Categories
мэдээ цаг-үе

“CEO” коллеж шинэ элсэлтээ авч эхэллээ

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэнийг газар нутгийн байршил үл хамааруулан тодруулна

Гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах Хамтарсан ажлын хэсгийн дарга Б.Отгонжаргалаас зарим тодруулгыг авлаа.

-Ойрын өдрүүдэд Мон­гол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Манай улс нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж 3 саяд хүрэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн. Иймд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулж ажилласан. Юуны өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ЭРҮҮЛ ЭСЭН МЭНД хүлээн авахад гол анхаарлаа хандуулсан. Эрүүл мэндийн салбараас эх нярайг эрүүл төрүүлэх, төрөлтийг зөв удирдах, эх барих, нярайн чиглэлээр зохих сургалтуудыг зохион байгууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг жирэмсний үеийн, төрөлтийн үеийн, төрсний дараах үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх шатчилсан сургалтуудад хамруулсан. Тэднийг ажлын байран дээр нь нарийн мэргэшлийн эмч нарын удирдлагын дор мэргэшүүлсэн. Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуц­лагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулж, гурван сая дахь иргэнийг алдаршууланурамшуулах, тэтгэмжийн арга хэмжээ, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүллээ.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг яг хэдий­гээр тодруулах бол? Өмнө нь Монгол Улсын хүн амыг нэг сая, хоёр сая болоход тодруулж байсан уу?

-Энэ шинэ ажил бишээ. Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн2015 оны 1 дүгээр сард төрөхөөр байгаа.

-Гурван сая дахь иргэ­нийг хэрхэн тодруулах вэ?

-Монгол Улсын ГУРВАН САЯ дахь иргэнийг Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын гурвансая дахь иргэнийг тодруулах журам”-ын дагуу тодруулна.

-Хэдэн иргэнийг гурван сая дахь иргэнээр өргөмжлөх вэ?

-Монгол Улсын гурвансая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурвансая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийгтүүний чацуутан гэж үзнэ.

-Гурвансая дахь иргэ­нийг аймаг,хотын хаана тодруулах бол. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Бидний баримтлах журмаар энэ оны эхнээс мэндэлсэн хугацаагаар нь дараалуулсан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт, тухайн хугацаанд ногдох нас баралтыг тооцон Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна. Энэ нь Монгол Улсын харьяат хүүхдийг газар нутгийн байршлаас үл хамааран тодруулна гэсэн үг юм.

-Тэгвэл гадаадад төрсөн Монгол хүүхэд Монгол Ул­сын гурван сая дахь иргэ­нээр тодорч болно гэсэн үг үү?

-Тиймээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.

-Гурван сая дахь иргэнийг хэрхэн алдаршуулж,ямар урамшуулал үзүүлэх вэ?

-Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тус тус алдар­шуулна. Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад батламж, тэмдэг гардуулна. “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ саяхүртэл төгрөгийнүнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3/гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүн­тэй тэнцэх хэмжээниймөн­гөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыгаймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа.

-Гурван сая дахь иргэн орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хоёуланг нь нь авах уу?

-Үгүй. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууцбуюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.

-Таны ярианаас бидМонгол Улсын гурван сая дахь иргэнийг угтахад бэлэн гэж ойлгож болох уу?

-Бид Монгол Улсын гурван сая дахь иргэнийг эсэн мэнд өлгийдөн авах бэлтгэл ажлыг үнд­сэндээ хангасан. Энэ ажилд эрүүл мэндийн салбар, ста­­тис­тикийн ажилтнууд, хол­­богдох бүх шатны бай­гуул­лагын удирдлага, ажилт­нууд идэвхтэйажиллаж байна.

Б.НЯМДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

ШУА-ийнхан 500 мянган төгрөгийн тэтгэмжээсээ салахгүйн тулд хөгжлөөс ухарч байна

-ШИНЖЛЭХ УХААНАА АШИГЛАХ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭЖ ХӨГЖИХ САНААЧИЛГЫГ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН ШИГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА НЬ АРЧААГҮЙ ХЭРЭГ

МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, профессор С.Буднямтай ярилцлаа.

Математикийн хүрээлэн МУИС-ийн харьяанд очоод багагүй хугацаа өнгөрсөн. Танай хүрээлэнг их сургуулийн бөөрөнд очоод ажиллахаа больсон гэж ярих эрдэмтэд байна. Үнэн үү?

-Тийм сонин, худлаа мэдээллийг УИХ-ын зарим гишүүн, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийнхан ярих боллоо. Тэд ийм утгагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой. Математикийн хүрээлэн өнгөрсөн жил 40 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Манайх 1997 онд МУИС-ийн харьяанд очсон шүү дээ. Хуучин класик чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед шинэ салбаруудаар эрчимтэй хөгжиж байна. Англи, Япон, АНУ-д сурч ирсэн залуус энд ажиллаж, залуу боловсон хүчнээр байнга сэлгэгдэж байгаа. Хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат Төрийн шагнал хүртлээ. Академич Т.Жанлав Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн хүндэт доктор боллоо. О.Чулуунбаатар доктор Дубнад секторын эрхлэгч хийж байна. Ч.Алтаннар АНУ-д доктороо хамгаалаад Англид ажиллаж байгаад ирлээ. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг хоёр ч залуу авлаа. Гадаад, дотоодод үнэлэгдэж байгаа хамт олныг ингэж үгүйсгэсэнд харамсч байна.

Танай хүрээлэн Их сургуулийн харъяанд очоод эерэг өөрчлөлт гарсан уу?

-Шилжилтийн үед ШУА-аас салгаж байсан учраас нэг үе боловсон хүчин, гадаад харилцаа доголдсон нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд доголдлоо нөхөж, үйл ажиллагаа сайжирсан. Их сургуулийн дэргэд байгаа учраас залуу боловсон хүчнээр байнга нөхөгдөж, тэр хэрээр хөгжижбайна. Багшилж байгаа залуучуудаас сонгох, тэднийгээ гадаадад сургаж авахад ойр байдаг. Ахмад эрдэмтэд мэдлэгээ залуу үед дамжуулдаг. Ингэж эргэх холбоотой, цусаа сэлбэж хөгждөгийг олон улсын жишиг харуулж байна. Багш хүн өөрөө эрдэмтэн байх учиртай. Барууны “профессор, оюутан” гэдэг нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэх сонгомол загвар шүү дээ.

Их сургуулиудаас тасарчихсан академид энэ бол боломжгүй, удирдлагууд нь ч хүн сургах гэдгийг мартчихсан. Тийм ч учраас ШУА өнөөдөр маш хүнд байдалд орчихсон.

Их сургуулиудын харъяанд эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд байх нь оюутнуудад ч ашигтай болов уу. Олон улсын нэр хүндтэй сургуулиуд ийм жишгээр хөгждөг.

-Чанартай боловсон хүчин бэлтгэгдэх үндэс нь болж байгаа юм. Барууны сургуулиудын харьяанд биеэ даасан судалгаа хийдэг төвүүд бий. АНУ-ын Харвард, Калифорнийн Технологийн их сургууль гэх мэт сургуулиуд дотроо том лобараторитой. Тэнд ажиллаж байгаа эрдэмтэд нээлт хийгээд Нобелийн шагнал аваад байна шүү дээ.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяанд өгнө гэсэн Ерөнхий сайдын саналыг ШУА-ийнхан эсэргүүцэж, жагсаал хүртэл хийсэн. Ер нь олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Хуучин социалист, социализмын чиглэлтэй орнуудын шинжлэх ухааны хөгжил хоцрогдсон шалтгаан нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн хоёрыг эртнээс салгасанд байгаа юм. Манайх ОХУ-ын загварыг авч хэрэглэсэн шүү дээ. Петр-I хааны байгуулсан академид гаднаас уригдаж ирсэн хүмүүстэй нь Ломоносов муудалцаад тусдаа их сургуулиа байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Орост их сургууль, академи хоёр 300 гаруй жилийн турш салангид байсан түүх бий. Харин их сургууль төвтэй шинжлэх ухааны загварыг Германы Гумболд бий болгосон. Тэр хүн шинжлэх ухаан бол их сургуульд төвлөрсөн байх ёстой гэдгийг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. XX зууны эхэн, дунд үед Германы том мэргэжилтнүүд их сургуульдаа байсан. Шинжлэх ухаан нь ч дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон. Харин дэлхийн II дайнаас болж Германы олонхи том эрдэмтэд нь Америк руу гарч, дэлхийн шинжлэх ухаанд тэргүүлэх байр сууриа алдсан л даа. Ер нь их сургуулийг түшиглэж хөгжсөн шинжлэх ухаан хамгийн өгөөжтэй, сонгомол загвар гэдгийг олон улсын жишээ харуулж байна. Техникийн хувьсгал, нийгмийн бүх л өөрчлөлт шинжлэх ухаантай холбоотой. Шинжлэх ухааны том том нээлтүүд хүн төрөлхтөнд дэвшлийг авч ирдэг. Харин тэр дэвшлийг хэн хурдан хүлээн авч, улс орныхоо хөгжилд ашиглаж байгаа нь бусдаасаа тэргүүлж байна. Шинжлэх ухааныг төр, эдийн засгийн бодлогодоо зөв тусгаж байгаа улс хөгжиж чадаж байна шүү дээ. Газар нутаг багатай, хүн ам цөөтэй Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоогч Ли Куан Ю “Хөгжил бол ард түмний толгойтой холбоотой. Ард түмний ухамсарт юу байгаа нь хөгжлийн хөшүүрэг байх ёстой” гэж тийм бодлогоор улсаа хөгжүүлсэн шүү дээ.

Барууны орнууд их сургуульдаа түшиглэн шинжлэх ухаанаа хөгжүүлдэг юм байна. Харин социалист байсан орнуудад ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид шилжиж байгаа нийгмээ муу мэдэрч, өнгөрсөн 25 жилийн турш ихэнх асуудлыг туршилтын байдлаар шийдлээ. Харин одоо өнгөрсөндөө дүгнэлт хийж хөгжлийн гарц нь сайн боловсролтой иргэд, шинжлэх ухааныг хүлээж авдаг чадавхитай болох ёстой. Инженер, эрдэмтэд, зохион бүтээгчид ийм чадвартай байвал дэлхийн шинжлэх ухаанд гарч байгаа том том нээлтийг хүлээж авах чадвартай, бэлэн байна шүү дээ. Өмнө нь газар, хөдөлмөр, байгалийн баялаг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл байсан бол одоо хүний оюуны багтаамж шингэсэн технологи, бүтээгдэхүүн хөгжлийн тулгуур болж байна. Хуучин социалист орнууд үүнийг мэдрээд бүгд шинжлэх ухааны хуучин менежментээ өөрчилсөн. ОХУ-ын эрдэмтдийн нээлт дэлхийн шинжлэх ухааныг тэтгэж байлаа. Харамсалтай нь шилжилтийн үед үүргээ шинэ нөхцөлтэй уялдуулж чадаагүй. Тиймээс өнгөрсөн жил дээрээс нь Шинжлэх ухааны хүрээлэнг татан буулгаж “Та нар эрдэмтдийн клуб. Бид та бүхнээс зөвлөгөө авна. Та нар их, дээд сургуулийн судалгаанд дүгнэлт хийж, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиглэлийг нөхцөл байдалдаа тохируул” гэдэг чиглэлийг өгчихсөн.

Манай загвар болсон ОХУ өөрчлөлтийг хийчихэж гэж ойлголоо. Харин манай эрдэмтэд яагаад энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй гээд эсэргүүцээд байгаа юм бол?

-Үе, үеийн Засгийн газар зохицуулалт хийхийг оролдсон. Харин ШУА-ийнхан өөрийгөө хамгаалаад, социализмын үеийнхээ нэрийг ашиглаад өөрсдийгөө бөөцийлж байсан хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилга үнэндээ мөнгө хэмнэх, эдийн засгийн хямралтай ямар ч холбоогүй. Харин хөгжилд нийцүүлж боловсрол, шинжлэх ухааныг ашиглах хэрэгцээ гарсан учраас олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон. Нүүрс, зэсээ зарсан эдийн засгийн өсөлт чанарынх биш хөөсөн байж гэдгийг хүлээн зөвшөөрч зөв гольдиролд оруулах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл энэ саналыг хямралтай холбож эмзэг бүлгийнхэн шиг хүлээж авч байгаа нь арчаагүй хэрэг. Харин ч ШУА-ийнхан өөрсдөө “Таны санал зөв байна. Бид ийм байдлаар хүчээ нэгтгэж эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай судалгаа хийж ажиллах хэрэгтэй” гэдэг санал гаргаж, Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой байсан. Ерөнхий сайд энэ ажлаа хөгжлийн нөөц гэдэг талаас нь шийдвэртэй хийгээсэй гэж хүсч байна. Үүний тулд ШУА-ийн хүрээлэнгүүдийг БСШУ-ны яамандаа авах ёстой. ШУА-ийн 64 гишүүний сар бүр авдаг 500 мянган төгрөгийг хасах хэрэгтэй. Тэдэнд ямар агуулгаар тэтгэлэг өгч байгаа нь ойлгомжгүй. Дэлхийд хоёрхон улс академийнхаа гишүүдэд тэтгэлэг өгдөг. Манайх тийм баян улс биш. Жилд 400 гаруй сая төгрөгийг ШУА-ийн гишүүдэд тэтгэлэг болгон өгч байна. Гишүүд нь энэ тэтгэлгийнхээ хажуугаар цалин, тэтгэврээ бас авна.

Тэгвэл ШУА-ийн гишүүд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд эсэргүүцээд байна уу. Эсвэл ажилгүй болохоос айгаад байгаа хэрэг үү?

-500 мянган төгрөгөөсөө салчихна гэж айж байна. Бас их сургуульд очоод юу зааж, юу сургаж чадах вэ гэдэг нь толгойны өвчин болчихож. Бэлэн болсон зүйл дээр гарын үсэг зурах, зөвлөгөө өгөх нь их сургуульд ажиллахаас огт өөр. Их сургууль дээр оюутнууд тэднийг зүгээр суулгахгүй. ШУА-ийн гишүүдийн олонхи нь их сургуульд багшилж үзээгүй, оюутнуудад уншчих лекц бичээгүй, сургалтын системээсээ тасарчихсан хүмүүс.

Эрдэмтэд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд тэмцэж байна гэхэд өрөвдөлтэй санагдаж байна. Олон улсад эрдэмтэд бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зардаг, хамгийн орлоготой хүмүүс байдаг шүү дээ. Манайд тийм боломж байхгүй юу?

-Ажиллаж чадвал тийм боломж байгаа. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд компаниуд шинжлэх ухааны бодлого боловсруулдаг төвүүдтэй байх шаардлага гарч байна. Шинэ технологи, патентийн мэдээллийг судалж, дүгнэлт хийн бизнестээ ашиглах шаардлага гарчихаад байна. АНУ-д инновацийн менежер ажиллаж байна. Нэг судлаачид есөн менежер ажиллаж байна шүү дээ. Үүний хүчинд технологийн шинэчлэлээ цаг алдалгүй хийж чадаж байна. Манай бизнес эрхлэгчид энэ тал дээр дутуу ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадваргүй байгаа хэрэг. Хөдөө аж ахуй, эрдэс баялгаа боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд эрдэмтдээ ашиглах хэрэгтэй. Газ гаргах, коксжуулах технологи дээр хөрөнгө оруулагчидтай хатуу тохирвол хөгжил ойр байна.

Эрдэмтэд оюутнуудаа ашиглаад өөрийнхөө онолыг хөгжүүлэх боломж байгаа. Технологитой холбоотой судалгаа хийдэг эрдэмтэн бизнес эрхлэгчдийг өөртөө татах шинэ санаа гаргавал тэтгэмж байтугай мөнгө олно. Барууны зарчим ийм. Эрдэмтэн судалгаагаа л хийнэ. Шинжлэх ухааны нээлт бүх нийтийн хүртээл. Тэр технологийг дамжуулж, өөртөө нутагшуулах чадвар өндөртэй нь хөгжиж байна шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд цусаа сэлбэж, дэлхийн нээлтийг нутагшуулбал хөгжил аяндаа ирнэ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудыг их сургуулиудад шилжүүлбэл хэр хугацаа хэрэгтэй бол?

