Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх

Эцэг эх болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл хийгээд аюулгүй байх болтугай,эрдэм номтой хүн болтугай, амьдрал ахуйгаа аваад явчих ажилсаг хүн болтугай хэмээх нь хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл. Тэрхүү нийтлэг хүслээ ажил хэрэг болгохын тулд улс орон бүрхүүхдийг бага наснаас нь тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр эрдэм номтой хүн болгон сурган хүмүүжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байдаг билээ. Уг ажлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага насны хүүхэд бүрийгалбан ёсоор сургуулийн өмнөх боловсролд хамруулах ба албан бусаар гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хоёр арга замыг оновчтой хослуулан үйл хэрэг болгохоос эхэлж байна. Манай орны хувьд өнөөдөр эдийн засгийн боломж, нүүдэлчин амьдралын хэв маяг зэргийн улмаас бага насны бүх хүүх­­дийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж хараахан чадахгүй байна. Гэхдээ өнө эртний нүүдэлч өвөг дээдсийнхээ хүүхдийг нялх балчираас нь гэр бүлийн орчинд сурган хүмүүжүүлж ирсэн уламж­лалт соёлынхоо дагуу бага насны хүүхдээ эцэг эхчүүд өөр өөрийнхөөрөө сургуульд бэлтгэн оруулж байна. Эл асуудлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд юуны өмнө эцэг эхчүүд айлаас эрэлгүй авдраа уудлан уламжлалт соёлоосоо суралцмаар байна. Эцэг эх болсон хүн бүрийн энэхүү суралцах үйлстбага ч атугай тус болохын үүднээста бүхэнд доорх хэдэн санааг толилуулж байна. Тухайлбал:

Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй: Хүүхэд бүр далай мэт ном эрдмийн савыгилүү дутуугүй тэгш сацуу авч төрдөг тул хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл биелэх бүрэн боломж байдаг. Гэвчхүүхэд бүрийн ном эрдмийн савын өөрөө болсон ёс хийгээд түүний өөрөө болсон ёсныхоо дагуу өөрөө боловсрохуй нь ижилгүйн улмаас тэд харилцан адилгүй хүн болж төлөвшдөг. Ном бол хамаг бүхний өөрөө болсон ёс. Эрдэм бол хамаг бүхний өөрөө болсон ёсыг журамлан дагахуй. Хамаг бүхний өөрөө болсон ёсыг журамлахуй бол сурахуй. Харин тэрхүү журамласнаа дагахуй бол хүмүүншихүй. Сурахуй бол хүн бүрийн, хүүхэд бүрийн эрх. Хүмүүнших бол хүн бүрийн, хүүхэд бүрийн үүрэг. Эрдмийн дээд бол эв, эрхмийн дээд бол эх. Ийм учир эрдмийн дээд бол хүн болохуй.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа: Хүүхэд бүр төрсөн цагаасаа л эхлэн өөр өөрийнхөө орчин ахуйтайгаа харьцан, өөр өөрийнхөөрөө сурч хүмүүншиж хүн болдог. Хүүхдийн бага насанд нь л түүний хүн хийц бүрэлдэн тогтдог. Тэрхүү хүн хийц нь бага насны хүүхэд өөрийн тө­рөн өсч буй эрүүл хийгээд аюулгүй орчин ахуйгаасаа сурч хүмүүншихүйн үр дүнд бий болно. Энэ орчин ахуйн бага насны хүүхдэд хамгийн ойр төдийгүй анхдагч хэсэг бол түүний гэр бүл. Гэр бүлийн гишүүд, тухайлбал, эцэг эх, ах, эгч, эмээ, өвөө болон эд зүйлс бүр бүгд л бага насны хүүхдийн багш. Тэр багш нар өөр өөрийнхөөрөө л бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлнэ. Тэдний бага насны хүүхдийн дэргэд буюу гэр орондоо хийж буй хөдөлгөөн хийгээд үйл, хэлж буй үг бүр нь бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлж буй зүйлс. Иймд эцэг эх болон гэр бүлийн гишүүд бие, хэл, сэтгэлийн үйлээ хичээж байх аваас бага насны хүүхэд хамаг сайн явдлыг хичээн цуглуулж, эрдмийг эзэмших болно. Энэ бол гэрийн сургууль. Гэрийн сургуулийн захирал бол эцэг. Менежер бол эх. Тэдний менеж­ментээс л бага насны хүүхдийн төлөвшил хөгжил шууд хамаарна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Эх нь булингартай бол адаг нь булингартай байдаг шүү дээ.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас: Өөрөө суралцаж хүмүүншээгүй хүн бусдыг сурган хүмүүжүүлж чад­даггүй. Тэгэхээр эцэг эх бүр суралцаж хүмүүншсэн байдал­даа байнга өөрсдөө шинжилгээ, үнэлгээ хийж, дутуу дулимаг зүйл байвал бусдаас дэмжлэг туслалцаа авч өөрсдийгөө үр­гэл­­жид хөгжүүлж байвал зохил­той. Энэ бол эцэг эх та бүхний биеэ засалт. Энэ чиглэ­лээр та бүхэнд туслахыг хүсч байгаа, мөн тусалж байгаа бай­гууллага, бас хүмүүс их олон байна. Тэдний нэгбол Монгол улс дахь Хүүхдийг Ивээх Сан, түүний бусадтай хамт­ран хэрэгжүүлж байгаа “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр”. Тэд таван настай хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эхийн тусламжтайгаар сур­гуульд бэлтгэх багц хөтөлбөр, эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш”, хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлагыг нэмэлт цахим хэрэглэгдэхүүн болон эцэг эхийн сонсдог хичээлийн хамт боловсруулан туршиж, 1600 хүүхдэд үр шимийг нь хүртээсэн байна. Хэрвээ хүсвэл та ч гэсэн тэдэнтэй холбогдож дэмжлэг туслалцаа авч болох байна.

Хүүхдээ бага насанд нь сурган хүмүүжүүлэхийн тулд эцэг эх бүр биеэ засаад бас гэрээ засах хэрэгтэй. Гэрээ засахуй бол эцэг эх та бүхний бага насны хүүхэд чинь өөрөө сурч хүмүүнших эрүүл хийгээд аюулгүй, архи тамхигүй, хэрүүл маргаангүй, хүчирхийлэлгүй, зөв үлгэр дуурайлалтай, бур­маар бус урмаар тэжээдэггэр бүлийн таатай орчин бүрдүүлэ­хүй. Энэ бол эцэг та бүхний гэрээ засалт.

Хүндийг хөнгөнөөс нь эх­лэх нь зөв, хүлгийг уна­га­­наас нь сургах нь зөв, хүүхдийг нялхаас нь хүмүү­жүүлэх нь зөв: Бага насны хүүхдийг сургуульд бэлтгэхийн уг үндэс нь түүнийг хүмүүжүүлэхүй. Хүмүүжүүлэхүй бол хүүхдийг хүний хэрэг явдалд төв дунд­чаар ханддаг, түмэн бодис­той тэдгээрийн чанарыг даган харилцдаг болгохуй. Үүний тулд, эцэг эх бүр нялх балчираас нь л хүүхдийнхээ гаж буруу үйлийг хориглон засч, зөв зүйтэй үйлийг нь сайшаан дэмжиж байвал зохино. Мөн нялхаас нь хүүхдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлдэг, бусдад тусалдаг, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг, буруутай зүйл хийвэл ичдэг, гэмшдэг, сайн явдлыг сайшаадаг, муу явдлыг цээрэлдэг зан төлөвшүүлэхийг хичээх нь эцэг эхийн эрхэм үүрэг билээ.

Хашийг эс засвал сав бо­лох­­­гүй, хүнийг эс засвал юм сурахгүй: Энэ бол монгол­чуудын хүмүүнээр хүн хийж ирсэн уламжлалт стратеги. Хүүхдэд эхлээд биеийн тэнхээ суулгана. Тэгээд сэтгэлийн тэнхээтэй болгоно. Эцэст нь ном эрдмийн савыг нь шинжин байж, түүнд тохирсон оюуны тэнхээ суулгана. Энэ болбид­ний уламжлалт стратеги. Уг уламжлалт стратеги нь Өрнө­дийн хүүхдэд эхлээд биеийн тэнхээ, дараа нь оюуны тэн­хээ, тэгээд сэтгэлийн тэнхээ суул­гадаг стратегиэс эрс тэс өөр. Уламжлалт стратегийн үүднээс бол бага насны хүүх­дийг сургуульд бэлтгэхийн үндэс нь үсэг, тоо заахаас илүү эрүүл чийрэг бие бялдартай, хүмүүжил сай­тай болгох явдал. Иймд эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүх­дийг сургуульд бэлтгэхдээ түүнийг эрүүл чийрэг хийгээдзөв төлөвшилтэй болгох тал дээр л илүү анхаарч байх хэрэг­тэй.

Биеэ мэдвэл хүн, бэл­чээрээ мэдвэл мал: Бага насны хүүхэд хүн болж буйн шинжээр бол биеэ мэдэхүй. Өөрөө ганцаараа бус заавал бусадтай харьцаж, хамтарч, тэднийг хайрлаж хүндэтгэж, тэдэнд дэм тус өгч байж, бусдад хайрлуулж, хүндлүүлж, бусдаас дэм тус авч амьдарна, суралцана, ажиллана гэдгээ мэдрэхүй. Үүнийг зааж бус үлгэрлэн сургах нь илүү үр дүнтэй байдаг. Биеэ мэдсэний шалгуур нь зөв үйл, зөв үг яриа, зөв үзэл,ахас ихсийг хүндэлж буй байдал, бусдад тус дэм болж байгаа байдал зэрэг болно.

Багадаа ном сурахгүй бол баахандаа юм сурахгүй: Хүүх­дийнтөрсөн цагаас нь л эхэлсэнойр орчмынхоо юмс үзэгдлийг ажиглах, гартаа тааралдсан эд зүйлийг барьж атгах, базалж шидэх, авч амандаа хийх хөлдөө таарсан бүхэнд тээглэх,өшиглөх, бусдад эрхлэх, бусдадмуухай ааш гаргах, бусдаас алив зүйлийн учир шалтгааныг сониучлан асуух, шалгаах, ганцаараа болон бусадтай хамтран тоглох, өөрийн хүсэл сонирхлоо болон бодол санаагаа илэрхийлэх зэрэг үйл нь бага насны хүүхдийн номд сурах арга барил эзэмшихүйн үндэс. Эдгээр үйлийг хийснээр бага насны хүүхэд өөртэйгээ хамт байгаа, өөрийнхөө хажууд байгаа орчин ахуйгаасаа сурч хүмүүншихаргад, өөрөө боловс­рох үйлд сурдаг, бас хөгждөг, бас сургуульд бэлтгэгд­дэг. Энэ үед харинэцэг эх, асран хамгаалагчид, эмээ өвөө нар хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, хөгжилд гарч буй ахиц амжилтыг сайшаан дэмжиж, буруу гажуу зүйлсийг ньзасч залруулж өгч байх нь чухал. Ялангуяа эцэг эх бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэхдээ ухаанд бус аргад, тодруулбал, суралцаж хүмүүнших хийгээд үйлийн явцдаа суралцаж хүмүүнших аргад сурахад илүү анхаарал хандуулбал зохино.

Эрхийг сурахаар бэрхийг сур: Эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэхдээ ямагт зөөлөн хандаж, хэт эрхлүүлэх, эсвэл ямагтхатуу чанга хандаж, хэт үглэх хоёроос аль болох зайлсхийх шаардлагатай байдаг. Харин хэт эрхлүүлэн, болох болохгүй эд зүйлсээр наадуулахаас сэрэмжлэн,нас болон биеийн хөгжилд нь тохируулан аль болох ажил сургахад анхаарвал зохино. Бага насны хүүхдийг зааж бус үлгэрлэнжолоодожажилд сургах нь эцэг эхийн үндсэн үүрэг. Гар нь хөдөлдөг болбол, хөлд орвол, хэлд орвол тус тус ямар, ямар ажилд үлгэрлэн жолоодож сургадаг байсан бидний уламжлалт соёл өнөө хүртэл ихээхэн ач тустай байгаа тул түүнээс суралцахыг эцэг эх болсон хүн чармайх хэрэгтэй.

Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог: Бага насны хүүхдийн сурч хүмүүншихүйн арга технологи бол ажил. Мөн ажил бол бага насны хүүхэд хүн болсны шинжүүр. Эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүд бага насны хүүхдийг ажилд биечлэн хийж үзүүлж, дагуулан сургахуй бол гэр бүлийн орчинд түүнийг сурч хүмүүнших аргад сургах үндсэн арга зам. Уг арга зам нь бага насны хүүхдийг сургалтын зохиомол орчныг бий болгож, зориудын дасгал, даалгавар гүйцэтгүүлэх замаар сурган хүмүүжүүлж байгаагаас хавьгүй илүү үр өгөөжтэй байдаг тул өнөөдөр дэлхий нийт бага насны хүүхдийг амьдралынх нь явцадтөлөвшүүлэн хөгжүүлэх талд илүү их анхаарч эхэлж байна. Өнөөгийн бидний олонхийн алдаа бол Монголынхоо гэрийн сургуулийн уламжлалт соёлыг умартан, хүүхдээ гэрийн орчинд яаж сайн хүн болгох вэ гэж санаа сэтгэл тавихаасаа илүү сургууль, цэцэрлэгт даатган орхидог хандлагатай болж буй явдал.

Эцэст нь гэр бүлийн ор­чинд сургуульд бэлтгэх нь бага насны хүүхэд бүр өөр өөрийн­­хөөрөө байж, өөрийнхөө хү­сэл сонирхлынхоо дагуу эрүүл хийгээд аюулгүй орших, бусад­тай хамтран нийгэмшин амьдрах, мэдэх, бүтээх хэрэг­­цээгээ хангах боломж харьцан­гуй илүү байдгийг тэмдэглэн энэхүү бичвэрийг өндөрлөж байна.

Академич Б.ЖАДАМБАА

Categories
мэдээ цаг-үе

Үе, үеийн Ерөнхий сайдууд Тавантолгойн асуудлаар юу гэж хэлэв?

Тавантолгойн асуудлаар Монгол даяараа талцаж байгаа энэ үед экс Ерөнхий сайдууд энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

С.БЯМБАСҮРЭН: М.Энхсайханыг зөв хийж байна гэж харж байгаа. Магадгүй үүнээс ч өөр арга зам байхгүй байх. Уг нь Тавантолгойг бүх л чиглэлээр нь ипмортлогч, хэрэглэгчтэйгээ биш гуравдагч хөндлөнгийн оронтой хамтарч ашиглах гэрээ хийсэн бол ахицтай байж болох байсан. Тийм хувилбарууд ч байсан. Ер нь энэ гэрээ цааш явах ёстой.

