Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу

Хорин жил хаяа залгаж байсан гэмгүй хөрш минь нэг л өглөө суурь ухуулаад манай “Өдрийн сонин”-ы бүх цонхыг таглаж барилга бариулаад эхэлчихсэн. Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Бид эл байдалтай эхнээс нь л эвлэрээгүй учир “Астра буйлдинг”-ийн хууль бус үйлдлийг зогсоохыг хүсч холбогдох бүхий л байгууллагуудад нь хандаж, “Цонхоо нээе” төрийн бус байгууллагыг хүртэл байгуулсан. Барилгаа жаахан цаашлуулчихаач, хууль дүрмээ баримтлаач, бид эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй улс шүү гэдгээ мэдэгдсээр ирсэн. Энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх ёстой бүх шатны байгууллагуудад нь бид дүрэм журмынх нь дагуу гомдол хүсэлтийг удаа дараа хүргүүлж, зарим газрынх нь босгыг элээх дөхсөн.

2014 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэл Мэргэжлийн хяналтын газарт үүсээд буй нөхцөл байдлыг товч тодорхой танилцуулан гомдол гаргаж эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж, холбогдох зөрчлийг арилгаж, барилгын ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг хүссэн. Гэтэл сар гаруй хүлээлгэсний дараа тус газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Өдрийн сонин”-ы цонхнуудыг хааж барьсан барилга нь тодорхой дүрэм журмыг зөрчсөнийг тогтоож, хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилгын зураг төслийг дахин хянаж зөрчлийг арилгахыг мэдэгдсэн юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар уг бичгийн хариуг заасан хугацаанаас нь хэтрүүлэн хариу явуулсан.

Ерөнхий төлөвлөгөөний газар “Тус орон сууцны барилгын захиалагч болох иргэн Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг, төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажил эхлүүлсэн байна. Иймд дээрх дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн хариуг НМХГ-т илгээсэн. Бид нэг байгууллагаас нөгөө байгууллагад нь албан бичиг зөөсөөр цаг алдсан. Нэг газарт нь гомдол, хүсэлт гаргахаар хуулийн хугацаандаа хариу өгнө гэдэг. Хуулийн хугацаа нь дуусаад ирэхээр “Одоо шалгаж, хэмжилт хийнэ” гэдэг. Хэмжилт хийхэд бас хуулийн хугацаатай. Ингэсээр байтал өвөл ч болж, “Астра буйлдинг” гэх 12 давхар барилгыг өдөр шөнөгүй барьсаар босгочихсон. Биднийг ийн хууль, дүрэм журмын дагуу хариугаа хүлээж байхад зэргэлдээх барилгын ажил ямар хурдан, цаг наргүй үргэлжилсэн гэж санана.

Хуулийн хугацаа гэдэг нь хууль бус барилгыг хурдан барьж дуусгахад зориулагдсан хугацаа мэт л байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нар явуулсан гомдлын дагуу шалгалтыг цаг тухайд нь шуурхай хийж, хууль бус ажлыг зогсоохын төлөө зүтгэсэн бол байдал өнөөдөр өөр байх байсан даг. Эцэст нь манай сонин шүүхэд хандчихаад байна. Мэргэжлийн хяналтынхнаас сураг дуулах нь ээ хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэнэ.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчид ямар аюултай нөхцөлд орж, гэр орноосоо хөөгдчихөөд, буудлын тохь муутай өрөөнүүдэд чихэлдэн зуугуул маягаар хоргодож байгааг та бид орой бүр зурагтаар харж байгаа. 16 дугаар байранд үүсээд буй энэ нөхцөл байдал манай хажууд хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилга дээр давтагдах аюултай. Энэ барилгад амьдрахаар орон байр сураглаж, оффис үйлчилгээний чиглэлээр талбай түрээслэх гэж зорьж буй хүмүүс хохирох вий гэж сэтгэл эмзэглэнэ.

“Астра интернэшнл” гэх энэ компанийнхан өөрсдийгөө нэг том даргын ивээлд байгаа гэдэг. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг шиг аливаа зүйл хугацаатай. Ямар ч том дарга хугацаа нь болбол буудаг. Та бүхнийг далавчаараа хамгаалж байгаа том дарга тань ч ялгаагүй хугацаа нь дуусахаар нисээд л явчихна. Харин Монголын шүүх хугацаагүй. Дарга явангуут л шүүх ажиллаж эхлэн үнэн, зөвийг тогтоогоод өгчихнө шүү дээ. Нэг нь ч гэсэн юмтай болог дээ, шүүхдээд юу хийнэ гэх хүмүүс мэр сэр дуулдах. Нэг хүн юмтай болохын тулд бусдынхаа эрх ашгийг ноцтойгоор зөрчин цонхыг нь хааж, агаар салхи амьсгалахгүй болгож, эрүүл бус орчинд байлгана гэж байх уу. Бидний толгойд гялгар уут углаад, нүд таглаад “Одоо амьсгал” гэж байгаатай агаар нэгэн. Энэ хавьд эрүүл аюулгүй байдалд ажиллаж амьдрах ёстой гэдэг стандарт зөрчигдөөд удаж байна.

“Өдрийн сонин” зөвхөн өөрсдийнхөө цонхыг нээлгэхийн төлөө тэмцэлддэггүй. Бидэнтэй ижил нөхцөл байдалд орж хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа иргэддээ зам чигийг нь гаргаж өгч, хууль бус барилгын ажлыг зогсоолгохын төлөө хамтдаа тэмцсээр байгаа билээ. “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын явуулдаг “Цонхоо нээе” хөдөлгөөнд олон иргэн нэгдэж, зөрчигдөж байгаа эрх ашгаа хамгаалуулахын төлөө сэтгэл зүрхээрээ хамт байдаг юм. “Өдрийн сонин” хэвлэгддэгээрээ л хэвлэгдэж, мөнхөд л уншигчидтайгаа байх учир энэ мэт хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр “Цонхоо нээе” хөдөлгөөнөө ч үргэлжлүүлсээр байх болно.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 байрны иргэдэд ямар хүнд, хэцүү нөхцөлд сэтгэл түгшин амьдарч байгааг бид яс махандаа тултал мэдэрч байгаа, ижил зовлонтой хүмүүс. “Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу хэмээн халаглан өгүүлж болох ч бидний шударга үнэний төлөөх тэмцэл зогсохгүй, шүүхийн байгууллага ч хугацаагүй ажилладаг учир үнэн хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэнэ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Намрын Уулс”

Дэлхийн утга зохиолын сан хөмрөгт багтсан энэ бүтээл мэдээж Японы алдарт зохиолч Рюносүкэ Акүтагавагийнх. Акүтагава ганц “Намрын уулс” ч бус “Рашёомон хаалга”, “Ганцаардлын там” тэргүүт олон бүтээлээ дэлхийн утга зохиолын алтан сан хөмрөгт хадгалуулсан эрхэм. Түүний уран бүтээл XX зууны нэгэн тод, хосгүй үзэгдэл болсон гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрдөг билээ. Хэдийгээр Акүтагава 1927онд 36 насандаа таалал төгссөн ч нарийн амт, уран хошигнол шингэсэн гайхамшигт, гүн утга агуулгатай уран бүтээл нь өдгөө ч түүнийг мөнхлөн үлджээ.

“Намрын уулс”-ыг сөхжээ суухад хүн өөрийн хүсэн шунасан зүйлээ авахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй болдгийн тод жишээг харж болно. Энэ нь гэхдээ буруу гарын, муу муухайд тэмүүлэх бус сонгодог уран зургийн төлөө цаг хугацаа хийгээд эд мөнгөө юунаас ч үл харамлан байгаа тухай өгүүлнэ.

Ван Ши Гу намрын нэгэн шөнө цай ууж суунгаа Ошянкэ нутгийн эзэн болох Юань Нань-Тянаас асууна. “Намрын уулс” гэдэг бол 1269-1354 оны хооронд амьдарч байсан алдарт зураач Хуан И Фэний бүтээл бүлгээ. Намрын уулстай эн зэрэгцэх “Элсэн эрэг”, “Фучань-шань ууланд”, “Зун цагийн уулс”, “Уулын униар” зэрэг маш олон бүтээлийг тэрбээр бүтээсэн ч хүмүүс “Намрын уулс”-ыг л үзэхсэн гэж яарна. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шахам тэмүүлэх ажээ. Зүгээр л “Намрын уулс”-ыг ганц удаа хараад авчихад л боллоо гэсэн хүсэлтэй ч хүмүүс байх.

Эл зураг нь Жуньжоуд Жан овогтын гэрт хадгалагдаж байдаг бөгөөд Янькэ Вэн түүнийг харахаар алс газрыг зорин Жан овогтны ороонго өвсөнд дарагдсан дордуухан байшинд ирнэ. Янькэ Вэн ч холоос яваагаа дуулган “Намрын уулс”-ыг л харалгүй буцах нь харамсалтай байгаа тухай өгүүлэхэд гэрийн эзэн түүнийг санааг ойлгон гэртээ урина. Зандан модоор хийсэн сайхан ширээ, сандалтай хэдий ч тоосонд дарагдсан өрөөнд түүнийг дагуулан орно. Гэвч тэр зургийг даруйхан үзчихвэл тэр нь манан мэт сарниад үүрд алга болчих мэт сэтгэгдэл төрөн зогслоо. Тэрийг эзэн нь “Намрын уулс”-ыг өрөөнд оруулж ирж өлгөхийг тушаана. Төд удалгүй хуйлаатай зураг ирж Янькэ зургийг хараад өөрийн эрхгүй алмайран зогсоно.

Хөх ногоон өнгө алаглаж хавцлаар нь могой мэт гол ус тахирлаж, энд, бас тэнд ч тосгоны байшин, жижиг гүүр харагдах ба энэ бүхний дээр уулын орой сүндэрлэнэ. Доохно нь намар цагийн үүл хөдөлгөөнгүй тунарч, цагаан өнгө нь өтгөнөөс нимгэрч харагдана. Уул нь хурц ногоон өнгөтэй ногоон өвс ургамал дунд нь гал улаан навч харагдахыг шунхан будгаар нарийн цохиж гүйцэтгэснийг хараад Янькэд хэлэх үг олдсонгүй. Тэрхүү зураг зүгээр л гайхамшиг хэмээн дотроо бодно.

Гэрийн эзэн түүнээс “Зураг таалагдав уу” гэхэд “Аугаа хүний бийрийн бүтээл. Юань Зай багшийн магтсан нь ч дэмий хэрэг биш байж” хэмээн удтал чимээгүй зогссон Янькэ ам нээнэ.

Гэрийн эзний хэлсэн үгс түүнийг эргэлзэхэд хүргэж, “Энэ гоо сайхныг зөвхөн би л хардаг юм биш биз” хэмээн бодох болно. Янькэ Вэн ч удалгүй эзгүйрлийн ул мөр шингэсэн Жан овогтын байшингаас гарлаа. Мэдээж гайхамшиг хэмээн “Намрын уулс”-ыг мэдэрсэн Янькэгийн толгойноос өнөө зураг салахгүй байсаар байв. Тэр мөчид тэрбээр энэ зургийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн болсон байлаа. Янькэ Жан овогтын гэрт хэдэнтээ зарц илгээж зургийг нь худалдан авах санал хэлүүлсэн ч тусыг эс олов. Жан овогт “Зургаа бүр зарахгүй. Харин хэд хоног харж байгаад эргүүлэн өгвөл өг” гэсэн хариу өгч байлаа. Янькэ энэ зургийг өөрийн өмч л болгож санаа нь амрахаар байсан юм. Тэр зургийг түр авч байхаар тэвчээртэй хүлээвэл хэзээ нэгэн цагт миний гарт ирэх ч юм билүү гэсэн бодолдоо өөрөө итгэн Жуньжоугаар зураггүйгээр нутгийн зүг явлаа. Дараа жил нь мөн л Жан овогтынд ирж мөнөөх зургийг худалдан авах санал тавихаар явлаа. Энэ удаа Жан овогт гэртээ байгаагүй тул түүнд зургийг ч харуулалгүй гэрийн хаалгаа цоожлон одов.

Янькэ зургийг авахын тулд уут уутаар мөнгө хүргүүлсэн нь Жангийн сэтгэл эргэсэнгүй. Түүний хувьд зурагтай болохыг маш их мөрөөдөн шаналах хэдий ч болж чадахгүй байсаар олон он улирав. Гэтэл өнөө зураг нь олон жилийн дараа Ван овогтын гэрт шилжэн ирсэн байлаа. Энэ тухай сонирхолтой өрнөлийг Рюносүкэ Акүтагавагийн “Намрын уулс” хэмээх номоос унших боломжтой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Суданд энхийг сахиулж буй Дөрөвдүгээр мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах дэд хурандаа Чинзориг Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа

Ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальон

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээгээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварсан талаарх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм. Монголын энхийг сахиулагчдын байгуулсан дээрх гавьяаг олон улсад өндрөөр үнэлж, Ийда тосгон дахь дүрвэгсдийн хуарангийн удирдлага, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлага биечлэн талархал илэрхийлжээ. Ийнхүү дээрх болсон үйл явдлын талаар тодруулахаар Өмнөд Судан улсын Беньтю тосгон дахь Монголын энхийг сахиулагчдын төв штабын тусгай ажиллагааны ахлах офицер, дэд хурандаа Б.Чинзоригтой өчигдөр 15 цагийн үед холбогдлоо. Судан нь Монголоос таван цагийн зөрүүтэй учраас тэнд 10 цаг болж байсан гэсэн үг.

