Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Манайханд гэлтгүй гадныханд хүлээлт үүсгээд байсан “хоёр толгой”-н нэг болох Оюу толгой хөдөлчихлөө. Монголын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь та хэрхэн харж байгаа вэ?

-Оюу толгой төслөөс хэдэн төгрөг орж ирэх вэ гэдгийг л манайхан харж, ярьж байна. Хөрөнгө оруулалт, мөнгө орж ирнэ гэдэг нь нэг л урсгал. Харин Оюу толгой төслийг дагаж хэдэн төгрөг олж болох вэ, Монголдоо хэдэн төгрөг бүтээж болох вэ гэдэг хамгийн чухал. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь шударга хөдөлмөрөөрөө олсон их мөнгөө тоолохтой адил эерэг урам зоригийг дотооддоо ч, гадаад ертөнцөд ч өгнө.

-Тухайлбал, таныхаар ямар нөлөөлөл үзүүлнэ гэж?

-Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх, Монголдоо хөгжил дуудах, Монгол Улс, монголчууд гэж хэн бэ гэдгээ олон улсад харуулах ач холбогдлыг тооцох хэрэгтэй. Монгол бол нээлттэй засаглал, нээлттэй зах зээлийн эдийн засагтай орон. Тэгсэн атлаа Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй. Бид л эндээ Оюу толгой, Таван толгой гэж яриад байгаа болохоос дэлхийд бол Монгол Улс, монголчууд л гэж ярьж байгаа. Өнөөдөр Монголд маань бүх юм байна. Чадварлаг залуус, чадалтай компани ч олон болж. Гэхдээ Монгол Улс хөгжихөд гаднынхны мөнгө, технологи, ноу хау зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаар нь харвал Оюу толгой төслийг хөдөлгөх нь дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага болно. Энгийнээр, замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюу толгой төсөл хөдлөх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямар ч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа.

-Анивчсан гэрэл хэзээ хүлээн зөвшөөрсөн ногоон болох вэ?

-Одоо залгаад Таван толгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.

-Таван толгой одоо ч ажиллаж л байгаа шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ орд дэлхийн дүрмээр эдийн засгийн эргэлтэд орж, дэлхийн зах зээл дээр гарч байж улсын хөгжилд, ард түмний халаасанд мэдрэгдэхүйцээр хувь нэмрээ оруулна. Одоо бол нүүрсээ хилийн үнээр зарж, 1072 хувьцаатай иргэд ноогдол ашиг хүртэх нь битгий хэл, саналын эрх ч үгүй явна. Тэгсэн атлаа сонгуульд ялсан улстөрчдийн шахааны газар болсон, үе үеийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулсан компани ажиллаж байна шүү дээ.

-Оюу толгойн төслийн өгөөжийн тухай дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Оюу толгой төслийг анх хөдөлгөснөөр манай улсын ДНБ үндсэндээ гурав дахин томорсон. Энэ төсөл манай улсын валютын нөөцөд, төгрөгийн чангаралтад хамгийн их хувь нэмрээ оруулдаг байлаа. Зөвхөн Оюу толгойгоос ашигт малтмал ашигласны татвар гэж улсын төсөвт жил бүр 500-600 сая ам.доллар авч байгаа. Энэ нь манайулсын нийт төсвийн орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Оюу толгойн хөрөнгө оруулалтын оргил үе болох 2012 онд уг төслийг болон түүнийг дагасан хөрөнгө оруулалт нийлээд 7.5 тэрбум ам.долларт хүрч байлаа. Оюу толгой төслийн шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байсан. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэж, дотоодын компаниудын бүтээн байгуулалтын ажлууд идэвхтэй явж байсан юм. Гадаадын ноу хау, менежментээс Монголын олон компаниуд маш их зүйлийг сурсан. Одоо Оюу толгойн далд уурхайн ажил эхэлснээр нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шууд утгаараа орох юм. Жил бүр Монголд орж ирэх мөнгөн урсгал нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Жишээ нь, энэ төсөл ид идэвхтэй ажиллаж байх үед Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн мөнгө гэдгийг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид хэлдэг байсан. Гэтэл төсөл гацсанаар энэ мөнгө байхгүй болсон. Харин далд уурхайн ажил эхэлснээр хамгийн багадаа л энэ тоон харьцаа эргэж сэргэнэ, хадгалагдана. Одоо таны халаасанд байгаа гурван төгрөг тутам дээр “Оюу толгой төслийн өгөөжийн мөнгө” гэж нэг төгрөг нэмэгдэх бололцоотой боллоо. Жишээ нь, та өдөрт хэтэвчиндээ 30 мянган төгрөгтэй байдаг бол Оюу толгойн далд уурхайн ажил эхэлсний дараа 40 мянган төгрөгтэй явах эдийн засгийн орчин, идэвхтэй урсгал бий болж байна.

-Оюу толгой дээр гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Таны хувьд цаг алдалгүй явуулах ёстой гэж байна. Яагаад яаравчлах ёстой гэж?

-Оюу толгойг яагаад цаг алдалгүй явуулах ёстой вэ гэхээр гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар Оюу толгойгоо хэрхэх бол гэдгийг анхааралтай ажиглаж байна. Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор болсон. Бас дотоодын эдийн засгийг хямраах, эсвэл өсгөх “дархлааны ганц вакцин” нь Оюу толгой болчихсон юм. Манай орны эдийн засгийн хүндрэл гадны шууд хөрөнгө оруулалт багассанаас болсон шүү дээ. Ер нь аливаад, бизнест ч “томын жишиг” гэж ойлголт байдаг юм. Банк санхүүгийн салбарт л гэхэдбодлогын банкууд гэж байдаг. Жишээ нь, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци манай Оюу толгойд зээл өглөө гэхэд тэднээс жижиг, актив багатай банк, хөрөнгө оруулалтын сангууд дагаад зээл өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Оюу толгой төслийг биднээс том Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци эрсдэлгүй гэж үзээд өгч байхад бидэнд ч эрсдэлгүй гэж жишиг байдлаар ханддаг. Үүнтэй нэгэн адилаар Оюу толгой том, дэлхийн хэмжээний төсөл учраас нэг талаар манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, орчин мэт гаднынханд харагддаг болсон.

Тийм учраас Дубайд болсон үйл явдал бол Оюу толгой төслөөр дамжуулж гадаад ертөнцөд эерэг мессэжүүдийг өгч чадсан. Зочин уриагүй байж гэртээ хүн ирсэнгүй гэж уурлаад байж болохгүй биз дээ. Сая бол Ерөнхий сайдыг зочдоо урьж Дубайгаас урилгаа илгээчихээд ирлээ гэж бодож байгаа.

-“Дубайн гэрээ”-гээр 30 жилээр Монгол Улс үр ашгаа авч чадахгүй нь гээд байгаа биз дээ?

-Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байсан “Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” зэрэг томоохон төслүүд 20-30 жилийн дараа өгөөжөө өгч байсан юм. Улс орнууд уул уурхайгаас нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөж, хоёрдугаарт, тодорхой татваруудын өгөөжийг хүртдэг. Гуравдугаарт, төсөл нь амжилттай хэрэгжвэл хувьцааны ногдол ашиг хэлбэрээр тодорхой өгөөжүүдийг хүртэнэ. Энэ бол ямар ч бизнест байдаг олон улсын дүрэм. Тэгвэл манай зарим улстөрчид энэ гурван дүрмийн урвуу дарааллаар буюу нэгд ноогдол ашиг байх ёстой гэж тайлбарлаад байна.

Дэлхийн стандарт болсон хооллох соёлоор бол хүн эхлээд нэг, дараа нь хоёр, гуравдугаарт дисертээ иддэг биз дээ. Тэгвэл манай зарим улстөрчид Оюу толгой дээр нэг, хоёрдугаар хоол хамаагүй, хамгийн түрүүнд бид дисертээ л идэх ёстой гэж зүтгээд байх юм. Төслийг улсын төсөвт шууд болон шууд бусаар өгч буй өгөөжүүдийг бодитоор харах, мэдрэх хэрэгтэй л дээ. “Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” нэгдэл өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт ямар өгөөж өгсөн талаар саяхан судалгаа хийсэн байна. Тэгэхэд эдгээр том үйлдвэрүүдийн Монгол Улсын эдийн засагт өгсөн нийт мөнгөний 90 гаруй хувь нь татвар, 10 хувь нь л ноогдол ашиг байж. Хэрвээ андуураагүй бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс 34 хувьдаа ногдох ашгаа 2021 оноос авч эхлэх шиг санаж байна. Одоо бидний өмнө Оюу толгой төслийг хөдөлгөөд жил бүр татвар болон бусад өгөөжийг нь хүртээд явах уу, өнөөдрөөс хойш зургаан жилийн дараа авах ноогдол ашгаа хүлээгээд суух уу гэдэг хоёр сонголт байна. Нэгдэхийг нь сонговол ноогдол ашгийг хуваах 2021 он хүртлээ жил бүр 90 хувийн өгөөжийг татвараар хүртэнэ. Хоёр дахийг нь сонговол зургаан жилийн дараа Оюу толгойн нийт өгөөжийн 10 хувьтай тэнцэх ашиг авна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 90 хувийн татварын өгөөж, зургаан жилийн дараахь нэг удаагийн 10 хувийн ноогдол ашиг гэсэн хоёр сонголт бидний өмнө байна. Үүнээс гадна төслийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн шууд бус өгөөжийг энд тоочиж барахгүй. Тэгэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж одоо авах зээл нь компани дээр ирж байгаа учраас энэ нь ноогдол ашиг хуваах гэрээнд заасан хугацаанд яаж нөлөөлж байгааг ярилцаж ойлголцох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

-УИХ-ын зарим гишүүд төслийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зурлаа хэмээн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байна…

-Санаачилгыг бүрэн эрхийнхээ хүрээд бусад гишүүд гаргаж байгаа ч, Ерөнхий сайдаа огцруулах, үгүй нь хамгийн олон суудалтай АН-ын л асуудал. Ер нь бид ойлголтоо нэгтгэж, хэн нь хаана байх ёстой, хэзээд нь дуугарахаа мэддэг баймаар байна. Зэс, нүүрс ганц Монголд байдаг юм биш. Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгож байгаа бол одоо дотооддоо ойлголцоод урагшаа явдаг цаг. Түүнээс бус, хэрэлдэж, талцаж маргаж байран дээрээ хий эргэдэг цаг үе ерөөсөө биш. Биднийг тойрсон өрсөлдөгчид маань биднээс хамаагүй хол явчихлаа. Аягүй бол бид баялгаа дэлхийн зах зээлийн үнээр нь худалдах зах зээлгүй, тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд хамгийн ойрхон байрлалтай л улс болж хоцрох нь. УИХ бол бодлого тодорхойлдог болохоос тодорхойлсон бодлогоо өөрсдөө зуурдаг бүтэц ерөөсөө биш. Энийгээ мэдэж байгаа бол улстөрчид аж ахуйн ажилд оролцдогоо л болих хэрэгтэй. Монгол Улс парламентын засаглалтай. Засгийн газар нь Засгийн газрынхаа ажлыг хийгээд явах ёстой. Аж ахуйн шинжтэй бүх ажлыг УИХ нь хийгээд, хийх гэж өөр дээрээ татаж авчраад байж болохгүй. Бид нэг үе “давхар дээл”-ээс болоод УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг боллоо гэж баахан шүүмжилсэн. Тэгвэл өнөөдөр УИХ нь Засгийн газраа УИХ-ын Тамгын газар шигээ ажиллуулах гээд байна. УИХ, Засгийн газрын харилцан хяналт, тэнцвэрт байдал, баланс алдагдаж УИХ тал руугаа хэт хэлбийчихлээ. Засгийн газар бол АН-ын, зарим улстөрчдийн сонгуулийн PR-ын баг биш шүү дээ. Сонгууль дөхсөн нэрийдлээр хувийн ашиг хонжоо хайж улс орныхоо ирээдүйг барьцаанд тавьсан богино зайн улстөр хийж болохгүй.

-Ерөнхий сайдыг огцруулна гээд байгааг юу гэж харж байгаа юм бэ?

