж чадахгүй. Тиймээс л Япон NHK-гээ хувьчилдаггүй. Японы тэр олон баячуудаас NHK-г, Английн үе дамжсан тэрбумтнуудаас BBC-г худалдаад авчих хүн байдаг л байлгүй дээ. Энэ орнууд олон нийтийн гэдэг статусаа яагаад хадгалаад байдаг юм. Нэг шалтгаан цаана байдаг болохоор тэр юм. Нийгэмд захиалгат бус бодит мэдээллийг соён гэгээрүүлэх түвшинд хүргэх шаардлага зүй ёсных. Хэрвээ хувьчилна гэвэл тэр орнуудын ард түмэн жинхэнэ утгаараа босох байх.

Categories
мэдээ цаг-үе

Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх

Монгол төрийн жудагт түшээ Чононбөрт Бямбын Жигжид гуайтай утсаар холбогдож, гэрт нь өнжих хүсэлтээ дурдвал ажлын өдрүүдэд зав зай хомсоо учирлаад “Бямба гаригт хүрээд ирэх үү” гэлээ. Хагас сайны их үдэд зурагчинтайгаа Дарь-Эх дэх гэрт нь явуулсан унаагаар нь хүргүүлж очлоо. Жолооч залуу “Манай нагац ах” гэж ганц үг амнаас унагаснаас олныг дурдсангүй. Дарь-Эхийн рашаанаас нэлээд дээхнэ уулын эх бэлд шахуу гудамжны дээд үзүүрт байдаг гурван давхар байшин Жигжид сайдынх аж. Хашааны төмөр хаалга удирдлагаар онгойдог бололтой, хүн харагдаагүй атал цэлийтэл нээгдэв. Жигжид гуай гэрийнхээ үүдэнд улавчтай зогсож харагдана. Хашаанд нь машины гараашаас гадна зун суудаг бололтой ширээ сандал бүхий асрын араг төмөр, амралтын газруудынх шиг буурийг нь өндөрлөн цардмалдаж тохижуулсан таван ханат гэр бөмбийнө. Гурван давхар байшинд орвол халуун сайхан амьсгал угтаж, амар мэндээ мэдэлцлээ.

Зурагтаар Ерөнхий сайд асан С.Баярын хөөрөлдөөн гарч байна. Жигжид гуай Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, арван хүүхэдтэй айлын хоёр дахь, хөвүүдийн ууган аж. Жаргалант нутаг бол арвангуравдугаар Далай ламаас “Эрдэнэ мэргэн бандид, ханчин хамба” цол хүртсэн их соён гэгээрүүлэгч, зохист аялгууч Сүрэнхорын Жамьянгарав гэгээнтэн, их хутагтын удаах дүр Очиржанцан, Жалцав маарамба, гарамгай баатар Л.Дандарын хорооны байлдагч, сумангийн улс төрийн орлогч “Эх оронч” хэмээн алдаршсан Ч.Жүгдэрнамжил, хөдөл­мөрийн баатар, саятан жолооч Л.Самбуу-Ёндон, зохиолч А.Самбалхүндэв, улсын арслан “эрээн хавирга” Б.Төрбат нарын алдартнуудын өлгий. Миний бие С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн болохоор ихэд бэлгэшээж их хүмүүний талаар өрхийн тэргүүнээс лавлатал “Жамьянгарав гэгээнтэнтэй манайхан их ойрын төрөл юм шүү. Буддын гэгээрэхүйн ухаан, яруу найраг, түүх, гүн ухааны 13 боть бүтээснээс ганцхан нь үлдсэн юм гэнэ лээ” гэж харамсангуй өгүүлэв. Жаргалант нутгийн хүү

“Асайт, Даага, Чулуут, Элгэт

Ажраг, Зуслан, Улиастайн голууд

Асралт Дулаанхан, Пэрэнлэйлхүндэв

Ар өврийн тахилгат хайрханууд

Арын хангайг хойморлон байдаг

Ашид мөнхийн Жаргалант нутаг аа

Алслан холдохоор санаад очдог

Азаар заяасан жаргалын ороон” гэж унаган бага насаа үдсэн газрын диваажиндаа зориулж дууны үг, аяыг бичин амилуулсан нь нутгийнхны сүлд дуу болсон гэнэ.

