Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхболд: “Өдрийн сонин”-д манай компанийн тухай нийтлэл гарсны дараа санаанд багтамгүй их захиалга ирлээ

-“ИХ ИНХМЭЛ” ХХК АЖИЛЧДАА НЭМЖ,

УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ-

Манай сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах бо­ломжтой болжээ” нийтлэл хэвлэгдсэн. Уг нийтлэлийн дараа манай сонины редакц руу олон зуун хүн утасдаж халаалтын шинэ технологи нэвтрүүлсэн “Их инхмэл” ХХК-тай холбож өгөхийг хүссэн юм. Тус компанийнхан ч гэсэн сонинд нийтлэл гарсны дараа захиалгаа дийлэхгүй болтлоо ачаалалтай ажиллаж байгаа аж. Ингээд “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболдманай сонины редакц дээр ирж нийтлэлийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа ярилаа.

Манай сонинд хэвлэгдсэн нийтлэлийн дараа маш олон хүн бидэнтэй холбогдсон. Танайх руу бас олон хүн залгав уу?

-Манай компанийн тухай, бидний үйлдвэрлэж байгаа халаалтын радиаторын тухай мэдээлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн. Лхагва гаригийн өглөө найман цагаас эхлээд бидэнтэй холбоотой утаснууд зогсоо зайгүй хангинаж эхэлсэн. Манай компани байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн тавдугаар сараас албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мэдээж хэрэг шинээр байгуулагдсан компани олон нийтэд танигдаж, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болно гэдэг хүнд бөгөөд хамгийн гол ажил байдаг. Ингэж олонд танигдаж хүмүүст бизнесээ сурталчлахад танай сонины дэмжлэг үнэлж баршгүй тус боллоо. Бидний шинээр нэвтрүүлж буй шинэ технологитой халаалтын системийн тухай сурвалжлага нийтлэгдсэнээс хойш миний болон манай компанитай холбогдох утаснууд зогсоо зайгүй дуугарч байна. Нэг утсаар компанийнхаа тухай мэдээллийг өгч байхад нөгөөх нь зэрэгцээд дуугарч байх жишээтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр “Өдрийн сонин” үнэхээр хүчтэй юм. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд маш том түүчээ болж байдаг юм байна. Манай компанийн хамт олон сэтгэл их өндөр байгаа. Үнэхээр их баярлалаа.

Бүр хаа байсан Америкаас хүртэл утасдаж байна лээ?

-Харин би бас их гайхаж байна. Америкаас залгаад “Баянхошуун дахь аавынхаа гэрт халаалтын систем тавиулмаар байна. Хэдэн төгрөг болох вэ. Мөнгийг нь дансаар шилжүүлчихье” гэж ярьсан. Бас Чилид амьдарч байгаа эмэгтэй холбогдсон. Гэр нь арвангуравдугаар хороололд байдаг юм байна. Хангалттай дулаахан биш болохоор 12 секцтэй паар тавиулъя гэсэн. Би өөрөө хүртэл сониноо харж амжаагүй байхад хаа байсан өмнөд Америкаас ингэж утасдахад үнэхээр гайхсан. Бүр гайхаад хаанаас мэдээлэл авсан бэ гэхэд “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn хаягаар дамжуулан цахим сонин уншиж байдаг юм байна. Гадаадад байгаа монголчууд маань дээрх сайтаар дамжуулан эх орондоо өрнөж буй үйл явдал, шинэ бүтээн байгуулалтын тухай мэдээллийг цаг алдалгүй авч байдаг ажээ. Бас орон нутгаас олон хүн холбогдлоо.

Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээгээ яаж хүргэдэг юм бэ?

-Дархан, Эрдэнэт болон Өмнөговь аймагт өөрсдийн салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо захиалгын дагуу хүргэлт хийж байна. Танай сонины нийтлэлийн дараа орон нутгаас олон хүн ярьж халаалтын систем тавьж өгөөч гэж утасдсан. Гэхдээ ганц нэгэн айлд халаалт тавьж өгөх гээд хол аймаг руу явах хэцүү. Тиймээс ямар ч хүн уншаад ойлгох хэмжээний гарын авлага хэвлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Халаалтын систем худалдаж авч байгаа хүн зааврын дагуу гэртээ суурилуулах боломжтой болох юм.

Захиалга хэр байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд танай сонин дээр мэдээлэл гарснаас хойш захиалгаа гүйцэхээ больсон. Хүн бүрт хүрч ажиллахыг хичээн ажиллаж байгаа болохоор ажиллах хүчээ нэмлээ. Манайхтай өмнө нь хамтарч ажиллаж байсан бригадууд байдаг. Тэднийгээ дуудаж байна. Ажлын цагийн хуваариа бас уртасгалаа. Ээлжээр ажиллах төлөвлөөгөтэй байгаа. Хэдхэн хоногийн өмнө бид 18 цагт тардаг байсан. Харин сүүлийн хэдэн өдөр шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Манайд хандсан хэрэглэгч захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа халаалтын системийг нь хүргэж өгч байгаа.

Танайх халаалтын радиаторт хэрэглэх тусгай шингэн үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой. Өдөрт хэдэн литр шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Шингэний нийлүүлэлт хангалттай гэж хэлж болно. Манай компанийн зөвлөх инженер И.Бодийн эко аргаар гаргаж авсан шингэн шүү дээ. Бид өдөрт мянган литрийг үйлдвэрлэх боломжтой.

Мянган литр шингэнээр 12 секцтэй хэдэн паар үйлдвэрлэх вэ?

-Мянган литрээр 100 орчим радиатор үйлдвэрлэнэ. Харин халаалтын системээр тавихад харьцангуй их хэрэгтэй болдог. 6*8 хэмжээтэй 48 м2 байшинд 18-20 литр шингэн орно. Тог зарцуулалтын хувьд бусад төрлийн халаалтын системтэй харьцуулахад тун бага.

Баталгаат хугацаатай юу?

-Нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Механик гэмтлээс болоогүй, бидний үйл ажиллагаанаас хамааралтай эвдрэл, гэмтэл гарвал нэг жилийн хугацаанд үнэгүй сольж өгнө. Гэхдээ эвдэрлээ гэх юмуу ямар нэгэн асуудал гарлаа гэж нэг ч хүн утасдаж байгаагүй. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгах үүднээс баталгаа өгч байгаа юм.

Халаалтын системтэй танилцах хүсэлтэй хүн байвал хаана очиход болох вэ?

-“Peace tower”-ын 11 давхрын 1103 тоотод манай компани байрладаг. Тэндээ өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа халаалтын системийг суурилуулсан. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс манай компанийн байранд хүрч ирээд үзэж болно. Мөн 8911-9410, 9999-2878, 9191-9164 дугаарын гар утсаар холбогдоорой.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: АН 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн, түүнийг нь хийж л таарна

УИХ-ын гишүүн Ч.Хүрбаатартай ярилцлаа.

-Та нарын гишүүд МАН засагт хамтрахыг эсэргүүцэж байсан ч намын тань олонхи шийдвэрээ гаргасан. Тухайн үед зарим нь намаасаа гарах тухай ч сонстож байлаа?

-Би Ардын нам засагт хамтрах шаардлагагүй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж явах нь улс төр, эдийн засаг, нийгэмдээ хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Намын Бага хурал дээр энэ байр суурийнхаа дагуу эсрэг санал өгсөн. Намын олонхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж явах дүрэмтэй. Нэгэнт Бага хурлаас “Хамтрах нь зүйтэй” гэж үзсэн учраас асуудал шийдэгдсэн. Би өөрөө НАМ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга хүн. Бид Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаатай бодлогыг хэлж шүүмжилж байсан. Гэхдээ хамтрахын үүднээс шүүмжлээгүй.

-МАН засагт хамтарснаар ямар гавьяа байгуулах юм?

-Анзаарсан бол манайх үндсэн чиг үүргийн буюу бодлогын яамдыг УИХ-ын гишүүн хавсарч хийж болно. Засгийн кабинетийн бусад гишүүн гаднаас томилогдох ёстой гэж байсан. Яг тэр зарчмаараа манайх зургаан сайдаа томиллоо. Өөрөөр хэлбэл УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь засаг шиг ажиллах ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу байгаа. Ингэснээр Засгийн газрын алдаатай бодлогыг УИХ-ын гишүүд нь хэлж, засч явах болно гэсэн үг.

-МАН засагт орж улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас эдийн засаг дээрдэх үү гэдгийг л асуугаад байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 14 хоногийн дараа кабинетаа бүрдүүллээ. Миний эхний хүлээж байсан асуудал бол Төсвийн тодотголыг их хариуцлагатай оруулж ирэх байх гэж үзэж байсан. Гэтэл төсвийн тодотгол хамгийн хариуцлагагүй орж ирж байна. Яагаад гэвэл тэнд байгаа тооны ихэнх нь худлаа. Төсвийн орлого нэг их наяд 19 тэрбум төгрөгөөр тасарна гээд бичсэн байна. Өөрөөр хэлбэл нэг их наяд 19 тэрбум төгрөг огт орж ирэхгүй мөнгө. Тэгсэн хэрнээ төсвийн зардал хэвээрээ байгаа юм. Орлого хасагдвал зардал хасагдах ёстой. Ингээд нэг их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэхгүй бол 2015 онд өр болон шилжээд нөгөө эдийн засгийн хүндрэлийг шийднэ гэдэг маань алга болчихно гэсэн үг. Туйлын хариуцлагагүй оруулж ирснийг нь хэлж, шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл худлаа төсөв баталдаг байсан, хэвээрээ үргэлжлэх юм байна.

-Төсвийн тодотголыг МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өргөн барьсан шүү дээ?

-Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдоод нэг хоноод өргөн барилаа. Тэгэхээр Ж.Эрдэнэбат сайд ямар санхүүтэй төсөв авчихав. Эдийн засаг ямар байгаа гэх зэрэг тодорхой мэдээллйиг ирэх баасан гаригт өгөх байх. Тодорхой, бодит мэдээллийг өгөөрэй ч гэж захисан. Хамгийн гол нь одоогийн нөхцөл тийм амар биш байгаа. Өмнө нь хамаг зүйлээ нуугаад хэлдэггүй байсан ш дээ. Одоо эдийн засгийн олон бодит үзүүлэлт гарч ирэх байх гэж найдаж байгаа.

-Тэгвэл одоо эдийн засгаа сэргээхийн тулд яах ёстой вэ?

-Эдийн засагт гаргасан алдаануудаа засах ёстой. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын алдаагаа засах ёстой гэсэн үг. Яамдууд нь яам шиг ажилладаг болох ёстой. Өмнө нь яам төрийн байгууллагын түвшинд хэвийн ажиллаж чадахаа больчихсон байсан. Энэ мэтээр алдаагаа яаралтай засаад явбал байдал дээрдэх боломж бий. Нэмээд хэлэхэд Олон улсын валютын сангийнхан ирсэн байгаа. Бид уулзсан. Ингээд Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. З.Энхболд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох гээд бүлэг дээр орж ирэхд нь энэ саналыг хэлж байсан. “Эдийн засгийн алдаа гаргачихлаа. Алдаагаа хамгийн хурдан засах арга бол Олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын дунд эдийн засаг бага зэрэг дээшилж магадгүй юм байна гэсэн итгэл нэмэгдэнэ. Өөр аргагүй” гэж хэлсэн.

-Валютын ханшийг бууруулах ажлыг МАН-ын зүгээс хийх болов уу?

-Валютын ханшийг хүмүүс их энгийнээр хүлээж аваад байгаа юм. Үүний ард Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид “АН, МАН нэгдчихлээ, одоо оръё” гээд ороод ирнэ гэсэн ойлголт биш гэдгийг ухаарах ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байна. Эдийн засагтаа хэрэгжүүлж байгаа бодлого ямар байна. Цаашид ямар байх нь вэ гэдгийг их харна. Хамгийн прогматик хүмүүс чинь хөрөнгө оруулагчид. Тэгэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлогоо засах замаар эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Төрийн байгууллагууд ажиллах ёстой. Энэ ажлуудыг хийвэл жил зургаан сарын дараа эдийн засгийн хүрээгээ тэлэх боломж бий. Харин ам.долларын ханш бараг буухгүй дээ. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд засагдах хүртэл асуудал шийдэгдэхгүй. Дээр нь Монгол Улсын валютын нөөц хэр байна гэдэг хамаарна. Бас Монгол руу оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт байхгүй, 2015 он хувийн хэвшлийн гаднаас авсан зээлийн эргэн төлөлтийн оргил үе бол 2017 он Засгийн газрын зээлийн эргэн төлөлтийн оргил үе болно. Эрдэс баялгийн үнэ өсөх магадлал тун бага. Ийм ийм нөлөөллүүд бий.

-Таны хэлээд байгаа бүхнийг хийчихвэл монголчууд бага зэрэг мөнгөтэй болж магадгүй гэсэн үг үү?

-Төсвийн бодлого, мөнгөний бодлогынхоо алдааг хэр зэрэг засах гэсэн хүсэл эрмэлзэл байна. Хэр зэрэг тууштай ажиллаж чадах нь вэ гэдгээс л хамаарна. Хэлж ярьж байснаасаа эргэж буцаад байвал хэзээ ч бүтэхгүй. Үнэндээ баахан мөнгөтэй болчихоор эдийн засаг сайжирчихна гэж үзээд байж бас болохгүй. 2012 оны дараа хамгийн их мөнгөтэй байсандаа. Нийтдээ 10 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Асуудал мөнгөндөө байгаа юм биш гэдгийг харуулж байгаа хэрэг.

-Ажил хийх хүсэл эрмэлзэл гэхээсээ илүү төр засагт ажиллаж буй хүмүүсийг хөрөнгө оруулагчид хардаг юм шиг ээ. Засгийн газрын бүрэлдэхүүн итгэл төрөхүйц байж чадаж байна уу?

-Би МАН-аас сонгогдсон сайд нартаа 100 хувь итгэж байгаа. Нөгөө талаас сонгогдсон сайд нарыг би мэдэхгүй. Бусад намынхан маань сайн ажиллах байлгүй дээ. Тэд хоёр жил гаруй эрх баригч байсан. Үлдэж байгаа хугацаанд хариуцлагатай хандах байх гэсэн бодолтой байна.

-“Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг засагт хамтарсанд ямар байр суурьтай байгаа вэ. Танай намынхан эсэргүүцэж байх шиг байсан?

-Санаачлага гаргах эрх нь АН-д бий. Өөрөөр хэлбэл олон суудал авсан нам нь Ерөнхий сайдаа томилсон. Ерөнхий сайд нь УИХ-д суудалтай бүх намыг оруулна гээд заралчихсан. Тэгэхээр хэн завийг жолоодож явна тэр хүний үг хүчтэй. Завинд нь суучихаад ингэх ёстой гэж олон зүйл шаардах нь утгагүй.

-Одоо МАН 11 агентлаг, долоон дэд сайд, мөн хэмжээний Төрийн нарийн бичгийн дарга, улсын үйлдвэрийн газруудын 40 хувьд нь хүнээ томилно. Энэ томилгоо МАН-ын засаг унагах зорилго байсан юм биш үү?