-Уг нь Оюу толгой дээр болж байгаа үйл явдал бол УИХ битгий хэл, Засгийн газар оролцох шаардлагагүй асуудал. Яах вэ, шийдэл гаргах гэсэн байх л даа. Гэхдээкомпани хоорондоо шийдээд явчих асуудлыг Ерөнхий сайд Засгийн газар дээрээ авчирсан, гарын үсэг зурах үйл явдалд Ерөнхий сайд өөрөө оролцсон нь асуудлыг улстөр болгочих шиг боллоо. Түүнээс бус, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль ном, баримт бичгээ харвал эрдэс баялгийн салбарт төр өөрийн оролцох оролцоогоо маш тодорхой болгочихсон. УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Төр цаашид эрдэс баялгийн салбарт ямар хэлбэрээр орж, ямар хэлбэрээр зохицуулалт хийх вэ гэдгийг тэнд зохицуулж өгсөн. Төр тодорхой хяналтуудаа тавьж, байгаль орчны стандартуудаа шахна. Хяналт, стандарт, лиценз-лиценз, стандарт, хяналт гэсэн хүрээнд л төр оролцоно. Харин уурхайн үйл ажиллагаанд шууд оролцож операторын үйл ажиллагаа явуулах эрх төрд болохгүй. Гэтэл Оюу толгой, Таван толгойн өмнө нь хийж байсан, одоо явж байгаа хэлэлцээрээр бол эдгээр төслийн менежментийг хэн хийх вэ гэдэг маргаан яваад байгаа. Тэр маргаанд төр оролцох эрхгүй байхад л зарим УИХ-ын гишүүд маань өөрсдийнхөө тодрох талбар болгочихоод байгаа юм. Гэтэл цөөхөн хүн тэгж тодорсны, уул уурхайн салбарыг хэт улс төржүүлснийхээ горыг улсаарааамсч байгаа.

-Таван толгой төсөл Оюу толгойгоосоо бараг түрүүлээд хөдөлчих юм яриад байсан одоо болтол шийдэж чадсангүй. Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг л хүлээж байх шиг?

-Асуудлыг УИХ-аархэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн, өмнө нь байгаагүй жишиг болсон. Одоогоор ажлын хэсгийн нэгдсэнбайр суурь, дүгнэлт гараагүй байна. Тийм байхад гишүүд нь тус тусдаа өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх, ажлын хэсгийн ахлагч нь аль нэгэн бүлэглэлийн сонирхлыг ажлын хэсгийн дүгнэлт мэт илэрхийлэх нь буруу гэж бодож байгаа. Энд Таван толгойн төслөөс гадна монгол төрийн институциудын хил хязгаар, ажил яаж явдаг процедурын дэг жаяг давхар байгааг бодох хэрэгтэй. Ерөнхийдөө л УИХ нь Засгийн газрын эрх мэдлийг булаацалдсан, Таван толгой төслийг хойшлуулах, бүдэгрүүлэх бүлэглэлийн улстөр л энд яваад байгаа.

-Ер нь Таван толгой төслийн өгөөжийг та яаж харж байгаа вэ?

-Уул уурхайн төслүүдэд улс төрийн гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн, бизнесийн төслүүд байгаасай л хүсч байна. Хэрвээ эдийн засгийн, бизнесийн төслүүд байж чадвал Монгол Улсад, монголчуудад өгөөжөө өгнө. Жишээлбэл, Оюутолгой төсөл хөдөлснөөр тус төсөлд хийсэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь бусад салбарын хоёр ам.долларын хөрөнгө оруулалт болдог. Уул уурхайн салбарын үр өгөөжийг зөв тооцож, бусад орны тоглодог, хүлээн зөвшөөрдөг тоглоомын дүрмээр тоглох учиртай. Таван толгойн төсөл яг тийм юм. Яагаад гэвэл би Таван толгойн гэрээний заалтуудыг бүгдийг нь уншсан. “Эрдэнэс Таван толгой” дангаараа явбал манайд ямар ашигтай, Энержи ресурс, Шинхуа, Сумитомо консерциумын төсөл нь ямар ашигтайг харьцуулж үзсэн. “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийг хүртэл алдагдалтай явсаар ирлээ. 1072 ширхэг хувьцаа амь орох ямар ч боломжгүй болчихлоо. 1072 ширхэг хувьцааг энэ компанийн алдагдалд хуваахаар бид ашиг олох бус харин ч эсрэгээрээ нэг хувьцаанд 400-500 мянган төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл байдалд хүрчихээд байна. Бид нүүрсний салбарт экспортлогч орон байх юм бол нэг цонхны бодлого явуулж, яавал Монгол Улсын нүүрс бусад орны нүүрстэй өрсөлдөх чадвартай болох вэ гэдгийг ярих ёстой. Түүнээс биш, хэн төмөр зам тавих, хэн уурхайг олборлож эзэмших нь тийм ч сонин биш. Эргээд гурван сая монголчууд нүүрсний экспортоос ямар өгөөж хүртэх вэ гэдэг л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой дээр шийдэл, сонголтын аль аль нь хамгийн зөв байх ёстой. Хэрвээ зөв сонголт, шийдлээ олж чадвал улсаараа, монгол хүн бүр хожно.

-Таван толгойн төсөл яваад эхэлбэл хичнээн ажлын байр шинээр бий болох юм. Эдийн засгийн өгөөж нь ямар байх юм. Туслан гүйцэтгэгч хичнээн компани бий болох бол?

-Хэрэв энэ консерциумтай хамтран ажиллах юм бол нүүрснээс экспортын 4.5 тэрбум ам.долларын орлого олно. Харин Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ явбал нүүрсний экспортоос таван жилд 990 сая ам.доллар олох юм. Тав дахин их орлого олох асуудал яригдаж байгаа биз. “Эрдэнэс Таван толгой” дангаараа ажиллах юм бол таван жилд 500 сая ам.долларын алдагдалд орно, харин консерциумтай ажиллавал зөвхөн нүүрсний хамтын ажиллагааны төлбөрөөс 108 сая ам.доллар олно. Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ үргэлжилбэл ирэх таван жилд улсын төсөвт 167 сая ам.долларын орлого орно. Консерциумаар явбал таван жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого олохоор байна. Эрдэнэс Таван толгой уурхайг олборловол таван жилд 36 сая тонн нүүрс олборлоно, консерциум бол 117 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Консерциум ажлаа явуулбал жилд татвар хэлбэрээр нүүрсний үнээс шалтгаалан 200-500 сая ам.долларын орлого олж, найман мянган монгол хүн ажлын байртай болно. Энэ бүтээн байгуулалтын үед дотоодын 2000 аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллана. Ийм ийм бодит өгөөжүүдийг нь ярих ёстой. Хараад ашигтай гэснээ сонгоод стандартаа мөрдүүлж, шаардлагаа тавьж, гэрээнд заасан татвар хураамжаа аваад суух нь төрийн гол ажил.

-Чалкогийн өр юу болж байнаа?

-Одоо 130 орчим сая долларын үлдэгдэлтэй байгаа. Уурхай хөдлөхгүй ингээд зогсвол бидний өр нэмэгдээд байна, хүүтэй зээл учраас. Өдөр бүр хүү нь яваад байна гэсэн үг. Оюу толгойн 34 хувь чинь бас хүүтэй зээлд явсан хувь. Манайхан гурван жил хэрэлдэхэд зөвхөн хүүгийн зардалд 300 сая ам.долларыг ард түмэн төлөхөөр болчихож байгаа юм. Тэгэхээр энэ маш үнэтэй хэрүүл болж байгаа биз. Таван толгойн цахилгаан станцаа бариад Оюу толгой компанид эрчим хүчээ өгсөн бол жил бүр 100 сая ам.долларын орлого олох байлаа. Монгол Улс энэ мэт бүх боломжуудаа алдсаар байна. Хэрүүлийг нь хэдэн улстөрчид хийгээд, хүүгийн төлбөрийг нь ард түмэн төлж байгаа нь шударга бус л даа.

-Оюу толгой ч ингээд явчих байх. Таван толгойгоо шийдээд энэ хоёр төсөлзэрэг хөдөлбөл эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлнэ гэж харж байгаа вэ, та?

-Ер нь хүн бүрийн хүсэл “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх шүү дээ. Өнөөдөр Монголын эдийн засагт төлбөрийн баланс алдагдсан. Төлбөрийн баланс алдагдсан гэдэг нь валютын эх үүсвэргүй болчихсон гэсэн үг. Валютыг дөрвөн эх үүсвэрээс олдог. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалт. Хамгийн ихдээ 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт ордог байсан эх үүсвэр байхгүй болчихлоо. Энэ оны эхний улирлын байдлаас харахад гаднын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болчихоод байна. Хоёрдугаарт, экспорт байдаг. Бидний гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ буураагүй ч үнэ нь хоёр дахин багасчихсан. Манай экспортын голлох бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурч байгаа нь бидний өрсөлдөх чадвар буурч байна гэсэн үг. Өнгөрөгч дөрвөн жилд тээвэр ложистикоо шийдэж чадаагүйн улмаас Чингэс бондын хэмжээтэй 1.5 тэрбум ам.долларыг бид алдсан.

Гуравдугаарт, тодорхой хэмжээний алт олборлож валютын нөөцөө хангадаг бол дөрөвдүгээрт, зээл авах зам үлддэг. Манай улс энэ дөрвөөс л валютын нөөцөө бүрдүүлдэг. Гэтэл одоо валютын ганц эх үүсвэр нь зээл тусламж гээд ярьж байна. Бид бүх валютын хэрэгцээгээ дандаа зээлээр хангаад байж болохгүй. Тэр бол дампуурал руугаа явж байгаатай адил. Харин “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх нь хөгжил рүүгээ явж байгаа хэрэг юм. Ганцаараа бол хурдан, олуулаа бол илүү хол явна гэдэг биз дээ. Монгол Улсын эдийн засгийг тэтгэх төслүүд олон байх тусмаа л бид хурдан хөгжинө. 17.5 хувийн өсөлттэй үед эдийн засаг зөв явж, иргэдийн санаа сэтгэл ч өөдрөг байсан. Ард түмний нүд илт сэргэж ингээд л удахгүй Араб болох нь гэж байтал сонгуулийн дараа Африк болгоод хаячихсан. Өнөөдөр бид байгаа байгалийн баялаг, нөөц, ойрхон зах зээлээ тэдгээрийг ашиглаж чадаагүй алдсан цаг хугацаатайгаа харьцуул бал аль хэдийнэ Африк болж эхэлсэн. Африкийн орнууд шиг болно гэдэг нь тэдэн шиг туйлдаа хүртэл ядуурснаар шинж тэмдэг нь илэрдэг юм биш. Тэдний ядуурсан, баялгаа буруу ашиглах зам, схемд орж эхэлснээр илэрдэг юм. Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюу толгойн далд уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Тавантолгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо. Эндээс, энэ хоёр толгойг хөдөлгөх үгүйгээс хамаараад бид өнөөдөр нэг бол Араб шиг хөгжих, эсвэл Африкийн орнуудын замаар орох гэсэн хоёр сонголтын өмнө зогсч байна.

-Манай эдийн засагчид болон улс төрчид “Стэнд бай” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Хэрвээ ойрын хугацаанд Оюу толгой, Таван толгой хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй.

-Хоёр толгой явчихвал…

-Валютын эх үүсвэрүүд ороод ирнэ. Хоёр төслөө даруйхан хөдөлгөчихвөл энэ ондоо гэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, нэг тэрбум ам.долларын татварын орлогууд орж ирнэ. Энэ байдлаар өгөөжүүдээ шууд хүртээд эхэлбэл Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах шаардлагагүй болно. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг хоёр том төсөл л шийдэх юм. Хоёр толгойн төсөл хөдлөхгүй нь нэгэнт тодорхой болчихвол цаг алдалгүй энэ хөтөлбөрийг авах ёстой. Өөр зам байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: Таван толгойн асуудлыг шийдэхгүй бол нүүрсний экспорт нам зогсоно

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институцийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад ньборлуулалтаа бараг зог­соосон. Үүнд га­даад зах зээлээс өөр нөлөө­лөл бий юу, жишээ нь биднээс шалтгаалах гэм…?