-Амрыг эрье. Монгол дахь өдөр тутмын “Өдрийн сонин”-оос холбогдож байна. Таны алба тавлаг уу?

-Тавлаг аа. Монгол цэргүүд Өмнөд Судан улсын Беньтю, Ийда, Румбек зэрэг тосгодод энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.

-Нэр төртэй биелүүлж байгаа учраас ч дүрвэгсдийн Ийда тосгонд гарсан түймрийг цаг алдалгүй шуурхай унтраасан байх?

-Хамгийн гол нь Өмнөд Судан дахь олон улсын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тухайн хамгаалж буй бүс нутгийнхаа иргэдийг алан хядах ажиллагаа, элдэв мөргөлдөөнөөс авахуулаад байгалийн гамшгаас хүртэл хамгаалдаг. Суурин, тосгодод эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 11 цаг 10 минутын орчимд дүрвэгсдийн Ийда тосгонд түймэр гарсан тухай энхийг сахиулах үүргээ биелүүлж явсан ахлах дэслэгчН.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоноос Бентью дахь төв штабт дуудлага ирсэн. Төв штабаас бүхий л бололцоог ашиглаж, цаг алдалгүй түймрийг унтрааж, оршин суугчдыг аюулгүй газар шилжүүлэх үүрэг өгсөн. Салааны захирагч зөв шийдвэр гарган, зоримог, шуурхай ажилласны дүнд 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаранг нурам болох аюулаас аварч чадлаа.

Манай батальоны 30 гаруй энхийг сахиулагч шуурхай, авхаалж гарган ажилласны үр дүнд 12 цагт түймрийг бүрэн унтраасны хүчинд 60-аад айлын гэр шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдсэнээс өөр хохирол гараагүй.

-Энхийг сахиулагчдад болзошгүй түймрийн аюулаас өөрсдийгөө болон бусад энгийн иргэдийг хамгаалах тусгай зориулалт бүхий галын хор, аппарат гэж бий юу?

-Бид чинь энхийг сахиулагч болохоос гал сөнөөгчид биш шүү дээ. Уг суурин, түүний орчмын бүс нутагт дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрч нягтран суурьшсан, Суданы Засгийн газрын эсрэг хүчнийхний үйл ажиллагаа идэвхтэй явагддаг газар. Түүнчлэн Өмнөд Суданы сөргөлдөгч хүчнүүд хаяа дэрлэн оршдог зэвсэгт мөргөлдөөний талбар.

Бид чинь цэргийн хувцас, сум нэвтрэхгүй хантааз, дуулгаа өмсөөд, буугаа үүрээд дүрвэгсдийн тосгонд энхийг сахиулж буй цэрэг өөдөөс нь амиа золиослогч, алан хядагч гал нээхэд өөрийгөө болон энгийн иргэдийг хамгаалдаг шигээ дүрвэгсдийн амь хоргодох өвсөн хороо шатлаа гэхэд өгсөн үүрэг даалгаврын дагуу галыг унтрааж, иргэдийг нь аюулгүй газар хүргэдэг л байхгүй юу. Ийдад гарсан түймрийг энхийг сахиулагчид маань ус, хаймран цохиур хоёроор дарсан. Түймрийн тархалтыг хумих үүднээс хэдэн арван өвсөн оромжуудыг нураасан. Азаар Ийдад түймэр гарсан газрынх нь ойролцоо хэд хэдэн худаг байсан учраас усаар гачигдаагүй. Мэдээж тосгон, орон гэр нь шатаж байхад хэн ч зүгээр хараад суухгүй. Тэднийг манай энхийг сахиулагчид зөв удирдан зохион байгуулж, түймэр унтраахад оролцуулсан.

Өмнөд Судан Улсын Ийда тосгонд гал гарах үед Монголын энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай ажилласны дүнд нэг ч хүн амь үрэгдээгүй байна. 2014 оны гуравдугаар сарын 20

-Та сая өвсөн хоргодох байр гэлээ. Тэгэхээр Ийдагийн оршин суугчид өвсөөр хийсэн сууцанд амьдардаг гэсэн үг үү?

-Ийда чинь дайн дажинтай Суданы хойд хэсгээс өмнөд рүүгээ нүүдэллэсэн буюу дүрвэсэн хүмүүсийн тосгон шүү дээ. Миний мэдэхийн 2011 онд энэ суурин байж л байсан. Дүрвэж, нүүдэллэж яваа хүмүүс очсон газартаа шавар зуураад, тоосго өрөхгүй нь ойлгомжтой. Арван оромж тутмын ес нь дэрс, өвсөөр хийсэн. Дээрээс нь хоорондоо маш шигүү суурьшсан. Орчин үеийнх шиг хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, засмал замгүй. Хүн бүр хүссэн газраа дэрсэн оромжоо барьчихна. Тосгодын дундуур хоёроос гурван метрийн зайтай нарийн гудамж л бий. Хааш хаашаагаа тавхан км-ийн зайд 70 гаруй мянган хүн амьдарч байгаа гээд бодохоор ямархуу нөхцөлд амьдарч байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөх болов уу.

-Түймрийн шалтгааныг тогтоосон юм болов уу?

-Ахуйн нөхцлөөс түймэр алдагдсан нь тогтоогдсон. Тог цахилгаангүй учраас гурав, дөрвөн чулуу тойруулж босгож байгаад, гал түлж, дээр нь хоол цайгаа болгож иднэ. Амьдарч буй сууц оронгоо шатамхай өвс, дэрсээр барьсан учраас жижигхэн оч дээр нь буухад гал гарна. Дээрээс нь жилийн хуурайшилтын улирал явагдаж байгаа учраас Ийдагийн эргэн тойронд өндөр ургасан хатсан өвс, ургамал, дэрсэнд гал алдах эрсдэл маш өндөр.

-Өндөр ургасан гэдэг нь хэд орчим см гэсэн үг юм бол. Борооны улирал нь хэдийд эхэлдэг вэ?

-Дунджаар 40 см буюу хагас метр өндөр ургадаг. Таваас долдугаар сард хур тунадас арвин ордог бол ес, аравдугаар сард бага.

-Хуурайшилтын улирал нь удаан үргэлжилдэг учраас жилд гарах түймэр нь ганцаар тогтдоггүй л байлгүй?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Беньтюд гарсан түймэр Ийдад гарснаас илүү хүчтэй байсан ч Монголын энхийг сахиулагчид хоёрхон цагийн дотор унтрааж, мянга мянган хүний амь, эд хөрөнгийг хамгаалсан. Беньтю 50 гаруй мянган хүн амийг аврахын төлөө манай 100-аад энхийг сахиулагчид зүтгэсэн.

-Ийдаг нүүлгэн шилжүүлж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээгээр явах боллоо. Энэ үнэн үү?

-Одоогоор төв штабт энэ талаар мэдээлэл ирээгүй байна.

-Түймрийг унтраах үед салхи эрчтэй байснаас гадна Ийдад хадгалагдаж байсан их сум дэлбэрч, түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Газар дээр нь ажиллаж байсан энхийг сахиулагчдын мэдээлснээр багагүй тооны сум дэлбэрч, түймрийн эрчийг нэмэгдүүлсэн гэсэн. Алан хядагч, амиа золиослогч, зэвсэгт бүлэглэлүүдийн байнгын довтолгоонд өртдөг, байнгын үймээн самуунд аж төрдөг хүмүүст өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг байх нь мэдээж. Сумаа өвсөн овоохойныхоо хойморт шидчихсэн юм чинь тэр нь дэлбэрэхээс ч яах билээ.

-Өмнөд Суданд Монголоос хэдэн энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа вэ. Тэд хэдийд эх орондоо ирэх вэ?

-Энэ удаад 850 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Жилийн хугацаатай учраас бид ирэх долдугаар сард эх орон руугаа буцна даа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунтуул: Түлэнхийн зовлонг биеэрээ мэдэрсэн учраас хүүд туслахыг хүссэн

-ТАЙЗАН ДЭЭР ГАРАХАД ХҮМҮҮС НАМАЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ ГЭСЭН АЙДАС ЭРГЭЛЗЭЭ ОДОО Ч БИЙ-

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аянд нэгдэж, уриалга гаргаад байгаа. БНСУ-д хоёр удаа мэс засалд орж, одоо ч эмчилгээтэй байгаа тэрбээр өөр шигээ зовлон амсч байгаа хүүд тусалж, олон нийтийг уриалаад байгаа билээ. Энэ талаар Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуултай ярилцлаа.

-Таныг түлэгдсэн хүүд туслах аян эхлүүлсэнд уншигчдынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ ажлыг тань хүмүүс хэр хүлээн авч байна. Туслах дэмжих хүн цөөнгүй байгаа болов уу?

-Баярлалаа. Түлэгдсэн хүүд туслах аянг би эхлүүлээгүй. Ээж нь олон түмнээс тусламж гуйсныг олж хараад маш их өрөвдсөн. Түлэнхий гэдэг маш хорлонтой, аймшигтай өвчин. Биеэрээ мэдэрсэн хүний хувьд хүүгийн тэр зургийг анх хараад үнэхээр өрөвдөж, өөрийн эрхгүй ээжтэй нь холбогдмоор, тусалмаар санагдсан. Би өөрөө эмчилгээтэй байгаа учраас тэр хүүд мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй. Тодорхой хэмжээнд олны танил гэдэг утгаараа хүмүүсийг туслахыг уриалъя, өөрийнхөө чадлаар тусалъя гэж шийдсэн. Тиймээс долоо хоногийн өмнө facebook-т “Жүжигчин Оюунтуул” хаяг нээж, түүгээрээ дамжуулан хүмүүсийг уриалж байна. Долоо хоногийн дотор маш олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлж, найзын хүсэлт илгээжээ. Би тэр хүүд туслаач, хүүгийн биеийн байдал ийм байна гэдэг утгаар мэдээллийг л түгээж байгаа. Миний чадах ажил тэр. Түүнээс би мөнгө, санхүүгийнх нь ажилд огт холбогдоогүй. Сайны хажуугаар саар гэдэг шиг хүүд тусалж, дэмжих олон хүн байгаа ч намайг хүүхдээр шоу хийлээ, мөнгө олох гэлээ гэх хүмүүс ч мэр сэр байна.

-Өвчтэй, нялх хүүхдээр шоу хийх хүн байхгүй нь мэдээж. Та эмзэглээгүй биз дээ?

-Тэр хүү дөнгөж ой гурван сартай. Өвчиндөө яаж зовж, шаналж байгаа билээ. Хүний нялх үр зовж байхад шоу хийгээд, нэр хүндээ өсгөх гээд явж байдаг хүн гэж байх уу. Намайг олон хүн таньдаг болов уу, тэр утгаараа мэдээлэл түгээж хүмүүсийг уриалъя л гэсэн бодол байснаас өөр нэр хүнд, ашгийн төлөө огт яваагүй гэдгийг хэлмээр байна. Тийм яриа сонсоод жаахан эмзэглэснийг нуухгүй. Гэхдээ дэмжиж, хүүд тусалж байгаа олон хүн бий. Зарим хүмүүс тусламж үзүүлсэн хүмүүсийн мэдээлэл, санхүүгийн тайлангаа тавь гэж шаардсан байна лээ. Тэр хүүд туслаач гэж зарласан хандивын данс нь бодитой. Эмчилгээнээс өөр ямар нэгэн зүйлд зориулагдаагүй. Би мөнгө төгрөгтэй холбогдоогүй учраас хүүгийн ээжид “Би Солонгост эмнэлэгт эмчлүүлж байсан. Аль ч эмнэлэг эмчилгээний зардлыг бичээд өгдөг. Орчуулагчаараа дамжуулаад тайланг нь ав. Энд орчуулаад олон нийтийн сүлжээгээр дэлгээрэй” гэж хэлсэн. Ингэж ээжид нь хэлэхдээ багахан эмзэглэж байлаа. Яаж ч бодсон үхэж болох өвчнөөр нялх хүүхэд зовж байхад шоу хийх хүн байхгүй. Ийм зүйл дээр хэт муу санаа гаргамааргүй санагдсан. Намайг ч гэсэн “Солонгос руу эмчилгээнд явлаа гэж Алдармаагаас баахан мөнгө авсан. Тэнд очоод шопинг хийгээд явж байна” гэж ярих хүн байсан. Би өнөөдөр ч гэсэн эмчилгээгээ хийлгээд л явж байгаа. Өөртэй чинь ярилцахын өмнө хүртэл эмчилгээндээ ороод ирсэн.

-Монголдоо эмчлүүлэх боломж байгаагүй юм уу гэх хандлага бас байсан. Гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэсэн гэдэг утгаараа зарим хүн шүүмжилсэн байж болох талтай.