-Их сургуулиудад бие даасан төвүүдийг яаж байршуулж, хөгжүүлэх вэ гэдэг загвараа гаргана. Дараа нь ШУА-ийн хүрээлэнгүүдийг хаана нь байршуулах шийдвэрээ гаргах ёстой. Төрийн статуст авсны дараа алийг нь их сургуульд аажмаар өгөх вэ, алийг тусад нь байлгах вэ гэдгийг шийдэх учиртай. Түүнээс их сургууль руу шууд механикаар хийж болохгүй шүү дээ. УИХ-ын зарим гишүүн “Их сургууль чинь 17 настай “охин”. Ийм байхад юм нэмж “жирэмслүүлэх” хэрэг байна уу” гэж ярьсан гэнэ лээ. Их сургууль дотор шинжлэх ухааны төвүүдийг бойжуулах гэж байгаа бол эхлээд бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь эргээд төвөө тэжээх байдлыг харгалзах ёстой. Энэ бүхэнд гурван жилийн хугацаа хэрэгтэй болов уу. Засгийн газрын хугацаанд амжихгүй гээд битгий орхиосой гэж хүсч байна. Үндсэн хуульд шинжлэх ухааны бодлого, хөгжлийг Засгийн газар хэрэгжүүлэх тухай тодорхой заачихсан. Үүнийгээ хийг л дээ. Шинжлэх ухааны салбарт олонхиороо асуудлыг шийддэггүй. Хэн зөв сэтгэж, хэн онол гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөгддөг. Санал хураалтаар, эсвэл хэсэг улстөрчдийг худалдаж авах замаар хийгддэггүй. Ардчилал нь тэргүүлж байгаа цөөнхдөө байдаг. Түүнийг хүлээж авах нь ёс зүйн асуудал.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны байгууллагыг их сургуультай нэгтгэх нь салбараа үгүй хийх эрсдэлтэй

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх талаарх Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг эсэргүүцэн, шинжлэх ухааны академийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд жагссан билээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед улсын төсвийн орлого их наядаар тасарсан учраас ШУА-ийг татан буулгаж, төсөв хэмнэх гэж байгаа гэвэл эндүүрэл гэдгийг жагсагчид хэлж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ онд БШУЯ-ны төсвийг танаагүй атал сайд Л.Гантөмөр бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр зөвхөн шинжлэх ухаанд зарцуулах ёстой хөрөнгийг танах гэж байна гэдгээ тэд жагсаалын үеэр онцолж байсан юм.

ШУА-ийнхан их сургуультай нэгдэлгүй, тусдаа үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны жишиг ч ийм гэдгийг хэлж байгаа юм. ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатартай энэ талаар ярилцлаа.

Шинжлэх ухааны академийг дэлхийд байхгүй нүсэр бүтэцтэй хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

– Шинжлэх ухааны академи Европын сэргэн мандалтын үед буюу XVII-XVIII зууны үеээс эхтэй. Тэдгээрээс Германы Леополдын ШУА, Английн хааны нийгэмлэг, Оросын ШУА зэрэг байгууллагууд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл бүхий л цаг үед шалгагдсан сонгодог бүтэц байхгүй юу. Түүнчлэн Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрсэн үедээ буюу XIX-XX зуунд Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага байгуулсан түүхтэй. Тухайлбал Голланд1808 онд, Австри 1847 онд, АНУ 1863 онд, Хятад 1926 онд тус тус ШУА-аа байгуулсан.

Харин манай орны хувьд 1924 онд ШУА-аа Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулж, ” … энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны академи болох буй заа” гэж хүртэл үүрэг чиглэлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Монгол орон харанхуй, бүдүүлэг байсан юм биш. Тэгж яривал аугаа түүхт Монголын ард түмэн ихээхэн оюунлаг учраас хэдэн зууны өмнөөс буюу Их Монгол Улсын үед ч эрдэмтдийн байгууллагатай байсан. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби Хубилай хааны намтрыг олон жил судалсан. Тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ тусгасан. Тэр ч бүү хэл, тэрхүү академийнзарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби хэлсэн удаатай. Тэгэхээрманай ард түмэн эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай юм шүү.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи гэдэг нь хойд хөршийн хэдэн арван жилийн өмнөх буюу социализмын үеийн бүтэц гэдэг нь ташаа болж таарах нь ээ дээ?

-Юуных нь социализмын үеийн бүтэц байх билээ дээ. Интернетийн тусламжтайгаар өнөө цагт ямар ч мэдээллийг олж авахад их хялбар болчихсон. Хуучны Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс хавьгүй өмнө буюу Шинжлэх ухааны академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд нэг л итгэж өгөхгүй л байна шүү.

Шинжлэх ухааны академи нь судалгааны хүрээлэнгүүдтэй байх нь мөн л Зөвлөлт маягийн буюу хуучны бүтэц учраас их дээд сургуулиудтай нэгтгэх замаар шинэчлэх хэрэгтэй гэцгээх болсон. Энэ тал дээр?

-Ухаандаа ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь хуучин хэв маягийг халж, орчин үеийн сонгодог бүтэц рүү шилжүүлж байна гэх гээд байх шиг байна. Энэ ч бас үндэслэлгүй худлаа юм л даа. Өнөөдөр дэлхий дахинаа эгнээндээ судалгааны хүрээлэнтэй ШУА байхад хүрээлэнгүй нь ч бий. Тухайлбал Европын 40 гаруй улсын ШУА-уудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Тэдгээрийн талаас илүү нь судалгааны хүрээлэнгүй бол бусдад нь бий. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд болох Чех, Словак, Польш, Унгарт тус бүр 50 гаруй хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Австри, Голланд, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүр арав гаруй шинжлэх ухааны хүрээлэнтэй. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад ШУА-ийг байгуулж, хөгжүүлэх бус зөвхөн их сургуульд л шинжлэх ухааныг хөгжүүлдэг болсон юм биш үү?

-Энэ бол бас л өрөөсгөл ойлголт. Жишээлбэл АНУ-ын Холбооны төсвөөс ШУ-ны судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулиас гадуурх судалгаанд зарцуулагддаг. Америкт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны газар бий. Японд мөн л ШУ-ны үндэсний хүрээлэнгүүд байдаг бол Германд 80-аад хүрээлэнгээс бүрдэх Макс Планкийн, Лайбницийн, Хельмхолцын, Фраунхоферын зэрэг хэд хэдэн нийгэмлэг бий. Францын CNRS 80 хүрээлэнтэй бол Италийн CNR 100-аад хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнгүүдийн үндсэн зорилго нь зөвхөн судалгаа хийх. Товчхондоо бол барууны орнуудад их дээд сургуулиудаас гадна ШУА, Төв лаборатори, хүрээлэн, нийгэмлэгүүд дээрээ шинжлэх ухааны судалгаа хийдэг юм.

Тэгвэл манай оронд шинжлэх ухааны байгууллагуудаа их сургуультай нэгтгэлгүй тусад нь хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн аль алиных нь судалгааны загвар оновчтой, боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх хэрэгтэй. Дээрээс нь их дээд сургуулийн багш нар таваас зургаан жил багшилсныхаа дараа нэгээс хоёр жил шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр ажиллаж яагаад болохгүй гэж. Үүнийхээ дараа эргээд багшилж болно. Түүнээс биш ШУ-ны байгууллагыг төсөв мөнгө хэмнэх нэрийдлээр механикаар нэгтгэвэл шинжлэх ухааны салбараа өөрсдийн гараар самрах эрсдэлтэй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн олон адуутай сумаар Булганы Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант тодорчээ

МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР МАЛЫН ТОО 51.9 САЯ ТОЛГОЙД ХҮРЧ, ӨМНӨХ ОНЫХООС 6.8 САЯ ТОЛГОЙ БУЮУ 15.1 ХУВИАР ӨСЛӨӨ


Манай улс 51.9 сая толгой мал тоолуулаад байна. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр ийм тоо гараад байгаа юм.

Урьдчилсан дүнгээр Орхон аймгийн малын тоо толгой 55.9 мянгаар буурсан бол бусад аймагт 43.8-625 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гарчээ.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэгаймаг, Улаанбаатар хотын малчид таван хошуу малаа жигд өсгөсөн байна.

Архангай аймаг дөрвөн сая 292768 мал тоолуулж улсдаа тэргүүлж, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгууд удаалжээ. Аймгууд хичнээн мал тоолуулсныг дараахь жагсаалтаас харж болно.

1.Архангай4.292.768

2.Төв4.181.510

3.Хөвсгөл4.156.821

4.Өвөрхангай4.111.515

5.Баянхонгор3.465.864

6.Хэнтий3.268.826

7.Булган3.132.637

8.Завхан2.895.637

9.Сүхбаатар2.818.181

10.Ховд2.625.577

11.Говь-Алтай2.577.869

12.Увс2.561.150

13.Дундговь2.435.739

14. Баян-Өлгий 1.883.370

15.Өмнөговь1.849.043

16.Дорноговь1.686.794

17.Сэлэнгэ1.471.684

18.Дорнод1.393.447

19.Улаанбаатар385.364

20.Говьсүмбэр339.438

21.Дархан324.241

22.Орхон123.202

Малын тоо толгойгоороо улсад тэргүүлээд байгаа Архангай аймгийн хувьд Булган сумын малчин Ч.Жамбалжамцынх хамгийн олон мал тоолуулсан өрх болоод байгаа аж. Тэднийх 3836 толгой мал тоолуулсан гэж тус аймгийн Мал хамгаалах сангийнхан дуулгалаа.

Төв аймаг 330.971, Архангай 303.921, Булган 253.329, Өвөрхангай 246.950, Сүхбаатар 231.248 адуу тоолуулсан нь улсын хэмжээнд хамгийн олон адуутай аймгууд болж байна. Харин Өмнөговь аймаг 112.741 тэмээтэйгээрээ улсад тэргүүлсэн бол Баянхонгор 41.668, Дорноговь 34.792, Говь-Алтай 32.736, Дундговь 28.030 тэмээтэйгээр айргийн тавд жагсчээ. Харин Улаанбаатар 154, Дархан 89, Орхон 61 тэмээтэйгээр энэ жагсаалтын сүүлийг мушгижээ.

Архангай аймаг 2.229.293 хонь тоолуулж улсад тэргүүлсэн бол Төв аймгийнхан 2.125.718 хоньтойгоороо удаалсан байна. Хөвсгөл аймаг 1.996.902, Өвөрхангай 1.821.050, Булган 1.648.711 хонь тоолуулж удаах байрт оржээ.

Баянхонгор аймаг 2.138.102 ямаатайгаар бусад аймгуудаасаа хол давуу байгаа аж. Ямааны тоо толгойгоороо Баянхонгор аймгийн араас Өвөрхангай (1.838.280), Говь-Алтай (1.620.884), Хөвсгөл (1.619.267), Төв (1.432.545) аймгууд орсон байна.

Ийнхүү аймгуудыг төрөл тус бүрээр нь малаа хэрхэн өсгөж, улсын хэмжээнд ямархуу байр эзэлж байгааг сонирхуулахад ийм байна. Харин тооллогын дүнг сум, багийн хэмжээнд нарийвчлан гаргасан тоо баримтаас дурдъя.

Нийт малын тоогоор Архангай аймгийн Эрдэнэ­мандал сум улсад тэргүүлээд байна. Тус сум 420.445 мал тоолуулжээ. Энэ сумын араас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Баян­дэлгэр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд оржээ. Хамгийн олон адуутай сумдаар Булганы Сайхан (40.227), Төв аймгийн Эрдэнэсант (31.966), Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан (29.600), Баруун-Урт (28.797), Булганы аймгийн Могод (28.439) тус тус тодроод байна.

Үхрийн тоогоор Архангай аймгийн Өндөр-Улаан, Их Тамир, Чулуут сумд улсад эхний гурван байрыг эзэлсэн бол Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Тариат сум удаах байрт оржээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум 22.655 тэмээ тоолуулж бусад сумдаа тэргүүлсэн бол тус аймгийн Мандал-Овоо сум 18.208, Баянхонгор аймгийн Баянлиг 17.486, Өмнөговь аймгийн Манлай 10.264, Дундговь аймгийн Өлзийт сум 8.665 тэмээ тоолуулж айргийн тавд орсон байна. Энд сонирхуулахад, Завхан аймгийн Асгат гурав, Төв аймгийн Архуст, Сэлэнгийн Зүүнбүрэн, Архангайн Эрдэнэ­булган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр сумд тус тус хоёр тэмээ тоолуулсан бол Төв аймгийн Угтаалцайдам сум нэг тэмээ тоолуулжээ.

Архангай аймгийн Эрдэнэ­мандал 273.603, Төв аймгийн Эрдэнэсант 212.777 хонь тоолуулж улсад тэргүүлээд байгаа бол, Өвөрхангай аймгийн Богд 230.687, Баянхонгор аймгийн Баацагаан 211.869 ямаа тоолуулж ямааныхаа тоогоор эхний байруудад бичигджээ.

Хамгийн олон мал тоо­луулсан багаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын нэгдүгээр баг буюу Жаргалант баг тодорч байна. Тус багийнхан 139 мянга 279 толгой малтай ажээ. Адуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат, үхрээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон, тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян баг, хониор Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг, ямаагаар Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг тус тус улсад тэргүүлсэн байна.

Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн нэгдсэн дүнг энэ сарын 15-нд олон нийтэд албан ёсоор танилцуулна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.

Д.САРУУЛ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын сумочдын алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямынд өнжлөө

Токио хотод “Sky tree” гэж цамхаг бий. Барилгынхаа өндрөөр дэлхийд хоёрдугаарт буюу Арабын Эмират улсын “Бурж Калифа”-гийн дараа орно. 2012 оны тавдугаар сард ашиглалтад орсон тус цамхгаас ердөө тав зургаахан минут алхаад хүрэх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын гэрт өнжихөөр очлоо. Урьдчилж цагаа тохирохоор утас руу нь залгатал “Үдээс хойш манайд хүмүүс ирнэ. Хүүхдүүдийн найзууд ирэх байх” гэж байна. Хүүхдийнх нь найзууд ирнэ гэхийг бодвол төрсөн өдөр нь болж байгааюм болов уу гэж таамагласаар гэрийнх нь хаягийг заалгав. Эндхийн хаяг тунчиг ойлгомжтой болохоор төвөггүйхэн олов. Гэрийнхээ гадна талд “Tsevegnyam” гэж гэрийн эзний нэрийг англиар бичжээ.

Хоорондоо метр хүрэхгүй зайтай, бөөрөөрөө наалдах шахсан гурван давхар хувийн сууцны нэгд Н.Цэвэгнямынх байдаг ажээ. Хонхыг нь дартал гэрийн эзэн өөрөө хаалга онгойлгож өгч байна. Мэнд усаа мэдэлцээд үүдний өрөөнд гутлаа тайлан дотогш оров. Нэгдүгээр давхартаа үүдний хэсгээс гадна жижигхэн өрөөтэй юм. Тэнд Н.Цэвэгнямын ээж Цэвэлмаа гуай амьдардаг юм байна. Сүүлийн хэдэн жил тэрээр жилийн ихэнх өдрийг хүүгийнхээ дэргэд өнгөрүүлж байгаа гэнэ. Өрөөгөөр нь шагайвал эзгүй ажээ. Н.Цэвэгнямын араас хоёрдугаар давхарт гарлаа. Зочны өрөөнд хүүхдүүд нь тоглож байв. Харин гэрийн эзэгтэй зочныхоо өрөөтэй залгаа гал тогоондоо шарсан тахиа тэргүүтэй төрөл бүрийн хоол бэлтгэж байлаа. Н.Цэвэгням эхнэр өөдөө харснаа “Би чамд хэлэхээ мартчихаж. Монголоос ирсэн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч байгаа юм. Манай гэрээс сурвалжлага бэлтгэх гэж байна. Монголын хамгийн том сонины тэргүүн нүүрэнд манай гэр бүлийн тухай нийтлэл гарах юм” гэж тайлбарлав. Гэргий нь үүнийг сонсоод сандарч байгаа нь илт. Өмссөн хормогч руугаа нэг хараад л, хүүхдүүд рүүгээ нэг хараад л. Тэгснээ нөхөр рүүгээ хараад “Эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж байгаа бололтой хэдэн үг хэлснээ “Сайн байна уу” гэж монголоор мэндлэв. Хариу мэнд мэдсэний дараа зочныхоо өрөөний хаалгыг онгойлгоод дээшээ гар гэж байгаа бололтой дохиж байна. “Манай гэргий сандраад жигтэйхэн. Зочны өрөөнд хүүхдүүд шуугилдаад ажилд чинь саад болно гэж байна. Хоёулаа дээшээ гарч ярилцъя” гэсээр гурван давхар руу гарлаа. Гурван давхартаа дөрвөн жижиг өрөөтэй ажээ. Гурав нь унтлагынх, нэг нь Н.Цэвэгнямын амралтын өрөө гэнэ. Унтлагын өрөөнүүд нь 15 метрээс томгүй бөгөөд дотроо нэг, нэг ор, жижигхэн шүүгээтэй. Өөр элдэв бусын тавилга сэлт гэхээр юм юу ч алга. Н.Цэвэгнямын өрөөнд намхан буйдан, зурагтнаас өөр зүйл алга.

