Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Энэ татварт найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс л чирэгдэнэ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Та нийслэлийн татварыг ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаа юм бэ?

-Аливаа зүйлийг буруу цаг үед буруу аргаар оруулж ирж болохгүй ээ. Өнөөдөр эдийн засгийн хүндрэл их байна. Бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогсчихлоо.Бизнесийн орчны шинэчлэл олигтой хийгдсэнгүй. Татварын бодит дарамт өндөр байна. Гэтэл татварын реформ олигтой хийгдсэнгүй.Ийм үед шинэ татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй биз дээ. Мэдээж Улаанбаатар хотыг цэцэглэн хөгжүүлэх нь чухал байлгүй яахав. Үүний тулд татвар нэмэх нэг гарц байж болно. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг тухай хангалттай хэлж байгаа.Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд татвар нэмэх цаг нь биш. Харин хэмнэлт хийдэг үе ирчихээд байна.

Монгол Улс даяар хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Шилжих тухай ч ярьж байна. Тиймээс Улаанбаатар хот хэмнэлтийн горимд шилжих ёстой. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх том том амбицтай төслүүд бий л дээ.Гэхдээ бид тэвчих ёстой, хэмнэх хэрэгтэй байна.УИХ-аас Улаанбаатар хотыг хэмнэлтийн горимд шилжүүлье гэдэг зүйлийг ярьсан.Засаг даргынх нь зургаан орлогчийг цөөрүүлье гэсэн. Гэтэл болоогүй. Яг үнэндээ нийслэл хот улсынхаа төсвийг бодох ёстой. Улаанбаатар хот, улсын төсөв хоёр тусдаа явдаг юм биш шүү дээ. Улсын төсөв дутаад байгаа орлого, хөрөнгө оруулалтыг зардал хэмнэж л нөхөөс өөр арга бидэнд алга.Үгүй болшинээр татвар нэмээд явбал зарчмын болоод бодлогын хувь алсыг хараагүй буруу шийдвэр болно л доо. Ийм л зүйлийг Засгийн газар оруулаад ирлээ. Ерөнхий сайд нь татвар нэмэхгүй гэж хэлчихээд байхад нь ийм зүйл оруулаад ирж болохгүй. Тийм учраас гишүүд шүүмжлэлтэй хандсан. Эцэс нь ажлын хэсэг санаа буцааж авч байна.

-Бага хэмжээний татвар учраас иргэдэд дарамт болохгүй гэж нөгөө талдаа үзээд байх шиг байна лээ…

-Их, бага нь огт хамаагүй. Хувь хэмжээ нь бага ч гэлээ үр нөлөө нь их байдаг юм. Ядаж л инфляцид нөлөөлнө.Бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад тэнгэрт хадна. Одоо үйлчлүүлэгчгүй болчихсон байгаа ресторанууд энэ нэг хувийн татварын нөлөөгөөр дампуурна. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр архи, тамхины татварыг мөн л нэмлээ гэж үзье. Үр нөлөө нь ард иргэдийн нуруун дээр бууна. Үүнийг нь ярихаар муу сайн архи, тамхины лоббичин гишүүд эрх ашгаа хамгааллаа гэж ад үздэг. Үнэндээ тэгээд байгаа юм биш, асуудлыг эдийн засгийнх нь талаас авч үзээд, эерэг сөрөг талыг нь тооцох ёстой л доо. Энэ татварын хөлд жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс чирэгдэнэ.Дагаад иргэдийн халаасан дахь мөнгө бүр ч үнэ цэнгүй болно шүү дээ. Үүнийг л бодох хэрэгтэй. Ер нь эдийн засаг, төсөв, валютын урсгал сайжирсан үед бага зэргийн татвар нэмж болно шүү дээ.

-Эдийн засаг хэзээ сайжрах юм бэ?

-Таван толгой, Оюу толгой гэж яриад байвал сайжрахгүй ээ. Тэр олон толгойнуудыг орхичихоод жижиг, дунд бизнес эрхлэгч, бөөний худалдаа, эрхлэгчид,барилга, хөдөө аж ахуйн салбаруудаа дэмжих хэрэгтэй. Хөдөлмөрийнбагтаамж ихтэй, хүн амын дийлэнх нь үр өгөөжийг нь мэдэрдэг энэ салбаруудаа тэргүүн ээлжинд анхаарч, идэвхжлийг нь сайжруулж, татварын реформ хийх тухай бодох ёстой. Тэгвэл элгээрээ хэвтчихсэн эдийн засаг сэргэх хандлага руу орж,амьдрал нь улам хэцүүдээд байгаа ард түмэн өндийж магадгүй. Түүнээс биш хоёр толгой тойрч хэрэлдээд суувал сайны ирээдүй хол байна шүү.

-Татварын ямар реформ хийх хэрэгтэй гэж?

-Ерөөсөө татвар нэмж болохгүй. Татварын ерөнхий хуулиас авахуулаад Нэмэгдсэн өртгийн албан татварын босго хэмжээ, хоёр хувийг нь буцааж олгох зэрэг асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Лицензийн хууль, Хяналтын тухай хуул, Эдийн засгийн өршөөл, ил тод байдлын тухай хуулиа бушуу батал. Энэ бүхэн гацаад байгаа учраас эдийн засаг сайжрахгүй байна.Эдгээр хуулийн төслүүдийг баталчихвал болно шүү дээ.

-Гэхдээ л Таван толгойманай улсын эдийн засгийг аврах гарц гэж ярьсаар байна…

-Таван толгойгоос өөр юм байдаггүй юм уу. Миний түрүүнд хэлсэн гарцууд байна.

-Гэхдээ улс мөнгөгүй болохоор тэр саналууд хэрэгжихэд хэцүү байгаа юм биш үү?

-Мөнгөгүй ч гэлээорчныг нь хөнгөвчлөх ажлуудыг хийгээд өгөх хэрэгтэй. Татварын хөнгөлөлт үзүүл, бизнесийн орчныг сайжруул, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмж.Нөхцөлийг нь сайжруулаад, дарамт шахалтаа бууруулаад дэмжээд өгөхөд л явчихна шүү дээ. Гэх мэтчилэнгээр эдийн засгийг сайжруулах боломж байна.

-Энэ боломжийголж харахгүй байгаа юм уу эсвэл Засгийн газар хийхийг хүсэхгүй байгаа юм уу. Асуудал нь хаанаа байгаа юм бэ?

-УИХ л удаан байна. Гол гацаа энд л байна.

-Ер нь Таван толгойн хувьд таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний байр суурь тодорхой байгаа. Нэгдүгээрт төрТаван толгойгоос алтан хувьцаа эзэмших ёстой. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэдэг дээр “Төрийн өмчит компаниуд нүүрс, зэс ухах биш ерөнхий гэрээлэгчээр ажиллана” гэдэг цоо шинэ зарчмыг суулгаад өгчихсөн юм. Тэгэхээр төрийн үүрэг тодорхой байгаа биз.Хоёрдугаарт Компанийн тухай хуульдалтан хувьцаа эзэмших боломж харагдаж байгаа. Тэгээхэр төр “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компаниараа дамжуулаад уул уурхайн салбар дахь төрийн бодлого стратеги хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хянахын тулд хориг тавих эрхтэй. Нэг ширхэг алтан хувьцаа эзэмшихэд л хангалттай. Дараа нь “Эрдэнэс таван толгой” компаниТөрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод заасны дагуу ерөнхий гэрээлэгч болно. Операторууд нь хэн байх юм гэдэг нь тодорхой болох ёстой. Монголын үндэсний компаниуд консерциум байгуулж болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын консерциум байж болно. “Эрдэнэс Таван толгой” ерөнхий гэрээлэгчийн хувьдтэдэнтэй гэрээ хийнэ гэсэн үг.

Дараа нь Таван толгойн арван хувийг эзэмшиж байгаа компаниуд бий. Тэд бол энгийн хувьцаа эзэмшигчид. Яах гэж Таван толгойгоос хувьцаа худалдаж авсан бэ гэвэл ордыг ашиглалтад ороод эдийн засгийн эргэлтэд орсон тохиолдолдүр шим хүртэхийн тулд шүү дээ. Тиймээс тэр компаниудад боломж олгохын тулд туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тэргүүн ээлжинд орох эрхийг нь өгөх ёстой.Дараа нь хувьцааны асуудал байна.

-1072 хувьцааны асуудал…

-1072 хувьцаа бол давуу эрхтэй.Тиймээс та бид Таван толгойн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр двидент хүлээгээд сууж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл саналын эрхгүй. Үндсэн хуульд УИХ нь ард түмнийг элч байна гээд заагаад өгчихсөн биз дээ. Тиймээс ард түмэн саналаа УИХ-аар дамжуулаад өгчихсөн. Ард түмний элч хуралдаад асуудлыг шийднэ.Таван толгой ашиглалтад ороод тодорхой хэмжээнд боломж үүсэнгүүт ард түмэн хувьцааныхаа ашгийг хүртэх боломжтой. Тэрнээс наана худлаа шүү дээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаагүй байгаа тохиолдолд хувьцааны үнэлгээ тодорхойгүй.Үнэндээ 39 дүгээр тогтоолоор урьдчилаад тоон үнэлгээ гаргасан нь алдаа гэж боддог. За Таван толгойн асуудлыг ингээд л шийдчихэж болно шүү дээ.

-Ийм амархан юм бол бушуухан шийдчихэж яагаад болдоггүй юм бол. Одоо яригдаж байгаа гэрээний төсөл нь ямар ч ашиггүй болчихсон л гэх юм…

-Мэдэхгүй юм. Таван толгойн гэрээний гол зарчим ийм байх ёстой гэдгийг л би хэллээ. Хэн нь гэрээлэгч, хэн нь оператор, хэн нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигч, хэн нь энгийн хувьцаа эзэшигч юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь төрюу хийх юм гэдгээ тодорхой болгочих. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэдгийг хамгийн сүүлд баталсан. Үүнийгээ ягштал бариад явчихад л болохгүй юм байхгүй шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанхуяг: Сонин дээр гарсан нийтлэлийг дагаж дэлхийн улс төр бужигнадаг биз дээ

“Оргил өөд” клубийн тэргүүн Х.Алтанхуяг Монголын хөрөнгийн биржийн дэд захирлаар ажиллаж байсан. Тэрээр цахим сүлжээ хүмүүсийн сэтгэх чадварыг бууруул­даг гэж үздэг, цахим ертөн­цөд @altankhuyag_kh нэрээр жиргэдэг юм.

-Саяхан цахим ертөнцийн тухай томоохон чуулган боллоо. Та идэвхтэй жиргээ­чийн хувьд юу ажиглав?

-Хүний нийгмийн хөгжил хурдасч байгаагийн нэг жишээ бол сошиал (нийгмийн цахим сүлжээ) ертөнц. Өнөөгийн нийгмийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ ертөнцөд орон зай, үзэл бодол, хэл соёлоос үл хамааран хэн ч нэвтрэх эрхтэй. Бас хязгааргүй илэрхийлэх боломжтой. Урьд өмнө нийгмийн нэг гишүүн ийм том эрх хэзээ ч эдэлж байгаагүй. Үүгээрээ хүний үзэл бодлыг хил хязгааргүй илэрхийлэх боломж олгосон маш сайн зүйл.

-Нэр, зүсээ нуучихаад хүн доромжлох нь эрхээ эдэлж байгаа хэлбэр үү?

-Аливаа юм сайн, муу талтай байдаг. Ихэнх тохиолдолд сайн тал нь л үлддэг. Нэр, нүүрээ нууна гэдэг нь орчноосоо шалтгаалдаг байх. Шүүмжилсний төлөө барьж, хориод байвал олон хүн нуухаас өөр аргагүй. Бас шударга бус үйлдэл л нуугдмал байдаг байх. Гэхдээ сая болсончуулганы үеэр иймэрхүү зүйлийг засах боломж харагдсан.

-Сонин сэтгүүл цахим ертөнцөд дарагдаж байна гэсэн яриа байдаг.

-Би тэгж боддоггүй. Анх телевиз үүсч байхад, удахгүй театр устана гэсэн сэтгэлгээ үүссэн гэж ярьдаг. Гэтэл 100 жил өнгөрсөн ч театр байж л байна. Байхаар барахгүй улам л үнэ орж байна. Хүмүүс сонгодог урлагийг театрт үзэх сонирхол нэмэгдэж байна. Цахим ертөнц хамрах хүнийхээ тоогоор их ч чанар, хариуцлагын хувьд хэвлэлийг хэзээ ч гүйцэхгүй. Өнөөдөр хүмүүс Шекспирийн жүжгийг амьдаар нь үзэхийг тэмүүлж байна. Дэлхийн том сонинууд улам л хүчээ авч байна. Нийгмийг шуугиулсан хамгийн том мэдээллийг сонинууд л цацаж байна. Сонин дээр гарсан нийтлэлийг дагаж дэлхийн улс төр бужигнадаг биз дээ. Түүнээс тэр нөхөр, тэгж жиргэсэн байна гээд АНУ-ын Ерөнхийлөгч цэрэг илгээдэггүй биз дээ. Телевиз театртай, сонин цахим ертөнцтэй зэрэгцээд хөгжиж байна. Магадгүй энэ нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, мэдээллийг улам чанаржуулж байгаа байх.

-Сонин тэгвэл чухал байр суурьтай хэвээрээ байх нь ээ?

-Хэвээрээ. Сошиалд хүн бүр мэдээлэгч байх боломжтой. Харин хариуцлага хүлээхгүй. Харин сонин бол хариуцлага хүлээнэ. Тэр утгаараа тэнд мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг. Сошиалын мэдээлэл ямар ч үнэгүй. Гэтэл сонины мэдээллийг хүмүүс мөнгө төлж авдаг. Энэ нь мэдээллийг үнэлж байгаа хэрэг. Тэр хүн өөртөө хэрэгтэй бодит мэдээллийг худалдаж авч байгаа гэсэн үг. Сошиалд хэн нэгнийг элдвээр хэлчихээд, түүнийгээ устгачихаж болно. Сонин бол хэдэн үеийн баримт болж үлдэнэ. Хожим хариуцлага хүлээх, гэмших, ичих зүйлгүйгээр сонинд мэдээлэл тавигдана. Энэ нь өөрөө хариуцлага хүлээх хэлбэр. Энэ хариуцлага нь бодит мэдээлэл биз дээ. Сонины үнэ цэн үүнд л байдаг байх.

-Сошиал муу эд үү?

-Би өөрөө тэдний нэг нь шүү дээ. Ерөөсөө муу юм биш. Ямар ч хүнийг сэтгэлгээг хязгаарлахгүй сайн талтай. Нийгэмшиж чадахгүй ганцаардмал сэтгэхүйг тодорхой хэмжээнд нийгэмд оруулаад л ирнэ. Бүрэг ичимхий нийтэд үгээ хэлж чаддаггүй хүн байдаг. Гэртээ сууж байгаад дэлхий даяар үгээ цацна гэдэг бол гайхамшиг. Буруу, зөрүү ч мэдээллийн хурд маш өндөр. Саяхан нэг орон сууцанд гал гарахад олон хүмүүс сошиалаар мэдэж гэртээ очсон байдаг.

-Хүмүүсийн ном сонин унших нь буураад байгаа юм шиг санагддаг.