-Би тансаг сайхныг хайж яваагүй. Түлэнхийн төвийн эмч нарын зөвлөснөөр л эмчилгээнд явахаас өөр арга байгаагүй. Манай эмч нарын мэдлэг, туршлага үнэхээр сайн. Гэсэн ч тоног төхөөрөмж, эм тариа гээд үнэхээр хүчин мөхөсддөг юм байна. Гадагшаа эмчилгээнд явахгүй бол болохгүй гэж зөвлөсөн учраас л би явсан. Түүнээс хэн нэгнээс учиргүй их мөнгө авах гэж, гадаадад тансаг эмнэлэгт хэвтэх гээгүй. Би 31 хувийн түлэгдэлтэй, энэ хүү 51 хувийн түлэгдэлтэй байсан. Мэс засал хийлгэхээс гадна маш удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байдаг юм билээ. Өмнө нь би түлэгдсэн гэхээр нэг их эмзэглэдэггүй, хүнд хүлээж авдаггүй байсан. Түлэнхийн зовлон гэдэг хамгаас хэцүү гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас энэ хүүд тусалж, нэг ч гэсэн хүний амийг аврахад хувь нэмрээ оруулъя гэж бодсон.

-Хүүгийн бие одоо гайгүй юу?

-Дөнгөж сая ээжтэй нь ярилаа. “Мэс засалд орсон ч халуун нь буурахгүй байна” гэж байна лээ. Гэхдээ олныхоо дэмээр хүүгийн бие сайжирч байгаа гэдгийг дуулгамаар байна. Монголчууд нэгийгээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн шүү дээ.

-Түлэнхийн зовлон өвчин дундаас хамгийн хэцүү гэдгийг та биеэрээ мэдэрсэн. Эцэг, эхийн анзааргагүйгээс маш олон хүүхэд түлэгдэж зовж байгааг харахад эмзэглэх нь аргагүй. Түлэнхийн төвд эмчлүүлэгчдийн олонхи нь хүүхэд юм билээ?

-Би Түлэнхийн төвд 19 хоног хэвтэж эмчлүүлсэн. Намайг хэвтэж байхад хоёр хүүхэд өвчнөө даахгүй амиа алдаж байгааг хараад маш хүнд цохилтод орсон. Тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд халуун тогоо, халуун цайнд их түлэгдэж ирэх юм. Эцэг эхийнх нь хараа хяналт сул байна, хүүхдээ харж, хандсангүй, гэр хорооллын амьдрал тааруу хүмүүсийн хүүхдүүд л түлэгддэг гэж хүмүүс ярьдаг. Дээр үед хүүхдүүд түлэгддэггүй байсан, одоогийн хүмүүс хүүхдээ ч харж чадахгүй байна гэж шүүмжлэхийг олон сонслоо. Эцэг, эхийн хараа хяналт сул байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ түрхэн зуурын л гай байдаг юм билээ. Өнгөц хараад шүүмжлээд олон зүйл ярьж болох боловч хэн ч хүүхдээ түлэгдчихнэ гэж тэрхэн зуурт боддоггүй. Хормын төдийд дайрах гай шүү дээ. Халуун тогоонд маш олон хүүхэд түлэгддэг юм байна. Олон үйлдэлтэй тогоог буруу ажиллуулснаас болж дэлбэрч олон хүн түлэгдэж эмнэлэгт ирдэг. Дээр үед тийм зүйл байгаагүй. Халуун цайнд ойртохоор аав ээж минь “Ий аймаар, халуун” гэж айлгадаг, болгоомжлуулдаг байсан. Хүүхдэдээ ингээд болгоомжлуулаад байхад ойлгоно шүү дээ. Зав муутай, орой ирдэг ч хүүхэдтэйгээ маш сайн харилцаж ойртож болохгүй зүйлсийн талаар ойлгуулж байгаач. Бас халуун тогоо, халуун цайгаа хүүхдийн гар хүрч болохгүй газар тавьж байгаач гэж захья. Залуу аав ээжүүдэд хүүхэд нь түлэгдэнэ гэсэн төсөөлөл бага байх шиг байна. Түрхэн зуурын болгоомжгүй байдлаас болж нөхөж баршгүй зовлон тохиох юм. Тиймээс хичнээн завгүй байсан ч анхаарал болгоомжтой байгаач гэж аминчлан захимаар байна.

-Зарим хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод хүүхдээ түлэгдэхэд нохойн цус, сахар, гутлын тос түрхэж бохирдуулдаг. Болгоомжтой байхаас гадна анхны тусламж үзүүлэх талаар мэдээлэлтэй баймаар санагддаг?

-Би буцалсан усанд түлэгдсэн шүү дээ. Эмч нар “Түлэгдсэн бол хамгийн түрүүнд хүйтэн усанд дүрэх ёстой” гэж зөвлөдөг юм билээ. Хүйтэн ус хорыг нь гадагшлуулдаг юм байна. Өдий насалчихаад үүнийг сонсоогүй юм уу гэж эмч асууж байсан. Үнэхээр би мэдэхгүй байсан учраас анхны тусламж үзүүлэлгүй эмнэлэгт очсон шүү дээ. Намайг амьтны гаралтай юу ч түрхэж, ойртуулж болохгүй гэсэн. Би өнөөг хүртэл ойртуулаагүй. Ер нь элдэв зүйл түрхдэг гэсэн ам ярианд итгэмээргүй юм билээ. Янз бүрийн зүйл түрхээд хүндрүүлсэн хүмүүс эмнэлэгт цөөнгүй ирдэг. Би жил шахам эмчилгээ хийлгэж байна. Тиймээс тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Мэс заслын дараахь эмчилгээний талаар асуумаар байвал надтай холбогдоорой гэж хүмүүст уриалмаар байна. Би чадах бүхнээ хэлж өгнө. Утсаар яриад байх боломжгүй ч facebook хаягаараа хариулаад зөвлөөд байж чадна. Зовлонг нь үзсэн хүн гэдэг өөр шүү дээ. Надтай түлэгдсэн хүмүүс холбогдож, ярьж хөөрдөг. Ядаж л зовлонг нь хуваалцаад “Одоо ингэнэ, тэгнэ” гээд ярилцана шүү дээ.

-Түлэгдсэн хүмүүс насаараа сорвитой шаналж явна гэж сэтгэлээр унадаг. Таны тухайд уйгагүй эмчилгээ хийлгэж байгаа. Одоо ер нь зовиур байгаа юу?

-Намайг анх эмнэлэгт очиход эмч “Хоёр жил түлэнхийн төвөөр явна даа” гэхэд нь их гомдож байсан. Юу яриад байгаа юм бэ л гэж бодож байлаа. Гэтэл би жил эмнэлгээс салсангүй. Энэ сарын 27-нд яг жил болж байна. Ургасан махны хэмжээ багасаагүй. Тэвчээртэй, уйгагүй эмчлүүлэхэд эдгэнэ л гэсэн. Физик эмчилгээ хийлгэж байна. Түлэгдсэний дараахь арчилгаа маш чухал байдаг. Байнгын арчилгаа шаардлагатай. Тийм учраас түлэнхий хүнд, зовлонтой өвчин гээд байгаа юм. Маш их тэвчээр хэрэгтэй юм байна.

-Урлагийнхан, тэр дундаа хошин урлагийнхан хүмүүнлэгийн ажил хийж байгаад олон хүн талархлаа илэрхийлж байгаа. Жүжигчин Г.Ундармаа төрөх эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулсан нь олон хүнийг баярлууллаа. Таны тухайд түлэгдсэн хүүд тусалж байна. Бас хүмүүст өөрийнхөө боломжоор зөвлөгөө өгөхөд бэлэн гэлээ.

-Зовлонг биеэрээ туулсан хүн асуудалд арай өөр ханддаг юм байна. Би өмнө нь уран бүтээлээ сайн хийгээд, түүндээ урамшаад явъя л гэж боддог байж. Тусламж, дэмжлэг гуйсан өвдөж шаналсан хүмүүсийг өрөвддөг ч тэгтлээ эмзэглэдэггүй байжээ. Г.Ундармаа эгчийн аавынх нь бие муу. Бид хамтдаа эргэж тойроод явдаг байсан. Эмнэлгийн хүлээлгийн өрөө тохигүй юм. Эгч нь төрийн бус байгууллага байгуулаад чадлынхаа хэрээр тохижуулна гэж яриад ажил болгосон. Олон хүн талархаж байгаа. Би түлэнхийн зовлонг биеэрээ туулсны хувьд хүүд тусалъя гэж хүссэн. Олны танил учраас нийгэм рүү хандсан ажил хийж нэр хүндээ өсгөе гэсэн ямар ч бодол байхгүй. Аяндаа л хиймээр санагдаад эхэлдэг юм байна. Маш олон хүн хүүд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Надад мөнгө байхгүй. Миний хийж чадах ажил л олныг уриалах. Юу байна, түүгээр гэдэг шиг л явж байна.

-Цаашдаа ийм ажил зохиох уу?

-Үнэндээ төлөвлөсөн зүйл алга. Эмчилгээ минь удаан хугацаанд үргэлжилнэ. Дахиад ийм зовлон үзэх хүүхэд битгий байгаасай гэж хүсч байна.

-Та өчигдөр киноны нээлтэд явж байна гэсэн. Өөрийнхөө тоглосон киноны нээлтэд очсон уу?

-Уран бүтээлч дүү нарынхаа тоглосон “Гурван найз” киноны нээлтэд уригдаж очсон. Тэмка, Нарансолонго нарын маань тоглосон кино шүү дээ.

-Өөрөө “Хуримын сюрприз” кинонд дүр бүтээхээс гадна зургийн даргаар ажилласан. Уран бүтээлдээ эргэж ирэхдээ мэргэжлээ солив уу?

-Жил орчим уран бүтээлээсээ хол, эмнэлгээр явахад надад үнэхээр хэцүү байсан. Сэтгэлээр ч их унасан. Ийм үед “Хуримын сюрприз” киноны хамт олон туслах дүр санал болгосон. Үүнийхээ хажуугаар зургийн даргаар ажиллах санал тавьсан. Уран бүтээлээсээ удаан хугацаанд хөндийрчихсөн, ажилгүй байгаа хүн өөртөө итгэлгүй болчихдог юм билээ. “Зургийн дарга хийж чадахгүй байх. Та нарынхаа ажлыг алчихна” гэж зөвшөөрөөгүй. Долоо хоносны дараа “Оюунлаг“ продакшны залуус маань “Та өөрийгөө сэргээх хэрэгтэй. Ингээд байгаад байж болохгүй” гэсэн. Миний хувьд уран бүтээлдээ ормоор хиймээр байсан ч айдас байсан. Гэхдээ надад заагаад өг, би хийгээд үзье гэсэн. Ингээд л найруулагчаараа заалгаад шинийн 5-нд ажилдаа орсон. Үнэхээр сайхан байсан. Үгээр хэлэхийн аргагүй шүү. Ядарч явахад минь хүлээж авсан, тусалсан киноныхоо бүх залууст маш их баярлаж байгаа.

-Урт хугацааны эмчилгээ, багагүй хэл амны дараа уран бүтээлдээ эргэж ороход сэтгэлийн хөөрлөөс гадна айдас түгшүүр байсан нь мэдээж?

-Маш их айдас, эргэлзээ байсан. Одоо ч бий. Тайзан дээр гарахад хүмүүс намайг яаж хүлээж авах бол. Би 13 жил тайзан дээр ажилласан. Тодорхой хэмжээнд хүмүүст танигдаж байсан. Гэтэл жилийн өмнөх явдлаас хойш хүн бүр намайг таньдаг, ярьдаг болсон. Муу нэрээр хүмүүст танигдах гэдэг маш хэцүү. Уран бүтээлээрээ биш муу юмаараа алдаршина гэдэг хэцүү шүү дээ. Тэр утгаараа сэтгэл санаа хүнд байсан. Уран бүтээлдээ ороод маш сайхан байна.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Энэ уран бүтээл дээр ажиллаад хүмүүс ч болж байна гээд, өөрийгөө ч би болж байна шүү гэж үнэлэхээр үнэхээр л болоод явчихаж байна.

-Ц.Алдармаа та хоёр нэгэн үе эгч дүүс байсан. Та хоёрын дундах асуудал дууссан гэж ойлгож байгаа. Та уран бүтээлдээ орлоо. Алдармаа ч суллагдсан. Одоо холбоотой байдаг уу?

-Миний хийж байгаа ажлыг дэмжиж ярилцлага авсанд баярлалаа. Энэ талаар яримааргүй байна. Эмэгтэй хүний хувьд намайг ойлгож байгаа гэж итгэж байна.

-Хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу. Эргээд хамтлагтаа орох бодол байгаа болов уу?

-Энэ удаа ингээд өндөрлөе.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Би циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “Гурван найз – Яасан байх нь уу” инээдмийн уран сайхны кино дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. “Гурван найз” олон ангит киноны найзууд болох Төгөлдөр, Санчир, Цэрэндалай нар бүрэн хэмжээний кинон дээрээ тогтсон амьдралтай болох аж. Тэд жил бүр нөхөрлөлийнхөө ойг тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ удаад гурван найз 22 жилийн ойг нижгэр тэмдэглэснээр хөгжилтэй олон адал явдлууд хөврөх нь ээ. Киног “Keystone films”, “Эмоци” продакшн хамтран бүтээсэн бөгөөд зохиолыг “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолчоор ажилласан Ж.Оргил, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичсэн байна. Харин найруулагчаар Ч.Ганзориг ажиллажээ. Мөн кинонд “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан, Э.Алдар нар оролцон тогложээ. Ингээд “Гурван найз” киноны Санчир буюу жүжигчин Д.Түвшинтөртэй ярилцлаа.