“Би хааяа энэ өрөөндөө орж ирж зурагт үздэг юм. Бас найзууд ирвэл энд суугаад буу хална” гэв. Ингэж хэлээд буйдан дээрээ сууснаа “За сайн явж ирэв үү. Сайхан өвөлжиж байна уу. Улаанбаатарт хүйтэн байна уу. Цас орсон уу. Ойрдоо цас орохгүй байна гэж байсан” гэх зэргээр нутгийнхаа тухай асуулаа. Тэгснээ “Манай монголчууд намайг дэвжээгээ өвлөөд авчихсан байгаа гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ тиймээ. Барилдаж байгаа хүн дэвжээний багш болдоггүй юм. Одоохондоо өөрийнхөө бэлтгэлийг хийгээд, барилдаад л явж байна. Багш болоод үлдэх санаа бол байгаа. Түүнээс биш би тэдийд зодог тайлна, тэгээд багшилна гэж төлөвлөсөн зүйл алга. Японы сумогийн түүхэнд 40 настайдаа дээд зиндаанд удаан барилдсан хүн байдаггүй юм билээ. Би өнгөрсөн есөн сард 40 хүрсэн. Тэгсэн чинь япончууд бас л нэлээн шуугиж байна” гэв. Монгол бөхчүүд мэргэжлийн сумогийн түүхэн амжилтуудыг янз бүрээр л эвдэж байгаагийн нэг нь гурван жилийн өмнөх Н.Цэвэгнямын түрүү. Аварга арслангуудын тухайд олон удаагийн даваа, түрүүгээрээ дээд амжилт эвддэг бол Н.Цэвэгням хамгийн удаан хугацаанд барилдаж байгаа, 38 настайдаа дээд зиндаанд түрүүлж байгаа зэрэг амжилтуудыг эвджээ. “Би өөрийгөө 40 хүрчихлээ, хөгширч байна шүү гэж ерөөсөө боддоггүй юм. Япончууд чинь харин их сүрхий шүү дээ. Тэдэн нас тэдэн сартайдаа гэж ирээд л ярина. Аягүй бол өдөртэй нь гаргачихсан байгаа” гээд инээж байна.

Н.Цэвэгням анх 1993 онд Японд ирж байсан. Сумогийн ертөнцийн тухай огт мэдэхгүй гэж хэлж болохоор жаахан хүүхэд Наритагийн онгоцны буудалд буугаад Ошима дэвжээний бөх болжээ. Тэр цагаас хойш дээд зиндаанд түрүүлж үзэх юмсан гэх бодол цээжинд нь байнга хадаатай явдаг байсан байна. Жилд зургаан тэмцээн болно, зургаан хүн түрүүлнэ. Тэр бүгдийг хараад байхаар нэг түрүүлчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогддог байжээ. Сэтгэл дотроо битүүхэн бодож явдаг байсан мөрөөдлөө үе үехэн зүүдэлнэ. Түрүүлчихсэн зогсож байна, цом авч байна гэж ирээд л зүүдэлнэ. Сүүлд гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болсон хойноо түрүү бөхийн ёсоор хүүхдээ өвөр дээрээ суулгаад зургаа авахуулж байна гэж зүүдлэх болжээ. Зүүдлээд зогсохгүй бэлтгэлийн үеэр ч үе үе бодогддог байсан гэнэ. Хүүгээ өвөр дээрээ авч суугаад зургаа авахуулбал ямар харагдах бол, тэрийг хараад хэчнээн олон хүн баярлах бол гээд л янз бүрээр төсөөлөн бодно. Ингэж бодож явсан түүний мөрөөдөл 2012 оны тавдугар сарын башёд биеллээ олж олон хүнийг баярлуулсан даа. Тухайн башёгийн талаар Н.Цэвэгням “Тэр башёгийн барилдаан их сонин эхэлсэн юм шүү дээ. Эхний таван өдрийн барилдааны дараа би хоёр даваа, гурван унаатай байсан. Хамгийн гол нь тавдугаар сарын башёгийн өмнө би дэвжээгээ өвлөж авах уу, үргэлжлүүлэн барилдах уу гэдэг хоёр том сонголтын өмнө ирчихээд байсан юм” гэж ярилаа. Тэрээр Ошима дэвжээний бөх. Дэвжээний багш нь 2012 оны дөрөвдүгээр сард тэтгэвэрт гарах болжээ. Тэтгэвэрт гарахдаа Н.Цэвэгнямд өөрийн дэвжээгээ өвлүүлж үлдээхээр шийдчихсэн байсан гэнэ. Багшийн хүсэлт ёсоор дэвжээг нь өвөлж авбал зодог тайлахаас өөр аргагүй болчихоод байжээ. Өөрөө бол дахиад хэдэн жил барилдмаар санагдаад л. Барилдах зориг байна, сэтгэлийн хүч байна, бие байна гэж дотроо бодож байсан гэнэ. Хэрэв дэвжээгээ өвөлж авахгүйгээр үргэлжлүүлэн барилдвал Ошима дэвжээ тэр чигтээ тарах байжээ.

Дэвжээнийх нь бөхчүүд, үсчид, тогооч, жолооч гээд тэр дэвжээнд ажилладаг бүх хүн өөр өөрсдийн замаар явах учиртай болох хэцүүхэн сонголтын өмнө хүрээд ирж.Ингээд ээж, эхнэр болон ойр дотнынхоо хүмүүстэй зөвлөтөл “Харих болоогүй байгаа. Дахиад хэдэн жил барилдах нөөц бололцоо бүрэн байна шүү дээ” гэх урмын үг сонсоод барилдахаар шийджээ. Түүний шийдвэрийг Ошима багш нь сонсоод хэсэгхэн хугацаанд эвгүй байдалд орсон ч гэлээ “Сайн барилдаарай миний хүү” гэж хэлээд амжилт хүсчээ. Ингээд дэвжээгүй болчихоод байтал “Томазүнами” дэвжээнийхэн бөөнөөрөө хүрээд ир гэсэн байна. Ингээд дүү бөхчүүд төдийгүй үсчин, тогоочоо тэр чигт нь дагуулаад шинэ дэвжээнд бэлтгэл хийж эхэлсэн байна. Дэвжээгээ тараан байж үргэлжлүүлэн барилдаж байгаа болохоор тавдугаар сарын башёд өндөр хариуцлагатай барилдахгүй бол болохгүй. Дор хаяж л тавин хувийн амжилттай барилдахгүй бол “Ингэж муу барилдаж байхаар дэвжээгээ өвлөж аваад багшлаад явж байхгүй дээ” гэх олны хэл аманд өртөх болчихоод байдаг. Тиймээс яаж ийж байгаад тавин хувиа л хийх юм шүү гэх бодлоор тэмцээнийг эхлүүлсэн байна. Харин эхний таван өдрийн дараа гурван унаа, хоёр даваатай болчихож. Тэгтэл сонин хэвлэлээр “Кёкүтэнхо одоо дахиад гурав давбал сумогийн түүхэнд бичигдсэн хамгийн олон даваатай арван бөхийн жагсаалтад шинээр орж ирнэ” гэж бичээд эхэлжээ. Түүнийг нь уншаад мань нөхрийн урам сэргээд, бяр амтагдаад явчихсан гэдэг. Гурав дараалаад ялчихсан чинь алдарт Таканохана аваргын дээр бичигдэж эхэлжээ. Японы мундаг том аваргын дээр гарчихсан хүн чинь урам оролгүй яахав, тэр чигээрээ зүтгэсээр нэг мэдэхэд арав ялчихсан байсан гэнэ. Харин тэмцээний сүүлийн хэдэн өдөр түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд орчихсон цохиж яваагаа анзаарсан байна. Башё дуусаагүй болохоор сэтгэл санаа нь тогтворгүй болчих болов уу гэж бодоод ойр тойрныхон нь олон зүйл ярихгүй, түүнээс дөлөөд яваад байж. Тэгэхээр нь дотроо “За одоо л миний хичээх үе ирсэн юм байна даа” гэж боджээ. Азаар ч гэхүү тэр башёгийн эхний хэдэн өдөр Хакухо аварга тун тааруу барилдаж хэдэн өдөр дараалж уначихсан, түрүүлэх бөхчүүдийн тоонд багтаагүй байсан байна. Энэ тухай Н.Цэвэгням “Бас л сонин тохиолдол шүү. Хувь заяа ивээсэн байх гэж залбирдаг юм. Би ч чадлаараа мэрийж барилдсан. Их аварга хүн тэмцээний эхний өдөр дараалан унана гэдэг байж боломжгүй үзэгдэл. Тэр ч утгаараа Хакухо аварга хичээж барилдсан. Аваргын сайн барилдаан миний түрүүлэх замыг засаж өгсөн сонин тохиол болсон доо” гэсэн юм. Үнэхээр л Хакухо М.Даваажаргал түүний өрсөлдөгч нарыг хаяж өгчээ. Сүүлийн өдөр тэнцүү унаатай гурван бөх түрүү булаалдахаар болсон байна. Н.Цэвэгням Гоэдотой учраа таарч. Энэ хоёр өмнө нь бэлтгэлийн үеэр байнга л таарч барилдана. Арав барилдахад долоод нь Н.Цэвэгням унадаг байжээ. “Сүүлийн өдөр Гоэдотой таарчихаад яс үзнэ дээ л гэж бодож байлаа. Тэрхэн үед хаанаас ямар хүч нь гарсан юм бол бүү мэд, хуссан даа” гээд инээв.

Тухайн башёгийн сүүлийн гурван өдөр сэтгэл зүй нь ёстой нэг барьцгүй болтлоо хөдөлж байжээ. Элдэв юм бодогдоод унтаж чадахгүй байсан гэнэ. Нүдээ аниад хэвтэхээр түрүүлчихээд цом тэврээд зогсож байна, эсвэл ялагдаад уйлж байна гэж харагдаад л. Яг сүүлийн өдрийн өмнөх орой гэртээ байж байтал элдвийн юм бодогдоод болдоггүй гэнэ. Хэрэв энэ чигээрээ янз бүрийн юм бодоод байвал унтаж чадахгүй. Унтахгүй болохоор яаж олигтой барилдаан гаргах вэ дээ гэж бодоод танил руугаа утас цохижээ. Уулзаад хоол идэн япон архи ууж байгаад гэртээ иртэл нам унтсан байна. Маргааш нь түрүүлчихээд ярилцлага өгөхдөө “Маш их сандарч байсан болохоор урьд шөнө архи уугаад унтсан” гээд хэлтэл сумогийн ордонд байсан хүмүүс нирхийтэл инээлджээ. Ингэж 23 жилийн турш зүүдэлж байсан мөрөөдлөө биелүүлсэн байна. Яг түрүүлчихээд зогсож байхад эх орных нь уул толгод нүдэнд нь харагдахын зэрэгцээ анх сумогийн дэвжээнд хөтлөн оруулсан Ошима багшдаа баярлан нулимс унагажээ. Багш нь ч мөн түрүү бөхийн парадны машинд суун яваадаа баярлан хэсэгтээ л үг дуугарч чадахгүй болтлоо баярлан нулимс дуслуулан явсан гэнэ. Гэрийнхэн нь харин догдлол, хөөр баяраа нуух гээд ч юмуу сүүлийн өдөр сумогийн ордон руу явалгүй гэртээ үлджээ. Зурагтаар харж байгаад түрүүллээ гэнгүүт гэрээсээ хам хум гарч гүйгээд таксинд суун сумогийн ордонд ирж байжээ. Цомоо аваад, ярилцлагаа өгөөд, хүүгээ өвөр дээрээ суулган зургаа авахуулж энэ насныхаа нэгэн мөрөөдлийг биелүүлжээ. “Би чинь их сонин хүн. Магтаад байвал хөөрөөд юу ч хийж чадахаар хүчтэй зоригтой болчихдог шиг байгаа юм. Тэр башёд түрүүлснээр миний мөрөөдөл биелсэн. Анх би сумод орохдоо түрүүлж үзэх юмсан гэсэн ганцхан мөрөөдөлтэй л байлаа шүү дээ” хэмээн ярилаа. Түрүүлснийхээ дараа харин бараг бүтэн жил баяр хийжээ. Башё дуусаад тойргийн барилдаанууд болж байгаа газар очихоор түрүүлчихээд анх удаа ирж байна гээд баяр хүргэж дайлж цайлна. Жилийн дараа л “газарт бууж” хэвийн амьдралдаа эргэн орсон гэсэн.

Н.Цэвэгнямыг япончууд “legend” буюу сумогийн домог гэж ярьдаг ажээ. Түрүүлснийхээ дараахь башёд 13 унаж япончуудыг гайхашруулсан. Ийм тохиолдол сумогийн түүхэнд бас л байхгүй. Түрүүлсэн бөх дараагийнхаа башёд арван гурав давна уу гэхээс унаж байсан тохиолдол байхгүй. Тэгэхээр япончууд бас л янз бүрээр ярьж байсан гэнэ. Үүний дараагийн тэмцээнд буюу ес, арваннэгдүгээр сард арван даваа авч дэмжигч олноо баярлуулжээ. “Нэг түрүүлсэн юм чинь хоёр түрүүлж болохгүй гэх газаргүй байх шүү” гэж асуутал “Ээ одоо хэцүү. Гурвын гурван аварга ид барилдаж байна шүү дээ. Тэр гурвын хажуугаар гарч ирнэ гэдэг хэр баргийн аавын хүүхдийн хийж чадах зүйл биш. Үнэхээр чанга. Дээрээс нь би сэтгэл ханачихсан болохоор хоёр дахь түрүү гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна” гэв.

Тэрээр ирээдүйд одоо барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өмнөх багшийнхаа нэрийг өвлөөд авчихсан байгаа болохоор зодог тайлснаас хойш кёкүтэнхо биш ошима нэртэй болох ажээ. Нэрээ авсан хойноо дэвжээ нээх эсэх нь түүний асуудал. Заавал дэвжээтэй бол гэж шахаж шаардаад байх зүйлгүй. Харин одоогийн барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авахаар бол Ошима нэрээ орхих хэрэг гарах юм байна. Тиймээс одоогоор яг аль нэрээрээ дэвжээгээ өвлөж авахаа шийдээгүй байгаа гэнэ. Хөрөнгө санхүүтэй холбоотой болохоор цаг нь болохоор шийднэ гэж байлаа. Харин дэвжээний багш буюу ояката болохын тухайд шийдвэрээ гаргачихсан, дэвжээний багш болно гэлээ. Багш болчихоор дэвжээнийхээ бүх л асуудлыг шийдвэрлэнэ. Бөхчүүдийн арын нарийн ажлууд буюу бичиг баримт хөөцөлдөх, даатгалд хамрагдах, татвар төлөх, хоол хүнс зэрэг ажлыг гэргий нь хийх ёстой байдаг ажээ. Харин барилдаантай холбоотой асуудалд огтхон ч оролцохгүй байх дүрэмтэй байдаг юм байна. Ийн ярьж суутал гэргий нь хаалгаар шагайснаа “Доор хүмүүс ирчихлээ” гэж хэлчихээд яваад өгөв. Бид хоёр ч яриагаа завсарлаад араас нь буулаа. Зочны өрөө дүүрэн хүн цуглажээ. Арванхоёрдугаар сарын 25 буюу зул сарын баярын өдөр учраас ойр дотнынхон нь цугласан байна. Бүгдээрээ ширээ тойроод суучихсан Н.Цэвэгнямыг хүлээж байв. Харин хүүхдүүдэд тусад нь ширээ засаж өгчээ. Бүгдээрээ баярын зоогоо идэн элдвийг хөөрөлдөн суусан юм. Ширээн дээр нь тахианы мах голдуу хоол харагдав. Бас төрөл бүрийн ногооны салат хийн таваглажээ.

