Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн бэлгийн чихрийг хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна

Зуун нас дөхөж байгаа С.Намсрай эмээтэй хуучлахаар зорьж очлоо. Түүний хань Г.Лувсандандар гуай МУИС-ийн проректор байсан гэдэг. Эмээгийн хүү Л.Хангайг ОХУ-д Элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. С.Намсрай гуай багадаа Жанжин Сүхбаатарын нэрэмжит сургуулийн сурагч болж байсан бол хожим С.Янжмаагийн нэрэмжит цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан сонин тохиол бий. Эмээ хүнтэй хуучлах дуртай ч бид унтаж байхад нь очоод “Сонины хүмүүс ирлээ” гээд охин нь сэрээчихсэн болохоор эхэндээ асуултад маань дурамжхан хариулж байв. Эмээ түлхүүрээ бариад шүүгээ рүүгээ алхав. Эмээтэй ярилцах үед байлцахаар ирсэн том охин нь “Ээж шүүгээгээ түгждэг юм уу“ гэхэд “Сервантаа түгждэггүй хэн байсан юм” гэнэ. Эмээтэндээ баавгайтай том том чихэр “жоорложээ”. Настны хүүхдүүд цагаан сард бэлтгэх ажил үүргийн хуваарьтай. Охин Л.Уранцэцэгийн тооцоогоор 200-гаад хүн ирэх жагсаалт гарчээ. Л.Уранцэцэг эгчийн хүү Тэмүүжин бууз, банш, боов дааж авсан. Тэр мянгаад бууз, дээр нь бас банш бэлтгэсэн гэнэ. Харин “Хүмүүсийн гар дээр тавих бэлгийг Хангай, Үрлээ хоёр дааж авсан” гэсэн.

Намсрай гуай та Сүхбаатар аймгийн хүн гэл үү?

-Тийм. Бүр Сүхбаатар сумынх. Чи чинь аль аймгийнх билээ?

Улаанбаатарт төрсөн л дөө. Сүхбаатар сумыг өмнө нь ямар хошуу гэдэг байсан бэ?

-Ёст бэйсийн хошуу гэдэг байсан юм даа.

Таныг 1917 онд төрсөн гэж сонслоо. Таныг багад хүүхдүүд юугаар тоглодог байв?

-Чулуугаар л тоглоно. Өөр юугаар тоглох вэ дээ. Би багадаа найм, есөн настай сургуульд орсон хүн шүү дээ. Ардын засаг байгуулагдсаны дараахан Сүхбаатар жанжин Ёст бэйсийн хошуунд очиход хошуу ноён ембүү барьж угтсан юм билээ. Ембүүг нь эргүүлээд ноёндоо өгч сургууль байгуулахдаа хэрэглээрэй гэж захижээ.

Та тэр сургуулийнх нь анхны сурагч гэсэн үү?

-Анхных арай биш. Хоёрдугаар ээлжинд нь орсон юм. Эхний сурагчид бараг ангиараа гавьяат болчихсон шүү. Манай тэр сургуулийг төгссөн Далхжав гавьяат багш, Банзрагч, Нямаа гээд олон хүнгавьяат болцгоосон.

Аав, ээж тань ямар хүмүүс байсан бэ?

-Хөдөөний малчин л байхгүй юу.

Хэр их малтай байв?

-Цөөхөн малтай, олон хүүхэдтэй айл байлаа. Есөн хүүхэдтэй айл байсан даа.

Та хэд дэх хүүхэд нь вэ?

-Дөрөв дэх хүүхэд нь. Нэг айлаас заавал нэг хүүхэд сургуульд авна гэхээр нь тэр олон хүүхдээс намайг явуулсан юм билээ. “Муугаараа буцаад ирж магадгүй” гээд. Тэгсэн чинь буцаж ирэх нь байтугай харин бүр сургуульд нь таарч тохироод яваад өгч. Эмээ нь одоо зөнөж байгаа юм уу ухаан их муудаж байна. Түүнээс биш насаараа багшилсан хүн шүү дээ.

Одоо Намсрай гуай Цагаан сар болох гэж байна. Таныг багад монголчууд Цагаан сарыг хэр өргөн тэмдэглэж байв?

-Үгүй яахав дээ, хөдөөний улсууд морьтой давхиж ирээд хөгшин улсуудтай золгоно. Тэр үед бэлэг сэлт гэж байх биш хадаг байвал бариад байхгүй бол зүгээр золгоцгоогоод, давхиад давхиад явчихна.

Орж ирсэн хүүхдүүдэд юу өгдөг байсан бэ?

-Боорцог өгвөл өгнө үгүй бол үгүй. Хөдөөний улсууд чинь хөөрхий минь юугаа өгөх вэ дээ.Тэр үед чадалтай улсууд нь хэдэн малтай байсан юм байгаа биз. Бүгдээрээ адилхан ядуу. Хорь, гучин малтай бол заяа. Тийм л байцгаасан.

Ууц тавьдаг байсануу?

-Байхгүй ээ байхгүй. Би ер нь Цагаан сар нутагтаа гаргаж үзээгүй. Жаахандаа нутгаасаа гарсан болохоор мэдэхгүй байна. Бага сургуулиа төгсчихөөд,1937 онд шууд Багшийн сургуульд орсон шүү дээ.

Лувсандандар гуайтай хэдийд танилцав?

-Багшийн сургуульд байхдаа 18-тай танилцсан.

Нөхөр чинь бассурч байсан уу?

-Тийм сурч байсан.

Энэ үеэр том охин Уранцэцэг ярианд оролцов:

-Ээж тэгж ярьдаг байсан. Энэ хоёрыг сурч байхад нормын дээл өгдөг байж л дээ. Тэгсэн чинь ээжийн дээл томдоод, аавынх арай гоё харагдаад, “Энэ дээл чамд таарах юм байна” гээд хоёулаа дээлээ сольж танилцсан гэсэн.

-Энэ Уранцэцэг багшийгаа танихгүй юу. Чи аль сургууль төгссөн юм бэ?

Танихгүй л дээ.

-Энэ Уранцэцэг чинь МУИС-ийн сэтгэл судлал, сурганы багш хүншүү дээ.

Хангай гуайг л Орост элчин сайд байсан гэдгээр нь хүмүүс мэддэг дээ?

-Хангай чинь миний отгон хүү шүү дээ.

Хангай гуай ямар хүүхэд байв?

-Хамгийн бага нь гээд эрх амьтан байсан. Нөхөр маань ЗХУ-д манай ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллахаар болоод би дөнгөж Хангайгаа төрүүлээд дагаж явж байлаа.Миний хүү чинь орос цэцэрлэгт байж байгаад сүүлдээ орос сургууль дамжсаар байгаад төгссөн. Анх аав нь очсон, сүүлд нь миний хүү Элчин сайд болчихдог байгаа даа. 14 хоногтой Москвад очиж байсан хүн чинь.

Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?

-Дөрөв.Уранцэцэг, Батмөнх, Булган, Хангай. Булганыг танихгүй биз дээ, миний хүү. Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт ажиллаж байсан даа.

Эмээ та хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлжээ. Лувсандандар гуай та хоёр одоогийнхоор бол төрийн томчуудыг их таньдаг байжээ. Янжмаа гуайнхтай айл байсан гэсэн үү?

– ЭМЯ-ны урд тал дэнжирхүү газар байсан юм. Тэрний урд тавдугаар хорооны халуун ус гэж байсан. Тавдугаар хорооны дэнж дээр Сүхбаатарын гэргий Янжмаа, хүү Галсан нартай айл байсан. Тэдний баруун хамар хашаанд нь Нацаг гээд их сургуулийн захирал байсан. Нацаг багш гэцгээдэг байлаа. Тэдний хашаанд буугаад Янжмаа гуай, Галсан нартай танилцаад хамар хашаа болохоор орж гардаг болж дотноссон юм.

С.Янжмаа гуай ямар хүн байсан бэ?

-Сайн сайн. Хээгүй, их амар хүн байсан ш дээ.

Та чинь Самбуу гуайг бас таньдаг байсан билүү?

-Нэг сайн танихгүй. Ерөнхийдөө мэдэж байна. Самбуу гуай чинь Зөвлөлтөд элчин байсан. Тэднийх сүүлдээ дөчин мянгатад, 50 дугаар дэлгүүрийн дэргэдэх байшинд байсан юм. Хүү нь Хангайтай хамт их сургуульд нэг ангид байсан.

Дөчин мянгатад тэр үеийн олны танил хүмүүс амьдардаг байжээ?

-Жараад оны эхээр олон сайхан байшин баригдаад, айлууд нүүж орсон. Албан газрууд байрны оочер бичдэг. Оочерийнхоо дарааллаар хүмүүст байр өгдөг. Тэр дугаараар дөчин мянгатад байранд орсон юм. Тэр байранд их олон нэртэй хүмүүс байсан. Оросын элчин сайдын яамны баруун талд манайх байлаа.

Социализмын үед танайх Цагаан сар хийдэг байсан уу?

-Заримдаа тэмдэглэдэг, заримдаа тэмдэглэдэггүй байсан. Тэр үед Цагаан сар гэж нэг их сүйд болж байсан юм байхгүй.

Одоо бол эмээ дээр цагаан сараар хүн их ирнэ биз?

-Охин Л.Уранцэцэг: -“Өндөр настай болохоор нь бэлгэдлийн шинж чанартай золгодог юм шиг байгаа юм. Манай ээж хий насаараа 98, 99-тэй” гэхэд эмээ: -“Морин жил ноднин өнгөрөөд энэ жил хонь жил гарч байгаа биз дээ” гэж лавлав.

Цагаан сараар Ерөнхийлөгчөөс бэлэгавдаг уу, Ерөнхийлөгчийн бэлгэнд юу ирдэг вэ?

-Хоёр удаа л авсан. Нэг дээлийн өнгө, хагас кг хэртэй чихэр. Тийм люм ирдэг юм.

Тэрийгнь та хүүхдүүддээ тараачихдаг уу?

-Чихрийг нь хүүхдүүддээ өгчихдөг, дээлийн торго нь байж л байна.

Та нийслэлийн тавдугаар сургуулийг байгуулсан гэсэн?

-Тавдугаар сургууль миний сургууль аа. Балжинням гэжзахын худалдаачин хүн өөрийнхөө хөрөнгийг хандивлаж, сургууль байгуулж байсан юм. Жижигхэндан байшин байсан. Одоо миний сургуулийн буурин дээр хүнсний дэлгүүр байгуулагдсан байна лээ. Дараа нь тэтгэвэрт гаран гартлаа цэцэрлэгийн эрхлэгч хийсэн. Тавдугаар сургуулийг мэднэ биз дээ?

Мэднэ мэднэ.

-Улаанбаатар байтугай улсын хэмжээнд манай тавдугаар сургууль дээгүүр байранд орж байна шүү дээ. Тэр үед хүмүүс хүүхдээ сургах дургүй. Гудамжаар явж байж голцуу эрлийз25 хүүхэд цуглуулсан юм. Тэр үед сургуулийн дэргэдэх Наймаачны гудамжинд дандаа хятадууд байсан юм чинь. Миний сургаж байсан хүүхдүүдээс Намсрайжав багш, Батсүх гэж гавьяат Минжүүрийн авгайнар л байх шив дээ.

Тэр үед эмэгтэй захирал цөөхөн байсан уу?

-Байгаагүй, анхныл эмэгтэй захирал. Хотын гүйцэтгэх захиргаанаас Намсрай гэж боловсролын хэлтсийн дарга байсан. Тэр л намайг сонгосон.

Та их л залуудаа захирал болжээ. Богино хугацаанд өөрийгөө харуулж чадсан байна?

-Оргүй сургуулийн овоо босголоо, хэдэн мянган хүүхэд төгсөө биз дээ. Гарзтайюм биш тэр гавьяатаа надад өгчихгүй л юм байна шүү дээ, манайхан чинь.

Та ямар шагналтай вэ?

-Медаль, янз бүрийн юм бий. Боловсролын тэргүүн бий.

Та тэр гавьяатын тэмдгээр яах нь вэ?

-Үр хүүхдэдээ үлдээвэл хэрэгтэй. Хэдэн медаль орхисноос дээр.

Багш нар түмний хүүхдийг сургах гээд өөрийнхөө хүүхдүүдийг орхидог байсан гэж ярьцгаадаг?

-Гайгүй дээ. Манай хүүхдүүд сургуульд оруулаад өгчихөөр өөрсдөө зөнгөөрөө явчихсан. Тэр үед одооныхтой адил хүүхэдтэйгээ зууралддаггүй үе байсан даа.

Та радиогоор голчлон юу сонсдог вэ?

-Сонирхох юм ердөө алга. Улс төр л сонирхоно.

За, сонсоод юу бодогдох юм бэ?

-Төр, засаг л сайхан байгаасай гэж боддог. Ерөнхийлөгч л төр, засгаа сайхан удирдаад явбал болоо шүү дээ.

Одооны удирдагчид сайн удирдаж чадаж байна уу. Таны санаанд нийцэх юм уу?

-Хэн мэдэх вэ. Хэрүүл хийсэн улсууд л байх юм. Эрх тушаал булаацалдсан л юмнууд байх юм байна шүү дээ. Яасан ч сайд, дарга болох дуртай улсууд юм.