-Би тэгж бодохгүй байгаа. Жишээлбэл, бидний багад ийм олон номын дэлгүүр байгаагүй. Номын тоо, төрөл цөөн байсан гэж ярьдаг. Хэрэв хүмүүс ном, сонинг сонирхохгүй байгаа бол хэн ч энэ бизнес рүү орохгүй. Ийм олон номын дэлгүүр, сонин байна гэдэг чинь зах зээл их байна гэсэн үг. Ном, сонинг цахимаар унших боломж бий. Түвэг багатай, хямдаар уншиж болно. Гэтэл шинээр сонин үүсч, номын худалдаа өргөжөөд л байна. Мэдээлэл түгээнэ гэдэг чинь урлаг болчихсон. Бодит, шуурхайгаас гадна товч, тодорхой, ойлгомжтой, баримттай гээд олон өндөр шалгуурыг давж байж сэтгүүл зүйн түвшинд хүрнэ. Мэргэжлийн сэтгүүлчид л үүнийг хийж чаддаг.

-Манайд хэвлэлийг ад үзэх үзэгдэл газар аваад байх шиг?

-Сошиалаар тийм юм харагддаг. Гэхдээ хэд нь буруутгаад хэд нь зөвтгөөд байгаа гэсэн тоо байхгүй шүү дээ. Нийгмээрээ буруутгаад байгаа бол сонин, телевиз үүдээ барина биз дээ. Гэтэл улам л олшроод байгаа биз дээ. Харин сонины менежментийг сайжруулах хэрэгтэй санагддаг.

-Яаж?

-Сонинууд өөрийн гэсэн захиалагчтай байдаг. Би нарийн, ширийнийг мэдэхгүй. Гэхдээ ажиглаж байхад “Цензургүй яриа” нэвтрүүлэг хэнээс ярилцлага авах вэ, юу асуух вэ гээд сошиалаар асуучихаж байгаа юм. Тэгээд олны хүний хүсэлт ирсэн хүнээс ярилцлага авна. Тэгэхээр нөгөө ярилцлага нь амьд болоод ирнэ биз. Түүнтэй адилхан сониныхон бас сошиалийнхан ямар мэдээг илүү сонирхож байна гэдгийг тандаж болох юм. Зарим хүмүүс сошиалынхныг мэдээллийн боол болчихоод байна гэж үздэг. Би санал нийлдэг.

-Юу гэсэн үг вэ?

-Зөвхөн тухайн ертөнцдөө авсан мэдээллээ эцсийн үнэн гэж үзэх хандлагыг хэлж байгаа юм. Тэнд хүмүүс сэтгэдэг зүйлээ бичиж байгаа гэдгийг мартах хандлагатай болдог. Өөрөө ч түүнд нэвчдэг. Хэн нэг нь худлаа бичиж байна уу, үнэн бичиж байна уу гэдгийг тунгаахаас өмнө цааш нь цацаж орхидог. Таалагдсан, эсвэл өөрийнх үзэлтэй төстэй бол хэн ч, юу ч жиргэсэн түгээж л орхино. Гэтэл зарим үзэн ядсан эсвэл зулгуйдсан мэдээний цаана хувь хүний амьдрал, бүхэл бүтэн хамт олны ажил сүйрч болно гэдгийг анзаардаггүй. Өөр эх сурвалжийг сонирхохгүй болохоор түүнийгээ эхний ээлжинд үнэн гэж итгэнэ. Сүүлдээ донтоод итгэл үнэмшил болж хувирна. Энэ чинь аюултай биз дээ. Зүй нь хүн мэдээлэл аваад үнэлж, цэгнээд боловсруулах хэрэгтэй. Дээр нь кинон дээрээс л хардаг байсан аймшгийг биет болгоод харуулж байна. Цус нөж болсон аймшгийн зургийг тэнд ийм юм боллоо гээд тавьчихаар өсвөр насныхан ердийн үзэгдэл мэт хүлээгээд авна.

-Өндөр албан тушаалтай, хөрөнгөтэй бүх хүмүүс хулгайч гэж үздэг жиргээч байх шиг харагддаг.

-Надтай бол таараагүй. Нэр нүүрээрээ жиргэдэг жиргээчид бол үзэл бодолдоо тууштай санагддаг. Гэхдээ сошиалд удаан байх нь эрүүл мэнд, сэтгэлгээнд бол сөрөг нөлөөтэй шүү дээ.

-Ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ахмад үе маань багаасаа урт шүлэг цээжилж, том том роман, тууж уншдаг байсан. Тэр хэмжээгээрээ сэтгэдэг байсан. Том зохиолууд маш олон талын мэдээлэл өгдөг. Тэр нь цаашдаа мэдлэг болж хувирдаг юм байна. Би ч томоохон зохиол бүү хэл сонины олон нүүр уншихаас тээршааж эхэлж байна. Гэхдээ энэ байдлаасаа салахаар шийдсэн. Уншдаг зуршлаа сэргээнэ. Байнга 140 тэмдэгтээр харьцана гэдэг бол тийм жижиг хэмжээгээр сэтгэнэ гэсэн үг. Сэтгэх чадвар муудахаар нөгөө оюуны доройтол гэдэг юм болно биз дээ. Таныг сурагч байхад ангид чинь харааны шил зүүдэг хэдэн хүүхэд байсан бол.

-Ганц л байсан.

-Тэгвэл өнөөдөр нэг ангид хэд хэдэн хүүхэд байна. Энэ юунаас болж байгааг судалсан гэнэ. Хүүхдүүд багадаа зурагт ном, бодит тоглоом, хөдөлгөөнөөр цагаа өнгөрөөх ёстой. Гэтэл одоо багаасаа л компьютер, гар утсанд донтоод ном, тоглоом, хөдөлгөөнгүй торниж байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эхний ээлжинд хараа нь муудна. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид цахим ертөнцөөс болж стресст ордог. Хүний тархи зурагт үзэхэд ном уншсанаас хоёр дахин их ачаалал авдаг. Тэгвэл компьютерын ард суух телевизийн өмнө суухаас бүр илүү ачаалал тархинд өгдөг. Харин гар утсаар цахим сүлжээнд ороход тархины ачаалал асар их нэмэгддэг гэсэн судалгаа байна.

-Сошиал тархинд тийм их ачаалал өгөх үү?

-Далай шиг их мэдээлэл явж байна. Сайн, муу, үнэн, худал тэр бүхнийг ямар ч шүүлтгүйгээр тархиндаа чихээд байхаар ойлгох нь бүү хэл нүд эрээлжилнэ биз дээ. Хамгийн аюултай нь хүн тархи ачаалаад ядарч байгаагаа мэддэггүй нь.

-Энэ бүхнээс зайлсхийх арга байна уу?

-Эцэг эхчүүд хичээвэл болно. Харамсалтай нь тэд хориглогч биш, уриалагч болчихоод байгаа юм. Томчууд л цахим ертөнц рүү хүүхдээ татаад оруулчиж байна. Зарим тохиолдолд хүүхдүүд нь эцэг, эхээ сошлоос аврах санаачилга гаргаж байна. Саяхан нэг охин ээждээ “Ном унших нэг сарын аян өрнүүлье” гэж гуйсан гэсэн. Үүнийг манай клубийнхэн дэмжээд тийм аян өрнүүлэх ажил зохион байгуулахаар тохирсон.

-Цахим ертөнцийнхөнд ямар зөвлөлгөө өгөх вэ?

-Би зөвлөх хэмжээний хүн биш л дээ. Гэхдээ би алтан дунджийг барьж хэмжээ хязгаартай ордог болохоор шийдсэн.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Устаад дахин дэгдсэн “Улаанбурхан”-аар оюутнууд олноороо өвдөж байна

Сүүлийн үед залуусыг олноор нь хамарч байгааулаан бурхан өвчнийг сурвалжлахаар 12.00 цагт ХӨСҮТ дээр очлоо. Биднийг очиход ХӨСҮТ-ийн хүлээн авахын урд талд хувийн машинууддаа суусан хэд хэдэн хүн харагдав. Халдварт менингит, гахайн хавдар, салхин цэцэг өвчнийг хүлээн авдаг хаалган дээр хүнгүй байсан ч улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн олон залуусдараалан зогсож байв. Хүлээж байгаа хүмүүсийг харвал дандаа насанд хүрэгчид, тэр дундаа хорь гаруй насныхан жин дарж байна.Улаанбурханы сэжигтэй тохиолдолд үзлэг хийж буйэмч нартай уулзах гэж дугаарлаж зогсоо залуусын өмнүүр ороход дургүй байгаа нь илт. Эмч нар өвчтөнүүдээ үзээд завгүй байгаа гэсэн шалтгаанаар яриа өгсөнгүй.Үүдэнд ээлжээ хүлээж байгаа Э-ээс яагаад ирсэн талаар ньасуухад “Би ШУТИС-ийн оюутан. Хоёр хоногийн өмнө нүүрэн дээгүүр юм туураад байхаар нь өрхийнхөө эмнэлэгт үзүүлсэн чинь харшил гэж хэлсэн. Манай сургуульд ер нь улаанбурханы тархалт арай л дэндүү байгаа. Тэгээд л мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр гэж бодоод үзүүлэх гэж байна” гэлээ.

Улаанбурхан гэсэн хаалганы харалдаа машиндаа суун хүлээж байгааГ-тэй уулзлаа.“Тийм ээ. Цас ороод сэрүүхэн байгаа учраас гадаа зогсч болохгүй байна. Очероо захичихаад машиндаа сууж байна. Хэдэн өдөр халуураад бие муу дуудлага өгөөд түргэн ирээгүй. Зөндөө дуудсан ч ирдэггүй юм билээ.Өөрөө ирээд үзүүлэх гэхээр очер нь дийлдэхгүй хэцүү юм. Энэ төр засаг барьж байгаа хүмүүс, Эрүүл мэндийн яамныхан дулаахан байшиндаа юу ч хийхгүй юм. Энэ ХӨСҮТ дээр ирээд бодит амьдрал ямар байгааг хар л даа. Нэг хүн ороод бараг 30 минут болох юм.

Ядахдаа үзлэг хийлгэхдээ өмнө нь хэдэн цаг даарч зогсохооч мэдэхгүй байна. Өглөөнөөс хойш энд даараад оочерлож байгаа хүмүүс өчнөөн байна” гэж бухимдангуй ярилаа.

ӨДӨРТ “УЛААН БУРХАН”-Ы 200 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ БАЙГАА ГЭВ

Захиргаа руу нь орлоо. Захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирлын аль нь ч байсангүй. ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай уулзажулаанбурхан өвчний талаар зарим зүйлийг тодруулсан юм.

Улаанбурхан өвчний дэгдэлт энэ жил ингэж ихэссэн шалтгаан нь юу вэ?

-Улаан бурхан сүүлийн долоон жил манайд бүртгэгдээгүй. Хөрш орнуудад дэгдэлт өндөр байгаа учраас манай оронд дэгдлээ. Цагаан сарын үеэр халдвартай хүн ирснээр халдвар ихээр илэрч байна.

Улаанбурханаас хэдэн настай хүүхдүүд илүү өвдөж байна?

-Энэ жил улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдах болоогүй насны хүүхдүүд өвчилж байна. Ер нь улаанбурханы вакцинжуулалтыг есөн сартайд болон хоёр настайд хийдэг юм. Хүүхэд эхээс төрөхдөө өөрөө улаанбурханы дархлаажуулалттай төрдөг. Есөн сар хүртлээ эхийн сүүнээс дахлаажуулалтаа авдаг учраас есөн сартайд нь вакцинжуулалт хийдэг юм.

Насанд хүрсэн хүмүүс улаан бурханаар өвдөөд байгаагийн учир нь юундаа байна?

-Сүүлийн үед оюутан залуусын дунд халдвар их гарч байна. Ерөнхийдөө нэг сартайгаас 40 нас хүртэлх хүмүүс энэ өвчнийхалдвар авч байна.

Өдөрт улаан бурханы хэдэн тохиолдол бүртгэгдэж байгаа вэ?

-ХӨСҮТ-д өдөрт 200 орчим дуудлага ирж байгаагаас 60 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Вакцин хийнэ гэсэн сураг байсан. Хэзээнээс хийх вэ?

-Вакциныгтавдугаар сарын 15-25-ны хооронд зургаан сартайгаас таван настай бүх хүүхдүүдэд орон даяар хийнэ. 370 хүний дозтой улаан бурханы вакциныг Эрүүл мэндийн яамнаас шийдвэр гарган нийлүүлэх гэж байгаа.

Оюутан залуусын дунд их гарч байгаа юм байна.Тэдэнд вакцин хийхгүй юм уу?

-Иргэд өөрийнхөө биед анхаарал тавьдаггүй нь үүн дээр харагдаж байгаа. Вакцины хүрэлцээ муу байхад дархлаажуулалт хийчихсэн хүнийг дахин хамруулж үргүй зардал гаргамааргүй байна. Дархлаажуулалтад хамрагдсан уу гэсэн асуултад насанд хүрэгчид“мэдэхгүй” гэж хариулаад байна.

Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ?

-Өвчтэй хүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Нойргүйдэл, стресс, хоолны дутагдлаас сэргийлж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Улаанбурхан өвчний дэгдэлт гарснаас хойш хэдэн тохиолдол илэрчихээд байгаа бол?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 2974 хүн сэжигтэй тохиолдол илэрснээс 388 нь лабораториор батлагдчихаад байна.

Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Онцгой таван шинж тэмдэг илэрдэг. Толгой өвдөх, халуурах, нус гоожих, нүд улайх, тууралт зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тууралт эхлээд толгой, хүзүү, цээж, их бие, үе мөч зэргээр дамжиж гардаг.

Өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Амьсгал боогдох, хатгаа авах, бөглөрөх, суулгах, тархины эдийн гэмтэл, нүдний үрэвсэлт өвчнүүд болон ахмад настнуудын хувьд хууч архаг өвчин нь хөдөлж сэдэрнэ.

Улаанбурхан өвчин буурдаг сар гэж бий юу. Хэзээ багасах бол?

-Одоо улаанбурхан өвчний тархалт оргил үе дээрээ явж байгаа. Тавдугаар сард хийх вакцинд сайн хамрагдвал зургадугаар сард өвчний тархалт буурна гэж үзэж байна.

ЭМЯ-НД ОЮУТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛАХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ

Бид ХӨСҮТ-ээс гараад өвчний тархалт өндөр байгаа оюутны байруудаар орлоо. МУИС-ийн оюутны тавдугаар байранд очиход сургуулийн жижүүр нь сууж байлаа. “Танай байранд улаан бурхан өвчний тохиолдол илэрсэн үү” гэж асуухад “Манайд нэг ч тохиолдол илрээгүй. Харин өчигдөр мэдээ үзэж байхад ШУТИС-ийн оюутны байранд их байгаа гэж сонслоо. Тэгээд ШУТИС-ийн оюутнуудыг оруулж болохгүй юм байна гэж ярилцаад л сууж байна” гэсэн хариулт өглөө.

Тэндээс гараад ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байранд очиход үүдний бариулаа марлаар боож ариутгажээ. ШУТИС-ийн нэгдүгээр байрны эрхлэгч Ю.Уранчимэгээс улаан бурханы халдвар авсан оюутнуудын тоог сонирхоход “Дөрөвдүгээр сарын 28-нд хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол гарангуут оюутны байр хариуцсан Г.Анхцэцэг эмчтэй хамтраад тавдугаар сарын 1-нд оюутнууддаа вакцинд хамруулсан. Улс даяар вакцины хүрэлцээ маш муу байгаа юм билээ. Тиймээс бөөнөөрөө амьдардаг оюутны байрнаас үйл ажиллагаагаа явуулъя гээд 107 оюутанд вакцин хийсэн байгаа. Дараа нь тавдугаар сарын 3-нд 125 оюутныг вакцинд хамруулсан. Манай оюутны байр 296 оюутантай. Тавдугаар сарын 5-ны өдөр вакцины олдцоос болоод 31 оюутныг хамрууллаа. Үндсэндээ 265 оюутнаа вакцинд хамруулчихаад байна. Эхний халдвар илэрсэн хүүхэдгэртэээмчлүүлэхээр явсан. Одоо эдгэрсэн. Улаанбурхан өвчний үргэлжлэх хугацаа 10-14 хоног л юм байна. Анхны тохиолдол гарснаас хойш манайх эрэгтэй, эмэгтэй гэж тусгаарлах өрөө гаргасан” гэж ярилаа.