Н.Цэвэгнямын гэргийг Кэйко гэдэг. Эднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь Японы иргэншилтэй болохоор албан ёсны нэр нь япон. Харин гэртээ монгол нэрээр дууддаг юм байна. Том охиныг нь Энхцэцэг, хүүг нь Энхмэнд гэдэг. Бага охиндоо монгол нэр өгч хараахан амжаагүй байгаа гэнэ. Хүүхдүүд нь цэцэрлэгт явж байгаа, том охин нь ирэх жил сургуульд орно. Хүү Энхмэнд нь гурван настай. Аавыгаа дуурайгаад сумо ч болно гэж мөрөөддөг гэсэн. Миний үсийг аавынх шиг самнаад өг, маваши аваад өг гэж ээжээсээ гуйна. Ээж нь ч хүүгийнхээ хүслийг дэмжээд дэлгүүрээс даавуу авч маваши оёж өгсөн гэсэн. Хүү нь тэрийгээ өмсчихөөд аавыгаа барилдъя гээд зүгээр суулгадаггүй ажээ. Тоглоомоороо дэвжээ засчихаад сумочдын хийдэг бүх л ёслолыг хийнэ. Давс цацаад, гэдсээ алгадаад л. Аав нь ч хүүгийнхээ сонирхлыг хүндэтгэдэг юм билээ. “Авьяас нь байгаад чадаж байвал сумо ч болно биз” гэх юм. Тэгснээ хүү рүүгээ харан “Тэр үед би дэвжээний багш болчихсон байх биз. Гэхдээ хэцүү шүү дээ. Хүүхдээ дэргэдээ аваад сургана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз. Сумогийн ертөнцөд ах нарыгаа хүндлэх бичигдээгүй дүрэм бий. Тэр дүрмийг бүгд дагана. Ах нар юу гэж хэлнэ тэрийг заавал биелүүлнэ. Ах нартаа зодуулах тохиолдол ч гарна. Тэр бүгдийг нүдэн дээрээ хараад суугаад байх хэцүү. Тэгэхээр хэрэв сумо ч болно гэвэл өөр багшийн дэвжээнд өгөх байх” гэлээ. Эднийх зав л гарвал монгол руу явахыг зорьдог юм байна. Зун цагт хүүхдүүдээ дагуулаад явдаг гэсэн. Эхнэр, хүүхэд нь аавынхаа завыг харж байгаад боломжтой үе гардаг л юм бол Монгол руугаа явъя гэж гуйдаг юм байна. Харин сүүлийн хоёр жил нялх хүүхэдтэй учраас явж чадаагүй ажээ. Тэгсэн хүүхдүүд нь ааваасаа илүү Монголоо саначихсан зун хурдан болоосой гэж байгаа гэсэн. Монголд очоод юу хамгийн гоё байдаг тухай асуувал өдөр болгон монгол хоол идэх гоё гэж байна. Дунд хүү Энхмэнд нь дөрөв, тавхан сартай байхдаа анх Монголд ирж байсан юм байна. Тэр үед Японоос баахан хүүхдийн сүү, нэмэлт тэжээл базааж аваад явсан юм байх. Харин очсон эхний өдрөө л хонины махтай буузны гурил амаа олохгүй идээд бор хоолонд орж байжээ. Тэрнээс хойш Энхмэнд гэлтгүй хоёр охин нь ч гэсэн монгол хоолонд нугасгүй болсон гэнэ. Аливаа тэмдэглэлт өдөр, эсвэл амралтын өдрөөр ээжээсээ бууз, хуушуур хийж өгөхийг хүсдэг ажээ. Мөн Цэвэлмаа эмээ нь өвөлдөө Японд байдаг болохоор монгол хоолоо дуртай үедээ хийлгээд идчихдэг юм байна.

Н.Цэвэгнямынх одоо амьдарч байгаа байрандаа өнгөрсөн жил оржээ. Газрыг нь худалдаж аваад шинээр бариулсан гэнэ. Хүүхдүүд нь япон багачуудтай харьцуулахад хөдөлгөөн ихтэй, нэг газраа тогтож сууна гэж байхгүй, энд тэнд гүйж байдаг болохоор доод айлаасаа санаа зовоод амьдарч байсан орон сууцнаасаа нүүхээр болжээ. Ингээд одоогийнхоо амьдарч байгаа гурван давхар хувийн сууцыг бариулсан юм байна. Гэр нь тун энгийн. Өрөөнүүдэд нь илүү дутуу тавилга алга. Элдэв чамин зураг хөрөг, сувинер нэг ч харагдсангүй. “Японд амьдарч байгаа сумочдыг орд харш шиг тансаг байранд амьдардаг байх гэж бодож байлаа” гэтэл “Хүүе тийм үү. Ёстой тийм юм байхгүй ш дээ. Хүмүүс харин тэгж бодоод байдаг шиг байгаа юм. Яахав үнэтэй тансаг байранд амьдарч болно л доо. Гэхдээ тэгж амьдрах хэрэг юу байхав дээ. Тансаг тавилгатай байлаа гээд миний амжилт ахихгүй, хүүхдүүдийн сурлага сайжрахгүй болохоор ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм. Чи манайд ирсэн юм чинь манайхыг нэг сайн хараад авахгүй юу. Энгийн байгаа биз дээ” гэв. Нээрээ л энгийн гэхэд дэндүү энгийн аж төрөх юм. Зочныхоо өрөөнд зассан сүлд мод л гэхэд тавин см хүрэхтэй үгүйтэй өндөртэй. Манайд бол ийм хэмжээтэй ёолкыг дотуур байрны оюутнууд л өрөөндөө засаж байгаа даа гэж бодогдож байв. Буйдан, ширээ, сандал, гал тогооны тавилга, аяга таваг гээд бүх зүйл нь элдэв чамирхалгүй. Чихрийн таваг нь хүртэл зүгээр л шаазан байх жишээтэй. Болор таваг, мөнгөн аяга байдаггүй юм байна гэж бодож суутал Н.Цэвэгням “Тансаглана гэдэг чинь цөөн хүн амтай улсын л асуудал юм шиг байдаг. Энд хэн хаана амьдарч юу өмсөж зүүхийг огт сонирхохгүй” гэлээ. Тухайн хүний гаргаж байгаа амжилтад ямар бэлтгэл нөлөөлөв гэдгийг л сонирхоно уу гэхээс гэртээ ямар тавилга тавьж, ямар брэнд хэрэглэж байгааг нь тоож ярихгүй. Тиймээс элдэв маягаар гоёж гангалаад байх ч хэрэггүй ажээ. Гэргийнх нь хувцас, ээмэг зүүлтнээс ч гоё ганган зүйл харагдсангүй. Жижигхэн шигтгээтэй цагаан ээмэг зүүж өвдөгний дээгүүр татсан урттай эрээн даашинз өмсчээ. Мөрнийхөө доогуур татсан үснийхээ талыг ардаа боочихсон, нүдээрээ инээмсэглэсэн сайхан бүсгүй байдаг юм байна. Гал тогооныхоо ширээний ард зогсоод зочдынхоо хоолыг бэлтгэх тэрээр монголоор тийм ч сайн ярихгүй юм. Сайн байна уу, баярлалаа, баяртай, хоолоо идсэн үү гэх зэрэг ойр зуурын хэдэн үг мэдэх ажээ. Хадам ээж нь өвөлждөг болохоор монгол хэл суръя гэж зорьж байгаа гэсэн. Гэхдээ хүн л болсон хойно дохио зангаагаар ойлголцоод хүүхдүүдээ хамжиж хараад тун дажгүй байдаг гэлээ. Н.Цэвэгнямын ах дүү нараас олон хүн Японд байдаг учраас ээж нь хамаатнуудаараа хэсээд явчихдаг ажээ. Н.Цэвэгням жижиг оврын гэр бүлийн автобустай. Манайхаар микро гэж хэлж болохоор тэр машинаар нь амралтын өдөр бөөнөөрөө ийш тийшээ зугаалж, айл хэсэхэд тохиромжтой байдаг гэсэн. “Жийп унаж байгаа хүн харагдахгүй юм. Та энд байхдаа жийп унаж байв уу” гэж гэрийн эзнээс асуухад “Энд том машин унах ямар ч шаардлага гарахгүй. Нэгдүгээрт том машины зогсоол олоход хэцүү. Хоёрдугаарт зам сайтай болохоор шаардлагагүй. Би энд хорин хэдэн жил амьдрахдаа тоотой хэдэн удаа л жийпэнд суусан байх шүү. Японд жийп болон үнэтэй машинуудыг тэтгэврийн хөгшид унадаг юм. Насаараа хөдөлмөрлөж олсон мөнгөө тэгж л үрж байна. Харин залуу хүмүүст тэгэх шалтгаан байхгүй. Тэгээд ч сумогийн ертөнц өөрөө хатуу чанга дэг жаягтай болохоор тэр үү өнгө мөнгөнд дурлах, ойрын хэдэн жилийн хангалуун байдлаас илүүтэй холыг харах ухааныг өгдөг гэж боддог юм” гэлээ.

Н.Цэвэгням Кэйко хоёрын танилцсан түүхийг яриуллаа. Н.Цэвэгнямын барилдаж байсан Ошима дэвжээг дэмжигчдийн хүлээн авалт үе үе болдог байсан гэнэ. Нэг удаагийн хүлээн авалтын үеэр Кэйко ирчихсэн байжээ. Анх хараад л “Хөөрхөн охин байна даа” гэж дотроо бодоод өнгөрчихөж. Тэгсэн дараа нь бодогдоод болдоггүй гэнэ. Утас шөрмөсийг нь олж аваад холбогдтол нэг л нүүр өгөх янзгүй. Гадаад хүн, дээрээс нь том биетэй бүдүүн хүнд дургүй болохоор тоодоггүй байсан гэнэ. Гэлээ ч байнга утсаар ярьж, панаалдсаар байгаад аваад суужээ. Монгол хүн, тэр дундаа бөх хүний гэргий боллоо гээд өөрчлөгдсөн зүйл Кэйкод байхгүй гэсэн. “Гурван хүүхэдтэй болж, хүний гэргий болсноос биш хэцүү зүйл байхгүй дээ. Манай найзууд гадаад хүнтэй хамт амьдрах хэцүү биш байна уу гэж асуудаг. Ерөөсөө хэцүү биш. Харин ч түшигтэй байдаг юм” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Харин монгол бүсгүйчүүдийн хэвшил болсон цайны дээж өргөх, хоол ундныхаа дээжийг нөхөртөө барих зэрэг ёсыг мэдэхгүй гэсэн. Н.Цэвэгням ч хүний газар амьдарч байгаа болохоор гэргийгээсээ янз бүрийн монгол ёстой холбоотой зүйл шаардаад байдаггүй ажээ. Өглөө эрт бэлтгэлтэй учраас хоол идэхгүй боссон чигтээ л яваад өгнө. Бэлтгэлийнхээ дараа өдрийнхөө хоолыг дэвжээн дээрээ идчихдэг болохоор гэртээ хоол хийлгээд байхгүй. Гэргий нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах зэрэг арын ажлыг амжуулна. Ингэж явсаар оройдоо нэг дор цугларч оройн хоолоо хамт иддэг ажээ. Н.Цэвэгням гэрийн ажилд тэр бүр оролцоод туслаад байж чаддаггүй гэсэн. Огт оролцдоггүй гээд ч хэлчихэж болно доо гэж байв. Харин хүүхдэдээ хувцас авахаар дэлгүүр орох үед хамтдаа явдаг ажээ. Ингэж гадуур явахад таарсан хүмүүс зургаа авахуулахыг хүсдэг ч хувийн ажлаар явж байгааг нь ойлгоод дараагийн удаа хамт зургаа авахуулж болох уу гэдэг ажээ. Ганцаараа явж байвал хаана ч, хэн ч таараад зургаа авахуулъя, гарын үсгээ зураад өгөөч гэхэд нь татгалзаж үзээгүй тухайгаа ярилаа. Ингэж яриад ирсэн зочдын хамтаар оргилуун дарс буудуулан хундага тулгав. Японд он солигдох өдөр буюу 31-ний орой ямар нэгэн арга хэмжээ болохгүй. 25-ндаа л баярлаад өнгөрдөг юм байна. Энд ирснээсээ хойш тэрээр ихэнх 31-ний оройг унтаж өнгөрүүлснээ ярилаа. Харин цагаан сарыг тун өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн. Шинийн нэгний өглөө босож зүг чигээ гаргана. Орж ирээд сүүтэй цай уун арц хүж уугиулдаг гэсэн. Эхнэр нь бууз, банш бэлдчихдэг болохоор түүнийгээ жигнэж идээд шинэлдэг ажээ. Бас холбоотой байдаг монголчуудтайгаа золгож цагаан сарыг Монголд яаж тэмдэглэдэг, тэр жишгээр шинэлдэг гэнэ. Наадмаар ч гэртээ хуушуур хайраад идчихдэг ажээ. Наадмын өдөр барилдаантай байж таардаг болохоор аль болох давахыг чухалчилдаг гэсэн. “Эх оронд минь монгол төрийн наадам болж байна. Хичээж байгаад давах юм шүү” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг гэж байлаа. Барилдаанаа дуусгаж гэртээ ирээд интернэтээр бөх үзнэ. Бас хурдан морины уралдаан үзэж түрүүлсэн соёолонгоос хөлс авч байна гэж дотроо төсөөлөн бодоод наадчихдаг ажээ. Ийн ярих хооронд түүний гар утас байнга л дуугарч байх юм. Япон, монгол найз нөхөд нь баярын мэнд дэвшүүлэн залгаж байв. “Би аливаа баяр ёслолоор ерөөлийн үг хэлэхээр олон зүйл бодоод байдаггүй. Бүгдийнх нь ажил үйлс бүтэмжтэй, өвчин зовлонгүй байгаасай л гэж хүсдэг. Энэ ерөөлөө монголчууддаа хэлье. Шинэ онд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай” хэмээн ерөөгөөд үдэн гаргалаа.

Categories
мэдээ цаг-үе

2015 оын өрнийн зурхай

ХОНЬ (03.21-04.19)

Өнгөрсөн жил энэ ордныхны амьдрал гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байсан. Шинэ 2015 онд ч мөн ялгаагүй. Ялангуяа энэ жилийн эхний хагаст таныг олон сонин үйл явдлууд хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай.Найз нөхдийнхөө хүрээг тэлж, амьдралдаа томоохон ахиц дэвшил гаргахаар нэлээд шамдана. Гэр бүл, найзтай бүсгүй эсвэл залуу тань гайхашрал төрүүлэхүйц алхам хийнэ. Яг энэ үед тэдэндээ анхаарал халамж тавиарай. Харин ганц бие хонины ордныхонд үл таних хүн гэнэтхайраа илчилжгайхшруулна. Ирэх оны гуравдугаар сард таны хувьд энэ жилийн хамгийн тааламжтай сар байх болно. Энэ ордныхонд бүгдэд нь ямар нэгэн сайхан үйл явдал тохиох нь гарцаагүй. Шинэ онд гэр бүлтэй хүмүүс ахуй амьдралдаа нэлээд анхаарал хандуулна. Шинэ байранд орж тавилгаа шинэчлэхээр төлөвлөсөн бол долдугаар сар хамгийн тохиромжтой үе. Харин аравдугаар сардямар нэгэн шийдвэр гаргахдаа сайтар бодож хянамгай байхад илүүдэхгүй.Ямар нэгэн үл ойлголцол бий болж түүний учрыг олох гэж байгаа бол түр хойшлуул. Санаа зоволтгүй, арваннэгдүгээр сар гэхэд учир нь олдоно. Харин оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард аливаа нэгэн асуудлаар шийдвэр гаргахдаа тун хянамгай байхад илүүдэхгүй.

ҮХЭР (04.20-05.20)

2015 онд та бүхний амьдралд маш том өөрчлөлт гарна. Сэтгэлийг тань зовоож байсан зүйлээс ангижирч ирээдүйдээ итгэл дүүрэн байх хаалга нээгдэнэ. Үхрийн ордныхон өнгөрсөн амьдралынхаа талаар сайтар тунгаан бодож 2015 оны туршид урьд өмнө нь гаргасан алдаагаа засах гэж хичээх болно. Цаашид ямар алхам хийх талаар нэгдүгээр сард багтаан шийдвэр гаргана. Энэ ордныхны дийлэнх нь нэгдүгээр сард гэр бүлдээ гол анхаарлаа хандуулна. Харин 2015 оны сүүлийн дөрвөн сард гэр бүлтэй холбоотой асуудлаас жаахан хөндийрч дахин бөөн бодолд автана. Энэ үед таны найз нөхөд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Залуу хүмүүс 2015 онд шинэ хайртайгаа учирна. Ингэхдээ сэтгэлийн хөөрөлд хэт автахгүй байх нь чухал. Та хоёрын үзэл бодол нийлж байгаа гэдэг юунаас ч илүү чухал. Үхрийн ордныхон энэ жилдашиг орлогын хойноос хэт хөөцөлдөх, их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой эрсдэлтэй алхам хийхгүй байх нь дээр. Ойр дотнын хүмүүс тань санхүүгийн дэмжлэг үзүүлэх тул санаа зоволтгүй. Их хэмжээний ашиг орлого олохгүй ч мөнгөөр тасрахгүй. Зургадугаар сард худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байхыг танд зөвлөж байна. Харин ажил мэргэжлийн хувьд гэвэл өөрчлөгдөж буй нөхцөл байдалд аль зэрэг хурдан зохицож чадахаас амжилт олох эсэх нь хамаарна.

