Categories
мэдээ цаг-үе

Дэлгүүрүүд Мартын 8-ны цэцгийн захиалгаа аваад эхэлжээ

Мэдрэмжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай байдаг. Хүүхнүүд үерхдэг залуугаа илүү сайн мэдэхийг хүсвэл Мартаар аваад очих цэцгийн баглааг нь хараарай гэж цэцгийн дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлэв. Учир нь зүгээр л нэг өнгийн цаасаар боосон цэцгийн баглаа үеэ өнгөрөөжээ. Хэдэн жилийн өмнө цэцэгнийхээ хажуугаар баахан навч, ургамал хийн гурвалжилж боогоод гадуур нь өнгө өнгийн цаасаар ороон томоо туузаар чимэглэдэг байсан. Тэгвэл сүүлийн хоёр жил өнгөгүй цаасаар цэцгээ боодог болоод байлаа. Харин өнөө жил байгалийн гэж хэлж болохоор бор, ногоон, хөх өнгийн цаас сонгодог болжээ. Бор бордоо бүр дээхнэ үеийн цөцгийн тосны гэмээр цаасаар цэцгийн баглааг боодог болжээ. Эко хэрэглээний тухай ярьдаг болсон өнөө үед байгальд ээлтэй иймэрхүү цаасан чимэглэлийг дэлхийн олонх улс хэрэглэж байгаа нь манайд ч гэсэн ороод ирчихэж. Янз бүрийн тод өнгөтэй, гялгар уутан чимэглэлийг оруулж ирэхээ ч больсон тухай цэцгийн дэлгүүрийнхэн ярьж байна. Удахгүй болох мартын 8-наар ямар цэцэг сонгох, үнэ ханш нь хэд байх, яаж боолговол тансаг харагдах тухай сурвалжлахаар 13 дугаар хорооллын гурван өндөр буюу “Монгол экспо” дотор байх “Лили” цэцгийн салоноор орлоо. Эднийх цэцгийн баглаагаа зүгээр нэг боож чимэглээд зардаггүй.

Өгөх гэж байгаа хүндээ үнэхээр их сэтгэл гаргаж дээ гэж санагдуулахаар чимэглэдэг. Таван ширхэг сарнайтай баглаа боолголоо гэхэд ямар хүнд өгөх гэж байгаа, тухайн хүн ямар өнгөнд дуртай, юу сонирхдог, өгөх гэж байгаа хүн нь юуг илэрхийлэх вэ гэдгийг нарийн сайн судалдаг ажээ. Ингээд хайр сэтгэлээ илэрхийлэх гэж байгаа юу, эсвэл хүндэтгэж явдгаа илтгэх үү гэдгээс хамааран чимэглэдэг юм байна. Бас сүүлийн үед Италийн “Raffaelo”, “Ferrero rocher” зэрэг чихэртэй баглаа боох болжээ. Бас төрөл бүрийн дарс, лаа зэрэг бэлэг дурсгалын зүйлс худалдаж байв. Цэцгийн тухайд ягаан, цагаан, улаан, шар өнгийн сарнайгаас гадна лили, алтанзул, сараана зэргээс гадна гоо даль, хайтан зэрэг таримал цэцэг ч бий. Үнийн хувьд баглаа боодлоосоо хамааран харилцан адилгүй. Таван ширхэг сарнай цэцэгтэй, гурван ширхэг чихэртэй баглаа 25 мянга, зүрхэн хэлбэртэй, зүрхний хэлбэрт оруулан боосон дан чихэр бүхий баглаа 45 мянга, 17 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 85 мянга, 21 ширхэг сарнайтай 16 ширхэг чихэртэй баглаа 95 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ тухайн хүн цэцгийн баглаагаа яаж боолгохоо урьдчилан захиалж өөрийн хүссэнээрээ цорын ганц загвартай байлгаж болно. Мөн хот дотор 5000 төгрөгөөр хүссэн газартаа хүргүүлэх боломжтой ажээ. Сүүлийн үед залуус дан ганц цэцгийн баглаа гэхээсээ илүүтэй чихэр, дарс зэрэгтэй хослуулан баярын баглаа худалдан авдаг болсон гэнэ. Ерөнхийдөө 35-150 мянган төгрөгийн хооронд цэцгийн баглаа сонгох боломжтой юм байна. Бас хайртай бүсгүйдээ зориулан 247 ширхэг сарнай бэлэглэх бол урьдчилсан захиалга өгөөд хүссэн газартаа хүргүүлэх боломжтой гэдгийг тус дэлгүүрийнхэн ярьж байлаа.

Засгийн газрын ордны ард байрлах “Flora” цэцгийн дэлгүүрээр оров. Одоогоор худалдан авагч цөөн байгаа ч гэлээ урьдчилсан захиалга өгч байгаа хүн олон байгаа гэнэ. Залуучууд хайртай бүсгүйдээ, ээжүүддээ, хамт ажилладаг хүндэлж явдаг эмэгтэйдээ өгөх цэцгийн баглаагаа захиалж эхэлжээ. Уг дэлгүүрт мартын 8-наар эрэлт ихтэй байдаг нь өнгө өнгийн сарнай, бас лили цэцэг гэсэн. Эрэгтэй хүнд чамин биш, урт иштэй сарнай, лиш, том ширхэгтэй алтанзул бэлэглэвэл зохистой байдаг бол эмэгтэй хүнд ямар ч цэцэг тохиромжтой байдаг ажээ. Гэхдээ тохиромжтой гээд хаа, хамаагүй цэцэг өгч болохгүй. Ямар цэцэг өгөхөө мэдэхгүй байвал ахимаг насны эмэгтэйд гоёлын ногоон юмуу цэцэглэдэг ваартай ургамал бэлэглэхийг зөвлөдөг юм байна. Сарнайн тухайд улаан нь хайр дурлалын бэлгэдэл. Бас гоо үзэсгэлэнг нь бахаддаг нэгэндээ улаан өнгийн сарнай бэлэглэж болно. Ягаан сарнай сүр жавхлан, хээнцэр, тансаг байдлыг илэрхийлэл. Шар сарнай дулаан уур амьсгал, аз жаргалын илтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд найз нөхдөдөө бэлэглэхэд тохиромжтой байдаг ажээ. Бас сарнайн олон төрлүүдээс хамгийн гоё үнэртэйд шар сарнай тооцогдохын зэрэгцээ сэтгэл санаа гундуу нэгэндээ эрч хүч нэмэхийн тулд уг цэцгийг сонгоорой. Харин цагаан сарнай гэнэн цайлган, цэвэр ариун байдлын илэр­хийлэл. Хурим найр болон шинэ зүй эхлэхэд цагаан сарнайг сонгодог. Бас хайртай бүсгүйтэйгээ гэрлэх талаар боддог бол цагаан сарнай бэлэглэн өөрийн сэтгэлээ илэрхийлж болдог гэнэ. Учир нь цагаан сарнай хуримын ёслолыг авчирдаг хэмээн үздэг байна. Товчлоод нэг үгээр хэлбэл улаан сарнай би чамд хайртай, ягаан сарнай надад итгээч, цагаан сарнай би чамд тохирно гэсэн утгатай юм байна. Харин хадаасан цэцэг аливаа зүйлд үнэн голоосоо бишрэн итгэхийн илэрхийлэл, алтан зул алдар нэр, амжилтыг, сараана цэцэг ариун, энхрий байдлыг илтгэдэг ажээ.

Сонирхуулахад цэцгийн тоо ч мөн адил өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг юм байна. Нэг ширхэг бол чи надад цорын ганц.Гурван ширхэг нь чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна, тав нь би чамд хайртай, долоо нь хоёулаа гэрлэе, ес нь чамайг найзын ёсоор хүндэлнэ гэсэн утгатай. Арваас дээш болоод ирэхээрээ тэгш тоотой байж болдог байна. Арван ширхэг цэцэг чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна, арван нэг нь чи миний жирийн найз, арван хоёр нь одоо хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно, арван гурав нь би чамайг үзэн ядаж байна, арван дөрөв нь чи миний цорын ганц эрдэнэ, арван тав нь чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Мөн сүүлийн үед залуучууд 67, 69 ширхэгтэй цэцгийн баглаа худалдан авдаг болсон талаар цэцгийн дэлгүүрийн худалдагчид ярьж байлаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Анод”, “Зоос” болон “Жаст” группын дампуурлын ард сонсогдож явсан “Монгол газар” компани санхүүгийн чадваргүй болжээ

-ШҮҮХЭД НИЙТ 84.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛ ИРҮҮЛЖЭЭ-“

“Монгол газар” ХХК дампуурлаа зарлах хэмжээнд хүртлээ хямарч, санхүүгийн чадваргүй болсон гэх мэдээлэл сүүлийн үедгарах болов. “Монгол газар” компани татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн аж. Иймд тус компанийн захирал Ц.Мянганбаяр өнгөрсөн зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Энэмэт байдлаас улбаалан дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт гаргасныгДүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйг тогтоосон байна. Тиймээс тус компаниас авлагатайаж ахуйн нэгж, байгууллагуудыг шүүхэд нэхэмжлэл гаргахыг анхааруулан шүүхээс мэдэгдэл гаргасан. Цагтаа “Анод”, “Зоос” гэсэн банкууд дампуурч эцэст нь “Жаст” групп дампуурч байсан үйл явцыг уншигчид мэдэх биз. Эдгээр байгууллагууд дампуурахад ард нь “Монгол газар” компани буюу Ц.Мянганбаярын нэр явж байсан. Шалтгаан нь тус компанийн “Олон овоот”-ынорд. “Анод”, “Зоос” банкны барьцаанд байсан “Олон овоот” ордын лиценз банкуудыг хямрааж, дампууралд хүргэсэн гэж үздэг бол “Жаст” групп энэордыг эзэмших болсноос олон сая төгрөгийн алдагдалд орж мөн л дампуурсан. Харин эцэст нь “Монгол газар” буюу Ц.Мянганбаярындампуурал яригдаж эхэллээ. Гарч буй эл мэдээллийн ард ямар нэгэн зорилго байхгүй биз гэсэн асуулт тодорхой хүрээнд явж байна. Заримхүн“Монгол газар”компани өр төлбөр хариуцлагаас мултрах гэсэн амархан арга нь дампуурал биш биз гэсэн болгоомжлол байгааг ч нуухгүй байна. Гэвч эцсийн дүндээ тус компанийн дампуурал болон санхүүгийн эрсдэлд орсон эсэхийг шүүх тогтоох юм. Иймд тус компанитай холбоотой өрнөөд буй мэдээлэлд анхаарлаа хандуулъя.

АВЛАГАТАЙИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

“Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон.Хариннэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах үүднээс “Монгол газар” компанийн төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. “Монгол газар” компани дампуурлаа зарлах нь гэсэн мэдээлэланх гарахад Ц.Мянганбаярыг нийгмийн даатгалд 10 гаруй, Монголбанкинд 30 гаруй, хувийн компаниудад мөн олон тэрбум төгрөгийн өртэй гэж мэдээлэгдэж байсан. Тэгвэл Татварын ерөнхий газар, Иточу корпораци, Монгол банк, Чингис хаан банк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар гээд гадаад, дотоодын томоохон төрийн болон хувийн хэвшлийн компаниуд шил даран нэмэгдэж буй бололтой. Тус компаниас авлагатай гэх нэхэмжлэгчдийн шүүх хурал болж, хуралдаанд нэхэмжлэгчээр хувь хүн, аж ахуйн нэгжийн 14 төлөөлөл оролцож, нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирүүлжээ.

“ИТОЧУ” КОРПОРАЦИД 59.8ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ГЭНЭ

Тухайлбал,ирсэн нэхэмжлэлийн 70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын “Иточу” корпорациас, “Монгол банк”-ны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум, Татварын ерөнхий газар 2.6 тэрбум, Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, “Киа моторс” компанид 68 сая төгрөг, “Хьюндай моторс компанид 18 сая төгрөг, иргэн Д-д 5 сая төгрөгийн тус тус өр нэхэгдэж байгаа аж. “Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэх хандлагатай байгаагэнэ. Нэхэмжлэгчдийн хурлаар “Монгол газар” компанийн санхүүд шалгалт хийгээд“Монгол такс” компани нэхэмжлэл гаргасны дагуу авлагатай компанийн нэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Иточу, “Монгол банк”, Татварын ерөнхий газар, “Чингис хаан” банк зэрэг нэхэмжлэгчид “Нэхэмжлэгчдийн зөвлөл”-өөр сонгогдсонгэх мэдээлэл бий.

“МОНГОЛ ГАЗАР”БА Ц.МЯНГАНБАЯР

“Монгол газар” ХХК нь ашигт малтмалын ордын олборлолт, геологийн эрэл хайгуулын ажил болон худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготойгоор 1992 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдаж байсан гэдэг. Тус компани нь өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод гаргах, ая­лал жуулчлал, зочид буудал, рестораны үйлчилгээ гэх мэтээр бизнесийн гараагаа эхэлсэн. Алтны уурхайг ашиглахын зэрэгцээ, геологи хайгуулын судалгааны ажлыг явуулж, ашигт малтмалыг илрүүлж, судалгаа шинжил­гээний ажил хийснээр цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг.1994 онд Японы “Хасабе Интернэйшнл” ХХК-тай хамтран олон улсын жишгээр дөрвөн одтой “Цэцэг” зочид буудлыг байгуулсан гэнэ.