Вакцин хийлгэсний дараа вакцины урвалын нөлөөгөөр улаанбурханы халдвар авч эхэлж байсан залуустөвчилж эхэлжээ. Байрны эрхлэгч “Эхлээд халуурч байснаа биеэр нь жижиг тууралт гарч хоёр дахь өдөр нь зүгээр болдог юм байна. Тусгаарласан өрөөнд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд байсан.Хоёр нь эдгэрсэн. Халдвартын эмч ирээд карантинаас гаргаж болно гэсэн учир өрөөнд нь оруулсан.Нэг эрэгтэй нь эмчид үзүүлэхээ хүлээж байгаа. Одоогийн байдлаар манай байранд найман оюутан өвчилсөн байна. Хоёр хүүхэд тууралт өгсөн боловч халдвартын эмчид үзүүлэхэд улаанбурхан биш харшилгэсэн. Оюутнуудаа бүх мэдээллээр хангаж байна.Одоогоор манай байранд гадны нэг ч хүн оруулахыг хориглосон. Оюутнууддаа маск үнэгүй тарааж өлөө. Мөн ШУТИС-ийн захиргаанаас оюутны нэгдсэн үйл ажиллагааг хориглочихсон. ШУТИС-ийн эрүүл мэндийн төвөөс байнга ирж зөвлөгөө өгч байгаа. Манай оюутны байрны хувьд урьдчилсан арга хэмжээг маш сайн авч байгаа. Байрандаа өдөр болгон оюутан жижүүр гаргаад хүүхдүүдийг халуурсан эсэхийг шалгаж байна. Халуурч байвал би эхлээд очиж үздэг юм. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бол халуурч, юм туурахаас гадна чихний арын булчирхай цочдог юм билээ”хэмээн ярив.

Оюутны байрны эрхлэгч бидэнд тусгаарласан өрөөгөө сонирхууллаа. Эмэгтэй тусгаарлах өрөөнд хэвтэж байсан хоёр охин эдгэрсэн тул өрөө нь хоосон байв. Харин эрэгтэй тусгаарлах өрөөнд нэг оюутан байсан юм. Тэрээр “Би анх халуурч эхэлсэн. Багшдаа хэлсэн чинь түргэн дуудсан. Удалгүй нүүрэн дээр нь юм туурч, хоолой барьдаг юм билээ. Үзүүлсэн чинь харьцангуй гайгүй гэсэн учраас байрныхаа тусгаарлах өрөөнд хэвтэж байна. Ер нь дархлаа сайжруулах витамин их хэрэглэх ёстой юм байна” гэв.

Тусгаарлах өрөөнөөс гарч зарим оюутнуудтай уулзлаа. Тус байранд амьдардаг оюутан Үржээ “Манай байранд улаан бурханы дэгдэлт гарсанаас хойш оюутнууд дайжаад байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Гэхдээ хөл хорио тогтоогоод гаднаас хүн оруулахгүй байгаа. Сүүлийн үед үйлчлэгч эгч нар цагаа сунгаад ердийн үеийнхээс хэд дахин их цэвэрлэгээ хийж байна. Харин сургууль дээр хүүхдүүд олноороо өвчилж байх шиг санагдсан. Хүмүүс ХӨСҮТ-д манай ангийхан л байна гэцгээгээдбайна лээ” гэж ярилаа. Харин ШУТИС-ийн оюутныбайранд амьдардаг Наран“Би архитектурын ангийнх . Манай ангиас найман хүүхэд улаанбурхан туссан гэсэн. Эмч, байрныхаа багшийн зөвлөгөөг л сайн дагаж байгаа даа. Витамин, халуун юм их ууж байгаа” гэлээ. Оюутны байрнаас гарахад үүдэнд суух жижүүр багш хүүхдүүдийг маскаа зүүхийг сануулж байв.

ШУТИС-ийн оюутны дотуур байрнаас гараадХүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрыг зорилоо. Биднийг очиход дотуур байранд засвар хийж байв. Байрны багш Б.Хуваагаас улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгааг асуухад “Манай байрыг хувь хүн худалдаж авч байгаа болохоор засвар хийж байгаа юм. Дотуур байранд улаанбурхан өвчнөөр одоогийн байдлаар 19 хүүхэд халдварлаад байна. Эхний ээлжинд долоон хүүхэд халдварласан. Тэпнийг халдвартад хэвтүүлсэн ч хүүхдүүд сургуулиасаа өвчин авч ирээд байна. Одоогоор өвчтэй байгаа хүүхдүүдийг тусгаарласан. Анх Байгаль орчны ангиас л халдвар гарсан гэсэн. Манайх дотуур байрандаа байнгын ариутгал тогтмол хийж, оюутнууддаа маск тарааж бүр өөрсдөө витамин хүртэл авч өгч байна. Манай дотуур байр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд харьяалагддаг учраас шаардлагатай тохиолдолд өрхийн эмчид үзүүлж байгаа. Оюутнуудыг вакцинжуулъя гэсэн өргөдөл ЭМЯ-нд гаргачихсан байгаа ч одоогоор хийсэн зүйлгүй л байна” хэмээлээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: “Та нарын амьдралыг баллачихсан, одоо халааснаас чинь татвар авна” гэж сонгогчдодоо хэлэх юм уу

Цэцийн дүгнэлтийг хүлээн авав

УИХ-ын чуулганаар Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авав. Шүүхийн захиргааны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.3 дахь хэсэг,23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”; Дөчин есдүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”; Тавин нэгдүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэцээс гаргасан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ”Сүүлийн үед УИХ, Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг боллоо. УИХ-аар баталсан хуулиуд өмнө нь Цэц дээр унадаг байгаагүй. Энэ ямар учиртай юм бэ. Эсвэл бидэнд асуудал байна уу” хэмээхэд нь Д.Ганбат гишүүн “Энэ бол ардчиллын зарчим юм” хэмээн хариулав. Дараа нь Ц.Нямдорж гишүүн “УИХ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг уламжлал тогтлоо. Шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ үү. Шүүхийн тогтолцоо нурлаа шүү дээ. Шинэчлэл нэрийн дор ингэхээ болих хэрэгтэй. Монгол төрийг нураах ажил эхэлчихсэн байна. Үндсэн хуулиа сахиж ажиллаач. Дур зоргоороо явдгаа болих хэрэгтэй. Нэг хүний оруулж ирсэн зүйлийг тураалд орсон цэрэг шиг гулгиж гаргадгаа болиоч. Энэ хуулийг хэлсээр байталзөрсөөр байж хийсэн.Б.Чимид багш хүртэл “Хүний хэлснийг тоохгүй байна” гээд сэтгэлээр уначихсан явсан үе бий шүү” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийг гаргахгүй байх бололцоо танай намд байсан. Тухайн үед танайх л олонхи байсан шүү дээ. Хэн санаачлах нь яахав, баталж гаргадаг нь олонхи гэдгийг санах хэрэгтэй” гэдэг тайлбар хийв.

Үүний дараа Эд хөрөнгийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцсэн юм.Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон түүнтэй холбоотой бусад эрх нь улсын нэгдсэн бүртгэлтэй болох гэнэ. Ингэснээр улсын хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарна. Үүнийг дагаадтөрийн бодлого, төлөвлөлт тодорхой болно. Мөн цахим бүртгэлийн үйлчилгээ ч нэвтэрнэ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх давуу тал бүрдэх аж.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг болон УБЕГ-ын дарга нар хариулт өгч байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Газрыг бүртгэнэ. Дээр нь баригдсанүл хөдлөх хөрөнгийг бүртгэнэ гэж байна. Тэгвэл энэ хууль батлагдсаны дараа бүтэц, орон тоо нэмэгдэх юм уу. УИХ-ын бүртгэгчийн хариуцлагын даатгал гэдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн асуув. Хариуд нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэмж орон тоо гарахгүй гэдгийг тайлбарласан бол төрийн нарийн бичгийн дарга ньэнэ хууль батлагдсанаар төсөвт ямар ч дарамт учрахгүй гэдгийг тодруулж хэлэв. Харин Ё.Отгонбаяр гишүүн “Эзэнгүй үл хөдлөх олсон тохиолдолд тэр хөрөнгийг тухайн хүний нэр дээр шилжүүлэх асуудал яригдаж байна. Хэн нэгэн хүн гэрээслэл бичиж чадалгүй нас барлаа гэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байсан хүн нь нэр дээрээ шилжүүлж болохоор юм шиг хуульчлах гээд байна шүү” гэв. Хууль зүйн сайд хариуд нь “Энэ бол шинэ заалт биш. Иргэний хуульд байсан зохицуулалтыг нааш нь татаж авчирсан юм.Тухайн хүн үл хөдлөх хөрөнгийг бусдын нүдэн дээр таван жилэзэмшсэний дараа жинхэнэ эзэмшигч нь нас барсан тохиолдолд өөр дээрээшилжүүлж авах боломжтой” гэлээ. Ё.Отгонбаяр гишүүн “Олон хүний эзэмшилд байгаа эд хөрөнгө, газрын харилцааг яах юм. Цахимыг цаасан бүртгэлтэй адилхан авч үзнэ гэхээр хууль бус асуудал үүсч магадгүй байх” хэмээн нэмж асуув. Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг “Бүртгэлийн хувьд тусдаа ямар нэгэн шат дамжлага нэмэгдэхгүй. Банкинд эд хөрөнгөө барьцааллаа гэхэд гэрчилгээг нь цахимаар харчихаж болно гэсэн үг.Ямар нэгэн асуудал гарвал цаасан гэрчилгээг авч ирэх шаардлагатай болно. Бүртгэлийн хууль болэд хөрөнгөө бүртгэхээс гадна, түрээслэх, барьцаалах эрхийгбас зохицуулна” гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ хууль бизнесийн орчинг сайжруулахад нөлөөтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ эд хөрөнгийг хүмүүс худалдан авдаг, түрээсэлдэг. Ингэхдээ залилуулах тохиолдол бий. Тэгвэл худалдаж авах эд хөрөнгийнхөө талаар цахимаар авч болох юм уу. Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлнэ гээд байна. Үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлээгүй явж байтал хэн нэгэн хүн эзэнгүй үл хөдлөх хөрөнгө олчихлоо гээд луйвардах боломжийг хуулийн цоорхойгоор олгож байгаа юм биш үү” гэдгийг тодруулав. “Иргэн бүр цахим мэдээллийн санд нэвтрэх эрхгүй. Хувийн нууцтай холбоотой мэдээлэл, тухайн хүний оршин суугаа хаяг, ээж аав, үр хүүхдийнх нь оршин суугаа хаяг нь нууцын зэрэглэлтэй байна. Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг яаж бүртгэх вэ гэдэг талаас нь энэ хуульд тусгасан. Үндсэн гол зохицуулалт нь Иргэний хуульд тодорхой туссан” гэдгийг Хууль зүйн яамны ТНБД Т.Баярцэцэг тайлбарлалаа.

Эцэст нь гишүүд үгээ хэлсэн юм.М.Энх-Амгалан гишүүн “Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийг дэмжихийн тулд энэ хуулийг батлах ёстой. Гэхдээ Монгол Улсын кадастрын зураг хэзээ бүрэн хийгдэнэ тэр үед бүртгэл жинхэнэ утгаараа явагддаг. Бүртгэл цахим хэлбэрт орох ёстой. Кадастрын бүртгэлийг хамт хийх ёстой. Бүртгэлээс гадуур байгаа хөрөнгийг эдийн засагт оруулна гэдэг зөв. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт, нотариат ажиллуулах нь зөв. Сумынханаймгийн төвдөө ирж бүртгэлээ хийлгүүлдэг. Хүндрэлийг ингэж шийдэх нь зөв гэсэн бол Ц.Нямдорж гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл заавал гараар хийгдэж байх ёстой. Цахим гээд цаасан бүртгэлээ хаячих вий” гэлээ. Энэ мэтээр үг хэлснээр гишүүд хуулийн төслийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Хотын татварын асуудал маргаан дагуулав

Үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Гэвч банк, хэвлэл мэдээлэл, уул уурхай, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулах бол хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт авахаар тусгасныг гишүүд байнгын хороогоор хэлэлцэхдээ анзааралгүй өнгөрөөсөн гэнэ. Тиймээс дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн угхуулийн төсөл дээр Төсвийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах ундааны борлуулалтад нэг хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгч нэг хувийн татвар төлж байхаар өөрчилсөн юм байна. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Баасан гаригт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэсэн биз дээ. Одоо юу яриад байна аа. Тоглоод байгаа юм уу” хэмээн асуув.