ИХЭР (05.21-06.21)

Ихрийн ордныхны хувьд маш сонин жил болно. Шинэ найз нөхөд, танилтай болж эдгээр хүмүүс нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ ордныхны ажил амьдралд ах, дүү зэрэг ойрын хамаатан садан нь хамгийн ихээр нөлөөлнө. Тэд зун тусална гэдгээ гэнэт мэдэгдэнэ. Энэ нь цагаа олсон тусламж байх болно. Шинэ оны хоёрдугаарт хагаст ихрийн ордныхон гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулахаар шийдэвч, бодлогогүй алхмаасаа болж өөрийгөө нэлээд эвгүй байдалд оруулна. Ийм үедүнэнч шударга байх нь ямар чухал болохыг аяндаа ойлгоно. Санхүүгийн хувьд тун таатай он байна. Гэхдээ найз нөхөдтэйгөө хамтран ажиллах нь дэмий. Биеэ даан, зоригтой алхам хийж хөрөнгө оруулалт хийсэн байхад үр дүнгээ заавал өгнө. Өөрийн бизнестэй хүмүүс энэ жил санхүүгийн хамтрагч олж чадвал бизнес тань улам цэцэглэнэ. Гэхдээ зөвхөн ашиг олох сэтгэлээр хандах бус маш бүтээлч байх хэрэгтэй. Урлагийн салбарт ажилладаг ихрийн ордныхны хувьд тун таатай жил . Харин бусад салбарынханаливаа зүйлийг хийхдээ дотоод мэдрэмжиндээ хөтлөгдөхөд алдахгүй.

МЭЛХИЙ (06.22-7.22)

Мэлхийн ордныхон энэ жил нэлээд ажлын ачаалалтай байх болно. Ажил төрөл, хувийн амьдралаа зохицуулах гэж багагүй цаг зав зарцуулна. Зарим нь ажил мэргэжилдээ амжилтанд хүрэхийн тулд ахуй амьдралтай холбоотой асуудал саад болж байна хэмээн гэр бүлээсээ сална. Од гаригийн хөдөлгөөн ч үүнд нөлөөлнө. 2015 онд мэлхийн ордныхон өөрийн хүссэнээ хийж дураараа байхыг илүү эрмэлзэнэ. Оны эхний хагастэнэ хүслээ биелүүлж чадна. Харин наймдугаар сараас хойш тэдний бодол өөрчлөгдөнө. Энэ ордны зарим хүмүүс өөр салбарт хүчээ сорихоор шийднэ. Эхний зургаан сард мэлхийн ордныхны хувьд санхүүгийн хамгийн амжилттай үе байх болно. Тэдний чадварыг удирдлага нь зүй ёсоор үнэлж мөнгөөр урамшуулна. Харин бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд дөрвөөс наймдугаар сар нь хамгийн таатай үе. Энэ үед эхлүүлсэн бизнесийн ажил амжилттай байх болно. Мэлхийн ордныхон 2015 онд ажил мэргэжилдээч амжилт гаргана. Гэхдээ маш богно хугацаанд амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол эндүүрэл болно. Үүний оронд мэдлэг боловсролтой, найдвартай хүн гэдгээ харуулахыг хичээгээрэй.

АРСЛАН (07.23-08.22)

Энэ оны ялангуяа эхний хагас нэлээд завгүй байх болно. Хүрээлж буй хүмүүс танд нэлээд анхаарал хандуулна. Мэдээж энэ бүхэнтаны нэр хүнд зэрэгтэй холбоотой. Урлагийнхан, уран бүтээл туурвидаг энэ ордныхон дөрвөөс наймдугаар сард маш амжилттай ажиллана. Арслангийн ордныхон энэ онд нэг бус удаа маш чухал асуудлаар сонголт хийх шаардлагатай болно. Хавар амьдралд тань томоохон өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүсийг ч энэ тойрохгүй. Харин есөөс арванхоёрдугаар сарын хооронд бэрхшээлтэй асуудлуудтай тулгарах тул аль болох сэтгэл хөөрөлд авталгүй, биеэ барьж байх нь зөв. Энэ жилийн эхний хагаст таны санхүүгийн байдал тун дажгүй байна. Ес, арванхоёрдугаар сард энэ жилийн хамгийн таатай үе. Тиймээс энэ мөчийг ашиглаарай.Арслангийн ордны зарим хүмүүс амьдралдаа маш том өөрчлөлт хийхээр сэтгэл шулуудна. Зарим нь бизнест хөл тавихаар шийдсэн бол хавар, зуны эхэн сарууд хамгийн тохиромжтой. Энэ ордныхон од, гаригийн ивээлд багтах юм. Ажил амралтаа зохицуулах нь маш чухал бөгөөд аялалд явж, найз нөхөдтэйгээ уулзах цаг зав заавал гаргаарай.

ОХИН (08.23-09.22)

Энэ ордныхны хувьд ухаарал гэгээрлээр дүүрэн он болно. Зарим нь ертөнцийг үзэх үзэл, эцэг, эх, хань, үр хүүхдүүддээ хандах хандлагаа өөрчилнө. Шашинд итгэх итгэл улам бүр гүнзгийрснээс бусдад тусалж буяны үйлс нэлээд хийнэ. Энэ оны эхний хагаст та өөрийн сул талаасаа болж нэлээд эвгүй юм сонсоно. Шинэ танилтай болох боловч харамсалтай нь тэр хүн таны итгэл найдварыг даахгүй сэтгэлийг тань ихэд гонсойлгоно. Өөрөөр хэлбэл таныг мэхэлнэ. Нэг хэсэгтээ л үүнд ихэд гутарч сэтгэлээрунана. Гэхдээ бууж өгөх хэрэггүй. Од, гариг танд дахин эрч хүч өгнө. Нэлээд хүмүүс орон байрны асуудлаа шийднэ. Намар, өвлийн улиралд хувийн асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Харин гэр бүлтэй хүмүүсийн амьдралд бэрхшээл тулгарч болзошгүй. Ингэвээс сайтар бодож асуудлын гол шалтгааныг олохыг хичээгээрэй. Энэ оны ес, арванхоёрдугаар сард ашигтай санал хүлээн авч чамгүй орлого олно. Харин албан тушаал ахих сонирхолтой охины ордныхонд гэр бүлийнхэн нь тусалж дэмжинэ. Үүний ачаар ирэх долдугаар сард хүссэндээ хүрнэ. Ямар ч байсан жилийн туршид ажилдаа маш хянамгай хандаж ялангуяа бичиг цаастай холбоотой ажил дээр няхуур хандах нь зүйтэй. 2015 онажил мэргэжлийн хувьд чухал жил болно гэдгийг охины ордныхон мартаж болохгүй.

ЖИНЛҮҮР (09.23-10.22)

Өнгөрсөн он жинлүүрийн ордныхонд хувь хүмүүсийн хоорондох харилцаа нэлээд чухал байсан. Энэ жил ч ялгаагүй. Ялгаатай тал нь гэвэл гэр бүл доторх төдийгүй найз нөхдийн харилцаа анхаарлын төвд байх болно. Зарим нэгэн танилаасаа харилцаагаа тасалж танд тус болж чадахгүй хүмүүстэй улам ойр дотно болохыг хүснэ. Ялангуяа намар, өвөл үүнд нэлээд анхаарал хандуулна. Та санасандаа хүрч чадна. Энэ оны эхний хагаст амьдралд тань тус дэм болж, нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцаж тэдэнтэй сайн харилцаа тогтооно. Үүний ачаар ажил албандаа ч нөлөөгөө бэхжүүлж чадна. Энэ ордныхныгбайгаа бүхнээ тавьж, шинэ салбарт хүчээ үзэх гэсэн бодол салахгүй. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргахдаа урьдчилан сайтар бодож үзэхэд илүүдэхгүй. Наймаас арванхоёрдугаар сард гэр бүлд бий болсон үл ойлголцлын учрыг олоход хамгийн тохиромжтой үе. Ингэхийн тулд өөрийнхөө алдаа, сул талын талаар дахин нэг бодож үзэхэд илүүдэхгүй. Энэ оны эхний хагаст санхүүгийн тусламж дэмжлэг авна. Харин дөрөвдүгээр сард хөрөнгө оруулалт хийх зэрэг мөнгөтэй холбоотойажил хийхэдтохиромжтой. Энэ үед бусдад мөнгө зээлдүүлвээс тийм хурдан эргүүлэн авч чадахгүй болов уу. Харин ажил төрлийн хувьд санаа зовох юмгүй тайван байж болно.

ХИЛЭНЦ (10.23-11.21)

Хилэнцийн ордныхон 2015 онд санасандаа хүрнэ. Дийлэнх нь өөрийн бодож санаж явсан бизнес төлөвлөгөө, уран бүтээл туурвиж зорьсондоо хүрнэ. Тиймээс хоёроос дөрөвдүгээр сарын хооронд сайтар бодож боловсруулсан эцэст төлөвлөгөөгөө гаргаж хавар, зун гэхэд түүнийгээ хэрэгжүүлж эхлээрэй. Энэ жил та ажил дээрээ ч, найз нөхдийнхөө хүрээнд ч удирдан чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэх болно. Харин энэ оны хоёрдугаар хагаст хилэнцийн ордныхны зарим нь ямар нэгэн холбоо, эвсэл сайн дурын байгууллагын тэргүүлэгч болох магадлалтай. Харин ажил албанд дэвшсэн хүмүүс нь хуучин танилуудтайгаа харилцаа холбоогоо таслахаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь сэтгэл санааны хувьд таныг хүнд байдалд оруулна. Ер нь хилэнцийн ордныхон 2015 онд анхаарлын төвд байна. Та шинэ найз нөхөд, танилуудтай болж, гэр бүл үр хүүхэдтэйгээ улам дотно харилцаатай болно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн дотоод уур амьсгал урьдынхаас илүүболох юм. Найм, есдүгээр сард гэр орны дотоод асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Мөн энэ үеэр эхлүүлсэн чухал ажлаа дуусгаж, эцэг, эх, ах дүүтэйгээ муудалцсан бол учраа олоорой. Энэ жил хилэнцийн ордныхон гэр бүл, үр хүүхдэдээ урьдынхаас илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Мөнгийг зөв зарцуулах нь чухал гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ зарлагын хэрээр орлого орж ирдэг гэдэг. 2015 онд хилэнцийн ордныхонд санхүүгийн хувьд таатай он байх болно.

НУМ (11.22-12.21)

Нумынхны тэвчээр, чадварыг шалгасан он болно. Олон удаа сонголт хийх мөч тулгарна. Энэ жилийг сайн давж чадваас нумын ордныхны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Санхүүгийн асуудал жилийн туршид сэтгэлийг тань зовооно. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх хүсэл төрж үүнд гадны олон зүйл нөлөөлнө. Хэрвээ энэ оны эхний хагаст багтан үүнийгээ хэрэгжүүлж чадвал есдүгээр сараас эхлээд үр дүн нь аяндаа харагдана. Од гариг ч тэднийг ивээх болно. Энэ ордныхны хувийн амьдрал ч маш тайван байна. Гэр бүлийнхэндээ илүү их цаг зарцуулна. Харин арваннэг, арванхоёрдугаар сард мөнгө төгрөгтэй холбоотой маргаан гарах вий. Энэ жил нумын ордныхны амьдралд эцэг, эх нь чухал үүрэг гүйцэтгэж үнэтэй зөвлөгөө өгнө. 2015 онд санхүүгийн асуудал санаа сэтгэлийг тань зовоох хэдий ч чамгүй ашиг орлого олно. Энэ нь нумын ордныхонд цаашид хийж бүтээж, өөрийгөө хөгжүүлэхэд маш ихээр нөлөөлнө. Дөрвөөс наймдугаарт сард зарлагаа хянаж, хэрэггүй зүйлд мөнгө зарлагадахгүй байхыг хичээгээрэй. Үүний үр шимийг намар, зунаас хүртэнэ. Гэхдээ мөнгөө хэмнэж байна гээд нарийлаад байж болохгүй. Юуны өмнө чанартай боловсрол эзэмшихэд хамаатай. Энэ оны наймдугаар сар хүртэл ажил албанд ахиж, маш том ахиц дэвшил гаргана. Харин хоёроос наймдугаар сар хүртэл бизнесээ эхлүүлэхэд хамгийн тааламжтай үе.

МАТАР (12.22-01.19)

Оньсого шиг тайлагдашгүй зүйлээр дүүрэн он байх болно. Өөрийн амьдралын талаар нэлээд бодож, амьдралын утга учрыг олох гэж хичээнэ.Ядарч, зүдэрсэн хүмүүст туслахыг илүүд эрхэмлэнэ. Од гаригийн нөлөөгөөр хэрэггүй танилуудаасаа харилцаагаа таслах боловч үүндээ сэтгэл нь шаналж зовно. Дөрвөөс наймдугаар сарын хооронд энэ талаар шийдвэртэй алхам хийнэ. Харин есдүгээр сараас эхэлж ийм шийдвэр гаргасан нь зөв болохыг амьдрал аяндаа харуулна. Удалгүй та шинэ танил, найз нөхөдтэй болж үзэл бодол ч нийлж байгааг ойлгоно. Ийм үед зарим нь зохиол бичиж, соёл урлагт илүү татагдана. Матрын ордныхны гэр бүлийн амьдралд өөрчлөлт орно. Зарим нь гэрлэлтээ цуцлуулж олон жил цуг амьдарсан хүнээсээ салахаар шийднэ. Энэ ордныхны хүмүүс үг цөөтэй. Тиймээс хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцах нь маш чухал. Мөн олсон орлогоо бусадтай харамгүй хуваалцаж байх нь чухал. Хөрөнгө мөнгөө зөв юманд зарцуулснаар эргээд орлого орж ирдэг. Хэрвээ та ажилдаа амжилт гаргахыг хүсч байвал чин сэтгэлээсээ ажиллах нь чухал.

БУМБА (01.20-02.18)

Энэ ордныхны хувьд 2015 он харьцангуй тайван жил. Жижиг сажиг бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Энэ онд найз нөхдийн харилцаа холбоотой энэ ордныхны хувьд нэлээд чухал сэдэв болно. Зарим нэгэн найз нартайгаа харилцаа холбоо бүр тасрах хэдий ч энэ нь дээр гэдгийг хожим нь ойлгоно. Од гаригийн хөдөлгөөний нөлөөллөөртэд хэрэггүй хүмүүстэй нөхөрлөж гэж цагаа дэмий үрэхгүй. Тэд амьдралд илүү нухацтай хандаж урьдынх шигээ үүлэн дунд хөвж буй мэт амьдрахаа болино. Зарим нь чухал албанд томилогдсоноор үүрэг хариуцлагаа ухамсарлана. Энэ оны эхний болон сүүлийн дөрвөн сард тэд найз нартайгаа үзэл бодол нийлэхгүйгээс нэлээд ширүүн маргалдана. Энэ мөнгөтэй холбоотой асуудал байх болно. Бумбын ордныхны хувийн амьдралд найз нөхөд, үзэл бодол нийлдэг нөхдүүднь чухал үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь ихэд чинээлэг, нөлөө бүхий хүнтэй танилцсанаар тусламж дэмжлэгийг нь хүртэнэ. Ганц бие хүмүүс маш сонин хүнтэй танилцаж удахгүй гэр бүлтэй болно. Энэ оны эхний сард өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд бусдын мөнгийг ашиглах гэсэн бодол төрж магадгүй. Иймэрхүү шударга бус алхам хийхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь яасан ч сайн үр дүнд хүргэхгүй.

ЗАГАС (02.19-03.20)

Энэ ордныхны хувийн амьдрал, ажил албанд олон чухал үйл явдал тохионо. Тэд өөрийнхөө авьяас чадварыг харуулж түүнийхээ үр дүнг үзнэ. Зарим нь нийгэмд нөлөө бүхий байр суурь эзлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Энэ оны эхний гурван сард санасандаа хүрэхийн тулд маш их хүчин чармайлт гаргана.Найз нөхөд, хайртай хүн нь чадлаараа тусалж дэмжинэ. Энэ оны эхний хагас нь тун тааламжтай үе тул заавал ашиглах хэрэгтэй. Од гариг ч тэдэнд туслах болно. Мөн өөрөө өөртөө дүгнэлт хийж маш их өөрчлөлт хийхээр шийднэ. Нэгээс есдүгээр сарын хооронд загасны ордныхны хувийн амьдралд нэг бус удаа ярвигтай нөхцөл байдлууд үүснэ. Энэ нь ажил, нууц амраг зэрэгтэй холбоотой асуудал юм. Гэр бүлтэй хүмүүс иймэрхүү явдлаас аль болох хол байж үр хүүхэд, хань ижилдээ илүү анхаарал хандуулаарай. Санхүүгийн хувьд амаргүй жил болно.