Бидний яриа Дарь эхийн оройд шахуу хад бартаатай газар амьдрахад хэцүү биш үү гэсхийж үргэлжлэв. Тэр хэдийгээр хэд хэдэн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан ч хувьдаа зуслангийн байшин ч авч байгаагүй болохоор 1990 онд айлын хашаа худалдан авч, өөрийн гараар тохижуулж засварласаар өдий хүрчээ. Гурван давхар байшинг дулаан тохьтой байлгахад нэг өвөл гурван машин нүүрс шаардлагатай ч нарны зай, цахилгаан халаалт ашиглаж, утааг харьцангуй бага “үйлдвэрлэдэг” болжээ. Өрхийн ерөнхий цахилгаанчин, слесарь, холбооны инженер, ус түгээгч, мужаан гээд бүхий л ажлыг хариуцдаг, хэрвээ би л гар хөдлөхгүй бол ямар ч мундаг инженер ирээд энэ бүхнийг ажиллуулж чадахгүй гэж Жигжид гуай хүүрнэж суутал гэргий Сүхээ нь үдийн хоол бэлэн болсныг дуулгав. Нутгаас нь хоёр хоногийн өмнө өвлийн идэш нь ирээд амталж амжаагүй байсан аж. Үхрийн алаг махыг төмстэй чанаж, гурилаар бүтээж, ногоотой шөл хийжээ. Эднийх ер нь монгол хоолоо л таашаадаг гэнэ. Жигжид гуайн аав Янживын Бямба 1910 онд төрсөн. Асайтын хүрээнд шавилан сууж бурхны ном сурч байсан ч сүм хийдийг тарааж эхлэх үед хөдөө гарч, өөрөөсөө хорь орчим дүү бүсгүйтэй гэрлэснээр арван нэгэн хүүхдийн аав эжий болж аж төрлийн хатуу хөтүүг үүрч ирсэн хөдөөгийн эгэл малчин ард байж. Мал муулахыг харж чаддаггүй, ан хийдэггүй номын нэгэн тул гарын үзүүрээр гэрийн мод, авдар сав урлан албан даалгавар, дайн тулааны хүнд бэрх жилүүдийг борви бохисхийлгүй үдэж, жар гаруй насандаа бурхан болсон ааваасаа айлын ууган хүү амьдрахуйн жам, аж төрлийн сургаалыг өвлөн авчээ. Бямба гуай нутаг нугадаа нэртэй дуучин байсан болохоор “Алиа саарал”, “Хүрэн толгойн сүүдэр” хэмээх ардын сайхан дуунуудыг сонсоход хүүгийнх нь сэтгэл хүүхэд ахуйн янзаар нялхарч уярдаг хэвээр аж.

Жигжид гуай ээжийгээ дурсахдаа хоолой нь зангираад ирэв. Түүний ээж Ногоон суунаг овогт Пүрэвийн Галсан бага балчраасаа өнчин ядуугийн зовлон туулсан, дөчхөн насандаа хань ижлээ алдахдаа “сахил хүртлээ” хэмээн хондлой шүргэсэн урт хархан гэзгээ хадагтай хайчаар үргээлгэсэн, арван үрсээ хүний зэрэгт хүргэх гэж хүзүүний махаа барсан хүний дээд байжээ. Энэ тухай хүү нь

“Саахалт, нугынхан ээжийг минь

Сайдын ухаантай гэдэг сэн.

Садан төрлийнхөн бүгдээрээ

Сатаарч амрахыг гуйдаг сан.

