Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн алдарт “Венецийн Биеналэ”-д анх удаа монгол зураачдын бүтээл тавигдлаа

La Biennale di Venezia -энэ бол дэлхийн зураач урчуудын хувьд мөрөөдөл нь болсон наадам билээ. Англиар заримдаа Venice Biennial хэмээн орчуулан хэрэглэдэг ч дэлхийн ихэнх улс түмэн итали дуудлагаар нь “ЛаБиеналэди Венециа” хэмээнэ. Биеналэ гэдэг нь хоёр жил тутам болдог аливаа үйл ажиллагааг тодорхойлдог үг юм. 1895 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү наадам дэлхийн модерн урлагийн хамгийн нэр хүндтэй том үзэсгэлэн болоод зогсохгүй, өдгөө түүний эргэн тойронд театр, кино, хөгжмийн наадам ч зохиогддог болж, урлагийн, нүсэр том баяр болсон байна. Анх Венец хотын зөвлөлөөс зөвхөн Италийн урлагийн үзэсгэлэн маягаар эхэлж байсан бол XX зуунаас, тухайлбал 1907 оноос эхлэн, бусад улсууд ч ихэд сонирхон, анх Бельги улс павильоноо нээснээр олон улсын шинжтэй болсон аж. Наадмын нэр хүнд олны сонорт хүрч, 1920 оноос эхлэн тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцож эхлэв. Жишээлбэл 1910 онд Густав Климт тусгай өрөө захиалан уран бүтээлээ үзүүлсэн бол Пьер-Огюст Ренуар нэг хүний шоу үзүүлж, удалгүй Густав Кюрбе, Пикассо нарын ч бүтээл заларчээ. Үүнээс хойш орчин үеийн урлаг хөгжүүлсэн улс бүр өөрийн павильоныг тэнд нээхийг хичээх болж, 1914 он гэхэд Бельги, Унгар, Герман, Их Британи, Франц, Орос улс тус тус павильонтой болжээ. Харин энэ жил Монгол Улсаас анх удаа гурван уран бүтээлч оролцохоор болоод байна.

Тус наадмыг нэр хүндтэй, оролцоход бэрхшээлтэй болгодог нэг хүчин зүйл нь хөрөнгө мөнгөө гаргасан бүгдийг оруулаад байдаггүй, уран бүтээлчдийг тусгай шүүгчид үнэлэн дүгнэж, оролцуулах эсэхийг нь шийддэгт оршино. Тийм ч учраас ЛаБиеналэди Венециань тааруухан уран бүтээлч оролцуулж үзээгүйгээрээ бахархдаг, дэлхий нийт ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг билээ. Шалгаран оролцож байсан уран бүтээлчдээс цөөхнийг нь нэрлэхэд л хангалттай. Жишээлбэл Францаас Сэрж Поляков, Жеан Дубуффэ, Их Британиас Хэнри Мур, АНУ-аас Виллемдэ Күүнинг, Жаксон Поляк… гэх мэт.

Ц.Уранчимэг: Венециа Биеналэд анх удаа монгол эмэгтэй уран бүтээлч бие даасан үзэсгэлэн гаргаж буй нь түүхэн явдал

ЛаБиеналэ ди Венециа-д оролцож буй уран бүтээлчдээс гадна урлагийн кураторууд маш чухал үүрэгтэй. Ингээд энэ жил Монголын урлагийн куратороор тус наадамд оролцож буй доктор Цүлтэмийн Уранчимэгтэй ярилцав.

-Вэнэцийн Биэналэ нь юугаараа чухал, өвөрмөц, ач холбогдолтой наадам билээ?

-Ерөөсөө л орчин үеийн “контемпорари” хэмээх урлагийн хамгийн том баяр юм. Хоёр жил тутам болж, тухайн хоёр жилд энэ ертөнцөд орчин үеийн урлагаар хамгийн сонин содон юм юу болов гэдгийг гаргаж ирдэг наадам. Тэгэхээр энэ наадамд оролцож байгаа уран бүтээлч гэвэл өнөөгийн урлагийн ертөнцөд л хамгийн оргил, шинэ юмыг үзүүлж байгаа улс гэж ойлгогддог. 2013 оных нь “Энциклопедик Палас” нэртэйгээр болж байлаа.

-Уран бүтээлчээ илгээж буй улсын хувьд ямар учир холбогдолтой үйл ажиллагаа вэ?

-Улс бүр өөр өөрийн павильоныг нээдэг юм. Тэрүүгээрээ дамжуулж тухайн улс урлагийнхаа, эдийн засгийнхаа, соёлынхоо түвшинг дэлхийд харуулна. Тийм ч учраас энэ бол спортоор бол яг л олимп шиг, оролцогч нь өөрөө улсынхаа нэр хүндийг нуруун дээрээ үүрч, олон улсын урлагийн ертөнцөд хөл тавьж буй явдал юм. Тийм ч учраас энэ бол зөвхөн урлаг гэхээсээ илүү дэлхийд Монголын нүүр царай, имижийг гаргаж буй, эергээр үзүүлж буй томоохон үйл явдал болж байгаа юм.

-Азийн улсууд энэ “урлагийн их олимпод” хэзээнээс оролцож эхлэв?

-Бид бас нэг их хоцроогүй ээ. Анх Европ, Америк төвтэй урлагийг л сонирхдог байсан бол 1990-ээд оноос л Азийн урлагийг оролцуулах болсон юм билээ. Хятад гэхэд л анхныхаа павильоныг 2005 онд, 10 жилийн өмнө нээж байж.

-Хэр хугацаанд үргэлжилж, хэчнээн хүн үздэг наадам бэ?

-Бүтэн тав, зургаан сар үргэлжилж, хамгийн багаар бодоход 400 мянган хүн үздэг гэж байгаа. Дээр нь дэлхийн бүхий л том ТВ, сувгууд дамжуулж үзүүлдэг. Энэ жил сая гаруй хүн үзнэ гэж тооцоолж байгаа.

-Ер нь зохион байгуулалт нь ямар бүтэц, шугамаар болдог юм бэ. Манайхан энэ удаад хэрхэн оролцож чадахаар болсон юм бол?

-Анх зохион байгуулагч нь гарч, санаачилгаа гаргаад хөрөнгө мөнгөө хөөцөлдөх, зохион байгуулах ажлаа эхэлнэ. Комиссионер гэдэг ийм зохион байгуулагчаар энэ жил БСШУЯ-наас Бадамгаравын Гантуяаг томилсон бөгөөд зохион байгуулагч байгууллагаар нь Монголын Орчин үеийн урлагийг дэмжих холбоо ажиллаж байгаа. 2014 оны 6 сард гадаад, монгол хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн комисс ажилласан байна лээ. 2014 оны тав зургаан сараас энэ ажиллагаа эхлээд Монголын уран бүтээлчдэд зарлал тарааж. Энэ явц их зөв болсон гэж надад санагдсан. Учир нь зөвхөн Монголд биш, гадаадад байгаа уран бүтээлчид ч мөн сонсоод материалаа ирүүлж. Тэгээд тэр бүх материалыг нөгөө 11 хүнтэй комисс шүүж, нарийн сонголт хийсэн байна. Ингээд Германд амьдарч байгаа Үнэн-Энх гэж уран бүтээлч, мөн залуу уран бүтээлч Энхболд нарыг сонгосон юм байна. Намайг болохоор өнгөрсөн наймдугаар сард Монголын павильоны куратороор ажиллаач гэжурьсан юм. Kураторын гол ажил бол уран бүтээлчидтэйгээ ойрхон ажиллах, үзэсгэлэнгийн гол санаа, концепт, чиглэлээ гаргах, уран бүтээлчдийнхээ санааг олон улсын хэмжээнд таниулан ярих, судлах, онолын үүднээс тайлбарлах ажил байдаг. Ингээд павильонд хоёр, бие даасан үзэсгэлэнгээ нэг уран бүтээлч гаргаснаар нийт гурван хүн энэ жил Вэнэцийн Биэналд Монгол Улсыг төлөөлөн оролцох юм.

-Монгол Улсын нэр хүнд, нүүр царайг илтгэх энэ сайхан арга хэмжээнд манай төрийн зүгээс хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

-Дэлхий, Олимпийн дэвжээнд Монгол Улсын тамирчид Монгол Улсаа төлөөлөн улсынхаа нэрийг гаргадагтай адилаар эдгээр уран бүтээлчид, кураторууд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах гэж байна. Энэ бол хувь уран бүтээлчийн асуудлаас хавьгүй өндөрт гараад явчиж байгаа зүйл юм. Тиймээс бүхий л улс орон павильоноо дэмжин, хөрөнгө мөнгийг нь гаргаж өгдөг уламжлалтай. Манайхаас бол Итали дахь Консул анхнаасаа дэмжин сайн оролцсон байгаа. Гэвч 11 сард гэнэт засаг солигдож, Соёлын яам гэж байхгүй болсон тул олон том бэрхшээл үүссэн. Нөгөө ярьчихсан, шийдчихсэн байсан мөнгө хөрөнгө зогсолтод орж, нэг үе бараг оролцож чадахгүйдээ тулсан нь ч бий. Яриад гэрээгээ хийчихсэн байсан нөгөө сайхан байшин сав чинь төлбөрөө хийгээгүйгээс болж дороо алга болчих гээд л. Үүн дээр Монголын Орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Б.Гантуяа үнэхээр зүтгэл хичээл гаргаж ажилласан байгаа. Хөөцөлдөж явсаар байж энэ хоёр сард Гантуяа багийнхантайгаа Бат-Үүл дарга дээр орсон юм билээ. Бат-Үүл дарга харин ч урлаг ойлгодог хүн байж, дэмжин ажилласнаар компаниудын дунд хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж, богинохон хугацаанд мөнгө босгож чадсан юм. Ингээд тэр босгосон хөрөнгийнхөө хэмжээнд боломжийн павильон авсан байгаа. Энэ бүхнийг хөөцөлдөх завсар бас хамтран ажиллах, дэмжин туслах түншүүд ч гарч ирлээ. Тухайлбал Холландад суурин ажилладаг “Глобал Артифэйр” гэж байгууллага өөрсдийнхөө павильоныг хуваалцах, хүлээн авалт зохион байгуулах багийг гарган өгөх зэргээр хамтран ажиллаж байгаа. Бас нэг чухал дэмжигч, гол хүн бол гадаад зөвлөх маань байгаа. Гантуяа энэ төслийг анх санаачилж эхлэхдээ л гадаад зөвлөх авсан юм билээ. Тэр нь дэлхийн урлагийн ертөнцөд маш нэр хүндтэй хүн. Америкийн алдарт МоМа гэж модерн урлагийн музейн захирал, Уитнигийн музейн захирал байсан, одоо бол Нью-Йоркийн Урлагийн сургуульд багшилж байгаа Дэвид Росс гуай. ЛаБиеналэ ди Венециа гэдгийг манай төрийн томчууд бас мэдэхгүй, ойлгохгүй байсан үед Дэвид Росс Йоко Оно-той холбогдож, энэ бол зөвхөн урлагийн төдийгүй тухайн улсын хөгжилд нөлөөлөх нэр хүндтэй асуудал хэмээсэн нээлттэй захидал Бат-Үүл даргад бичсэн нь бас их нэмэр болсон гэж бодож байна.

-Монголын павильонд тэгэхээр ямар ямар бүтээл тавьж үзүүлэх гэж байна даа?

-Хоёр уран бүтээлч маань Венециа Биеналд зориулж цоо шинэ уран бүтээл хийсэн байгаа. Манай павильон Европын Соёлын төв бүхий Палаццо Мора гэдэг байранд гарна. Гурван өрөө байгаа. Их өвөрмөц хоёр уран бүтээлч байгаа. Үнэн-Энх гэхэд манай ДУДС-т сурч байгаад наяад оны үед Унгарын Будапештийн Урлагийн их сургуульд бакалавр, магистраа хийгээд, тэндээсээ Герман руу гарчихсан, өөрөөр хэлбэл манай урлагийнхнаас анх удаа тэр социализмын боогдмол үеэс гадагшаа гарсан уран бүтээлч. Дандаа эсгий, адууны хялгас зэрэг нүүдэлчдийн эд материалаар баримлaa хийдэг. Энхболд болохоор хөдөө өссөн хүүхэд, бас эсгийгээр юм хийнэ, “гэр”-ээр перформанс ажил бас их хийнэ. Зураг нь адууны хомоол, үнс, бургасаар, яг монгол гаралтай материалаар хийсэн бүтээлүүд. Энхболдын энэ бүтээлүүд болохоор бидэнд гаргаж өгсөн байранд, “суурьшмал” маягаар байх юм. Суурьшмал гэж хэлж байгаа маань ямар учиртай гэхээр бид үзэсгэлэнгээ хоёр маягаар, нэг нь суурьшмал, нөгөө нь нүүдлийн маягаар гаргах юм л даа. Монгол гэр бариад, Венец хотоор Энхболд гэртэйгээ нүүдэл хийж, перформан сурлагаар Венецийн жирийн иргэдтэй холбоо үүсгэж, Монгол урлагийг танилцуулан, Венецийн ард олныг гэртээ оруулж, урлаг болоод цай цүйгээр дайлна. Маш чөлөөтэй, дуртай хүн нь орж гардаг, Венецийнхэнтэй харьцаа үүсгэх перформансайлыг Энхболд бэлдсэн байгаа. Энэ нь нэг талаас урлаг гэдэг дөрвөн хананы дотор л байгаад байх зүйл биш гэж үзүүлэх, нөгөө талаас Венец хотын түүх Монголтой холбоотой юм билээ. Хүннүгийн Атилла V зуунд Итали руу довтлоход зугтсан иргэд энэ хагас арал дээр суурьшсанаар Венецхотын түүх эхэлсэн юм байна. Дараа нь Марко Поло Хубилай хааны ордонд 16-17 жил амьдарч. Түүний бичсэн ном хүн төрөлхтний түүхэн дэх шинэ газар нутгийн нээлтэндасар их нөлөөтэй. Христофер Колумб Марко Пологийн Монголын тухай, Монголын нийслэлийн тухай бичсэнийг уншсаны үндсэн дээр аяллаа эхэлсэн байдаг. Тэгэхээр бид бас монголчууд эргээд ирлээ шүү, энэ удаад урлагаар бэлэг барина, харилцах, ярих гэж ирлээ гэж харуулах юм. Монгол павильон гэж ийм төсөл байна аа. Үүнээс гадна бас “суурьшмал” үзэсгэлэн маань Палаццо Морад бас гарна аа.

-Маш сонирхолтой байна. Павильоноос гадна Монголын урлагийг бас хэн хэрхэн төлөөлж үзүүлэх нь вэ?

-Венецийн энэ наадам бол маш том хэмжээний баяр учраас олон сайхан төсөл, арга хэмжээ болдог юм байна. Үүний нэг нь уламжлал болон Венециа Биеналэ болгоноор зохион байгуулагддаг Personal Structure буюу “Хувийн орон зай” гэж болох арга хэмжээ юм. Тэднийх өмнө монгол уран бүтээл нэг ч үзүүлж байсангүй, маш их сонирхож байна гэж кураторуудад саналаа ирүүлснээр бид зураач Ж.Мөнхцэцэгийг тодорхойлон илгээсэн юм. Мөнхцэцэгийг сонгосны учир нь нэгд эмэгтэй уран бүтээлчийн хувьд шинэ сонин юмыг хамгийн түрүүнд мэдрэн, хэрэгжүүлдэг, маш олон шинэ уран бүтээл туурвиж буй цөөн уран бүтээлчийн нэг. Хоёрт би өөрөө жил гаруйн хугацаанд Мөнхцэцэгийн уран бүтээлийг судалж байгаа судлаачийн хувьд үүнийгээ үзэсгэлэн болгож цогцоор харвал ямар байх нь маш сонин санагдсан. Ингээд Мөнхцэцэгийн материалыг илгээтэл зохион байгуулагч нар нь шууд л хүлээж авсан байгаа. “Хувийн орон зай” хэмээх тэр үзэсгэлэнд нийт 40 орны уран бүтээлч оролцохоос Ж.Мөнхцэцэг маань “Дахин төрөлт” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Бас л Венециа Биеналэд зориулж цоо шинэ бүтээлүүд хийсэн байгаа. Үүнд зөөлөн баримал, гэрэл зураг, цаасан ажлууд бий. Энэ бол Монгол улсаас Венециа Биеналэд анх удаагаа монгол уран бүтээлч, тэгээд эмэгтэй уран бүтээлч бие даасан үзэсгэлэн гаргаж буй түүхэн явдал болох юм.

Ж. Мөнхцэцэг: “Би хэн бэ” гэсэн асуултад бүтээлээрээ хариулахыг хичээдэг

Венециа Биеналэд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй зураач Ж.Мөнхцэцэгтэй хөөрөлдлөө.

-Контемпорари урлагийн хамгийн том наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсонд тань баяр хүргэхийн ялдамд ямар бүтээл тавих гэж буйг тань сонирхож болох сон бол уу?

-За баярлалаа. Эврээс үс хүртэл (From Horn to Hair) гэж зөөлөн баримал, Ачлал (Caring) хэмээх мөн зөөлөн баримал, Хонин сүнс (Sheep Soul) гэж гэрэл зураг, Умайг хамгаалагч шувуу (Bird-Keeper of the Womb) хэмээх цаасан зураг гэх мэт бүтээлүүд маань гарна.

-Үзэсгэлэнгээ яагаад “Дахин төрөлт” гэж нэрийдсэн юм бэ?

-“Дахин төрөлт” гэдэг санаа миний бүтээлийн гол сэдвүүдийн нэг юм. Хүний амьдралын оршин тогтнохуйг уран бүтээлчийн зүгээс харахдаа өөрөөсөө үргэлж “Би хэн бэ?” гэж асуудаг. Хариултыг нь бүтээлээрээ илэрхийлэхийг хичээвч эргээд бүтээлүүд маань асуулт болчихсон мэт санагддаг. Тэгэхээр “Би хэн бэ?”, “Би хэн байсан бэ?” хэмээх асуултууд намайг урлаг бүтээхэд хүч өгч, дахин дахин төрөх бүтээлүүддээ ч энэ хүчийг шингээхийг хичээдэг юм.

-Ер нь таны бодлоор дэлхийн орчин үеийн урлаг дотор Азийн урлаг, тэр дундаа Монголын контемпорари урлагийн эзлэх байр, түвшин хаагуур нь явна вэ?

-Азийн урлаг сүүлийн хорь гаруй жилийн дотор маш хүчтэй хөгжиж байгааг бид харж байна. Тэр дундаа Монголын урлагт ч өөрчлөлт гарч эхэлж байгаа. Бидний амьдарч буй энэ он жилүүд бол нийгмийн болон урлагийн амьдрал үнэхээр хурдацтай өөрчлөгдөж, бид бүгд үүнийг нь бие сэтгэлээрээ туулж байгаа, тийм л цаг үе. Өнөөгийн Монголын урлагийн түвшнийг гаднын судлаачид, тухайлбал Азийн урлаг сэтгүүлийн эзэн, урлаг судлаач Иан Финдлэй Браун зэрэг хүмүүс пост коммунист орнуудын түвшинтэй адилтган дүгнэдэг. Мөн Монголын нийгмийн энэ хурдацтай өөрчлөлт урлагт нь тусгалаа олж байгаа, уран бүтээлчид нь өөрсдийнхөө мөн чанарыг шинээр нээж эхэлж буй цаг үе гэж үздэг.