-Дэд сайд, агентлагийг угаасаа авах ёстой. Авж л таарна. 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн бэ. Түүнийг нь хийж л таарна. Хийсэн арга замаар нь буцаагаад л ажиллана ш дээ. Ойлгомжтой асуудал.

-Өшөө авна гэж үү?

-Өшөө авалт биш. Нэгэнт л сайд нар нь тухайн салбарынхаа ажлыг сайжруулахаар очиж байгаа юм бол боловсон хүчинтэйгээ хамт ажлаа хийх ёстой. Шаардлага хангахгүй байгаа боловсон хүчин, улс төрийн томилгоогоор ирсэн төрийн албан хаагчдыг солих ёстой. Өшөө авалтдаа биш. Тэр нь эрүүл бөгөөд зөв шаардлага.

-Төрийн ажлын шаардлага хангахгүй гэдгийг яаж мэдэж, тодорхойлох юм?

-Хамтраад ажиллаад үзэхэд мэдэгддэг юм. Тиймээс энэ бүхэн хийгдээд явах ёстой. Н.Алтанхуягийг унагах зорилго байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл улс орны эдийн засгийг ямар нөхцөлд авчрав гэдгээр нь бид тэр хүнд хариуцлага тооцсон. Түүний дараагийн асуудал нь тухайн үеийн улс төр АН-ын санаачлага байсан. Түүнээс биш хүнийг зорилгогүй огцруулна гэж байхгүй. Огцруулах үндэслэлээ бид хэлсэн. Харин тэр дунд бид хамтармаар байна гэсэн үг, үсэг ороогүй. Бид бодлогын алдаа байгааг олон хэлсэн. Засах үйлдэл огт хийгээгүй. 2013 оноос бодлогоо цэгцэл гэж билд ярьж эхэлсэндээ. “Цаасан мөнгө хэвлээд үнэ тогтворжуулна гэж байдаггүй юм. Чингэс бонд, самурай бонд бүхнээ төсөвтөө оруулаад ир. Тэгээд төсвийнхөө тэнцлийг хуульдаа нийцүүлээд өргөн бариач ээ” гэсэн.

-Оюу толгой, Таван толгойд танайхаас хүн тавигдах болов уу?

-Би тавигдаасай гэж хүсч байгаа. Яагаад гэвэл мэдээлэл олж авч чадахгүй байна ш дээ. Тэнд ямар асуудал болоод байна, аль нь үнэн бэ гэдэг нь бүгд хаалттай. Эрх биш манайх хамтарч байгаа учраас мэдээлэл нь одоо ил тод болох байх гэж бодож байна.

-Засгийн газрын гишүүдийг томилоход та “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурчихаад байхад Монголд яагаад буурахгүй байна вэ” гэж асууж байсан. Яагаад Монголд энэ бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна?

-Би Ерөнхий сайдын өгсөн хийгээд шинээр Уул уурхайн сайд болсон Р.Жигжидийн өгсөн хариултад сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл зургаан сарын өмнөхтэй харьцуулахад газрын тосны үнэ 50 хувь буурчихлаа. Зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан. Өнөөдөр 58 ам.доллар болж хоёр дахин унасан. Хоёрдугаарт нефть импортолдог компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авна гэдэг бусад аж ахуйн нэгжээсээ даруй 400 төгрөгөөр бага буюу литр тутамдаа 400 төгрөгийн наана худалдан авалт хийж байсан юм. Эндээс эрүүлээр бодоход нефтийн төрөл зүйлийн үнэ тодорхой хэмжээгээр буурчихсан байх ёстой.

-Үнийг буулгахгүй байлгах шалтгаан нь юу юм бол?

-Шалтгаан нь бид онцгой албан татвар тавих эрхтэй. Татвар тавьж төсөвтөө мөнгө төвлөрүүлье гэсэн арга байх гэж бодож байгаа.

-Одоо нефтийн бүтээгдэхүүнээс татвар авдаггүй биздээ?

-Одоо нэмж эхлэх байх. Татвар авах үүднээс үнийг нь буулгахгүй гэсэн үг. Би эдний тархинд орчихоогүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ийм л зүйл сэдэж байгаа болов уу.

-Бас Д.Дорлигжав нэр дэвшигчийг сайд болгохоор хэлэлцэж байхад та “Увсын Засаг дарга таны нэрийг барьж аймгийн ард түмнийг айлгаж байна” гэсэн. Энэ үнэн юм уу?

-Байгаа юм нь хэр хэмжээнээсээ хэтэрсэн. Олон нийтийн мэдэж байгаагаар Увс аймгийн дарга байсан хоёр хүн ял авсан ш дээ, тэр хүний матаасаар. Тэр хүн байнга матаж манай намынхныг хэлдэг, шалгуулдаг. Бизнес эрхэлж байгаа улстөрийн хүмүүсийг хэрэгт холбогдуулж ярьдаг. Тэр бүхэндээ сая Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжавын нэрийг барьдаг. Тиймч учраас хүмүүс аймгийн ард түмний дунд болгоомжлол бий болчихсон. Үүнийг нь сайд болоход нь анхааруулж хэлье л гэж бодсон юм. Дахиад тэр Засаг дарга Увс аймагт Хууль зүйн сайдын ажлыг, Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлыг, Мөрдөн байцаах газрын даргын ажлыг хамтад нь битгий хийгээд байгаасай л гэж хүссэн юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй

УИХ-ын даргаЗ.Энх­болдын “Bloomberg TV Mongolia” телевизэд өгсөн ярилцла­гыг хүргэж байна.

-Эдийн засгийн хүндрэлийн талаар олон янзын байр суурь, үзэл бодол байгаа. Зарим нь засаглалын хямрал, улс төржилт хоосон популизм гэж байна. Гэхдээ энэ бүхний дунд нэг ойлголцол бүрэлдэж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр таны хэлсэн “Урсгалаараа яваад байж болохгүй. Хуучин хандлага солигдох ёстой” гэсэн энэ ойлголцол таны бодлоор хэр хүчтэй вэ?

-Би Монгол Улсыг айлтай зүйрлэж хэлдэг л дээ, гэхдээ өнгөрсөн долоо хоногт чуулган дээр хэлээгүй санагдаж байна. Монгол Улсыг нэг айл гэж бодох юм бол хоёр янзын айл байна л даа. Нэг айл нь гэнэт цалин, орлого нь огцом нэмэгдээд, манай эдийн засаг, төсөв гээд тоон бүх үзүүлэлт арван жилийн өмнөхөөсөө арав дахин өсчихөөд байна. Тэгээд хэрэглэхгүй атлаа хоёр, гурван машин авч тавиад, үнэтэй ресторанд орж хооллох зэргээр маш их үргүй зардал гаргах болсон. Гэтэл нөгөө орлого нэг л өдөр алга болчихсон. Тэр өндөр орлого юуных байв гэхээр түүхий эдийн үнийн өсөлтийнх байсан. Бид бүтээмжээ сайжруулаад, iPhone, Microsoft шиг шинэ бүтээгдэхүүн бодож олоод, түүнийгээ зарж ашиг олоогүй. Ердөө л зэс, төмөр, нүүрс, алт, жоншны үнэ өссөн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь 17 хувь хүрч дэлхийд гайхагдаад байсан. Яг үнэндээ бид хөдөлмөрлөөгүй. “windfall” гэдэг шиг, зүгээр байж байхад гэнэт орлоготой болсон улс. Тэр үедээ төсвийнхөө зарлагыг баахан тэлсэн. Орлогоосоо илүү тэлсэн байгаа юм. Орлого 10 дахин нэмэгдсэн байхад зарлага 12 дахин нэмэгдсэн. 2006-2007 оны үед пропицит төсөв баталж байсан байгаа юм. Пропицит гэдэг нь депицитийн эсрэг үг. Нэмэхтэй төсөв гэсэн ойлголт.

-Бусад жилүүдэд дандаа алдагдалтай…

-Бусад нь дандаа алдагдалтай. Гэхдээ зарлага бол жил бүр орлогоосоо давж өсч байсан байгаа юм. Тэгэхээр мөнгөөр туйлж байсан нөгөө айл орлого нь байхгүй болоод ирэхээр зарлагаа бууруулахаас өөр аргагүй болно. Хэрэгтэй, хэрэггүй эд зүйлс авахгүй, өндөр үнэтэй ресторанд хооллохоо больж байна. Хүссэн, хүсээгүй санхүүгийн сахилга баттай болж байгаа юм. Эсвэл сахилгатай болохгүйгээр цаашаа явах өөр арга бий. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, төмрийн үнэ өсөх цагт буцааж өгье гээд хөршөөсөө мөнгө зээлээд, зарлагаа танахгүй цаашаа явж болно. Гэхдээ энэ буруу зам. Бид одоо байгаагаасаа 10 дахин даруухан амьдарч болдог байсан. 2004 оноос өмнө буюу гэнэтийн өсөлт гарахаас өмнө. 68 хувийн татвар хүртэл тавьж байлаа. Тэр хандлага руугаа дөхье, бид болоод л байсан улс. Ийм тансаглал байгаагүй.

Бид эдийн засгаа хэтэрхий хурдан тэлсэн учраас одоо төсвөө нэг их наяд төгрөгөөр агшаах бололцоо байна гэж үзэж байгаа. Энэ нэг их наяд төгрөгийн таналтыг хаанаас хийх вэ гэдэг асуудал бий. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй, энэ арга хэмжээ хатуудна, тийм татаасыг ч хасаж болохгүй гээд байх юм бол ажил явахгүй л дээ.

Асуулт маш энгийн. Энэ төрөөс үзүүлэх үйлчилгээ мөн үү гэдэг энгийн асуултаас эхлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хариулт олдоно. Улаанбуудай, арьс ширний салбарт төрөөс олгодог урамшуулал байна. Үүнийг насан туршид нь өгнө гэж төр амлаагүй. Улаанбуудайн зах зээл сайжирч, хэрэгцээгээ хангадаг болтол гэдэг нөхцөлтэйгөөр анх татаас өгч эхэлсэн. Одоо бол нөхцөл харьцангуй сайжирч, ерөнхийдөө хэрэгцээгээ хангаж эхэлж байна. Тэгэхээр энэ мэт төрийн дэмжлэг болгон үзүүлж байсан богино хугацааны зарим татаасуудаа бүгдийг нь эргэж харах хэрэгтэй.

-Энэ асуудалд эдийн засгийн хүндрэл тулгарч байгаа энэ үед анхаарах, төвлөрөх шаардлагатай гэж та харж байгаа юу. Эсвэл цааш үргэлжлэх ёстой юу?

-Энэ бол удаан хугацаанд үргэлжилж, ямар ч байсан Монгол Улс алдагдалгүй төсөв батлах боломжтой болох тэр цаг үе хүртэл үргэлжлэх ёстой.

-Төсөв танана, цомхотгол хийнэ, таналт хийнэ гэдэг шийдвэрийг олон нийт мэдээж таатайгаар хүлээж авахгүй. Тэгэхээр төвлөрлийн энэ цэгийг яаж тодорхойлсон бэ?

-Хүссэн, хүсээгүй үүнийг парламент хийхээс өөр аргагүй. Ойрын хугацаанд 2015 оны төсвийн тодотгол өргөн баригдана. Энэ байгууллага хэрэгтэй юу, үгүй юу гэдгээс ажлаа эхлэх хэрэгтэй. Шууд тодорхой хувиар цомхотгол хий гэдэг аргаас Ерөнхий сайд татгалзаж байна гэдгээ хэлсэн. Тэр бол механик аргаар, ухаан зарахгүй, хамгийн хялбараар шийдэж болох гарц байгаа юм. Тэгэхээр шууд 10 мянган хүнийг ажлаас нь хална гэдэг гарцаас татгалзаад, “Энэ байгууллага хэрэгтэй юу, энэ байгууллагын үзүүлдэг үйлчилгээ төрийн үзүүлэх ёстой үйлчилгээ мөн үү, биш үү” гэдгээс асуудлаа эхэл гэж байгаа юм. Энэ олон үр ашигтай эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгж төрийн мэдэлд байх ямар хэрэгтэй юм. Чадах юм бол зах зээл дээр амьдар, үгүй бол зарагдах ёстой. Заавал төрөөс тамга хийгээд байх утгагүй. Энэ мэтээр цэвэр хувийн хэвшил хийх боломжтой ажил үйлчилгээ төрд дэндүү олон байна.

Хямралыг УИХ боломж гэж харж байгаа. Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна. Хэрэв гэнэтийн орлого хэвээрээ байсан бол бид энэ байдал руу орохгүй, үрээд л яваад байх байлаа. Гэтэл орлого байхгүй болсноороо бидэнд нөхцөл байдлыг эргэж харах цаг болсныг сануулж байна. Мөн үүний зэрэгцээ мөнгө зээлээд үрэлгэн хэвээрээ цаашаа явах уу, хасалт таналт хийгээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх үү гэдэг шийдвэрээ гарга. Энэ хоёрын алийг сонгохоо нэн даруй шийд гэж байгаа юм. Хагас жилийн дараа биш, жилийн дараа биш.

-Дотоод асуудлыг ярилцахын өмнө нэг зүйлийг асууя. Эдийн засагт тулгамдсан хамгийн том бэрхшээл бол гадаадын хөрөнгө оруулалт. 2011 онд 4 тэрбум гарч байсан бол одоо 1 тэрбум хүрэхгүй байгаа нь огцом бууралт. Парламентын зүгээс, таны харж байгаагаар гаднын хөрөнгө оруулалтыг хамгийн богино хугацаанд үр өгөөжтэйгөөр татах аргыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Энэ Их Хурал байгуулагдсан цагаасаа эхлээд энэ асуудалд анхаарал хандуулж, зарим хүний хэлдгээр “муу нэртэй” хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад хурдан өсчихгүй байна. Шалтгаан нь итгэлцлийн асуудал.

Нөгөөтэйгүүр, гадаад эдийн засгийн байдал нөлөөлж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татаж байсан хамгийн том хөшүүрэг бол уул уурхай. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхай хөрөнгө татна. Харин үнэ нь уначихаар хөрөнгө оруулагчдад эрхзүй, бизнесийн ямар ч сайн нөхцөл бүрдүүлж өгсөн хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Учир нь тэндээс ашиг олохгүй. Ашиг олохгүй зүйлд хэн хөрөнгө оруулах вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын огцом өсөлтийг АН засгийн эрхийг бариад эсвэл АН-ыг сонгуульд ялахын өмнөхөн гарсан хоёр хуультай холбож ярьдаг. Урт нэртэй хууль болон стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд. Аль, аль нь миний даргалж байгаа одоогийн УИХ-ын ажил биш. Түрүүчийн УИХ-ын үед гарсан асуудал. Тэр хуулиас болж, мэдээж сөрөг хандлага үүснэ. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.