-Нүүрсний зах зээл уналтын хувьд доод цэгтээ хүрчихлээ л дээ. Үүнээс доошлох боломж байхгүй. Ихэнх уурхай зогсонги бай­далд орсонд биднээс шалтгаалах, шалтгаалахгүй аль аль талын нөлөө байна. Нэгдүгээрт Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт бага байгаа учраас үнэ нь унасан. Биднээс нөлөөлсөн шалтгаан ч бий. Нүүрсний өрсөлдөх чадвар гэж алга. Өртөг зардал өндөр, тээврийн систем нь гажуудалтай. Зөвхөн авто тээврээр тээдэг. Авто тээвэр нь шороон замаар явдаг. Байгальд сөрөг нөлөөтэй. Үүнээс болж нүүрсний тээ­вэр зогсонги байдалд орчих­лоо. Хятадын зах зээл дээр Австралиас гаднаЗүүн өмнөд Азийн орнууд болох Филлипин, Индо­нези, Вьетнам далайгаар нүүрс ний­лүүлдэг. Далайн тээвэр авто тээврээс олон дахин хямд өртөгтэй учраас тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ ямар зүйл хоёр талтай. Бидэнд далайд гарцгүй, үнэтэй тээв­рийн системтэй зэрэг муу тал байгаа ч Хятадтай асар өргөн уудам нутгаар хил залгаагэсэн давуу тал бий. Ялангуяа Хятадын хойд нутгуудад нүүрсээ экспортолж борлуулах бололцоотой. Коксжих нүүрс авдаг Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн тодорхой хэсэг нь хойд талдаа бий. Тэгэхээр бидэнтэй ойр зах зээлд эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг. Зөвхөн энэ хэс­гээ хангаад явахад болохгүй юмгүй. Ер нь манай нүүрсийг урд хөршийнхөн урагшаа,далайн эрэгхавийн үйлдвэрүүд рүүгээ зөөж хэрэг­лэдэг л дээ. Хятад бол нүүрсээ нийлүүлдэг гол зах зээл маань. Энэ зах зээлийн өрсөлдөөнд улсаа гол тоглогч болгох тал дээр төрийн бод­логоор анхаарсан зүйл алга. Наад захын жишээ гэхэд төмөр замгүй учраас л нүүрсний зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байна гэж өчнөөн жил ярьсан хэрнээ өнөөдрийг хүртэл төмөр замаа шийдээгүй байна.

-Таван толгойн хэлэл­цээрт оролцсон “Шинхуа” мөнгөө гаргаад төмөр зам бариад өгье гэж дуугарсан. Манайд бол боломжийн санал шиг санагдсан?

-Улстөрчид Таван толгойг улстөржүүлээд алийг нь алдуулж байна л даа. Миний ойлгож байгаагаар хоёр тал болчихоод үзээд байх шиг байна. Аль алинд нь харууштай, үзүүштэй, бодмоор зүйл байгаа юм. Миний хувьд яг бодит амьдрал дээр энэ асуудлыг яавал дээр вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд саналаа хэлье. Нэг хэсэг нь Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” хоёртой хамтраад Таван толгой дээр ажиллая гэж байна.

Амьдралд нэлээд бодитой буухаар боломжийн хувилбар. Гэтэл нөгөө тал нь Хятадын компанид өгөх шаардлагагүй, монголчууд чадна гэж байгаа. Яг олборлолт, ашиглалтын хувьд, техник, технологийн тухайд гэж яривал боломжтой. Монголчууд дангаараа олборлож чадна. “Шинхуа”-тай хамтардгийн учир нь нүүрсний борлуулалт байгаа юм. Дангаараа олборлочихоод нүүрсээ хэнд борлуулах вэ гэхээр асуудал хүндэрдэг.Цаашид дангаараа олборлож, борлуулаад явна гэвэл нэг бол авахгүй, эсвэл үнээ буулга гэсэн хэцүү байдал үргэлжилнэ. Өнөөдөр тийм байгаа шүү дээ. Бодит байдал ийм учраас хэсэг улснь “Шинхуа”-тай хамтрахаас аргагүй гээд байгаа юм.Нүүрсийг олборлох тийм хэцүү биш. Тэр дундаа Таван толгой шиг уул геологийн нөхцөл нь сайхан тогтоцтой орд дээр захын уулын инженер хүн ажиллах боломжтой. Нүүрсээ яаж борлуулах вэ гэдэгасуудал нүүрсний олборлолт, экспортын асуудлын 50 хувь нь. Энэ 50 хувь дээр хүссэн ч эс хүссэн ч гол зах зээл болсон Хятадын том компанитай хамтрахаас аргагүй.

-“Сумитомо” ямар хэрэгтэй юм гэх улс ч байна?

-“Сумитомо” их хэрэгтэй. Эхний ээлжинд Хятадын зах зээл дээр гарч нүүрсээ борлуулах асуудал чухал байгаа. Цаашдаа дэлхийн зах зээл дээр, гуравдагч орон руу нүүрсээ экспортолж таарна. Солонгос, Японы зах зээлд гарахад“Сумитомо”-гийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Ийм шалтгаанаар хамтаръя гээд байгаа юм. Ашиг орлого хуваах гэдэгтээ бус, нүүрсээ гадагшаа гаргахын тулд хүссэн хүсээгүй эдэнтэй холбогдохгүй, хамтрахгүй бол ажил явахгүй гэдгийг бодит байдал харуулж байна.“Чинхуа”-тай хамтардаг “МАК” компанийн нүүрснийэкспортхүртэл явахгүй байна шүү дээ.

-“Шинхуа”-тай хамтарснаар бидэнд яг ямар давуу тал үүсэх вэ?

-“Шинхуа”-гийн хувьд өөрийн гэсэн төмөр замтай гэсэн том давуу тал бий. Хятаддаа нүүрс олборлолтоор номер нэг компани. Дэлхийд гэж яригдана. “Шинхуа”-г Монголд ирж алт, жоншин дээр ажилладаг, майханд шахуу амьдраад явдаг Хятадын жижиг компаниуд шиг төсөөлөх аргагүй. “Шинхуа” бол дэлхийд танигдсан, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, компанийн засаглалаараа дээгүүрт ордог том компани. Ийм том компанитай хамтрах нь аль ч талаас нь бодсон зөв шийдэл. Монголын уул уурхайн салбар 90 гаруй жил болж байгаа ч сүүлийн 20 жилийн дотор л олон улсын жишиг рүү ойртлоо. Аюулгүй ажиллагаа, ил тод байдал, орчин үеийн техник технологи энэ хугацаанд л гарч ирсэн. Уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татсан учраас ийм дэвшил гарсан хэрэг. Дэлхийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татсан нь онцгой нөлөө үзүүлсэн. “Оюу толгой” компани менежмэнт, зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга бат гээд бүх зүйлээрээ үлгэр болж байна. Том компани том төсөл хэрэгжүүлээд эхлэхээр туслан гүйцэтгэх үйл ажиллагаа гэж том өгөөж гарч ирдэг. Оюу толгой төсөлд гэхэд л Монголын өчнөөн компани оролцож, санхүүжилт авч ажиллаж байна. Өчнөөн мянган хүн ажлын байртай болж байна. Ийм өгөөжцаашдаа Таван толгой төсөл дээр ч гарч ирнэ. Хамгийн гол нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай хамтарч, энэ төслийг дэлхийн стандартаар хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ер нь Таван толгойг Монголд ашигтай төсөл байлгахын тулд яах ёстой гэж та боддог вэ. Мэргэжлийн хүний хувьд санал болгохоор тодорхой шийдлүүд бий байх?

-Техник технологийн хувьд хэлэх санал бий. Таван толгойн орд дээр тасралтгүй циклийн ажиллагаагаар явдаг том экскаватор авчирч ажиллуулаасай гэж боддог. Монголоор бол олон шанагат экскаватор л даа. Герман нүүрсээр тэргүүлж байх үедээ ийм техникийг олноор нь ашигладаг байсан юм. Мундаг гэдэг нь нотлогдсон эд. Таван толгой шиг тэгш тал газарт ямар ч асуудалгүй ажиллана.

-Ийм экскаватор ажиллуулбал одоо ажиллаж байгаадизелиэр ажилладаг техникүүд халагдаж таарна. Таны яриад байгаа техник юугаар ажиллах вэ?

-Цахилгаанаар ажиллана. Зардал эрс багасна гэсэн үг. Таван толгойг хамгийн бага зардлаар үр ашигтай ажиллуулах боломж. Гэхдээ ингэхийн тулдтэнд эрчим хүчний эх үүсвэр байх ёстой. Таван толгойн цахилгаан станц гэж өчнөөн ярьдаг хэрнээбодитой ажил хийгдэлгүй өдий хүрлээ. Хамгийн түрүүнд цахилгаан станц барих хэрэгтэй. Нүүрс нь хаяандаа, дэргэд нь шахуу Оюу толгой гэж бэлэн зах зээл, эрэлт нь байна. Оюу толгой жилдээ сая КВт/цаг эрчим хүч хэрэглэдэг. Хятадаас авч байгаа энэ эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлээд борлуулах боломж бидэнд бий.

-Таван толгойн нүүрсний талаас илүү хувь нь эрчим хүчнийх гэдэг байх аа. Одоо бол ямар ч үнэгүй эд байна?

-Жаран хувь нь эрчим хүчнийх гэдэг. Жаран хувийг нь эзэлж байгаа эрчим хүчний нүүрсээ ингээд овоолоод л байх уу гэдгээ бодох цаг ирсэн. Нүүрсийг удаан хугацаанд овоолоод байвал шатдаг. Өөрийн шаталт гэж явагддаг юм. Хэнд ч хэрэггүй нүүрс болно гэсэн үг. Коксжих нүүрсээ экспортолно гэхээс илүү эрчим хүчний нүүрсээ яаж мөнгө болгохоо бодох ёстой. Цахилгаан станцтай болчихвол Таван толгойн эрчим хүчний нүүрс мөнгө болж эхэлнэ. Эрчим хүчний эх үүсвэртэй болбол олон шанагат экскаватор ажиллуулахбололцоо гарч ирнэ. Олон шанагат экскаватортой болчихвол нүүрс зөөдөг тээврийн систем нь тасралтгүй ажиллах ёстой.

-Таны яриад байгаа экскаватор тасралтгүй ажилладаг техник үү?

-Тэгнэ. Дээд талд нь хөрс хуулалтын ажил явагдана. Доод талд нь шууд олборлолт хийгдэнэ. Тэгээд эцсийн шатандаа конвероор дамжиж вагонд ачигдана. Герман, Польш нүүрсний уурхай ихтэй. Тэнд дандаа ийм экскаватор ашигладаг. Олон машин хөлхөхгүй, тоос шороо гэсэн ойлголт байхгүй. Бүхэл бүтэн нүүрсний том үйлдвэрлэл явагддаг гээд ойлгочихож болно. Техникийн ийм шинэчлэл хийхээр их хэмжээний нүүрс тасралтгүй тээвэрлэх хэрэг гарч таарна. Ингээд бодохоор төмөр замын тээвэр гарцаагүй хэрэгтэй болчихож байгаа юм. Төр нарийн царигийн төмөр зам барих ёстой гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо ажлаа явуулмаар байна. Төмөр зам барих байгууллагаа цаг алдахгүй сонгох хэрэгтэй. Хятадуудаар хийлгэхгүй, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хийнэ гэж маргаж цаг авах шаардлагагүй. Цаг алдалгүй аль нэгээр нь хийлгэмээр байгаа юм. Төмөр замтай болчихвол жилд Таван толгойгоос 30-50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Төмөр зам, олон шанагат экскаватор гэсэн хослолыг хийж чадвалмонгол нүүрсний өөрийн өртөг эрс буурна. Өрсөлдөх чадвар маань тэр хэрээр дээшилнэ гэсэн үг.

-Нүүрсний салбарынхан дэлхийн зах зээл дээр өрсөлдөгчидтэйгөө цэвэр дүрмээр тоглож байгаа ганц нь“Энержи ресурс” гэж ярьдаг. “Сумитомо”, “Шинхуа”, “Энержи ресурс” бол хамгийн зөв хослол гэсэн байр суурьтай та санал нэгдэх үү?

-“Энержи ресурс”-ыг муу хэлэх аргагүй. Хувийн хэвшлийн уурхайнууд төрийн өмчтэй компаниудаас хавьгүй илүү гэдэг нь тодорхой. Маш олон зүйлээр илүү. Өртөгзардал хэмнэж байгаагаас эхлээд маневр, мэдрэмж, хурд гээд бүх л талаараа төрийн өмчийн компанийг дагуулахгүй. Төрийн өмчийн компанид нэг том зовлон бий. Манайх шиг аж ахуй, эдийн засаг руугаа улс төр нь хутгалддаг оронд ийм компани ашигтай ажиллахад хэцүү. Компанийн захирал нь гэхэд л эрх барьсан аль нэг нам нь сонгож томилдог учраас тогтворгүй. Нэг нөхөр томилогдоод ажилдаа зүгшрээд явж байтал дараагийн сонгууль болж солигддог. Байнгын халаа сэлгээтэй, энэний хүн, тэрний хүн гэж хөлөө жийлцсэн нөхцөлд хамт олон яаж бүрдэх вэ дээ. Менежмэнт нь сайн байх аргагүй. Хувийн компани менежмэнтийг нь аваад явбал ядаж л улс төрийн оролцоо багасна. Таван толгойн орд дээр хоёр уурхай ажиллаад нэлээд хэдэн жил болчихлоо. “Энержи ресурс” компанийн уурхай цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ барьчихсан. Засмал замаа тавьчихсан. Ажилчдын орон сууц, сургууль гээд нийгмийн дэд бүтцээ ч хангалттай хэмжээнд шийдсэн. Гэтэл дэргэд нь ажилладаг “Эрдэнэс Таван толгой”-дбаяжуулах үйлдвэр, засмал зам аль аль нь байхгүй. Ялгааг нь ингээд харчихаж болно. Тийм учраас Таван толгойн менежмэнтийг хувийн хэвшилд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Төрийнхөөр байлгана гэж зүтгэвэл улс төр огт оролцохгүй бүтэц, зохион байгуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

– УИХ Таван толгойн асуудлыг шийдэхгүйгээр сонгууль хүргэчихвэл яах бол, нүүрсний зах зээлд учрах эрсдлийг нь та юу гэж харж байна?