Хуучны улсууд өөр байсан уу?

-Хн… тэр сайд, даргаас чинь зугтаана. Болох сонирхол байхгүй.

Танай нөхөр басдээгүүр алба хашиж байсан байх аа?

-Аюулаас хамгаалах яаманд нэгдүгээр хэлтсийн дарга бас байсан. Чойбалсан эд нарыг хамгаалдаг нэгдүгээр хэлтэс гэж тусгай хэлтэс байлаа шүү дээ.

Танд ажилтайгаа холбоотой юм ярьсан удаа байсан уу?

-Юу болж байгаа, яаж байгааг мэдэх ч үгүй. Тэрийг сонирхох сонирхол ч байгаагүй. Өөр өөрсдийн л хийдэг ажлаа хийхээс өөр юм байхгүй.

Сүхбаатарын Галсан гуайг амьд байхад очиход шугамын радиогоо сонсч суудаг сан?

-Хөөрхий дээ. Манай сайн найз байсан юм.

Тэднийд шинэ жилээс өөр ямар баяраар очдог байв?

-Хэдийд ч хамаагүй, өдөр шөнө ч хамаагүй. Эрээ цээр гэх юм байхгүй.

Та цагаан сараар хөл ихтэй байх нь ээ дээ?

-Овоо хэдэн улсирнэ ээ. Цагаансар ч яршиг байнаа. Ядраад байхад түвэг зүгээр.

Таны шавь нараас чинь хүн ирдэг үү?

– Байхгүй бараг цөмөөрөө үхээд дууссан юм чинь. Одоо Намсрайжав багш, Батсүх хоёр л байна. Намсрайжав багшаа танихгүй юу. Нэгдүгээр арван жилийн сургуульд их олон жил багшилсан. Си-1-ээр нэвтрүүлэг хөтөлдөг МоАХ-ны идэвхтэн Даваагийн ээж.

Цагаан сараар их бэлтгэл хийх үү?

-Хүүхдүүд л хийдэг юм. Надад бол хар яршиг. Үзээгүй Цагаан сар биш.

Настай болохоор багын дурсамж тодордог гэж үнэн үү?

-Мэдэхгүй. Нэг их тодорсон ч юм алга. Улам л уймраа болоод байна. Ижий нь ядраад байна аа.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж: Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн явуулга

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

Сүм, хийдийн тэргүүн хамба лам нар гаднаас ихээхэн хэмжээний санхүүжилт авсан тухай мэдээлэл гарсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн даваа гаригийн сонин дээр “Хийдийн хамба лам нар гадныхнаас их хэмжээний санхүүжилт авсан гэв үү” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнд би өөрийнхөө зүгээс хариулт өгье. Зүв зүгээр ажлаа хийж яваад Монголын нийт ард түмэнд хэвлэл мэдээллийн байгууллагаар гүтгүүлнэ гэдэг тун харамсалтай. Гарчигнаас эхлээд доторх мэдээлэл нь худлаа. Би 1990 оноос эхлэн Монголын бурхны шашин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ард түмнээс, найз нөхдөөсөө нэг ч удаа хандив гуйгаагүй. Гадаадад урилгаар очиж ажиллахдаа нэг доллар, нэг юань гуйж үзээгүй. Өөрийнхөө хөдөлмөр, ухааныхаа хүчинд найддаг. 25 жил хөдөлмөрлөчихөөд ингэж бичүүлж байгаадаа гайхаж байна. Сүүлийн үед “Оточ манрамба” дээд сургуулийн 9 давхар өргөтгөлийн барилга, “Манба дацан” эмнэлгийн 9 давхар өргөтгөл барьж ашиглалтад оруулсан. Ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгээд эхлэнгүүт гаднаас мөнгө аваад барилга барьж байна гэж ойлгож байгаа бололтой.

Аравдугаар Богдтой холбоотой асуудлыг бас бичсэн байсан?

-Би IX Богдтой 1990 онд анхлан уулзаж байлаа. Бурхны оронд залрах хүртэл нь уулзаж байсан номын шавь нь. Олон зүйл дээр итгэлийг нь дааж явсан болохоор надад итгэл үзүүлдэг байсан. Тэрийгээ хожим бичиж үлдээнэ. Харин Богд багшийг таалал болсноос хойш Гандантэгчинлэн хийд болоод бусад газрынхан дараагийн дүрийнх нь тухай ярьж эхэлсэн. Уг нь би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Бас Монголын бурхны шашныг өдий зэрэгтэй болгоход миний оруулсан хувь нэмэр их. Тэр үүднээсээ Богдын дараагийн дүрийг тодруулах асуудалд зүй ёсоор оролцох хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ оролцохгүй, ажиглаад байж байгаа. Гэтэл ямар учраас аравдугаар Богдын асуудалд намайг хутгав. Яг үнэн чанартаа X Богдыг монголчууд өөрсдөө тодруулах боломж бий. Бодит байдал дээр Монголынхоо X богдыг гадны оролцоогүйгээр тодруулах нь уу, үгүй юу гэдгийг харж л бай, аяндаа мэдэгдэнэ. Би монгол хүнийхээ хувьд IX Богдын талаар шашны тэргүүнүүд, үе тэнгийн номын нөхөдтэйгээ уулзаж “Богдыг залж авчраад таалал барихаас нь өмнө дараагийн дүр нь Монголоос төрнө гэсэн өөрийнх нь аман зарлигайлдварыг сонсох харах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Богд маань бидэнд тийм боломж хайрласан. Гэтэл үүний цаана өөр том хүч байна. Хэрвээ хэрэгтэй болбол асуудлыг маш нарийн ярина. Мөрөөрөө явж байхад иймэрхүү асуудал ярьж байгаа нь буруу. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэсэн үг бий.

Яагаад ийм мэдээлэл гарсан гэж та бодож байна вэ?

– Далай ламын тодруулсан Банчин богд үнэн, өнөөдрийн Банчин богд худлаа гэсэн яриа лам нарын дунд гардаг юм билээ. Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг хооронд нь талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн бодит явуулга гэж бодож байна. Далай ламын хүмүүс Хятадын ард түмэнтэй улс төрийн ямар асуудалтай байдаг нь надад болоод монголчуудад тийм сонин биш. Бид үүнээс ангид байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны нөхөд биднийг дотор нь үймүүлж байна. Тэдгээр хүмүүсийг даган баясдаг нөхөд Монголынхоо лам нартай асуудал үүсгэх гэж байгаа бол арай өөрөөр ярина. Би Монголын төлөө зүрх сэтгэлтэйгээр энэ яваа насаа дуусгана. Танай сонинд хандсан нөхдийг гадны хүмүүсийн гар хөл болж хямрах хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Хүний араас гүтгэж өөр хоорондоо муугаар хэлж доромжлох гэж байгаа бол ил тод гарч ирээд ярьж болно. Сонин хэвлэлээр тоглоом хийгээд хэрэггүй. Гэхдээ энэ нийтлэлийг хараад байхад харин ч дуугүй явах нь буруу байсан юм гэдэг сэдлийг өгчихлөө. Надад нэг талаас сайн тус болчихов уу гэж ойлгож байна. Би их олон зүйлийг мэдэж байгаа хүн шүү дээ. Номын ухаанаар л тэвчиж хорих сэтгэл үүсчявж байна.

Дараагийн нэг асуудал нь Банчин богд түвд хүн. Лхас юм уу, Түвдүүдээс тодруулсан байдаг. Банчин богд гэлүгвагийн шашны нэлээн том төлөөл мөн үү гэвэл мөн. Түүхэнд монголчууд Банчин богдтой холбоотой байсан нь тэмдэглэгдэж үлдсэн. Монголын анхдугаар Богдоос эхлээд олон хутагт хувилгаадыг үе, үеийн Банчин богд тодруулж ирсэн түүхтэй. Бас олон үеийн Банчин богдын гаргасан зохиол бүтээлийг монголчууд уншаад гүн ухаан, зурхай, анагаах ухааны номуудыг үзээд, судлаад явж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад гэнэтхэн энэ хүнд дургүй болчихов. Банчин богдыг тодруулах нь бидний ажил биш. Тэгсэн мөртлөө яагаад дургүйлхээд байна вэ гэдэг нь гадны нөхдийн гүн явуулга улам газар авч байгаа хэрэг. Монголын лам нарыг дээрэлхэж болдог юм байна гэж бодож байвал тийм биш.Бид Монголын төлөө зүрх сэтгэлтэй, эх орондоо буяны ажлаа чадах хэмжээгээр хийж яваа. Ганцхан Түвдийн лам нар ном үздэг юм биш. Монголд эрдэмтэй, номтой хүмүүс байгаа гэдгийг хэлье.

Нөгөө талаар анхдугаар Богд Банчин богдод бараалхаж Монголынхоо ард түмний тусын тулд Чогдон жалва манал Богд өндөр гэгээн гэдэг номыг айлдуулж байсан түүхтэй. Өнөөдөр бүх хийдүүд, бүх лам нар дээрх номыг уншиж байгаа.

Би Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Нэлээд олон хийд энэ байгууллагын гишүүн. Дэлхий дээр буддын нийгэмлэгийн байр суурь өндөр байдаг юм билээ. Харин манайд шашны байгууллагад тулгамдаж буй олон асуудал байна. Лам нар маань асуудал тавиад байхаар нь хот, хөдөөгийнхөө лам нартай уулзаж ярилцахаар урьсан юм.

Хэзээ тэр вэ?

-Өнгөрөгч арванхоёр­дугаар сард болсон хурал.

Ямар учиртай хурал байв?

-Хурал хурна гэж огт хэлээгүй. Хуралдъя, өөрсдөдөө тохиолдоод байгаас асуудлыг хэлэлцье гэсэн байдаг. Цуглаад цөөхөн хэдэн асуудлаар хуралдсан. Лам хуврагуудын сургалт, эрдэм номын ажил юу болж байна вэ, шашны байгууллагын санхүү мөнгөний асуудал ямархуу байна вэ, яаж хөгжих вэ, юу хийх вэ гэдгээ ярилцсан. Бурхны шашныг яаж хөгжүүлэх вэ гэхээр өөрсдийн санхүүгийн боломж бололцоо муу. Тэгэхээр энд тэнд явж байхдаа “Бидэнд тусалчих хүн байдаг болов уу. Санхүүгийн дэмжлэг авахад ямар хүмүүстэй уулзах вэ” гэж бодно. Харин манай нийгэмлэгт зөвхөн Хятад биш олон улсын сүм хийдтэй соёлын харилцаатай. Ном буяныхаа ажлаар холбоотой. Хийд орноо яаж ийм гоё тансаг, сайхан авч явж байна вэ гэдгийг асууж, зөвлөгөө авдаг. Олон хийдийн лам нар “Сүүлийн үед Монгол Улсад БНХАУ-аас манай улсад санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Бидшашнаа хөгжүүлэхээр тусламж дэмжлэг авч болдоггүй юм уу” гэж ярьсан. Гэтэл “Тийм бол ямар сувгаар холбогдох уу” гэсэн санал гарсан. Тэгэхээр нь Хятадын элчин сайдын яамнаас хүн уриад мэдээлэл авахаар урьсан юм.

Хятадын элчингээс хүн ирсэн үү?

-Хүсэлт тавьсны дагуу элчингээс хүн ирсэн. Ирэхээр нь цугласан бүх лам нар өөрсдийнхөө асуудлыг ярилаа. Гэтэл та бүхэн их сайхан зүйл ярьж байна. Та нарын тавьж байгаа асуудал бурхны шашинд чинь тулгамдаж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ та бүхэн тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр боловсруулаад Монгол улсынхаа Засгийн газарт хүсэлтээ тавиарай. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг авч үзээд шаардлагатай гэвэл бид анхаарал хандуулж болох талтай гэсэн. Гэтэл манайд төр, шашин тусдаа байна гээд заачихсан байгаа. Тэгэхээр Засгийн газраар дэмжигдэнэ гэдэг боломжгүй болчихож байгаа юм.

Хуралд хэдэн хийдийн төлөөлөл ирсэн бэ?

-Хорь гаруй хийдийн жар орчим лам хуврага цугласан. Дашчойлин хийдийн хамба лам ирээгүй, өөр хэдэн лам ирсэн байсныг харсан. Бид цуглаад бурхан шашнаа яаж хөгжүүлэх вэ л гэж ярьсан байгаа. Бид цаашдаа буддын шашинтай улс үндэстэн, хувь хүмүүстэй ямар нэгэн соёлын болоод анд нөхдийн, бурхан номын холбоотой байх эрх нээлттэй. Сонинд нийтлэл гарсны дараа би маш их ичлээ. Хятадын талын хүмүүс энэ нийтлэлийг уншсан л байлгүй. Нацагдорж хамба болоод бусад лам нар биднээс мөнгө авсан гээд ярьдаг юм байх даа гэж бодох вий гэж эмзэглэсэн. Монголын бурхны шашныг, монгол лам нарын нэр хүндийг гадныхантай нийлж дордуулж байгаа асуудал газар авч байгаа. Үүнд бид тэвчээртэй хандаж байгаа. Нэг өдөр тэвчээр алдрахыг хэн байг гэхэв. Нөгөө талаар хоёр үндэстэн ястны асуудлыг өөрсдөдөө татаж авчирч, дотроо асуудал үүсгэж болохгүй. Гэхдээ ямар ч улс үндэстэнтэй төв үзлээ барьж, эв түнжинтэй явах хэрэгтэй.

