Categories
мэдээ цаг-үе

Зусланд гарах цагаар зам засварын ажил эхлэх нь

Өнөө жил нийслэлд нэлээд хэдэн газарт зам засварын ажил хийгдэнэ. Тэрэн дундаа зуслангийн чиглэлийн замыг өргөтгөж шинэчлэхээр болоод байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Иргэд “Зургадугаар сарын нэгнээс зуслангийн замыг хааж засвар хийнэ гэсэн”, “Наадам хүртэл зуслангийн замыг хааж засна гэж дуулдлаа. Энэ ажлаа зусланд гарахаас өмнө эсвэл, намар хийж болдоггүй юм уу”, “Зам засварын ажил эхэлчихвэл өнөө зун зусланд гарсны хэрэггүй. Хотынхоо байр, байшинд зусвал таарна” гэцгээж замын ажил хэзээ эхлэхийг асууцгааж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ сарын 15-наас зуслангийн замыг хаана гэж олон нийтэд мэдээлсэн.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шарга­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болж инженерийн нарийвчилсан зураг төсөл нь гарчихсан. Уг зураг төслөөр зуслангийн зам нэлээд өргөн болж хоёр талаар нь явган хүний зам барих аж. Шарга морьтын гүүрийг шинэчилж төмөр бетон болгох юм байна.

Өчигдөр зуслан руу явж зам засварын ажил эхэлсэн эсэхийг сурвалжиллаа. Майхан толгой хүртэл явахад ямар нэг зам ангийн бригад, хүрз барьсан ажилчин, машин техник үзэгдсэнгүй.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзвар бүхэлдээ эвдэрчихсэн байна. Асфаль­тан хучилт нь эвдрээд дороос нь шороо гараад ирчихэж. Уулзвараар машин тэрэг нэвт­рэхийн тулд нэгнээ хүлээж, аль болох машинаа эвдчихгүй гээд дов сондуул мэт болсон овоорсон асфальт шороог тойрч, гарцгааж байна. Үүнийг даруй л засч янзлахгүй бол ямар ч аваар осол гарч мэдэхээр юм гэсэн бодол төрнө.

Хандгайт, Шарга морьтын уулзварт ч нэг хэсэг газарт ийм эвдрэл гарчээ. Зуслангийн замын ашиглалтын хугацаа хэдийнэ дуусч, жил бүр л нөхөөс хийсээр сүүлдээ арчилгаа авахаа больсон гэдэг нь харагдлаа. Хөвөөнүүд элэгдэж, зам захаасаа сэтэрч зорчих хэсэг нь нарийсчээ.

Зусланд зусах айлуудын тоо нэмэгдэж, зөвхөн урин дулаан цагт гэлтгүй жилийн дөрвөн улирлын турш байнга оршин суудаг айлууд ч олон болсон, энд. Зуны цагт оргил ачаалалтай байдаг уг замын засварын ажил тавдугаар сарын 20 болчихоод байхад эхлээгүй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Өдийд эхлээгүй ажил хэзээ эхлэх юм бэ. Зургадугаар сар гаргаад эхлүүлнэ гэвэл айлууд зусландаа ирэх нөр их ажилтай давхцаад өнөө зун тоос шороонд дунд зусах нь дээ гэж санаа зовцгоож байна.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзварын замын ажлын зураг төслөөс харвал уг уулзварыг аюулгүйн тойрог болгох юм байна. Тойргийн голд хоёр шарга морь бүхий хөшөө байрлуулах аж. Эндхийн оршин суугч, өндөр настан Н.Дамбаа “Уг нь жилийн жилд л зам анги ирж замыг нөхөөд янзлаад явдаг байсан. Өнөө жил бүр таг болчихлоо. Энэ уулзвар эвдэрч дууслаа. Шинээр зам барих гээд энэ хэсгийг засахгүй байгаа байх. Одоо ч эндхийн замын ачаалал бага байна. Тавдугаар сарын 28, 29-нөөс л ачаалал эрс нэмэгддэг. Цэцэрлэг, сургууль амрангуут л хөл хөдөлгөөнтэй болчихдог. Хүн амын хөдөлгөөн эхлээгүй байхад замаа засчихсан бол аятайхан байсан сан. Одоо ч өнгөрлөө. Хэрвээ замын ажил зургадугаар сард эхэлбэл бид ч тоос шороонд дарагдаж гүйцэх биз” гэж ярилаа. Уулзсан иргэдийн хувьд нэг хэсэг нь зам засварын ажлыг намар, хүн цөөрөх үеэр эхлүүлэх хэрэгтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь одоо даруй эхлээд наадмын өмнө дуусчихвал болно гэж байлаа. Замын ажил хийхдээ усалгааг нь сайн хийвэл дургүйцэх зүйлгүй гэдгээ холбогдох хүмүүст нь дуулгахыг хүссэн юм.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзад­доржоос энэ талаар тодруу­лахад уг замын ажлын тендер Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт гацчихаад байгаа гэлээ. Төлөвлөгөө ёсоор зуслангийн замын ажил энэ сарын 20-ноос буюу өнөөдөр эхлэхээр байжээ.

Өнөө жилийн хувьд замын компаниудад ажил олдохгүй, байдал хүндхэн байгаа аж. Нэг тендерт наяас зуун компани материалаа ирүүлж байгаагаас үзвэл ажил олдохгүй, олдсон жаахан ажил дээр өрсөлдөөн их байгааг илтгэж байна.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шар­га­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван хэсгээр хэсэгчлэн гүйцэтгэж, өнөө жил ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн юм байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар авто замын компаниудад хамтран ажиллах урилга хүргүүлж, Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажлын гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг нь энэ сарын 1-нээс 5-ны хооронд хүлээн авчээ. Сонгон шалгаруулалтад 172 компани чадамжийн мэдээл­лээ ирүүлснээс шаард­лагад нийцсэн 40 оролцогч­доос чухам алинд нь гэрээ байгуулах эрх олгохыг энэ долоо хоногт багтаан Үнэлгээний хороо нь хуралдаж шийдвэрлэхээр болсныг тус газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гадагшаа явж, эзгүй байснаас энэ ажил удааширсан гэж тайлбарлах хүмүүс ч байна.

Авто замын зарим мэргэжилтнүүд “Улс мөнгө төгрөггүй байгаа болохоор өнөө жил замын компаниуд бараг бүгд шахуу ажилгүй, замчид хүнд байдалд байгаа. Хэрвээ улс мөнгийг нь шийдээд өгчихсөн бол компаниуд дулааны улирал эхлэнгүүт л ажлаа эхлүүлчих байсан. Зуслангийн замын хувьд тендерт ямар компаниуд ялсан нь тодорхойгүй байгаа. Шалгарсан компаниудаа зарлаад ажлаа шуурхай эхлүүлнэ гэвэл зургадугаар сар гаргах нь тодорхой. Уг ажлыг өнөө жил эхлүүлбэл яалтгүй ч айлуудыг зусланд гарах цагтай давхцана” гэлээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хорих ял биечлэн эдлэхийг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж үзжээ

-Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна-

Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-д саяхан өргөн барьсан билээ. Хуулийн төслийг шинэчлэн найруулснаар Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ялгамжтай байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, хүний эрх, эрх чөлөө,халдашгүй байдлыг баталгаажуулахад Эрүүгийн хуулийн шинэтгэл чиглэж байна гэж салбарын зарим мэргэжилтэн үзэж байгаа юм. Мөн орчин үед гарч байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, бусдыг эрүүдэн шүүх, орон байранд нь хууль бусаар халдах, нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, хүнийг зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргийг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болох хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас бодитой хамгаалахын тулд хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэргийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулснаар олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинж нь адилхан үйлдэл, эс үйлдэхүйг ялган авч үзэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд заасан 18 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг эрэмбэлэн, давхардал хийдлийг арилгахаар, урьд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулж тусгасан гэнэ. Энэ тухай тоймлон хүргэе.

зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална

Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгох, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган зааглах юм. Түүнчлэн хохирлын хэмжээ гэсэн шалгуур үзүүлэлт бүхий, босго тогтоосон ойлголтыг байхгүй болгосноор гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол гэмт хэрэг биш гэж шийдвэрлэж байгаа ньхуулийн зарчмыг гажуудуулахад хүргэж байна. 2000 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13 удаа өөрчлөгдсөн. Иймд хор уршиг, хохирол шаарддаг зарим гэмт хэргийн тухайд их хэмжээ, ноцтой хохирол гэсэн шинжийг тодорхойлж, хүндрүүлэх нөхцөл байхаар тусгасан аж.

Баривчлах ял долоо хоногоос 20 жил хүртэлх хугацаатай

Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг тодорхой тоочих замаар хуулийн төсөлд тусгажээ. Гэмт хэргийг ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилж, ялыг оногдуулахад харгалзан үздэг байхаар зохицуулсан юм байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзэн тэнсэх боломжгүй болжээ. Харин гэм буруугаа хүлээсэн, хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасахаж. Бүлэглэсэн, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай гэмт бүлэг, гэмт бүлэглэл гэсэн тодорхойлолтыг өөрчилж, томъёоллын зарчмыг нэгтгэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд хүндрүүлэн авч үзэх бодлого баримтлах юм байна.

торгууль төлөөгүй бол хорино

Хуулийн төсөлд ялын төрлийг дараахь байдлаар тусгажээ.Торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих юм байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх, ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих гэнэ.Харин хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байхаар тусгажээ.

Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх аж. Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ.

Хорих ял нь хугацаатай ба бүх насаар хорих гэсэн хэлбэртэй

Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар хэмжигддэг юм байна. Харинбүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бололтой. Суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээроруулжээ.

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлж болох талаар зохицуулалтыг шинээр оруулжээ.

Өсвөр насны хүүхдэд оногдуулах ял

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас, тодорхой төрлийн гэмт хэрэгт 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа урьд уламжлан ирсэн долоон төрлийн гэмт хэргийг тусгасан байна. Эрүүгийн хариуцлага нь өсвөр насны хүн бүрт хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах гэнэ. Хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгажээ. Өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэх аж.

нийт эдлэх ялын хэмжээг тогтооно

Түүнчлэн хэд, хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтыг нэгтгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ялтан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, нэг гэмт хэргийг шийдвэрлэхгүйгээр нөгөө хэргийг шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэдэг шалтгааныг арилгах хэрэгтэй гэж үзсэн байна. Ингэхдээ шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг судалжээ. Судалгаагаар хуулийн дээрх заалтаас шалтгаалж хэргийн шийдвэрлэлт удаашрах, “хэргээ задлах”, “хэрэг наймаалцах” зэрэг сөрөг үзэгдэл гарах болсон гэнэ. Тийм учир хуулийн төсөлдхэрэг бүрт оногдуулсан ялыг нэмэх замаар жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох, ингэхдээ хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн уламжлагдан ирсэн зохицуулалтыг харгалзан үзэж ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг, эсхүл заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор болжээ.

Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна. Иймд хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг зүйлсийг оруулсан гэнэ. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан байна.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутагт гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарсан. Тэр өдрийн 14.13 цагт гал гарсан тухай дуудлагыг хүлээж аваад аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гал унтраасан аж. Гэвч байшинд байсан гурван хүүхдийг аварч чадаагүй. Болсон явдлын талаар тэнд байсан эх сурвалжтай ярилцлаа. Хүүхдүүдийн аав ээж хэцүү байдалд байгаа учраас эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Тавдугаар сарын 8-ны өдөр гал гарсан. Хүүхдүүд өдөр бүр гэртээ цоожлогддог байсан юм болов уу?

-А-ийн хоёр хүүхдийн том нь зургаан настай охин, бага нь хоёр настай хүү байсан юм шүү дээ. Хоёулаа цэцэрлэгт явдаг. Эмээ нь харж байгаад саяхнаас бага охиныг нь цэцэрлэгт явуулдаг болсон юм. Хаа сайгүй цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байна гэдэг яриа гараад байгаа шүү дээ. Хятадын үсний хавчаарнаас бөөс үсрээд байна л гээд байгаа. Тийм хэл үгнээс болоод хоёр хүүхдэдээ чөлөө авчихсан, цэцэрлэгт нь явуулахгүй байсан юм. Харамсалтай нь хэрэг гарах үеэр эмээ нь Алаг-Эрдэнэ суманд байсан. Аав, ээж хоёр нь ажилтай гадуур гарахдаа хүүхдүүдээ гэртээ үлдээчихсэн хэрэг. Хүйтэн шуургатай, хуйсганасан өдөр байсан юм. Гадаа гараад даарчихна гэж бодсон хэрэг. Тийм гай зовлон тохионо гэж яаж таамаглах билээ.

