Categories
мэдээ цаг-үе

Д.Сүрэн: Манайхан хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдэж билээ

Тухайн үед гал унтраах багаж хэрэгсэл ийм байв

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

-Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

-Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

-Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

-Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

Зүүн гар талаас эхнийх нь Д.Сүрэн. 1978 он

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

-Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

-Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

-Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

-Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

-Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

-Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

-Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

-Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Вьетнамд махаа гаргах сурагтай

Вьетнам улс манайхаас мах авъя гэжээ. Энэ сарын 20-ны өдөр тус улсын хяналт, шинжилгээний багийнхан манайд ирж махны үйлдвэрүүдтэй танилцаж, махны үйлдвэрлэл стандартын шаардлага хангасан эсэхийг үзэх юм байна. Манайхны зүгээс бог малын мах гаргая гэжээ. Тэднийх ч авъя гэсэн байна. Гэхдээ хөлдөөсөн, түүхий мах авах сонирхолтой юм билээ. Энэхүү экспортод манай улсын 20 орчим аж ахуй нэгж оролцохоор зэхжээ.

Өнгөрсөн онд манай улс ОХУ-д 2217,96 тонн, БНХАУ-д 779,8 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Эдгээр улсуудад гаргасан нийт махны 80 орчим хувийг адууны мах эзэлж үлдсэн 20 хувь нь үхэр, хонины мах байгаа юм. Цаашдаа манай зүгээс хонь, ямааны махыг түлхүү нийлүүлэх бодлого барих гэнэ. Үүнээс гадна Казахстан улс манай махны гуравдагч хэрэглэгч болоод байгаа. Ингэхээр Вьетнам улс нь манайхаас мах экспортолж байгаа дөрөв дэх орон болох нь. Эдгээр орнуудад гаргах махны хэмжээ цаашид өсөх прогнозтой байгааг Махны холбооныхон мэдэгдсэн. Уул уурхайгаас өөр ярих юмгүй байгаа манай улсад мах валютын урсгалыг бий болгох нь гэсэн итгэлийг сэргээж эхэллээ. Болохгүй юм ерөөсөө байхгүй юм. 54 сая толгой мал тал дүүрэн бэлчиж байна. Махны галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тийм болохоор арын ажлыг нь ярих цаг болсныг Махны холбооныхон хэлж эхэллээ. Жишээ нь тэдний санаа зовж буй наад захын ажил гэхэд, одоо Вьетнамд мах гаргалаа гэхэд хамгийн түрүүнд арын хаалганы аж ахуйн нэгжүүдээ тендерт бүү ялуулчихаасай гэхээс эхэлж байна. Ажил алчих вий гэсэн сэтгэл. Учир нь даргын танилууд яадаг гэхээр элдвийн өвчин хуучтай, стандартын бус махыг гаргаснаас болж нэгмөсөн хаачихаж мэдэх аюултай юм. Махны экспорт гэдэг өөрөө тун эмзэг бизнес. Муугаар бодоод хаадагтаа хүрлээ гэхэд Монголын махны экспорт 100 хувь олон улсад хаагдана. Тийм болохоор төр, хувийн хэвшлийнхэн тал талдаа энэхүү асуудал дээр онцгой анхаарал тавих цаг болжээ.

Үүний тулд яах ёстой вэ? Мэдээж манай улс олон улсад тавьдаг шаардлагыг биелүүлэх ёстой. Олон улсад тавьдаг шаардлагатай танилцахад товчхондоо ийм байдаг. Үйлдвэрлэлд ирсэн малын баримт бичгийн хяналт, сэжигтэй малыг хэрхэн тусгаарлаж, устгаж байгааг баталгаажуулах, малын эмчийн хяналт, бүх төрлийн ариутгал, хөргөлтийн бүртгэл, дотоод мониторинг, Мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн хяналт. Эдгээр шаардлагуудыг стандарт болгож, ягштал мөрдөж чадвал Монгол Улс малаа валют болгох хамгийн эхний алхам болно. Эндээс л махны экспортын үйлдвэрүүд Монголд хөгжих нөхцөл бүрдэнэ. Дээрх стандартуудаас гадна монголчуудын уламжлалт ойлголт саад болж байгаа юм. Тухайлбал та бидний шүлсээ залгин хэлдэг “Ай даа, таана мангирын амттай мах уу, мөн ч сайхан даа” гэх үг огт хэрэггүй. Энэ үг бол махны үйлдвэрлэлийн хөгжилд гай болно. Ямарч амтгүй мах байх эхний шаардлага олон улсын стандартад бий. Дэлхийн брэнд махны акулууд болох Австрали, Шинэ Зеланд, Бразил гурван улсын малын махнууд ямар ч амт, үнэргүй байдаг. Эдгээр улсад малынх нь бэлчээрлэж буй орчин нь өөрөө ямар нэг амт шимтгүй өвс ургамалтай, нуга хоолойд бэлчээрлэж байдгаараа онцлог. Малынхаа бэлчээрийг хүртэл ингэж бүрдүүлдэг байна. Олон улсын зах зээл ийм байхад манайхан мангир таана гэсэн домгоосоо салж амтгүй, өвчингүй, өөх тэнцүү байх стандарт руу орох цаг болжээ.

Ер нь бол Монголын хээр талд бэлчээрлэж байгаа 54 сая малынхаа махыг ОУ-ын зах зээлд ашигтай үнээр борлуулж байгаа нь төр засгийн хийж буй сайн ажил. Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед төр үүргээ хамгийн сайн гүйцэтгэж буй хэлбэр энэ. Орчин үед дэлхийн бүх улс орны удирдагчдын хийдэг хамгийн гол ажил нь ард түмнийхээ хийж бүтээсэн баялгийг дэлхийд борлуулж өгөхөд байдаг. Борлуулж өгөх бүх гэрээ хэлцлийг дэлхийгээр нэг амжилттай хийж, үр дүнд нь улс орных нь сан хөмрөг арвижиж, эдийн засаг нь тэлж, хүн ардынх нь амьдрал дээшилж байвал сайн удирдагчтай улс орон байгаагийн шинж юм. Өнөөдөр Путин газ, хийн хоолойн ямар том гэрээнүүдийг Хятадтай хийж чадаж байна. Энэхүү 400 тэрбумын газынхаа гэрээг үзэглэчихээд ямар нүүр бардам эх орондоо бууж байна вэ. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев ураны ямар гүнзгий, урт хугацааны хэлцлээр улс орноо өөд нь гаргав. Барак Обама тэдэн “Боинг” онгоц тэдгээр орнуудад зарчихлаа хэмээн бөөн баяр хөөр, гуяа алгадаад эх орондоо очиж байна. Си Жинь пин гуай өмнө нь Хятадын удирдагч нар төдийлөн очиж байгаагүй улс орнуудаараа сүүлийн жилүүдэд айлчилж наймаа хийж байна. Пакистан, Белорус… гэхчлэн олон оронд очиж Хятадынхаа ард түмний хийсэн бүтээснийг “юм” болгох гээд зүтгэж явна.

Тэгвэл өнөөдөр Монголын ард түмний өнө удаан хугацаанд бүтээж бий болгосон баялаг нь мал, мах байна. Энэ баялгийг л бид олон улсын зах зээлд үнэ хүргэх ёстой. Үүнийг өнөөдрийн төр засгийн удирдагч нар хийх ёстой. Тэгэхийн тулд сая бичсэн маханд тавигддаг стандартуудыг мөрдүүлж, татвар шимтгэлийг нь авч, махаа олон улсад зарвал үржүүлэх үр нөлөө ямар их байхын гайхамшгийг үзэх болно. Махны экспортыг дагаад малаас гардаг бүх л дайвар бүтээгдэхүүн арьс шир, үс ноос бүгд эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаараа орно. Ашгийг нь өнөөх л үржүүлэхийн хүрдээр хүртэнэ. Ашиг шимийг нь үзсэн ард түмэн яадаг вэ гэхээр ажилдаа дэндүү дуртай болно, ажлаа сайн хийдэг болно. Үржүүлэхийн нөлөө гэдэг байгаа байснаасаа хамаагүй дээр гарахыг хэлдэг юм. Тийм болохоор Вьетнамчуудыг монгол хонины маханд улам дуртай болгож аваад цааш том зах зээлээ болгоё. Тэгээд монгол махны маш том борлуулалтын төв нь энэ бүс нутаг болог.