-Нүүрсний салбарт экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажил нам зогсоно. Манай бусад компаниудын нүүрсийг авахыг хориглож мэдэх эрсдэл байгаа. Учир нь “Шинхуа” энэ хэмжээний нөлөө үзүүлж чадахаар том компани. Тэгэхээр нүүрсний гол зах зээл болсон улсынхаа том компанитай ингэж харьцана гэдэг зөв биш. Маш том алдаа хийж байгаа хэрэг л дээ. Бусад хөрөнгө оруулагчдад“Монгол найдваргүй, Рио, Шинхуа хоёрыг хавьтуулахгүй байгаа улстай мань яаж харилцах вэ” гэсэн буруу дохио өгчихөж байгаа юм.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Наадмын хүндэтгэлийн тоглолтыг олон түмэнд зориулж Чингэсийн талбайд хийнэ

Үндэсний их баяр наад­мын төрийн хүндэтгэлийн концертын Ерөнхий найруулагчаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажил­лаж байна. Өнөө жил наадмын хүндэтгэлийн тоглолтыг ямар хөтөл­бөрөөр бэлтгэж байгаа талаар түүнтэй ярилцлаа.

-Энэ жил Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн кон­церт ямархуу болох бол.Хөтөлбөрийг нь сонир­хуулахгүй юу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолтыг би өмнө нь 2012 онд нэг найруулж байсан юм. Ер нь жилийн жилд Төрийн хүндэтгэлийн концертыг УИХ-ын 76 гишүүн, яам тамгын газруудын удирдах хэдэн хүмүүс, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан, тэдний гэр бүлийнхэн гэсэн ийм л хэдэн хүнд үзүүлдэг, ерөнхийдөө тэр хэдхэн хүнд зориулагдсан маягаар Соёлын төв өргөөнд хийж ирсэн буруу жишиг бий. Тэр жишгийг анх удаа эвдээд, Чингэсийн талбайд задгай тайз засаад, долдугаар сарын 10-ны орой 21.00 цагт олон түмэнд хүргэхээр төлөвлөөд байна. Энэ маань наадмын комиссоор бараг шийдчих болов уу. Гадаа талбайд хийх учраас 5000-8000 хүний суудал засна. Үүний 3000 суудал нь гадаадын жуулчид, төрийн өндөрлөгүүд, бусад зочдынх байна. Үлдсэн 5000 суудал нь наадамчин олон түмэнд зориулагдаж байна. Тоглолтыг нэг цаг 40 минут байхаар бодож хөтөлбөр хийсэн.

Хөтөлбөртөө ч өөрчлөлт орууллаа. Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт бол Монголын ард түмэнд зориулсан тоглолт учраас ард түмний сайн мэддэг хайртай бүтээлүүдийг нь үзүүлж сонсгохыг хичээж байна. Мөн гадаадын жуулчид олноор ирж үздэг учраас тэдний сонирхлыг ихээр татдаг Монголын соёлын үндэсний хэв шинжийг илүү тод томруун харуулсан номеруудыг багтаасан байгаа. Морин хуур, уртын дуу, ардын дуу, бий биелгээ, хөөмийн гээд үндэсний урлагийнхаа уламжлалт хэв шинжийг түлхүү шингээж хөтөлбөрөө гаргалаа. Мэдээж, оюуны соёлын­хоо орчин цагийн ололтууд, хэв маяг хэлбэр төрлүүдийг мөн оруулж бай­на. Жишээ нь, Билэгийн Дамдин­сүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол байна. Энэ бүтээлийг монголчууд бүгдээрээ мэддэг, сонсох дуртай хөгжим нь. Н.Жанцанноров гуайн морин хуурт зориулсан “Монгол аялгуу” зохиол, Л.Мөрдорж гуай, Д.Сэнгээ нарын “Эх орон” дуу байна. Ямар ч монгол хүн аяыг нь сонсоод л дагаад дуулж байдаг дуу юм. Өнөө жилийн Наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Монгол эх орноо магтан дуулсан, ард түмний ахуй соёл, нутаг ус, байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдлэх үзэл, сэтгэлгээгээ шингээсэн тоглолт болно. Сонгодог бүтээлүүд мэдээжорж ирнэ. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын алдартай дуучид, тухайлбал, олон улсын томоохон тэмцээ­нүүдээс гавьяа шагнал авсан Э.Амартүвшин, Хүрэлбаатар гэхчлэн дуучид маань Мон­голынхоо хөгжмийн зохиолч­дын сонгодог дуу, романсуудаас дуулна. Ингээд Чингэс хааны талбай дээрээ ирсэн үзэгч түмэн Монгол эх орноороо бахархах, бүтээсэн өв соёлоороо бахархах сэт­гэлийн баяр цэнгэлийг бодож ерөн­хий хөтөлбөрөө гаргалаа. Гадаа хийж байгаа болохоор нүсэр хэмжээний тайз, гэрэл­түүлэг, дуугаралтын аппаратур хэрэгтэй болж байгаа.

-Тоглолтын төсөв нь тодорхой болсон уу?

-Баримжааг нь сонсоход одоогоор 98 сая 650 мянган төгрөг юм байна. Үүнд тайз нь ороогүй, шинээр хийгдэх бүтээлүүдэд зориулагдаж байгаа. Жишээ нь, дөч гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шинээр тавигдаж байгаа бүжгүүд, симфони бүтээлүүд гэхчлэн томоохон хэмжээний шинэ бүтээлүүдэд зориулагдаж байгаа юм. Үүнийгээбас оройтуулчих вий гэж би үнэхээр айж байна. Төсөв мөнгийг нь эртхэн шийдэж өгөхгүйгээс болоод уран бүтээл­чид юмаа бэлтгэж амжих­гүй жил болгон асуудал үүсгэдэг байдал давтагдах вий гэж айж л байна. Ер нь жил жилийн наадмаар төсөв нь дандаа хоцорч ирдэг. Өнгөрсөн 2012 оны наадмаар долдугаар сарын 5-нд төсөв нь орж ирж байсан. Энэ жил арай ч ийм юм болохгүй байлгүй дээ гэж найдаж сууна. Энэ жилийн наадмын соёлын бүх арга хэмжээний продюсерээр “Модерн номадс” сүлжээний эзэн Есөнмөнх гэдэг залуу ажиллаж байгаа. Залуу хүн ажиллаж байгаа учраас арай хурдтай хүчтэй хөдөлчих болов уу гэж бодож байна шүү дээ.

-Наадмын комисс нь өөр­чилчихгүй бол их аятай­хан хөтөлбөр юм. Таныг өнгөрсөн 2012 онд бас найруулагчаар ажил­лахад санал болгосон хөтөлбөрийн тань бараг 60 хувийг хасчихсан гэж та ярьсан байсан. Ийм юм гарахгүй байгаа?

-Наадмын төв комиссыг удирдаж байгаа шадар сайд Хүрэлсүх соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүстулстөржсөн агуулгатай юмнаас маш хол байгаарай гэж захьсан байна лээ. Энэ нь надад их таатай санагдсан. Хөтөлбөр маань бүхэлдээ Монголын ард түмний түүх соёл, байгаль, нутаг усаа магтан дуулсан бүтээлүүдээс бүрдэж байгаа учраас дажгүй хөтөлбөр гарлаа гэж би бодож байгаа. Жишээ нь, “Миний ардын сэтгэл цагаан” гээд олон түмэн бүгд мэддэг сайхан дуу байна. Монгол ардын дуу “Хоёр сэтгэл” байна. ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Амгалан дуулах юм. Саяхан Авьяаслаг азиуд шоунд хоёрдугаар байрт шалгараад ирсэн манай “Хөсөгтөн” хамтлаг, Улсын Филармонийн дэргэдэх “Арга билэг”, “Домог” хамтлагуудын хамтарсан үндэсний хөгжмийн шилдэг номер байна. Ц.Сэвжид, Ц.Намсрайжав нарын “Адуучин залуус” гээд Монголын ард түмний брэнд бүжиг байх жишээтэй.

-Том хэлбэрийн шинэ бү­тээ­лүүд нэлээн оруулж ирж байгаа гэлээ. Тодруулахгүй юу?

– Ерөнхий найруулагчийн багт ажиллаж байгаа хүмүү­сийн дотор залуу хөгж­мийн зохиолчид голдуу ажиллаж байна. Эд нар бол Монголын хөгжмийн урлагт өөрсдийн байр сууриа эзэл­чихсэн, бүтээлүүд нь ард түмний танил болоод эхэлчихсэн, өмнө нь наад­мын хөтөлбөрт бүтээл нь тэр бүр орж байгаагүй залуучууд. Хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр “Баярын удирт­гал” гээд үндэсний их найрал хөгжимд зориулсан том удиртгал бичиж байгаа. Цэн-Эрдэнэбат “Хөх тэнгэрийн Монгол мину зэ” нэртэй томоохон найрал дуу бичиж байна. Үүгээр ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын найрал дуучид нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу шинээр гаргаж байна. Ш.Өлзийбаяр гээд энэ жил төрийн шагналд нэр дэвшиж байсан залуу бий дээ. Тэр залуу “Монгол орны хийморь мандан бадраг” гэсэн нэртэй симфони найрал хөгжимд зориулсан бүтээл шинээр хийж байна.

-Үндэсний болон симфони найрал хөгжмийн том хэмжээний бүтээлүүд сүүлийн олон жил улам ховордоод байгаа. Энэ жилийн наадмын хүндэт­гэлийн тоглолт ийм хэд хэдэн бүтээл төрүүлж байгаа ньюу юунаас ч илүү том баяр болох нь дээ?

-Ер нь төрийн концертууд дээр шинээр бүтээлүүд төр­дөг. Тэр уламжлалаа арай өргө­жүүлж байгаа гэх юм уу даа.

-Ц.Намсрайжав гуайн “Баярын жавхаа” симфони удиртгалыг дөчин жил эгшиглүүлсний эцэст Ш.Өлзийбаярын “Оргилуун удиртгал” гэж шинэ бүтээл гарч ирж, уржнангийн наад­маар тоглуулсан билүү?

-Тэгсэн. Уржнангийн наадмаар. Дахиад энэ бол бүр том хэмжээний зохиол орж ирж байна. Хоёр том найрал хөгжим буюу үндэсний болон симфони найрал хөгжим хамт сууж тоглох юм. Энэ жилийн наадамд миний шинээр оруулж ирж байгаа дөрвөн хөгжмийн зохиолчийн гурав дахь нь энэ. Дөрөв дэх нь Мягмарын Бирваа гэдэг залуу байна. Тэр бол монгол бүжгийн болон дан хөгжмийн гоцлолд зориулсан бүтээлүүдээрээ бас өөрийн гэсэн байр суурьтай залуу. Энэ залуу “Тэнгэрийн цагаан шонхор” нэртэй том хэмжээний бүж­гийн хөгжим бичиж байна. Ийм дөрвөн залуу хөгжмийн зохиолчийг шинэ бүтээлүүд бичиж өгөөч гэж урьсан. Тэд маань зөвшөөрөөд ажлаа эхэлчихсэн байгаа.

-М.Бирваагийн энэ наадмаар сонсгох шинэ бүтээл нь хөтөлбөрт бүж­гийн хөг­жим юм уу, зүгээр гоцлол, эсвэл чуул­бар маягийн бүжиг юм уу?

-“Салхит шувуу”, “Жороо нь жороо” гэдэг бүжгүүдийг нь хүмүүс байнга үзэж байна л даа. Энэ жилийн манай “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн хөгжмийг бас бичсэн шүү дээ. Энэ бол дуулалт жүжиг, гэхдээ дуурийн хэлбэр форм руу нэлээн хандсан жүжиг болсон. Энэ наадмаар үзүүлэх “Тэнгэрийн цагаан шонхор” нь том хэмжээний сюит бүжиг байх юм. Чуулбар. Энэ бол концертын бүжгийн томоохон хэлбэр болох сюит юм. Цар хүрээ, хөгжмийн форм хэлбэр нь томроод явчихаж байгаа юм л даа.