Д.СОДНОМ: Энэ ардчилал, зах зээл хоёрыг нэг л ойлгохгүй болоод ирлээ. Хэл амаа билүүдэж, хэрүүл шуугиан дэгдээж, их мэдэгчид болж, бүтээн байгуулалтыг гацаахыг арай хэлэхгүй байлгүй дээ. Санал бодол, онолоо хурдан нэгтгээд Тавантолгойн гэрээг харилцан ашигтай, сайн гэрээ болгож бушуухан батлуулаасай билээ. 2016 онд сонгууль гэж бужигнах юм чинь ажил хийлгэхгүй. Ийм учраас 2015 онд маш их бүтээн байгуулалт эхлүүлж, хийлгэж 2017 оныхоо өр зээлээ төлөхийг бүгдээрээ хичээх хэрэгтэй байна шүү дээ.

Р.АМАРЖАРГАЛ: Өөрсдийн томилсон Засгийн газар, Ерөнхий сайддаа шийдвэр гаргах боломжийг нь өгөх ёстой гэж бодож байна. Би Тавантолгойн бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Гэхдээ энэ төсөл цаашаа явах ёстой. УИХ шийдвэрээ гаргасан. Харин аж, ахуйн ажилд оролцож болохгүй. Засгийн газарт ажил хийх бололцоог нь олго. Юу хийхийг нь заагаад л гар хөлийг нь уяад байж байна. Гэрээний асуудлаар өнөөдөр ярилцах юм байна.Үүнийгээ шийдэж чадахгүй бол шийдэх ч юмгүй болно. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ байгууллагаар хэлэлцэж буруу шийдвэр гаргавал дараа нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ?. Тэр юу гэж хэлээд байж байхав.Ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Гэрэл гэгээтэй зүйл байвал түүнийгээ барьж аваад л явах хэрэгтэй. Зүтгүүлээд л явах хэрэгтэй. М.Энхсайхан бол ийм хэмжээний ажлыг аваад явах хангалттай туршлага, мэдлэгтэй хүн. Өнөөдөр Монгол Улс өдий дайтай хөгжсөн гол шалтгаан нь Эрдэнэтийн үйлдвэр. Энэ үйлдвэр монголчуудыг 30 жил тэжээлээ. Тэгвэл Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том. Харин Тавантолгой нь Оюутолгойгоос даруй дөрөв дахин том.

Манай улсын газрын хэвлийд нийт 2-3 триллион ам.доллар буюу 2-3 их наяд төгрөгийн ашигт малтмал бий гэсэн судалгаа байдаг. Нийт 6000 орд бий. Үүнээс хайгуул болон ашиглалтын лиценз олгосон 400 орд байгаагаас 200 нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ их баялаг уг нь Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, бие биеэ өөрөөр харахад хүргэж байна.Тавантолгойн асуудалд УИХ өөрөө хутгалдаж орох нь зөв гэдэгт би эргэлзэж байна. Эцсийн эцэст бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Цагийн юмыг цагт нь хийхгүй бол улам илүү зардал гарна. УИХ асуудлыг хэлэлцэж, чадна, чадахгүй гэдэгтээ гол нь биш. УИХ-д өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Засгийн газарт өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Би өмнөх байр сууриндаа хэвээрээ байгаа. Аж, ахуй нэгжүүд хоорондоо гэрээ хэлцэлээ хийгээд явах боломжтой асуудал. Бид хөрөнгө оруулалтын хууль гэж гаргасан. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлыг л Засгийн газар яг хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой.Асуудлаа шийдэх түвшинд нь яриад явчих хэрэгтэй. Тавантолгойн хэлэлцээр улстөрчдийн “хоолоо хийдэг” хэрүүл битгий болчихоосой гэж бодож байна.Аюулгүйн байдлын зөвлөл дээр тогтоол шийдвэрийг тусад нь зааж өгсөн. Тавантолгойн хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхэд та бүхэн өөрсдийн байр суурь, саналаа сайн хэлэх хэрэгтэй.2014 оны дүнгээр хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс Голланд байна лээ. Монголын эдийн засаг агшиж, багасаад байвал ард түмний амьдрал л хэцүүднэ. Ажлыг хийлгэдэг байх хэрэгтэй. Энэ асуудал хойшлоод дахин шийдвэрлэгдэхээр болоход өнөөдрийн түвшингээсээ хөрөнгө оруулалт нь багассан байж ч мэдэх шүү.

С.БАТБОЛД: “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.Хардах эрх та бүхэнд бий. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газартбий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаадявж байсан түүх бий.

Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс Тавантолгойн гэрээг хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа аж. Тэд улс орны эдийн засгийн зовлон, жаргалыг биеэрээ мэдэрч ирсэн хүмүүс. Тиймээс ч энэ цаг үед Тавантолгойгоо урагшлуулах нь зөв гэсэн байр сууринаас хандаж буй. Харин одоогийн УИХ-ын дарга Ерөнхий сайд байж үзээгүй, аж ахуйн ажлын зовлонг мэдэхгүй учраас асуудлыг ингэж удаашруулж байна гэж ярих хүмүүс ч байна.

Т.ХУЛАН

Categories
мэдээ цаг-үе

Монголыг дэлхийд алдаршуулж яваа Б.Сэр-Од

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголын тамирчдаас олимпийн эрхээ саяхан авсан. Тэрээр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож 40 километр замыг хоёр цаг, 10 минут, 15 секундэд туулан 20.000 оролцогчоос зургадугаар байрт шалгарсан юм. Энэхүү амжилтаараа 2016 оны Риогийн зуны олимпийн их наадамд оролцох болзлоо хангасан билээ. Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од ийнхүү хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хамтаар Монголын тамирчдаас одоогоор олимпийн эрхээ аваад байна.

Б.Сэр-Од гавьяатын хувьд 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлж оролцохдоо медальт байрт шалгараагүй ч “Чингэсийн Монгол” хэмээн дэлхий дахинд шуугиулсныг бид мэднэ. Улсынхаа рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Одоогоор үзүүлсэн түүний хамгийн дээд амжилт 42 километр замыг хоёр цаг 11 минут, 05 секундэд туулсан нь бичигдээд байна. Японы Оитад болсон тэмцээний үеэр гавьяат маань уг амжилтыг үзүүлсэн юм. Ийнхүү 42 километр замыг 2 цаг, 11 минут, 05 секунд туулж буй Сэр-Од дэлхийд гайхагдаж байна. Азидаа хамгийн нэртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж, Япон тэргүүтэй олон орон түүнийг өөрийн харьяалалдаа авах гэж, иргэнээ болгох гэж зүтгэцгээж байдаг юм.

Мөн тэрээр өнгөрөгч жил Инчёны Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байрын шагнал хүртэж Ази тивийн олимп болох уг наадмын марафон гүйлтийн 40 километр замд ганцаараа тэргүүлж, үндсэндээ 40 километр замын турш Монголынхоо нэрийг олон улсад дуудуулж байсан. Тэгэхэд манай сонин түүний “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа, Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ” гэх нийтлэл бичиж байв.

Сэр-Од бол үнэхээр Монголоо дэлхийд сурталчилж яваа тамирчин юм. Тэр дахиад л хүн төрөлхтөнд эх орныхоо нэрийг мандуулахаар олимпийн их наадмын эрхээ авлаа.

Чамархайныхаа судсыг гүрийтэл монгол хүний зориг тэвчээрийг үзүүлж, эх орныхоо нэрийг мандуулж яваа Сэр-Од Хонгконгт болсон Азийн 14 дэх удаагийн марафон гүйлтэд 42 километр замыг хоёр цаг 17 минут, 47 секундэд туулж аварга болж байсан түүхтэй. Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анх удаа Ази тивийн аварга болсон тамирчин нь Сэр-Од л доо. Мөн тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон анхны тамирчин гэдгээрээ түүхэн амжилтын эзэн.

Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийнхээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ. Уул нь Говь-Алтай хүн л дээ. Гэвч нутаг нугынхнаас намайг дэмждэг хүн байхгүй” гэж хэлсэн байдаг. Энэ бол гарцаагүй үнэн юм. Түүнд бид үнэхээр дэмжлэг үзүүлээгүй. Тэр өөрөө л чардайж зүтгэсээр ирсэн.

Ямар сайндаа дасгалжуулагчдаа өгөх мөнгөгүй учир эхнэрээ хөнгөн атлетикийн дасгалжуулагч болгосон байдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд ганцаараа явна. Зардал мөнгө нь тэгж таардаг байсан биз. Ийм л зовлон бэрхшээлийг тэр туулж ирсэн. Аргагүйн эрхэнд Японы NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсноо Японд болсон олон улсын марафон гүйлтийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байдаг. Олон улсын наадамд түүнийг оролцоход “Японд амьдарч бэлтгэлээ хийж байгаа Монголын тамирчин” гэж албан ёсоор зарлах болсон байна лээ.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Хадаа аваргын сумын заан, улсын начин болсон түүх

Хадаа аваргын үндэс­ний бөхөөр барилдаж эхэл­­сэн түүх их сонин. Сумын наадамд зуузай нь урагдчихсан бахиалтай барилдаад түрүүлчихдэг. Үндэсний бөхөөр нэг ч удаа бэлтгэл сургуулилт хийж үзээгүй. Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд шууд улсын баяр наадамд барилдаж,начин цолтой болсон байдаг. БНМАУ-ын начин цол авах гээд индэр өөд гарах үед нь түүнд бусад шигөмсөх шинэ дээл, гутал энэ тэр байсангүй. Улсын шигшээ багийн тамирчид өмсдөг биеийн тамирын хослолтой давхиж очоод авчихсан байдаг.

Монгол Улсын аварга Д.Хадбаатар үндэсний бөхөөр хэрхэн барилдаж ирсэн түүхийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Д.Хадбаатар Баруун­хараагаас эгч Намжилмаагаа дагаж хотод орж ирээдхөнгөн атлетикаар хичээллэж, бүр улсын шигшээ багийн тамирчин болсон үе. Мань эр Анагаах ухааны дунд сургуульд орсон ч хэд хоног яваад олон охинтойгоос нь ичээд сургуулиа хаяадзугтаачихсан гэдэг. Ингээд 24 дүгээр сургуулийг орой­гоор сурч 1970 оны зургадугаар сард төгсөөд байхад нь цэргийн зарлан хуудас иржээ. Д.Хадбаатар ч цэргийн зарлан дуудах хуудас авсандаа баярлаж, энэ талаар багш, дарга нартаа хэлчих юм бол цэрэгт явуулахгүй байж магадгүй гээд тас нуучихсан байна. Харин цэргийн зарлан ирсэн гэдгээ аав Б.Дагвацэрэндээ хэлтэл“Миний хүү цэрэгт яв. Эр хүн болгоны хаадаг алба” гэх урмын үг хэлсэн байна. Ингээд цэргийн комиссоор орлоо.Тэгсэн Д.Хадбаатарыг харсан буурал толгойтой хижээл насныцэргийн дарга бололтой хүн “Олон жил хайж явсан хүнээ оллоо” гээд сүйд болжээ. “Алдар” нийгэмлэгийнхэнсайн бөхтэй болох гэж цэрэгт ирж байгаа залуусыг харж явсан нь тэр аж. Удалгүй цэргийн хувцас тавьж өгсөн чинь Хадаа аваргад таарах гутал олдсонгүй. Цэрэг хувцас дээр кетээ өмсчихөөд хаашаа ачигдахаа хүлээгээд суугаад байж. Ийнхүү бусдаас өндөр бие хаа өндөр бяр чадалтай Хадбаатарын “Алдар” нийгэмлэгт бэлт­гэлийн тамирчин болсон түүх ингэж эхэлжээ. Тухайн үед Хадбаатарыг харсан хүн болгон л “Чи барилддаг уу” гэж асууна. Тэр асуулт болгонд Хад “Үгүй” гэх товчхон хариулт өгдөг байжээ. Ер нь хүмүүстэй огт барилдаж байгаагүй гэнэ. Түүнд бөхөөр барилдах сонирхол ч байсангүй.Харин хөнгөн атлетикаар амжилт гаргаж, тив дэлхийн тэмцээнд оролцож үзэх юмсан гэсэн далд хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээж явсан үе.