Categories
мэдээ цаг-үе

Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа

Шинэ оны эхний өдрийн нарыг харах хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харах гэж гадаадын жуулчид олноор ирэх болжээ. 2002 оноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УБТЗ-аас шинэ оны анхны нарыг харах аяллыг зохион байгуулдаг болсон. Өнөө жил ч гэсэн Хангай өртөөн дээр 2015 оны нэгдүгээр сарын 1-ний нарыг харах аяллыг зохион байгуулсан юм. Шинэ он гараад удаагүй байхад буюу 04:00 цагийн орчимд нийслэл хотын гудамжиндхөл хөдөлгөөн оров. Хотын төвөөс зүүн тийш автомашин давхилдаж, замын цагдаа нар ч энд тэндгүй зогсож байна лээ. Шинэ оны баяр тэмдэглээд уусан архи, дарс нь гараагүй нөхдүүд явж байгаа эсэхийгцагдаа нар сайтар шалгаж байв. Харин УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр 05:00 цагт очиход хүмүүсийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлчихсэн байлаа. “Шинэ оны анхны нарыг харчих юм бол энэ жилдээ ажил үйлс бүтнэ шүү дээ” хэмээн хоорондоо ярилцаж галт тэрэг рүү орох хүмүүс олон байв. УБТЗ-аас өнөө жил 20 гаруй галт тэргийг энэ ёслолд зориулан гаргасан байна лээ. Бүгд дүүрэн хүнтэй, бүр суудалгүй зогсоод явж байгаа хүн ч байв.

Ингээд 06:10 цагт Улаанбаатар хотоос Хангай өртөө рүү хөдөллөө. Тэнд 07:45 цагт очно. Богд уул, Цэцээ гүн, Хонхор, Налайхын орчимдуул толгод болгоны орой дээр хүмүүс бөөн бөөнөөр зогсож байх юм. Бүгд л шинэ оны нар харахаар зогсож байгаа нь тодорхой. Галт тэрэгнээс хоцорсон найз маань араас утасдаж “Зайсан толгой дээр олон хүн ирчихсэн байна. Тэндээс нар харна” хэмээн ярьж байв. Уг нь нарыг хаанаас бол хаанаас ч харах боломжтой. Гэрийнхээ цонхоор, хашаандаа гээд л. Гэхдээ гэрээсээ хол тал газарт очиж нар харахыг хүмүүс илүүд үздэг болжээ.

Ингээд Хангай өртөөн дээр ирлээ. Хангай өртөөний ойролцоо хүмүүс олон байв. УБТЗ-аас гурван том түүдэг гал асаажээ. Галт тэрэгнээс хүмүүсийг буухаас өмнө түүдгийг асаасан бололтой, дүрэлзтэл асч байв. Талын жавар хацар чимчигнүүлэн хайрч байв.Төрөөд арав гаруй хонож байгаа хүүхдээ тэвэрсэн залуу хос ч зогсож харагдав. Тэд хүүхдэдээ шинэ оны анхны нарыг харуулахаар ирсэн байв. Мөн 80 гаруй настай аавыгаа нар харуулахаар хүүхдүүд нь авчирчээ. Япон, Солонгос, АНУ-ын олон иргэд нар харахаар ирсэн байлаа. Бүгд л талын жаварт даарсан бололтой бээвийчихсэн зогсох. Үстэй дээл, үнэгэн малгайтай, эсгий гутал, хүрэм өмссөн нь огт даарч байгаа шинж алга. Нар гарахаас өмнө түүдэг галд сүү, архи өргөх ёслолыг тэнд очсон хүн бүр л хийх юм. УБТЗ-ын дуучид “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулж, цамын бүжиг харайлгаж байтал хэн нэгэн “Хүүшээ нар мандаж байна” хэмээн хашгирав. Түүдэг гал тойрч зогссон хүмүүс ч наран ургах зүг рүү гүйлдэж гарлаа. Хэн нэгнээс түрүүлж нар харах гээд байгаа бололтой юм.

Тэртээ зүүн уул оройгоосоо улайж харагдлаа. Тэнгэр бүртийх ч үүлгүй цэв цэлмэг. Уулсын оройг улаан өнгө эмжиж, юу юугүй л нар мандах гэж байлаа. Хүмүүс хоёр гараа алдалж алгаа тэнгэр өөд харуулж байгаад л уухай хашгирах юм. Эмэгтэйчүүд сүү өргөөд л залбирч байлаа. Нар мандаж эхэллээ. Нарны цацраг тусч, улаан шаргал өнгө хөндий талаар гийлээ. Нар харахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь тасралтгүй уухай хашгирч байхад цөөн хэд нь өвдөглөж сууж байгаад нарны өөдөөс залбирах юм. Мөн хоёр алгаа хавсарч байгаад нүдээ анин, чин сэтгэлээсээхүслээ наранд шивнэх ажээ. Бүр “Нар минь биднийг ивээлдээ авч, манай гэр бүлийг эрүүл энх аз жаргалтай байлгаж хайрла” гэж хашгирах хүн ч байлаа. Хэдэн бүсгүйчүүд залбирч байгаа харагдав. Хэн нэгэн нь “Шинэ жилийн анхны наранд хүслээ шивнэх юм бол тэр хүсэл нь биелнэ” гээд хэлчихсэн бололтой. Наранд хүслээ шивнэж дуусчихаад бие биенийгээ шоолоод байх аж. “Чи нөгөө хүслээ хэлсэн биз дээ” гэхэд нөгөөх нь “Тэр хүслээ хэлэх гэж нойр хагасалж явахад чинь” гээд л “За хэдүүлээ энэжилдээ бүгд нөхөртэй болох юм байна” гээд инээлдэнэ. Тэдний ярианааснаранд “Энэ жил нөхөртэй болгож хайрла” гэж хүслээ шивнэсэн нь тодорхой байлаа. Харин хажууханд нь оюутан ангийнхан бололтой арав гаруй залуус зогсож байх юм. Залуус наранд “Биднийг насан туршид найзууд байлгаарай” гэж залбирсан гэнэ. Харин мандсан нарны өөдөөс гараа алдалж уухай хашгирч өглөөний жаварт хийморио сэргээхээр ирсэн хүмүүс ч байх ажээ. Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харахаар зорьж ирсэн Япон улсын аялагч Хисокагаас орчуулагчаар нь дамжуулж “Нар мандахыг харах ямар байна вэ” гэж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Монголд нар мандахыг харах гэж олон жил бодож байгаад энэ жил ирсэн юм. Үнэхээр сайхан манддаг юм байна. Тув тунгалаг тэнгэрт нар мандахыг харлаа. Манай улс далайтай болохоор манан ихтэй байдаг. Тиймээс нар мандаж байгааг нарийвчилж сайн харах боломжгүй. Хүслээ биелүүлж нар мандахыг харлаа” гэв.

Цантсан өвсний толгой найгасан талд шинэ оны эхний өдрийн нар мандахыг хүмүүсингэж л хардаг юм байна.Монголын тал нутагт нэгэн шинэ өглөө айлчлан ирж байгаа нь энэ. Жирийн нэг өглөө. Үүр хаяардгаараа хаяарч, нар манддагаараа мандсан өглөө. Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа. Сайн, муу, нүгэлтэй, нүгэлгүй гээд хүн бүхний дээр нармандав. Нар мандаж юм бүхэн хөдөлгөөнд орлоо. Хойд энгэрт өвөлжиж байгаа айлын гэрийн яндангаас аргалын утаа олгойдож,өвлийн жаварт даарч, Хангай өртөөний ёотон шиг дөрвөлжин цагаан байшин дээр бээвийтэл сууж байсанболжмор нар мандахтай зэрэгцэн шулганан жиргэх ажээ. Үүнтэй зэрэгцэн уулын бэлд наадам болж байна уу гэлтэй эгнэн зогссон машинууд хотын зүг хөдөлцгөөлөө.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй. Харин энэ их айлыг найман жил удир­дах хугацаанд нийг­мийн шинжтэй олон үйл явдлын дунд Олон ний­тийн статустай энэхүү мэдээллийн аварга хэрэг­сэл ямар байр суурьтай байсан, ямар зарчмаар ажил­лаж ирсэн зэрэг хүмүүс мэдэ­хийг хүсч байдаг асууд­луудын талаар ярилцлаа.

-Монголын үндэсний телевиз гэсэн их айлын хаалгаар анх хэрхэн хөл тавьж байв?

-Анх телевизэд ирээд юугаа ч мэдэхгүй нөхөр эхлээд хүүхдийн нэвтрүүлэг бэлддэг юм байна. Ер нь хүүхдийн нэвтрүүлэг их хэцүү, нарийн, чимхлүүр. Телевизэд анх ажилд орж байгаа уран бүтээлч бол эхлээд хүүхдийн нэвтрүүлэг хиймээр байгаа юм. Хүүхдэд, эцэг эхэд нь, цэцэрлэгийн багшид нь гээд бүгдэд нь тааруулж нэвтрүүлгээ бодно. Хүүхдийн нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн сэтгүүлч их мэдрэмтгий болдог, тэгээд цааш явчихдаг. Улс төрийн нэвтрүүлэг бол сүүлд шүү дээ. Миний хувьд бурханы авралаар зөв редакцидаа эхлээд хөл тавьсан юм шиг байна лээ.

-Гэхдээ та анх нэвтрүү­лэг­чээр орж байсан санаг­дах юм?

-Анх бол нэвтрүүлэгчийн шалгаруулалтад 67 хүн өрсөлдөхөд нэгдүгээрт орж байсан юм.

-Тэгээд нэвтрүүлэгчээр ажилласан уу?

-Гурван сар дагалдан нэвтрүүлэгч хийсэн. Б.Цэенханд гуай багшилна. Б.Цэенханд гуай телевиздээ хэдэн аятайхан нэвтрүүлэгч бэлдээд өгчихье гэж үнэхээр хичээсэн. Өглөө 8.00 цагт шуурхай хийнэ. Тэр шуурхайд нь дадлага хийж байгаа бид нарын хэрэг байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ идэвхтэй ирнэ. Ирээд тэдний юу ярихыг сонсоно. Цэенханд гуай чинь, Нарантуяагаа, Бямбаагаа дуусгана даа. Өнөө аашлуулж суугаа хэд нь мань мэтдээ бол аймаар амьтад шүү дээ. Чи ингэж уншдаг хэн бэ гээд загнахыг нь харахаар за бид хэд бол бүтэхгүй юм байна гэж бодно.

-Бид хэд гэдэг нь хэн хэн байв?

-Одоо Эхо (нэвтрүүлэгч Ичинхорлоо), Чимгээ, Чоглоо, Адъяа… гэсэн хэдэн залуу. Та нарын гоё сайхан хамаагүй шүү, чиний тэр мисс падлийгүй шүү гээд Ичинхорлоо эд нарыг чинь будаа болгоно. Тийм өндөр шахалт шаардлага дундаас хөтлөлт ингэдэг юм байна, уншилт ингэх ёстой юм байна гэсэн төсөөлөл авна. Гэхдээ тэр үеийн чиг хандлага арай өөр л дөө. “Монгол ардын хувьсгалт намын бүгд хурлын шийдвэрээр”… гэдгийн чинь үлдэгдэл нь байсан юм. Цэенханд гуай, Хишигээ гуай эд нар тэгж заадаг. Залуучууд нь үүнд жаахан дургүй, зөрчилдөх маягтай. Одоо манай энэ Цоодол эд нар чинь хаалганы ард томорно. Эдний мэддэг гэж юу байсан юм. Онолын юм юу ч байхгүй байж… гэсэн юм ярина (инээв). Өөрсдөө сүрхий онолтой, шинэ үеийн хүмүүс. Ийм л бужигнаан дундаас юм олж авч байгаа юм даа.

-Телевизийн хүн болох хугацаа хэр удаан байв?

-Хөтлөгч хэдэн сар хийс­­ний дараа хүүхдийн нэвтрүүлэг рүү орсон юм. Өглөөний шуурхай дээр хатуу үг сонсоно. Томчуудад алуулах шахан байж нэг юм дөрөө олсон. Залгаад би спортын нэвтрүүлэг рүү орлоо. Спортыг гайгүй ч хийж байсан. 1997 оны үед манай телевиз дотроо тендер маягийн юмтай байлаа. Гадаад явна гэсэн ойлголт залуучуудад байхгүй. Бараг улсын Ерөнхийлөгч маань жилд ганц хоёр удаа гадаадад явдаг байсан ч юм уу. Тийм томилолтод явдаг хүмүүс нь онцгой хүмүүс. Сарангэрэл, Мөнхтөр… гэхчлэн… 1997 онд энүүхэн Красноярскт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хэн явах вэ? боллоо. Би ялав аа. Тамирыг “будаа” болгоод явах боллоо. Тамир чинь тэр үед базарваань спортдоо ганц нь байсан юм. Тамир шартай, зардлаа даагаад явдаг юм. Нэг тэмцээнд явсан хүмүүс чинь ирээд адилхан л нэвтрүүлгүүд хийнэ биз дээ. Бид хоёр тус бүрдээ 11 нэвтрүүлэг бэлдэж хэнийхийг нь оруулах вэ гэж уран сайхны зөвлөл дээр бас тендер болж миний 10 нэвтрүүлэг тэнцсэн юм. Мундаг том тулаан болж 11 нэвтрүүлгийн 10 нь минийх болж сүрхий юм болов (инээв). Уран бүтээлчдийн сайхан өрсөлдөөн юм даа.

-Сэтгүүл зүйн хөдөлмөр адармаатай. Үүнийг ер нь л гайгүй хийлээ дээ гэж бодсон уран бүтээлийг өглөөний шуурхай дээр томчууд арчаад өнгөрдөг. “Үүнийг ч би халтуурдсан даа” гэж бодсоныг тэнгэрт тултал магтдаг. Бас л амаргүй шүү?

-Яг л тэгдэг. Анх хүүхдийн нэвтрүүлэг бэлдэж байхад мөн ч их хичээдэгсэн. Өглөөний шуурхай дээр магтуулах байх гэж бодоод ордог, юун магтах намайг чинь байхгүй болгож болгож төгсгөлд нь манай Ганбат гуай “Гэхдээ энэ хүүхдэд авах юм байна…” гэхэд нь арайхийн нэг юм толгой өндийнө. Сэтгүүл зүйн тогоонд насаараа чанагдсан хүмүүсийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Тэгж байж л бид нарт жаахан дөр суулгадаг байх. Танай сонины Ш.Цэрэнпил ах бид хоёр их ойр дотно байлаа. Нас барахаасаа гурав хоногийн өмнө өрөөнд маань ороод ирлээ. Хэдэн номоо барьчихсан. Бие нь тааруу, мөнгө төгрөгний ч хэрэгтэй байсан байх. Байгаа 100 номыг нь авч мөнгийг нь шилжүүллээ. Сүүлд нь аудит орж над дээр номны мөнгөний асуудал босоход нь би нүүр бардам хэлж билээ. Наад ном чинь сэтгүүл зүйн сурах бичиг. Наад номын зохиогч Ш.Цэрэнпил гэдэг чинь Монголын хөрөг бичлэгийн мастер байсан хүн, хөргийг ингэж бүтээдэг юм байна гэж уран бүтээлчид маань хардаг юм гэж. Цээпээ ах шиг угийн намуун дөлгөөн хүмүүс л харин ширүүн дориун байж чаддаггүй байсан байх. Тэрнээс дийлэнх нь ширүүн шүү дээ.

-Өнөөдөр та Монголын хамгийн том мэдээллийн сувгийг удирдаж байна. Нэг нэвтрүүлгийг брэнд болгох нь таны сэтгүүлчийн хөдөлмөр байсан бол одоо энэ байгууллагыг брэнд болгох нь таны зорилго. “MNB” гэсэн брэнд бий болж чадсан уу?

-Нэг үе хэцүү байсныг нуух­гүй. Одоо бол би хэ­ний ч өмнө “Уучлаарай, ма­найх сайн байгаа” гэж хэл­нэ. Одоо мэдээллийн хэрэгс­лүүд олон болчихсон. Бид юугаараа ялгарах ёстой вэ. Мэдээж шуурхай чанар, олон талаас нь нягталсан, бодитой мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт телевизийг бид урлаг талаас нь олон нийтэд сайн хүргэх ёстой. Ийм зарчмууд манайд үйлчилж байна.

-Та бол ажлаа дүгнэх хэмжээний хугацаанд ажилласан байна?

-Сая он гарснаас хойш би юу хийж амжуулснаа дахин бодож үзсэн. Хийх ажил, дутуу юм их байгаа. Гэхдээ басчиг хийсэн юмтай, дотроо урамтай байгаа. Өөрийнхөө хийснийг өөрөө ярих нь монголчуудад таалагддаггүй юм шиг санагд­даг. Үзэгч сонсогч олон түмэн, хамт олон минь хэлнэ биз дээ. Манайх Олон нийтийн статустай болоод есөн жил болж байна. Найман жилд нь ажилласан гэхээр би бараг чацуу юм.

-Энэ хугацаанд та олон ч төрийн нүүрийг үзэж дээ?

-Гурван төрд нүүртэй хүн гэж үү, тийм өнгөөр сонсогдож байх чинь.