Өнгөрсөн сард Хятадын хоёр иргэн амиа алдахад та болон бусад лам нар очиж ном уншиж өгсөн байсан?

-Хятадын элчин сайдын яамнаас бидэнд хандсан юм. Надад “Бурхны шашинтай хүмүүс бүх л хүнд нинжин сэтгэл үүсгэдэг гэж та бүхэн ярьдаг. Манай хоёр иргэн нас барчихлаа. Очоод ном уншаад өгөхгүй юу” гэхээр нь за гээд очсон. Дашчойлин хийд, З.Санждорж ламын хийд болон манайхаас лам нар очсон. Очоод арваад минут ном уншаад гарч явсан.

Танай эмнэлэг, сургуулийн хоёр том өргөтгөл барих хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан бэ?

-Ариун цагаан хөдөлмөрийн үр шим. Манай байгууллага Монгол Улсын олон хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулан улсад татвараа ч төлдөг. Бас төрийн тусламж дэмжлэгийг хүртэж, Монголын ард түмний шашин, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, бусдын тусыг бүтээж явна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэрийн цаг болоогүй”

Зохиолч, яруу найрагч Дашийн Оюунчимэгийн “Тэнгэрийн цаг айсуй” нэртэй тууж, өгүүллэгийн номыг уншсанаа ярьж өгье. “Тэнгэрийн цаг болоогүй” нэртэй туужид дараахь сонирхолтой үйл явдал гардаг юм.

Алс бөглүү нэгэн сумын төвд ховорхон гоо үзэсгэлэнтэй Од хэмээх нэртэй эх баригч эмчбүсгүй ирнэ. Түүнийг харсан хэн боловч өөр цаг хугацаа, өөр орон зайд орчих шиг болж, алмайран гайхаж дараа нь их амар амгаланг мэдэрдэг билээ. Сумын их эмч Шаргай гэгч яхир ааш зантай, хэт зарчимч, хатуу дэг журамтай, өөрийнхөө тавьсан оношоос өөр юунд ч итгэдэггүй нэгэн. Одыг ирсэн өдрөөс яхир зант Шаргай эмчээс эхлээд сумынхны ааш зан эрс өөрчлөгдөж одоо тэд ажил тарсны дараа сумын эмнэлгийн гадаа цуглан, дуулж хуурдан хөгжилдөн наргидаг болжээ. Бултаараа нэг л сэтгэл дүүрэн баяр хөөртэй байх болжээ. Тэгж байтал наадам болж, сумын бөхчүүд ид хаваа гайхуулан барилдсанаас үүдэн Одыг хэн нэгэнтэй ураглуулж сумандаа суурин үлдээх юм сан гэж хүн бүр бодох болов. Тэр жил сумын заан болсон сайхан залуу болохдархан Цэрэнгийн бага хүү, сумандаа ганц алдартан нь болох Түмэн гэх яруу найрагч, сумын даргын гадаадад сурдаг оюутан хүү зэрэг хэд хэдэн залуугийн нэрийг онцлон ярилцах болжээ. Гэвч тэдний хэн нь ч үзэсгэлэн гоо Одын дэргэд сүрлэн мануухай шиг л санагдана. Ийн байтал сумынхны нүдийг бүлтийлгэсэн хоёр дахь явдал болж Од Борзоон гэгч ямаачин залуутай уулзах болжээ. Борзоон уулын Дулам гэгч хүн амьтнаас зэлүүд ганцаар амьдардаг авгайн ганц хүү, хэдэн ямаагаа эргүүлэхээс өөр эрдэмгүй, цэргийн албанд ч тэнцээгүй нэгэн байжээ. Од Борзоон хоёрыг уулздаг болсноос хойш сумынхны хөгжил хөөр алга болж, сэрүүнээрээ зүүдэлж байна уу гэмээр, хэн ч юу ч хийх, сэтгэх сөхөөгүй байх болов. Тэдний дунд цорын ганц сортоотой нь Бужаа гэгч настай эмэгтэй байлаа. Тэрбээр Одыг анх хараад манай ертөнцийн хүн яавч биш гэдэгт итгэлтэй байх болжээ. Үүнийгээ магадлахаар уйгагүй явж Шаргай эмчтэй уулзан түүнд загнуулж, гадаадад сурдаг оюутан хүүтэй уулзаж шинжлэх ухаан гэгчид эргэлзэнэ. Улмаар Дулам авгайн гэрт очиж хүүг нь төрөхөд онцгой шинж тэмдэг мэдрэгдсэн эсэхийг лавлав. Түүнээс хүүг нь адууны Халтарын хүү гэсэн даан ч урамгүй хариу сонсоно. Уулын Дуламыг амаржихад хүүхдийг нь эх барьж авсан, одоо зөнөж багачуултай бараа хурааж тоглодог болсон эмгэн л Бужаагийн асуултад цорын ганц“үнэн” хариулт өгнө. Тэрбээр “Онцын юм мэдэгдээгүй, гэвч чихнийх нь омог нэн уужим байсан” гэж Борзооны төрөх үеийг дурсан хэлдэг. Сумын эмнэлгийн орны цагаан хэрэгслийн угаагч Бадаа гэгч нонж дорой хүүхэн Одтой ихэд ойр дотно. Тэрбээр Од энд үлдэнэ гэсний, харин Борзоон “Тэнгэрийн цаг болоогүй” гэж хэлээд хэдэн ямаагаа туугаад яваад өгсний гэрч болно. Маргааш нь Од хаашаа ч юм алга болчихжээ. Сумынхан хичнээн эрж хайсан боловч бүсгүйг олсонгүй. Анх Одыг суманд авчирсан шуудангийн тэрэгний жолооч “согтуу” Уваш долоо хоногт хоёр удаа аймаг орж шуудан авчрах үндсэн ажлаа орхиод Одыг хайх ажилтай болжээ. Эцэст нь түүнийг ухаан солиорох вий гэж хүмүүс айж эхэлнэ.Шаргай эмч мөн аймгийн төв орж эмнэлгийн боловсон хүчний даргатай уулзахад аймгаас тэдний сум руу ямар ч эмч томилж явуулаагүйгээ хэлнэ. Дараа жилийн хавар болж, Одын тухай ам дамжсан элдэв домог яригдах болов. Сумынхан чухам юу болоод өнгөрснийг дөнгөж сая л эрүүл ухаанаар шүүн ярилцаж эхлэв. Олон жил өнгөрч хүмүүс Борзооныг онхи мартжээ. Гэвч тэрбээр Хонгор уулын савдаг мэт хааяа цаг агаарын өөрчлөлт, цаг наашлахын дохиог үзүүлж, уянгалаг сайхан хоолойгоордуулахыг хүмүүс сонсдог болжээ. Дашийн Оюунчимэгийн “Тэнгэрийн цагболоогүй” туужийн үйл явдал нь учир шалтгааныг цаашид бодож олох орон зайг уншигч надад үлдээн төгсч байна.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Инээд цалгисан, туршилтын туулай 8а-гийнхан

“Пастер хаана явна. Ирж байна уу” хэмээн Онцгойгийн цэнхэр хувцастай өндөр залуу өгүүлэв. Тэр цаанаас “Чапакад пастер ямар хамаа байна” хэмээн хөхиүн инээдээр дэмжих нэгэн нүднийхээ булангаар түүн рүү харлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг 2001 онд төгссөн 8а ангийнхны уулзалт эхэлж байгаа дүр зураг юм. Улсын тэргүүний сургуулийн тэргүүний ангийнхан 1993 онд сургуулийн босго алхжээ. Тэд сургуульд ороод танилцсан гэвэл худлаа. Сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт нэг ангид сурдаг байж. Бидний хэлдгээр ёстой л шороо идэж өсцгөөсөн юм байх. Ангийн хамгийн идэвхтэн сурагч байсан Т.Сайнжаргал “Май энэ зургаа ав. 20 жил хадгаллаа” хэмээн зураг сарвайхад “Юу юм бэ дээ” хэмээн зулайгаа илбэн гараа сунгах залуу бол “Дэлдэн, Пастер” гэгдээд байгаа Гүнчингийн Дашдаваа юм. “Жапак” гэх Баасангийн Жаргалтулгын хувьд сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж сургуулийнхаа шигшээ багт хүртэл багтаж явсан спортлог эрхэм. Хэрхэн яаж яваад ийм хоч зүүх болсныг хэн ч хэлсэнгүй. Одоо тэрбээр Зүүнхараа хот дахь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улсын үрийн нөөцийн нягтлангаар ажиллаж байгаа гэнэ.

Нэгдүгээр ангид 40 шахам хүүхэд тохой нийлүүлэн сурагчийн ширээнээ суусан бол 27 нь эрэгтэй байсан гэхээр яаж ч бодсон томоотой анги байгаагүй гэдэг нь илт. Т.Сайнжаргал мөн нэгэн зураг гаргаж ирсэн нь бага ангидаа бүжиглэж байсан үеийнх нь зураг байв. “Бүжиглэж байхад ганцаараа зөрсөн энэ муу бүжигчин хэн бэ” гэхэд Жавхлант өндийн харснаа “За мангартаад байгаарай. Би л байна. Энэ зургаа надад өгчих” хэмээн өмчийн эзэн болохыг санаархав. “Хөлөө тааруулж чадахгүй байж бас машинист хийгээд байгаа” хэмээн Жавхлантыгаа явуулан хөхрөлдөнө. Улаанбаатар Төмөр замын удирдах газрын диспитчер ажилтай Ц.Жавхлант тэдний яриаг эрс эсэргүүцэн “Би ганцаараа буруу хөл тавиагүй байгаа биз дээ. Л.Урнаа ч гэсэн зөрчихсөн байхад. Гэхдээ хөлөө бүтэн тавиагүй байгаа юм чинь би хагас зөрсөн тийм ээ” гээд суудалдаа эргэн суулаа. Тэднийг сургуульд сурдаг байхад заавал сурах 10 бүжиг байсан аж. Тийм болохоор ангийн 40 орчим хүүхэд бүгд бүжиглэж сурсан гэнэ.

Тэдний ангийнхан өнөө уйгаржин, крилл бичгийн туршилтын туулай болсон гэгддэг 30 настнуудын үе юм байна. Анх нэгдүгээр ангид ороход нь уйгаржин бичиг зааж дөрөвдүгээр ангиас нь крилл үсэг үзэж ёстой л холион бантан болгосон юм байх. Цаана сууж байсан Ц.Жавхлант “Одоо хүртэл тэр уйгаржингийн хэллэг арилаагүй ш д. Аав гэдэг үгийг абу гээд шууд криллдэж байгаа юм” гээд бусдынхаа яриаг өөртөө хандуулна. Монгол Улсад пионерийн байгууллага татан буугдаж улаан, цэнхэр галстук халагдаж байх үед А.Алтантариа Улаанбаатараас тэдний ангид шилжин иржээ. Нийслэлийнхэн бүчнээсээ салчихсан байхад Мандалын нэгдүгээр сургуулийнхан тэр л хэвээрээ байсан гэнэ. Тэрбээр “Уйгаржин криллийн туршилтын туулайнууд галстукийг төрхөмд нь буцаасан” гэхэд Ч.Мөнхбаяр хэмээх даруухан царайтай хөрслөг бор залуу “Биднийг сурч байхад мөн онц сайн дунд муу гэдэг дүнг хэрэглэхээ больж одоогийн A, B, C, D, F үнэлгээг анх хэрэглэсэн” гэлээ. Ер нь бол туршилтууд ш дээ хэмээн Б.Жаргалсайхан үнэн голоосоо хэлэх ажээ. Боловсролын салбарын туршилт бүр тэдний ангийг дайрсан ч сайн багш нарын буянаар хөл алдаагүй тухай бахархан өгүүлнэ.

10 жилд сурч байхад нь “Камертон” хамтлаг ид хүчээ авч байсан тул хувцаслалт, үс засалт гээд бүхий л зүйлээрээ ангийн хөвгүүд нь дуурайн гангардаг байсан аж.

Тус ангийнхны уулзалтын үеэр Болор цомын эзэд болох Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж, Хөөдөөгийн Эрдэнэбаатар нар явж таарсан юм. “А”-гийнхан үүнийг ихэд бэлгэшээж хамт зургаа татуулаад авлаа.

Тэдний ангийг нэгдүгээр ангид нь А.Баярмаа хэмээх дөнгөж сургуулиа төгссөн шавилхан багш даан авчээ. Тэднийг хоёрдугаар ангид байхад ангийн багш нь хот руу дахин сурахаар явахад нь хоёрдугаар ангийн бяцхан шавь нар нь аав ээжээрээ хоол, цай хийлгэн авч ирээд үдэлт хийж байснаа дурсацгаав.