1996 онд ашигт малтмалын ордыг хайх, олборлох чиглэлээр “Монгол Майнинг” ХХК-ийг байгуулсан бөгөөд Хэнтий аймаг дахь Хемелийн орчмын 40.0 тонн /Р зэргээр/ алтны нөөц бүхий талбайд эрэл, хайгуулын ажил явуулж зохих хэмжээний олзворлолт хийсэн. 1997 онд инженер, геологи-хайгуулын “Их үүсгэл” ХК-ийг хувьцаагаар худалдаж авсан. “Их үүсгэл” компани нь геологи хайгуул, судалгааны ажлыг орчин үеийн түвшинд явуулах лаборатори, өрөм болон бусад техник хэрэгсэл, элс угаан баяжуулах скруббер үйлдвэрлэдэг механик цех, автомашины засварын газар, гарааш, агуулах, бензин түгээгүүр болон төмөр замын салаа, 4 га талбай барилга байгууламж бүхий 1.5 тэрбум төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй. 1998 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт орших Хонгилтын ордоос 350 кг алт олборлосон нь Монгол банкинд тушаагдсан алт олзворлогч аж ахуйн нэгжүүдийн долдугаарт бичигдсэн байна. 1999 онд Катерпиллерийн тоног төхөөрөмжөөр 400 кг алт олзворлосон.

2000 оноос шинээр нээсэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын алтны шороон ордыг Японы Иточу Корпорациас худалдаж авсан Комацугийн 35 нэгж техник, тоног төхөөрөмжөөр нийт 4.3 тонн алт олзворлосон байна. Улсад алт олборлолтоор 2001 онд 1-р байр, 2002 онд 2-р байр эзэлсэн. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Герман улсын “KRUPP” үйлдвэр, ОХУ-ын Байгалийн чанад дахь алт үйлдвэрлэгчдийн нийгэмлэгтэй нягт холбоотой ажилладаг. Алт хайлалтаар Өмнөд Солонгосын GN & Gold, хайгуулын ажлаар ОХУ-ын Новосибирскийн геологийн академитай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна “Монгол газар” ХХК нь МУИС, ТИС-ийн холбогдох тэнхимүүдтэй байгаль орчныг түргэн сэргээх боломжтой шинэ техник нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн гэсэн арвин их намтар гарч ирж байх юм.

ХАРИН АЛТНЫ МАГНАТ ГЭХ ТҮҮНИЙ ТАЛААР ИЙМ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 14-р сургууль төгсч, 1989 онд МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсчээ.

Дараа нь Дубна хотын Олон Улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оноос одоог хүртэл “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч, Монголын Сумо бөхийн Холбооны ерөнхийлөгч,Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, 2000 оны Шилдэг бизнесмэн. 2001 оны Энэрэнгүй үйлстэн, 2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөлтэй, хүүхдийн төлөө ариун үйлстэн болж байсан байх юм.

Ц.МЯНГАНБАЯР: ЭНЭ АСУУДАЛ ДУУСАХААР НЭГ МӨР ЯРЬЯ

Энэ талаар зарим нэгэн зүйлийг“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас тодруулсан юм.

-Танай компанитай холбоотой мэдээлэлгарч байна. Энэ бүхэн үнэн үү. Нэр дурдагдажбуй авлагатай компаниудын талаар мэдээлэл өгөөч?

-Шүүхийн шатанд явж буй асуудал.Энэасуудал дуусахаар нэг мөр ярилцлага өгсөн нь дээр байх.

-Танай компани хэдийнээс санхүүгийн алдагдалд орсон юм бэ?

– Энэ тухай хэлэх, ярих цаг нь арай болоогүй байна. Мөн дээрээс ньнэхэмжлэлийн хэмжээ ч нарийн гараагүй байгаа. Ирэх гуравдугаар сар гаргаад энэ тухай дэлгэрэнгүй ярьсан нь дээр байх.

-Бидэнд үйл явдлын товч мэдээлэл хэрэгтэй байна. Боломжоороо энэ тухай яриач?

-Одоо хэрэггүй биз дээ хэмээн ярихаасаа татгалзсан юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар бол компанийг татан буулгах шийдвэр гаргах эрхтэй хоёр субъект байдаг. Үүнд нэгдүгээрт хувь нийлүүлэгчдийн хурал, хоёрдугаарт шүүх юм.

КОМПАНИЙГ НЭХЭМЖЛЭГЧДИЙН НЭХЭМЖЛЭЛЭЭР ХУУЛИЙН ДАГУУ ДАМПУУРУУЛЖ БОЛДОГ

Компанийн бүх нэхэмжлэгчид нэхэмжлэгчдийн хороог сонгон байгуулж компанийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагааны төлөвийг хэлэлцэх нэг арга бас байдаг байна. Дампууралд орсон компанийн хувьд хоёр сонголт байдаг юм байна. Нэгдүгээрт компанийн үйл ажиллагааг дэмжин үргэлжлүүлэх, үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлснээр компани дахин хэвийн байдалд орж чадна гэж үзсэн тохиолдолд ийм шийдвэр гаргадаг байна. Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчид өр төлбөрөө бүрэн гаргуулж авах боломж харьцангуй ихгэж үздэг бололтой.Шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш 60 хоногийн доторнийт нэхэмжлэлийн шаардлагын 1/3-ээс дээш хувийг нэхэмжилж буй нэхэмжлэгчид тус тус шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлэх эрхтэй байдаг байна. Гэвч нэхэмжлэгчид компанийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж үр дүнг хэлэлцээд компанийн үйл ажиллагааг яг одоо зогсоох нь цорын ганц арга зам юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэх нь цөөнгүй байдаг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.Сайн дураараа дампуурлаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд компанийг нэхэмжлэгчдийн нэхэмжлэлээр хуулийн дагуу дампууруулж болдог аж. Энэ тохиолдолд мөн компанийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах эсвэл бүрмөсөн зогсоох шийдвэр гаргадаг байна. Компани төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хуулийн дагуу дампуурлыг зарладаг аж. Юутай ч шүүх эцсийн шийдвэрийг гаргах хэдийч хуулийн хүрээнд авч болох олон арга бий гэдгийг эндээс харж болох юм.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Зуун жил дурсагдах зодоон

“Би энэ тулааныг зарлаж байна. Өөр хэн ч биш. Би өөрөө түмэн олонд энэ зодоон зохиогдох өдрийг тунхаглаж байна.” гэж Мэйвезэр хэллээ.

Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд өнөө цагийн шилдэг боксчид болох Мэйвезэр Пакьяо хоёрыг учруулж тулалдуулахыг оролдсон байгууллага, хувь хүмүүс, менежерүүдийг тоол­бол тоогоо алдана. 1974 онд Заирт (өнөөгийн ардчилсан Конго) зодолдсон Мухаммед Али – Жорж Формэн нарын тулаантай дүйхүүц хэмжээний алдартай хэмээн яригдаж байгаа, ирэх тавдугаар сарын хоринд товоо зарласан энэ агуу зодоон юугаараа бусдаас ялгагдаж, үй түмэн хүний анхаарлыг татах ёстой юм бэ, жаахан тайлбарлая.

Үеийн үед боксын ертөн­цийн хамгийн сонирхолтой жин нь үнэмлэхүй хүнд жин байлаа. Энд Али, Фрэйзер, Формэн нар зодолдож бок­сын ертөнцийг мөнгөтэй холбоод шоу гэж юу байд­гийг таниулж эхэлсэн бол тэднийг үргэлжлүүлээд Холифилд, Тайсон, Льюис нар улам боловсронгуй болгож үзэгчдийн анхаарлыг өөрсдөдөө татаж чадаж байсан юм. Тэгээд ах дүү Кличкогийн үе эхэлсэн дээ. Кличкогийн үетэй зэрэгцээд хүнд жингийн боксчдын эрин үе дууссан гэхэд болно. Тэд “хэтэрхий зөв” зодолддог, Сул өрсөлдөгчдийг сонгодог, тэдний зодооныг үзэхэд бусдыг татах гоо сайхан огт үгүй, тэд бокс ойлгодоггүй Европ тивдээ л хаанчилдаг гэх мэтээр муулдаг л даа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч гэлээ эдгээр украйн залуус ноёлох болсон сүүлийн арван хэдэн жилд үнэмлэхүй хүнд жингийн бокс үзэгчдийн анхаарлыг татахаа больсон нь л үнэн юмдаг. Нэгэнт л энэ жинг үзэхгүй юм бол өөр жинг анхаарч л таарна биз дээ. Яг ийм үед нэг талд нь Мэйвезэр, нөгөө талд нь Пакьяо бужигнуулж байлаа. Тэдний зодооныг үзэх урамтай. Ялангуяа ази залуу Мэнни Пакьяог тулалдаж байгааг харахад ч тансаг шүү дээ. Хүсвэл маргааш Филиппиний ерөнхийлөгч болж чадна гэж ярилцдаг Ази тивээс урд өмнө нь гарч байгаагүй, хойшид ийм авьяаслаг боксчин дахин төрөх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй Эммануэль, Дапидэран Пакьяо буюу Мэнни Пакьяо гэгч нь 1995 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьж, өдөн жинд (50,84 кг) зодолдож эхэлснээсээ хойш дэлхийн томчуудыг хиаруулж яваа нэгэн билээ. Жил өнгөрөх тусам жин нь өсч, өнөө цагт хагас дунд жинд (66,73 кг) зодолдох болсон тэрбээр энэ жилүүдэд мөн ч олон жинд аварга авсан даа. Тэгвэл нөгөө талд нь Мичиган мужид төрсөн Флойд Жо Мэйвезэр гэх хар арьстай залуу бас л бага жингээс дунд жин хүртэл, бас л ерээд оны дунд үеэс өдийг хүртэл боксын гайхамшгийг харуулан наадсаар ирлээ. Тэд мэргэжлийн боксын дөрвөн байгууллагын аваргын бүсийг хуваан эзэмшдэг. Тэд өөр өөрсдийнхөө замаар туучин явахдаа бие биенээсээ зугтаж байсангүй. Зүгээр л хувь заяаны эрх, мөнгө санхүүгийн тохиролцоо, цаг хугацааны давчуу байдал, менежер өмгөөлөгчдийнх нь үл ойлголцлоос шалтгаалан учирч чадалгүй явсаар зургаа долоон жилийг өнгөрөөчихөжээ. Одоо тэд 36, 37 настай дунд жингийнхний хувьд “нар жаргах” тал руугаа хэвийсэн хугацаа. Тийм ч учраас элдэв зуучлагч завсрын хүн үгүйгээр сагсан бөмбөгийн талбай дээр санамсаргүй таарч бөмбөг шидэж байхдаа “нас явлаа шүү найзаа, зодолдчих уу, тэгье” гээд л шийдчихсэн сураг байна. Тавдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд чамбай бэлдэх нь ойлгомжтой.

Тэдний гэрээнд байгаа, урд нь тохиролцоход овоо гайгүй саад болж байсан нэг заалт нь Мэйвезэрийн хүсэж буй бүтэн сэргээшийн шинжилгээнд Пакьяо хамаарагдаж байхаар болсон байна лээ. Мэнни энэ тухай хэлэхдээ “За яахав түүнийхээр болог, өнөөдрөөс эхлээд элдэв хагас бэлэн бүтээгдэхүүн, химийн гаралтай хүнс хэрэглэхээ болихоос, эгзэг нь таараад баахан бордой хэрэглэсэн малын махан стэйк идэж Мэйвезэрийн бахыг хангаад яахав.” гэсэн байна лээ. Аргагүй шүү дээ. Тэр жил дугуйн спортын од Контадорын цусны шинжилгээнд кленбутерол илэрч мань хүн “би буруугүй ээ, миний уржигдрын шинжилгээ зүгээр байсан шүү дээ. Энэ өчигдөр идсэн стэйкнээс үүдэлтэй байх.” гээд өчнөөн зүтгээд дийлээгүй хоёр жилээр торгуулж байсан шүү дээ. Тэмцээн эхлэхээс өмнө нь хэн нэгэн сэргээшийн шалгалтанд бүдрэх, гэмтэх зэрэг товлосон өдрийг цуцлах үйлдэл хийвээс тэр хүн нь асар өндөр торгуульд унах тул хичээхээс өөр гарц алга. Одоо гэрээтэй холбоотой зарим баримтуудыг танилцуулъя.

-Сэргээшийн өргөтгөсөн шалгалтыг зөвхөн USADA явуулах бөгөөд түүнд Невада мужийн NSAC тусална.

-Шууд нэвтрүүлгийн эрхийг HBO ба Showtime эзэмшинэ.

-Хагас дунд жин буюу 66,7 кг-ийн WBA, WBC, WBO байгууллагуудын аваргын бүсийн төлөө тоглоно.

-Энэ тулаанаас Мэйвезэр 120 сая ам. доллар, Пакьяо 80 сая ам.долларын шагналыг хүртэл тооцоо бий. Боксын ертөнцөд хэн ч хэзээ ч ийм өндөр шагнал авч байсангүй.

-Мэдээж ийм “аймар” сүпэр тулааныг Лас Вегасын MGM Grand зохион байгуулах бөгөөд тов гараад арван таван минут өнгөрөхөд энэ буудлын бүх өрөө захиалагдаад дууссан байлаа. Түүнчлэн 2500-аас 5000 ам.долларын үнэтэй тасалбарууд тэр өдөртөө дууссаны тал хувийг нь дамчид хүртсэн гэж ярилцаж байна.

Ийм л агуу тоглолт та биднийг хүлээж байна даа. Хэдийгээр эд гялалзаж байхдаа учирч чадаагүй ч гэлээ, одоо оройтсон юм алга. Аль аль нь боксыг шоу болгож чаддаг, үзэгчдийн төлөө үзүүштэй довтолж тоглодог энэ залуусын тулаан үзсэнийхээ дараа олон жил дурсах агуу зодоон болно доо.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Дракула гүнгийн өгүүлэгдээгүй түүх

Эртнээс эхлэн хүн төрөлхтөний дунд цус сорогч байдаг уу гэсэн асуулт байсаар ирсэн. Цус сорогч буюу вампир байдагт итгэгчдийн дийлэнх нь олон зууны өмнө амьдарч байсан Румыны Дракула гүнг цус сорогч хэмээн үздэг. Тиймээс хүмүүсийн энэ бодол дээр тулгуурлан Дракула гүнгийн тухай тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан байдаг. Эдгээрээс хамгийн сүүлд бүтээгдсэн нь Юнивэрсал кино компанийн бүтээл Dracula Untold юм.