-Бараг л тийм дээ, яаж үлдэж байв?

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд… гээд олон хүмүүс намайг “томилоод” явжээ. Хүн өөрийгөө өмгөөлөх дуртай юм чинь би ч ялгаагүй өөрийгөө л өмгөөлнө. Дээрх бүх л хүмүүст на­майг аваачиж наагаад наагаад болсонгүй. Улс төрийн хүрээнд одоо намайг Ерөнхийлөгчид аваачиж нааж байх шиг байна. Би зарим нэг хүний ярьсныг яг үгээр нь хэлэх үү, “Зальтай муу новш, яаж яваад бүгдээрэнд нь очоод наалдчихдаг байнаа” гэж. Яг үнэндээ наалдаад байсан юм байхгүй. Бүх зүйл зарчмаараа л явсан.

-Гэхдээ Ерөнхийлөгчтэй бол уулздаг биз дээ?

-Нэг бус удаа уулзсан. Ажил төрлийн шаардлагаар цаашид ч уулзана.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай их ойр байсан гэж ярьдаг?

-Энд би Энхбаяр даргаас зугтаж зуларсан санаа оноогоор хэлж байгаа юм биш. Тэр хүнтэй ойр дотно байсан бол түүнийгээ нууж хөгийн зан гаргах хүн нь би лав биш. Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр тэнд та хоёр… гээд ярих үйл явдал лав байхгүй. Ажил төрлийн шугамаар уулзаж таарч байсан зүйл байлгүй яахав дээ.

Улстөрчдийн зүгээс дарамт бол их биз?

-Мэдээж дарамт ирэл­гүй яахав. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар ярвиг­тай байсан. Айхавтар үндэс угсаагаар нь дуудсан нэвтрүүлэг орж ирэх гээд байдаг. Түүнд би зарчмын ямар хориг тавьсан гэхээр “Бусад телевизээр гарчихсан нэвтрүүлгийг манайх гаргахгүй л” гэсэн. Ер нь та намайг нэг их амар амгалан сууж байдаг гэж бодож байна уу. Тиймгүй шүү дээ.

-Гэхдээ одоо бол арай өөр болсон биз дээ?

-Бүх зүйл зарчмаараа, хууль дүрмийн хүрээнд явж байгаа. Би ажил дээрээ нэг их малилзтал инээгээд, хүний арга эвээр, нялцагнаад суудаггүй. Эхлээд бол зохицох гэж үзнэ. Зохицохгүй бол шууд хаяад цааш явна. Миний, бас манай хамт олон, байгууллагын маань, мөн үзэгч олон түмний аврал нь ОНРТ-ийн хууль байхгүй юу. Энэ бол сайн хууль. Гэхдээ засах юм маш их бий. Санхүүжилт, төрийн оролцооноос эхлээд. Гэхдээ ямар ч байсан бид хуультай. Уучлаарай, Ерөнхий сайд аа, хуулинд ингэж заасан гэж өмнөөс нь тайлбар хэлэх үгтэй байдаг. 2010 онд юм байна. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гээд Батцогт, Уянга эд нар босчихсон үе. Би хэсэг хүмүүсийн бодлоор бол тэр үед аймаар ухаантай зан гаргасан байгаа юм. Бүх юмыг зохион байгуулалцчихаад Өмнөговь руу бултчихсан. Манайхаар тэр хөдөлгөөний тухай мэдээллүүд гарсан юм. Нийгмийн шинжтэй тийм тодорхой үйл явдлыг ард түмэнд мэдээлэлгүй яах юм бэ. Бүтэн сайн өдөр нь Уянга “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орсон. Манай Гүрээ ч гэж Гүрээ “Ээ, Ард түмэн минь ийм жаахан охин ард олон та нарынхаа төлөө…” гээд туучихдаг, тэр нь илүүдчихгүй юу.

Зүгээр л “За таны бодол ийм байгаа юм байна” гээд сэтгүүл зүйн зарчмаараа дуусгачих нэвтрүүлгийг.

-Бослого маягийн зүйлд бараг уриалчихсан юм байна.

-Тэгж ойлгогдсон бо­лол­той, орой нь Ерөнхий сайдын утас ороод ирлээ. -Танайхыг би хариуцаж авсан гэж бай­на. Би чинь хүн шүү дээ, тийм шулуухан яриа на­дад таалагдалгүй яахав. -Асуудалгүй болох байхаа, Ерөнхий сайд аа гэсэн. Тэгсэн залгуулаад -“Маргааш танайх жагсаал цуглааныг талбайгаас шууд дамжуулах гэнэ, тэр тухай мэдээлэл огт гармааргүй байна” гэлээ. Би хэллээ “Яг шууд дамжуулах тухай яриа бол байхгүй, гэхдээ болж байгаа үйл явдлаас мэдээлэл хийхгүй бол болохгүй” гэсэн юм.

-Иймхэн юман дээр та одоо… гэсэн зүйлийг надад хэлэхэд нь “Иймхэн юм бол та юу гэж ярьж байгаа юм” гэж хэлснээр бид хоёрын яриа биш боллоо. Сүүлдээ ч би “Танай сайд нарын зарим нь манай хэдэн муу бор сэтгүүлчийн утсыг авахгүй болтлоо томорсон байна лээ” гээд хэлчихлээ. Залгуулаад Ц.Нямдорж сайд утасдаад “Би энэ ард түмний чинь амгалан тайван байдлыг хариуцдаг юм, танайх яагаад ард түмнийг бослого тэмцэлд уриалаад байгаа юм” болов. Та Батцогт, Уянга нартайгаа уулзаад учраа олчихож болдоггүй юм уу гэчихсэн биш “Чи миний ажлыг заадаг хэн бэ” гэж байтал нь миний утасны цэнэг дуусаад тасарчихсан. Иймэрхүү асуудлууд эрх баригчид, бидний дунд болдог юмаа. Хаа хаанаа л хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүс.

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг цочроосон олон үйл явдал боллоо. Долоон сарын 1-нээс эхлээд. Энэ бүх өрнөлийн үед наад зах нь саяынх шиг улс төрийн үзүүр танай байгууллага руу их ирнэ биз?

-Долоон сарын 1-ний үйл явдлын үеэр байгууллага хамт олны аюулгүй байдал, машин техник, тоног төхөөрөмж гээд санаа зовох зүйл их гардаг юм билээ. Манай жижиг явуулын станц МАН-ын байрны урдаас шууд дамжуулалт хийж байсан. Би яг энэ ширээний ард телевизээ хараад сууж байлаа. Тэгсэн юу юугүй өнөө олон хүн чинь чулуу мод болоод манай станц руу шидлээ. Тэгэхээр нь станц сүйд хийх нь гэж сандарсан хүн өнөө газар руу чинь жирийгээд очно биз дээ. Түгжрэл гэсээр дөчөөд минут болж очсон. Ёстой нэг юу ч бодолгүй, өнөө олон үймж дайрсан хүмүүс рүү чинь алхаад арваад метр ойртож явтал биш болсон. Яг дотор нь байсан хүмүүс мэднэ дээ, хүмүүс ямар аймаар болчихсон байсныг. Зарим нь ам хамраа таглаад боочихсон, хар нүдний шил зүүчихсэн… тэгсэн тийм нэг эрүүл биш нүдтэй эмэгтэй… одоо ч миний нүдэнд харагдаад байдаг юм. Тэр эмэгтэй “Хүүе энд телевизийн дарга Наранбаатар явж байна, бариад аваарай” гэж хашгирсан. Өнөө олон сэтгэл нь хөөрсөн хүмүүс чинь юу ч бодолгүй пар гээд дайрлаа. Яахаас ч буцахгүй хүмүүс чинь аймаар юм билээ, намайг одоо юу гэж бодсон юм, шууд дайрсан шүү дээ. Би шууд л эргээд зугтсан. Баригдсан бол би алуулах байсан байх. Манай фондод миний хар эрчээрээ зугтааж байгаа бичлэг одоо байдаг юм… Онц байдал зарлалаа. Тэр үед манай сэтгүүлчид ёстой ямар ч командгүйгээр өмнөх ажлаа хийж байсан. Манайхан одоо хэлэх байх даа, тэр өдрүүдэд Наранбаатарын зүгээс тэрийг дамжуул, тэрийг боль гэсэн юм огт байгаагүйг. Гэхдээ өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж ажиллахаа сэтгүүлчид маань мэднэ л дээ. Яг л голоор нь, зарчмаа мэдэж дамжуулалгүй яахав. Тэгээд ч манай маш туршлагатай хүмүүс тэр өдрүүдийн гаралтыг бүрэн хариуцаж байсан болохоор надад санаа зовох зүйл бага байсан. Ерөөсөө л баланс барих, дээр нь ямар нэг даалгаваргүйгээр мэдээлэл дамжуулах. Онц байдал зарлаж онцгой байдлын штаб байгуулагдсаны нэг гишүүн нь би юм. Дарга нь Ц.Мөнх-Оргил сайд. Хэд хэдэн хуралд нь суусан. Янз бүрийн юм болсон. Зарим нь ч төрийн нууц, аюулгүй байдалтай холбоотой байх. Тэнд юу болж байсан талаар би нэг ч хүнд ярьдаггүй.

-Удирдлагын түвшинд чухам юу болсныг та гадарлах л юм байна?

-Ч.Амарболд генералтай цагдаагийнхан ямар байр суурьтай байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн ямар хандлагатай байсан, хэн нь юу хэлж байсан зэргийг ганц би биш олон хүн мэднэ. Онц байдал зарласан үед бүх телевизийг тодорхой хугацаагаар хаах ёстой юм байна. Гэхдээ зөвхөн төрийн мэдээллийг дамжуулж байх Үндэсний Олон нийтийн телевизийг нээлттэй байлгая, зөвхөн төрийн мэдээллийг дамжуулахын тулд шүү гэсэн шийдвэр гарсан. Онц байдал зарласан үед Наранбаатарын захирал байтугай хэвлэлийн эрх чөлөөний хууль ч огт хамаагүй. Хүмүүс болохоор манайхыг нээлттэй байсан болохоор бүх мэдээллийг ил тодоор бүгдийг нь дамжуулах ёстой байсан гэж одоо ч ойлгодог.

-Үүнээс болж танайх хатуу үг нэлээн сонссон доо?

-Сонссон, хатуу үг их сонссон. Төр мэдээлэл өгөх үүргээ л манайхаар дамжуулсан. Манайд онц байдал зарласан үед яах тухай хууль тодорхой бус. Манай хуульд бол онц байдал зарласан үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг дамжуулах үүрэгтэй. Бусад үед энэ гурвын үгийг дамжуулах эрхтэй л гэсэн ганц өгүүлбэр бий. Энэ үед би Онцгой байдлынхаа штабын даргатай нэлээн зөрөлдсөн. “Магнай, Батзандан нар намайг тэг, ингэ гэсэн” гээд нэг мэдрэл муутай нөхөр ярьдаг, түүнийг нь дамжуул гэнэ. Би үгүй л гэдэг.

-Мэдээж ийм хүмүүсийн үг бол цаанаас зорилготой гэж та үзэж байж?

-Угаасаа миний өрөөнд миний хажууд хүн сууж байсан юм чинь. Штабын дарга болохоор “Монгол улс онц байдал зарласан байна, ойлгож байна уу” гэхэд хэлэх үггүй болдог байсан. Онц байдал зарлана гэдэг хуулийн үйлчилгээ хязгаарлагддаг, онцгой орчин нөхцөл үүсдэг юм билээ. Тэгээд би хаширласан нь тэр юм уу, өөрийгөө хамгаалах гэсэн санаатай байсан юм уу, тэр үедээ сэтгүүлч явуулж Мөнх-Оргил сайдыг наад үгээ хэл гэж байгаад хэлүүлж архивтаа авсан байдаг юм. “Онц байдал зарласан үед ямар ч хууль үйлчлэхгүй, ямар ч хэвлэлийн эрх чөлөөний хууль энд хамаагүй” гэсэн утгатай. Одоо манай фондод бий.

-Тэр үгийг нь нийгэмд хүргэсэн үү?

-Хүргэсэн. Хоёр гурав ч дамжуулсан. Штабын даргын зүгээс штабын гишүүндээ хэлсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс үзэгчдээсээ уучлалт гуйх ёстой.

-Юунд уучлалт гуйна гэж?

-Үзэгчдийнхээ хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахгүй байсандаа. Тэгэхдээ манайх үүргээ боломжит бүх хувилбараар гүйцэтгэж байсныг үзэгчид маань мартаж болохгүй. Маргааш өглөө нь манайхан штабаас команд ирээгүй байх үеийг ашиглан, амжиж нэгдүгээр эмнэлэг дээрээс хүмүүсээс яриа авч, тэдэн хүн буудуулж амь насаа алдлаа гэдгийг хамгийн анх дамжуулсан. Ингэх нь үнэхээр хүнд байсан. Боломжгүй шахуу байсан ч бид ард түмэндээ амжиж ямар аймшигтай үйл явдлууд өрнөж байгааг, өрнөснийг хамгийн эхэлж мэдээлсэн. Энд миний оролцоо бараг байгаагүй, манайхан гудамжинд танк, буутай цэргүүд гараад зогсчихсон тэр үед аймшигтай хэрэг явдлуудын дундуур гүйлдээд, гэрчүүдийн яриаг нийгэмд хүргэсэн юм.

-Тэр мэдээлэл цацагдсаны дараа юу болсон бэ?

-Манайхан дамжуулж дууссан, дууссантай зэрэгцээд шахуу “Юу явуулаад байна” гээд хүмүүс ороод ирсэн. Манайхан бүрэн хяналтад орсон, миний хажууд салалгүй хүн суусан. Ер нь онц байдлын тухай хууль манайд их тодорхой байх ёстой юм билээ. Ядаж л хэвлэл мэдээлэл нь энэ үед ямар эрх үүрэгтэй байхаас эхлээд. Бүгдээрээ л ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй хэдэн өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ би “Энд миний хэрэг алга явъя даа” гэхээр явуулахгүй байсан.

-Та бол үндэсний радио телевизийг хоёр өөр статустай байх үед нь ажиллалаа. Ялгаа их бий биз?

-МҮОНРТ-ийн хууль ганц манай байгууллагад бус Монголын ард түмэнд их том гавьяа байгуулж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс олон болсон. Бат-Үүл баатрыг, трактортой байсан үед би телевизийн бага шиг дарга өглөөний хуралд суудаг байлаа. Трактортой Бат-Үүлийн жагсаал манай телевизээр сураг ч үгүй шүү дээ. Тэр дээрээс “Мэдэж байгаа биз” гээд нэг хуруу гозойно. Би энэ бүхнийг мэдэх учраас ярьж байна л даа. Өнөөдөр бол мэдээлнэ, мэдээлж ч байгаа. Наад захын ийм жишээнээс ялгааг харж болно. Гэхдээ ганц хууль гарснаар ч сайн болоод байгаа юм биш. Хуулиа ойлгохгүй хүмүүс бий. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн нь Монголын нийгмийн голлох 15 салбарын төлөөлөл байхаар заасан. Гэтэл 15 мундаг сэтгүүлч Удирдах зөвлөлд орж ирээд гялалзуулна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Гэтэл хуулийн амин сүнс нь өөр өөр салбарын 15 толгой ирж суугаад, тал талаас бодлогоо боловсруулж түүнийг нь Ерөнхий захирал гүйцэтгэнэ гэсэн хуультай.

-Танай байгууллагыг гаднаас очсон хүмүүсийг тогтоодоггүй, тэсгээдэггүй, тийм нэг адайр газар гэж хардаг хүмүүс бий.

-Хэнийг тэсгээхгүй явуулсан гэж.

-Удирдлагад нь очсон хүмүүс нэг их удалгүй явчихдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд…

-Даваабаяр уу?

-Тийм.

-Хамт олноороо дээшээ их цоройж булгидаг, дээр нь удирдаж байгаа хүн нь хавь ойрдоо халгаатай гэсэн ойлголтыг ганц нэг хүн ярьдаг байх. Энэ том байгууллага үеийн үед гадна дотноос дарга нь томилогдож байсан. Хамт олон болохоор нүүдлийн шувуу шиг удирдлагад жаахан таагүй. Гэхдээ манайх даргад халгаатай газар бол биш. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Манай хамт олон уран бүтээлч зантай, маш их элгэмсэг, дулаан уур амьсгалтай, ажлыг нь ойлговол улам л урам ороод, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж чаддаг хүмүүс. За зөвхөн телевиз дээр нэрлэе. Оюундарь, Мөнхбаатар, Ариунбат, Куланда, Энхбат… эд нар хөөгдсөн юм уу. Бүгд л хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажлаа өгөөд дараагийн ажил руугаа явсан. Харин Даваабаярын тухайд бол өөр л дөө.

