Categories
мэдээ цаг-үе

Г.Тэгшбүрэн: Менежер бүр хүний нөөцийн мэргэжилтэн байх ёстой

Хүний нөөцийн Үндэсний хүрээлэнгийн тэргүүн, Энэтхэгийн Ранчи их сургуулийн профессор Г.Тэгшбүрэнтэй ярилцлаа.

Хүний нөөцийн Үндэсний хүрээлэн хэзээ байгуулагдсан бэ. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Манай хүрээлэн 2010 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлтэй. Судалгаа, судалгаан дээрээ суурилсан зөвлөгөө, сургалт явуулдаг байгаа. Хүний нөөцийн үндэсний хүрээлэн гэж нэрлэсэн учир нь монгол байгууллагад тохирсон, монгол хүнийг удирддаг зөв арга зүйг боловсруулж бизнесийн болон төрийн, төрийн бус байгууллагын удирдлагад зөв аргачлалыг зааж өгөхөд чиглэдэг юм. Дэлхий дээр олон төрлийн менежмент байдаг шүү дээ. Япон, Америк гээд л. Сүүлийн үед Солонгос менежмент гэж ярих боллоо. Энэ олон загвар дундаас монгол хөрсний, монгол хүнд тохирох нь аль вэ гэдгийг судалж байгаа юм. Үндэсний зан үйл, нүүдлийн соёл иргэншилд тохирсон тийм менежмент хийх ёстой. Цээрлэдэг зүйлийг цээрлэж, юунаас сэрэмжилдэг вэ гэдгийг бодолцож, юунд шүтдэг вэ гэдгийг тусгаж монгол менежмент гаргах ёстой. Хүний нөөцийн ажил, мэргэжлийн тухайд бидний хийсэн нэг судалгаа байдаг. Юун тухай вэ гэхээр мэргэжил сонголтын хувьд 400 гаруй байгууллагын хүний нөөцийн менежер дээр судалгаа явуулахад суурь, үндсэн мэргэжил нь өөр, өөр байдаг. Тэгэхээр судалгааны үр дүнд хүний нөөцийн мэргэжилтнүүд чухал шүү, хэрэгцээ байгаа шүү гэдгийг харуулж байгаа юм. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5.1 хувь нь хүний нөөцийн мэргэжилтэн болохоор бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүс. Үлдсэн 94.9 хувь нь өөр мэргэжлийнхэн байна гэсэн үг. Тэгэхээр бидний зүгээс яах ёстой вэ гэхээр хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бэлдэх учиртай болж байгаа юм. Зөвхөн бэлдээд зогсохгүй мэргэшүүлэх хэрэгтэй байна.

Байгууллагуудын хэрэгцээ, шаардлага хэр байна вэ?

-Бид ганцхан зүйл анзаараад байгаа юм. Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бэлдэж өгөхөөс гадна өнөөдрийнх шиг эдийн засгийн саармаг орчинд хямралын үеийн менежментээр ажиллах ёстой. Тэрийг хүний нөөцийнхөн хийх ёстой. Гол утга санаа нь менежер болгон хүний нөөцийн мэдлэгтэй, хүний нөөцийн менежер байх хэрэгтэй. Хүний нөөцийнхөн тусдаа хэлтэстэй байх гэхээсээ илүүтэй тухайн байгууллагад ажиллаж буй менежер бүр хүний нөөцийн мэдрэмжтэй байх чухал. Ингэж чадвал тухайн байгууллагад хүний нөөцийн менежер гэсэн орон тоо байх шаардлагагүй. Хоёрдугаарт, менежер бүр хүний нөөцийн мэдлэгтэй байхаар яг хүний нөөцдөө суурилсан ухаалаг бодлогоор үйл ажиллагаа явагдана. Өнөөдрийн хямралын үед яг ийм менежменттэй явсан нь хожно. Ихэнх байгууллагыг хараад байхад нэг л учраа олохгүй яваад байдаг. Байгаа хүний нөөцийн менежер нь мэргэшсэн байж чаддаггүй. Мэргэжлийн бус болохоор хүн ажилд авах гээд анкет авдаг, өргөдөл хүлээж аваад даргадаа танилцуулах ажил л хийж байна. Харин хүний нөөцийн ажлыг хоёр хуваадаг юм. Эхнийх нь тулга тойрсон өдөр тутмын ажил. Нөгөөх нь яг хүний нөөцийн мэргэжлийн ажил байдаг. Гэтэл өнөөдөр байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд тулга тойрсон өдөр тутмын ажилдаа л төвлөрөөд байгаа. Хүн бүртгээд, зураг наагаад л явж байна. Ийм ажил хүний нөөцөөр бэлтгэгдсэн боловсон хүчний хийх ёстой ажил биш. Эдийн засгийн сааралтсан үед менежер бүрийг хүний нөөцийн мэдлэгтэй байлгая гэж уриалмаар байгаа юм. Ухаалаг хүний нөөцийн бодлого барьж чадвал үйл ажиллагааны зардлыг бууруулдаг. Үүнийг байгууллагын удирдлагууд маш сайн ойлгодог байх ёстой. Гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын үнэлгээг зөв тогтоогоод ажлаас хүн гарвал учир шалтгааныг тодорхойлдог байвал тухайн байгууллага тохирохгүй.

Танайх хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх ямар сургалт явуулж байна вэ?

-Хүний нөөцийн коллеж 1, 2 гэсэн сургалт явуулж байна. Сургалтын хугацаа янз бүр. Хамгийн богино буюу 14 хоногийнхоос эхлээд гурван сар, бүтэн жилийнх гэж байна. Энэ сургалтаа төгсөөд магистрын сургалтад сургаж байгаа. Ингэж хүний нөөцийн магистрын зэрэг олгож байна. Цаашлаад эрдмийн зэрэг, цолоо аваад явна. Манайх анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүний нөөцийн коллеж 1, 2 гэсэн сургалтаа явуулах болсон. Таван жилийн турш үргэлжиллээ. Үүнийгээ улам сайжруулаад хүний нөөцийн удирдлагын магистрийн хөтөлбөр эхлүүлээд байна.

Хэзээнээс эхлэв?

Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Эхний элсэлтээ аваад хичээллэж байгаа. Одоо өвлийн элсэлтээ авч байна. Магистрын хөтөлбөрт дээд сургуульд төгссөн л бол шууд орж болно. Хэрэв манай коллежийг төгсвөл кредит цаг нь багасна. Үүнийг дагаад сургалтын төлбөр багасна гэсэн үг. Магистрын хөтөлбөрийн онцлог нь онол, практикийн сургалтын хослолтой. Бид “Улаанбаатар Эрдэм” их сургуультай хамтардаг. Тус сургуулиас академик боловсролын сургалтыг хариуцдаг юм. Манай хүрээлэн мэргэжил, арга зүй, практик судалгааны тал дээр түлхүү анхаараад явчихдаг юм.

Ажил хэрэгч хүмүүст танай сургалт маш чухал юм байна. Хичээлийн цагийн хуваарийг яаж зохицуулсан бэ?

-Пүрэв, бямбын анги гэж байдаг. Пүрэв гаригт 18-21 цаг хүртэл, бямбад 9-18 цаг хүртэл хичээллэдэг. Тэгэхээр ажил хийж байгаа болон давхар сургуульд сурдаг хүмүүст тохиромжтой. Ер нь манай магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудыг хараад байхад ихэнх нь байгууллагын хүний нөөцийн менежерүүд байдаг. Бас нягтлан бодогчид хүний нөөцийн мэргэжил давхар эзэмшихээр зорин ирдэг.

Танайх сургалтаас гадна хүний нөөцийн форум зохион байгуулдаг гэсэн. Ямар учиртай форум болж, хэн оролцдог вэ?

-Бид байгуулагдсан цагаасаа хойш хүний нөөцийн форум зохион байгуулсан. Үүгээр жил бүр 200 гаруй мэргэжилтэн цугладаг. Энэ жилийн форумаар ганц зүйлийг чухалчиллаа. Тэр нь өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед хэрхэн ажиллах вэ, менежер бүр хүний нөөцийн мэргэжилтэн байя гэдгийг уриаллаа. Хямарч байна гэж байнга бодоод байх хэрэггүй. Дээрээс нь, магистрын хөтөлбөрийн эхний элсэлтийнхээ оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Хурал маш амжилттай болсон. Баталгаа нь тухайн оюутнууд ажиллаж буй байгууллага дээрээ судалгаа хийгээд, үр дүнг нь хэлэлцсэн явдал. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр манай хүрээлэнгийн магистрийн хөтөлбөр цаг үеэ олсон, оновчтой байж чаджээ гэдгийг харуулж байгаа юм. Магиструуд өөрийнхөө ажилладаг байгууллага дээр судалгаа хийгээд, тэр нь үр дүнд хүрээд, түүнийгээ эрдэм шинжилгээний ажил болгон хэлэлцүүлнэ гэдэг том амжилт. Цаашид бид магиструудаа гуравдугаар сард болдог “Эврика” эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Энэ хурал улсын хэмжээний томоохон хурал байдаг. Энэ ажил нь намрын диплом хамгаалалтын их чухал ажил болсон. Тэгэхээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг магистрын түвшинд явуулахдаа үйлдэл болгоноор сургаад, судлуулаад, шинжлүүлээд, практик дээр туршуулаад, тэрийг нь дүгнэж өгч байгаа.

Багшлах боловсон хүчнээ танилцуулахгүй юу?

-Манайх дэргэдээ эрдмийн зөвлөлтэй. Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, Монгол Улсын гавьяат эдийн засагч Дорж байдаг. Энэ хүн манай эрдмийн зөвлөлийн дарга. Мөн “Улаанбаатар эрдэм” их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Содномдорж, тус сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан проректор Даваасүрэн, доктор профессор Алимаа байна. Хууль, эрхзүйг Монгол Улсын ерөнхий прокурор байсан Галдаа хариуцдаг. Хүний нөөцийн үндэсний хүрээлэнгээс манай гүйцэтгэх захирал С.Мөнхбаатар болон миний бие ажилладаг. Бид үндсэндээ маш сайн хөтөлбөрийг сайн сургагч багш нараар хөтлөн явуулдаг.

Өвлийн элсэлт эхэлсэн гэсэн. Бүртгэл хэдэн болтол үргэлжлэх вэ?

-Бид хоёрдугаар сарын 15-ныг хүртэл авна. Хичээл 16-наас эхлэх юм. Бакалаврын зэрэгтэй ямар ч хүн элсэж болно.

Б.ЦЭЦЭГЭЭ

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс олдсон занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний шавийнх гэж таамаглаж эхэлжээ

-ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМАНД ОЧИЖ АЖИЛЛАСАН БАЙНА-

Иргэний мэдээллийн мөрөөр цагдаагийнхан Сонгинохайрхан дүүргийн IXхорооны нутагт оршин суудаг Э-ийн хашаандаа хүнсний наалдамхай цаасаар битүү ороож боосон 60х47х58см хэмжээтэй эртний хүний занданшуулсан цогцос нууж байсныг илрүүлэн, шалгаж байгаа. Занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалж байгаа талаар манай сонин мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй байна. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Мөн занданшуулсан шарилыг хадгалж байсан Э гэгч бусдад дамжуулан зарах гэж байсан гэдэг мэдээлэл бий. Тиймээс түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Г.Пүрэвбат: ГАНЦ ХОЁР ЗҮЙЛ ТОДРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА

Занданшуулсан шарил хэнийх болох талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч гадна, дотнын хэвлэлүүдийн гол сэдэв болж, судлаач, түүхчдийн анхаарлыг татаад байна. Гадаадын хэд, хэдэн хэвлэлүүд “Монголоос Итгэлт хамбын багшийн занданшуулсан шарил олдсон бололтой” гэж мэдээлсэн юм. Монголын нэр нөлөө бүхий лам хуврагууд ч “Жанч халсан байдлыг нь харахад жирийн хүн биш. Самади байдалд орсон, гэгээрсэн хүн байна” гэж таамаглаж буй. Бурханч лам Г.Пүрэвбат Шүүхийн шинжилгээний үндэсний төвд очиж, танилцахдаа “Очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг цээжиндээ ном номлохын ерөөлтэйгээр өргүүлсэн зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Худагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан” гэжээ. Гандантэгчинлэн хийдийн зүгээс занданшуулсан шарилыг судлах, шинжилж тогтоох ажлын хэсэгт Г.Пүрэвбат ламыг оруулжээ. Түүнээс энэ талаар тодруулахаар холбогдоход “Ганц, хоёр зүйл тодруулах шаардлага байгаа. Тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэсэн юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалагдаж байгаа занданшуулсан шарилд нөлөө бүхий хэд, хэдэн хүн очиж мөргөсөн гэдэг албан бус мэдээлэл бий. Бодитоор харсан нэгэн “Харахад амьд мэт санагдсан. Хүйтэн мэдрэмж төрөөгүй. Үс, сахал нь ургасан хэвээрээ гар хуруу, чих бүтнээрээ байгаа нь гайхамшигтай. Үнсэн саарал, бордуу гэмээр өнгөтэй харагдсан” гэж ярьсан юм. Урьдчилсан байдлаар, гадна талаас нь шинжихэд занданшуулсан шарил нь он удаан жилийн туршид чийг авснаас нуруу нь бөгтийж, дал сүүж хэсэгтээ гэмтсэн гэдэг дүгнэлт гаргажээ.

Д.Чойжамц: НУТГИЙН ШҮТЭЭНИЙГ ХОВХЛООД ИРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө занданшуулсан шарилын тухайд “-Яах аргагүй лам хүний төрхтэй юм билээ. Гарын мутарлаг, хэлбэрийг харахад яах аргагүй лам хүнийх шиг харагдана лээ. Ихэс дээдэс, лам, бурхан бодьсадва нарын хувилгаан, хутагт гэхчилэн энэ насандаа гэгээрэлд ойртсон, өндөр бясалгагч нарыг ингэж занданшуулдаг ёс бий. Муу юмыг дарах байдлаар байнга ёс бус зүйл гардаг, байгалийн гамшиг болж байгаа газарт асар их энергитэй бясалгагч хүмүүсийг оршооход сайхан болдог. Тийм хүмүүст гар хүрч огт болохгүй. Нутгийн хүмүүст ярьж, хэлдэг ч үгүй. Нууцлаад шүтээд л явдаг. Тийм шүтээнийг ховхлоод ирсэн байх вий дээ гэж зовж байна” гэжээ.

Гэсэр овгийн С.Батчулуун: ЦАГДАА, ТАГНУУЛЫНХАН ГЭСЭР ЛАМ, ТҮҮНИЙ ШАВИЙН НОЙРСОЖ БАЙГАА ГАЗАРТ ИРСЭН

Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний байдлаар занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний баруун гарын шавь гэж таамаглаж байгаа аж. Жил гаруйн өмнө шинжлэх ухааны судалгаа хийдэг байгууллагад “Гэсэр багшийн шарил хөндөгдсөн байна” гэдэг мэдээлэл ирсэн тухай яриа ч байна. Гэхдээ судлаачид болон хуулийнхан нарийн шалгаагүй өнгөрсөн гэнэ лээ.

Мөн Ховд аймгийн агуйгаас авчирсан занданшуулсан шарил гэдэг мэдээлэл ч бий. Гэхдээ энэ нь батлагдаагүйг албан ёсны эх сурвалж хэллээ.

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгаан Архангай аймгийн Цахир суманд нойрсож буй гэдэг. Байцын дуганд Гэсэр лам ном хурж байжээ. Байцын дуган нь Цахир сумын төвөөс баруун хойш 75 км-ийн зайд Тэрхийн голын хойт эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хөвөөнд байдаг. Уг дуганы тууриас хойт зүгт хоёр км-ийн газарт Халзан Бүргэдэй буюу Очир хайрхан уул бий. Энэ уулын орчимд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам агсан Сэнгээ ринбүүчи, Ялгасан гэгээн, өвгөн гэсэр лам Чүлтэмжамц хэмээх хутагт хувилгаад төржээ. 1800-аад оны дунд үед энэ нутагт хүн малын өвчин гарч, тэсвэрлэхэд бэрх болсон тэр үед олноо “Өвгөн Гэсэр лам” гэж алдаршсан их ламтан Чүлтэмжамц Халзан бүргэдэй уулыг 100 цагаан морьтой ламтай ирж аравнайлан тахиж, уул хайрханыг “Очирхайрхан” хэмээн нэрлэн онголсноос хойш энэ уулыг жил бүр тахидаг болжээ гэсэн домог бий.

Цахир суманд Гэсэр ламын удмын хүн байдаг гэсэн мэдээллийн дагуу утсаар холбогдож ярилцлаа. Гэсэр овгийн С.Батчулуун ингэж ярьсан юм.

-Өвгөн Гэсэр лам хэдэн онд төрж, хэзээ жанч халсныг та мэдэх болов уу?

-200-аад жилийн өмнө амьдарч байсан том хувилгаан юм шүү дээ. Энэ том хувилгааны овгийн хүний хувьд “Өвгөн Гэсэр богдын цадиг домгийн цомирлог” гэдэг номыг судлаачидтай хамтран бичиж байлаа. Тэр номон дээр төрсөн, жанч халсан он сар нь тодорхой бий. Гэсэр Богдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйл одоо ч манайд хадгалагдаж байгаа.

-Жанч халахад нь яаж нутагшуулсан юм бол. Занданшуулсан гэж сонслоо.

-Бясалгагч, хутагт хүн байсан гэж ярьсан шүү дээ. Хөх нуурын дунд эрэгт амьдарч байсан юм билээ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн гэдэг юм билээ. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг. Тэр үеийн аргаар занданшуулсан юм билээ.

-Сумын төвтэй ойр уу?

-Сумын төвөөс 50-иад км зайтай. Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул. Зун бол УАЗ-469 машин хүрчихнэ. Өвөл бол бэлээс нь алхана.

-Та Гэсэр ламыг тэнд нутаглуулсан байдгийг яаж мэддэг юм бэ. Танай нутгийнхан бүгд мэдэх үү?