Том нөлөө үзүүлсэн өөр зүйл бий. 4 тэрбум хүрээд байсан гаднын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгой байсан юм. Оюутолгой төслийн хүрээнд, тодорхой хугацаанд үйлдвэр барьсан. Хөрөнгө л оруулахын тулд биш тодорхой зорилготойгоор үйлдвэр байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаандаа дууссан. Бүтээн байгуулалт дуусахаар хөрөнгө оруулалт зогсох нь дамжиггүй. Жил болгон тэрбум, тэрбумаар орж ирж байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дууссан. Дуусахаар яах уу, нөгөө компани хөрөнгө оруулалтаа зогсооно. Үйлдвэрийн эхний үе шат баригдаж дууссан. Хоёрдугаар үе шат руу хөрөнгө хийх байсан уу гэвэл байсан. Үүн дээр гацаа үүссэн нь үнэн. Оюутолгойг дагаж ирдэг жижиг хөрөнгө оруулалтууд Оюутолгойг харзнан хойш суусан. Энэ бол үнэн.

Хамгийн бодит шалтгаан бол баригдах ёстой үйлдвэр дууссантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Манайх шиг жижиг эдийн засагт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа юм. Бид 40 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан бол 10 хувийн оролт, гаралт мэдэгдэхгүй. Гэтэл манай нийт эдийн засаг 10 тэрбум ам.доллар. Түүн дотор Оюутолгой гэдэг ганцхан том үйлдвэр орж ирээд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад, тэр нь дуусмагц тэг болчихож байна. Үлдсэн жижиг хөрөнгө оруулалтууд хоорондоо нийлээд ч тэр хэмжээг нөхөж чадахгүй.

Үүн дээр Засгийн газар, УИХ-ын алдаа нь Оюутолгойн араас залгаад явах ёстой тэрбум ам.долларын хэмжээтэй олон хөрөнгө оруулалтыг татах, зохион байгуулах нөхцөлийг хангах ажил хийгээгүйд байгаа юм. Оюутолгойг харж баясаад, дагаж давхиад байсан болохоос биш, Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусах цэгтэйг тооцоогүй. Товлосон хугацаандаа энэ хөрөнгө оруулалт зогсохоор залгаад Таван толгой, хий, эсвэл төмөр замын ч юм уу төслийг хэрэгжүүлэхээр бэлтгээгүй байсандаа гол алдаа нь байгаа.

-Бусад том төслүүдийг орхигдуулсан байсан юм уу?

-Тийм бодол байгаагүй. Үргэлж түүхий эдийн үнэ өндөр байх юм шиг, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсохгүй юм шиг бодож явсан нь бидний алдаа.

-Нэгэнт нэр дурдагдаж байгаа учраас гаднын хөрөнгө оруулалтын хурал, чуулган, форум болгон дээр байнга яригддаг “Оюутолгой хэзээ урагшлах вэ” гэдэг асуултыг энд асуухгүй өнгөрч болохгүй нь. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй ч гэлээ гаднын хөрөнгө оруулагчид болон уг асуудлыг сонирхож байгаа талуудад цаг хугацааны баримжаа өгөх боломжтой юу?

-УИХ-ын зүгээс Оюутолгойн асуудал дээр тодорхой байр суурьтай байгаа. 2010 онд гэрээ байгуулахыг Засгийн газар зөвшөөрсөн. Ажил эхэлж, эхний шат дууссан. Хоёр дахь шатны ажил дээр Монголоос мөнгө гаргахгүйгээр, Монголын талыг мөнгө гаргахад зөвшөөрлийг нь авахгүйгээр 60 жилээр ажиллах ийм гэрээтэй улс. Бидэнд баялаг, тэдэнд технологи, хөрөнгө байсан. Ингэж л хамтарсан. Одоо ажлаа хий. Монгол Улсын зүгээс хүлээсэн үүргээ бүгдийг биелүүлсэн. Одоо гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Зүгээр л урагшаа хараад, ажлаа хий. Тэд мөнгөтэй, технологитой байсан. Зүгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл, үйлдвэр тасралтгүй ажиллах ёстой. Хоёр дахь шатанд хөрөнгө оруулалт хэрэгтэй бол өөрсдөө олж, оруулж, ажиллуулах үүрэгтэй. Түүнээс Монгол Улс ийм үүрэг хүлээгээгүй. Монгол Улс бол хөрөнгө оруулагч биш. Уурхай манай нутаг дээр байна. Бид хуулиа хүртэл өөрчилж байгаад хөрөнгө оруулагч талын хүсэлтээр олон зохицуулалт хийсэн. Одоо зүгээр л ажлаа хий.

-Монголын талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан гэдэг буруу ойлголт байв уу?

-2012 онд Монголын талаас тийм хүсэлт явуулсан. Нөгөө тал зөвшөөрөөгүй учраас больсон. Одоо бол хөрөнгө оруулагч “Гэрээндээ өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, рояалти тооцох аргачлалыг өөрчилье гэж байгаа. Бүх компаниас нэг л аргачлалаар рояалти авдаг. Зөвхөн Оюутолгойд таарсан аргачлалыг бид зохиож болохгүй. Тэгвэл хууль зөрчинө.

Рояалти тооцдог манай аргачлалд асуудал байгаа бол ярилцъя. Түүнээс татварын газар Оюутолгойгоос рояалти авах тусгай аргачлал, дүрэм зохиож болохгүй. Асуудал байгаа бол судалъя. Түүнээс нэг компанид зориулсан татварын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Татварын хууль бүх компанид адилхан үйлчилж байгаа учраас тэрийг бид өөрчлөх эрхгүй л дээ. Засгийн газар, УИХ-ын хувьд ажил хэвийн явж байгаа. Цаашид элдэв юм ярилгүй ажлаа л үргэлжлүүл гэж байгаа.

-Таван толгой, эсвэл нүүрс хийжүүлэх гэх зэрэг томоохон мега төслүүдийн хэтийг та хэр өөдрөгөөр харж байна вэ. Ганц гялайлгаж, гялтайлгаж байсан түүхий эдийн үнэ уначихсан энэ нөхцөлд таны санааг зовоохоор хэр олон зүйл харагдаж байна вэ?

-Түүхий эдийн үнээс хэт хамааралтай эдийн засаг бий болгосон буруугаа засах хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэ маргааш унавал, дахиад бид өртөнө.

Нэг тонн нь 50 ам.доллар руу орж байгаа 60 хувьтай төмрийн хүдэр, мөн хэмжээтэй нь 70 ам.доллар хүрч байгаа коксжих нүүрсээ бид түүхийгээр экспортолдог. Энэ хоёр төрлийн түүхий эдийг нийлүүлээд, зууханд шатаачихаар нэг тонн нь 500 орчим ам.доллар хүрэх хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох юм. Ширэм, /pig iron/ ч гэж нэрлэдэг. Дэлхийн зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний 500 ам.доллар гэдэг ханш харьцангуй тогтвортой байгаа хэрнээ үүний орц болох хоёр төрлийн түүхий эдийн үнэ огцом хэлбэлзэж байгаа юм. Бараг 170-180 ам.доллар байсан коксжих нүүрс 70 ам.доллар болчихоод байхад ширэмний үнэ 500 ам.доллар хэвээрээ байна. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлээд, зууханд хийж шатаагаад, тэрийгээ экспортолж байсан бол бид хямралд өртөхгүй. Хэдийгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч гэсэн. Цаашилбал, 1000 ам.доллар болон үүнээс дээш үнэтэй ган хийцүүд, лист, янз бүрийн цувимал, машины эд ангиудын үнэ нь тогтвортой л байгаа.

-Нэг талаас эдийн засгийн энэ хүндрэл үйлдвэржээгүйн сул тал гэж харж болох уу?

-Үйлдвэржээгүй учраас бид өртөж байгаа юм. Дахиад хэлье, түүхийгээр нь гаргадаг төмрийн хүдэр, коксжих нүүрсээ нийлүүлээд, зууханд шатаан ширэм болгочихдог байсан бол өнөөдрийн хямралд Монгол өртөхгүй. Үүнтэй адил жишээ салбар бүрт бий. Зэсээ бид зэс болгодог байсан бол хямралд өртөхгүй байх байлаа. Ширэм хийдэгсэн бол хямралд өртөхгүй байлаа, өөр ямар түүхий эд байна түүнийгээ бүтээгдэхүүн болгодог байсан бол. Үйлдвэржээгүйнхээ горыг амсаж байна. Үйлдвэржилт гэж маш их ярьсан ч бодит байдал дээр юу ч хийгээгүй.

-Энэ байдал зөвхөн уул уурхай биш барилгын салбар болон бусдад нь ажиглагдаж байгаа юу?

-Төгрөгийн ханш хэцүү болж байна гэж ярьж байгаа. Ханш бол бодит эдийн засгийн тусгал болохоос Эдийн засгийн сайд Батбаяр зохиодоггүй юм. Ханшийг хүн зохиодоггүй, бидний оруулж байгаа, олж ирж байгаа болон гадагшаа зарж байгаа валютын урсгалын тэнцэл юм. Гэхдээ валютын ханшийн өсөлт биднийг үйлдвэржилт рүү түлхэж байгаа. Ам.долларын үнэ өсөхөөр гаднаас бэлэн юм авахад өртөг өндөр болно. Тэгэхээр оруулж ирэх гээд байгаа зүйлээ энд үйлдвэрлэх нь ашигтай болоод байгаа юм.

Рублийн ханш төгрөгөөс илүү уналаа. Үүнтэй холбоотой Оросын Ерөнхийлөгчийн яриа зурагтаар гарч байна билээ. “Бидэнд импортоос хамааралгүй амьдрах, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж гэж үүнийг харж байна. Түүнээс энэ бол гамшиг болж, улс орон сүйрэх гэж байгаа хэрэг биш. Бид зүгээр л хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байсан. Өөрсдөө хийж болох юмыг гаднаас авдаг байсан. Үүнийг ханш зогсоож өгч байна” гэж Путин онцолсон. Үүнтэй яг адил төгрөгийн ханшийн сулрал дотоодын үйлдвэр хөгжихөд тус болж байгаа юм. Бүх юмаа битгий гаднаас ав, чадах юмаа өөрсдөө хий гэдэг шаардлага. Дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмж байгаа хэрэг. Ирэх жил гэхэд л цемент, арматур импортлох шаардлагагүй болж байгаа.

-Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон юм уу?

-Энэ бол барилгын салбарын өсөлт дотооддоо үлдэнэ гэсэн үг. Урьд бол энд барилгын салбар өсөхөд хамгийн ойрхон Хятадын үйлдвэрлэгчид хожоод өнгөрдөг байсан. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн Бэрэн металл, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бий, дараагийн цементийн үйлдвэр говь руу байгаа. Ирэх жилээс энэ үйлдвэрүүдэд барилгын салбарын өсөлт шингэж, ажлын байр нэмэгдэн, нэмүү өртөгийн ашиг энэ үйлдвэрүүдэд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөх сан руу явна.

-Мөн валютын гадагшлах урсгалыг хумина?

-Валютын гадагшлах урсгал багасахаар ханшид эерэгээр нөлөөлнө.

-“Үйлдвэржилт гээд ярихаар үүнийг хийх урт, удаан хугацааны бодлого Монгол Улсад бий юү” гэдэг асуулт гарч ирж байна. Аль нэг нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд гарахаар аливаа бодлого, чиглэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд явчихдаг. Хойдох нь өмнөхөө үгүйсгээд ч юм уу?

-Сонгуулийн дөрөвхөн жилийн циклдээ тааруулж бодлогоо хэтэрхий, хамаагүй өөрчилснийхөө горыг бас амсаж байна. Үйлдвэржүүлэх бодлого 10, 20, 30 жилээр тогтвортой явахгүй бол 4, 4 жилийн циклээр хийх боломжгүй ажил. 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барих хугацаа нь дөрвөн жил. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 10 ба түүнээс дээш жилээр яригдана. Тэгэхээр, нэг үйлдвэр байгуулж, тогтвортой ажиллуулан, үр ашгийг нь үзье гэвэл наад зах нь 15-20 жил болж таарна.

Орчин үеийн үйлдвэрлэл их өөрчлөгдөж байна. Юуны өмнө бид үндсэн хэрэгцээгээ хангах зүйлсээ үйлдвэрлэж таарна. Дараа нь бусад улс, дэлхийн зах зээл рүү юу нийлүүлэх вэ гэдэг асуудлыг тооцох болно. Давуу тал, харьцангуй давуу тал гээд янз бүрийн онол бий л дээ. Ядаж л бид түүхийгээр нь экспортолж байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс хоёроо нийлүүлээд шатаахад л тогтвортой, олон мянган ажлын байр бий болно. Сайншандын гангийн үйлдвэрийн талаар ярьсаар дөрвөн жил болж байх шиг байна. 10 сая тоннын гангийн үйлдвэр гэдэг 10 тэрбум ам.долларын экспортын орлого. Оюутолгой өнөөдрийн байдлаар хоёр тэрбум ам.долларын экспорт хийж байгаа гэхээр энэ бол таван Оюутолгой гэсэн үг.

Гэтэл таван Оюутолгойтой тэнцэх Сайншандын гангийн үйлдвэртээ сүүлийн Засгийн газар анхаарал хандуулаагүй л явж. Хямрал болонгуут юунд анхаарал хандуулалгүй орхигдуулснаа гэнэт ойлгож байгаа байхгүй юу. Хямрал болоогүй бол эдийн засгийнхаа согогтой талыг олж харахгүй, үүнийг ойлгохгүй, зүгээр л “Business as usual” гэдэг зарчмаар юу ч өөрчлөгдөхгүй яваад л байна. Түүхий эдийн үнэ унаснаар манай эдийн засгийн энэ бүтцийн гажгийг маш тод харуулсан хэрэг.

-Тэгэхээр 2015 онд хамгийн хүнд шийдвэрүүд бидний өмнө хүлээж байгаа, тэр нь Засгийн газар болон УИХ-ын хувьд хүнд цаг үе байх нь гэж ойлгож болох уу?

-Хамгийн хүнд шийдвэрийг хоёр хоногийн дараа өргөн барих гэж байна. Төсвийн тодотгол. Тэндээс улстөрчдийн хүсдэггүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэрийг гаргахгүй бол бүр хэцүү байдал хүлээж байгаа. Яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэх гэж байна.

-Та хямралын үеийн парламентыг удирдаж байна. Нөгөө талаас сонгуульд оролцох улс төрийн хүчний дарга. Тиймээс сонгуулийн өмнөхөн чухал шийдвэрүүд гаргах нь байна. Тэгэхээр олон нийтэд таалагдах ч үр дүнтэй биш шийдвэр гаргах, эсвэл олон нийтэд таалагдахгүй ч гэлээ улс орны хувьд хэрэгтэй байх шийдвэрүүдийг гаргах гэдэг сонголт гарч ирнэ. Сонирхоод асуухад та энэ балансыг нь хэрхэн барих вэ?

-Саяхан УИХ дээр Ч.Сайханбилэг сайдын Засгийн газрыг байгуулахдаа байгуулсан гэрээ, тохиролцсон зүйлийн гол нь “УИХ-д суудалтай бүх нам нэг жил хагасын дараа болох сонгуулиа умартаад, эдийн засагт анхаарлаа хандуулъя. Сонгуулиа бодоод байвал эдийн засгийг бүр унагах нь байна. Тиймээс сонгуулийг мартъя. Харин эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх Засгийн газрыг хамтарч байгуулъя. УИХ-д суудалтай намууд нь өөрсдөө сонгуульдаа бэлтгэцгээе. Харин энэ Засгийн газар улс төр бодолгүй, эдийн засгийн хямралаас улс орноо хохирол багатайхан гаргаад өг” гэдэг асуудал байна.