Бурхан “Өндөр барзгар болох уу, хөөрхөн болох уу” гэхэд нь “Өндөр барзгар болъё” гэсэн гэдэг хэмээн тэд Д.Энх-Амгалангаа цаашлуулна. Х.Бямбазориг “Нэгдүгээр ангидаа ангийн дарга хийж байхад” гээд яриад эхэлтэд өнөө хэд нь үгийн зөрүүгүй “Чи ангийн дарга хийж байсан юм уу” гээд бүчээд авах нь тэр. Мань эр ч “Хийлгүй яадаг юм” гээд ам нь дийлдэхгүй адуу шиг л зүтгэчихэв. “Хэдэн сар хийсэн ш дээ” хэмээн улаа бутарсан нүүрээ хоёр алгаараа даран нугдайн инээдээ барьж ядан хөхөрнө. Гэтэл Т.Сайнжаргал “Би ч ангийн дарга байсан гэж дайрахгүй ээ. Ариун цэврийн дарга байснаа бол хүлээн зөвшөөрнө” гээд гараа өргөн өгүүлэв. Бямбазориг “Намайг ангийн дарга байсан гэдгийг мэдэж байгаа нь гараа өргөчих” гэлээ. Тэрбээр “Яагаав би Боргилыг ангид үймүүллээ гээд эрүү рүү нь хөшигний модоор цохиж уйлуулаа биз дээ” хэмээн ангийн дарга байснаа батлах гэж зүтгэх юм. Тэгснээ “Ганц удаа сонин дээр ангийн дарга болгочихгүй” гээд нөгөө хэд рүүгээ үг хаях.

Орчлон констракшнд менежерээр ажилладаг Х.Бямбазориг Т.Сайнжаргал хоёр нэг ангиас гадна хажуу байрны хоёр байжээ. Тэднийг бага байхад “Ядуугийн зовлон” хэмээх аймшгийн кино дөнгөж гараад хүчээ авч байсан үе юм байх. Сайнаа найзыгаа гэртээ дуудан приставакаар өнөө киногоо үзүүлэх ч гэж айлгасаар байгаад таарсан гэнэ. Кино дуусаад гэртээ харих гэтэл Бямбазориг буюу Жоожоо айгаад харьж чадахгүй найзыгаа гэрт оруулаад өг гэхэд нь өнөөх нь оруулах бүү хэл нэмж баахан айлгасан гэв.

Алтангэрэлийн Алтан­тариа эл ангид Улаанбаатараас шилжин ирж байсан аж. Аав нь Зүүнхараагийн цэргийн ангийн даргаар ирсэн тул аавыгаа даган ирсэн. Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн хамгийн сайхан тоглож болохоор газар нь цэргийн анги байсан аж. Алтантариа Жавхаагаа дагуулан цэргийн ангид байлдаж тоглодог байжээ. Жавхаа ч гэлтгүй ангийнхаа хөвгүүдийг дагуулан очиж төрийн хамгаалалтад тоглодог байлаа шүү дээ хэмээн ангийнхан нь бахархан ярьцгаав. Байшингийн дээвэр дээгүүр гүйхэд Бямбазориг коммунист зан гарган тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг байлаа хэмээн бас л явуулав. Тэдний ангийн А.Баяртулга нэг өдөр санаандгүй болжморын хос өндөгний нэгийг хагалтал Жоожоо ирээд “Чи яаж байгаа юм. Одоо эх нь голоод ирэхгүй. Чи яасан тэнэг хүүхэд вэ” гээд Баяртулгынхаа шилэн хүзүү рүү алгадан үхтэл айлгасан гэнэ.

Алтантариаг шилжиж ирэхэд хөдөлмөрийн кабинет бүрэн утгаараа ажиллаж байсан. Тийм ангид хөдөлмөрийн хичээл хийх үнэхээр урамтай. Улаанбаатарт байдаггүй олон сайхан зүйлсийг Зүүнхараад ирээд харсан гэлээ. Түүний хувьд Нийслэлийн цагдаад офицер цолтой зургаан жил ажиллаад одоо түр чөлөө аван хувийн бизнесээ эрхэлж байгаа юм байна. Тэдний яриа ийн үргэлжлэхдээ хөдөлмөрийн хичээлдээ хамгийн мундаг нь Г.Дашдаваа маань гэв. “Хөдөлмөрийн хичээл дээр тосгуур хийгээд ир гэхэд бараг л зуух хийгээд ирдэг байлаа. 1993 онд энэ жаал чинь утаагүй зуух гэдэг юм яриад явдаг байлаа шүү дээ” хэмээн хошигнов. Нийтлэлийн эхэнд пастер хэмээн дурдагдсан тэр эрхэм бол Г.Дашдаваа аж.

Математикийн хичээл дээр км, метр гээд хэмжигдэхүүнийг ангиараа нэрлэ гэжээ. Хамгийн урт нь юу вэ гэхэд нь км гэтэл дараагийнх нь гэхээр нь метр гэх мэтээр мм хүртэл нэрлэсэн байна. Тэднийг зургадугаар ангид байхад математикийн багш Гүрсэд нь “өшөө байгаа юу, өшөө байгаа юу” гээд шалаад байхаар нь тэдний ангийн Жоожоо “милограмм” гээд амандаа бувтнахыг сонссон Сайнаа “милограмм” гээд инээтэл Гүрсэд багшийнх нь уур хүрч “Чи гэрээсээ сургууль хүртэл хэдэн милограмм байна хэмжээтэх дээ” гээд алганы амт үзүүлжээ. Энэ мэтчилэн гэмгүй байж байгаад Т.Сайнжаргал хэрэгт уначихаад байдаг байсан тухай дурсан ярьцгаана. Дараагийн удаа математикийн хичээл дээр хошуу өнцгийн талаар ярихаар нь Сайнаа өмнө нь сайн авахуулсандаа шаралхан “Миний хошуу шиг биш байна” гээд амандаа бувтнатал өнөө Жоожоо нь “Багшаа Сайнжаргал миний хошуу шиг биш байна гэнээ” гээд матчихаж. Угийн чанга Гүрсэд багш нь “Чиний хушуу хошуу өнцөг үү” гээд дахин алганы амт үзүүлжээ. Тэгэхээр нь “Таныг өмнө нь намайг зодсон гээд аавд хэлчихсэн” гэтэл Гүрсэд багш нь “Аав чинь чамайг сайн зодоорой” гэсэн гээд дахин нэмчихсэн гэнэ. “Түүнээс хойш би айхтар үймүүлээгүй дээ” хэмээн Т.Сайнжаргал өгүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд боловсролын удирдлагын магистр юм байна. Сайнаа эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд өдгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Хамтын ажиллагаа, Олон нийттэй харилцах газрын даргаар ажилладаг аж. Тэгвэл ангийн дарга Э.Наран тэдний яриагаар бол олон харчуудынхаа зүрхийг эзэмдэж явсан байна. Төмөр замын зүтгүүрийн депод ажилладаг Б.Отгон ангийнхаа хамгийн сэргэлэн хүүхдүүдийн нэг байжээ. Ангийнхаа царайлаг хөвгүүн гэгддэг Х.Бямбазориг, Ч.Мөнхбаяр нарынхаа зургийг угаалган сэтгэлийн жолоогоо алдсан охидод сэтгэлийн дэм өгөх нэрээр үнэ хүргэн худалддаг багын сүйхээтэй нэгэн байсан тухай тэд ярьцгаасан юм. Ангийн анд А.Баяртулга нь Зүүнхараа хотын ШШГүйцэтгэх ангид төлөөлөгчөөр ажилладаг бол Т.Отгонбаатар, Г.Дашдаваа, Б.Боргил, Батжаргал, Төрбат, Ч.Мөнхбаяр, А.Алтантариа, М.Энхсайхан, Ц.Болортуяа нар хувиараа бизнес эрхэлдэг тухай ярьцгаав. Залуу хүмүүс гэхэд тэдний ангийнханы бизнес харьцангуй сайн яваа гэнэ. Зүүнхараа хотын өөр нэгэн томоохон ажлын байр бол мэдээж төмөр замын салбар. Тус ангиас Анхтөр Дарханы төмөр замд машинист, С.Гантөмөр Зүүнхараа вагон депод мастер, Ц.Жавхлант дээр хэлсэнчлэн Улаанбаатар төмөр замын удирдах газар деспитчер, Б.Отгон Суудлын вагон депод ажилладаг аж. Харин Өлзийбаатар, Г.Хүрэлтулга, Олъя, Мядагсүрэн, Э.Гэрэлцацрал, Т.Мөнххишиг, Доржханд, О.Золжаргал, Вандансүрэн нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм байна.

Ангийнхан уулзсаныхаа дараа дунд ангиасаа хойш холбоо тасраад буй Б.Золжаргалын сургийг гаргахаа хүсдэг гэдгээ хэлж байлаа. Үнэхээр нэг хүнээ ч гэсэн дэргэдээсээ холдуулах дургүй. Бүгд хамтдаа мөр зэрэгцэн явах дуртай тийм л нэг ангийнхан ажээ. 8а ангиас Л.Уранчимэг СББ ХК-д ажилладаг бол Т.Уранчимэг нь MCS дистрибишний Зүүнхараа дахь борлуулалтын албаны даргаар ажилладаг гэсэн юм. Эл ангийн толгойтой сурагчдын нэг болох Б.Уянга багш мэргэжилтэй бөгөөд АНУ-д магистрт суралцахаар хөлгийн жолоо залсан тухай Т.Сайнжаргал хэлж байлаа. Тэгвэл Пүрэвцэцэг төрсөн нутагтаа багшаар ажиллаж байгаа гэнэ. Сайнааг багад Памбага гэдэг байжээ. Сургуульд дөнгөж ороход нь ээж нь жинхэнэ нэрийг нь мартчихаад Төмөр замын Депо руу залган Түмэнбаяр (ааваас нь) гуайгаас “Манай Памбагыг хэн гэдэг билээ” хэмээн нэрийгнь асууж байсан тухай тэрбээр дурсан ярилаа. Тэдний сургуулийн хажууд галуутай айл байжээ. Угаасаа муу нохойтой байснаас галуутай байсан нь дээр гэдэг яриа байдаг. Памбагыг хичээлдээ явахад галуунууд дайрдаг байж. Нэг удаа хичээлдээ явж байхдаа өнөө галуунуудтай таарч. Эргэн тойрноо хартал хүн харагдахгүй байсан тул хариугаа авах сэдэл төрж чулуу аваад нүүлгэтэл өнөө галуунууд ч ганганалдаад мань хүн ч чавхны чулуу шиг эргэж ч харалгүй харвачихаж. Гэтэл нуруун дээрээс нь нэг хүнд юм өргөөд аваад явчихаар нь “Өнөө галуу нисч ирээд шүүрчихлээ” гэж бодтол галууны эзэн байсан гэнэ. Мэдээж зүгээр идээшилж байсан галуунуудыг нь чулуугаар нүүлгэсэн болохоор алганы амт үзсэн нь гарцаагүй. Зургадугаар ангидаа Гүрсэд багшаасаа алганы амт үзээд “Ерөөсөө тэрсэлдээд нэмэргүй юм байна. Одоо болъё” гээд эсрэгээрээ нийгмийн идэвхтэй жаал болжээ.

Б.Жаргалтулга Зүүнхараагийн Хоёрдугаар дунд сургуулиас шилжин иржээ. Тэрбээр “Хоёр давхар жижиг сургуулиас гурван давхар том сургуульд шилжиж ирээд төөрчихнө. Тэгээд ангийнхнаа бараадаад л явдаг байлаа” гэв. “Манай үхэр жилтнүүд тууштай шударга байдаг тухай зурхайд байдаг юм билээ. Дунд ангид манай ангийг дааж авсан Ш.Раднаасэд багш ганц анги дааж авсан нь манай анги байсан юм. Волейболын спортын мастер багштай манай анги спортоор давуу гэж жигтэйхэн. Ангийнхандаа нэр хоч ч их өгдөг байлаа. Манай ангиас хоч зүүгээгүй үлдсэн хүн нэг ч байдаггүй шүү” хэмээн ангийнхаа тухай ярив. Олон хөвгүүдтэй анги үймүүлэхгүй байна гэж юу байхав.