-Ам дамжсан яриагаар мэдэлгүй яах вэ. Захиргаадалтын үед хяналт хатуу, ширүүн байсан ч өвөг дээдсээ хаяна гэж байхгүй залбирч, мөргөдөг байсан шүү дээ. Одоо бол жил бүр хүмүүс очиж мөргөдөг болсон. Манай сумынхнаас гадна бусад аймаг сумаас хөл тасрахгүй. Тэр бүрт газарчлаад явдаг.

-Хувилгааны занданшуулсан шарил ямар байдлаар хадгалагдаж байгаа бол?

-Өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон юм билээ. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь Цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан юм билээ.

-Танаас ингэж асуугаад байгаагийн учир нь нийслэлд эртний хүний занданшуулсан шарил олдсон. Тэр шарилыг Гэсэр лам байж магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ.

-Тэр мэдээлэл гарсан шөнө буюу нэгдүгээр сарын 28-ны шөнө аймгийн цагдаа, тагнуулаас хүмүүс манайд ирлээ. Ингээд намайг дагуулж аваад Гэсэр багш шавьтайгаа нойрсож байгаа газарт очиж баахан зураг хөрөг дарж, бичлэг хийгээд буцсан.

-Хуулийнханд сэжигтэй зүйл олдоо болов уу?

-Гэсэр багшийн нойрсож буй дуганы чулуу хөндөгдсөн байдал ажиглагдаагүй. Би өнгөрсөн аравдугаар сард очиж мөргөсөн. Тэр янзаараа байх шиг байсан. Харин шавийнх нь яасныг мэдэхгүй юм. Цагдаа, тагнуулынхан асууж, лавлаж байгаад буцсан. Төвдөө мэдээгээ өгөөд эргээд нягтлах зүйл байвал буцаж ирнэ гэдгийг хэлсэн.

-Шарилыг хөндөөгүй биз дээ.

-Би “Болохгүй. Хутагт хувилгааны биед хамаагүй хүрч болохгүй. Лам шинжлэх ухааны хүмүүстэй ир” гэж хэлсэн. Тэд ч тийм бодолтой буцсан байх.

-Гэсэр ламын зурмал зураг бий юу. Та нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг харав уу?

-Зурмал зураг бий. Тэр зураг манайд хадгалагддаг юм. Олон түмэнд дэлгээгүй. Нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг хэрэг болгон байж сумын захиргаанд очиж интернэтээр харлаа. Төстэй харагдах нь харагдсан. Сахалтай, үл ялиг үстэй зураг бий шүү. Хоёр жилийн өмнө бурханч лам Г.Пүрэвбат ирж Гэсэр багш дээр очиж мөргөөд, ойр хавийг нь хараад явсан. Зургийг нь ч харсан. Жилийн дараа дахиж ирнэ гээд явсан ч өнгөрсөн жил ирсэнгүй. Г.Пүрэвбат лам “Гэсэр багшийн зурагтай харьцуулахад мөн бололтой” гэж хэлсэн гэж сонслоо.

Би бас судалгаа хийгээч гэж Шинжлэх ухааны академид хандсан. Хараахан ирээгүй л байна.

-Тэгэхээр шарил яах аргагүй хөндөгдсөн юм болов уу?

-Мэдэхгүй юм. Судлаачид дахин ирээд судлах биз ээ. Гэхдээ Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргүй харагддаг. Дэргэдэх шавийнх нь харин онгойсон байж магадгүй.

-Яагаад?

-2000-аад оны эхээр намайг очиход Цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байсан. Шарилын мөр, толгой хэсэг нь ил гарчихсан байсан.

-Ямар байдалтай харагдсан бэ?

-Толгойн үс нь дөнгөж ургах төдий, сахал нь ч адил. Суугаа байдлаар жанч халсан байсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байсан. Тэгээд мод, чулууг нь сэргээж янзалсан.

-Тэр үед харагдсан дүрээ нийслэлээс олдсон занданшуулсан шарилынхтай харьцуулж үзэв үү?

-Их адилхан харагдаад байгаа юм. Тийм учраас эргэлзээ төрөөд байгаа хэрэг.

-Нийслэлээс олдсон шарилын дал, нурууны хэсэг бас гэмтэлтэй юм билээ?

-Тийм үү. Тийм бол судлаачид болон холбогдох хүмүүс тогтоох биз ээ.

-Та Гэсэр ламын шавийн толгой хэсэг ил гарсан байсныг харсан тухайгаа хууль, тагнуулынханд хэлсэн үү?

-Хэлэлгүй яах вэ.

-Жил гаруйн өмнө Гэсэр ламын занданшуулсан шарил алдагдлаа гэсэн мэдээлэл нийслэлд ирсэн гэсэн. Та сонссон уу?

-Үгүй. Тийм яриа огт гараагүй.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэний өвөө, эмээ нь бэлгэтэй сайхны дээдийг үзсэндээ жаргалтай сууцгаана

Монгол Улсын гурван сая дахь иргэн болон хорвоод мэндэлсэн Х.Монголжин охины аав, ээж, эмээ, өвөө нар баяр хөөрөөр дүүрэн байна. “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэгчээр энэ насандаа ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй зүйл үздэг байжээ” хэмээн хоорондоо ярилцаж байна лээ. Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин “Ах нь ингэжбаярлаж байснаа санахгүй юм. Хүүгийн минь охин Мон­голын гурван сая дахь иргэн болсон гэдгийг дуулаад лмагнай хагартлаа баярласан. Миний үр удмын хүүхэд гурван сая дахь иргэн болж, монгол түмэнд баяр хөөр авчирч байна гэж бодохоор их сайхан байна” гэх. ХаринХ.Монголжин охины ээж Г.Аззаяагийн аав Р.Ганбат “Зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад байх юм. Хэлэх үг ч олдохгүй болтлоо баярлаж сууна. Хүмүүн заяаг олж төрнө гэдэг чинь зүүний үзүүр дээр арвай буудай асгахад нэг нь тогтож үлдэхтэй ижил бай­даг юм гэсэн. Миний охиноос гарсан энэ жаахан охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болж, бүр ийм жаахнаараа түмний танил боллоо шүү дээ. Энэ насандаа ийм сайхан баярт үйл явдалтай нүүр тулна гэж бодож явсангүй” хэмээн ярьж байна лээ.

Өдөржин орж, гарч байсан зочид хэдийнэ явцгаажээ. Э.Хатанболдын гэрт аав Д.Энхтүвшин, Г.Аззаяагийн аав Р.Ганбат бид үлдэв.Төд удалгүй хоёр аав нь гэр гэр рүүгээ явсан юм. Ингээд гадны зочин миний бие, гэрийн эзэн Э.Хатанболд, Г.Аззаяа, Х.Монголжин бид гэрт үлдэв. Э.Хатанболд галаа сэргээж зуухандаа нүүрс хийх, гэр орноо цэвэрлэж, хог шороо цэвэрлэх, хүүхдийнхээ даавууг угаах гээд мундахгүй олон ажлын ард гарахаар ажилдаа орлоо.

Өглөө ирэхэд улаан даавуун дээл өмсөж, бүрх малгай тавиадгэрийнхээ хойморт суучихсан телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөөд сууж байсан Э.Хатанболд биеийн тамирын хар өмд, цагаан футболка өмсчихсөн зогсох аж.

Тэгснээ “Ахаа дүү нь хогоо шүүрдэх гэж байна. Та Азаа, охин хоёрын орны урд очоод суучих. Дүү нь хурдхан шиг хогоо шүүрдчихээд сууя” гэж хэлээд инээв. Хивс рүүгээ ус цацаад нарийн ширхэгтэй шүүрээр шүүрдэж гарлаа. Хурдан хурдан хөдлөөд л хогоо шүүрдэж байснаа”Шороо бужигнаж байна уу” гэж эхнэрээсээ асуух юм. Азаа өөдөөс нь инээгээд “Манай Хатнаа гэрийн ажилд их сайн. Гэртээ байхдаа хамаг ажлаа өөрөө л хийчихдэг юм. Гэхдээ ажилдаа явахаараа хэд хоногоор явчихдаг. Жирэмсэн болсон гэдгийг дуулаад л”Амарч бай. Найз нь бүгдийг нь хийнэ” гээд надаар ажил хийлгэхгүй санаатай” гэж ярив.Тэд дөрвөн ханатай гэрт тохилог гэгч нь амьдардаг юм байна. Гэрийн эд зүйлс бүгдэмх цэгцтэй. Мөн найз, нөхөд, зочдоос ирсэн чихмэл тоглоом, цэцэг зэргийг эгнүүлээд тавьчихжээ. Э.Хатанболдыг хогоо шүүрдээд дууссаны дараа бид анх хэрхэн танилцаж байсан талаар яриагаа эхэллээ.

Э.Хатанболд, Г.Аззаяа нар өөд өөдөөс хараад инээд алдах ажээ. Бүрнүүр нь улайгаад ичээд байгаа бололтой хэсэг сууцгаав. Тэгснээ Э.Хатанболд “2011 онд найзуудтайгаа аймгийн төвд уулзсан юм. Тэгсэн нэг найз мааньнайз охиноо дуудсан юм. Гурван охин хүрээд ирсэн. Тэгээд л анх танилцаж байлаа. Азааг анх хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодсон. Хоорондоо танилцаад удаагүй байтал Азаа яваад өгсөн. Тэгэхээр нь утсыг нь олж аваад мессэж бичсэн. Хариу ирэхгүй хэд хоносон. Тэгж байгаад мессэж бичилцдэг болоод дараа нь уулзаад, үерхэж эхэлсэн. Тэгээд л тусдаа гарсан юм” гэв. Харин Г.Аззаяа “Өндөр биетэй, нүүрэмгий бололтой залуу санагдсан. Мессэж бичээд байхаар нь тоглоод байна гэж бодоод итгээгүй” гэлээ. Э.Хатанболд хүнд даацын машинаар “Таван толгой транс” компанийн нүүрсийг Ганц модны боомт руу зөөдөг байсан гэнэ. Ажил нь эхлэхээр хэдэн сараар явчихдаг болохоор тэд ойр ойрхон уулзаж чаддаггүй байжээ. Харин хоёр жилийн өмнөөс нүүрсний тээвэрт явах нь цөөрч Э.Хатанболдынх гэдэг айл шинээр нэмэгджээ. Э.Хатанболд өвөөгийнхөө тусдаа гарахдаа барьж байсан дөрвөн ханатай гэрийг хадмынхаа хашаанд барьж, айл гэр болсон байна. Хоёр талын аавууд нийлж байгаад гэрт ньтавилга авч өгөн бэсрэг найр хийсэн гэнэ. Ингэж л Э.Хатанболд, Г.Аззаяа нар Монгол Улсынхаа өрхийн тоог нэгээр нэмж гал голомтоо бадрааж байжээ. Тэд бусдын гарыг харалгүй, өөрсдийнхөө хүч бололцоогоор амьдралаа босгож яваа залуу хосууд. Уул уурхай тэр тусмаа нүүрсний салбар зогсолтод орсонтой холбоотойгоор Э.Хатанболд ажилгүй болсон байна. Гэхдээ түрээсээр авч, үнийнх нь талыг төлөөд байгаа машинаар ачаа тээвэрт явж амьдралаа болгодог байна. Харин Г.Аззаяа дэлгүүрт худалдагч хийх зэргээр олон ажил хийсэн байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Удам гарвалын талаар Э.Хатанболдоос асуусан боловч “Аав энэ талаар сайн мэдэх байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд бид Э.Хатанболдын аав Д.Энхтүвшингийн гэр рүү явлаа. Хоёр гудамжны хойд талын дунд хэсэгт байх цэлгэр хашаанд Д.Энхтүвшингийнх амьдардаг аж. Д.Энхтүвшингийн аавыг Дарамшир гэдэг аж. Хоёр дайнд оролцоод ирсэн ахмад дайчин байсан гэнэ. Э.Хатанболдын удам судрыг хөөж үзэх юм бол Ханхонгор сумын хурдан адуут М.Дарамшир гэх хүний үр удам юм байна. Д.Энхтүвшин ахын хэлж буйгаар тэднийх нэг хэсэгаймгийн наадмын хурдан морины түрүү, аман хүзүү, айргийг алдахгүй авдаг байсан гэнэ. Ханхонгор сумын Мандах бригад, Гурван сайхан уулын дунд сайхны өвөр бэлд нутагладаг малчин удмын хүмүүс юм байна. Дарамшир гэх олон хүрэн тэмээтэй, хэдэн азарга адуутай айл Ханхонгор суманд аж төрдөг байжээ. Мэргэн гэх эмэгтэйгээс гарсан гурван хүүхдийн нэг нь Э.Хатанболдын өвөө болох М.Дарамшир юм байна. Д.Энхтүвшин “Аав, ээждээ эрхэлж өссөн хүн дээ, би. Манайханхэдэн үеэрээХанхонгор суманд мал маллаж ажтөрсөн хүмүүс. Манайх их олон адуутай айл байлаа. Аавын хоёр дүүЦэвэгмидхорол, Намжилдорж гээд сумандаа төдийгүй аймагтаа зартай уяачид байсан. Аймгийн наадамд их л олон морь айрагдуулсан хүн байгаа юм. Аав минь их төлөв даруу хүн байсан. Бидэнд барагтай бол үг хэлэхгүй. Хүүхэд байхдаадайнд явсан талаар нь их асууж сурагладаг байсан. Дайнд явсан талаараа ерөөсөө ярихгүй. Харин хамт явсан хүмүүс “Танай аав бусдаасаа түрүүлээд л дайсны цэргүүдийн бүслэлт рүү давшаад орчихдог байсан. Их зоригтой хүн” гэж ярьдаг байлаа. Манай аав юунд ч их шийдэмгий ханддаг байсан” гэлээ. Э.Хатанболдын эмээгийн ах нь Пүрэв гэж хүн байсан гэнэ. Удмынхаа боловсролтой, даргын албан тушаал хашиж явсан нэгэн гэнэ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ.

ЖОЛООЧ, ТЭМЭЭЧИН, АГЕНТ, ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ӨВӨӨ Д.ЭНХТҮВШИН

Харин Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин Ханхонгор суманд дунд сургуулиа төгсөөд мал маллаж байгаад Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хил дээр гурван жил алба хаасан нэгэн. Шивээхүрэнгийн боомтын Цайлангийн заставт цэргийн албанд гурван жилийг өнгөрөөжээ. Цэргийн албанд машин барьж сураад халагдсан гэнэ. Цэргээс халагдаад хоёр жил гаруй аймгийн төвд Зил130 машинбарьжээ. Үүнийхээ дараа хөдөө гарч, нэгдлийн тэмээ маллаж эхэлсэн байна. Тэгсэн бригадын дарга нь нэг өдөр дуудаж “Бригадын агент хий” гээд Агентийн албан тушаал дээр тавьсан байна. Мөн Өмнөговь аймагт анх удаа жуулчны бааз байгуулагдахад хөтөчөөр ажиллаж байсан гэнэ. Гадаадын жуулчдад тэмээ унуулж говийн үзэсгэлэнт газраар явдаг байжээ. 1986 онд нутгийн бүсгүй Н.Энхтуяатай айл гэр болсон байна. Э.Хатанболдын ээж Н.Энхтуяа гурван хүүхдийг нь гаргаж өгөөд хүнд өвчний улмаас 2002 ондбурхан болжээ. Өнчин гурван хүүхдээхүний зэрэгт хүргэх гэж Д.Энхтүвшин их зүтгэсэн гэдгийг ойр тойрны хүмүүс хэлж байна лээ. Хүүхдүүд нь ээжийгээ санаж бэтгэрээд, өвчин ороож зовоож байсан гээд амьдралын хүнд замыг туулан гарсан байна.

“ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ НЭГ ОХИН ДАГУУЛААД ОЧЛОО ШҮҮ”

Ханиа бурханы оронд үдээд нэг хэсэг ганцаараа явсан Д.ЭнхтүвшинМандал-Овоо сумын уугуул Ё.Дарьсүрэн гэх бүсгүйтэй ханилан суусан байна. Тэд бие биенийхээ байхгүйг нөхөн сайхан аж төрж байна. Аавгүй байсан хүүхдүүд аавтай болж, ээжгүй болсон хүүхдүүд ээжтэй болжээ. Энэ талаар Ё.Дарьсүрэн эгч “Хэдэн хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж их хичээсэн дээ. Бидэнд их сайхан чанар байдаг. Их амархан эв зүйгээ ололцоод хүүхдүүдийнхээ ээж нь болсон. Тэд Э.Шинэхүү, Э.Хатанболд нар намайг төрүүлсэн хүүхдүүдээс минь дутахгүй л хайрлаж байна. Би ч энэ хэдэн хүүхдээөрцнөөсөө унасан юм шиг л хайрлаж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж,эрийн цээндхүргэсэн юм шүү” гэв. Х.Монголжин охин Д.Энхтүвшин ахын тав дахь ач юм байна. Гэрийнхэн нь Э.Хатанболдын талаар “Өөрт нь ямар ч хэцүү ажил байсан даалгаад л өгчих юм бол яс хийдэг зантай” гэж хэлж байна лээ. Д.Энхтүвшин ах “Таван толгой транс” компанийн нүүрснийачаа тээвэрт жолоочоортаван жил гаруй ажиллаад гарсан байна. Түрээсээр 40 метрийн урттай хүнд даацын машинаар ачаа зөөх ажилд явж амьдралаа болгодог байна. Э.Хатанболдын дүү Э.Батсүрэн хотод дэлгүүрт худалдагч хийж байгаа аж. Харин хоёр эрэгтэй дүү болох Э.Хатансайхан, Э.Хатанбүүвэй нар дунд сургуульд сурч байна лээ. Бага дүү Э.Хатанбүүвэй нь ширээний теннисээр аймагтаа гурван удаа түрүүлсэн байна. Өнгөрсөн жил улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож 200 гаруй хүүхдээс зургаад орсон гэнэ. Энэ жил даагаа нэхэж түрүүлэх бодолтой байгаа гэсэн.