-Арван настай хүү өөр сумаас тэднийд ирчихсэн байсан гэсэн үү?

-Эхнэрийнх нь эгчийн арван настай хүү Түнэл сумаас ирчихсэн. Хичээлээсээ чөлөө аваад, амралтынхаа өдрийг тааруулаад ирчихсэн байсан.

-Аав, ээж нь яваад хэр удсан бол?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гал өдөр гарсан. Үдээс өмнө л аав ээж нь явсан гэж ярьсан.

-Та гал гарсныг яаж мэдсэн юм бэ?

-Галын машин дуугараад, тэдний гудамжнаас улаан гал харагдаад эхэлсэн. Яваад очиход галынхан ирчихсэн. Өнөөх хөөс, усаа цацаж байсан. Гал гэж тамтаггүй. Улаан гал дүрэлзээд, утаа униар гэж хэлэх үг байхгүй.

-Тэнд олон хүн байсан уу?

-Тэр гудамжныхан бараг бүгдээрээ цуглачихсан байсан. Хүмүүс шуугилдаад, дайраад эмх замбараагүй л байсан.

-Галыг хэр хугацаанд унтраасан бол?

-Бараг 16.00 цагийн орчимд гал бүрэн унтарсан болов уу. Их том байшин шүү дээ.

-Хоёр цаг гаруй хугацаанд хүүхдүүдийг гаргаж чадаагүй гэж үү?

-Хамгийн гол нь дуудлага оройтож өгсөн. Гал дүрэлзчихсэн байхад дуудлага өгсөн юм билээ. Онцгойгийнхноос гадна тэнд байсан хүмүүс хүртэл дайраад, унтраах гэж үзээд байсан.

-Хүүхдүүдийн аав ээж хэзээ нь ирсэн бол?

-Аав нь бараг онцгойгийн­хонтой хамт шахам ирсэн. Ээж нь нэг мэдэхэд л ирчихсэн байсан. Бас ээжийнх нь ах ирчихсэн. Тэд бүгд гэр рүүгээ орох гэж зүтгээд онцгойгийнхон хориглоод байсан. Хүүхдүүд нь гал дунд байхад аав ээж нь дайралгүй л яах вэ. Ухаанаа алдчихсан байгаа шүү дээ. Ерөөсөө хүчрэгдэхгүй байсан.

-Цонхны төмөр хаалт, хаалгыг нь онгойлгох боломж байгаагүй юм болов уу?

-Онцгойгийнхныг ирэхээс өмнө тэнд байсан хүмүүс хаалгыг нь эвдчихсэн байсан. Дүнзэн модыг хэдэн талаас нь өргөж ирээд хаалгыг цохиж эвдсэн. Гэхдээ тэр үед гал дүрэлзчихсэн байсан болохоор орж чадаагүй. Онцгойгийнхон ирээд цонх онгойлгох гэж их цаг алдах шиг харагдсан. Гал руу ойртож болохгүй байсан юм болов уу гэж бодсон.

-Онцгойгийн аврагчид байшинд орсон юм уу?

-Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй. Амандаа галаас хамгаалах баг зүүгээд гал руу ороод төд удалгүй гарч ирээд байсан. Хүүхдүүдийн аав бас зэрэгцэж орох гээд дайраад байсан учраас хоёр, гурван аврагч хориглоод байсан.

-Туршлагатай гал сөнөөгчийн ярьж байгаагаар гал гарах үед хүмүүс орон доороо хамгийн түрүүнд нуугддаг. Үүнийг аврагчид мэдэж байх ёстой гэсэн?

-Зургаан настай охин дүүгээ аваад орон доороо хөнжлөөр хучаад хэвтчихсэн байсан байна лээ. Унтлагын өрөөнд аврагчид орсон ч хараагүй гэсэн. Гал нэлээд намжсаны дараа аав нь ороод яг орондоо хүрч байхад аврагчид хориглоод буцаад гаргачихсан юм билээ. Хэрвээ аав нь цаашаа нэг алхсан бол хүүхдүүд дээрээ оччих байсан. Дэндүү харамсалтай зүйл болсон. Галд хүмүүс орон дор ордог гэдгийг мэргэжлийн биш бид яаж мэдэх билээ. Харин аврагчид амьдрал дээр биш гэхэд хичээл номноосоо үзсэн л баймаар юм. Хоёр залуу байшин руу хэд, хэдэн удаа орохдоо орон дор шагайсан бол хүүхдүүдийг олчих байсан юм билээ. Аав нь зөнгөөрөө хүүхдүүддээ ойртсон байх. Харамсалтай нь аварч чадаагүй.

-Арван настай хүү цонхныхоо дэргэд ухаан алдсан гэсэн үү?

-Тэр гэрт байсан хамгийн том хүн шүү дээ. Тэгээд л дүү нараа аврах гэж оролдсон бололтой юм билээ, хөөрхий. Цонхыг гараараа хагалсан бололтой хуруу, гар нь зүсэгдсэн байсан. Бас хагалсан цонхоороо толгойгоо гаргах гэсэн бололтой хүзүү нь зүсэгдчихсэн байсан. Онцгойгийнхон ирэхэд тэр гурван хүүхэд ухаан алдчихсан байсан бололтой. Дуу чимээ гарахгүй байсан. Нялх амьтад амьд гарах гэж чадлаараа зүтгэсэн нь харагдсан. Даанч тэнд байсан олон том хүн яаж ч чадалгүй харсаар байгаад хөөрхий хүүхдүүдийг алдчихлаа. Мөрөн сумын ЗДТГ-ын ажилтнууд, цагдаа, прокурор бүгд байсан шүү дээ. Болсон явдлыг бүгд харсан. Энэ явдлын дараа Жилчиг багийн Засаг дарга бас харамсалтайгаар амиа алдсан. Тийм аймшигтай зүйлийг хараад цочирдоод даралт харвачихлаа.

-Хүүхдүүдийн аав ээжид маш хүнд байгаа нь гарцаагүй. Мөрөн сумын удирдлагууд талийгаачдын араас буяны ажил зохион байгуулъя гэсэн ч аав ээж нь зөвшөөрөөгүй гэсэн.

-27 настай залуучууд шүү дээ. Нэг ангийн хоёр юм. Гэр бүл болоод зургаа, долоон жил болж байгаа. Гэрийн эзэн Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан ирсэн. Эхнэр нь гэр зуураа ажил хийдэг. Боломжийн амьдралтай, сайхан айл байсан юм. Хоёр сайхан үрээ нэг өдөр, нүдэн дээрээ алдах ямар байх билээ. Аав ээж нь тун хүнд байдалд байгаа. Сумынхан нь талийгаач хүүхдүүдийг нутаглуулах ажил явдалд бүгд шахам оролцсон. Ажил явдлын үеэр олон хүн бужигнаад элдэв зүйл бодох сөхөөгүй байсан байх. Одоо хүмүүс нь шингэрээд аав ээж хоёрт улам хэцүү байх шиг байна. Хүмүүст хандаж хэлэхэд бие засах байсан ч хүүхдүүдээ битгий гэртээ цоожлоорой. Харгалзах хүнгүй битгий үлдээгээч гэж гуймаар байна. 10 минут гараад ажлаа амжуулаад ирэхэд арван жил баяр баясгалан бэлэглэсэн үр нь амиа алдах эрсдэл байдаг юм байна. Төсөөлж ч болохгүй гай гэдэг нэг л өдөр нөмөрчихдөгийг мэдэрлээ. Хүүхдээ хараанаасаа битгий салгаарай л гэж аав, ээжүүдээс гуймаар байна. Тэр өдөр гал үүднээс амбаарын дээврээс эхэлж гарсан гэсэн. Цахилгааны утаснаас гал авалцсан юм уу даа. Тийм гай тохионо гэж хэн, яаж таамаглах билээ. Аав ээж хоёр нь өөрсдийгөө буруутгаад хүнтэй ч таван үг солихгүй хэцүү байна. Онцгойгийнхон, аврагчид, тэнд байсан хүмүүсийг буруутгалаа гээд бурханы оронд одсон хүүхдүүд нь эргээд ирэх биш. Хэн нэгэнтэй заргалдлаа гээд өнгөрсөн цаг хугацааг буцааж болох биш. Өөрийгөө зүхлээ гээд араас нь үхчихэж болдоггүй хорвоо хойно. Ийм л гай зовлон, уй гашуу тохиолдчихоод байна. Дахиад олон айл ийм хагацал битгий үзээсэй. Өмнө нь гэртээ байсан хүүхэд галд амиа алдлаа гэдэг мэдээ сонсож, үзээд харамсдаг байснаас сайн ойлгодоггүй, ухаарал авдаггүй байж. Энэ гурван хүүхдийн тухай сонссон, уншсан бүх хүн хүүхдээ гэртээ битгий үлдээж байгаач гэж хүсч байна. Хэцүү, түвэгтэй байсан ч хүүхдээ хөтлөөд, дагуулаад явж байгаарай гэж гуймаар санагдах юм.

Б.ТЭРГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Ачит үйлстэн ээжүүд”-ээс түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслах аяныг өрнүүлжээ

Өнгөрсөн сарын сүүлээр Дорнод аймагт ассан түймэр газар авч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүрсэн. Энэхүү түймрийн уршгаар есөн хүн түлэгдэж, бэртсэний дотор Сүхбаатар сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүлийнхний биеийн байдал маш хүнд байсан билээ. Ийнхүү тавдугаар сарын 1-нд Ц.Очирхуяг, түүний эхнэр Г.Наранцацрал болон нэг настай охин О.Наранмандах нарыг Улаанбаатар хотод авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн билээ. Энэ талаарх сурвалжлага манай сонинд нийтлэгдсэний дараа өөрсдөө түлэгдэж, биеийн байдал нь хүндхэнээс гадна хоттой мал, гэр оронгоо бүгдийг нь түймэрт алдсан тус гэр бүлийнхэнд иргэд, төрийн бус байгууллагууд хандивын гараа сунгах болжээ.

Хамгийн сүүлд гэхэд “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагаас Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар хандивын аяныг өнгөрсөн баасан гаригт эхлүүлжээ. Тэд өөрсдийн фейсбүүк группдээ “Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сумын иргэн Очирхуягийн гэр бүл өөрсдөө болон мал хуй, гэр орон нь түймэрт өртөж байсан хөрөнгө нь юу ч үгүй болтлоо шатаж өөрсдөө одоогоор гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байнаа.Тэдний охин нэг настай. Зулай нь гүйцэд битүүрээгүй хүүхэд болохоор хэдэн хэдэн удаагийн хагалгаанд орохоос эхнийхээ хагалгаанд орсон байгаа юм байна. Бүгдээрээ байгалийн гамшигт өртөн байгаа бүхнээ алдсан энэ гэр бүлд чадал боломжийнхоо хэрээр тусалъя. Та бүхэн мөнгөн хандив үзүүлэх бол: Хаан банк, төгрөгийн данс 5013 1566 62 бол долларын данс нь 5013 1566 84. Хэрэв эд материалын тусламж үзүүлэхээр бол 99178827, 99719188 дугаарын утсаар холбогдох боломжтой” хэмээн бичжээ. Өчигдрийн 12 цагийн байдлаар тус хандивын дансанд нэг сая 200 мянган төгрөг цуглажээ.

Тус ТББ нь 5000 гаруй ээжүүдийг эгнээндээ нэгт­гэсэн бөгөөд нийгмийн сайн сайхан тэр дундаа хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тус­­лах нь тэдний гол зорилго аж. Ийнхүү “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Э.Уянгатай ярилцлаа.

-“Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллага хэдийд байгуулагдсан бэ. Танай ТББ-ын үндсэн чиглэл тань хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах гэсэн байх аа?