-“Гурван найз” киног олон ангит болгосон нь нэг ангиасаа юугаараа ялгаатай вэ. Та нар киногоороо юу харуулахыг хүсэв?

-Жүжиглэлтийн хувьд ялгаа байхгүй. Зураг авалтын хувьд ялгаа бий. Киноны багийнхан гурван сарын турш хамт павильонд байж 40 ангитай хийсэн. Нэг ангит киноны хувьд 20 хоногийн дотор л зураг авалт нь явагдаад дуусчихаж байгаа юм. Дараа нь монтаж, эвлүүлгүүд хийгдсэн гээд цаг хугацааны хувьд урт, удаан гэсэн ялгаатай юм уу даа. “Гурван найз” 40 ангит киноны анги болгон нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөр үйл явдлууд өрнөж байсан. Энэ удаагийн “Гурван найз Яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино мөн л нэг үйл явдлыг үзүүлнэ. Энэ киногоор өнөөдөр Монголын нийгэмд залуусын дунд нөхөрлөл ийм байна. Унаган багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэн юунд байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон доо.

-Олон ангит кино гарч дууссаны дараа үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүссэн.Бүрэн хэмжээний киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Аливаа юмны нээлт их хэцүү байдаг. Бүрэн хэмжээний киноны нээлт сайхан болж байна. Киногоо нээгээд үзэгчидтэйгээ хамт үзчихээр л жаахан тайвширдаг. Ер нь дэлхийн олон ангит цувралууд ашиг орлого олох зорилгоор бүрэн хэмжээний кино бүтээдэг. Бид тэр жишгээр үзэгчдийн хүсэлтээр бүрэн хэмжээний бүтээл болгосон. Кино маань цааш дахин үргэлжлэх үү үгүй юу гэдэг нь үзэгчдээс шалтгаалж шийднэ.

-Нэг ангийнхан хамтарч кинонд тоглосон гэсэн байх аа?

-Тийм ээ. Баатархүү, Нарансолонго бид гурав Найдандорж багшийн шавь нар. Мөн Лхамхүү багшийн нэг ангийн нэг үеийн төгсөлтийн Анхаа, Тэмка, Эзэнмөнх, Туяа, Алдар гээд таван хүн тоглосон гээд сонин тохиолдлууд болсон.

-“Гурван найз- Яасан байх нь уу” киноны үйл явдал цааш хэрхэн өрнөх вэ?

-40 анги дээр гурван найз хайртай хосуудаа олж, хайр дурлалын цэцгийн үрийг тариад дууссан. Энэ цэцэг маань хэрхэн цаашаа ургасан байна вэ гэдгийг манай киноноос харах нь байна. Олон ангит дээр хэзээ ч хоорондоо таарч тохирохооргүй, бие биенээ үздэггүй байсан Нарансолонго Цэкү хоёр нийлж байх жишээтэй. Би Энэрэл буюу жүжигчин Баярмаатай угаасаа л 40 ангит кинонд хайр дурлалаа олчихсон байсан. Тэмка тоодоггүй байсан Мөөгийтэй сууна гээд энэ кинон дээр цаашаа ямар үйл явдал тохиолдохыг “Гурван найз- Яасан байх нь уу” киноноос үзээрэй.

-Та бүтэлгүй залуугийн дүрд тоглодог шүү дээ. Бүрэн хэмжээний кинонд хэр азтай байх бол?

-Дахиад бүтэлгүйтээд л явж байгаа. Дүрийн шугам бол өөрчлөгдөөгүй шүү. Бид энэ удаа үйл явдлыг ээдрээтэй болгох тал дээр маш сайн ажилласан.

-Таныг эмэгтэй хүний дүрд чадварлаг хувирдаг гэсэн дүгнэлт үзэгчдийн дунд бий?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой гэж заалгадаг. Мэдээж эмэгтэй хүний дүрд тоглох хэцүү байдаг. Миний хувьд эмэгтэй хүнийг их гоё талаас нь харуулахыг хичээдэг. Муухай эмэгтэй бол сонин биш шүү дээ. Эмэгтэй хүнийг гадна тал, дотор талаас нь урлах ёстой.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгочихов оо. Гэр бүлийнхэнд тань урлагийн хүмүүс байв уу?

-Манай гэр бүлийнхэн багш, эмч гээд сэхээтэн гаралтай хүмүүс. Ер нь ямар ч урлагийн төрлийн хүн байхгүй. Би багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан л даа. Гэхдээ кино, тайзны жүжигчин болно гэж бодож байсангүй. Циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа.

-Сургуулиа төгсөөд ажлын гараа чинь хаанаас эхэлж байв?

-Би 2001 онд СУИС-ийн жүжигчний анги төгсөөд “Х-түц” хамтлагт орж байсан. Тэрнээс хойш 2013 оныг хүртэл хамтарч ажилласан. 2013 оноос “Эмоци” продакшныг үүсгэн байгуулаад хоёр жилийг ардаа үлдээжээ. “Эмоци” продакшн гэхээр хүмүүс Баатархүү, Нарансолонго, Төтө, Тэмка гэж ярьдаг юм билээ. Нийгэмд сайн үнэлгээтэй байгаадаа баярлаж байгаа.

-Таныг яагаад Төтө гэж дууддаг юм бэ?

-Оюутан байхад найзууд маань өгсөн нэр. Хоч ч гэх юм уу. Оюутны найзууд маань Түвшинтөрөө гэж дуудахаас залхуураад Төтө гэж дуудаг байсан юм. Тэр нэрээрээ одоог хүртэл дуудуулж явна.

-Урлагийн хүнд гэр бүлийн хүн чухал. Ханийнхаа тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Би эхнэртэйгээ арван жилд байхдаа учирсан хүн. Гэргий маань намайг үргэлж ойлгож дэмжиж байдаг даа. Одоо эхнэр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна.

-Нөхөрлөлийг хүмүүст ойлгуулах гэж кино хийчихлээ. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Бооёо ах “Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа л үнэ цэн нь оршдог” гэж ярьж байсан. Ер нь зовох цагт хамт байдаг, баярлах үед хуваалцаж чаддаг байхад нөхөрлөлийн үнэ цэн оршдог юм болов уу гэж боддог.

-“Эмоци” продакшн сүүлийн үед юу хийж байна?

-Киноны хажуугаар “Тоглож болохгүй тоглоом” шоугаа ҮЭСТО-нд өдөр болгон тоглож байгаа. Мөн дараагийн тайзны бүтээлүүд ар араасаа төлөвлөгдөж байгаа.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

“Asia’s got talent” шоунд “Хөсөгтөн” хамтлаг хагас финалд шалгарчээ

ОЛОН АВЪЯАСТНУУДААС ҮНЭЛЭГДЭЖ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖТОЙ ГЭДГЭЭРЭЭ “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГ ОНЦЛОГ

“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт Монгол орноо төлөөлж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Хөсөгтөн” хамтлаг язгуур урлагаар оролцож шилдэг 24-т буюу хагас финалд шалгарчээ. Хөсөгтөн хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй билээ. Энэ талаар морин хуурч, хөөмийч В.Батзориг болон “Хөсөгтөн” хамтлагийн продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Asia’s got talent” шоу нэвтрүүлэгт яагаад оролцохоор болов. Мэдээллийг хаанаас авч байсан бэ?

-Анх өнгөрсөн жил “Марко Поло” киноны нэгдүгээр бүлэг дээр ажиллаж байхад Жэссика Луис гээд жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хариуцсан хүн дараа нь “Asia’s got talent” шоуны шалгаруулалтын захирлаар ажилласан юм. Жэссика Луис надад “Азийн авьяастан”-уудыг шалгаруулах гэсэн юм. Монголоос авьяастай хүмүүсийг оруулах сонирхол­той байна хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Учир нь би “Марко Поло” кинонд хоёр хөөмийч авч явж бид гурав монгол баатрууд хөөмий тоглож байгаа хэсэгт тоглосон юм. Тэр хэсгийг хараад хөөмийн урлагийг биширсэн хэрэг. Тэр хоёрын нэг нь “Хөсөгтөн” хамтлагийн Батзориг, нөгөөх нь “Алтайн оргил”-ын Зоригоо байсан. Тэгээд би Монголоос авьяас­тан сонгон шалгаруулах ажилд орж хамтлаг, дуучид, циркчид, бөх, уртын дуучдын бичлэгийг “Asia’s got talent” шоу руу явуулсан. Тэндээс чуулгын харьяа “Хөсөгтөн”, “Жалам хар” гээд хоёр хамтлаг сонгогдон уг шоунд оролцсон юм. Энэ хоёр хамтлаг маань хоёулаа ардын урлагаа үзүүлж эхний шатаа давж чадсан. “Хөсөгтөн” хамтлаг маань одоо хагас шигшээд шалгарчихаад байна.

Энэ шоунд оролцсоноор “Хөсөгтөн” хамтлагийн хувьд ямар давуу талтай вэ?

-Соёл урлагийн шинэ чиглэл урсгал нээгдэж байна. Ардчилсан нийгэм рүү ороод 25 жил болсон ч манай соёл урлагийн тэр сайхан үнэт өв маань “Хөсөгтөн” хамтлагаар хадгалагдаад хөгжиж байна. Энэ нь хуучны бодлого маань үүнийг сайхан авч явж байгаагийн илрэл. “Хөсөгтөн” хамтлаг үүнийгээ хөгжүүлээд дэлхийд таниулж олон наадамд ороод байна. Тэр наадмаас ялгаатай нь энэ шоу маань цэвэр эдийн засгийн гарц болох бүрэн боломжтой. Энэ шоунд оролцсоноор хэдэн сая хувиар цомгоо борлуулдаг дэлхийн хэмжээний том дуучид, продюсер, уран бүтээлчидтэй ажилладаг “Sony entertainment”-тай хамтарч ажиллах үүд хаалга нээгдэнэ. Энэ бол дэлхийд гарах бодит боломж гэсэн үг. “Энигма” Монголын уртын дуучин Нэргүй гуайн дууг аваад ашиглачихсан. Гэтэл Нэргүй гуай өөрийнхөө эрхийг хамгаалж чадаагүй өнгөрсөн. Би “Хөсөгтөн” хамтлагийн продюсерийн хувьд зүгээр холбоод зогсохгүй энэ том байгууллагатай хууль эрх зүйн дагуу “Хөсөгтөн”-ий эрх ашгийг хамгаалж тохиролцоод явж байгаа. Энэ нь Монголын энэ морин хуур, хөөмий гэдэг урлаг танигдаад сурталчлагдаад зогсохгүй энэ хамтлагийнханд маань ашиг болох учиртай. Хаана ч явсан эдийн засгийн эргэлтэнд орсон худалдааны соёл урлаг түгээгдэх нь илүү байдаг, олон ч хүнд хүрдэг. Энэ уралдааны ач холбогдол тэрэндээ байна. Олон авьяастнуудаас үнэлэгдэж чадах, зах зээлд гарах боломжтой. Тийм бүтээл гаргаж, хийж чадаж байгаагаараа “Хөсөгтөн” хамтлаг онцлог. Үүнийг нэг талаас улс Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэлбэрээр соёлоо их сайхан авч явж байна. Чуулгад манай язгуур урлаг бүгд хадгалагдаад санхүүжигдээд хөгжөөд байж байдаг. Энэ сайхан авьяасыг эргэлтэд оруулах хэрэгтэй. Эргэлтэд оруулахын тулд продюсерийн менежмент хэрэгтэй. Нөгөө талаас бусад урлагийн дуучид, бүжигчид ийм гарц эрэлхийлэхэд нээлттэй болж байна.

ХАГАС ФИНАЛД ШАЛГАРАХ ХҮРТЭЛ ШҮҮГЧИД БИДНИЙГ

100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙСАН

Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзоригтой ярилцлаа.

Танай хамтлаг хагас финалд шалгарчихлаа. Азийн авьяастнуудаас ялга­рах онцлог нь юу байв аа?

-Оргил ахын явуулсан материалаас манай хамтлаг шалгарч энэ том шоу нэвт­рүүлэгт оролцохоор болсон. Хамгийн эхний шат нь оны өмнө арваннэгдүгээр сарын сүүлээр Малайзын Чохорбарав хотод болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж гэдэг хүний “Чингэс хаан” гэдэг магтаалаар эхнийхээ үеийг давсан. Эхний шатанд амжилттай оролцсоны дараа Сингапурт хоёрдугаар шат болсон. Ер нь Малайз, Сингапур хоёрт ээлжлээд бүх шат нь явагдсан. Шоунд оролцож байгаа уран бүтээлчид ерөнхийдөө орчин үеийн дуу, бүжиг, илбэ, циркийн үзүүлбэрүүдийг үзүүлж байна лээ. Бидний тэднээс ялгарах зүйл нь ардын урлаг. Тэр дундаа хөөмийг голчилж үзүүлсэн. Бидний тактик бол хөөмийгөөр давамгайлсан уран бүтээлээр л оролцож байгаа явдал. Манайхаас гадна ардын урлагаар орж байгаа хамтлаг цөөхөн.