Цагаан сараар ангиараа айл хэсдэг байжээ. Наймдугаар ангид байхдаа ангиараа Т.Сайнжаргалын гэрт очсон юм байх. Ангиараа уулзаад байж байтал Жоожоо дуу муутайхан “Би зүгээ буруу гаргачихсан байна” гээд үглэж байсан гэнэ. Ангийнхан нь “Зүг буруу гаргах чинь муу. Энэ жилдээ чи ингэж явна” гээд сэтгэлзүйн дайралт хийжээ. Сайнаагийнхаа гэрээс гарахад хэцэн дээр нь эгчийнх нь хувцас байсныг анзааралгүй Жоожоо буюу Х.Бямбазориг куртикаа өмстөл эгчийнх нь хувцсыг тохож гараад галстук зангидсан мэт салхинд дэрвүүлэн явж өгч. Ангийнхан нь үүнийг мэдээд хэлсэн байж таарна. Дөнгөж тэндээс гараад А.Баярмаа багштайгаа золгохоор гэрт нь очтол хашааных нь банхар дайрсан гэнэ. Сайнаа, Жоожоо, Мөнхбаяр гурав гүйгээд модон жорлонд нь орсон юм байна. Гэтэл зүгээ буруу гаргагч Жоожоо нь хоёр модны голоор өтгөн шингэн рүү унах дөхөж арайхийн тогтжээ. Бямбазориг ярианд оролцон “Тэгэхэд гутал шар болчихсон. Айлд орохоор л өмхий үнэртээд ёстой балай юм болсон” гээд инээдээ барьж ядан суув. Багшийнхаасаа гараад явж байхдаа “Зүгээ буруу гаргаснаас боллоо” хэмээн өөр хоорондоо ярилцаад явж байтал замд нь жижиг гөлөг таарчээ. Нохой жил гарч байсан тул “Цээрээ гаргахын тулд Жоожоо чи наад гөлөгтэйгээ золго” гэсэн байгаа юм. “Би тэгээд яаж золгох юм” гэхээр нь “Хүнтэй яаж золгодог яг тэрэн шигээ золго” гэжээ. Хөөний эзэн Жоожоо ч өнөө муу гөлгийг тэвэрч аваад “Амар байна уу. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гээтэхэж. “Одоо яах вэ” гээд эргээд хартал Сайнаа “Хацар дээр нь үнс” гэхээр нь хоёр хацар дээр нь шоп хийтэл үнсээд “Яах уу” гээд эргээд хартал ангийнхан нь бараг элэг нь хөшин алдан инээлдэж байжээ. Энэ бол зүгээр л наад захын жишээ шүү хэмээн тус ангийнхан инээд цалгисан яриагаа үргэлжлүүлсэн юм. Инээд цалгисан 8а-гийнхан 10 жилийн дараа дахин “Нэг ангийнхан” буланд чинь орно шүү гэсээр үлдлээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Нарантуул“, “Хүчит шонхор” захуудад хөл ихтэй байна

Сар шинийн бэлэг сэлт, идээ ундаанаас авахуулаад гэр орондоо сандал ширээ, аяга таваг худалдан авах гэсэн иргэдийн хөлд зах, худалдааны төвүүд дарагджээ. Тэр дундаа “Нарантуул” болон “Хүчит шонхор” зах илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Сансрын колонкоос “Нарантуул” зах орохоор цаг гаруй түгжрэв. Зүүн дөрвөн зам болон ХӨСҮТ-ийн баруун урд уулзваруудад гэрлэн дохиогоор бус замын цагдаагаар хөдөлгөөн зохицуулагдаж байлаа. Зүүн дөрвөн замаас урагш уруудсан гурван машин тутмын нэг нь бараг “Нарантуул” захын араас орох гэж ХӨСҮТ-ийн баруун урд уулзвараар зүүн гар тийш эргэж харагдав. Энэ хэсэгт замын цагдаа чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг нь хоёроос гурван минутын давтамжтай хааж, зах руу орох замыг чөлөөлж байсан хэдий ч ийн түгжирчээ. Халдвартын эмнэлгийн өмнөх автобусны буудлаас цаашхи тоос шороо боссон нарийн гудамжаар явган хүн, автомашин хоёр багтаж ядан чихэлдэнэ. Буудлын хажууханд хаалга нь зурагдсан суудлын автомашины хажууд зогсох тэрэгчин залууг нэгэн эмэгтэй “Түгжирч бөглөрөөд таг гацаж байхад хажуугаар гарах гэж зүтгээд байхдаа яадаг юм.

Чи ер нь эрүүл байна уу. Одоо чиний ажил дууссан эсэх нь хамаагүй. Шууд засварын газар явъя. Хаалгаа янзлуулъя” гээд их бухамдангуй загнаж байгаа харагдав. Цааш тав ч алхаагүй байтал захаас гарч явсан цаасан хайрцагтай томоо гэгчийн халуун тогоо тэвэрч явсан хижээл насны махлаг эр хоёр машин дундуур гарах гэж байгаад ар нуруугаараа нэгнийх нь толийг хуга татчихав. Гэтэл жолооч залуу “Замаа хардаггүй юм уу. Толь хугалчихлаа” хэмээн дуу хадаасаар машинаасаа буугаад ирэв. Өнөөх хижээл эр их л сандарч “Өө яана аа. Ахыгаа уучлаарай. Үүгээр гарах гээд хэсэг хүлээж хэсэг зогссоноо үүгээр зүтгэчихдэг нь буруудлаа” гээд хоёр гуравхан утсаар торгоогдон унжих толийг өргөж, дэмий л хуучин суурин дээр ньаваачна. Зах руу орохоор сөөм сөөмөөр урагшилсан урт цуваа таг гацсанд жолооч нар бухимдан “Хөөе, наад төмрийн сэгээ эндээс холдуулаач, зам таглаад тавьчих юм”, “Наанаа зогсоод ямар хугарсан толио бүтэн болгох биш. Эндээс зайдуухан гараад учраа ололц” гэх зэргээр араас нь хашгичин, дуут дохио хангинуулна. Жолооч залуу ч “Алив, та миний хажууд суу, эндээс холдъё. Захаас цагаан сараар хэрэглэх жаал зугаа юм авна гэсэн өнгөрлөө л дөө” гэсээр толийг нь хугалсан хижээл залууг машиндаа суулгав.

Захын хажуугийн хаалган дээр “Таван оймс 3000 төгрөгөөр аваарай” гэвэл миний урдхан талд явсан эмэгтэй “Шар улаанаас өөр гэгээлэг өнгөтэй байгаа юу. Хятадынх уу?” гэсээр хэсэг зогстол ард нь явсан би мөн л таг гацлаа. Хажуугаар нь зөрөөд гарах гэтэл ус ундаа зардаг урт лангуунд тулчихав. Нөгөө талаар нь зөрөх гэтэл өөдөөс хивс, ууцны таваг, хэвийн боов, сав суулга тэвэрсэн хүмүүс түрнэ. Азаар өнөөх эмэгтэй тэнд удаан саатсангүй дотогш орлоо”. “Улбар шар өнгийн өвлийн куртка, бор гуталтай, найман настай охин алга болсон тул харсан хүн Нарантуул захын цагдаагийн хэсэг дээр хүргэж өгч тус болно уу. Шагналтай. Мөн 9936…, 8835 … дугаарын утсаар холбоо барина уу” хэмээн чанга яригчаар зарлаж байлаа. Ууцны модон таваг, хивс, дрож дээр дэвсэх гялгар уут, хөөрөгний даалин барьсан иргэд үүд хавиар хэдэн арваараа зогсож байв. Захын зүүн хэсгийн гутал, хүүхдийн хувцас, малгай, зардаг лангуугаар олон хүн холхилдоно. Цаахна талд нь байх бөс даавуу, үндэсний дээл зардаг тасагт хөл гишгэх зайгүй байлаа. Хажуугаар нь явсан өвгөн “Өө чи бид хоёр ийшээ орно гэдэг бүтэхгүй. Захынх нь лангуунаас ач нартаа дээл сонирхвол харин яадаг юм” гэвэл эмгэн “Уг нь хаа холоос зориод ирсэн юм чинь ач нартаа бэлэгний дээлийг нь аваад очвол сайнсан. Тэгвэл захын энэ лангуунаас асуучихъя. Үнэ нь гайгүйхэн бол авчихъя. Хаа ч ялгаагүй байлгүй” гэв. “Нарантуул”-ын битүү зах ч мөн л олны хөлд дарагджээ. Хаалгаар нь орохоор чихэлдэж байсан олны дундаас нэгэн эмэгтэй “Миний түрүүвч алга болчихож, цүнхийг минь зүсчихэж. Ямар балиар амьтад вэ. Хэн нь ингэдэг байна аа” хэмээн дуу хадаав. Хамт явсан бүсгүй нь “Гутлаа авчихаад шууд энд ирсэн биз дээ. Хэдий завандаа авчихдаг байна аа” гээд гайхах, санаа зовох зэрэгцсэн харцаар түүн рүү харав. Ойр тойрных нь эмэгтэйчүүд “Муу сайн халаасны хулгайчид ингэж хүний зовлонгоор жаргал хийгээд өөдлөхгүй дээ”, “Сар шинийн хөл хөдөлгөөн ихтэй энэ үеэр яг ингэдэг юм. Болгоомжтой явахгүй” гэцгээн сугандаа хавчуулсан цүнхээ энгэртээ тэвэрч байв.

Өмнө нь “Нарантуул”-аас “Хүчит шонхор” руу 20 гаруйхан минут явсан санагдана. Харин энэ удаад хоёр цаг гаруй болов. Зүүн дөрвөн замаас барилгын материалын “100 айл” зах, тэндээсээ Баянбүрдийн тойрог орох гэж цаг гаруй түгжрэв. Харин ч уулзвар бүрийн хөдөлгөөнийг замын цагдаа зохицуулсан тулдаа ийн “хурдан” ирчихэв. Захын гадна болон доторх машины хөдөлгөөний ажилтнууд зохицуулахыг хичээж байсан ч орж, гарах гэсэн машинууд түгжирч байлаа. Зогсоол сулрахыг хүлээж байгаа цөөнгүй жолооч байлаа. Захын гадна хонины ууц зараад зогсч байсан малчид “Энэ жил хонины ууц хямдхан байна. Аргагүй хаа сайгүй өнтэй өвөл болсон учраас тэр байх даа. Тоймгүй олон хүн холхиод байгаа хэрнээ ерөөсөө зарагдахгүй юм. Бүр хямдруулаад байхад хүртэл хүн авахгүй юм. Хотынхон чинь энэ захаас өөр хямд махаа авдаг газартай болсон юм байх даа” хэмээцгээв. Өнгөрсөн жилийн өдийд тарган хонины ууц дунджаар 350 мянган төгрөг байсан бол энэ жил 250 болтлоо хямдарчээ. Зарим нь бүр “Хоёрыг авбал 400 мянганд зарна” гэв. Малчид ууц сонирхсон иргэдийн араас хоёр гурваараа дагаж “Энэ тарган ууцыг та дахиад 20 мянган төгрөг хямдруулаад худалдаад ав”, гэвэл нөгөөх нь “Та надаас яг адилхан үнээр авбал таны гэрт үнэгүй хүргээд өгчихнө шүү” гэсэн юм. Махны жижиглэн худалдагч нар хүртэл “Үхрийн мах бөөндөө 6500-7000 төгрөг бол хонины мах 5000-5500 төгрөгөөр зарагдаж байна. Таван кг-аар савласан бууз 25 мянга. Энэ бол ойрын хэдэн жил байгаагүй хямд үнэ дээ. Гэсэн ч иргэд тэр бүр авахгүй юм” гэцгээв. Зах дотор машинтайгаа орж ирээд, буцаж гарах гэсэн жолооч нар мөн л арваад минут хүлээсэн юм. Мөн зах руу зүглэсэн цөөнгүй жолооч нар “Маргааш өглөө эртхэн ирье. Тэгшээр төгссөн машин маргааш явдаггүй юм чинь арай ингэж түгжрэхгүй байлгүй” гээд буцсан юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Аян замтай, ерөөлтэй бидний цагаан сар

Манай гэрийнхэн цагаан сарыг бага байхаас минь л их өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Битүүнээр тавгийнидээгээ эртхэн засчихаад хааяа хөдөө өвөө, эмээ рүүгээ сүнгэнүүлж шинэ сараа гаргачихаад буцаж хотдоо ирдэг байлаа. Харин одоо аав, ээж маань хүргэнтэй болсноос хойш гэртээ сараа гаргачихаад охин, хүргэн хоёроо ирж золгосны дараа өвөөгийнх рүү гардаг болсон.

Битүүний өдөр манай гэрийнхэн бужигнаж гарна. Цагаалга, салат, гэрийн тоос унагах ажлыг ээж, эгч бид гурав хийнэ. Харин аав, ах хоёр том өрөөнд бөхөө үзэж хааяа цочтол уулга алдан орилдог нь санаанд тод үлджээ. Аав одоо ч тэр хэвээрээ. Аавын үүрэг бөх үзэх хоорондоо тавгийн идээ, ууцаа засах. Тавгийн идээгээ засч, ууцаа тавьсны дараа ээж шинэ цай чанаж, бууз жигнэн битүүлэг эхэлнэ дээ. Хотод байдаг зарим эгч нар гэртээ хийсэн салатаа авчирч манайд битүүрчихээд явдаг юм. Битүүний орой манайхан 12 шагай хаяж гарч буй шинэ жилийн азаа үздэг уламжлалтай.12 шагайгаа 12 удаа хаяж морь буусан шагайг нь түүнэ. Тэгээдхэдэн морьтой болсноороотэр жилийнхээөнгийг шинждэг. Манай гэрийнхэн битүүлж дууссаны дараа шинийн нэгнээр өмсөх хувцсаа бэлдээд эртхэн амардаг. Бага байхад аав маань шинийн нэгний өглөө эрт босч цай чанасан хүнд их хэмжээний мөнгөн шагналтай гээд унтаад өгдөг байж билээ. Эгч бид хоёр сэрүүлгээ тавиад хэн эрт босохоо үзнэ. Дандаа л эгч маань эрт босоод цай чанаж ааваас мөнгөн шагнал аваад тун додигор байдагсан.

Миний өвөө Монгол Улсын хоёр удаагийн аварга малчин, алдарт уяач, гавьяат малчин, мянгат малчин хүн. Өвөө маань Өвөрхангай аймгийнЕсөн зүйл сумын уугуул Б.Дэмбээ гэж буурал бий. Харин эмээ маань Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул аварга төлчин Б.Даваа гэж буянтай хөгшин бий. Би дөрөв,таван настайгаасаа лжил бүрийн зуныг өвөө, эмээ дээрээ өнгөрүүлдэг байлаа.Эмээ маань 12 хүүхэд төрүүлж өсгөсний гурав дахь ньминий ээж. Манай гэр бүлийнхэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул улс. Зуны амралт, хичээлийн улирлын амралт болох үед хэзээний л хөдөө өвөө эмээ дээрээ очсон байдаг байлаа. Тиймээс цагаан сарын баяр их сайхан санагддаг. Цагаан сар ойртох тусам хөдөө өвөө, эмээ дээрээ очих боломж гарч байгаад баярлана.