Тэд Э.Хатанболдыг анх эхнэрээ гэртээ авчирсан талаарх хөгжилтэй түүхийг ярив. Гэрийнхэндээ өмнө нь нэг хүүхэдтэй үерхэж байгаа гэдгээ хэлж байсан гэнэ. Ээж Ё.Дарьсүрэнгийн бие нь өвдөөд хэвтчихсэн өдөр гэнэт ээж рүүгээ утсаар залгаад “Ээжээ, хүү ньнэг охин дагуулаад очлоо шүү” гэж ярьсан байна. Гэрээ ч олигтой цэвэрлэж чадаагүй байхад бэр болох Г.Аззаяаг дагуулаад ороод иржээ. Гэрийнхэн нь шинэхэн бэрээ хараад сандралдаж хоол, цай хийх, чихэр, боов дэлгүүрээс худалдаж авах гэж сандарч гүйлдэн хөгжилтэйгөөр анх танилцаж байжээ. Э.Хатанболдын дөрвөн ханатай гэрийн талаар Д.Энхтүвшин “Манай аав, ээж анх энэ гэрт гал голомтоо бадрааж байлаа. Би, миний том хүү ч энэ гэрт тусдаа гарсан. Их ээлтэй сайхан гэршүү” гэж байна лээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины аавын талынханийм удам судартай, энгүүн сайхан амьдралтай айл байна лээ.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

С.Болд: Эдийн засгийг агшуулах бус сэргээх сонголт нь үндэсний эрх ашигт нийцнэ

Монголбанкны Ерөн­хий эдийн засагч, Ерөнхий­лөгчийн зөвлөх С.Болдтой эдийн засгийн төлөв байдал болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнгөрсөн оны үнд­сэн үзүүлэлтүүдээс хара­хад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн жил эдийн за­саг дахь нийт М2 мөнгөний нийлүүлэлт 12.5 хувь, нийт зээл 16.1 хувийн өсөлттэй гарлаа. Үүнээс 11 хувийн инф­ля­цийг хасвал мөнгө, зээ­лийн бодит өсөлт ердөө 1.5 хувь, 5.1 хувь болж, тэг түвшинд дөхөж байна гэж ойлгож болно. Мэдээж үүний бодит сектор дахь нөлөөлөл нь эдийн засгийн өсөлт саа­рах байдлаар илэрнэ. Чу­хам яагаад эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон бэ гэдгээ эргээд нэг саная. Валютын орж ирэх урсгал буурсан сөрөг хандлага 3 дахь жилдээ үргэлжилж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт он дамнан огцом буурсны улмаас 2011 онтой харьцуулахад эдийн засагт сүүлийн 3 жилд-6.8 тэрбум ам.долларын мөнгөний дутагдал бий болчихоод байна. Га­даад эрэлт, экспортын түү­хий эдийн үнэ буурсныг тооцвол нэмээд 2 тэрбум ам.дол­лараар хэмжигдэх мөн­гөний дутагдал эдийн за­сагт үүссэн. Нийт эдийн засаг 12 тэрбум ам.доллар гэдэгтэй харьцуулбал төлбөрийн тэнцлийн энэ хямрал ямар гүнзгий, далайц нь ямар хүчтэй байсныг хэн ч төвөггүй ойлгоно. Гэхдээ мөнгөний ийм их хэмжээний дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөж ирсний үрээр эдийн засаг зөөлөн газардлаа. Эдийн засгийн өсөлт 12.3 хувиас 2013 онд 11.6 хувьд, дараа нь 2014 онд 6-7 хувь руу алгуур ирж байгаа нь аль ч тохиолдолд огцом унаж сүйрэхээс хамаагүй илүү хувилбар. Харин өнөөдөр сульдаж буй эдийн засгаа дахин тогтворжуулж сэргээж чадах уу? Аль эсвэл бодит сектор, хувийн хэвшил, сан­хүүгийн салбартаа улам их ачаалал авч, 2009 оных шиг агших уу гэдэг сонголтын зааг дээр ирцгээсэн. Энэ оныг 2009 он шиг болгож л болохгүй. Ялангуяа бүтэн хоёр жилийн турш зөөлөн газар­далт хийсний дараа эдийн засгаа агшуулах биш, ха­рин тогтворжуулаад сэргээх сонголтыг хийх нь үндэсний эрх ашигт нийцнэ.

-Мэдээж эдийн засаг сэргээсэй, ахуй амьдрал сайжраасай гэж бүгд хүсч байна. Эдийн засгийг яаж сэргээх вэ?

-Сэргээхийн өмнө тогтвор­той байдлыг бэхжүүлэх нь чухал байна. Бүсээ чангалах гэдэг зүйн хэрэг, гэхдээ ганц үүнийг хийх нь хангалтгүй. Хүндрэл үүсгэсэн шалтгаанаа засч байж л хүндрэлээс гарна гэдгийг хүн бүхэн ярьдаг болжээ. Гадаадын шууд хө­рөн­­гө оруулалт эдийн засагт 50 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо ердөө 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа. Өнгөрсөн оны эхний 11 сарын урьдчилсан гүй­цэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 568 сая ам.долларт байгаа нь эдийн засаг -1.3 хувиар агшиж хямарч байсан 2009 оны түвшинд иржээ. Гэтэл энэ хугацаанд нийт М2 мөнгөний нийлүүлэлт 2.9 их наяд төгрөгөөс 10.6 их наяд төгрөг болж 3.7 дахин, нийт эдийн засаг 6.6 их наяд төгрөгөөс 22.2 их наяд төгрөг болж 3.4 дахин, банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгөөс 12.5 их наяд төгрөгт хүрч 4.8 дахин тэлчихсэн байгаа. Ийм өчүүхэн бага гадаадын хөрөнгө оруулалттайгаар Монгол улс хэр хол, хэр удаан явж чадах вэ? Зүйрлэвээс, бидэнд 5 литр A80 шатахуун л үлдэж. Түүгээр А92, A95 хэрэглэдэг машиныг хөдөлгөх, хурдлуулах боломж бий юу? Хэрэв хөдөлгөе, хурдлуулъя гэж байгаа бол ядаж20 литрА92 шатахуунтай болох, өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх л арга хэмжээг авах хэрэг­тэй.Яагаад гэвэл эдийн засгийн тогтвортой өсөл­тийг мөнгөний тогтвортой нийлүүлэлтгүйгээр бүтээдэггүй. Өсөлтийг тэжээх, санхүүжүүлэх мөнгөний нийлүүлэлтээ валютын орох урсгалаар л бий болгоно.Өнгөрсөн оноос эхлээд Монголбанк хөтөлбөрүүдээс анх төлөвлөсний дагуу үе шаттай гарч байгаа. Тэгвэл түүний нөлөөгөөр эдийн засгаас буцааж татагдах мөнгийг, түүний орон зайг хэн, юугаар нөхөж хийх вэ? Тэр нөхөлтийг валютын орох урсгалаас өөр юугаар ч хийхгүй.

-Хүндрэлээс гарах үнд­сэн арга зам нь валют оруулж ирэх болоод байгааг хүн бүхэн ухаарч, мэдэрч бай­гаа байх л даа. Тэгвэл яаж үүнийг хийж болох вэ? Яаж бид валюттай болох вэ?

-Валют олохын тулд га­даа­дын шууд хөрөнгө оруу­лалтыг сэргээх, гадаад зээл­лэгээний боломжийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, алт олборлолт болон Монголбанкинд тушаагдах алтны хэмжээг өсгөх зэрэг цөөхөн арга зам бий. Эдгээрээс аль нь боломжтой,алиных нь боломж хязгаарлагдмал бөгөөд бид­нээс үл шалтгаалж байгаа билээ гэдгийг бодож байж шийдвэр гаргамаар байгаа ч, тэгэхгүй байна. Сүүлийн хоёр жилд Монгол улс төлбөрийн тэнцэл дээрээ -2.7 тэрбум ам.долларын алдагдал хү­лээсэн. Үүний сөрөг нөлөөл­лийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханш, гадаад валютын улсын нөөцийн аль алинаар шингээн зохицуулсан. Төлбөрийн урс­гал дансны одоогийн -1 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх валютын шинэ эх үүсвэр бидэнд заавал хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын болон хувийн секторын гадаад зээллэгээний боломжийг бий болгох, багцын хөрөнгө оруу­лалтыг өсгөх замаар төлбөрийн тэнцлийн алдагдлыг энэ онд тэглэх, улмаар ашигтай гаргах хэрэгтэй байна.

-Гадаадын хөрөнгө оруу­лалт 4.6 тэрбум ам.доллар байснаа одоо 0.6 болжээ. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдээ хөдөл­гөж, урагшлуулж байж энэ тоо өсөн нэмэгдэх үү? Эдгээр төсөлгүйгээр хөрөн­­гө оруулалтыг сэргээх боломжтой юу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.6 тэрбум ам.доллар байгааг 2 тэрбум ам.доллар болгож өсгөн нэмэгдүүлэхийн тулд том төслүүдийн хэрэг­жилтийг түргэтгэх асуудал нь сонголт төдийхөн асуудал биш, харин зайлшгүй шаард­лага болчихоод байна. Мон­голын эдийн засагт орж ирэх 1 ам.доллар бүр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр хаалтыг мөргөөд буцсаар удлаа. Тиймд хөрөнгө оруулалтын орчинд суурь жишиг болсон том төслүүдээ хөдөлгөх нь зарчмын шийдэл. Татварын асуудлаар хөрөнгө оруулагч этгээдтэй харилцан ойлголцох ёстой. Гацаанд буй бүх асуудлыг шийдээд, урагшлах л хэрэгтэй. Эс бөгөөс 7 их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засагтай байсан үе рүүгээ ухрах юм уу? Газрын хэвлийн баялгаа эхлээд валют болгон хувиргаж сурах нь чухал байна. Нөгөө талаар улс өөрөө баталсан хуулиараа гаднаас валют олох чадвараа хаачихаад бай­гаагаа засах хэрэгтэй л бай­гаа юм. Өрийн таазыг хуульчилсан нь өсч тэлэх боломжоо өөрсдөө хуулиараа хязгаарлаж байна гэсэн үг. Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байна гэдэг нь хөтөлгөө морь хэрэггүй ээ, дан ганц гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг мориндоо найдаад цааш явна, тэр мориороо бид хол зам туулна гэсэнтэй агаар нэг юм. Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг морь нь хаана байна? Байхгүй болсон. Тэгээд бид энэ байдлаасаа болж явгарсаар, цаашдаа модоо барих дээрээ тулж болохгүй биздээ? Өрийн таазыг нэмье гэдэг нь уурга, бугуйлтай болоод, түүгээрээ нэг морь олж авах тухай л яриад байгаа юм. Морио хэрхэн эдэлж хэрэглэх нь дараагийн асуудал. Тиймээс бид том төслүүдийн хэрэгжилтийг ч түргэтгээд, өрийн таазаа ч нэмээд, эдийн засаг тогтвортой тэлэхэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг бий болгоод явах нь хамгийн зөв сонголт байсан.

-Өрийн тааз гэдэг нь өө­рөө их хийсвэр ойлголт юм шиг санагддаг. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ ч үүнийг онцолж байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хуульд заасан өрийн таа­зыг өөрчлөх хэрэгтэй. Яа­­гаад гэвэл олон улсад Засгийн газрын гадаад өр хэр тогтвортой байна вэ, түүнийг төлөх чадамж байна уу, өрийн үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт ан­хаарч, харж, төлөвлөж явдаг. Түүнээс биш улсын өрийн нэрлэсэн дүнг хуулиар хатуу хязгаарлаад байдаггүй. Олон улсад өрийн зүй зохистой ашиглалт, зохицуулалт, өрийн удирдлагын бодлогод илүү ач холбогдол өгдөг. Нөгөө талаас одоогийн хуулиар төгрөгийн ханш чангарвал өрийн харьцаа нь буурчихдаг, төгрөгийн ханш сулрахаар өрийн харьцаа автоматаар өсдөг, тэрнээс болоод хууль зөрчихүйц нөхцөл үүсэхээр байна. Тэгээд хууль зөрчихгүй байхын тулд төгрөгийнхан­шийг чангаруулах ёстой ч юм шиг байдал үүсч, макро бодлогууд, хуультай харшлах байдал үүснэ. Үүнээс ул­баалаад өрийн абсолют хэмжээг хуульчлах гэхээсээ өрийн удирдлага, бодлогыг хуульчлах нь зөв практик болсон. Иймд манай улс өрийн удирдлагын бодлоготой, тусгайлсан хуультай болох нь зөв. Өр үүсгэх үү? Үүсгэсэн өрийг хэрхэн удирдах вэ? Өр үүсгэж бий болгосон эх үүсвэрийг юунд, хэрхэн яаж, хэзээ, ямар зарчмаар ашиглах вэ гэдгийг тус тусад нь авч үзээд, харин эдгээрийг нэгдсэн байдлаар Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулах нь оновчтой шийдэл гэж үздэг.

-Гэхдээ өрийн тааз тог­тоохгүй бол өрийн хям­ралд орох вий гэсэн айдас байдаг?

-Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг буруу зарцуулаад байгаа учраас дахиж өр үүсгэх ёсгүй, тиймээс хуульд заасан дээд хязгаарыг өсгөхгүй гэж үзэж байх шиг байна л даа. Яг энэ логикоор нь авч үзвэл асуудал нь өр үүсгэсэндээ биш, харин өр үүсгэж бий болгосон хөрөнгийн зарцуулалтад байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байх шиг. Тэгвэл хөрөнгийн зарцуулалт, ашиглалтаа л зөв болго. Яг одоо үүссэн нөхцөл байдалд тохируулан өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, шинээр валютын эх үүсвэр татвал түүнийг зөвхөн гадаад валютын орох урсгалыг нэ­мэгдүүлэхэд л чиглүүлэх, өөрөөр ашиглахгүй байхаар шийдэж болох л байсан.Тэгсэн бол явгарахгүй бөгөөд ядаж ганц морьтой, түүнийгээ давхиулдаггүй юм гэхэд шог­шуулах буюу хатируулаад байх, бүр цаашлаад хөтөлгөө морьтой болох ч боломж бүр­дэх байлаа.

-Төрөөс цогц арга хэмжээ авч байж л энэ хүндрэлтэй байд­лаас гарна гэж суд­лаачид хэлдэг.Хямралын эсрэг төлөвлөгөө, нэгдсэн арга хэмжээ гэж гарсан уу?

-УИХ-аас өнгөрсөн оны 5 дугаар сард 34 дүгээр тогтоол, 11 дүгээр сард 69 дүгээр тогтоолыг баталж, хүндрэлээс гарахад шаардлагатай гол шийдвэрүүдийг хэдийнэ гар­гаж өгсөн. Эдгээр тогтоолд дурдсан арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлбэл эдийн зас­гийн хүндрэлээс гарах бүрэн боломжтой гэж үздэг. Сүүлийн 3-4 сарын хугацаанд УИХ-ын энэ хоёр тогтоолд суурилсан, олон улсын санхүүгийн бай­гууллагуудтай харилцан зөв­шилцсөн Макро бодлогын өөрч­­лөлтийн нэгдсэн төлөв­лөгөө буюу СMAP гэдгийг боловсруулж хэрэгжүүлэх санал,санаачлагуудыгМонгол­банк гаргасан. Түүнийг УИХ,Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөлийн түв­шинд ярьж дэмжсэн. Монголбанк төлөвлөгөөний төсөл, холбогдох саналаа Засгийн газарт хүргүүлж, одоо уг төлөвлөгөөн дээр Сангийн яам төвлөрч ажиллаж байна.

-Макро бодлогын өөрч­лөлтийннэгдсэн төлөвлөгөө гэ­дэгт юу юу багтах вэ?

-Энэхүү төлөвлөгөө нь нэгд төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, хоёрт валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, гуравт эдийн засгийн бүтцийн шинэтгэлийг хийх, дөрөвт тогтвортой байд­лыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэсэн үндсэн 4 агуулгатай. Энэ хүрээн­дээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төрийн хол­богдох байгууллагууд нь Дэлхийн банк, Олон ул­сын валютын сан зэрэг бай­гууллагуудтай харилцан ярил­цаж, зөвшилцөж, тодорхой ойл­голцолд хүрч байгаа. Эц­сийн эцэст макро эдийн засгийн тэнцвэрийг хангах харилцан уялдаа бүхий цогц бодлогыг Монгол улс өөрөө бие даан хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс агшихгүйгээр, дотоод активаа үнэгүйдүүлэхгүйгээр, хувийн хэвшилд нэмэлт дарамт, ачаалал үүсгэхгүйгээр гарна. Үүндээ олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг харгалзаж, тэдэнтэй харилцан зөвшилцье гэсэн утга санаа байгаа юм.

-Та яриандаа эдийн засаг агших, агшихгүй байх тухай хэд хэдэн удаа дурдлаа. Агшина гэдгийг юу гэж ойлгох вэ? Нэгэнт валют орж ирэхгүй бол агшихаас өөр сонголт байгаа юм уу?

-Эдийн засаг агших гэ­дэг нь өсөлт удаашрах, саарах төдий ойлголт ердөө ч биш. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг утгатай болох буюу нийт эдийн засаг, нийт мөнгө, нийт зээл абсолют дүнгээрээ буурахыг хэлж байгаа юм. Эдийн засгийн агшилтын сөрөг үр дагавар юу байх вэ? Компаниудын дампуурал, ажилгүйдэл, Монгол улсын бүх иргэдийн,аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн үнэгүйдэл, нийг­мийн эмх замбараагүй байдал, эдийнзасгийн хямрал гээд хөвөрнө. Тийм учраас манайх шиг нээлттэй, бичил, нэг салбараас хараат, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асар их хэрэгцээ бүхий орны тухайд эдийн засгийг агшуу­лах гэдэг сонголт хэзээд буруу. Бид уул уурхай гэсэн нэг салбарын огцом уналтыг дагаад нийт эдийн засгаа унагахгүй, огцом уналт-сүйрэл болгохгүй гэж сүүлийн 2 жилийн туршид мөнгөний уламжлалт бус бод­логоор эдийн засгийг тогтвор­жуулсан. Уул уурхайн уналтыг барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлтөөр нөхөж, нийт эдийн засгийг тэнцвэржүүлэн, сөрөг орчинд эрсдэлээ бууруулах, дасан зохицох хугацааг хувийн хэвшилдээ олгосоор ирлээ. Тэгвэл энэ бүхний эцсийн үр дүн нь эдийн засгийн агшилт болж дуусах учиргүй.