-Э.Чойдог, Ц.Намсрай­жав, Л.Мөрдорж гээд хууч­чуулын хөгжмөөс сонсгох уу. Жишээ нь, Монголын анхны симфони бичсэнээр нь Л.Мөрдорж гуайн “Миний эх орон” ч юм уу?

-Тэр талын бүтээлүүдээс энэ жил ховор оруулж байна. Л.Мөрдорж гуайн бүтээлээс харин “Эх орон” дууг нь эгшиг­лүүлнэ. Яагаав, өнгөрсөн 2012 онд нөгөө улстөржсөн нөхдийн хассан бүтээлүүдийн нэг л дээ. Л.Мөрдоржийн “Эх орон” гэдэг энэ дууг 2012 онд юу гэж ад үзэж байсан гээч. Энэ дууны үгэнд “үйлдвэр, уурхай” гэсэн үгс байхгүй байна. Одоо Монгол орон үйлдвэр уурхай хөгжсөн, аж үйлдвэржсэн том орон учраас тийм үг байхгүй дууг оруулахгүй ээ гээд хасч байсан. Нуугаад яахав дээ. Манай урлагийн хамгийн том алдартай хүмүүсийн нэг нь тэгж хэлээд Д.Лувсаншарав гуайн “Эх орон” гэдэг дуугаар сольж байсан юм. Л.Мөрдорж гуайн дуу бол “Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ. Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө” гэсэн монголчуудад тодорхой ийм л үгтэй дуу байдаг. Тиймээс би Л.Мөрдорж гуайн энэ дуугаар хүндэтгэлийн тоглолтыг хаая гэж төлөвлөөд явж байна. Энэ бол Монголын ард түмэн жирийн иргэнээсээ авахуулаад төрийн тэргүүн хүртлээ мэддэг, монгол нутаг орноороо бахархасан сайхан дуу. Э.Чойдог гуайн зохиолоос “Монгол мэндчилгээ” гэдэг бүжгийн хөгжим нь эгшиглэнэ. Э. Чойдог, Ц.Сэвжид нарын бүжиг шүү дээ. Жаран хүний бүрэлдэхүүнтэй бүжиг.

-Манай үндэстэн өөрс­дийн бүтээсэн жинхэнэ сонго­дог урлаг болох уртын дуугаанаадмаараа хамгийн түрүүнд эгшиглүүлэх нь мэдээж. Аргагүй бахархал төрүүлж байдаг энэ их өвөөс чухам ямар дууг нь сонгов?

-Монголчуудын төрт ёсны наадам учраас “Эрхэм төр” гэдэг уртын дууг сонгосон. Ер ньXIV, XV зууны үед зохиосон болов уу гэж үздэг. Эрдэмтдийн таамаглалаар, Батмөнх даян хаан бол монголчуудаа дөчин жил хөл хөсөр, гар газар амар жимэр амьдруулсан хаан гэж үздэг. Тэгэхээр тэр үед зохиогдсон байх магадлалтай гэж яригддаг юм. Тэр үед төр түмэн амгалан байсан учраас энэ дууны үг нь төр минь амгалан байснаар бид амгалан байх юм шүү гэсэн утгатай их том философитой дуу. Тиймээс энэ “Эрхэм төр” уртын дуугаар концертыг нээх нь зөв юм гэж үзсэн. Есөн дуучин дуулах юм.

-Дуу нь сайхан сонголт юм. Харин энэ “Эрхэм төр” уртын дууг дуулж ирсэн уламжлал нь ямар юм бэ. Наадмаар нэг нь гоцолж бусад нь түрэх юм уу. Уртын дуун дээр хэлэхэд, манайхан яагаад олноороо гарч ирээд дуулаад байдаг нь ер ойлгомжгүй байдаг л даа. Уртын дуу чинь угаасаа гоцлоочийн урлаг. Дуучны бие хүнийх нь давтагдашгүй онцлог илрэх тэр мөчөөс уртын дуу амилж дуурьсдаг урлаг шүү дээ?

-Төрт ёсны дуу гэдэг утгаараа “төрийн дууч” гэсэн хүмүүс байсан болов уу гэж таамагладаг юм байна лээ. Гэхдээ одоогоор тодорхой баримт байдаггүй. Би энд бэлгэдлийг бодож цагаан дээлтэй есөн дуучин оруулж ирье гэж төлөвлөсөн. Гэхдээ баргил хоолойтнуудыг авах сонирхол их байна.

-Бүжгийн тухайд, манай үндэстний л аж амьдралын нэг хэсэг юм чинь, ялангуяа итгэл үнэмшлийг нь илэр­хийлж байдаг багт бүжгийн төрлөөс үзүүлэх үү?

-Үзүүлнэ. Энэ жил ХалхынӨндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой тохиож бай­гаа. Ц.Нацагдорж гэж агуу хөгжмийн зохиолчийн “Нүүдэл” бүж­гэн жүжгийн доторх “Өндөр гэгээний залбирал” гэж бүжиг байдаг юм. Манай Баярбаатарын дэглэлт. Өндөр гэгээний дүрд манай гавьяат жүжигчин А.Даваахүү бүжиглэнэ. Хорин нэгэн дарь эхийнхээ хамт. Өөрөөр хэлбэл, энэ бол цамтай бүжиг. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь бахархал юм. Занабазарын бүтээсэн хорин нэгэн дарь эх тэргүүт баримлууд нь дэлхийн урлагт өөрийн байр сууриа эзэлсэн, дэлхийн үзэгчдийн сонирхлыг үргэлж татаж байдаг, яах аргагүй манай соёлын нэг бахархал учраас энэ бүжгийг оруулах нь зөв гэж үзсэн.

-Өнөө жил ямар ч байсан олон түмэнд нээлттэй, хүр­тээмжтэй болгож байгаа нь сай­хан хэрэг. Харин 21.00 цагт эхлэх нь оройтохгүй юу?

-Хуучны буруу жишгийг эвдэж байгаадаа ёстой харин баяртай байна. Энэ чинь Наадам учраас 10-ны өдрөөс эхлээд л хөл хөдөл­гөөн ихэс­чих­дэг. Монголчуудын төрт ёсны Хүндэтгэлийн концерт учраас олон түмэн их сонирх­дог. Тэгэхээр цаг оройтохгүй байх аа.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Уулын дугуйн бартаат замын анхны тэмцээнд Н.Алтансүх түрүүллээ

Уулын дугуйн бартаат замын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянгийн даваанд боллоо. Дугуйн спортынхон тэмцээн уралдаан зохиодог хэдий ч уулнаас бартаат замаар буудгийг урьд өмнө зохиож байгаагүй гэнэ. Тиймээс Монголын хамгийн анхны “Downhill” төрлийн уулын дугуйн уралдаан боллоо гэж зохион байгуулагчид ярьж байв. Тэмцээн даунхилл, эндюро, хардтэйл гэсэн гурван ангиллаар болж нийт 25 тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Тамирчид 3.5 км бартаат замаар хурдалж, хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулав. Уралдааны гарааны цэг дээр эмнэлгийн машин байрлаж тамирчдад анхан шатны үзлэг хийж байлаа. Зориулалтын хамгаалалтын малгай, бээлий, хүзүүвч, өвдөг тохойн хамгаалалттай тамирчдыг уралдааны замд гаргах болзол тавьсан байв. Тамирчид эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрагдаад уралдаж эхлэв. 3.5 км замд хурд гаргах, харайлт хийх, ханаар явах, шавар туулах, хад тойрох зэрэг олон бартаа бий. Эхний цэг уулын орой дээр байрлаж байсан болохоор тамирчид хоёрдугаар цэг хүртэл дээд хурдаа гаргах боломжтой байв. Харин хоёрдугаар цэг дээр тусгай зассан тавцан дээрээс харайх ёстой. Гурав дахь цэгт мөн харайх тавцан бий бөгөөд энэ хэсгийг хамгийн хэцүү нь гэж тамирчид ярьж байлаа.

Уулын дугуйн бартаат замын тэмцээнд уралдаж байгаа даунхилл, эндюро, төрлийн дугуйнуудыг тоноглолоос нь хамаарч ангилдаг ажээ. Тухайлбал, даунхилл төрлийн дугуй нөгөө хоёрыгоо бодвол өндөр ачаалал авах чадвартай, мэргэжлийн түвшинд дөхсөнийг хэлэх бол нөгөө хоёрыг сонирхогчийн түвшинд унадаг юм байна. Уралдаанд оролцогчдын дийлэнх даунхилл төрлөөр өрсөлдсөн юм. Тамирчдын дундаж нас 21 гэсэн. Энэ төрлийн спорт манайд хөгжөөд хоёр жил болж байгаа ажээ. Албан ёсны тэмцээн, уралдаан зохион байгуулж байх холбоотой болохоор хөөцөлдөж байгаа гэсэн. Анх Э.Азбаяр гэх залуу ийм төрлийн спортыг Монголд хөгжүүлье хэмээн “Downhill Mongolia” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажлуулахад залуучууд хүсэл сонирхлоороо нэгдэж эхэлжээ. Одоогоор тус холбоо албан ёсны 26 гишүүнтэй гэсэн. Тэд ажлын өдөр хот дотор, амралтын өдөр ууланд бэлтгэл хийдэг юм байна. Удахгүй холбооныхоо анхны тэмцээнийг хийж уулын бартаат дугуйн спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Бас гадаадаас экстрим спорт сонирхдог хүмүүс холбогдон хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэйгээ буйгаа илэрхийлж байгаа гэсэн. Өнгөрсөн хавраас хойш л гэхэд Непал, Франц, АНУ зэрэг улсаас найман жуулчин Монголд ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Тэд хад, чулуу ихтэй ууланд уралдахаар ирэх сард Улаанбаатарт ирэх ажээ. Уг спортыг хөгжүүлж байгаа Э.Азбаяр “Гадныхан экстрим спортыг их сонирхдог. Тэгэхээр манайх уг спортыг түшиглээд аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гарган жуулчдыг татах боломжтой” гэж байлаа.

Уралдаанд оролцогчид нэг, нэг минутын зайтай уралдаж байв. Зам шавар шавхай ихтэй учраас барианд орж ирэхдээ танигдахын аргагүй болж байсан. Эхний гарааны дараа тамирчдыг дугуйн хамт дахин дээш гаргаж уралдуулав. Хоёр дахь гараа эхлэх үед бороо орж, манан татсан нь уралдааны замыг улам сонирхолтой болгов. Ингээд хоёр удаагийн нийлбэр дүнгээр даунхилл ангилалд Н.Алтансүх түрүүлжээ. Тэрээр “Манайд ийм төрлийн спорт хөгжөөд удаагүй байна. Монголд хөгжиж байгаа хамгийн залуу спортуудын нэг байх. Тиймээс багш, дасгалжуулагч байдаггүй. Энд уралдаж байгаа тамирчид өөрсдийн хүсэл, сонирхлоор хичээллэдэг хүмүүс шүү дээ. Миний хувьд ч гэсэн би “Трек” дугуйн дэлгүүрийн механикаар ажилладаг. Өмнө нь ийм төрлийн тэмцээн зохиогдож байгаагүй болохоор уралдаж байсангүй. Өнөөдрийн уралдааны зам бартаа ихтэй байсан болохоор тун сонирхолтой байлаа” гэв. Тэрээр 3.5 км замыг 5 минут 11 секундэд туулсан бөгөөд дээд хурд нь 61 км/цаг байв. Удаахь байруудад Баярхүү, Баттуул нар орлоо. Эндюро төрөлд Ариунболд, Азбаяр, Энхболд нар худалсан бол хардтэйл ангилалд Тэмүүжин, Лоди, Итгэл нар эхний гурван байрыг эзэлжээ.

Уг спортоор хичээллэж байгаа хүмүүс эндюро, даунхилл төрлийн дугуйтай байх хэрэгтэй. Ийм төрлийн дугуй хамгийн доод тал нь зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн. Худалдаад авчихсан байхад нэмэлт тоноглолоор сайжруулаад байх боломжтой ажээ. Одоогоор мэргэжлийн багш, дасгалжуулагч байхгүй учраас сонирхогчид бартаа, саад ихтэй газруудад бие даан бэлтгэл хийдэг юм байна.

Тэмцээний үеэр уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Жастинтай уулзлаа.