Трансилванийн хунтайж Влад хүүхэд ахуйдаа Туркийн Султаны гэрт өсч түүний цэрэгт алба хаасан нэгэн. Туркт байхдаа жинхэнэ цэрэг эр болж “сүлбэгч” хочтой болсон тэрээр өөрийн вант улсаа захиран амар жимэр амьдрах ч Султан хаан тэдний 1000 хөвүүнийг өөрийн армидаа авахыг тулган шаарддаг. Султаны шийдвэрт дургүйцсэн Влад өөрсдийн хөвүүдээ өгөхөөстатгалзаж төрсөн хүүг нь авахаар ирсэн элч нарын амийг хороосноор ард түмнээ аюулд оруулдаг. Өөрсдөөс нь хэд дахин хүчтэй Туркийн армийг ялахын тулд Влад цус сорогч болохоос аргагүйд хүрнэ.

Ирландын зохиолч Брам Стокерийн 1897 оны Дракула зохиол цус сорогчийн тухай хамгийн алдартай зохиолд тооцогддог. Тиймдээ ч өмнө нь энэ зохиолоос сэдэвлэсэн кинонууд голдуу бүтээгдэж байснаас хамгийн алдартай нь Фрэнсис Форд Копполагийн Дракула юм. Харин Dracula Untold бол энэ зохиолд огт дурдаагүй үйл явдлыг өгүүлдгээрээ онцлог.

Юниверсал кино компани 2007 оноос эхлэн Дракулагийн тухай кино хийхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ төсөлд хэд хэдэн найруулагч, жүжигчин оролцох талаар яригдаж байсны дотор Аватар кинонд тоглосон Сэм Вортингтоныг Дракулад тоглоно гэх яриа гарч байв. Харин 2013 онд албан ёсоор Люк Эванс сонгогдсоныг зарлажээ. Люк Эванс өмнө нь Шадар гурван цэрэг киноны Арамис, Хоббит киноны Бардад тоглож олны танил болсон. Владыг цус сорогч болгодог хөгшин цус сорогчийн дүрд эхэндээ залуу жүжигчин Чарли Кокс тоглосон ч энэ дүрд нас тогтсон Чарльз Дансыг тоглуулахаар болсны дараа тухайн хэсгийн зураг авалтыг дахин хийжээ. Владын эхнэр Мирэнагийн дүрд Канадын жүжигчин Сара Гэйдон тогложээ. Тэр өмнө нь Dangerous Method кинонд сэтгэл зүйч Карл Юнгийн эхнэрийн дүрд тоглож байсан бөгөөд аль аль кинонд хойд америк биш англи аялгаар ярьж тоглосон юм.

Dracula Untold Universal Pictures

Олон зууны өмнө Трансилваны гүн Vlad-ыг хөрш зэргэлдээх Туркын султан мянган хөвүүнийг төрсөн хүүтэйгээ хамт армид нь өгөхийг шаарджээ. Өөрийн хаант улс, гэр бүлээ хамгаалахын тулд Vlad өндөр уулын агуйд амьдардаг цус сорогчтой амь насаараа гэрээ байгуулж, бүхнийг дийлэх хүчтэй цус сорогч болов. Vlad энэ чадвараа ашиглаж Туркын армийг бут ниргэх ч цус сорогч хэвээрээ үлдэх тавилантай байж.

The Book of Life 20th Century Fox

Мексикийн Сан-Ангел хотын Manolo, Joaquin гэх хоёр залуу үзэсгэлэнт Maria-д хоёул зэрэг дурлажээ. Maria-д үнэндээ Manolo илүүтэй таалагдаж байсан ч эцэг нь хотоо хамгаалуулахын тулд баатар Joaquin-тай охиноо гэрлүүлэхийг хүсч байлаа. Manolo-г Maria-тай гэрлэнэ гэж La Muerte, харин Joaquin-ыг гэрлэнэ гэж Xibalba нарын бурхад хоорондоо мөрийцсөн нь эрчүүдийн хоорондох өрсөлдөөнийг улам ширүүсгэнэ.

Men, Women & Children Paramount Pictures

Өсвөр насныхан болоод тэдний эцэг эхийн хандлага интернэтийн энэ эрин үед хэрхэн өөрчлөгдсөн бол? Охиноо болж л өгвөл хөвгүүдээс хол байлгахыг оролддог Patricia охинд нь ирэх найз залуугийнх нь дуудлага, мэссэж бүрийг устгана. Patricia-гийн охин Brandy ээжийнхээ үйлдэлд дургүйцэх ч ээж нь өөрийнхөөрөө зүтгэсээр. Энэ бүхний эцэст эцэг эхийнхээ салалтаас болж шаналж явсан Tim эмээ хэтрүүлэн хэрэглэхэд хүрнэ.

The Tourist Sony Pictures

Британийн тагнуулын албаны ажилтан Elise Венец рүү аялж явсан америк жуулчин Frank-тэй галт тэргэнд танилцан түүнийг эргүүлж эхэлнэ. Энэ даалгаврыг Elise-д олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Alexander Pearce хэмээх гэмт хэрэгтэн өгсөн байв. Alexander Pearce-ийг баривчлахаар цагдаа болоод оросын мафи хөөцөлдөх тул Elise, Frank нарын амь нас эрсдэлд орно. Энэ бүхний эцэст санаанд оромгүй эргэлт гарч Elise-ийг гайхашруулдаг.

Люк Эванс

Уэлсийн жүжигчин, дуучин Люк Эванс жүжигчний гараагаа Лондоны театруудаас эхэлж, 2010 онд тоглосон Титануудын дайсагнал киноны Аппологийн дүрээр олонд танигдсан. Үүний дараагаар Хоббит, Үхэшгүй мөнхийн бурхад, Шадар гурван цэрэг, Галзуу хурд зэрэг голдуу адал явдалт, уран зөгнөлт кинонуудад тоглох болсон. Эдгээрээс хамгийн алдартай нь Хоббит киноны Бард юм.

Үзэгч бүсгүйчүүдийн дунд сайхан залуу хэмээн шагшигддаг Люк ижил хүйстнээ сонирхогч бөгөөд үүнийгээ огт нуудаггүй. Түүнийг GQ сэтгүүлээс энэ оны “Их Британийн хамгийн сайхан хувцасладаг 50 залуу”-гийн нэгээр шалгаруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Өсөхбаяр: Битүүний орой хөдөө суугаа ээж рүү ярьтал өмнөөс уйлаад жигтэйхэн баярлаж байлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” групп, “Булган хангай” дэвжээний бөх Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр модон хонин жилийн сар шинийн барилдаанд залуу заан Ч.Санжаадамбатай үлдэж үзүүр булаасан билээ.

Хонин жилийн сар шинийн барилдаанд үзүүр булаалаа. “Хоёр гуяа савчиж шидлээд ирэхээрээ ч Өсөхөө заан аатай даа” гэж бөх сонирхогч олон хэлдэг. Өөрөө бол задгай барилдаантай бөх. Өнөө жилийн цагаан сараар их сайхан барилдаан үзүүллээ?

-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй байсан. Түүний үр нөлөө гарлаа гэж бодож байна. “Булганхангай” дэвжээнийхээ бөхчүүдтэй уламжлал ёсоороо бэлтгэлээ базаасан. Манай дэвжээнд улсын гарьд И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргалаар ахлуулсан олон хүчтэнүүд бэлтгэл сургуулилтаа хийдгийг бөх сонирхогч олон мэдэх байх. Миний хувьд санасан бодсон хэмжээндээ хүртэл сайхан барилдлаа. Үзэгч олонд түрүүлчихгүй яав гэсэн бодол байсан байх. Сар шинээр золгож, уулзсан бүхэн баяр хүргээд, “Санжаадамбыг барсангүй юу. Өсөхөөгөө түрүүлэх байх гэж харж байлаа” хэмээн хэлж байв. Миний хувьд сар шинийн барилдаанд анх удаа түрүү үзүүрт шалгарч, үзүүр булаасандаа ихэд баярлан, бэлгэшээж байна. Тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох барилдаан гэж манайхан хэлдэг. Өнөө жилийн наадмаар сайхан барилдах байх. Тийм итгэл төрлөө.

Өмнө нь цагаан сарын барилдаанд хэрхэн амжилт үзүүлж байв даа?

-2012 оны луу жилийн сар шинийн барилдаанд тав давж их шөвгийн наймд үлдэж байсан юм. Тэр жил чинь Мөнхбат аварга түрүүлж, Мөнхбаатар арслан үзүүрлэж байсан. Говь-Алтайн Ду.Батбаяр начингаар дөрөв, Увсын П.Бүрэнтөгс арслангаар тав давж зургаагийн даваанд Сангисүрэн начинд тахимаа өгсөн. Харин дараа жилийнх нь сар шинийн барилдаанд зодоглож чадаагүй.

Яагаад тэр билээ?

-Олимпийн аварга, эрхэм дотнын анд нөхөр Н.Түвшинбаярын хамт АНУ-ыг зорьж байв. Найз маань өвдөгний хагалгаанд орсон. Тэгэхэд нь хамт байж сар шинийн барилдааныг өнжиж байсан.

Өнөө жилийн сар шинийн барилдаанд Бүрэнтөгс, Батсуурь гээд Увсын залуу арслангуудыг дараалж давсан. Тэд бол төрийн наадамд түрүүлсэн бөхчүүд. Арслангуудтай хэрхэн барилдсанаа хуваалцахгүй юу?

-Гурвын даваанд Өвөрхангай аймгийн арслан Б.Батдоржийг амлаж барилдаад давсан. Батдоржийн хувьд “Хилчин” спорт хороонд улсын арслан Б.Ганбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг улсын цолонд ойр яваа бөх. Дараа нь Говь-Алтайн Батбаяр начинтай оноолт таарсан. Өмнө нь олон удаа барилдаж байсан хэн хэнийхээ барилдааныг мэдэхийн хувьд барилдаан таарсан гэж хэлж болно. Тавын даваанд Мөнхбаатар арслан намайг амласан. Миний хувьд хутгах мэх хийгээд давсан. Үндсэндээ шийдсэн мэхээ хийсэн хэрэг. Намайг тийм хурдан мэх хийнэ гэж Мөнхбаатар арслан бодоогүй байх. Ингээд зургаа, долоогийн даваанд Бүрэнтөгс, Батсуурь арслангуудтай хүч үзсэн. Бөх сонирхогч уншигч олон ямархан барилдаан үзүүлснийг санаж байгаа болохоор юу ярих вэ. Ерөнхийдөө шийдсэн мэхээ хийгээд санасан хэмжээндээ барилдсан. Бүрэнтөгс арслантай ч, Батсуурь арслантай ч аль алинтай нь барилдаан таардаг бөхчүүд л дээ.

Санжаадамбыг барсангүй юу нээрээ?

-Санжаадамба заан бол энэ цаг үед үнэхээр л барилдах гэж төрсөн сайхан бөх. Бөхийн ёс жудгийг чандлан хадгалж байгаа залуу хүчтэн гэж Санжаа заанаар бахархдаг. Бид өмнө нь олон таарч барилдсан. Түвшинбаярыг олимпийн аварга болоод ирэхэд Булган аймаг аваргадаа зориулж том баяр хийсэн. Улсын цолтой ихэнх бөхчүүд очиж барилдахад Санжаадамба бид хоёр түрүү үзүүрт үлдэж, миний бие түрүүлж байлаа. Санжаадамба цагаан сарын барилдаанд өмнө нь Өсөхөө аваргыг давж улсын цолгүй түрүүлж байсан удаатай. Даваа өгсөх тусам задгай барилддаг бөх л дөө. Миний хувьд жаахан түргэдсэн тал бий байх. Давуулах гээд буруудчихсан. Гэхдээ харгүй сайхан барилдаад л унасан.

Сар шинийн барилдаанд өөрийгөө түрүү үзүүрт үлдэнэ гэж бодсон уу. Гэр бүлийнхэн болоод ойр хүрээний хүмүүс чинь ихэд баярласан нь мэдээж?

-Ямар ч барилдаанд тэд эд давна гэсэн ойлголт төрөхгүй шүү дээ. Зүгээр л сайхан барилдъя л гэж бодно. Өнөө жилийн цагаан сараар ч ялгаагүй. Тэгж л бодсон. Харин битүүний орой Булганы Бүрэгхангай суманд суугаа ээж рүүгээ ярьсан. “Хүү нь үзүүрлэчихлээ” гэтэл өмнөөс уйлаад, цаана нь байгаа ах дүү нар маань жигтэйхэн их баярлаж байгаа нь утасны цаанаас мэдрэгдэж байлаа. Унах, давах бүрт минь хамт байдаг Баасандорж ах маань мэдээж их баярласан. За тэгээд “Булганхангай” дэвжээний хамт олон, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, “Жигүүр гранд” группийн хамт олон маань ихэд баярласан болов уу.

Баасандорж заан яагаад зодоглосонгүй вэ?

-Бэртлийн улмаас зодоглоогүй ээ. Түүнээс Баасандорж ахын бэлтгэл сургуулилт тун сайн байсан. Энэ оны эхээр болсон Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд харцага Оюунболдтой үлдэж түрүүлж байсан шүү дээ. Манай хүн цагаан сарын барилдаанд өмнө нь их сайн барилдаж байсан. Их шөвөгт ч шалгарч байсан. Энэ удаа бэртлийн улмаас барилдсангүй.