-Монголбанкны эдийн засгийг тогтворжуулах гэж хэлээд буй арга хэмжээний үр дүн чухам юу байв?

-Эдийн засаг 2013 онд огцом унаж -9 хувиар агших, 2 жил дараалан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх байсан аюулаас сэргийлж, эдийн засгийг бодит хөрсөн дээр нь аль болох алгуурхан, зөөлөн газардууллаа. Төв банк үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн хуульд заасан үүргийг л энэ хугацаанд биелүүлсэн. Энэ хүрээнд эдийн за­сагт зайлшгүй шаардлагатай тохир­гоо хийгдсээр байна. Жилд 2 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдаа тэнцвэржиж, өн­гөрсөн онд 540 сая ам.дол­ларын ашигтай гарлаа.Энэ дүн цаа­шид ч өснө.Инфляцийн бүтэц дотор мах, гурил, жи­жиглэнгийн худалдааны шатахууны үнийн өсөлт буюу нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл 2010-2012 онд дунджаар 40 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо 5 хувь болж буурлаа. Ингэснээр бага, дундаж орлоготой иргэ­дийн бодит орлогод ирэх ачааллыг зөөллөсөн. Харин импортын барааны өртгийг нэмэгдүүлэх сонголтыг бол зайлшгүй хийсэн. Уул уурхайн салбарын уналтын үед хөдөө аж ахуй, барилгын салбарыг дэмжсэнээр ажлын байрыг хамгаалж, хөдөлмөрийн зах зээлд үүсэх байсан ачааллыг зөөлрүүллээ. Санхүүгийн сал­барыгбэхжүүлснээр санхүү, эдийн засгийн хям­ралыг 2 жилийн турш тойрч гарлаа.

-Өнгөрсөн 2 жилд Мон­гол­банк Засгийн газар­тай хамтарч хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хөтөл­бөрүүд цаашид үргэлжлэх үү? Эсвэл энэ ондоо дуус­гавар болж байгаа юу?

-Хөтөлбөрүүдийг дунд хугацаанд хэрэгжүүлнэ гэж анх 2012 оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-аас эдгээр хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчимд шилжүүлээрэй, хөтөлбөрөөс үе шаттай га­рах оновчтой арга замыг сонгож хэрэгжүүлээрэй гэж Засгийн газар, Монголбанкинд даалгасан юм. Энэ дагуу Монголбанк хөтөлбөрүүдээс үе шаттай гарч байгаа. Гарах­даа мэдээж иргэд, хувийн хэвшил, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө, гажуудал үүсгэхгүй байхыг, иргэдийн хэрэглээний гол нэрийн суурь бүтээгдэхүүнийнийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог хувийн хэвшилд суурилсан хэлбэрээр бүрдүүлэхийг чухалчилж байна. Хөтөлбөрийн санхүү­жилтийн эх үүсвэр анх зөвхөн Монголбанкнаас гарч байсан. Тэгвэл өнгөрсөн оноос эх­лэн зээлийг эх үүсвэрийн хувьд банкуудад үе шаттай шилжүүлсээр байна. Мах, гурилын хөтөлбөрт л гэхэд зээлийн 40 хувийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг болсон. Хөтөл­бөрийн зээлүүд хуваарийн дагуу зээлдэгчээс банкинд, банкнаасМонголбанкинд эргэн төлөгдсөөр байгаа. Банкнаас олгосон энэ бүх зээлүүдийн цаана дотоодын компаниудын барьцаалсан актив хөрөнгө нь бий. Энэ он дуусахад эх үүсвэр талаасаа хөтөлбөрүүд дэх Монголбанкны оролцоо буурсан, хувийн сектор цаа­шид үргэлжлүүлээд явах боломжийг бүрдүүлсэн бай­­хаар ажиллаж байна. Хөтөл­бөрүүдийн өнгөрсөн 2 жилийн үр дүнд Засгийн газрын оролцоо, чиглэлийн яамдын идэвхтэй үйл ажиллагаа, дэмжлэг чухал нөлөөтэй байсныг энд хэлмээр байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөгийн 11 хувьтай байгаа инфляци 20 хувь хол давах байсан юм. Тийм зүйл болсон бол бид нэг оронтой тоотой инфляцийг зорих бус, тэр талаар ярих ч боломжгүй болох байсан.

-Үнэ тогтворжуулах хөтөл­­бөр нь барилгын им­портыг өсгөсөн, улмаар валютын ханшид нөлөөлсөн гэж зарим хүн хэлдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Бодитой баримт харж, зөв дүгнэлт хийх хэрэгтэй байх. Монгол улсын нийт импорт 2013 онд 6 хувиар, 2014 онд 18 хувиар буурсан. Барилгын материалын им­портыг аваад үзье.Сүүлийн 2 жилийн хугацаанд 2012 оны түвшин болох 620 гаруй сая ам.долларын түвшинд л тогтвортой байна. Гэтэл ашиглалтад орсон орон сууцны барилгын нийлүүлэлт 2014 оны эхний 9 сард 1.2 сая метр квадрат болж 2012 оныхоос 2.3 дахин, 2013 оныхоос 35 хувиар өсчээ. Үүнд дотоодын үйлдвэрлэлийн өсөлт шууд нөлөөлсөн. Дотоодын үйлд­вэрлэлд хөрөнгө оруу­лалт татах, дотоодын үйлд­­вэрлэлийг хөгжүүлэх, экспор­тыг нэмэгдүүлэх гэдэг нь хямралын эрсдэлийг бага байлгах, хүндрэлийг хохирол багатай давах суурь нь байх юм. Монголчууд өөрсдөө бүтээдэг болъё, дунд болон урт хугацаанд уул уурхайн хамаарлаа алхам алхмаар бууруулж, өөрийн гэсэн дарх­лаатай, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болъё гэсэн бодлогоор Засгийн газар өнгөрсөн 2 жилд дотоодын үйлдвэрлэлийг хөг­жүүлэх чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргаж чадсан. Үүнийг орхигдуулалгүй, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хө­төл­бөрийн хүрээнд бодит эдийн засагт банкны зээл хэлбэрээр гарсан мөнгөний нийлүүлэлт импортыг сан­хүүжүүлээгүй, харин эдийн засгийг зогсоохгүй, зээлийг тасалдуулахгүй байлгах үүрэг гүйцэтгэсэн.

-Хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтүүдийн та­лаар?

-Монголбанкны бүх хө­төлбөрүүдийн зээлийн үлдэгдэл 1 жилийн хугацаанд 40 хувиар буураад байна. Зээлийн эргэн төлөлт цаашид үргэлжлэхийн хэ­рээр хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл буурна. Бодит секторт нийлүүлэгдсэн мөнгө эргээд эдийн засгаас Төв банкинд татагдсаар байна. Тэгвэл тэр хоосон үлдэх орон зайг валютын орох урсгалаар зөрүүлээд нөхөх ёстой.

-Тэр валютыг оруулж ирэхгүй бол яах вэ?

-Тэгвэл Монголбанкийг хөтөлбөрүүдээ хурдан зогсоо гэж шахах нь утга учир муутай болно. Бид хөтөлбөрүүдээ шууд зогсоож болно л доо. Гэхдээ түүний үр дагаврыг бодох хэрэгтэй. Төлбөрийн тэнцэл сайжраад, эдийн засагт валютын орох урсгал нэмэгдээд байвал эдийн засагт нийлүүлсэн мөнгөө эргүүлж татах шиг хялбар зүйл үгүй. Харин валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам хийхгүй атлаа дотоодын эдийн засгийг тэжээн тэтгэж буй мөнгийг огцом хумь гэвэл нэг ч төгрөгийн зээл банкууд гарахгүй шүү, нэг ч компани банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулахгүй шүү, Монголын эдийн засгийг зогсооёдоо гэсэнтэй л адил сонсогдоно.

-Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас урт хугацаанд ямар арга замаар, яаж сэргийлэх вэ гэдгийг асууя.

-Ашигт малтмалын түүхий эд, уул уурхайн салбараас эдийн засаг хамаарал ихтэй л байгаа бол эдийн засаг хэлбэлзлийг тойрохгүй, заавал дайрч гарна гэсэн үг. Ингэхдээ ямар өртгөөр, юуг золиослоод, юуг авч үлдэж чадсан бэ гэдэг асуулт гарна. Энэ нь макро бодлогын шийдвэрүүдээс шууд хамаарна. Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн түүхээс авах гол сургамж нь эдийн засгаа бүтцийн хувьд төрөлжүүлэх явдал. Үүний тулд ашигт малтмалын бус салбарын хөрөнгө оруулалтыг, үйлдвэрлэлийг, улмаар экс­портыгнэмэгдүүлэх,байга­лийн баялгийн менежментийг эдийн засгийн бүтцийн шинэчлэлд, хуримтлалын бодлогод нийцүүлэн хэрэг­жүүлэх ёстой болж байна. Жишээ татахад, газрын тосны нөөцөөр баян Евро-Азийн орнууд өнгөрсөн 10 гаруй жилд газрын тосны орлогоосоо 350 гаруй тэрбум ам.долларыг хуримтлал болгож чаджээ. Энэхүү хуримт­лалыг яаж бий болгодог вэ? Эрдэс баялгийн эдийн засагт “бо­дит хуримтлал”, заримдаа “жинхэнэ хуримтлал” гэж хэлдэг ойлголт байдаг. Хүний оюун ухаанаар бий болоогүй байгалийн баялгийг ашиглаж байгаа л бол түүнээс илүү их үнэ цэнэтэй баялгийг нийгэм, эдийн засагт бүтээж гэмээнэ тэрхүү бодит хуримтлал бий болж, түүгээр эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хангагдана. Монгол улсад хуримтлалын бодлого нэгэнт эхлээд байгаа билээ. Жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давлаа. Төлбөрийн тэнцлийн хямралт нөхцөл байдал арилж, эдийн засаг эргээд сэргэх мөчлөгтөө орох нь цаг хугацааны л асуудал юм. Чухам тэр цаг үеэс урьтаж хуримтлалыг бий болгодог механизмуудаа одооноос бүрдүүлэх учиртай.

Б.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Зуун дамнасан их хүлэгчдийн удам Д.БАЯНБАТЫНХ

Өнөө жилийн улсын их баяр наадамд азарга түрүүл­гэсэн, аймгийн алдарт уяач Д.Баянбатынд очлоо. Д.Баянбат Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Даваахүү гуайн хүү. Өнгөрсөн наадмаар “Наран” хонгор азарга нь түрүүлэхэд төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэлээ гээд нэг хэсэг шуугисан даа. Ингэж түмэн олныхоо баяр, бахдалыг төрүүлсэн уяачийн гэр Улсын их дэлгүүрийн ардхан байдаг юм байна.

Тэрээр “Өчигдөр орой аавынх руу явсан. Очиж цагаан сарын бууз хийлцээд” гэсээр угтав. Амралтын өдөр болохоор гэртээ хоол цайгаа идэж уугаад “Өлзийт” рүү явахаар зэхжээ. Гэр нь морины музей л иймэрхүү байдаг байх гэмээр ажээ. Зочны өрөөнийхөө хоймроос эхлээд ажлын, унтлагын, хүүх­дийн гээд өрөө бүрт нь мо­рины холбогдолтой бэлэг дурсгалын зүйл байв. Хоймортоо өвөө, домогт уяач М.Данзаннямынхаа зургийг, хадам аав Монгол Улсын хүчит арслан Л.Сосорбарамынхаа зургийн хамт залчихаж. Өм­нөө зогсуулж байгаад авсан юм шиг хараг­дах тэрхүү уран зургийг нэгэн найз нь энэ жилийн наадмаар “Наран” хонгор азаргаа түрүүлгэхэд нь бэлэглэсэн байна. Зурагны дэргэдүүр өвөө болон аавынх нь эдэлж хэрэглэж явсан ташуур, хусуур зэрэг байлаа. Мөн өвөөгийнх нь хэрэглэж байсан эмээл, хазаар байв. “Би чинь дөрөв дэх үеийн малчин хүн. Өвөө маань өөрийгөө уяач болох яагаа ч үгүй байна гэж ярьдаг байсан. Тэгэхээр би өөрийгөө уяач гэж хэлэхээс эмээдэг юм” гэлээ. Мөн улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянуудынхаа шагнал, медалийг эгнүүлэн тавьжээ. Эдний гэрийн үнэт өв нь хурдан хүлгүүдийнх нь түрүүлж, айрагдахдаа авч байсан өргөмжлөл гэнэ. Эдгээр өргөмжлөлийг гэрийн эзэн өөрийнхөө ажлын өрөөнд тавьжээ. Бас найз нөхдийнх нь бэлэглэсэн, өөрөө гадаад дотоодод явахдаа худалдаж авсан, захиалгаар хийлгэсэн гээд төрөл бүрийн морины сувинер өрөөний булан тохой бүрт байх юм. Шагнал, медалийг сонирхох зуур гэргий нь цай чаначихаж. Бүгдээрээ ширээ тойрон цайлчихаад “Өлзийт” хороолол дахь Д.Даваахүү гуайнх руу явахаар боллоо. Замдаа 19 дүгээр хороололд байх “Скай” их дэлгүүрээр орж баахан чихэр, печень, ундаа авав. Аав ээжийнхээ цагаан сарын бэлэгнээс л бэлдэлцэж байгаа юм байх даа гэж бодтол унаач хүүхдүүддээ авсан гэнэ. Унаач хүүхдүүд нь Д.Баянбатыг хотоос ирэх бүрт ёс юм шиг чихэр, печень хүлээгээд сурчихсан байдаг ажээ.

Д.Баянбат Монгол Улсын арслан Л.Сосорбарамын хамгийн бага охин С.Баярцэцэгийг авч суужээ. Гэргий нь яриа хөөрөөтэй, нүдэнд дулаахан сайхан эмэгтэй байв. Нөхрөө, нөхрийнхөө хийж байгаа ажлыг юу юунаас илүүтэй хүндэлдэг нь түүний ярианаас тодхон харагдана. Д.Баянбат, С.Баярцэцэг хоёр нэг нутгийнх болохоор багаасаа нэг нэгийгээ таньдаг байжээ. Харин албан ёсоор үерхэж эхэлсэн нь ХААИС-ийн оюутан цагаас эхтэй. С.Баярцэцэг нөхрийнхөө тайван дөлгөөн зан чанар, итгэл даах ноён нуруунд нь татагджээ. Танилцаад нэг их удалгүй бие биедээ хайртай болж Д.Баянбатынх гэх айлын өрхийг татсан байна. Анх 19 дүгээр хороололд амьдарч байгаад одоогийнхоо дөрвөн өрөө байранд 2003 онд нүүж иржээ. Өдгөө эднийх хоёр охинтой. Томыг нь Б.Даринчулуун гэдэг. ШУТИС-ийн харьяа КООСЭН хөтөлбөрт сургуулийн нэгдүгээр курсийн оюутан гэнэ. Бага охин Болортуяа нь “Орчлон” сургуулийн тавдугаар ангийн сурагч ажээ. Охидууд сурлага, хүмүүжил сайтай болохоор аав, ээжийнхээ төдийгүй өвөө, эмээгийнхээ бахархал болсон гэнэ. Бага охин Б.Болортуяа нь саяхан БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс талархлын бичиг авч гэрийнхнээ баярлуулжээ.

“Өлзийт” хороололд Д.Даваахүү гуайнх байдаг ажээ. “Дүнжингарав”-аар эхэлдэг хаврын бүсийн уралдаанууд дөхсөн болохоор морьдоо уяад эхэлчихэж. Тиймээс зөвхөн хагас, бүтэн сайн гэлтгүй зав гарсан өдрөө адуу руугаа давхиж байгаа гэнэ. Д.Даваахүү гуайнд иртэл гурван машин гадаа нь зогсож байв. Дотор Д.Даваахүү гуай дөрөв, таван хүний хамт ширээ тойрон суугаад хуучилж байлаа. Ярьж байгаа зүйл нь дандаа л морьтой холбоотой юм. “Миний бор азарга ингэж давхиад байна. Та нэг хараад өгнө үү” гэх зэргээр яриа өрнөх ажээ. Д.Даваахүү гуай ч дуртай нь аргагүй зөвшөөрөх юм. Өнөөх залуусын хүсэлтээр дээл хувцсаа өмсөж аваад гараад явчихав. Харин Д.Баянбат хувцсаа сольж өмсөөд морины ажил хийнэ гэсээр гарлаа. Тэрээр шинийн дөрвөнд Цагаан хөтөлд болох “Дүнжингарав”-ын азарга, их нас, соёолонд хоёр, хоёр морь уяж байгаа ажээ. “Наран” хонгор азарга энэ жил долоон нас хүрч байгаа болохоор өнжөөж байгаа ажээ. Төв аймгийн Сэргэлэн сумын урд руу адуун сүрэгтээ байгаа юм байна. Энэ жилийн “Дүнжингарав”-т дандаа битүү морьд уяж байгаа ажээ. Хаврын уяа эхэлж байгаа болохоор нөгөөдөр ёсолно гэж байв. Харин өнгөрөгч бямба гаригаас эхлэн морьдынхоо давхилыг үзэж байгаа гэнэ. Унаач хүүхдүүдтэйгээ уулзаад тэднийхээ хувцас хунарыг өмсүүлж мордуулан “Өлзийт” хорооллын урд уулын бэлд хүрэв. Тэнд уяачид аль хэдийнэ цуглачихсан морьдоо хөлсөлж байлаа. Дунджаар таван км зайтай газар морьдоо давхиулан хөлс авав. Ийн давхиулж байтал Д.Даваахүү гуай хүрээд ирлээ. Ирээд “Ланд круйзер-80” маркийн автомашиныхаа жолоочийн суудалд суугаад морьдоо даган давхиж эхлэв. Таван км газар давхиулаад хөлс авах зууртаа хүний өөрийн гэж ялгалгүй бүх хүнийг “Миний хүү” гэсээр зааж зөвлөх ажээ.