Хариуд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ хуулийн төслийг Засгийн газар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ төсөвтэй хамт хэлэлцэх шаардлагагүй, орон нутаг, нийслэлд эрх олгох хууль учраас тусад нь хэлэлцье гэсэн шүү дээ” гэлээ. Тэгтэл Ё.Отгонбаяр гишүүн“Хот тусдаа улс байгуулсан юм уу, Ерөнхий сайдын хэлсэн үг ач холбогдолгүй юм уу” гэж шалав. Харин С.Оюун гишүүн “Тодорхой бараа үйлчилгээн дээр татвар ногдуулсан нөхцөлд нийслэлд хэдий хэмжээний татвар орж ирэх юм. Өнөөдөр татвар нэмэх цаг мөн үү” хэмээн асуув.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Анх төсөл өргөн барихад 240 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байсан. Тодорхой үйлчилгээ, худалдаанаас татвар авах нөхцөлд зочид буудал, баар, ресторан, амралтын газраас нэг тэрбум 600 сая төгрөг. Архи, тамхи, согтууруулах ундааны татвараас 4.7 тэрбум төгрөг төвлөрнө” хэмээн хариуллаа. “Архи дарс хэрэглэдэггүй хүмүүс ч энэ татварт өртөх нь. Хоосорчихсон байгаа зочид буудалд ч нөлөөлнө. Анх өргөн барьсан төсөлд хотын төвд байгаа үл хөдлөх хөрөнгөөс 1-2 хувийн татвар ногдуулъя гэдэг заалт туссан байсан. Энэ нь зөв байж. Газрын наймаанаас татвар аваач ээ. Авлигаар аваад цааш нь дамжуулж байгаа лиценз, хурдан морины уралдаанаас татвар аваач” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэллээ. Тэгтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Нэр бүхий гурван хуульд Улаанбаатар хот татвартай байна гэдэг заалт орсон. Тийм болохоор худалдаа үйлчилгээнээс татвар авъя гэж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ”Ерөнхий сайд татварын өөрчлөлтийн асуудлаар үг хэлэхэд бизнес эрхлэгчид татварын орчин сайжрах нь гэж хүлээж авсан. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн үгтэй зөрчилдсөн төслийг оруулж ирснийг гайхаж байна. Хүнд үед буруу хууль оруулж ирээд байх юм. Санаачлагч нь татаж авах хэрэгтэй. Байнгын хороон дээрээ хуулийн төслийг унагахгүй яасан юм. Иргэдэд ачаалал болно шүү дээ” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Хариуд нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Хуулийн төсөл өргөн баригдаад удсан шүү дээ.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг аль болох сайжруулахын төлөө явсан. Хууль санаачлагч төслөө хэзээ ч татаж авч болно” гэлээ. Харин Л.Энх-Амгалан гишүүн “Хуулийн төслийг УИХ-аар анх хэлэлцэхэд нь зорилтот юм уу,суутгах юм уу, хэрэглэгчийн татвар юм уу гэдэг нь ойлгомжгүй байсан л даа. Ажлын хэсэг үүнийг ойлгомжтой болгосон байна. Гэвч хотынхны өөрсдийнх нь толгойн эргүү гараагүй бололтой. 47 эсвэл4.7 тэрбумыг төвлөрүүлэх ч юм шиг ойлгомжгүй юм яриад байна. Хэрвээ согтууруулах ундаагаар 4.7 триллион төгрөгийн борлуулалт хийдэг юм бол татвараа цуглуулж авч чаддаггүй юм байна шүү дээ та нар. Татварын хувь хэмжээг 0-1 хувь гэж оруулж ирлээ, 0 хувиар нь батлаад явуулчихъя л даа” гэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Тооны хувьд эргэлзээ байхгүй.4.7 их наяд төгрөгөөс 4.7 тэрбум төгрөг авах юм. Энэ бол хэрэглэгчээс авах татвар. Аж ахуйн нэгжээс авах татвар биш” хэмээн хариу тайлбар хийв. Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татвар хэрэггүй. Хоолны газруудаарүйлчлүүлж байгаа хүн өнөөдөр байна уу, ороод үзээрэй. Ийм үед татвар нэмнэ гэж юу байдаг юм. Татвараа бууруулах тухай оруулж ирэх байтал ингэж болохгүй. Иргэдийн амьдрал хүндэрч байна. УИХ-ын гишүүдээ энэ хуулийг унагаагаад өгөөч. Сонгогчидтойгоо уулзахаараа “Та нарын амьдралыг баллачихсан, одоо халааснаас чинь татвар авна” гэж хэлэх юм уу. Баянхошуунд тамхи зарж байгаа дэлгүүрээс тамхины орлогыг нь яаж хураах юм. Ерөнхий сайдхэлсэн үгэндээ хүрээд хуулиа татаж ав, хүмүүсийн янз үзэх гэж байгаа бол түүнийгээ хэлчих хэрэгтэй” хэмээн бухимдав. Тэгэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд “Архи уудаг, тамхи татдаг, буудалд ордог хүмүүсийн лобби хүчтэй байна шүү” хэмээн ёжлов.УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ”Энэ хуулийг баталбал ард иргэдийн амьдралд дарамт учирна. Ажлын хэсэг маш муу ажилласан байна” гэдэг шүүмжлэлийг хэллээ. Өөдөөс нь УИХ-ын дарга “Нэг шил архи арван мянган төгрөг байлаа гэж бодъё. 100-хан төгрөгийн татвар авъя л гэсэн санаа З.Баянсэлэнгэ гишүүн ээ. 100 төгрөг аваад нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулъя гэж байна” гэсэн юм. Ингээд эцэст нь ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хоёр ч санал дэмжигдсэнгүй.Энэ байдлаараа санал хураалтыг үргэлжлүүлбэл дэмжлэг авахгүй, эцэстээ Засгийн газраас анх өргөн барьсан хувилбар нь батлагдах шинжтэй байна гэж УИХ-ын дарга хэлэв. Тиймээс ажлын хэсгийг хуралдаж гарц олохыг үүрэгдээд чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Иргэд тагтан дээрээ хог новшоо овоолох бус цэцгийн мандлаар тохижуулдаг болжээ

Иргэд өрөө тасалгаанаас гадна тагтан дээрээ цэцэг, ургамал тарихыг илүүд үзэх болжээ. Харамсалтай нь тасалгааны цэцгийг тэр бүр тагтан дээр тарьж болдоггүй. Тиймээс тагт дээр таривал зохих ямар ургамал, цэцэгс байдгийг сурвалжлахаар “Соёолж” төвийг зорилоо. Бүх төрлийн ургамал, цэцэгсийн тариалалтын улирал эхэлж байгаа учраас “Соёолж” хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдан авагчид үрсэлгээ, тасалгааны болон тагтан дээр тарих боломжтой цэцэгсийг ганц нэгхэн ширхгээр бус хэдэн арваар нь худалдан авч байгаа харагдав. “Соёолж” төвийн ажилчид ч иргэдийн худалдан авсан цэцгүүдийг тэргэнцэрт тавиад, гадаах автомашинд нь хийж өгч тусалж байлаа.

Биднийг сурвалжлагаар очих үеэр нэгэн хос өөрсдийн дөрөвдүгээр хороолол дахь байрныхаа тагтыг бэсрэгхэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар явж байхтай нь таарсан юм. Гэрийн эзэгтэй С.Болортуяа “Бид хоёр гэр бүл болоод долоон жил гаруй цуг амьдарч байна. Хүүхдүүдийнхээ багадсан хувцас, эвдэрхий цахилгаан хэрэгслүүд гээд хог новшнуудаа тагтан дээрээ хураачихдаг байсан. Багахан талбайтай ч гэсэн мөнгөөрөө худалдаж авсан болохоор нөхөртэйгөө ярилцаж байгаад, тагтаа тохижуулахаар болсон. Одоо дулааны улирал эхэлчихсэн юм чинь тагтаа тохижуулчихвал дасгалаа хийхээс гадна цайгаа ч тэндээ уучихна. Цэцэгсээр хүрээлүүлсэн, анхилам тансаг үнэртэй орчинд орохоор хэний ч сэтгэл сэргэнэ шүү дээ. Манайх наран талдаа учраас цэцэг ногоо сайн ургана” гэсэн юм. Тэд хиймэл зүлгээр тагтныхаа шалыг бүрэхээр шийджээ. Хоёр метрийн өргөнтэй хиймэл зүлэгний нэг метрийн урт нь 79500 төгрөг. Үүнээс тэд гурван метрийг худалдан авлаа. Үүнийхээ дараа тэд цэцгийн савны тасгаар орлоо. Цэцгийн хуванцар болон шаазан сав (суурь) хэлбэр, хэмжээ, өнгөний өргөн сонголттой борлуулагдаж байв. Хуванцар савнуудын хамгийн жижиг нь 1950 төгрөг бол хамгийн том буюу үнэтэй нь 20500 төгрөг. Харин шаазан нь 2900-аас 49950 төгрөгөөр борлуулагдаж байв. Тэд дугуй хэлбэртэй, цайны аяганаас арай томхон хэмжээтэй 5500 төгрөгийн үнэтэй хуванцар савнаас нэлээд олныг авав. Тэдэнд тохой хэрийн өндөртэй, хуванцар нарийн хашлага санал болгосон ч тэд худалдан авахаас татгалзсан юм. Учир нь тэд задгай тагтныхаа хашлага дээргүүр цэцгээ байрлуулахаар болжээ. Тиймээс тусгаарлах хашлага хэрэггүй гэж үзжээ. Хоёр метр гаруй урт, өргөн нь 30 см талбайг хүрээлэх хашлага 33500 төгрөг байлаа.

Тэд цэцэгсээ сонгохоор хажуугийн танхим руу оров. “Соёолж” төвийн үрсэлгээчин Б.Оюунчимэг тэднийг хүлээн авч, ямар цэцэг сонирхож байгааг нь асуув. Задгай тагтаа цэцэгжүүлэхээр болсныг нь сонсоод тэрээр “Гадаад орчинд сайн ургадаг зарим цэцэгс, ургамлаа би танилцуулъя” гээд дагуулаад явав. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Бүх төрлийн халгана гадаад орчинд тэсвэртэйгээс гадна арчилгаа бага шаардагддаг юм. Өнгөний хувьд ч гүн ягаан, ногоон, ногоон хэрнээ ягаан хүрээтэй буюу алаг зэрэг олон сонголттой. Шилжүүлж суулгахад хүртэл ажиллагаа багатай. Дээрээс нь таван үе тоолоод, доогуур нь ташуу хайчлаад хөрсөнд суулгана. Манайд 6500 төгрөгөөр борлуулагдаж байна” гэчихээд цааш хэд алхсанаа үзүүртээ ягаан өнгийн жижигхэн цэцэгтэй тохойн чинээ өндөр ургасан цэцэгсийн дэргэд ирээд “Энэ бол шимтгэлээ. Айл гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч, өөрөөсөө эерэг энерги ялгаруулдаг цэцэг. Түүнчлэн хиншүү, хярвас, тамхины болон чийгний таагүй үнэрийг өөртөө хоромхон зуур шингээдгээрээ давуу.Ойр хавьд нь ургаж байгаа ургамал ямар нэг зүйлд хорддоггүй. Ерөнхийдөө 40-60 см хүртэл хүртэл ургана. Мөчрөөр үрждэг бөгөөд хар ногоон холимог хөрсөнд сайн ургана. Тагтан дээрээ тарьсан ч гэсэн хаалгыг нь онгойлгочихвол гэрт байгаагаас ялгаагүй, гэр анхилж үнэрээр дүүрнэ. Долоо хоногт хоёроос гурван удаа бага зэрэг усална. Хагас сардаа нэг удаа бордож, хөрсийг нь сийрүүлнэ” гэвэл С.Болортуяа “Үүнээс чинь зургааг авъя” гэв.

Мөн тэдэнд аз жаргалын цэцэг буюу Азалиг харуулав. 29700 төгрөгийн үнэтэй. Өргөн зузаан навчтай, ягаан, улаан цэцэг бүхий тус Азалиг гэр бүлд аз жаргал бэлэглэгч хэмээн Ази хүмүүс ам сайтай байдаг аж. Өөрөөсөө анхилам сайхан үнэр ялгаруулахын сацуу тайвшруулах үйлчилгээтэй учраас ид шидийн цэцэг ч гэж нэрийдэх нь бий. Мөн давжаа сарнайг иргэд тагтан дээрээ олноор нь тарьдаг юм байна. Тус сарнай 24450 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Мөн минт хэмээх олон наст ногоон ургамал нь цагаан гаа, алим, ананас, лимоны үнэртэй. Нарны илчинд ойр, чийг сайтай хөрсөнд хурдан ургадаг. Гэхдээ хуурай орчинд ч арчилгаа шаардахгүй сайн ургадаг юм байна. Түүнд агуулагдах розмарины хүчил нь улирлын харшлыг намдаах, ментол нь ханиад томууг анагаахаас гадна гэдэс хямрахаас сэргийлдэг гэнэ. Энэхүү ургамлыг баруун өмнө Ази, Европын оронд махтай хоол, шөл болон салатанд хэрэглэдэг аж. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Ямар ч ургамал, цэцэг тарихад нарны гэрэл, усалгаа маш чухал. Наранд ойр байлгаж байгаа нь энэ гээд тагтан дээрээ тэр чигт нь гаргаад тавьчихаж болохгүй. Бас хамаагүй их усалж болохгүй. Ямар ч цэцгийг хөрсөн дээр нь цэлэлзтэл усалчихвал үндсээрээ амьсгалж чаддаггүй. Хүний амаар дүүрэн ус хийчихвэл амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс цэцгүүдийг долоо хоногтоо хоёроос гурван удаа бага багаар услах хэрэгтэй. Мэдээж услахаасаа өмнө хөрс нь ямархуу чийгтэй байгааг шалгах хэрэгтэй. Чийгшил сайтай орчинд бага ус шаардагдана. Мэдээж хуурай бол олон дахин усална. Түүнчлэн тагт дээр ургуулах цэцгийнхээ дээгүүр шил, гялгар уут зэргээр бүтээж, нарны хурц, хортой гэрлээс хамгаалах хэрэгтэй. Ямар цэцгийн хөрсийг жилдээ нэгээс хоёр удаа солих хэрэгтэй” хэмээн худалдан авагч нар зөвлөв.

Тагт дээрээ цэцэгнээс гадна ногоон сонгино, юуцай, яншуй, бууцай, гоньд, ногоон сонгино зэргийг тарьж болох аж. Гагцхүү гадаах агаарын хэм нэмэх арван хэмээс буухгүй болсон үед тагтан дээрээ гаргах шаардлагатай юм байна. Тухайлбал бууцай, салаатны навчийг өргөст хэмх, улаан лоольтой зэрэгцүүлж таривал ашигтай болохыг тэрээр хэлсэн юм. Учир нь дээрх ургамлууд нэгээс хоёр сарын дотор бүрэн ургаж гүйцээд, хүнсэнд хэрэглэхэд бэлэн болдог аж.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагс түрдэг, манайхны тэнэгүүд эксел унаж зам түгждэг

Улаанбаатар хоттамын хот болсон. Өвөлдөө утаа нь цээж хорсгож,жилийн дөрвөн улиралд замын түгжээ салахгүй, орой үдшийн цагаар гадагш гарахад үргэлж сэтгэл түгшээстэй, харанхуй дунд тэмтчих нь холгүй айдсаар дүүрэн явна. Дээр нь согтуу, дүрэмгүй жолооч замаар дүүрэн. Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагстай тэрэг түрчихсэн явж харагддаг. Монголын тэнэгнүүд эксел унаж,урсгал сөрж давхиад замын хөдөлгөөнийг таг гацаадаг. Гацаахдаа бас дуугүй байхгүй. Сигналаа хангинуулж, өөрөө хараал урсгаж, юу болов гэмээр түгшүүртэй дуу чимээ хотоор нэг тархаана. Энэ бүхэн юунаас эхтэй вэ. Манайх ардчилсан орон учир ямар хөрөнгөтэй байхыг хүнд заалтай биш. Гэхдээ бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог дүрэм журам бол бий. Мөнөөх эксел нь ихэнхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байдаг.