-Манай төрийн бус бай­гууллага өнгөрсөн гурав­дугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Эхэндээ үр хүүхэд нь өвдсөн эсвэл хамрын ханиад, суулгалт зэрэг хүүхдэд элбэг тохиолддог эмгэгийг гэрийн нөхцөлд хэрхэн эдгээх талаар нэг нэгнээсээ тусламж авдаг ээжүүдийн фейсбүүк дэх групп байсан юм. Бид зөвхөн гишүүд хоорондоо санал бодлоо солилцдог, нэг нэгэндээ тусалдаг фейсбүүкийн групп байх бус нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа өвчиндөө шаналж байгаа, хүчирхийлэлд өртөж биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд орсон хүүхдүүдэд тусалдаг төрийн бус байгууллага болъё гэж гишүүд маань нэлээн хэдэн сарын өмнөөс ярилцах болсон. Тэгтэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Баттогтох хэмээх нэг нас гурван сартай хүү буцалсан усанд түлэгдсэн харамсалтай явдал тохиолдсоныг олж мэдээд, тэр хүүд туслахаар болсон. Биеийнх нь талаас илүү нь түлэгдсэн хүү гадаадад мэс засал хийлгэхэд 280 сая төгрөг хэрэгтэй гэсэн учраас манай ТББ-аас түүнд туслахаар хандивын аян өрнүүлэхээр шийдсэн. Ингээд л төрийн бус байгууллагаа гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулж, Б.Баттогтох хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлсэн. Хүүд мөнгөн хандив цуглуулахын тулд гишүүд маань хандивын хайрцгаа бариад Нарантуул, Дүнжингарав зэрэг худалдаа­ны төвүүдээс гадна Вива сити хорооллоор ч явсан. Түүнчлэн МИАТ компанийн удирдлагуудтай ярилцсаны хүчинд Б.Баттогтох хүүг ээжийнх нь хамт эмчилгээ хийлгэх орон руу нь үнэгүй зорчуулсан бол аав, эмч хоёрынх нь зардлыг 90 хүртэл хувиар хөнгөлүүлсэн.

-Саяхан вирусийн гарал­тай нурууны саажилттай Энх-Эрдэнэ хүүд тусалсан гэж сонссон юм байна?

-Гурван настай Энх-Эрдэнэ хүү вирусийн гаралтай нурууны саажилттай хэмээн оношлогдсон. Нэг өглөө босоод алхах гэтэл алхаж, гишгэж ч чадахгүй болчихсон гэж эцэг эх нь хэлсэн. Энэ өвчин нь Монголд эмчлэгддэггүй юм байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн жил буюу хүүгийн өвчний онош тогтоогдсоны дараахан аав нь нас барчих­сан учраас ээж нь хоёр хүү­хэдтэйгээ торойгоод үлдсэн. Энх-Эрдэнийн эгч нь тавхан настай.Солонгост хагалгаа хийлгэх боломжтой. Зардал нь 35 сая төгрөг шаардлагатай. энэ хэмжээний мөнгийг өрх толгойлсон, хоёр ч нялх хүүхэдтэй эмэгтэй олно гэдэг үнэхээр хэцүү учраас бид тэр эмэгтэйд туслацгаах болсон. Хамгийн гол нь бид адилхан эхчүүд, үр хүүхэдтэй учраас тэр эмэгтэйн зовлонг маш сайн ойлгож, түүнд чин сэтгэлээсээ туслахыг хүссэн. Манай ТББ дан ганц мөнгөн хандив өгөхийг илүүд үздэггүй. Тухайн өвчин зовлонтой үр хүүхдээ асарч тойглож буй эхчүүдэд сэтгэлийн дэм өгч, гэр оронд нь очиж тусалж дэмждэг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан учраас энэ нь ч багагүй үр дүнтэй байдаг юм шүү.

-Тэгэхээр Энх-Эрдэнэ хүүд туслахын хажуугаар нэг настай балчир үр нь болон өөрсдөө түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслахаар шийдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүхбаатар айм­гийн Сүхбаатар суманд гарсан түйм­рийн улмаас малчин Ц.Очир­хуягийн гэр бүлд тохиолд­сон харамсалтай явд­лын талаарх танай сонин дээр гарсан цуврал ярилцлагыг ТББ-ын нэлээн олон эхчүүд уншсан байна лээ. Өөрсдийн группдээ сонин дээрх ярилцлагын зургийг нь аваад тавьчихсан байсан. Бүх гишүүд маань түүнийг уншаад тэдэнд туслахаар шийдсэн. Гэхдээ хэнд, хэний гэр бүлд туслахаа бид төлөөлөн удир­дах зөвлөлөөрөө ярилцаж, шийдвэрлэдэг. Ингээд хамаг хөрөнгөө гал түймэрт өртөж, өөрсдийн бус хөндлөнгийн шалтгааны улмаас бие нь түлэгдсэн Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар болсон.

Би өмнө нь хэлсэн шүү дээ. Бид бүгд эхчүүд, үр хүүхэдтэй. “Хамаг бие нь түлэгдсэн нэгхэн ойтой бяцхан охин миний охиноос ялгаа юу байх билээ. Чадахаараа туслах юмсан” гэсэн эхийн сүүн сэтгэл энэхүү сайн үйлсийн аянд биднийг уриалсан хэрэг. Бид Хаан банкинд өнгөрсөн баасан гаригт хандивын данс нээсэн. Лхагва гаригийн (өнөөдөр) 00 цаг хүртэл нээлттэй байна. Хандиваар цугласан мөнгө, эд зүйлсийг бид нөгөөдөр эмнэлэг дээр нь аваачиж өгнө.

-Хандивын дансанд цуглар­сан мөнгийг нь өгөх үү, эсвэл түүгээр нь хэрэгцээтэй эм тариаг нь авч өгөх үү?

-Гэр бүлийн гурван гишүүн түлэгдсэн учраас түлэгдсэн арьсанд түрхдэг 60 мянган төгрөгийн үнэтэй тосыг ганц хоёрхон өдөр хэрэглэдэг юм билээ. Мэдээж дан ганц тос хэрэг болохгүй. Түлэгдсэн арьсанд түрхдэг тосноос гадна бинт, боолт зэрэг олон зүйл хэрэг болдог гэсэн. Тиймээс цугларсан мөнгөнийх нь тодорхой хэсгээр тос, боолт зэргийг нь авч өгөөд, үлдсэнийг нь өөрсдөд нь өгнө. Түүнчлэн манай ТББ гишүүд сард 1000 төгрөг цуглуулдаг. Үүгээрээ үйл ажиллагаагаа ч санхүүжүүлдэггүй. Бүгдийг нь энэ мэт өвчин зовлонтой хүүхдүүдэд зориулдаг. Гэхдээ сарын хугацаанд гишүүдээс цугларах 500 мянган төгрөг хангалтгүй учраас хандивын хайрцаг албан байгууллагаар аялуулахаас гадна банкинд хандивын данс нээсэн.

Бид өвчин зовлонтой хүүхдүүдэд нэг удаа мөнгөн тусламж үзүүлээд орхих бус байнга тэдэнтэйгээ холбоотой байна. Шаардлагатай тохиол­долд дахин хандивын аяныг өрнүүлэхэд бэлэн. Хамгийн гол нь бид Энх-Эрдэнийгээ гүй өвчин зовлонгүй дэгж дэрвэж, гүйж явахыг, Б.Баттогтох, О.Наранмандахыгаа тү­лэгд­сэн арьс нь хорсож өвдөхийг мэдрэлгүй инээж, эмнэлгийн ор сахиж биш, үе тэнгийнхэнтэйгээ тоглохыг хармаар байна.

Хандив өгч байгаа иргэд нэг зүйлд их эргэлздэг. Тэр нь “Миний өгсөн мөнгө очих ёстой хүндээ хүрч байгаа болов уу. Эсвэл замаас нь нэг нөхөр хумслаад байгаа болов уу” гэсэн хардлага байдаг. Тэгвэл Хаан банкны хандивын дансны мэдээллийг Ц.Очирхуяг, болон эхнэр нь давхар хянаж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд тус дансанд хандив хийх тоолонд тэдний гар утсанд хэдэн төгрөг, хэдийд орсон талаарх мэдээлэл давхар очиж байгаа. Тэгээд ч бид эхний сүүн цайлган сэтгэлээр туслах гэж байгаа ээжүүд учраас хэнд нь ч “Хэдэн төгрөг зувчуулчихъя” гэсэн атгаг санаа байхгүй ээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Эх орончийн төрх

Баабар ингэж өгүүлэв

Нэг гоё мэдээ олж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороон дээр “улсаас харж үзэн” тарааж байгаа 500 мянган төгрөгөө авах гэж очсон иргэдэд “хог, цахилгааны мөнгөө төлчихөөд эх орны хишгээ ав” гэж буцаажээ. Ард түмнээ үргэлж боддог сэтгүүлчид маань хөөрхий иргэдээ өмөөрөн тус хороон дээр тоос татуулан очиж хүнд сурталтнуудыг байцаасан чинь “төр мөнгө тарааж үүргээ гүйцэтгэж байхад иргэд үүргээ гүйцэтгэхгүй үргэлж л юм нэхэж байдаг” гэж хариулжээ. Зөв, эр хурга! Үнэн шүү дээ, харилцагч хоёр субъект үргэлж биенийхээ өмнө их бага ямар нэг хариуцлага хүлээдэг. Энэ нь хүний нийгмийн зайлшгүй шаардлага. Иргэн ядахнаа хог цахилгааны төлбөрөө өгч иргэний үүргээ биелүүлэх ёстой. Хэрэглэчихээд төлбөрөө өгөхгүй байх нь нийгмийн өмнө төдийгүй өөрт нь үйлчилсэн компанийн өмнө үйлдэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Шулуухан хэлэхэд дээрэм тонуул. Хогоо зөөлгөж, тогийг нь хэрэглэчихээд гөлийгөөд байна гэдэг нь! Авах болохоороо уургын морь шиг, өгөх болохоороо ургаа хад шиг.

АНУ байгуулагдсаны дараагаас иргэн болгон сонгуульд ордоггүй байжээ. Эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байж. Боолчууд өгдөггүй байж. Эхлээд сонсоход дэндүү шударга биш байгаа биз? Тайлбар нь их шударга: Төр гэдэг бол иргэд хамтарч байгуулж өөртөө үйлчлүүлдэг институци. Төр нь аюулгүй байдлыг хамгаална, гэмт хэрэгтнийг нийгмээс салгана, иргэдийн хоорон дахь хэрүүл маргааны асуудлыг шийдэж өгнө, эмх журмыг сахиулах ба үүний тулд олонхид таалагдах хууль дүрмийг гаргана. Үүнд асар их мөнгө орно. Нэгэнт үйлчлүүлэх гэж байгаа бол иргэд үүндээ төлбөрөө төлөх ёстой. Татварт тав ба түүнээс дээш доллар (тэр үеийн таван доллар ч дажгүй мөнгө байсан юм шүү) өгсөн хүмүүс сонгууль өгөх эрхтэй. Одоо шударга сонсогдож байна уу? Хүнийг боолчилж байсныг нь зөвтгөж байгаа юм биш, гэхдээ боолчууд татвар төлөхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэйчүүд алба ажил хашдаггүй гэртээ үр хүүхдээ өсгөдөг учир бас татвар төлдөггүй байж. Нийгэм өөр болж өнөөдөр бүгд л сонгуульд ордог л доо. Гэхдээ анхны сонгуулийн зарчим тийм ч зэрлэг бүдүүлэг юм биш байгаа биз?