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Ээж нь хоёр настай охиноо зодож, орцонд хөөж гаргажээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиныг ээж нь байнга зоддог гэнэ. Бүр гэрээсээ хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихдэг байна. Хөөрхий охинхаранхуй,хүйтэн орцонд ямар ч хувцасгүй нүцгэн зогсож, хэн нэгнээс аврал эрэн уйлдаг тухай эх сурвалжууд дурдаж байна. Хүүхдээ яаж ч чанга уйлсан ээж нь гэртээ оруулдаггүй гэнэ. Хажуу айлын хүмүүс хаалгыг нь тогшиж хүүхдээ гэртээ оруул гэхээр “Та нарт хүүхдээ яах нь хамаагүй. Хуцалгүй гэртээ орж унт” гээд хаалгаа тайлж өгдөггүй гэнэ. Энэ талаар сумын цагдаад мэдэгдэж дуудлага өгдөг аж. Цагдаа нар ирээд хүүхдээ зодсон Булганаа гэх эмэгтэйд шаардлага тавихаар мөн л хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилдог байна. Аргаа барсан цагдаа нар хөөрхий охиныг ээжийнх ньхамаатны айлд хүргэж өгдөг ажээ.

Энэ талаар Шарын гол сумын иргэдтэй холбогдож асуулаа. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй бидэнд ийм мэдээлэл өглөө. “Булганаа хоёр настай охиноо байнга зоддог юм. Гэртээ оруулаад дотроос нь хаалгаа түгжиж байгаад зоддог. Дээд, доод давхар, хажуу айлынх нь хүмүүс “Хүүхдээ зодохоо боль” гэж хэлэхээр хаалганы цаанаас элдвээр хэлж доромжилж байгаад бүр ч их зоддог юм. Бүр хана мөргүүлж байгаа юм шиг түг түг гэх чимээ сонсогдож охин чангаар хашгирч уйлж байгаад ээрээд дуу нь цаашаа орчихдог. Цагдаа нарт хэлэхээр хүүхдээ зодож болохгүй гэж хэлчихээд яваад өгдөг. Саяхан хажуу айлынх нь залуу аргаа барахдаа “Хоёр настай хүүхдийг ээж нь зодоод орцонд хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн эрх хамгаалдаг байгууллага байна уу” гээдхөөрхий охины орцонднүцгэн зогсож байгаа зургийг фейсбүүк хуудастаа оруулчихсан байна лээ. Манай сумынхан Булганааг сэтгэл мэдрэлийн өвчтэй байж магадгүй гэж хоорондоо ярьдаг юм. Хоёр настай, юу ч мэдэхгүй охин ээждээ зодуулж, нүдүүлж байна. Зодуулснаас болоод өвчтэй болчихож магадгүй гэж айгаад байгаа юм. Бас амиа алдаж ч магадгүй байдалтай байгаа. Уг нь тэр охиних сэргэлэн цовоохүүхэд шүү дээ” гэв.

Мөн охиноо зодож байгаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгддэг залуу “Гурав хоногийн өмнө охиноо зодоож орцонд хөөгөөд гаргачихсан байсан. Хоёр настай охин харанхуйгаас их айсан байсан. Ээж нь тоохгүй болохоор нь цагдаад хэлсэн. Хүүхдээ зодоод орцонд гаргаад хаячихдаг хүнд арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ээж нь тэр охиныгзодоод байвал тэр хүүхдийг асрамжийн газарт хүргэж өгдөг ч юм уу. Ямар ч байсан арга хэмжээ аваасай” гэжээ.

Харин энэ талаар Дархан-Уул аймгийн Гэр бүл хөгжлийн төвийнхнөөс асуусан боловч “Шарын голын цагдаагаас бидэнд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Ийм мэдээлэл алга” гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжингээс өмнө хуулийн салбар ямар байсан тэр дүр төрхөндөө орж эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж Хууль зүйн сайдаар томилогдож байсан. Хуулийн байгууллагын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон ч ажлуудыг эхэлсэн байдаг. Тухайлбал, Гэрч хохирогчийг хамгаалах, Тахарын албаны, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай гэх мэт олон хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хүрээнд Тахарын алба, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх газар гэх мэт олонгазар шинэ нэршилтэйгээр бий болж, хуулийн салбар шинэ бүтэц зохион байгуулалтын горимд шилжсэн. Хуулийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн үйл явдлуудаас болж нэг хэсэгтээ л тус салбарынхны юу нь хаанаа байгаа нь мэдэгдэхээ больж, ажилчид нь “Хуулийн салбарт шинэтгэл хийх хэрэгтэй, цаг нь болсон хэдий ч зарим хуулийн заалт шийдвэрүүдийг таатай хүлээж аваагүй. Хэзээ энэ шинэчлэл нь дуусах юм бол” гэж залхсан байдалтайгаар бүтэн жилийг өнгөрөөсөн юм. Шинэтгэлийн учир начир одоо л нэг юм олдож, ямар газар нь хаанаа байгааг иргэд мэдэж эхэлмэгц дахиад л өөрчлөлт бүтэц зохион байгуулалтын ажлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийж эхэллээ. Тэрбээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг хоёр хувааж, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар хоёрыг салгах шийдвэр гаргасан байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга болсон бол Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Буянбатыг томилжээ.

Улсын мөрдөн байцаах газрын даргаар Наранбаатарыг, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар Буянтөр нарыг томилсон байна. Ингэснээрээ Х.Тэмүүжингээс өмнө нь хуулийнсалбарямар байсан тэр байрандаа очиж буй дүр төрх ойрын өдрүүдэд өрнөж байна. Сураг сонсохнээ хуулийн шинэтгэлийн багцад шинэчлэн найруулагдаж батлагдсан зарим хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж дахин өргөн баригдаж буй мэдээлэл ч байна. Хамгийн сүүлд л гэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн сайд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Шинэ төсөлд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалт, цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулжээ. Мөн цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад зааснаар хэрэгжүүлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Х.Тэмүүжингийн хийсэн цагдаагийн байгууллагын шинэчлэлийг, цагдаагийн хуулийг дахин шинэчлэх болж байгаа юм.

Энэ талаартус салбарын эх сурвалжаас лавлахад ”Цагдаагийн зарим байгууллага салж өөрчлөгдөж буй ч яг хуучин байдалдаа шилжсэн зүйл бараг л байхгүй. Шинэтгэлийн хүрээнд цаашид олон хууль батлагдана. Үүнийг дагаад зарим нэг газруудыг буцаан хуучин нэршлээр нь өөрчилсөн. Хуулийн салбарт бужигнаад байгаа юм алга” гэсэн тайлбарыг өглөө. Харин хуулийн салбарын алба хаагчид үүнийг өөрөөр хүлээж авч байгаа бололтой. Тэдний дийлэнх нь юу болоод байгааг мэдэхгүй байгаа бөгөөд хэрэв ингэж буцаах байсан бол өмнө нь ингэж бужигнуулахгүй байх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм. Улаанбаатар хотын замын цагдаагийн газрыг буцаан Замын цагдаагийн газар болгосон байна. Даргаар нь Ү.Зоригтбаатарыг томилжээ. Энэ мэтээр буцаан хуучин өнгө төрхөндөө очиж буй хуулийн салбар дахин бужигнаагүй байна гэж хэлэх үндэслэл олдохгүй байна. Учир нь Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэдэг нь бараг л хуулийн салбарын тэр дундаа цагдаагийн байгууллагын гол тулгуур газрууд юм. Энэ газруудыг хуучнаар нь байлгаж гэмт хэрэгтэй чиглэл чиглэлээр ньтэмцэжажиллах нь арай боловсронгуй тодорхой, ойлгомжтой байна гэж үзэж буй гэнэ. Нөгөө талаасаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн зарим бүтэц зохион байгуулалтын ажлууд нь практик дээр нийцэхгүй байсан тул ийм алхмууд хийж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа хүн ч байна. Юутай ч цагдаагийн албан тушаал дагасан цолыг болиулсан гээдолон асуудлуудыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Олон ч цагдаа нар цолны асуудалд сэтгэл дундуур үлдэж байсан бол өнөөдөр хуучин хэвэндээ орсон. Шинэчлэлийн нэрээр бий болсон зарим нэг зүйлсэнэ хүрээд дуусахгүй нь бололтой. Цаашид ч бүтэц зохион байгуулалтын үйл явц өрнөх өнгө аясандаа оржээ.Мөн прокурорын мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах тал дээрХууль зүйн сайд анхаарал тавьж байгаа бөгөөд энэ байгууллагыг АТГ-т нэгтгэхэд анхнаасаа таатай хандаагүй хүмүүсийн нэг юм.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

ЦОНХОО НЭЭЕ: Нар харах эрхийн төлөө тэмцэж байна

Баянгол дүүргийн хоёр­дугаар хороонд “Гранд плаза” төвийн замын эсрэг талын 16 давхар орон сууцны иргэд нар харах эрхээ эдлэхээр тэмцэж байна. Оршин суугчид тагт, цонхон дээрээ “Хүүхдүүд бид гадаа тогломоор байна”, “Хөгшид бид гадаа нарламаар байна”, “Hotel биш ногоон байгууламж хэрэгтэй байна” гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсэн лоозон самбаруудыг байрлуулжээ. Орцны үүдэнд оршин суугчидтай ярилцаад зогсч байхад машин орж гарах, хүн зөрөхөд зай тавих хэрэгтэй болж байлаа. Энэ байрны С хэсэгт амьдардаг иргэн Д.Сүхбаатар ам бүл тавуулаа гэнэ.