Жолооч бэлтгэхэд хамаг учир байна. Тийм учраас ямар хүн жолооч болохыг заадаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайхуулийн шинэчилсэн найруулга УИХ-аархэлэлцэгдэх шатандааявж байна. Улаан дугуй дотор 30 гэсэн тоо ямар учиртайг хариулж мэддэггүй, ойлгодоггүй хүнийг машинд ойртуулмааргүй байна. 30 км-ээс илүү хурдтай явахгүй гээд ихэнх нь хэлэх байх л даа. Хэлэх нэг өөр. Амьдралд хэрэгжүүлэх дадал суулгана гэдэг асар том хариуцлага. Ийм дадлыг жолооны курсууд суулгаж өгөхгүй юм. Шалгалт авч байгаа нь, өгч байгаа нь ч аргалах тухай сайн мэддэг. Гадаадад тэр дундаа Америкт жолооч бэлтгэдэг жолооны курс их өөр. Хэн дуртай нь жолооч болж чаддаггүй юм билээ. Бичиг мэддэг бол яахав дүрмийнхээ шалгалтыг өгчихдөг байх. Харин жолооны шалгалт нь маш чанга. Замын хөдөлгөөний шаардлагыг бүрэн хангасан гудамжинд жолооны шалгалт авдаг. Дунд сургуулийн гадаа яаж явах, эмнэлэг, түргэний машинд зам тавьж өгөх зэргийг нарийн шалгана. Хэрэв биелүүлээгүй бол маш өндөр торгууль оногдуулдаг. Бүхий л тэмдэглэгээ заавар дүрмийн дагуу шалгалтанд орж байгаа хүнийг явуулж, нэг үйлдэл алдахад л шууд унагадаг. Аргална гэдэг ойлголт байхгүй. Дахиад л мөнгө төлждахин бэлдэж шалгалт өгдөг. Тэнд насан туршдаа жолооны шалгалт аваад мэргэшсэн нэг нөхөр өдөр болгон сууж байдаг. Алдаа гаргавал тэнцэхгүй гээд л явуулна. Манайхан шиг нэг өдөр жолооны курс төгсөөд бөөндчихнө гэсэн ойлголт байхгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буйжолооны курсууд машин яаж барихыг,дүрэм журам хэрхэн биелүүлэхийг заамаар байна. Мөн бусдыг хүндлэх ёс суртахууны талын хичээл ч нэмэлтээр ормоор байгаа юм. Түүнээс машин засахыг заах хэрэггүй. Орчин үед тэртэй тэргүй жолооч нар машинаа өөрөө засахаа байсан. Түүний оронд зогсоолд яаж байрлуулах, яаж машинаа хөдөлгөх, хэдий хэрийн хурдтай явах, тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журам зааж байя. Гэтэл манайд сум болгонд, аймаг дүүрэг, хотод хичнээн мянган курс байна. Хамгийн хачирхалтай нь уг жолооны курсийн ажлын үзүүлэлт нь нэг удаагийн шалгалтаар төгсөгчдөө тэдэн хувьтай төгсгөлөө гэсэн үзүүлэлт. Жолооны курсийн захирал, багш нар нь хүнээ тэнцүүлэх нь л гол үүрэг.Тиймээс жолооны курсийн багш, төгсөгчидөнөөх шалгалтын комиссын багийг зохион байгуулалттайгаар хуурах, аргалах гол ажил л хийдэг. Наадах чинь томоотой юм, бичиг үсэг мэдэхгүй юм, малчин юмаа, энэ нэг сайхан гар байнаа, зайлуул аргалаад тэнцүүлчихээч гэнэ, нөгөөх нь бас арганд ороод тэнцүүлчихдэг. Ингэхээр машин барих нь битгий хэл морин тэрэг ч аятайхан жолоодож чадахгүй юмнууд Монголын замаар дүүрэн боллоо.Тэгээд л урсгал сөрөөд, уулзвар, гэрлэн дохион дээр таван минут хүлээж чадахгүй. Урсгал сөрж очоод л замын голд гацчихдаг. Замын тэмдэглэгээнүүд ямар учиртайг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, давхиж очоод л хүн дайрч байдаг. Тэр байтугай жолоо барьж байгаа хүн архи ууж болохгүй гэдгийг огтоос сонсоо ч үгүй. Ийм хотод эрүүл ухаантай хүн амьдрах аргагүй, машин барьж замын хөдөлгөөнд орох аргагүй болчихоод байна. Урсгал сөрж давхиж очоод гэрэл дохион дээр гацааж байгаа өнөөх тэнэг юу гэж боддог гээч. “Зам /эсрэг урсгал гэж мэдэх ч үгүй/ хоосон байхад энэ тэнэгүүд яагаад цувж зогсоод байгаа юм. Би сэргэлэнтээд хоосон зайгаар нь түрүүлж давхиж очоод гэрлээр гараад явчихна” гэдэг. За тэгээд эсрэг урсгал руу орж давхиж очоод өөр машинтай мөргөлдөж мөрөөрөө дүрмээрээ явсан жолоочид гай удна. Үүгээр зогсохгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт гай болно. Стандарт хүмүүс нь амьдрах аргагүй болж байгаа гэдэгэнэ. Гэтэл өнөөх тэнэгүүд замыг нь гацааж төлөвлөсөн хамаг ажлыг нь хоцроохоор нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тэгэхээр замын хөдөлгөөнтэй холбоотой хууль,дүрэм, журамд дорвитой, зоригтой өөрчлөлт хиймээр байна. Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчвөл жолооны шалгалтанд дахин оруулах, энэ нь дүрэм журам биелүүлж сурахыг дахин тодотгож байгаа хэрэг. Олон улсын стандартын дагуу ганцаараа очиж шалгалт өгдөг, шалгалт болгон үнэтэй. Хоёр удаа ингэж шалгалтад ороод дахин зөрчил гаргавал машин барих эрхийг нь бүх насаар нь болиулмаар байна. Архи уусан үедээ машин баривал маш өндөр торгуультай, эсвэл эрхийг нь хасдаг болгоё. Энэ бүх шалгалт давааны дараа энэ нөхөр нийгмийн дэг журмыг дагаж чадаж байгаа үгүйн нотолгоо болог. Чадахгүй бол ийм улсаас замаа чөлөөлье. Тэгж байж эрхбиш дүрэм журам хууль дагадаг хүмүүсээ амар тайван амьдруулахгүй бол энэ хотод амьдрах аргаалга. Тэнэгүүдийнхээ өмнөөс стандарт хүмүүс нь амьдрах эрхгүй болоод байна. Хэзээ болтол нял нял хийж талд бэлчиж байгаа малнаас дор иймэрхүү нөхдийг өөгшүүлж байхав. Мал хүртэл бэлчдэг бэлчээр явдаг жимээ мэддэг шүү дээ. Иймэрхүү дүрэм журам мэддэггүй нөхдийг сошиалаар оркууд гээд нэрлэчихсэн байна лээ. Оргүй ч биш. Энэ нь ядуу, энэ нь малчин, энэ нь хөдөөнийх юм гэж өөгшүүлжшударга ёс яриад яахав. Шударга гэдэг үг өөрөө утгаа алдаж хий хоосон тунхаг, болчихоод байна. Бүгд зөвхөн хууль дүрэмд адил тэгш захирагддаг байя. Үүнийг л шударга ёс гэх байх. Орчин үед хэн хэдэн удаа алдаа гаргаж, дүрэм зөрчиж байгааг мэдэж ядах юмгүй болсон. Камераар хараад л шүүчихнэ. Харин дүрэм журмаа зөрчихгүй яваа хүмүүсийг байн байн зогсоодог утгагүй байдлаа үүнийхээ оронд халчихъя лдаа.Хэрэв хууль дүрэм дагахгүй бол шударга ёс яриад яахав.

Японд явж байхад хээрийн замд шөнө хоёр машин өөд өөдөөсөө ирээд хэн хэн нь гэрлээ дохиж бие биеэ түрүүлж яв гээд байж билээ. Манай өнөөдүүл бол дайрах шахаад шороогоор булаад гарна даа гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. Бусдыг хүндэтгэж байж л өөрийгөө хүндлүүлнэшүү дээ. Хэдэн жилийн өмнө жолооны шалгалт авдагМэргэжлийн комиссын Лувсандорж билүү нэг залуугийн тухай найзаас нь сонсч билээ.Танил маань жолооны курсэд суухаас залхуурч, жолооны үнэмлэхгүй ч хөдөө гадаа машин бариад яваад байдаг болохоор жолооны үнэмлэх шууд авчих санаатай Мэргэжлийн комиссын дарга Лувсандорж хэмээх найз руугаа л ярья гэж шийдэж. Тэгээд учраа хэлтэл өнөөх Лууяань “Үнэмлэх авах амархаан, яг чиний бодож байгаа шиг. Гэвч чи эхлээд жолооны курсэд суу. Машин жолоодож сур. Дүрэм журам мэд. Тэгээд үнэмлэхээ ав. Чи найздаа өнөөдөр уурлаж байгаа биз. Аргалж болдоггүй юм гэж бий. Өнөөдөр чамд үнэмлэхийг чинь гаргуулаад өгч болох ч жолоо барьж сураагүй, дүрэм мэдэхгүй чамд би үнэмлэх өгвөл мэргэжлийн алуурчин болголоо гэсэн үг. Тиймээс чамд туслах ганц боломж байна, жолооны курсэд сурахад чинь л тусалъя” гэж. Өнөөх найз нь Лууяадаа гомдож. Хүмүүст баахан онгирчихсон.Гэтэл үнэмлэх авахад нь туслахгүй жолоонд суу гээд байдаг. Гэвч дуртай, дургүй жолооны курсэд суусан. Одоо тэр сайн жолооч. Дээр нь нөгөө муу Лууяа найзыгаа магтаж яваа нь тэр. Ажилдаа хариуцлагатай байна гэдэг энэ.Тэр Лууяа гэдэг нөхөр шиг л хариуцлагатай хүмүүс олон баймаар байгаа юм. Хэдэн мянган жолооны курсууд аргалж, чаргалж жолооны үнэмлэх өгөөд байвал алуурчин бэлдэж байгаа гэсэн үг. Саяхны нэг шөнө л ная гаруй согтуу жолооч замын цагдаагийнхны шалгалтаар баригдсан байна лээ. Баригдаж мэдэгдээгүй хэд байгаа бол. Нэг шөнө наян алуурчин зам дээр явж байна гээд бодоод үз л дээ.Ийм хотод сэтгэл амгалан амьдарч чадна гэж үү. Хүний амь эрсдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь зам тээврийн ослоос болдог гэсэнсудалгаа байдаг юм байна. Хүний амь амьдралтай холбоотой ийм хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна. Аль 2004 онд батлагдсан хууль одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлага нэгэнт бий болсон. Тэр үед машин унадаг хүн хэд байлаа. Одоо хэд дахин нэмэгдээд байгаа билээ.

Г.Батхүү гишүүний санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа. Нэн шаардлагатай зайлшгүй хэлэлцэх ёстой хуулийн төсөл. Гэвч мэргэжлийн байгууллагынхны хэлж байгаагаар энэ шинэчилсэн найруулгын төсөлд авах ч юм бий, хаях ч юм бий гэнэ. Замын цагдаагийн ерөнхий газар гэж байхаа больж Автотээврийн газар машины дугаар олгох болсон. Гэтэл дээр нь нэмээд жолоочийн бүртгэлийг тус газарт өгөхөөр тусгасан нь буруу зүйл болсон. Учир нь сүүлийн үед ихэнхгэмт хэрэг машинтай үйлдэгдэх болсон. Гэтэл Замын цагдааднэг дор нэгтгэгдэж байх ёстой мэдээлэл авах боломж байхгүй болжээ. Тиймээс бизнес талын өөрчлөлт түлхүү орсон гэж шүүмжилж байна лээ. Харин зарим заалтыг дэмжиж байгаа юм. Учир нь зөрчлийн зарим заалтыг сул байна гэж шүүмжилдэг байсан бол шинэчилсэн найруулга дээр зарим нэмэлтүүд орж ирж байгаа юм билээ. Тухайлбал мөнгөн торгуулийн хэмжээ нэлээд олон заалтад нэмэгдэж орсон байна. Урсгал сөрсөн нөхдүүдэд оногдуулах торгуулийн хэмжээ ч нэмэгдэж орж байгаа юм. Мөн шийтгэл нь сул байна гэж яригддаг зөрчлүүдийн мөнгөн торгуулийг нэмэхээр заалт оруулжээ. Удахгүй УИХ-аар хэлэлцэх энэ хуулийн төсөлд аль болохоор хатуу заалт оруулснаараа хичнээн хүний эрдэнэт амь аврагдах билээ. Дүрмээ барьдаггүй тэнэгүүдээс болж хэвийн амьдрах боломжоо үгүй болгуулж байгаа стандарт хүмүүсийн эрхийг бодож эрхэм гишүүд хатуухан хууль батлахаа эрхбиш мэдэх биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн тайзыг аавын өөрийнх нь эсхизээр сэргээлээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүй­лэгд­сэн хайр” жүжгийг УДЭТ сэргээн тавьж, өнөө үдэш анхны тоглол­тоо хийх гэж байна. Уг жүжгийн ерөнхий зураа­чаар ажилласан нэрт зураач Б.Төмөр­хуягийн тайзны бүтээлийг энэ удаа түүний хүү Т.Аянга сэргээн засварлаж гаргаж байна. Түүнтэй ярилцлаа.

-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн тайзыг та чухам хэрхэн сэргээв?

-1988 онд анх тавигдсан жүжиг. Дараа нь 2005 онд сэргээж тавьж байсан. Одоо бол анхных нь эсхизээр сэргээж байгаа юм.

-1988 оноос хойш 2005 он хүртэл нэг их олон тоглогдоогүй юм болов уу. 2005 онд сэргээсэн ч мөн олон тоглоогүй байх. Ер нь тэр он жилүүдэд хэрхэн явж ирсэн жүжиг вэ. Та чухам ямар материал дээр орж ирэв?

-Анхны тавилт бол тайзны ихэнх юмыг нь модоор хийсэн байдаг юм. Тэгээд ерэн он хүртэл тоглосон байх аа. Улс орон зах зээлд шилжихэд ерөнхийдөө жүжиг тоглох нь багасаад жүжигчид нь гарах нь гараад, наймаа хөөх нь хөөгөөд театр хүндхэн болж ирсэн шүү дээ. Тайзны материал нь ерөнхийдөө модоор хийсэн болохоор элэгдэж хуучирна. 2005 онд сэргээж тавихдаа юмнуудыг нь орлуулж хийж гаргаж байсан юм. Декорацийг нь гүйцэд хийгээгүй, орлуулах маягтай хийж байсан. Энэ удаа анх ямар байсан яг тэр номоор нь хийлээ. Анхны тавилыг нь эвдэхгүйгээр л хийлээ. Өнөөдөр хийлтээ хийх гээд байж байна.

-Мэдээж та зохиолыг нь бүрэн хэмжээгээр мэдэж байгаа. Та өөрийнхөө ертөнцөд энэ зохиолыг хэрхэн хүлээж авав. Санаа бодлоо хулаацахгүй юу?

-Гол утга санаа нь хайр. Эхийн хайр, хосын хайр гэхчлэн ер нь хайр гэдэг бол их өргөн ойлголт, тиймээс ч жүжигт тэр өргөн далайцаар нь гаргаж тавьжбайна л даа. Тэр үед нийгэмд хүмүүс бие биеэ хайрлах сэтгэл бас л үгүйлэгдэж байсан бол өнөөгийн үед бүр ч их үгүйлэгдэж байна гэж үзэж энэ жүжгийг дахин сэргээж тавьж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Цаг үеийн шаардлагаар гэж үү?

-Яг ч шаардлага гэх нь юу юм. Амьдралыг дэндүү нэг талаас нь, мөнгө төгрөг, зах зээлийн утгаар нь хараад, өнөөгийн нийгэмд хүмүүсийн бие биенээ хайрлах хайр үгүй болж ирж байна шүү дээ. Элдэв гэмт хэрэг, хүний ой тойнд багтамгүй аймшигтай үйлдлүүд үзэгдэж байгаа ийм үед тэр бүгдийг жаахан ч гэсэн ухааруулах байх л даа.

-Ер нь цаг хугацааны урсгал дунд хүн өөрийн эрхэм нандин чанаруудаа бага багаар гээж, өөрөө ч бараг анзааралгүй бүдгэрч байдаг тал байдаг л даа, тийм ээ. Ялангуяа нийгмийн тодорхой нэгэн цаг үед тэр нь их тодорч харагддаг. Урлаг харин тэр нандин чанаруудыг нь сэрээж өгдөг ч юм уу?

-“Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг шиг л хүнд мартсаныг нь сэрээж өгч байдаг нь урлагийн нэг мөн чанар юм даа.

-Та аавынхаа тайзны бүтээлүүдээс хоёр гурван ч жүжгийн тайзыг сэргээсэн. Төмөрхуяг гуай бол Мон­голын театрын тайзны урлагт шинэчлэгч зураач гэдгээрээ онцгой хүн шүү дээ. Шинэчлэл хийсэн хүн. Тийм хүний бүтээлийг, тэр тусмаа хүү нь барьж аваад ажиллах амаргүй л байх даа. Хариуцлага нь их өндөр?