1971 оны зургадугаар сар, цэрэгт ирээд яг жил болох гэж байхад нь “Алдар” нийгэмлэгийн зуны нээлтийн арга хэмжээ болов. Байлдагч, бэлт­гэлийн тамирчин Д.Хадбаатар спортын төрлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа хүмүүст билет таслах ажил хийгээд үүдэнд зогсож байлаа. Үүдээр орж байгаа хүмүүс мөн л “Чи нэг барилдаад үзээч. Аль аймгийн бөх вэ” гэж асууна. Харсан хүн болгон бөх болгож хараад байхаар нь нийгэмлэгийнхээбарилдаанд зодоглоод үздэг ч юм билүү гээд багш, дэд хурандаа Даш дээр яваад очсон байна. “Нөхөр дэд хурандаад, байлдагч Хадбаатар. Би нийгэмлэгийн бөхийн барилдаандбарилдаж болох уу” гэжшууд асуучихсан байна. Харин Даш багш нь Хадбаатарын барилдах сонирхолтой байгааг мэдээд нийгэмлэгийн нээлтийн барилдаанд барилдах зөвшөөрөл өгчээ. Ингээдцэрэг хувцастай Хад анх удаагаа бөхийн тэмцээнд орж барилдав. Нэгийн даваанд Монгол Улсын заан Адьяатай таарч, төвөггүйхэн давлаа. Хоёрын даваанд улсын заан Барамсайтай таарч барилдаад мөн л давчихжээ.Анх удаагаа барилдаж үзсэн Хад улсын хоёр ч том цолтой бөхийг угсруулаад өвдөг шороодуулчихлаа. Ангийн захирагч, хамт алба хааж байгаа цэргүүд Хадбаатарт баяр хүргээд сүйд болов. Гурвын даваанд түүнийг дархан аварга Х.Баянмөнх амлан авчээ. Баянаа аварга ид байсан үе. Ингээд залуу бөх Хадбаатар аварга Баян­мөнхтэй барилдлаа.Их удаан барилдаж, Баянаа аварга олон жилийн туршлагаараа давлаа. Сайн барилдаж хоёр давсан Хадбаатарыг сайн барилдах хүүхэд байна гээд“Алдар” нийгэмлэгийн багш нар нь түүнд зориулж зодог шуудаг хийлгэжээ. Ингэж л Хадбаатар аваргын сэтгэл зүрхэнд барилдах хүсэл асч эхэлсэн байна. “Алдар” нийгэмлэгийн барилдаанд улсын заан цолтой хоёр ч хүнийг давчихсан юм чиньулсын баяр наадмаар барилдаад үздэг юм билүү гэж бодсон боловч бүтсэнгүй.Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр спортын мастер болох үүрэг багш, дарга нараасаа авчихсан болохоор барилдах талаар яриад ч хэрэггүй байлаа.Долдугаар сарын 10-ны өдөр улсын аварга шалгаруулахтэмцээн наадамтай давхцаж болов. Бие халаалтаа хийж байгаад тэмцээн болох талбай дээр яваад очтол“Чам шиг бацаан байтугай том мастерууд нь тэмцээний нээлтэд ирж жагсаж байхад чи яагаад ирдэггүй юм” гээд лбагш нар ньөөд уруугүй загнаж гарчээ. Багшдаа загнуулж урам нь хугарсан “амьтан” зээрэнцэг шидсэн 43 метр шидэж түрүүлэв. Гэхдээ мастерийн норм биелүүлэхэд гурван метр дутжээ.Багшнар нь дахиад л түүнийг загнав. Тэмцээн дууссан орой “Наадам болж хүн бүр баярлаж байхад би эд нарт загнуулаад зогсож байх гэж. Гэртээ харьж аав, ээж дээрээ очиж хэд хоночихоод ирье” гэж бодоодбагшдаа худлаа хэлж чөлөө авчихаад вагонд суугаад гэр лүүгээ явчихжээ. Шөнө дундын үед Баруунхараагийн галт тэрэгний буудалд буугаад Загдал руу ганцаараа алхчи­хав. Шөнө­жин алхаад үүр хаяарч байхад гэртээ сая нэг юмирлээ. Цэрэгт явж, “Алдар” нийгэмлэгт орсон хүүгээ гэнэт үүр цүүрээр хүрээд ирсэнд аав, ээж хоёр нь баярлан, оргоод ирсэн юм биш байгаа гэж айж бэргэсээр угтсан гэнэ. Жил гаруй хараагүй хүү нь улам өндөр болчихсон байв. Бие хаа тэгширсэн сайхан залуу болсон байлаа. Хадбаатар аавдаа сумын наадамд барилдаж үзмээр байгаагаа ч хэлжээ. Харин аав Б.Дагвацэрэн “Миний хүү жаахан унтаад нүдний хор гаргачих. Аав нь морийг нь барьж ирээд хамт сум руу явъя” гээд адуундаа мордсон гэдэг.Нар хэдийнэ гарчихсан байхад Хадбаатар сэрэв. Ээж нь үнээгээ сааж, цайгаа чаначихсан. Холоос ирсэн хүүдээ хоол унд бэлдэж байв. Харин аав нь түүний унах дуртай хээр морийг бариад эмээллэчихсэн хүлээж байлаа.Ингээд ээжийнхээ цэргээс халагдахад нь өмсүүлнэ гэжхүүдээ зориуланхийж,авдартаа хадгалсанүйтэн хуаран дээлээ өмсөөд сумын наадмын талбай руу аавтайгаа хамт явлаа. Ээж Бужгар нь хүүгээ сайн барилдахыг ерөөж сүү өргөж үлдсэн гэдэг. Нар хур тэгширсэн наадмын өглөө. Хүүтэйгээ сумын наадам үзэхээр дөрөө харшууланхатирч явах Б.Дагвацэрэн гуайд хамгийн сайхан мөч нь тэр байсан биз ээ.Аавтайгаа элдвийг ярилцан явах үедбэлчиж яваа хонин сүрэгтэй тааралдсан байна. “Миний хүү ч азтай байна. Халуун хошуутай буянт мал тааралдлаа” гэж Б.Дагвацэрэн гуай ихэд бэлгэшээж байсан гэдэг. Тархан идээшилж байгаа хонин сүргийг нар зөв тойроод Хараа голын гүүрээр гарч Баруунхараагийн сумын төв дээр яваад очлоо.

Хадбаатарт “Улсын цолтой бөхчүүдийг давчихсан юм чинь суманд босоо түрүүлчихнэ” гэсэн бодолтой ирсэн нь энэ. Сумын наадамд 128 бөх бүртгүүлжээ. Нэгийн даваанд 14 настай нэг хүүтэй таарч бусад бөхчүүд нэгийн даваанд гарсан хүүхдүүдийг газраас хөндийрүүлж өргөж тавиад духан дээр нь үнсээд байгаа харагдав. Хадаа ч учраа бөх болох хүүг мөрнөөс нь шүүрч аваад газраас хөндийрүүлжөргөчихөөд духан дээр нь үнсээд тавьчихжээ. Хоёрын даваанд Магсар гэх хүнтэй таарчээ. Төмөр замын бөх­чүүд гэгдэх Жанлав, Жалбуу хоёр ногт ганзагалаад ирсэн сураг дуулдав. Учраа бөхөө ч ядах юмгүй бярдаад давчих­лаа. Хадбаатар зуузай нь ханзарчихсан бахиалтай үзэж тараад байгаа. Түүнд таарах түрийтэй гутал гэрт нь байгаагүй гэдэг. Тэгсэн гурвын даваанд нөгөө сумын наадамдтүрүүлнэ гээд ногт ганзагалж ирсэн Жанлав түүнийг амлаж авчээ. Сумын заан Жанлав Хадбаатартай өрж эхлэнгүүтээ шууд ажиллаж эхэлжээ. Хэд хэдэн угсраа мэх хийсэн гэнэ. Дотуур халз хутгахаар нь хөлөө мултлаадшидчихсэн тээр тэнд үсрээд ойчсон гэнэ. Ахыгаа залуу бөхөд унаж байгааг харж суусан Жалбуу заан “Заяа нь хая. Сайрийсан хөлтэй энэ мууд унаад байхдаа яадаг юм” гэж хашгирсан гэдэг. Дөрвийн даваанд ахыг нь олны өмнөбярдаж тээр тэнд аваад шидчихсэнд уурласан Жалбуу заан түүнийг дараагийн даваанд амлан авчээ. Хадаа хоёр гарыг нь холбож барьж байгаад нохой мордож унагадаг мэхтэй. Тэр мэхээ хийсэнзаан унаад өгчээ. Ах, дүү хоёр зааныг давчихсан чинь наадамчин олон хашгиралдаад явчихлаа. Хадбаатар сумын наадмаар дүүрэн сенсаац тарив. “Хоёр зааныг унагачихсан хүүхэд чинь Дагвацэрэнгийн том хүү гэнэ. Их сайхан залуу болжээ” гээд л хүн болгон ярина. Тавын даваанд сумын заан Лхагвасүрэн амлажээ. Лхагваа заан Хадааг өмсөх гэхээр нь дээрээс нь дараад унагачихлаа. Ингээд сумын начны болзол хангалаа. Зургаагийн даваанд зүүн, Баруунхараад босоо түрүүлдэг төмөр замын бөх Лхагвасүрэн гэх бөхтэй таарч барилдав. Хашир заан дархан мэх болох суйлаад дайрчээ. Хадбаатар заандхариу мэх хийж,зайлж түлхээд тэнгэр харуулчихлаа. Үзүүр түрүүндбаазын жолооч Гомботой үлдэв.Барилдахаар өрөөд зогсож байхдаа Д.Хад­баатарын анхаарал сарниад наадамчин олны зүг рүү харж баясах тэрхэн зуур нэг юм гүйгээд ирэх шиг болжээ. Давхийтэл цочсон Хадаа нүдээ аньсан чигтээ нэг юмнаас бариад татчихсан гэнэ. Тэгсэннаадамчин олон шуугилдаад явчихжээ. Нүдээ нээгээд хартал Гомбо заан тээр тэнд ойччихсон байгаа харагдав. Наадамчид руу хараад зогсож байхад нь хашир заан гэнэдүүлж хөл рүү нь гүйж орох үедХадбаатар сандрахдаа цээжнээс нь тэвэрч аваад тээр тэнд чулуудчихсан нь энэ аж.“Хүү минь,сайн барилдаарай” гэж дээлнийх нь захыг мушгиж суусан аавынхаа магнайг хагартал баярлуулж, сумын заан болсон түүх ийм ажээ.

Сумын наадамд босоо түрүүлсэн Д.Хадбаатар “Сумын заан” гэх эрхэм цол хүртэжгэртээ хоёр хоноод “Алдар” нийгэмлэгтээ эргэнирэв. Сумын заан болсон цагаас тэрээр барилдах хорхойтой болжээ. Бөхийн бэлтгэл хийж байгаа тамир­чид дээр очиж ямар бэлтгэл сургуулилт хийж байгааг шимтэн харж зогсдог болов. Гэхдээ түүнийг санаан зоргоор нь барилдуулахгүй лбайлаа. Зөвхөнхөнгөн атлетик, зээрэнцэг бөөрөнцөг шидэх бэлтгэл хийсээр байв.

Сумын заан болсноос жилийн дараа буюу Ардын хувьсгалын 51 жилийн ой, 1972 он. Зургаан сарын 22-ндАИХ-ын сонгуулийн барилдаан болов. Хадбаатар багш нараасаа гуйж байгаад барилджээ. Нэгийн даваанд лагс тарган биетэй, улаан царайтай хүнтэй барилдав. Хэн гэдэг бөх болохыг нь мэдэхгүй учраа бөхөд дуугүй болтлоо аймхайдуулж унав. Золгоод барилдаж байтал гэнэт өрсөлдөгч бөх нь тонгорох мэх хийжээ. Сандрахдаа тас тэвэрчихсэн чинь дээрээ татаж унаад аймхай дээрээ тохойлдуулчихсан гэнэ.Дуу нь гарч болохгүй, талбай дээр хэвтэж байталхэдэн хүнхүрч ирж, сэгсэрч арай гэжамьсгаа авахтай болгов. Наадмын дараа гадаад руу тэмцээнд оролцох гээд улсын шигшээ багийнхан Баянгол зочид буудалд байрлав. Долоон сарын 10-ны өглөө болсон тэмцээнд зээрэнцэгийг 47 метр 29 см шидээдспортын мастергэдэг эрхэм цолны болзол хангав. Харин 11-ний өдөр бөөрөнцөгийг 13 метр 29 см шидэж БНМАУ-ын рекордыг эвдлээ.

Тэмцээндээ амжилт гаргасан Хадбаатар улсын баяр наадамд зодоглож үзмээр санагдаад дотроос нь нэг“юм” хатгаад байлаа. Энэ талаараа багш нартаа хэлтэл “Чи хэд хоногийн өмнөбарилдахдаабэртэл авахаа дөхсөн биз дээ. Удахгүй олон улсын тэмцээн болох гэж байхад бэртэл авчихна” гээд хавьтуулсангүй. Тэгэхээр нь Батлан хамгаалах яамны сайд Дорж генерал дээр гүйж очоод улсын наадамд барилдмаар байгаагаа шуудхэлсэн байна. Дорж генерал ч “Армийн генерал байгаагийн хувьдганц цэргийн толгойг мэднэ” гээд барилдуулахаар бүртгүүлэв. Тэгсэн дасгалжуу­лагч багш нар нь “Чи огт барилдаж болохгүй шүү. Уначихаад ирнэ шүү” гэж захиад гаргасан байна. Тэгсэн Балсан гэдэг бөхтэй нэгийн даваанд таарчээ. Хэсэг барилдаад хайнцаж, давхар уналаа. Тэгсэн аймгийн арслан Балсан “Чи түрүүлж унасан. Тахимаа өг” гээд загнав. Хадбаатар ч мөчөөгөө өгсөнгүй. “Би унаагүй. Та түрүүлж унасан” гээд маргал­даж гарчээ. Хөлийн цэц дахин барилдуулах шийд­вэр гаргалаа. “Чи түрүүлж унасан” гэж худлаа гүжирдэж загнасанд уур нь дээд цэгтээ хүрсэн Хадбаатар Архангайн аймгийн арслан цолтой Балсангийн далбааны араас атгаад хивс гөвж байгаа аятай газар гуядаж “гөвчихөөд” туг тойроод дэвээд гүйлээ.Багш нь “Барилдахгүй унана гэсэн чинь яасан бэ” гээд загнав. Хоёрын даваа эхлэхээс өмнө байрлаж байгаа Баянгол зочид буудал руугаа гүйж очоод зодог шуудгаа авч бүсэлхийгээрээ боочихоод гадуур нь биеийн тамирын цамцаа өмсчихөөд монгол гутлаа бариад төв цэнгэлдэх рүү эргээд гүйлээ. Хоёрын даваа эхэлсэн ч нэрийг нь дуудсангүй. “Багш нар миний нэрийг хасуулчихсанюм байхдаа” гээд бөхийн гарын даа нар дээр очоод асуулаа. “Миний нэрийг яагаад дуудахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “Чиний нэр хэн билээ” гэж асуусан байна. “013 дугаар ангийн бөх Хадбаатар” гэхэд“Чи гоц мөргөчихсөн байна” гэжээ. Гоц мөргөнө гэдгийг мэдэхгүй Хадбаатар “Тэр чинь юу гэсэн үг вэ” гэж асуутал “Энийгээ мэдэхгүй байж бөх барилдана гээд байгаа юмаа. Гурвын даваандаа бэлд” гэж хэлээд явуулсан байна. Удалгүй гурвын даваа эхэллээ. Тэгсэн“Өмнөговь аймгийн арслан Бямбаа 013 дугаар ангийн бөх Хадбаатартай” гэж зарлав. “Багш нарт загнуулж байхаар одоо унаад өгье” гэж бодоодучраа бөх дээрээ яваад очлоо. Тэгсэнхэдхэн хоногийн өмнө дуугүй болтол нь унагадаг бөх инээчихсэн зогсож байлаа.Чанга унасан хариугаа авах гээд яс үзэхээр шийдэжшууд хав дөрвөлжин золгож,шуудагдаж өргөөднүүрээр нь газар шидэв. Ингээд улсын наадамд гурав давчихлаа.