Баасандорж заан та хоёрыг эгч дүүсийн хүүхдүүд гэдгийг хүмүүс мэднэ. Удам гарлынхаа тухай сонирхуулахгүй юу?

-Өвөө маань “Өндөр” Цэрэндолгор гэж аймгийн начин цолтой бөх хүн байсан. Манай аав болохоор огт барилддаггүй хөдөөний малчин хүн байв. Харин аавын төрсөн дүү Ц.Мөнхбаатар гэж сумандаа найман удаа түрүүлсэн сумын заан бий. Бүрэгхангайдаа бол “дархан аварга” юм даа. Д.Баасандорж ах ээжийн төрсөн дүү нь. Тэгэхээр би аав ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай гэж хэлж болох юм. Намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн өвөө маань. “Миний хүү мундаг бөх болно” гэж үргэлж урмын үгээр мялаадаг байлаа. Би чинь багаасаа л барилдах өвчтэй, сахилгагүй нөхөр байсан. Дээд ангийнхаа хүүхдүүдтэй нударга зөрүүлээд багш нарын зөвлөгөөний хурлаар олон орсон доо. Сургуулийн захирал Догсом гэж өөрөө бөхөд дуртай залуудаа шаггүй барилддаг хүн байсан. Би бөхийн дугуйланд нь гуравдугаар ангиасаа эхэлж явсан юм. Намайг дүрсгүйтээд хурлаар ороход байнга өмөөрдөг сөн. Гуравдугаар ангийн сурагч аймгийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанд зодоглох гэж очоод бичиг баримтгүй гэж хасагдчихаад уйлж суусан даа. Бөхөд тэгж л амиа тавьдаг байж билээ.

Хүн бүр багадаа тэр хүн шиг л мундаг бөх болно гэж ихэвчлэн мөрөөддөг. Өөрийн тань хувьд?

-Эхлээд сумын заан Ц.Мөнхбаатар ах шигээ бөх болно гэж боддог байлаа. Мөнхөө ахтай хамт зэргэлдээ сумдын наадамд очно. Тэгээдбайнд авсан даагыг нь хөтлөөд буцна шүү дээ. Өөрөө түрүүлчихсэн шиг л баярлана, хөөрнө, догдолно. Тухайн үед ах их л том бөх юм шиг санагддаг сан. Дараа нь улсын цолтой бөхчүүдийг зурагтаар хараад Д.Сумъяабазар аваргаас аваад л олон хүнийг биширч эхэлж байгаа юм чинь. 1994 онд Сумъяа аваргыг начин болох жил нь би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа.

Өсөхөө заан маань хэдийд анх өөрийгөө бөх болох нь гэж урамшиж байв. Хүмүүст сонин байх болов уу?

-2000 онд наймдугаар ангиа төгссөн жил Д.Баасандорж ахтайгаа хамт бөх болно гэж хот руу орж ирсэн. Тэгээд 2001 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад шагналт дөрөвдүгээр байр эзэлж, тэр жилийнхээ цагаан сараар өсвөрийн барилдаанд түрүүлэн ихэд урамшиж байсан. Үнэхээр бөх болчих юм болов уу гэсэн итгэл төрж эхэлсэн нь тэр. 2003 ондКазахстанд болсон самбо бөхийн залуучуудын Азийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн. Эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлэх ямар бахтайг тэгэхэд анх мэдэрч билээ.

Аймгийн цол хэзээ хүртсэн бэ. Мөн улсын наадамд хэдэн онд анх зодоглосон бол?

-Хоёр мянга дөрвөн онд Булган аймгийнхаа наадамд аймгийн цол хүртчих санаатай зодоглосон юм. Тэгтэл тавын даваанд Түвшээтэйгээ (олимпийн аварга, хөдөлмөрийн баатар) тунаад өвдөг шороодсон. Өнөө цол авах мөрөөдөл будаа болж байгаа хэрэг. Ингээд жаахан гомдолтойхон байж байтал Дорноговь аймгийн наадам наймдугаар сард болох сураг дуулддаг юм байна. Аймгийн цол авчихсан гэж сэрүүн зүүдэлж байгаа үе тэнгийнхээ аваргуудтай давхиад очилгүй хаачихав. Дорноговийн наадам улсын наадмаас хойно болсон болохоор том цолтой бөхчүүд олноороо очсон байсан. Одоогийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Амартүвшин нарыг начин цолтой байхад нь өвдөглүүлж тухайн наадмын түрүү бөх болдог юм. Баярласан гэдэг тоймгүй. Ингэж л аймгийн арслан цол хүртэж байлаа. 2005 онд улсын наадамд анх зодоглосон. Төрийн наадам эхлэхийг өмнө нь зурагтаар л харж байсан. Зодог шуудгаа бүслээд цэнгэлдэх рүү ороод ирэхэд их гоё санагдаж билээ. Тэр жил Сэлэнгэ аймгийн начин Ш.Зоригтоор хоёр давж гурвын даваанд одоогийн улсын заан тухайн үед аймгийн арслан цолтой байсан Т.Санчираар тунаж давсан юм. Дөрвийн даваанд Б.Ганбат арсланд тахимаа өгсөн. “Миний дүү сайн бөх болно шүү” гэж хэлэхэд нь баярлаж билээ. Гурвын давааны төгсгөлд Ш.Тогтохбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Б.Соронзонболд зэрэг найман залуу бөхийг хэн ч амлаагүй хооронд нь тунааж байсан удаатай. Одоо бүгд л улсын цолтой хүчтэнүүд болж дээ. Төрийн наадамд анх зодоглосон жил Д.Баасандорж ах маань Хэнтийн Одхүү начингаар тав давж улсын цолонд хүрэхэд өөрийн эрхгүй баярлан наадмын талбай дээр уйлаад зогсч байсан.

Өөрөө ахаасаа нэг жилийн дараа буюу 2006 онд начин болж байсан. Бас л өөрийн хүчээр цолонд хүрч их л баярлаж байсан санагдана?

-Тийм ээ, Т.Амартүвшин харцагыг начин цолтой байхад нь тавын даваанд давж өөрийн хүчээр цолонд хүрсэн. Тэр чинь 2006 он. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан жил. 1024 бөх зодоглосон төрт ёсны баярт улсын начин цол хүртсэндээ бэлгэшээдэг.

Заан цолыг хэдэн онд хүртлээ?

-2009 онд улсын заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл ч сайн байсан. Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав, шинэхэн начин Эрдэнэбилэгийн Энхбатаар зургаа давсан юм. Зургаагийн даваанд ам сонсоход улсын цол дөнгөж хүртээд байсан гурван залуу байж байлаа. Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Э.Энхбат нар. Тэгээд л Энхбатыгаа авсан. Бид хоёр чинь нэг нутгийн нэг дэвжээний бөхчүүд шүү дээ. Харин долоогийн даваанд Н.Ганбаатар гарьдтай тунасан. Ганбаа гарьд бол надаас биеэр том, чац өндөртэй бөх л дөө. Түүнийг хутгах мэхээрээ давж заан цолонд хүрсэн.

Заан цол хүртсэнийхээ дараа жил мөн л зааны даваанд шалгарч байсан. Тэгэхдээ зургаагийн даваанд өөрийн ах Д.Баасандоржтой тунаж байлаа. Тухайн барилдаанаа эргээд дурсахгүй юу?

-2010 оны наадам шүү дээ. Зургаагийн даваанд яалт ч үгүй Дорж ах (Д.Баасандорж заан)-тай тунадаг юм. Тэгээд яахав, хүч үзсэн. Энгийн амьдал дээр ах дүү болов ч төрийн наадмын дэвжээнд ах дүү гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ бүр чиг үнэн хүчийг үзээд хоёр биенээ цуцаагаад зүтгэхэд бас хэцүү. Хэн сайн байгаа нь л дээшээ барилдахыг бодно. Ингээд Дорж ахаар зургаа даваад долоогийн даваанд тэр жилийн түрүү бөх Б.Ганбат арсланд унасан юм. Тэр жил Ганбат арслан Өсөхөө аваргыг давж түрүүлснийг манайхан мэднэ. Наадмын түрүү бөх гэдэг арай өөр байдаг юм билээ. Яалт ч үгүй баралгүй унасан юм даг. Дараа жил нь би мөн л наадмын түрүү бөх болох П.Бүрэнтөгс арсланг тавын даваанд амлаж барилдаад тахимаа өгсөн.

Ерэн жилийн ойгоор наадамчин олон Өсөхөө заандаа багагүй итгэл хүлээлгэж байсан. Ер нь цолоо ахиулах болов уу гэж тааварлаж байсан. Тэгтэл зургаагийн даваанд Д.Баасандорж заанд өвдөг шороодсон. Хүмүүс бол ахдаа өгчихлөө дөө гэсэн байдлаар хүлээж авсан даа?

-2011 онд Баасандорж ах үнэхээр гойд байсан. Төрийн наадмын түрүү болчихоод зогсож байхыг нь үгүйсгэх аргагүй байсан. Тийм болохоор ахыгаа дээшээ барилдана гэж бодсон. Тэр жил ах маань Т.Өсөх-Ирээдүй харцагаар долоо давж заан болсон доо.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Од гэвэл Норовбанзад гуай, хуучны киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажавтай ярилцлаа.

Дуучин хүн бүр тайзан дээр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Таны нэрийг зарлангуут л үзэгчдийн нүд сэргээд, нүүрэнд нь баясал тодроод ирэх шиг санагддаг юм?

-Би чинь өөрөө цоглог, эмоцитой дуунуудад дуртай. Уянгын дуунууд дуулсан л даа. Гэхдээ голдуу цоглог дуунуудтай. “Намирын гол” дуу байна. Уг нь голын тухай өгүүлсэн дуу. Хадан дундаас, дээрээс харгиж урсдаг гол учир дууны хөгжим нь хурдан байх ёстой.

Та тэр дууны хөгжмийг зохиосон юм уу?

-Миний ая шүү дээ. Уг гол нь хадан дундаас харгилж хүчтэй урсч ирээд намуухан болчихдог юм. Энэ бүхнийг нарийн судалж байж хөгжмөө хийх хэрэгтэй. Би чинь их олон тоглолт хийсэн. Монголын ард түмэндээ их хайртай шүү дээ. Яагаад гэхээр намайг л тайзан дээр гараад ирэхээр сэтгэл нь сэргээд ирдэг нь мэдрэгддэг юм. Би ямар харагддаг юм бол. Явдал алхаа гишгээ түргэнтэй хүн шүү, би. Намайг гараад ирэхээр их дуртай байдаг юм. Ард түмнээ баярлуулаад явж байна гэдэг чинь сайхан. Би 28 жил дуулчихлаа.

Дуучин М.Бямбажав гэхээр л хүмүүс таныг өнөө 1990-ээд онд дуулж байсан төрх, байр байдлаар тань хүлээж аваад байдаг?

-Нас яваад л байна. Би насыг нэг их юманд боддоггүй. Хүн төрөлхтний ёс жаягаар тийм нэг тоо цифр явж л байг. Насанд баригдаж явна гэж байхгүй.

-“Оройтсон бороо” тань 1990-ээд онд жинхэнэ хит болж байлаа. Олон хүний амьдралын дурсамжийг хөглөсөн дуу шүү?

-1990 онд ардчилал гээд л өөрчлөлт болж байсан тэр үетэй зэрэгцэн гарч ирсэн дуу. Би чинь цэргээс дөнгөж халагдаад ирсэн, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд. Зохиолчдын хороонд Үлгэрийн танхим гэж байсан юм. Би тэр танхимд ерөөлч, магтаалч байлаа шүү дээ. Азийн язгуур урлагийн наадмаас хамгийн анх Гран при шагналыг авч байлаа. Би чинь ерөөлч, магтаалч, бие биелгээ хийнэ. Аягатай бүжгийг хийдэг хүн байлаа. Юмны учрыг нь мэдэхгүй, Туяа гэж эгчийн нэг шүлгийг авчихгүй юу. Мартын наймны бичлэгт орох юм, энэ шүлэгт ая зохиочих хүн байна уу гэхээр нь би зохиоё гээд авчихсан юм. Тэгээд л би гитар дээр нэг ая зохиогоод дуулж үзлээ. Бичлэгэнд ч ороогүй юм. Эмэгтэйчүүдийг ширээнд суулгаад хүлээн авалт маягийн юм хийсэн. Тэрэн дээр нь очоод гитартай дуулчихлаа. Тэр үед магнитофон гарч байсан үе. Нэг хүн намайг дуулахад кассетанд хураалгаад авчихсан юм билээ. Өө, тэгтэл Дэнжийн мянгын хар зах дээр миний дуулсан өнөө дуу цангинаж эхэллээ дээ, “…Оройтсон бороо” гээд л. Тэр чигээрээ л ард түмэнд хүрсэн дээ. Нэмж дээр нь хөгжмийн найруулга ч хийгээгүй, клип ч хийлгээгүй, яг оригоороо нийтэд түгсэн. Гитартайгаа л хит болчихсон дуу. Цэцэрлэгийн хүүхдүүд ч дуулдаг байлаа. Одоо хүртэл хүмүүс “Оройтсон бороо”-гоо дуулаач ээ гэдэг. Дараа нь “Бэрсүүт жүрж” кинонд хүртэл “Оройтсон бороогоо захиалаарай. Хорин доллар” гээд гардаг биз дээ.

Та кинонд тоглож байсан уу?