-Аав анх л Монголд сценографийг гаргаж тавьсан хүн. Мэдээж хариуцлага өндөр­тэй. Өнөө үед тайз техник технологийн хувьд жаахан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Материалыг нь өөрчилнө, тухайн үед нүсэр хийж байсан бол өнөөдөр арай эвтэйхэн, хөнгөвтөр маягтай л хийж байгаа юм. Хамгийн гол нь ерөнхий хэв хэлбэр, санаа оноо, өнгө төрхийг нь бүгдийг нь хуучин хэвээр нь авч үлдэж байгаа юм. Эх бүтээлийнх нь ой дурсамжийг аль болох үзэгчдэд дурсагдахаар сэргээж хийлээ.

-“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн үйл явдал чухам аль цаг үеийнх юм бэ?

-Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулж анх тавьсан жүжиг юм билээ. Тэгэхээр яг л наяад оны нийг­мийн уур амьсгал, амьдрал гарч байгаа. Тэр үеийнхний амьдралд байсан асуудлууд өнөө үеийнхний амьдралд бол бүр ч хурцадмал болж ирж байх шиг байгаа юм. Найруулагч бид хоёрын тавилт дээр болохоор жүжигт дэвшүүлж тавьсан бүх юм нь байгаа мөртлөө үзэгдэл үзэгдэл дээр тайзыг хөдөлгөөнтэй болгоод жаахан өөрчилчихөж байгаа юм. Өнөөгийн үзэгчдэд сонирхолтой болгох үүднээс. Наяад оны тавилт өнөөдрийн тавилт хоёр огт ондоо шүү дээ. Гэхдээ мэдээж зохиогчийн бүтээлийг эвдэж болохгүй гэсэн зарчмаар ялимгүй жаахан өөрчлөлтүүд хийсэн л дээ. Наян найман онд жүжгийг анх тавихад ажиллаж байсан уран бүтээлчид өнөөдөр ч театртаа ажиллаж байгаа. Гэрлийн техникчид, оёдолчид, тайзан дээр ажиллаж байсан ажилчид, жүжигчид байна. Жүжигчид гэхэд тухайн үед энэ жүжиг дээр яаж ажиллаж байснаа, өөрсдийн санаж байгаа бүхнээ хуваалцаж хамтарч ажиллалаа.

-Тэдгээр уран бүтээлчид, тайзны ажилтнууд Төмөр­хуяг гуайтай хэрхэн хамтарч жүжиг бүтээж байсан сонин содон үнэтэй дурсамжууд бас сэргээж гаргаж ирж байгаа байх нь?

-Ер нь би Драмын театрт жилдээ нэг хоёр бүтээл дээр ажиллачихдаг болохоор хүмүүс ярьдаг юм. Үзэгдэл үзэгдлээр нь тайзаа хийж байхад аавыг тухайн үед ямар барилаар яаж ажиллаж байсан талаар дурсамжууд гарч ирдэг. Энэ жил аавын маань мэндэлсний 70 жилийн ой тохиож байгаа. Драмын театр жил бүр хийдэг “Бид дурсана” нэртэй өдөрлөг хийдэг юм. Тэр өдөрлөгийнхөө хүрээнд ирэх намар аавын бүтээлийн үзэсгэлэн гаргах байх аа.

-Дуурийн театрт бас Төмөрхуяг гуайн бүтээлүү­дээс байгаа. “Ламбугайн нулимс” дуурийн тайз гэж гайхамшигтай бүтээл байна. Бас хуучин Хүүхэд залуучуудын театрын жүжгүүдийг нэлээн хийсэн гэдэг байх. Театрын сал­бар тэр чигээрээ ойг нь тэмдэглэх байлгүй?

-Дуурийн театр, Драмын театр, Хүүхэд, залуучуудын театр, бас Дарханы театр гэхчлэн хөдөө орон нутгийн театр чуулгуудад их юм хийсэн л дээ, манай аав. Драмын театраас зохион байгуул­даг өдөрлөгийн хүрээнд 70 жилийнх нь ойн үйл ажиллагаа болох болов уу.

-Та аавтайгаа мэргэжил нэгт уран бүтээлчийн хувьд үзэсгэлэнг нь гаргана биз дээ?

-Аавынхаа үзэсгэлэнг гаргана. Байгаа юмнуудаас нь Хүүхэд залуучуудын театрт хийж байсан жүжгүүдээс бусад нь Дуурь, Драмын театр, Театрын музейд байдаг юм. Бас нэг ном гаргана.

-Номыг нь хэн бичиж байгаа вэ?

-Миний эхнэр нэг сэтгүүлч­тэй хамтраад ерөнхийд нь зохион байгуулаад явж байгаа.

-Эхнэр тань урлаг судлаач уу?

-Үгүй. Менежер мэргэжил­тэй. Аавын намтар, бүтээлийн л ном гаргах юм.

-Хэдэн жилийн өмнө Х.Билэг­жаргалын “Лам­бугайн нулимс” дуурийн 25 жилийн ойгоор та бас тайз декорацийг нь сэргээн засварласан. 1986 онд анх тайзнаа тавьснаас хойш тасралтгүй тоглож ирсэн дуурь шүү дээ. Тэр бол их алдартай тайз л даа. Сэргээхэд танд их урамтай байсан уу?

-Тэгэлгүй яахав. Дуурийн театраас тэр тайзыг сэргээх хүсэлт тавьсан юм. Аавын шавь нар нь ч гэсэн туслаад хамтарч ажиллахад сайхан байсан. Монголын анхны мэргэжлийн сонгодог дуурь гэж үздэг л дээ. Тэр дуурь дээр хөгжмийн зохиолч Билэгжаргал гуай дуурийн тавилтыг их ондоо болгож өгсөн гэхчлэн урлаг судлаач нар ярьдаг юм билээ.

-Зураач Төмөрхуяг, хөгж­мийн зохиолч Билэгжаргал хоёр гэхээр зохиогчдын агуу хослол харагдаж байгаа биз дээ. Уг дуурь нь ч сод туурвил, тэд хамтарч ажилласан нь ховорхон хувь зохиол юм. Тэр хоёр үүн дээр хэрхэн ажилласныг та санадаг уу?

-Ажиллаж байх үед нь би бага байсан. Гэхдээ би театраар л өсч хүмүүжсэн юм чинь тэр дунд явж л байсан. Дуурийн театрын зургийн павильон гэж Монголд өөр хаана ч байхгүй том павильон байлаа. Тэр дотор бараг л амьдарч байсан болохоор зураачдын хийж байгаа бүх дуурийн тайз, декораци хийж байгаа юмнууд нь тэнд хэрхэн будагдаж, зурагдаж бүтээгдэж байсныг харж өссөн. “Ламбугайн нулимс” дуурийн нээлтийг нь ч үзэж байсан.

-Сонин сайхан дурсамж сөхөхгүй юу. Мастеруудын хэрхэн хамтарч байсан талаар?

-Аав Драмын театрын Доржсамбуу найруулагчтай нэлээн олон жүжиг хийсэн. Доржсамбуу гуай манайхаар орж гарна, жүжгийн судалгаанд хамт явдаг байсан юм. Намдаг гуайн “Найрын ширээний ууц” жүжгийг хийж байхад жүжигт гардаг мануухайг судлах гээд бүр машинтай хөдөө явж байсан гэх жишээтэй. Жүжиг хийхийн тулд их л хүч хаяж, жүжигтээ сэтгэл санаагаа бүрэн зориулдаг л байсан үе юм уу даа. Аавыг дуурьт ажиллаж байхад, тэр дээр үеийн дууриудыг хийж байхад би жаахан байсан. Намхайцэрэн гуай, Гаваа гуай гээд зураачид ажиллаж байсан үе, би тэд нарын гэрт нь очоод л явдаг байсан.

-Аавын тань бүтээлүү­дийг театр үзэгчид сайн мэднэ. Харин өөрөө ямархуу араншинтай хүн байв?

-Хатуу зарчимч хүн байсан. Бүтээл талын юман дээр их хатуу чанд. Тухайн үеийн дүрслэх урлагийн сургуульд сурч байсан шавь нар нь аавын тэр чанарыг сайн мэднэ дээ. Юмыг яг номоор нь бүрэн гүйцэд хийлгэдэг байсан гээд л ярих байх. Театрын тайзны их гоё гоё макет хийлгэдэг байсан юм. Макет гэдэг чинь жүжгийн жижгэрүүлсэн хэлбэр шүү дээ. Тэрийг маш нарийн хийлгэдэг байсан. Шавь нар нь сургууль дээр үзүүлж амжаагүй макетаа гэрт авчраад үзүүлдэг. Хэврэг юм уу болоогүй, санаанд нь хүрэхгүй байх юм бол шууд болоогүй байна гээд няцалчихаж байх жишээтэй. Ямар хатуу шаардлага тавьдаг байсан нь л харагдаж байгаа юм л даа.

-Та ээж ааваасаа хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Эгч маань бас театрын зураач мэргэжил­тэй.

-Та хүүгээ театрын зураач гэж нэг ярилцлагадаа ярьсан байсан. Аав, охин, хүү, ач гээд бүгдээрээ театрын зураач гэхээр бас их сонин юм. Сонирхолтой хувь тавилан юм?

-Тийм ч юм уу.

-Хүү тань хаана ямархуу тайз хийж байна вэ. Хэр сэтгэж байна?

-Улаанбаатар чуулгад зураачаар ажиллаж байгаа.

-Саяхан эднийх Игорь Стравинскийн балет тавь­сан. “Гэгээн хаврын тахилга” гээд. Тайз, хувцсыг нь хүү тань хийсэн үү?

-Тийм ээ. Ер нь дажгүй шүү. Хааяа ажил дээгүүр нь би очиж бас зөвлөж ярилцана.

-Та уран зургийн чиг­лэлээр ер нь ажилладаг уу. Сонирхлын журмаар ч юм уу?

-Сургууль төгсөөд бидний хэсэг залуучууд нэгдэж “Тусгал групп” гэж байгуулж байсан юм. Тэр үедээ бид гурав дөрвөн удаа үзэсгэлэн гаргаж байлаа. Баримал, орчин үеийн контемпорари маягтай үзэсгэлэнгүүд гаргасан юм. Дараа нь монгол бичгийг орчин үеийн урлагт яаж хэрэглэж болох, ямар ямар дизайнаар хийж болох вэ гэсэн санаагаар жаахан юм хийсэн. Монгол бичгийн уламжлалт хэрэглээг нь эвдээд орчин үеийн дизайны урлаг болгож гаргаж ирж байгаа юм л даа. Түүгээрээ нэг үзэсгэлэн гаргасан юм. Хүмүүс их сонирхож үзэж байсан.

-Тэр чинь жинхэнэ модерн урлаг юм биш үү. Тэгсгээд орхичихсон юм уу. Монголын орчин үеийн чимэглэх урлаг хүчтэй гарч ирэх байжээ?

-Орчин үеийн урлагт мон­гол бичгийг яаж чимэглэлийн урлаг болгож дэлгэрүүлж болох вэ гэж хийж үзэж байсан юм. Тэр чинь бүр зуу гаруй төрөл, цааш нь хэдэн мянгаар нь хийж болно гэсэн зарчмууд байсан байхгүй юу. Түүгээрээ ном гаргах гэж байтал биднийг дэмжиж байсан Хувьсгалт намын удирдлага нь солигдоод, сүүлдээ тэр бүх юмаа хэн нэг нь аваад алга болгочихсон. Нэг ном гаргачихсан бол хүмүүст гарын авлага болох байж л дээ. Монгол бичгийг зөвхөн босоогоор бичээд байхгүй, тэгээд ч дээр үеийнхээ бичгээр бичихгүй, одоо бол орчин үе юм чинь хэрэглээний урлагт оруулж болно гэсэн санаа юм. Тэр чинь 1996 юм уу 1998 оны үе.

-Ээж тань арай дүрслэх урлагийн хүн биш биз дээ?

-Багш хүн бий. Орос хэлний багш. Одоо гэртээ ач нараа хараад сууж байна.

-Таны Орос Хятадын уран бүтээлчидтэй хийсэн кинонууд олон улсын наад­муудад оролцоод явж байдаг. Сүүлд ямар кино хийсэн бэ?

-Орост “Талын наадаан” гэдэг кинонд ажилласан. Тэр кинонд гурван үеийн тухай өгүүлж байгаа юм. Өнгөр­сөн жил Каннын наа­дамд оролцоод, дараа нь Сингапурын кино наадамд оролцоод ирсэн юм.

-Та наадамд нь өөрөө очиж оролцдог уу?

-Үгүй дээ. Киноны багаас “Чи очих уу, төчнөөн мянган доллар болох нь байна шүү” гэсэн санал ирдэг л дээ. Уг нь очвол ч гоё л доо.

-Таны хобби юу вэ. Та лав мотоцикль сонирхдог байх аа?

-Мото сонирхдог миний хэдэн найз залуучууд бай­даг юм. “Рэд Палкон” гээд групп бий. Түүн дээрээ хааяа ажилладаг юм. Бид ирэх зургадугаар сарын 6-нд мотоцикльчдийн фестиваль хийх гэж байгаа. Хүй долоон худагт болно.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхбат: Хөгжлийн банктай холбоотой буруу мэдээллийг зориудаар тараасан байна

Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлт сүүлийн үед олны анхааралд байгаа. Тус банкны гүйцэтгэх захи­рал Н.Мөнхбат өчигдөр хэв­лэлийнхэнд хандлаа. Тэрээр “Сүүлийн үед Хөгж­лийн банктай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад гэдгийг нь судалж үзлээ. Хэвлэлийнхэнд буруу материал тараажээ. Тийм учраас бид албан ёсны зөв материалуудыг нь тарааж өгч байна” гэсэн үгээр яриагаа эхэллээ. Хөгж­лийн банкнаас тараасан материалд “Самурай” бондын зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргажээ. Шуугиан дагуулаад байгаа Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын төслийн танилцуулгыг ч тараалаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн товч танилцуулгыг хүртэл бэлджээ. Банкнаас хийсэн бүх гүйлгээ шилэн дансанд бий гэсэн тодруулгыг ч хийв. Хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

-Чингис бондын мөнгө­нөөс тендер зарлалгүйгээраж ахуйн нэгжүүдэд зээл олгосон гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол буруу ойлголт.Чингис бондыг анх оруулж ирж байхад УИХ-аас тогтоол гаргаж салбаруудыг нь заагаад өгчихсөн шүү дээ. Үүнийх нь дагуу Засгийн газар шийдвэрээ гаргаж төслүүдэд санхүүжилт хийгээд явсан. Санхүүжүүлэгчийн хувьд тухайн төслийн хэрэг­жүүлэгчийг сонгон шалга­руулах ажлыг хариуцдаггүй. Захиалагч нь л хариуцдаг. Замын төсөл байвал Зам тээврийн яам нь, барилгын төсөл бол Барилга хот байгуу­лалтын яам нь гэх мэтээр сонгон шалгаруулалтаа хийгээд явдаг юм. Тухайн үед Өрийн удирдлагын хууль батлагдаагүй байсан учраас зарим нэг тендерийг тусгай журмаар хийсэнюм билээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд Тендерийн тухай хуулиараа явсан байдаг. Чингис бондоос гадна өөр эх үүсвэрүүд ч Хөгжлийн банкинд бий. Яг тендерийн тухай хуульд хамрагдах ёстой ажлуудыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс захиалагчдадаа хуулиа дага гэсэн шаардлага тавьдаг. Хүмүүсийн хамгийн тод санаж байгаа жишээ гэвэл Дарханы замтай холбоотой асуудал байна. Түрүү жил Дарханы замын засварын ажлыг Хөгжлийн банк удаалаа гэсэн асуудал гарсан даа. Тендерийн материал нь дутуу байсан учраас удсан юм. Материалаа гүйцээснийх нь дараа бид санхүүжилтийг нь өгсөн. Тухайн төслийг сонгон шалгаруулах ажил УИХ, Засгийн газрын шийд­вэрээр л хийгддэг. Дахин хэлэхэд Хөгжлийн банк бод­логын шийдвэр гаргахгүй. Хөгжлийн банк УИХ, Зас­гийн газрын түвшинд нэ­гэнт шийдсэн бодлогын хүрээний хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийн ажлыг хариуцаж, гардаж хэрэгжүүлдэг.