-Та өөрөө гадаадын ямар ямар улсад үзэсгэлэнгээ гаргаж байв. Гадаадын урлаг судлаачид,жирийн сонирхогчид Монголын урлаг гэдгийг чухам ямар талаас нь, ямар өнцгөөс, хэр хүлээн авч байна вэ?

-Тайланд, Япон, Швейцарь, Сингапур зэрэг улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Мөн Фукуокад Азийн Урлагийн музейд гарсан Азийн эмэгтэй зураачид 1984-2012 нэртэй үзэсгэлэнд оролцож байсан. Ер нь Монголын тухай төсөөлөл энгийн хүмүүсийнх нь хувьд сайн биш учраас Монголын урлагийг хүлээн авах нь ч мөн тийм өргөн хүрээтэй байдаггүй юм.

-Эргээд Монголынхоо тухай ярихад, Монгол дахь урлаг судлал хийгээд ард түмний урлагийг ойлгох түвшин, гоозүйн таашаал ямар байдалтай байна вэ?

-Ерөнхийдөө манайхны урлагийн тухай ойлголт барууныхнаас их өөр. Монгол үзэгчид урлагийг гоё болон гоёчилсон байдлаар хүлээн авах их дуртай. Гэтэл урлаг бол дан ганц гоё, эсвэл төгс байдал биш шүү дээ. Мэдээж ард түмний гоо зүйн таашаалын онцлог ийм боловч орчин үеийн урлагийг мэдэрч, түүнээс таашаал авч чаддаг болох хэрэгтэй, үүний тул урлагийг ойлгох хүсэлтэй хүмүүст зориулсан тусламж, арга зам хэрэгтэй байна. Жишээлбэл, хамгийн наад зах нь урлагийн мэдээллийг нийтэд түгээх тусгай сэтгүүлтэй болох, мөн урлагаар дагнасан сэтгүүлчтэй болох гэх мэт. Ийм цаг удахгүй ирэх байх аа. Харин мэргэжлийн хүрээн дэх урлаг судлал энэ үед яах аргагүй зогсонги байдалд орсон. Учир нь Зөвлөлтөд сурсан хүмүүсийн нэг үе дуусаад гуравдагч оронд суралцсан дараагийн үе гарах хүртэл завсар гарч. Одоо гэхдээ шинэ цагийн урлаг судлаачдын үе эхэлж байгаагийн нэг тод жишээ нь доктор Ц. Уранчимэг юм. Уранчимэг Монголын урлагийг дэлхий дахинд гаргах үйлсэд зүрх сэтгэл, мэдлэг мэргэжлээ зориулж байгаа нь Монголын уран бүтээлчдэд маш том гарц нээж өгч байна.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвдорж: “Явсан газраа ямар нэгэн сайн зүйл бүтээж бай” гэсэн ахынхаа захиасыг амьдралдаа хэрэгжүүлж явна даа

Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ямагт шинийг эхлүүлэгч “Монгол аялал” компанийн Ерөнхий захирал Ц.Пүрэвдоржтой ярилцлаа.

-“Монгол аялал” компани хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа тухайсаяхан “Өдрийн сонин”-д гарсан таны ярилцлагад дурдагдсан байхыг харлаа. Юун түрүүнд “Зөв мөргөл” төслийн талаар асуумаар байна?

-“Зөв мөргөл” төслөө бид гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ төлсийн талаар дэлгэрэнгүй ярина гэвэл сонины хэдэн арван хуудас болох байх. Товчхондоо бол монголчууд эртнээс номд орсон улс. Дэлхиийн номлолд үүнийг авч үзэхдээ аливааг таньж, шинжлэн мэдсэний эцэст судалж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Түүнээс хамааран олон хутагт, хувилгаад, мэргэд мэндэлсэн түүхтэй. Аливаа номлол, сургаал, шашин шүтлэг, тэр дундаа бурханы шашны гол номлол, сургаалыг энгийнээр тайлбарлахад, зөвхөн бурханлаг чанарыг сэргээхэд оршиж байгаа юм. Тэгвэл түүнийгээ танин мэдэж, сэрээхгүй байгаагийн улмаас бид орчлон хорвоод төөрөлдөх шалтгаан үүсч байна. Нөгөөтэйгүүр итгэл бол хамгийн чухал. Сайхан бүхэн, номын адислал ирж байхад итгэлийн хаалга нь хаалттай байхад тэр нь орж чадахгүй шүү дээ. Болж бүтэх үүд хаалгаа болохгүй нь гэсэн итгэлгүй байдал, тийм зангаараа хаачихдаг. Тэгэхээр итгэлгүй хүнээс зориг, тэвчээр, чадал гардаггүй. Юун түрүүнд сүсэг, бишрэл, итгэл гэгч юу болох талаар ойлгох хэрэгтэй.

-Сүсэг, бишрэл, итгэл гэдэг бол нэг ойлголт уу?

-Хүнд хамгийн түрүүнд бишрэл гэгч төрнө. Сэтгэлд орших бишрэлийн эхний шат нь бурхан номын сүм хийдэд ирж залбирах, буян үйлдэх, ном хуруулах, сэтгэл санаагаа итгэлээр ариусгах явдал юм. Энэ бол бишрэл. Хүний сэтгэл ариусаж, бишрэл номын талаасаа утгажин тогтоно. Тиймээс бурхан багш “Сүсэг бол эрдэм бүхний суурь юм. Миний ном сургуулийг сүсэг төдийхнөөр бүү хязгаарла. Мухар сүсгээр ариун чанарыг нь бохирдуулан сэвтээхгүй байхыг захья” гэж айлдсан билээ. Итгэл бол шашинд орохын үүд юм. Бурханд, бурханы номын сургаалд итгэлээ өгч байж шашинд орно. “Ертөнцийн унал бүхний үүд нь мунхаг харанхуй сэтгэлээс үүдэлтэй. Мунхагийн харанхуйг таслах үүд хүн бүхэнд бий. Хүн сэтгэлээ ариусгаж муу муухай бүхнээс ангижирч чадвал сайн сайханд аяндаа хүрнэ” гэж бурхан багш айлдсан байдаг билээ.

-Чухам зөв мөргөл нь аялалтай ямар сэжмээр холбогдож байгаа юм бэ?

-“Монгол аялал” компани мөргөлийн аяллыг олон жилийн өмнөөс зохион байгуулсаар ирсэн. Бурхан багшийн сургаалаас дээр өгүүлсний учир нь хүмүүс аялахдаа мөргөлийн талаар зөв ойлголттой байвал үр өгөөж нь эергээр тусна. Тиймээс бид “Зөв мөргөл” төслийнхөө хүрээнд мөргөх үйлдэл, маанийн тус эрдэм, зул өргөх ёс, үүний мөн чанар, утга учир, хадагны бэлгэдэл зэрэг мэдээллийг аялагчдадаа өгч байгаа юм. Хүмүүс аливаа компанийн мөргөлийн аяллыг сонгохдоо дээрх ёс, мөргөлийн талаар зөв ойлголттой байх ёстой. Тухайн компанийн зүгээс ч зөв мэдээлэл өгч, тайлбарлаж байж тэр нь зөв мөргөл болно.

-Зарим компани мөргөлийн аялал зохион байгуулдаг хэрнээ үйлчлүүлэгчдэдээ энэ талаармэдээлэл өгөхгүй байх шиг харагддаг. Энэ нь зөв мөргөл болж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм дутагдал зарим аяллын компанид ажиглагддаг. Хүн ажлаа сэтгэлээсээ хийвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй шүү дээ. Ер нь манайхан үнэ хөлсөндхууртагдаж, үүнээсээ болж хохирох тохиолдол элбэг. Хямд үнэтэй компанийн үйлчилгээ тааруу байх нь мэдээжийн хэрэг. Мөргөлийн аяллыг зохион байгуулж байгаа компаниуд үйлчлүүлэгчдэдээ зөв, бүрэн дүүрэн мэдээлэл өгч, тайлбарлаж чадвал аялж байгаа хүмүүсийн ажил үйлс нь бүтнэ. Энэ нь жинхэнэ утгаараа мөргөл болж, буян болдог. Гэтэл мөнгөний төлөө гэсэн компаниудын үйлдэл иргэдийг хохироохоос гадна сүсэгтэн олны амьдрал ахуй сайжрахгүй. Том лам нарын ярьж байгаагаар хүн бэрхшээлийг давж, цаг хугацааг туулж байж мөргөвөл энэ нь эргээд буян болно. Жишээлбэл, “Итгэлт хамба руу аялаад ирсэн даруйд бүх ажил үйлс бүтэж, таны амьдрал ахуй дээшлэн дэвжинэ” гээд зарим компаниуд хүмүүсийг аваад явчихдаг. Тийм сэтгэлээр яваад ирсэн хүмүүсийн хүсэл биелэхгүй бол“Итгэлт хамбад очиж мөргөөд ажил үйл бүтдэггүй юм билээ” гэнэ. Тэгэхээр Итгэлт хамбадочиж мөргөж байгаа хүмүүс зөв мөргөлийн ойлголттой байх хэрэгтэй. Ер нь бид яаж мөргөх ёстой юм бэ, ямар ухагдахуунтай байх вэ гэдгийг мэдэж байж тэр нь мөргөл болно. Сүүлийн үед сүсэг бишрэл маш их дэлгэрч байгаа бөгөөд зөв болгох ёстой. Бие биетэйгээ тэмцэлддэг атаач байдлаа болих хэрэгтэй.

-Нийгэмд шашин их дэлгэрэх нь хэр зөв бэ?

-Хүмүүс шашин шүтлэгтэй байснаар зөөлөн нинжин болдог. Худлаа ярих, хулгай хийх, хэрцгий зан авир нь аяндаа алга болно. Тэгэхээр лам, бөө гээд бүх шашны төлөөллүүд ард олондоо зөв мөргөл, сүсгийн талаар тайлбарлаж байх хэрэгтэй. Сүсэг бишрэлийн талаар олон түмэнийг соён гэгээрүүлснээр хүмүүс тайван амгалан болно.

-Таны ярианаас анзаарахад зөв сэтгэлтэй, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнийг аяндаа амжилт дагадаг гэсэн филисофи байх шиг…

-Дээхэнэ үеийн хүмүүс “Бод, сэтгэ, хий” гэж хэлдэг байсны учир тархи нь сайн ажилладаг байж л дээ. Хүн аливаа хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандах ёстой. Сэтгэл маш сайхан, зөв байвал тэр хүний амьдрал, ажил төрөл нь дээшилнэ. Хичнээн ур чадвартай мундаг хүн байлаа гээд сэтгэл муутай бол үйлс нь гийхгүй. Ер нь хүмүүсийг хараад байхад буруу сэтгэлтэй хүний ажил үйлс нь нэг хэсэгтээ бүтээд, алс хэтдээ хэцүүддэг байх жишээний. Зальтай, санаа муутай хүн өнөөдөр аз жаргалтай байгаа юм шиг харагдаж буй боловч ирээдүйд таатай биш байх, үр хүүхдүүдэд нь сөрөг үр нөлөө нь буудаг. Шинэ эрин зуун ирчихээд байхад хэтэрхий эд баялагт шунаж болохгүй.

-Яагаад?

-Бид хоосон чанар гэдгийг ойлгохгүй байна. Хүн ертөнцөд нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Тэрнээс хуримтлуулсан хур хөрөнгө, тэрбум тэрбум төгрөгөө аваад явахгүй. Харин бидмөнгийг зөв аргаар олоод, олон түмэндээ зарцуулаад, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэхэд анхаарч, улс орноо өөд нь татах юм бол эргээд буян болно. Монголчуудын нэг сайхан зүйр үг бий дээ. “Хүн төрөхдөө хувцастайгаа, идэх хөрөнгөтэйгээ төрдөг” гэж. Гэтэл хүний хувь заяа өөр, өөр. Сайн эцэг, эхийн хуримтлуулсан өв хөрөнгийг үр хүүхдүүд нь хүртэж чадахгүй байх тохиолдол олон. Хүүхдүүдээ элбэг хангалуун өсгөж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байхын оронд ажил хийлгэж сургасан нь дээр. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр баялаг бүтээсэн хүнүр хүүхдүүдээ гадагшаа үнэтэй сургуульд мордуулахын оронд ядаж л гурван жил гэр хороололд байлгаж, ус, түлээ зөөхөөс өгсүүлээд хар бор ажил хийлгэж, амьдралд сургамаар санагддаг л даа. Гэрийн ажил хийж сурсан, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болбол амьдралаа сайхан авч явах эрдэмд суралцаж байна гэж ойлгох нь зүйтэй. Харин ямар ч ажил хийж үзээгүй, бэрхшээлийг туулж чадаагүй хүүхдүүдийн аав, ээжийнх нь хөдөлмөр муудаад ирвэл тэд буруу замаар орж байна. Хялбар аргаар мөнгө олж байсан хүмүүс бэрхшээлийг давж чадахгүй. Хуучнаар ЗХУ-д хамт сурч байсан найзуудын маань сэхээтэн айлын хүүхдүүд байсан. Харин би жирийн малчны хүү байлаа. Биднийг сургууль төгсөхөд зах зээлийн нийгэмд Монгол орон хэцүүдэж зарим нь ганзгын наймаа хийж, зарим нь өөр ажил хийж байсан. Харин би тоосго өрж, шалугааж, хатуу гүтүү ажлыг гололгүй хийсэн нь өнөөдөр амжилттай бизнес эрхлэхэд минь нөлөөлсөн гэж боддог доо.Одоо миний хувьд ажилтнуудаа загнасан ч дотроо “Энэ маань болж байгаа болов уу” гэсэн бодол байнга тээж байдаг.Ер нь ямар ч хүнийг зөв талаас нь дандаа бодох ёстой. Тухайн хүнийг зөв талаас нь бодоод байвал танд зөв л харагдана. Тэр хүний амьдрал ч зөв болно. Харин хүнд муу санаад, тэрнээс баян болно гэж атаархахаас илүү Монголд ийм бүтээн байгуулалт хийчих юм сан гэж үргэлж бодож байх хэрэгтэй. Манай нагац ах надад “Явсан газраа ямар нэгэн сайн зүйл бүтээж бай” гэж хэлдэг байлаа. Энэ бол миний эрхэмлэдэг үг. Би ямар нэгэн албан байгууллагаар орохдоо дутагдалтай зүйл ажиглагдвал тэр хүнд ойлгуулаад хэлчихдэг. Ажил нь бүтэмжгүй байгаа хэн нэгэнд өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд зааж, зөвлөнө. Хүнд зүйл өргөөд даахгүй байгаа хүнд хамжиж тусалдаг. Ер нь хүнд урмын, сэтгэлийн сайхан үг хэлэхийг эрхэмлэдэг дээ.

-Ингэхэд “Монгол аялал” компанийн Итгэлд хамбын аялал удахгүй болох бил үү?

-Энэ тавдугаар сарын сүүлчээр, ирэх зурагдугаар сарын эхээр бурхан багшийн дүйчин өдөр тохиож байгаа. Бурхан багшийн их дүйчин өдөр буян үйлдвэл түм, бум болж үрждэг. Энэ үеэр бид Итгэлт хамбын аяллыг зохион байгуулж байгаа. “Монгол аялал” компанитай 91912152, 99017779, 70112646 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ер нь орчин цагт хүмүүс эд хөрөнгөөрөө баярхдаг болсон байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд хүнтэй ажил хэргийн шугамаар уулзахдаа бугуйн цагаа тайлж, унаа тэргээ хол тавьдаг. Би тухайн хүнтэй ажил ярих гэж очиж байгаа болохоос эд хөрөнгөө гайхуулах гээгүй. Нөгөөтэйгүүр ажил ярихаар ирсэн хүний анхаарал өөр чигт тусч мөнгөний сонирхол нь давамгайлдаг. Тэгэхээр бидний уулзалт ажил биш болно. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт ихэсчбайгаа. Манай нэг найз надаар дамжуулаад гадаадын компаниас хөрөнгө татахаар болов. Ингээд Японоос нэг хөрөнгө оруулагч ирлээ. Түүнийг найз маань Чингэс хаан онгоцны буудлаас тансаг машинаар тосч аваад маш тансаг буудалд буулгаад, дээд зэрэглэлийн ресторанд урьсан. Гэтэл нөгөө япон хүн “Би танд хөрөнгө оруулж чадахгүй нь. Яагаад гэвэл та надаас баян хүн байна” гээд татгалзсан байгаа юм. Иймд бизнесмэнүүд энгийн байх хэрэгтэй. Хамгийн гол нь хийсэн бүтээсэн зүйлтэй, хөдөлмөрч байх ёстой.

-Ийм зөв бодолтой, дандаа шинийг эрэлхийлдэгтанийг хүрээлсэн хүний тоо их байх. Бизнестээ хэр зэрэг хамтрагчтай вэ?

-Би ганцаараа бизнесээ хийвэл тийм ч амжилтад хүрэхгүй. Тэгэхээр мундаг хүмүүстэй нийлж байж, тэдний санаа бодлыг тусгахыг чухалчилдаг. Бизнесийн бүхий л салбарт хамтаар хүчин зүтгэвэл Монгол Улс маань хурдан хөгжинө. Миний дансанд хэдэн сая доллар байхдаа чухал биш. Тэрнээс хэдэн жилийн дараа “Би улсдаа ийм ийм бүтээн байгуулалт хийсэн байна шүү дээ” гээдбахархах зүйл бүтээх хэрэгтэй. Монгол Улс 70 жилийн өмнө ямар байлаа. Харин одоо хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байна. Өмнөх зуунд босгосон бүтээн байгуулалтын гавьяатнаар Ю.Цэдэнбал даргыг бүгд нэрлэнэ.Түүн шиг бидний үеийнхэн Монгол Улсаа хөгжүүлье гэж хичээж, зүтгэж байна.

-Гадаад орнуудаар аялж явахдаа тухайн улсын хөгжил дэвшилд хүрсэн замналаас үлгэр авч улс орондоо хэрэгжүүлмээр санаа танд төрнө биз?

-Тэгэлгүй яахав. Би Арабын нэгдсэн Эмират улсад хэдэнтээ очсон. Тэднээс суралцах зүйл их байна. Тус улс манайх шиг асуудалтай байсан. Нефтийн асар их баялагтай. Тэрүүгээрээ хэдэн шехууд нь баяжаад байдаг. Дээрээс нь гаднаас маш их зээл авч, өрөнд баригдсан улс байсан. Тэгтэл нэг шех нь их ухаантай хүн байж. Тэрээр “Ерөөсөө намайг үр хүүхдүүдтэй минь шоронд хий. Тэгээд улсын тэр их өр зээлийг над дээр бич” гэж л дээ. Түүн шиг манай улс зоригтой алхам хийж чадвал хэдхэн жилийн дотор хөгжиж чадна. Гэтэл манайхан хэн нэгнийгээ идлээ, уулаа гэж нийтэд зарлаж, хорьж цагдан хэвлэлээр баалж байхын оронд бүтээн байгуулалтуудаа дэмжих хэрэгтэй. Тэгэх юм бол гурван сая хүн хэдхэн жилийн дотор дэвжинэ.

-Ингэхэд танай компани ямагт бусдаас түрүүнд алхаж, аяллын шинэ бүтээгдэхүүнүүд гаргадаг. Гэтэл энэ салбарт өрсөлдөж байгаа заримкомпаниуд танайхыг хуулбарлаж, өөрсдөө сэтгэж чадахгүй байгаа юм уу даа гэж харагдах юм. Та санал нийлэх үү?