-Үгүй. Нэг удаа санал ирсэн юм. Би их азгүй ээ, их гоё кинонд тоглуулах байсан юм билээ. Гэтэл би зураг авахуулах өдрөө гадагшаа явчихсан юм. Тэгээд л өнгөрсөн. Ер нь кинонд тоглохсон гэж боддог. Урилга ирвэл тоглоно шүү. Би чинь жүжиглэх чадвар өндөртэй ш дээ (инээв).

Нэг хэсэг хойшоо яваад байгаа дуулдсан, аль хотод нь байсан бэ?

-Ленинградад жил гаран байсан. 1994 оны үед. Тус хотод Монгол туургатны дацан байдаг юм. Тэнд Монголын язгуур урлагийг сурталчилж цамын бүжиг хийдэг байлаа. Тэндээсээ Финланд руу яваад цаашаагаа Америк гарах гээд чадаагүй юм. Ленинградад “Тогдгор” Галсантогтох ах, бүжигчин Сандагдорж, Болдхүү, Төгсөө гээд баахан бүжигчид байсан юм. Тэнд чинь зүгээр суугаагүй ээ, бид. Бурхан бүтээлцсэн. Дацанд халимаг, якут, буриад, тува гэсэн Монгол туургатны лам нар, Түвдийн том Ринбүүчи нар ирсэн байлаа. Дөрвөн метр өндөртэй бурхан бүтээсэн. Тэрэнд нь би гар бие оролцсон юм. Тэр бурхан, дацан нь одоо ч бий. Монголчууд очиж мөргөдөг. Бурхны шуумлын ажилд нь тусалж, бадамлянхуатай сэнтий гээд бүх юмнаас нь хийлцсэн дээ. Би чинь буянтай, буянтай. Бурхан бүтээлцэхэд оролцсон. Одоо тэр бурхан руугаа нэг очихсон гэж боддог юм.

Та саяхан Өмнөд Монголоор яваад ирсэн гэв үү?

-Зүүн, баруун үзэмчин, хорчингоор яваад ганц хоёр тоглолт хийгээд ирлээ, бид. Чаминчулуун эгч, Магсаржав, “Хар хархан харц”-ыг анхлан дуулсан Өвөр Монголын дуучин Отгонтуяа, Энхбат бид хэд явсан юм. Өвөр монголчууд биднийг мундаг хүлээж авсан. Миний дуунуудыг бүгдийг нь мэддэг юм билээ. Дуулж байгаад “…Үй зайгүй найз аа” гээд л микрофоноо өгөхөөр шууд л “…Үгүйлж явъя аа, нэгнийгээ” гэж үргэлжлүүлээд дуулж байгаа юм чинь. “Оройтсон бороо”-г дагаад дуулаад байсан. Их бахархмаар.

Ойрд тоглолт хийх үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хүмүүс минь амьдрах сайхан” гэсэн бие даасан тоглолтоо хийчихлээ. Дараа нь зургадугаар сарын нэгэнд багштайгаа хамт “Зуу наслаарай ээж ээ” тоглолт хийлээ. Одоогоор жаахан амрангаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Заавал уулзах тавилан”, “Сээтэн зүрхний хээ”, “Ижий дээ ирлээ”, “Янзаган нүдтэй бүсгүй”, “Цуутай алтан нутаг”, “Нутагтаа очъё доо” гээд хэд хэдэн шинэ дуу бүтээгээд эхнээс нь дүрсжүүлж байна. Баянгол дүүргийн 50 жилийн ой болох гэж байгаа. Тус дүүргийн долдугаар хороонд манайх амьдардаг юм. Долдугаар хорооныхоо сүлд дууг нь хийгээд өгчихлөө (инээв). Ер нь их л завгүй байна даа. Би дууны үг их голно. Зохиолчдын хороонд байсан. Тогоонд нь чанагдаж үзсэн хүн. Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд энэ бүх мундгууд зохиолчдын хороонд байхад л би жаахан хүүхэд очиж байсан юм чинь.

Ер нь урлагийнхан чинь бараг бүгд л чөлөөт уран бүтээлч юм уу даа. Өөрөө менежерээ хийгээд л явцгаадаг?

-Зарим залуус би менежертэй, туслахтай гэх юм. Тэр хүн ямар албан байгууллага юм уу, ганц хүнд менежер гэж яах юм. Дуучидтай хамтраад л, багштайгаа хамтарч дуулаад явж байна. Гадаадад язгуур урлаг үзүүлэхээр бол үзүүлээд л дотооддоо дуулаад л явж байна. Жуулчны бааз байвал магтаалаа уншаад л, төмөр хуураа тоглоод цуураа үлээгээд л явж байна.

Хөрвөх чадвартай, бүхий л талаа хөгжүүлсэн хүн юм?

-Би чинь уг нь бүжигчин хүн. Аягатай биелгээ, Агсал, баруун Монголын татлагуудыг биелчихнэ шүү. Багаасаа л урлагаар явчихсан болохоор энэ талдаа сонирхолтой.

Танд Ард түмний гавьяат цолыг хэзээ өгсөн юм бэ?

-Долоо, найман жил болж байна. Анх тэр тэмдгийг санаачлаад хүмүүст өгөхдөө надад өгсөн шүү дээ. Сүххуяг, Адарсүрэн ахад өгөхдөө надад бас өгсөн юм. Гэтэл тэр тэмдгийг одоо энгийн нэг зурагчин хүртэл зүүчихсэн яваа харагдах юм.

Та дуу шуутай, хөдөлгөөнтэй, юм бүхэнд оролцсон сурагч байсан болов уу?

-Би чинь багадаа магтаал их уншдаг байлаа. Сумандаа зориулж магтаал зохиочихсон, Өмнөговь сум гэдэг магтаалтай. Тэрийгээ товшуур хөгжим байхгүй юм чинь домбор дээр л точигнуулна даа. Жигмэд гуайн “Архины шог”, “Хүүхнүүдийн яриа”-г их уншина.

…Урд айлын Ундармаа

Уран дархны Хандармаа гээд л тачигнуулж өгдөг, магтаалч хүүхэд байлаа. Морин хууртай магтаал уншина. “Архины шог”-ийг их уншина аа.

Алим жимсний үрнээс

Тарьж гардаг архи бий

Айраг сүүний шимнээс

Нэрж л гардаг архи бий

Орос, Монгол архи бий

Олон янзын бий юм аа

Олж уугаад согтуурвал

Онцын согтуу тэр юм аа

Нууранд байгаа загасыг

Нуруу төмрөөр хатгана

Нууж байсан үгийг

Шилтэй цэнхэр хатгана

Цээлэнд байгаа загасыг

Сэрээн төмрөөр хатгана

Цээжинд байгаа үгийг

Шилтэй цэнхэр хатгана гээд л хэлж өгнө дөө.

Урлагийнхныг түмний нүдэнд харагдахгүй, нам жим болчихоор бор дарсанд оржээ гэцгээдэг. Таныг ч бас ийм яриа тойроогүй?

-ФМ радиогоор дуулахгүй, зурагтаар гарахгүй болчихоор хүнийг юу гэж боддог юм. Гадагшаа явчихсан эсвэл нас барчихсан нэг бол архинд орчихсон гэж ярьцгаадаг. Ийм л гурван зам байдаг юм уу. Тийм биш байхгүй юу. Уран бүтээл их сонин явагддаг болчихсон. ФМ радиод мөнгө өгөхгүй бол дуу явахгүй, зурагтад мөнгөө өгч байж дуугаа зоолгоно. Бидний үед тийм байгаагүй. Харин ч бид очиж мөнгө авдаг байсан. Биднийг хүмүүс нэгэнт л мэддэг юм чинь мөнгөө төлж ФМ, телевизэд хандаад байх шаардлагагүй. Шинэ уран бүтээлчид л тэгж явдаг юм байгаа биз.

Та аялан тоглолтоор хөдөө орон нутаг, хилээр их явдаг байх. Аян замд, очсон газарт янз бүрийн л сонин хачин, хөгтэй явдал тохиолдоно доо?

-Бүх газраар явлаа. Хангалттай, залхталаа явлаа. “Өө, ахиад л чи ирэв үү” гэхийн наагуур л бид их явсаан. Янз янзын юм тааралдана. Засан хүмүүжүүлэх газраар ч явна. Эхийн, хайрын тухай сэдэв чинь мөнхийнх шүү дээ. Дууны шүлэг гэдэг чинь хүнд их хүрдэг. Дуу сонсоод ухаараад ойлгоод гэмшдэг хүмүүс таарч л байсан.

Баян-Өлгий аймгийнхан миний “Хүмүүс минь амьдрах сайхан” дуунд их дуртай. Тэнд тоглолтоор очоод гайхаж байсан. Б.Зангад гуай, Н.Чулуунхүү багш бид гурав тоглолтоор явж байлаа. Тэгтэл намайг л ийш тийш уриад, дайлаад, казаа чанаад л. Би тоорцог өмсчихсөн, эрээн мяраан хээтэй хувцас өмсчихсөн, тэндхийн иргэн шиг л явсан. Гудсан дээр суулгаад дөрвөн талаасаа өргүүлээд явах дайны л юм болдог байлаа.

Алтанцөгц суманд тоглочихоод Цагаан нуур гээд дараа дараагийн сум руу явахад “69” машинтай хүмүүс дагасаар л байсан. Их хурлын гишүүн л явж байгаа юм шиг тэгж л явлаа. Баян-Өлгийнхөн “Найз минь” дуунд ч дуртай. Тэгж л хүндлүүлж явдаг юм. Янзан бүрийн л зүйл тохиолдоно. Нэг удаа “Соёолон” дуугаа дуулж байгаад пиджакаа тайлаад шийдчихсэн юм, үзэгчид рүү. Дотор нь өмссөн цамцны гоё ганган гэж жигтэйхэн. Бүжгийн хувцас шиг л гоё зах, ханцуйтай. Дууныхаа дараагийн бадган дээр үзэгчдийн хэсэг рүү ороод пиджакаа авах гэтэл өгдөггүй. “Өгсөн биз дээ. Бид нарт дурсгачих л даа” гээд өгдөггүй шүү. Би ч хувцсаа авах гээд татаад байдаг. Тэгтэл пиджакны нэг ханцуй нь бүхлээрээ урагдаад. Үзэгчдийн хэсгээс нэг ханцуйгүй гарч ирж билээ. Тэр ханцуй маань нэг аймагт л байгаа байх даа. Говь-Алтайд байна уу, Баянхонгорын цаана л байж байгаа даа. Өрөөсөн ханцуйгүй тэр улаан пиджак минь байгаа ш дээ.

Н.Чулуунхүү гавьяат та хоёр “Эр хоёр загал”, “Соёолон”-г дуулахдаа бүжиглэдэг. Тэр бүжгийг тань Бооёо, Сөрөлт хоёр дуурайгаад үзэгчдийг инээлгэдэг?

-Нөхөрсөг шог байдаг л даа. Тэр чинь эргээд тодорхой хэмжээний сурталчилгаа болчихдог юм уу даа. Бооёо, Сөрөлт хоёрыг тэгж элэглэхийг зурагтаар хараад инээд минь хүрч л байдаг юм.

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр дахь хүү маань дуулна. Их гоё дуулна аа. Өвөрмөц. Поп талдаа дуулдаг юм. Бас хайчилбар зураг хийнэ. Манай ээж их гоё дуулна. Аав ч сайн дуулна. Ээжийн удамд мундаг хоолойтой дуучин байсан гэдэг. Хээр явж байхдаа уртын дуу дуулахаар тэр аяараа сонсогддог ёстой талыг дүүртэл дуулдаг байсан хүн тухай сураг бий. Тэгсэн байтал би уртын дуу ёстой дуулж чаддаггүй юм. Манай удамд ерөөл, магтаал хэлдэг хүмүүс байсан ч байж магадгүй. Би чинь олон дүүтэй. Тэдэн дунд над шиг дуулдаг, урлагийн хүн болсон нь үгүй шүү.

Нутагтаа хэр очдог вэ?

-Жилдээ нэг удаа оччихдог юм, уг нь. Сүүлийн хэдэн жил очиж амжсангүй. Нутгийн минь ерэн жилийн ой ч боллоо. Бас очиж чадсангүй. Амжихгүй юм.

Зохиолын дуунд ханхүү, гүнж мүнж хүртэл гарч ирэх болж?

-Нэг юманд их харамсах юм. Дуурийн театр, цэргийн ансамбльд мундаг дуучид байна. Гоё, гоё дуучид зөндөө байна. Тэднийг л гаргаж ирмээр байна. Гаргаж ирэхгүй бол тэд зэвэрлээ. Нэг дуу хийхийн тулд ямар их мөнгө төлдөг гэж бодож байна вэ. Цэргийн дуу бүжгийн чуулга тоглолт хийе гэвэл очиж үзэх хүн байхгүй. Таньдаг дуучин тань тэнд байхгүй юм чинь та очиж үзэхгүй. Цэргийн ансамбльд Бурмаа, Мөнхбат, Банзрагч, Жавхлан, Болдбаатар нар дуулдаг байлаа гэж бодъё. Цэргийн ансамбль тоглох нь гэвэл хүн бүр очно. Тэгнэ биз дээ. Тэгэхээр дуучдаа дотроо бэлтгэх ёстой байхгүй юу. Энэ хэдэн дуучдаас илүү дуулдаг дуучид тэнд байгаа байхгүй юу. Тэр дуучдыг гаргахгүй тэнд хашаад л байдаг. Үүнийг удирдлагууд нь бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй байна. Бас нэг зүйл байна. Рок попынхон биднийг зохиолын дуучид гэцгээх юм. Тэд өөрсдөө тэгээд зохиолгүй дуу дуулдаг хүмүүс юм уу, би учрыг нь олдоггүй юм.

Та хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?