Өнөөдөр дэлхий даяараа насанд хүрсэн хүн болгон сонгуульд саналаа өгөх эрхтэй, зарим оронд бүр үүрэгтэй байдаг. АНУ-ын иргэний дайн, Дэлхийн нэгдүгээр дайн зэрэг нь олон хүнийг, түүний дотор эмэгтэйчүүдийг цэрэгт дайчлах болсонтой холбогдуулан бүх нийтээр сонгуульд оролцож байх журам гаран тэр нь бусад орнуудад хуулбарлагджээ. Цэргийн үүрэг биелүүлж эх орны өмнө хариуцлага хүлээж буй учир сонгуульд оролцох бүрэн эрхтэй болж буй хэрэг. Сайхан л байна. Гэхдээ хоцрогдсон ядуу орны иргэдийн ихэнх нь татвар ч төлдөггүй, цэрэгт ч явдаггүй давхаргынхан. АНУ-ын төсвийн үлэмж дийлэнх хэсгийг иргэний орлогын татвар бүрдүүлдэг учир иргэд нь бүгд төрөөр үйлчлүүлэх эрхтэй ажгуу. Гэтэл жишээ нь манайд иргэний орлогын татвар төсвийн ёстой үл үзэгдэх хэсгийг бүрдүүлмэр аядна. Төрийн мэнэжмэнтийг хийх хэсэг хүмүүсийг сонгон шалгаруулахын тулд сонгууль болдог. Сонгогдогч этгээд санал өгөгчдийн дийлэнхид таалагдах ёстой. Татвар төлдөггүй, өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хариуцлага хүлээгээгүй хэсэг нь хүн амын ихэнх нь байвал дивтаат болохыг сонирхогч этгээд тэдэнд л ээлтэй амлалт өгөх шаардлагатай болно. Эцсийн дүндээ нийгмийн дундын хөрөнгө хий цацагдан үрэгдэж, аманд ч үгүй хамарт ч үгүй болохын эхлэл энэ. Дундаа нэг сайхан хурдны замтай болох уу, тэтгэмжийн жаахан мөнгөө хувь хувьдаа аваад архи гудрах уу гэвэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй тэр олонхи масс хоёр дахийг нь сонгох нь дэндүү ойлгомжтой. Ийм нийгэмд үнэндээ шударга ёс ноёлж чадах уу? Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй давхаргынхан улс төрийн сонирхлоор нэн нимгэн байдаг тул сонгуульд оролцохгүй, сонирхохгүй нь дийлэнх. Чухам энэ дэвсгэр дээр улс төрийн намууд өрсөлдөнө. Хүний олонхиор засгийн эрх авахын тулд хариуцлага хүлээдэггүй хэсгийхнийг ятгана, хахуульдана, албадна, хуурч мэхэлнэ, бүтэшгүй зүйл амлана, худалдаж авна, сүрдүүлнэ, барьцаална. Хүн амын олонхи нь нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй, нийгмийн ухамсар дорой газар популистууд бүх нийтийн ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гараад ирдгийн нууц энэ. Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи улс төрийн сонгуульд оролцохоороо мэдээж хариуцлагагүй хандаж таараа. Английн аугаа философич Локкэ “Өлсгөлөн хүн Үндсэн хууль гэхээсээ үмх талхыг дээрд үздэг” гэж онож хэлсэн нь энд тод илэрдэг.

Америкийн нэрт социологич Маслоу “шатлан нэмэгдэх хэрэгцээний тухай” бүхэнд зөвшөөрөгдсөн онол гаргасан юм. Хүний хэрэгцээ олон шатлалтай байдаг гэнэ. Доод хэрэгцээ хангагдаагүй байхад дээд шатны хэрэгцээ буй болдоггүй аж. Доод Шатны хэрэгцээ нь илүүтэй биологийн шинж чанартай. Идэж уух, үржиж олшрох, байгалийн эрхшээлээс ангижруулах оромж зэрэг нь доод шатны хэрэгцээ юм. Ийм хэрэгцээ хангагдаагүй байхад эх оронч мэдрэмж, яруу найраг, гоо сайхан, буян үйлдэх, сайн сайханд тэмүүлэх, хамтын жаргалд хүрэх зэрэг үй олон дээд шатны хэрэгцээ утгагүй байдаг аж. Хэрэв доод шатны хэрэгцээ хангагдаагүй хүн дээд шатны юм нэхэж байгаа бол үнэндээ доод шатны юмаа л илүү “эх оронч” байдлаар шаардаж байна гэсэн үг. Амархан тайлагдана.

Манай орон өргөн дэлгэр нутагтай, хүн ам цөөн, ам км талбайд ноогдох хүний тоогоор дэлхийн хамгийн сийрэгт багтах боловч энэхүү сая таван зуун мянган ам км нутагт эх орончид нь багтахгүй чихэлдэж, саваа халин сагаж байна. Ажаад байхад хоёр төрлийн “эх орончид” байна. Нэгдэх хэсэг нь мэдээж өөрийн биологийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн байтугай олон зуун хувь давуулан биелүүлсэн эрс. Голдуу булхай луйврын аргаар нэг байтугай биед ахдах их хоол цуглуулсан улс. Тэд идэх хоолтой өмсөх хувцастай олон авгайтай мөртөө дээд шатны олон янз хэрэгцээнээс нэг хоёрыг нь л ойлгоно, түүндээ онцгой шунана. Идэж уух хүсэлд нь хязгаар байдаггүй учир эрх мэдлээр биеэ зузаатгахын тулд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи массад таалагдах гэж хайран сайхан цээжээ хонхойж хотойтол нь нүдэцгээнэ. Бүр олны өмнө гээ. Ингэж биеэ хайрлахгүй зүтгэж байж эрэмдэг зэрэмдэг болчих вий гэж өмнөөс нь санаа зовмоор. Нэг мундаг том бөх, наймаагаар сүрхий хөлжсөн нэг лухгар эр, эрх мэдлээ алдаж унтах нойргүй болсон хэсэг хэнхэг гээд иймэрхүү эх оронч хүмүүс зурагтын аль ч суваг асаахад лүглийгээд л, уйлагнаад, эрүүл хүний бөөлжис цутгамаар юм донгосоод л сууж байдаг. Буяны таргаа дийлэхээ больж малийж манцайсан эд өлсөж байгаа ард түмнээ өрөвдөнө гэж яав аа! Өрөвдүүлүүлж байгаа олонхи ч эдэндээ таарсан дэмжигчид. Шударга үнэнийг тунхаглан, эх орны дайснуудыг илчлэн яллаж, хоолойгоо цахиртуулан, нүдэндээ нулимстай нүүр амаа хачин хачин болгох тэдний шүлсний савираа чухамдаа нийгмийн хариуцлага хүлээдэггүй, хүлээх сонирхолгүй олонхийн арчаагүйдээ бүх ертөнцийг зүхэх гоморхлыг тайтгаруулж, таашаал эдлүүлнэ.

Нөгөө хэсэг эх орончид нь амьдралаа авч явах арчаагүй учир биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүйдээ дээд шатны юм нэхэж доод шатны хэрэгцээгээ хангах гэсэн сайхан гарууд. Тэд ажил эрхлэх байтугай усанд ч ордоггүй. Тогтмол ямар ч орлогогүй. Юун татвар төлөх вэ! Ямар үлийний чинь нийгмийн өмнө хүлээх хариуцлага! Ажилд авах зар сонин болгоноор дүүрэн. Эд очихыг хүсдэг ч үгүй, очоод ч шууд гологдоно. Хаана ч юу ч хийж чадахгүй хүмүүс. Нэхэл нь тун хатуу, яая даа гэсэн дэндүү эх оронч. Хөдөлмөрийг бол ерөнхийдөө жигшдэг. Ийм хүмүүс дэлхийн хаана л бол хаана бий. Нью-Йоркийн гол гудамжаар нэг байдаг юм билээ. Гэхдээ тэдний эх оронч дуудлагыг тэр эрүүл нийгэм огт сонсдоггүй, тоодоггүй. Харин Монголд бол од. Яагаад гэвэл манай нийгмийн иргэдийн ихэнх нь нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Хогны болон хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлдөггүй. Бүр ядаж л!

Нэг талаас бүх юмыг мөнгөөр хэмжиж болдоггүй. Гэхдээ л мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдий зүйл биш, маш олон юмны хэмжүүр. Сайхан хоолой гэдэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй ч концертны билет нь аль зэрэг борлогдож байгаагаар бас хэмжиж болно. Эх оронч гэдгийг яаж хэмжих вэ? Орилдгоор нь уу? Дуу чангаар нь уу? Цээжээ аль зэрэг чанга нүдсэнээр нь үү? Хэмжүүр байхгүй юу? Үхсэний чинь Үндсэн хуулийг сахиулах, улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэмд шударга явдал тогтоох вэ! Татвар төлж бусдыг тэжээх маань ч яамай, ядахнаа хүүрэн биеэ хүн шиг аваад явж чадахгүй байж! Нийгмийн өмнө хариуцлагаа мэдэрч хуулийн дагуу татвараа төлөөд явдаг иргэнийг л хамгийн их эх оронч гэмээр санагдах юм. Эх орончид мандтугай.

2011.01.21

Categories
мэдээ цаг-үе

G “Армстронг”-той гэрлэ

“Миний нэр Армстронг. Америк гаралтай би бээр дэлхий хэрсээр 35 хотоор түүхээ зузаалж явна.Талын монголд хөл тавьсан нь хоёр зуун дамнасны хойно учирч байна. Өнөөдөр би 155 нас хүрчээ”.Эл захидлыг модон шалны үйдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Армстронг” брэнд монголчуудад илгээжээ. Дэлхийд хийц,чанараараа танил болсон энэ брэнд монгол гэрийн босго алхахдаа ч олон жилийн баталгаа амлаж, танд “үнэнч” байх тангараг өргөж байна.

Тэгвэл, “Армстронг” брэнд гэж чухам хэн бэ… 155 жилийнтүүхээс нь тантай хуваалцъя.

Брэндийн эцэг “Армстронг”

Шотланд-Ирланд гаралтай цагаачдын хүү, 24 настай Томас Мортон Армстронг хуримтлуулсан 300 ам.доллараараа 1860 онд Америкийн Питтсбург хотноо үйс огтлолын жижигхэн мужааны мухлаг худалдан авчээ. Сүйт бүсгүй нь мөн түүнийг дэмжиж, их хэмжээгээр санхүүжүүлж байсан гэдэг.Азаа ийнхүү сорьсон нь ч түүнд амжилтыг авчирсан юм. Эхэндээ үйсийг гар аргаар зордог байсан бол 1862 оноос техник ашиглан үйсний холтсоор бөглөө хийдэг болжээ. Португал, Испани төдийгүй Хойд Африкийн уудам нутгаас авчирсан үйс модыг ашиглан сайн чанарын лонхны бөглөө үйлдвэрлэж, түүнийгээ 1861-1865 оны иргэний дайны үед Цэргийн эвлэлд нийлүүлэх гэрээ байгуулсан нь хамгийн чанартай лонхны бөглөө үйлдвэрлэгч, нийлүүлэгч болсон аж. Олон нийтэд өргөн хүрээнд танигдах эхлэл нь эндээс тавигдсан гэж хэлж болно. Улмаар Нью-Йоркийн эмийн сангийн компанитай гэрээ байгуулж, дайны дараа Америк даяар түгээлт, борлуулалтын сувагтай болж амжжээ. Ийнхүү брэнд гэх томъёоллыг энэ эрхэм тухайн үеийн Америк оронд нэвтрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр үйсэн бүтээгдэхүүнүүд дээрээ “Armstrong” гэх нэрээ сийлж, худалдаанд гаргаснаар өөрийн бүтээгдэхүүний чанарыг олон нийтэд тунхаглан, хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг. Энэ бол 1864 он байлаа.

Эхэн үедээ Америкийн импортлогчдоос түүхий эдээ худалдан авдаг байсан бол 1878 оноос Испаниас шууд нийлүүлж, боловсруулдаг болсноор бөмбөрцөг даяар үйлдвэрлэлээ эрхэлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Түүнээс ердөө 12 жилийн дараа л гэхэд Томас Армстронг “Armstrong” нэрийн дор нэгдсэн 750 ажилтан бүхий дэлхийн үйсний хамгийн том компанийг босгож чадсан байна.

Армстронг алхам тутамдаа бизнесээ өргөжүүлэн, сайжруулж байв. Тухайлбал, 1890 оноос үйсэн хавтан, жийргэвч, уян хатан өнгөлгөө зэргийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Харамсалтай нь, Томас Армстронг 1908 онд насан эцэслэж, түүний хүү Чарльз Дикей Армстронг аавынхаа бизнесийг залгамжлах болжээ.

Хүү Чарльзийн удирдлага дор “Armstrong” компани хулдаасан шал үйлдвэрлэж эхэлжээ. Английн иргэн Фредрик Валтоны зохион бүтээсэн аргаар шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсон аж. Үйлдвэрлэлийн процессийг энгийнээр тайлбарлавал, үйсний үртэс, ашигт малтмалын хаягдлыг тосны хамт өндөр температурт халааж, нягтаршуулан, улмаар өнгө оруулагч пигментээр өнгөлдөг байжээ. Улмаар Чарльз Армстронгоос хойш “Armstrong Cork”компани хэд хэдэн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн гэдэг. Гэхдээ шинэ ерөнхийлөгч солигдох бүрт Томас Мортон Армстронгийн эхлүүлсэн бизнес улам хөгжин цэцэглэж, бөмбөрцөг даяар чанараараа танигдан, алдар хүнд нь өссөөр байсан юм. Жишээ татъя. 1936 онд уудам Америк орон даяар эдийн засгийн уналтад сөгдөж байхад “Armstrong” компани хамгийн ашиг орлоготой жилийг үзэж гайхалтай амжилт гаргасаар байсан гэдэг.