Багш Цогтбаатар, Санжаа нар нь мөн л загнасан байна. Тэд Хадбаатарыг барилдуулахгүй гэж загнаад байсан шалтгаан нь сайн тамирчин нь бөхийн спортоор хичээллээд алга болчих вий гэж айсандаа тэгж байжээ. Дөрвийн даваанд хатуу гарт гэгдэх улсын заан Лхагвасүрэн түүнийг амлан авчээ. Лхагваа заан “Ахдаа буугаад өгсөн нь дээр. Миний бэлтгэл сайн байгаа” гэж хор шарыг нь малтав. Хашир туршлагатай заан атлаа ам мэхэнд оруулах гээд байсан гэдэг. Харин Хадаа үүнийг нь мэдэж байгаа шинж ер байсангүй. Лхагвасүрэн зааныг барьж аваад хүүхэд шиглагаарт хэд хэдэн удаа дүүгүүрдээд дугтарчихав. Лхагвасүрэн заан өвдөг нь ногооны шүүс болчихсон босч ирээд “Ахыг нь дүүгүүрдэж хаях ньбитгий хэлминий бяр тэнхээнээс бөхчүүд айдаг юм. Миний дүү начин болоорой” гээд үнсээд тахимаа өгчээ. Уяхан сэтгэлтэй Хадаагийн нүднээс нулимс бөмбөрч туг тойрч гүйлээ. Одоо ганцхан давчихвал начин болчих гээд байдаг. Тэгсэн Монгол Улсын арслан Чойжилсүрэн сумын заан Д.Хадбаатарыг амлан авчээ. Мөөеө аваргын ахынх нь хүүхэд Пүрэвдорж гэх залуу Хадаа аваргыг Төв аймгийн Угтаалцайдам сумынх гэж сонсоод дасгал­жуулж, барилдаанд нь зөвлө­гөө өгөх болов. “Чи элэг бүсний барьц олж ав. Чой арслан барьцгүй цохидог юм” гэх заавар өглөө. Ингээд арслантай барилдахаар өрөөд зогсонгуутаа элэг бүсний барьц олоод автал тас хийтэл хавирчихжээ. Хашир арслангийн дархан мэхэнд уналгүй суун тусаад л босоод иржээ. Ингээд Хадбаатар Чойжилсүрэн арсланг давах гээд баахан мэх хийсэн гэнэ. Сүүлдээ барилдаандаа улайраад ямар ч мэх хийж байгаагаач мэдэхээ байсангэж өдрийн тэмдэглэлдээ дурсан бичсэн байдаг юм билээ. Ингээд Чойжилсүрэн арсланг цээжин доороо хийж дарсаар байгаад унагасан байна. Засуул барилдааныг нь салгаж “Арслан уначихлаа” гээд босгожээ. Залуу бөх Хадбаатарт унасан Чойжил­сүрэн арслан “Мангар Санжаа, улаан Эрдэнэ-Очир гээд бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юм. Сая барилддаг сайрга хөлтэй хүү чинь адгуус шиг ойгүй бяртай юм байна” гэж бөхчүүдэд ярьсан байдаг. Тэр жил Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Жамц, Увс аймгийн Тэс сумын бөх Т.Артаг, “Барилгачин” нийгэмлэгийн бөх Д.Баатаржав, Хадаа аварга нар улсынхаа баяр наадамд тав давж начин цол хүртэж байжээ. Ингэж Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Д.Хадбаатар БНМАУ-ынначин цол хүртэж, монгол бөхийн ертөнцөд хөл тавьжбайсан гэгээн сайхан түүх ийм ажээ.

Д.Хадбаатар монгол бөхийн ертөнцөд алдаж,онож ард түмнээ цэнгүүлэн баясуулж явсан домогт ихаварга билээ. Аваргынбага хүү Х.Мягмарсүрэн одоо их сайн барилдаж байгаа билээ. Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн наадамд одтой сайхан барилдаж аймгийн харцага цол хүртсэн. Бөх сонирхогчид Х.Мягмарсүрэнг “Аав шигээ сайхан барилддаг сайн бөх болно” гэж шинжиж байна лээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Ардчиллын салхийг сэвэлзүүлсэн нэг ангийнхан

Ховд аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг 1964 онд төгссөн хамт олныг энэ удаагийн нэг анги буландаа урилаа. Тухайн үед Ховдын нэгдүгээр арван жилийн сургуульд “А”-гаас “Г” хүртэлх дөрвөн бүлэг төгсчээ. Эдгээр бүлгээс багш нарынхаа ур чадварыг шүүмжилж, анги танхимаа тохижуулъя, өвлийн улиралд анги танхим хичээл хийхийн аргагүй байна гэж сургуулийн захиргаандаа өргөдөл сэлт бичиж, тэр бүү хэл эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж, үргэлж “хэрэг” тарьдаг байсан нь 10-ийн “Б” ангийнхан байжээ.

Тэднийг төгсөх жилийн өвөл их хүйтэн байжээ. Гэтэл сургуулийнх нь хуучирсан байрны цонх, дээврээр хүйтэн салхи сийгэж, тэд ороолт, зузаан бээлийтэйгээ хичээлдээ суудаг байж. Гэтэл нэг өдөр монгол хэл бичгийн багш М.Шинэхүү тэдний бичгийн хэв анги нийтээрээ муудаж байгааг шүүмжилжээ. Тэрээр аравхан минутын дотор том самбар дүүрэн кириллээр болон монгол бичгээр түүвэр өгүүлбэрүүдийг нямбай гэгч нь биччихжээ. Баруун гараараа кириллээр, зүүн гараараа монгол бичгээр давхар бичдэг ховорхон авьяастай нэгэн байжээ. “Үүнийг хуулж бич” гэснээ “Та нарын дэвтрийн нэг нүүрийг шавар дээр унагачихаад нөгөө тал дээрх та нарын бичгийн хэвтэй харьцуулбал ялгарах зүйл огт алга. Өнгөрсөн намар л ангиараа цэвэр сайхан бичдэг байсан чинь одоо бүгдээрээ хичээл хийхээс залхуураад, бичгийн хэвээ алдагдууллаа. Та нарт муу тавьчихаар хичээлээ хийхгүй байхыг чинь харна аа” гээд загнаж гарчээ. Тэгтэл зүүн салааны арын ширээнд суусан Бямбаавал босоод “Та бид нарыг ямархуу байдалтай ангидаа сууж байгааг харж байгаа биз дээ. Бусад ангиуд сургууль, аймгийн хэвлэх үйлдвэрийн байранд хичээллэж байхад бид өвгөрч унах дөхсөн тоосгон байшинд хичээллэж байна. Өвлийн хүйтэн гадаа тачигнаж байхад улаан харганаас өөр түлэх түлш бидэнд алга. Таныг ярихад, биднийг амьсгалахад уур цан савсаж байгааг та харахгүй байна уу. Байж суухын аргагүй ийм хүйтэн ангид малгай, ороолт, бээлийтэйгээ суухгүй бол даараад байна. Зузаан, хоёр хурууны бээлийтэй бид үзгээ атгаж байгаад бичдэг. Тийм юм чинь бидний бичгийн хэв яаж ч өөдтэй байх билээ” гэчихээд суучихав. Багш нь “Юу гэнэ ээ” гэж дуугаа нэг өндөрсгөн тэднийг сайтар ажигласнаа “Та нар энэ асуудлаа сургуулийн захиргаанд тавь” гэчихээд гараад явжээ. Тэд ч ангиараа тойрч сууж байгаад сургуулийн захиргаандаа өргөдөл бичжээ. “Сургуулийн орчин, анги танхим гэдэг бол сурагчдын сурч боловсроход нэн таатай орчин байх ёстой. Гэтэл бид цонх нь хагархай, дээврээр нь салхи сийгсэн хуучин байранд суугаад өвлийн тэсгим хүйтэнд хичээллэж байна. Дээрээснь бидэнд мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй, их сургуулиасаа чөлөө авсан хүмүүс багшилж байхад бусад бүлгүүдэд эрдмийн цол хэргэмтэй, туршлагатай сайн багш нар хичээл зааж байгаа нь шударга бус байна. Хаврын элсэлтийн шалгалт хаяанд ирлээ. Хэрэв энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол та ажлаа өг” гээд өргөдөл бичээд дор нь гарын үсгүүдээ Ард Аюушийн “Цэцэг нуурын дугуйлан”-гийн заргын бичгийг дуурайлган дугариг хэлбэртэй бичээд захиралдаа өгөхөөр очжээ. Тэд очих очихдоо ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нараараа ахлуулан ангиараа жагсаж, очоод захирал Цагаанхичигийн өрөөнд оржээ. Захирал нь ч нилээд бухимдангуй өргөдлийг унших зуур сурагчдын зөвлөлийн дарга Нямааж “Хөөх, та чинь халуу дүүгсэн сайхан өрөөнд суудаг юм байна. Ийм хүн бидний даарахын зовлонг мэдэхгүй байх нь аргагүй юм байна. Та бидний анги танхимд орж суухаа байг гэхэд ядаж шагайж бай л даа” гэчихэж.

Тэгтэл захирал нь “Намайг захирлын албан тушаалаас авч хаячихаад, та нарын хэн нь захирал болох гэсэн юм бэ?” гээд бостол, ангийн хамгийн дүрсгүй нь болох Ц.Даваахүү сандал дээр нь очоод сандайлчихаж. Тэгтэл “Уучлаарай багш аа, бидний хэн нь ч таны сандал, суудалд санаархаагүй. Тэгээд ч бид захирал хийнэ гэж юу байх билээ. Харин бидний тавьсан дээрх асуудлуудыг нухацтай хүлээн авч, цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх анзааны юм хэлэх болов уу гэж бодож зогссон захирал Цагаанхичиг дүрсхийн уурлаж, тэднийг өрөөнөөсөө хөөн гаргажээ. Харин үдээс хойш нь тэднийг “Монголын нууц товчоо” зохиолоор онолын бага хурал хийж үндэсний үзлийг дэвэргэсэн, зохион байгуулалттайгаар хичээл тасалсан, сургуулийн захирлыг хүндэтгээгүйгэх шалтгаанаар багш нарын зөвлөгөөний хурлаар оруулжээ. Дээр нь тэдний өмнө нь тарьсан “хэрэг” сөхөгджээ. Сар гаруйхны өмнө ангийнхаа хагархай шилийг солих гээд хажууханд нь баригдаж байсан сургуулийн барилгын цонхны шилийг хулгайлчихсан юмсанж. Ингээд л тус ангийнхныг бүгдийг нь гадаадын их дээд сургуульд элсэх эрхийг нь хасчихаж. Уг нь тэднийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1964 онд улс орон даяар шалгалт авалгүйгээр их дээд сургуульд элсүүлсэн юмсанж. Ийнхүү Ховдын нэгдүгээр сургуулийн дөрвөн ангийн 120-оод сурагч дүнгийнхээ голчоор жагсч зогсож байгаад гадаад, дотоодын их дээд сургуулиудад элсэх хуваариа авсан гэсэн үг. Харамсалтай нь тухайн цаг үеийнхээ бодит үнэнг илчилж, сургуулийн захиргаагаа шүүмжилснээрээ “Б”-ийнхэн хохирчээ. Бас болоогүй ээ, өргөдөл бичих, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сургуулийн цонх хулгайлсан, багш нарыг ур чадваргүй хэмээн басамжилсан хэргүүдийг удирдан зохион байгуулсан гэх үндэслэлээр ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Ш.Тогтох, Б.Баттулга нарыг дээд сургуульд суралцах эрхийг хасаад зогсохгүй төмрийн дархан болон мужааны цехэд гурван жил ажиллуулахаар болжээ.Харин сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт гадаадын сургуулийн хуваарь авах эрхгүй болгожээ. Ийн үзэл сурталжсан дарга, багш нарын ам шийдвэрээр ийн сурагчид хохирсон юм. Хожим хичээлийн эрхлэгч Ч.Мудга нь Ш.Тогтох, Б.Баттулга нарт бүрэн дунд боловсролын гэрчилгээг нууцаар өгч сургуульд орох эрх нь нээгдсэн аж.

Гавьяат багш, төрийн шагналт Н.Эрдэнэцогт “Тэгэхээр бид ардчиллын салхийг аль эрт 50 жилийн өмнө аймагтаа сэвэлзүүлж, захиргаадалтыг зайлуулах, зоримог тэмцлийг өрнүүлж байсан байгаа биз. Хэрэв биднийг гадаадын сургуулиудад суралцах эрхийг нь хасаагүй байсан бол манай ангиас олон эрдэмтэд төрөн гарах байсан.Манай ангид баруун хязгаарын халх, захчин, торгууд, өөлд, казак, мянгад зэрэг олон ястан үндэстний хүүхдүүд суралцдаг байлаа. Хэдий өссөн орчин, амьдралын хэвшил ялгаатай ч хоорондоо эв түнжин сайтай байсан. Тиймгүйсэн бол юу боллоо гэж ангиараа сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, жагсах билээ. Тэгээд ч тухайн үед эцэг эхчүүд, багш нар бүгд хөгшин хүнд тусал, уруй дорой нэгнийг дээрэлхэж болохгүй, ажил хийвэл дуустал хий, ахмад хүний үгийг сайн сонс, сургуулийг нь дага гэдгийг онцгойлон захьдаг байсан. Тэгээд ч багш, эцэг хийнхээ үгэнд ордоггүй, “чих хатуу” хүн байгаагүй. Ийм хүүхдүүд баян хоосны ялгаагүй, хөх, ногоон дээлтэнгүүд даавуун цүнхтэнгүүд байлаа” гэсэн юм. Мөн ангийн дарга асан Ш.Тогтох “Ангийнхан маань бүгд хичээл сурлагадаа жигд сайн байснаас гадна хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Тухайн цаг үед багш, захирлаа шүүмжлэх нь бүү хэл муухай ч харж болдоггүй байлаа. Гэтэл манай ангийнхан тэдний эсрэг жагсаал хийж, эсэргүүцлийн өргөх бичиг хүртэл сургуулийн захиргаанд өгсөн гээд бодохоор мөн чиг бүдүүн зүрхтэй хүмүүс байсан байгаа биз. Ингэж бүдүүн зүрх гаргаж, тэмцэж өөрсдийн эрх ашгаа хамгаалахгүй бол хэн ч бидний өмнөөс, бидний төлөө үг дуугардаггүй байлаа. Зөв асуудлыг хөндөж, эрх ашгаа хамгаалсныхаа төлөө анги нийтээрээ шийтгүүлсэн дээ. Тухайн цаг үе нь тийм байсан хойно, яая гэх билээ. Гэхдээ л багагүй эр зориг гаргасан юм шүү” гэв.

Тэдний анги даасан багш нь орос хэлний багш Б.Нямааж гуай байжээ. Тэрээр одоо 80 нас хол давсан ч эрүүл энх, энх тунх амьдарч яваа юм байна. Хавар хичээл тарсны дараа ангийн хөвгүүд нь шинээр баригдаж буй сургуулийн барилгад ашиглагдах тоосгыг цохьдог байжээ. Зуны амралтаараа ихэнх нь хөдөө буюу гэр лүүгээ явчихдаг байж. Харин аймгийн төвд, гэртээ үлдсэн хүүхдүүд сайн дураараа сургуулийн барилгын ажилд тусалдаг байсан гэнэ. Тэд ч үргэлж хөдөлмөрлөж, бусдад тус хүргэхийг хичээдэг байжээ.

Ангиараа гадаадын их дээд сургуулийн хуваарь авч чадаагүйгээс гадна сурлагаараа сургуульдаа толгой цохьдог байсан ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулгыг ажилчин болгож, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогтод элсэгчдийн үлдэгдэл буюу гологдол хуваарь болох Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангийн хуваарийг өгсөн. Гэсэн хэдий ч тус ангиас гурван ч гавьяат цолтон төрөн гарснаас гадна хэд хэдэн доктор, төрийн шагналтангууд төрөн гарсан билээ. Бас алдарт уяач ч бий. Хар багын л барилдаж ноцолдох дуртай, бусдыгаа тас гэдрэгээр нь шидчихдэг байсан Б.Буядаа 1972 оны Мюнхений олимпийн жү-до бөхийн 60 кг-ын жинд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Ц.Даваахүү Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд тэрээр хүний гавьяат эмч юм. Харин гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт ХААИС-д багшилдаг юм. Тэрээр бэлчээрийн монгол мал аж ахуйн чиглэлээр 2001 онд төрийн шагналт хүртжээ. Мөн хэдхэн жилийн өмнө бурхан болсон хэдий ч сойсон хурдан хүлгүүд нь аймаг сум, улсын уралдаанд тогтмол дээгүүр уралддаг алдарт уяач Д.Цогтбазар агсан тус ангид сурдаг байжээ. Тэрээр хар багын моринд хорхойтой байснаас гадна сурагч байхдаа сумынхаа наадамд хэд хэдэн удаа даага, шүдлэн, хязаалан насны морьдоо айргийн тавд хурдлуулжээ. Мөн тус ангиас гэмтлийн Ч.Батнасан, хүүхдийн Ш.Алтанцэцэг, цэргийн Д.Бямбаа хэмээх алдарт эмч нар төрөн гарсан аж.