-”Самурай” бондынмөн­гөний тодорхой хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар өмнө нь яагаад мэдээлээгүй юм бэ?

-“Самурай” бондыг анх орж ирж байхад Японы олон улсын хамтын ажиллагааны банкбаталгаа гаргасны шимтгэл гэж авсан. Санхүүгийн зардал л даа. Үүнийг бид өмнө нь мэдээлж байсан. Ерөнхий сайдын 30 минутын үеэр ч то­дор­хой мэдээлэл өгч байсан. Дахин сануулж мэдээлье. Хөгжлийн банк 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний “Самурай” бонд гаргасан. “Самурай” бонд гэдэг бол зөв­хөн Японд, энэ улсын хө­рөнгө оруулагчдад иенээр гаргадаг тусгай төрлийн бонд. Хөгжлийн банк улсаа төлөөлж анх удаа бонд гаргасан. Бид Японы хөрөнгийн зах зээлийг Монголдоо тодорхой хэмжээгээр нээж өгсөн гэж үзэж байгаа. Энэ бондыг Хөгж­­лийн банк гаргасан ч гэлээ баталгааг нь Зас­гийн газар гаргасан юм.Зас­­гийн газрын баталгааг хангалтгүй гэж үзсэн учраас Японы олон улсын хамтын ажиллагааны банк давхар баталгаа гаргасан. Хоёр давхар баталгаатай байсан учраас “Самурай” бондын хүү нь 1.52 хувь болсон юм. “Чингис” бондын дундаж хүү4.8 хувь гээд бодохоор маш сайн хүү. Шимтгэлийг нь жилд хоёр хувь гэж тогтоосон юм.Японы зүгээс дотооддоо ба­римталдаг журмынхаа дагуу манайх шиг зээлжих зэрэглэл нь B рейтингтэй улсад арван жилийнхээ хоёр хувийн шимтгэлийг нэг дор авсан. Мэдээж бид үүнд нь дуртай байгаагүй. Гэхдээ хамтарч ажиллаж бай­­гаа талаа хүндэтгэх ёстой. Дотоод шаардлага нь учраас биелүүлсэн. Энэ бол ямар нэг зуучлалын хөлс биш. Манай эрсдлийг даасан сан­хүүжилтийн зардал. Хөгжлийн банк 2024 онд энэ мөнгийг төлж чадахгүй байлаа гэж муугаар төсөөлье. Засгийн газар төлж чадахгүй байлаа гэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны банк төлөх ёстой юм.Ийм эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа авсан төлбөр. “Самурай” бонд одоо ч гэсэн хамгийн ашигтай нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэр. Энэ бондыг Японы талтай хамтарч ажиллаад дахин гаргамаар байгаа юм. Дотоодод ийм үл ойлголцол үүсэхээр нөгөө тал хамтын ажиллагаандаа эргэлзэх вий дээ гэж санаа зовж байна. Тийм болохоор Японы талаас албан ёсоор ууч­лал хүсч байгаа. “Энэ манай албан ёсны байр суурь биш, зөвөөр ойлгоорой. Бид хам­тын ажиллагаандаа сэт­гэл хан­галуун байгаа” гэж хэлсэн.

-Хөгжлийн банк жилд хэтэрхий их зардал гаргасан гэсэн баримтыг аудитынхан онцолж байгаа. Жишээ нь, таны цалинг зургаан сая гэж ирээд мэдээлж байна. Хөгжлийн банк тийм үрэлгэн байгаа хэрэг үү?

-Манай байгууллага өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны зардал гэж гарч таарна.2014 онд долоо орчим тэрбум төгрөгийн зардал гарсан. 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын тулд долоон тэр­бум төгрөгийн зардал гарсан. Ажил хийж байгаа улс зардал гаргахаас аргагүй. Зардал нь их, бага гэсэн асуудал ямар ч байгууллага дээр байнга яригддаг. Мэдээж ямар ч байгууллага зардлаа бага байлгахыг бодно. Бид ч тийм зарчим барьж байгаа. Хэд хэдэн мөнгөн дүн яригдаж байна л даа. Миний цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч, эрх­лэг­чийн л асуудал. Хөгжлийн банк Засгийн газрын өмчит боловч ХХК хэлбэрээр зохион байгуулагдсан. Төс­вийн байгууллага биш. Үйл ажиллагааны зардлаа өөрийнхөө орлогоор нөхөөд явдаг. Нөхөж чадахгүй бол үйл ажил­­лагаагаа явуулж чадахгүй гэсэн үг. Улсын төсвөөс ямар ч зар­дал гаргадаггүй.Улсын төсвөөс зардал гардаггүй учраас цалинг ч гэсэн улсаас тогтоодоггүй. Манай банкны ТУЗ бидний цалинг тогтоодог. Хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм гэхэд ойрхон очих хэмжээний цалин тогтоодог. Томилолтын зардалд тайлбар хэлье. Санкт­петербург руу өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөн­хий сайдын айлчлалын багт багтаж томилолтоор явсан. Жил бүрийн тавдугаар сард Санкт-Петербургт ОХУ-ын Зас­­гийн газраас зохион бай­гуулдаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог юм. Ми­ний хувьд дөрөв­дүгээр ца­хилгаан станцын санхүүжилтийг Оросын талтай тохирох гэж хойшоо явсан.Санхүүжилт нь шийдэгдээд дөрөвдүгээр станцын өргөт­гөл ашиглалтад ороод явж байна. Монгол, Оросын хооронд сүүлийн арваад жилд хийгдсэн хамгийн дорвитой арга хэмжээ болсон. Энэ томилолтоор явахад зардал нь харьцангуй өндөр гарсан тал бий. Ер нь томилолтын зардал тийм өндөр гардаггүй. Бидний зүгээс чадах хэрээрээ зардлаа хэмнээд явдаг.

-“Мон роуд” компанийг ажлаа эхлээгүй байхад мөнгийг нь шилжүүлсэн гэж байна. Яг ямар хууль эрх зүйн орчин, тендерийн хүрээнд тэр мөнгийг шилжүүлсэн бэ?

-“Мон роуд”-тай холбоотой асуудлыг өмнө нь мэдээлж байсан. Дүгнээд хэлэхэд бид дэд бүтцийн ажлыг зөв­хөн гүйцэтгэлээр нь санхүү­жүүлдэг. Хийгдээгүй ажлыг санхүүжүүлдэггүй гэсэн үг. Төсөв дээр нь буруу тоо яриад байна лээ. Анх батлагдсан төсөв нь 37.2 тэрбум төгрөг байсан. 2013 онд Зам тээврийн яам шийдвэр гаргаад 46.4 тэрбум болгосон юм билээ. Нэмэгдсэн төсвөөр нь тус компанийнажлыг санхүүжүүлээд явсан. Дахин хэлэхэд Хөгжлийн банк төсөв батлуулахадоролцдоггүй. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явснаас өөр зүйлгүй. Ажлын нийт гүйцэтгэл нь 53.83 хувьтай байгаа. Санхүүжилт нь 72.9 хувьтай байна. Гүйцэтгэлээсээ давсан нь цаанаа нарийн шалтгаантай. Асфальт битум, цемент татаж авах гэжтүүхий эдийнхээ зардлыг баталгаа гаргаж урьдчилж авдаг юм. Үүнээс илүү албан ёсны мэдээлэл бидэнд алга.

-АТГ-ын шалгалтын асуу­дал юу болж байгаа вэ?

-АТГ-аас албан ёсоор мэдээлэл өгсөн шүү дээ. Шалгалт хийсэн. Шалгалт нь дууссан гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн банкинд яг одоо хэчнээн ам.долларын үлдэгдэл байгаа вэ?

-Хөгжлийн банкин дээр 1.4 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. Төслүүдээ санхүүжүүлээд явна.

-Бондуудаас санхүү­жүүл­сэн төслүүдийн ихэнх нь мөнгө олохгүй ашиггүй төсөл байна гэсэн шүүмж­лэлд тайлбар хэлээч?

-Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн багцыг харахад гуравны нэг нь дэд бүтцэд зарцуулагдсан байдаг. Урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйл. Гуравны хоёр нь долларын орлого олох боломжтой, нэг бол хатуу валютын урсгалыг Монголд үлдээх төрлийн үйлдвэржилтийн төслүүд байгаа. Эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ онд ч гэсэн том төслүүд ашиглалтад орно. Хамгийн том жишээ гэхэд Таван толгойн сав газарт 600 сая гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Долларын орлогыг бүрдүүлэх гол төслүүдийн нэг шүү дээ. Гадуур яригдаад байгаа шиг ирээдүйд ашиг олох аргагүй төслүүдэд зарцуулсан зүйл байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Уралынхан

Хүний амьдралд “Нэг ангийнхан” гэдэг хүрээлэл нэг биш удаа үүсэх юм. Эрхэм нандин, дурсамж дүүрэн энэ хүрээллийн ач холбогдлыг үнэлж, бүр бодлого болгон цув­ралаар нийтэлдэгт нь “Өдрийн сонин”-д талар­хал илэрхийлмээр байна гэж Соёлын гавьяат зүт­гэлтэн, сэтгүүлч Б.Галаарид ярилаа. Тэрээр оюутан цагийн он жи­лүүд хэмээх нандин дурсамжаараа хөглөгдөн нэг ангийнхан болж буй их олон хүний тухай өгүүлэх гэж буйдаа баяртай бай­гаагаа илэрхийлсэн юм.

Манайхан их олуулаа. Хэдэн мянган хүн бий.

Анх би энэ ангид 1984 оны намар элсэн орж билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны нэр дээр Уралын улсын их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцахаар Алтай нутгаас Улаанбаатарыг зорьсноор амьдралынхаа нэгэн шинэ үеийн түүхийг бичиж эхэлсэн гэж болно. Энэ түүх үйл явдлаар дэндүү баялаг байв. Анх удаа онгоцоор дүүлж, цахилгаан шатанд орж, галт тэргээр аялж үзэж байгаа нөхөртэр үеийн ЗХУ-ын хаалттай хот Свердловскт хөл тавив. Орос хэлний бэлтгэлгүй, арав төгсөөд шууд очиж байгаа. Хөдөөгийн дунд сургуульд гайгүй хэдэн жил нүдсэн орос хэлний минь мэдлэг галт тэргэнд суухаас л тараа таниулсан гэж болно. Амралтаараа нутаг явж байгаа Зөвлөлтийн мэргэжилтэн эхнэр нөхөр хоёр зэргэлдээ купенд суудал таарчээ. Их яриасаг улс юм. Сэтгүүлч болохоор Свердловск руу явж байгаагаа ямартай ч ойлгуулж чадлаа. Хариуд нь “Хэн даргын хүүхэд вэ?” гэсэн асуулт ирж байна аа. Ямар ч даргын хүүхэд биш гэхээр үнэмшсэнгүй. Хөдөөнөөс ирсэн гэдэгт минь бас итгэсэнгүй. ЗХУ-д, тэр тусмаа сэтгүүлч мэргэжлээр суралцахаар хэл ус муутай нөхөр явж байгаа болохоор тэр хоёр “Чи бол хэн нэг даргын хүүхэд. Улаанбаатарынх биш байж болно. Гэхдээ л аль нэг аймаг, үгүйдээ сумын даргын хүүхэд” гэсэн дүгнэлт хийв. Товчхондоо “Чи бол арын хаалганы нөхөр” гэж дүгнэлээ. “Сэтгүүлч мэргэжлээр гадаадад сурахаар жирийн ардын хүүхэд явдаггүй юм” гэж эхнэр нь дахин дахин хэлж байна. Зөвлөлтийн мэргэжилтэн хүний ёсоор гаргасан дүгнэлтдээ тэд бат итгэлтэй үлдэж билээ. Аймгийн төв дээр орос мэргэжилтэн хараад хүүхэлдэйн киноноос сурсан гадаад хэлний бүх нөөцөө ашиглан“Ну погоди” хэмээн гар занган хашгираад хүмүүст загнуулж явсан миний хувьд орос хүмүүстэй анх удаа ойртон яриа өдсөн түүх минь иймэрхүү.

Свердловскийн галт тэрэгний буудал дээр хиам, консервголдуухан чихсэн орос чемодандаа түүртэн бууснаар би Уралынхан гэдэг ангилалд хамаарах болсон юм. Тэр үед дэлхий ертөнц социалист, капиталист хэмээн хоёр хуваагдсан, хөрөнгөтөн орны төрийн тэргүүнүүд гадаадаар “доншуучилдаг”, харин социалист орныхон нь “айлчилдаг” үе байв. Энэ ялгааг нь олон түмэнд ойлгуулан мэдээлэх үүрэгтэй үзэл суртлын байлдагчид нь сэтгүүлчид. Тэдний нэгэн болохоор Болд, Эрдэнэбат гэдэг хоёр нөхөр бас иржээ. Эрдэнэбат маань Төв аймгийнх. Надтай нас чацуу. Б.Болд болохоор Эрхүүгийн хэлний бэлтгэл төгссөн, ажиллаж байгаад ирсэн, аав нь сэтгүүлч гээд бид хоёроосоо ялгарах юм ихтэй, хөл бөмбөг тоглох дуртай сүрхий эр. Нэгэн цагт Дундговийн сонины эрхлэгч байсан Батмөнх гуайн хүү Болд маань одоо ч сэтгүүлзүйдээ үнэнчээр зүтгэж, “Бизнес таймс” сонинд ажиллаж байгаа билээ.

Эрдэнэбат бид хоёр нэг өрөөнд амьдарч, хүүхэд зангаараа үймүүлж бужигнуулна. Өрөөнд ньорж худал үнэнийг өгүүлэн байж аяга хоол олж идсэнээ “Охин эргүүлэв” хэмээн бодож ихэд баясах. Болд маань хэдэн оймс элээсэн ах хүний хувьдцарайлаг охид олонтой Хөгжмийн сургуулиар гүйж байгаад анхны ханьтайгаа учирч, би гэдэг хүн гэрлэлтээ бүртгүүлэхэд нь гэрч, хүүтэй болоход нь дагуул нь болон үнэнчээр андлан нөхөрлөж байж билээ.

Бид 1984 онд 12-уулаа УрГУ буюу Уралын их сургуульд очсон юм. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй харийн газар, хүний нутагт анх танилцаж байсан дүр зураг сэтгэлд минь ямагт хадаатай байдаг. Учраа мэдэхгүй, зүгээ ч олохгүй хэдэн хүүхэд том ангийн Галт хэмээх ахыг даган Свердловск хоттой танилцаж, хаанаас унаанд суудаг, аль дэлгүүрээс хүнсээ цуглуулбал дээр болох, троллейбусанд ороод тасалбараа яаж цоолох, сургуулиа хэрхэн олох, вермишель хэмээх нарийн гоймонг хэрхэн түлэхгүй хайрч идэх тухай анхны мэдэгдэхүүнтэй болж байв. Дөрөв таван жил өнгөрөхөд энэ бүхнээ умартаад нэлээд архагшсан сан. Б.Болд бид хоёр нэг удаа сархад уун сагсалзаж, оюутны байрныбалкон дээр үүрээр гаран шүлэг унших юм болов оо. Болд ямар шүлэг уншсаныг санахгүй байна. Би л лав хэзээ ч билээ тэмдэглэлийн дэвтэртээ таталгаж орхисон,

Дорно өрнөгүй хөлд нь сөгдөж мөргөсөн

Дотоод гадаадгүй хүсэлд нь захирагдаж бөхөлзсөн

Догшин Чингис чиний гэгээн алдрыг

Дорой нэгэн бээр үгээр магтахыгхүснэ.