Наймтайдаа бүтэн өнчирсөн ч

Хорвоогийн хатууд нугараагүй

Наян тавтай золгосон

Хосгүй буянт эжий мину” гэж “Ээжийгээ л санаад байх юм” шүлэгтээ бичсэн байх юм. Жигжид гуайн эгчийг Пунсалдулам, дүү нар нь гэвэл малчин Жавзмаа, улсын аварга малчин Сэдбазар, компанийн захирал Доржгочоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч Отгонбаяр, Цэрэндаш, барилгачин Отгонбаяр, малчин Нарандэлгэр, Батмөнх гэдэг хүмүүс байдаг аж. Эднийх нь хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жигжид гуайг төрөхөд Ширбазар хэмээх нэр хайрласан ч багадаа өвчин ороон, хөлд орсон хойноо шөнө зүүдлэн гэрээсээ гарч, нүд нь хараастай мөртлөө унтаагаараа яваад байдаг байсан учир ламдвал Жигжидсүрэн гэдэг нэр өгчээ. Харин сургуульд бүртгүүлэхдээ Жигжид гэж бичүүлжээ. Гол усныхан нь түүнийг “Бямба гуайн Хүрэн банди” л гэдэг байж. Жаргалантад бага анги төгсөж, Эрдэнэмандалын арван жилийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн тэрээр 1964 онд ЗХУ-д Үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр суралцах хуваарийг өрсөлдөөнт шалгалтгүй орох эрхтэйгээр авчээ. Аравдугаар анги төгсөхдөө хамгийн сүүлийн математикийн шалгалтаа өгсөн явдал нь түүний сэтгэлд их содон үлджээ. Тооны текстийг Намсрай багшийгаа самбарт бичиж дуусав уу, үгүй юу шууд бодоод ангийнхнаасаа хамгийн түрүүнд гараад ирж. Сүүлд гарч ирсэн хүүхдүүдээс тооны хариу хэд гарсныг асуухад өөрийнхтэй нь таардаггүй гэнэ дээ. Тэгтэл шалгалтын дүнг гаргалцаж байсан Банзрагч багш нь ангиас гарч ирээд “Жигжээд, чиний тоогоо бодсон чинь хачин юм болсон байна” гэх нь тэр. За өнгөрч, ингээд малчин, ТМС-д л орох боллоо гэж бодогдоод явчихаж. Улсын комиссынхон хуралдаад, хүүхдүүдийг дуудаж уулзаад эцэст Банзрагч багш нь “Чи анхааралтай байхад яадаг юм. Тооны өгүүлбэрээ буруу бичиж аваад түүгээрээ бодчихсон байна шүү. Гэхдээ Намсрай багш эхэлж буруу бичээд дараа нь засч бичсэн гэж хүүхдүүд баталсан учраас комисс бодсоноор чинь дүгнэх болсон” гэжээ. Тэр Намсрай багш нь зузаан дуран шил зүүдэг, хараа тааруу нэгэн байснаас ч болсон уу, ирээдүйн нэгэн инженерийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх шахсан нь энэ байжээ. Түүний сурагч байхаас сэтгэлийг нь соронзодсон, хожим бүхий л насных нь хообий болсон зүйл бол элдэв техник сонирхох сэтгэлгээ байсан гэнэ. Хөдөөгийн хүүхэд мөртлөө машин, мотоцикль барих, радио, цаг засах, гэрэл зураг дарах гээд бүгдийг л сурч эзэмшихийг хүсдэг байж. Оёдлын машин улны утсаа татахгүй зэрэг ойр зуурын засварыг бол нүд ирмэх зуур янзалчихдаг их эд байсан гэж байгаа. “Шинэ үсгийн багш” кинон дээр гардаг шиг есдүгээр анги төгссөнийхөө зун гол усныхнаа бичиг үсэгт тайлах даалгаврыг сумын захиргаанаас өгч, цалин хөлс ч авч явжээ.