-Гадуур чинь хүмүүс “Би төдөн саяар дуулж байна” гээд зарлачихсан байх юм. Том мөнгөөр дуулдаг од гээд боддог юм уу, өөрийгөө. Манайд од гээд байх шаардлага байхгүй. Үнэндээ од гэдэг чинь тэнгэрт байдаг. Тээр дээр л гялалздаг болохоос биш од мичидтэй өөрсдийгөө зүйрлэж хэлэх хэрэггүй. Яг од гэж хэлэх юм бол Норовбанзад гуай, дээр үеийн киноны гол дүрүүдийг бүтээсэн алтан үеийнхнийг л хэлнэ. Тэр хүмүүсийг л од гэж хэлж чадна. Түүнээс биш эд нар бол зүгээр л хиймэл дагуул. Сүүлд хөөргөсөн, баттерей нь дуусахаар унадаг хиймэл дагуулууд шүү дээ (инээв). Нээрээ тоглоом биш шүү. Од мод гэхээ больцгоох хэрэгтэй, тэр хүмүүс.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Амьдралаа даатгана гэнэ үү?

Даатгалыг муу ёролсон , хэрэггүй гэж үздэг ойлголтууд хуучирч даатгалыг ач тусыг нийгмээрээ ойлгодог, бас ч үгүй хэрэглэдэг болж байна. Бидний Монголчуудын сон­гож авсан нийгмийн тогтолцоонд даатгалгүйгээр ямар ч хүн сайн сайхан амьдралын тухай санасны ч гарз юм чинь арга ч үгүй биз. Ийнхүү даатгал гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд нэвтрэхийн хирээр та бид даатгалын тухай ойлголтоо сайжруулах бодит шаардлагатай нүүр тулж байна.

Таваар мөнгөний харилцаа хүн төрөлхтөний амьдралд нэвтэрснээс эх­лээд л даатгалын хэрэгцээ бий болж улмаар ийм үйлчилгээ нэвтэрч байс­ныг Хятад, Египетийн түүхийн эх сурвалжуудаас мэдэж болно. Зах зээлийн харилцаа хөгжсөн улсуудад даатгалын үйлчилгээ мөн л сайн хөгжиж нийгэмд гүйцэтгэдэг үүрэг нь даатгагдсан иргэдэд хүрдэг үйлчилгээнээс халин улмаар ту­хайн нийгмийн өмнө тулгарч байгаа олон олон асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгсэл нь болсон байх юм.

Олон улсад даатгалыг ерөнхийд нь life insurance ба non-life insurance буюу амьдралын даатгал ба амьдралын бус даатгал гэж ангилдаг. Амьдралын даатгалыг мөн урт хугацааны даатгал гэдгээр нь ч тусад нь ангилж болно. Ийнхүү тусдаа ангилах шаардлага нь амьдралын даатгал ба амьдралын бус даатгалын үйлчилгээний ялгавартай мөн чанараас үүдэн гарч байгаа хэрэг. Амьдралын бус даатгалыг general буюу ердийн даатгал гэдгээр нь манайхан илүү сайн мэднэ.

Та бидний сайн мэддэг Wikipedia хэмээх нэвтэрхий толинд дурьдсанаас үзэхэд 84 төрлийн даатгал байдаг. Энэ нь улс төрийн, хариуцлагын, эд хөрөнгийн, далайн тээврийн, газар хөдлөлтийн, аюул ослын, нислэгийн, эрүүл мэндийн, тээврийн хэрэгслийн, зээлийн, гэмт хэргийнгээд л их олон төрөлд ангилагддаг гэсэн үг. Тэгэхдээ бас төрөл бүрийг нь задлаад үзвэл дотроо бас их олон ангилагдана. Тухайлбал, эд хөрөнгийн гэхэд л дотроо хүний эдэлж хэрэглэдэг эд хөрөнгийн төрөл бүрээр , жишээ нь малын, орон сууцны, цахилгаан барааны , тээврийн хэрэгслэлийн гэх мэтээр дотроо хуваагдана.

Амьдралын даатгал нь юугаа­раа ердийн даатгалаас ялгаатай вэ?

Юуны өмнө амьдралын даатгал нь хүний биеийг бүрдүүлдэг эд эрхтэний үйл ажиллагаанд цаг хугацаа болон гаднын бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөс үүдэн бий болдог өөрчлөлтүүдийн улбаалан бий болдог тохиолдолуудад үйлчилдэг даатгал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Лавшруулан үзвэл хүний насжилт, өвчлөлт, гэнэтийн ослоос үүдэн бий болсон тохиолдолууд хамаарна. Жишээ нь: өвчний улмаас тухайн даатгуулагчийн бие эрхтэнд гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн бол даатгалаас эмчилгээнийхээ зардлыг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн гаргуулна. Өөр нэг жишээ бол хүний нас ахисаар бие мах бодь нь хөгширч улмаар хөдөлмөрлөх чадваргүй болж бидний хэлж заншсанаар тэтгэвэртээ гарах үед амьжиргааны зардлаа тэтгэвэрийн хэлбэрээр даатгалын байгууллагаас авна.

Тэгвэл ердийн даатгал нь хүний бие мах бодиос тусдаа, хамааралгүй даат­галын тохиолдолуудад үйл­­чилдэг. Тухайлбал, газар хөдлөл­тийн улмаас орон сууц, байранд гэмтэл , хохирол үүссэн бол тийм гэмтэл хохиролыг үнэлээд ул­маар нөхөн олговорыг даатгалын байгууллагаас гаргуулан авна. Цаг агаарын ноцтой хүнд нөхцөл байдлын улмаас мал сүрэг үхэж үрэгдвэл даатгалын байгууллага нь холбогдох нөхөн төлбөрийг төлнө.

Амьдралын даатгал ба ердийн даатгалын бас нэг том ялгаа нь амьдралын даатгалын тохиолдол нь тухайн хүний хүсэл эрмэлзэлээс үл хамааран амьдралд заавал хэзээ нэгэн цагт бий заавал болдог бол ердийн даатгалын тохиолдол нь ерөөсөө хэзээ ч бий болохгүй байх нь магадлалтай байдагт оршино. Жишээ нь: хүн хөгширнө, өвчинд нэрвэгдэнэ, бас үхнэ. Үхдэггүй, өвчилдөггүй, хөгширдөггүй амьд­ралыг хүн төрөлхтөн бий болгож амжаагүй л явна.

Ийм л ялгаатай учраас хүн төрөлхтөн өдий болтол даатгалыг амьдралын даатгал, амьдралын бус даатгал гэж ангилаад хүнийг нь амьдралын даатгалд, эд баялгийг нь ердийн даатгалд хамруулдаг болсон юм.

Энэ ялгаа нь эцсийн эцэст даатгуулагчийн авч байгаа үйл­чил­гээний мөн чанар, түүний төлбөрийн хэмжээний ялгаагаар илэрч гарна. Жишээ нь : хүн аливаа эрсдэлд орж амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлын давтамж, магад­лал ньньнь өмч хөрөнгө гал түймэрт эсвэл газар хөдлөлтөд өртөж үнэ цэнээ алдах эсвэл мал сүрэг байгалийн гамшигт өртөж үхэж үрэгдэх тохиолдлынхоос ялгаатай байдаг. Иймд хүн амь насаа, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдлыг ердийн даатгалд даат­галд даатгуулахыг өвдөж шаналсан хүнийг мал эмнэлэгт эмчилж байгаатай зүйрлүүлж болох юм.

Өөр нэг жишээ бол манай нийг­мийн даатгал. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүхэлд нь авч үзвэл энэ нь төрнэгдсэн журмаар иргэдийг амьдралын даатгалд бүхэлд нь хамруулж байгаа үйлчилгээ юм.

Амьдралын даатгал нь даатгуул­сан иргэдэд ашигтайгаас гадна нийгэмд өөр олон олон хэлбэрээр үр өгөөжөө өгнө. Тухайл­бал, амьдралын даатгалын нөөц сангуудыг орон сууцны урт хугацааны зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах аж­лын санхүүжүүлэх эх үүсвэрт ашиг­лана. Мөн түүнчлэн Засгийн газрын урт, богино хугацааны үнэт цаасыг худалдан авахад эх үүсвэр болгодог аж. Өөрөөр хэлбэл амьдралын даатгал нь нийгэмд нэгэнт бий болгосон орлогыг хэрэглээнд биш харин хуримтлал болгон нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой, хамгийн гол нь оролцогч бүх талуудад ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Манай улсын хувьд иргэд болон төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэгдсэн олон санал санаачил­гуудыг улс төрийн намуудын зүгээс санаачилсан байдаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын баталгааг бий болгосон. Ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдах, хөдөлмөрийн чадваргүй болох, эрүүл мэндээрээ хохирохгэх мэтийн тохиолдолууд гарвал төрөөс тэрхүү албан хааг­чид мөнгөн олговор олгохоор хуульчилсан байна. Энэ төрлийн нийгмийн хамгаалалтуудыг тодор­хой санхүүгийн хэрэгслэлийг ашиг­лан хэрэгжүүлдэггүйн улмаас төсвийн орлогоос хэт хамааралтай, жигд хүрч чаддаггүй хүртээмж муутай бас төлөвлөлтийн болон бусад ихээхэн хүндрэлүүд гарч байгаа. Тэгвэл амьдралын даат­галын хэлбэрт шилжүүлснээр дээрхи хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй, нэгэнт бий болсон хуримтлалыг эдийн засгийн бусад салбаруудад оруулах боломжтой болох юм.

Нөгөө нэг жишээ бол хүүхдийн мөнгө юм. Сонгуульд аль болох олон санал сонгогчдоос авах гэсэн улс төрийн намуудын эрмэлзлээс үүдэлтэй энэ халамжийн хэлбэр нь сүүлийн үед маш ихээр шүүмжлүүлж байгаа. Улсын тө­сөвт маш их дарамт учруулдаг, хавтгайрсан халамж, инфляци хөөрөгддөг, иргэдийг залхуу болгодог, хүүхдэд өөрт нь наалдац муутайгэх зэрэг олон олон сөрөг үр дагаварууд гарсаар байгаа. Тэгвэл төр хүүхдүүдийг эцэг эхтэй нь хоршиж Сургалтын төлбөрийн хуримтлалын даатгалд хамруулбал дараа­хи давуу байдлууд үүсэхээр байна. Үүнд:

– Төсвийн зардал буурна

– Хүүхдийн ирээдүйн сурч боловсрох эрх баталгаатай болно

– Хөрөнгийн зах зээл дээр төлбөрийн чадвар сайтай үндэсний хөрөнгө оруулагч бий болно.

– Орон сууцны урт хугацааны боломжийн хүүтэй зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ

Ажил олгогчид хүний нөөцтэй холбоотой олон олон хүнд асуудлуудыг амьдралын даатгалыг ашиглан оновчтой шийдвэрлэдэг аж. Тухайлбал, ажиллагсдаа тогтвор суурьшилтай ажиллуулах нь аль ч ажил олгогчийн хувьд бизнесээ тогтвортой, амжилттай байлгах үндсэн гол нөхцөл байдаг. Өнөөдөр Монголд ажил олгогчид ажилтандаа машин, орон байр авч өгөх, гадаад дотоодод аялуулах , бонус олгох, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдах мэтийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь хүртээмж муутай, өндөр өртөгтэй, хамгийн гол нь ажилтан ажил олгогч хоерын сонирхолыг урт хугацаанд хослуулж чаддаггүй сул талтай. Ийм ч учраас сүүлийн үед ажил олгогчид байгуулагадаа тэтгэврийн сан үүсгэх санаачилга их гаргадаг болжээ. Гэтэл энэ нь ерөнхийдөө хамтарч хуримтлал үүсгэх зөв хандлага боловч бас нэг том сул талтай. Үүсгэсэн хуримтлалын менежментийг хэн хийх вэ?, хэн хариуцлага хүлээх вэ?, ямар хариуцлага хүлээх вэ? гэдэг асуултууд хариултгүй байгаад дээрхи хандлагын сул тал байгаа юм. Тэгвэл ажил олгогч ажилтан хоер хоршиж ажилтнаа эсвэл ажилтаны гэр бүлийн гишүүнийг хуримтлалын даатгалд даатгуулж хуримтлал үүсгэвэл дээрхи асуудлуудыг оновчтой шийдвэрлэж ажилтанаа тогтвор сууршилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

Г.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Цагаан сар болж, чуулган завсарлалаа. Төрийн ордон эзэнгүй шахам байна. Таны хувьд өнгөрсөн чуулганд ямар дүн тавьж энэ завсарлагаар ажлын ямар төлөвлөгөөгаргав?

-Их хурал завсарлахад тойрогтой гишүүд нь тойрог руугаа явсан байх. Харин Монгол Улс гэх нэг тойргоос гарсан гишүүд нь үлдээд ажлаа хийж байгаа. Төлөвлөгөөт ажил гэвэл гурван байнгын хороонд харьяалагддагийн дагуу аймгуудаар явж хууль сурталчилна. Мэдээж хажуугаар нь хуулиуд дээр ажиллана. Сая хаврын чуулганаар батлах хуулийн жагсаалтыг гаргасан. Намрын чуулганы төгсгөлд нэлээд олон чухал хуулийг баталсан ч гэлээ эдийн засгийн холбогдолтой хуулиуд хэлэлцүүлгийн шатанд байна. Хамгийн гол нь 2015 он гарлаа, согтууруулагч хэмээх хонин жил орлоо. Энэ жилийн өнгө ямар байх юм бэ гэдэг нь сонин байгаа. Зурхай уншихад өнөө жилийг өнтэй сайхан байна гээд бичдэгээрээ бичиж. Эдийн засгийн талаас нь харвал хүндрэлтэй байгаа учраас үүнийг даван туулах тогтоолын төслийг УИХ-аар баталсан. Одоо яг ямар төлөвлөгөө гаргаж хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ ярих ёстой. Тиймээс Засгийн газарт хүргүүлэх санал боловсруулаад сууж байна.