Одоо тэд бүгд 70 насны сүүдэр зооглосон, буянтай буурлууд. Гэхдээ хүүхэд ахуй цагийнхаа гэгээлэг, гэнэн, соньхон дурсамжаа ярихаараа нүдэнд нь оч гялалзаад, нүүрэнд нь баясал тодорно. Тэд “Бид хэдий хөшгирсөн ч дурсамжаараа мөнхийн залуу амьдарцгааж байна даа” гэцгээсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хорвоо ертөнц-цаг хугацаа хүмүүний “Хоосонг идэгч” ажээ

“Хоосонг идэгч” өгүүллэгийн би баатар Ганбаа ойн гүнд “ирж буй” цагийг хүлээн өлсөж хэвтэхдээ самар цөмөх жирх, хэрэмд атаархан, хамаг чадлаараа чулуу шидэвч өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр бууна. Зохиогчийн өгүүлснээр Ганбаа бол “өөрийгөө харах үйлийн үр-тольгүй эцэж туран, чих нь дэлдийж, шанааны яс босоод энэтхэг санваартан шиг болсноо мэдэхгүй байгаа” нэгэн. Өлсөж үхэх гэж байгаадаа үнэмшиж чадалгүй, амьдралынхаа тэрхэн хэсгийг зүүд болгох гэж, өөрийгөө итгүүлэхээр оролдон буй хүн. Тэр хүүхний дээд болсон сайхан хань, хэдэн сайхан үртэй хүн ч самар түүх шуналдаа хөтлөгдөн аглаг ойн гүнд гав ганцаар хоцрон өлсгөлөн ходоодныхоо эрхэнд хэрэм жирхтэй хөөцөлдөн ядарч байгаа эр хүн аж. Түүнд цатгалан цамаан үедээ жишим ч үгүй түлхэж холдуулсан хоолны үлдэгдэлтэй тавгууд нүүр дүүрэн инээмсэглэл шиг санагдан, нүдэнд нь мэлтэгнэн харагдахад жирх хэрмэнд уурласнаасаа ч илүү уур нь хүрэх ажээ. Тэрээр “Би өлсөхгүй байна” гэж бясалгал хийж буй юм шиг олонтаа давтавч шаналгаат зовлон нь “молиго оо” гээд эргээд ирэх шиг санагдан ухаан алдана. Хүний байгалиас өгөгдсөн биеийн болоод тамирын өгөгдөл ийм өчүүхэн юм. Ухаан алдаад сэргэвэл зэвхий саарал чоно нүүрийг нь долоох шахан урдаас нь ширтэн зогсох аж.

Өлсгөлөнгөөр тарчилж буй эр өөрийгөө чонын өмнө ямар хоолтой адилхан байгаа бол гэж төсөөлөх гэж оролдоно. Хэдхэн сарын өмнө хадам аавынх нь насны чалханд сайн гэж чанаж өгсөн чонын ходоод санаанд орж, өөрт нь хамгийн хайртай үзэсгэлэнт эхнэрээ бодоход дотрыг нь бялууруулж огиудас хүргэсэн хоол шиг санагдана. Тэр өөрийгөө чонын өмнө тавиастай бууз, хуушуур, цуйван, сэмжтэй шарсан элэг, бантангаар төсөөлж бодов. Гэснээ өөрийгөө самар байсан бол гэж бодно. Гэвч, тэр самар болж болохгүйгээ ухаарахын дээдээр ухаарав. Учир нь тэр нэг муу өчүүхэн махтай жирхийн үмх махыг идэх сэн гэж гурван өдөр хөөцөлдөөд, өнөө сульдаж ядран туйлдан хэвтэж байгаа билээ. Хэрвээ тэр самар болчихвол мөнөөхөн жирх түүнийг хээвнэг зооглож орхих учраас юунд самар болохыг хүсэх билээ. Тиймээс тэрээр бантан ч болтугай болж зэвхий саарлын ходоодыг баярлуулахыг хүснэ. Амьдралд тэр ямар ч үнэ цэнэгүй явснаа энэ л үед ухаарна. Үхсэнийхээ дараа өөрийг нь харамсан гашуудаж байгааг хардаг бол мөн догь оо. “Би ийм мундаг хүн байсан юм шүү” гэж нэг сайн хашгираад л, дэндүү сайхан байх сан.

Зэвхий саарал түүний бодлыг уншсан мэт тийм ч амархан зоогоо болгохгүй бололтой. Өлдөж сульдсан түүний нүдэнд үхсэн нэгнийхээ цогцсыг үүрч яваа шоргоолж харагдахад үхсэн шоргоолжноос илүү хэдэн хором урт насалж буй хувь тавиландаа талархана. Үхсэн шоргоолжноос урт настайгаа мэдэрсэн зүдэнг эр зүтгэж ятайсаар байж нэлээд өндийвөл, идэхээр анан буй чонын нүд сүүмийн алсарч, гүн ухаантны дүрийг бүтээж буй жүжигчин шиг харагдана. Чоно хүзүүгээ сунган цогнойж, амаа ангайлган улих гэснээ шилээ тэрүүхэндээ шөргөөн, сэрвээнийхээ үснээс оч үсчүүлээд малгайг нь зуун ойртуулж өгөх аж. Тэр малгай дээр хэн нэгний төлөө саналаа өгөхийг уриалсан бичиг байх бөгөөд сонгуулийн үеэр тараадаг хэрэггүй эд зүйлийн нэг байж. “Хэрэггүй малгайг хэрэггүй толгой л өмсөнө биз дээ”. “Хоосонг идэгч” өгүүллэгийн гол өгүүлэмж ийм. Хүний хорвоод хүн болж төрөөд амьтнаас ч долоон дор амьдарвал цаг хугацаа хийгээд хорвоо ертөнц гэдэг хүнийг огт оргүйд юу ч үгүй уусган үгүйсгэгч асар том ходоод юм гэсэн философийг зохиогч өгүүлсэн болов уу.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн 2009 онд хэвлэгдсэн “Хоосонг идэгч” шилмэл өгүүллэгийн түүвэрт “Унасан тэнгэр”, “Тайлан тоглолт”, “Сорвийн үнэ”, “Сатгал”, “Сүүлчийн шалгалт”, “Халзан зүрх”, “Гандангийн замаар”, Зүрх өвлөгч”, “Үнсэлт”, “Өр”, “Морь”, “Журай”, “Судрын нулимс”, “Тэнгэрийн цавчилт”, “Харанхуйлаг” зэрэг нэн шинэ сэтгэлгээтэй 19 өгүүллэг багтсаны нэг нь дээр өгүүлсэн “Хоосонг идэгч” бүлгээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Дүү минь БНСУ-д ажил хийж байна гэж утсаар хэлсэн атлаа Малайзид амиа алджээ”

-ХАМТ АМЬДАРЧ БАЙСАН ГУРВАН БҮСГҮЙГ НЬ СУЛЛААД ХЭРГИЙГ НЬ ХААСАН БАЙНА-

Монгол хүний амь нас, үнэ цэний тухай бид ярьдаг. Гэвчтэр үнэ цэн хаана байна вэ. Малайзид одоогоор гурван монгол бүсгүй амиа алдаад байна. Анх Ш.Алтантуяа хэмээх бүсгүйг 2006 онд захиал­га­­тайгаар хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэл­хийд толгой цохидог гэдэг. Малайзийн талаар бид мэ­дэх болсон. Гэтэл 2011 оны наймдугаар сард гэрээсээ гарсан Б.Энхтуяа хэмээх бүсгүй мөн л Малайзид бусдын гарт амиа алдсан. Түүний амийг хөнөөсөн хэрэгтэн олдоогүй бөгөөд хэргийг Малайзийн тал хаасан байдаг.

Тэгвэл Малайзийн Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан хэрэгэнэ сардгарав.

Гэвч энэ хэргийнэзэн холбогдогчийг тогтоолгүйгээр Малайзийн тал хэргийгхаажээ. Амьдралын эрхэнд хүний газар очиж эрдэм сурах гэж яваад бусдын гарт золиослогдсон энэ охидуудын араасар гэрийнхнээс нь өөр хэн ч санаа тавихгүй байна. Иргэнийхээ араас анхаарах, аюулгүй байдлыг нь хангах ёстой Элчин сайдын яам болон Консулын газар Малайзид байхгүй. Иргэнээ хамгаалах төлөөлөгчийн газар байхгүй болохоор тэндохидууд амиа алдсаар байна. ЯагаадМонгол Улс тэнд Консулын газраа байгуулж чадахгүй байна вэ. Тэндтөлөөлөгчийн газартай болох тийм хэцүү байдаг хэрэг үү гэсэн асуулт яах аргагүй анхаарал татаж байна. Ш.Алтантуяаг амиа алдахад энэ тухай ярьж л байсан. Б.Энхтуяаг амиа алдахад бас л ярьж байв. Харин Б.Отгонтуяаг амиа алдахадэнэ тухай ярьсангүй. Гадаад хэргийн яам “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзид суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн Б.Отгонтуяа нь нас барсан байна” гэсэн мэдээллийг өгөөд сууж байна. Ар гэрийнхнийг нь очихоор Консулын газрынхан “Зардал мөнгөө гаргаад Малайз яв. Та нарын шийдэх асуудал. Охиныг чинь тав дахь өдөр чандарлана. Гурван монгол бүсгүйг байцааж байгаад сулласан. Охин чинь өөрөөөндрөөс унажамиа алдсан юм шиг байна лээ” гэсэн хариу өгсөн байх юм.Энэ талаар талийгаач Отгонтуяагийн ах Д.Баянболдтой уулзаж цөөн хором ярилцлаа.

Та нарталийгаачийгамиа алдсан гэдгийгхэзээ мэдсэн юм бэ?

-Хотод байдаг ах маань хэвлэлээр дүүг минь Малайзид амиа алдсан талаар мэдээлэл гарсан гэж хэлсэн. Тэгээд бидэнэ сарын 20-ны өдөр Ховд аймгаас ирсэн. Тэгээд Консулын газрынхантай уулзаад энэ тухай олж мэдлээ. Би Ховдоос нэг дүүтэйгээ хамт ирсэн.

Ар гэрийнхнийг ньМалайз явсан гэж мэдээлсэн байсан шүү дээ?

-Өдөр тутмын хэвлэлүүдэд энэ тухай гарсан байсан. Бид Малайз яваагүй. Яагаад ийм ташаа мэдээлэл гарсан юм бол. Бид ч гайхаад байгаа юм.

Гадаад хэргийн яамнаас тийм мэдээлэл өгсөн байх?

-Хаанаас тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй ч ар гэрийнхэн нь явсан гэдэгжаахан дэгс мэдээлэл байна лээ.

Та нар яагаадМалайз яваагүй юм бэ?

-Консулын газрынхан та нар зардал мөнгөө төлөөд явж болно гэж хэлсэн. Гэвч энэ хэргийг 22-ны өдөр хаасан гэсэн Малайзийн прокурорын дүгнэлтийг бидэнд үзүүлсэн.

Түүн дээр юу гэж бичсэн байсан юм бэ. Тэр бичгийгта нарт орчуулж өгсөн юм уу?

-Монгол хэлээр бичсэн байсан. Тэр бичигт “Б.Отгонтуяа нь өөрөө унаж амиа алдсан. Хамт байсан гурван бүсгүйгээс мэдүүлэг аваад сулласан. Иймд хэргийг хаасан” гэсэн утгатай дүгнэлт байсан. Мөн сулласан гурван бүсгүй хэрэг гардаг байрандаа эргэж очоогүй. Байрны эд зүйлсийг тус байрны жижүүр цэвэрлэж, хувцас эд хогшлыг нь хаясан гэсэн. Тэгэхээр нь бид явахаа больсон юм. Ээж, аав минь өндөр настай хүмүүс учраас тийшээ явж чадахгүй. Иймд чандарлаж өгөх хүсэлтийг албан ёсоор Консулын газарт тавьсан. Малайз явах болбол бидэнд орчуулагчаас авахуулаад нэлээд зүйл хэрэг болох байсан. Тэнд очоодхэл усыг нь мэдэхгүй гэх бэрхшээл гарч ирсэн. Дүүгийн минь үхэлд холбоотой байж болох бүсгүйчүүд ч сураггүй болсон гэсэн болохоор тийшээ явахаа больсон юм.

Дүү чинь ямар ажлаар Малайз явж байгаагаа та нарт хэлсэн үү. Хэдийд Малайз явсан юм бэ?

-Бидэнд БНСУ явлаа л гэж хэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сардявсан байх. Тэгэхээр нь бид БНСУ руу явж байна гэж ойлгосон.

Гадагшаа явсныхаа дарааутсаар холбогдож байсан уу?

-Холбоотой байсан. Бидэнтэй утсаар яриад БНСУ-д ирсэн. Ажил хийж байгаа гэж хэлдэг байсан.Гэтэл яагаад Малайз явсан юм бол. Бидих гайхсан. Тэгээд Консулын газар иртэлдүү минь Малайзид амиа алдсан. Хэн нэгэн хүнд уруу татагдчихав уу гэж бодож байгаа. Олон л эргэлзээ төрж байна.

Тухайн үед гадагшаа ямар хүмүүстэй явж байгаагаа хэлсэн үү?

-Тэр тухай огт хэлээгүй.

Улаанбаатарт юу хийдэг байсан юм бэ, дүү чинь?

-Дээд сургууль төгсөөд нэг оюутан залуутай хамт амьдардаг байсан. Тэгээд ажил хийж байгаад яваад өгсөн. Нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй.

Дүү чинь хүн амьтанд хууртаж, уруу татагдахаар хүн үү?

-Миний дүү их сэргэлэн. Бидэнд зааж зөвлөж, болох болохгүйг заадаг хүүхэд байсан. Хэн нэгэнд уруу татагдахаар хүүхэд байгаагүй. Энэ тухай бид ярилцаад гайхаад л байна. “Чухам яасан юм бол. Юу тохиолдсон юм бол” гээд. Бид эцэг эхээс олуулаа. Биднийг зааж залдаг л байсан.

Дүү чинь амиа хорлох алхам хийхээрхүн үү?

-Амиа хорлох алхам хийхээргүй хүүхэд. Өөрөө унаж амиа алдсан гэдэгт итгэхгүй байгаа.

Та нар нэгэнт хэргийн газар очоогүй. Гэтэл хэрэг нь хаагдчихсан байна. Тэгэхээр одоо ингэж яриад явах хэцүү л байх байх даа?