-Намайг Жастин гэдэг, АНУ-аас ирсэн. Монголд ирээд таван жил болж байна. Энд геологийн компанид ажилладаг юм. Би Америкт байхдаа экстрим төрлийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дундаа уулын дугуйгаар хичээллэх дуртай. Монголд уулын дугуйн спортоор хичээллэдэг залуус байгаа гэдгийг мэдээд маш их баярласан. Тэмцээн зохиоход оролцохоор олон залуу байгаа гэдгийг мэдсэн болохоор энэ тэмцээнийг зохиож байгаа юм. Монголд анх удаа ийм төрлийн уралдаан зохион байгууулсандаа баяртай байна.

-Цаашид жил бүр уламжлал болгон зохиох уу. Зардал мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Монголд уул элбэг. Хоттой ойрхон ууланд гарч уралдах боломжтой учраас жил бүр уг тэмцээнийг улам хөгжүүлээд зохион байгуулж болно. Би Монголд хайртай болохоор өөр бусад газар руу явах шалтгаан байхгүй. Тиймээс дараа, дараагийн тэмцээнийг зохион байгуулахыг бодож байгаа. Анхны тэмцээний тухайд ивээн тэтгэх албан байгууллага байсангүй. Тиймээс өөрийнхөө цуглуулсан мөнгөнөөс тэмцээний зардлыг гаргасан байгаа. Нийт гурван сая орчим төгрөг болсон.

-Уралдааны замыг хэрхэн сонгосон бэ?

-Би амралтынхаа өдөр “Нислэг” төв дээр ирж шүхрээр буудаг юм. Заримдаа машинтайгаа явж байгаад холоос нисдэг. Тэр үед энэ уулыг харсан юм. Уулнаас уруудаж байгаа зам нь боломжийн урт үргэлжилж байсан. Тиймээс энд ирээд зарим нэг бартаа саадыг хийгээд тэмцээнээ зохион байгууллаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: Би өглөө бүр уншдаг хэдэн тарнитай

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайг зорьж очлоо. “Надад засаг Хөдөлмөрийн яаман дээр өрөө гаргаж өгсөн л дөө. Зүгээр сууж чаддаггүй. Амьтан хүн орж гарах юм. Надад хувийн компани, хувьцаа, алгын чинээ газар байхгүй. Нэг талаасаа өөрийгөө тэнэг ч юм уу гэж боддог. Нөгөө талаар миний хувь заяа тэгж л явах тавилантай байсан юм байлгүй. Миний хийж байгаа ажил, зөвлөгөө буяны шинжтэй, ашиг орлого олдоггүй. Гэхдээ тэтгэвэр аваад болоод л байна. Миний эхнэр хүүхэд өлсөөгүй. Би нэг машинтай, байртай, өөр надад юу хэрэгтэй юм” хэмээн тэр хуучлав.

-Ш.Гунгаадорж гуай та Дорноговь аймгийн Их хэт сумын хүн. Ингэхэд Дорноговийнхон юугаараа алдартай вэ?

-Говийнхон хөдөлмөрч шүү дээ. Говийнхоо хатуу хахир улиралд зохицсон хүмүүс. Гэрт зүгээр сууна гэж байхгүй. Байнга хөдөлж, малаа хариулна, аргалаа түүнэ, алтан харганаа зулгаана. Алтан харгана түлнэ. Голцуу аргал түлнэ дээ. Би багадаа жижиг шээзгий үүрээд ээжтэйгээ цуг аргалд явдаг байлаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Ах бид хоёрын дээд талын хоёр ч хүүхэд тогтоогүй юм билээ. Ах маань надаас гурав ах хүн байсан. Одоо байхгүй л дээ. Манай аав Чойрын хийдийн том хэргэмтэй Б.Шарав гэж хүн байлаа. 1937 онд намайг ой найман сартай байхад баригдаад явсан юм билээ, зайлуул. Тэгээд ирсэн л дээ. Лам харгүй барьж байсан тэр үед элэг бүтэн амьдрах хувьтай байж. Аав сүүлд гарч ирээд ярьж байсан юм. Ажааг маань Улаанбаатарт авчирсан юм байж. Нэг байшинд баахан хоригдол дүүрэн, гурван сар болсон гэсэн. Нэг удаа шөнө дунд өнгөрөөгөөд, хоригдлуудыг ачсан юм билээ. Хоёр машин үүдэнд нь тулгачихаад ачаад, чихээд байсан. “Машин дүүрлээ” гэж чихсээр байгаад хаалгыг нь хаачихсан гэсэн. Ажаа ямар ч байсан машинд багтаагүй. Өглөө болсон чинь Хэнтийн нэг лам тэр хоёр үлдчихсэн. Маргааш нь Дотоод яам хаана байдаг юм, аваачаад арван жилийн ял өгчээ. Машинд багтсан бол толгойгүй. Машинд багтаагүй учраас арван жил хорих ял авсан. Зүүнхараад ямтай адуу хариулж, яс арван жил суугаад гарч ирсэн. Манай ээж их мундаг хүн. Эмээтэйгээ бид дөрөв үлдсэн юм. Ээж өртөө хийнэ. Дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн сургуульд явах байсан чинь “Ажаатай нь уулзуулна” гээд тэр жил сургуульд явуулсангүй. Зун мориор майхан ачаад, нутгийн нэг сайн хүн хөлслөөд явсаар байгаад Улаанбаатарт ирээд, таньдаг айлд байж байгаад Зүүнхараа явсан юм. Орхироогийн ам гэж тариа тарьдаг газар аав маань адуу хариулаад арван жил болсон. Уяан дээр адуу уячихсан, баахан хоригдлууд байгаа юм. Би 13-тай байсан юм. “За, чи ажаагаа ол” гэсэн. Би яаж мэдэхэв дээ. Аминдаа бүх хүнийг нэг бүрчлэн харж явсаар сүүлчийн уяаг дуусгаад хэлсэн байгаа юм. “Хамгийн сүүлчийн уяаны энэ талд байгаа өндөр хөх хүн миний аав мөн. Биш бол энэ дотор байхгүй” гэсэн тэр хүн нь байсан.

-Мундаг зөн совинтой байжээ?

-Хэлхээ холбоо байж. Надад нэг зүүд шиг дурсамж байсан. Зуны сайхан өдөр эсгий үүдээ гэр дээр тавьчихсан, манай ажаа намайг өвөр дээрээ суулгачихсан, баруун талд нь хоёр хүн суугаад, ээж цай чанаж байсан хачин зураг сэтгэлд буудаг юм. Тэгсэн хоёр хүн барих гэж ирээд, манай ажаа даахийг маань самнаж суусан юм билээ. Ээж цай чанаж хоол хийсэн. Тэр хоёр хүн сайхан сэтгэлтэй улсууд байсан бололтой юм. Нэг муу жаахан хүүхэд орж гараад, нэг нь өвөр дээр нь дэрвээд, “Яаж энийг барьж авна” гэж бодсон болов уу. Хоол цай идэж уугаад, нэгжлэг хийгээд, бариад явсан. Аав хоёр гурван мөнгөн аяга орон доогуур шидчихээд, алтан бөгжөө бас шидээд, ингэлээ шүү гэдгээ ээжид хэлсэн гэсэн. Тэгээд 1948 оны өвөл гараад ирсэн л дээ.

-Та сургууль номондоо хэр байсан юм. Малчин болно гэж бодож байсан юм уу, ном үзэх дуртай байсан уу?

-Ер нь би малчин болох тухай бодоогүй. Манай ахыг малчин болгоно гээд сургуулиас гаргачихсан. Ахыг малчин болгоод намайг сургуульд явуулах бодол ээжид байсан шиг. Би бол номонд дуртай. Ээж их ойтой. Аргалд явж байхад түвд, тангад ном уншаад, орой аялгуутай үлгэр хэлнэ. “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” ярина. Тэрнийг нь бид чих тавин сонсоод цээжилчихнэ. Ээж маань жирийн малчин эмэгтэй л дээ. Гэхдээ ухаантай. Б.Жаргалбуян гэдэг хүн байлаа. Тэр ч бас надад нөлөөлсөн байх. Манай ах малд нүдтэй. “Шаравын том хүү малд сайн” гэдэг. Би бол хурга ишиг эргүүлнэ, аргал түүнэ. Өвөл нь манай ажаа ирээд “За, хүү минь ирэх жил сургуульдаа яв” гэсэн. Сайншандын арван жилийг 1954 онд төгссөн.

-Таны Гунгаадорж гэдэг нэр ямар учиртай вэ. Аав тань өгсөн үү?

-Аав өгөөгүй. Энхрийлсэн нэр Их ухна, Бага ухна гэдэг. Би Бага ухна нь. Говьд Ухна гэдэг нэр түгээмэл. Сэмбээринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч байсан үе. Чойрын хийдээр залардаг. Улаанбаатарт ирдэг. 1936 онд хэлмэгдүүлэлтийн их салхийг мэдрээд буцсан шиг байгаа юм. Буцаж явахдаа Чойроор яваад Мааньт гэж миний төрсөн нутаг газраар урагшаа заларч л дээ. Тэгэхэд Ерөнхий сайд А.Амар Сэмбээ ринбүүчийг гаргаж өгсөн гэдэг. Тэгэхээр тэр амаргүй том хүн байж. Залрахад нь манай аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу яасан юм ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай л гэсэн утгатай гэнэ. Би номондоо сайн, шүлэг уншина, нэг уншаад цээжилчихнэ. Их ойтой. Сургуульдаа явна. Бага сургууль гучаад хүүхэд төгссөн байх. Гурав, дөрөв нь аймгийн сургуульд очсон. Тэр үед мал дээр их гардаг байлаа. Дунд сургууль төгсөхөд 10а гэж аравхан хүүхэдтэй анги төгсч билээ. Сургуульд байхдаа онцоос өөр дүн бараг авахгүй. Дөрөв авбал их гонсойдог шартай хүүхэд байв. Спорт сонирхохгүй. Айлд сууж байсан. Номоо үзнэ, өөр юм хийдэггүй. Аравдугаар ангиа онц төгссөн. Тэгэхэд гадаадад явах хүүхдүүдийг Төв хорооны боловсон хүчингээр оруулдаг. Манай аав гадаад явахад жаахан дургүй байсан. “Миний хүү дотоодын сургууль багадахгүй дээ” гээд анагаахад л оруулах санаатай байсан шиг байгаа юм. Гэхдээ намайг шахаагүй. Би “Гадагшаа л явж байвал тогоочийн сургуульд ч байсан явна” гэдэг. Тийм л өвчин байсан. Москвагийн К.А.Темяразовийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гээд мундаг сайхан сургуульд сурсан. Агрономи мэргэжил эзэмшсэн.

-Гадаадад сургууль төгссөн хүн ямар бодолтой ирэв?

-Ер нь яаманд л ажиллах байх гэж бодож байсан. Лоохууз дарга “Сангийн аж ахуй явна аа” гэсэн. Тэр үед Амгалангийн сангийн аж ахуй улаан буудай тариална, гахай тахиа, үнэг булга үржүүлдэг. Саалийн фермүүдтэй, том аж ахуй байсан. Сангийн аж ахуйн ерөнхий агроном улаан мотоцикльтэй давхина. Тэндээ дасаад жил болох гэж байтал Сангийн аж ахуйг удирдах газар гайхал Лоохууз сайд дуудлаа. “Атар газар эзэмших намын шийдвэр гарсан. Намын том зорилтыг биелүүлэх үйлсэд залуучуудыг ажиллуулна” гэсэн.

Сангийн аж ахуйг удирдах газар ирсэн. Атар эзэмших их ажилд олон хоногоор явна даа. Майхан гэрт хэдэн зуун залуучууд, зөвлөлтийн олон хүн ирчихсэн байсан. Би чинь Атрын нэгдүгээр аяныг эхлэхэд ажиллаж байсан хүн.

-Яаж таныг олж харсан байхав?

-Тэр үед боловсон хүчний бодлого сонин байсан. Нэг өдөр аж ахуй дээр хүн ирээд намын дарга, ногоочид, тариачидтай уулзаад явсан. Өдөржингөө яваад сүүлд нь надтай уулзаад баахан юм асуусан. Тэгсэн чинь гурван сарын дараа намайг Төв хороон дээр дуудаад, Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар авсан. Гэтэл тэр хүн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн орлогч дарга Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Төв хороонд ирээд жил болоод 1968 онд Хөдөө аж ахуйн яам усны аж ахуйн яам нийлэхэд орлогч сайд болсон. Найман жил орлогч сайд хийсэн дээ.

-Эхнэр авахдаа ямар шалгуур тавьсан бэ?

-Би чинь хоёр дахь амьдрал зохиосон хүн. Тэр ч оюутан, би ч оюутан байсан. 21-тэй байсан юм уу даа. Энийг бичээд байх хэрэггүй. Нэг их туршлага яриад байх ч юм биш.