-Би анхны оршин суугчдын нэг. Анх энэ байрны метр квадратыг 1000 долларын төлбөр хийж авсан. Энэ байрыг Улсын комисс хүлээж аваагүй, бидний ордерыг одоо болтол өгөөгүй. Анх энэ байрыг баригдаж байхад нь бид хөрөнгө оруулчихсан юм. Одоо нэмж энэ байрны А, Б хэсэг нь ашиглалтад орно. Машин битгий хэл хүн явах газаргүй болох нь. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай хуучнаар “Хуашин” гээд рестораны газрыг Гэрэл гэж хүн аваад, “Солонго лайн” гэж компанид зарсан юм. Гэрэлийн эгч гэж ааш муутай эмэгтэй бидний орж гардаг гарцыг хааж тор татчихаад, “Энэ чинь миний газар. Та нар араараа ор” гэдэг. Байрны араар машин орох боломжгүй, ганцхан огцом нарийхан өндөр шаттай учраас настай хүмүүс, хүүхдүүд явах боломжгүй. Энд хүн тайван амьдрах орчин байхгүй боллоо. Манай оршин суугчдын төлөөлөл хотын даргад хандсан чинь “Энэ чинь зөвшөөрөлтэй газар” гэсэн юм билээ. Э.Бат-Үүл “Улаанбаатарын төв хэсэгт нэмж барилга байшин барихгүй” гэж амлачихаад, өөрөө түүнийгээ зөрчиж байна. Энд настанууд нарлаж суух талбай, тоглоомын талбай ч байхгүй. Уг нь юм юмандаа ойр, хотын төвд л гэж энэ байрыг авсан юм хэмээн ярилаа.

Оршин суугч Л.Баян­жаргал:

-Энэ арай хэтэрлээ. Хоёр хүн зөрөх газаргүй болох нь. Маш өндөр үнээр авсан байр. Анхны зургандаа ногоон байгууламжтай байсан. Хүүхэд настай хүмүүс олонтой, маш олон оршин суугчидтай байр. Би дал хүрэх гэж байгаа.Арай хийж гэрээс гараад майжигнаад явах гэхээр машинорж гарч таарна. Хөл тавих газар, амьсгалах агаар ч үгүй болж байна. Барилгын баахан шороо овоорчихсон. Шөнөжингөө пижигнүүлээд амрах арга байхгүй, даралт ихсэж байна. Нойр хүрэхгүй, тавилга, шал бүгдшороо тоосонд дарагддаг. Анхнаасаа барилга бариулахгүй гээд оршин суугчид эсэргүүцсэн. Оршин суугчид газар дээрээ машинаа тавиад, хаагаад телевиз дуудаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хавар болохоор ингээд барилгын ажлаа эхлээд хундамаа тавиад эхэлсэн.

-“Солонго лайн”-ыхан барилгаа барьчихаад, авто­машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барина гэж хэлсэн байна лээ?

-Хичнээн тэгж хэлж байгаа чэнд 16 давхар зочид буудал барьчихаар энэ том байрны оршин суугчид яаж багталцах юм. Тоглоомын талбай нэмж байгуулах нь битгий хэл одоо байгаа хэдэн машин нь зөрж чадахгүй, орцныхоо үүдэнд хүүхдээ таван минут салхилуулаад орохоос өөр аргагүй байна. Ингэж хүний нар харах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Оршин суугчид эсэргүүцээд хүчрэхгүй байна. Мэргэжлийн хяналтынхан ирсэн л гэсэн, зөвшөөрлийг нь өгчихсөн л байна.Манай оршин суугчид шүүхэд хандана гэж байгаа гэв.

Оршин суугчид хуралдаж, мөнгө төгрөгөө нийлүүлээд эсэргүүцлээ илэрхийлж, лоо­зонгоо хэвлүүлэн чадлаараа тэмцэж байгаа гэнэ. 16 давхар зочид буудлын барилгын ажил өрнөж байгаа хашааны үүдэнд самбар байрлуулж, уг барилгын зөвшөөрлийн дугаар, зөвшөөрөл зэрэг мэдээллийг байрлуулжээ. Уг барилгын гүйцэтгэгч Гарнет бриллиант” ХХК-ийн ерөнхий инженер Ө.Гантулга ”Барилга хоорондын зай давхраасаа хамаарч 15-45 метр байхыг шаарддаг. Манай барилга хоорондын зай 45 метр байгаа. Бид дураараа барилга бариагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан төлөвлөгөө, хуулийн дагуу ажиллаж байгаа. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барина. Бүтээн байгуулалт дуусаагүй байна шүү дээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаад зөвшөөрөл өгсөн. Хүүхдийн тоглоомын талбай байгуулна гэхээр оршин суугчид “Амгалан тайван байдал алдагдууллаа” гэх мэтээр гомдол мэдүүлдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 22 цагаас хойш том оврын машин нэвтрүүлдэг.Долоо хоногт нэг удаа цутгалт хийдэг” гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хүчний байгууллагуудад гэрч, хохирогчийг хамгаалсан түүх, туршлага байхгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Уг хуулийн төслийг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Н.Арвинтариатай ярилцлаа.

Тахарын алба ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад үр дүн харагдаж байна уу?

-Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаад, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бүрэн хэмжээнд ажиллах боломж бүрдээгүй байтал татан буулгах асуудал яригдаж байна. Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах алба хүмүүст маш хэрэгтэй байгууллага. Ардчилсан улсад зайлшгүй байх ёстой. Урьд нь хэдэн төрийн бус байгууллага, цөөн тооны эмэгтэйчүүд гэрч, хохирогчийг хамгаалахаар оролддог байсан бол Тахарын алба байгуулагдсанаар анх удаа эрх зүйн бие даасан тогтолцоо бүрдсэн юм. Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд шахалт, дарамтан дор гэрч, хохирогчоо эрсдэлд оруулж байсан ч үе олон бий. Гэмт хэргийг шалгах явцад хохирогч шүүх, цагдаагийн дунд явсаар байгаад амь насаа алдсан тохиолдол ч бий. Төр гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг хүлээж, эрх зүйн орчноо бүрдүүлсэн нь хамгийн том дэвшил байлаа. Энэ тухайгаа Засгийн газар НҮБ-д илтгэсэн шүү дээ. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурлаас ирээд долоо хоноогүй байж ийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлж байгаад харамсч байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах алба жил гаруйн хугацаанд хичнээн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангасан бол?

-Манай байгууллага хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн араасаа, заналхийлэлтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийг байнга мөрдөн мөшгөдөг. Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бид хохирогчийг Тахарын алба руу шилжүүлдэг. Тахарын алба хохирогчид биечилсэн хамгаалалт үзүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд туслалцаа үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Тахарын албаар 20 гаруй хохирогчийг хамгаалуулсан. Өмнө нь шүүх дээр очиход хохирогчийг байрлуулах өрөөгүйгээс хохирогч, гэмт хэргийн холбогдогч хоёр нэг цагт, нэг танхимд сууж мэдүүлэг өгөх болдог байлаа. Үүнээс болж дарамтад ордог, гомдлоо эргүүлэн татдаг байсан. Харин Тахарын алба санаачилж шүүхүүдэд гэрч, хохирогчийг хамгаалах өрөө байгуулсан. Шүүх хурлын үеэр хохирогч өөр өрөөнөөс мэдүүлэг өгдөг болсон. Шүүх рүү ороход тахар хуяглан хамгаалдаг болсон гээд давуу тал маш их бий.

Тухайн хэргийн холбогдогч төрийн бус байгууллага, төр төлөөлсөн хүчний байгууллага хоёрт ялгавартай хандах нь ажиглагдаж байна уу?

-Төрийн бус байгууллагад хэдэн эмэгтэйчүүд л ажилладаг. Өөрсдөө ч аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. Гэмт этгээд хутга бариад дайрах тохиолдол цөөнгүй байдаг. Хамгаалалтын алба дуудахад гэмт этгээдийг явуулахаас өөр арга хэмжээ авах эрхгүй. Ингэж л ажилладаг. Харин Тахарын алба бол гэмт хэргийн холбогдогчид сануулна, хохирогчид ойртохыг хориглох арга хэмжээ авах эрхтэй. Төрийн нэрийн өмнөөс харьцаж байгаа учраас гэмт этгээдүүд шаардлагыг нь дагадаг.