Д.Баянбат таван настайгаасаа л хурдны морь унаж эхэлсэн гэнэ. Жаахан хүү байхдаа өвөө М.Данзаннямынхаа уясан хурдан хүлгүүдийг төрийн наадамд унаж хурдлуулдаг байжээ. Унаач болоод хамгийн анх 1980 онд Майн баярын уралдаанд өвөөгийнхөө уясан хонгор мориор уралджээ. Тэр цагаас хойш төрийн наадамд хурдан морь унаж уралдах болсон байна. 1985 онд аавынхаа уясан солонго цавьдарыг унаж хурдлуулаад төрийн наадамд торгон жолоо өргүүлэн түрүүлж байсан түүхтэй. Ингэж есхөн настай байхдаа төрийн наадмын тод магнай болж байсан хүү өвөө, аав хоёрыгоо даган хурдан морины эрдэмд суралцах болсон байна. Өвөө М.Данзанням шулуун шударга зантай, хатуу үгтэй, хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан гэдэг. Ёстой нэг адуу малны төлөө төрчихсөн хүн байжээ. Шөнө унтахдаа хүртэл “Хүүе, хаая тэр морийг холуур алхуул” гэхчлэн зүүдэлдэг байсан гэнэ. Мөн ёс заншил, зан үйлийг чандлан сахидаг, адууныхаа дэргэд муу үг хэлэх нь бүү хэл морь мал руугаа ч муухай хардаггүй тийм л хүн байжээ. Д.Баянбат өвөөгийнхөө тухай “Би өвөөгөө адуун төрөлтэй хүн гэж боддог юм” гэж ярилаа. Харин Д.Даваахүү гуай хүүгээ морь уяхад нь тэгтлээ их оролцоод байхгүй ч орой руу нь орсон заавар, зөвлөгөө өгдөг гэнэ. Морины идэш тэжээл багадаа юу даа гэхэд яалт ч үгүй л багадсан байдаг гэсэн. Тун нарийн мэдрэмжтэй, гэхдээ ганцхан морь уях дээр гэлтгүй эрэгтэй хүний тэр бүр анзаараад байдаггүй нарийн ширийн зүйлийг ч гярхай ажиглачихсан байдаг гэнэ. Бэр С.Баярцэцэг нь хадам аавынхаа талаар “Манай аав их гярхай хүн шүү. Тун нарийн мэдрэмжтэй. Хуримын өглөө даашинзаа өмсчихөөд зогсож байхыг харснаа “Миний охин нүүрээ будах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Бага зэрэг будна аа” гэтэл “Будаарай за” гэж хэлчихээд гараад явчихсан. Аавыг хүн гаднаас нь хараад бүдүүн баараг эр хүн л гэж харах байх. Гэтэл үнэхээр торгон мэдрэмжтэй шүү. Хааяа манайд ирэхээрээ шинэ зүйл аваад тавьчихсан байвал аль хэдийнэ анзаарчихсан байдаг” гэж ярьсан юм.

Д.Баянбат таван настайгаасаа хурдан морьтой амьдралаа холбожээ. Хөлс авч байгаа, уралдаад ирсэн морийг хөтөлж алхуулахаас эхлээд морь уях нарийн ширийн ажилд хар багаасаа оролцож өссөн гэнэ. Гуч гаруй жил морь уяхдаа улс, бүсийн наадмаас гурван түрүү, таван айраг авсан байна. Анхны айргаа 2003 онд хөх цавьдар азаргаа “Дүнжингарав” уралдаанд аман хүзүүдүүлж авч байжээ. Дараа нь 2012 онд улсын наадмын хязаалан насанд “Наран” хонгор аман хүзүүдэж байсан гэнэ. Тэр үед аав нь “Төрийн наадамд гурван үеэрээ морио айрагдууллаа. Боллоо доо, миний хүү” гэж хэлж байжээ. Энэ үг түүний ааваасаа сонссон хамгийн том магтаал байсан гэдэг. Харин 2014 онд төрийн их баяр наадамд “Наран” хонгор азарга түрүүлж, “Салхин сарт” хязаалан нь дөрөвлөж уясан эзнээ баярлуулжээ. “Наран” хонгор азарга дааган наснаасаа улс, бүсийн уралдаанд арваас хойш давхиж үзээгүй хурдан ажнай. Өнгөрөгч зуны наадмын өмнөхөн сунгаанд морио давхиулчихаад Завхан явж Отгонтэнгэр хайрханд мөргөөд иржээ. Тэр үед түүнд нэг л зөн төрөөд хамт явсан гэргийдээ “Энэ жил миний хонгор азарга түрүүлнэ” гээд хэлчихсэн гэнэ. Ингээд наадмын өглөө хонгор азаргаа мордуулахдаа галынхаа хүний машинд суун дагажээ. Зул задрах эгшинд хонгор азарга нь тэр олон хурдан хүлгүүдээс цойлоод гараад ирсэн байдаг. Газрын дунд орж байхад хамт явсан хүмүүс нь “Одоо жаахан давхиул. Арын морьдоосоо холдуулсан нь дээр байх” гэж зөвлөж байсан ч зөнгөөр нь уралдуулаад байж. Унаж яваа хүүхэд, уралдаж буй хүлэгтээ итгэсэн нь тэр. Улсын наадамд уралдаж буй азарга 24 км замыг хагас цаг хэртэй хугацаанд туулдаг. Гэтэл морио уралдуулж байгаа уяач хүнд, тэр дундаа морь нь түрүүлж байгаа эзэн хүнд гучин минут гэдэг гурван цаг өнгөрч байгаа мэт удаан өнгөрдөг гэсэн. Морь нь давхиад л байдаг, бариа холдоод явчихсан мэт санагдаад байж суух газар олдохгүй тийм сонин байдаг гэнэ. Магнайдаа тоосгүй хурдалж буй хүлэг рүүгээ харахаар чихээ солбиод шандас мэдэн хурдлах. Арын азарганууд руу харахаар хэзээ мөдгүй нөмрөөд ороод ирэх гэж байгаа мэт санагдаад харах ч хэцүү, болих ч хэцүү байсан гэнэ. Ингэж явсаар дагах машиныг уралдааны замаас гаргах үед радиогоо асааж аваад холхон очоод суучихжээ. Тайлбарлагчийн “Д.Баянбатын “Наран” хонгор азарга төрийнхөө их баяр наадамд торгон жолоо өргүүлэн түрүүллээ” гэхийг сонсоод хүнтэй дуугаръя дуу нь гарч өгөхгүй, хоолой нь аргаж сэтгэл нь огшоод баярлаж үзээгүйгээрээ баярлажээ. Морио давхиж байхад Отгонтэнгэр хайрханд залбираад, удам судар, аав ээжийгээ бодон хурдан хүлгээ хангай дэлхийд даатгаж байсан гэдэг. Харин энэ үед Д.Даваахүү гуай Цагаан хөтөлд барьсан гэртээ байжээ. Зурагтаа асаасан хэрнээ огт харалгүй буруу хараад суучихсан, дэргэдээ байгаа хүмүүсээс “Одоо яаж байна” гэж асуугаад л. Нэг газраа удаан тогтож сууж чадахгүй байсан тул нэг харахад орон дээр буруу хараад хэвтчихсэн, дахиад нэг харахад хойморт гараад сууж байсан гэдэг. “Түрүүлчихлээ” гэхэд тэнд байсан хүмүүсийг тэвэрч авч уйлаад бөөн л юм болж. Өөрийнхөө уясан морийг түрүүлэхэд тэгж их баярлаж байгаагүй мөртлөө хүүгийнхээ уясан морийг түрүүлээд ирэхэд учраа олохгүй болтлоо догдолсон нь тэр. Ингэж Мөнхийн Данзанням гэж айлынх гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэн түүхэн амжилтыг давтжээ. Давтжээ гэдэг нь одоогоос зуу гаруй жилийн өмнө эдний амжилтыг тогтоож байсан гэсэн үг. 1908 оны шар мичин жил Галшарын өвгөн ноён М.Пүрэвжавын бор азарга түрүүлж байсан бол 1926 оны гал бар жил буюу Ардын хувьсгалын таван жилийн ойгоор М.Пүрэвжавын хүү Доржцэрэн хулан хонгор азаргаа түрүүлгэж байжээ. П.Доржцэрэнгийн хүү Пунцагнамжилын бор азарга 1930 оны морин жил буюу Ардын хувьсгалын есөн жилийн ойгоор түрүүлснээр өвөө, аав, хүү гурав төрийн их баяр наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэн түүхэн амжилт тогтоож байсан юм байна. Харин Д.Даваахүү 1979 оны хонь жилийн төрийн наадамд “Тогоруу халтар” азаргаараа түрүү авсан бол аав М.Данзанням нь 1986 оны гал бар жил хүрэн азаргаа улсын наадамд түрүүлгэсэн байна. Мөн Д.Даваахүүгийн “Цолмон халтар” азарга 1994 оны нохой жил улсад түрүүлсэн түүхтэй. Өвөө, аав хоёрынхоо алдрыг батжуулан Д.Баянбат “Наран” хонгор азаргаа улсад түрүүлүүлж түүхэн дээд амжилтыг давтжээ. Тэрээр 2005 онд ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн. Одоо морь уяхынхаа зэрэгцээ ХААИС-ийн докторантурт суралцаж буй гэнэ. Хурдан морины харагдах бие галбир, биохимийн зарим үзүүлэлтийн талаар судалгааны ажил хийж байгаа юм байна. Ирэх жил цолоо хамгаалахаар суралцаж байгаа гэсэн.

Ийн хуучлангаа “Өлзийт”-ийн урд уулын энгэрт морьдоо давхиулаад иртэл бас л гэрт нь хүмүүс ирчихсэн хүлээж байв. Ээж Ж.Сандагдулам нь бэрийнхээ хамтаар хоол цай болчихсон гал тогооноос өндийх завгүй сууж байна. “Өчигдөр орой цагаан сарынхаа буузыг хийсэн. Манайх хөл ихтэй. Бууз гурван мянга гаргаж хийнэ. Өчигдөр 2500 бууз хийсэн. Одоо тав, зургаан зуугаадыг хийчихвэл гол ажлаа нугаллаа л гэсэн үг” гэж байлаа. Эднийхээс хүний хөл тасарна гэж байхгүй юм. Байс гээд л том хар жийп гадаа нь ирж зогсоод хоёр, гурван залуу ороод ирэх ажээ. Ирсэн хүн болгон “Та манай морийг хараад өгөөч” гэсээр аваад явах юм.

Энгүүн сайхан атлаа эгэл боргихон уяачийнхаас гарах үед Д.Баянбат “Удахгүй хонь жил гарах нь. Монгол түмэндээ сар шинийн мэнд хүргэе. Монголчууд бидний хийморь алтан туурт хурдан буян шигээ босоо байг” хэмээн ерөөв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

“Арева”-гийн санхүүжүүлэх мал эрүүлжүүлэх төсөл олон асуултад хариулт авчирна гэдэгт хүмүүс итгэж байна

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг “Арева” компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ. “Арева” групп нь нийт цахилгаан үйлдвэрлэгчдийн ашиглаж буй цөмийн түлшний гуравны нэгийг үйлдвэрлэдэг гэхээр ямар том зах зээлийг эзэлдэг вэ гэдэг нь тодорхой болох биз ээ. Гэвч Францын энэ компани Монголд салбараа нээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийг байгуулсан ч үйл ажиллагаа нь бусад орнуудад явдаг шигээ жигдэрч чадахгүй байгаа гэлцдэг. Магадгүй энэ нь монголчуудын уран гэхээр цөмийн хор хөнөөл, хог хаягдал гэж шууд ургуулан бодож, болгоомжлон ханддаг байдалтай ч холбоотой байж болох юм. Одоогоос хоёр жилийн өмнөөс тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим малчин мал нь уранаас хордож үхсэн талаар гомдол гаргах болсон билээ. Хэдийгээр Засгийн газраас томилсон нарийн мэргэжлийнхнээс бүрдсэн багийнхан тус аймагт ажиллаад “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай хамаагүй гэж тогтоосон ч үл итгэгчид байсаар л байгаа юм. Үнэхээр ураны олборлолттой холбоотой мал хуй нь хордож үхэж, магадгүй хүн амын эрүүл мэнд доройтож байна уу. Эсвэл өөр төрлийн өвчнөөр малын хорогдол гарч байгааг бид хамаатуулж ойлгож байна уу. Энэ бол олон хүний мэдэхийг хүсч байгаа асуулт. Дорноговь аймгийн удирдлагууд энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавьсныг “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн зүгээс хүлээн авч нэгэн төсөл хэрэгжүүлэхээр болсныг нь сурвалжилсан юм.

“Арева Монгол” компани Улаанбадрах сумын нийт дөрвөн баг мөн Зүүнбаян багт хоёр жилийн хугацаанд малын эрүүл мэндийг сайжруулах төслийг санхүүжүүлэхээр болж байна. Энэхүү төсөл нь нэлээд их хэмжээний буюу 1.3 тэрбум гаруй төгрөгийн төсөл гэхээр аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ төсөл нь яригдаад байдаг асуудал үнэхээр бүс нутагтаа өндөрт тооцогдох малын өвчлөлтэй нь холбоотой юу эсвэл уул уурхайн асуудалтай холбоотой юу гэдгийг нэг мөр болгож, тодорхой болгож өгөх учраас хаа хаанаа нэн чухал билээ. Хэрэв малын өвчлөлтэй холбоотой байсан бол энэ нутаг орны хүмүүс мэргэжлийн эмч нарын тусламжтай малын өвчлөлийн тухай ойлголттой болж, бас малаа ч эрүүлжүүлж, махаа ч үнэ хүргэж зарах боломжтой болохоос эхлээд ашиг тус нь их юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сайншандад болсон уг төслийн нээлтийн ажиллагааны үеэр ийм төсөл эхлүүлж байгаад талархалтай байгаагаа тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон мал эмнэлгийнхэн, малчид илэрхийлж байсан билээ. Тэдний хувьд учир нь ойлгогдохгүй энэ асуудлыг тодорхой болгох нь чухал, заавал аль нэг компанийг буруутгахдаа биш харин малын хорогдол юутай холбоотой байдгийг л мэдмээр байна гэцгээж байсан юм. Хэдийгээр энэ төслийг “Арева Монгол” компани санхүүжүүлэх ч хэрэгжүүлэх байгууллага нь хараат бус мэргэжлийн байгууллага байна гэдгийг тэд онцолж байлаа. Энэхүү том төслийг 120 гаруй хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” (МНХМЭДХ) хэрэгжүүлэх болж байгаа юм. Тэд бас мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсноо энэ үеэр мэдэгдэж байв. Уг төслийн хүрээнд нэг франц, хоёр монгол эмч Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай ажиллана. Тэд 24 сарын турш, 24 цагаар малчдад үйлчлэх гэрээтэй аж. Хэрэв малд нь ямар нэг асуудал гарвал шууд дуудлагаар эмч нар нь ирж үзэхээс гадна угаалга тарилгыг тогтмол хийж байх гэнэ. Өөрөөр хэлбэл, малыг ямар цаг хугацаанд яаж эмчилж, ариутгаж угааж байдаг стандартыг хэвшүүлэх юм байна. Үнэндээ ерээд оноос хойш мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэнээр энэ салбар уналтад орсон гэлцдэг. Малчид төрөөс зайлшгүй хийдэг вакцин тарилгыг хийлгэхээс өөрсдөө мөнгө төлөөд хийх ариутгал, угаалгыг болж өгвөл алгасах болсон. Үнэндээ албан бус сайн дурынх болчихоор малчид хойш сууж, нөгөө талд нь малын өвчлөл нэмэгдсээр ирснийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл энэ үйлчилгээг нь үнэ төлбөргүй болгож, малчдын бүр мартчихсан хашаа хороонд нь ариутгал хийдэг уламжлалыг нь сэргээвэл олон зүйл тодорхой болно хэмээн малын эмч нар үзэж байгаа юм билээ. Бас энэ төслийн гол зүйл нь малчдад малын эрүүл мэнд, арчилгаа эмчилгээний талаар сургалт явуулж, уг төсөл дууссан ч нутаг орны хүмүүс өөрсдөө малаа эрүүлжүүлээд аваад явчих хэмжээний болгоход ач холбогдол нь оршино хэмээн “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант ярьж байлаа.

Мөн тэрбээр “Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг бидний зүгээс хүсч байна” гэж байсан. Үнэхээр ч орон нутгийн удирдлагууд мал нь эрүүлжээд ирвэл малын махны чанар, сүү сааль, ноос ноолуурын гарц нэмэгдэж малчдын амьдралд хэрэгтэй, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулаад хүмүүсийн маань амьжиргаанд хэрэгтэй гэж байсныг онцлохоос аргагүй. Уг нээлтийн үеэр цугларсан зарим хүмүүстэй ярилцаж байхад “Сүүлийн хэдэн жил Улаанбадрахын мал хордож үхэж байна гэж баахан сенсацлаад мах ч зарагдахаа байсан. Хэрэв энэ төсөл хэрэгжиж бодит байдлыг харуулбал аль аль талдаа хэрэгтэй байна” гэцгээж байсан. Түүнчлэн уг арга хэмжээнд зориулсан үдийн зоогт Улаанбадрахын махаар хийсэн шорлог, хуушуурыг багтаасан бөгөөд монгол, францгүй бүгд л идэж байсныг хэлэхээс аргагүй. Нутгийн зарим иргэдээс “Мал хордож үхээд байдаг юм бол махыг идэх нь зөв үү” гэхэд “Мах нь зүгээр ээ. Дотор эрхтэн нь харин онцгүй болчихсон байдаг” гэж байв.