Бид гал тогооны өрөөнд мах хөшиглөж, шөл оочлонгоо ийн хөөрөлдөх зуур ханьтайгаа хэрхэн учирсныг Жигжид гуай, түүний гэргий Алтансүх хоёроос сонирхлоо. Хойно сургууль төгссөн шижгэр инженер Улаанбаатарт ирээд ажилд орж амжаагүй байхдаа үеэл Ч.Загдхорол болон гэрт нь түр амьдарч буй Самбуу нарын ажлын газар ашиглалтад ороод удаагүй асан Мах консервийн комбинатаар орж гардаг байжээ. Залуу хүн болохоор шинэ үйлдвэрийн будаг нь ханхалсан барилга, бужигнах залуусын идрийн золбоо сэтгэлийг нь татаж байсан биз. Нэгэн удаа МКК-ын ажил тарах үеэр үйлдвэрийн хашааны хаалгаар гарах гэж явтал барууны хийцийн зургаан талтай саарал даавуун малгайтай, богинохон бошинз өмссөн, тэгш шулуун хөлдөө өндөр өсгийтэй шаахай жийсэн, бэлхүүс нарийн, бие зэгзгэр, сормуус дэрвэгэр, алаг нүдэн охинтой таарсан нь ирээдүйн амьдралынх нь хань, алаг үрсийнх нь эжий байжээ. Тэр охиныг харсан даруйдаа нүд унагаж араас нь дагасаар автобусны буудал хүрэхэд нөгөөх нь үеийнхээ нэг охинтой инээлдэн, хотын төвийн хаягтай унаанд сууснаар танилцаж ч амжилгүй үлдсэн байна. Маргааш нь тэрээр найз Самбуугаасаа мөнөөх охины талаар судалгаа хийвэл олигтой үр дүнд хүрсэнгүй, харин Самбуугийн гэргий МКК-ын захиргааны боловсон хүчний байцаагч Алтансүх “Тэр чинь саяхан Болгар улсад техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд хиам боловсруулах цехэд ажиллаж байгаа Алтансүх гэдэг охин, амьдай болохоор би нэр болоод хаана хуваарилагдсаныг нь ч сайн мэдэж байна” гэжээ. Дараа өдөр нь нүдэлсэн охиноо амдан байж танилцсанаар залуу хосын амьдралын гараа эхэлсэн түүхтэй аж. Гэрийн эзэн, гэргий хоёр 1967 оны долдугаар сарын тэр л гэрэлт өдрүүдээ мартаж эс чадах буюу. Биднийг ёстой л ам халан суутал эзэгтэйн утас дуугарч, хүүгийнхэн ирлээ гэв. Гэрээс нэг товч дарж хашааны хаалгаа онгойлгож буй бололтой. Удалгүй хүү Ж.Батмөнх нь бэр Б.Мандухай, ач охин Аминаа, ач хүү Сэдүбазар нарынх нь хамт орж ирэв. Хүү, бэрийнх нь нэрийг анзаарвал Монголын их хаан, хатан хоёрын алдартай ажээ. Заяаны ханийн учрал ерөөл гэдэг цаанаасаа их учир жанцан агуулжээ гэлтэй.

Эмээ нь ач нарынхаа гадуур хувцсыг тайлж өлгөн, бяцхан хоёр нь өвөөдөө ирж үнсүүлэв. Хоёр хөгшний нар ёстой нэг гарч байгаа янзтай. Мах, шөл таваглан хүү бэрдээ барих нь цагаан сар болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Аав, ээждээ хүүхдүүд нь гадаад хатуу хэмийн умдаан, чихэр жимс өгч байгааг нь харахад дээрх бодол батлагдах шиг. Дөрвөн охин төрж, Жигжид гуай хүүтэй болохгүй нь гэж дотроо жаахан дурамжхан явтал отгон үр Батмөнх нь мэндэлжээ. Хүү нь АНУ-ын Хьюстэнд сургууль дүүргэж, эдүгээ “Сант-Асар” хувийн компанийнхаа бизнес хариуцсан орлогч захирлаар ажиллаж байгаа юм байна. “Сант-Асар” компанийн ерөнхий захирал нь Жигжид гуайн гэргий Алтансүх бөгөөд Хэвлэлийн комбинатад ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэрт хөөгдөн гарснаасаа хойш нөхрийнхөө дүү Доржгочоотой гахай үүрэн, ганзагын наймаанд явсаар хөл дээр нь босгож иржээ. Батмөнхийг АНУ-д суралцаж байхад эхний жилийн сургалтын төлбөрийг нь аав, ээж хоёр нь хуруу хумсаа хугалах шахан байж, машин унаагаа заран арайхийн хийжээ. Тухайн үед Жигжид сайдаар ажиллаж байсан ч хүүдээ “Бид одоо мөнгө төгрөг өгч чадахгүй нь, өөрөө л төлбөрөө аргалах замаа хай” гэснээр хүү нь найз нартайгаа ярилцан, Колумбусын их сургуулиасаа Техас мужийн Хьюстэнд шилжин сурснаар ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө хийж эхэлжээ. Учир нь Колумбуст оюутан хүн ажил хийж болохгүй, үйлдвэрийн хот учраас ажил ч хомс байж л дээ. Бэр Мандухайн хувьд СЭЗДС-ийг дүүргэсэн ч багаасаа төгөлдөр хуурын дугуйланд явж байсан сонирхлоороо СУИС-д сурахын зэрэгцээ хөгжим-уран зураг сургалтын “Урлан” компанийг байгуулан ажиллаж байгаа гэнэ. Ач охин Аминаа нь 2014 онд Испани, Франц улсад болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гурван гран при хүртжээ.