-2012 онд танай төвийн хамгаалалтад байсан эмэгтэй шүүх хурал руу явж байгаад нөхрийнхөө гарт амиа алдсан. Тахарын алба байгуулагдсанаас хойш ийм гэмт хэрэг үйлдэгдэх шахсан, урьдчилан сэргийлсэн жишээ бий юү?

-Хоёр жилийн өмнө бид хохирогчийнхоо хүүхдийг гэрээс нь авах гэж очтол хүчирхийлэл үйлдэгч хүүхдээ булаацалдаж, хамгаалалтын албаны машин дор хэвтэж байгаад гараа гэмтээчихсэн. Үүнээс болж хамгаалалтын албаны хоёр хүн эрүүгийн хэрэгт татагдаж, ажилгүй болсон. Манайхан ч эрүүгийн хэрэгт татагдсан. Харин одоо бид хамгаалах байранд байгаа хохирогчоо аваад шүүх хурал руу явах бол Тахарын албыг дуудаад хохирогчтойгоо хамт хамгаалалтад очдог болсон. Шүүх дээр биеэ хэрхэн авч явах, айж сандрахгүй байх талаар сэтгэл зүйн бэлтгэлийг Тахарын албаныхан өгчихдөг учраас хохирогч айж сандралгүй үнэн зөв мэдүүлэг өгдөг. Хамгаалалтгүй байхад хохирогчид мэдүүлгээсээ буцах тохиолдол их байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдогч хохирогчийг заналхийлэх, эвлэрэхийг гуйх нь их байдаг. Хэсэг хугацааны дараа хүчирхийлэл давтагддаг. Тиймээс хүчирхийллийг богино хугацаанд таслан зогсооход тахарын гүйцэтгэх үүрэг их. Тахарын албыг цаашид улам бэхжүүлэх шаардлага байгаа. Саяхан Өмнөговь аймгаас нэг эмэгтэй нөхөртөө зодуулаад, ууланд гурав хоног бүгсэн мэдээлэл ирсэн. Өмнөговь аймагт Тахарын алба байсан бол хохирогчийг хамгаалах боломж байсан. Энэ мэтчилэн хүний төлөө гэсэн бүтэц зайлшгүй шаардлагатай. Нөхөртөө мөрдөгдөөд хаачихаа мэдэхгүй зовж байсан бүсгүй Тахарын албаны ач холбогдлыг мэдэрч байгаа.

Хүчний байгууллагууд хүнээ хамгаалдаггүй гэж үү. Тахарын албаны үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх боломжгүй юм уу?

-Тэдэнд хохирогчийг хамгаалж байсан түүх, туршлага байхгүй. Монголд анх удаа эрх зүйн орчин бүрдсэн нь Тахарын албаны тухай хууль. Анхны бүтэц нь Тахарын алба. Цагдаа, шүүх гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй. Өмнө нь хохирогч цагдаа, шүүхийн дунд явж байгаад зодуулдаг, амиа алддаг байсан. Тэд хохирогчийг бие бие рүүгээ чулуу шиг шиддэг. Энэ байдал одоо давтагдах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг л биелүүлэх үүрэгтэй. Таслан шийтгэх тогтоол гарсны дараа л шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж эхэлдэг. Тэр хүртэлх хугацаанд хохирогчийг хэн хамгаалах юм бэ.

Цагдаа хамгаалдаггүй юм уу?

-Хамгаалахгүй. Тийм түүх байгаагүй гэж хэлээд байна шүү дээ. Сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байж хохирогчийг хамгаална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил. Хохирогч, холбогдогч хоёрт зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Гэрч, хохирогчийг байрлуулах өрөөг цагдаагийн байгууллагад байгуулж өгч үзсэн. Үр дүн гараагүй. Хохирогчтой харилцах дүрэм журам хүртэл батлуулсан, хэрэгжээгүй. Цагдаагийн хандлага нь хатуу ширүүн юм байна. Бас чиг үүрэг дотор нь хохирогчийг хамгаалах тухай байдаггүй юм байна.

Хямралын үед мөнгө хэмнэх үүднээс Тахарын албаны чиг үүргийг өөр байгууллагууд руу шилжүүлэх гэж байгааг хууль санаачлагчид тайлбарласан. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалахад хэдий хэр зардал гардаг бол?

-Хэн нэг нь хохирох, амь насаа алдах, нөгөө нь гэмт хэрэгтэн болохоос илүү зардал гэж хаана байх билээ. Хохирогчийн амь насыг хамгаалж, өөр нэгнийг гэмт хэрэгтэн болгохоос урьдчилан сэргийлж байгаа нь өөрөө хэмжээлшгүй үр дүнтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хохирогчийг хамгаалах зүйл заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гацчихаад байгаа. Хүчирхийлэл үйлдсэн нөхрийг зан үйлд нөлөөлөх сургалтад албадан суулга гэдэг шийдвэр шүүхээс гаргахад шийдвэр гүйцэтгэгчид биелүүлдэггүй. Хохирогч дахиад л зодуулаад байдаг. Шүүхээс гарчихсан шийдвэрийг биелүүлж чадахгүй байгаа нөхдүүд яаж гэрч, хохирогчийг хамгаалах юм бэ. Боломжгүй зүйл.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбилэг: Таван толгойн хувьцааны үнэлгээг тодорхой, бодитой болгоход анхаарч ажиллана

Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.

Та “Эрдэнэс Таван толгой”-н хувьд хуучин хүн. Асуудлуудаа мэддэг болохоор танилцана гэж цаг авахгүйгээр ажлаа эхэлж байгаа байх. Ямар тактик барьж ажиллая гэж бодож байна?

-Цаг хугацааны хувьд ч тэр, зах зээлийн нөхцөл байдлыг харсан ч хариуцлагатай албанд ирж байна. Хүнд үед энэ албыг авч байгаагаа ухамсарлаж, ойлгож байгаа. Ирж байгаа даалгаврууд, ажиллах орчин, бүх л зүйл таатай биш байна. Гэсэн ч энэ компанид өмнө ажиллаж байсан, санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж явсан, борлуулалт гэсэн чухал хэсгийг хариуцаж ирсний хувьд хийх зүйлийн гол төсөөлөл бол бий. Мэдээж өмнөх ажлаас ачаалал ихэсч таарна. Хариуцлага бол бүр ихэсч байгаа. Сүүлийн үед хүмүүс асуудал ярихаас шийдэл ярихаа больсон юм шиг санагддаг. Миний хувьд ажилдаа нэг зүйлийг зарчим болгож ажиллана. Асуудлаа ч тодорхойлно. Тухайн асуудалд тохирсон шийдлүүдийг ч хайж ажиллая гэж бодож байна.

Анх “Эрдэнэс Монгол”-д ажиллаж эхэлсэн байх аа?

-Тэгсэн, анх 2009 онд “Эрдэнэс Монгол”-д ажилд орж байлаа. Хөрөнгө оруулалтынх нь газар тэдийн засагчаар ажиллаж эхэлсэн.

Ямар асуудал дээрилүү төвлөрч ажиллах вэ?

-Мэдээж “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хөрөнгийг үнэ цэнэтэй болгох тал дээр түлхүү ажиллана гэж бодож байна. Хөрөнгийн үнэ цэнэ гээд ярихаар Таван толгойн хувьцааны асуудал яах аргагүй сөхөгддөг. Хувьцааны үнэлгээний асуудал Таван толгойн орд газрын бүтээн байгуулалтад саад тотгор үүсгэдэг тал бий. Харамсалтай нь өнөөдөр Таван толгойн хувьцааны үнэлгээний асуудал тодорхой биш байгаа. Төрөөс 1072 хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь бодитой эсэхээс эхлээдолон асуудал шийдлээ хүлээж байна. Таван толгойн бүтээн байгуулалтын асуудал яригдахаар л хувьцааны үнэлгээний асуудал хөндөгддөг учраас энэ чиглэлд түлхүү анхааръя гэж бодож байгаа.

Хувьцааны үнэлгээний асуудлыг тодорхой болгохын тулд яг ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөгөө, зорилго бий юу?

-Эхний ээлжинд үнэлгээ нь хэд вэ гэдгийг бодитой, зөв тодорхойлох ёстой. Яг ингэж тэгж ажиллана гэсэн төлөвлөгөө, таамаг хэлэхэд эрт байна.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд шийдэхэд төвөгтэй, бэрхшээлтэй гэж хэлэхээр ямар асуудлууд байна?

-Бэрхшээл зөндөө бий. Жишээ нь зах зээл хүнд байна. Монголын гэлтгүй олон улсыннүүрс олборлогч бүхкомпани таатай орчинд ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Сая миний онцолсон хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэлгээ гэхэд л ашигт ажиллагаатай яалт ч үгүй холбогдоно. Хэдий чинээ ашигтай байна үнэлгээ нь төдийчинээ өндөр байх нь ойлгомжтой. Таван толгойн бүтээн байгуулалт санаснаар явахгүй байгаагийн цаад шалтгаан нь эргээд энэ асуудалтай холбогдчихож байна л даа.