Улаанбадрахын малчдын ярьж байснаар бэлчээр дээрээ байж байгаад үхсэн зарим малын дотор гэдэс тэр дундаа уушиг нь авах юмгүй болсон байдаг ажээ. Бас сэмжнээс нь атгын чинээ бугласан идээ гарч байсан удаа ч бий гэнэ. Тэд малын ямар нэг өвчин үү, эсвэл урантай холбоотой байна уу гэдгийг л бид мэдчихмээр байна гэцгээж байсан билээ. Тэд малын паразит өвчлөл хаа сайгүй байдгийг нуухгүй байлаа. Энэ төслийн хүрээнд мэргэжлийн гадаад, дотоод мэргэжилтнүүдээс бүрдсэн “Мал эмнэлгийн оролцооны нэгж”-ийнхэн мал эмнэлгийн тусламжийг малчдад үнэгүй өгч, малын өвчнийг оношлохоос гадна дээжийг цаг тухайд нь нарийн мэргэжлийн лаборатори руу илгээж, өвчлөлийн хяналтын үр дүнгээ улирал тутам танилцуулж байх ажээ.

СОНГОГДСОН ХҮМҮҮСИЙГ СУРГАЖ МАЛ ЭМНЭЛГИЙН СЕРТИФИКАТТАЙ БОЛГОНО

Энэ төслийн талаар “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Дээхнэ үед малын эмч, малын эмчилгээ сувилгаа чухалд тооцогддог байсан ч сүүлийн үед энэ асуудал бүр хаягдсан гэдэг. Энэ үнэн үү?

-Хуучин цагт малын эмч, малчин, мал бол хоорондоо салшгүй уялдаатай гэдэг байсан ч зах зээлийн үед нэг хэсэг энэ зарчим алдагдсан нь үнэн. Харин сүүлийн үед мал эмнэлэг, малын эрүүл ахуйн асуудлыг мэргэжлийн хүнээр дамжуулж хийлгэх нь малын чанар, түүхий эдийн гарц, чанартай холбоотой гэдгийг малчид мэддэг болж эхэлж байна. Тэр ч утгаараа бидэнд хандаж хамтран ажиллах болсон.

-Танай байгууллага Дорно­говийн энэ бүс нутагт судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүн яаж гарав. Үнэхээр малын өвчлөл их байна уу?

-Бид энэ төсөл хэрэгжихээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Тэгэхэд Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян баг бусад аймаг сумдтай харьцуулахад паразит болон малын бусад өвчлөл их байгаа нь ажиглагдсан. Паразитын гаралтай өвчлөл, ургийн гажиг бас өндөр байна.

-Бас уушигны гаралтай өвчлөл их гарч байгаа гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?

-Уушгины гаралтай өвчлөл зөвхөн энд гардаг биш. Зарим аймгуудад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ бүх өвчлөл юутай холбоотой талаар бидний хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн үр дүнд тодорхой болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

-Малчид, компани аль, аль нь бодит байдал тодроосой гэж хүсч байгаа байх л даа. Гэхдээ энэ төслийг “Арева” санхүүжүүлж байгаа учраас тэдний талд шийдвэр гарчих вий гэсэн хардлага байна л даа?

-Манай байгууллага бол хараат бус мэргэжлийн байгууллага. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага ч бас хараат бус. Бидний аль алиных нь ёс зүйн дүрэмд үүнийг заагаад өгчихсөн байдаг. Бид аль нэг талд бус харин мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллана гэдэгт итгэж болно.

-Малчид сүүлийн үед мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагад хандахын оронд өөрсдөө дур мэдэн малаа эмчилдэг болсон гэдэг. Энэ хэр ноцтой вэ?

-Мэргэжлийн хүмүүст хандахаас аргагүй. Малыг туулгаж тарих цаг нь хавар 3-4 сар, намар 9-10 сар байх жишээтэй. Нутаг орны байдлаас болоод өөрчлөгдөх нь ч бий. Дур, дураараа зах дээрээс хямд эм авч малдаа хэрэглээд явах нь малын эрүүл ахуйн байдлаас эхлээд хүнсний аюулгүй байдалтай ч холбоотой. Малчдын энэ байдалд анхаарахгүй бол хот хөдөөгүй хүмүүсийн хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэх юм. Энэ төслийнхөө хүрээнд бид малчдад боловсрол мэдлэг олгох тал дээр анхаарч ажиллана. Төсөл дууслаа ч малчид мэдлэгжиж үлдэх нь тун чухал. Бид малчны бүлэг байгуулж, бүлэг бүрээс сонгогдсон малчдад цуврал хичээлүүдийг заана. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн мал эмнэлгийн үйлчилгээний нэг сарын тусгай сургалтын сертификатын хөтөлбөрт суралцсанаар малчид малын эмчийн удирдлагаар тус тусын бүлэг дээрээ ажиллах юм.

-Нутгийн хүмүүс паразит өвчлөл их байдаг талаар хэлж байна. Малчин Д.Норсүрэн гуай ч паразитгүй мал гэж юу байхав гэж байна л даа?

-Тэгж ойлгож нь буруу. Паразит бол малын хорогдолд бодитой нөлөөлдөг хүмүүсийн эрүүл мэндэд ч холбоотой өвчлөл.

-Танайх бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ, ганц­хан эмийг л төлбөртэй өгнө гэж байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэн байдаг болохоор энэ суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн секторын бизнест халдчих юм биш биз?

-Бид хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд саад болох биш харин дэмжлэг болж ажиллана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд ажлын хөлсийг нь өгч хамтарч ажиллах юм.

-Эм нь ямар эм байх бол?

-Олон улсад хүлээн зөвшөө­рөгдсөн сайн чанарын эмийг боломжийн үнээр хүргэнэ.

БИД ИЙМ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ ГЭСЭН САНАЛЫГ ГАРГАСАН

Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзоригтой ярилцлаа.

-Танай Улаанбадрах сумыг сүүлийн хэдэн жил хордсон малтай, ураны хор хордлогод орсон гэж ойлгох хүмүүс бий болсон. Яг байдал ямар байгаа юм бэ?

-Зарим малчны мал хорогдож нэлээд асуудал болж байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хүмүүс Францын энэ компанийн үйл ажиллагаатай холбож ярьж байсан учраас тухайн үедээ Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Гэхдээ уг ажлын хэсгээс “Арева”, “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоогүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт ард иргэдийн дунд ийм болгоомжлол байгаа учраас бид хүмүүсийнхээ эргэлзээг нэг мөр болгох нь зөв гэж үзээд малын асуудлыг тодорхой болгох санал тавьсан юм. Хоёр талаас багагүй хугацаанд ярилцсаны үр дүнд өнөөдрийн гэрээг үзэглэх арга хэмжээ болж байна.

-Танай суманд малын өвчлөл үнэхээр байгаа юу. Махыг нь идэхэд болох уу?

-Манай сум орон нутагт малын уушгины өвчлөл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг эмнэл зүйн талаас нь ялгаатай авч үзмээр юм байна лээ. Ийм өвчин ганц манайх гэлтгүй байдаг юм билээ. Үүнтэй холбоотой малын мах хордсон уу гэвэл би зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжид уушиг, дотор махыг нь идэхгүй бусдыг нь идэхэд ямар ч асуудалгүй гэжбайдаг.

-Уушгины өвчлөл нь танайхаас өөр газар байдаг уу?

-2013 оны тайлангаас харахад энэ өвчлөл Баян-Өлгий, Төв, Булган аймагт бас бүртгэгдсэн байна лээ. Сүүлийн үед тархаад байгаа өвчин гэж Мал эмнэлэг хариуцсан төв лабораторийнхонтой уулзах үед хэлж байсан л даа. Манай аймгийн хэмжээнд ч бас бүртгэгдсэн өвчин.

-Танай хүмүүстэй уулзаж байхад мал яг юунаас болж үхээд байгааг л мэдмээр байна гэж байна л даа. Үүнийг нь иргэддээ тодорхой болгож өгөхийн тулд ямар алхам хийж байна вэ?

-Үүнийг тодорхой болгохын тулд өнөөдрийн энэ ажлыг бид эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан өвчлөлүүд, паразитын асуудал давхар гарч ирсэн л дээ. Хоёр жилийн турш малын өвчлөлийн тохиолдол бүр дээр ажиллаж, шинжилгээ хийх энэ төслийн хүрээнд бүх зүйл тодорхой болно гэж найдаж байгаа юм.

-Мэргэжлийн байгуул­лагууд ажиллах ч санхүү­жилтийг нь энэ компани гаргах болгохоор эцсийн үр дүнд хүмүүс итгэх болов уу. Манайхан бас хартай хүмүүс шүү дээ?

-Тийм хардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ саналыг өөрсдөө тавьсан. Танайтай хамаатай ч байсан, хамаагүй ч байсан ийм төсөл хэрэгжүүлмээр байна. Харин олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ шүү гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хүрээнд “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо” нь цаашаа олон улсын байгууллагаа урьж авчирсан байгаа юм. Аль ч байгууллагынх нь дүрэмд хараат бус ажиллах талаар заасан байдаг юм билээ. Тиймээс бид итгэж байгаа. Ер нь нэг нэгэндээ итгэж сурах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаас бид малчдадаа үүнийг хэлж ойлгуулах ч хэрэгтэй.

-Энэ төсөл хэрэгжих нь зөвхөн танай сум орон нутгийнханд хэрэгтэй гэлтгүй малын ариутгал, эрүүл мэндийн байдлаасаа болоод гадаад зах зээлд гарч чаддаггүй манайханд стандартыг авчрах сайн талтай юм гэж харагдаж байна л даа…

-Би бас ингэж бодож байна. Мал эрүүлжсэнээр малын гаралтай түүхий эдийн гарц нэмэгдэж, цаашлаад малчдын амьжиргаа, орлого нэмэгдэх сайн талтай гэж харж байна. Энэ төслийн нэг чиглэл нь малаа эрүүлжүүлэхээс гадна малчдаа сургах зорилготой. Улаанбадрахын бүх малчин иргэдэд малын дуудлага үнэгүй, сургалт үнэ төлбөргүй авна бас шинжилгээ оношилгоо нь үнэгүй гэж байгаа. Өвчний онош нь тодорчихвол малд өгөх эмээ өөрсдөө хариуцана, бусад нь үнэгүй гэж байгаа шүү дээ.

-Өмнө нь ямар байдаг байв. Мал өвдлөө гэхэд малчин хэрхдэг юм бэ?

-Мал өвдөхөд суманд байх хувийн хэвшлийн эмнэлэгт ханддаг. Дуудлагын хөлсөө авна, шинжилгээнд явуулбал өртөг зардлыг нь гаргуулдаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр манай сумын мал эмнэлэг уг төслийнхөнтэй хамтраад санхүүжилтээ аваад явах юм. Бид ингэж ажлыг нь холбож өгсөн.

-Угаалгаас эхлээд олон зүйл үнэгүй байх нь ээ. Танай суманд нэг малын угаалгын хөлс хэд байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд нэг малын угаалгын төлбөр 250 төгрөг байдаг юм. Хуучных шиг албадан бус болохоор угаалгах хүмүүс байна, үгүй нь байдаг байсан. Харин одоо Аргалант багийн 30 000 мал дээр үлгэрлээд үзүүлэх учраас үр дүн нь хүмүүсийн нүдэнд бодитоор харагдах байх аа.

-Малчид маань энэ төсөлд хэр дуртай байна вэ. Магадгүй ажил удаад гээд дургүй байна уу?

-Үгүй ээ. Дуртай байгаа. Энэ бол тэдний хүсч байсан ажил юм.

Зүүнбаян багийн Засаг дарга Х.Отгонбаяр “Би хувьдаа “Арева”-гийн төсөл хэрэгжиж, нутаг оронд маань үр өгөөжээ өгөөсэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ мал өвчилж, хорогдох явдал гараад байгаа учраас ард иргэдийнхээ адил санаа зовних болсон. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж, хүмүүст мэдээллийг үнэн зөв өгөхөөр болж байгааг нь чухал гэж бодож байна” гэж үгээ хэлж байв. Ер нь уг арга хэмжээний үеэр цугларсан олон хүнтэй санал солилцож байхад “Бидэнд мал юунаас болж үхэж байгааг л мэдэх нь чухал байна. Үнэндээ энэ компанийн үйл ажиллагаанаас, ураны нөлөөгөөс болчихсон гэх баримт нотолгоо бидэнд байхгүй. Гэхдээ мал үхэх явдал мэр сэр гарч байна. Сүүлийн үед харьцангуй багассан ч гэсэн малын хорогдол гардаг. Үүний шалтгааныг л олоод өгчихөд болно. Энэ төсөл бидний асуултад, санаа зовж байдаг зүйлд маань хариулт авчирч өгнө” гэдэгт итгэж байна гэж байсан билээ. Тэгэхээр энэ нутаг орны хүмүүсийн учир шалтгааныг нь мэдэх гэсэн хүсэл, малын өвчлөл өндөр байгаа бүс нутгийнхны эрэлт хэрэгцээ бас гадаадын энэ компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шаардлага гэсэн олон огтлолцол дээр уг төсөл хэрэгжиж эхэлж байна. Мэргэжлийн эмч нарын үйл ажиллагаа, нарийн лабораторийн үр дүн бидэнд асуудлыг тун удахгүй тодорхой болгож өгөх биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Сайншанд-Улаанбаатар2014.11.26

Categories
мэдээ цаг-үе

Э.Хатанболд: Ерөнхийлөгч бид хоёр утсаар хэсэг ярилцсан. Намайг ирж уулзаарай гэсэн

Манай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас мэдээлж байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманднэгдүгээр сарын 24-нд 08:27 цагт төрсөн. Монголын гурван сая дахь иргэн болж хорвоод мэндэлсэн бяцхан охины аавыг Энхтүвшингийн Хатанболд, ээжийг нь Ганбатын Аззаяа гэдэг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржэнэ сарын 28-ны аргын тооллын морь цагт “Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр төрөх эмнэлэгт 1992 онд төрсөн Э.Хатанболд, Г.Аззаяа гэх залуу гэр бүлийн анхны хүүхэд Монголын гурван сая дахь иргэнээр тодорлоо” гэжмэдэгдсэн билээ. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын гурван сая дахь иргэнийг зарласан даруйд Өмнөговь аймгийн төвд амьдарч байгааЭ.Хатанболдын гэр рүү хөдөлсөн юм.

Өчигдөр 09:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины гэрт очлоо. Хашааных нь үүдэнд олон машин эгнээд зогсчихсон байгаа харагдав. Хашаанд нь олон айл байдаг аж. Х.Монголжин охины ээж Г.Аззаяагийн эмээ, аав болон хамаатан садангууд нь нэг хашаанд аж төрдөг юм байна. Хашааны баруун талаасаа хоёр дахь дөрвөн ханатай гэр Э.Хатанболдынх. Бид ч зорьсон айлынхаа гэр рүүяваад орлоо. Гэрийн хойморт Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин гэх 50 гаруй насны эр сууж байв. Харин хажууд нь Г.Аззаяагийн аав Ганбат сууж байлаа.

Мөн охины аав Э.Хатанболд гэрийнхээ хойморт улаан даавуун дээл өмсчихсөн сууж байх аж.Улаанбаатар хотоос сурвалжлагч нар ар араасаа цувраад ирчихжээ. Сэтгүүлчид Э.Хатанболдыг тойроод суучихсан асуултаар “бөмбөгдөж” байв. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утсаар юу гэж ярьсан бэ” гээд л нэг нь асууж байна. Харин Э.Хатанболд камерийн өмнө суучихсан сандарч байгаа бололтой түгдэрч байснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна. Э.Хатанболдоо чамд болон танай гэр бүлийнхэндхалуун баяр хүргэе. Танай охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон шүү” гэж ярьсан. Би ч сандраад олигтой зүйл ярьж чадаагүй” гэж товчхон хариулав. Дараагийн сэтгүүлч “Хүүхэдтэй болсноо яаж мэдсэн бэ” гэхэд “Манай Азаа бөөлжөөд” гэснээ “Үгүй, дотор нь муухай оргиод байна гэж хэлээд л анх мэдсэн” гэж хариулах. Энэ мэт асуултууд ар араасаа цуварсаар байв.

Тэгсэн гаднаас 70 гаруй насны болов уу гэмээр эмээ орж ирсэн нь Г.Аззаяагийн эмээ М.Эрдэнэзул гуай байв. Хүмүүстэй мэнд мэдээд “Хотод охинд зориулж том лам нарном хурж байгаа гэнэ. Зул барьж, сүү өргөе” гэв.

Залуу хосын гэр өчигдөр үдээс хойш хүний хөлд дарагдах болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнийг зарлаад хэдхэн минут ч болоогүй байхад аймгийн төвийн иргэд Э.Хатанболдын гадаа цугларсан аж. Хүмүүс “Гурван сая дахь иргэнийг харна” гээд л гэрийнх нь гадаа бөөнөөрөө зогсчихсон байсан гэнэ. Бүр сүүлдээ аймгийн цагдаа нар ирж цугларсан иргэдийг тараажээ.

Ханхонгор сумаас Э.Хатанболдын хамаатан садан иржээ. Мөн Мандал-Овоо сумаас Г.Аззаяагийн төрөл садан ч ирцгээсэн гэнэ. Тэд аймгийн телевизийн мэдээг үзээд л яарч сандралдан нааш хөдөлцгөөсөн байна. Хосууд ширээ дүүрэн тавгийн идээ засжээ.Орж ирсэн зочин болгонд хул дүүрэн мэлтэлзүүлэнингэний хоормог өгөх аж. Зүүн орон дээрээ Х.Монголжин охин унтаж, ээж нь охиноо хараад хажууд нь сууж байв.