Чингис Чингис чиний нэр

Чихэнд биш зүрхэнд сонсогдоно гэж эхэлдэг шүлгэрхүү юмаа чанга дуугаар уншиж байтал нэг курсийн Майнбаяр маань эсрэг байрны цонхоор нойрмог шагайж ээж шиг минь зад загнан дуугүй болгож, миний шүлэг бичдэг хөг ч тэгсхийгээд замхарсан юмдаг. Энэ мэт хөгтэй хөгжилтэй түүх оюутан ахуйд мөн ч их бий дээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд нийслэлээ хариугүй алдчих шахан сандарч байх үедээ гол гол үйлдвэрүүдээ Свердловк руу нүүлгэсэн учраас энд стратегийн чухал үйлдвэрүүд төвлөрсөн, түүнийгээ дагаад том том эрдэмтэд бөөгнөрсөн, ер нь л онцгой хот байсан болохоор гадаадынхныг оруулдаггүй хаалттай байв. Харин монголчууд бол он жилийн уртад олон зүйл дээр шалгуур даасан итгэлт андууд учраас хэд хэдэн сургуульд нь сурцгаана. 1984 онд намайг очиход долоо найман зуун монгол оюутан зургаан их дээд сургуульд сурч байсан юмдаг. Борис Ельцин, Николай Рыжков нарыг төрүүлсэн гээд УПИ буюу Уралын политехникийн дээдийнхэн сүрхий бахархана. Свердловскийн уул уурхайн сургуулийнхан эрчүүд голдуу харжигнасан сүрхий сургууль байлаа. Хаант Оросын үед байгуулагдсан эртний сургууль гэдгээрээ их бахархана. Уралын улсын их сургуулийнхан Зөвлөлт засаг байгуулагдаад бий болгосон анхны их сургууль гэж омогшино. Зузаан зузаан ном сугавчилсан оюутнууд уншлагын танхимд сул суудал гарахыг тэвчээртэй хүлээх нь энэ сургуулийн нэг онцлог байлаа. Оны ялгаа байхгүй, зодоон цохионгүй, ер нь огт өөр соёл төлөвшсөн сургууль байв. Свердловскийн улс ардын аж ахуйн сургууль, Багшийн сургууль аль аль нь нэр хүндтэй, бэлтгэн гаргасан боловсон хүчнүүд нь хаа ч очсон үнэлэгдэнэ. Уралын хөгжмийн дээд сургууль бас л чансаатай сургуулийн нэг. Ийм зургаан сургуульд 1980-аад оны дундуур монгол оюутнууд сурч байв. Өөр орны оюутан сурдаггүй болохоор монголчуудыг ялгаж онцгойлохгүй, яг л орос оюутнуудтай адил түвшинд авч үздэг болохоор их чанартай сургадаг байж дээ.

Сурахын зэрэгцээ наймаа арилжаа үсэргэх нь тэр үеийн нийтлэг дүр зураг. Монголоос авч очсон бүхэн сонин содон байсан гэж болно. Манай үеийнхэн тарваган малгай, Дарханы нэхий дээл, савхин хүрэм, нарийн хилэн, тарваганы арьс зэргийг аваачиж зарна. Нэг хэсэг солонгос бэлтгэлийн хувцас, хятад гар нүүрийн алчуур, шаахайг мөн ч их зөөсөн дөө. Хил гаалийн хатуу чанд шалгалтыг яаж ийж даваад л аваад очсон байдаг сан. Төмөр замын хэдэн вагоны дотор ханыг задлан тарваганы арьс нууж хил гаалиар гарсаар сарампай болгосон нүглийн нэлээд хувь нь манай хотын оюутнуудад ноогдох байх. Монгол оюутнууд хичээлдээ явах, галт тэрэг тосох, хар зах гарах, олон нийтийн ажилд оролцох, үдэшлэг цэнгүүн, дуу хуур болох, хайрлаж дурлах, гэр бүл зохиож үр хүүхэдтэй болох гээд бүхнийг амжуулдаг хөдөлгөөнтэй сэргэлэн улс. Уралын оюутнуудын зөөсөн хавтастай том толиор олон монгол айл гангарч, сунгадаг ширээ, зурагтын суурийг нь олон гэр бүл худалдан авсан даа. Ер нь тэр үед хэн овсгоотой, хөдөлмөрч нь л сайн сурч, сайхан амьдарч байсан даа. Жишээ нь, төр түшиж, сайд даргын алба хашиж, олонд нэгэнт танигдсан Ц.Цэнгэл гэхэд лнарийн хилэн өмдийг 28 минутад оёж дуусгаад 25 рублиэр зарчихдаг амьжиргаатай оюутан байсан гэдэг. Тэр үед оюутны сарын тэтгэлэг 70 рубль, тэр нь амьдралд хүрэлцдэг байсан гэхээр лут байгаа биз.

Би Уралд сурсан бүх хүмүүс нийлээд Уралын төгсөгчид гэдэг нэгэн том ангийнхан болж буйг өгүүлэхийн тулд л ийнхүү нуршиж сууна. Тэд Монгол орныхоо хөгжлийн төлөө их юм хийсэн, бахархах амжилт, тайлагнах тайлан ихтэй хүмүүс. Тиймээс сургууль болгон төгсөгчдийн холбоогоо байгуулж, тэдгээр холбоо нь нэгдэн Уралд төгсөгчдийн нэгдсэн холбоо болж, үе үеийн төгсөгчдөө эгнээндээ нэгтгэж эхлээд байгаа юм.

Уралд монголчууд сурч эхэлсэн нь одоо мэдэгдэж буйгаар 1950-иад оны дунд үе. Жил бүр очиж нэг жилийн дадлагажих сургалтад хамрагддаг байсан Орос хэлний дээдийн оюутнуудыг (стажерууд гэгддэг) оруулахгүйгээр тооцоход Уралд хоёр мянга гаруй хүн мэргэжил боловсрол эзэмшсэн тооцоо гарч байгаа юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Банди, О.Лувсандамдин нарын арваад дуучид хамгийн түрүүнд 1950-иад оны дундуур Уралын хөгжмийн дээд сургууль төгссөн байдаг. Уул уурхайн сургуульд тэр үед цөөхөн монгол сурсан гэх боловч нэр усыг нь одоогоор тодруулж чадаагүй байна. Эрдэнэттэй нэгэн насны амьдралаа холбосон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гэхэд л 1962 онд УПИ-гийн оюутан болж, ариун цэврийн өрөө хаана байгааг асууж мэдэхгүй болохоор хичээлийн завсарлагаагаар оюутны байр луугаа чавхаддаг, ангиа олохгүй учраас нэг орос оюутныг нүдэлж аваад салахгүй дагадаг байснаа инээдэм болгон дурсдаг.

Зандаахүүгийн Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, “Ажнай” Бат-Эрдэнэ, Ж.Отгонбаяр, До.Ганболд, Ц.Оюунгэрэл, “Хурд”-ын Чойжилсүрэн, Н.Батцэрэг, “Датаком”-ын Д.Энхбат, Багануурын гэх Х.Балсандорж, Ногоон намын Д.Басандорж, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяр, ерөнхий менежер Б.Бадрал гээд улс төрд тод мөртэй олон хүн Уралын төгсөгчид хэмээх нэгэн том ангийн эрх тэгш гишүүд.Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч миний бие гээд салбар чиглэлийн тэргүүлэх байгууллагуудын ерөнхийлөгч нар бас нэлээд хэд бий. Эрдэмтэд, үйлдвэрлэлд шинэ бүтээл нэвтрүүлэгчдийн тоо хэдэн арав зуугаар яригдана.

Уралын хөгжмийн их сургуулийг төгссөн Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ж.Долгор, А.Энхтайван нарын дуучид, төрийн шагналт З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав нарын хөгжмийн зохиолчид,урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, А.Цэдэн-Иш нарын нэрийг сонссон хэнд ч болов Уралд төгсөгчидМонголын урлагт ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой болно. Ц.Чинзоригийн “Намрын дурсамж”, “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь”, “Ус мөрөн олон чиг” зэрэг дууг аялж өөрийн мэдэлгүй аялчихдаг хүн олон байгаа. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг сонсон омогшиж, Х.Билэгжаргалын хөг эгшигт бүүвэйлүүлсэн хүн ч олон. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Эрийн сайхан хийморь”-ийг сонсоогүй монгол хүн хэд бол?

Энэ бүхнээ тайлагная, Уралд төгссөн үе үеийнхэн уулзалдаж нэгэн бүлийнхэн цуглая гэсэн санал санаачилга өнгөрсөн оноос хойш гарсан юм.

“Манай ангийнхан” энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд хуран цуглахаар болж, сошиал ертөнцөд нэлээд чимээ шуугиантай түжигнэж буй. Энэ уулзалтаа “Уралын хавар-2015” гэж нэрлэсэн гэж байгаа.Оюутан цагийн гэгээн дурсамжаараа хөглөгдөж, он жилийн урсгалд хийсэн бүтээснээ дүгнэж, Уралын нийслэлд хуримталсан эрдмийн далайгаас шүүрдсэн бүхнээ Монголынхоо хөгжилд зориулснаар ямархан баялгийг бүтээж чадсанаа тайлагнахаар манай “Уралын төгсөгч” ангийнхан энэ уулзалтаа догдлон хүлээж байна. Тэр өдөр бас төгссөн сургуулийнхаа ромбоор бүгдээрээ гангарна гэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: УИХ нь яаралтай тарж, дараагийн сонгуулиа явуул

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд татварын асуудлаар мэдээлэл хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүд уг асуудлаар асууж тодруулахын зэрэгцээ саналаа хэлж байв. Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарааж, улс төрийн шинэ нөхцөлд шилжих хэрэгтэй хэмээсэн юм.

Тэрээр “Бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байна. Эвслийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд орсон. Засгийн газрын оруулж ирж байгаа бүх бодлого, зорилт хөтөлбөрүүд УИХ дээр дэмжлэг авахгүй болсоор хагас жил боллоо. Ажил чинь явахгүй байна. Хамгийн сүүлд АН-ын Гүйцэтгэх зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа. МАХН бас улс төрийн шийдвэр гаргаж байна. Ийм нөхцөлд байгаад байх нь улс оронд улам хортой тусч байгаа. Бодит мэдээлэл нийгэмд очихоо больсон байна. Та асуудлыг аргацаах гэж оролдож байна. Засгийн газрын аргалах оролдлого юуг илэрхийлж байна вэ гэвэл ямар нэгэн аргаар алтаа, нүүрсээ, төмрөө ухъя. Стратегийн ордууд дээр буулт хийгээд ч хамаагүй цааш нь явуулъя. Нөгөө талаар ямар ч үнэтэй эх үүсвэрээр хамаагүй зээл авъя. Дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтийг зээлээр хангаад, аргалаад явъя гэсэн бодлого л харагдаж байна.

Өнөөдрийн уул уурхайтай холбоотойгоор, уул уурхайн бүтээгдэхүүний супер цикль дуусч байгаатай холбоотойгоор, цаашид буюу ойрын таваас 10 жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхгүйтэй холбоотойгоор энэ бодлогоо явуулж байна. Уул уурхайгаас Монгол Улс хамаатай болчихсон. Импорт нь, валютын орлого нь, гадны хөрөнгө оруулалт нь гэх мэтээр. Сургамж аваагүй байна та нар. Уул уурхайн цаана цөөхөн хэдэн томоохон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд бий. Аж ахуйн нэгжүүд чинь эргээд Монгол төрийг дарамтлах, шахалт үзүүлэх арга зам руу орж байна. Зөвшилцлийн гэрээ гэнэ үү, эвлэрлийн гэрээгээр ямар нэгэн аргаар буулт хийхийг шахаж байна. Түүнд нь Засгийн газар хөтлөгдөх хэлбэрт орж эхэлж байна. Ингэж арьсаа хамгаалж байхын оронд эртхэн мэдэгдэл хийгээд, улс төрийн нөхцөл байдлыг шинээр эхлүүлж болдоггүй юм уу. Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар давлаа. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэгийг танай Засгийн газар хэрэглээд дууслаа. Дотоодын бонд чинь дөрвөн их наяд төгрөг давахаар болчихлоо. Арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт 12 их наяд төгрөгийн зээлийн гурван төгрөгийн нэгийг та нар хэрэглэж байна. Эдийн засгийн онц дэглэм тогтоох, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, төсөв орон тоогоо хэмнэх, валютын онц дэглэм тогтоох, шаардлагатай эм, хүнс, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээс бусад шаардлагагүй импортыг хязгаарлах эрс шийдэмгий арга хэмжээг яагаад авахгүй цаг алдаад байгаа юм. Амьжиргаа унаж байгааг харж байгаа биз. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодоос хийгдсэн бүх хөрөнгө оруулалт Монголд үр ашиггүй болоод хувирчихлаа. Нүүрсний салбар уначихлаа. Төмөрлөгийн салбар амиа тавьж байна. Өнөөдөр ноолуур яагаад 40 мянган төгрөгөөс дээшээ гарахгүй байна вэ. Дээрээс нь монгол төгрөгийн худалдан авах чадвар 50 хувь уначихсан. Үүнийг дагаад арилжааны банкнаас малчдын авсан зээл төлбөр гээд иргэнээс эхлээд өрх гэр, аж ахуйн нэгж, засаг төр, Монголбанк, арилжааны банк гээд нийтдээ өрийн сүлжээний гинжин хэлхээнд орчихсон. Ийм асуудлыг бид өнөөдөр ярих ёстой болохоос татварыг тойроод аргалаад байх шаардлагагүй. Хариуцлагагүй л байна. Нийгэм өөр зүйл хүлээж байгаа. Таван толгойг тойрсон улстөрчдөө хар. Нийгмийг хэд хуваагаад хаячихлаа. Орой болгон захиалгатай кино, нэвтрүүлэг гарах юм. Энэ нийгэм цаашаа явахгүй болчихлоо гэдэг нь тодорхой болсоор байна. Тэгэхээр би таныг шийдэл гаргаасай гэж бодож байгаа юм.

Нөгөө талдаа эдийн засгийн уналтын гол буруутнууд нь УИХ-ын гишүүд бид. Гурван жилийн хугацаанд эдийн засаг унахыг харсаар байгаад, цаашдаа улам гүнзгийрэхийг мэдсээр байж цаг нөхцөөсөөр байна. Нэг бол УИХ нь хугацаанаасаа өмнө яаралтай тарах асуудлыг ярь. Дараагийн улс төрийн нөхцөл байдлыг үүсгэж сонгуулийг явуул. Систем чинь нурж байна. Намууд чинь, төр чинь, эдийн засаг чинь, нийгмийн ёс зүй нурж байна. Эргээд Монголын нийгэм хүнд зөрчилд орж ард түмнээ хуваагаад байна. Улс орны нөхцөл байдал туйлын хүнд байдалд хүрлээ” хэмээн хэлсэн юм.