-Манайх нэг шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаад ирэхээр тэрийг дуурайдаг жишээ олон бий. Бүр манай компанийн “Хамт олноороо арвуулаа аялахад нэг хүн үнэгүй явна” гэсэн боломжийг хүртэл тэр чигээр нь хуулчихсан байх жишээтэй. Нэг нь шинийг эрэлхийлээд бусад нь бэлэнчлээд байхаар энэ чинь шударга өрсөлдөөн биш болчихоод байгаа юм. Энэтхэгийн том эрдэмтэд “Дэлхийн хүн төрөлхтний үндэс нь Монгол юм. Оюун ухааны үндэс нь Монгол. Дэлхийн усны эх булаг газар нь Монголд байна” гэсэн гурван дүгнэлт гаргажирсэн. Гэтэл манайхан хүнтөрөлхтний үндэс нь байж дэмий зүйл ярьж, хоорондоо тэрсэлдээд байхаар хөгжихгүй байна. Дээр нь баялаг бүтээгчдээ эд материалаар дэмжихээ байг ээ гэхэд урмын үг хайрладаг байх хэрэгтэй. Буянгийн Жаргалсайхан, “Женко” Баттулга тийм мундаг гээд л тэднээр бахархъя л даа. Алдаатай гишгэвэл засч залруулдаг байх хэрэгтэй. Гэтэл аль өнгөтэй өөдтэй яваа нэгийгээ сонин, хэвлэлээр доош нь татах юм. Энэ сэтгэхүйг бид өөрчлөх хэрэгтэй. Нийт ард түмнийхээ сэтгэхүйг өөрчилмөөр байна. Эрдэмтэн мэргэд гээд бүгдэд зөв сэтгэхгүй суулгамаар байна. Далай багшийн айлдсанаар хүн төрөлхтөн хоосон чанарыг ойлгохгүй байна.

-Танайх нээрээ Далай багшийн айлдварын үеэр аялал зохион байгуулдаг бил үү. Хоосон чанар гэж юуг хэлээд байна вэ. Далай багшийн айлдвараас товчхон сонирхуулахгүй юу?

-Далай багшийн айлдсанаар би өнөөдөр байна, маргааш байхгүй. Би өнөөдөр сайхан хувцас өмслөө маргааш үгүй. Үнэндээ энэ бол миний мөнгө, чиний мөнгө байгаа юм. Надад өнөөдөр байгаа бол маргааш чамд очно. Нөгөөдөр өөр хэн нэгэнд очно гээд л. Сайхан хоол идээд байдаг. Энэ нь үнэндээ мөн л хоосон чанар. Далай багшийн айлдвар их мундаг. “Монгол аялал” компани жил бүр Далай багшийн айлдварын үеэр аялал зохион байгуулдаг. Ирэх арваннэгдүгээр сард болох аялалд эртнээс бүртгүүлэх хэрэгтэйг үйлчлүүлэгчдэдээ сануулмаар байна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад цаг хугацаа нь дөхөөд ирэхээр тасалбар олдохгүй байх талтай. Ер нь зөв мөргөлийг бий болгосноор хүмүүсийн оюун ухааныг зөв болно. Ингэснээр улс орон маань ч хөгжих юм. Ерөөсөө сэтгэхүйн дайнд мордъё гэж уриалмаар байна.

-Яаж тэр вэ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хүмүүсийн сэтгэхүйг өөрчилбөл юун уул уурхай эрхлэх, үүнээс ч хурдан улс орон хөгжих боломжтой. Монгол Улсад шилдэг боловсорсон, зөв сэтгэхүйтэй 100 мянган багш байхад л дэлхийг бүхэлд нь өөрчилчихнө. Юун ядуурал, дайн тулаан, улс орнуудын тэмцэл зөрчилдөөн.Тэгэхээр бид сэтгэхүйн дайныг эхлүүлж, хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчилмөөр байгаа юм. Ер нь гадна дотны хүмүүстэй уулзаж, байхад сэтгэхүйн асуудлыг ярьж, Монгол руу хандсан хандлага их байгаа юм. Тэр битгий хэл Арабын ертөнцөд явж байхад монгол үг асар их бий. Манай монголчуудын бодол сэтгэхүй өөр юм. Гадаадад очингуут хамгийн хурдан харь хэл сурдаг. Техниктэй харьцаж чаддаг. Гэтэл бид өөр өөрсдийгөө доош нь татсаар байгаад өөдлөхгүй байна. Бид дээшээ өөдөө юм яриад байвал тодорно.

-Ингэхэд танайх “99 амжилт” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухай өмнө ярилцлага өгөхдөө та онцолж байсан. Энэ нь таны “Сэтгэхүйн дайнд мордъё” гээд уриалаад байгаатай холбоотой юу?

-Тэгж ойлгож болно. Бид “99 амжилт” төслөө арван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ингэхдээ салбар салбарын мундаг залуусыг гаргаж ирэх юм. Улмаар тэднийг дэлхийд таниулбал манай улс хурдан хөгжинө. Хамгийн гол ньманай залуус тэр аргаа мэдэхгүй байна. Аргыг нь зааж өгөөд, тусалж дэмжих талаас нь зааж зөвлөхөөр төлөвлөн ажиллаж байна.

-Бас Монголыг дэлхийд таниулах том төсөл хэрэгжүүлнэ гэл үү?

-Бид Монголыг маш хурдан дэлхийдтаниулъя гэж байгаа юм. Гэхдээ өвөрмөцөөр. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 100-гаад га газар орох юм байна гэсэн урдчилсан тооцоо байна. Тэнд Монголын түүхийг дэлгэнэ. Дээрээс нь 21 аймгийн түүхийг бүхэлд нь харуулна. Энэ бол маш том төсөл болох юм.

-Одоо гадаадын аяллын бүтээгдэхүүний талаар сонирхмоор байна?

-“Монгол аялал” компани Итгэлт хамба- Байгаль нуур, Бээжин Утай руу сайхан мөргөлийн аялал зохион байгуулаад явж байна. Мөн Ордос-Гүмбэн рүү зөв мөргөл явж байна. Одоогоор Дубай руу аялал түр зогсоод байна. Тэнд зундаа бараг 60 хэмийн халуун байдаг болохоор монголчууд тэсэхгүй. Мөн АНУ руу аялуулж байна. ОХУ-ын Москва-Лениград, Австрали руу аялуулж байна. Дээрээс нь дотоодын аяллууд бий. Монгол хүн дотооддоо аялж байж эх орноороо бахархана. Зүгээр бид Хөвсгөл орохдоо биш. Аяллын турш хөтөч явж байгалийн ховор үзэгдлүүд, үзэсгэлэнт газруудын талаар танилцуулдаг.

-Гадаадын аялагчид хэр зэрэг захиалга өгч байна даа?

-Өнөө жил гадаадын аялагчид урьд жилүүдийнхээсээ их ирэх бололтой. Манайх захиалгад дарагдаж байна. Энэ бол “Монгол аялал” компанийн салбартаа олон жил сэтгэлээ зориулсаны үр шим юм. Бид аяллын бүтээгдэхүүнийг гадаадад өөр маягаар сурталчилж байгаа. 2035 он хүртэл “Мастер төлөвлөгөө” хэрэгжүүлж байна. Монголын мундагчуудтай хамтарч Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохоор зорьж байгаа. “Өдрийн сонин”-д ярилцлага хэвлэгдсэнээс хойшманайд хүмүүс их хандаж байгаа. Хамтарч ажиллах талаар саналууд ч ирсээр буй. Бид өөрсдийнхөө зүгээс тусалж дэмжих зүйл байвал тусалж, дэмжээд ажиллаж байна.

-Аялагчдыг дахин үйлчлүүлэх, ялангуяа гадаадын аялагчдад Монголын талаар авах гэсэн мэдээллийг нь бүрэн дүүрэн өгөх хүн бол хөтөт. Манай аялал жуулчлалын салбар дахь хөтчийн үүрэг ямархэмжээнд байна вэ?

-Баягаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хөтчийн сургалтыг 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, төгсөгчдөд сертфикат өгдөг л дөө. Үүнд миний бие тун чамлалтай ханддаг. Хөтөч бол гадаадад өндөр төлбөр төлж байж сургалтад суудаг. Маш том шалгалт өгдөг. Тэр босгыг давж чадсан хүмүүс хөтөч хийдэг. Харин манайх дампууруулаад байгаа юм. Арабын нэгдсэн Эмират улсад гэхэд өдөрт 450 мянган жуулчин ирж байна шүү дээ. Тэдэнд 45-100 хөтөч үйлчилдэг. Хөтөч нар хууль дүрэм зөрчвөл үнэмлэхийг нь хураагаад авдаг. Хэрэв үнэмлэхгүй хөтөч хийж байгаад баригдвал өндөр торгууль ногдуулдаг. Бид ийм стандартад шилжих цаг болсон байгаа юм. Хөтчийн үүрэг ямар чухал вэ гэдгийг “Марка Поло” киногоор жишээ авъя л даа. Тус киноны найруулагч Жон Фуско Монгол орноор аялахад нь хөтөч залуу Хубилай хааны үеийн байлдан дагууллын талаар маш гаргууд тайлбарласан байгаа юм. Ингээд найруулагч эх орондоо очингуутаа киногоо хийхээр болсон.

Аяллын томоохон компаниудын хөтөч нарыг хараад байхад “Арай ч дээ” гэж бодогддог. Тэд Эрдэнэзуу, Хархорин хоёроо ялгахгүй байна шүү дээ. Нэг л сайхан хүүхнүүд аялагчдад цай, хоол дөхүүлээд байхаас мэдлэг алга. Тэгээд гадаадынхан Монголд очоод уйтгартай юм байна гэдэг. Энэ нь цаашаа манай улсын талаар сөрөг сурталчилгаа болж байгааг хаа, хаанаа анхаарах хэрэгтэй.

-“Монгол аялал” компани “Сити тур” хэмээх шинэ төрлийн аяллын бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж дууллаа. Миний сонссоноор хөдөө, гадаанаас ирсэн хүмүүсийг хотоор аялуулаад байх цаг завгүй хүмүүст маш хэрэгтэй аялал санагдсан шүү?

-“Сити тур” төсөл зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Улаанбаатарыг тойрч, танилцах дөрвөн чиглэлийн маршрут гаргасан. Маш тансаг тусгай автобусууд үйлчилнэ. Энэ бол Монголд нэвтэрч байгаа цоо шинэ аяллын үйлчилгээ. Хөдөөнөөс ирсэн хүмүүсийг Зайсан, Чингэсийн талбай, Гандангаар авч явмаар байдаг. Гэтэл ажлын цаг чөлөө гардаггүй. Тэгвэл манай аяллын бүтээгдэхүүн бол их хотын завгүй хүмүүсийн ажлыг хөнгөвчилнө. Та манай компанид даатгахад л хангалттай. Энэ мэтчилэн “Монгол аялал” компани аяллын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд шинэ үйлчилгээнүүдийг ямагт эрэлхийлж, нэвтрүүлж байна даа.

-Завгүй их ажлынхаа хажуугаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

П.БАЯР

“Монгол аялал” компанитай 91912152, 99017779, 70112646 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүхдорж: “Галдан бошигт хаан” жүжиг “Алтан-Өд”, “Гэгээн Муза” хоёр том наадамд өнгөллөө

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдоржтой ярилцлаа.

-Таны бичсэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг “Гэгээн Муза” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсанд баяр хүргэе!

-Баярлалаа.Уран бүтээл туурвиж, үр шимийг нь хүртээд үзэгч түмнээсээ урам авч, алга ташуулаад тайзан дээр зогсож байх сайхан байдаг. “Галдан бошигт хаан” жүжгээрээ шилдэг туурвилын эзэд болцгоосондоо баяртай байна. Монгол хүн чинь багаасаа л хурдан морь унаж уралдаж өссөн болохоор аливаа уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлэхэд хэн ч баяртай байлгүй яах вэ. Их эзэн богд Чингэс хааны маань ач зээ болох Галдан бошигт хаан, Чахундорж хан нарынхаа гэгээн сүнсийг аргадаж өглөө ургахын улаан нарандаа сүү өргөлөө.

-“Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тань Ховд аймгийн Хөгжимт драмын театрынхан амилуулсан байх аа?

-Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийг ойг Ховд аймагт өнгөрөгч жил тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан. Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Драмын театрын дарга Мөнхбаярын Баатар маань анх санаачилж надад цомнол бичих санал тавьсан. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавьсан байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Тэгэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн.

-Галдан хааны аж төрж байсан цагийн байдал ороо бусгаа, эмгэнэлтэй ч гэмээр түүхэн үе байсан байх шүү?

-Их эмгэнэлтэй түүхэн цаг үе. Бид өнөөдөр түүхэнд байр сууриа эзэлсэн том хүмүүсийг үнэлж дүгнэхгүй шүүхгүй нь тодорхой. Тийм эрх ч байхгүй. Гэхдээ нэг харамсмаар зүйл байдаг нь хэрвээ Галдан бошигт хаан, Түшээт хан Чахундорж хоёр хоорондоо эв зүйгээ олсон бол өнөөгийн Монгол Улсын газрын зураг шал өөр байх байсан. Өнөө цагийн ихэс ч гэсэн яг ийм байдалтай байна шүү дээ. Энэ бол Монгол Улсад маань их аюултай, хор хөнөөлтэй явдал шүү. Хилийн наахна, цаахна байгаа ах дүүс элэг зүрхээ дурдайлган бэтгэрэхгүй л байх байсан. Манай энэ хоёр хаан маань хоёулаа мундаг эх оронч хүмүүс байсан ч Орос, Хятад, Манж, Түвд гэсэн гадныхны хаясан ясанд хахаж бүдрэн, Монголоо эмгэнэлт байдалд оруулсан. Эмгэнэлтэй ч гэсэн энэ гашуун түүх өнөөдөр ч гэсэн сургамжтай юм.

-“Галдан бошигт хаан” жүжгийг төрийн шагналт ах, дүү хоёр алдартан нэлээд өргөж өгсөн байх?

-Жүжгийн найруулагчаар нь төрийн шагналт, ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд гэсэн нэг гэрийн хоёр сайхан уран бүтээлчтэй хамтран ажилласан минь сонирхолтой сайхан үйл явдал байлаа. Жүжгийн гол дүр болох Галдан хааны дүрд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд дуучин С.Лхамхүү,Б.Мэндээ нар тоглосон. Жүжгийн дууг дуучин С.Жавхлан дуулж клип хийсэн. Ц.Энхтуяа гэдэг сайхан зураач сая шүүгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Энэ жүжиг бидэнд ивээлээ хайрлаж, би шилдэг жүжгийн зохиолчоор, төрийн шагналт Б.Мөнхболд шилдэг хөгжмийн зохиолчоор, “Галдан бошигт хаан” жүжиг маань гран при шагнал тус тус хүртлээ. Бүжгийг Даваахүү маань сайхан дэглэсэн. Зохиол цаасан дээр буугаад найруулагч уншаад сууж байх нэг хэрэг. Тэр олон сайхан уран бүтээлч тайзан дээр амилуулна гэдэг тэнгэрлиг гэгээн үйл хэрэг. “Галдан бошигт хаан” жүжиг маань МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдэг жүжиг киноны зохиолд тэргүүлсэн шүү дээ.

-Таны уран бүтээлийн онгод хийморь их л байгаа юм байна даа. Та одоо хаана аж төрж байна?

-Би Сэлэнгэдээ байгаа. Ач зээ нараа бараадаад түр зууртаа Дархан хотод ирэн очин байна. Үр зулзагаа бараадна гэдэг хөгшин хүний томилолт байдаг юм байна. Өнгөрөгч гуравдугаар сард ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн захиалгаар Эзнээ хошууны цөл газрыг моджуулсан хүний бодит амьдралаас сэдэвлэсэн “Тооройн нүүдэл” гэсэн уран сайхны хөгжимт жүжгийн цомнол бичиж өгөөд ирсэн. Жанцанноров гуай хөгжмийг нь бичиж байгаа юм билээ. Хөх хотод бэлтгэлдээ ороод, ирэх есдүгээр сард тоглогдох юм. Одоо харин нэг кинон дээрээ ажиллаж байна.

-Ямар сэдэвтэй, юун тухай кино хийх гэж байна?

-Эх орон, газар шорооны сэдэвтэй, харуул овооны тухай кино юм. Одоо найруулагч нь аваад уншиж байна. Манай Баруун Алтайд нэг том харуул овоо байдаг юм. Харуул овоо, Хаан овоо, Хатан овоо гэсэн гурван овооноос одоо хоёр нь Хятадын талд байгаа. Энэ гурван овоог “Үүгээр дайсан этгээд хэзээ ч бүү орж ирэг” гэж шүншиглэж босгосон байдаг. Харуул овоонд хорин таван настай, хүний ганц бие хүүг эмээлтэй морийг нь унуулаад, хуяг дуулгыг нь өмсгөөд, нохойг нь хөтлүүлээд амьдаар нь бунхалж тахьсан домогтой. Энэ тухай кино юм даа.

-Зохиолч Г.Аюурзанын “Цагаан хар улаан” романд гардаг овооны тухай байх нь ээ?

-Би тэр зохиолыг уншиж амжаагүй л явна. Энэ домгийг хүүхэд байхаасаа л сонсож өссөн. Зохиолоо бичээд арваад жил болж байгаа юм. Мөнгө төгрөгийнх нь боломж таарахгүй явсаар өдий хүрсэн. Сая харин Ховдоос кино хийх санал ирлээ.

-Сүүлийн үед ном бүтээлээ хэвлүүлэв үү?

-Өөрийнхөө бүтээлүүдээс сорчилж дээжлээд “Хойдын хөх аялгуу” гэдэг ном гаргая гээд бэлдэж байна. Навсайсан олон ч навтарга байна. Өгүүллэг, тууж, дуу, шүлэг, жүжиг гээд бичээгүй төрөл зүйл ч алга. Би Хойд Мянгад ястан хүн. Тиймээс номоо ингэж нэрлээд байгаа юм.

-Таны бичсэн “Бор чоно” уран сайхны кино нэг хэсэг шууруулж байсан байх аа?

-Өргөн дэлгэцээр хийсэн хамгийн сүүлчийн энэ кино маань Монголын шилдэг арван киноны нэгээр шалгарч байсан. Өргөн дэлгэцийн хальснаас орчин үеийн хэлбэрт буулгая гээд бодоод л явах юм.

-“Жинжиймаа”, “Мянгадын чонон саарал” гээд олон сайхан дууны шүлэг бичсэн найрагчийн хувьд уран бүтээлийн цэнгүүнээ хийхгүй юм уу?