Ер нь хохирол амсах нь тодорхой. Манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй байсан. 70-80 жилээр нь ярихаа больё, сүүлийн 20 жил энэ өрөөсгөл бүтцээ өөрчилж чадаагүй нь бидний алдаа. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин том үйлдвэр барьсан ч гэсэн гажиг нь хэвээрээ л байгаад байна. Өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй гажиг байсаар байна. Валютын ханш импортыг өөгшүүлсэн. Энд юм үйлдвэрлэснээс гаднаас зөөгөөд ирэх нь илүү хялбархан байсан. Одоо харахад том гэгдэж байгаа бүх бизнес импортлогчид байна. Монголын хамгийн том нефтийн компани гэхэд л нефть импортлогч л байна. Машин гэхэд л бүгд импорт. Тэгэхээр бид өөрсдийн хийж чадах юмыг, дэлхий нийтэд өрсөлдөж чадах зүйлээ хийлгүй удсан, цаг алдсаны төлбөрөө өнөөдөр төлж байна. Хямралыг далимдуулаад, бушуухан аж үйлдвэржих бодлогоо хэрэгжүүлье. Ядаж амьдрах сууцаа барихдаа хэрэглэдэг материалуудаа импортоор авахаа больё. Иймэрхүү байдлаар дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажил явуулах гэсэн хүмүүсийг урамшуулж байгаа энэ нэг хөдөлгөөн байна. Хүссэндээ биш, буланд шахагдаад зайлшгүй хийж байгаа энэ хөдөлгөөнөө улам эрчимжүүлэх хэрэгтэй. Тиймээс Аж үйлдвэрийн яамыг байгуулсан.

УИХ-ын бодлого буруудаад, өмнө нь Монголд яагаад үйлдвэрлэл явуулахад утгагүй байсныг “Номин”-гийн автобусны жишээгээр тайлбарлаж болно. УИХ том автобусны татварыг тэглэсэн. Гэтэл “Номин” автобус угсраад байдаг. Түүний эд анги манай гаалиар татвартай орж ирдэг. Тэгэхээр татвартай орж ирсэн эд ангиар үйлдвэрлэсэн автобус, татваргүй орж ирж байгаа бэлэн автобустай өрсөлдөж чадахгүй дээ. УИХ-ын гаргасан буруу шийдвэрүүд энэ. Уг нь эсрэгээрээ, бэлэн автобус татвартай, автобусыг үйлдвэрлэдэг эд ангиуд татваргүй байх юм бол “Номин”-д ажилладаг 100-200 хүн цалинтай болж байгаа юм. Ялгаагүй автобус гэдэг чинь явдаг амбаар. Бид амбаар барьж чадна. Бэлэн дугуй, мотор авчраад хийчихэж байна. Троллейбус болгохоор бол цахилгаан хөдөлгүүр тавьчихна. Гэтэл тэрийг эрэгдэж, шургадаад, нэгтгэж, угсарч байгаа хүний цалин Монголд үлдэх нь чухал байгаа юм. Товчхондоо, бид бэлэн юм импортлохыг дэмжсэн бодлогыг олон жилийн турш явуулж ирсэн байна. Автобусны татвар тэглэх үед “Номин”-гийн үйлдвэр байгаагүй. Гэхдээ тэр үйлдвэрийг бий болсны дараа УИХ татвараа өөрчлөх ёстой шүү дээ. Тэр ажлаа хийхгүй, бүтэн жил алдсан.

Энэ мэт санаагаа шинэ Аж үйлдвэрийн сайдад хэлээд, Монголд автобусны үйлдвэр байгуулагдмагц татварынхаа хуулийг Засгийн газар дээр өөрөө мэдэн өөрчилдөг эрхийг өгсөн. Зарим төрлийн татварын эрхийг Засгийн газарт өгсөн байгаа. Түүнтэй адил ийм уян хатан хууль тогтоомжтой бол УИХ-ын татварын талаарх хууль, тогтоолыг хүлээлгүй, хурдан шийдвэр гаргаж өөрчилдөг байх нь зөв. Автобусны үйлдвэртэй болсон учраас сэлбэг хэрэгсэл татваргүй, харин бэлэн автобусны татварыг нэмнэ гэх маягаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь чухал байгаа юм. Үйлдвэрлэлийг жижиг гэлтгүй дэмжих нь чухал.

Одоо Баруун-Хараад ургамлын тосны үйлдвэр ажиллаж байна. Тэдний бүтээгдэхүүн 20 сая ам.долларын импортыг орлож байна. Монголд тарьсан рапсыг шахаад, ургамлын тос хийн, тэрийгээ Дарханд цэвэршүүлнэ. 20 сая ам.доллар бол улсын төсвийн хэмжээтэй харьцуулахад бага мөнгө. Гэхдээ нэг компани 20 саяыг хэмнээд байвал ирээдүй харагдаж байгаа юм. Энэ үйлдвэрлэл явуулах түүхий эд өмнө нь манайд байсан уу гэвэл байсан. Урьд нь рапсаа экспортолчихдог. Хятадад аваачаад тос болгохоор нь эргүүлээд худалдаж авдаг байсан. Харин энэ бүх процесс одоо Дархан, Баруун-Хараад хийгдэж байна. Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн “Монгол Алтан тос” нэртэйгээр дэлгүүрүүдэд хүрч, эх орондоо 20 сая ам.доллар үлдээж байна. Автобус, ургамлын тосны үйлдвэрийн жишээг харахаар валютын ханшийн өсөлт үйлдвэржилтийг дэмжээд, энэхүү үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулж байгаа юм.

-Монголд үйлдвэрлэхээр илүү зардал багатай хямд болоод л тэр…?

-Импортын бараа бүтээг­дэхүүн өрсөлдөж чадахаа болиод эхэлж байгаа хэрэг. Ам.доллараар гаднаас оруулж ирэх нь үнэтэй болж, эндээ үйлдвэрлэх нь илүү хямд болсон учраас тэр. Гол нь тэр үйлдвэрт монгол хүн ажиллана, тэр бүх нэмүү өртөг Монголд үлдэж байна.

Эдийн засаг гэдэг тоо томшгүй жижиг эд анги, эрэг боолтноос бүрдэнэ. Тэр эрэг боолт нь зөв ажиллахыг л УИХ, Засгийн газар гааль, татварын бодлого болон хуулиараа урамшуулж дэмжих боломжтой. Ингэвэл үйлдвэржилт хөгжинө, хүмүүс нь ажилтай, валютын ханш айхтар савлаад байдаггүй болох боломж бий.

Валютын ханш тэд байвал сайн гэдэг буруу ойлголт. Бид ямар эдийн засагтай байгаагийн тусгал нь ханш болохоос биш хэд байхыг нь хэн нэг нь мэдээд, шийдээд байгаа хэрэг биш.

-2015 оны төгсгөлөөр энэ бүх гадаад хүчин зүйл, дотоод өөрчлөлтүүдийг аваад үзвэл боломж гэдэг талаасаа хэр өөдрөг харагдаж байна вэ?

-Мэдээж боломж харагдаж байна. Тийшээ хөдлөх зориг байна уу гэдэг л асуудал. Бид гадаад орчныг сайжирна гэж тооцохгүй байгаа. Сайжирвал сайн. Хамгийн чухал нь дэд бүтэц буюу нарийн төмөр замын төсөл хийгдээд, нүүрсний өртөг буураад, тэр ажлууд оны дундуур дуусаад шууд вагон яваад эхэлнэ. Цахилгаан станцуудын өргөтгөл дуусч байна. Шинэ цахилгаан станцууд баригдана. Нефть боловсруулах үйлдвэр яригдаж байна. Энэ бүхэн өөрөө жижиг жижиг горхиуд нийлсээр, том гол мөрөн болдог шиг эерэг тал руугаа л өөрчлөлт хийгдэж буйн илрэл юм. Тэгэхдээ энэ бол нэг өдөр хийгдэхгүй. Техникийн хугацаатай, тодорхой үе шаттай. Цаашдаа гадаад нөхцөл яаж ч өөрчлөгдсөн бид амьдарч чаддаг байхын тулд энэ бүтцээ сууриар нь өөрчлөхөө хийнэ гэсэн үг. 2015 онд нэг их айхтар эерэг өөрчлөлт гараад, сайхан болчихно гэж хүлээх хэрэггүй. Яаж амортизатортай юм шиг уналтаа зөөллөх вэ гэдгийг л хийнэ. Жижиг өөрчлөлтүүд хуримтлагдсаар, эерэг өөрчлөлт, өсөлт рүү очино. Тэр нь хэзээ вэ гэдэг асуудал байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та баасан гаригийн чуулган дээр шинэ Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байна хэмээн нэлээд шүүмжиллээ. Гэнэт бухимдах шалтгаан юу байсан юм бэ?

-Миний хувьд нэг том болгоомжлол байна. Ардчиллын үнэт зүйл бол олонхидоо хяналт тавих цөөнхтэй байх юм. Үүнийг л бид бий болгохын тулд 1990 онд хувьсгал хийсэн юм шүү дээ. Дээрээ төр засаг, нам нь нэгдчихсэн битүү байж болохгүй. Бүх шийдвэрээ нэг байшин дотор гаргахдаа өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард түмний эрх ашгийг орхигдуулах нь жам ёсны зүйл байхад нь бид хувьсгал хийж байлаа. Ардчилсан хувьсгалын төлөө олон хүн хүйтэнд хөрч, халуунд халж тэмцсэн. Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед парламентын намууд хамтран ажиллаж байгаа нь зөв. Ер нь хамтрахад нэг нам нь 70 гаруй суудал аваад парламент нь ямар ч хяналтгүй, хэнд ч хэрэггүй болдог ийм үр дүнг хүсээгүй. Өнөөдрийн нөхцөл байдал яг л тэгж харагдаж байна. Улсын төсвөө хэлэлцэж байхад нэг ч сайд чуулганд суусангүй. Би Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хурлаас чөлөө авах зүйл байсан. Гэхдээ төсөв, салбар хариуцсан зүйлс хэлэлцэгдэхэд заавал суудаг байсан юм шүү. Өөрөөр хэлбэл парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна. Үүнд л харамсаад байгаа юм. Хамгийн гол нь ардчиллын зарчим алдагдах гээд байгаа юм. Засгийн газрыг огцруулан шинэ Засгийн газрыг байгууллаа. Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг баймаар байна. Уг нь парламент нь засагтаа хяналт тавья гээд байсан биз дээ. Гэтэл тэр зүйл нь алга болчихлоо. Парламентад сууж байгаа гишүүд ч алга. Өнөөдөр (баасан гаригт) 20 гишүүнтэй л чуулган явж байна. Засгийн газраас нь нэг ч гишүүн орж ирэхгүй байгааг хараад эмзэглэж байна. Сайд нар нь ядаж долоо хоног, нэг сар тэвчээд чуулгандаа сууж чадахгүй байна гэдэг чинь үнэн нүүр царайг нь харуулаад байгаа юм. Ардчиллын төлөө анхнаас нь тэмцэж, жагсаал цуглаанд нь оролцож явсан хүний хувьд маш их санаа зовж байна. Энэ байдлаа цаашид өөрчлөхгүй бол дуугүй суугаад байх боломж алга.

-Өмнөх Засгийн газарт таныг ажиллаж байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн шүүмжлэл гарч, Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Энэ Засгийн газарт давхар дээлтэн тэр дундаа танай намаас олон хүн байх юм?

-АН 35-уулаа. Өмнөх Засгийн газарт 15 нь Засгийн газрын сайд байсан. Засгийн газрын гишүүдийн тал нь гаднаас орж ирсэн. Одоо хэрхэн ажиллахыг л харъя. Угтаа энэ чинь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг л маргаан юм шүү дээ. Засгийн газрын гишүүн гэхээрээ заавал гудамжнаас орж ирдэг байх ёстой юу. Ард түмнээсээ мандат авч үзээгүй, монголчуудын голсон хүн сайд болоод Засагт орж ирээд дээд эрх хэрэгжүүлээд явах нь зөв үү. Үүнийг бас бодолцмоор л байгаа юм. Ард түмэн төрийн эрхээ өгч байна гэдэг чинь Засгийн эрхээ давхар өгч байна гэсэн үг юм шүү дээ. Дэлхийн аль ч улс орон үүнийг өөр өөрсдийнхөөрөө олон зуун жилээр төрийн тогтолцоогоо шийдээд явчихсан. Бид ч гэсэн Үндсэн хуулиараа шийдээд явчих бололцоотой.

-Энэ Засгийн газар ч мөн ялгаагүй данхайсан бүтэцтэй боллоо. Байр суу­риа илэрхийлэхгүй юу?

-Олон нам хамтарч байгаа үед яам, сайд нарын тоо нэмэгдэх тал руугаа явдаг. Тэр тал руугаа л явчихлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тооны их бага гэхээсээ илүүтэйгээр төрийнхөө үүрэг функцэд шинэчлэл хийх хэрэгтэй. Төр нь ард түмэндээ хэрэгтэй ажил хийгээд явахад хэдэн яам, сайд нэмэгдэж хасагдах нь төрийн том зовлон биш. Биднээр завсрын зүйлс хөөцөлдүүлээд байна. Ард түмний амьдрал дээшилж байвал 40 яамтай байсан ч яахав дээ. Люксембург гээд жижиг улс бараг 40 яамтай. Гэтэл дэлхийн том гүрэн АНУ гэхэд 10 гаруйхан яамтай гээд асуудлыг зөв талаас нь үр дүнтэй явуулахад анхааран шахаж ажиллуулах ёстой. Засгийн газарт парламентад суудалтай бүх намын төлөөлөл орлоо. Хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.

-Шийдлийн гэгдээд буй Засгийн газар олон хүндрэл бэрхшээлийн ард гарч чадах нь уу?

-Шийдлийн Засгийн газар бүх зүйлийг шийдээд явах боломж байхгүй. Өнөөдөр парламентад суудалтай бүх намууд нэгдчихлээ. Тиймээс өмнө нь шийдэж чаддаггүй байсан асуудлуудаа шийдээд явчих боломж бүрдлээ. Ингээд шийдээд явж чадвал зөв алхам болно.

-Намууд бүгд хамтраад сөрөг хүчин байхгүй болчихлоо. Таны чуулган дээр хэлсэн үгийг сонсч байхад цаашид сөрөг хүчний байр сууринаас ажиллах юм байна гэсэн ойлголтыг авлаа. Үнэхээр тэгж явах юм уу?

-Яг ч сөрөг хүчин болно гэж хэлээгүй л дээ. Засагт хяналт тавихын тулд дуу хоолойгоо өргөнө. Өнөөдөр ард түмэн сөрөг хүчин болчихоод байна. Тэгэхээр тэр дуу хоолойг бид хүргэх ёстой. Ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой. Хам­тарсан засаг ажлаа хийх бүх бололцоо байна. Түүнийгээ хий, Их хуралдаа тайлагна, хянуул. УИХ-тайгаа амьд холбоотой бай гэж байгаа юм.