ЕРӨНХИЙЛӨГЧ ОХИНД МИНЬ МОНГОЛЖИН ГЭСЭН НЭР ӨГСӨН

Телевизийн сэтгүүлчид ярилцлагаа авч дууссан бололтой эхнээсээ гарч явсаар зочид цөөрөв. Тэгсэн Э.Хатанболд охиныхоо төрсний гэрчилгээг авахаар аймгийн бүртгэлийн газар руу явахаар боллоо. Бид ч түүнтэй хамт гэрээс гарлаа. Ингэж Э.Хатанболдтой уулзалдав.

– Гурван сая дахь иргэний аав болсон чамд болон танай гэр бүлд баяр хүргэе?

-Баярлалаа. Сүүлийн хэд хоног үнэхээр сайхан байна. Бид хоёрын анхны хүүхэд маань Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ. Эхлээд гурван сая дахь иргэн төрөх талаар ямар ч мэдээлэл байхгүй явсан юм. 24-ний өглөө гэнэт өвдөөд эмнэлэгт очсон. Эхнэр маань дөрвөн цаг гаруй өвдөж байж төрсөн. Охинтой болсон гэж дуулаад зөндөө баярласан. Хөөрхөн охинтой боллоо гэж бодохоор өөрийн эрхгүй л баяр төрөөд байсан. Хэнтэй адилхан хүүхэд байгаа бол, хурдхан л харах юмсан гэж бодогдоод байдаг юм билээ. Тэгээд гэртээ очиж шөл авчрахаар явж байхдаа эхнэр рүүгээ “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа” гэж мессэж бичсэн.Тэгсэн “Хөөрхөн охин төрүүлж өглөө шүү” гэж хариу бичсэн. Нэг хоноод л манай хоёр эмнэлгээс гарсан. Охиноо гарч ирэнгүүт нь баруун хацар дээр нь үнссэн чинь өөрийн эрхгүй л уйлсан. Их гоё үнэртэй, жижигхэн улаан хүүхэд байсан. Бас миний том хамрыг дуурайсан юм шиг харагдаад байгаа. Хүмүүсийн хөлд дарагдаад охинтойгоо тухтай ч эрхэлж чадахгүй л байна.

– Уржигдарл охиноогурван сая дахь иргэн гэдгийг мэдсэн үү?

-Тиймээ. Өчигдөр (уржигдар) мэдсэн. Эхлээд манай том ах Э.Шинэхүү утасдаж “Хүмүүс хотод танай хүүхдийг гурван сая дахь иргэн болсон гэж яриад байна” гэж хэлсэн. Би ч тухайн үед арай үгүй байлгүй гэж бодоод итгээгүй юм. Тэгсэн нэг яамны сайд ярьсан. Дахиад өөр нэг яамны сайд ярьсан. Тухайн үед сандраад нэрийг нь мэдэж чадаагүй юм. Тэгсэн 14:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний утас руу залгасан. Баяр хүргээд, бид хоёр хэсэг утсаар ярилцсан. Намайг ирж уулзаарай гэж хэлж байна лээ. Тэгээд охинд миньнэр өгч болох уу гэхээр нь эхнэр бид хоёр “Болно. Та манай охинд нэр өгчих” гэсэн чинь Монголжин гэдэг нэр хайрласан. Зүүдлээд ч байгаа юм шиг их сонин мэдрэмж төрдөг юм байна.Их л баярлаж догдолсон хүн байна. Үнэхээр л их хувь заяа юм даа. Энэ олон хүүхдээс намайг аав болгож хорвоод мэндэлсэнохин минь Монгол Улсын гурван сая дахь иргэн боллоо шүү дээ.

– Охиндоо та хоёр Сэлэнгэ гэж нэр хайрласан байсан юм биш үү?

Тийм ээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Ерөнхийлөгчийн өгсөн нэрээр нэрлэхээр шийдсэн. Эмээ “Төрийн минь сүлд өршөө. Төр хүүхдийг нь харж байхад Монголжин гэдэг нэрийг нь өг гэсэн юм. Тэгээд л Монголжин нэрийг өгсөн гэв.

ӨРХИЙН ЭМЧИД ЗАГНУУЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛД АЛБАН ЁСООРБҮРТГҮҮЛЛЭЭ

Э.Хатанболд бид хоёр машинд ийн ярилцаж явсаар өрхийн эмнэлэг дээр ирлээ. Өрхийн эмчээр нэг хуудсан дээр тамга даруулах юм. Бид хоёр өрхийн эмнэлэг рүү яваад орлоо. Эмчийн өрөө рүү давхиад орсон чинь “Тамга нь олдохгүй байна. Цаанаа хүлээж бай” гэжэмч хэллээ. Бүр бид хоёрыг аашлах шинжтэй шүү. Бид үүдэнд нь нэлээд хүлээв. Тэр хавиар явсан хүмүүс Э.Хатанболдыг таниад сүйд болох аж. “Гурван сая дахь хүүхдийн аавд баяр хүргэе” гээд ирж гар барих. Тэгсэн нөгөө ааш муутай эмчид хэн нэг ажилтан хэлсэн бололтой юм. Төд удалгүй “Өрөөндөөдуудаж оруулаад баяр хүргээд сүйд боллоо. Бүр нөгөө алга болсон гээд байгаа тамгаа ширээнийхээ нүднээс гаргаж ирээд цаасан дээр нь дарж өглөө. Бид хоёр ингэж өрхийн эмнэлэг дээр хэсэг саатаад аймгийн Улсынбүртгэлийн хэлтэст очсон юм. Өрхийн эмнэлэгт саатаад цайны цаг болж байхад нь яваад очжээ. 201 номерт шинэ төрсөн хүүхдийг бүртгэж байлаа. Гэхдээ Э.Хатанболдыг таниад шууд бүртгэж авсан юм. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх биднийг хүлээн авч уулзав. Э.Хатанболд гэрлэлтийн баталгаагаа үзүүлээд охиныхоо төрсний гэрчилгээг албан ёсоор авав. Э.Хатанболдод улсын бүртгэлийн ажилтнууд баяр хүргэлээ. Ингэж Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн гэх ургийн овогтой Э.Хатанболдын Монголжин албан ёсоор Монгол Улсад бүртгэлтэй боллоо. Манай сурвалжлах багийнхан ч Х.Монголжинг улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцсондоо ихэдбэлгэшээсэн юм аа.

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх “Манай бүртгэлийн хэлтэст сард дунджаар 130-150 хүүхэд шинээр бүртгүүлж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингийн аав, ээж хаанахын хүмүүс вэ гэдгийг сонирхох хүн олон байна. Аав Э.Хатанболд нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Ээж Г.Аззаяа нь Мандал-Овоо сумынх гэдгийг албан ёсоор хэлж байна” гэлээ.

Ингээд бид бүхэн эргээд гэр рүү нь хөдлөв. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас Хатанболдынд олон хүн оруулж, гаргахгүй гээд тэр хавийн хөл хөдөлгөөнийг эрс багасгажээ. Төрөөд хэдхэн хонож байгаа жаахан охиныг харж, тэвэрч, үнсэх гэсэн хүмүүс ханиад томуу хүргэчихэж магадгүй хэмээн ийн сэргийлэх нь зүй юм. Э.Хатанболд бид хоёр гэрт нь хамт орлоо. Х.Монголжин ээжийнхээ мөөмийг хөхчихөөд унтаад өгчээ. Г.Аззаяа ээжийгээ дуурайсан сүү сайтай болж магадгүй шинжтэй байгааг эмээ М.Эрдэнэзул нь хэлэв.

“ОХИНЫГ МИНИЙ ГЭДСЭН ДЭЭР ГАРГААД ТАВЬСАН ЧИНЬ ИХ ЧАНГААР УЙЛСАН”

Ингээд Г.Аззаяагаас ээж болсон сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр “Хордлого өгч эхэлсэн цагаас л хэвлийд минь бүрэлдэж байгаа үр минь гэх сэтгэл төрж, хайрлаж эхэлдэг юм билээ. Нэгдүгээр сарын 24-ний04:00 цагийн үед гэнэт өвдсөн. Тэгээд эмнэлэгт очсон. Аймаар их өвддөг юм билээ. Тэгээд 08:27 цагт охин минь төрсөн. Охиныг минийгэдсэн дээр гаргаад тавьсан чинь их чангаар уйлсан. Охиноо хараад, чанга уйлахыг нь сонсоод дагаад уйлсан. Аймаар өвдөж байсан өвдөлтөө ч мартаж, мэдрэхгүй болоод хүүхдээ хараад баймаар санагдаад байсан. Их жижигхэн улаан хүүхэд харагдсан. Тэгээд л хүүхдээ амлуулж гал уургийг нь хөхүүлсэн. Тэгж байтал Хатнаа “Охинтойгоо гурвуулаа сайхан амьдарна аа. Охин төрүүлж өгсөн чамдаа баярлалаа”гэсэн мессэж бичсэн байсан. Ингээд л бид хоёр гурвуулаа болоод л амьдарч байна даа” гэлээ. Монголчуудыг олуулаа болгож, олон болгох гэж ирсэн Х.Монголжин охинд цөөнгүй хүн бэлэг амлаад байгаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Математикаараа цойлсон “А”, “анархист”-аараа цоллуулсан “Б”-гийнхэн

Хөдөлмөр амралтын зусланд

“Насны намар” дууны аяыг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган, гавьяат эмч Д.Гүнжидмаа, Дубнад Монголоо төлөөлж ажилласан Б.Отгоолой, бэлтгэл хурандаа Д.Чулуун, гавьяат эдийн засагч Б.Тунгалаг, зөвлөх инженер С.Дэмбэрэл, Ц.Чогжмаа, хуран­даа Д.Цоодол­сэнгэ, цагдаагийн хошууч Н.Цэнд гэсэн алдартай эрхмүүд 23 дугаар сургуулийн 1969 оны 10 “а”, 10″б” ангийг төгсөгчид. 10-ын хоёр бүлэг ирэх сарын 8-нд уулзахаар товложээ.Заримтай нь уулзлаа. Хоёр өөр бүлэг ч гэлээ”а”, “б” гэж ялгарах юм алга. Бараг нэг анги шахуу улс аж. “Хоёулаа дөрөв хүртлээ цуг байгаад дараа нь өөр бүлэгт орсноо эргээд нийлсэн шүү дээ” гэж ирээд хууч хөөрцгөөх юм. Тэртээх 1969 оны хавар 10 “а” нь 29-үүлээ, 10 “б” нь 23-уулаа төгсөж байж. “А”-гаас Дашдаваа, Бямбажав, Гансүрэн, Цэндбаатар нар ирсэн бол “Б”-гийн хоёр охин иржээ. Нэг нь Бямбаа, нөгөө нь Одонтунгалаг. Тэд сургуулийнхаа нийгмийн ажилт­ны өрөөнд цуглажсуу­гаад ангийнхныхаа тухай дур­самж хөврүүлсэн юм. Нөгөө­дүүл нь Цэндбаатарыгаа”Та­ван онцын эзэмшигч” болжбайсан гэж магтав. Тэр үед 40 улирал дараалж онц гарсан хүүхэд л ийм тэмдэг энгэртээ зүүдэг байж. Сав л хийвэл тоо бодоод суучихдаг, тооны чигийн ямар ч номон дээр байгаа бодлогыг цээжээрээ мэддэг хүү байсан гэнэ. Даш­даваа математикийн багш мэргэжилтэй. Математикийн анхны арван зөв­лөх багшийн нэг аж. 40 гаруй жил багшил­жээ. Тэрээр “Ма­­­­най ангийн хэсэг хүүхэд мате­матиктаа их сайн. Ямар сайндаа л математикийн багшийг орж ирэхээр тоо бодох аргачлалын талаар маргаж байхав. Багш дараа­гийн хичээл дээр, нээрээ та нарын зөв байжээ гээд л ороод ирнэ” гэж хууч хөөрлөө. Б.Отгоолойгоо “Миний найз чинь цөмийн урдаа барьдаг мэргэжилтнүүдийн нэг байсан” гэж ирээд баахан ярив. Арвын “а”-гийнхан математикаараа цойлсон анги байжээ.

Математикчдаас гадна эмч олон­той ангиюм. Уулзалтад ирсэн хүмүүсээс гэхэд л Бям­бажав, Гансүрэн хоёр эмч. Бямбажав хүүхдийн эмч. Эх, хүүх­дийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Эрүүлийг хамгаалахын тэр­гүүний ажилтан, клиникийн профессор аж.Д.Гансүрэн ангийнхнаа “Охид нь цэмцгэр гэж жигтэйхэн, хөвгүүд нь то­моо­той гэж тоймгүй” хэмээн тодорхойлов. Харин “Б”-гийнхэн нэлээд “чанга нөхөд” байж. Ямар сайндаа л Г.Бямбаа сургуулийнхаа түүхийн номонд ангийнхныхаа ту­хай бичихдээ “Раднаагийн анархистууд” гэж гарчигла­хав. Бямбаа “Манай анги хотын улсын тэргүүний бүлэг болж байлаа. Соёлч нөхөрлөлийн анги болж байсан. Шил цуглуулдаг аянд хүртэл оролцож хотын аварга шил цуглуулагч анги болж байсан шүү. Тэр үед нийгмийн идэвх сэргээсэн ажлуудыг их зохион байгуулдаг байжээ. Одонтунгалаг бид хоёр ангийнхныхаа тухай бичихдээ Раднаагийн анархистууд гэж зүгээр ч нэг бичээгүй. Манай ангийн хөвгүүд их биерхүү, хэрийн багшийн үгийг тоодоггүй зүггүй нөхөд байлаа. Арав төгсөхдөө багш нарын зөвлөгөөний хурлаархоёр удаа орж байсан юм. Хөдөлмөр зусланд байсан үе. Мал муулсны дараа лам болж нүглээ арилгаж байна гэж дэггүйтээд шашин шүтсэн “хэрэгт орж” байлаа. Дараа нь ангиараакино үзэх гэж хичээл таслаадбуруудсан” гэж ирээд дурсав. “Б”-гийнхэн урлаг спорт, сурлагагээд бүх талаараа сайн хүүхдүүд байжээ. Эдний ангийг дааж төгсгөсөн багш ньЗундуй гэдэг хүн байж.Г.Бямбаа хоёр жил багшлаад олон нийтийн байгууллагад насаараа ажиллажээ. Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг Тунгалаг, Туул гэж охид эдний ангийнх байжээ. “Б”-гийн Пүрэвээ хөнгөн атлетикийн олон улсын хүүхдийн тэмцээнд оролцохоор Унгар явж байсан гэнэ.АТГ-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Цоодолсэнгийгээ бас спортод сайн байсан гэж ярив. Оюунгэрэл, Жаргал хоёрыгооспортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж дурслаа. Спортын гимнастикаараадэд мастер хүртэл болсон аж. Одонтунгалаг ангийнхаа Дашнямыг “Сахилгагүй хэрнээ мундаг толгойтой хүү” гэж магтаж байна.Усны инженерээр гучаад жил ажиллаад тэтгэвэрт гарсан аж. Эдний анги хоёр ч зөвлөх инженертэй юм. Нэг нь эрчим хүчний зөвлөх инженер С.Дэмбэрэл, нөгөө нь холбооны гэхээр андахгүй Ц.Чогжмаа инженер. Утас ховор үед Холбооны яамны телефон хорооны даргаар ажиллаж байж.”А”, “Б”-гийн хэд хэдэн хүүхэд Ц.Чогжмаагийнхаа цохолттой бичгээр утас аваад бөөн баяр болж байсан гэнэ.

Одонтунгалаг “Манай ангийн зургаа долоон охин ес аравдугаар ангидаа багт наадамд бэлтгэдэг байлаа. Нарантуяа, Жаргал, Цэндсүрэн, Бямбаа бид хэд.Харшийн ёолконд орохын төлөө л бэлддэг байлаа шүү дээ. Юм ховор цагт гоёо гангараагаа өөрсдөө л аргална. Цаасан дээр молоко түрхэж байгаад хөвөн наана. Хөвөн дээрээ ёолкны чимэглэл хагалаад цацчихаар хачин гоё гялалзана. Тунгалагийн гэрийнёолкны чимэглэлийг бүгдийг нь хагалж байлаа” гэж дурсамж сөхөв. Одонтунгалаг “А”-гаас Ариунаатай найзалдаг байжээ. Ариунаа нь Орос хэлний багшаар Эрхууд сургууль төгссөн гэнэ. “Б”-гийнхэн хичээлээ тарсны дараа ангийнхаа хөшгийг хаагаад теннис, хөзөр тоглодог байж. Одонтунгалагийн аав хамгийн түрүүнд охиноо ирж авахдаа ангийнхныг нь хөөгөөд гаргачихдаг байсан аж. Тэр үедээ Одноодоо гомддог байсан ангийнхан нь саяхан уулзахдаа “Танай аав сүрхий зөв, сайн хүн байжээ. Ганцхан миний охин л болж байвал боллоо гэж бодохгүйгээр бидэнд ч санаа тавьдаг байж” хэмээн аавыг нь дурссан гэнэ.

“Б”-г төлөөлж ирсэнБямбаа “Ангиасаа Нарантуяа, Одонтунгалаг, Жаргал. Д.Цэцэгмаа бид хэд илүү дотно үерхдэг байлаа. Жаргалынхаа гэрээр их очноо. Ээж нь их сайхан зантай. Биднийг охиноосоо ялгаагүй хайрлана. Сүүлд Жаргал маань санхүүгийн мэргэжилтэй болсон л доо. Өдрийн сонинд олон жил ажилласнаар нь найзаараа бахархаж явдаг юм” гэж ярилаа.