Бидний яриа хоёр давхар дахь наран талдаа цонхтой Жигжид гуайн ажлын өрөөнд үргэлжиллээ. Өрөөнийх нь үүдэнд гүйлтийн зам харагдана. Мань эр өглөө зургаагийн үед босоод биеийн чилээгээ гарган гимнастик хийж, цаг гаруй гүйлтийн зам дээрээ гүйнэ. Өнгөрөгч зун нутагтаа амраад ирэхдээ гурван килограмм жин нэмсэн болохоор үүнийгээ хаях гэж мачийгаа л байгаа аж. Жигжид гуайг харахад дал дөхсөн хүн гэхээргүй тавьтай хүн шиг л жавхаатай. Гэдэс гүзээ гээд байхаар ч юмгүй хүн шүү дээ. Тэрээр “Солонгос, япончууд миний гүзээг гэж шоолно шүү” гэж тоглож байгаа юм шиг өгүүлнэ. Эдний хүүхдүүдийн ууган нь Ж.Билгээ, нөхрийг нь Ш.Батцэнгэл, зээ нарыг нь Тэнүүн, Тэмүүлэн, Батбилиг, Орхон, Төгөлдөр гэдэг аж. Охин Билгээ нь 1991 онд анх зохиогдсон Монголын гоо бүсгүйн тэмцээнд “Есөн эрдэнэ”-ийн нэг болж байсан, Шүд, эрүү нүүрний мэс заслын төвийн орлогч даргаар ажиллаж байгаад Японд докторын зэрэг хамгаалсан, шүдний хувийн эмнэлэг ажиллуулж, үйлчлүүлэгч нарт дарагдсан газар байдаг аж. Ямар сайндаа л аав нь шүдээ янзлуулъя гэхэд “Аав та хоёр долоо хоногийн дараа л үзүүлэх дугаар байна” гэж байхав дээ. Хүргэн Ш.Батцэнгэл нь “Юнайтед машинери”, Э.Энхбат нь “Хөх Монгол” компанийн захирал бол бас нэг хүргэн Эрдэнэчулуун хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Охин Ж.Булгаа зээ Ирмүүндорж, Дариймаа, Тэлмэн нарыг, отгон охин Ж.Энх-Оюун нь Наранзаяа, Аминзаяа, Гэгээнзаяа нарыг төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болцгоожээ. Жигжид гуайн ажлын өрөөнд бүрэн мөнгөн тоноглолтой сайхан монгол эмээл, мөнгөн хазаар, бүүрэгт нь өлгөсөн ташуурын хамт нүдэнд тусав. Ноднин төрсөн өдрийнх нь баяраар гэргий нь “Монгол хаад” цуврал ботиудыг, хүүхдүүд нь “Таны нутаг бол эмээлийн орон билээ” гэж аавдаа уг эмээл, хазаарыг бэлэглэжээ. Эрчим хүчний дэд сайд асан Энхтайван “Гоё халиун”-ыхаа төлийг бэлэглэсэн үе ч таарч ихэд бэлгэшээжээ. Саяхан “Тоотой насны тохиол тавилан” номынх нь хурим болоход УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ц.Цэнгэл нар хоёр хөгшинд тус бүр хурдан азарганыхаа төлийг ч бэлэглэхээр амлаж. Жигжид гуай “Манайх ядуувтар айл байсан болохоор гурав дөрөвхөн морьтой байсан. Нэг сайхан хонгор морь, шувуу шиг хоёр бор морьтой. Аав мал тамлана гээд морь уядаггүй. Нутгийн алдартай уяач Чунаг гуай л хоёр бор морио зарчих гэж их шалдаг байлаа. Би ч морь малд нэг их хорхойсоод байдаггүй. Гэхдээ монголчууд морины гайхамшгаар л дэлхийг хураасан. Хубилай хааны үед Адууны яамтай хүртэл байлаа” гэж хуучлав. Бичгийн ширээнийхээ хажуугийн тавиур дээр олон гаанс тавьж. Түүний цуглуулах дуртай зүйлсийн нэг нь чамин гаанс ажээ. Хорь гаруй гаанстай гэж байгаа.