Дөрвөн шүүгчид хэн хэн байгаа вэ. Та нарыг яаж хүлээж авч байв?

-Тайвань гаралтай бүжигчин, дуучин, жүжигчин гээд Азидаа супер од Van Ness Wu. Индонез гаралтай дуучин Anggun, дэлхийд нэртэй хөгжмийн продюссер David Foster. “Spice girls” хамтлагийн дуучин Melanie C нар шүүгчээр ажиллаж байна. Шүүгчид биднийг гайхалтай хүлээж авсан. Бид Азийн авьяастнуудаас гадна олон оронд тоглолт хийж байсан л даа. Тэр бүрд Монголын ардын урлагийг гайхан биширч хүлээж авдаг шүү. Бидний эхний шатанд орсон бичлэгийг youtube дээрээс харвал шүүгчид биднийг ямар өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа нь тодорхой харагдана. Биднийг гайхаж их сайхан хүлээж авсан шүү.

Шоунд оролцох байх үеийн сэтгэгдлээ хуваал­цаач?

-Шоунд ороод харж байхад өнөөдөр ардын урлагийг монголчууд шиг сайхан өвлүүлж явж байгаа нь бахархмаар байсан. Үндэсний ардын урлагаа олон нийтийн хүртээл болгон тийм том шоунд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Дээрээс нь Япон, Хятадын ардын урлагийг тэд манай хөөмийг гайхаж хүлээж авсан шиг авахгүй л гэж бодож байна. Орчин үеийн дуу бүжиг өндөр түвшинд хөгжчихсөн байгаа үед энэ бүхэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд байна гэдэг хамгийн том бахархал.

Шилдэг 24 дундаа Монголын “Хөсөгтөн” хамт­лагийн рейтинг хэр байна?

-Тун гайгүй байгаа шүү. Хагас финалд шалгарах хүртэл шат шатны үзүүлбэрүүдийг шүүгчид 100 хувь дэмжиж байлаа. Бүр “Asia’t got talent”хуудсан дээр санал асуулга явуулсан байна лээ. “Язгуур үндэстний урлаг дундаас та нар алийг нь илүү гэж бодож байна вэ” гэсэн асуулт тавиад манай хамтлаг болон Тайландын ардын урлагийн номер үзүүлсэн хамтлагийг тавьсан байна лээ. Гэтэл хамгийн эхний сэтгэгдэл дээр тайланд залуу би уг нь тайланд хүн гэхдээ “Хөсөгтөн” хамтлаг хамаагүй илүү байна гэсэн байсан. Тэгэхээр гадныхан хүртэл монгол хөөмий, морин хуур гээд энэ сайхан урлагийг үнэлж байна гэж ойлгож байгаа. Одоо санал асуулгаар шилдэг ес шалгарна шүү дээ.

Шоунд хичнээн орноос оролцож байгаа вэ. Олон улсад манай язгуур урлаг нэлээд сурталчлагдаж байгаа юм байна?

-Азийн бүх орноос оролц­сон. “AXN” телевизээр Азийн 20 гаран оронд цацаг­даж байгаа. Мөн бид нар тоглолтод ороод гараад ирэхэд нэг удаад олон улсын 7,8 телевизээс ярилцлага авч байгаа. Филиппин, Тайвань, Солонгос, Вьетнам, Хятад, “AXN”, youtube гээд л бидний мэдэхгүй олон улсын телевизүүд ч байх шиг байна. Ази дэлхийн хамгийн олон хүн амтай, том тив. Хятад, Энэтхэг гээд тэрбум гарсан хүн амтай өрсөлдөгч нар бий. Тэр олон өрсөлдөгч дундаас шилдэг 24-д шалгарна гэдэг амжилт.

-“Хөсөгтөн” хамтлаг анх яаж байгуулагдаж байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2009 онд хөөмийн томоохон наадам болоод тэрэнд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганд хөөмийлдөг авьяаслаг хөөмийчид нэгдэж хамтлаг болж орж байсан. Тэгээд “Хөөмийн түрлэгтэй эх орон” тоглолтод хамтлагаараа орж байлаа. Дараа жил нь олон улсын тэмцээнд ороод бид гранпри шагнал хүртэж байсан. Тэгээд л цаашдаа хамтарч уран бүтээл хийж болох юм байна гэж ярилцаад санал нэгдэж хамтлаг байгуулж байлаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас түрэн гарч ирсэн хамтлаг. Одоо ч гэсэн ажиллаж байна.

Шоуны хувцас жигд­рэлтэнд хэрхэн анхаарч байв?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганаас бидэнд хийж өгсөн гоё хувцаснууд байгаа. Мөн хувиараа ч оёулна. Энэ шоунд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бидний хувцсан дээр их тусалсан. Байгууллагын удирдлага, нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.

-“Asia’s got talent” шоуны шагнал юу байх вэ?

-100 мянган америк доллар. Sony entertainment-тай хамтран ажиллах гэрээ хийнэ. Дэлхийн хамгийн том компанитай гэрээ хийнэ гэдэг тэр хамтлаг, дуучид дэлхийн хэмжээнд очно гэж ойлгоход болно. Сингапурын “Marina Bay sands” үйлчилгээний бөгөөд соёл урлагийн цогцолборын тайзан дээр тоглох гэрээ хийгдэнэ. Мөн хагас шигшээд орсон тохиолдолд биднийг сонирхолтой мундаг хамтлаг байна гэж үзвэл гэрээ хийх магадлалтай. Шигшээ буюу шилдэг ест орсон тохиол­долд тэр магадлал илүү өндөр болно. Шилдэг есөө шал­гаруулсны дараа тавдугаар сарын 14,15-нд тэргүүн байрыг тодруулах үйл ажиллагаанууд болох юм билээ.

Санал асуулга хэзээ болох вэ?

-Дэлхийн том шоу учраас шударга болно. Энэ шатанд интернет орчинд санал асуулгаар авна. Бидний өрсөлдөгч дунд хүн ам нь хэдэн тэрбум, саяар тоологдох улс бий. Хамгийн цөөн хүн амтай нь манайх байх. Гэхдээ хүн ам цөөн ч гэсэн санал асуулгад идэвхтэй байвал гайгүй байх.

Санал асуулга өнөөдөр орой Сингапурын цагаар 20.00-с эхлээд 27-ны орой 00.00 цагаас дуусах юм. Энэ нь Монголын цагаар өнөөдрийн 21.00 цагаас 27-ны орой 01.00 цаг хүртэл санал асуулга явагдана.

Та саналаа өгөхдөө “Asia’s got talent” хуудас руу ороход “vote now” гэсэн зэс байгаа. Тэр зэс рүү дараад ороход бидний өрсөлдөж байгаа хүмүүсийн зураг, манай хамтлагийн зурагтай байгаа. Бидний зурагны доорх улаан товчин дээр дарна. Нэг хүн нэг л удаа санал өгөх эрхтэй гэдгийг манай залуус санаарай. Ардын урлагаа, Монголоо, “Хөсөгтөн” хамтлагаа дэмжээрэй.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой

УИХ-ын гишүүн Д.Бат­цогт­той ярилцлаа.

Сүүлийн хоёр жил шахам УИХ-ын чуулганаар эдийн засагтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хүндрэлийг даван туулах дараагийн хуулиуд ч УИХ-д өргөн баригдсаар байна. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Эдийн засагт гарч байгаа үзүүлэлтүүдийг онолоор нь аваад үзвэл хүндрэл гэж тодорхойлогдоно. Хүндрэл нь юунаас болж үүсч байна вэ гэвэл ашигт малтмалын үнэ унаснаас үүдэлтэй. Хуучин ашигт малтмалын үнэ өндөр байхад их орлого олж хэт их тансагласны гор одоо гарч байна. Хөдөө орон нутгаар явахад нэг л зүйлийг хэлдэг. “Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөг сулраад хүндрэл байх шиг байна. Гэхдээ тартагтаа тулчихсан зүйл алга. Харин эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн хямрал үүсчихээд байгаа юм биш үү. Та нар өөрсдөө хямраад байгаа юм биш үү” гэж. Энэ нь үнэний ортой. Төсвийн орлогын бүрдэлт муу байгаа нь үнэн. Манайхан мөнгө ихтэй жилдээ төсвөө хэт их тэлж төсвөө хийгээд сурчихсан. Харин өнөөдөр орлого буурсан ч тэр эрч, энерциэ буулгахгүй байна. Өөрөөр хэлбэл төсвөө томоор төлөвлөдөг ч орлого нь бүрдэхгүй байна. Тиймдээ ч УИХ эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх олон хуулийг хийлээ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд олон алхмыг хийлээ. Хууль нь ч боломжийн болсон гэдэг дүгнэлтийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байгаа. Түрүүчээсээ хөрөнгө оруулалтаа сэргээх магадлал яригдаж байна. Нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесийн орчинд нэлээд саатал гарч эхэлсэн. Үүнийг эрүүлжүүлэх тал дээр УИХ ихээхэн анхаарах ёстой байгаа.

Ямар саатлууд гарсныг яаж засч сайжруулах ёстой гэж?

-Татварын асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгадаг, дарамталдаг үзэгдэл ихэслээ гэсэн гомдол их ирж байгаа. Татвартай холбоотой дуулиан тарьсан хэргээс улбаалаад хууль хяналтын байгууллагууд их олон аж ахуйн нэгжийг тухайлан татварын асуудлаар шалгасан мэдээ бий. Энд том тоо яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээрээ бизнест тодорхой хэмжээний чөдөр тушаа болж байна. Миний мэдэхээр шударга татвар төлөгчид байгаа л байх. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр татварын асуудалгүй аж ахуйн нэгж бий юу гэвэл тун ховор. Энэ алдаан дээр нь ажиллаж шалгаж, дарамталдаг нь бизнесийн орчныг доройтуулж байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Би ямар нэг сонирхлын зөрчилгүй хүнийхээ хувьд шулуухан хэлэхэд бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой. Энэ олон аж ахуйн нэгжийг дарамтаас нь гаргах хэрэгтэй байна.

Татварын өршөөлийг ямар хэлбэрээр үзүүлнэ гэж байгаа юм бол?

-Эрүүгийн өршөөлийн хуулийг гаргах тухай яриа бий. Ингэхдээ уялдуулаад тооцоо судалгаатайгаар Татварын өршөөлийн хуулийг гаргах шаардлагатай болох болов уу. Хамгийн эн тэргүүний ээлжинд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргах нь Монголын эдийн засагт бөглөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг сэргээхэд нэн хэрэгтэй юм. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж байна. Энэ хууль хамгийн чухал нь. Баялагтай оронд ийм төрлийн сан их байдаг. Төсвийн орлогоос давсан мөнгөний тодорхой хэсгийг нь ирээдүй хойч үедээ зориулан үлдээх хуримтлалын сан гэсэн үг. Ийм сан өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлдэг, мөнгө тараадаг болж хувирсан. Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд би энэ үүднээс нь шүүмжлэлтэй ханддаг. Казахстан улс яг манай оронтой ижилхэн ашигт малтмал, газрын баялаг ихтэй. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ дэлхийн ах зээлд нэлээд өндөр байсан. Их орлоготой үедээ тодорхой хувийг нь цааш нь хадгалсаар байгаад 147 тэрбум ам.долларыг хуримтлуулж чадсан байгаа юм. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уначихлаа. Тэгэхэд “Алдагдал гарч эхэллээ. Яг ийм үед хэрэглэх гэж энэ мөнгийг цааш нь хураажээ. Тиймээс 25 тэрбум ам.долларыг гаргая” гээд Ерөнхийлөгч нь зарлигдаж эдийн засгаа сэргээх асуудалд анхаарч байна. Тэнд бодлого зөв байсных нь ач тус гарч байгаа хэрэг. Харин бид өнгөрсөн хугацаанд гэнэтийн их ашиг олсон уу гэвэл олсон. Олсныхоо хэрээр зардаг, тансагладаг, баруун солгойгүй амладаг, цацдаг мөнхийн юм шиг эндүүрч явжээ. Тэгээд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унахаар эдийн засаг уначихлаа гэж өөрсдөө хямраад байна. Тэгэхээр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг яг ийм төсвийн орлого бага, мөнгө төгрөг хомс үед баталж авах нь чухал. Мөнгө их, орлого их үед улстөрчдийн мөнгө үрэх хобби маш их байдаг. Тэгэхээр одоо л баталж авах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн шатандаа сайн анхаараад хуулийг батлах нь зөв. Энэ бүгд батлагдвал эдийн засагтай холбоотой томоохон асуудлуудаа УИХ шийдэж чадлаа гэж болно.

Татварын өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2012 оноос хойш ярилаа. Ярьсаар байтал хөрөнгө оруулагчид нь зугтаж араас нь дотоодын баялаг бүтээгчид явчихлаа гэх шүүмжлэл гарч байна?