Танай компанийн борлуулалт хэр байгаа вэ?

-Манай компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрс улсын хэмжээнд экспортолсон нийт нүүрсний гуч орчим хувийг дангаараа эзэлж байсан.Энэ жилийн хувьд эхний улирлын байдлаар 56 орчим хувь байгаа. Монголоос экспортолсон нийт нүүрсний талаас илүү хувийг гаргасан гэсэн үг. Өнөөдрийн хувьд борлуулалт саарах хандлагатай болчихлоо. Зах зээлийн хүнд нөхцөл нөлөөлж байна. Мөн Хятадын төрөөс баримталж буй бодлого нөлөөлж байна. Урд хөрш дотоодынхоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Жишээ нь импортын коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тавьчихсан. Энэ татварыг өгснөөр Монголын коксжих нүүрсний өртөг хоёр орчим ам.доллараар нэмэгдэж байна. Зөвхөн нүүрсээ экспортлохын төлөө энэ хэмжээний мөнгийг нэмж төлж байгаа гэсэн үг. Нүүрсний чанар дээр таван элементийн шалгуур гэжтавьсан. Хятадын төрийн дотоодын компаниудаа дэмжих энэ бодлого үр дүнгээ өгч байна л даа. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлынх нь импортын хэмжээ 84 орчим сая тонн байсан юм. Гэтэл энэ оны эхний улиралд 49.7 сая орчим тонн нүүрс л импортоор авсан. Хятадын импортын хэмжээ 40 гаруй хувиар багасч байна гэсэн үг. Урд хөрш 2013 онд 75 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол өнгөрсөн жил 63 сая тонн болж буурсан. Коксжих нүүрсний одоогийн импортыг нь харахаар 15-17 хувиар буурсан тоо гарч байна. Энэ жилийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт ойролцоогоор 50 орчим саятонн болох нь гэсэн таамаг гараад байна. Хэрэгцээ нь багассан учраас ингэж буурсан хэрэг. Өнгөрсөн жил хэрэглээ нь арван хувиар буурсан гэсэн тооцоо бий. Энэ жил дахиад арван хувиар бууна гэсэн таамаг байна.

Тэгэхээр танай компанийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь ээ?

-Мэдээж төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн төлөө ажиллана. Төлөвлөгөөгөө таслахгүйг хичээнэ. Энэ жил найм орчим сая тонн нүүрс гаргана гэсэн зорилттой ажиллаж байна. Эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сая гаруй тонн нүүрс борлуулж байж төлөвлөсөндөө хүрэхээр байна.

Нүүрсний үнийн уналт хэчнээн хувьтай байгаа вэ?

-Нүүрсний гол зах зээлийн хэрэглээ багассантай холбоотойгоор үнэ нь ч дагаад унаж байна. Зөвхөн энэ оны тоон үзүүлэлтийг онцолъё. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 15-17 хувиар уначихаад байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд нэгж бүтээгдэхүүний борлуулж байгаа үнэ багасахаар борлуулалтад яалт ч үгүй нөлөөлнө гэсэн үг. Мэдээж ноднингийнхоо үзүүлэлтийг өсгөх гэж үзнэ. Гэхдээ ноднингийн нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн бол боломж байсан. Нөхцөл хүндэрсэн учраас шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна.

Зүүн Цанхи дээр ажиллаж байсан Австралийн “Макмахон”-ыг хэт өндөр зардлаар олборлолт хийж байна гэсэн шалтгаанаар хэлэлцээ эхлүүлээд удаж байна. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Би өмнө нь борлуулалт хариуцаж байсан учраас үйлдвэрлэл тал руугаа мэдээлэл авах түвшинд л оролцдог байсан. Зүүн Цанхийн операторын үйл ажиллагааны зардал өндөр байдагнь ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа. Үйлдвэрлэл хариуцсан хүмүүс, өмнөх удирдлага гээд бүгд л энэ асуудалд ач холбогдол өгч ажилласан. Одоогийн байдлаар хэлэлцээр дунд шатандаа явж байна. Үр дүн гаргахын төлөө зорьж ажиллана. Гайгүй шийдэлд хүрчих байх.

Урд хөршийн нүүрсний зах зээл дээр хуучин өрсөлдөгчдөөс гадна Мозамбик зэрэг шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Бид юу хийж байж Хятадын зах зээл дээр монгол нүүрсийг үнэ цэнтэй болгох вэ, таны бодлыг сонсъё?

-Хятадад нүүрс экспортлох сонирхолтой орнуудад шинэ бүтээн байгуулалтууд их хийгдэж байгаа. Гэхдээ зах зээлээсээ шалтгаалаад бидний төсөөлж байсан шигээр урд хөршийн зах зээл рүү хүчтэй орж ирж чадахааргүй харагдаад байна л даа. Учир нь өнөөдөр бүх бүтээн байгуулалтаа хийсэн компаниуд хүртэл хүнд байдалд байна. Хятадын нүүрсний зах зээлд шинээр орж ирэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалт нь ид хийгдэж байгаа хоёр, гурван том төсөл бий. Нэг нь Мозамбикийн Маотиз. Коксжих нүүрсний орд газар л даа. Бүтээн байгуулалт нь өрнөж байна. Төмөр замаа бариад эхэлчихсэн. Оросын Эльга бий. Бүтээн байгуулалт нь нэлээд явчихсан.390 км төмөр замаа татсан. Далайн эрэг дээрх боомтуудын бүтээн байгуулалт дээрээ ажиллаж байгаа. Хятадын зах зээлд бага хэмжээний нүүрс нийлүүлээд эхэлсэн. Таван толгойн нүүрсний өрсөлдөх чадвар өнөөдрийн хувьд сайн биш байгаа. Маш том бүтээн байгуулалтуудыг хийж байж өрсөлдөх чадвар маань сайжирна. Өрсөлдөх чадварын хувьд сайн муу хоёр мэдээ бий. Муу мэдээ нь гэвэл бид өнөөдөр хангалттай төвшинд өрсөлдөж чадахгүй байна. Сайн мэдээ нь гэвэл бидний өрсөлдөгчид бүтээн байгуулалт, бүх юмаа тултал хийчихсэн. Байж болох хамгийн бага зардлаар нүүрсээ экспортолж байгаа. Гэтэл бидэнд амжуулах бүтээн байгуулалт их бий. Төмөр зам, боловсруулах үйлдвэр зэргээ барьчихвал нүүрсээ экспортолж буй одоогийн зардлаа өчнөөн ам.доллараар бууруулах бололцоотой. Бидэнд өрсөлдөх орон зай байгаа гэсэн үг. Манай өрсөлдөгчдөд зардлаа бууруулах өөр ямар ч орон зай байхгүй.

Нүүрснийхээ үнэ цэнийг өсгөхийн тулд хамгийн эхлээд төмөр замын бүтээн байгуулалт яригдаж таарна. Төмөр зам баригдвал тээврийн зардал дээр гэхэд хэдэн ам.доллар хэмнэхээр байна?

-Төмөр зам бол хамгийн түрүүнд яригдах асуудал. Үүнтэй зэрэгцээд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт яригдаж таарна. Боловсруулсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж Хятадын эцсийн хэрэглэгчдэд хүргэвэл монгол нүүрсний үнэ цэнэ өснө. Төмөр зам баригдсанаар зөвхөн тээвэрлэлтээсээ гэхэд арав орчим тэрбум ам.долларын хэмнэлт гаргана. Хэмнэсэн арван доллараараа зах зээлээ тэлье гэж ярьж байна.

Зах зээлээ тэлнэ гэдгээ тодруулаач?

-Тээврээс хэмнэсэн мөнгөөрөө Хятадын нутаг дэвсгэр рүү илүү гүн нэвтэрье гэсэн санаа л даа. Цаашаагаа 200-300 км тээвэрлэж чадна гэсэн үг. Өнөөдрийн хувьд уурхайн амнаас хил хүртэлх нийт зардал маань 17-20 орчим ам.доллар болдог юм. Хэрвээ төмөр зам барьчихвал 7-9 ам.долларын хооронд тээвэрлэх боломж гарч ирнэ. Хэмнэсэн мөнгөөрөө Хятадын гүн рүү нүүрсээ зөөж, зах зээлээ тэлэхэд анхааръя гэсэн төлөвлөгөө бий. Нүүрсний өрсөлдөх чадварын тухайд газар зүйн өрсөлдөх чадвар гэж бий. Яг хэдэн км-ийн цаана зарж чадаж байна гэдгээр нь хэмждэг зүйл л дээ. Бидний яг өнөөдрийн хүрч чадах хил хязгаар Өвөр Монгол төдийд байна. Энэ хүрээнд л өрсөлдөж байна гэсэн үг.