-Орлогч сайд хүн таван хүүхэдтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй суусан гэхээр тухайн үед шуугиан тарьсан хэрэг байсан болов уу?

-Тэр их хатуу цагт харин ч хэвлэлээр нэг их юм болоогүй өнгөрсөн. Яахав, одоогийн эхнэртэйгээ дөч гаруй жил амьдарч байна.

-Дундаасаа хүүхэдтэй юу?

-Хоёр хүүхэдтэй. Би анхны эхнэртэйгээ муудалцаад, таарч тохирохгүй болсон юм биш. Амьдрал хэвийн явж байсан. Ер нь хувь заяаны зураг тавилан гэж байна. Зурсан зургаар л явж байна гэж би боддог.

Тэгээд л орлогч сайдаасаа буугаад Завханы Тэсийн сангийн аж ахуйд очсон. Тэжээлийн аж ахуй руу явж байгаа нь тэр л дээ. Орлогч сайдаасаа болино гэдэг бас тийм амархан ч ажил биш. Би энийг зөвхөн хайр дурлал, нэгийг нөгөөгөөр солих юм байгаагүй гэж боддог. Нэг л өдөр би яваад өгсөн. Хэрэлдэж муудаагүй. Эмзэг сэдэв. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. (Энэ үеэр гэргий нь орж ирсэн ч азаар бидний ярилцаж байсан эмзэг сэдэвт сайнаар нөлөөлөв. “Дусаадаг эм дуусчихаж. Такси аваад яваад ирье” гэж гэргий хэллээ. Намайг сонины сурвалжлагч хэмээн нөхөр нь танилцуулахад гэргий нь “Манай өвгөнийг байцаагаад сууж байна уу “ хэмээн инээж байна. “Та сайхан хүүхэнд сэтгэлд алдраад бүх юмаа орхичихсон юм уу гэж байна хэмээн Ш.Гунгаадорж гуай “ховлов”. “Сайхан ч юу байхав” гэж гэргий нь хэлэв. “Орлогч сайд байсан хүнийг буулгаад хаячихлаа гэж та санаа зовж байв уу” гэхэд маань “Тэгэхээс биш яахав. Таньдаг хүн гараад ирвэл ийшээ бултаад, эндээс хүн гараад ирвэл ийшээ бултаад л явдаг байлаа. Би багш хүн. Зарим хүн сургууль дээр очоод сайдын үнэтэй авгайг үзнэ” гэж байсан. “Аймаар байсан” гэж эхнэр нь илэн далангүй хуучиллаа. “Та энэ хүнд сэтгэл алдарсан уу, энэ хүн танд илүү сайн байв уу” гэхэд “Хоёулаа адилхан даа” гэв. “Одоо ч дөч гаруй жил хамт амьдарчээ. Би ч бас тэр үедээ үс гэдэг чинь тахимаа хүрсэн, өндөр, дан дээл өмсч явдаг гунхалзсан охин байлаа. Энэ сайхан хүүхэн л гэж ярьдаг байлаа. 27-28-тай байсан. Надтай цуг ажиллаж байсан багш таараад “Амгалан, чи наймаанд их сайн юм аа” гэнэ. “Би наймаа гэж мэдэхгүй” гэсэн чинь “Хүний наймаанд сайн юм аа” гэсэн хэмээн гэргий нь дурсав. Түүнийг өрөөнөөс гарсны дараа Ш.Гунгаадорж гуай “Миний хүүхдүүд сайн яваа. Цөм сургууль төгссөн. Гарсан хоёр хүүхэд маань дажгүй. Би тэгэхэд гуч гарч байсан. Энэ хүн гуч хүрэх гэж явсан. Одоо дөч гаруй жил хамт амьдарч байна. Энэ миний амьдралын түүх хэмээн тайлбарлав.

“Тэр хол Завхан руу явуулахад мэргэжил маань хэрэг болсон доо. Найман жил ургац алдсан алдагдалтай аж ахуйд очлоо. Би орлогч сайд байсан болохоор шинэ технологийн тухай мэдээлэлтэй.

Одоо яваад байгаа хөрсний элэгдэлтэй тэмцэх технологийг орлогч сайд байхдаа Канад руу хүмүүс явуулаад судлуулж байсан. Түүнийгээ нэвтрүүлээд, хоёр жилийн дотор хоёр удаа Засгийн газрын шагнал авч, тэргүүний аж ахуй болгоход, намайг эргүүлж татаад газрын дарга болгосон. Намайг хэзээ эргүүлж татах бол ч гэж бодоогүй. Ажиллаад л байсан. Сангийн аж ахуйн яамыг байгуулаад, намайг дахин нэгдүгээр орлогч сайд болгосон. Дараа нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга болоод,1986 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Сайд нарын зөвлөлийн дарга болсон доо. Би тийм овсгоотой байсангүй. Миний хийж бүтээсэн ажлаар үнэлж байсан. Сэлэнгэ аймагт очиход ажил нь уначихсан байлаа. Улс төрийн товчооны хурал дээр Ю.Цэдэнбал дарга хэлж байсан юм. Орлогч сайд найман жил хийхдээ Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзсан нь тэр, 1981 онд. “За, чи залуу хүн. Тариагаа чи өөрөө мэднэ. Тэнд навсайчихсан газар болсон байна шүү. Тэнд архи ууцгаадаг. Чи хариуцлага дээшлүүл. Энийг л чамд захъя. Моломжамц нэг хуралд нь очсон чинь “Тужийн нарсандаа буриадууд архиар шахаад би золтой л үхэлгүй ирлээ гэж ярьж байсан” гэсэн. Сэлэнгэд зургаан жил болоход бас л улсын тэргүүний аймаг болж, одон авсан. Надад авгайг ч татах ард түмнийг ч татах юм байсан юм байлгүй дээ” гэж Ш.Гунгаадорж гуай наргиа болгов.

-Та жинхэнэ шилжилтийн, завсрын эвгүй үед Ерөнхий сайд болсон?

-Ерэн онд Сайд нарын зөвлөлийн орлогч байж байгаад 1990 оны гуравдугаар сарын 21-нд энэ Очирбат Их хурлын дарга, би Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан юм. Яг зах зээл рүү уруудаж эхлэх үе. Д.Бямбасүрэн миний нэгдүгээр орлогч байв.

-Ерөнхий сайдаар зургаан сар ажилласан гэдэг билүү?

-Тийм. 180 хоног доо. Тэгэхэд тэр үеийг яаж туулсан юм. Би бол тэр зургаан сарыг тайван цагийн дөрвөн жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Улс төрийн товчоо аль хэдийнэ огцроод явчихсан. Талбай дээр битүү хүн сууцгаачихсан. Найман аймагт өлсгөлөн зарлачихсан. Контортоо хонодог. Айхавтар үе байсан. Тэр олон хүн дотор согтуу хөлчүү эсэн бусын хүн байсан байх л даа. Тэгэхэд ордны нэг цонх хагараагүй. Би ямар ч байсан хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж боддог юм. Хэлэлцээр хийхээр С.Зориг, Баабар, Р.Гончигдорж эд нар миний өрөөнд орж ирнэ. Байр нэхнэ. Тав зургаан нам байлаа, бүгдэд нь байр гаргаж өглөө. Баабар “Социал демократ намд байр өгөхгүй бол дөрвөн ханатай гэр барилаа” гэж байсан. “Битгий дэмий юм ярь. Юу ярьж байгаа юм” гээд СТӨ-ний “хүзүүвч”-инд байр гаргаж өгч байсан л даа. Тэр зун таван сарын найман зургаанд давалгаа арилаад, хэлэлцээр явсаар байгаад ардчилсан сонгууль явуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэгэхэд “Засгийн газар огцор”, Ардын түр хороо байгуулна. Ордонд бид орно гэдэг байсан. Ярьж хэлэлцсээр байгаад сонгууль явуулахаар болсон. Тэгсхийгээд тайвшраад, сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль ерэн онд болсон шүү дээ.

Жинхэнэ сонгууль тэр болсон. Хотод нэг тойрог дээр 27 хүн өрсөлдөж байсан юм. Би ч яахав Өмнөговиос дэвшсэн. Надтай өрсөлдөх хүн байгаагүй. Бүх нэр дэвшигч цуг явдаг. Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ ээлжилж юмаа яриад л явдаг байлаа.

Сонгуулийн үр дүнд шинэ их хурал бүрдсэн. Манай Засгийн газар тайлангаа тавиад, дараагийн Засгийн газар байгуулагдсан даа. Социализмаас зах зээлд шилжих эхний тоосгыг бид тавьсан. Арай зөөлөн, холбогч маягийн Засгийн газар байлаа.

-Та лам хүний хүүхэд амандаа уншдаг тарнитай юу?

-Би айхавтар шүтэгч биш гэхдээ өглөө бүр уншдаг хэдэн тарнитай.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Монголын кино урлагийн алтан үеийнхэнтэй дэлгэцэнд хамт мөнхөрсөндөө бахархдаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.

Та дуурийн нэртэй дуучдын нэг. Мөн бага балчир насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай хүмүүсийн нэг. “Тунгалаг Тамир” киноны сэлэм гялс, толгой бөндгөс гээд ярьдаг хэсэг санаанаас гардаггүй юм?

-Ерөөсөө багын л кино зохиол ярьдаг адтай хүүхэд байлаа. Юмыг ургуулж, хүч оруулж, дүрсжүүлж ярихдаа гаргуун. Цэцэрлэгт байхад хүртэл манайхан өдрийн хоолоо идчихээд намайг той­роод суучихна. Кино яриулах гээд. “Тунгалаг Тамир” кино­ны тэр дүр хүмүүст бас их хүрсэн байдаг. Гэхдээ би чинь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ.Анхны кино маань “Толбот хивс” юм. Ч.Нацагдорж гэж олон мундаг өгүүллэг бичсэн зохиолчийн зохиол, Бадрахын Сумхүү гуайн найруулсан кино л доо. 1961 онд сургуульд орохын­хоо өмнөх жил тухайн кинонд тоглож байлаа.

Дараа нь 1970 онд “Улаан дарцаг”-т тоглосон юм. Өмнө нь кинонд дүр бүтээсэн болохоор кино театрынхан 23 дугаар сургуульд хүрч ирээд намайг шууд авсан. Миний бие наймдугаар ангид байлаа. Ингээд л Идэрийн дүрд тоглосон доо. Гол дүрийн нэг болох Батад тоглосон Ганбаатарыг нэгдүгээр сур­гуу­лиас шалгаруулж авсан байдаг. Манай Ганбаатар чинь матема­тикийн олимпиадын улсын аварга болж мундаг сурагч байлаа шүү дээ. Нэг хэсэг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

-“Улаан дарцаг”-ийн зураг авалтыг хаана авч байсан бэ?

-Латиф нартай хөөцөлддөг хэсгийг Горхийн амралтад авч байв. Харин сүмтэй суурин хэсгийн зургийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд авч байлаа. 1971 онд “Тунгалаг Тамир” кинонд тоглосон. Дараа жил нь “Тэмцэл” кинонд гутал худалдаж авдаг ардын хоршооны Аюушийн дүрд тогло­сон юм. Ингээд 1975 онд Хөгжим бүжгийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа “Мартагдашгүй намар” кино­ны Ганзоригийн дүрийг бүтээсэн. Энэ мэт­чилэн арван тав, зургаан кинонд тогложээ. Хамгийн сүүлд гэхэд “Төрийн дайсан” кинонд Үйлдвэр худалдааны яамны сайд Түвшингийн дүрийг бүтээгээд байна.

Анх кинонд тоглоод ямар урамшуулал хүртэж байв?

-“Толбот хивс” кинонд тоглосны дараа урамшуулал болгож 50 төгрөг өгч байлаа. Харамсалтай нь Бат-Очир гэж туслах найруулагч маань өгнө гэж хэлээд өгөөгүй. Өвөг эцэг маань тэр хүнийг “50 цаасны хар” гэдэг байсан. Бодоход, надад өгөх мөн­гийг халаасалсанд нь дургүйл­хэхдээ тэгж дууддаг байсан болов уу. “Улаан дарцаг”-т тоглосны дараа 200 төгрөг өгч байсан. Тухайн үедээ багагүй мөнгө л дөө. Нэг зүйлийг бардам хэлэхэд, Мон­голын кино урлагийн алтан үеийн жүжигчидтэй хамт бага балчир нас минь дэлгэцэнд мөнхөрчээ. Энэ бол маш том бахархал. 1972 онд аравдугаар ангиа төгсөхдөө тааруухан төгсөж байлаа. Надад цэргийн сургуулийн хуваарь ирлээ. Ээж “Миний хүү цэргийн хүн болохгүй” гээд Их сургуулийн монгол хэлний ангид шалгалт өгүүлдэг юм. Монгол хэл, түүх, математикаар өглөө. Хэлзүй, түүхийн шалгалтыг даваад гарлаа. Тоон дээр яалт ч үгүй л уналаа даа.