-Энэ хүндрэлтэй цаг үеийг ямар замаар даван туулах ёстой гэж та үзэж байгаа юм?

-Миний санал гэвэл хамгийн эхэнд Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиа авч хэлэлцээч гэж байгаа. Ингэснээр татвар төлөгч ба төрийн хооронд тэгш байдал үүснэ гэж үзсэн. Өнөөдөр татвар төлөгчийн үүрэг нь хэт их, эрх нь тун бага хувьтай байгаа дутагдал арилах ёстой.

Татварын маргаан шийдвэрлэхэд ёс төдий ханддагаа болих хэрэгтэй. Татварын маргааныг эрүүгийн хэрэг болгож явдаггүй байх эрх зүйн орчин үүсэх ёстой. Өөрөөр хэлбэл Татварын хуулийн 74.1, 74.2 гэх мэтээр олон заалт асуудлыг эрүүгийн хэрэг болгочих гээд байдаг. Эс бөгөөс дурын байцаагч данс хааж байна шүү дээ. Тиймээс хаврын чуулганаар Гэмт хэрэг ба зөрчлийн тухай хуулиудыг батлах ёстой. Дараа нь аж ахуйн орлогын, хүн амын албан, НӨАТ-ын тухай хуулиудад хувь хэмжээний тухай асуудлыг хөндөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед татварын хувь хэмжээг нэмж биш бууруулах бодлогыг зоригтой хийх ёстой.

-Ер нь дэлхийн жишигт нийцсэн бодлого явуулж чадаж байгаа юм уу. Энэ тал дээр ямар санал нэмэрлэх вэ?

-Ер нь өнгөрсөн 20 жил Монгол Улсын эдийн засаг мөчлөг дагасан шинж чанартай явж ирсэн.

Харин 2000 оноос хойш хөгжиж буй орнуудын сангийн бодлогод өөрчлөлт гарсан. Энэ нь мөчлөг сөрсөн бодлого. Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн бодлогод бүрэн шилжиж чадахгүй байна. Тиймээс энэ онд мөчлөг сөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Өрийн хуулийг баталлаа. Баталчихаад зүгээр орхиж болохгүй. Тиймээс өрийн тогтвортой байдлын анализыг хийх ёстой. Өр ба ДНБ, өр ба гадаад валют, өр ба экспорт өр ба төсвийн орлого ч гэдэг юм уу 6-8 үзүүлэлт дотор улирал бүр анализ хийгээд төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулж байдаг практик руу орох хэрэгтэй байна. Дээр нь 2015 оны төсөвт тойргийн сонирхол нэлээд орсон. Тиймдээ ч төсөв оновчтой болж чадаагүй. Тэгэхээр төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Төсвийн тэргүүлчлэл гэж ярьдаг ойлголтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо бас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоо” гэж яриад эхэлж. Зогсоож болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон алдаа дутагдал гарсан ч гэсэн гол ач холбогдол нь юу вэ гэдгийг бас харах ёстой. Бензин, гол нэрийн барааны үнийг тогтвортой барьж чадсан уу, чадсан. Үүний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 32 хувийг эзэлдэг байсан бол 2010-2013 оны хугацаанд таван хувь болсон. Харин энэ байдал цаашид өсөх хандлагатай болчихсон байна. Тэгэхээр “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн оронд юу хийх вэ гэхээр Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажиллах ёстой. Мөн нийгмийн халамжийг яаж хүртээх вэ гэдэг асуудал бий. Засгийн газар сая хүн амыг амьжиргааных нь түвшингээр 20 хуваасан. Энэ шалгуур үзүүлэлтээ бариад нийгмийн хамгааллын арга хэмжээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх ажлыг няцалгүйгээр хийх ёстой. Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг хасах гэх мэтээр эвгүй сонсогдохуйц халамжийг яг зорилтот бүлэгт нь өгье гэсэн. Гэтэл АН, МАН-ынхан ард түмэнд таалагдахын тулд асуудлаас няцаж УИХ ухарч баталсан. Ийм байж болохгүй.

-Хөрөнгө оруулалтыг татах тухайд яаж ажилла гэж байгаа юм?

-Монгол Улсын нэр хүнд навсайтал унасан. Одоо Hotel Mongolia гэж нэрлэх боллоо. Зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын тэр олон компанийн эздийг оргон зайлж болзошгүй гэдгээр зорчих эрхийг нь хаасан. Монгол Улс зөвхөн Хөрөнгө оруулалтын хуулиа баталчихаар хүрээд ирэх бус хүний эрхийг энэ улс яаж хангадаг юм. Хуулийн засаглал яаж хэрэгждэг юм. Чөлөөтэй явах эрх нь хэр байдаг вэ гэдэг талаас нь хардаг учраас саяын муухай нэрийг дуулж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын идэвхжлийг сэргээхийн тулд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, авлигын төсөөллийн индекс, хуулийн засаглалын индекс, эрх чөлөөний индекс гэх мэт үзүүлэлтүүд өнөөдөр ямар байгаа юм. Ирэх жилүүдэд ямар болох юм гэдгийг гаргаад ажиллах хэрэгтэй. Мөн донор орнуудын зөвлөгөөн гэж хийдэг байсан. Түүнийг сэргээж Монгол Улсын талаарх зөв төсөөллийг өгөхийн тулд эхний хагас жилдээ багтаан хийх ёстой байна. Тэрчлэн улс бүрт аялал жуулчлалын уриа үг гэж бий. “Итгэж үнэмшихийн аргагүй сайхан байгаль-Итгэл дааж чадах ард түмэн” гэсэн утгатай уриа гаргаад үүнийхээ дагуу 2015 оны аялал жуулчлалыг зохион байгуулах саналыг мөн Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнээс гадна Элчин сайд нарын ажлыг эдийн засагжуулах хэрэгтэй. Нэг элчин сайд нэг экспорт, нэжгээд технологийг эх орондоо нэвтрүүлэх ажлыг дааж авдаг болно гэсэн үг. Ядаж хивс гэдэг бүтээгдэхүүнийг сонгож аваад Элчин сайдаар очсон орондоо нэвтрүүлэх ажлыг хий гэсэн даалгаврыг өгдөг болох хэрэгтэй. Дээрээс нь Гэмт хэргийн, Зөрчлийн, АТГ-ын, шүүх, Прокурор, цагдаагийн, Хүний эрхийн, иргэний, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Энд хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал болон, дансны нууцад халдсан олон заалт бий. Үнэхээр хөрөнгө оруулалтыг татъя, хуулийн засаглалыг бэхжүүлье гэж бодож байвал энэ бүх заалтуудыг арилгах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, солонгоруулах хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр орхигдсон байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бас байна. Хөгжлийн банк сүүлдээ хогийн сав шиг болчихлоо. Энэ банкийг дампууруулахгүйн тулд иж бүрэн арга хэмжээ авч, өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээ хийдэг болох шаардлага бий. Ийм ажил хийвэл өнөө жилийн эдийн засгийн өнгө сайжирна гэж үзээд саналаа Засгийн газарт хэлж байгаа.

-Ер нь дэлхий ямар байгаа юм. Монгол л зөвхөн хямраад байна уу?

-Эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй. Тэр сайхан цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2-3, хөгжиж буй орнуудынх 3-5 хувьтай байна. Хятадынх долоо орчим хувьтай, ОХУ-ынх их бага гарах байх. Инфляц нь 22 хувьд хүрсэн прогноз байна. Гадаад орчин тааруу байх энэ нөхцөлд Засгийн газар дээр хэлсэн санаануудыг шингээгээд тууштай ажиллавал 2015 оныг манайх гайгүй давчихна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ хэрхэх тооцоолол гарч байна уу?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд байгууллагуудын судалгаа гарсан. Дэлхий дээр уул уурхайн түүхий эдийн уналт учир зүггүй доошоо уруудахгүй. Өнгөрсөн жилийн балансаа барина. Харин түүхий эдийн үнэ өснө гэсэн ойлголт байхгүй. Хатуурч байгаа санхүүгийн орчинд бонд гаргана гэдэг утгагүй болох учраас дундаас доош орлоготой ангилалд үлдэхийг хичээх ёстой.

-Уул уурхайн томоохон төслүүд Монголд ямар үр өгөөжтэй байх юм, 2015 онд?

-Эдийн засагт мөнгө хэрэгтэй л байна. Бид 20 жил өрийн удирдлагагүй явж байгаад сая өрийн удирдлагатай боллоо. Энэ нь зөв цагт нь зөв гараас зөв нөхцөлтэй зээл авах боломж гарч байна гэсэн үг. Одоо Таван толгой, Оюу толгойн хоёрдугаар ээлж, бусад обьектын ард хөрөнгө оруулалт, мөнгө босгох шаардлага гарна. Нэг хэсгийг нь концессийн хэлбэрээр барьж байгуулах, үйл ажиллагаа явуулах, шилжүүлэх гэсэн хэлбэрээр явна. Таван толгойд хөрөнгө оруулагчдыг урьчихсан. Төлбөрийн балансаа эерэг болгоё гэхэд 1.1 их наяд төгрөг хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх гэх мэт арга хэмжээ төрийн бодлого байх ёстой.

-Битүүний өдөр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа. Ингэснээр эдийн засагт өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Тодорхой бус байдалд байсан компаниуд хөдөлнө. Тэд маш өндөр хяналт дор олборлолт явуулна. Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бид өмнө нь баталчихсан. Сая Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Ашигт малтмалын салбарт ил тод байдлыг хангах тухай хууль нь ороод ирлээ. Мөн батлагдчихаад олон жил болсон, тэгсэн хэрнээ байгаль орчин нь муудаад байдаг, нинжа нар нь сүйтгээд байдаг Урт нэртэй хуулийг гацаанаас гаргалаа. Энэ бол эерэг, зөв алхам. Нийгэм үүнийг олон янзаар хүлээж авна. Гэхдээ л үүний үр дүн гарна.

-Ам.доллар 1970-1980 төгрөгт хүрлээ. Энэ хамгийн том асуудал биз?

-Валютын ханш гэдэг хүмүүсийн бодлоос, хүлээлтээс үүсдэг. Тэр дундаа психологийн сэтгэлзүйн түвшин гэж байдаг. Мянга, мянга 500 гэдэг ч юм уу дандаа тэгш тоотой. Манай улсын бүх тооцоолол мянга гэж өнөөдрийн байгаа бүх түвшнээр түүнээс ч доогуур хийгдсэн. Энэ нь хамгийн зөв. Ерөнхийдөө валютын ханшийн гол нөлөөлөл бол инфляцаар дамжиж ирдэг. Энэ нөлөөлөл манайд байсан. 2013 онд инфляцийн 11.5 хувийн өсөлтийн 30-35 хувь нь ам.долларын ханшийн нөлөөлөл байлаа. Өөрөөр хэлбэл валютын ханш байнгын хөдөлгөөнтэй байдаг. Энэ хөдөлгөөнтэй байгаа ханшийг инфляцийн хувьтайгаа харьцуулаад үзэхээр нэрлэсэн ханш биш бодит ханшийн хэмжээ гарна. Энэ ханш сулраад байвал Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл арга хэмжээ авах ёстой. Миний бодлоор Монгол Улс 2015 онд валютын ханшийг удирдана. Нэг ёсондоо 2015 оны төсвийн санхүүжүүлэлтэд анхаарч мөчлөг сөрсөн төсөв байлгаж чадвал тодорхой хэмжээнд валютын ханшийг удирдах боломж бүрдэнэ.

-Өрийн тааз нэмэгдэнэ гээд зээл авч болохоо байсан тухайд. Зээл авалгүйгээр яаж эдийн засгаа сэргээх юм бол?

-Өрийн менежмент дотор хөнгөлөлттэй элемент гэсэн ойлголт бий. Тэр нь нийт өрийнх нь 30-35 хувьд хөнгөлөлттэй зээл байвал зохино. Аль болох арилжааны бус хөнгөлөлттэй зээл байвал улс оронд ашигтай. Урт хугацааны хүү багатай зээлийг л ихээр авах ёстой. Тэгэхээр миний яриад байгаа донор орнуудын түншлэлийн уулзалтыг энэ оны эхний хагас жилд хийх хэрэгтэй. Энд өрийн тухай, 2015-2016 оныхоо төлөв байдлыг ярьцгаая. Санхүүгийн хэрэгцээ, төлбөрийн балансаа ярихад бусад орнууд санхүүгийн болон технологийн тусламж үзүүлнэ. Монгол орон учир зүггүй муудчихаад үүнийг хийх гэж байгаа юм биш. Олон улсын жишиг ийм.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгууллаа. Харилцан хийж байгаа бүх наймаа татваргүй явагдах бололтой. Бусад үр дүн нь юу байх вэ?