Нүүрсээ борлуулах зах зээлийнхээ хүрээг тэлчихлээ гэж төсөөлье. Урд хөршийн зах зээлийн коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээтэр хэрээр нэмэгдэж таарах уу?

-Нэмэгдэнэ. Тэлэгдсэн хэсэгт бидний тооцоолж байгаагаар ойролцоогоор 70 орчим сая тонн коксжих нүүрсний хэрэгцээ бий. Ийм том зах зээл рүү орохоор бидний зүгээс нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.

-“Чалко”-гийн өр юу болж байгаа вэ?

-“Чалко” компанид нүүрс нийлүүлж байгаа. Нийлүүлэлтэд зах зээлийн таагүй байдал, зам тээвэр гэсэн хоёр шалтгаан нөлөөлж байна. Засгийн газраас нүүрсийг шороон замаар тээвэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж тээвэрлэлтийн өртөг нэмэгдэх байдал үүссэн. Ийм шалтгаануудаас болж борлуулалт саараад байна. “Чалко”-гийн өрийг дарсангүй гэдгээр “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг дүгнэх гээд байдаг. Зүй нь “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг ашигт ажиллагаагаар нь дүгнэх учиртай. Өр дарна гэдэг бол “Эрдэнэс Таван толгой”-н нэг зорилт мөн. Гэхдээ үндсэн зорилго байж болохгүй л дээ. “Чалко”-гийн өрийг үндсэн зорилгоо болгоод, энийг л даръя гээд зүтгэсэн бол өнөөдөр манай компанийн үйл ажиллагаа доголдох эрсдэл байсан. Учир нь “Чалко”-д нийлүүлэх нэг тонн нүүрсийг гаргаж ирэхэд бараг л дарж буй өрний хэмжээний зардал гаргаж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Чалко” компанитай шийдэл хайх зорилгоор хам­тарч ажилласан. “Чалко” компанийн өрийг тодорхой хэмжээгээр хойшлуулах талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Зөвхөн энэ компанийн өрийг дараад явбал “Эрдэнэс Таван толгой” компани ямар ч мөнгөгүй болох эрсдэлтэй тулах байсан. Ийм нөхцөл үүсвэл “Чалко”-д нүүрсээ авч чадахгүй байдал үүснэ. Хоёр тал энэ эрсдлүүдээ бодолцож, харилцан ойлголцоод явж байгаа.

Таван толгойн менежмэнтийг хувийн компаниудаар хийлгэх асуудал олны анхааралд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Энэ асуудалд байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Энэ бол ерөөсөө л улс төрийн шийдэл.УИХ асуудлыг шийднэ. Миний хувьд гүйцэтгэгч учраас УИХ-ын гаргасан шийдвэрийг дагаж ажиллахл үүрэгтэй.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Байгаа хуулиудаа хэрэгждэг болоход анхаарна

Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн өдрөөр ногоон орчны ирээдүй, ногоон бодлого төлөвлөлт зэрэг асуудлуудыг хөндөж тус намынхан баярын хурал хийлээ. Энэ үеэртус намын дарга О.Бум-Ялагчаас дараахь тодруулгыг авсан юм.

Намын тань ой боллоо. Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсан түүхийг дурсаач. Дэлхийн ногоонтнуудын Монгол дахь гар хөл гэж ч яригдах болж?

-Бид 25 жилийн өмнөх гуравдугаар сарын 9-нд Монголын Ногоон нам байгуулагдаж байгааг тунхаглан тавдугаар сарын энэ өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж байсан түүхтэй. Бүр анхдагчдын тухай яривал 1988, 1989 онуудад Ногоон зам, Монголын ногоонтнууд гэх мэт хөдөлгөөнүүд байгуулж байгаль дэлхийг идэвхтэй хамгаалж эхэлсэн байдаг. Тухайлбал, Хөвсгөл нуураа хамгаалж фосфоридын ордыг эсэргүүцэж, Мардайн асуудлыг тухайн үеийн сэхээтэн залуус дэвшүүлэн тавьж байсан. Энэ хүмүүс МоАХ-г үүсгэн байгуулахад ч гар бие оролцож байж. Ингээд Монгол Улсад олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөхөд байгаль экологио гэсэн сэтгэлтэй хүмүүс эвлэлдэн Монголын Ногоон намыг байгуулан өнөөг хүртэл авч ирсэн түүхтэй. Ногоон үзэл баримтлал гэдэг бусад намынхаас нэг л зүйлээрээ ялгардаг. Даян дэлхийд байгаа бүх нам хүний амьдралыг сайжруулах туйлын зорилготой. Ногоонтнууд бол даян дэлхийгээ хамгаалж үлдэнэ гэсэн үзэлтэй. Эх дэлхийгээ хамгаалах замаар хүн төрөлхтнийг урт удаан хугацаанд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Тиймдээ ч бид бусад намууд шиг хүчирхийллийн аргаар бүхнийг шийдэхгүй, энхтайвны, зөвшилцлийн аргаар явах ёстой гэсэн туйлын итгэл үнэмшилтэй байдаг. Эдийн засгийн тухайд өрсөлдөөн дээр тулгуурласан эдийн засаг явуургүй юм. Эв, хамтын буюу бүх талуудын эрх ашгийг тусгасан замаар асуудлуудаа шийдэж байх ёстой гэж үздэг.

Улс төрийн ууган хүчнүүдийн нэг ч гэлээ парламентад суудалгүй, гишүүнчлэл цөөтэй гэх мэтээр үр дүн багатай байна уу?

-Монголын Ногоон нам анх байгуулагдахдаа гурван мянган гишүүнтэй, 12 мянган дэмжигчтэй байсан байна. Хамгийн их санал авсан тохиолдол нь 2008 онд 65 мянган сонгогч манай намыг дэмжсэн байдаг. Харин өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авсан. Өнөөдрийн тухайд хоёр мянга гаруй хатуу гишүүнчлэлтэй байна. Гишүүнчлэл нэмэгдэх хандлагатай байгаа.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ төлөө ямар үр дүнтэй ажил хийсэн байна вэ?

-Шинэ Үндсэн хуулийг батлагдахад Монголын Ногоон нам 1992 онд 16.2 дахь заалтыг оруулсан нь бидний бахархал болсон үйл явдал байсан. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж. Энэ заалтаас үндэслээд хүний амьдралын баталгаа бүрдэх ёстой. Агаарын бохирдол, усны бохирдол, эрүүл аюулгүй хүнсээр хангах, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах гэх мэт эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрх зүйн зохицуулалт байх ёстой. Тодорхой хэмжээнд асуудал явагдаж байна.

Өнөөгийн ногоон үзэл, бодлогын хэрэгжилтийн тухайд?

-Яахав байгаль орчны хууль эрх зүй үнэхээр сайн гэж дүгнэдэг. Гэхдээ тодорхой хуулиуд дээр ухралт гарчихаад байгаа. Та бүхэн мэднэ. Цацрагийн идэвхийг зохицуулах тухай хуулийг 2009 онд улс төрийн шийдлээр С.Баярын Засгийн газар хүчингүй болгож байсан. Үндсэн хуульд зааснаар хүний аюулгүй орчинд амьдрах таван чиглэл хуулийг гаргах ёстой ч гурвыг нь гаргачихаад байна. Гэхдээ манай нийгмийн сул тал нь сайн хууль баталж гаргаад байгаа ч огт хэрэгждэггүй. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл улс төрийн хүрээнд байдаггүйтэй энэ бүхэн холбоотой. Үүнийг Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс харж болно. Хэрэгжихгүй байсаар Дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргаад маш их мөнгөн ус, цианит натрийг импортоор оруулж ирчихээд сууж байна. Байгаль дэлхийтэйгээ зарлаагүй дайн хийж байгаа хэрэг. Энэ хууль хүчингүй болсноос хойш Улаанбадрахын асуудал босч их хэмжээний уран олборлоход бэлэн болчихоод байх шиг байна.

Ногоон үзэл, эко орчин гээд уул уурхайгаас 100 хувь татгалзчихвал эдийн засаг юу болох билээ?