-Хэрвээ хуулийг батлах бол их хурдтай шийдэх ёстой. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарах нь их байдаг. УИХ дээр ийм хууль өргөн баригджээ гээд батлагдах эсэх нь тодорхойгүй олон жил болчихоор бусдын тэсгэл алдардаг. Тэгэхээр УИХ яаж шийдсэнээ яаралтай ард түмэндээ мэдэгдэх ёстой. Би бол хурдхан батлах ёстой л гэж үзэж байгаа. Дахиад нэг Казахстаны жишээг дурдъя. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг миний сонссоноор дөрвөн удаа гаргасан байдаг. Тэр бүрт нь эдийн засаг нь сэргэсэн, амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр гишүүд өөрсдийнхөө татварыг чөлөөлөх гэж байна гэж нэгнээ харддаг зангаа л татах хэрэгтэй. Бас нэгэнт сонгууль дөхсөн учраас нэг нь ажил хийх гэж нөгөө нь гацаах гэж оролддог дүр зураг дахиад л ажиглагдаж эхэлсэн байна.

Том төслүүдийн тухайд?

-Ард иргэд том төслүүдээ улиг домог болтол ярихын орондалдаа мадгийг нь засаад явуулаасай билээ гэж л хүсч байгаа. Гэтэл дахиад л улстөржсөн, талцсан чиг хандлага ажиглагдаж эхэллээ. “Оюу толгойн гэрээ урагшлах бололцоотой боллоо. Нэг алхам хийлээ” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл тэр асуудлуудаа хурдхан танилцуулаад явуулаасай. Ямар алдаа, ямар дэвшилд хүрсэн бэ гэдгээ бид ард иргэддээ тайлагнаж ярих хэрэгтэй. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирээд, төсөл яваад эхэлбэл Монгол Улсад үр дүнгээ харамгүй өгнө. Шүүмжлэлүүд бий. Оюу толгойн гэрээ сайн болоогүй гэдэгт хүн бүр санал нийлнэ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид гэдэг тийм ч амархан бидэнд бууж өгөөд байдаг юм биш байна. Тэгэхээр Засгийн газраас тавьж байгаа саналуудаа зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрүүлж чадсан, нааштай үр дүн гарсан бол хурдхан явуулах хэрэгтэй. Таван толгойн гэрээ ч бас л их шүүмжлэл дагуулж байгаа. Нийт монголчууд хувь хүртээд явах ёстой. Энэ тохиолдолд гэрээг УИХ хуульд нийцүүлэх үүрэгтэй. Ямар зүйл нь хуульд нийцэж, харшилж байна вэ гэдэг зааг ялгааг нь хурдхан шиг асууж тодруулаад үнэхээр үндэсний эрх ашигт харшилсан зүйл байвал засч янзлаад явуулах ёстой. Мэдээж дандаа ийм байхгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэнэ. Тэр цагт Монгол Улс дахиад мөнгөтэй болно. Тэгэхэд нь олсон орлогоо зөв удирдах, төсвийн сахилга баттай байх зөв сууриа бид тавьж чадлаа. Сонгууль дөхсөн учраас бүх зүйлийг харлуулах өнгө аяс харагдаж байна. Бид ухаантай байх ёстой. Сонгууль болдгоороо болоод л дуусна. Амьдрал үргэлжлэх учраас асуудалд ултай суурьтай хандах ёстой байна.

Таван толгойн төслийг энэ УИХ явуулж чадах уу. Улстөрчдийн зөрчил нь тээг тавьчихлаа гэсэн шүүмжлэл гарч байна. Захирлыг нь хүртэл хорьж цагдаад хуулийн байгууллагууд хүртэл хутгалдчихав уу?

-Хоёр толгойн төслийг явуулаасай гэдгийг Монголын бүх ард түмэн л хүсч байгаа. Алдааг нь засах эрхийг нь УИХ, ард иргэд нь Засгийн газартаа өгөөд сонголтоо хийчихсэн. Тийм учраас ажиллах эрхтэй хүмүүс нь улстөржиж талцалгүйгээр ажиллах ёстой. Хуульд нийцсэн байдлаар гэрээг нь гаргаад аль болох хурдан явуулах хэрэгтэй. Асуудлыг тойроод олон өөр хэл ам байна. Эрдэнэс Таван толгойнгүйцэтгэх захирлыг шалгаж байгаа асуудлыг Таван толгойн хэлэлцээртэй холбож үзмээргүй байгаа юм. Ийм газарт ажилладаг улсуудад янз бүрийн хөрөнгө идэж уусан байж магадгүй гэсэн хардлага байнга л байдаг. Угаасаа ажилласан газар нь тийм хэл амтай. Шалгах шаардлага байгаад хууль хяналтынхан шалгасан байх. Гэхдээ манай хууль хяналтын байгууллагууд хүнийг хорьж цагдаад залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг арга барилаасаа салах хэрэгтэй. Нотлох баримтууд бүрдүүлээд түүндээ түшиглээд хэргийг шийдэж байх ёстой. Тэгэхгүйгээр нэг газарт хорьчихоод асуух ч үгүй, байцаах ч үгүй байна гэдэг шүүмжлэл сүүлийн үед маш их гарч байгаа. Энд хүний эрх зөрчиж байгаа тохиолдол олон бий. Монгол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Тиймээс хүний эрхийг дээдлэх тал дээр УИХ, Засгийн газар нь ч, хууль хяналтынхан ч анхаарч хичээх шаардлагатай.

Төрийн өмчит компанийн гэрээг заавал УИХ хэлэлцэх шаардлагатай юм уу. Эрдэнэт, Оюу толгойн зэрэг олон гэрээг хэлэлцээгүй байж яагаад заавал Таван толгойнa гэрээг УИХ руу татаж оруулах ёстой гэж?

-Өргөн баригдсан гэрээтэй танилцаагүй учраас шулуухан хэлэхэд хэцүү. Гэрээтэй танилцсан гишүүн ч алга. Дандаа сургаар л ажиллаж байна. Тэгэхээр нарийн тодорхой зүйлийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ УИХ бүх зүйлийн чөдөр тушаа гэж харж болохгүй. Ер нь энэ бүхний хариуцлагыг явж явж УИХ-ын гишүүд тойрогтоо очиж тайлан тавьж, хүлээдэг. Тийм учраас ярих ёстой. Ярихдаа асуудлыг гацаах бус явуулахын тулд ажиллаж чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжийн гэдэс дотор руу өнгийж харахдаа тун бодолтой байх ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй: Монголын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ

Нийслэлийн МАН байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Баярынх нь өдрөөр нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай уулзаж ярилцлаа.

Танай намын байр хөл хөдөлгөөн ихтэй байна. Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн баяр болоод тэр үү, эсвэл ирэх сонгуулиар нам ялж магадгүй гэсэн найдлага гишүүдэд чинь төрсөн болоод тэр юм болов уу. 2012 оны үед үүдний харуулаас чинь өөр хүн бараг харагддаггүй байсан санагдана?

-Баярын өдрөөрөө гишүүд маань намынхаа төв байраар ирэлгүй яахав дээ. Ер нь ч тэгээд гишүүдийн маань идэвх, урам зориг өнгөрсөн хугацаанд сэргэсэн. Энэхүү ойн арга хэмжээ ч гишүүдийнхээ идэвхийг сэргээхэд нэг талаасаа чиглэгдсэн байгаа.

Та бол энэ намын шинэ залуу удирдлагуудын нэг. Нийслэлийн намын байгууллагын өнгөрсөн 90 жилийн түүхийг ямар өнцгөөр харж байна?

-Монголын нийслэлийг бүтээн босгоход үнэлж баршгүй гавьяа байгуулсан улс төрийн хүчин юм гэдгийг хойч үе мартах ёсгүй. өнгөрсөн түүхээ илүү сайн өнгөлж зүлгэж, үнэнээр нь үлдээх ёстой. Гэгээн үйлстэй нам юм гэдгээ энэ өдрүүдэд сануулж байна. Цаашдаа ч улс орны хувь заяаг авч явах түүхэн үүрэгтэй нам гэдгийг гишүүд дэмжигчид маань илүү ухаарсан өдрүүд болж байна.1925 оны гуравдугаар сарын 7-ны өдөр намын бүгд хурлын тогтоолоор Улаанбаатар хотод намын байгууллага байгуулах шийдвэр гаргаад дөрөвдүгээр сарын 27-нд анхны хурлыг хийснээр нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагаа эхэлсэн байдаг юм.

Тэр үед нийслэлийн намын байгууллагад багагүй хөрөнгө хогшил төв намаас чинь тасдаж өгсөн байх даа?

-Өгсөн байнаа. Богдын сангаас нэг гэр, хоёр авдар таслаж өгсөн нь манай намын хорооны анхны хөрөнгө юм. Ингэж эхэлсэн нийслэлийн намын байгууллага маань өнөөдрийн өндөрлөгөөс харахад хорьдугаар зууны эсгий хотоос хориннэгдүгээр зууны дэлхийд данстай хот болтол нь өргөжин хөгжүүлсэн байна.

Энэ бүх бүтээн байгуулалт дан ганц нийслэлийн намын байгууллагын хүчээр босоогүй гэдэг нь ойлгомжтой?

-Наяад оны үед Азийн цагаан дагина гэсэн нэртэй болтлоо хөгжихөд МАН-ын үе үеийн удирдлагууд, нийслэлийн МАН-ын хороо гол үүргийг гүйцэтгэж, ачааны хүндийг үүрсэн. “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй” гэсэн ард түмний үг надад их таалагддаг. Ерэн жилийн баяр бол намын баяр бус нийслэлчүүдийн баяр. Ерөөсөө МАН-ын үе үеийн бүх удирдлагуудын хүч хөдөлмөр, намын бүх гишүүдийн хөдөлмөрч шаргуу зан чанар, хүсэл тэмүүлэл дээр Улаанбаатар хот боссон. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд тус бүрдээ жилд нэг удаа 26 хоног нийслэл дээр ажилладаг байсан юм билээ. Тэд маш их ажлыг амжуулсан. Ажлын бүх өдрөө зөвхөн нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд зориулдаг. Судлавал маш сонин түүх. Тухайн үед район гэж байсан. Найрамдлын район дээр ямар л бүтээн байгуулалтын ажил өрнөнө тэнд нь өнөө улс төрийн товчооны гишүүн чинь очоод удирдан зохион байгуулаад, асуудлыг нь шийдвэрлээд 26 хоног зогсодог байж. Ингэж өнөөдрийн нийслэл сүндэрлэсэн учраас энэ тоог бэлгэдэж намын баярыг угтсан 26 өдрийн ажил өрнүүлж байгаа юм. Манай зарим залуучууд ахмад үе минь ямар их хүч хөдөлмөр гаргасныг мэдэхгүй. Төрөхөд нь л ийм хот байсан юм шиг бодож байгаа. Тийм биш шүү гэдгийг ч намын баярын арга хэмжээнүүд хэлж өгч байгаа.

Өнгөрсөн хугацаанд ачааны хүндийг үүрсэн нэртэй удирдагчид үе үеийн хотын удирдлагад байсныг өнөөдөр ч хүмүүс дурсан ярьсаар байдаг юм билээ?

-Хотын намын хороог 24 жил удирдсан Алтангэрэл дарга байна шүү дээ. Нийслэлийн нам байгуулагдаад 90 жил болсон гэхэд түүний гуравны нэгд нь энэ хүн хотын намын байгууллагыг удирдаж, хот яаж хөгжих бүх бодлого, шийдвэрийг батлан гаргасан байдаг. Хотыг хөгжүүлэх уураг тархи нь тэр үед нам байсан гэж үзвэл тэр бүгдийг Алтангэрэл дарга удирдаж байж. Улс оронд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн гэж байдаг. Тийм түүхэн үүргээ гүйцэтгэсэн хүн бол Алтангэрэл даргаас эхлээд хотын үе үеийн бүх удирдлагууд орно. Тэднийг хойч үе бахархан дуурайж явах ёстой.

Нийслэлийн МАН-ын хороо нь өнгөрсөн хугацаанд улс төрийн хамгийн нөлөөтэй, хүчтэй байгууллага байсан. Гэвч 2012 оноос хойш, бүр тодруулбал таныг намын дарга болсон тэр үед материаллаг баазын хувьд илт суларсан харагддаг?

-Бараг суух өрөө ч үгүй нөхцөлд нийслэлийн намын хорооны даргаар очсон. Ер нь бол үе үеийн нийслэлийн Засаг дарга нар намын даргаа хавсарч хийж ирсэн. Миний үед энэ үе дуусгавар болсон. Түүхэндээ анх удаа МАН Улаанбаатарт ялагдсан, дүүргүүдэд ялагдсан. Намын ажилд нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаал нь нөлөөтэй байлгүй яахав. Харин өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд миний хувьд сорилтын жил байлаа. Яг үнэндээ надад няцах үе байсан. Гэвч надад итгэсэн хүмүүсийн итгэлийг яахав. Уналттай байгаа намаа орхиод явах эрх надад байхгүй шүү дээ. Намын даргын ажлыг аваад маргааш нь нийслэлийн намын байраасаа хөөгдөж гаднаа тавилга саваа хурааж машины эрэлд гарсан. Ингээд Лениний музейн байр руу очсон. Очоод удалгүй дахиад тэр байраа булаалгасан. Ингээд байр сууцгүй болоод хэдэн ширээ сандлаа ачаад намынхаа төв байр руу явсан даа. Энд нүүж ирсэндээ би хувьдаа бэлгэшээдэг юм. Намын төв байр байгаа энэ суурин дээр хуучин хотын намын хорооны хоёр давхар улаан тоосгон байшин байрлаж, манай аав Ж.Цэндсүрэн гэж сүүлд хотын орлогч дарга болсон хүн Б.Алтангэрэл даргатай ажилладаг, би жаахан хүүхэд орж гардаг байсан юм.