-Таны үгийг сонсч байхад өөрөө засагт ажиллаж байхдаа хэлж байгаагүй үгээ сул гишүүн болсныхоо дараа хэлж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодогдоход хүргэлээ?

-Энэ парламент миний сонгогдсон дөрөв дэх Их хурал. Өмнө нь би сул гишүүн явсан. Давхар дээлтэй ч явж ирлээ. Гадаад харилцаа хариуцаж байхад бүх асуудал руу ороод явах цаг зав байсангүй. Өнөөдөр би Их хурлын гишүүнийхээ ажлыг хийж байна. Их хурлын гишүүн ард түмний хүсч, захиж байгаа үгийг төрийн сонорт хүргэх, түүнийгээ ажил хэрэг болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих үндсэн үүрэгтэй. Сайдын ажлаа өгснөөр энэ зарчмаар ажиллах боломж илүү бүрдлээ.

-Өмнөх Их хурал Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэдгийг гишүүд шүүмжилж байсан. Энэ Засгийн газар хяналттай явж чадах уу?

-Өмнөх Засгийн газарт Их хурал нь хяналтаа тавьж чадаж байсан гэж бодож байгаа. Чуулганы хуралдаандаа анхааралтай маш дуулгавартай оролцдог байлаа. Тэр хяналтууд надад маш сайн мэдрэгдэж байсан юм. Монгол төрийн ажил ойлголцож явах ёстой.

-Засгийн газрын зарим сайд нарын томилгоо нүдээ олсонгүй гэх яриа байна. Та санал нийлж байна уу?

-Сайд болсон хүмүүс Монголын төрд олон ажил явсан болохоор янз бүрийн л мэдээлэл гарч байна. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой. Цаг хугацаа харуулна. Гэхдээ цаг хугацаа харуулна гээд хэдэн жилээр хүлээж болохгүй. Их хурал ажлыг нь хийлгээд явах нь зөв. Энэ Засгийн газар үлдсэн хугацаандаа яаж, ямар ажил хийгээд явах нь одоо хэр нь бүрхэг л байна. Сайдууд юу хийж чадах вэ гэдгээ харуулж ажиллах байхаа.

-Шинэ Гадаад хэргийн сайд томилогдлоо. Та ямархуу бодолтой яваа вэ. Уулзаж ярилцав уу. Зарим гишүүдийн зүгээс Беларусьт Монголын нэрийг унагасан хүн гээд ам муутай байх юм?

-Бид хараахан уулзаж амжаагүй байна. Ажил нь цэгцэрвэл уулзаж хийж хэрэг­жүүлсэн ажлынхаа талаар ярилцан захиж хэлэх зүйлс мэдээж бий. Би Их хурал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороондоо байна. Тиймээс төрийнхөө ажилд хяналт тавиад, бүх талаар нь тусалж дэмжээд явна. Шинэ яамны сайд маань өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газар, Их хурал, Засгийн газарт олон жил хамт ажилласан болохоор салбараа мэдэж байгаа. Цаашид яамаа аваад явчих байх гэдэгт итгэж байна.

-Таныг Гадаад харил­цааны сайдаар ажиллаж байхад хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал болсон. Маш олон гэрээнд гарын үсэг зурж “Монголын эдийн засагт гэрэл гэгээ гарах нь” гэж байлаа. Үр дүн нь хэзээ гарах вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жил бид алдаа хийсэн юм билээ. Гадаад харилцаагаа эдийн засагжуулна гээд Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд нь өөрсдөө бизнесийн төсөл бариад явсан. Энэ нь зорилгоо буруу ойлгож, цаг алдсан талтай л даа. Намайг сайдаар ажилласан жилүүдэд сонгомол утгаараа улс төрийн Гадаад харилцааны яам болон ажилласан. Ингээд явахаар цаанаа том ахиц өөрчлөлт гарсан. 10 гаруй жил хүлээгдсэн Хятад, Оросын асуудлууд шийдэгдэх суурь тавигдлаа. Одоо хүрсэн түвш­нээ баталгаажуулан ажиллах ёстой. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал маргааш нь үр дүнгээ өгнө гэж байхгүй л дээ. Урт хугацаанд ирээдүйгээ харсан үр дүнтэй ажлууд хийгдсэн. Үүнийгээ явуулахын тулд Монголын төр засаг эрчимтэй ажиллах л шаардлагатай.

-Гадаад харилцааны яам гадны хөрөнгө оруулагчидтай хэр ойрхон ажилладаг юм бол. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулсан нь таны толгойлж байсан Гадаад харилцааны яамтай холбоотой юу?

-Бүх зүйл хоорондоо уял­даа холбоотой л доо. Монгол Улсыг олон улсад идэвхтэй байр сууринд байлгаж нөхцөл байдлыг наашлуулах тал дээр хичээж ажиллалаа. Монголд томоохон хуралдаанууд болсон. АСЕМ ч хуралдахаар боллоо. Монгол Улсыг бүс нутаг болон дэлхий дахинд идэвхтэй тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрүүллээ. Сүүлийн хоёр жил өмнөх 10 жилээс илүүтэй томоохон айлчлалууд хийгдэж Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө. Бүх орны улс төр эдийн засаг салшгүй холбоотой байдаг. Гадаад яам улс төр талаа янзалж чадсан. Энэ нь бизнестээ шууд нөлөөлж байна. Үр дүн нь удахгүй эерэгээр мэдэгдэнэ. Мөн эдийн засаг бизнесийг хариуцсан яамд нь ажлаа хийх хэрэгтэй л дээ. Хууль эрх зүйн орчноо тогтвортой болгож, хуулиа мөрдүүлж, хүнд суртлаа халах хэрэгтэй. Бизнесийг боомилсон, хяхсан хянасан, буруу өрсөлдөөнд дэмжсэн гэх мэтээр буруу шийдвэрүүдээ бүгдийг нь өөрчлөх шаардлагатай.

-Та сайд байхдаа олон улсын томоохон хурал болон айлчлалаар их явсан. Гадныхан Монголд хөрөнгө оруулах тал дээр ямар байр суурийг илэрхийлж байсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчлөлтийг авч ирж чадсан. Манай Засгийн газар ч идэвхтэй ажилласан. Одоо ч гэсэн парламентаараа бүх намуудаараа нэгдэж байгаа нь гадны итгэлийг авах томоохон алхам гэж хэлж болно. Энэ проблемыг бид өөрсдөө л бий болгосон. Манай хуулийн нэг дутагдал нь хоёр жилд зөвхөн сонгууль л болдог. Сонгуулийн үеэр популизм, эдийн засгийн эсрэг алхмууд хийгддэг. Байгалийнхаа баялгийг ард түмэнд хувьцаа болгоод өгчихөөч, ард түмэн өмчлөгч нь болчихвол өөрөө босоод ирнэ. Газраа эдийн засгийг эргэлтэд оруулахад иргэн бүрийг хамруулаачээ гэж байнга хэлж ирсэн. Энэ том асуудлаа шийдэхгүй хойшлуулсаар байна. Гэтэл төрийн компани байгуулаад ашиггүй яваад л байдаг. Төр гэдэг нь юу юм. Ердөө л хэдэн хүн шүү дээ. Тэгээд л бие биенээ унагаад дараагийн хүн нь ирдэг. Ингэх бүрт бизнесийн орчин муудаад байгаа юм. Харин ард түмэн хэзээ ч өөрчлөгддөггүй байхгүй юу. Ард түмэн газрын баялгийнхаа өмчлөгч болчихвол хөрөнгө оруулалт ямар ч саадгүй орж ирнэ.

-Өнөөдөр Монголын ардчилал 25 нас хүрч ойгоо тэмдэглэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн ардчилал биш байна гэдэг зүйлийг ярих юм. Оюутан Л.Болдын хүсэн хүлээж байсан ардчилал өнөөдөр ямар дүр төрхтэй байна вэ?

-Ард түмний амьдрал хэцүү байгаа бол ардчилал гол зүйлсээ хэрэгжүүлээгүй байна. Ард түмний эрх чөлөө, улс төр, сонгуулийн ардчилал байна. Гэтэл бид иргэдийнхээ амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа юм. Гуравхан сая хүнтэй улсынхаа иргэдийн амьдралыг сайхан болгож чадаагүй гэдэг чинь ардчилал ялаагүйн нэг дүр төрх л дөө. Ардчилал хөгжсөн бусад орнуудыг жишгийг хар л даа. Ард түмний амьдрал ахуй сайжирч, иргэд нь эрх чөлөөгөө эдэлдэг байх ёстой. Ардчиллын тал дээр учир дутагталтай, хийх зүйл их байнаа. Ардчилсан хувьсгал тэмцэл 25 дахь жилдээ үргэлжилж байгаа ч цаашид ч үргэлжлэх ёстой.

-Ардчилал 200 гаруй жил хөгжсөн орнуудад ардчилал өнөө хэр нь хөлөө олоогүй байна. Тиймээс Монголын ардчилал нялх байна гэдэг­тэй санал нийлэх үү?

-100-ны дөрөвний нэг хугацаа гэдэг бол яасан ч нялх байж таарахгүй. Улс төр, эдийн засгийн шинэчлэл зэрэг хийгээд явчихаар үе үе нэгнийгээ татаад байх юм. Улс төр нь гайгүй яваад эхлэхээр эдийн засаг нь муудаад амжилтаас нь хойш татаад байна л даа. Эдийн засаг нь гайгүй сэргэчихээр улс төрийн процесс нь алдагдаад байгаа зүйл бий. Цаашид тогтолцоогоо зөв боловсронгуй болгох тал дээр ажиллах л ёстой.

25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхэд хамгийн гол үүрэгтэй оролцсон хэрнээ нэр нь дурдагддаггүй хүмүүс манай оюутнууд байсан юм шүү. Оюутнууд орсон хувьсгал аль ч оронд ялдаг. Оюутнууд ямар нэгэн албан тушаал, мөнгө, эрх мэдлийн төлөө байдаггүй. Оюутнууд нийгэм, ард түмнийхээ хүсэл зоригт нийцсэн хамгийн зөв зүйлийг дэмждэг. Тиймээс манай ардчилсан хувьсгал ялсан. Түүнээс хойш зөндөө л хувьсгал хийх гээд оюутнууд дэмжихгүй байгаа биз. Тэр нь хэн нэгэнтэй өмч булаацалдсан, байр суурь, албан тушаал булаалдсан болохоор оюутнууд дэмжихгүй байгаа юм. Оюутнуудын ариун сэтгэлээр бүтсэн ардчиллыг бид өнөөдөр ажил хэрэг болгож чадаагүйд харамсалтай байна. Одоо үүнийгээ хийх ёстой. Бидэнд улс төрд идэвхтэй ажиллах нас хэд үлдсэнийг бүү мэд.

Анх ардчилсан хувьсгал хийж байсан бид тэтгэврийн насанд ойртчихлоо. Одоо бид нийгмийн өмнө байгаа том үүргээ биелүүлэх ёстой. Ард түмнийхээ өгсөн итгэлийг биелүүлэхийн төлөө явнаа.

-Ардчилсан нам партизануудаа харж үзэж байгаа юм уу. Нэг хэсэг нь хорвоогоос буцаж нөгөө хэсэг нь архинд орлоо л гэх юм…

-Том дутагдал бий нь үнэн. 25 жилийг бид зүгээр л хаячихсан байхгүй юу. Гэтэл тэр хүмүүсээ сургаж боловсруулаад тэр мундаг хүчийг ашигласан бол болох байсан. Энэ намуудын хуультай холбоотой. Нам нь эрүүл болчих юм бол хүмүүсээ хаядаг биш ашигладаг болно. Тэр агуу хувьсгал хийсэн хүмүүс өшөө олон юм хийх боломжтой байхгүй юу. Тэднийг ашиглаж чадаагүйгээрээ манай нийгэм том боломжоо алдаж байна. Хуучин нийгэм ардын хувьсгалын, ахмад дайчдаа ашиглаж нийгмийнхээ сэтгэл зүйг бэлдэн эв нэгдлийг бэхжүүлэхэд яасан сайхан ашиглав аа. Партизанууд гэдэг чинь тийм сайхан арми байхгүй юу. Түүнийг нь бид хийлгэлгүй урдуур нь орж цээжээ дэлдээд давхицгаасан. Нам гэдэг нь дан­даа хуйвалдааны байгууллага болж тэндээ хуйвалдахаас өөр зүйл хийхгүй байна. Үүнд л гол асуудал байна.

-Ардчилсан нам дараагийн ардчилагчид, залуу, дунд үеэ гаргаж ирэх үнэхээр дургүй юм аа даа. Гэтэл МАН-ын дараагийн үе нь аль хэдийнэ Их хуралд суучихсан байна. Та болохоор үүнийг хуультай л холбоод байх юм…

-Гол шалтгаан нь намуудын ту­хай хуулинд байгаа юм. Уг хууль нь намуудыг хуйвалдааны байгууллага болгочихоод байна. Ингэхээр нийт ард түмний дэмжлэг байхгүй болох тул сайн лидер төрөх боломжгүй болчихлоо. Нам гэдэг чинь сайн лидер төрөх гал тогоо байхгүй юу. Гэтэл гал тогоогоо өөр зүйлд ашиглаад байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Хэрүүл дагуулсан “Алтан бөмбөг”

Юуны өмнө “Алтан бөмбөг” хэмээх шагнал яаж үүссэн, ямар зорилготой, ямар хүмүүс хэрхэн хүртэж байсан тухай түүх өгүүлье.

Францын “France Football” сэтгүүлийн санаачлагаар бүтэн жилдээ сайн тоглосон европ тивийн европын иргэн хөлбөмбөгчинд энэ шагналыг анхлан олгохоор шийдвэрлэж байлаа. Английн Стэнли Мэтьюз анхны шагналыг хүртэж байсан нь 1956 он. 1995 оноос эхлээд Европын аль нэг лигт тоглож байгаа л бол тэр хүн аль тивийнх байх нь хамаагүй гэсэн нь 2007 оноос хойш дэлхийн аль ч тивийн ямар ч багийн шар хар хэнбугай нь ч хамаагүй шилдэг л бол “Алтан бөмбөг” -ийн эзэн болох нигууртай хэмээн өргөтгөсөн ажгуу. Тийм учраас хөлбөмбөгөөр дагнан бичдэг европ тивийн 52 сэтгүүлчийн саналаар шилдгийг сонгодог байснаа больж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ахлагч нараас гадна олны танил болсон 96 сэтгүүлчийн үзэгний үзүүрээр асуудлыг шийдвэрлэдэг боллоо. Энэ олон сэтгүүлч ОУХХ-ноос нэрлэсэн хөлбөмбөгчид дотроос шилдэг гурвыг нь сонгоод сар орчим хуйвалдан байж шилдгийн нь тодорхойлдог бөлгөө. Энэ жилийн шилдгийг ирэх жилийн нэгдүгээр сарын 12-нд цоллоно гээд оршил хэсгээ дуусгая.