-Одоогоор бодож санасан юм байхгүй л явна. “Мянгадын чонон саарал” дууны тухай хүүрнэхэд нэгэн уяаны морьд шиг нэгэн дугуйлангийн нөхөр яруу найрагч Ж.Саруулбуян “Хардал бэйсийн унага” хэмээх сайхан дуу бүтээсэн. Олны талархал хүлээсэн энэ сайхан дуу сэтгэл гижигдэн нутагтаа байтугай Монголдоо цуутай мянгадынхаа Чонон саарал морины тухай дууны шүлгийг бичиж, үерхэж нөхөрлөж явдаг авьяаслаг аялгуу зохиогч, гавьяат жүжигчин Н.Чулуунхүүд үзүүлэхэд минь уншиж үзээд голж шилэлгүй авч гурван зуун жаран таван хоногийн дараа нэгэн нартай өдөр энэ дууны аялгуу төрсөн гэдэг. Миний өвөг эцэг Да ноён Дарьжавын Аварга бор, Завханд олон жил түрүүлсэн Чагтан бор болон Са гүний Шовгор цэнхэр, Мишигийн цагаан тавагт, Баглаатын сарт, Баатарын хээр, Батхүүгийн бор, Өөгөөн саарал гээд цуутай хурдан хүлгүүдээрээ алдартай мянгад нутгийн хүү, хурдан хүлгийн зоон дээр өссөн өчүүхэн найрагч би моринд дуртай нэгэн дээ. Морин дэл дээр өссөн монгол найрагч байна. Морины тухай дууныхаа шүлгээр яриагаа өндөрлөчих үү, ах нь.

Шадар жанжин Чингүнжавын

Дэлтэй цэнхэрийн угтай морь минь

Шаштир түүхийн хуудаснаа

Домогтой зурагтай хүлэг морь минь

Их л дөрвөн ойрадынхоо

Адуун сүргийн манлай морь минь

Икел цуурын аялгуунд нь хө

Эвшээж шилгээсэн хүлэг морь минь

Ямар ч гүүний унага нь

Өмнө гишгээгүй чонон саарал морь минь

Явган талаар хуурнин айсуй нь

Яахын аргагүй чонон саарал морь минь” гэсэн шүлэгтэй дуу байгаа юм. Мөн миний “Ээж мод” гэдэг дуу хүмүүст бага сага хүрсэн шүү.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Манайх хүний эрхийг зөрчдөг учраас хөрөнгө оруулагчид зугтаж байна

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй ярилцлаа.

-Хүний эрх зөрчигдөж байгаа талаар та сүүлийн үед шүүмжлэх болсон. Хүний эрх, эрх чөлөөний тогтолцоо, хуульд томоохон өөрчлөлт хийх нь гэж ойлгож болох уу?

-Хүний эрх гэдэг бүх цаг үед хэзээ ч, ямар ч хэлбэрээр зөрчигдөж магадгүй эмзэг зүйл учраас өндөр сонор сэрэмжийг шаарддаг. Зөрчигч нь тухайн цаг үеийн төр, Засгийн газар байдаг. Ойрын үед яагаад хүний эрхийг ярьж эхэлсэн бэ гэвэл УИХ-д орж ирж байгаа хуулиудтай холбоотой. УИХ дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай гээд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулиуд яригдаж байна. Тиймээс чанартай, хүнээ дээдэлсэн, цоорхойгүй хууль батлалцахын тулд судлах, ярих, иргэдтэй уулзалт зөвлөгөөн хийх зайлшгүй шаардлага гарч байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд илүү их анхаарал хандуулж байгаа. Эдийн засгийг дордуулж байгаа бас нэг хүчин зүйл нь хүний эрхийг зөрчих явдал болж байгаа.

-Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол хоёр ямар замаар холбогдоно гэж?

-Эдийн засгийн хүнд­рэлийг судлаад үзэхэд яалт ч үгүй хүний эрхийн зөрчил дээр очиж байна. Бид хөрөнгө оруулагчдын, бизнесийнхний эрхэнд асар ихээр халдах болжээ. Бүр хүний эрхийг зөрчихдөө шүүхийн шийдвэргүйгээр халддаг зэрэг Монголд байгаа хавтгайрсан зөрчил нь эдийн засгийг доройтуулж байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Асуудалд анхаарах цаг нь болсон.

-Яаж…

-Шүүхийн шийдвэргүйгээр хорих, данс, өмчид нь халдахын зэрэгцээ зорчих эрхийг нь хасчихдаг. Сүүлийн хоёр жил энэ үзүүлэлтүүдээр дэлхийн хэвлэлээр Монгол Улс шүүмжлүүллээ. Дэлхий нийтэд хүний эрхийг хоёр чиглэлээр хамгийн ноцтой зөрчих явдал байдаг. Нэг нь цаазаар авах ялыг хэрэгжүүлэх бол нөгөө нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө шоронд хорих. Хүний эрхийг ингэж зөрчсөн гэж Монгол Улс өмнө нь шүүмжлүүлдэг байсан бол одоо Hotel Mongolia гэдэг боллоо. “Hotel California” гэж сайхан дуу байдаг. “Eagles” хамтлагийн 1960-аад онд дуулж хит болсон тэр дуунд“Калифорни хот үнэхээр гайхалтай юм. Энд нэг л ирсэн бол үүрд үлдэхийг хүсмээр сэтгэл татам, сайхан” гэсэн утгатай. Гэтэл гадныхан ёгтолж “Монгол Улс бол хатуу ширүүн уур амьсгалтай, хатуу ширүүн орон юм. Төр нь, нийгэм нь хатуу юм. Тэнд очсон л бол буцаад явъя гэсэн ч гаргахгүй” гэдэг утгаар шүүмжилж тийм хоч өгчихөөд байгаа. Энэ хоч хөрөнгө оруулагчдыг Монголоос шууд үргээж, тойроход хүргэж байгаа. Яагаад гэвэл “Та Монголд очно. Очиход хөрөнгийг чинь хурааж аваад дансыг чинь хаана. Тэгээд өөрийг чинь эх орон руу чинь буцааж гаргахгүй, эцэг эх чинь нас барж байсан ч хамаагүй” гэж гадаадын хэвлэл мэдээллээр бичсэн учраас. Хөрөнгө оруулагчид эхлээд биднийг гуйдаг байсан бол муу муухай нэр хочтой болсноор бид тэднийг царай алдан гуйхад хүрсэн. Эдийн засгийг, улс орноо ийм байдалд оруулсан нь хүний эрхэнд хайхрамжгүй хандсантай холбоотой. Тэгэхээр хүний эрхээ хаа сайгүй сайтар манаж чадвал эдийн засаг, бусад асуудлууд аяндаа шийдэгдчихнэ. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эдлэх эрх тун олон. Гэхдээ бид үүнийг харж, хамгаалж, хууль бүртээ бэхжүүлж чадахгүй байна.

-Хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд л үүнд буруу­тай биз дээ?

-Би Калифорни мужийнманай АТГ шиг үүрэг бүхий байгууллага дээр очиж ажиллаж байсан. Муж улсынхаа хамгийн нээлттэй байгууллага юм билээ. Дуртай иргэн нь очоод хэний ч хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцаж болно. Хүссэн үедээ зөвлөгөө авна. Улстөрчид бизнесийнхэн нь ч очиж зөвлөгөө авдаг. Нэг үгээр хэлбэл соён гэгээрүүлэх ажлыг хийж иргэдээ аль болох авлигаас ангид байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг гэсэн үг. “Та ийм шийдвэр гаргавал хэрэгт орно. Ингэж шийдвэл таны эрх ашиг нийтийн эрх ашгийг хохироохгүй” гэх мэтээр. Эсвэл “Та ийм зөрчил гаргачихаад залруулалгүй удсан учраас одоохон арга хэмжээ авахгүй бол Эрүүгийн хэрэг болох нь” гэж зөвлөөд хүнээ хэрэгт оруулахгүйн тулд хойноос нь хөөцөлддөг. Мөн албан тушаалтнуудыг тушаал шийдвэр гаргах бол “Энэ заалт нь нийтийн эрх ашигт хохирол учруулж цаашдаа авлига өгч авах сэдэлд хүр­гэх магадлалтай учраас өөрөөр шийдэх ийм боломж байна” гэдэг. Манайх ч АТГ байгуулахдаа улс төрийг цэ­вэр болгоно гэж хуулийг нь баталж өгч байсан. Гэтэл энэ байгууллага өнөөдөр улс төрийг цэвэр байлгах бус улс орны хэмжээнд гар хүрч болох бүхнээ нухчин дарах ёстой. Хорьж цагдах хүн бүрийг, хааж болох бүх дансыг хаах ёстой гэдэг байдлаар ажиллаад эхэлчихлээ. Ингэж л ажил үүргийнх нь чиглэл өөрчлөгдөж улс төрийг, улс орныг айдаст автуулчихаж байгаа юм. Дээр нь эдийн засгийг хамгийн ихээр хорлож байна. Тэгэхээр аливаа гүй­цэтгэх ажиллагаа явуулах байгууллагын эрх хэмжээний тухай хуулийг хамгийн сайн хийж өгөлгүй хаях нь аюултай. Үүнийг АТГ-ын жишээ харуулж байгаа.

-Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэснээс хойш тэд хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулах болсон гэдэг. Хуулийг яам нь санаа­чилж гишүүд дэмжсэн биз дээ?

-УИХ-ын гишүүдэд бүрэн ойлголт өгөх хугацаагүйгээр буюу их хурдан батлагдчихсан хууль. Би ч өөрөө буруутай этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл Мөрдөн байцаах албыг АТГ руу оруулах нь зөв юм байна гэдэг шийдвэрийг гаргахдаа ганц мэдэгдлийн дагуу кноп даралцсан. Энэ шийдвэрээ одоо засалцах ёстой гэж бодож байгаа. Учир нь улсын хамгийн том мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагад өөрийг нь хянах, шалгах ганц байгууллагаа харьяалуулсан нь АТГ-ыг 15 толгойтой мангас болгосон. Тиймээс бид үүнийг засах л ёстой.

-Яаж засах вэ?

-Аливаа байгууллагын ажиллах хүрээ нь хамгийнтодорхой байх ёстой. Авлига гэж юуг хэлэх вэ гэдэг ч тодорхой байх ёстой. Манай хууль нэг тийм ерөнхий, нэгэндээ тал засвал түүнийг авлига гэнэ гээд тодорхойлчихсон. Бараг цагаан сараар хадаг барьж золговол авлига болчих гээд байгаа. Тэгэхээр одоо үнэхээр материаллаг зүйлээр нотлогдож чадах, ашиг хонжооны төлөө хийсэн үйлдлийг нь авлига гэж үзээд түүнийгээ нотол гэдэг хүрээнд оруулж өгөхгүй бол энэ байгууллага дөрвөн зүг найман зовхис руу тэлж, дэлж болдог хэмжээлшгүй эрхтэй болчихоод байна. Ийм хэмжээ хязгааргүй эрх мэдлийг өгчихсөн юм бай­на гэдгээ хэмжээ хязгааргүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, гүй­цэтгэхийг хүссэн, шунасан удирдлага гарч ирсний дараа л мэдэж байна. Сая их өргөн хүрээнд гүйцэтгэл явлаа. Биз­нес, хөрөнгө оруулагч, улстөрчдийн гээд хамраагүй хүрээ алга. Сүүлдээ бүх хүнийг хамруулахыг хүсч, хуулиа нэмж чангаруулах хөтөлбөр хүртэл явж байсан.

-Одоо тэгэхээр энэ газрыг яах ёстой юм. Татан буулгах уу?

-Гишүүд хүний эрхээ хам­гаал­даг болохын тулд хэмжээ хязгааргүй эрх мэдлийг нэг байгууллагад өгөхөө больё гэдэгт санал нэгдчихээд байгаа. Харин АТГ-ыг татан буулгахыг би дэмжихгүй. Ямар шийдлийг дэмжих вэ гэвэл авлига гэдгийг маш тодорхой томьёолоод авлигатай тэмцэх хүрээг нь хамгийн чанд хашиж өгсөн эрх мэдлийн тодорхой хуваарилалтад оруулахыг дэмжинэ. Хэт туйлшраад авлигатай тэмцэхийг зогсоож огт болохгүй.

-Та сайд асан Л.Гансүхийн ярилцлагыг уншсан уу. Шүүхийн шийдвэргүйгээр хорихгүй, шөнийн цагаар баривчилгаа явуулахгүй зэрэг бүхий заалтыг зөрчин хүмүүсийг торны цаана суул­гаж байгааг ярьсан байсан?

-Л.Гансүхийн хэрэг баривчилгаанаасаа эхлээд хүний эрхийн ноцтой олон зөрчлийг агуулж байгаа. Гэтэл АТГ ямар ч зөрчил гаргаж байсан шийтгэх нэг ч заалт байхгүй. Төсвийг нь хасах эрх ч УИХ-д байдаггүй. Бид одоо хуульдаа өөрчлөлт оруулж та бүхэн авлигатай энэ хүрээнд тэмц. Эрх мэдлээ хэтрүүлэн хүний эрхийг зөрчвөл төсвийг чинь танана гэдэг болох ёстой. Өнөөдрийн хувьд АТГ-т бүх хүнийг цагдах эрхийг нь өгчихөөд дээрээс нь УИХ өөрийнхөө эрх мэдлийг хүртэл өгчихсөн байгаа юм. Ямар вэ гэвэл төсвийг нь хянах ч боломжгүйгээр буюу АТГ-ын хөрөнгийг хэн ч танаж, хасч болохгүй гэсэн заалттай. Арай л хэтэрхий хуультай.

-Тэгвэл авлигатай тэмцэх хүрээгээ яаж тодорхойлох ёстой юм?

-Улс төрийн хүрээг л шалгах ёстой. Улс төрийн, төрийн хүрээнд буруу гарын мөнгө орж ирвэл гаднаас л байж таарна. Улстөрчид нэгэндээ мөнгө өгөөд гүйгээд байхгүй байх. Уг нь энэ хүрээг цэвэрхэн байлгах үүрэгтэй л байгууллага ш дээ, АТГ.

-Хүний эрхийн 14 дэх илтгэлд юу гэж туссан байна. Ер нь ямар хэлбэрээр хүний эрх зөрчигдөж байгааг тусгаж уу?

-Эрүүдэн шүүх аргаар ялыг бусдад тохох, хүнтэй зүй бусаар харьцах байдал эрс нэмэгдсэн гэж гарсан. Хамгийн түгшүүртэй үзүүлэлт нь энэ. Нөлөөлж буй хамгийн том зүйл нь гүйцэтгэх ажлын практикт байгаа бололтой. Германы жишээ гэвэл шоронд гүйцэтгэх ажил явуулахыг хориглодог. Яагаад гэвэл төр хүний үндсэн эрх чөлөөг нь хасчихаж байгаа учраас нэмж эрүүдэн шүүж, тагнаж болохгүй. Тийм учраас Германд Деррик кинонд гардаг шигээр хэрэг илрүүлэлт явагддаг. Харин Монголын Деррикүүд хаана байна гэвэл гадуур л лав ганц ч алга. Тэд аль болох л миний хэрэгтнүүдийг хориод өг, тагнаад, чагнаад өг гэж байна. Тэр бүхний эцэст би хэргээ бичье гээд зохион бичлэгийн хэлбэр рүү орчихсон. Толгойгоо ажиллуулах бус аль болох л хүнээ тагнаж байгаад хорьж аваад тамлах ажлаа хийх гээд байдаг болчихсон.

-Бас л хуулийн өөрчлөлт шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Гүйцэтгэх ажлыг явуулах хэмжээ хязгаарыг нь тогтоож өгөх ёстой. Гүйцэтгэх ажлыг нь хийхдээ хүний эрхийг зөрчихгүй гэх мэтээр. Би цагдан хорих газарт очиж үзсэн. Тэнд тэр чигээрээ мөрдөн байцаах ажиллагаанд үйлчилж байгаа юм. Сэжигтнийг аль болох л өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх санаатай. Уулзуулбал бас л хооронд нь бичиг цаас дамжуулах боломжийг нь хязгаарлах, юу ярьж байгааг нь сонсох зорилготой. Гэсэн атлаа мөрдөн байцаагч нартай аль болох олон уулзуулж, саруул цэлгэр өрөөнд зодож нүдсэн ч болохоор гүйцэтгэх ажиллагаа явуулах орчинг бэлдэж өгсөн байдаг.

Тийм зүйл байгаа гэдэг ч батлаад ярьсан хүн байдаггүй. ШШГЕГ, цагдаа гээд хууль хүчнийхэн бүгд л үүнийг үгүйсгэдэг биз дээ?

-Цагдан хорих байгууллага тагнаж, чагнадаг гэдгээ олон удаа нотолсон. Жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдож байхад бичлэг хийчихсэн түүнийгээ цацаад байсан биз. Тэр үйлдлээрээ “Бид цагдан хоригдсон хүнийг нууцаар бичиж, тагнаж байна. Эрүүдэн шүүлтийг ингэж хийдэг юм” гэдгээ шууд хэлээд өгчихсөн явдал. Мөн Л.Гансүх өмгөөлөгчтэйгөө цагдан хорих байгууллагад уулзаад хоорондоо ярилцахдаа цаасан дээр тэмдэглэж байсныг нь олж авсан. Тэгээд өмгөөлөгчийг нь сүрдүүлж, сөрөг хэрэг үүсгэх оролдого хийсэн. Дахиад л “Цагдан хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулж олсон материалаа хэргийг шийдвэрлэх нотлох баримт болгодог” гэдгээ хэлээд өгчихөж байгаа хэрэг. Гэтэл хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг ч өгөх шаардлагагүй.

-Тэгэхээр өнөөдөр үйлчилж байгаа бүх хууль ёс зүйгүй. Бүгдийг нь шинэчлэх ёстой гэсэн үг үү?

-Хууль эрх зүйгээ хамгийн дээд шатанд гаргаж шинэчлэх ёстой. Хоёрдугаарт тогтолцоо буюу хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хүний эрхийг дээдлэх мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Гуравдугаарт улстөрчид нь хүний эрх зөрчигдөж байхад улам өөгшүүлээд байж болохгүй. Нэг ёсондоо асуудлыг цэгцлэх улс төрийн хүсэл сонирхол байх ёстой.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа өөрсдөө эрүүлжүүлж чадвал “Стэнд бай” хөтөлбөр авах шаардлагагүй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-аар төсвийн холбогдолтой хуулиудаа нэг мөр цэгцэлчихлээ гэж ойлгоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ баталсан?

-Манай орны өрийн асуудал бүх хүний анхаарлын төвд орсон. Чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулиа батлан гаргасан. Хуулиараа өрийн удирдлагын стратегийг боловсруулан батлуулах заалттай. Энэ хүрээнд 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны Төсвийн төсөөлөлтэй хамт Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг Их хурлаар батлууллаа. Өнөөдөр Монгол Улс хэдий хэмжээний өртэй болчихов, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд ямар өртэй байгаа вэ гэдгээ эхний ээлжинд мэдэж авах ёстой л доо. Мөн эдгээр өр нь богино, урт хугацааны өр юм уу, хөнгөлөлттэй зээл юм уу, бизнесийнхний өр хэдэн хувийг нь эзэлж байгаа вэ. Уг өрийг эргэн төлөхөд Монгол Улсад хэдий хэмжээний валют шаардлагатай юм гэх мэтчилэн бүхий л эдийн засгийн тооцооллыг хийсэн бодлогын шинж чанартай баримт бичгийг баталлаа.

Сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт байнгын бууралттай байгаа. Бодит нөхцөлд эдийн засаг өсөлттэй байгаа юм гэсэн статистик тоон мэдээлэл байдаг боловч энэ нь өгөөж багатай байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор төсөв мөнгөний хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай ажлууд бий. Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн төлөвлөлтийг аль болох эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулах зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг УИХ-ын гишүүдэд ойлгуулсан.

-Эдийн засагт нааштай хариу дуулдах нь уу. Хэрэв тийм бол хэзээнээс эдийн засаг өнгө төрхөө олох вэ?