Цаг хугацаа хурдан байна шүү. Саяхан тийм байтал одоо сонгуулийн уур амьсгал орчихсон байх юм. Танай нам ч бэлтгэлдээ орсон нь намын баяраас чинь харагдаж байна. АН-ын хувьд Бат-Үүлдээ найдлага тавьж, нийслэлийг түшиц газраа болгох бололтой. Танд яаж мэдрэгдэж байна?

-Би ч азтай юмаа, ийм нөхцөлд, өрсөлдөгч намынхаа гол түшиц баазтай нь өрсөлдөнө гэдэг ялагдсан намын даргын хувьд, хувь хүний хувьд ч тэр том сорилт болно. Санаанд минь багтаж байгаа гээд хэлчихвэл залуу хүний хийрхүү бодол гэж хэлэх байхдаа. Өнөөдөр төрөөс, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь үнэндээ ард түмний дургүйцлийг хүргэж байна. Магадгүй энэ дургүйцэл цаашаа туйлдаа хүрч ч магадгүй. Энэ нь улс орны төлөө санаа зовнидог хэн бүхэнд мэдрэгдэж эхэлсэн. Та бүхэн хамгийн сүүлд гарсан Сант маралын судалгааны дүнг харсан байх. Нийслэлд манайх маш ойрхон гарсан байна лээ. Зарим судалгаагаар бол нийслэлд МАН хоёр гурван ч функтээр илүү гарсан. Ерөнхий ханаараа хэн хэн нь ойролцоо яваа. Хэн сайн ажилласан нь ялна. Гэхдээ ийм үед бид нар сөрөг хүчин гээд өнөөдрийн хотын удирдлагууд руу дайраад давшлаад явж болохгүй л дээ. Манай намын зорилго бол тодорхой 2016, 2017 оны бүх шатны сонгуульд бүрэн ялах. Үүнд үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна. Нийслэлийн МАН-ын хорооныхон өнгөрсөн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж нийслэлийн намын 152 үүр дээр биечлэн ажиллаа. 3041 саналыг тэднээс хүлээн авч өөрийн биеэр судалж, 1000 гаруй хүнд өөрийн гараар хариуг нь бичлээ. Бүгдийнх нь саналт хүсэлтэд тулгуурлаж намынхаа мөрийг хөтөлбөрийг боловсруулж байна. Ингэснээр намын гишүүд, намын байгууллага хоёрын эргэх холбоог сайжрууллаа. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг цахимжуулж одоогоор 70 гаруй хувьтай явж байна. Одоо бид ил гарч ажиллах цаг ирлээ. Гадагшаагаа, нийслэлчүүд рүүгээ илүү гүн орж ажиллаж байна.

Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн томоохон төслүүдээ танилцуулсан. Таныг ч бас нийслэлийн хөгжлийн загваруудыг нийтлэл хэлбэрээр олон түмэнд хүргэж эхэлснийг харсан?

-Э.Бат-Үүл дарга засаглал барьж байгаа учраас төслүүд нь хүмүүст илүү хүрч байх шиг байна. Миний хувьд арай бага хүрч байна уу даа. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлууд, шийдлийн гарцууд нь ч тодорхой. Э.Бат-Үүл нарын хотын удирдлагууд болманай нам нийслэлд засаг барьж байх үедээ эхлүүлсэн ажлуудыг уламжлаад хэрэгжүүлээд явж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг их зүйлийг хүсээгүй. Юу хүсч байна гэхээр өөрийн орон байртай, сайн эмнэлэгтэй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг л хүсч байгаа. Нийслэлийн удирдлага энэ бүх нөхцлийг л бүрдүүлэх ёстой. Бат-Үүл даргын сая хөрөнгө оруулалтын форум дээр тавьсан илтгэл бол бидний үед эхнийх нь бэлэн болчихсон байсан төслүүд. Манай нам нийслэлийг удирдаж байхдаа Нүхтэд ОУ-ын байгууллагууд, Элчин сайдууд гээд саяын форумд оролцсон бүгдийг оролцуулсан томоохон чуулга уулзалт хийж шийдлүүдийг гаргасан нь ном болоод гарчихсан байдаг юм. Тэнд хамгийн гол асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөр байсан. Төлөвлөгөө, судалгаа, тооцоо бүх зүйл нь гараад ажлыг нь эхлүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Анх 2008 онд 100 айл орчим, Ногоон нуур орчмыг орон сууцжуулж эхэлсэн. Одоо яриад байгаа ахмадын орон сууц нь бид анх гэр хорооллын айлуудын дамжин өнгөрөх сууц нэртэй барьж байгуулсан юм. Өнөөдөр ахмадын орон сууц нэртэй болоод явж байна. Гудамж төсөл байна. МАН засаглалд байх жилүүдэд замын уулзваруудыг өргөтгөх, замын нягтаршил, түгжрэлийг арилгах олон гарцуудыг хайж ажил эхлүүлсэн нь өнөөдөр Гудамж төсөл гэсэн нэртэй явж байна. Одоо 34 уулзвар гэж ярьж байгаа, үүний 24 уулзварынх нь судалгаа тооцоо, зураг төслийг бид хийж ажлаа эхлүүлсэн байсан. Үүнийг би өөрөө удирдаад манай хамт олон хийж гүйцэтгэсэн юм. Одоо “Гудамж төсөл”-д байгаа Батболд хүртэл хотын даргын зөвлөхөөр ажиллаж бид хамт сууж хийж байлаа. Төв талбайн хоёр талыг хоёр урсгалтай болгож, дөрвөн талынх ньуулзварыг шинээр хийснийг иргэд санажбайгаа. Богд уулын араар тавьсан шинэ замыг бид судалгаа тооцоо зураглалыг нь гаргаад анхны шороог нь хүрздэж байлаа, АН-ын үед нээлт нь болсон. Нарны гүүр мөн бидний үед барьж дуусаад 2012 оны 9 дүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-Үүлийн үеийн бүтээн байгуулалт болж байгаа юм.

Өнөөдөр хотод хийгдэж буй бүх ажлууд өмнө нь эхэлсэн, судалгаа тооцоо нь хийгдсэн байсан гэж үү?

-Шууд хэлэхэд тийм. Харин Э.Бат-Үүл дарга шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот бий болгож, тэнд айл өрх, албан байгууллага, иргэд олноор очиж тохь тухтай оршин сууж эхэлсэн бол тэр нь Бат-Үүлийн жинхэнэ шинээр хийсэн ажил болж харагдана. Тэрнээс өмнө нь хийж байсан ажлыг сайжруулаад, мөнгийг нь нэмээд, гоё сайхнаар төсөөлөөд, төсөөлсөнөө маш сайхнаар яриад сурталчлаад байх нь бодит ажил биш л дээ. Гэхдээ бидний хийж хэрэгжүүлж байсан бүхнийг уламжлуулан авч явж, ярьж хийхээр чармайж байгаад нь Э.Бат-Үүл даргад баярладаг. Бид дайсан биш шүү дээ. Нийслэлийнхээ иргэдийн сайн сайхны төлөө хамтдаа л зүтгэх ёстой.

Танай намыг нийслэлд засаг барьж байхын үеийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамж өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Мөнхбаяр даргыг хот удирдаж байх үед 28-30 тэрбум төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдэж байсан байх. Одоо бол нийслэлийн эдийн засгийн чадамж 800 тэрбум болсон. Яагаад гэвэл хот улсын төсөвт өгдөг байснаа өөртөө авдаг болсон. Энэ нь ч зөв, ингэж байж хот хөгжинө. Гэхдээ нийслэлээс авах татварын тогтолцоо нь буруу явах гээд байгаа юм. Манай намын урьд нь судалж тооцож байснаар бол нийслэлийн иргэд нийслэлд оршин сууж хотоос үйлчилгээ авч байгаагийн татвар, газар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа татвар гэсэн хоёр л татвар төлөх ёстой. Энэ татвараараа хотоо зөв төлөвлөж, хотын хөгжилөө авч явна. Одоо бол төсөвтөө тааруулж хот төлөвлөлтөө хийгээд байгаа юм. Тэгэхээр хотод шинэ татварын орчин бүрдүүлэх хуулийг УИХ яаралтай батлан цаг ирсэн. Хамтарсан Засгийн газар яаралтай хотын татварын хуультай болох ёстой. Тэгж байж хот хэнээс ч хамааралгүй, бие дааж хөгжинө. Хоёрдугаарт Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт орох болж байгаа юм. Үндсэн хуулиар Монгол улс ганцхан хоттой. Гэтэл зайлшгүй өөр хотууд хэрэгтэй байна. Өнөөдөр хотын хүн амын нягтаршлыг харахад хоёр литрийн саванд гурван литр ус хийх гээд халгиаж цалгиаж байгаатай адил байна. Гэхдээ төвлөрлийг сааруулах, төвлөрөл буруу гэх нь тэнэг хэрэг. Хотын амин асуудал төвлөрөл, хүн амын өсөлтөндөө байдаг юм. Төвлөрлөөс хот үүсдэг. Хотын хүн ам их байх тусмаа хот хөгжинө. Харин хотод ирж байгаа хүмүүсийг зөв байршуулж, суурьшуулах нь хотын төр захиргааны ажил байхгүй юу. Үүнийг бид ч хийж чадаагүй, өнөөдрийн удирдлагууд ч хийж чадахгүй байна. Хүн амын өсөлтийн онол, байршлын онол хоёрыг л яриад байна л даа. Үүн дээр хотод яригддаг гурав дахь онол нь харилцан хамаарал бүхий хотуудын онол гэж байна. Дагуул хотыг байгуулах. Энэ гурван онолыг судалгаа, тооцоо, төлөвлөгөөтэй хийх асуудал. Ер нь бол Лондон, Сөүл бүгдэд нь манай хотын зовлон тулгарсан. Сая ярьсан гурван тулгуур онолоор асуудлыг хурдан шийдэж чадсанд хөгжил нь байгаа юм. Сая хотоос 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж, бүр тодотгол хийгээд гаргаж ирсэн нь бидний хийж байсан төлөвлөгөөний үргэлжлэл болохоор бид баярлаж дэмжиж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүнд алдаа байна. Том ажил хийх тусмаа л сүүдэр нь том байна. Тэгэхээр бид зөвхөн сүүдэр яриад байх биш илүү гэрэл гэгээтэй талыг нь харж, ийм их хөгжлийн замыг туулж, маш их хөдөлмөр зүтгэлээр хот бий болсон шүү гэдгийг иргэдэд ойлгуулахын тулд нийслэлийн намын баяраа нийслэлчүүдийн баяр болгосон юм. Ер нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь нийслэлийн хөгжил шүү дээ. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Хот гэдэг бол тэр чигээрээ аж ахуйн ажил байдаг. Жинхэнэ хөдөлмөрлөдөг, зүтгүүрүүд нь хотод очдог. Хотод ямарч улс төр хэрэггүй, яагаад гэвэл аж ахуйн ажил байдаг учраас. Харин улс төрөө УИХ дээрээ хийх хэрэгтэй. УИХ дээрээ бодлогоороо улс төр хийж уралдах хэрэгтэй. Нам ялагдсан үед, нам уналттай байх үед би хотын намын даргаар ажиллаж байгаа нь надад том сорилт болж байгааг дээр хэлсэн. Энэ хугацаанд ямарч сургуульд боловсрол эзэмшсэнээс илүү туршлага, мэдлэг олж авсан. Магадгүй би нам үргэлж ялж байх үед энэ ажил дээр ирсэн бол улс төр дэх хатуу хүтүүг мэдрэхгүй өнгөрөх байсан байх. Үүгээрээ энэ цаг хугацаа надад үнэ цэнтэй юм. Надад намын минь олон сайхан ахмадууд, нэртэй улс төрчид, үеийн найз нөхөд, дараа үеийнхэн минь түшиг тулгуур болж яваа. Нэг хэсэг ч хэцүү байсан шүү дээ, төрд алба хашиж байсан намын бүх гишүүд, дэмжигсэд, бизнесменүүд, аймгийн даргаар ажиллаж байсан бүх хүмүүсийг барьж шалгаж, хорьж цагдаж, ер нь халгамаар байсан.

Ирэх сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийн уралдаан танай намд хэдүйн эхэлсэн гэж мэдээллийн хэрэгслээр бичих боллоо. Нийслэлийн намын байгууллага нэр дэвшигчддээ ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Ер нь тавих шаардлага тодорхой доо. Лав л дарга нарт наалдсан, тэр хүний, энэ хүний гэх хаягтай хүмүүс, аль эсвэл тухайн тойрогтоо огт танигдахгүй хүмүүсийг тойрогт өрсөлдүүлэхгүй. Хотын намын даргын хувьд миний баримтлах зарчим, бодлого бол энэ намыг унаж, ядарч байх үед намын төлөө ажиллаж байсан хүмүүс нэгдүгээрт тавигдана. Хоёрдугаарт өрсөлдөх тойрогтоо нэр хүндтэй хүн байх ёстой. Гуравдугаарт багаар ажиллах чадварыг нь харна. Ганцаарчилсан тоглолт намын бодлогыг алдагдуулдаг учир ийм хүн намд хэрэггүй. 2016 оны сонгуульд МАН бол нийгэм хүсэн хүлээж байгаа тийм хүмүүсийг л өрсөлдүүлэх нь зөв байх.