Иргэний дайны дараа Америкт барилгын шинэ материалын хэрэгцээ асар их хэмжээгээр үүсэн гарав. Үүнийг мэдэрсэн “Armstrong” компани асфальт хавтангийн үйлдвэр хоёр, шилэн хавтангийн үйлдвэр, лонхны бөглөөний үйлдвэр зэргийг шинээр барьжээ. Үүнээс гадна компани нь аж ахуйн цавууны бизнесийг өргөжүүлж, сав баглаа боодлын хэлтэстээ шилэн савны үйлдвэрлэлийг нэмжээ. 1950 онд жилийн борлуулалт 163 сая доллар хүрч, орлого нь түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрэв.

1980 он гэхэд “Armstrong” эргэлт буцалтгүй дэлхийн хэмжээний аж ахуйн нэгж болон өөрчлөгдөж, зөвхөн үйсэн бөглөөний бизнесийн компани байхаа нэгэнт больсон юм.

Өнөөдөр, Томас Мортон Армстронгоос хойш таван үеийн дараа “Armstrong” 10800 ажилчныг эгнээндээ багтаасан өнөр “айл” болжээ. Дэлхийн хэмжээний эл компани олон улсадорон сууцны дотоод заслын болон барилга байгууламжид өргөн ашигладаг бүтээгдэхүүнүүд болох бүх төрлийн шал, тааз, хана, цавуу сэлтийг үйлдвэрлэж байна. Түүнчлэнбарилга, автомашин, нэхмэлийн зэрэг үйлдвэрлэлд өргөн ашигладаг жийргэвч, тусгаарлагч материалыг үйлдвэрлэдэг болжээ. Өдгөө Хойд Америкт керамик хавтан үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг агаад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтаараа АНУ-аас гадна олон улсын зах зээлийн гуравны нэгийг эзэлдэг гэсэн баримт бий.

50 жилийн чанарын баталгаат “Armstrong”-ийн шал

155 жилийн буурал түүхтэй, дэлхийн брэндийн эцэг эл компанийн бүтээгдэхүүн чухам яагаад олон улсад ийнхүү алдар нэрээ түгээж чадсаныг одоо сонирхъё. Чингэхдээ модон шалаар нь жишээ авч танилцъя.

“Armstrong” брэнд модон шаландаа 50 жилийн чанарын баталгаа өгдөг гэвэл та итгэх үү? Тэгвэл “Насны хэрэглээ” байх чанарыг “Armstrong” танд амлана. Дэвшилтэт технологийн “Valinge”түгжээтэй, ус үл нэвтрүүлэх агууламжтай учраас чанараа хэзээ ч гээхгүй аж. Түүнээс гадна үелсэн олон давхаргатай учир хэлбэрээ алдахгүй, агшиж сунахгүй. Орчин үеийн орон сууцуудад өргөн ашиглаж буй энгийн стандартын шал эднийд бий агаад учраас дэлхийн тансаг зэрэглэлийн орон сууцуудад өргөн ашигладаг гэнэ.

/Эндээс ногоон байгууламжийн шагналт зураг орж болно/:“Armstrong” брэнд чанараас гадна байгальд ээлтэй гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ компанийн төв оффис болох “701” барилга нь АНУ-ын ногоон байгууламжийн зөвлөл буюу USGBC-гээс олгодог “Алтан шагнал”-ыг хүртсэн байна. Эрчим хүч, байгаль орчинд ээлтэй байгууламжийг нь үнэлэн эл шагналыг олгожээ.

Харин үйлдвэрлэлийнх нь хувьд “Armstrong”брэндийн модон шал нь хүний биед хортой формальдегид бодисыг арилгаж, саармагжуулах тусгай технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, Е0, Е1 стандарт болон бүх төрлийн хүнд металл бодисын хязгаарыг тогтоосон “Floor score” шаардлагыг хангасан байдаг. “Armstrong”нь ой модыг хамгаалагч “Hardwood Forestry” сангийн гишүүн бөгөөд 1993-2001 онд нийт 1.250.000 мод тариалсан байдаг. Энэ үйлсийг нь үнэлж, 2001 онд АНУ-ын ой мод, байгаль орчин хамгаалагч Гинфорд Пинчот-ын нэрэмжит шагналыг хүртээж байжээ.

“Armstrong”-ийн модон шалны хээ судал нь дахин давтагдахгүй, үй олон сонголттой. Сонгодог Америк, Модерн, Коунтри, Орчин үеийн хэмээн тэдний загварыг ерөнхийлөн ангилж болохуйц аж.

/Сонгодог Америк загварын зураг/:Сонгодог Америк загварт л гэхэд Хойд Америкийн сайн чанарын улаан царс, агч болон пекан модны гадаргууг гараар зорж сийлэн будсан хэв маяг давамгайлдаг. Энэ нь Америкийн эртний сонгодог хэрэглээг тодотгох агаад ялангуяа матт гадаргуу нь сонгодог хэв маягийг тод товруун илтгэж өгдөг. Ихэвчлэн хар бор өнгө ашиглан урласан модон шал ихэмсэг, хээнцэр орчныг таны ертөнцөд бүрдүүлнэ.

/Модерн сонгодог загварын зураг/:Харин Модерн сонгодог загварын хувьд тэгш гөлгөр гадаргуутай ба хөнгөн цайвар өнгө давамгайлна. Хойд Америкийн интоор, хушга, агч мод болон улаан царсаар Модерн сонгодог загварын шалыг урладаг. Модны байгалийн судлыг хэвээр үлдээж, цэвэр модон үзэмжийг тодотгон байгальд ойр мэдрэмжийг төрүүлнэ. Матт болон гялгар гадаргуутай.

/Коунтри загварын зураг/ Тэгвэл Хойд Америкийн пекан, улаан царс, агч мод зэргээр Коунтри загварыг урладаг. Гадаргууг бага зэрэг зорж будсан байх нь тансаг хэв маяг илтгэнэ. Цайвар шаргал, агч модны шаргал, буудайны шаргал ба чулуулаг саарал зэрэг өнгө давамгайлдаг.

/Орчин үеийн загварын зураг/ Орчин үеийн загварын тухайд ихэвчлэн улаан царс болон агч мод ашигладаг боловч нэг хэв маягт автдаггүй. Тэгш гадаргуутай ба модны байгалийн ан цавыг багасган засаж янзалсан байдаг. Гялгар улаан, матт хул болон агч модны өнгө давамгайлна.

“Армстронг” брэндийн хатуу модон шал

Гурав болон олон давхаргат гэсэн хоёр төрөлт хатуу модон шал нь инженерийн шийдэлтэй гэдгээрээ бусдаасялгардаг. Мөн “Armstrong” брэндийн шалны түүхий эд нь модны зөвхөн нэг л үеийг ашигладаг учир илүү тэнцвэртэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, модны үеүд өөр өөр агшилт үзүүлж, эрс тэс шинж агуулдаг учир нэг модыг бүхэлд нь нэг шаланд ашиглахад тухайн бүтээгдэхүүн тэнцвэргүй, эдэлгээ муутай болох сөрөг талтай. Иймд бусад брэндээс ялгарахын тулд модны нэг л үеийг ашиглаж үйлдвэрлэл явуулдагт “Armstrong”-ийн үнэ цэнэ оршино.

Инженерийн шийдэлтэй хатуу модон шал дараах давхаргуудаас бүрдэнэ. Үүнд:

  • 1.Өнгөлгөөний давхарга: Хатуу лакан давхарга нь зурагдаж үрэгдэхээс хамгаалдаг.
  • 2.2 мм-ийн зузаантай зураг, хээ гаргах цэвэр модны давхарга
  • 3.Тэнцвэржүүлэх цэвэр модон давхарга
  • 4.Үелсэн олон давхарга
  • 5.Тэнцвэржүүлэх цэвэр модон суурь давхарга

Ийм шалны үйлдвэрлэлдээ “Armstrong” Хойд Америкийн хус мод болон эвкалипт мод ашигладаг. Энэ нь хамгийн бат бөх, нягтрал сайтай, угсрахад хялбар, үзэмж сайтай, усанд тэсвэртэйг илтгэх чухал үзүүлэлт юм. PPG Lacquer буюу технологийн хувьд хамгийн сайн лакыг ашигладаг үйлдвэрлэдээ ашигладаг. Хэрэглэгч хүсэлтээрээ гялгар болон матт бүрэлтээс сонгох боломжтой. Тэнцвэржүүлэх суурь давхарга нь хус мод юм.

Өөр нэгэн давуу талыг тодотгоход, “Armstrong”-ийн инженерийн шийдэлтэй хатуу модон шаланд формальдегидийн ялгаруулалт хамгийн бага байдаг. “Broadway”, “Beverly Hills”, “Manhattan”гэсэн үндсэн гурван цуврал таны сонголтод ирж байна.

/Бродвэй шалны зураг/: “Broadway”цувралын тухайд гараар урласан тансаг зэрэглэлийн энэ цуврал “Armstrong” брэндийн нүүр царай болно. Суурь материал нь хус мод агаад цулгуй болон байгалийн модон хээтэй гадаргуу бүхий энэ цувралыг гэрийн нөхцөлд ашиглах нь илүү тохиромжтой хэмээн “Armstrong”-ийнхон зөвлөдөг.

/Беверли хилссийн зураг/: Харин халаалттай шаланд ашиглах боломжтой цуврал нь “Beverly Hills”. Сонгодог урлагийг санагдуулам энэ трэнд Америк хэрэглэгчдийн дунд түгээмэл тархаад байгаа. Цэвэр хус модоор үйлдвэрлэж, эртний өнгө аяс болон кристалл маягаар өнгөлсөн бөгөөд Америкийн чинээлэг айлууд гэртээ энэ шалыг ашигладаг аж.

/Манхаттан зураг/: “Manhattan”загварын тухайд уламжлалт болон сонгодог цувралуудын нэг. Гэрийн нөхцөлд тохиромжтой, халаалттай шаланд ч ашиглах боломжтой энэ шалны гадаргууг цулгуй болон байгалийн модны хээ давамгайлсан учир урлагийн шинж агуулдаг хэмээн мэргэжилтнүүд сайшаадаг.

Ийнхүү 155 жилийн буурал түүхтэй, 50 жилийн чанарын баталгаатай, Америкчуудын сонголт болсон “Armstrong” брэнд монгол гэрийн босго алхаж байна. Өнгө, хийц, чанараараа өрсөлдөгч үгүй “Армстронг” брэндтэй та ГЭРЛЭ!

Categories
мэдээ цаг-үе

Иргэдээс санал авалгүйгээр орон сууцтай нь тулгаж барилга барихаар болжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны ард есөн давхар барилга барихаар иргэн Ж.Нямдаваа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрсөн онд зөвшөөрөл авчээ. Харин газрыг нь таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ 2010 онд авсан юм байна. Өөрөөр хэлбэл энэ оны есдүгээр сард газар эзэмших эрх нь дуусгавар болох аж. Ийнхүү Ж.Нямдаваа “Агар арвижих” компанитай гэрээ байгуулан, өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр барилгын ажлаа эхлүүлэх гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Бид үүссэн нөхцөл байдлыг сурвалжлахаар газар дээр нь очсон юм.

Бидний нэрлэж заншса­наар XIII хорооллын дунд замын автобусны буудал болон 37 дугаар байр хоорондох газрыг төмөр хашаагаар хүрээлжээ. Тус хашаан дээр болон баруун урдхан талд нь байрлах хүүхдийн тоглоомын талбайд “Оршин суугчид хүүхдийн эрхийг зөрчиж барилга барихыг эсэргүүцэж байна” гэж тод бичжээ. 37 дугаар байр болон тус хатгасан хашаа хооронд нэг метр ч хүрэхгүй зайтай бөгөөд түүгээр нь ойр хавийн оршин суугч, сургуулийн сурагчид зогсоо зайгүй холхих аж.

Өмнө нь тус газарт найман нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн Ж.Нямдаваа ажиллуулдаг байсан бөгөөд 2010 онд тэнд 200 м.кв газрыг таван жилийн хугацаатайгаар эзэмших зөвшөөрлөө Нийслэлийн газрын албанаас авсан бол барилга эхлүүлэх зөвшөөрлөө 2014 оны есдүгээр сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авчээ. Харин дээрх зөвшөөрлийг 37, 36-гийн А болон 36-гийн Б зэрэг гурван байрны оршин суугчид хууль бус хэмээн үзэж, барилга бариулахгүйн төлөө тэмцсээр байгаа юм. Тэд тус барилгыг бариулахыг эсэргүүцэн, бүгд гарын үсгээ зурцгаажээ.

БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХДЭЭ ОРШИН СУУГЧДААС ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ АЖ

37 дугаар байрны оршин суугч Н.Чимэдбалжир “Манай байрны арын автобусны буудлын хүнсний дэлгүүр сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Саяхан түүнийгээ нураагаад, ойр хавийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замтай нь хамт хашаалчихсан. Суурин дээр нь 10-ыг харьцах нь 13-ын хэмжээтэй есөн давхар оффис, үйлчилгээний барилга барихаар болж, барилгын зургаа хашаан дээрээ наачихсан байсан. Дөрөвдүгээр сарын 23-ны 21 цагийн үед манай байрны оршин суугчдын нэг нь газар ухаж, барилгын ажлаа эхлүүлэх гэж байгааг мэдээд, бусаддаа дуулгасан. Манай байрныхан тэр дороо цугларч, барилгын ажлыг нь эхлүүлэхгүйн төлөө тэмцсэн. Ингэсний хүчинд газар шорооны ажлыг нь эхлүүлээгүй. Шөнийн 00 цаг хүртэл тус газраас огт холдолгүй манасны хүчинд экскаваторыг нь буцаасан. Хашааг нь ч хумьж багасгуулсан. Хамгийн гол нь барилгын ажил эхлүүлэхдээ ойр хавийн оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой гэсэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамж бий. Гэтэл биднээс зөвшөөрөл авах нь бүү хэл мэдэгдээ ч үгүй.

Энэ газар доогуур дулаан, цэвэр усны шугам явж байгаа учраас доош нь гүн ухах бололцоогүй. Тэгээд ч манай байрнаас хэдхэн метрийн зайд маш гүн газар ухах учраас манай байр нурах эрсдэл маш өндөр. 36-ын А, Б болон 37 дугаар угсармал орон сууцны барилгуудыг 1995 онд барьсан. Оросууд барьж байгаад орхичихсон байсныг манай барилгын компаниуд үргэлжлүүлэн барьж дуусгасан. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжээд, юм бүхэн хомс байхад барьсан учраас өрөөний зохион байгуулалт, бүтэц зэргийг багагүй өөрчилсөн. Байрны гадна талын зарим хавтан цуурч, өвөлдөө цан цохидог. Манай энэ хавийн газар Туул голын сав газарт хамаарагдах хайрган хөрстэй учраас тулгаад нүх ухахаар гулгалт үүсэх магадлалтай” гэсэн юм.

Тус байрны оршин суугч Оюун “Есөн давхар барилгыг стандартын дагуу бол хамгийн багадаа 800 м.кв талбайд барих ёстой. Гэтэл энэ газар чинь 200 м.кв хүрэхгүй талбай шүү дээ. Үүнийхээ 130 м.кв талбайд нь барилгаа барихаар цаана нь 70-хан м.кв талбай үлдэнэ. Иймхэн газарт ил зогсоол, гаднах тохижилт хийх үү. Энэ барилга чинь доороо гараашгүй гэж байгаа” хэмээн ихэд бухимдангуй хэлсэн юм. Бадамгарав “Манай байрны арын газарт барилга барих зөвшөөрөл болон эзэмших эрх нь хоёул ирэх есдүгээр сард дуусна.

Энэ хүртэл барилга огт бариулж болохгүй. Үүний төлөө гурван байрны 200-аад өрхийн 500 гаруй иргэд тууш­тай тэмцэнэ. Байрны ойр орчмын талбайд хууль бусаар барилга барьсаар бидэнд гишгэх ч газар үлдэхгүй нь. Байрны урд талын сагсны талбайд барилга барина гээд авсан. Гараашууд байсан газарт цэцэрлэг барина гээд хашаалчихсан. Гэхдээ цэцэрлэг биш орон сууц барих сурагтай байсан. Ингээд ганц үлдсэн талбайд орон сууцны барилга барих гэж байна. Үүнийг хэн ч байсан эсэргүүцнэ биз дээ” гэв.

ЕСӨН ДАВХАР БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛӨӨ НОМ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ АВСАН ГЭВ

Тус барилгын газар эзэмших гэрчилгээ нь зургадугаар хороо, хөрсний дүгнэлт нь 12 дугаар хороо, барилга барих болон эхлүүлэх зөвшөөрөл нь 18 дугаар хороо, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем 25 дугаар хороонд байршилтай гэх мэтээр бүх бичиг баримт нь зөрчилтэй гэдгийг оршин суугчид хэлж байсан юм. Харин энэ талаар тус газарт есөн давхар барилга барих зөвшөөрөл авсан Ж.Нямдаваагаас тодруулахад “Манай энэ хэсэг газар өмнө нь зургадугаар хорооны нутагт харьяалагддаг байсан юм билээ.

Тухайн үед нь буюу 2010 онд газар эзэмших гэрчилгээгээ гаргуулчихсан чинь зургадугаар хороогоор гарчихсан байсныг ном журмынх нь дагуу 18 болгож өөрчлүүлсэн. Хөрсний дүгнэлт нь угаас 18 дугаар хороогоороо байгаа. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схемийг гаргуулахдаа би өөрөө 25 дугаар хороо гээд андуураад биччихсэн байна лээ. Яагаад гэвэл XIII хорооллын дунд замаас урагш газар 25 дугаар хороонд харьяалагддаг учраас түүгээр нь биччихсэн хэрэг. Гэтэл 37 дугаар байр болон манай барилга барих талбай замынхаа урд байдаг мөртлөө дангаар 18 дугаар хороонд харьяалагддаг юм билээ. Үүнийгээ норм журмынх нь дагуу засуулчихна” гээд холбогдох бичиг баримтыг бидэнд харуулсан юм. Архитектур төлөвлөлтийн даалгавраас бусад зөвшөөрөл, дүгнэлтүүд дээр 18 дугаар хороо хэмээн бичигдсэн байлаа. Мөн тэрээр “Бүх зөвшөөрлийг нь ном журмынх нь дагуу авчихаад байтал оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад барилгын ажлаа эхлүүлж чадахгүй байна. Барилга бариулахыг эсэргүүцээд байгаа, бичиг баримт нь зөрчилтэй гээд байгаа оршин суугчдын нэг нь над дээр ирээд “Алив холбогдох зөвшөөрлийг чинь харъя” гээгүй мөртлөө бичиг баримтын зөрчилтэй гээд бусдад зарлаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад яваад байгааг ойлгохгүй байна.

Манайх тэр газарт 1999 оноос хүнсний жижиг мухлаг ажиллуулж байгаад түүнийгээ 2003 онд томсгоод өргөн нь 10 метр, урт нь 13 метрийн хэмжээтэй дэлгүүр бариад, саяхныг хүртэл тэр байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Барилгын зөвшөөрлийг нь өнгөрсөн оны есдүгээр сард аваад барилгын ажлаа эхлүүлэх гэтэл аль хэдийн сэрүү орчихсон. Тийм учраас энэ хавар барилгын ажлаа эхлүүлэхээр болсон. Гэтэл биднийг энд барилгын ажлаа эхлүүлэхээр хашаагаа хатгахтай зэрэгцээд Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хорооны 16 дугаар байрны асуудал үүссэн. Тэгтэл ойр хавийнх нь буюу 36-гийн А, 37 болон 36-гийн Б зэрэг байрны оршин суугчид 16 дугаар байр шиг хазайлт өгч, нурах нь гээд л оволзчихсон. Оршин суугчид мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын албаас авахуулаад дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүртэл манай барилгыг бариулахгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт, өргөдлөө өгсөн гэсэн. Энгийн иргэн ном журмынх нь дагуу барилга барих гэхээр оршин суугчид яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Мөнгөтэй чадалтай байсан бол зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь хамаагүй, хамгаалалтын алба хөлсөлж ирээд, залуусыг нь гинжилж зогсоож байгаад барилгын ажлаа эхлүүлэх байсан байх. Гэхдээ бид ном журмынх нь дагуу холбогдох бүх зөвшөөрлөө авсан учраас ингэх шаардлага байхгүй. Ингээд л барилгын ажлаа түр зогсоочихоод байна.

Тэглээ ч “Агар-арвижих” компани намайг оршин суугчидтай зөвшилцөлд хүрсний дараа барилгаа эхлүүлэхээр болоод өнөөдрийг хүртэл бараг сар шахуу хүлээчихлээ. Эдийн засгийн үүднээс авч үзвэл би болон тус компани алдагдал хүлээж л байгаа юм. Дээрээс нь би автобусны ардхан талын худалдааны төвд сард хоёр сая төгрөг төлөөд түрээсэлж байна. Дээрээс нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нэг жилийн хүчинтэй учраас ирэх есдүгээр сард дуусгавар болно. Тиймээс ингэж хугацаа алдах нь бидэнд маш хохиролтой” гэсэн юм.

М.УУГАНЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бурхан багшийн гэгээрсэн бодь мод Гандантэгчинлэн хийдэд ургана

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа Гандантэгчинлэн хийдэд зочилж, өөрийн улсаас авчирсан бодь модны тарьцыг бэлэглэсэн билээ. Хоёр орны найрсаг харилцааг бэлгэдэж бэлэглэсэн бурхны модны суулгацыг тордож байгаад шинээр барих дацандаа зална гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн. Бурхан багшийн гэгээрсэн бодь модны тухай тоймлон хүргэе.

Г.ПҮРЭВБАТ: АРИУН НОМЛОЛ ТҮГЭН ДЭЛГЭРЧ БАЙГАА БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙГ БОДОЖ АРИУН МОДОО БЭЛЭГЛЭСЭН

Бодь модны талаар бурханч лам Г.Пүрэвбат ингэж ярилаа.

Бурхан багшийн сүүдэрт нь сууж гэгээрсэн бодь мод Монголд ургахаар болжээ. Бурхан багшийн ариун мод гэж ярих болсон учрыг та ярьж өгөөч?

-Бурхан багш Энэтхэгийн “Ариун идээд” хааны хүү болж төрөөд үхэх, хөгшрөх, өвдөх орчлонгийн бүх зовлонг хүн бүр туулдаг гэдгийг мэдээд энэ бүгдийг ялан дийлэхийн тухайд гэрээсээ явж тойн болсон. Тойн болоод зургаан жил хоол ундгүй бясалгал хийж яс арьс болтлоо туржээ. Ингэхдээ хүний орчлонг ариусгах, үхлийг цэвэрлэж номын биеийг бүтээх, зуурдыг цэвэрлэж төгс жаргалангийн лагшинг бүтээх, энэ төрлийг хувилгаан дүрд хувилгах увидсыг эрхшээжээ. Тэндээсээ орчлонгийн зовлонг бүрэн эцэслэж гэгээрэлд хүрэхийн тухайд Бодь бурханд заларсан.

Энэтхэгийг Бодьгаяаг хэлж байна уу?

-Төвдөөр Очир суурь ч гэдэг. Сайн цагийн мянган бурхад тэнд сууж бурхан болдог. Очир мэт ариун бат бэх даяаныг бүтээсэн газар гэх үү дээ. Бурхан багш тэнд Бодь модны өмнө гүш өвс дэвсэн дээр нь бясалгаж суусан гэдэг. Тэр орой гурван мянган ертөнц, гурван орны догшин албингууд саад хийх гэж оролджээ. Бурхан багш тэр бүгдийн өнгийг асрал нигүүлсэхүйгээр дарж үүрээр нь төгс гэгээрэлд хүрсэн учиртай. Бурхан багш тэнд байж орчлонгийн бүх зовлонг эцэслэж, гэгээрлийн бүрэн утгыг олон, хүний хөгжлийн оргил болсон бурханд хүрч чадсан учраас бодь модыг ихэд бэлгэшээдэг. Модны мөчрийг энд тэнд ургуулж ерөөл тавьдаг. Үүний учир нь хүн биеийг олж төрчихөөд өнөө маргаашийн хоол, идэх уух, өмсөх зүүх, эрх тушаалын төлөө тэмцье гэвэл амьтнаас ялгаагүй болно. Амьтнаас ялгаагүй амьдрах өөрөө хэцүү. Хүн болсны утга учир нь муу сэтгэл болгоноо сайнд урвуулж, сэтгэлийн эрдмийг олж, аливаа амьтанд тус хүргэж чадахгүй гэхэд хор болохгүй амьдрах. Үүнийгбурхан багш өөрийн биеэр үзүүлж хүн бүрт бурханлаг чанар байгаа учраас бурхан болж чаддагийг үлгэрлэсэн. Тэнгэрийн чанар тунгалаг боловч үүл гарч булингартуулдаг, усны чанар тунгалаг боловч шороо босч булингартуулдаг, хүний сэтгэл бурханлаг боловч муу сэтгэлээр түйтгэрлэгддэг. Түүнийгээ ариусгаж, бурхан болж болдгийг бурхан багш үзүүлж, номлосон. Тиймээс бурхан багштай холбогдсон бүх зүйлийг бэлгэшээдэг. Очир суурь буюу Бодьгаяад очиж мөргөж, бодь модны навчийг нь гэр орондоо хадгалж, шүтдэг учиртай. Тэнд бурхан багшийг амьд сэрүүнд нь харсан эмгэн хүүхдүүдээрээ бурхан багшийн дүрийг сийлүүлжээ. Махабодь буюу зандан модоор хийсэн бурхан багшийн дүрд ч сүсэгтэн олон мөргөж залбирч ирсэн. Аливаа сайн зүйлтэй барилдсан бүхэн сайхан бэлгэ дэмбэрэл шүү дээ.