Өвөөгийнх маань одоо сумынхаа Сарлаг багийн хойхно Боролзой уулын өвөрт өвөлждөг. Намайг бага байхад Баянцогт сумын төв дээр шинэлдэг байсан юм. Өвөө, эмээ маань олон хүүхэдтэй учраас цуглах хүн их. Өвөөг мянгат болдог жил хотын хамаатан садан, үр хүүхдүүд ньярилцаж байгаадшинийн 1-ний үүрээр хөдөллөө. Өглөө эртлэн хотоос зургаан машин дүүрэн хүмүүс гарч Жирмийн цагаан нуурын Алтан уулын ард зам дагуу байх Бондгор толгой дээр нэгнээ хүлээж цуглаж золгосон юм. Өвөөгийнд олон хүн ирэх учраасочоод хоорондоо золгохоор их хугацаа авах учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. Толгой дээр цугласан айл болгон идээгээ амсуулж хоорондоо насны эрэмбээр золгоод ахмадууд хөөрөг зөрүүлжмэнд усаа мэдээд өвөөгийнх рүү хөдөлж байлаа. Тэр өдөр золголт хийснээс хойш өнөөг хүртэл золголт хийсэн газраа “Золгодог толгой” гэцгээдэг юм. Хотоос гараад “Золгодог толгой” дээр уулзъя гээд гарцгаадаг болсон.

Төв аймгийн Баянцогт сумын төвд өвөөгийнгудамж руу ороход сэтгэл хөдлөөд сайхан. Биднийг очих үед хэдийнэ төв дээр, хөдөө амьдардаг хүүхдүүд нь ирээд золгочихсон байна. Эрэмбэ дараагаараа жагсч зогсоод өвөө, эмээдээ үнсүүлэх агшны гоё гэж. Өвөө хүүхэд бүрт бэлгэтэй үг хэлжүнэрлэнэ. Өвөө маань үг цөөтэй нэг их юм ярьдаггүй учраас тэр үг нь жилжингээ санаанаас гарахгүй сайхан. Эмээ маань үнэрлэж үнсээд эвий муу дэрсхэн охин минь ирчихэж гээд дахин үнэрлэх нь сэтгэл амраад нэг л цэлмэмээр сайхан.

Өвөөгийнх баруун орны урдуур урт цэнхэр модон сандал тавьчихдаг нь одоо ч хэвээрээ. Тэр олон хүн золголтын дараа эрэмбээрээ дараалж суухаарөвөөгийн зургаан ханатай том гэрт багтахгүй шахуу болдог юм. Ингэж цайлж буузаа идээдхот руу буцах нь буцаад, хонох нь хононо. Бүтэн жилд бөөнөөрөө цуглаж байгаа учраас ихэнх нь хонодог юм. Үдээс хойш өвөө, эмээ дээр ирэх хүн багасахаар гэр харуулах хүн үлдээгээд бөөнөөрөө айл хэсэцгээнэ дээ. Эмээ гарахдааорж ирэх хүүхдүүдэд өгөх бэлгийг зааж үлдээнэ. Өвөөгийн том хүү сумын төв дээр бас хоёр хүү нь сумын төвийн ойролцоо өвөлждөг. Тэднийхнээр орж ирээд орой нь жилийнхээ азыг үзэж хөзөрдөнө.Бүх хүн 100-д хөөгдөх дүрмээр тоглоно.Зургаан гар сууж хөзөрдөөдхожигдсон нь 100 төгрөг үлдээжоронд нь өөр хүн суух дарааллаар тоглож хамгийн сүүлд үлдсэн азтан бүх мөнгийг авна. Энэ тоглоомонд хожсон хүн хоёр мянга гаруйтөгрөг авдаг юм. Өвөө, эмээ, аав, ээж гээд том багагүй тоглодог учраас их л өрсөлдөөнтэй тоглоомын нэг. Ихэнхдээ л өвөө үлдэнэ.Харин үүний дараа эрчүүд нь саналаараа муушиг тоглох үе бий. Тэгж тоглосоор орой унтахдаа хоймрын ор, баруун талын орон дээрахмад настнууд тухална. Харин үлдсэн нь хоймроор зулдаг байв. Их олуулаа хонодог учраас яг л дээшээ харж хэвтээд таарна. Нэг нь эвгүй болчихоод “Хөөе бүгдээрээ гөөхийлдөж хэвтье” гэж хэлээд бөөн инээдэм болцгоодог нь өнөө ч санаанд тод байна. Хажуугаараа харж унтахыг гөөхийлдөнө гэцгээдэг байсан юм.

Шинийн хоёрны өглөөэртлэн босч ороо хурааж цай цүү ууж, айраг цагаа ууна. Өглөө ууцны доор чанаж тавьсан махаа огтолж цайндаа хийж идсэн хойно эмээ бэлгээ өгнө.Будилахгүйн тулд айл айлаар нь уутанд хийгээд нэрийг нь наачихсан бэлэгнүүд байдаг юм. Тэрийгээ бараг цоллож байгаа мэт “Тэр ээ ирж бэлгээ ав” гээд хүүхдүүдийн хүсэн хүлээсэн бэлгийг гардуулна. Үд хэвийх үед хот руу явах хэд нь нийлж айраг амсаад хөдөлнө. Хөдлөх үед эмээ маань тавгийн боов хийхдээ зориуд хүүхдүүдэд өгөх гэж жижиг хэвээр боов хэдийг хийлгэдэг юм. Хүн бүрт хэвийн боов, ааруул сонингийн цаасанд боочихсон өгнө. Хүүхдүүд тэр жижиг хэвийн боов ааруулыгавах их дуртай. Өнөө жил ч гэсэнбоов, ааруулаа авна.

Хот руу хөдөлсөн бид хоорондоо ярьж тохирсноороо мөн л бөөнөөрөө айлаараа ордог уламжлал бараг л тогтчихсон. Бүгд хоорондоо золгочихсон учраас насны эрэмбэ хамаагүй амар гээд хөдөөнөөс ирэх замдаа Цагаан хөтөлөөр салаад Өлзийт хороололд байх ээжийн бага эрэгтэй дүүгийнд орно. Тэнд орж цай цүй болж буузаа идчихээд баахан хөөрөлдөнө дөө. Байж байж уулзаж байгаа болохоор ер нь салахдургүй дээ. Хууч хөөрцгөөгөөд л байна.Дараагийн орох айл 120 мянгатадбайх ахынх. Мэдээж оруулах айлынхан өмнөх айлаас арай түрүүнд гарна.Хөдөөнөөс шууд ирж байгаа учраас тагтандээр гаргаж загсаасан ууцаа оруулж, цай чанаад, буузаа жигнээд хүлээж байх нь тэр. Айлаас авсан бэлгийг торонд хийж машины ард ачих хямгадах ажил ерөнхийдөө миний үүрэг. Бэлгээ авсны дараа аав заримдаа өвөртөлчихөөд машинд орсон хойноо өгнө. Харин бусад нь бэлгээ над руу өгч би уутаа бариад гүйдэг ажилтай. 120 мянгатад байх айлдаа орсныдараа гурав, дөрөвдүгээр хороололд байх том эгчийндээ зочилно. Үүний дараа сүүл мушгин манайд зочлоод айл хэсэх аян ерөнхийдөө дуусч байгаа хэрэг. Цагаан сарын хоёр өдөр ингэж л өнгөрдөг юм. Хоёр өдөр ядартлаа явсан учраас манайхан тэр өдөр эрт амарцгаадаг.

Золгоогүйахмад настнуудындаа шинийн гуравны өглөө эртхэн орчихоод шинийн гуравны үд дундаас манай гэрийн зочин хүлээж авах ажил эхэлнэ дээ. Ээж маань бэлэг андуурах эрсдлээс хамгаалж эмээ шиг бэлгээ айл болгоноор нь ууталчихаад уутан дээр нь гэрийн эзний нэрийг наачихдаг болсон. Ийм нэгэн цагаан сарын баяр удахгүй ирэх нь дээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Барилгын салбарын хөгжлийг бүтээгч

2003 оноос хойш хамгийн хурдтай хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбар бол барилга. Монгол Улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1 хувьтай байсан гэх статистик бий. Сүүлийн таван жилд гэхэд л энэ салбар ДНБ-ий таван хувийг тасралтгүйгээр бүрдүүлж байгаа. Мөн хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой салбар. 2007 онд гэхэд барилгын салбарт нийт 60 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан нь улсын нийт ажиллах хүчний зургаан хувийг эзэлж байж. Өнөөгийн статистикаар зуу гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж буй салбар. Дахин нэг олзуурхмаар статистик сонирхуулъя. Салбарын хэмжээнд 2010 онд нийт 350.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэний 93 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэжээ. Үндэсний үйлдвэрлэл барилгын салбарт бодитой хөгжсөнийг энэ тооноос харчихаж болно. Жилд дунджаар нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт ордог салбарыг хөгжлийн тулгын чулуу гэж тодотгохоос аргагүй. Монгол Улсын барилгын салбарын энэ эрчтэй хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа газар бол “Барилгын хөгжлийн төв”. Тодруулж хэлбэл Барилга хот байгуулалтын яамнаас сүүлийн жилүүдэд зөв бодлого явуулж ирсний өгөөжийг сая дурдсан статистикуудаас харж болно.

Засгийн газрын 2012 оны зургадугаар тогтоолоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаж Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг байгуулсан юм. Өмнөх байгууллагын хэрэгжүүлж байсан үндсэн чиг үүрэг “Барилгын хөгжлийн төв”-д ирсэн гэсэн үг. Барилгын хөгжлийн төв нь Барилга хот байгуулалтын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яам гэсэн дөрвөн яамны төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас хэрэгжиж буй барилгын ажилд хяналт тавьж, судалгаа мэдээллийн ажил гүйцэтгэдэг Барилгын салбарын мэргэжлийн дээд байгууллага болсон гэдгийг өдгөө салбарынхан нь андахгүй. Шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг зорилгоо болсон энэ төв Барилга захиалагчийн, Норм, нормативын, Магадлалын, Барилга, Барилгын материалын, Орон сууц, нийтийн аж ахуйн, Захиргааны, Сургалтын, Судалгаа хөгжлийн, Санхүү, хөрөнгө оруулалтын гэсэн үндсэн есөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Б.БАЯРСАЙХАН: МОНГОЛ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХӨӨР БАРИЛГЫН СТАНДАРТТАЙ

Тус төвийн Барилга захиалагчийн хэлтсийнхэн улсын төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний ажлын барилга байгууламжийг төлөвлөх, барих, засварлах, өргөтгөх ажлын гүйцэтгэх нөхцөлийг зохих ёсоор бүрдүүлж эхлүүлэх үүрэгтэй. Мөн батлагдсан зураг төсөл, техник технологийн нөхцөлд нь хяналт тавьж баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахтай холбоотой ажлуудыг гүйцэтгэдэг. Харин Норм, нормативын хэлтэс барилгын салбарт хамаатай норм нормативийн чиглэлийн үйл ажиллагаанд анхаардаг. Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан “Барилгын салбарт нийтдээ 997 норматив баримт бичиг мөрдөгдөж байгаа. Хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн шаардлага хангасан барилга угсралтын процесс эдгээр баримт бичгийн хүрээнд явах бүрэн боломжтой. Сүүлийн үедаваар осол гарахад норм, норматив, стандартаас боллоо гэж их ярих болсон. Миний хувьд санал нийлдэггүй. Учир нь манай стандарт нормын тулгуур суурь баримт бичгүүд хоцрогдоогүй. Харин ч бид өмнө нь аюулгүй байдалд талдаа илүү анхаарч байсан улс. Барилга угсралтын үндсэн процесс өрнөхөд манай улсын норм дүрэм, стандарт хангалттай. Монгол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөр үндэсний стандарттай орон. Барилгын салбарынхан маань шинэ дэвшилтэт технологийг хурдтайгаар оруулж ирдэг. Норм дүрэм стандарт боловсруулах ажил төвөгтэй учраас хурдыг нь гүйцэхгүй талдаа байх нь бий. Бизнес эрхлэгчдийнхээ хурдыг гүйцдэггүй юм гэхэд ойртож ажиллахыг зорьдог. Харин өнөөдөр мөрдөгдөж буй 997 баримт бичгийг сурталчлах, барилгын талбай дээр ажилладаг ажилчид, инженер техникийн ажилтнуудад хүргэх тал дээр төр засаг, ажил олгогч эзэд анхаарч хөрөнгө мөнгө гаргах шаардлагатай” гэж ярилаа.