Уг нь энэ шагнал анх үүсч байхдаа их цэвэр, шударга, гэгээлэг гэж хэлж болохоорбайсан юм шүү. Хэн нэгэн хүн, байгууллага, улс гүрэн зэргээс үл шалтгаалан очих ёстой хүндээ очиж чаддаг, сэтгүүлчид ч бусдаас үл хамааран сайныг нь сонгож чаддаг байлаа. Ийм байдалтай удаан хугацаанд оршин тогтносон юм. Үүнийг өндөр жил буюу ДАШТ-тэй жилүүдэд “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байсан хөлбөмбөгчдийн нэрс батална. 1962 онд Чехословакын Масопуст, 1986 онд ЗХУ-ын Беланов, 1994 онд Болгарын Стоичков, 2006 онд Италийн Каннаваро нарын хөлбөмбөгчид тэр жилийнхээ улиралын тоглолтын туршид гойд сайн тоглож байсан гэж хэлэхгүй ч гэлээ ДАШТ-д онцгойрч чадсаны үр дүнд “Алтан бөмбөг”-ийн эзэд болцгоож байв. Энэ нь ч зөв. Белановын хурдан довтолгоо, багаа зөв удирдсан Стоичковын авьяас, Каннаварогийн найдвартай хамгаалалт зэрэг нь эдгээр хүмүүсийн үндэсний шигшээг ДАШТ-д дээгүүр байр эзлэхэд асар өндөр үүрэг гүйцэтгэсэн.

2008 оноос эхлээд хөлбөмбөгийн ертөнц туйлтай боллоо. Бүтэн зургаан жилийн туршид үргэлжилж байгаа энэ туйлуудыг Роналду, Месси гэж нэрлэдэг. Мэдээж энэ хоёрыг шилдэг үү гэвэл шилдгээ хэмээн хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас энэ зургаан жилийн хугацаанд Месси дөрвөн удаа, Роналду хоёр удаа “Алтан бөмбөг”-ийг авчээ. Зургаан жил гэдэг хөлбөмбөгчийн хувьд урт хугацаа бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн төвшинд бөмбөг өшиглөдөг зургаан сая залуус дотроос энэ хоёртой өрсөлдөх хэмжээний авьяастан төрөөгүй гэж үү. Яагаад Месси,Роналду хоёр клубтээ байхдаа бусдыг “хяргах” шахам тоглоод байдаг мөртлөө шигшээдээ ирэхээр “алга” болчихдог юм бэ. Үүнийг өөрийнхээ хэмжээнд тайлбарлья.

Роналду ч тэр Месси ч тэр дэлхийн агуу багуудад тоглодог. Энэ багууд дээрхи хөлбөмбөгчдийг дэлхийн шилдэг гэж хэлүүлэхийн тулд зөв, буруу бүхнийг хийдэг болсоор удаж байна. Тоглох тактик, бүрэлдэхүүн, санхүү менежмент бүгд дээрхи хоёрыг шилдэг гэж харуулахын төлөө зүтгэнэ. Оны төгсгөл дөхөөд ирхээр “Реал” болон “Барса”-гийнхан өөрийн талын хүмүүсээ хэвлэлүүдээр тараан тэдгээр нь “Месси мундаг” “Роналду гайхамшиг” гэх утгатай ярилцлага мэдээг шидэж өгнө шүү дээ. Албаны томчууд айгаад дуугарахгүй. Ноднин ОУХХ-ны ерөнхийлөгч Блаттер “Мессиг шүтдэг” гэж буруу үед буруу хугацаанд хэлснээсээ болж хичнээн шүүмжлэлд өртөж дараа нь тэрийгээ цайруулах гэж ямар өрөвдөм байдалд орж байлаа даа. Энэ жил Европын хөлбөмбөгийн холбооний тэргүүн Платини “шагналыг Германы шигшээ багийн гишүүн авах ёстой”гэж хэлээд “алуулж л” байна. Ибрагимович, Это, Дэвид Вилла нар мундаг довтлогчид. Гэхдээ бүгд Мессиг шилдэг болоход саад болсон учраас “Барса”-гаас явсан. Одоо тэдний хувь заяаг Суарес үүрээд гүйж байна. Роналду ч адилхан. Түүнийг шилдэг хэмээн хэлүүлэхэд саад болсон Рууд ван Нистелройгоос эхлүүлээд Ди Мария хүртэлх хөлбөмбөгчдийг нэрлэвэл овоо урт жагсаал гарна шүү. Нөгөө талаас нь аваад үзвэл үүнийг ч бас буруутгах аргагүй юм. Дээрх хоёр хичнээн алдартай байх тусам багуудын нэр хүнд өсч үзэгч хөгжөөн дэмжигчид олширно, мөнгө аривжина. Энгийн логик шүү дээ. Харин улсынхаа шигшээд бол шал өөр дүр зураг гарна шүү. Тэнд баг багаас ирсэн тухай байрлал бүрдээ өөрийгээ шилдэг гэж боддог залуусирэх тул тэр бүр Роналду ба Мессигийн “хөгжмийн аясаар бүжиглэхгүй”. Ийм л дүр зураг байна. Одоо 27, 29-тэй эдгээр залуус энэ жилийн “Алтан бөмбөг”-ийг горьлогч гурвын эгнээнд багтаад чимээ чагнаад сууж байна. Тэр хоёрын дундуур Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойерхавчуулагдаад ороод ирсэн байгаа. Хэрвээ хэрүүл уруул хөшигний цаана явагдах луйвраа гээж чадвал энэ жилийн шагналыг хүртэх ёстой хүн нь Нойер яах аргагүй мөн юм. Түүнийг Буффон, Чех, Куртуатай харьцуулвал шалихгүй л гэж дүгнэнэ. Гэхдээ түүний баг энэ жилийн Германы аварга, цомын аварга, Аваргуудын лигийн “заан” хамгийн гол нь дөрвөн жилд ганц удаа тохиох ДАШТ-ий тасархай аварга гэдгийг нь үндэслэж Нойерт “Алтан бөмбөг”-ийг өгөх ёстой юм. Түүний оронд Лам, Мюллер, Швайнтейгер байсан ч ялгаагүй үүргээ умартаад байгаа “Алтан бөмбөг” шагналын эзэд байхаар хүмүүс билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой”-г популизмд автахгүйгээр хөдөлгөвөл иргэд л хожно

Өчнөөн жил ярьсан чшийдэж чадалгүй өнөөг хүрсэн Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчид тодорчихлоо. Засгийн газар нэгдүгээр сарын 5-ндхөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлнэ гээд дуугарчихлаа. “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” бол дажгүй хослол. Таван толгойн менежмэнтийг өлхөн хийчихээр хүч, цараатай компаниуд. Долоон тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн ордын түүхийг сөхвөл анхнаасаа хувийн компаниудын мэдэлд байсныг нь харж болно. Дэлхийн уул уурхайн томчуудын нэг BHP энэ ордын эхний эзэмшигч. Азаар 1998 оны эдийн засгийн хямралын үеэр “Майн Инф” гэдэгмонгол компани Таван толгойн лицензийг авч таарсан. Тухайн үеийн Кадастрын удирдлагууд ч Монголын компанидаа энэ лицензийг өгсөн байдаг. Өмнөх Ерөнхий сайд “Ийм том орд газрыг гадаадын компаниас авч мэдэлдээ оруулсных нь төлөө төр засаг талархал илэрхийлэх ёстой” гэж хэлсэн удаатай. Дараахан нь хэд хэдэн компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”-т энэ ордын лиценз очиж байлаа. Тэд Таван толгойн лицензийг өчнөөн жил хадгалсны эцэст төрд булаалгаж байв. Эх орончид ард түмэнд өгнө гээд хувийн компанийн эзэмшиж байсан лицензийг авсан нь тийм ч эртний түүх биш. Ард түмэнд өгнө гэдэг сонсоход гоё үг л дээ. Популистуудын энэ үгийг анх сонссон хэнд ч сайхан байсан. Нуулгүй хэлэхэд гэнэт л өчнөөн мөнгөтэй болох юм шиг сэтгэж хүлээж авсан. Гэхдээ шууд май гээд өгчихдөг эд биш, ингэх ч бололцоо байхгүй гэдгийг нийгэм сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрлээ. “Эрдэнэс Таван толгой”-гмэддэг, хариуцдаг байсан хэдэн дарга нар л мөнгөжсөн байх. Өмнөх даргын үед шахсан хэдэн тэрбумын дугуй, Дэнзэнгийн өчнөөн тэрбум гээд төрийн эрх мэдэлтнүүдийн халаас зузаарснаас Таван толгойгоос иргэдэд наалдсан юм лав байхгүй. Иргэн бүрт хувьцаа тараалаа гэж нэг хэсэг шуугиулсныг эс тооцвол Таван толгойгоос гялайж гялтайх юм алга. Өнөө хувьцаа нь өдгөө шилний цаанаас чихэр долоолгох дайны юм болчихсон. Олон улсын зах зээл дээр IPO гаргачихвал хувьцаа асуудалгүй гэсэнганцхан тайлбарыг албаныхан өгсөөр хэчнээн ч оныг үдэв.

Төр хамгийн муу менежер гэж эдийн засагчид хэлдэг. Төрийн өмчийн компаниудаас энэ л гайгүй гялалзаж байна даа гэх компани байдаггүй нь ийм учиртай. Горыг нь өнгөрсөн жилүүдэд амссан учраас Таван толгойн өмчлөл нь төрд хэвээрээ ч, менежмэнтийг нь хувьд өгье гэсэн шийд­лийг засгаас гаргасан. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой болсон Таван толгойн ордын хэлэлцээр яг энэ эрчээрээ явбал ирэх хавар гэхэд Өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнөнө. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гээд бодоход л ямар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөхийг багцаалдаж болно. Төмөр зам тавигдана, тэр хэрээр нүүрсний тээврийн зардал багасч үнэ цэнэ нь өснө. Энэ үед л харин Таван толгойн өгөөж иргэ­дэд жинхэнэ утгаараа мэд­рэгдэнэ дээ. Таван толгойд ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес өргөжөөд ирнэ. Төмөр замаас эхлээд бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл өчнөөн хүн ажилтай болно. Улсын төсөвт орох тат­варын хэмжээ ихэснэ. Тө­сөв зузаарвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихаас эхлээд иргэдэд наалдацтай ажлуудыг ч хийх боломж гарна.

Одоо нэг аюул бий. Таван толгой овоо хөдлөх гэж байгаа энэ үед “эх орончид” цээжээ дэлдээд босоод ирж мэднэ. УИХ-д гэхэд хэд хэдэн эх оронч сууж байгаа. Таван толгойг мөнгө болгож харсан эрх мэдэлтнүүд ч саарал ордонд олон. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шийдээгүй ньч үүнтэй холбоотой. Таван толгойгоос хэн ахиу юм унагах вэ гэсэн уралдаан өнөөг хүртэл хөшигний ард өрнөсөн нь нуугаад байх зүйл биш. Тэд наанаа Таван толгойг “Ард түмэнд л очих ёстой орд” гэж ярьцгаадаг. “Ганцхан компани баяжих нь. Ард түмэн юу ч үгүй хоосон хоцрох нь” гэж ирээд хашгиралдаж мэдэх нөхөд гудамжинд бол бүр олноороо хөлхөж яваа. “Ард түмний төлөө” гэсэн гоё үгээр бамбай хийдэг энэ эрхмүүдэд бол Таван толгойг хувийн компани зах зээлийн жамаар нь хөдөлгөж, монгол нүүрсийг үнэд хүргэх нь нэг их чухал зүйл биш.

Ямар ч байсан Таван толгой хөдлөх нь тодорхой боллоо. Нүүрсний зах зээлдээ том гэсэн компаниуд энэ ордод хөрөнгө оруулна гэсэн мэдээг дэлхий сонсчихлоо. Мөнгөө тас атгачихаад Монгол руу эргэлзэнгүй харж суугаа хөрөнгө оруулагчдын итгэл наашлахад нөлөөлөхөөр сайн мэдээ, эерэг дохио. Хурдан хүлэгтэйгээрээ нийгэмд илүү танигдсан, чуулганы хуралдааны үеэр дуугардаггүй шахам нэг эрхэм УИХ-д бий. Дундговиос сонгогдсон Наранхүү. Энэ эрхэм сүүлд овоо үнэн үг унагана лээ. “Төр засаг нэгэнт л гэрээ байгуулж гарын үсэг зурсан бол тэрэндээ үнэнч баймаар юм. Засаг солигдонгуут л үгнээсээ буцаад эхэлдгээ болих хэрэгтэй. Биднийг ингээд байхаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихаад байна шүү дээ” гэсэн үгийг нь Таван толгой дээр онцолмоор байна. Үнэн л дээ. Монголчууд байгуулсан гэрээнээсээ буцсан нь муухай харагдсан учраас, аймаар санагдсан болохооргадаадын хөрөнгө оруулагчид Монголыг орхисон.

Харин одоо төр хэлсэн амнаасаа буцахгүй, энэ эрчээрээ Таван толгойгоо хөдөлгөх хэрэгтэй. Засаг со­лигд­сон ч гэлээ Таван толгой дээр яг энэ бодлогоосоо ух­рахгүй байх учиртай. Тэгж байж л бид улсын дайтай хөгжинө.

Өдийд популистууд “Муусайн олигархиуд” гэж ирээд босоод ирвэл гайхаад байх зүйлгүй. Эх орончдын хувьд Таван толгойн менежмэнтийг компаниуд хийнэ гэсэн засгийн шийдвэр ард түмэнд хайртайгаа харуулах сайхан боломж. Азаар иргэд нэг үеэ бодоход тэднийг таньж эхэлсэн л дээ. Ард түмний нэр барьж хамгийн чанга дуугарсан иргэний хөдөлгөөнийхөн нүдэн дээр нь чинээлэг амьдраад эхэлсэн учраас иргэдэд эргэлзээ төрж эхэлсэн. Уул уурхайн нэг компанийн ажилтан “Иргэний хөдөлгөөнийхөн манай уурхай дээр эхлээд фургонтой очиж байсан, дараа нь суудлын тэрэгтэй очдог болсон. Одоо жип хөлөглөөд ирэх байна. Тэр хөдөлгөөнийг тэргүүлдэг нөхөр нь Зайсанд хаусанд амьдардаг. Ажил хийдэггүй мөртлөө 9911-тэй дугаартай” гэж яриад толгой сэгсэрч байсан.Монголыг хөгжүүлэхгүй гэсэн хэн нэгний, ямар нэг орны түлхээс, санхүүжилтээр өчнөөн мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулаад, бужигнаан шуугиан дэгдээгээд явдаг юм биш үү гэсэн хардлагыг батлахаар энэ мэт жишээ өчнөөн бий. Тэгэхээр эх орончдын худлаа үгэнд ач холбогдол өгөхгүйгээр Таван толгойгоо хөдөлгөх нь л ашигтай гээд бодчих хэрэгтэй. Үгийг нь хэн ч сонсохгүй, үнэлэхгүй, итгэхгүй байхаар эх орончдын тоо цагийн жамаар цөөрөөд ирнэ.