Бодь модыг энэтхэгчүүд шүтдэг. Ямар түвшний харилцаатай хүмүүстээ энэ модоо бэлэглэдэг юм бол?

-Монголд бурхны шашин 2000 жилийн өмнөөс орж ирсэн гэж яригддаг. Ийм урт хугацаанд түүх, соёлын харилцаатай гэдгээрээ сэтгэл санаа, оюунлаг байдлаараа холбоотой гэж үздэг. Энэ холбоогоо цаашид урт хугацаанд хадгалж, ариун номлол түгэн дэлгэрч байгаа бэлгэ дэмбэрлийг бодож ариун модоо бэлэглэсэн биз ээ.

Халуун оронд ургадаг мод. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар тэсэх болов уу?

-Буриадад бодь мод бий шүү дээ. Манайд ч хүлэмж босгоод арчлаад тордвол ургана. Дарханы нэг залуу бодь модны мөчир авчраад гэртээ ургуулсан юм билээ. Амилаад сүрхий ургачихсан харагдана лээ. Хүлэмж бариад цэцэрлэгчээр тордуулбал сайхан ургах байх аа.

Богд уулын нэг аманд бодь мод ургаж байсан гэдэг домог байдаг юм билээ?

-Манайхан өвөрмөц, сайхан модыг бэлгэшээдэг. Ар халхын зандан бол хайлаас гэх зэргээр зүйрлэдэг шүү дээ. Халуун оронд зандан нь ариун байдаг бол манай улсад хайлаас тэр модыг орлохуйц ховор, ариун гэж үздэг гэлээ.

БОДЬ МОД ТӨРИЙН ОРДОНД БИЙ

Бодь модыг монгол хэлний тольд ариун мод ч гэж нэрлэсэн байдаг. Уданборын төрөл мод. Хар өнгийн хальстай, өндгөн хэлбэрийн том навчтай, нарийн голтой мөнх ногоон мод билээ. Сэрүүн уур амьсгал, хүчтэй салхинд тэсвэргүй аж. Тиймээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн бэлэглэсэн суулгацыг дулаан өрөөнд тордож байгаа аж. Гандантэгчинлэн хийдийн ажилтны хэлснээр суулгацыг хамбын өрөөнд арчилж байгаа гэнэ. Ирэх жилээс суулгац томрохоор шинэ дацанд хүлэмжид тарих юм байна. Манайхаар нарс мод шиг өндөр ургадаг аж. Дулаан орны мод учраас 15 градусаас дээш дулаанд тэсвэртэй гэнэ. Буриадад 1950-иад оны үед бодь мод суулгасан нь одоо хайлаас модны дайтай өндөр ургасан гэх юм билээ.

Манай улсад энэ мод бий. Бүр Төрийн ордонд хоёр, гурав ч байгаа аж. Тодруулбал, Төрийн ордны Номын сангийн буланд цонхон тушаа ургаж байгаа.

Энэ талаар Төр зас­гийн үйлчилгээг эрх­лэх газрын Цэцгийн хүлэм­жийн агрономич Д.Байгалмаагаас тодруул­лаа.

Энэтхэгийн Ерөнхий сайд Гандантэгчинлэн хийдэд бодь мод бэлэг­лэлээ. Манайд ургах боломж хэр байгаа бол?

-Дулаан хүлэмжид ургадаг шүү дээ. Манай хүлэмжид арав гаруй бий. Хэдэн жилийн өмнө хүн арчлаад өгөөч гэж авчирч өгсөн юм. Тэр модыг манай цэцэгчин Э.Нямцэцэг арчилж, мөчрөөр нь үрслүүлж олон болгосон. Төрийн ордонд ч хэд, хэд бий.

Танай хүлэмжид хэр удаан ургаж байгаа вэ?

-Тав, зургаан жил ургаж байгаа. Хамгийн өндөр нь 1.5 метр болсон.

Арчилгаа хэр шаарддаг бол?

-Нар дагуулахгүй бол навчаа гөвчих гээд байдаг гэмтэй гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

“Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” үндсний чуулганд оролцогчдоос гаргасан зөвлөмж

Малчин өрхийн бага насны хүүхэд бүрийн хөгжлийг тэдний эцэг эх, асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан дэмжих, ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд гэр бүлээс тусдаа амьдрахад сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга зүйн шинэчлэлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашдын бодлого, арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлагыг үндэс болгон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” Үндэсний чуулганыг 2015 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт зохион байгууллаа.

Чуулганд оролцогчид Дэлхийн Банкны итгэлцлийн сан–Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийнхүрээнд малчин өрхийн бага насны хүүхдийг эцэг эх, олон нийтийн оролцоонд тулгуурлан сургуульд амжилттай бэлтгэх, сургуулийн дотуур байр болон айлд амьдарч буй малчин өрхийн хүүхдүүдийн сурах хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 4 аймгийн 30 суманд амжилттай туршин хэрэгжүүлсэн шинэ аргачлал, тэргүүн туршлагатайтанилцлаа.

Энэхүү чуулганд оролцсон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, асран хамгаалагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид бид бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эх, гэр бүл, олон нийт, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагууд болонорон нутгийн удирдлага зэрэг бүх талын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэж, дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ:

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэхэд эцэг эхийн үүрэг, оролцоочухал ач холбогдолтойг анхаарч, энэ чиглэлээр эцэг эхэд зориулсан сургалтад хамрагдах, хүүхдээ хөгжүүлэх арга барилд суралцах;

•Хүүхдийнхээ хөгжилд зориулсан оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом, ном гарын авлага, хэрэглэгдэхүүнтэй болох;

•Хүүхэд хөгжүүлэх тоглоом, ном гарын авлага, хэрэглэгдэхүүнийг ашиглан хүүхэдтэйгээ хамтран хэрэглэж хэвших, хүүхэдтэйгээ ойр байж, тэдний хөгжлийг дэмжихэд бүх талаар анхаарах;

•Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай байнгын холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, дэмжлэг зөвлөмж авах, хамтран ажиллах;

СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,

ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА:

•Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бүх шатны удирдах ажилтны үр дүнгийн гэрээнд “Бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар тодорхой зорилт, үйл ажиллагаа, шаардагдах төсөв”-ийг тусган баталж, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй зарим орон нутгийн туршлагыг хэрэгжүүлэх боломжийг судлах, түгээн дэлгэрүүлэх, нөөц бололцоог дайчлах шинэ туршлагыг бий болгох;

•Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон нөөц /ном, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багц/-ийг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтад бүтээлчээр хэрэглэх санал санаачилгыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх, манлайлах;

•Нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, талуудын үүрэг, оролцоо, хариуцлагыг тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах бүтцийг өөрийн орон нутагт бий болгох /сум, багийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, номын санч, эмч, нийгмийн ажилтан, бага ангийн багш, СӨБ-ын багш, дотуур байрын багш, Насан туршийн боловсролын нэгжийн багш, иргэд; Сум, орон нутагт байгаа насан туршийн боловсролын баг/;

•Бага насны хүүхдийн боловсролын тулгамдсан асуудлыг орон нутагт шийдвэрлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн төлөөлөл бүхий орон тооны бус бүтэц бий болгох, хамтран ажиллах;

•Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн судалгаанд үндэслэн малчин өрхийн байршлын зураглалыг хийж, тэдний бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар сумын болон багийн Засаг дарга нартай хамтран төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР:

•Бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар, нэн ялангуяа, малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр аймгийн хэмжээнд тавих зорилт,хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шаардагдах төсвийг орон нутгийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах, энэ асуудлыг бүх шатны Засаг дарга, удирдах ажилтны үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, үр дүнг тооцох, тайлагнах;

•Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чиглэлээр бий болсон тэргүүн туршлага, санал санаачилгыг дэмжих, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад уриалга хүргүүлэх, хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр туршлагыг баримтжуулах, сурталчлах, түгээх;

•Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх /сургалтын багц хэрэглэгдэхүүн боловсруулах, түгээх/ зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө хуваарилан зарцуулж буй зарим аймаг, сумын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах, хэрэгжүүлэх;

•Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх чиглэлээр амжилттай туршигдсан мэдлэг, туршлага, нөөцийг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтад хэрэглэхэд мэргэжил, аргазүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

•Орон нутгийн удирдлага, насан туршийн боловсролын байгууллага, нэгж, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг уялдуулах;

•Бага насны хүүхдийг сургуульд бэлтгэх, сургуулийн орчинд дасгах чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын нэгжийн багш, эцэг эх, асран хамгаалагч нарын чадавхийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, дэмжлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга зүйн зөвлөмж, материалыг бэлтгэж түгээх.

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД БСШУЯ, БУСАД:

•Сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлагын байгууллагын чиг үүргийг өргөжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

•Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодорхой болгох;

•Сургуулийн өмнөх болон бага боловсролын агуулгын залгамж холбоог хангах, шаардлагатай тохируулга хийх;

•СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа сумаас алслагдсан малчин өрхийн 5 настай хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх; хэрэгжүүлэх;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр бий болсон сайн туршлага, бүтэц, аргазүйг түгээн дэлгэрүүлэх;

•Насан туршийн боловсролын байгууллага, нэгж, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг уялдуулах;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэх чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын багш, холбогдох бусад ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх;

•Төсөл, хөтөлбөрийн хүрээндамжилттай туршигдсан аргачлал, гарын авлага, сонсдог ном, цахим хичээл, баримтат кино, нэвтрүүлгийг яамны вебсайт дээр байрлуулах болон бусад арга замаар хүртээмжийг нэмэгдүүлэх, бусад сум, аймгуудад түгээн дэлгэрүүлэх;

•Мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг үндэслэн, шаардлагатай зарим гарын авлагыг хэвлүүлж, сонирхсон эцэг эх, иргэд, боловсролын болон орон нутгийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр худалдан авч хэрэглэх боломжийг бий болгох,

•Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эцэг эхийн чадавхийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог сайжруулж, телевиз, сонин, радио, нийгмийн цахим сүлжээний байгууллага бүр өөрсдийн тогтмол нэвтрүүлэг, булантайболж, үйл ажиллагааг олон нийт, эцэг эхэд хүргэх.

Энэхүү зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн бүх талын дэмжлэг, туслалцааг бага насны хүүхэдтэй гэр бүлд хүргэх талаар санаачилгатай, идэвхтэй хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд уриалж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ё.Отгонбаяр: Намууд хамтарсаар яваад сүүлдээ хэнтэй ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Эдийн засгийн хямралыг даван туулах ямар гарц байна гэж та харж байгаа вэ?

-Том төслүүдээ явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр эдийн засгийг хүнээр зүйрлэвэл биеэр ньцус гүйхээ больчихлоо. Тиймээс том төслүүдээ хөдөлгөж байж цусны эргэлтийг сайжруулахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт зардлаа танах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. 2015 оны төсөв тодотгол хийхдээ нэлээд танасан. Гэхдээ хангалттай хэмжээнд байсангүй. Одоогоос арван жилийн өмнө Монгол Улсын төсөв 300 тэрбумаар тооцогддог байлаа. Гэтэл одоо долоон их наяд төгрөгөөр ярьдаг боллоо шүү дээ. Тэр үеийн төрийн үйлчилгээ одоо яаж өөрчлөгдсөн болоод зардал нь ингэж өсөөд байгаа юм. Тийм учраас төсвийг танах хэрэгтэй.

Төсвийн тодотгол хийх нь ээ?

-Ер нь зунаас төсвийн тодотгол орж ирэх байх.