-Өнөөдрийг хүртэл эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй дүр зурагтай явж байгааг гадны санхүүгийн байгууллагууд ч гэсэн хэлж байна. Манай орны зээлжих зэрэглэлийг тодорхойлж байдаг байгууллагууд тийм гэгээлэг дүгнэлтийг өгөхгүй байгаа. Цаашид энэ байдлаасаа хэрхэн гарах вэ гэдэг дээр Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж Их хурлаар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд төсөв мөнгөний бодлогын ажлуудыг зохион байгуулж байна. Сүүлийн хоёр гурван жил ярианы сэдэв болоод байсан Монгол Улс хоёр гурван төсөвтэй боллоо. Төсөв ямар нэгэн хяналтгүйгээр явагдаж байна. Хянах бололцоо алга гэдэг байлаа. Мөн төсвийн хувьд хөрөнгө оруулалтын хөрөнгийн шинж чанартай зардлынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх бололцоогүй болсон. Дээр нь маш их хэмжээний алдагдал хүлээж үүнээс хамаараад Монгол Улсын өрийн хэмжээг жилд нэгээс доошгүй их наяд төгрөгөөр нэмэгдүүлж ирснийг засч залруулах бодлогын хүрээнд тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Энэ жил улсын төсөв дээр нэлээд хэмжээний тасалдал үүсэх нөхцөл байдал бий болчихсон.

-Яг ямар ямар салбарт тасалдал үүсэх юм бэ?

-Эдийн засаг өөрөө бүхий л салбарын үйл ажиллагаанд доголдол үүсгээд ирэхээр тэр хэмжээндээ бууралтыг бий болгож байгаа юм. Ялангуяа өнөөдөр барилгын салбар маш хүнд байна. Мөн уул уурхайн салбар хүнд байгаа. Эдгээр салбаруудаас шалтгаалан төсвийн тасалдал үүсэх нөхцөл бүрдчихээд байна. Уул уурхайн салбарын голлох экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд уналттай байгаатай холбоотойгоор төсвийн тасалдал үүсэх нь тодорхой болчихсон. Эдийн засагт хатуу бодлого хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан хумигдаж эхэлсэн. Гаалиар орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэмжээнээс харахад өмнөх үеэс 30 орчим хувиар бууж байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа бизнесийнхний нөгөө талдаа иргэдийн хэрэглээ багасч байна гэсэн үг. Төсвийн орлогыг бүрдүүлдэг гааль, татварын байгууллага бий. Нэг гол хүчин зүйл болох гаалийн орлого багасч байгаа нь тасалдал үүсэх нэг нөхцөл болж байна. Энэ нь эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирч байгаа юм.

-Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдлээ гэдгийг мэдэгдсэн.Мөн Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгойгоор энэ онд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийг­дэнэ гэж байна. Үүнээс шалт­гаалан ам.долларын ханш бууж эхэллээ. Эдийн засагт нөлөөлөл хэр үзүүлэх вэ?

-Монгол Улс импортлогч орон. Маш олон зүйлийг импортоор авдаг. Цаашид Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгч орон болох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Бидний хэрэглээний ихэнх зүйлүүд импортоор орж ирдэг тул валютын ханш гэдэг зүйл нэлээд том давалгааг бий болгож байдаг. Валютын ханшаа тогтворжуулах, боломж гарвал валютын ханшийг сулруулж төгрөгийн ханшийг чангаруулах нь үе үеийн Засгийн газрын барих бодлогын нэг байдаг юм. Ямартаа ч 2000 төгрөг давчих гээд байсан ам.долларыг 70-80 төгрөгөөр буулгаж чадлаа. Энэ нь олон улсын зах зээл дээр байгаа орнуудын нэр хүндийн асуудал юм л даа. Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг хөдөлгөсөн нь валютын ханшид нөлөөлсөн. Өмнө нь БНХАУ-ын дарга ирээд зээлийн шугамаа нээсэн. Харин зээлийн ашиглалтыг түргэтгэх тал дээр Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Сая Энэтхэгийн Ерөнхий сайд ирэхдээ зээлийн шугамыг нээж өглөө. Бид эхний ээлжинд урд хөршийнхөө зээлийн шугамаар орж ирэх төсөл хөтөлбөрүүд дээрээ шийдвэрүүдээ гаргаад явж байна. Монгол Улсад үр өгөөжөө өгөх зүйл дээр урт хугацаатай зээлүүдийг авч ашиглах нь хамгийн найдвартай. Бид арилжааны өндөр хүүтэй бага хугацаанд эргүүлэн төлөх зээлийг эдийн засагтаа оруулснаас байдал хүндэрчихлээ. Бид валютынхаа орох урсгал дээр нэлээд том эрсдлийг хүлээсэн. Жишээлбэл, шууд хөрөнгө оруулалтын хувьд хасах руугаа орж байна. Үүнийг дагаад валютын орох урсгал хасах руугаа шилжлээ гэсэн үг. Нөгөө хэсэг болох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаад байнаа гэдэг чинь үүнийг дагаад валютын урсгал буурна гэсэн үг. Дараагийн валютын урсгал орж ирэх нэг зам нь зээл байдаг. Зээлийн асуудал дээр аль аль талдаа үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээлийн үнийг Монгол удирдана гэж байхгүй болохоор экспортын бүтээгдэхүүний үнээс хамааран валютын урсгалыг нэмэгдүүлнэ гэдэг хүндрэлтэй асуудал. Гэхдээ манай бизнесийнхэн нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Статистикийн мэдээллээс харахад орж байгаа валютын урсгал нэмэгдэхгүй байгаа ч манай орны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний биет хэмжээ өсч байна.

-Оюу толгой хөдөллөө. Харин Таван толгой яах бол?

-Улс орондоо ашигтай хувилбараар Таван толгойг явуулах л ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлчихгүй, эдийн засагтаа тодорхой хэмжээний нэмэр болох бололцоотой бол явуулах нь зөв. Нэг зүйлийг хэлэхэд бүх зүйлийг эсэргүүцдэг хүмүүс байна. Хийж байгаа зүйл сайн ч бай, муу ч бай ерөөсөө л эсэргүүцэх ёстой гэдэг байр сууринаас хандагчид байгаа. Монгол Улс хөгжлийнхөө эхний шатанд ирчихлээ. Тийм болохоор уул уурхайн томоохон төслүүдээ эхний ээлжинд ашиглаад тэндээсээ эдийн засгаа солонгоруулах зүйлийг хийх ёстой. Тэгэхгүйгээр өөр байдлаар мөнгө босгох зүйл байна уу гэвэл тэр нь зээл. Байнга зээл авч өр төлбөр тавина гэдэг мэдээж хүнд асуудал. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байнаа гэдэг чинь нэг талдаа эдийн засгаа солонгоруулах зүйлийг хийж байна гэсэн үг.

-Эдийн засаг хэзээ сайжрах вэ. Өнөөдөр хямарсан, хүндэрсэн гэж олон өөр тайлбар хийж байна?

-Эдийн засгийн хувьд муудах тал руугаа орсон байсныг ямартаа ч энэ Засгийн газар тогтоон барьж чадсан. Энэ бол хамгийн том амжилт. “Эдийн засгийн өсөлт 7.8 хувь байхад чи эдийн засгийг муу гэж хэллээ” гэсэн хүмүүс байна.

-Гэхдээ 7.8 хувийн өсөлт гэдэг чинь Азидаа л толгой цохиж байгаа гэсэн үү?

-Азидаа битгий хэл өндөр үзүүлэлт л дээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт 7.8 хувь байхад ард түмний амьдрал сайжирч байна уу. Тэгэхээр эдийн засгийн өсөлт маань бодит амьдрал дээр өгөөжөө өгч байна уу гэдгээс шалтгаалах ёстой. Түүнээс тоогоороо эдийн засаг 70 хувь ч өсч болно. Энэ өсөлтийн өгөөж нь ард түмний амьдралд, татварт, төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь 2-3 хувийн өсөлттэй орнууд олон бий.

Манай улс 11 тэрбум ам.долларын жижигхэн эдийн засагтай. Үндсэндээ дэлхийн дундаж компанийн жилийн борлуулалтын орлого гэсэн үг. Тэгэхээр энэ эдийн засаг жижигхэн болохоор өсөлт нь өндөр гарсан ч нөлөөлөл нь бага болчихоод байгаа юм. Бид гуравхан сая хүнийхээ хэрэгцээг хангах бодлого боловсруулах ёсгүй байхгүй юу. Манай орны хувьд хоёр хөршийн маш том зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангадаг үйлдвэрлэл байгуулах ёстой. Тэгэхгүй бол худалдан авагчгүй зах зээл ямар ч ирээдүйгүй. Гуравхан сая хүний хэрэгцээг хангах эдийн засагтай байгаад байх юм бол Монгол Улс хөгжихөд хэцүү.

-“Стэнд бай” хөтөл­бөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байгаа тухайд…

-Олон улсын валютын сангийн санхүүжилттэй, санхүүжилтгүй хөтөлбөрүүд байдаг. Санхүүжилтгүй хөтөлбөр аваад тэг ингэ гэдгээ хүнээр заалгаж, бүх зүйлээ хориулж, хянуулж, тануулаад явна гэвэл хэцүү. Санхүүжилттэй хөтөлбөр авъя гэхээр ямар нэгэн байдлаар манай эдийн засгийн бодлогод оролцохын хувьд оролцож тодорхой шаардлагуудыг тавина. Санхүүжилттэй хөтөлбөр авна гэвэл Монгол Улс дахиад нэг өр авч байна гэсэн үг. Зарим хүмүүсийн зүгээс нэг тэрбум 500 сая доллар орж ирэх байсан юм гэх мэтээр янз бүр байна. Эцсийн бүлэгтээ энэ чинь нэг талдаа өр байхгүй юу. Нөгөө талдаа бид олон санхүүгийн байгууллагуудтай хамтардаг. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас өөрсдийн дүгнэлтийг өгч ийм зүйлсийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ гаргаж өгдөг. Эдгээр байгууллагуудын санал дүгнэлт дээр үндэслээд тодорхой хэмжээний бодлогоо боловсруулаад явж байгаа. Эрдэнэбат гэдэг хүн биеийнхээ амрыг бодсон бол хөтөлбөр авъя гээд явах байлаа. Хэрэв тэгсэн бол зээл аваад төсвийнхөө алдагдлыг ямар ч асуудалгүй санхүүжүүлээд явах боломж байна. Энэ хөтөлбөрийг авснаар төсөвт ирэх ачаалал хөнгөрөх ч гэсэн эдийн засагт тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжих шаардлага гардаг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид хамгийн ихээр сөрөг нөлөөлдөг. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг агшиж, валютын ханшийг сул тавих шаардлага тавина. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид маш хүнд байдалд ордог. Биеийнхээ амрыг харж хөтөлбөр аваад үндэсний үйлдвэрлэгчдэдээ хатуу бодлого бариад явах уу эсвэл үндэсний үйлдвэрлэлээ тодорхой хэмжээнд дэмжээд төсвийнхөө зардлыг бууруулаад явах нь зөв үү л гэдэг сонголт байсан. Ямартаа ч үндэсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд сэргэх хандлагууд гарч ирж байна. Өнөөдрийн хувьд маш хатуу мөнгөний бодлого явагдаж байгаа. Төсөв дээр хэмнэж болох бүхий л зардлуудаа тэвчиж хэмнэлтийн горимд шилжсэн. Аль болох өөрсдөө эдийн засгаа эрүүлжүүлэх бодит нөхцөл байдал дээр нь аваачиж үзье гэж байгаа юм. Ингэж яваад эдийн засагт нааштай үр дүн үзүүлбэл бид заавал “Стэнд бай” хөтөлбөр авах шаардлагагүй.

-Хөгжлийн банкны захирлын талаар нэлээдгүй таагүй мэдээлэл цацагдах болж. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг солих гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Хөгжлийн банкны асуудлыг Ерөнхий сайд хариуцдаг.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Сая хонины хаялга сая саяар үржинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийж цөөнгүй гэрээ хэлцэл хийсний хамгийн үр өгөөжтэй байж болох нь Монголоос тус улсад нэг сая хонины мах экспортлох асуудал байлаа. Иргэд бол Оюу толгойн гэрээг ярьж байна. Үнэндээ үүнээс дутахгүй том хэлцэл гэж нэг сая хонины мах нийлүүлэх гэрээг хэлж болно. Яагаад гэвэл ямар ч хэл амгүй, маш хурдан шуурхай хэрэгжих, зах зээлийн эргэлт сайтай хөрөнгө юм. Монголчуудын хэдэн мянганы туршид бий болгосон баялаг болохоор зах зээлд хэдэн саяар нь гаргасан чхурдтайгаар нөхөн сэргээгдэх боломжтой.

Тэгэхээр энэхүү гэрээ хэлцлээс эдийн засгийн ямар үр ашигтай тооцоо гарахыг бүдүүн аргаар тооцож үзье. Нэг сая толгой хонь. Нэг хонины дундаж жинг 25 кг гэж тооцъё. Ингэхээр нэг сая хонь 25 мянган тонн мах болно. Нэг кг махыг яг өнөөдрийн ханшаар бол Арабын ертөнцөд 3-5 ам.доллараар зарахад 75-130 сая ам.доллар болно. Ирэх жил манай улсын малын тоо дор хаяж 60 сая-д хүрнэ. Энэ нь хонин толгойд шилжүүлбэл 100 сая орчим хонь болно гэсэн үг. Үүнээс эхний удаад ядаж таван саяыг нь гадаад зах зээлд гаргах тийм наймаа, гэрээ хэлцлүүдийг Монголын төр засгийн удирдагчид дэлхийгээр явж хийх хэрэгтэй. Төр засгийн удирдагчдын нэн тэргүүнд хийх ажил ерөөсөө энэ. Монголын ард түмний хэдэн мянганы туршид бүтээж бий болгосон ганц баялаг таван хошуу мал, эдгээр малаас гарч буй түүхий эддээ түшиглэсэн хэдэн үйлдвэртэй ийм л улс орон шүү дээ. Үүнийгээ л бид төгөлдөржүүлэн хөгжүүлж, эдийн засгийн үндсэн баазаа болгож байж хөгжинө. Сая бол уул уурхай гэж хэсэг хошуурлаа. Одоо хөрсөн дээрээ бууж төдийлөн тоож ярьдаггүй, гадаад айлчлалынх нь гэрээ хэлцлүүд дотор дагалдах хэлбэрээр явдаг байсан мах экспортлох гэрээнүүд эхнээсээ саяар тоологдох хэмжээний экспортоор яригдаж эхэллээ.

Нэгэнт махаа Олон улсын зах зээлд гаргах ажлыг хөдөлгөсөн учраас одоо бид өөрсдөөсөө шалтгаалах ажлууддаа анхаарах цаг болсон. Үүний хамгийн эхний чухал ажил бол эрүүл ахуйн олон улсын стандарт юм. Стандарт бас дахин стандарт гэсэн зарчмыг мөрдлөг болгох ёстой. Арабад хонины махаа экспортоллоо гэхэд тэдний уламжлал, ёс заншил, стандартад нь нийцүүлэх нь зүй ёсны юм. Тэдний мал нядлахдаа баримталдаг халал арга буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр арга технологиор нь мах бэлтгэн нийлүүлэх боломж бидэнд бүрэн бий. Хонины махаа зөв боловсруулж, халал мах буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр технологиор бэлтгээд гаргахад Арабын ертөнцөд Монгол Улс махны том зах зээлтэй болно гэсэн үг. Ганц Арабын ертөнц ч бус ерөөсөө дэлхий нийтийн махны хэрэглээний стандарт бол маханд ямар ч амт байхгүй байх шаардлага юм. Дэлхийн энэ стандарт Арабын ёс заншилтай нийцдэг юм билээ. Исламчууд, христүүд шашныхаа заншлаар махыг угаагаад ямар ч цусны ул мөргүй болгож хэрэглэдэг. Үүнийг нь л бид дагах ёстой. Төр засгийн бодлого шийдвэр, эрх зүйн зохицуулалт ч энд чухал үүрэгтэй.

Өнөөдөр монголчууд олон сая малынхаа махыг гадаадад зарж байж л хөдөө аж ахуйн салбараа төгс эдийн засаг болгож, улсынхаа эдийн засгийн гол түшиц бааз болгоно. Тэгэхгүй бол энэ олон мал эдийн засагт нэмрээсээ нэрмээс болох баланс руугаа явж байгаа нь бэлчээр талхлалт, эсвэл зуданд бөөнөөрөө үхэж малчдын амьдрал эрсдэлтэй, эмзэг байдалд орж байгаагаас харагдана.

Ийм нөхцөлд малчдын оюун санаанд зах зээлийн наад захын танин мэдэхүйг суулгаж өгөхөөс ажил эхэлнэ. Нэг багаас 100 хонь махны экспортод бэлдье гэж бодъё. 300 гаруй сумын нийт багийн дүнг тооцвол нийтдээ хонь бэлтгэлийн 10 000 орчим цэг нэгж Монгол Улс даяар бий болох нь. Монголын нийт малчин өрхийн тоо 240 мянга. 10 000 мянган цэгээс олон улсын стандартын дагуу хонь бэлдэхэд нэг сая л байх юм билээ. Тэгэхээр гадаад зах зээлээ тэлж байгаад малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгон хонь бэлтгэлд хамруулахад 10 сая хонь гадаад зах зээлд зарагдах боломжтой болж байгаа юм. Хонь нэг бүрийн үнэ одоохондоо Арабын ертөнцөд бол 120 ам.доллар л байна. Гэхдээ экспортын энэхүү үнийг нэмэгдүүлэх боломжтойг Монголын Махны холбооны мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Хэрэвзээ нэг хонийг наад зах нь 150 ам.доллараар олон улсад зарахад 100 хонь монгол мөнгөөр 30 сая төгрөгт хүрч байна. Энэ үнийн дүнг нэг сая хониндоо шилжүүлэхэд нэг сая хонь 300 тэрбум төгрөг болно. 10 сая хонь гурван их наяд төгрөг болох нь. Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байхад дэлхийгээр нэг шагшин гайхаж байлаа. Дэлхийн түүхэнд ийм богино хугацаанд эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрсэн гурван улс байдгийн нэг нь Монгол Улс боллоо гэж. Тэгвэл энэхүү 17 хувийн өсөлтийн эдийн засгийн багтаамж нь Оюу толгойгоос орсон хоёр тэрбум ам.доллар л байсан юм. Өнөөдөр Монголын зах зээлд хоёр тэрбум ам.доллар ороод ирэхэд буцаад огцом сэргэнэ, 17 хувийн өсөлт рүүгээ явна. Монголын зах зээл, эдийн засаг ийм хөнгөхөн, их бус мөнгөнд сэргэчих боломжтой билээ. Тэгвэл тэгж сэргээх баялаг нь уул уурхай, эрдэс баялаг бус хоттой мал минь байна гэдгийг одоо бид ойлгож эхэлж байна. 60 сая малынхаа 10 сая хонины махыг Олон улсад гаргахад хоёр тэрбум ам.доллар өлхөн олох боломжтой байна. Цаана нь эдгээр 10 сая малын арьс шир, үс ноос, ноолуур нь өөрөө валютын маш том урсгал. Үндэсний үйлдвэрийн гол түүхий эд. Дээр нь мах гаргаж байгаа аж ахуй нэгжүүд, мах бэлтгэлийг стандартын дагуу хийж өгч буй компаниуд, малын арьс шир, үс ноос боловсруулах үйлдвэрүүд бүгдээрээ хичнээн мянган ажлын байрыг дотооддоо бий болгож, хэдэн тэрбумын татвар төлөх бол. Энэ бол бодит эдийн засаг юм. Гадагшаа зарагдаж буй эрдэс баялгийн мөнгө гаднаа л шингэдэг бол махны мөнгө валют болоод Монголын зах зээл рүү орж ирнэ. Энэ бүхэн Монголыг дэлхийд баян чинээлэг харагдуулах эдийн засгийн чадамж, хөрөнгө чинээ мөн биз дээ. Эндээс харахад малчдад, МАА-д ямар их боломж байгааг, ямар их баялаг Монголын хээр талд бэлчиж байгаа нь харагдаж байгаа юм. Монголын малчид дэлхийн хэмжээний саятнууд болох боломж ойрхон байна.