Барилга, Барилгын материалын хэлтсийн хувьд төрийн бодлогын хүрээнд боловсруулсан хөтөлбөр, төсөл болон салбарын техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн анхаарч ажилладаг гол чиг нь нийтийн аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сурталчлах, хэрэгжүүлэх. “Ус” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Ногоон хөгжлийн бодлого”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр” зэрэг төсөл хөтөлбөрийг энэ хэлтсийнхэн боловсруулсан юм. Мөн орон сууцны хувьчлалын ажлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч байгаа гэсэн таатай мэдээг тус хэлтсийнхэн онцолж байна. 2014 оны байдлаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, зураг төсөл боловсруулах зэрэг 68 төсөл арга хэмжээнд 171165 сая.төгрөгийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэлт хийгдсэн нь 2013 онтой харьцуулахад 1.18 дахин өсчээ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТОМ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Construction Mongolia

Барилгын хөгжлийн төв салбараа хөгжүүлэхийн тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга бүтээн байгуулалт хөгжил хэлэлцүүлэг, Улаанбаатар барилга-2013 үзэсгэлэн, Construction Mongolia Олон улсын хурал үзэсгэлэн, Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага сэдэвт сургалт, семинар, зэрэг олон ажлыг зохион байгуулжээ. Эдгээр ажлуудаас онцлох ёстой арга хэмжээ нь Construction Mongolia Олон улсын хурал үзэсгэлэн юм. Энэ хурлыг анх 2013 онд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Глобал групп” ХХК хамтран зохион байгуулсан түүхтэй. Төрийн зүгээс бүтээн байгуулалт ид өрнөж буй барилга, хот байгуулалтын салбарт барьж буйхөгжлийн бодлогоо хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэсэн гол зорилготойгоор зохион байгуулж байв. 14 улсын 110 гаруй төрийн болон хувийн хэвшилийн байгууллага, орон нутгаас аймгуудын Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрууд дэмжин оролцож нилээн өргөн бүрэлдэхүүнтэй үр дүнтэй арга хэмжээ болсон тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцлон мэдээлж байлаа. Энэ үзэсгэлэнг бүтээн байгуулалт, барилгын салбарын цаашдын чиг хандлагад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг.

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮНД СУРТАЛГҮЙ ОЛГОНО

Дашрамд дуулгахад Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын шинэтгэл, норм нормативыг боловсронгуй болгох, барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгох зорилгоор “Салбарын цахим мэдээллийн сан”-г бий болгожээ. 2013 оны наймдугаар сараас эхлэн “Нэг цэгийн үйлчилгээ”-г нээн ажиллуулж байгаа аж. “Нэг цэгийн үйлчилгээ” нь хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахтай холбоотой үйлчилгээнүүд үзүүлдэг аж.

ТӨСВӨӨС МӨНГӨ АВДАГГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗАР

Барилгын хөгжлийн төв төрийн өмчит улсын үйлдвэрийн газар гэсэн статустай хэр нь төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Агентлагууд нөөц бололцоогоо дайчилбал төсвөөс мөнгө авахгүй, харин ч татвар төлж, салбараа хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болж ажиллаж болдогийг үлгэрлэсэн жишээ. Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хамаарах салшгүй нэг хэсэг бол хот төлөвлөлт. Тус төвийн захирал Б.Баярсайхан энэ талаар “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот тосгон суурин газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөнүүдтэй бусад салбарын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулах хэрэгтэй байгаа. Ер нь хот байгуулалтын асуудал дээр нэг их хүндрэл гарахгүй. Ганц ноцтой асуудал бол хууль бус замбараагүй газар олголт. Арвангуравдугаар хорооллын гэр хороолол байсан газарт өнөөдөр машин зөрөх нь бүү хэл явган хүн явахад хэцүү төлөвлөлттэй хороолол боссон байх жишээний. Төрийн байгуулагуудын хариуцлагагүй ажилтнуудын үйлдлээс болсон хэрэг л дээ” хэмээн ярьсан юм. Түүнийхээр хот байгуулалт сонгодог утгаараа нүүдэлчдийн архитектур төлөвлөлт рүү буцаад эргэж байгаа гэнэ. Барилга, хот төлөвлөлт хоёрын уялдаа холбоотой хамт хийц, өнгө үзэмж, чанар стандарт яригдах ёстой гэж Барилгын хөгжлийн төвийнхөн үздэг. Аливаа улс үндэстэн өөрсдийн гэсэн өв уламжлал, түүх соёлыг харуулсан түүхийн дурсгалт барилга байгууламжтай байдаг бол өнөөдрийн нийслэл хотод монгол гэх үндэстэнийг тодотгох барилга байгууламж хуруу дарам цөөхөн байгаа. Хуучны хэв маягийг хадгалсан сүм хийдүүд бий ч цагийн аясаар хуучирч муудаад буй. Хэдийгээр манай улсад уран барилгын түүхэн уламжлал байгаа ч сүүлийн үед гадны жишгийг дагаж шилэн барилгууд сүндэрлэх болсон билээ.Барилгын хөгжлийн төв олон жилийн туршлагатай гадны технологийг эх орондоо нэвтрүүлэхийн зэрэгцээ дэлхийн стандартыг үндэсний хэв шинжид уусгаж орчин үеийн Монголын барилгын салбарт шинэ хуудас нээх зорилготой ажиллаж байгаа юм билээ.

Анх хагас сая хүнтэй байхаар төлөвлөсөн Улаанбаатарт өнөөдөр сая гаруй хүн амьдарч байна. Тэр хэрээр асуудал үүсч хот төлөвлөлтийн бодлогоо эргэн харах шаардлага тулгараад буй.Дөрвөн уулын дунд нэг захаас нөгөө зах хүртэл түгжрэлгүй хурдан давхиад хүрчих хурдны зам, хүүхэд багачууд амар тайван тоглох цэцэрлэгт хүрээлэн бүхий нийслэл хотын төлөө ажиллаж байгаа газрын нэг бол Барилгын хөгжлийн төв. Барилгын салбарынхан ийм шалтгаанаар дан ганц барилга байгууламжийн асуудал гэлтгүй барилга төлөвлөлт, хот төлөвлөлт хоёрын уялдаа холбоог ч зохицуулан ажиллаж байгаа аж. Барилгын компаниуд бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг импортоор авдаг учраас үнэ өртөг тал дээр үнэтэй гэх шүүмжлэлд өртдөг. Тус төвийн зүгээс барилгын үндсэн материалыг дотоодоосоо хангах зорилгоор үндэснийүйлдвэрлэгчидээ дэмжсэн бодлого хэрэгжүүлж байна.

Г.БАЙГАЛЬМАА: НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ ЗОГСОНО ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны нэг чиглэл нь өндөр технологийн, чанартай барилга бариулах. Нийслэлд сүүлийн үед баригдаж байгаа барилгуудыг харахад бодлогын төвшинд аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн гэж дүгнэж болохоор санагддаг. Яамны зүгээс барилгын стандартыг аль зүг рүү чиглүүлэх бодлого барьж байгаа вэ?

-Нийслэлд технологийн шинэчлэлийг шингээсэн өндөр барилгууд баригдаж байгаа нь олзуурхмаар дэвшил. Хөдөө орон гэхэд орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн. “Зуун мянган айл” орон сууцны 25 мянга нь гэхэд орон нутагт хэрэгжинэ. “Шинэ сум” төсөл байна. Өмнө нь хөдөө, хотгүй анхаарсан даацтай бодлогыг ингэж эрчтэй хэрэгжүүлж байгаагүй. Барилгын салбарт цаашдаа ч өргөжиж хөгжих ирээдүй бий. Яамны зүгээс евро норм, дүрэм стандартыг хэрэгжүүлье, хэвшүүлье, туршъя, үзье гэдэг чиг хандлага руу явж байгаа.

Найман хувийн зээл зогсоно гэсэн шум их сонсогддог. Ер нь энэ хөтөлбөр хэр ирээдүйтэй вэ?

– Цаашид хэрэгжээд явах бүрэн боломжтой хөтөлбөр. Зогсоно гэсэн айдас, хардлагыг бүрэн мартах хэрэгтэй.

Барилгын метр квадратын үнэ хямдрахгүй, өсөөд байна гэсэн шүүмжлэл өнөөдөр ч хэвээр байгаа. Үүн дээр бодлогын төвшинд хэр анхаарч байгаа вэ?

-Барилгын метр квадратын үнийг буулгах, тодорхой тогтвортой үнэ дээр барих нэг том гарц бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого. Валютын ханшийн хэлбэлзэл барилгын салбарт шууд нөлөөлдөг. Барилгын материалынхаа 70 хувийг гаднаас, валютааравдаг учраас огцом нөлөө үзүүлдэг. Үнэ өсгөдөг нэг зүйл бол газар, дэд бүтэц байдаг. Төрөөс энэ тал дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа. 2013 оны нэгдүгээр сард бидМонгол банктай хамтарч дэд бүтэц хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тодорхой дөрвөн чигийг баримталсан. Барилгын салбарын гол бараа бүтээгдэхүүн болсон цемент арматурын үнийг тогтвортой төвшинд барья, дотоодын үйлдвэрлэлээ дэмжье, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа томруулъя гэсэн зорилго тавьсан. Барилгын салбар улирлын хамааралтай. Тийм учраас угсармал барилгын үйлдвэрлэлийг дэмжье, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг хосолмол мэргэжилтэй болгоё гэх мэт зүйлийг хөтөлбөртөө тусгаж өгсөн. Ахиц, үр дүн тодорхой хэмжээнд гарсан.

Categories
мэдээ цаг-үе

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход гарсан зөрчлийг арилгуулахаар болжээ

ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт хийж дүгнэлт гаргажээ. Хяналтаар АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг долоо хоногт 500,000, нэг сард 2,000,000 төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна. Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Мөн АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа гэв.

МУИС-Д ОЮУТАН ШИЛЖИН СУРАЛЦАХАД ТӨЛБӨРГҮЙ БОЛОВ

МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн. МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байв. Асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн байна. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэдхамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэжээ.

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АЖЭЭ

НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн таван компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон аж. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.

МОБИКОМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БАЙГУУЛЖ БУЙ ГЭРЭЭ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА ГЭВ

“Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй талаар хянан шалгаж дүгнэлт гаргажээ. “Мобиком корпораци” ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилжээ. Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан аж. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ. Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ 16 КОМПАНИ ЗӨРЧЖЭЭ

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулсан. Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44.900.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж.

С.ЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэржав: Японы хэвлэлүүд харилцан татваргүй болсныг онцолж байгаа

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржавтай ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Япон улсад айлчилж Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Энэ талаар гадна, дотны судлаачид ямар байр суурьтай байгаа вэ?

– Монгол Японы өнөөгийн харилцааг ярихын тулд түүхийн хуудас сөхөх шаардлага гарах байх.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-д манай улсын гадаад бодлогын нэг гол чиглэлийг “АНУ, Япон… зэрэг өрнө,дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал” хэмээн заасан байдаг. Ийнхүү өнгөрсөн зууны 90-ээд оноос Япон улс Монголын гурав дахь хөршийн бодлогодчухал байр суурь эзэлж ирсэн. Манай хоёр улсын хооронд 1990 онд Худалдааны хэлэлцээр, 1991 онд Японы далайн чанад дахь залуучуудын сайн дурын байгууллагыг Монгол улсад ажиллуулах хэлэлцээр, 1993 онд Агаарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Бас 2001 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, 2003 онд Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тус тус байгуулагдсан байдаг юм. Харин 1997 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд М.Энхсайханы Японд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсоноор Монгол Японы хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх үе эхэлсэн.

Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах, Стратегийн түншлэл байгуулах зарчмаар дэв­шүү­лэн хөгжүүлэх хамтын шийдвэрт 2010 онд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлч­лалын үеэр талууд санал нэгдсэн. Мөн 2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход түлхэц болсон.

Хоёр орны түншлэлийн өнөөдрийг хүртэлх хуга­цаанд худалдааны харилцаа ямар байв. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар ямар шатанд хүрч ахина гэж тооцоолж байгаа бол?

-2013 онд манай улс экспортынхоо ердөө 0,2 хувийг Японд гаргаж, нийт импортын долоон хувийг Японоос оруулжээ.Өнөөгийн байдлаар манай улсын гадаад худалдаанд Япон Улс нь БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа тавдугаарт ордог. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, тухайлбал ноолууран бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, молибдений хүдэр, зэсийн баяжмал, катодын зэс, хүнсний бүтээгдэхүүнээс байгалийн давс, архи зэрэг орж байна. Японоос автомашин, уул уурхайн болон барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, цагаан будаа, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа зэргийг импортоор авч байгаа. Импортод суудлын автомашины эзлэх хувь тогтмол өндөр байна. Манайх 2013 онд нийт 372 сая 982 мянган ам.долларын суудлын автомашин импортолсны 77.9 хувийг Японоос оруулсан юм билээ. Харин одоо худалдааны хэмжээ хэр өсөх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хэлэхэд хэцүү. Урьдчилан таамаглах аргагүй эерэг нөлөөлөл гарах нь дамжиггүй юм.

Хоёр орон дээрхээс гадна ямар бараа солилцох бол. Худалдаалалт, тээвэр­лэлтийн саад тотгорыг хэрхэх бол?