Том төслүүдийг явуулъя гэхээр мөнгөгүй болчихсон гэдэг асуудал сөхөгдөөд байгаа…

-Мөнгөгүй ч гэсэн явуулъя гэвэл болно. Тухайлбал, Таван толгойн төслийг хэлэлцье гэж нэхээд байхад хэлэлцэхгүй байна шүү дээ. Засгийн газраас нь гэрээний төслөө өргөн барьчихсан. Ийм байхад УИХ бушуу авч хэлэлцээд буруу, зөвийг нь тогтоогоод засах юм байвал засаад явуулмаар байна. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй таг болчихлоо. Бид чинь сонгогчидтой хүмүүс. Тиймээс сонгогч олон түмэн биднээс Таван толгойгоо хурдан шийдэхийг шаардаад байна.

Ажлын хэсэг нь ямар үүрэгтэй юм бэ?

-УИХ-ын даргаас энэ тухайасуусан. УИХ-д өргөн барьсан асуудлыг хэлэлцэх эсэх дээр нь дүгнэлт хийдэг тохиолдол байдаг юм уу гэж. УИХ-ын дарга “Байдаг” гэж байна лээ. Тийм байлаа гэхэд хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Одоо тавдугаар сар талдаа орчихлоо. Зуны улирал эхэллээ. Монгол Улсын эдийн засаг зуны гурван сар амь ордог, мөнгө олдог эдийн засагтай орон. Гэтэл дулааны улиралдаа Таван толгойн асуудлыг шийдэж чадахгүй өнгөрөөвөл хэцүү л болно.

-“Рио Тинто”-гийнхон ирж байгаа. Оюу толгойн асуудал удахгүй шийдэгдэнэ гэж мэдэгдсэн байна лээ…

-Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л маргааш нь үнэ цэнгүй болж хувираад байхаар яах юм бэ. Ийм олон удаагийн тохиолдол гарлаа шүү. Тийм учраас хэлж мэдэхгүй юм. Уг ньОюу толгойг хөдөлгөвөл дагаад хөрөнгө оруулалт орж ирэх л учиртай.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж хэлсний дараа нийслэлийн татварын асуудал орж ирснийгяриад байна уу?

-Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ татвар нэмэхгүй гэж мэдэгдсэн. Бараг хэлж дуусаагүй байхад нь нийслэлийн татварын асуудлыг оруулаад ирсэн шүү дээ. Хямралтай үед аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг ядарчихсан байхад нь татвараар дарамталж болохгүй л дээ. Нийслэлийн татвар нэмж болно. Тэр нь ямар хэлбэрээр вэ гэхээр хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор байж болно. Жишээ нь Улаанбаатар хотод Монголын хүн амын бараг 50 хувь нь суурьшчихлаа. Үүнээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол их байна. Тийм учраас хөдөөнөөс хотод ирж амьдрах хүсэлтэй хүмүүс байвал тохирсон хэмжээний татвараа төлөөд шилжиж болдог байхаар зохицуулбал дэмжинэ. Ингэхээс өөр аргагүй бодлого цаана нь яваа юм байна гэдгийг ойлгоно. Харамсалтай нь үйлчилгээний байгууллага, архи тамхины борлуулалтын орлогоос татвар авна гэдэг байдлаар оруулж ирсэн. Тэгээд ч чуулганы үеэр хэлэлцэхэд нийслэлийнхэн өөрсдөө энэ татварын үр дүнд хичнээн төгрөг төвлөрөхөө мэдэхгүй байсан шүү дээ. 48 тэрбум юм уу 480 тэрбум төгрөг орж ирэх юм уу гэдгээ мэдэхгүй бүхэл бүтэн арван оронгоор зөрсөн тоо яриад төөрөлдөөд байсан. Энэ нь хотын татвар цаанаа тооцоо судалгаагүй орж ирснийх нь илрэл.

Одоо татварын реформ хийх шаардлагатай гэж яриад байх. Энэ нь ямар хэлбэрээр байвал зүгээр юм бэ?

-Эдийн засгийн өсөлттэй үед татварын шинэчлэл хийж болно л доо. Гэхдээ өнөөдөр эдийн засаг уналтын цикль дээрээ байна. Тийм учраас энэ үед яаж амьд үлдэх гэдэг аргыг л хайх нь зөв байх. Түүнээс биш татвар нэмэх байдлаар шинэчлэл хийж болохгүй. Хэтдээ манайд татварын шинэчлэл хэрэгтэй. Үнэндээ манай татварын орчноос болоод Монголын аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй юм болов уу гэж харагддаг.

Ер нь та Засгийн газрын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ?

-Шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь зардлаа таная гэдэг байдлаар ажлаа их зөв эхэлсэн. Гэтэл том төслүүдээ гацаачихлаа. Тэгэхээр ямар хэрэг байх билээ. Энэ том төслүүдийн ард Япон, Хятад, АНУ, Канад, Австрали гэх мэтээр манай том түнш орнууд байгаа. Энэ харилцаагаа бодсон ч шийдвэргүй байдалд ийм удаан байж болохгүй л дээ.

Ямар эрх ашиг, улс төр байгаа учраас гацчихлаа гэж та бодож байна вэ?

-Тэр тухай АН-ынхнаас асуух хэрэгтэй. Учраа олохгүй байгаа хүмүүс нь тэд.

АНУ-аас Монголд суугаа Элчин сайд эмэгтэйн хийсэн мэдэгдэл гадаад орчинд манай талаар сөрөг мэдээлэл болж цацагдлаа гэдэг шүүмжлэл байх шиг байна. Үүнээс болоод хөрөнгө оруулалт орж ирэх хөг өнгөрлөө ч гэх юм…

-Ерөнхий нөхцөл байдал сайжраад бизнес эргэлдээд эхэлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ ээ. Ер нь бид гадны хүнийг шүүмжлэхээсээ илүү өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй. Биний өөрсдийн биеэ авч яваа байдал тэр хүнийг ингэж хэлэхэд хүргэж байна. Тиймээс бид л хариуцлагагүй байна гэсэн үг. Үүнийгээ засах тухай л ярих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байна гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөсөн учраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийддэг болгосон юм. Хуулийг ойр ойрхон өөрчлөхгүй, тогтвортой орчин бий болголоо гэдгээ гадаад ертөнцөд зарласан. Гэтэл Р.Гончигдорж гишүүн энэ асуудлаар Цэцэд хандаад унагаачихлаа. Одоо УИХ-ын танхимд 20 хүн сууж байгаад хуулийг өөрчилж болохоор болчихлоо. Энэ бүхэн нь биднийг улам найдваргүй хүмүүс гэдгийг батлан харуулаад байна л даа.

Одоо Ерөнхий сайдыг огцруулах талаар судалж байна гэжзарим гишүүд яриад эхэлж.Ийм асуудал ярих цаг мөн үү?

-Одоо тэгж ярих цаг нь биш болов уу. Ядаж хагас жил ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйг нь хэлбэл дээр байх. Харин одоо шахаж шаардаж байж энэ том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг түргэвчлүүлэх нь илүү үр дүнтэй.

Засгийн газар солигдсоноос хойш эдийн засагт дээрдсэн үзүүлэлт гарсан уу гэдэг асуудлыг хөндөх хүмүүс ч байна…

-Яригдаад байгаа зүйлүүдээ урагшлуулах цаг хугацаа энэ Засгийн газарт байсан. АН,МАН хоёр эвсч Засгийн газар байгуулахад тохирсон зүйлүүд бий.

Том төслүүдээ урагшлуулна, Сонгуулийн хуулиа батална, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэх мэтээр ярьсан зүйлүүд байгаа. Гэвч урагшаа явахгүй байна. Дан ганц Засгийн газраас болоод энэ бүхэн хойшлоод байна гэвэл бас худлаа. УИХ-аас шалтгаалж байгаа зүйлүүд бий л байх. Гэхдээ одоо наадам хүртэл хурдацтай ажиллах шаардлага байна. Эцсийн дүнд энэ хоёр намаас хариуцлага нэхнэ шүү дээ.

Сонгуулийн хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сонгуулийг холи­мог системээр явуулна гэдэг зарчим дээрээ тохирчихсон. Танай нам мажоритар гээд байгаа нь дүр эсгэсэн шоу гэж ч ярих юм…

-Шоу гэхээсээ илүү сонгогчид биднээс шаардаад байна шүү дээ. Өнгөрсөн гуравдугаар сард тойргоороо явж, сонгогчидтой уулзлаа. Хүмүүс холимог систем буруу байна. Орон нутагт гэхэд 25 жил нэр дэвшээд сонгогдоогүй нөхөр намын жагсаалтаар дарга болчихлоо. Энэ бол олон түмний сонголт биш гэх мэтээр шүүмжилж байна. Гэхдээ Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр холмиог системийг орон нутгийн сонгуульд хэрэглэхгүй гэж тохирсон юм шиг байна лээ. УИХ-ын түвшинд ч энэ систем болохгүй гэдгийг хүмүүс хэлээд байна. Ер нь холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар олонхи сонгогдохгүй. Ихэвчлэн эвсэл байгуулах хэмжээнд сонгуулийн дүн гараад байгаа ажиглагддаг. Гэвч намууд эвсэл болж засгаа барих нь шүүмжлэл дагуулсаар байна. Намууд хоорондоо эвссээр яваад сүүлдээ хэн нь хэнтэйгээ ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ.

Танай нам Ард нийтийн санал асуулга явуулъя гээд байна. УИХ дэмжих юм болов уу?

-Хэдийгээр бид мажори­тарын төлөө байгаа ч парламентад 26-уулаа. Суудлынхаа тоогоор асуудал шийдэгдээд явчихаж магадгүй л юм. Ард нийтийн санал асуулгыг АН дэмжихгүй юм байна гэж ойлгосон.

Та Хүний эрхийн дэд хороог ахалж байгаа. Монголд хүний эрхийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Хүний эрхийн дэд хорооны шугамаар урьдчилан хорих 461 дүгээр ангид шалгалт хийж, дүнг нь сонссон. 2013, 2014 оны хүний эрхийн илтгэл дээр сэтгэл зовмоор дүгнэлтүүд гарсан байсан. Манай улс 2014 оны арванхоёрдугаар сард эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэтэл эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлууд манайд байсаар байна. Хамгийн гол нь албан тушаалтнууд эрүүдэн шүүх нь гэмт хэргийн төрөлд орж байна гэдгээ мэдэхгүй үйл ажиллагаа явуулаад байна. Үүнийг хянадаг тогтолцоотой болох шаардлага манайд тулгараад байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Үүнийг хэлэлцэх үед алдаа дутагдлуудыг засч залруулах байх. Ер нь мөрдөн байцаах шатанд хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд нэлээд ирдэг. Тиймээс одоо мөрдөн байцаалтыг камертай өрөөнд явуулах нөхцөлийг хуулийн өөрчлөлтүүдээр хийх асуудал яригдах байх.

АТГ улс төрийн зорилгоор ажиллаж байна. Хуучны НАХЯ боллоо гэдэг шүүмжлэлийг гишүүдийн зүгээс хэлдэг боллоо. Та юу гэж бодож байна…

-Гишүүдийн зүгээс хүний эрхийн дэд хороонд асуудал тавьсан. АТГ-ын эрх мэдэл буруугаар ашиглагдах тохиолдол гарч байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд нь асуудлыг авч үзье гэсэн. Ямар байдлаар хуульд нь өөрчлөлт оруулбал зохилтой юм, тэр саналаа боловсруулаад ир гэдэг хариу өгсөн. Түүнчлэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу шилжүүлсэн нь алдаа болсон. Үүнээс болоод хүний эрх зөрчигдөх байдал их байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Энэ нь үнэн байж магадгүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, яамнаас нь санал авах нь зүйтэй гэж бодож байна.

Зохиомлоор хэрэг үүсгэж, хэлмэгдүүлэлт явуулж байна гэдэг шүүмжлэл ч их байна. Та санал нийлэх үү?

– Санал нийлнэ. Гэхдээ нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хүний эрхийн дэд хороо хууль зүйн үүднээс асуудалд ханддаг. Манайх мөрдөн байцаах алба биш л дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягиийн зөвлөх байсан Л.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь хэлмэгдүүлсэн тухай ярьсан байна лээ. Магадгүй танай эхнэрт ч ийм маягаар хандсанюм биш байгаа…

-Тэр тухай яриад яах юм бэ. Хэргийг нь хэрэгсэхээ болиод жил хагас болчихлоо. Энэ тухай хэвлэлээр ярьж гэр бүлийнхээ хүний сэтгэлийг үймүүлмээргүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