Түрүүнд хэлсэн. Нэг л зүйлд онцгой анхаарах ёстой гэж. Малынхаа махыг бид олон улсад зарахдаа үнэн зөвөөр нь, стандартад нь нийцүүлэх ёстой юм. Ар өврийн хаалганы компани, танил талын нөлөө, хуурч мэхлэх асуудал өчүүхэн ч байж болохгүй. Монгол малын махыг олон улсад ганцхан удаа авах гэж байгаа юм биш. Тэр чигээрээ монгол малын махны амт шимтэнд орсон тийм нэг зах зээлийн гинжин урвалыг бий болгомоор байгаа юм. Манай малын махыг авдаг мөнхийн хэрэглэгчид минь болох учраас үнэнч байх ёстой. Ингэж байж Монголын махны экспорт дэлхийд хүчээ авч, том эдийн засаг болно. Арабуудын араас Хятад, Вьетнам, Солонгос… гээд цувна. Япончууд ч манай адууны махыг маш их сонирхож байгаа. Нөгөө л эрүүл ахуйн стандартыг харж байна. Хаалга үүд нэгэнт нээгдсэн ийм цаг үед Монгол Улс мал махныхаа сурталчилгааг Олон улсад, дэлхийн улс орон бүрт маш сайн хиймээр байна. Бүр хөрөнгө мөнгийг зарсан шиг зараад махныхаа сурталчилгааг хийе. Харин малыг амьдаар нь олон улсад гаргаж болохгүй. Эх орондоо нэмүү өртөг шингээн бэлтгэх ёстой. Энэхүү нэмүү өртөг дотор сая хэлсэн хонины ноосоор нь олон улсад үнэ хүрэх дулаалгын материал, ноолуураар нь хувцас, арьс ширээр нь гутал гэхчлэн брэндүүдийг үйлдвэрлэх нь бидэнд нээлттэй байна. Энэ бүхнийг ажил болгож чадвал Монгол Улс 3-5 жилийн дотор хониныхоо буянаар сэв хийтэл босоод ирнэ. Тэгэхээр хонио өсгөе, бүр ноосны, махны чиглэлээр төрөлжүүлж өсгөе. Юун төлөө бидэнд дэлхийгээр нэг газар нутаг, бэлчээр байгаа билээ. Онцлог нь хониндоо суурилсан эдийн засгийн ийм бодлогыг явуулахад ямар ч “эх оронч” гарч ирж саад болохгүй, ямар ч популист нөхөр босч ирж гудамжинд жагсахгүй. Жинхэнэ зах зээлийнхээ жамаараа явчих ийм л сайн эдийн засаг байх болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Б.Мөнхдорж: Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй

Драмын урлагийн “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг наадамд нэр дэвшсэн, шалгарсан бүтээлүүдийн талаар найруулагч Б.Мөнхдоржийн байр суурийг сонирхлоо.

-“Гэгээн Муза” наадмын хөгжимт жүжгийн төрөлд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа таны найруулан тавьсан “Галдан бошигт хаан” жүжиг гран при шагналыг хүртлээ. Энэ нь өнгөрсөн жилийн томоохон бүтээл байсныг үзэгчид мэдэж байгаа байх. Хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдсөн бусад жүжгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн жүжиг оролцсон. Драмын театрт манай Ч.Найдандоржийн тавьсан “Чөлөөт хос”, Өвөр Монголын “Хар торгон хамжаар”, Буриадын театрын авчирсан хэлмэгдлийн сэдэвтэй жүжиг ийм дөрвөн бүтээл орж ирсэн. Буриадын театрын тэр жүжиг бол их сайн жүжиг байна лээ. Ер нь бүгдээрээ сонирхолтой жүжгүүд байсан. Манай Ц.Баясгалан Драмын театрын “Чөлөөт хос” жүжгийнхээ дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг нь авлаа. Авахаас аргагүй сайн тоглож байсан. Үнэхээр тэр бол их нямбай хийгдсэн жүжиг байхгүй юу. Маш нямбай, маш их номын дагуу их тийм цэгцтэй хийсэн жүжиг байсан. Тэнд хөгжмийн зохиолч нь жааз ансамблийг хэрхэн бий болгож байгаа, орчин ахуйг нь жааз хэлбэрээр яаж гаргах вэ гэхчлэн бүх юмнуудыг бодож гаргасан бүтээл байна лээ. Өвөр Монголын “Хар торгон хамжаар” бол сайхан дуулалт жүжиг. Ардынхаа дуугаар жүжгээ задлаад дууныхаа бадгуудаас санаа аваад сюжетээ зохиомжилсон юм байна гэж харагдсан. Гагцхүү яг жүжгийн зохиол нь мөн үү үгүй гэдэг дээр бол би дотроо бодож л байсан. Үйл явдлын өрнөл нь хаашаа юм, зөрчил нь яах юм гэдэг зарим юмнууд нь бас бүдэг юм уу гэж бодогдсон.

-Ардын харилцаа дууны хэлбэрээс хальж гараагүй юм байх л даа, тийм ээ?

-Ер нь дуунуудаараа л голлоод явчихсан байсан. Дуунуудаараа голлочихоор бас гоё л юм байна лээ. Дуу, хөгжим, бүжиг нь их сайхан пластик харагдсан. Буриадын жүжиг бол хэлмэгдлийн тухай байсан. Тавилтын хувьд тэр бол нэлээн их орчин цагийн театрын болзолт, томъёоллын гэж ярьдаг тийм аргуудыг айхтар сайн хэрэглэсэн байна лээ. Тайзны шийдэл, өрөлт, тавилтын хувьд сонирхолтой харагдсан. Манай Ховдын театрын “Галдан бошигт хаан” жүжиг бол тэр чигээрээ амьд оркестртой. Ховдын театрын жараад уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон том жүжиг. Өнгөрсөн намар намайг Галдан бошигт хааны мэндэлсний ойгоор очиж ажиллахад байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ орж ирсэн. Хөгжим нь амьд. Удирдаачтайгаа, оркестртойгоо, дуучидтайгаа, бүжигчид, найрал дуучидтайгаа. Манай гавьяат жүжигчин А.Даваахүүгийн тавьсан бүжиг бол тэр жүжгийн хамаг л өнгө төрх, бүх юмыг бий болгож өгсөн. Энэ жүжиг маань гран при-г нь авлаа. Ховдын театрын уран бүтээлчдийн нэлээн томоохон үзүүлэлт юм гэж би ойлгож байгаа.

-Гадаадын оролцогчдоос та шинэ юм олж харах бололцоо байв уу. Харахаар юм хэр их байв?

-Харахаар юм зөндөө байна. Гадныхан ирэхдээ арга байхгүй, бүтэн оркестроо бариад ирэлтэй биш. Буриадын театрынжүжиг бол үзүүштэй жүжиг. Тавилт нь арай өөр. Сонирхолтой шийдлүүдтэй. Театрын метафорын арга гэж байдаг. Зүйрлэлийн арга юм даа. Тэрийг маш их томоор хэрэглэж гаргаж ирсэн юм билээ. Найруулагч нь шилдэг найруулагчийн шагнал авсан. Өвөр Монголын жүжгийн дуу хөгжмийн асуудал нь аятайхан байсан. “Улаан мөчир” чуулгын жүжигчид юм байна лээ.“Улаан мөчир” чинь эдний урдаа барьдаг, нүүр царай нь болсон гол том чуулга шүү дээ.Зураач нь шилдэг зураачийн шагналыг нь авсан. Манай зураач Энхтуяа шүүгчийн нэрэмжит шагнал, Сүхдорж зохиолч маань цомнолоороо шилдэг зохиолчийнх нь шагналыг авсан. Ховдын жүжиг зохиолч, хөгжмийн зохиолч, дуулалт жүжиг гэдэг гурван номинацийг нь авсан юм байна.

-Ховдын жүжиг сэдвээрээ бас их жин дарж байна л даа, тийм ээ?

-Жин дарсан асуудал бий. Яагаад гэвэл, Галдан хаан гэдэг чинь өөрөө Монголын эв нэгдлийн төлөө, монгол үндэстний төлөө байсан болохоор энэ бол зөвхөн Баруун Монголын асуудал биш шүү дээ. Монголын төрийн тухай, монгол төр манжид эзлэгдэхгүй гэсэн бодлогын үүднээс хандсан Галдан хааны тэр тэмцэл, үзэл санаа бол асар жинтэй. Түүнийг нь түүхийн эх сурвалжаас нь маш зөв олж авч, маш зөв гаргаж ирсэн учраас энэ жүжгийн цар хүрээ нь нэлээн өргөн юм. Галдан хааны тухай янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Ийм нөхцөлд түүхэн эх сурвалжийг нь их зөв гаргаж ирсэн нь үнэ цэнтэй. Ерөөсөө монголчуудын эв нэгдлийн тухай хэлсэн жүжиг л дээ. Үндэстний эв нэгдлийн тухай хэлнэ гэдэг бол сэдвийн хувьд ч, үзэл санааны хувьд ч цар хүрээ нь өргөн юм байхгүй юу. Тэр нь ч бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Моно жүжгүүдийн тухайд та юу үзэж харав?

-Орж ирсэн бүх жүжгийг би үзээгүй. Гэхдээ моно жүжиг ер нь хэцүү шүү дээ. Жүжигчин дээр тулгуурлаж байдаг. Олон орны жүжигчдийг энд оруулж ирж үзүүлсэнд би их талархаж байгаа. Яагаад гэвэл, бидэнд сурах юм их байгаа. Жишээ нь, Польшийн жүжиг сонирхол татаж байлаа. Өвөр монголчуудын авчирсан жүжиг, манай Дарханы театрын Төмөрбатын авчирсан жүжиг бас л сонирхолтой харагдаж байсан. Манай СУИС-ийн багш Бат-Өлзийгийн найруулсан, Питер Турриний “Ашгүй бүх юм дууслаа” гэдэг жүжиг бол уг нь маш сонин шийдэлтэй жүжиг шүү дээ. Энэ мэтээр янз янзын театрын хэллэгүүд, янз янзын дүрслэлүүдийг барьж авч байгаа нь ололт гэж бодож байгаа. Моно жүжиг бол жүжигчнийг тодруулж гаргаж ирдгээрээ их онцгой. Үүгээрээ нэлээн том өрсөлдөөн болсон. Өрсөлдөөн болсны үр дүнд ч гэсэн авах ёстой шагналуудыг нь зөв өгсөн гэж харж байлаа. Би энэ жилийн шүүгчдийг маш их зөв онож шүүсэн гэж олзуурхсан. Жилийн жилд хүмүүс янз бүрээр ойлгодог л доо. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэгчлэн дүгнэлээ гэх юм энэ удаа байсангүй. Яг бодитоор харж гарцаагүй байх ёстой шалгуураар нь харсан шүүгч нарын шаардлага бол өндөр байсан.

-Моно жүжиг гэж туйлшраад байна уу,драмын жүжиг энэ жил орж ирсэнгүй гэхчлэн олон янзаар хүмүүс харж байна л даа. Моно жүжгийг энэ удаа онцолж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Дэлхийд моно жүжгийн төрлийг бий болгосон асуудал нь жүжигчнийг нээх гэсэн асуудал л байхгүй юу. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээж байгаа. Тоглох бүх өнгө аясыг, хөгжимтэй дуу шумтайгаа өөрийгөө зохицуулж чадах, тэр жүжгийн бүх л орчныг өөртөө авчрах чадварыг нь нээж байдгаараа онцгой юм. Энэ төрөл манайд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Магадгүй хүмүүс туйлшраад явцуурч байна гэж үзэх талтай. Гэхдээ тэгж ойлгох нь дэмий. Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл харин ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм.

-Өнгөрсөн жил найруулагч нар драмын жүжиг огт хийгээгүй юм уу. Эсвэл Хүннү, Эзэнт гүрэн, төр гэх мэтээр түүхийн том орон зай руу нэг хэсэг хандчихаад эргээд мухардах хандлагатай болчихов уу. Драмын урлаг яг ямар нөхцөл байдалд байгааг та хэлээч?

-Драмын урлагийг мухардалд орчихлоо гэж үзэж ерөөсөө болохгүй. Бүх төрлүүдээрээ явах нь үнэн боловч үүн дээр эдийн засаг, улсын бодлого хоёр үгүйлэгдэж байгаа юм. Театр өөрийнхөө урын сан дотор бол жүжигчинд зориулж жүжиг гаргана, үзэгчид зориулж жүжиг хийнэ. Цар хүрээг нь том харах хэрэгтэй юм. Би тэр Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг наян хэдэн онд яах гэж тавьсан бэ гэвэл, Ц.Гантөмөр гэдэг жүжигчнийг гаргаж ирэхийн тулд тавьсан юм. Нэг тийм үсэрсэн, хүнийг өөр ертөнц рүү аваачсан тийм алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр алхмыг бол урын сангийн бодлогод барьж явах ёстой юм. Тэр бодлогыг дэмждэг санхүүжилт байх ёстой. Дээхнэ үед театр өөрөө уран бүтээлийн мөнгөтэй байсан болохоор зовлонгүй хийдэг байсан. Одоо бол тийм юм хийхийн тулд төсөл бичнэ хэдэн сар хөөцөлдөнө, батлах батлахгүйд хүрнэ, тэгсээр байтад жүжгийн зохиол чингь алга болоод хүлээгдчихдэг. Би гэхэд л жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” гэж ярьсаар байгаад бараг найман жил болж байна шүү дээ.

-Театр аль болох бүх төрлөөрөө дуугарч байгаасай л гэх гэсэн юм.Эсвэл дуулалт, эсвэл моно гэхчлэн хандлага, хэмжүүр, үнэлэмж явцуурах вий гэх болгоомжлол төрөх ньзайлшгүй л дээ?

-Үгүй. Энэ хэмжүүр рүү орно гэж байхгүй. Дуулалт жүжиг бол гарцаагүй хийгдэх ёстой. Энд чинь найрал дуу, гоцлол гэхчлэн бүх юм ордог болохоор драмын жүжигчний өөрийнх нь хөгжилд асар том хувь нэмэр болдог. Энэ жил драмын жүжгийн төрөлд өрсөлдөх театруудын бүтээл байгаагүй. Байхгүй болохоор ганцхан УДЭТ өөрсдийн жүжгийг оруулж болохгүй болчихож байгаа юм л даа. Орон нутагт драмын жүжиг тавигдаагүй.

-Долоон найруулагчийн бэсрэг жүжгүүдийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр яах вэ. Энэ бол бидэнд олдсон боломж юм. Театр өөрөө орон зайн урлаг. Тэр орон зайд бид нар хэн ямар сэдвээр, ямар зохиолоор өөрийнхөө орон зайг тэнд тавьж өгч хүмүүст тэр жүжгийг хүргэхвэ гэсэн эрэл хайгуул, туршилтын алхам юм. Хамгийн сонирхолтой нь долоон өөр өнцгөөс харсан жүжгүүд орж ирсэн шүү дээ. Дандаа бэсрэг жүжгүүд. Гурван хүнтэй, хоёр хүнтэй, нэг хүнтэй, таван хүнтэй гэхчлэн. Гэхдээ хүнийхээ тоонд гол нь биш юм. Тэр талбарыг бид юугаар туршиж, юуг эрж хайж байна вэ гэдэг тэр эрэл хайгуулыг олоход, эрэл хайгуулаа үргэлжлүүлэхэд, шинийг санахад тус болсон алхам юм. Би бол тэр долоон жүжгийг ингэж үздэг.

-Тэр долоо тогтмол тоглуулаад явах жүжгүүд мөн үү?

-Тогтмол тоглуулах жүжгүүд биш гэж хэлэхгүй. Яг тогтмол тоглуулж болно. Гэхдээ бид үзэгчдээсээ түрүүлж явахаас биш дагаж явахгүй учраас зарим жүжиг нь нь хүлээж авахад бэлэн биш байж болох талтай. Миний хувьд тэгж харсан жүжгүүд бол бий. Жишээ нь, Н.Наранбаатарын тавьсан жүжиг бол нэлээн хүнд. Манайхан бас бэлэн юм хүлээж аваад байдаг, дандаа тийм байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид аль болох түрүүлж харуулахын тулд хийгээд байгаа эрэл хайгуулууд юм шүү дээ.

Н.Пагма

Categories
мэдээ цаг-үе

Ё.Гэрэлчулуун: Нийслэл цэргийн албан хаагчдын өмнө ч хариуцлага хүлээдэг


Тэргүүн байрны шагналт Хилийн 0252 ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар

Нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны дүн өнгөрсөн бямба гарагт гарав.

Чингисийн талбайд болсон шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Москва хотод болсон Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод парадад оролцсон БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов. Тус сургуулийнхан ОХУ, Турк зэрэг улсуудын кадет сургуультай хамтран ажилладаг. Жагсагчдын дунд 2-3 медальтай сонсогчид цөөнгүй харагдана.

Тэмүүжин Өрлөг” сургуулийн сонсогчид

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж хэлсэн үгэндээ “Монгол цэргийн жавхаа уралдааныг анх цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байсан. Зэвсэгт хүчин, нийслэлийн зүгээс цэргийн алба хаасан залуучуудаа хүндлэн өргөмжилж, цэрэг эрсийн сүр жавхааг илтгэн харуулахад чиглэгдсэн арга хэмжээ юм. Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж байгаа Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэв.

“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлээр дүгнэжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уралдаанд тэргүүлсэн зургаан ангийн захирагч орон сууцтай болсон. Харин энэ жилийн уралдаанд

Хилийн ажиглах дуран

тэргүүн байрыг хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги эзэлж “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэлээр,

хоёрдугаар байрыг бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги эзэлж “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэлээр,

гуравдугаар байрыг хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги эзэлж “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэлээр,

тусгай байрыг дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангиэзэлж “Өргөмжлөл”, дөрвөн сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнуулав.