– Нэгэнт бид Малайз явах боломжгүй болсон тул цагдаа болон Консулын газарт өргөдөл гаргасан. Тэр гурван бүсгүйг Монголд авчруулах хүсэлт тавьсан. Тэд л дүүг минь хөнөөсөн байх.

Консулынхнаас тэр гурван бүсгүйн талаар мэдээлэл авсан уу. Юу гэж байх юм?

-Тэр бүсгүйчүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна лээ.

Хэрэг нэгэнт хаагдаж байгаа болохоор тэр гурвыг Монголд авчирлаа гээд ч яах билээ?

-Харин тийм. Хэцүү байна аа. Хүнээ алдсан хүмүүс арга мухарддаг юм байна. Бид дүүгийн цогцосны болон хэргийн газрын зургийг дэлгэрэнгүй авахыг хүссэн. Мөн дүүгийнхээ паспорт бичиг баримтыг ч авах хүсэлт гаргасан.

Консулын газрынханар гэрийнхэнд ньхэргийн газрын бичлэгийг үзүүлсэн гэж сонссон юм байна?

-Тэр худлаа. Бидэнд ямар ч бичлэг үзүүлээгүй. Хэрэг болохоос өмнө өрөөнийх нь эд зүйлс хагарч хэмхэрсэн байсан гэсэн. Хамт байдаг охидтойгоо муудалцаад тэд ньдүүгий минь амийг хөнөөсөн байх гэж бодож байгаа.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

“Дэвшил”-ийн шинэ ногоо хэрэглэгчдэдээ хүрч эхэллээ

“Дэвшил трейд” компанийн тариалсан өргөст хэмх, улаан лооль өмнөх жилүүдийн жишгээр өнгөрсөн гуравдугаар сарын эхээр нийслэлчүүдийн хэрэглээнд хүрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тус компанийн өргөст хэмх, улаан лоолийн тариалалт болон ургац хураалт зэрэг явагддаг гэсэн үг. Харин арванхоёрдугаар сард үрсэлгээгээ хийдэг бол, нэгдүгээр сараас хүлэмжиндээ шилжүүлж тарьдаг байна. Ийн гуравдугаар сараас ургацаа хураах циклээр ажилладаг юм байна. Тус компанийн үйл ажиллагааг сурвалжлахаар “Дэвшил трейд”-ийг зорилоо. “Монос”-ын уулзвараас чанх урагш Сонсголонгийн замаар хагас км орчим яваад “Дэвшил трейд” хэмээх хаяг бүхий бетонон хашаа харагдлаа. Тус компанийн захирал М.Болормаа “Өдөр бүр шинэхэн бас цэвэр байгалийн гаралтай нарийн ногоог хэрхэн тариалдаг талаар газар дээрээс нь сурвалжлахаар ирсэнд баярлалаа” гэсээр биднийг угтсан юм.

Хашааны урд хэсэгт тус бүр нь 1.5 га талбайг хамрах томоо гэгчийн хоёр ч шилэн хүлэмж харагдана. Чухам үүн дотор л бидний “Дэвшлийн” хэмээн нэрлэж заншсан, шинэхэн хэрнээ амтлаг өргөст хэмх, улаан лоолийг тариалдаг юм байна. Нэгэнд нь өргөст хэмх, нөгөөд нь улаан лоолио ургуулдаг. Нарны гэрлээс хортой туяаг нь дотогш нэвтрүүлэхгүйн тулд шилэн хүлэмжээ байгалийн шохойгоор буджээ. Харин дээрх хүлэмжийн ардхан талд энд тэндээс нь гялгар уут унжсан төмөр сараалж харагдана. “Дэвшил трейд” компанийн захирал М.Болормаа “Өмнө нь хүлэмжний төмөр сараалжаа, плёнк буюу зузаан гялгар уутаар бүрээд, тэндээ тариалалт явуулах гэж оролдсон. Гэтэл хаврын ганцхан удаагийн салхинд гялгар цаас нь урагдаж, сэмрээд иймэрхүү байдалтай болчихсон. Тэгээд ч Сонсголонгийн энэ хавьд хавар үе, үе хүчтэй хуй дэгддэг. Гялгар уутаар бүрсэн хүлэмж байтугай шилэн хүлэмжний дээврийг хуу татна шүү дээ” гэснээ “Орохоосоо өмнө энэ ариутгасан цагаан халаатыг өмсчих. Тэгэхгүй шууд гадны хувцастайгаа орчихож болохгүй. Гадуур хувцас дахь гадны биет, нян хүлэмжинд орчихвол өргөст хэмх, улаан лооль ургахгүй. Хүнээр төлөөлүүлбэл өвчилнө гэсэн үг” гээд бидэнд ариутгасан цагаан халаат өмсгөв. Эхний шилэн хүлэмж рүү ортол өөдөөс халуун, чийглэг агаар хамар цоргино. Энд тогтмол 21-ээс 23 градусын дулаан бөгөөд чийглэг байдаг аж.

Барагцаагаар нэг метр гаруйн өргөнтэй цементэн замын хоёр тал руу эгнүүлэн таазанд уяж тогтоосон утсыг ороон ургах далбагар том ногоон навчит ургамлын энд тэндээс жижигхэн, үрчгэр өргөст хэмх цухуйжээ. Ийн хүлэмжийн баруунаас зүүн зах хүртэл хоорондоо нэг алхмын зайтай дээш мушгиран ургах ургах навчит ургамлаар “ногоон шугам”-ууд татсан мэт харагдана. Хүлэмжийн гүн рүү явах тусам өргөст хэмхийн хэмжээ томорч, эсрэг буланд хүрэхэд боловсорч гүйцсэн өргөст хэмх байх аж. Өргөст хэмхээ долоо хоногт гурван удаа, улаан лоолио хоёр ч удаа хураан авдаг юм байна. Биднийг очихын өмнөх өдөр өргөст хэмхээ хурааж дууссан хэдий ч маргааш дахин хураана даа гэцгээж байлаа. Хүлэмжний гол хэсэгт намхан сандал дээр тавьсан хөгжмөөс зохиолын дуу аядуухан эгшиглэнэ. “Дэвшил трейд” компанид найм дахь жилдээ ажиллаж буй ногоочин Ц.Лхагвадуламын хэлснээр дуу хөгжмийн намуухан, эгшиглэнтэй аялгуу өргөст хэмхийг жигд бөгөөд хугацаандаа ургаж гүйцэхэд чухал нөлөөтэй аж. Улаан лооль ч мөн ялгаагүй. Тэрээр “Жимс ногоо, ургамал бүгд амьтай. Энхрий сайхан үгсээр магтаж, аялгуулаг хөгжим сонсгоод байвал өргөст хэмхийн ургац хурдан байдаг. Тэр бүү хэл бид хүлэмжиндээ нэгэн рүүгээ хашгичиж, нэгэнтэйгээ муудалцдаггүй. Хэрэв тэгэх юм бол өргөст хэмхийн болц удааширч, чанар нь мууддаг” гэсэн юм. Талбайн голоор сүлжилдэх усны хоолойноос энд тэндгүй ус дусална. Ингэж дусал дуслаар хөрсийг нь усалдаг гэнэ.

Хажуухан дахь хүлэмж рүү ортол өмнөхөөсөө арай бүгчим агаад чийглэг байх юм. Энд улаан лооль тарьдаг юм байна. Биднийг орох үед ургац хураалт нь ид дундаа явж байлаа. Тав зургаан ч ногоочин дөрвөн дугуйтай, модон тавцан бүхий түрдэг тэргэн дээрээ цагаан сагснуудаа тавьчихаад, түүн рүүгээ томорч улайсан лоолиудаа хийж байлаа. Ногоочдын хэлж буйгаар нэг захаас нь нөгөөг хүртэл хураагаад дуусч байтал дахиад л нөгөө захаас нь болц нь гүйцээд хурааж эхэлдэг гэнэ. Ургацаа хураахын хажуугаар хөрсөө бордох, талбайгаа цэвэрлэх зэрэг ажлыг амжуулдгаа бас дуулгасан юм. Үхрийн баас, шувууны сангас, байгалийн шохой зэрэг нь хүлэмжний хамгийн сайн чанарын бордоо болдог гэнэ. Хэд хэдэн алхмын зайтай халуунаар үлээдэг халаагч байрлуулжээ. Халаалт муудах болон тасрах үед дээрх халаагчуудыг ашигладаг байна. Жилдээ дээрх хоёр хүлэмжээс 350-400 орчим тонн улаан лооль, өргөст хэмх хураан авдаг байна.“Дэвшил трейд” компани Голландын “Энза Зайден” компанитай 1998 оноос өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайн компани Монголын орчин, хөрс агаарт тохирсон сортыг гарган, тус компанид нийлүүлдэг аж.

“Дэвшил трейд” компанийн захирал М.Болормаа “Энэ хашаан дотор 1958 онд Амгалан сангийн аж ахуй байгуулагдаж байсан. Харин 1972 онд Болгарын буцалтгүй тусламжаар нэг бүр нь 1.5 га талбай бүхий энэхүү хоёр хүлэмжийг барьсан. Үүнийг нь 1998 онд хувьчилж аваад, “Дэвшил трейд” компаниа байгуулж байлаа.Анхнаасаа Монголынхоо хэрэглэгчдэд чанартай өргөст хэмх, улаан лоолийг шинэхэнээр нь хүргэе гэсэн зорилготой байсан. Өнгөрсөн хугацаанд энэ зорилгодоо хүрэхийн тулд багагүй хөдөлмөрлөсний дүнд нийслэлчүүдийн арван хүн тутмын гурвынх нь хэрэглээг бүрэн хангаж байна. Өмнө нь гурван хүн тутмын хоёрынх нь хэрэглээг хангадаг байсан ч сүүлийн үед нарийн ногоо тарьдаг ногоочид эрс нэмэгдсэн учраас бидний зах зээл хумигдсан. Гэхдээ өрсөлдөөн байгаа газар чанар, зах зээлийн жишиг үнэ тогтдог жамтай. Манай тариалсан ногоо хавар хамгийн эрт буюу гуравдугаар сарын эхээр хэрэглэгчдэд хүрдэг. Тогтмол үрийн шинэчлэлт хийхээс гадна Голланд, Израилиас мэргэжилтнүүд ирж, газар дээр нь байнга зөвлөгөө өгдөг. Хаврын нэг өдөр зуны арван өдөртэй тэнцдэг учраас бид хичээн ажиллаж байна. Ер нь газар тариалангийн салбарт цаг агаар, цаг хугацаа маш чухал. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний дүнд “Дэвшлийн” хэмээх брэндийг бий болгож чадсан” гэсэн юм. Мөн тэрээр өвлийн улиралд “Дэвшил трейд” хэмээх хуурамч шошготой нарийн ногоо зарагдах болсонд сэтгэл зовниж буйгаа дуулгасан юм. Энэ тухайд “Арванхоёрдугаар сараас дараа жилийнх нь гуравдугаар сар хүртэл манай ногоо гардаггүй. Энэ хооронд хөрсөө амрааж, борддог. Тэгээд ч нарны илч багатай, хахир хүйтэн өвлийн улиралд тариалалт хийх боломжгүй. Гэтэл шинэ жилээр Дэвшлийн гэсэн хаяг шошготой өргөст хэмх, улаан лооль зарагдах болсон. Тиймээс жил гаруйн өмнө Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран шалгалт хийж, манай компанийн шошгыг хуурамчаар хэрэглэдэг аж ахуй нэгжийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан. Хятадаас оруулж ирсэн ногоогоо савлаад л дээр нь монгол хаяг шошго наадаг аж ахуй нэгжүүд одоо ч байсаар байна. Өргөст хэмх, улаан лоолийг европ стандартын дагуу буюу 12-15 градуст, хуурай орчинд 21 хоног хүртэл хадгалж болдог. Гэхдээ манай ногоо цэвэр байгалийн гаралтай учраас долоо ч хонолгүй мууддаг. Ид зундаа бол өнөөдөр хураагаад, маргааш худалдаанд гараад, нөгөөдөр гэхэд үлдсэн нь муудчихдаг. Энэ нь хадгалалтыг нь уртасгах зорилгоор бид химийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэсэн үг” гэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Хүүхдүүд маань ямар ч дуурь, балетыг тоглох чадалтай гэдэг нь харагдлаа

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж Иоханн Штраусын “Сарьсан багваахай” оперетта (бэсрэг дуурь)-г тайзнаа тавьж анхны тоглолтоо Дорнод аймгийн хөгжимт драмын театрт хийлээ. Уг дуурийн ерөнхий удирдаачаар УГЗ Ч.Чинбат, ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажилласан байна. Тус коллежийнхон шинэхэн бүтээлийнхээ нийслэл дэх анхны тоглолтыг энэ сарын 5-ны өдөр буюу ирэх ням гаригт ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Энэ талаар Симфони оркестрын удирдаач УГЗ, профессор Чулууны Чинбаттай ярилцлаа.

Хөгжим бүжгийн кол­леж жил бүрийн хавар нэг сонгодог бүтээл тавьдаг болчихлоо. Энэ жил И.Штраусын “Сарьсан багваа­хай” опереттаг тайз­наа тавилаа. Ер нь ямархуу болов, оюутнууд хүүхдүүд тань хэр зэрэг тоглож байна?

-Ер нь манай сургууль жил болгон тайлангаараа нэг том бүтээл тавьдаг уламжлалтай. Энэ маань дөрөв дэх том бүтээл болж байна. Хоёр балет тавилаа. “Сарьсан багваахай” оперетта маань хоёр дахь дуурь болж байгаа юм. Тэгэхдээ дандаа бүрэн хэмжээгээр нь тавьж байгаа. Энэ бол оюутан сурагчдын маань ур чадвар, мэргэжлийн чадвар, мэдлэгээ амьдрал дээр үзүүлж байгаа томоохон хэлбэр л дээ. Оюутнууд маань бүгдээрээ өндөр сэтгэгдэлтэй тоглоод ирлээ. Дорнодын театр үнэхээр сайхан болжээ. Яг л дуурь, балетын театрын түвшний акустиктай сайхан театр баригдсан юм байна. Бид Дорнодын театрыг сонгосон гол шалтгаан бол “Сарьсан багваахай” тэнд анх тавигдсан жүжиг учраас тайз чимэглэл, хувцас хэрэглэл бүх юм нь тэнд байгаа. Тэр чухал хөрс суурин дээр нь очиж тоглолоо.

Г.Эрдэнэбаатар найруу­лагч 2000-аад оны эхээр анх ДБЭТ-т тавиад өнгөрсөн жил харин Дор­нодод тавьсан байх аа?

-Тийм ээ. Өнгөрсөн жил Дорнодын театрт тавьсан нь хөдөө орон нутгийн театрт дуурийг сонгодог хэлбэрээр нь бүрэн хэмжээгээр тавьсан анхны тохиолдол юм.