-Даваабаяр бол тайлбарыг хангалттай өгсөн. Та харин дуугараагүй. Тухайн үед ажлаас нь чөлөөлөх тушаалыг их л хурдан гаргах шиг болсон.

-Одоо бол Шүүхээр эцэслээд дуусчихсан үйл явдал. Наранбаатар буруу шийдвэр гаргаагүй юм байна гээд шүүх эцэслэчихсэн. Би Даваабаяраас их ажил хүлээсэн. Хамт олон нь ч түүнээс их зүйл хүлээгээд байсан нь тийм байдалд хүргэсэн. Би хамт олонд нь хэлсэн, “Энэ байгууллага чинь гурван сар болохгүй даргаа солиод байвал хэн тогтох юм бэ. Хоорондоо ойлголц” гээд Даваабаярын сайн талуудыг тэдэнд хэлсэн. Даваабаярт ч хамт олонтойгоо ойлголцож ажиллахыг зөвлөсөн. Ийм үйл явдлын ард заавал толгойлогч хайдаг. Зарим хүн намайг зохион байгуулсан юм боддог байх. Хамт олны дунд бүрдсэн олон зүйл чинь хуралдсаар нэг нөхөр гарч ирээд зохион байгуулахаар хуй салхи шиг босдог юм билээ. Тийм л зүйл болох шиг болсон. Уг нь Даваабаяр гайгүй ойлгосон л юм шиг байсан даа. Тэгсэн ч болоогүй. Толгойлж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэд юу гэсэн гэхээр “Бид энэ хүний асуудлаар танд удаа дараа хандсан. Та хөдлөөгүй. Энэ удаа бид Удирдах зөвлөлд хандаж байгаа” гэсэн. 200 уран бүтээлчийн 180 нь гарын үсэг зурчихаар яаж ч болдоггүй юм билээ. Даваабаярт одоо гарц алга гэдгийг хэлсэн. Манай хүн ч шүүхдээд л явж өгсөн. Таван удаа шүүх хурал хойшилсон. Дөрвийг нь Даваабаярын саналаар хойшлуулсан. Гэвч дөрвүүлэнг нь би хойшлуулсан нэр зүүсэн. Болсон процесс гэвэл товчхондоо ийм.

-Ийм үйл явдал байгууллагын нэр хүндэд сөргөөр тусдаг байх?

-Банк, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын үйл ажиллагаа олон түмний итгэл дээр тогтдог. “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай байгаа нь танай байгууллагад, танай хамт олонд итгэдэг болоод л тэр. Түүн шиг манай байгууллагад итгэдэг олон мянган хүн байгаа болоод манайх олон үзэгчтэй байгаа. Хамгийн уршигтай нь Даваабаяр, Наранбаатартаа байгаа юм биш. Энд чинь баахан иддэг, уудаг нөхөд байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрч байгаад юм. Үзэгчид юу гэж ойлгодог гэхээр “Бидний төлдөг мөнгөөр хэдэн хүн наргичихдаг юм байна” гэж ойлгоно. Саяын бужигнаанаас болж хамгийн их хорлогдсон газар бол манай байгууллага юм…

Ер нь энэ асуудлыг ингээд орхиё, хэнд ч хэрэгтэй юм. Үүнээс өөр олон ажил манай байгууллага дээр өрнөдөг юм шүү дээ.

Тэр тухай чинь товч ярилцъя?

-Манай телевиз шинэ бүтэц, шинэ стратегиар ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байна. НD технологид шилжих техникийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Олон улсын зах зээлээс контент худалдаж авах ажлууд амжилттай боллоо. Бид Америк, Оросын зах зээлээс кино худалдаж авахаар гэрээгээ хийж байгаа.

Нийгмийн асуудал талаас нь ярья гэвэл жишээ нь, өнөөдөр манай байгууллагын 66 айлын орон сууц ашиглалтад орох гээд, хэн тэр байрнаас авах вэ гэсэн марафон цаана чинь болж байна. МҮОНРТ-ийн нийт орон тоо 720 шүү дээ. Хаа байсан Хөвсгөлийн Цагаан-Үүрт хураамжаа авах гээд айлын нохой шуугиулж яваа хүн манай орон тооны ажилтан юм. Өмнө нь 124 айлын орон сууц барьж өнгөрсөн онд ажилтнуудаа оруулсан. Одоо 66 айлын орон сууц дээр үзэж байна. Би энэ байгууллагыг удирдсанаасаа хойш нийтдээ 200 гаруй ажилтнаа орон сууцтай болгохоор зорьж байна. 140-өөд нь байртай болсон. Нэмээд 100 хүнийхээ байрыг шийднэ. Ажилтнуудын маань нийгмийн асуудал чухал. Хэдийгээр миний хийх үндсэн ажил биш ч гэсэн ийм том хамт олныг удирдаж, хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд хийх ёстой ажил гэж ойлгодог. Ер нь бол нервний ажил, гэхдээ нэгэнт л хариуцаж байгаа болохоор нэг айлынх нь шал хүртэл яаж хийгдэж байгаад санаа тавих хэрэгтэй болох юм байна шүү дээ (инээв).

-Үндэсний олон нийтийн радио телевиз бие даах боломжтой юу?

-Ер нь олон нийтийн статустай радио, телевизийг бусад оронд бие даалгадаггүй юм. Улсаас өгдөг мөнгөтэй. Реклам явуулдаг эрхтэй. Ийм л зарчмаар явдаг юм билээ. Хамгийн анхны олон нийтийн статустай болсон телевизүүд бол BBC, NHK хоёр. 1940-өөд оны үед NHK анх удаа дайнд ялагдсан тухай эзэн хааныхаа үгийг дамжуулах гэж байгаад улс төрийн шалтгаанаар гэнэт больжээ. Гэтэл нэгэн нөхөр бичлэгийг нь авч зугтаагаад цацсанаар анх удаа олон нийтийнх болох статус нь нээгдсэн түүхтэй. Ер нь бол төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. Гэхдээ гол зарчим нь олон нийтээс санхүүжиж, олон нийтийн хяналт дор, олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулна. Манай байгуулагын хуулийн үзэл баримтлал ч энэ. Тухайн улсын нүүр царай Үндэсний олон нийтийн телевизээс харагддаг. Англи яагаад хүчтэй байна гэхээр BBC хүчтэй байгаа учраас тэр. Англи улс бол агуу юмаа гэдгийг BBC байнга үзүүлээд байхаар Англи нь Англи улс шиг харагдана биз дээ. Орос ч мөн адил. Оросууд ОРТ, РТР-ээрээ хаячихсан бол бусад улс орнууд Оросыг мэдэхгүй. Бид ингэж харах ёстой. Миний суудал дээр хэрэвзээ орос юм уу, хятад хүн ирээд суучихгүй бол би телевизээр, радиогоороо аль болох Мон­голынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ. Сая тэр Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад ороход бид ямар их баярлав. Ийм юмыг бид том болгож л үзүүлнэ биз дээ. Ийм амин сүнс уран бүтээлч бидний хэний ч сэтгэлд бий. Ер нь Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн салбартаа “MNB” гэсэн лого эхний тавд орно шүү.

Ярилцсан П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн өөдрөг мэдээнүүд

Эдийн засгийн хямрал, уналт, хөрөнгө оруулалтын зогсолт гэх мэт гутруу үгс хөвөрсөн энэ үед өөдрөг мэдээлэл ч багагүй сонсогдож байна. Эдийн засгийн өөдрөг мэдээллээс хүргэе.

АЛТ, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ДАЖГҮЙ БАЙХ НЬ

Ирэх онд нүүрснээс бусад экспортын ашигт малтмалын үнэ унахгүй гэсэн өөдрөг мэдээг шинжээчид хэлж байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан ч,”Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүй гэж сэрэмжлүүлсэн ч гэлээ алтны үнэ ирэх ондоо өснө гэсэн таамаг гарчээ. Алтны үнэ уналаа гэхэд 1000 дээр очно, мянгаас өгсөөд 2500 хүртэл “галзуурах” боломжтой гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна. Шинжээчид алтны үнийг удаан хугацаандаа энэ хавьцаа хүрнэ гэж таамаглаж байгаа. Удаан гэдэг нь зургаан сар хүртэлх хугацаа гэхээр ирэх жилдээ алтны үнэ огцом өсөх хандлага анзаарагдаад эхэлчихэж.

Төмрийн хүдрийн үнэ лав л өнөөдрийнхөөс буухгүй гэсэн таамаг бий. Болгоомжлонгуй хандсан тоо гэж хэлэх шинжээч ч байна. Дэлхийн уул уурхайн “акул” компаниудын нэг, төмрийн хүдэр олборлолтоороо тэргүүлэгч”Вале” төмрийн хүдрийн үнэ сүүлийн таван жилийн доод түвшнээсээ эргэж сэргэнэ гэж таамаглажээ. Гал тогоонд нь байгаа компанийн үнэлгээ учраас амьдралд илүү ойрхон байх магадлал өндөр.

Нийлүүлэлтийн илүүдэлд орж он гарсаар бараг 50 орчим хувиар унасан төмрийн хүдрийн үнэ өгсөх болсон нэг том шалтгаан бий аж. Өндөр өртгөөр олборлолт хийдэг хэд хэдэн уурхай үүдээ барьсан юм байна. Энэ нь ханш өсөх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж “Вале” үзжээ. Тэдний харж байгаа хоёр дахь шалтгаан нь төмрийн хүдрийн гол хэрэглэгч тивтэйхолбоотой.Азийн бүтээн байгуулалт сэргэсэн нь төмрийн хүдрийн үнэд эерэг нөлөө үзүүлэх нь. Төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 85-90 ам.доллар хүрнэ гэсэн таамаг яригдаж байна. Энэ металлын ханш одоогоор 68 ам.доллараар үнэлэгдэж байгаа. Зэсийн үнийн хувьдөнөөдрийнхөөсөө буухгүй гэсэн таамаг байна.

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Газар доорх баялгийнхаа хэмжээг тодорхой болгоно гэдэг улсынхаа үнэ цэнийг тэр хэрээр өсгөж байгаа хэрэг. Тэнд тийм орд төчнөөн тонн нөөцтэй нь тогтоогдлоо гэсэн мэдээ бүр Монгол Улсын дэлхийн зах зээлээс мөнгө босгох боломжийг нэмж байдаг. Саяхан Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани

“Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Баруун ноён уул ордын гарцыг нэмэгдүүлсэн төлөвлөгөөг баталлаа” гэсэн мэдээг хөрөнгө оруулагчдад хүргэлээ.

Гарц нэмэгдсэнээр энэ ордоос 2015 онд1.5 сая тонн, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлох боломж бүрджээ. “Guildford Coal”-ийн дуулгасан өөр нэг сайн мэдээ ньБаруун ноён уул ордын коксжих нүүрсийг угааж боловсруулснаар үнслэг багатай сайн чанарын нүүрс болдог нь туршилтаар дахин батлагдлаа гэсэн мэдэгдэл. Сингапурын “Sino Construction” -ызүгээс “Guildford Coal”-ийг худалдан авах саналаа албан ёсоор хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогийн үнэлгээнээс нь бүр 17 хувиар өсгөж үнэлжээ.

ДОЛЛАР ХЭМНЭЖ, ДОЛЛАР ОЛОХ ГУРВАН ҮЙЛДВЭР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Шинэ үйлдвэр байгуулагдах хэрээр гадагшаа урсдаг долларын урсгал багасна гэсэн шалгуураар хэмжвэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр үйл явдал өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. “Эрдэнэт хивс” компанийн дэргэд Ноос угаах үйлдвэр, Нано технологийн даавууны үйлдвэр нээлтээ хийсэнюм. Үүнээс гадна”Хөх ган” компанийн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж эхэлж байна. Нано технологиор үйлдвэрлэсэн даавууны эдэлгээ 2-3 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлтийг үйлдвэрлэгчид сонирхуулсан. Гэрийн бүрээсний даавуугаа хүртэл урд хөршөөс худалдаж авдаг монголчуудын хувьд гэрийн мянган метр бүрээс үйлдвэрлэчихсэн нано технологийн даавууны үйлдвэр сайн мэдээ байж чадсан. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх ноосны шинэ үйлдвэрийн онцлог нь өмнөхөөсөөнарийн цэвэрлэгээ хийх боломжтойгоороо онцлог. Ингэснээр дэлхийн зах зээлд чамлахааргүй үнээрборлуулдаг монгол хивснийчанар сайжирна гэсэн өөдрөг мэдээг үйлдвэрлэгчид онцолно лээ. Монгол руу урсах долларын урсгал бага ч гэсэн нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг. Шууд ангижруулсан төмөр ч ялгаагүй. Валютын нөөц нэмэгдэхэд дажгүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

ТӨГРӨГ

ЧАНГАРАХ СУРАГ

Хоёр мянга дөхөж явсан ам.долларын ханш өнгөрсөн хоёр хоногт уруудав. Тодруулж хэлбэл амралтын өдрүүдэд 1880 төгрөгт хүрсэн юм. Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш 1867-1870 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөг байна. “Найман шарга” валют арилжааны цэгтөчигдөр 16.00 цагийн үед ам.долларыг1875 төгрөгөөр авч, 1880 төгрөгөөр зарж байлаа. Засагт АН, МАН хамтрах болсон нь долларын ханш буухад нөлөөлсөн гэх таамаг бий. Эдийн засагчид өмнө нь “Долларын ханш өсвөл ханш хөөрөгдөх гэж байгаа хэрэг, түүнээс биш ам.доллар чангарах боломж байхгүй” гэсэн таамаг хэлж байсан юм. Энэ талаас нь харвал улс төрийн тогтворгүй байдал ногоон валютын ханш чангарахад нөлөөлсөнбайж болох талтай. Тэгэхээр засаг үймснээс болж хөөрөгдсөн ам.долларын ханш, засаг тогтворжих хандлага руугаа орсон учраас хөрсөн дээрээ бууж эхэлсэн гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Өөр нэг таатай мэдээ гэвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгийн голлох валютуудтай харьцах ханшийн өөрчлөлт харьцангуй тогтвортой байж. “Летфорекс” валют арилжааны төв болон зарим банкныхан “Ам.доллар төгрөгийн эсрэг өнгөрсөн таван сарын хугацаанд 3.6 хувийн өсөлттэй байсан бол юанийн төгрөгтэй харьцах ханш 4.7 орчим хувиар чангарчээ. Олон улсын зах зээлд ам.доллар голлох валютуудын эсрэг өссөн дүр зурагтай байна. Евро сүүлийн таван сарын хугацаанд ам.долларын эсрэг ес орчим хувиар, иен 16 хувиар суларсан” гэж онцолж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнөөдрийнхөөс ч чангарна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ТАСРААГҮЙ

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасарсан ч гэлээ хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйг өнгөрсөн хугацаанд болсон хоёр ч үйл явдал нотлов. Саяхан Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулганаас хэрэгжүүлэхээр зэхсэн том төслүүд маань мөнгөтэй эрхмүүдийн анхааралд бий нь тод харагдсан. Хөрөнгө оруулагчдын ирц өмнөх жилийнхээс төдийлөн буураагүйг “Блүүмбэрг” онцолсон.Өнгөрсөн сарын 26-28-нд уг төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буйФранц, Солонгосын хамтарсан GDFSUEZ & POSCO Energy консерциумын баг Таван толгойн цахилгаан станц баригдах талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажилласан нь үүний нэг нотолгоо. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байгаа билээ. Японы “Marubeni” корпораци, “Kansai electric”, Солонгосын “Daewoo Engineering” компанийн багууд арванхоёрдугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана гэсэн мэдээлэл байна.Сая дурдсан компаниудаас Таван толгойн цахилгаан станц төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүлээж авах юм.

Хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйн бас нэг жишээ нь Хөгжлийн банкны босгосон гэж мэдээлээд буй синдикат зээл. Хөгжлийн банк анх олон улсын зах зээлээс анх 200 сая ам.доллар босгоно гэж төлөвлөж байсан ч эрэлт их байсан учир 300 сая болгож нэмэгдүүлсэн байдаг. Эрэлт гэдэг нь Монголын Хөгжлийн банкинд мөнгөө өгөх гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолөндөр байсан гэсэн үг. Монголыг гэсэн шинэ хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байгааг Хөгжлийн банкны сүүлд босгосон синдикат зээл нотолсон. Тухайн үед “Credit Suisse Securities”-ийн гүйцэтгэх захирал Пол Трегидго Нью Йорк дах Блүүмбэрг телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ үйл явдал цоо шинэ зах зээл рүүнэвтэрч байгаагаас гаднашинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам болсон. Монголд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд олон бий ч Монголын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгаа. Монголын эдийн засаг дунд, болон урт хугацаандаа өндөр өсөлттэй байх учраас хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах тохиромжтой цаг ирсэн гэсэн үг” хэмээн ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Ц.БААСАНСҮРЭН