Энэ жил анх удаа хөдөө орон нутгаас цэргийн анги оролцсон нь Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг сумдад байрладаг цэргийн ангиуд оролцож, Зуунмод хотод байрладаг 016 дугаар анги хоёрдугаар байранд шалгарчээ. Шагнал гардуулсаны дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Чингисийн талбай дээр зохион байгуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэийн онцгой байдлын газарт ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцав. Тэрээр зэвсэгт хүчний хэрэгсэл дээр нэг их анхаарал хандуулсангүй. Харин хилийн цэргийн үйл ажиллагаанд хэрэглэдэг 14 км-ын хараатай хоёр төрлийн дуран, ухаалаг гэмээр хяналтын дуранг сонирхож байв. Ухаалаг дуран өөртөө санах ойтой. Дамжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар бүх хөдөлгөөнийг компьютерт мэдээлнэ. Дамжуулагч төхөөрөмж 10 км-ын тойрогт үйлчилнэ. Дамжуулагч олшрох тусам хяналтын компьютерийн зайг ихэсгэж болно. Тодорхой байрлалыг түүнд сануулж болно. Сануулсан байрлалд ямар нэгэн ямар хөдөлгөөн илрэхэд компьютерт дохио өгнө. Шөнийн хараа, дулаан мэдрэгчтэй. Засаг даргын богино боловч бусдаасаа арай илүү анхаарал хандуулсан үзүүлэн бол онцгойхны багаж хэрэгсэл. Онцгойхонд “PATRIOT” хэмээх жийп машин байдаг. Тэр нь гаднаас харахад барууны жийптэй маш адилхан. Гэхдээ ОХУ-д үйлдвэрлэсэн машин. “Хүч, туулах чадвар, тохь тухаараа жийпнээс тийм ч дутахгүй. Харин 100 км-т 15-17 литр А-92 түлш иддэг. 38 сая төгрөгийн үнэтэй зэрэг давуу тал бий” хэмээн жолооч нь тайлбарлав. Нийслэлийн онцгой байдлын газарт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Засаг дарга Э.Бат-Үүлийн тайлбарлаж буйгаар бол хэн нэг нь завсараас нь завших боломжгүйгээр шууд барууны брэнд үйлдвэртэй гэрээ хийх замаар чанартай тоног төхөөрөмж авч болно. Гэтэл тендерийн хууль энэ бүхэнд саад болж байгаад анхаарал хандуулахыг ёслолд оролцсон БХ-ын сайд Ц.Цолмонгоос хүсэв. Үүнийг сонссон нэгэн залуу “Баатрын юм гуйгаад байгаа хүн тийм баян хүн үү” хэмээн орчноо хөгжөөв.

“Ухаалаг” дуран

Ёслолын ажиллагааны үргэлжлэл болох Чингисийн талбай дээр эхэлсэн үдшийн цэнгүүн дээр үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн тэмцээн болж шагнал гардуулав. Харин 22 цагаас арван минутын турш ёслолын буудлага нүргэлж улмаар 23 цаг хүртэл нийслэлчүүд цэнгээнт бүжгээр цэргийн албан хаагчдадаа талархалаа илэрхийлэв.

Ёслолын үеэр тус уралдааныг зохион байгуулсан НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулга авав.

Уралдаан зохион байгуулсанаар ямар үр дүнд хүрэв?

-Цэрэг иргэний харилцаа өргөжих, цэргийн ангиудын тохижилт, бие бялдрын хөгжилт, жагсаалч байдал, залуусын цэрэгт явах хүсэл нэмэгдсэн гээд олон үр дүн гарсан. Манай залуус сүүлийн үед фитнесээр хичээллэх нь нэмэгдэж байна. Цэргийн албан хаагчид фитнес тоног төхөөрөмжид маш их баярлаж байгаа.

Яагаад зөвхөн цэргийн ангиудын хүрээнд зохион байгуулж байна?

-Бид зөвхөн цэргийн ангиудын хүрээнд зохион байгуулаагүй. Нийслэлийн хэмжээгээр бүх байгууллагуудыг хамарсан “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах уралдаан зарласан.

Цэргийн ангиуд нийслэлд хамаардаг уу?

-Мэдээж БХЯ-нд захирагдана. Гэхдээ бид үйл ажиллагаанд нь оролцоогүй. Цэргийн ангиудын байшин, барилга нийслэлд байрлаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа цэргийн албан хаагчид нийслэлийн иргэнтэй адил хэмжээнд аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Нийслэл ч тэдний өмнө энэ нөхцлийг хангах үүрэгтэй. Энэ утгаар уралдааныг зарласан. Уралдааны хүрээнд маш их ажил хийгдэж, алба хаах орчин илүү тохилог болсон.

Гүзээтэй офицер байхгүй болсон гэсэн үнэн үү?

-Үнэн байх. БХ-ын сайдын тушаалд заасан бие бялдрын стандарт нь уралдааны бас нэг болзол. Манай иргэд ч цэргийнхнээс жишээ авах байх.

Х.БАТТӨГС

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн өршөөлийн хууль, Оюу толгойн асуудлыг хэлэлцэв

УИХ-ын баасан гаригийн үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайд гишүүдийн асуултад ийн хариуллаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Төрийн нэг чухал чанар бол ял оноож чаддаг, бас уучилдаг байх ёстой. Татварын харилцаан дээр төр ч өөрөө буруутай байх тал бий. Нэг талаас эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байна. Энэ ачааллыг аж ахуйн нэгжүүд үүрч байгаа. Ачаа үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Татварын асуудлаар 8231 аж ахуйн нэгжийг шалгаж 46 тэрбум төгрөгийн өр шинээр үүссэн. Хүү, торгууль, алданги тооцоод 48 тэрбумын асуудал яригдаж байгаа. Хуулийн хувьд мэдээж, өмнөх онд эдийн засагт өсөлт гарсан учраас татвараас авч байгаа орлого нэмэгдсэн. Гэхдээ цаана нь багагүй хэмжээний мөнгө нуугдаад байна. ДНБ-ий 35 хувь нь сүүлийн эдийн засагт эргэлдэж байгааг олон улсын байгууллагууд хэлж байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -2013, 2014 онд нийтдээ 17 их наядын зөрчил илрүүлж 450 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. ДНБ-тэй тэнцэх хэмжээний зөрчил илрүүлсэн гээд байгаа. Ил гарах юм үлдсэн юм уу. Монгол Улсад 24 мянган аж ахуйн нэгж татвар төлж байгаа гэсэн. Үүнээс 11 мянга нь прокурор дээр шалгагдсан байгаа.Одоо цагдаа аж ахуйн нэгжийн татварын зөрчлийг шалгаад, баримтуудыг үзээдявж байна. Яагаад гэвэл цагдаа нарт ашигтай байхгүй юу. Татвар дээр нь цагдаа нар орчихсон. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Базаррагчаа гэдэг хүн байна. АН-ын байран дээр сууж байдаг. 11 аж ахуйн нэгжийг хууль хүчнийхэн шалгаж байна гэдэг Монгол Улсаас хөрөнгө оруулагчийг үргээж байгаа асуудал.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Татварын хяналт шалгалтын хувьд графикт төлөвлөгөөт шалгалт гэж аж ахуйн нэгж рүү ордог. Татварын хяналт шалгалтыг заавал 10 хоногийн өмнө мэдэгдэж байж аж, ахуйн нэгжийг шалгаж байхаар хуулийн заалт оруулсан. Бизнес эрхлэгч дээр татварын эрх зүйн орчин хуулийг таниулах тал дээр анхаарч байгаа. 2014 онд 10.1 мянган аж ахуйн нэгж дээртатварын шалгалт оруулсан байгаа. Их наядаар тооцогдох хэмжээний зөрчил илэрдэг. Өнгөрсөн онд 13 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 445.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:-Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг илрүүлэх нь хууль сахиулагчдын үүрэг мөн. Гэхдээ үүнийг илрүүлж байна гээд бизнес эрхлэгчдийг дарамталж, ашиг хонжоо олох нь хуулиар хориотой. Ялангуяа удирдах албан тушаалтан холбоотой ийм асуудал байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -Эдийн засгийн өршөөлийн хууль их чухал. Нэрнээс нь болоод байна уу, үгүй юу. Гишүүдийн ойлголцол өөр байх юм. Эдийн засаг хүндэрснээс бодоод татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх юм гэж ойлгоод байгаа шүү дээ.Татварын орчин сайжрах юм байна гэж ойлгогдож байгаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -ТЕГ дээр татварын хяналт шалгалт хийдэг байцаагч нарын тоог багасгая гэж бодож байна. Татвар төлөхгүй болчихвол төр өөрөө хэцүү болно. Татвар төлдөг системийг бий болгоно. Татварын хяналтаар тогтоогдоогүй зүйл дээр цагдаа шалгалт оруулдаг явдал байна. Эрүү үүсгэх чиглэлийн асуудал дээр иж бүрэн шинэчлэл хийх гэж байна.

ТЕГ-ын дарга Б.Ариунсан: -Татварын хууль, журмыг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй. Цагдаад шалгагдаад байгаа 11260 аж ахуйн нэгж дээр бид ялгаад, эрүүгийн дугаарыг тусгайлаад судалсан. Цагдаа дээр хоёр өөр тоо байгаа юм.

Хамаг хөрөнгө нь барьцаанд орсон аж ахуйн нэгж хүнд байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаатай үзээгүй. Аль нэгэн аж ахуйн нэгж, хэн нэгэн хүнд зориулсан хууль гаргах гээгүй. Бүгдийг нь нэг гараанаас эхлүүлэх гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Энэ бол энэ Засгийн газрын хууль. УИХ уг хуулийг ямар ч байсан хэлэлцэх, эсэхээ шийдэхгүй бол хүлээлт үүсгээд аж, ахуйн нэгжийн тушаах татвар доголдоод эхэлж байна. Хэрэв ингээд шийдэхгүй бол буруу дохио өгөөд байна. Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах нь аль ч засгийн газарт хийх ёстой ажил мөн. Татварын байгууллагаас гаргаж байгаа тоо, прокурорын байгууллагаас гаргаж байгаа тоо өөр байна вэ гэвэл энэ дохио. Хуулийн байгууллагууд том мөнгөтэй компанийг шалгадаг. Энэ нь аж ахуйн нэгжид дарамт үүсгэж буйг үгүйсгэхгүй.

Одоо бол дурын аж ахуйн нэгжийг шалгах боломжтой байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Татвар 2.6 тэрбум, алданги 52 тэрбум болж 2012 оноос дөрөв дахин нэмэгдсэн, торгууль 160 тэрбум болж өссөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэд дахин өсч байгаа алданги, татварын дарамтад орсон аж ахуйн нэгж хамрагдахааргүй болж байгаа юм. Хэрэв Эдийн засгийн өршөөл үзүүлэх гэж байгаа юм бол шударга татвараа төлсөн, шударга татвараа яах юм бэ. Илэрсэн нь хохь болоод шоронд ордог, илрүүлэхгүй нуусан хүмүүс нь яах вэ. Мөн шударгаар татвар төлсөн хүмүүсээ яаж урамшуулах юм бэ. Төр өршөөж болно. Гэхдээ урамшуулах хэрэгтэй. Хуулиа зөв баталж, нийгэмдээ зөв таниулж амьдрахыг УИХ-д бас хүсч байна гэснээр асуулгын хариултыг сонсож дууслаа. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхийг хүссэн байна. Тиймээс чуулган цаг сунган хуралдахаар болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулт өгөв.

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа. Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ зургаан тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно. Оюу толгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээн авсан Оюу толгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа. Төлөвлөгөөний эхийг Монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачилга нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн талд байсан. Боловсруулах шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулсан. Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан” гэдгийг хэллээ. Мөн “2014 онд үүссэн татварын маргааныг олон улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэхээр болж, 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1,2 тэрбум ам.доллар, нийт есөн тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байна. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр таван сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо” хэмээн мэдээлэв. Засгийн газрын тэргүүнийг ийн мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Далд уурхайн ТЭЗҮ батлаагүй байхад яагаад төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөө арбитрын шүүхэд очвол эрх зүйн баримт болох уу.Ер нь Засгийн газрын төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ. Та Монголын талд ажиллаад байна уу, өөр талд ажиллаад байна уу.Хэлэлцээр юм уу, хэлцэл юм уу, гэрээ юм уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Ч.Сайханбилэг гэдэг хувь хүнийг доромжилж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Оюу толгойг улс төрийн асуудал болгохоо больё. Эдийн засгийн харилцааны асуудал гэж харах хэрэгтэй. Компани хоорондын асуудлыг улстөржүүлэхээ зогсооё. Би Оюу толгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айлчлал ҮАБЗ-өөр орсон. Үүний дагуу би айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Эхний ээлжинд нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүд дээр ажиллая гэдгээ арабууд илэрхийлсэн. Хамгийн гол нь Оюу толгойн далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг хэлье. Манай Засгийн газрын бондын хүү “Чингэс бонд”-ын хүү рүү дөхөж очсон. Өнөөдөр дөрвөн хувь руу ороод ирлээ. Худалдаа хөгжлийн банкны гаргасан бонд ес гаруй хувиас долоонхувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан. Би Монгол Улсын талд ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал зурсан.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Маргаантай асуудал олон байсан. Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг “Рио-Тинто” өөр маягаар тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татвартай холбоотой нэлээд олон маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайн төлөвлөгөөг зурсны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Миний хэлэх гэсэн нэг санал бол яаралтай Ажлын хэсэг гаргавал яасан юм бэ. Ерөнхий сайд өчигдөр нисэх буудал дээр мэдээлэл хийхийг харсан. Таны наад суудал дээр сууж байсан нэгхүн бас л “Би хар толгойгоороо хариуцна” гэж байсан юм. Одоо гадаадад гараад алга болсон.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Миний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт явах болсонд маш их баяртай байгаа. Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход монголчуудын хүртэх өгөөж 54 хувь байгаа. Оюу толгойн төлөвлөгөө батлагдсанаар Монголд эерэг үр дүн нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Эхнээсээ тааруухан гэрээ байсан даа. Тэр үед Оюу толгойн гэрээг буруу, зөрүүхийлээ гэж шүүмжилдэг байсан. Ерөнхий сайд та их эмзэглэж байна. Өмнө нь хийсэн гэрээг сайжруулсан гэлээ. Хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар жилд орж ирнэ гэсэн байгаа. Үүнийг ойлгохгүй байна. Хоёрт нь, Өмнөговьтой холбоотой асуудал байна. Эрдэнэт хот гээд сайхан хот байгуулсан. Өмнөговь дээр хот бүтээн байгуулалт босох уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Би эмзэглээд байгаа юм байхгүй. Асуултад хариулаад явж байна. Өнөө маргаашдаа бол татварт төлөх 30 сая ам.доллар орж ирнэ. Роялти татвартай холбоотой 10 сая ам.доллар орж ирнэ. Энэ мэтээр мөнгө залгуулаад орж ирэх байх.

УИХ-ын дарга З.Энхболд: -Таван сая ам.доллараар хот барихгүй шүү дээ. Сумын төвийг ч тохижуулж чадахгүй.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -Хот барих асуудал Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар явах юм. Ханбогд маргааш гэхэд өнөөдрийн Эрдэнэт шиг болчихгүй нь ойлгомжтой. Эрдэнэт хот өнөөдрийн хөгжилд хүрэх гэж 35 жилийг зарцуулсан. Жил болгоны таван сая ам.долларын туслалцаа дэмжлэгтэйгээр хот болох процесс өрнөнө. Ойрын 25 жилийн дотор хот байгуулна гэж тооцвол илүү бодитой юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Цаашид аль, аль талаас нь гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн үг үү. Бэлэн мөнгөний урсгалыг 53:47 гэж ярьдаг. Аль төрлийнхөө татвар дээр яригдаж байгаа юм бэ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: -Менежментийн төлбөр гэдэг заалтыг хамгийн зөвөөр ойлгох юм бол далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зургаан тэрбумаас авах төлбөр гэсэн үг. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа заалт. Хөрөнгө оруулалтын гэрээнд менежментийн төлбөрийг зааж өгөөгүй байдаг.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: -УИХ дээр “Шударга ёс” эвсэл гэж бүлэг байдаг. Гэтэл Ардын нам, Ардчилсан намын бүлэгт танилцуулсан гэж байна. Яагаад манай бүлэгт танилцуулаагүй юм бэ. Эхний шатны хөрөнгө оруулалт яригдаж байхад 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Энэ мөнгөн дүн хаачсан бэ. Энэ 1.8 тэрбум ам.долларын зөрчлийг хүлээн зөвшөөрчихөөгүй биз дээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Явцын талаар танилцуулга хийж байсан. Аль нэг намын бүлэг дээр тусгайлсан танилцуулга хийгээгүй. Уг нь Засгийн газрынтүвшинд шийдэх асуудал биш. Компаниудын хоорондоо ярилцаад шийдэх асуудал юм шүү дээ. Манай талаас чхарьцангуй буулт хийсэн. Үүнийг улстөржүүлээд яриад байж болно. Гэхдээ бас нөгөө тал 10 гаруй асуудал дээрбуулт хийснийг бодолцох хэрэгтэй. Харилцан ойлголцож, зөвшилцөж шийдсэн. Манай тал илүү хариуцлага хүлээнэ гэж айх хэрэггүй. Гэрээнд заасан 34 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ. Нөгөө тал ч мөн 66 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -Их том буултууд аль, аль талдаа хийсэн. Манай талын олон юмыг хөрөнгө оруулагч зөвшөөрсөн. Манай татварын байгууллагаас 130 сая ам.долларын торгууль тавьсан. Үүнийг Монгол дотроо шийдье гэж хоёр тал шийдсэн. Тэгээд татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.доллар дээр буурсан. Оюу толгойн хувьд энэ 30 саяыг зөвшөөрөөгүй байсан шүү дээ. Магадгүй олон улсын арбитрын шүүхэд очсон бол хэн ялахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ харин энэ 30 сая ам.доллар төлөхийг нь тэднээр зөвшөөрүүлсэн. Эцэст нь хэлэхэд зардлын хэтрэлт аль ч компанийн хүсэх зүйл биш. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш юм. Ийм хэтрэлт гарахаас өөр аргагүй байсныг зохих бичиг баримт, олон зүйл дээр нотолж харуулсны учраас манай тал дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй.

Ийнхүү гишүүдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд хариулт өгч дууссанаар чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Миний зүгээс намын гишүүнчлэлээ сэргээх гэж гуйсан зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та МАН-д орох гэж байгаа юм уу. Гадуур ийм яриа тарсан байна…

-Одоогоор аль нэг намд орох тухай бодсон зүйл алга. Энэ бүрэн эрхийн хугацаанд ямар ч гэсэн бие даагчийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэнэ. УИХ-д бие даан нэр дэвших нь хувь иргэн хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдлэх боломжийг олгодог. Тиймээс цаашид энэхүү боломжийг нь баталгаажуулж үлдээх нь бид гуравт ноогдож буй үүрэг, хариуцлага гэж ойлгож болно. Харин чиний асуугаад байгаа яриа чинь миний нэг удаа хэвлэлд өгсөн хариулттай холбоотой юм болов уу. Сэтгүүлч энэ талаар надаас асуухад нь “МАН-ын тухайд бол би жирийн гишүүд, дэмжигчдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Анх удаа УИХ-д сонгогдоход нэг баг болж, дэмжиж байсан хүмүүс. Харин намыг өөрсдийн улс төрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх бүтэц болгон ашиглаж, намаа сонгуульд ялагдуулчихаад хариуцлага хүлээдэггүй зарим удирдлагад нь бол шүүмжлэлтэй ханддаг. Ялагдвал толгойгоороо хариуцна гэж байсан, намаа сонгуульд авч орох үүрэг хүлээж байсан хүмүүс хариуцлага хүлээхгүй, том том юм яриад сууж байна. Намаа шинэчлэхэд оролцох нэг хувилбар байж болно. Энэ үнэхээр боломжгүй зүйл бол хүсэл эрмэлзлэл нэг байгаа нөхөдтэйгээ нийлээд шинэ нам байгуулна. Харин өөр намд орох бодол алга гэсэн юм. Үүнээс л гаралтай яриа байх. Ер нь энэ хоёр намд олон түмний итгэл алдраад та бүхэн гурав дахь сонголтыг бий болго гэвэл нэн тэргүүнд энэ тал дээр нь зогсох ёстой гэж бие даагчид ярьж байгаа.