-Олборлоно. Олборлохдоо байгаль орчинд, хүний амьдрах орчинд халгүй, ээлтэй байна. Даян дэлхийн ногоонтнууд энэ дэлхийгээ хамгаалж авч үлдэх үүрэгтэй хүмүүс. Уран олборловол дэлхий сөнөдөг. Зөвхөн хүн гэлтгүй амьтан ургамалд хамгийн их халтай зүйл. Ураныг хүн анагааж, эмчлэхэд огт ашигладаггүй юм. Ердөө хоёр зүйлд л ашигладаг. Цөмийн цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлд зориулж гарган авдаг. Хоёулаа хүний аюулгүй амьдрах баталгаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг Чернобыл, Фүкүшима нотолдог. Хоёр долоо хоногийн өмнө Нью-Йорк хотын ойролцоох цөмийн станцад гал гарч ихээхэн хохирол учрууллаа. Хичнээн хүн үрэгдсэн, юу болсон нь тодорхойгүй байна. Францад маш их хэмжээний цөмийн хог хаягдлыг булсан нь ил болж байна. Цөмийн технологийн сул тал нь эцсийн шийдлээ олоогүй. Харин нөгөө талдаа үүнийг орлуулах боломж хэд хэдэн хувилбараар нээгдчихсэн байдаг. Нарны энерги, салхины хүч, газрын гүний энергийг ашиглах технологийг бид нээгээд авчихсан. Япончууд ус төрөгчөөр ажилладаг машин бүтээчихээд патентаа үнэгүй аваач ээ гээд уриалан дуудаж байх жишээтэй. Тэгэхээр хүн төрөлхтөн аюултай технологиос татгалзах бүрэн боломжтой болчихсон. Өнөөдөр хөгжил нь их хурдацтай явагдаад энергийн эх үүсвэрийн дутагдалд орчихсон орнууд олборлоод байгаа юм. Бас хөгжөөд задралдаа ойртчихсон орнууд цөмийн зэвсэг хийж байна. Манай улс бол уран олборлох шаардлагагүй. Уранаа зараад мөнгө олох санаа байж болох байх. Гэхдээ уран зарвал хог шаарыг нь заавал өөрийн нутаг дэвсгэртээ булах, эсвэл их хямд үнээр уранаа зарах сонголтын өмнө очдог.

Байгаль орчны төлөө нэгдсэн хүмүүс зорилгоо хэрэгжүүлэх байгаль орчноор бизнес хийдэг болсон гэх шүүмжлэл гардаг. Асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ?

-Зургаан мянга гаруй байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд байна. Түүний 90 хувь нь цаг үеийнх. Юу гэсэн үг вэ гэвэл сонгууль болж эрх баригчид өөрчлөгдөхөд намд ойр байсан хэсэг нь санхүүжээд эхэлдэг. Бас уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас мөнгө шаарддаг хэсэг ч бий гэж дуулддаг. Ийм нөхцөл тогтчихлоо. Юунаас болсон бэ гэвэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалт учир дутагдалтай байгаагийн илэрхийлэл. Төрийн бус байгууллагыг хэн санхүүжүүлэх вэ гэдгийг шийдээгүй. Герман компаниудаас авч байгаа татварынхаа бага хувийг аль нэг төрийн бус байгууллагад өгөхийг хуулиар зөвшөөрчихсөн байдаг. Төрийн бус байгууллагуудын санхүүжилт найдвартай болоод ирэхэд нийгмийнхээ төлөө л ажиллана гэсэн үг.

Та бүхэн цаашдынхаа замналыг яаж тодорхойлж байгаа юм?

-Бид байгаа хуулиудаа хэрэгждэг болоход л анхаарал хандуулъя гэж байгаа. Түүнээс биш шинээр гайхамшигтай хууль гаргаад хэрэгжихгүй бол ямар ач холбогдол байх билээ. Тэгээд ч өнгөрсөн 25 жилд Монгол Улс хуулийнхаа үндсэн шаардлагыг базаад гаргачихаж. Бас байгаль орчноор бизнес хийдэг бус чин сэтгэлээсээ ажилладаг болгох үндсийг тавихад анхаарна.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй

Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн Хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь эдлэхтэйгээ болж, олон улсын тав­цанд бүдгэрч байсан улс орныхоо нэр хүндэд гэрэл гэгээ оруулж, гадаад ертөнцийн хэн бугайтай ч гэсэн таван үг солихтойгоо болсон билээ. Харин өнөөгийн улс төр, нийгмийн болоод улс орны маань хөгжил цэцэглэлт нэг л гацаанд орчих шиг боллоо. Томруулж хэлбэл өнөө социализм, коммунизм шигээ мухардалд орчихов уу гэлтэй.

“Хүмүүнлэг, иргэний ард­чилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг гол зорилгоо болгоно” гэсэн шинэ Үндсэн Хуулийн зорилтыг 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдон үүнийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй байна, энэ зорилтыг биелүүлэх ажилдаа нэн даруй орохгүй бол хо­жимдох аюул нүүрлэж, ний­гэмд гажуудал үүсэж буй учир “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төв­лөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” гаргаж, эдүгээг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Үнэндээ уг баримт бичгийг УИХ нь ч баталж өгдөггүй, “Үндэсний хэмжээний үйл хэрэг юм шүү, бидэнд үүнээс өөр зам үгүй” гэж ярих төрийн түшээд ч байдаггүй, дорвитой шийдэлд хүртэл ажилласан нам ч алга л байна. Энэ дашрамд дурьдахад Үндсэн Хуулийн эдгээр үнэт гол зорил­туудыг чиг баримжаагаа болгож, барьж хэрэгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөж үзээгүй улс төрийн нам, уг хуулийнхаа үр шимийг бүрэн хүртэж ч амжаагүй байж өөрчилсөн буюу өөрчлөхийг санаархаж байгаа улс төрчид­тэй санаа зорилго нийл­дэггүй мянга мянган иргэдийн нэг нь миний бие билээ.

Иргэдийн дунд “Иргэний нийгэм”-ийг цогцлоон хөг­жүүлэхэд гол суурь болж өгөх, эхний хэв шинжийг бүрдүүлэх “Шууд ардчилал, иргэний оролцоо”-ны энэ үйл явц нь зөвхөн ерөнхийлөгчийн нэг санаа буюу сонгуульт хугацаатай хамт алга бо­лох мэтээр ойлгох, эсвэл аль нэг улстөрийн намын сурталчилгаа, бүр ТББ болон гадаадын төсөл, хөрөнгөөр хийгдчих ажил гэж өнгөцхөн ойлгох нь түгээмэл байна.Тэгж ойлгуулах сонирхолтой улс төрийн хүчин, улстөрчид ч байгааг хэлэх хэрэгтэй.

НИТХ-ын дэргэд “Иргэний Оролцооны Хэлтэс” гэж 2012 онд Нийслэлд төдийгүй Мон­голд анх удаа цоо шинэ хэлтсийг байгуулсан нь нийслэлийн иргэд, удирдлагууд нь улс орны, тэр дундаа Нийслэлд тулгамдаад байгаа олон олон асуудлыг шийдэх, хөгжлийн цаашдын замналын гол утга учир нь иргэдийн орлцоо, түүнд тулгуурласан зөв зүйтэй бодлого байх нь зүйтэй гэж үзсэний бодит үр дүн юм. Тиймээс энэ хэлтсийн ажилтны хувьд өөрт байх зарим тоо баримт, бодол санаагаа цухас дурдъя. Дээрхи баримт бичгийн гол зорилго нь иргэд эцсийн шийдвэр гаргадаг байх, тэдэнд мөнгө санхүүгийн эрх мэдэл олгох, товчхондоо төлөөллийн ардчилалд байгаа төвлөрсөн эрх мэдэл, баялгийн хуваарлалт зэргийг иргэдийн мэдэлд тайван замаар шилжүүлж, шууд ардчилал болон төлөөллийн ардчилал хоёрын шүтэлцээг зөв тогтоож өгөхөд оршиж байна. Энэ гол зорилтын утга санааг нийслэлийнхээ иргэдэд хүргэхийн тулд тус хэлтсээс “Манай хороо-Миний оролцоо” сэдэвт сургалт, мэдээллийг 2013 онд зохион байгуулахад 32000 иргэн хамрагдсан байдаг. 2015 онд бид их, дээд сургуулиудын нийгэм, хууль эрх зүйн эрдэмтэн багш нартай хамтран бүр өргөн цар хүрээтэйгээр сургалт, мэдээлэл өгөхөөр төлөвлөн, бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгаад байна.

Ерөнхийлөгчийн санаачил­сан “Иргэдийн оролцооны хууль”-ийн төслийг өргөн ол­ноороо хэлэлцэж байна. Тус хуулийг анх удаа www.cityhall.gov.mn цахим хуудсаар бүх нийтээрээ хэлэлцэх бо­лом­жийг бүрдүүллээ. Энэ хуудсанд Нийслэлийн “Ир­гэний оролцоо”-ны талаархи бүхий л мэдээлэл тавигддагийг дашрамд хэлье.