-“Сарьсан багваахай” хэдийгээр “бэсрэг дуурь” гэж байгаа боловч гурван бүлэгтэй, дуурийн хамт драмын элементүүд ихтэй жүжигчдээс чамгүй чадал шаардсан бүтээл. Оюутнууд бүрэн хэмжээний ийм жү­жигт хэр бэлтгэгдсэн байна вэ?

-Ер нь эхний бэлтгэл сургуу­лилтын үед хүүхдүүд нэлээн сандарсан байдалтай, том тайзан дээр гараад оркестроо сонсох зэрэг нь амар байдаггүй л дээ. Яг анхны тоглолт болоход өөрсдийгөө илэрхийлэх илэрхийлэл нь эрс сайжирсан, “би чадна” гэсэн урам зориг илт харагдаж байлаа. Дорнодын сургуулийн хүүхдүүд анхны үзэгчид маань боллоо. Их сайхан хүлээж авсан. Ер нь Дорнод хөдөө орон нутаг гэхээсээ илүү соёлын том төв болж байгаа нь харагдаж байлаа.

Театр нь хэдэн хүний суудалтай юм?

-Нарийн хэлж мэдэхгүй байна. Миний харснаар тав, зургаан зуун хүний суудалтай юм уу даа. Үнэхээр орчин цагийн сайн акустиктай театр байна лээ.

Штраусын энэ оперетта гол дүрүүд нь хэд хэдэн тенор, сопрано, тэгээд хоёр баритон, ганц нэг дунд хоолой дуулдаг жүжиг. Их гоё сопрано хоолойтой оюутан өмнөх жил “Дидона Эней хоёр” бэсрэг дуурьт дуулж байсан. Энэ удаа дуучид нь Дорнодын театраас бас оролцсон уу, танай хүүхдүүд дангаараа тоглов уу?

-Хоёр удаа тоглосон. Нэг нь манай сургуулийнхан дангаараа. Дуучид, гоцлол дуучид, оркестр, найрал дуучид, бүжигтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ манай оюут­нууд тоглолоо. Хоёр дахь удаад нь Дорнодод байх­­гүй бай­гаа зарим нэг гоцлоочдод манай сургуулийн оюутнуудаас оруулаад хамтар­сан тоглолт хийсэн. Манай оркестр далаад оюутан­тай, тэднийхээ 22-ыг нь авч явсан. Дорнодын театрын хөгжимчидтэй нийлээд тавь жараад хүний бүрэлдэхүүнтэй тоглолоо. Дуурийн театрын оркестртой адил бүрэлдэхүүн болчихож байгаа юм л даа.

Танай оюутны симфони оркестр гүйцэтгэл дуугаралт сайтайг хүмүүс мэднэ. Дор­нодын театрынхтай ний­лээд тоглоход удир­даа­­­чийн хувиар та ямар мэд­рэмжтэй ирэв. Штраусын энэ хөгжим нь өөрөө их гоё торгон нарийн чимэглэлтэй, чамин тансаг хөгжим шүү дээ?

-Штраусын энэ хөгжим бага насны хүүхдүүдэд хүртэл чихэнд нь хоногшчихсон хөгжим байгаа. Яагаад гэвэл, энэ хөгжмийн дийлэнх хэсэг нь хүүхэлдэйн кинонд дандаа дуугарч байдаг. “Мики маус” хүүхэлдэйн кинонд голдуу Штраусын хөгжим, ялангуяа “Сарьсан багваахай” бэсрэг дуурийн хөгжим маш их. Муур, хулгана хоёр төгөлдөр хуур дээр хоёулаа тоглоод л гарч байх жишээтэй. Тоглолтын дараа үзэгч хүүхдүүдээс мэддэг хөгжим байна уу гээд асуухаар бүгдээрээ тийм бай­на гэж хашхиралдаж байх жишээтэй. Хүүхдүүд энэ дуурийн хөгжмийг нь өмнө нь хүүхэлдэйн киноноос сонсчихсон учраас илүү ойр, илүү гоё байх шиг байна л даа. Зарим хүүхдүүд хөгжмийг нь сонсоод эхэндээ “Мики маус”-ынх шиг үйл явдал гарах болов уу гэж бодож байсан ч байж магадгүй. Хөгжим гэдэг тийм агуу юм аа гэдгийг би сая бас дахин мэдэрлээ л дээ. Бас нэг зүйлд их эмзэглэлээ. Ер нь одооноос энэ улс орон хөдөө орон нутгийн театруудыг бодох цаг болжээ. Бодлого боловсруулах цаг болсон байна шүү. Бид ярьсаар байгаад л хорин хэдэн жил боллоо шүү дээ. Одоо болоо юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдох юм.

Дорнодын театр бусад аймгийн театрууд дотроо хамгийн гайгүй нь байх. Хөгжим, хүн хүч цөөхөн байна гэсэн үг үү?

-Үндсэндээ бодлого хөдөө орон нутагт алдагдсаных шүү дээ. Дорнодын театрын хувьд гавьяат жүжигчин Боролдой гуай ёстой л цээжээрээ хамгаалсаар байгаад тараачихалгүй өдий хүрчээ. Олон аймагт сонгодог хөгжим оруулж ирж байсан үе бий. Ховдын театр, Дорнодын театр хоёр бол Монголд анх байгуулагдсан театрууд. Дээр үед тэнд хийл ч байлаа, виоленчель ч байлаа, контрабасс ч байлаа, үлээвэр хөгжмүүд гэхчлэн наяад онд их сайхан болж ирж байсан юм. Дараа нь хөдөөгийн амьдралыг, урлаг соёлыг зөнд нь хаячихсаны гай одоо харагдаж байна. Одоо хөдөөгийн театрууд ардын хэдхэн цөөхүүл хөгжмийн хэмжээнд л байна шүү дээ. Тийм байхад тэрийг хэн сонирхох юм бэ.

Бүрэн хэмжээний дуурийг удир­дахдаа та залуу хөгжимч­­дөөс чухам юу мэдрэв?

-Штраусын энэ жүжгийн удиртгал нь, дунд нь явдаг бүжгийн хөгжмүүд гээд ихэн­хийг нь ард түмэн концертын танхимаас их сайн мэддэг болчихсон. Жилийн турш би энэ дуурийн хөгжим дээр ажиллалаа. Үнэхээр сайхан хөгжим. Ялангуяа оюутнуудад мэргэжлийн талаасаа маш өгөөжтэй бүтээл боллоо. Энд би багш нарт их баярлаж байна. Сайхан дуучид, бүжигчид, сайхан хөгжимчид бэлдсэн байна. Энд чинь бүх төрлийн үлээвэр, цохивор хөгжим, бүх төрлийн утсан хөгжмүүд бүгд орчихсон байгаа. Ер нь тэгээд бид чинь уран бүтээлчид бэлдээд байна л гээд байдаг. Тэрийгээ харуулах боломж тэр болгон олддоггүй юм. Энэ талаасаа бидэнд их өгөөжтэй байна. Дуурийн дуулаачаар төгсч байгаа хүүхэд гэхэд л Дидонад ч тоглодог болчихсон, ямар ч дуурийн хэсгүүдээс тоглодог, тэр Кармен, Чио Чио сан гээд бүгдэд нь тоглодог болчихсон төгсч байгаа. Манай оюутнууд бол үнэхээр энэ зэргийн дуурийг тоглох чадвартай болчихсон байна. Чадалтай байна. Үүнээс ч цаадахыг нь тоглох чадвартай юм байна гэж би хувьдаа дүгнэлээ. Сайн дуучин төгсч байна. Сая манай энэ дуурийн гол дүрд дуулсан охин Москвагийн Гнесиний академид очиж шалгалт өгсөн чинь багш нар нь булаацалдаж авч байна шүү дээ. Дуучид маань тэнд очоод үнэлэгдээд байгаа хэрэг. Эндээс дуучид нь бас очиж олон улсын уралдааны тэргүүн байрыг нь аваад байгаа учраас тэр академид нь монголчуудыг үнэлж эхэлж байна л даа. Гадныхан үнэлээд байгаа болохоос эндээ бол таг чиг шүү дээ.

Танайх чинь сургууль. Дуурь, балет тавихад хөрөн­гө мөнгөө яаж босгодог юм бэ?

-Энд бидэнд ямар ч хөрөнгө мөнгө байхгүй шүү дээ. Гадаадын хөгж­мийн сур­гуулиуд бол өөр байдаг. Хэрвээ манайх консер­­ватор болчих юм бол Консерваторуудын холбоо­ноос тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шийдүүлэх, найруулагчийн, удирдаачийн туслалцаа гэхчлэн мэргэжлийн бүх төрлийн туслалцаа авч болно. Гагцхүү манай энэ коллеж гэдэг нэрнээс шалтгаалаад болохгүй байгаа юм. Бакалаврыг бид хийдгээрээ хийж л байна. Консерваторийн хэмжээнд.

Энэ жил П.И.Чайковс­кийн мэндэлсний 175 жилийн ой тохиож, дэлхий нийт тэмдэглэж байна. Танайх энэ хүрээнд тоглолт хийх үү?

-Хийнэ. Ирэх есдүгээр сараас эхлээд энэ рүү орох болов уу. Чайковскийн ойг энэ сургууль тэмдэглэхгүй өнгөрөх учир үгүй. Бид бол зөвхөн Чайковский гэлтгүй Монголынхоо хөгж­мийн зохиолчдын ойг ч манай сургууль л тэмдэглэж байна шүү дээ. Саяхан Гончиг­сумлаа гуайн ойг тэмдэглэлээ, Мөрдорж гуайн ойг тэмдэглэлээ. За тэгээд, Чойдог гуай гээд бүгдийг нь тэмдэглэх гээд үзээд л байна. Чайковскийн жилд бол бид мэдээж тоглолт хийж л таарна. Яагаад гэвэл бид Чайковскийн төгөлдөр хуурын концертыг зөндөө тоглож байлаа, оркестртой ч тоглож байлаа, хийлийн концертыг нь ч тоглож байлаа гэхчлэн. Бараг бүх тэнхим өөрсдийн концертоо хийдэг.

Ирэх ням гаригт болох бэсрэг дуурь дээр танай симфони оркестр бүтнээрээ сууна биз дээ?

-Тэгнэ. Арав, арваннэг­дүгээр анги, дээд сургуулийн бүх курсийнхэн бүгдээрээ сууна.

Чулуун гуайн нэрэмжит залуу хөгжимчдийн урал­даан энэ жил болох уу?

-Улсаас зохион байгуулдаг залуу хөгжимчдийг дэмждэг ганц уралдаан энэ шүү дээ. Улс хийнэ гэвэл ирэх арваннэгдүгээр сард хийж магадгүй. Энэ нь улсын мэдэлд байдаг, “Чулуун сан” зөвхөн хамтарч оролцдог юм.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Хорь буриад зон

Этнографийн дурсамжууд)

Баавай ижийнүүдийнхээ байгуулж босгосон гавьяат үйлсийг үргэлжүүлж, Баян-Дадал нутгийнхаа ногоон хүрмэн ой, Агац-Балж-Ононгийнхоо номин хөрсөнд үндэстэй бүхнийг ургуулж үхэр малаа өсгөн өрөм зөөхэй дэлгэн, өргөн түмнээ дайлж байгаа нутгийн зон олондоо, аз жаргал, амжилтын дээдийг ерөөж сэтгэлийн хадаг өргөнөм. Ардчилллын хаалга нээгдсэн 1990-ээд оноос хойш, үг унасан худал хуурмагт бүдрэлгүй үр бүтээлтэй ажиллаж, анх санаачилсан “Алтаргана” наадмаа 2014 онд Монгол түмнийхээ нэгэн адил амжилтаар угтаж, үдэж, дэлхийн Монгол туургатан ахан дүүсээ урьж 20 дахь жилдээ зохион байгуулсан Дадалчуудын маань алдар Тэмүүжин Чингисийнхээ тоонот нутаг Дэлүүн Болдогтойгоо тэнгэрээр дуурсан, тивээс тивд, сонин сэтгүүл интернэт, компьютер гэдэг цахим тархиар дамжин түглээ. Ажилсаг удамтай буриад хүвүүн ганцхан намар 700 тонн өвс хадан авч улсдаа тэргүүлж, саальчин басагад шар тарлан сементаль үүлдрийн үнээдээсээ жилд дунджаар 8 сая литр сүү сааж 800 мянган тонн цөцгий 500 мянган тонн тос боловсруулж гаргасан амжилтаа 2015 онд ахиулах найдвар дүүрэн байгаа гэдэгт итгэнэм… Би нутгаа боддог нутаг амьтай баавай нарын нэгээ. Наяын даваанд дөрөөлж явнам.

…Алагхан чулуутай

Агацын минь

Алтан хараацай миний болохоор

Адилхан энд амьдардаг

Араатан чоно нь ч манайх

Боргилон урсдаг

Балжийн минь

Борхон болжмор миний болохоор

Бойтог гуталтай буриадууд

Боольхой ч гэсэн манайх

Тодхон цэнхэр

Ононгийн минь

Тоотой бүхэн миний болохоор

Торгон дээлтэй басгадууд нь

Тоостой ч явсан манайх… гэж томоогүй танхай насандаа шүлэглэн дуулаад “голова болит” гэж хочлогдож байсан утга зохиол хянах газар гэгчид хураалгаж явсан гашуун үнэний түүх надад бий. Хан Хэнтий Дадал сум Дэлүүн Болдог гэдэг үгэнд Монгол түмний дээд өвөг Тэмүүжин Чингисийн сүр сүлд, хүч чадал тодорч байдаг гэж бодном. Дэлүүн Болдог тойрсон гурван цэнхэр нууранд цагаахан хунгууд зунжингаа зугаалан, зарим нь би энэ нуурын зэгсэн дунд дун цагаан өндөг болон төрж үржиж, бойжсон билээ гэх шиг ганганан дуулахыг сонссон ангир, урт халбагар хошуугаараа шар улаан орхимжоо ярж, цээжээ маажиж суух шиг харагддагсан… Баян-Дадал сумын бага сургуульд баавай намайг хөтөлж аваачин оруулахад Амгалан багш А үсэг дагуулаад азаргатай адуу гэлтэй 35 үсэг ар араас нь цувуулан самбар дээр жирийлгэж, алсын моринд мордуулсан шиг эрдмийн замд хөтөлсөн юм. Баавайн барьсан дүнзэн байшингийн дээвэр доохнуур, алт гэмээр шаргал улаахан өвчүүтэй алтан хараацайнууд үүрээ засаж өндөглөн дэгдээхэй болгон өсгөж дэлхийд нисгэдэг. Ижийн саадаг үнээдийн хашаа саравчин дээхнүүр, баавай ахай нарын нуруулдаад хашсан хашааны модон шургааг дээгүүр борвилоонууд (бор шувууд) жирийлдэн сууж, сурагч багачууд бидний тоглож наадахыг харж их театрын үзэгчид алга ташицгаах шиг жийг, жууг гэлцэн жиргэн дуулж, жаахан далавчаа дэрвэлзүүлдэгсэн. Унаган бага насанд маань багшаас эхлээд баавай ижийнүүд маань байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах эрдмийг эн тэнцүүхэн зааж, мойл жимсийг агаарт дүүлэн тэмүүлж ургуулсан моддын салаа мөчир, шинээс нь аяархан барьж мултлан авч идвэл амттай байдаг юм. Жигүүртэн шувуудын үүрийг өлгийтэй жаахан дүү нарынхаа өлгий шиг санаж, өндгөнд нь сүүдрээ ч тусгаж болохгүй гэж сургамжилдаг байлаа. Энэ сургааль үе дамжин үргэлжилсээр байна.