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ХӨГЖИЛТЭЙ ӨДРҮҮД

Арвын “Б”-гийн Одонтунгалаг 40 жил багшилсан хүн аж. Төрийн соёрхолт Сосорбарам анхны шавь нарынх нь нэг байсан гэнэ. Даасан ангиас нь улсын тэргүүнийбүлэг гурав төрсөн юм байна. Өдий дайтай яваагаа багш нарынхаа гавьяа гэж ярив. Монгол хэлний багш Ичинхорлоогоо “Хүндлэхээс аргагүй хүн л дээ. Алхам бүрдээ хэлц, цэцэн үг хэлнэ. Монгол хэлний багш болоход багшийн нөлөө их байсан шүү” гэж дурсав. Тухайн үед 23 дугаар сургууль нэгдүгээр сургуультай эн зэрэгцдэг байжээ.

Одонтунгалаг”Хотын төвийн охин хөдөө айлын бэр болж очиход хэцүүхэн л байлаа. Гэхдээ хөдөлмөр зусланд явж байсан минь хэрэг болсон шүү. Шувуун фабрикийг түшиглэжбайгуулсан хөдөлмөр амралтын зусланд гардаг байлаа.Ногоо тарина. Тахиа тэжээнэ. Үнээ саана. Хотын хүүхдүүдийг ажилд сургаж байсан газар” гэж яриад эхлэнгүүт хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөв. “Насны намар”-ын Булган, Одонтунгалаг хоёр нэг жил хургачин болж байж. Анх эзгүй талд гарангуутаа л айгаад уйлалддаг байсан гэнэ. Нэг удаа хургаа тариа, ногооны талбайд оруулаад муу авч, шугам жагсаалын өмнө зэмлүүлснээ Одонтунгалаг мартдаггүй аж. Жижиг биетэй охидоор нь хонь саалгана. Арай томхон биетэйд нь гүү саах ажил оноодог байж. Хөвгүүдэд халгай түүхгэх мэт арай хүндхэн ажил ногдоно. Тахианы байранд ажиллах их хэцүү байсан гэж ам нийлүүлэв. “Одоогийнх шиг агааржуулагч энэ тэр байхгүй. Их бүгчим” гэж Гансүрэнг хэлэхэд “Шувууны сангасны үнэр ч аймаар шүү” гэж Бямбаа толгой дохив. Хийж үзээгүй ажлаа хийсэн хүндхэн өдрүүд байсан ч гэсэн хамтдаа хөгжилтэй өнгөрөөсөн өдрүүд нь учраас байсгээд л хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөх юм.

АМЬДРАЛЫН НАЙЗУУД

Арвын “А”, “Б”-гийнхнээс өдийг хүртэл найзалж яваахүмүүс олон юм билээ. “Бид амьдралын жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байдаг” гэж Гансүрэн ярив. Гансүрэн гэрээсээ дурсгалын дэвтрээ авчирчээ. 96 хуудастай бор хавтастай дэвтрийн нэг ч хуудас эргээгүй, бараг шинээрээ шахуу цэмцгэр гэж. Аравдугаар ангиа төгсөхдөө ангийнхаа хүүхдүүдийн дунд энэ дэвтрийг аялуулжээ. Мэдээж ганц арвын “А” биш, арвын “Б”-гийн охид хөвгүүдийн “үлдээмж” ч энэ дэвтэрт дурайж байна. Дурсгал үлдээж байгаагаа “үлдээмж”гэж тодотгосон байна лээ. Бүгд зургаа нааж, шүлэг, дуу, сэтгэлийн үгээ үлдээжээ. Өнөө дэвтрээ эргүүлж тойруулж хараад жигтэйхэн. “Би ээжийн тухай ямар гоё утгатай шүлэг үлдээгээ вэ”, “Энэ манай Жаргалын үлдээмж байна”, “Тэр үед кино их үздэг байж билээ”гэх мэтээр дэвтрийн хуудас эргэх бүр сонин содон дурсамж хөвөрнө.Гансүрэн “Энэ дэвтэр их түүхтэй. Цэндбаатар 1989 онд 25 жилийн ойгоор цуглах үед аваад явчихсан юм. Хадгалж байгаад 20 жилийн дараа өгсөн. Их сайхан хадгалсан байсан” гэж сонирхуулав. “А”-гийнхан ангийнхаа багшийг байсгээд дурсана. Манай Буянхишиг багш гэж ирээд дурсамж сөхөцгөөх юм. Хөдөлмөр зуслан, гэр, сургуулийналинд ч ангийнхаа хүүхдүүдээс анхаарлаа сулруулдаггүй сүрхий багш байсныг сурагчдынх нь ярианаас анзаарч суулаа. Бурхан болтол нь гэр орноор нь орж гарч, ойр дотно явсан гэнэ. Дашдаваа “Хөдөлмөр зуслан дээр Бямбадорж тамхи татаж байгаад багшид баригдаж бөөн юм болж билээ. Охидын өрөө рүү шорттой ороход л зандарна шүү дээ” гэж ярив. Бямбадорж, Загдгочоо, Дашдаваа гээд “А”-гийнхны хөвгүүд спортод нэлээд хорхойтой байж. Зүггүйтэхдээ хичээлээ хийж зүггүйтдэг байсан гэж бөөн инээд болов. Газар зүйн хичээл дээр гэхэд л газрын зургаас хамгийн жижигхэн арлыг нь хайж олчихоод өнөөхөө багшаасаа асууж цагийг нь бардаг байснаа дурсаж байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган тайлан тоглолт бүрдээ ангийнхнаа урьдаг гэнэ. Булганыгаа их бахархаж ярьцгаах юм. Наймдугаар ангид байхдаа Болгарт дууны тэмцээнд явсныг нь, хөдөлмөр зуслан дээр шалны мод бариад дуулж өгдөг байсныг нь гээд өчнөөн дурсамж ярив. Сонирхуулж хэлэхэд арвын”Б”-д Баатар гэж 22 настай сурагч байж. Төгсөх жилээ эхнэр авсан Баатарынхаа хүүхдийг ээлжилж салхилуулдаг байсан гэнэ.

Математикийн Гэндэндоо багштай ана мана маргадаг “Б”-гийн тоочид физикийн хичээл дээр нүд алгасахгүй тав авдаг байж. Цогоо, Цэндбаатар, Отгоолой гэж ирээд баахан нэр хэлж байна.

Соёлч нөхөрлөлийн дарга Сарантуяа,пионерийн ордны үлээвэр хөгжмийн дугуйлангийн шилдэг хүүхэд байсан учраас Артек явсан Чука, Орос руусургуульд явсан Сараа, Зоригоо, Алтаа, Ариунаа, Дэлгэрмаа, Бадамханд гээд ирээгүй хүүхдүүдийн тухай дурсамж яриа ч хөвөрсөн.

Соёлч нөхөрлөлийн анги болсон “А”-гийнхныжурнал дээр ес, аравдугаар ангид нь нэг ч дунд бичигдээгүй гэнэ. Цэндбаатар”Манай ангийнхан тав, зургаан бүлэг болж хуваагдаад хичээлээ нийлж давтдаг байсан юм. Нэг бүлгээс хэн нэг нь дунд авахад бүлгээрээ зэмлүүлнэ. Тийм учраас дундгүй болсон байх. Тэр үеийн багш нар дүн өсгөж тавина гэж үгүй. Нэг хичээл дээр дунд авсан байхад засахгүйгээр дунд гаргадаг байлаа” гэж ярилаа.

ТАГТАН ДЭЭР ХИЧЭЭЛЭЭ УНШДАГ СУРАГЧИД

Тэр үеийнарав төгсөгчидзургаан шалгалт өгдөг байжээ. Математикийн шалгалт нь алгебр, геометр хавсардаг байсан гэнэ.Монгол хэлний хичээлийн шалгалтыг бичгээр өгдөг болбусад дөрвөн хичээлийг нь амаар шалгадаг байж. Гурван асуулттай гуч гаруй билет боловсруулах гэж гараа чилтэл бичдэг байснаа, өглөө эртээ гэгч нь тагтан дээрээ гараад хичээлээ уншдаг байснаа ам уралдуулан ярив.ХБХБ-гийннорм гэж бөөн юм болдог байснаа дурсацгаав. Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай үгийн товчлол гэнэ. Спортын олон төрлөөр шалгалт өгдөг болохоор өглөө эрт босоод гүйцгээдэг байж. Уншсан номынхоо дугаар, агуулгыг бичицгээж, хэр олон ном уншсан нь Нацагдорж тэмдэгтэн болдог байжээ. Тэр үеийн охидын гоёл улаан, ногоон, цэнхэр өнгийн тавин төгрөгийн тирко байсан гэнэ. Охид хэн нь ямар өнгийн тиркогоор гоёдог байснаа хачин тод санаж байна. Өөр нэг гоёл нь шарваар байж.Хааяа хичээл дээрээ өмсөж ирээд загнуулдаг байснаа дурсав. Хөвгүүдийн хувьд хамгийн том гоёл нь жинсэн өмд байжээ. Гэхдээ баргийн сурагч өмсөхгүй. Эдний ангиас гэхэд хоёр хүү л хааяа жинсээр гоёдог байж.Дашдаваа “Бидний үеийнхэн чинь кино их үзнэ. Тэр үед театруудаар зөвлөлтийн голдуу кино гардаг байлаа.19 цагаас хойш багш нарын эргүүл гарна. Үзвэр энэ тэр үзнэ гэж саналтгүй. Зурагтаар кино үзэхийн тулд гэр орноо угааж цэвэрлэж байж эрхээ авдаг байлаа шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээлээ.Төгсөлтийн баяр гэж тэр үед тун даруухан болдог байжээ. Нийслэлийн арваа төгссөн бүх сурагч паркт цуглаж концерт үзээд л баяраа тэмдэглэчихэж байж. 1969 онд 23 дугаар сургуулийн 10-ын”А”, “Б”-г төгсөгчид хоёрдугаар сарын наймны 12.00 цагт сургууль дээрээ уулзахаар товложээ. Хамтдаа арваа төгсөөгүй ч хамт нэг ангид тохой нийлүүлсэн ангийнхнаа ч манай сониноор дамжуулан урьсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэний үе чацуутнууд

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрийн тэргүүн зарласан нь энэ жилийн хамгийн бэлгэдэлтэй, гэгээтэй мэдээ байлаа. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж олзуурхан хэлэлцдэг монголчуудын хувьд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна гэдэг том бэлгэ. Манай сонин энэ долоо хоногийн”Өдрийн зочин” буландаагурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охины үе чацуутнуудыг онцолж байна. Х.Монголжин нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгадад Э.Хатанболдын ууган охин болж төрсөн юм. Охины нэрийг төрийн тэргүүн өгсөн билээ.

Гурван сая дахь иргэнийг мэндэлсэн өдөр 180 хүүхэд дуу хадаан орчлонд ирсэн. Тэдний 99 нь хүү, 81 нь охин. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 31, нийслэлийн “Өргөө” амаржих газарт 24, “Хүрээ” амаржих газарт долоо, “Амгалан” амаржих газарт 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хоёр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тав, хөдөө орон нутагт 94 хүүхэд төрсөн гэсэн статистик байна. Хилийн чинадад хоёр хүүхэд мэндэлсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн 30 нярайн нэрийг онцолж зарлаад байна. Х.Монголжингийн чацуутнуудыгтус бүрд нь70 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг энэ долоо хоногт Засгийн газраас гаргасан юм. Нялхсын шагналыг орон нутгийнх нь төсвөөс гаргахаар болоод буй. Зарим аймгууд гурван сая дахь иргэний чацуутнуудыг шагнаад эхэлжээ.

Мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор өгнө. Гурван сая дахь иргэний чацуутнуудад Ерөнхийлөгч гарын бэлэг бэлдсэнээ дуулгаад байгаа. Төрийн тэргүүний бэлэг нь бойтогны хонх. Зүгээр ч нэг хонх биш. Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн зургийн дагуу урласан утгабэлгэдэлтэй бойтогны хонх. Нэг хонхон дээр нь Гоо марал, нөгөө дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон бүтээсэн эд. Ингээд төрийн тэргүүнээсээ бэлгэдэл зохиомжтой бойтогны хонх бэлгэнд авах гэж байгаа, засгаасаа 70 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болсон амны хишигтэй нялхсынхаа нэрсийг хүргэж байна.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Жинхэнэ хайр

Америкийн шилдэг романтик зохиолчоор 1995-1997 онд шалгарч байсан Францина Райверсийн “Жинхэнэ хайр” номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Уг зохиолд 1850-аад оны алтны хот гэгдэх Америкийн Калифорнийн уйтгар, гай зовлонгоор дүүрэн амьдралыг дүрсэлдэг. Тухайн цаг үед эрчүүд өөрсдийн бардам зан, эрхэмлэн нандигнах эд зүйл, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хумсны толион чинээ алтаар солихоос сийхгүй бол эмэгтэйчүүд нь өөрсдийн биеэ ганц өдрийг аргацаах хоол хүнс, хоноглох газрын төлөө наймаалдаг байв. Ийм нийгэм эхээсээ хар нялхаараа өнчирсөн, харж хандах ах дүүгүй Сара хэмээх бяцхан охины амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаа талаарх сэтгэл өвтгөм түүхийг зохиолч Францина Райверс маш чадварлагаар тус зохиолдоо бичжээ. Сараг наймхан настай байхад нь ээж нь өвчний улмаас нас барах бөгөөд тэрээр хэсэг хугацаанд авга ах Рабтай амьдарна. Тогтсон ажилгүй, архинд дуртай Раб Сараг баян эр Дюкд үрчлүүлснээр Сарагийн амьдралын тамын гэмээр хүндхэн өдрүүд эхэлнэ. Учир нь Дюк огтхон ч эргэлзэлгүйгээр Сараг эмсийн хүрээлэнд тэр дор нь зарна. Ээжийгээ дуурайсан өндөр хүзүү, том хар нүд, өтгөн хөмсөгтэй охинд нүд унагах эрчүүд олон. Тэд бяцхан охиныг сахиусан тэнгэр буюу Анжел хэмээн дуудна. Хүүхэд байхдаа эмсийн хүрээлэнд зарагдсан тэрээр амьдралыг үзэн ядахаас гадна Анжелийн хувьд эр хүн гэдэг гай зовлон мэт санагдах болно. Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд арван жил өнгөрнө.

Гэтэл нэгэн өдөр Майкл Хосе хэмээх бурхны сургаалийг дээдлэн сахидаг, даруу төлөв залуу Анжелийг харсан даруйдаа сэтгэл алдарна. Эцэж турсан, нүднийх нь гал цог бөхсөн Анжел түүнд хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн мэт санагдана. Гэсэн хэдий ч Анжел Майктай бусад эрчүүдийн адилаар хүйтэн хөндий харьцаж, хэсэг хугацаанд өөрт нь чин сэтгэлээсээ хайртай гэдэгт үл итгэнэ. Эмсийн хүрээлэнгийн эзэн Дукесс Анжелийг хоолны шавхруугаар ундалж, хувцасны уранхай тасархайгаар биеийг нь халхлуулж, өдөрт хэдэн арван эрд дамжуулж худалдана. Энэ амьдралаасаа залхсандаа нэгэн удаа эмсийн хүрээлэнгээс оргохыг завдах ч бүтэлгүйтнэ. Харгис Дукесс түүнд олон хоног хоол өгөлгүй, зодож тарчлаана. Дээрх таагүй мэдээг Майкл дуулсан даруйдаа Дукесстэй уулзаж, түүнд атгын чинээ алт өгч Анжелийг эрх чөлөөтэй болгоно. Энэ үед Дукесс “Калифорниос ийм өндөр үнээр өөртөө гай зовлон худалдаж авдаг, чи ч тэнэг амьтан юм аа” гэвэл Майкл “Үгүй ээ. Та бүхэнд энэ алтыг өгөөд би хайртай хүнээ худалдаж авах биш, эрх чөлөөтэй болгож байна. Биеийг нь тэнхэртэл би гэртээ асарч тойлно. Үүний дараа надтай амьдрах эсэхээ Анжел өөрөө шийднэ” хэмээн хүйтэн шалан дээр ухаангүй хэвтэх Анжелийг тэврээд гарч одно. Майкл тэндээс гаруутаа шууд сүм орж, Анжелтай хуримлана. Ийн Майкл түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ өөрийн үг үйлдлээрээ бэлхнээ батална. Энэ үеэр Майклд тэврүүлсэн шархандаа халуурч, тамиргүйдэн, ухаангүй болсон Анжелийн чихэнд найз бүсгүй нь “Чи одоо бусдын адил гэрлэсэн эмэгтэй боллоо. Анжел. Чиний хуруунд хуримын бөгж хичнээн сайхан харагдаж байна гээч. Энэ Майклийн ээжийнх нь бөгж гээд бод доо. Тэр ээжийнхээ бөгжийг чиний хуруунд зүүж өгсөн байна шүү дээ. Чамайг ээж шигээ хайрлаж хүндэлдэг болохоор тэр шүү дээ” хэмээн шивнэнэ.

Ийн тэд хуримлаж, Майклийнд амьдрах болно. Майкл Анжелийн хажуунаас алхам ч холдолгүй асарч тойглон, түүнийг хөл дээр нь босгоно. Анжел үймээн, нүргээнт Калифорниос амар амгалан, тайван нэгэн бөглүү тосгонд иржээ. Энд Майкл газар тариалан эрхэлж амьдардаг юм. Анжел Майклтай хамт сэрж, хөшгөө нээх бүртээ нарны тув тунгалаг туяагаар сэтгэлээ дүүргэхийг хүснэ. Тэр зовлон шаналал дунд өнгөрсөн 10 жилийн амьдралаа ор моргүй мартах болно. Учир нь Майкл Анжелийн үзэн ядах буг хар сэтгэлийгхайраараа эмчилнэ. Түүний ихэнх найз нөхөд, хамаатан садан Анжелийг цэнгээний газарт ажилладаг байсныг мэдэнгүүтээ Майклийг түүнээс салгах олон арга сүвэгчлэх авч тэдний нэгнээ гэсэн сэтгэлд сэв суулгаж чаддаггүй. Энэ бол ямар ч болзолгүй, үл хувирах, жинхэнэ хайрын гэгээн түүх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