-Японы тал манайхаас коксжих нүүрсний удаан хуга­цааны тогтвортой нийлүүлэлт хийх, ховор металл, зэсийн хүдэр зэргийг импортлох со­нир­холтой бай­гаа нь ажиглагддаг. Гэвч уул уурхайн баялгийг хөрш орноор дамжин тээ­вэрлэхээс эхлээд энэ хамтын ажиллагаанд элдэв саад бэрхшээл тулгарч ирсэн. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад 2014 онд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зүүн хойд Хятадын зарим боомтыг ашиглах боломжийг олгохоор болсон нь Японтой хийх худал­дааг урагш ахиулахад бодит нөлөө үзүүлэх бо­ломж гэж үзэж байна. Энэ боломжийг ашиглаж зам тээврийн асууд­лыг зохи­цуулах, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагааны зогсонги байдлаас гарах, дотоодын төмөр замын асуудлыг цэгцлэхээс эхлээд, коксжих нүүрсний экспортыг урт хуга­цаанд тогтвортой нийлүү­лэх асуудлаар Японы талтай хамтран ажиллаж, тохиролцоонд хүрэх байх гэж бодож байна.

Өчигдөр үзэглэсэн гэрээгээр хоёр тал ямар үүрэг хүлээж, ямар давуу тал эдлэх юм бол?

– Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын талаас дорвитой мэдээлэл гарч, манай хэвлэлээр нийтлэгдээгүй. Харин Японы хэвлэлүүд ялангуяа өнгөрсөн 2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр их өргөн мэдээлсэн. Тэдний хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүд,тухайлбал Асахи сонин “Японд үйлдвэрлэсэн автомашины гаалийнтатвар таван хувийг тэглэх асуудлыг Монголын тал хүлээн авсан нь яриа хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрэх гол нөхцөл болсон”, “автомашины гаалийн татварыг тэглэх тухайд үйлдвэрлэгдээд гурван жил болоогүй автомашины татварыг тэглэх, гурваас дээш жил болсон автомашины татварыг эхний 10 жилд шатлалтайгаар бууруулж, 10 жилийн дараа тэглэх, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон хуучин автомашины гаалийн татварыг хэвээр үлдээхээр болсон” тухай дурдсан. Мөн Санкэй сонин “Энэ хэлэлцээр байгуулагдсанаар гаалийн татвараас гадна Японы худал­дааны компаниуд, түүнчлэн эрчим хүчний салбартай хол­боотой үйлдвэр, компа­ниуд Монголын ховор металл, нүүрс зэрэг ашигт малтмалыг нээн ашиглах үйл ажиллагаанд оролцоход хялбар болох давуу талтай. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар Монголд хэрэгжүүлж буй хязгаарлалт Японы үйлдвэр компаниудад хамаарахгүй болно. Япон Монголоос импортлох уул уурхайн бүтээгдэхүүнийг бараг бүхэлд нь 10 жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлнө” гэж тэмдэглэсэн. Майничи сонинд ч энэ тухай “Японоос Монгол руу хийж буй экспорт 2013 онд 29 тэрбум 300 сая иен байсны 70 хувийг автомашин эзэлсэн. Японы экспортод цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа мисо, япон цуу, жимс зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг 10 жилийн хугацаанд тэглэх, эдгээрийн үр дүнд Японоос Монгол руу гаргаж буй нийт экспортын 96 хувь нь татвараас чөлөөлөгдөнө. Япон улс Худалдааны хэлэлцээрээр гаргаж буй цагаан будаа, буудай, элсэн чихэр, гахайн мах, хөргөсөн үхрийн мах зэргийн гаалийн татварыг хэвээр үлдээнэ. Харин Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй үхрийн борц, боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн зэргийн тодорхой хэсгийг гаалийн бага татвартай байлгах, ноолууран бүтээг­дэхүүн зэргийг татвараас чөлөөлөхөөр болжээ” гэх мэтээр мэдээлж, сурталчилж байлаа.

Ер нь Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан тухайд юу гэж байх юм?

-Эдийн засгийн түншлэ­лийн хэлэлцээр байгуулахын гол зорилго, эрх ашгийн тухайд эдгээр хэвлэлүүд “Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монголын талаас дэмжлэг авах зорилт тавьж байгаа”, “Япон улсын эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, түүний тулд Японы үйлдвэр, компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийхэд нь дөхөмтэй нөхцөлийг бий болгох зорилт тавьж байгаа”, “Монгол Улс нь хөгжлийн ирээдүйтэй орон тул Японы үйлдвэрүүд тэнд зах зээлээ тэлэх найдвар бий”, “Японы тал Монголтой хамтын ажиллагаа бэхжүүлэхийн цаад талд Монголтой хил залгадаг Хятад улсыг хязгаарлах зорилго бас бий, харин Монголын хувьд хөрш Хятад, ОХУ-аас хамааралтай эдийн засгийн бүтцээсээ ангижрах гэсэн зорилго энэ хэлэлцээрийн ард бий” гэх мэтээр мэдээлсэн.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

БҮҮ МАРТ XXI: Хүний намтар бол улсын түүхийн эхлэл

НЭПКО хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн Б.Цэнддоотой ярилцлаа.

-НЭПКО хэвлэлийн газраас түүхийн сэдэвтэй шинэ цуврал гаргаж, хэд хэдэн номын нээлтийг хамтатган хийх гэж байгаа юм байна.

-НЭПКО хэвлэлийн газраас, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгтэй хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж байгаа юм.Энэ цуврал бол хувь хүний түүх юм.Ер нь хувь хүний намтарулсынхаа түүхийн эхлэл хэсэг болж, улсын түүх ньсая сая хувь хүний намтрын нийлмэл байдаг. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн.Ялангуяатүүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй.

Ийм учраас улс орны түүхийн шинэчлэлийн үндэс нь хувь хүний намтар цадигийг зөвөөр туурвихаас эхтэй. Чухамхүү, “Хүмүүн хорвоо нийгэмлэг”, НЭПКО хэвлэлийн газраасхамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цувралыгэрхлэн гаргасны учир ч энэ. Шинэ үеийн Монголын түүхийн онцгой үед амьдарч, нийгмийнхээ түүхэнд ул мөрөө үлдээж, оройлох үүрэгтнээс эхлээд системийн золиос, тогтоцын үр шим болж явсан зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв голдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзсэн билээ, бид.

Ингээд цувралынхаа эхний дөрвөн номын нээлтийг сар шинийн өмнөхөн буюу энэ хоёрдугаар сарын 14-нд ёслолын байдалтай хийхээр төлөвлөсөн юм. Баабарын бичсэн Х.Чойбалсан (хоёр боть), Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”,С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн ийм дөрвөн бүтээл гараад байгаа юм.

-Дээр үед “Суут хүмүүсийн амьдрал”ч билүү, нэг цуврал байсан даа. Манайд орчуулж гаргаж байсан. Тэрэн шиг л юм аа даа.

– Тийм утгаар ойлгож ч болно. Ер нь бол универсаль түүх бичлэгийн соёлыг үүсгэн хөгжүүлэгч их гүрний нэг нь яах аргагүй Монгол улс мөнболохыг Рашид-Эд Дины “Судрын чуулган”,Жувейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болсон бүтээлүүд гэрчилдэг.

Гэвч монголчуудын шинэ үеийн түүх маш ээдрээтэй. ХХ зуунд өрнөдийн маягаар түүх бичиж эхлэх үе ба үзэл сурталжиж гуйвсан түүх зохиогдож эхэлсэн үе хоёр давхцдаг. Ялангуяа социалист дэглэмийн үед коммунист байдлаар үзэл сурталжуулан зохиох бодлогод өртөн гуйвсан, санаатайгаар өөрчлөлт оруулан зохиомжилсон, тэр нь хэдэн үеийнхний үнэмшил болон үлдсэн ХХ зууны Монгол Улс буюу БНМАУ-ын хувьсгалт түүхийг энд дурдаж болно.

Хувь хүний түүх ч гуйвж, язгуур сурвалжаа нуухаас аргагүйд хүрч, хүн болгоны намтар “ядуу ардын гэр бүлд төрөөд” гэж эхэлдэг нэгэн хэвийн хуурамч загварт орсон билээ. Бүхий л монгол хүний “элэнц өвөг, эмээ өвөө, аав ээж нь үеийн үедбоол, ядуу гуйрамч явсан бөгөөдардын хувьсгал ялж феодал ангийг устгасны дараа аз жаргалтай учирсан” тухай тэрхүү нийтлэг намтарт өгүүлнэ. Мянга мянган ийм намтрын нийлбэр л хувьсгалт Монгол Улсын түүх болон зохиогдсон юм.

Өнөөдөр, нэг талаасаа эх түүхээ бодитойгоор сэргээн бичих нэг чиглэл байна. Баабарын “Монголчууд: нүүдэл суудал”-аас эхлээд олон бүтээл гарч байна. Үүнийг угтуулаад хувь хүний намтрыг үнэн зөвөөр сэргээн бичих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ энэ ажил нь түүхэн үнэнийг сэргээх эрмэлзэлтэй хувь хүмүүсийн санаачилга болох “Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс НЭПКО хэвлэлийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

-Зөвхөн номын нээлтболох төдий биш, энд хоёрдугаарт бичигдэж байгаа боловч ихээхэн утга холбогдолтой гэмээр бас нэг үйл явдалболох юм гэж дуулдсан. Нууц байлгаж байгаад “Сюрприз” байдлаар хийх гээд байгаабололтой нэг юм байна аа.

-Үйл явдал нь нууц биш, харин дотоод хөтөлбөр нь жаахан сюрприз талдаа гэхээр ч юм уу даа. “Бүү март-XXI” нэртэй хөтөлбөр байгаа юм. Энэ жил Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Бас Монголын ардчиллын үзэл санааны эцэг Баабар маань улирах гэж буй морин жилд 60 насны босгоор алхсан юм. Дээр нь 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, туг сүлд болж явсан бүтээлийн нэг “Бүү март” зохиол нь бичигдэж, нууцаар тараагдаж эхэлснээс хойш 27 он улирчээ.Энэ бүхнийг хамтдаа эргэн дурсаж, өнгөрсөн түүхийнхээ үнэ цэнийг дахин эргэцүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг манайхан бэлдсэн байгаа юм.

-Баабарын “Бүү март” зохиолыг эргэн дурсаж ярих юм уу?

-“Бүү март” бичигдсэн, түүнийг тараасан тэр цагаас хойш 27 жил өнгөрч, хүний амьдралын бүтэн үесолигдсон байна. Тэнд юу өгүүлснийг гучаад жилийн өмнө бусдаас нууж хааж, сэтгэл догдлон уншсан, дараахан нь ардчиллын анхны цуглаанууд дээрээс олж авч байсан тэр л үеийнхэн мэднэ.

Хаалттай нийгэмд байсан хүн ардын нүдний боолтыгсөхөж, улмаар үнэнийг далдалсан хаалт, хөшгийг эвдэн, цаана нь юу байгааг өнгийж харахыг уриалсан дуудлага байсан юм, “Бүү март” бүтээл.

Харин нээлттэй нийгэмд амьдарч байгаа өнөө үеийнхэнд “төмөр хөшиг”-ний цаагуур юу байгааг таамаглах хэрэг байхгүй. Тэр ч бүү хэл “төмөр хөшиг” гэж юу болохыгасуувал төсөөлөх ч үгүй, цонхны төмөр хаалт, тор юм болов уу гэж хэлэх байх.

Гэхдээ үндэстэн бүхэнд, ялангуяа Монгол шиг цөөхүүлээ үндэстэнд мартаж үл болох төрөлхи сэрэмж,ой санамж гэж бий. “Бүү март, мартвал сөнөнө” бүтээл бол энэхүү ой санамжид зориулагдсан юм.

Үндэстний ой санамж сэрэхийн хэрээр өнгөрсний сургамж амилдаг. Сургамж бол ирээдүйн хамгийн сайн багш, авран хамгаалагч. “Бүү март” бүтээлийн гол санаа энэ.“Аливаа үндэстэн өнгөрснөө мартвал өөрийгөө хэн гэдгийг мартана. Хэн гэдгээ мартсан ард түмнийг хэн ч болгон хувиргаж болно. Бидний өнгөрсөн үеийг зориуд мартуулсан байна. Ингэж ингэж хуурсан түүх зохиож өгсөн байна. Монголчуудаа, түүхээ эргэн сана, нуусан хөшгийг тэр тэр хавиар сөхөх гээд үз, тэр хэрээрээ өөрийгөө таньж монгол хүн гэдгээ санана” гэдгийг хэлсэн. “Бүү март, мартвал сөнөнө” бол ардчиллын уриа дуудлага, түүхээ мартан зүүрмэглэж байсан үндэстнээ цочоон сэрээсэн бүтээл шүү дээ.

Аливаа ойтэмдэглэлт үе бол ой дурсамжаа сэрээх цаг байдаг Энэ утга агуулгаар нь эргэн санана. Гэхдээ дурсамж яриад суухгүй, лекц уншихгүй. Бид өөрийн өнцгөөс эргэн дурсаж, өөрийн өнгө аясаар сэтгэгдлээ хувааж,үг хэлээр зөрөлцөхгүйгээр мэтгэх гэсэн юм. Зохиомж найруулгын хэсгийг үүнээс дэлгэрэнгүй ярих арга боломжгүй.Амттаны хайрцаг дээр чихэр гээд бичдэг, бас зураг нь байдаг. Харин яг ямархуу чихэр байгааг онгойлгож л мэддэг шиг, юм уу даа.

Ю.ДЭЛГЭР