Өвгөн сэтгүүлч миний өгүүлээд байгаа Дадал сум 1925 онд Хан Хэнтий Бурхан Халдуны хормой дэрлэн хойморт нь байгуулагдаж, анхны галаа асаасан түүхтэй. Далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрт орших энэ нутгийн хорь буриадын үрс, ёс журмаа дээдлэн ёохор бүжгээ хатиралдаж амар тайван аж төрж сууна. Дэлхий дээр 20 гаруй Монгол угсаатан байдаг. Үүнээс зургаан сая хүн бидний ярилцдаг Монгол хэлээр харилцдаг гэсэн судалгаа гарчээ. Тэмүүжин Чингисийн төрсөн нутаг Дадал сумын хүн амын 90 гаруй хувийг хорь буриадууд эзэлдэг Бүрэн Эрхт Монгол улсад 50.000 гаруй буриад зон байдгийн ихэнх нь Хэнтий аймгийн Баян-Дадал, Биндэр, Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Ханх, Цагаан-Үүрт тархан суурьшдаг ажээ. Миний тоонот нутгийн хорь буриад айлын уяанд хоёр чихийг нь ижилсүүлэн хурцалсан гэмээр шовх, хүзүү нь цэн тогорууны хүзүүрхүү урт, мундаа сэрвээ нь мундаг өндөр, ташаан дээр нь аягатай айраг тавьсан ч асгарч цалгихааргүй уужим том, тоомсог гэмээр морьд мөнгөн эмээлтэй, толгой хаялан зогсож эмээлийн урд бүүргэнд нь үйсэн бүрээстэй хул шаргал ташуур, эздийнхээ бэл бэнчин илтгэх шиг тодорч харагдана. Урт дүнзэн байшингаас уужим буриад нутгийн аялгатай уянга дуун цуурайтаж буриад, буриад гэх шиг буурал хөвч цэнхэртэн байдаг юм. … Хойт хориос ирсэн, хорь буриад! Оросоос ирсэн орон “нутаггүй” оргодлууд? гэгдэж хуучин түүхийн шарласан хуудсанд бичигдэж явсан баавай нарын нэгэн миний баавай Дамбын Дашболхой байлаа. Хуудас цаас бузарлаж, будлиантай цагийн тоос шороо ухалгүй, үнэн түүхийн өчүүхэн хэсгээс өгүүллээ. Баян-Дадалын нутаг, Байгалийн тансаг диваажин, Агацын дэнжид Дашболхойн хоёрдугаар хүү болж анх намайг мэндлэхэд тосч авсан, торго шиг зөөлхөн тоонот нутаг Баян-Дадал сумын Сантхаан өндөр Агацын гол майхан хотонд манайх байлаа. Төрсөн тоонот нутаг минь энэ. Миний баавайн баавай Дамба гэдэг өвгөний олонд алдаршсан нэр нь Ольооно гэгддэг байсныг ой ухаан орсон цагаасаа би мэддэг болсон юм. Тэр үед миний хөгшин баавай надад Ооли гэдэг нэр өгснийг… Боргио Балжаар цуутай Болхойн Дагва гэж “цоллуулж” явсан авга ах минь хэлж билээ.

Миний баавай, ахайнууд:

…Мөнгөтэй эмээлийн чимэг

Хул зандан ташууртай

Мөнгөн хэт нь товойсон

Хурц “магардаан” хутгатай

Хатан ёохорын дуулиант

Хорь буриадын үрс байлаа… Тийм ээ! Түүхэн үнэнийг бичиглэгч би жаахан “хадуураад” баавайг, ижийнхээ өмссөн зүүснээс өнгөцхөн зураглая.

-Миний баавай

Хурганы арьсаар хийсэн

Хун цагаан малгайтай

Шилүүс, чонын арьсан

Содон энгэртэй, дээлтэй

Гунын шөрмөсөөр шагласан

Гурын хүзүүн бойтогтой

Дадал-Баянаар нутагтай

Дамбын Дашболхой байлаа.

-Миний ижий

Хэмжээ нь сайхан таарсан

Хээтэй торгон уужтай

Хэвийн юм шиг тохирсон

Халиун, залаат малгайтай

Чухал үнэний төлөө

Шулуун шударга зантай

Чин санаа ариухан

Чимидийн Рэгзмаа явлаа…

Тийм ээ! Баавай ижийн минь өлгий Баян-Дадал сум, буриад зоноороо бахарханам.

Манай нутгийн басагад, хүвүүд ачтан буурал ижий нараа “амьд бурхад” гэж хүндэтгэн хүндэлдэг. Өглөө үүрээр босч үнээдээ саахаар ижийнүүдийн гарахад гаршуулж нутагшуулсан сементаль үүлдэрийн шар тарлан үнээд нь улаан лууван гэлтэй урт сайхан хөхнөөсөө сүү дуслуулан угтдаг юм. Басгадаа дагуулан сургаж, үнээдээ саасан ижийнүүд сүүгээ машиндаж цөцгий зөөхий гарган цагаан тос болгон борвио бохисхийхгүй ажилласаар малынхаа хашаа хороо цэвэрлэн байшингийнхаа залгаа барьсан сарай саравчиндаа орж, аарцаа шүүн бүрхээрээ тавьж тогоогоо нэрнэ. Баавай нарын балгадаг бүлээхэн нэрмэлийн охь гарган шилэн домбонд хийж доохнуур нууцгай газар хадгалж, зоорьлоно. Ингэж ажлаа амжуулдаг ижийнүүдийн ажилсагт атаархмаар… Миний эрвээхэй багахан насандаа анх харж эрхэлсэн элгэн садан буриад зон, ахан дүүс, ахуй нутаг минь энэ минийх. Дамбын Дашболхой, Дадал-Баяндаа зартай хурдан адуу морьдтой байлаа. Баян “тарганаа” дуудуулж баалуулдаг байсныг тэр үеийн тэнхлүүн өвгөд хөгшид мэднээ! Аавын адууны удам, адтай хурдан морьд, азаар надад заяасан юм. Тиймээс би энэ тухайд омогшин бичиж, дуулахыг хүсдэг билээ!

…Баян-Дадал-Хэнтийгээсээ

Бойтог гуталтай мордсон би

Богдын хүрээ – Улаанбаатарт

Буриад гэж “цоллуулав”

Монгол түмний дуу хоолой

Монголын радиод ажилласаар

Даяар олны наадамд

Даагаа түрүүлгэж “даналзав” гэхчлэн бичнээ…

Би буриад!

Цуутай Чингис өвгийн цусан ургийн үргэлжлэл миний баавай буриад!… Баян-Дадалын буриад. Өвгөн буурал баавай, ижий минь үе удмаа дамжин, эдийн дээд хадгаа идээнийхээ дээж сүү, цайгаа өргөн, шүтэн биширсээр ирсэн Сантхаан өндөр хайрхан миний сэтгэл зүрхэнд мөнхрөн торойж тодорсоор байна. Би тавхан настайдаа “тэнгэрт- гарсан гэж наян насны даваан дээр гартлаа одоо ч гэсэн бодсоор явнам. Номхон алаг мориндоо, хөгшин баавайтайгаа сундалдаж Сантхааныхаа овоонд гарч харахад зуслангийн маань улаан дүнзэн байшин тэртээ доор шүдэнзний хайрцаг шиг жаахан харагдаж, Жараахай жаргаадаг Агацын гол минь цэнхэртээд алтан хараацай хормой доохнуур жиргэлдэж, шуугийн баясан байж билээ. Жил жилийн хавар яргуй түрүүлэн дэлгэрч, Хангай хөвчийн “тахиа” гэж өвгөдийн ярьдаг хур шувуудын наадам Сантхаан өндрийн ар өврөөр эхэлдэг юм. Намар болоод ирэхэд буга урамдаж лимбийн эгшиг шиг дуун цуурайтаж ар тайга алтан дээлээ өмсдөг. Баян-Дадалын уулсаар 24 салаа эвэртэй буга дүүрэн байдаг. Онон-Балж-Агацын голоор зуссан 2-3 метрийн урт том тул загас зун эргэж ирнээ гэх шиг сүрэглэн Номхон дөлгөөн далай зорих аяллаа эхэлдэг юм. Баавай нарын ярилцдаг үгэнд олон салаа эвэртэй онгон бугын дуудаж, дуулахыг сонсохоор ирсэн хүнд буга хэлжээ… -Чи миний дууг үнэхээр сонсохоор ирсэн бол зуу насална! Намайг агнаж, алахаар ирсэн бол миний эвэрийн насыг наслаж ганцхан жил наслаарай гэдэг юм шүү дээ гэж хэлдэг юм гэлцдэгсэн. Ингэж байгаль дэлхий ан амьтдаа хайрлан хамгаалж, залуустаа зөвлөдөг дурсамж домог яриад Баян-Далалын баавай нар зохиодог байлаа. -Баян-Дадал сумын ард зон, баавай ижийнүүдийн шүтээн нэг ёсны диваажин болсон Сантхаан өндрийн дээгүүр цагаахан хунгууд эргэлдэн нисэж дууладан байсан 2014 оны 7-р сард сумын төвд Дэлүүн Болдогийн дэнжид хун шувууд шиг “хүн шувууд” ёохор хатиралдан дуулалдаж байсан цаг сэтгэлд ургаж байна… Буриадууд хун шувуун гарвалтайв гэж ярьдаг аль эрт галавын тотемтэй ястан үндэстэн билээ. Баян-Дадал сумын хорь буриад зоны анх санаачилж эхлүүлсэн “Алтаргана” наадам 20 дахь жилээ Сантхааны өвөр Баян-Дадал суманд болсныг дэлхийн чих сонсож, таван тивийн улс гүрэн мэддэг болжээ… Дадал сум дэлхийд тодорч торойсоор байна. Айдаа миний алдрайхан насан алтан өлгий Сантхаан! …Сантхаан хайрхан Баян-Дадалын буриад зон бүрийн шүтэж биширдэг уул юм. 1923 онд хуралдсан Буриад-Монголын хурлын газраас Олон голын буриад хошууг анх үүсгэн, 1924 онд хошууны төвийг Дадал сумын Чулуут булаг гэдэг газар Матвей гэдэг орос наймаачны байшинд 1925 онд 2044 буриад хүнтэй 39137 малтай байгуулж даргаар нь Д.Дунгаржидыг томилсон тухай түүхэнд бичигдэхээс өмнө Дадал сумын араар урсдаг Балж голын хойно Агацын голд Сантхаан уулын өвөрт “Сантхаан” сум байгуулж байсан баримт байдаг… Уулс, уулсаа харж урьдын түүхээ ярилцдаг биз гэж бодогдохоор. Тэмүүжин Чингисийн төрсөн Дэлүүн Болдогоос зүүн хойшоо харахад Сантхаан! цэнхэр уулсын дундаас сүндэрлэн харагддаг юм. Энэ хайрханы хормойд эзэн Чингисийн эр хоёр загал төрсөн гэсэн домог яриа одоог хүртэл яригдсаар байдгийг судлууштай. Манай түүхийн тулгуур бичиг Монголын нууц товчоонд гардаг уул, ус, далан Балжууд, Найман шарга морьдын унаган цагаасаа ууж байсан ус, унгалдан тоглож байсан дов толгод гээд дэлхийд зартай Онон мөрөн орчлон хорвоогийн тоосыг арчин энд урссаар байна. Цадиг түүхэнд мөнхөрсөн Сантхаан өндрийн хормой дэрлэн мөнх ногоон модтой уулс, мөргөлчид гэлтэй ар араасаа цувран, энэ хайрханы зулайг илбэж байна уу гэлтэй замбуулингийн салхи оргилоор нь эргэдэг. Бүжиглэж явсан насандаа би тэргэл сартай намуухан шөнө тэрлэгээ нөмрөөд Сантхааныхаа нөмөрт унтаж явлаа. Хуучны ном сударт урьдынхаа эс танивал хойчийг үл ойлгомуу гэсэн үгс дурайж байдаг. Хорь буриад түмний өвөг Баргабаатар Бөртэ Чонын хүү юм. Баргабаатарын отгон хүү Хорьд, Байгаль далайгаар нутаглаж байсан гэдгийг түүх судлаачид нотлож 25 сая жилийн түүхтэй 636 км урт, 1637 метр гүн дэлхийн давсгүй цэвэр усны 22 хувийг эзэлдэг Байгаль далайг хорь буриадын өлгий тоонот нутаг гэдэг. Монголын нууц товчоонд Хорь түмэдийн зарим хэсэг 10-р зууны үед Бурхан Халдунд нутаглахаар ирсэн тухай өгүүлдэг гээд түүхэн баримт хөөгөөд байвал түүх гүйцэгдэхгүй, түүх түүхийдэхгүй нь үнэн билээ. Настан буурлууд дурсамжаа баян, насан багачууд мөрөөдлөөр баян гэсэн үг буй. Аав хүү хоёрын хөлсний үнэр ялгахын аргагүй ижилхэн гэж манай баавай ярьдагсан. Үр ач нараа өсгөж, өвгөдөө үргэлжлүүлж яваа Баян-Дадал сумын хорь буриад ахан дүүс минь үнэнийг баталгаажуулж, үнэнгээр хөдөлмөрлөн 90 жилийнхээ ойг амжилтаар угтана гэдэгт эргэлзэх зүйлгүй бат итгэнэм. Баян-Дадалын залуустаа баавай ижийнүүд шигээ бардамхан алхацгааж, холыг харж хорвоог туулъя гэж уриалнам. Би Баян сумнаасаа бойтог гуталтай Дадалаасаа даалимбан дээлтэй гарч он цаг гэдэг хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан давхисаар наян насны даваа давахаар дөхөж явна. “А” үсэг заалгасан багш аав ээж, ард түмнийхээ дэмжлэгээр Алтан Москва үзэж Америк, Канадаар зугаацаж Бээжин Солонгосоор аяллаа. Буриад удмаа дагаад урагшилцгаая гэж үе тэнгийнхнээ ч уриалъя. Унаган нутагтаа уулс болж мөнхөрсөн баавай ахайнууд, ус мөрөн болж мэлмэрсэн шиг ижий, эгчнүүд Баян-Дадалдаа Сантхаан, Баян-овоо цэнхэрхэн Агац сэрүүхэн Балж-Онон маань билээ. Ум сайн амгалан орштугай.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч,

яруу найрагч Дашболхойн ДАМБАДАРЖАА