Таван толгой дэлхийн акул компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Шинхуа”, “Сумитомо”, Монголын “Энержи ресурс”-ын менежмэнтээр ажиллаж эхэлбэл ашгаа өгөөд эхлэх нь гарцаагүй. Зах зээлийн жамаар хөдөлсөн ямар ч төсөл ашгаа өгдөг. Тэр дундаа Таван толгой шигкоксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдсан орд дээр хэрэгжиж буй төслийн хувьд алдагдал гэсэн ойлголт бүр байхгүй. Ашигтай ажиллаад ирэхээр одоохондоо шилний цаанаас долоох чихэр төдий байгаа Таван толгойн хувьцаа маань ч амь орно. Тавантолгойн хувьд төрд өмчлөл нь үлдсэн учраас хувьцаа эзэмших эрх маань хэвээрээ байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбатхааны удам

1921 оны Ардын хувьсгалын дараа Гэгээрлийн яамыг анх байгуулж манай боловсролын салбар үүсэн байгуулагдсан түүхтэй. Жамьян гүнг Гэгээрлийн сайдаар томилсон боловч тэрээр гурван сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний оронд Гусиное озёрскоос Хүрээнд ирээд удаагүй байсан Эрдэнэбатхааныг томилсонтухай түүний отгон хүү Э.Агваандорж гуай ярьсан юм. Э.Агваандорж гуай Эрдэнэбатхааны отгон хүү, ардын жүжигчин, төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Э.Оюуны дүү. Өдгөө 90 шүргэж яваа ч тун ануухан харагдах бууралтай аав, ээж, эгч, ах нарынх нь талаар яриулах завшаан тохиосон юм.

Эрдэнэбатхаан Эрхүүгийн гимнази, дараа нь багш нарын семинарыг дүүргэсэн. Түүний жинхэнэ нэр Никита Федорович Бутуханов. Монголд ирээд Эрдэнэбатхаан хэмээн нэрээ монголчилжээ. 1905 онд Орост ажилчин тариачдын бослого гарснаас хойш улс орны байдал тогтворгүй хэвээр байсан үе. Орост хаант засгийг эсэргүүцэн нэлээд бужигнаж байсан тухайн үед Эрдэнэбатхаан тэрс үзэлтнүүдтэй нийлдэг байсан тул улс төрийн хувьд найдваргүй хэмээгдэж Эрхүүгээс Русино озёрскт цөлөгджээ. Цөллөгт байхдаа Хүрээнээс очсон соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановтой танилцав.”Монгол тусгаар улс болсон. Нийслэл Хүрээ их гоё байгальтай сайхан газар. Баруун, зүүн талаар нь гол урссан, ой, модтой. ЭхнэртэйгээМонголд очижамьдар. Монголд хийх ажил их байна” хэмээн ятгасаар түүнийг Хүрээнд авчирсан гэдэг. Эхэн үедээ Эрдэнэбатхаан эхнэр Цэцэгийнхээ хамт Судар бичгийн хүрээлэнд өдөр болгон сууж нэг жилийн дотор хуучин монгол бичгийг сурчээ. Олон хэл мэддэг байснаас гадна аргагүй л хэлэнд авьяастай тул хурдан сурсан байх хэмээн Э.Агваандорж гуай ярив. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны дарга байхдаа ч, Гэгээрлийн сайд болсныхоо дараа ч тухайн үеийн Монголын Засгийн газрынбичиг баримт, тогтоол зэргийг тэрээр ихэд нямбайлан бичсэн нь одоо болтол улсын архивт хадгалагдаж байдаг.

Эрдэнэбатхааныг Монголд ирэхэд Бодоо, Догсом гээд боловсролтой хүмүүс байсан аж. Тэр дундаа Бодоо бусдаасаа гойд илүү байсан гэдэг. Орос хэлтэй, Оросын Элчин сайдын яаманд сүрхий нэр хүндтэй. Эрдэнэбатхаан 1929 онд хүртэл Гэгээрлийн сайдын албыг хашихдаагэрийн бараа хардаггүй байсан тухай ээж Цэцэг нь хожим хүүхдүүддээ дурсан ярьдаг байжээ. Батсүмбэр, Мандал зэрэг сумдад анхны сургуулийг байгуулснаар энэ ажлынх нь хүрээ тэлжээ. Хөдөө явахдаа хөтөлгөө морьтой гараад л явна. Гэртээ байхдаа бичгийн ширээний араас салахгүй.Сайд Эрдэнэбатхаан монгол залуус Орост бус, харин барууны өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан хүн. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Түүний хичээл зүтгэлээр анх удаа Монголын залуус баруун Европт Франц, Германд суралцахаар явсан. Сайд өөрөө хүүхдүүдээ сонгож, сургуулиудад нь хүргэж,айлуудаар тарааж өгөөд, Берлинд хэсэг хугацаанд ажиллаж, Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг маш чухал ажлуудыг амжуулаад иржээ.Анхны 29 хүүхдийн хоёр нь Францад, үлдсэн нь Германд сурч, хожмоо Монголын шилдэг сэхээтнүүд болсон.Д.Нацагдорж, Наваан-Юндэн гээд тэднийг монголчууд андахгүй.

ОРОСТ СУРАХААР ЯВААД ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ

Гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа чамлахааргүйихийг хийсэн түүнийг Монгол Ардын Намыг МАХН хэмээн нэрлэсний дараа 1929 оны Их хурлаар “баруунтан” хэмээнбуруутган ажлаас нь халсан байна. Угийн сурч боловсрохыг эрхэмлэдэг байсан тэрээр Ленинградын Дорно дахины дээд сургуульд монгол хэл соёл заах, улмаар философийн ухааны доктор хамгаалахаар явсан байна. Орост суралцаж байхдаа 1931 онд нутагтаа иржээ. Тэгэхэд отгон хүү Э.Агваандорж нь дөрөвхөн настай байжээ.Удаан хугацаагаар хол байсан болохоор бяцхан хүү эхэндээ ааваасаа ихэд бишүүрхэж байжээ. Эрдэнэбатхаан хамгийн сүүлчийн удаа гэртээ ирж, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж байсныг хэрхэн мэдэх билээ. Удалгүй Орос руу буцсан бөгөөд аймшгийн хэлмэгдүүлэлт түүнийг хүлээж байсан юм. Түүнээс хойш өдөр алгасалгүй хүлээж суусан хань, таван хүүхэд нь түүнийг хилс хэргээр баригдсан гэдгийг огт мэдээгүй гэдэг. Сураггүй болоод 19 жил өнгөрсний дараа буюу 1956 онд нөхрийг ньцагаатгасан бөгөөд түүнээс хожууэхнэрт нь дуулгасан байна. Тэгэхэд лнас барсан гэдгийг нь анх мэдсэн гэдэг.

Эрдэнэбатхааныг 1937 оны есдүгээр сарын 22-ны өдөр баривчилсан аж. Амруулах нэрээр Крымд аваачсан Эрдэнбатхаан,Элдэв-Очир, Мэргэн гүн Гомбожав, Цэвээн Жамсранов, Ц.Дамдинсүрэн, Гэндэн гээд Монголын төр засгийн зүтгэлтнүүдийг Крымд бүгдийг нь цувуулан дуудаж баривчилсан байдаг. Эрдэнэбатхааныг Ленинградын аймшигт гяндангуудаар хоёр жил хагасын хугацаанд эрүү шүүлт тулган байцаасны эцэст 1940 оны хоёрдугаар сард найман жилийн ял өгөхдөө Зөвлөлт засгийг унагаах гэсэн, Сталины амь насанд халдах зорилготой Троцкийн бүлгийн гишүүн, Германы тагнуул, Японы тагнуул, Панмонголизм буюу Японы удирдлагаар Монголын их гүрнийг байгуулахыг санаархсан гэсэн хэргээр яллажээ. Түүнийг олон жил шоронд хорьж, байцаан тамлан яргалж, эцэст нь ГУЛАГ-т явуулж, 1942 оны нэгдүгээр сард нас барсан болохыг нь гуч охин А.Саруул нь 2000 оны эхээр архивт олон хоногийн туршид сууж бүх бичиг баримттай танилцаж мэдсэн аж. Түүнийг Зөвлөлтийн шүүхээс цагаатгасан ба нэгэнт амь насаа алдсан түүний үйлдсэн гэгдэх хэрэг нь нотлогдоогүй гэсэн хагас хуудас цаас л үлджээ. 19 жил сураггүй байх хугацаанд нь гэргий Цэцэгийнх нь чихэнд “Эрдэнэбатхаан өөр эхнэртэй болсон. Орост амьдарч байгаа” гэсэн янз бүрийн цуу яриа хүртэл хүрч байсан гэдэг.

ЭРДЭНЭБАТХААНЫ ШАР ОХИН

Эрдэнэбатхаан амьд сэрүүндээ хүүхдүүдээ заавал бичиг үсэгтэй боловсролтой болгохыг захидаг байжээ. Ялангуяа ууган охин Э.Оюуныг юм сурах хүүхэд хэмээн онцолно. Тэрээр Ленинградыг зорихдоо охин Оюуныг аваад явжээ. Гэвч нэг жилийн дараа “гэрээ санаад байна” гэснээр буцаажээ. Нөхрийнхөө захисныг Цэцэг гуай биелүүлсэн. Нөхөр нь сураггүй болсны дараа хөөцөлдсөөр охин Оюуныг Эрхүүгийн Рабфакт явуулсан байна. Догсом, Лосол хоёр ч их тусалж дэмждэг байжээ. Гэвч гурван жилийн сургуулийг Э.Оюун ердөө нэг жилийн дотор суралцаж бүх шалгалтыг нь өгчихөөд буцаад ирсэн гэнэ. Учир нь Ленинградад аавтайгаа байхдаа бүгдийг нь заалгачихсан байжээ. Ингээд Эрхүүгээс эргэж ирэхэд Э.Оюун гуайд сурах газар байсангүй. Өөрөө заавал театрт ажилд орно гэхэд ээж нь “Чи авьяасгүй шүү дээ” гэнэ. Хариуд нь”Би шанз тоглож чадна” хэмээн тайлбар хийдэг байв. Санасандаа хүрч театртаа ч орж. “Хий гэсэн бүхнийг нь хийнэ” гэсэн болзолтойгоор ажилд оржээ. Үнэндээ бол анх цэвэрлэгчийн орон тоон дээр авсан байдаг. Тоос шороогоо арчиж дуусчихаад жүжигчид хэрхэн сургуулилт хийж байгааг хараад суучихдаг байсан жижигхэн шар охин удалгүй сургагч Робинович гэгч театр ажиллахаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтний хэлмэрч болов. Бөмбөгөр ногоон театр дөнгөж нээгдэж байсан тэр үед Цагааны Цэгмид,Цэвээн, Ичинноров, Чимид-Осор, Цэндээхүү гээд манай нэртэй жүжигчидтэй цуг ажиллаж байлаа. Сургагч Робинович нь Оюун гуайг найруулагч болоход нь маш их нөлөөлсөн. Түүний хэлмэрчээр ажиллаж байхдаа анхныхаа жүжгээ орчуулсан гэдэг. Бямбын Ренчин гуай нэг удаа “Эрдэнэбатхааны шар охин юм орчуулна гэж үзүүлэх юм. Бөөсийг нь түүх гэж би их ядарч байна” хэмээн ярьж байсныг Э.Агваардорж гуай дурсан ярихдаа инээж байлаа. Аав шигээ уйгагүй хөдөлмөрч, үргэлж л ном шагайж юм бичиж сууна. Оросын их зохиолч С.Грибоедовын”Горье от ума”-г орчуулахдаа “Ухаантайгаасаа болж их зовж байгаа хүн гэлтэй биш дээ” хэмээн бөөн бодол болж байсан гэдэг. Ингээд “Ухаантны зовлон” хэмээн маш оновчтой орчуулсан бүтээл төрсөн. Бидний сайн мэдэх, үзэх дуртай “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй” зэрэг кинонуудыгЭ.Оюун гуай орчуулсан юм. Тэрээр Б.Ренчин зэрэг Монголын нэртэй номын хүмүүсээс ихийг суралцжээ. Намдаг гуайгаас зохиол бичихийг сурна хэмээн Сөгнөгөрт цуг зусланд гардаг байжээ. Э.Оюун гуайг найруулагч болоход нь Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Уварова ихэд нөлөөлсөн гэдэг. Хожим нь Э.Оюун ГИТИС буюу Москвагийн театр урлагийн дээд сургуульд Данзанравжаагийн бүтээлээр докторын зэрэг хамгаалахаар очсон. Түүний докторын ажилтай танилцсан багш нар нь “Та аль хэдийнэ доктор болчихсон хүн байна шүү дээ” гэж байжээ. Э.Оюун гуайг Намын Төв Хорооны үзэл суртлын дарга бол гэхэд”Би дийлэхгүй” гээд ихэд дургүйлхэж байжээ. Ардын жүжигчин, төрийн шагнал олгосны дараа Хөдөлмөрийн баатар болгоё гэхэд нь “Надад хүндэднэ” гээд аваагүй байна. Одон тэмдэг, шагнал, магтаалд тун дургүй, зөвхөн хийж бүтээхийн төлөө уйгагүй ажилладаг байсан эгчийнхээ тухай Э.Агваандорж гуай ярихдаа “Арай дэндүү ихажилладаг байсан” хэмээж байв.