Тус хэлтсээс 2014 онд Нийслэлийн Иргэдийн Тө­лөө­лөгчдийн Хурлын дар­га Д.Баттулгын 05 тоот захирамжийн дагуу Нийс­лэлийн 152 хорооны 15000 өрх айлд хүрч, олон нийтийн болон нийгмийн ухаанаар суралцаж буй их, дээд сургуулийн оюутан, багш нартай хүч хавсран ажиллаж, 14696 өрхөд хүрч “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа болон дүүрэг, хороодод иргэний оролцоо хөгжиж байгаа эсэх” гэсэн мониторинг судалгаа явуулахад хамрагдсан хү­мүү­сийн 81 хувь нь “Шууд ард­чилал, иргэдийн оролцоог дэмжиж байна” гэж, 61,54 хувь нь “Шууд ардчилал, иргэдийн оролцоонд идэвхийлэн оролцоно” гэж хариулсан юм. Үүнээс үзэхэд Үндсэн Хуулийн зорилт биелэх үндэс суурь, үнэт зүйлс эх оронд минь бэлээхэн байж байна.

Нийслэлд одоогоор 140 гаруй иргэний танхим байгаа нь нааштай дүн хэдий ч 50 орчим хувь нь идэвхигүй байдалд, оромдох, дүр эсгэх төдийхөн байгаа нь тухайн дүүрэг, хороодын удирдлагаас ихээхэн хамааралтай байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь иргэдийн дунд намчирхан талцах байдал нилээд гүн шингэсэн нь “Иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх” үндсэн зорилтонд хүрэхэд учрах томоос том бэрхшээл болж байна. Энэ нь нийслэлчүүд бидний “Найрсаг Улаанбаатар” гэсэн зорилтонд ч бас тээг болох нь дамжиггүй. Найрсаг байя гэвэл эхлээд иргэд бид өөр хоорондоо эв нэгдэлтэй, сонор сэрэмжтэй байх нь хамгаас чухал. Харамсалтай нь шууд ардчилал, иргэний оролцооны хувь заяанд шууд нөлөөлөх “Улстөрийн намын хууль” болон “Сонгуулийн хууль”-д доривтой өөрчлөлт оролгүйгээр, мөн л 2008, 2012 оныхоо дүр төрхөөр 2016 онтойгоо учрах магадлал өндөр байна.

Иргэд бидэнд өнөөдрийн хөгжил дэвшлийг маргааш болгох, маргаашийг нөгөөдөр болгох сонирхол үнэндээ байхгүй билээ. Иргэд олон түмэн өөрсдийнхөө хүчийг төсөөлснөөс ч хавьгүй их гэдгийг тэр болгон ухаар­даггүй. Энэ их хүчийг иргэд бид эв нэгдэлтэй болж байж л мэдэрнэ. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж манай ард түмэн хэзээнээс сургасаар ирсэн.

НИТХ-ын Ажлын Албаны Иргэний Оролцооны Хэлтсийн ажилтан

Б.ӨЛЗИЙСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Тарьсан модоо ургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-БОНХАЖЯ-наас “Нэгсая мод ургуулах” хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн бямба гаригт“Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. Нэлээд өргөн хүрээнд өрнөж байгааэнэ хаврын мод тарилтын онцлог юу байна вэ?

-Таны хэлдгээр энэ хавар монголчууд нийтээрээ нэлээд өргөн хүрээнд мод тарьж байна. БОНХАЖЯ-наас санаачлан эхлүүлсэн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий эрхэм зорилго бол зөвхөн Улаанбаатарт биш улс даяар бүх нийтээрээ мод тарьж, хамгийн гол нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа. Хөдөлгөөндиргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийндагуу уламжлал болсон“Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд бид энэ өдрийг урьд жилүүдийнхээс илүү үр дүнтэй болгохоор хичээж, улс орон даяар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж, зохион байгуулжажиллалаа. Хөдөө орон нутаг, нийслэлээс ирсэн урьдчилсан мэдээгээр“Мод тарих өдөр”-т 50 мянга гаруй иргэн, 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600 мянга гаруй мод тарьсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймгуудад мод тарих ажил хойшилж ойрын өдрүүдэд нөхөн тарьж байна. Бид улс даяар өрнүүлж байгаа хөдөлгөөнд ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аянд идэвхтэй оролцсон аж ахуйннэгж, байгууллагыг шалгаруулах уралдаан мөн зарласан. Хөдөлгөөний эхний үр дүн яаж гарч байна вэ гэдгийг ирэх аравдугаар сарддүгнэнэ. Энэ жилийн “Мод тарих үндэсний өдөр” Монголдбайнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны25 жилийн ой, аугаа их Ялалтын 70 жилийн ойтой давхацсанаараа онцлогтой байлаа.Ингэжтүүхэн өдрүүд давхацсан нь эх орныхоо ногоон байгалийн төлөө сэтгэл, зүтгэл гаргасан бүх хүнд бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсон. Бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд УИХ-ындарга, гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын холбооны улс,Бүгд найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстанулсуудаас Монголд суугаа Элчин сайдууд ирж оролцсон. Энэ үеэр “Парламент төгөл”-ийгҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.

-Тарьсан модоо ургуулахгүй байгаа тухай шүүмжлэл их байна. Модыг ургуулахын тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-БОНХАЖЯ энэ жил тарьсан мод бүрийг ургуулах уриалга гаргаж, үүнийгээ бодит ажил болгохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мод бүхнийг чиптэй болгох хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргасан. Тарьсан мод бүрийг цахим бүртгэлд оруулж, тухайн модыг хэн тарьсан, ургалт нь ямар байгаа зэргийг хянах, нөгөө талаас тарьсан модыг эзэнжүүлж, хяналт тавих боломжтой болж байгаа юм. Өмнөхжилүүдэд тарьсан модны 60 орчим хувь нь ургасан гэх судалгаа бий. Тийм учраас тарьсан модооургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой.

-Модны тарьц, суулгацыг хаанаас яаж бэлтгэдэг вэ. Зарим хүмүүс ойгоосзулзаган мод авчирч суулгадаг гэж ярих юм?

-Байгалийн ойд ургасан модноос нэг ширхэгийг ч авчирч суулгаагүй гэдгийг хатуу хэлмээр байна. “Бүх нийтээр мод тарих” өдрийг угтаж тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Ойжуулалт-2015” нэртэйгээр зохион байгуулсан. Гурав хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд нийт 35 аж ахуйн нэгж оролцож, 16 000 орчим суулгац зарж, 32 сая төгрөгийн борлуулалт хийснээс гадна суулгац нийлүүлэх гэрээнүүд хийгдсэн байна. Өнөөдөр улсын хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим аж ахуйн нэгж байна. Мөн манай яамны харьяа ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэдхот суурин газар шилжүүлэн суулгахад бэлэн болсон стандартын суулгац таван сая 400 мянга орчим байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 600 мянга орчмыг иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авч суулгаад байна. Мод сөөгний тарьц, суулгац худалдан борлуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг БОНХАЖЯ-ны цахим хуудсанд байршуулсан тул ямар төрлийн суулгац худалдаж авч болох вэ, яаж суулгаж, ургуулах вэ гээд бүх мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.

-Хуулиар 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих үүрэг хүлээсэн байдаг. Иргэдийн идэвх хэр байна вэ?

-Ойн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой. Хэрвээ биеэр оролцож мод тарьж чадаагүй бол хандив өгөххуулийн заалттай. Нэг модыг 5000 төгрөгөөр тооцож, тухайн үед ханш тогтоосон байсан. Одоо харин зах зээлийнх нь ханшаар тооцоод мод тарих мөнгөө санд нь хуримтлуулчих юм бол ойг нөхөн сэргээхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно. Ер нь хараад байхад ийм бүх нийтийн хөдөлгөөнд асуудал болгоныг улстөржүүлдэг, шоу болгодог нөхдүүд л хамгийн муу оролцдог юм байна. Ярьдаг шигээ хийдэг болоосой л гэж хүсэх байна даа. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх зэвсэг нь ой модоо хамгаалах, тарьж ургуулах гэж үздэг. Өнөөдөр Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, тоосжилт аюулын харанга дэлдэж байна. Хот суурин газарт амьдрах нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дундаж нь 24 мкв, гэтэл нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.2 мкв байгаа. Энэ тоо дэлхийн дунджаас 7.5 дахин бага байгаа нь бид юм бодох цаг болсон гэдгийг анхааруулж байгаа том сануулга. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Ой мод хүчил­төрөгч ялгаруулж, агаарыг цэвэршүүлж, экологийн тэнц­вэрийг хадгалж, усыг эргэлтэд оруулдаг гээд тоочвол асар олон ашиг тусыг өгдөг. Тийм учраас бид ирээдүйг харж, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж байна. Монгол хүн бүр байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдөө идэвхтэй оролцож, ядаж нэг мод ургуулахын төлөө хичээж ажиллаасай л гэж уриалж байна.

Л.МӨНХӨӨ