Ажлын өрөөнийх нь цаана бас нэг өрөө байна. Цагаан эсгий битүү дэвссэн эл өрөөндөө улавчаа ч тайлж орох юм. Анзаарвал, бурхан тахил, аав ээжийнх нь хөрөг, авсан шагнал гээд нарийн нандин бүхэн нь энд байдаг аж. Аравдугаар ангиа төгссөн Б.Жигжид ЗХУ-ын хувьсгалч С.М.Свердловын нэрэмжит Уралын Политехникийн дээд сургууль буюу одоогийн Екатеринбургийн Технологийн их сургуулийн оюутан болж. Энэ сургуулийг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Рыжков, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар төгссөнөөрөө алдартай. Хэлний бэлтгэлд суугаагүй очсон болохоор хичээл нь анхандаа Гималайн оргилд мацахаас ч бэрх зүйл байж дээ. Яваандаа орос оюутан нөхдийнхөө дэмээр хэл усандаа зүгширч цагааширсаар дараагийн хичээлийн улирлаас онц сурлагатан болсон байна. Онц сурлагатан болсноор ар гэрээсээ санхүүгийн дэмжлэг тааруу, арилжаа наймаа хийдэггүй Жигжид Зөвлөлтийн албан байгууллагын гүйцэтгэх ажилтны цалинтай дүйцэх 90 рублийн цалин авч эхэлжээ. Үүгээрээ аав, ээж, дүү нартаа ховор живэр зүйл аваачиж өгнө. “Битлз” хамтлаг ид хүчээ авч байсан үед нэг өрөөнд амьдардаг Б.Жигжид, Ц.Баасандорж, Л.Данзан нар нэг орос найзтайгаа нийлж хамтлаг байгуулан “Весна УПИ” фестивальд оролцон “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг дуулан дахиулж, “Дүвчин унзад” дуугаар урлагийн наадмын хоёрдугаар байр эзлэн Хар далайд 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэгэхэд тэд банзан гитарыг цахилгаан болгож өсгөгч залган тоглосон гэдэг. Жийгээ сайд энэ түүхийг ярингаа сэтгэл нь хөдөлж, өрөөндөө буй гитарыг аван, бичгийн ширээнийхээ өмнөх буйдан дээр суун баруун хөлөө товшин тоглож эхэллээ. Аав, ээж, нутгийн тухай сэтгэлийн утас хөндсөн дуунаас ганц нэг бадаг дуулж сонирхуулснаа “Тунгалаг Тамир” дээр Итгэлт “Ичмээр дамшиг даа” гэдэг шиг зүйл үзүүлье” гээд “Амьдрал аа гэж…”, “Сэтгэл ээ гэж…” гэсэн нэртэй хоёр цомог гаргаад ирдэг юм байна. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын шахаж шордсоор байж бичүүлсэн гэх цомгийг нь сонсоод “Хүний авьяас гэдэг ямар гайхамшигтай, бас далд мөн чанартай юм бэ” гэж гайхах сэтгэл төрөв. Ардын болон нийтийн тавь гаруй дууг үнэхээр сайхан дуулжээ. Зүгээр ч нэг уран сайханч нөхөр биш юм. Монголын үндэсний радио, FM-үүдээр түүний дуунууд нэр усгүй явдаг гэж байна. Учир нь энэ хоёр цомгоо олон нийтэд биш хамаатан садан, хамт олондоо дурсгадаг, тэрийг нь араажавууд “будаа идэн” нэвтрүүлдэг болжээ. Бас ч үгүй нэлээд алиа зантай бололтой, “Орчин үед “Задгай цагаан үүл” ийм үгтэй болсон байна ш дээ хө” гэснээ