Наад асуудал тань таныг нам дотроо нэлээн асуудалтай тулгаруулна даа?

-Тулгарна. Гэхдээ илүү том эрх ашиг байна. Монгол улсын хөгжил, ирээдүйн төлөө, намын эрх ашиг ч байна. Энэ бүхний ард хүний асуудлыг тавьж болно биздээ. Нийслэлийн намын байгууллагын бодлого л лав ийм байгаа.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Хятадад тусгай тэтгэлгээр суралцах оюутнуудыг энэ сараас сонгон шалгаруулна

Ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэдтусгай тэтгэлгээр суралцуулахаар боллоо. Монгол Улсын БСШУЯ болонБНХАУ-ынБоловсролын яам хооронд байгуулах “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахтухайсанамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж, БНХАУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун гарын үсэг зурсан юм. Тэрбээр ярихдаа “Тусгай тэтгэлэгт жил бүр 140 магистр, 40 доктор, 20 бакалавр хамрагдана. Мэргэжлийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгцээтэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, геологи, боловсрол, соёл урлаг гэх зэрэг арван чиглэл багтаж байна. Мэргэжлийнчиглэлийг Монголын талын хүсэлтээр харилцан ярилцаж өөрчилж болно” гэв.

Хятад улсын тусламжаар босох 21 сургууль хэзээ баригдахыг лавлахад:

-Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын талын тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотод 21 сургуулийг барих, өргөтгөх ажлыг энэ жилдэээхлүүлнэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрУлаанбаатарын сургуулиудын орчинг сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна гэв.Энэхүү санамж бичгийг 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулжээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролд зарж байгаа мөнгө тухайн хүнийгсурсан мэргэжлээрээ ажиллаж амьдрахад нь оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Японд сурсан инженерүүдэдэлектроникийн ажлыг өөрөө бий болгоод, аж ахуй эрхлээд явах чадварыг суулгах талаарбид Японы талтай яриад байгаа юм. Хятадын тухайд ч бид магистр, докторт суралцаж байгаа залуучуудаа бие даан хөгжөөд явахуйц сайн сургуулиуд, сайн хөтөлбөрийг санал болгох юм. Дэлхий дахинд сургууль төгссөн хүнд ажил бэлтгэх гэхээсээ ажлаа өөрөө бий болгохцаг үед ирээд байна. Үүнийг мэдлэгийн нийгэмгэж нэрлээд байгаа юм. Олон улсад суралцуулах шалгуур тодорхой байдаг. Япон оюутан элсүүлж авдаг журмынхаа дагуу авдаг. БНХАУ ч оюутан элсүүлэхжурмынхаа дагуу л авч ирсэн. Шинэ шалгуур бодож олох гэхээсээ тухайн сургуулийн шалгууруудыг тавиад явна.Аль болох нэр хүндтэй суралцаж чадах, сурах арга барил эзэмшсэн залуучуудыг сонгоншалгаруулна. БНХАУ-д суралцах оюутнуудын хувьд хоёр зүйлд онцгой анхаарч байна. Нэгдүгээрт сайн сургууль байх. Дэлхийн шилдэг 100-200 сургуульд багтаж байгаа сургуульд хүүхдээ явуулах талаар Боловсролын яамтай нь түлхүү ажиллана. Жишээлбэл ОХУ-д хамгийн нэр хүндтэй сургуульд жил бүр бид арван оюутан тэтгэлгээр сургадаг. Үүн шигээ солилцооны хөтөлбөрийн хүрээнд аль болох нэр хүндтэй сургуулиудруу явуулна. Хоёрдугаарт Хятад улсадболовсруулах салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, малын түүхий эдийг дахин боловсруулах чиглэлээрбиологи, биотехнологийн хүмүүс амжилт гаргаж байгаа учраас аль болох Хятад оронд ямар салбар түлхүү хөгжиж байна. Бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгийг бодолцож сонголт хийнэ. Боловсрол соёлын мэргэжлийг орхигдуулахгүй” гэв. Сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хийж эхлэх гэнэ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 21 сургууль хаана баригдахыг сайдаастодруулахад: Сонгинохайрхан дүүрэгттаван сургууль, Баянзүрх дүүрэгт гурван сургууль, Хан-Уул дүүрэгт гурван сургуульгэх мэтчилэн төлөвлөсөн. Ажлыг энэ жил эхлүүлнэ гэдэг амлалтыг Хятадын тал хэлж байгаа. Мэдээж үе шаттай явах болов уу. Ямар ч байсан бидний зүгээсгурав дөрвөн ээлжтэй сургуулиудаасаа эхлэхээр тусламж үзүүлж байгаа талтайгаа хамтарч ажиллана. Улаанбаатар хотод гурван ээлжийг алга болгохоор зорьж байна. Газар нь бэлэн, шинэ сургууль барина, зарим нь өргөтгөл барих ч газрууд ч бий гэв.

Буянт-Ухаа хороололд зээлийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьж байгаа учраас Засгийн газар, хот худалдаж авах эсэх нь тодорхойгүй ажил удаашралтай байна гэдэг. Засгийн газар зээлийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийг худалдаж авах уу хэмээх сэтгүүлчийн асуултанд Л.Гантөмөр сайд:

-Засгийн газар мэдээж худалдаж авна. Эхний ээлжинд Буянт-Ухаа хорооллын 50 хүүхдийн хоёр цэцэрлэгийг ирэх оны төсвөөс төлөх хэлэлцээр хийгээд Засгийн газарторуулах гэж байна. Буянт-Ухаа хорооллыг барьж байгаа корпорацидалдагдалгүй улсад ч дарамтгүй байдлаар асуудлыг шийдээд явна.Улаанбаатар хот дахин төлөвлөлт хийж, шинэ хороолол барьж байгаа газруудад сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээрэй гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж бид төсөвт байгаа мөнгөний хэмжээгээр санхүүжилт хийнэ. Гэхдээ эхлээд барьчих, дараа нь худалдаж авна гэдэг зарчмаар хороолол болгон дээр гэрээ хийгээд явна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд сургуулийг ийм нөхцлөөр барьчихлаа. Энэ сургуулиа есдүгээр сарын 1-нээс ажиллуулах бэлтгэлээ хийж байна гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн захирал асан Я.Батсуурь хорих ангиас захидал бичжээ

Эрдэнэс Таван толгойн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн хорих 461 дүгээр ангиас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарт хаяглан намынхаа бүлгийн гишүүдэд хандаж бичсэн захидал АН-ынхны ярианы гол сэдэв болоод байгаа. Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлэг уг асуудлыг бараг гурван цаг шахам хэлэлцэж, ярилцсан юм. Я.Батсуурь захидлаа “Эрхэм журмын нөхөд Э.Бат-Үүл, Р.Гончигдорж танаа” хэмээн эхлүүлж, цааш өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрээр “Та нөхдийнхөө амар амгаланг айлтгая. Миний бие Говь Повер ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна. Энэ компанитай холбоотой асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээмэл яригдсан учир олон нийт наад цаадахыг ойлгож байгаа байх. Эрдэнэс таван толгой ХК болон Говь Повер ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.

Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна. Гагцхүү энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу авсан тул аргагүйн эрхэнд журмын анд та бүхэндээ хандан энэ талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Миний бие Монгол төрийн тусгай болон өндөр албанд өнөөг хүртэл тасралтгүй 30 жил зүтгэхдээ гэмт хэрэг үйлдэх нь бүү хэл ямар нэгэн дутагдал зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүйг намтар минь гэрчилнэ. Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 2.5 жилийн хугацаанд ажиллахдаа өр зээлд баригдаж, дампуурлын ирмэгт тулсан компанийг хөл дээр нь босгож, хэдийгээр нүүрсний үнэ гурав дахин унасан боловч зардал хэмнэж засаглал менежментийг нь сайжруулсны үр дүнд үйлдвэрлэл, экспортыг нь гурав дахин нэмэгдүүлснээр өнгөрсөн онд тус компани манай улсын хамгийн том экспортлогч болж, ажил төрлөөрөө эхний тавдугаар байрт орох том компани болсон юм.

Миний бие ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжиж 1990 онд Монголын ардчилсан намд гишүүнээр элсч Э.Бат-Үүл танаас намын батлахаа гардан авч байсан бөгөөд тухайн үед Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан “Ардчиллын дугуйлан”-гийн санаачлагч, удирдагчдын нэг байсныг та санаж байгаа байх. Түүнчлэн 2008 онд Дорноговь, Говьсүмбэр аймагт УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялах боломжгүй байсан аймгуудад анхны ялалт байгуулсан бөгөөд түүнээс хойш дээрх аймгуудад манай нам удаа дараа сонгуульд ялж одоо засгийн эрхийг барьж байна. Миний бие ийнхүү Монгол төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэж ардчиллын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан зүтгэсний эцэст ийнхүү хилс хэрэгт гүтгэгдэн шоронд сууж байгаадаа туйлын гомдолтой байна.

Би одоо 52 настай. Удаан хугацаагаар хоригдсоны улмаас дотор эрхтэний архаг хууч сэдэрч, сэтгэл санааны гүн хямралд орж эрүүл мэндийн доголдол үүсч, амь нас минь эрсдэлтэй тулгараад байна. Энэ бүх байдлын улмаас хөдөө амьдардаг 80 гаруй настай ээжийн минь бие эрс муудаж хэвтэрт ороод байгаа явдалд сэтгэл санаа их зовниж байна. Намайг сайн мэдэх журмын нөхдийн хувьд надад учирсан энэхүү хүнд бэрх асуудлыг ойлгоно гэж итгэж энэхүү захидлыг та бүхэндээ илгээлээ. Та бүхэн минь энэ асуудлыг намын журмын нөхдөд ойлгуулж, намын бүлгийн гишүүдэд танилцуулан ямар нэгэн арга хэмжээ авч зөвхөн батлан даалтад гаран шалгуулах боломжийг олгоно уу.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Яйчилын Батсуурь, Хорих 461 дүгээр анги, 2015 оны дөрөвдүгээр сарын 09” гэжээ.

Түүний илгээсэн энэ захидлын мөрөөр АН-ынхан гурван гишүүнээ томилж учир байдлыг тодруулах, Я.Батсуурийг хамгаалах, батлан даалтад гарган авах шийдвэрийг гаргасан гэж болно. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахаас өмнө бүлгийн гишүүд намаасаа өндөр дээд албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хүмүүст хандан ширүүхэн ярилцсан гэж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ч.Сайханбилэг ээ чи яагаад Я.Батсуурийг хэрэг үйлдсэн нь тодорхой болоогүй байхад албан тушаалд нь өөр хүн томилж байгаа юм бэ. Энэ чинь ямар ч гэм буруугүй Я.Батсуурийг гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд харагдуулж, бусдад ойлгуулж байна. Энэ мэтээр АН эрх бариад байгаа юм уу эсвэл хууль хяналтынхан эрх бариад байгаа юм уу” хэмээн зандрахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Одоо намайг шоронд хийсэн гэж хардаад байгаа юм уу. Ёстой тийм зүйл байхгүй шүү. Ер нь энэ асуудлаар хууль хяналтынхантай уулзсан. Удахгүй суллана гэж хэлээд удлаа” гэжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Өмнө нь Л.Гансүх, Одоо Я.Батсуурь. АН олон жил намынхаа төлөө хөлс хүчийг нь шавхаж ажиллачихаад ингэж уруудсан цагт нь орхиж болохгүй, хүмүүсээ. Уруудсан ч гэж гэмт хэрэг үйлдэх ёс зүйгүй хүмүүс. Ингэж золиос болж байхад нь яагаад намын удирдлагууд анхаарахгүй байгаа юм” хэмээн асуухад АН-ын удирдлагууд “Бид ч хуулийнхантай уулзаж ярилцсан. Хориод байх тодорхой шалтгаангүй гэдэг тайлбар хийж байсан. Гэсэн ч өнөөдрийг хүргэлээ. Өмгөөлөгчтэй нь уулзаж асуудлыг тодруулах хэрэгтэй” гэж байжээ.

Үүнээс цааш үг хэлсэн хүн бүр “Я.Батсуурь Таван толгойн төслийн улс төрийн золиос болчихлоо. АН эрх барьж байхдаа хүмүүсээ ингэж шоронд явуулаад байж болохгүй. Мөнгө идсэн, уусан бол хамаа алга. Гэмтэй гэдэг нь тогтоогдоогүй байхад ингэж олон хоног хоригдож байгаа нь хүний эрх талаасаа хэтэрхий бүдүүлэг зөрчил болж байна. Бас сонгууль дөхөж байхад намын нэр хүндэд ч халтай. Ер нь хэн энэ хүнийг шоронд аваачаад хийчихэв. Хаанаас шидсэн чулуунд оногдчихоод байна даа бид” гэцгээжээ. Ингээд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсаг байгуулж тодорхой хугацааны дараа эргэн тайлагнахыг үүрэг болгожээ.

Л.МӨНХӨӨ