-МАН таныг хөөж байсан. Харин одоо буцаж ирэхийг гуйгаад байгаа ч юм бил үү. Эсвэл та орохыг хүсээд байгаа ч байж болох юм..

-Намд орох бус гишүүнчлэлээ сэргээх асуудал юм уу. Яагаад гэвэл би гарах өргөдөл өгөөд хаяад яваагүй, харин нэг хэсэг нөхдүүд тухайн үед УИХ-ын гурван гишүүн МАН-аас гарч МАХН-д элсэхэд намайгаа гүтгэж, хоморголоод хөөчихсөн. Намаа сэргээх асуудлыг намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс нэлээд тавьдаг юм. Энэ асуудал дээр хүндэтгэлтэй ханддаг талаар дээр хэлсэн. Харин миний зүгээс намаа сэргээх гэж хүссэн, гуйсан зүйл байхгүй. Би нам шүтэж амьдардаггүй. Улс орноо, олон түмнээ гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй, зарчимтай, хариуцлагатай улс төрийн нам байхыг үгүйсгэдэггүй. Тодруулбал, 1990 оноос өмнөх МАХН шиг улс орноо авч явах юм бол болно. Ер нь нэг нам нь дан сайн хүмүүстэй, нөгөөдөх нь дан муу хүмүүсээр бүрдэнэ гэж юу байх вэ. Аль алинд л зөв хүмүүс байгаа. Харин аль нам нь зөв хүмүүсээ удирдлагадаа гаргаж байна гэдэг л гол асуудал юм. Тиймээс жирийн иргэд бол манай нам гэж туйлшрахгүй аль нам нь зөв явна гэдэг талаас нь харж саналаа өгдөг болчихвол оновчтой сонголт бий болно.

-Хэрэв намдаа буцаад орлоо гэхэд МАН-аас хассан шийдвэрийг харгалзалгүйгээр гишүүнчлэлийг сэргээж болох уу?

-Хүсвэл намын үүртээ очоод бүртгүүлчихэд л болно. Харин ингэж МАНАН-таж байхад юун нам сэргээх. Энэ хамтрах сонголт бол аль ч намынх нь жирийн гишүүд, дэмжигчдийн хүсэл лав биш.

-Та МАН-д байхдаа шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байлаа. Өнөөдрийн МАН-ын талаар таны бодол ямар байгаа вэ?

-МАН бол Монголын ард түмний өнгөрсөн зууны бүтээл юм. Харин хөрөнгө, мөнгийг хэт үнэлж, эрхэмлэдэг, албан тушаалгүй амьдарч чадахаа байсан хэсэг хүмүүс 2000 оноос хойш энэ намыг хүсэл зорилгоо биелүүлдэг бүтэц болгож эхэлсэн. Одоо намынх нь нэр хүнд олон түмний дунд унаж, сэргэхгүй байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог.

-Магадгүй одоо таны сонголт МАХН болчихсон чбайж болох юм гэдэг таамаглал явж байна…

-Би хэлсэн, ярьсандаа байхыг эрхэмлэдэг. Намын нэр өөрчлөгдөж хоёр хэсэг хуваагдахад миний зүгээс энэ хагарал дээр тос нэмж, задалж бутлахгүй гэж хэлж байсан. Тэр байр суурь хэвээрээ. МАХН-д орох байсан бол аль эрт л шийдэх байсан болов уу. Харин МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид намаа улс төр, бизнесийн бүлэглэлээс салгаж чадахгүй юм байна гээд МАХН гэсэн нэрээ сэргээж, түүн дороо нэгдэх хөдөлгөөн гарч болохыг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл саяхан нэг судалгаан дээр МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАХН-ыг дэмжих хандлага ажиглагдсан юм билээ. Хүсэл эрмэлзлэл нь цөхрөөд ирэхээр хүн шинэ гарц хайдаг шүү дээ.

-Бие даагч гишүүн байх нь албан тушаалын бялуу хүртэхгүй, ашиггүй, нөлөөлөлгүй юм байна. Том намаа дагасан нь дээр гэдэг бодол танд төрдөг үү?

-Үгүй, тийм бодол огт байхгүй. Олон түмнийг төлөөлөх эрхийг авсан УИХ-ын гишүүн гэдэг асар том эрх мэдэл. Тэр тусмаа гурвын гурвуулаа байна гэдэг бүр ч хүчтэй. Үүнийг бид гурав харуулж чадсан гэж бодож байгаа. Үүнийг олон түмний дунд явуулсан судалгаануудаас харж болно. Анх удаа бие даагчид улс төрийн намуудыг давсан үнэлэмжийг олон түмнээс авлаа. Намуудын рейтинг 20 дотор байгаа бол бид гурвынх хорьдавчихсан яваа.

-Бие даагч гурван гишүүн зөвлөл байгуулсны үр дүн юун дээр илэрч байна вэ. Ер нь хүмүүс та нарыг популизм хийж байна гэдэг өнцгөөс шүүмжлэх нь бий…

-Өнөөдөр улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийн гол буруутан бол улс төрийн зорилгоо биелүүлэх гэж хуурамч амлалт хийж ирсэн популист улстөрчдийн балаг шүү. Жишээлбэл, иргэн бүрт 1.5 сая төгрөг, хүүхэд бүрт мөнгө гээд баялгаас орж ирсэн хэдэн валютаа гадагш цацаж, валютын нөөцөө барж, ханш өсгөж энэ хямралыг чинь бий болгочихлоо. Хамгийн сүүлийн нэг жишээ татъя л даа. Бид хамтрахгүй хариуцлага тооцно, улс орноо зээл тавьж өрөнд оруулахгүй авч явна гээд л хашгираад байсан. Одоо Засгийн газарт орж хүслээ биелүүлсний дараа өр тавиад л гүйж байна. Энэ бол чиний ярьж буй популизм гэдэг байх. Ийм хүмүүс л биднийг ярихаар өөрсөд шигээ төсөөлж, бодсондоо тийм яриа гаргаад байгаа хэрэг. Бид тэднээс огт өөр, цаг хугацаа амьдрал харуулах биз дээ.

-Та Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байнгын хорооны дарга байсан. Тэр үедбие даагчид тодорхой эрх мэдэлтэй байсан байх шүү…

-Бие даагчид ч гэсэн сонгуульд мөрийн хөтөлбөртэй оролцдог. Тиймээс амлалтаа биелүүлэх талаас нь харснаа нуухгүй. Түүний үр дүнд тойрогтоо амласнаа бүрэн хийсэн. Ам, хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг гишүүн “энэ бол миний хийсэн ажил” гээд шүүрч яриад байхыг нь харвал үр дүн гарсан хэрэг л дээ. Нөгөө талаар төсвийн хяналтыг цөөнх болсон бие даагчид хариуцна гэдэг төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангаж, хяналт тавих талаасаа буруу зүйл биш.

Үүнийг бас бодолцсон. Би нэг жишээ татъя. Намайг байнгын хороог тэргүүлж байх үед манай УИХ дахь бизнесменүүд архи, спирт, тамхи, түлш шатахууны онцгой албан татварыг нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болох хуулийн төсөл оруулж ирэхэд би хоёр удаа буцаасан. Намайг ажлаа өгснөөс долоо хоногийн дараа энэ хууль орж ирээд батлагдсан. Иймэрхүү жишээ олон бий.

Мөн хямралаас гарах гарц бол бизнес эрхлэгчдээ дэмжих явдал гэж үзэж төсвөөс тэдэнд олгох санхүүжилтийг хасаж, танахыг хойш тавьж ажилласан. Төсвөөс тэдэнд олгосон санхүүжилт эргээд татвар болж ордог гэдэг талаас нь бодсон хэрэг. Бодлого хэрэгжүүлэх талаасаа эрх мэдэл байсан. Гэтэл одоогийн Засгийн газар тэдэнд олгох санхүүжилтийн талыг нь өгөхгүй гээд гүрийчихсэн. Одоо хар л даа, татварын орлогогүй, цалингаа ч тавьж чадахгүй дээрээ тулаад байна.

-Н.Алтанхуягийн Засгийн газар үнэхээр огцрох ёстой муу ажиллаж байсан юм уу. Та юу гэж боддог вэ?

-Сонгуулийн амлалт өгсөн намын даргаар нь зүтгүүлэх хэрэгтэй байсан байх. Одоо тэгээд дээрдсэн гэхээсээ улам дордож өр нэмэгдлээ.

-Өнөөдөр парламентад суудалтай бүх нам хамтарч засаг байгуулсны үр дүн гарч байгаа болов уу. Та юу гэж харж байна…

-Иргэд, бизнес эрхлэгчдийн амыг харахад үр дүн гарч байна, хамтарсан нь зөв гэж хэлж байгаа хүн алга. Албан тушаал хүртсэн нэг хэсэг нөхдийг эс тооцвол шүү дээ. “МАНАН-2”-ынсайн зүйл гэвэл энэ намуудын удирдлагууд олон түмэнд бүрэн танигдсан явдал юм.

-Энэ хамтралаас АН хожиж чадах болов уу?

-Ер нь тэгээд өрсөлдөгчдөө тал засч, ажлын байраар хангаж өөрсдийнхөө хүмүүсийг халж, хөөж гомдоосон, хагарсан нам сонгуульд амжилттай оролцдоггүй. Элэг бүтэн оролцбол адаглаад авах саналаа бүрэн бүтэн авч, амьтайгаа үлддэг. МАН яах гэж бусдын хариуцлагыг хамтарч хуваалцах гээд байгаа юм, чөтгөр бүү мэд. Албан тушаалын донтой хэсэг нь чирээд байгаа юм болов уу.

-Эдийн засгийн энэ хямралаас одоо яаж гарах уу. Танд ямар гарц харагдаж байна…

-Маш хүнд болсон. Хямралаас гаргана гэчихээд бүр дордуулчихлаа. Богино хугацаандаа бол татвар төлөгч, баялаг бүтээгч бизнесээ дэмжиж ажилтай, орлоготой байлгахыг зорих хэрэгтэй. Зээлээр ч болов дэмжээд, үр ашигтай зарцуулаад явах хэрэгтэй. Өмнө тэгж хэлэхээр улс орноо өрөнд унагалаа гээд байсан хүмүүс одоо “зээлээс өөр арга зам алга” гэж байгааг харахад инээдтэй, бас харамсалтай санагддаг. Урт хугацаандаа бол уул уурхайгаас орох эх үүсвэрээ био хүнс, мал аж ахуйн гаралтай экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд зарцуулах хэрэгтэй юм. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг, ноосоо боловсруулах гээд боломж маш их бий. Уругвай гэдэг гурван сая хүнтэй, 40 сая малтай улс мал аж ахуйгаа түшиглээд 55 тэрбум ам.доллар олж байна. Манайх яагаад 25 дахин бага хоёр тэрбум ам.доллар олж болдоггүй юм. Өөр нэг жишээ татъя. Герман улс манайхаас хоёр дахин их ой модтой. Түүнээсээ 281 тэрбум евро олдог. Бид тэгвэл түүнээс 280 дахин бага нэг тэрбум евро яагаад олж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл хувийн сонирхолтой улстөрчид төрөө муу жолоодож буйгаас тэр. Далайд гарцгүй гээд л өөрөө өөрсдөө зовлон бий болгож болохгүй. Бусад орны алс хол далайн чандаас зүтгэдэг хоёр том зах зээл хажууд байна. Гадагш гаргахад учирч буй хүндрэлээ аялал жуулчлалыг хөгжүүлж, харийнхныг эх нутагтаа авчирч байгаад байгалийн гаралтай хүнсээрээ хооллож газар дээрээ экспорт хийж болно. Бид хүсвэл иймэрхүү боломжууд манайд захаас аван бий. Мал аж ахуй бол манай үндэсний бизнес, бидний өрсөлдөж чадах зүйл, валютын дундаршгүй орлого, аюулгүй байдлын баталгаа юм.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Ер нь бол хоёр толгой хөдөлж байгаа гэдгийг хэлье. Өнгөрсөн жил Хятадад гаргасан 14 сая тонн нүүрсний 4.8 сая тонныг нь “Эрдэнэс таван толгой” компани гаргаж Чалкод төлөх манай улсын эх орны хувь хишиг хүртээхэд авсан өрийг төлсөн. Бүр 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, манай эхний тавд багтах том компани болж хөгжиж. Нөгөө талаар, энэ компанид манай иргэдийн 1072 хувьцаа байгаа. Тиймээс тэдний өмнөөс, асуухгүйгээр шийдэх эрх бидэнд байхгүй. Энэ бол Эрдэс таван толгой ХК-г ард иргэдийн өмч болсон баялгаас нь салгаж болохгүй гэсэн үг юм. Энэ талаас нь харахад одоогийн орж ирсэн гэрээг дэмжих, батлах боломжгүй. Миний хувьд Эрдэс таван толгой компанийг гадны тэр хоёр компанид 49 хувиа эзэмшүүлээд хамтарч ажиллах нь зөв байх гэж бодож байна. “Энержи ресурс” компани олон бүтээн байгуулалт хийж хувийн хэвшлийг үлгэрлэж байгааг бодолцох ёстой. Энэ компанийг Монголын төр бас л хамгаалах үүрэгтэй. Тэдэнд тулгараад байгаа хүндрэлийг туулахад нь туслах ёстой. Таван толгойн асуудлыг компанийн хоорондын өрсөлдөөн зөрчил байдлаар харж шийдэж огт болохгүй. Таван толгойг ийм замаар шийдэх ёстой л гэж бодож байна.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Оюу толгойн далд уурхай бол 5-7 жилийн дараа баригдаж дуусах бүтээн байгуулалт. Гэтэл одоо ингээд гарын үсэг зурснаар амьдрал сайжрах юм шиг л олон түмний тархийг угаагаад эхэллээ. Үнэндээ бол тийм зүйл гарахгүй. Тэгэхээр эргээд хэдэн сарын дараа амьдралын үнэнд гүйцэгдээд ирэхээр олон түмэн бүр ч илүү бухимдана. Ингэж ярьж гадны гар хөл болоод байгаа нөхдүүд цаашдаа яана гэж ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй юм. Оюу толгой эхлэхэд ямар гоё зүйл ярьж байлаа. Өдөр тутам нэг сая ам.доллар алдаж байна. Өгөөжийн 53 хувийг хүртэнэ гээд л… Гэтэл тийм зүйл огт болоогүй. Харин С.Баярцогт, С.Баяр гэдэг хүмүүс улс төрийн тэтгэвэртээ гарсан. Одоо тэр л давтагдах байх. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээ сайжраагүй. Монголын талд харилцан үр ашигтай болоогүй байна. Баялгаас олсон мөнгө нь Монголоор дамждаггүй хэвээрээ байгаа. Нийт орлогынх нь 4-5 хувь л Монголдоо үлдэж байна. Үүнийг өөрчилж чадаагүй байхад их зүйл хүлээсний хэрэггүй юм. Түүнчлэн Оюу толгойн баялгийн орлогоо Монголын банкаар дамжуулаагүй цагт валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжихгүй нь тодорхой. Үүний үр дүнд өнөөдөр манай улс ачуулсан баялгаа тооцохоор дэлхийд хамгийн өндөр 7.8 хувийн өсөлттэй эдийн засагтай, гүнзгий хямарсан, өртэй улс болчихоод байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гээд байгаа маань бас л зээл. Манай улсын гадаад өр энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өр20 тэрбум ам.доллараас хол давна гэсэн үг юм. Гэтэл нөгөө Оюу толгойн хулгайгаа нуун дарах хар PR өмнөх шигээ л эхэлчихлээ. Гэхдээ цаг хугацаа энэ бүгдийн үнэн зөвийг урьдын адил шүүнэ. Тэр цагт энэ хэд маань нүүрээ хааш нь хийнэ дээ. Мөн л гадаадад хаус худалдан авч зугтах нүхээ ухсан ч байж мэднэ.

-Ерөнхий сайд олон зүйл дээр амжилттай тохиролцлоо. Тухайлбал, менежментийн зардал зургаан хувь байсныг гурав, нөөцийн төлбөрөө авах боллоо гээд байгаа…

-Менежментийн зардлыг нийт гаргасан зардлаас хувилж тооцож хүртдэг. Хэр их зардал гаргана удирдлага тэр хэмжээгээр өндөр ашиг хүртдэг буруу зарчим тэнд үйлчилж байгаа.Та бүхэн сайн ажиглавал бүтээн байгуулалтын хугацаанд гурван хувь байхаар тохирчихлоо гэсэн байгаа. Энэ нь тэр далд уурхайг барьж босгох 5-7 жилийн хугацаанд л гурван хувь байна гэсэн үг юм. Өмнө ч гэсэн эхний шатны бүтээн байгуулалтын үед гурван хувь л байсан. Яагаад гэвэл менежментийн зардлыг авахдаа компанийн гаргасан зардал дээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг нэмсэн дүнгээс тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван хувь нь зөвхөн зардлаас тооцож авдаг зургаан хувьтай дүнгээрээ дүйнэ гэсэн үг. Ингэж л гадныхантай нийлж манай хэсэг нөхөд биднийгээ молигодож байна. Нөөцийн татвар таван хувийг угаасаа тэд төлөх үүрэгтэй. Харин яагаад өнгөрсөн хугацаанд бүрэн төлүүлж авахгүй байсныг гайхаж байна. Бүхэл бүтэн тусгаар улс байж харийн нэг компанийн өмнө ингэж татвараа бүрэн авч чадахгүй арчаагүй байсан гэхэд итгэмээргүй. Манай Эрдэнэт болохоор 18 хувийн нөөцийн татварыг ямар ч хэл амгүй төлж байна. Гэтэл Оюу толгой таван хувийн нөөцийн төлбөрөө бүрэн төлөхгүй байсан гэхээр хэнтэй нөхөрлөсөн нь харагдаад байгаа юм биш үү.

-Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог болон бие даагч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байна. Эдийн засаг хүнд ийм зүйл ярих цаг мөн болов уу?

-Үнэндээ бол ард иргэд, компаниудыг нь хямруулж, амьдрах гарц хайлгаж байгаад, шүүмжилсэн биднийг болохоор садаа болж байна гэж урьдын шигээ тархи угааж, дарамталж байгаад л үүнийг хийлээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг бид тооцож, судлахгүйгээргорьдсон хандлагаар энэ том баялгийг харийн 14 банк, санхүүгийн байгууллагын мэдэлд өгүүлж боломгүй. Бид хоёр үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөж байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, чиглэл өгөхдөө нийт хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар, түүн дотроо далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.доллар байна тооцож, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 51 хүргэх тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг гаргасан. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын баталгаажсан хэмжээг Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэн нэмэгдүүллээ гэж үзсэн. Ингэснээр УИХ-аар баталгаажсан манай ашиг хүртэх хугацаа хойшилсон. Олон асуудал урган гарч ирж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс хойш энэ гэрээ харилцан үр ашиггүй байгаа нь амьдралаар нотлогдож, гэрээг сайжруулах асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ харилцан үр ашиггүй байхад хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдсэн нь буруу гэж үзсэн. Одоогоор огцруулах саналд 10 гаруй гишүүд нэгдээд байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