-Түншлэлийн гэрээний гол зорилго бол эдийн засгийн утгаараа биш Монгол Улс Японы онцгойлон үздэг түншийн хувьд Монголд өгч байгаа улс төрийн бэлэг. Энэ нь Монголын эдийн засаг тэлэхэд Япон зах зээлээ нээж өгч байгаа хэрэг. Японоос бид өнөөдөр юу авдаг юм. Хэдхэн жилийн өмнөх Монголын машиныг харахад бүгд Солонгосын үйлдвэрийнх байдаг байлаа. Харин одоо Солонгосын машинууд ховордсон. Японоос дан ганц машин авалгүйгээр технологийг нь авна. Монголын зах зээлд шинэ элемент оруулж ирэх, ноу хау авах, Японы хөрөнгө оруулалтыг авах боломж нээгдэж байгаа юм. Бараа нь татваргүй орж ирнэ. Тодорхой бараан дээр тодорхой нөхцөлүүд заасан. Тиймдээ ч энэ түншлэлийн гэрээ Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай. Япончууд Монголын уул уурхайн баялгийг татваргүй авах хэрэг угаасаа байхгүй. Хамгийн гол нь Японы эдийн засгийн ололт, чанартай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүн энэ бүгдийг Монголын зах зээлд оруулж ирэх боломж нь манай талд илүү ашигтай. Үүнээс нь ядаж суралцах боломж гарна. Гэхдээ гэрээ байгуулагдсанаар манай бүтээгдэхүүн Япон руу урсана гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тэдний зах зээлийн шаардлага өндөр.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтсайхан: Дээд шүүхийн шийдвэр гарч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар суллагдсан

-ХОХИРЛЫН МӨНГӨ БОЛОХ НЭГ ТЭРБУМ 62 САЯ ТӨГРӨГИЙГ ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх болон тус газарт удирдах албан тушаал хашиж байсан М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу сар шинийн өмнөхөн хянан хэлэлцжээ.

Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Тэдний төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус хэвээр үлдээсэн юм.

Мөн М.Батболдод Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлийн 166.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилжээ. Төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Хуралдаанаас С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарын цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэн тооцож, тэднийг битүүний өдөр суллажээ. Түүнчлэн эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг өмнөх шатны шүүх хүчингүй болгосныг сэргээж, хохирлын мөнгө болох нэг тэрбум 62 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэг үгээр хэлбэл, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүханхан болон давж заалдах шатны тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлсэн байна. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан бол ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Харин тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийн талаар эргэн сануулахад“Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх шүүгдэгчдийг ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон гэдэг. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ийн Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгажбайсанбилээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг хэргийгөнгөрсөн онынаймдугаар дугаар сарын 19-ний өдөр анххянан хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байдаг. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус бүр төрийн албанд ажиллах эрхийгхоёр жилийн хугацаагаар хасаж,зургаан жилзургаан сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэж байсан юм. Харин М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн 166 нэгдүгээр зүйлийн 166 .1.2 дахь хэсэгт зааснаар “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийгөнгөрсөноныарваннэгдүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас яриа авах гэсэн боловч тэд сар шинэболоодэнэ хэрэг рүү анхаарал хандуулах хүн алга. Шүүхийн тогтоол албан ёсоор гараагүй байна гэсэнхариуг өгсөн юм. Харин М.Батболдын өмгөөлөгч Х.Цогтсайхан ийн ярьсан юм.

-ИНЕГ-ын С.Батмөнх нарт холбогдох хэрэг нааштайгаар эргэж бүгд суллагдсан байна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж шүүгдэгч нарыг суллах шийдвэр гарсан. С.Батмөнх нарын хүмүүсшүүхийн шийдвэр гарсны дараа бүгд суллагдана.

-Нэг тэрбум гаруй төгрөг шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон байна?

-Шүүхийншийдвэрийн тогтоолтой танилцаагүй байгаа болохоор энэ талаар ярих боломж алга.Бусад хүмүүстэйгээ зөвлөж байгаад албан ёсоор ярилцлага өгөхөө шийдье.

-Хэрэг ингээд төгсгөл болох уу,сарын өмнө АТГ-ынхан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим албан тушаалтныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үүнээс харвал энэ хэрэг задарч магадгүй гэсэн таамаг гараад буй гэх хүн ч байна?

-Энэ тухай нарийн ширийн зүйл мэдсэн юм алга.

Дээдшүүхийн хяналтын шатны шийдвэрбараг л эцсийн шийдвэр гэж хэлж болно. Энэ шийдвэрийг эсэргүүцэжДээд шүүхийн ерөнхий шүүгчдэдаль нэг тал нь гомдол гарах эрхтэй. Хэрэв тэгвэл энэ шийдвэрийг дахин хэлэлцэж болдог. Харин шүүгдэгч нар гомдол гаргах бодолгүй байгаа сурагтай. ИНЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болонулсын яллагч прокурор эсэргүүцэл бичихгүй бол дээрх хэрэг ингээд дуусгавар болж байгаа бололтой.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Амьдралын даатгал нь хүний эрх хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгсэл юм

Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр шийдэн хүний эрхийг дээдэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэдэг нэртэй бө­гөөд энд монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө эзэм­ших, өмчлөх, ажил мэр­гэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тус­ламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг эрхүүдийг тунхагласаныг бид бүхэн мэдэж байгаа.

Энэ тунхаг хэрхэн хэрэгжиж байна вэ. Хүмүүнлэг нийгэмд хүний эрхийг цаасан дээр тунхаглах нь нэг хэрэг, харин түүнийг хэрэгжүүлэх баталгаа буюу механизмыг бүрдүүлэх нь тийм амар хэрэг биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

Барууны өндөр хөгжил­тэй орнуудад хүний эр­хийг баталгаажуулах олон механизмуудыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлж байдгийн гол хэ­сэг нь даатгал юм байна. 1966 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2200А тоот тог­тоолоор баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаархи олон улсын гэрээ”-нд “Энэ­хүү гэрээнд оролцогч улс орнууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийг­мийн хангамж эдлэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ.

Манай улсад социализмын үеэс эхлэн нийгмийн даат­галыг хэрэгжүүлж ирсэн бө­гөөд одоо хэрэгжиж байгаа даатгалын тогтолцоо нь түүнээс улбаатай. Энэ утгаараа одоогийн даатгалын тогтолцоо нь социализмын үеийн халамжийн шинжийг агуулсан хэвээрээ байгаа бөгөөд энэ ч утгаараа зах зээлийн зарчмыг бүрэн хан­гахгүй, учир дутагдалтай бай­гааг судлаачид сүүлийн үед ихээхэн шүүмжилж байгаа. Мэргэжлийн хүмүүс ингэж шүүмжлэхийн хамтаар одоо­гийн даатгалын тогтолцоо зах зээлийн шинжид төдийлөн нийцэхгүй байгаагаас цааш­даа явцгүй болж байгааг төр засаг ч ойлгож, ярьдаг болсон байна билээ.

Амьдралын даатгал нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр даат­­гадаг ажиллагаа юм. Одоогийн нийгмийн даат­галтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадгаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй, тухайлбал,орон сууцны зээл төлөх хугацаатай уялдуулсан зээлдэгчийн амь насны даат­гал ч байна.Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чад­вар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна.

Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гад­на хүний амьдрал ахуй, амь­жиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэ­мэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даат­галууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн ху­римт­лал зэргийг хамруулан хэрэгжүүлдэг ажээ.

Амьдралын даатгалын энэ онцлогийг товчлон то­дор­хойлбол, эд баялаг, эд хөрөнгийг ердийн даатгалд даатгадаг бол хүний амь нас, ахуй амьжиргаа, бая­лаг бүтээгчдийг өөрийг нь амьдралын даатгалд даат­гадаг юм байна. Амьдралын даатгал нь ингэж Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг илүү өргөн хүрээ­тэй хэрэгжүүлдэг.

Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даат­галыг далайн тээврийн даат­галд нэмэлт болгон бие даа­сан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг он­гоц болон ачаа барааг даат­­гахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даат­галын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм.

Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаард­лагыг аль болох бүрэн дүү­рэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын ний­гэм­лэг”-ийг байгуулсан бол дараагаар анхны даат­галын компани “Шударга амьд­ралын даатгалын нийгэмлэг”нэртэйгээр үүгсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Цюрихт байрладаг Швей­царийн давхар даатгалын Swiss Re компанийн мэдээгээр 2013 онд дэлхийн хэмжээгээр амьдралын даатгалын нийт хураамжийн хэмжээ 2.6 их наяд ам.долларбайгаа бол ердийн /амьдралын бус/ даатгалын хураамжийн хэмжээ 2.0их наяд ам.доллар байгаа ажээ. Энэ нь зах зээлийн эдийн засагт амьдралын даатгал илүү ач холбогдолтой байдгийг харуулж байгаа юм.

Хүний эрхэд илүү нийц­сэн амьдралын даатгалын ердийн даатгалаас ялгагдах нэг зарчмын шинж бол түү­ний хуримтлалын шинэ ча­нар юм. Чухамхүү хүний амьдрал цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилдэг уч­раас мөнгөн хөрөнгийг ху­римт­луулан нэмэгдүүлэх за­маар хүний эрхийг эрсдлээс хамгаалдагаараа амьдралын даатгал гарцаагүй давуу талтай байдаг.

Одоогийн манайд хэрэг­жиж байгаа нийгмийн даат­гал нь хүн бүрийн эрхийг бүрэн дүүрэн хангах батал­гаа болж чадахгүй байгаа юм. Судлаачдын хийсэн тооцоогоор иргэд нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө маш бага хэсгийг хүртэж бай­­гаа бөгөөд хуульд заас­ны дагуу хүүтэйгээр өсгө­сөн тохиолдолд ч гэсэн тэтгэв­рийнхэн нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө сарын хүүгийнтодорхой хувийгл хүр­тэх боломжтой ажээ. Германы эрдэмтэн Эрнест Бендагийн үзэж байгаагаар хүний нэг чухал эрх болох өөрөө өөрийгөө мэдэх эр­хийн үүднээс авч үзвэл, ир­гэдийг амьдралын даатгалд хамруулсан тохиолдолд даат­галын шимтгэл төлөгч хувь хүн мөнгөө өөрөө өөртөө зо­риу­лан хуримтлуулж, хүссэн үедээ хуримтлуулсан мөнгөө зарцуулах эрхээ эдэлж, энэ эрхээ даатгалын механизмаар хам­гаалуулснаар хүний эрх илүү баталгаажих болно.

Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар, нэг хүний эрх, эрх чөлөө таньтай зэрэгцэн амьдарч байгаа бусад хү­мүүсийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг бо­ловч ийм хязгаарлалт аль болох бага байвал хүний эрх илүү хэрэгждэг ажээ. Энэ утгаараа, одоогийн манай нийгмийн даатгалын тогтолцоонд хэрэгжиж байгаа “эв санааны нэгдлийн зарчим” нь амьдралын даатгалтай харьцуулахад хүний эрхийг хязгаарлаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан амьдралын даатгалын зарим төрлүүдийг авч үзье.

Одоогийн тэтгэврийн даат­галын хувьд даатгал төлөгч нь хуулиар тогтоосон, өөрийнхөө цалингаас хамаарсан, тогтмол хэм­жээний даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэртээ гарахаараа шимтгэлийн хэм­жээнээс хамааруулан улсаас тогтоосон тэтгэвэр авдаг. Ийм тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсэдсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр аваад л зогсоно. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан бүх хугацаанд төлсөн даатгалын хураамж тэр хүний ар гэрт ногдохгүй дуусна.

Манай оронд сүүлийн үед амьдралын даатгалын нэг төрөл болгон хэрэгжүүлж бай­гаа тэтгэврийн хуримт­лалын даатгал бол тэтгэ­вэрт гарахаараа авах тэтгэв­рийнхээ хэмжээг хувь хүн өөрөө урьдчилан тогтоогоод түүндээ дүйцсэн даатгалын хураамжийг тогтмол төлж, энэ хураамж нь урт хугацаанд хуримтлагдах юм. Ингээд тэтгэвэртээ гарсан хүн урьд­чилан тогтоосон тэт­гэврээ авна. Тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсдвэл хуримтлуулсан даатгалын хураамжийнх нь үлдсэн хэсгийг ар гэрт нь олгоно. Даатгуулагч нь энэ үлдсэн хэсгээ урьдчилаад хэн нэгэнд өвлүүлэн үлдээж болно. Хуримтлуулсан хураамжаа өөрийн хүссэн үед авч зарцуулж болно. Хуримтлал үүсгэж байх явцад гэнэтийн осолд орсон тохиолдолд мөн холбогдох хамгаалалтуудыг авч хэрэглэнэ.

Энэ бүхэн нь амьдралын даатгал нь хүний эрх, эрх ашигт илүү нийцэж, Үндсэн хуульд заасан өндөр наслах эрхийг илүү хэрэгжүүлж байгааг то­дор­хой харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд амьдралын даат­галын энэ чухал шинжийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бай­гуул­лагаас “хамтын тэтгэврийн даатгал”-ыг хуульчлах талаар санаачилга гаргаж байна.

Амьдралын даатгалын бас нэг төрөл бол хүүхдийн сургалтын төлбөрийн ху­римт­лалын даатгал юм. Энэ тохиолдолд эцэг, эх нь хүүхдийнхээ их, дээд сур­гуулийн сургалтын төлбөрийн хуримтлалд сар шимтгэл төлж даатгал хамрагдсанаар 18 нас хүрсэн хүүхэд их, дээд сургуульд суралцах 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрөө бүрдүүлнэ. Их, дээд сургуульд ороогүй хүүхдүүд хуримлуулсан даатгалын хураамжаа авна. Даатгал үйлчлэх хугацаанд эцэг, эхийн аль нэгний амь нас эрсдвэл хүүхдэд 18 нас хүртэл даатгалаас тэтгэмж авна. Даатгалын хугацаанд хүүхдэд эмчилгээний зардал шаардлагатай болсон тохиолдолд хуримтлалаасаа зардал авч болно.

Энэ нь бас л Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг илүү үр дүнтэй, санхүүгийн хувьд ачаалал багатай хэрэгжүүлж болдогийн тодорхой жишээ юм.

Ийм учраас зах зээлийн эдийн засаг хөгжсөн, хүмүүнлэг нийгэм бүрдүүлсэн гэгддэг өндөр хөгжилтэй орнуудад хүний эрхийг хэрэгжүүлдэг гол механизм болсон амьдралын даатгалд илүү ач холбогдол өгч байдаг юм байна.

Эдийн засагч С.ЭНХБААТАР