“Жинсэн өмдтэй гарсан юм сан

Жиндээ болов уу, яагаа бол.

Жирэмсэн намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу, яагаа бол” гээд хангинуулж байна. Жигжид гуай ДБЭТ-ын дууны найруулагч Ц.Буян-Оршихтой хамтран “Санаад байна” гэсэн сайхан дуу зохиосноо цомогтоо дуулж оруулжээ. Ая зохиогч Буян-Оршихыг “Айраг шуугин шуугин иснээ хө, айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө” гэдэг Ж.Раднаадаргиагийн шүлэг “Хуртай зуны аялгуу” дууны зохиогч гэдгээр ард түмэн мэднэ дээ. Биднийг ид урлагийн увдист урхидуулж суутал гаднаас “Өвөө, өвөө” гэсэн цолгиун дуу гарч зээ охин нь гүйн орж ирж өвөөдөө үнсүүллээ. Ач, зээ нараас нь энэ Гэгээнзаяа охин ёстой нэг жаатай, өвөөгийнх нь хэлснээр “галзуу” нэгэн гэнэ дээ. Энэ үгийг тэрээр зээ охиноо бахдсан аясаар хэлсэн юм. “Энима” компанийн захирал, отгон охин Ж.Энх-Оюун нь охидтойгоо иржээ.

Хойно сургуулиа төгсөж ирээд, 1969 онд Эрчим хүчний төвийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн Б.Жигжид Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр жилийн дараа томилогдож, улмаар НАААҮЯ-ны орлогч сайдаар 1984 оноос томилогджээ. Тэрээр ажил алба эрхэлж эхэлснээсээ хойш ар гэрийн бараа ч харах завгүй, ганц удаа ч кино үзэлгүй, театрт очилгүй хориод жил болж байтал 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны сайдаар томилогдсон байдаг. Дараагийн сонгуулиар гарч ирсэн П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн яамыг толгойлж, 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар томилогдлоо. Шинэ мянганы босгон дээр Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайдын албыг хашиж, Монгол-Туркийн, Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажилласан тухай нь сонсоход нэгэн хүний дааж давамгүй ачааг үүрэн гарсан нэгэн болох нь анзаарагдана. Таван Засгийн газарт сайдын алба хашиж Монгол төрийн дархан түшээ болсон эл эрхмийн бүтэн өдрийн яриаг бүгдийг сонины нэгээхэн дугаарт багтаах аргагүй аж. Б.Жигжид Монгол Улсынхаа төлөө ажил амьдралын олон салбарт хонины морь мэт зарцлагдсан нэгэн гэлтэй.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги”, “Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх” зэрэг томоохон төслүүдийг санаачилж, Дэлхийн банкны ерөнхийлөгч Вульфонсонтой гэрт нь уулзан хандив тусламж авчирч, Налайхын уурхайн осол, цахилгаан станцын дээврийн нуралтын халуун цэгт ханцуй шамлан ажиллаж явсан хүн. Түүний хашаанд буй монгол гэрт халаалттай хойморт нь тухлан айраг шимж суухдаа одоо ямар алба эрхэлж буйг нь асуувал “Монголын, Азийн супер сүлжээ” нийгэмлигийн ерөнхийлөгч, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны тэргүүн, Усан хангамжийн ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн зохицуулагч зэрэг өчнөөн алба хашдаг ажээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