Эрдэнэбатхааны хүүх­дүүд болох Оюун, Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсныг хүмүүс сайн мэднэ. Аав нь “баруунтан” хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч ээж Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөдЭлдэв-Очир, Догсом, Лосол гуайнхтай айлбайж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс. Хилийн чинадад Монголын нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй. Харин Э.Агваандорж гуай эхнэр Ичинхорлоогийнхоо хамт нэрт загвар өмсөгч зээ охиныхоо бяцхан охиныг хэрхэн өсөн торниж байгааг харж суугаа азтай буурлууд юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Эгшиглэн сийлээч

Улс төрийн өчнөөн олон үйл явдал, дуулиант гэмт хэргүүд, эдийн засгийн хямрал, уул уурхай хийгээд гадаадын хөрөнгө оруулалт татарсан үй түмэн мэдээллийг тэр чигт нь хаяад нэг сайхан аялгуу эсвэл гэрэл гэгээтэй мэдээ сонсохыг хүсэх үе хэнд ч байдаг биз ээ. Энэ оны хамгийн сүүлийн сард болсон нэгэн тийм гэрэл гэгээтэй, сэтгэлд бүлээн дулаан амьсгалыг зөөлөн урсгасан тоглолтыг үзээд сэтгэл ихэд хөөрснөө уншигчидтайгаа хуваалцах юмсан гэж бодогдсоор байсан юм. Энэ бол урлагийн одын эсвэл алдар нэртэй уран бүтээлчийн тоглолт биш. Зүгээр л нэгэн оюутны тоглолт билээ. Гэхдээ цаашид урлагийн тэнгэрт од болон гялалзах, тэгж томоор хэлэхгүй юм гэхэд энгийн үзэгчийн сэтгэлд гайхамшигт эгшиглэнг, бишрэм аялгууг дурайтал сийлэх нэгний тоглолт байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Манайд олон сайхан хуучирчид байсаар ирсэн. Ерээд он гарсаар хуучрыг хятад гаралтай гэж ойлгох болсных уу, яагаад ч юм энэ төрлийн хөгжмийн зэмсгийг тоож хөг аялгуу гаргах хүмүүс ховордсон гэдэг. Дээрээс нь хуучир маягийн хөгжмийн зэмсгээр тоглодог үндэстнүүдээс хан үндэстэн хуучрын өв уламжлалыг сүрхий авч ирсэн учраас тэгж боддог ч байж магад юм. Гэхдээ хөгжим судлаачдын онцолж буйгаар хуучир гэдэг нь ханзаар тайлбал бүдүүлэгчүүдийн хийл гэсэн утгатай, өөрөөр хэлбэлуг гарвал нь монгол хөгжим гэгддэг ажээ. Хуучрыг тоож дуугаргах залуус ховордсон энэ үед хуучраар эгшиг аялгууг сийлээч залуухан бүсгүй гарч ирлээ. Түүнийг Энхтөрийн Цэндсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсийн оюутан. Арван хэдхэн настайгаасаа энэ хуучир хэмээх хөгжимд дурлаж, өөрөөсөө том хөгжмийг үүрч явсаар өнөөдрийг хүрчээ. Харин тэр цаашид хуучир гэх хөгжмийн урлагийг тэр чигт нь үүрч явах нэгэн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь аливаа хөгжмийн төрөлд хэн нэгэн сайн хөгжимчин, сайн багш гараад ирэхээр олон нийтийн анхаарал тийш хандаж, дагаад зориулсан хөгжмийн бүтээлүүд туурвих нь ч ихэсч хөгжиж эхэлдэг. Манайд морин хуур, ятга яг энэ хэмнэлээр явж ирсэн. Тэгвэл хуучрын хөг аялгууг хүний сэтгэлд сийлэх залуухан хуучирч өөрийнхөө авьяас билгээр энэ чиглэлд ихийг бүтээх нь гэдгийг Улсын филармонийн танхимд суусан хүмүүс өөр, хоорондоо шивэр авир хийн, бахдан ярьж байсан юм. Э.Цэндсүрэн оюутан атлаа бие даасан гурав дахь концерт “Folk meets classic”-аа ийнхүү зохион байгуулж байгаа бас дотоодын болон гадаадын томоохон уралдаанаас тэргүүн байруудыг голдуу эзэлж ирсэн нэгэн аж.

Тэрбээр XVIII-XX зууны Англи, Орос, Франц, Хятад, Унгар, Испанийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг хуучрын аялгуугаар хүмүүст хүргэж байв. Тэрбээр хуучирчдын урын санд томоохон байр суурь эзэлдэг Испанийн хийлч, хөгжмийн зохиолч П.Сарсатегийн”Кармен-Уран сэтгэмж”-ийг хөгжимдсөнөөс гадна Францын Клауди Дебюссийн бүтээлээс анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон. XIX-XX зууны сод төлөөлөгчдийн нэг, имперессинизмийн урсгалыг үндэслэгч түүний байгаль ертөнцийн үй олон өнгө будгийг аялгуулж буулгах гэж оролдсоныг нь хөгжмөөр илэрхийлэхэд ихээхэн ур ухаан, авьяас хэрэг болдог гэдэг билээ. Харин Э.Цэндсүрэн өнгө бүрийн цэвэр дуугаралт, хөгжимчнөөс дотоод мэдрэмж шаарддаг түүний аялгууг хуучирт буулгахаар зориглосноо нэр төртэй биелүүлсэн. Мөн тэрбээр өөрийн орны зохиолчдын бүтээл болох Б.Шаравын “Хуучир-Симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит чуулбар-концерт” мөн С.Сансаргэрэлтэхийн “Гүнжийн бүжиг” хийл цохивор хөгжмийн чуулгад зориулсан концертыг анх удаа хуучирт хөрвүүлж тоглосон юм. Түүний аав Ж.Энхтөр, ээж Д.Тэрбиш нар охиныг нь сургаж, хөглөж ирсэн багш П.Мөнгөнцэцэгт талархаж байгаагаа байн байн илэрхийлж байсан нь арга ч үгүй биз. Харин Э.Цэндсүрэнгийн талаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Зуун зууны бүтээлүүдээс гуравдугаар дамжааны залуу хөгжимчин зориглон сонгож тоглосон нь сайшаалтай. Тэрбээр авьяаслаг, эрдэмжиж байгаа бас их ухаалаг юм. Ухаалаг нь их анзаарагдаж байна” хэмээн онцолж байсан билээ. Түүнээс “Хөгжим тоглоход ухаан шаардах уу. Авьяас байхад болох юм биш үү” гэхэд “Дэлхийн аварга З.Ойдов дэвжээн дээр барилдахад биеийн хүчээр биш толгойгоор, ухаанаар барилддаг гэж хэлж байсан шиг хөгжимчин хүн ухаанаар хөгжим тоглодог юм” хэмээн хариулсан билээ. Ийм нэгэн авьяаслаг, ухаалаг хуучирч Монголд төрж байна. Ард олныхоо зүрх сэтгэлийг эгшигт аялгуугаар сийлэн баясааж, Монголын гэх аялгууг хуучир хөгжмөөр дэлхийд тамгалан үлдээх их хөдөлмөрт чинь амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Ажлын дараа”

-МОНГОЛЫН УРЛАГИЙН СОНГОДОГ БҮТЭЭЛЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА-

Монголын урлагийн сонгодог бүтээлийн цувралаар өмнө нь төрийн шагналт, ардын зураач, хөдөлмөрийн баатар Н.Цүлтэмийн “Талын айл”, төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээлүүдийг хүргэсэн. Энэ удаа төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээлийг танилцуулж байна. Зураач уг бүтээлийнхээ санааг 1947 онд олж, 1954 онд зурж дуусгасан байна. Урлаг судлаачид энэ бүтээлийг социалист бүтээн байгуулалтын өрнүүн их ажил үйлс, хөдөлмөрчин түмний амьдралыг харуулсан бүтээл гэдэг.

Зургийн хавтгайд сахлаг өвс ногоо жигдэрсэн тал нутаг, хадланчдын майхан, эргэн тойронд морин хадуур, хадлангийн багаж хэрэгсэл харагдана. Хөдөө хээр ажиллаж буй хадланчид майхныхаа урд ширээ тойрон цайлж сууна. Хадланчдын хоол хүнс, аяга таваг сав суулга ихэд тод дүрслэгджээ. Дорнодын Улз нутгийн буриад малчдын аж амьдрал, нэгдлийн хадлан тэжээл бэлтгэх үеийн нэгэн агшин. Ахимаг, залуу янз бүрийн насны найман хадланчийн хувцас хунар, царай зүс ч тодхон. Нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөн царайнд нь илэрхий. Ногоон дээлтэй, дээлийнхээ энгэрийг задгайлж, амандаа өвс зажлан ихэд гэмшингүй суугаа залуу бусдаасаа зэм хүртэж сууна. Залуугийн өвөрт шилтэй архи юм уу гэмээр зүйл байна. Хадлангийн бригадынхандаа зэмлүүлэн бас ч гэж буруугаа хүлээх мэт хүлцэнгүй, гэмших ичиж эмээх мэдрэмж царайнд нь илэрчээ. Энэ зурагт дүрсэлсэн найман хүний эх дүр нь наймуул зураачийн төрсөн нутаг Дорнодод амьдарч байсан нутгийн уугуул, бодит хүмүүс гэдэг. Зураач нутгийнхнаа сайн мэдэхийн зэрэгцээ бүтээлийнх нь эх дүр болсон тэр хүмүүсийг зан араншин, амьдралд хандах хандлага, ажил төрөл, нас, намба төрх гэхчлэн олон талаас нь гярхай мэдэрч ажилласан учир зураг дээр тэд яг байгаагаараа буусан байна. Өөрсдөө ч уг зургийн эх дүр болсондоо ихэд сэтгэл хангалуун байсныг зураачийн тухай дурсамж номд өгүүлжээ. Хадлан гэснээс, зураач өөрөө гар хадуураар өвс хадахдаа гаргууд байсан гэдэг.

Урлагийн бүтээл нь зарим талаар тодорхой нэгэн нийгэм, цаг үеүдийн түүхэн баримт, бодит дүрийг авч үлдэн соёл иргэншлийн түүхэн үнэ цэнийг бүтээдэг. Энэ хандлагаараа Г.Одон гуайн “Ажлын дараа” хэмээх олонд алдаршсан бүтээл нь үнэхээр ч орчин цагийн Монгол орны нэгдэлжих хөдөлгөөн, эв хамтын нийгмийн аж байдал, хүмүүсийг цаг үеийнхээ тусгал болох үүднээс нь онцолсон бүтээл юм. Уг бүтээлийн зөвхөн нэг л тал нь энэ. Монголын урлагийн нэгэн тод үе болох тавь жараад он, далаад оны эхэн үеийг хүртэлх урлагт бүх цаг үеийнхнээс ялгарах нэг онцлог бий. Чухамдаа хүнийг бус хүмүүсийг үзүүлдэг нийтлэг хэв шинжээрээ онцгойрдог. Үзүүлж буй дүрүүд, ахуйг илэрхийлэх юмс, үйл хөдлөл зэрэг нь зөвхөн өөрсдийн цаг үе, өөрсдийн нийгмийн ухамсрын тод тусгал байх жишээтэй. Ихэнхдээ хүний дотоод ухамсраас илүү баатрынхаа нийгмийн ухамсрыг онцолж, хүнийг байгалийн нэгэн деталийнх нь хувьд гэхээсээ илүү тодорхой нэгэн нийгмийн үзэл санааны баатар, тэр нийгмийн тогтолцооны эрэг шураг, деталь болох талаас нь үзүүлсэн байдаг. Тэр хүмүүс нь цаг үе нийгэм хэмээх нэгэн том жүжигт тоглож байна гэсэн үг. Зөвхөн социалист нийгэм бус аль ч цаг үе бай хүмүүс тэр л жүжигтээ хамгийн итгэл үнэмшилтэй тоглож байдаг биз дээ. Өнөөдөр ч мөн адил. Хүний түүхэн дэх алив цаг үеүд нь итгэл үнэмшилдээ суурилсан өөр өөрийн өнгө төрхтэй, алдаа, оноотой, алаг эрээнтэй байхаас биш адгийн муухай цаг үе гэж байдаггүй. Асар олон алдаанууд байлаа ч хав хар цаг үе гэж байдаггүйн адил бас цав цагаан цаг үе гэж хэзээд үгүй. Машид үзэл сурталжсан бүтээл гэж хүмүүсийн үздэг “Ажлын дараа” хэмээх бүтээлийн түүхэн үнэ цэнэ үүгээр тодрохюм. Харин нөгөө талд юу байна вэ. Нөгөө талд хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн бий. Үүгээр “Ажлын дараа” бүтээлийн урлагийншавхагдашгүй үнэ цэн тодорно. Уг бүтээлийн үзэгчдэд өгөх сэтгэл оюуны өгөөж, туурвил зүйн үнэт зүйл нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг онцолсонд байдаг. Тодорхой нэгэн агшны сэтгэл хөдлөлөөр уран зурагт үйл явдлыг өрнүүлэх бололцоо нээгдэж, өгүүлэмжээ туйлд нь хүргэх боломж гарч ирж байгаа хэрэг. Тухайлбал, “Ажлын дараа” бүтээлийн өрнөл нэг гол дүр дээр төвлөрч байна. Амандаа өвс зажлан, гэмшингүй суугаа ногоон дээлтэй залуу дээр. Энэ ногоон дээлтэй залуу бол гол дүр болж орж ирж байна. Яг л драмын жүжиг шиг үйл явдлын зөрчил өрнөлтэй уран зураг. Үзэгчдэд нийтлэг нэг сонин мэдрэмж төрдөг нь анзаарагддаг. Чухам юу нь тэгтлээ үзэгчдийг нэгтгэнэ вэ гээд үзэхээр илэрхийллээрээ театрт драмын жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Г.Одон гуай энэ бүтээлээрээ зураг зурж сурсан гэж амьд сэрүүндээ ярьсан байдаг. Магадгүй бүтээлээ өөрөө нэлээн өндөр үнэлсэн нь тэр болов уу.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, зураач “Ажлын дараа” бүтээл дээрээ ажиллахдаа арав гаруй хувилбар эх зураг зурж байжээ. Тэгээд сүүлд ярихдаа “Ажлын дараа” бол зураг зурж сурахад минь тусалсан бүтээл юм шүү. Сэдвийг нь 1947 оны зун олж билээ. Би хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөө бууц засах ажилд ээждээ байнга тусалдаг байсан. Нэг удаа оюутны амралтаар Москвагаас ирчихээд ээжтэйгээ хадланд явлаа. Өвс нуруулдчихаад ирэхэд ээж минь газар зууханд аргалын утаа суунаглуулан хоол хийж байв. Тэр үдшийн байгалийн өнгө төрх сэтгэл хөдөлгөж, би хэд хэдэн таталбар хийж билээ. Юуны түрүүнд өвсөн овоохойгоо зурсан. Яаж аятайхан зураг бүтээе дээ гэж бодоод янз бүрийн судалбар хийлээ. Дараа нь түүнээ нэгтгэх болов. Баахан хүний зураг өвсөн овоохойнхоо хажууд байрлуулан зурав. Энэ эх зургаа нөхдөдөө үзүүлэхэд өвсөн овоохойн оронд майхан байвал яасан юм бэ гэсэн санал гарлаа. Би ч зөвшөөрч овоохойг майхан болгосон. Дахин дахин янзалсаар 1958 оны сүүлээр “Ажлын дараа” зураг дуусч 1958 онд төрийн шагнал хүртэж билээ” гэжээ. Улмаар 1975 онд ардын зураач цол хүртсэн байна. Монголчууд бэрхийг даван туулж, “хөмөрсөн тогоон дор”-оосоо гарч, бөөснөөсөө салж, боловсрол олж бас хийж бүтээж орчин үежиж чадсан социалист нийгмийн ид өрнөлийн цаг үеийг урлагт буулган үлдээсэн Г.Одонгийн “Ажлын дараа” бүтээл өдгөө Үндэсний уран зургийн галлерейн сан хөмрөгт буй. Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн намтрыг үзвэл, тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 1925 онд төрж, уран бүтээлээ 1942 оноос эхэлжээ. Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгсч ирээд 1951 оноос ДУДуС-д, 1958 онд УБДС-ийн дэргэдэх зураг, хөдөлмөрийн ангийг анх нээгдсэнээс 1986 оныг хүртэл багшилсан байна. Г.Одон гуай уран зургийн 200 гаруй бүтээлээрээ Монголын орчин үеийн дүрслэх урлагт хот, хөдөөгийн аж байдал, түүх, заримдаа угсаатны соёлыг ч өгүүлэн өөрийн том орон зайг эзлэн мөнхөлсөн байх ажээ.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