Олон кинонд дүр бүтээ­сэн хүний хувьд кино урла­гийн чиглэлээр суралцаж болоогүй хэрэг үү?

-Кино үйлдвэр намайг авна гэж хэлсэн юм аа. Би жүжигчнээр л орно гэж бодож явлаа. Тухайн цагт кино үйлдвэрийн жүжигчин болно гэдэг хэн хүнд олдомгүй хувь заяа байлаа. Яг авах болтол “Гэрэлтүүлэгчээр авна” гэдэг юм.

Ингээд ороогүй. Хөдөө ээжийнхээ ах дүү нар дээр очлоо. Үндсэндээ малчин боллоо. Гэтэл ээж яриад миний хүү яаравчлан ирэхгүй бол болохгүй нь гэсэн. Тэг­­тэл хөгжмийн зохиолч Лувсан­шарав гуайн хүүхэд Даваахүү багш хөгжмийн сургууль нээж байсан юм билээ. Хөгжим бүжгийн сургууль. Одооны СУИС-ийн хөгжмийн суурь тэгж тавигдаж байгаа юм. Ядахад тэр жил Багшийн сургуулийн кино драмын анги элсэлт авалгүй өнжсөн юм. Ингээд кино үйлдвэр ч үгүй. Кино драм ч үгүй боллоо. Хөгжим бүжгийн сургуульд ороод Ц.Пүрэвдорж гэж лут хүн дээр анх очиж байлаа. Өөрийнхөө ямар хоолойтойг ч мэдэхгүй. Басс, баритони гэдэг үгийг ч дуулаагүй. Гэрэлт-Од гэж дуучныг дууг дуулна. Тухайн үед Гэрэлт-Од ид мандаж байв.

“Залуу найз аа замд гаръя

Заавал тийшээ хамт явъя…” гээд авч өгдөг байв. Хүүхдүүдийг ямар хоолойтой вэ гэж асууж байна гэнэ. Тэгэхээр нь би “Гэрэлт-Од чинь ямар хоолойтой юм бэ” гэж бусдаасаа асуулаа. Нэг нь “бортоон” л гэж байна. Би цээжилчихлээ. Шалгалтынхан дээр очоод ямар хоолойтой вэ гэхээр нь бортоон л гээд аваад хаячихав. Тэгтэл Пүрэв­­дорж багш дээр оч гэдэг юм. Багштайгаа гурван сар хичээллэсний дараа багш “Ганхуяг аа, миний хүүгийн хоолой тенор юм байна шүү дээ” гэж билээ. Хөгжим бүжгийн сургуулийг дүүргээд Уралын хөгжмийн дээд сур­гуульд явсан, Дуурийн теат­рын гоцлооч болсон урла­гийн зам мөрийнхөө тухай яривал бас л урт хугацаа шаардана даа.

Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ганболд гэж хүний тухай?

-Ээжтэй минь хэзээ хойно ханилсан ч гэсэн тэр хүнийг би аав аа гэж дууддаг, аав шигээ дээд зэргээр хүндэтгэдэг байлаа. Энэ хорвоо ертөнц дээр сайхан хүмүүс төрдгийн нэгэн баталгаа бол аав минь байсан даа. Үнэхээр хүний хайлан болсон хүн байлаа. Тэр хүнийг аав аа гэж дуудахад хамаг биеэр минь хайр лугших шиг болдог байж билээ. Аавыг өнгөрсний дараа ээжийн нэг хэлсэн айхтар үг байдаг. “Би өөрийгөө их олон түмэнтэй хүн. Манайхаар ирж байгаа хүмүүс намайг л гэж ирж байна даа гэж боддог байв. Гэвч үгүй байж. Миний ханийг хүндэтгэж ирдэг байж” гэж. Нээрээ л тийм байсан. Тэр хүний кино урлагт үлдээсэн хэдэн сайхан дүр байдаг даа. Ялангуяа “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч байна. Мөн Сувдаатай хамт тоглосон “Анхны хайрын дууль“ байна. Би киног нь үзэж чаддаггүй юм. Харахаар хоёр нүдний нулимс сул асгараад байдаг юм.

Таныг ардын уран зохиолч Шагдарын Дулмаа­гийн хүү гэдгийг манай­хан мэдэх болов уу. Ээжийн­хээ тухай ярихгүй юу?

-Тийм ээ, ээжийг маань Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч гэдгийг манайхан мэднэ дээ. “Хүүгийн эцэгт бичсэн захидал” найраглал, “Амьдрал хайр дээр тогтдог” гээд олон сайхан дуу, зохиол бүтээлийг нь уншдаг, биширдэг. Харин миний хувьд бол энэ хүн хамгийн дотнын халамжит ижий, амьд бурхан минь юм. Биднийг өсгөх гэж амьдралын хатуу ширүүнийг мөн чиг туул­сан даа. Манайхны хэлдгээр, гадаа гарч эр, гэрт орж эм болж явлаа. Надад ганцхан үг л аминчилж хэлдэг байв. Эдээр биеэр чимэхээр эрдэнээр биеэ чим гэж хэлнэ. Өвөг эцэг, эмэг эх хоёр маань өнгөрөөд л би айл гэр толгойлоод эхэлсэн. Тухайн үед гуравдугаар ангид л байжээ.

Танайхаар зохиолчид их ирдэг байсан биз?

-Тэгэлгүй яахав. “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, өнөө л агуу Ч.Чимид, Ц.Гайтав, Базарын Цэдэндамбаа гуай байна. Мөн Б.Явуухулан гуай ирнэ. Ээжийн багш нь. Тэрхүү дорнын их Явуугийн дугуйланд Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Шагдарсүрэн, П.Пүрэвсүрэн, Ш.Цогт гээд дэндүү авьяаслаг найрагчид явдаг байлаа. Тэд чинь бүгдээрээ л манайд ирнэ. Р.Чойном, Намжимын Очирбат гээд манай босгоор алхаагүй найрагчид ховор оо. Хоол унд хийж идээд л, үймж бужигнан шүлэг зохиолоо уншицгаагаад л. Ямар сайхан байсан гэж санана. Би чинь өөрийгөө бурхдын дунд өссөн хүүхэд гэж хэлэх дуртай даа.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Сумынхаа эмээ, өвөөд аргал түүж өгсөн жаалууд

Хархорин сумын “Орхон” цогцолборын тавдугаар ангийнхан аргал түүх үедээ Үүрээ багшаараа энэ зургийг авахуулжээ. Саяхны нэг нартай өдөр хүүхдүүд сумынхаа хөгшчүүлд аргал дөхүүлж өгсөн гэнэ. Х.Үүрцайх багш “Тавын гурван бүлэг аргал түүх гэж уулын хяраар ёстой нэг явж өгсөн дөө. Гучаад шуудай аргал түүчихээд Дондог өвөө, Нямаа эмээгийнд очино гэж шуугилдаад жигтэйхэн юм болсон. Хүүхдүүдийнхээ айхавтрыг тэр үед илүү мэдэрсэн шүү. Аргал дөхүүлээд өгчих хүнгүй, ядарсан хөгшчүүлийг үнэхээр нарийн судалж олсон байсан. Сумын төвөөс өчнөөн зайтай айлыг хүртэл судалж мэдээд очиж тусалсанд нь сэтгэл хөдөлсөн гэж. Нэг эмээ бүр дэлгүүр рүү гүйж, ууттай чихэр тараагаад хөл газар хүрэхгүй баярласан. Чихэр нь дутчихсан чинь эмээ сандраад бөөн юм болсон. Хүүхэд их хөөрхөн. Буцаад дэлгүүр рүү гүйхэд нь чихрээ авах гэж хүлээгээд зогсоод байгаа юм даа” гэж хэлээд хөгжилтэй инээв. Х.Үүрцайх багш “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн нийгмийн ажилтан, номын санч, “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийн гол зохицуулагч гээд өчнөөн албатай. “Ес зүйт хүүхдийн есөн дадал”-ыг 5-8 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлсэн чинь итгэмээргүй олон өөрчлөлт гарсан гэнэ. Тэр өөрчлөлтийн нэг нь саяны явдал. Өмнө нь эмээ, өвөөдөө ус дөхүүлэхээс залхуурч тоглоом хөөдөг байсан тавдугаар ангийн багачууд сумынхаа хөгшчүүлд тусалдаг болтлоо өөрчлөгджээ. Эдний сургуульд мэндэлдэггүй хүүхэд байхгүй гэнэ. Зарим нь бүр мэндэлснийх нь хариуд дуугараагүй багш нараа захиралдаа хэлж байгаад мэндтэй устай болгосон гэж байгаа. Эхэндээ мэндлүүлж сургах гэж жүжиг тавихаас наагуур юм болж. Бие биеэсээ ичиж зугатаагаад, мэнд мэдэхдээ амаа дарж, инээдээ барьж ядаад хөгтэй агшнууд өчнөөн гэнэ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор ёс зүйн загвар сургууль, аймгийн тэргүүний,улсын шилдэг гээд олон тодотголтой юм билээ. Хэрэгжүүлж байгаа “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг нь саяхнаасбусад сумынх нь сургуулиуд сонирхоод эхэлчихэж. Сурагчдынх нь сурлагаэрс сайжирсан учраас сонирхсон хэрэг. “Орхон” цогцолборынхон олимпиадад өмнөх жилээсээ амжилттай оролцсон, бага ангийнхан нь үг үсгийн алдаагүй жирийлгэдэг болцгоосон, өмнө нь эзгүй дүнсийдэг номын сангийн танхимөдөржин хүүхдээр дүүрэн өнжих болсон гээд өчнөөн гоё жишээг Үүрээ багшаас сонслоо. “Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагаас ивээн тэтгэж сумын хэмжээнд хэрэгжүүлжээ. Энэ жил хэрэгжиж дуусах гэнэ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн О.Туяа “Манайхыг байгууллага гэхээр нэг их том газар гэж ойлгож магадгүй. Гэр бүлийн хүрээнд л ажиллуулдаг. Манай хүн байгууллагынхаа тэргүүн нь. Гол ажлаа нугалдаг хүн нь би. Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн бид найзууд. Найзын маань дэмжлэг их шүү. Сэтгэлийнхээ дуудлагаар эхлүүлсэн ажил байгаа юм. Эдийн засаг талаасаа тухайн үедээ мөнгө гараад өнгөрнө. Үүнээс илүү кайфыг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээсээ авдаг. Хүүхдэд нэг төрсөн тод мэдрэмж насан туршид нь хадгалагдаж үлддэг.Хархорины 300 хүүхдийн ядаж 30 нь ёс зүйн хувьд мундаг төлөвшинө гэж бодохоор сайхан санагддаг” гэж бодлоо хуваалцав. Гэр бүлийнхээ орлогоос илүүчилж хэрэгжүүлдэг хөтөлбөр нь “Орхон” цогцолборын дунд ангид бүрэн утгаараа хэрэгжжээ. Нийслэлийн зарим сургуулиас тодорхой ангиуд сонгон авч хэрэгжүүлдэг юм билээ.

“Ёс зүйт хүүхдийн есөн дадал” хөтөлбөр их энгийн юм. Зөв хувцаслалт, зөв хооллолт, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх, хүндлэх, талархах, уучлах, ширүүн үг хэлэхгүй, худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн дадлуудыг жагсаасан өнгөтэй хүснэгт хүүхэд бүрд тараагаад өгчихдөг юм байна. Ард нь тус бүрд нь хүснэгтэлсэн долоо хоногийн гаригуудтай. Зөв хувцасласан өдрөө “би чадсан” гэсэн бичигтэй ногоон смайл наана. Арай амжаагүй бол шар өнгийн“би хичээсэн”, зөв хувцаслаагүй бол улаан өнгийн “би оролдсон” гэсэн бичигтэй смайлууд наана. Хүүхдүүд долоо хоногийн турш өөрийгөө үнэлсэн смайлуудыг наах даалгавартай. Хүснэгтний хамгийн сүүлийн нүдэнд аав, ээж нь хүүхдээ үнэлнэ. Аав, ээжүүдэд ийм даалгавар өгчихөөр өмнө нь хүүхдээ анхаардаггүй байсан томчуудын идэвх ч сэргээд ирсэн гэнэ. Тавын “б”-гийнхний өөрсдийгөө үнэлсэн хүснэгтийг сонирхлоо. “Би оролдсон”, “Би хичээсэн” гэсэн смайлууд өчнөөн. “Би чадсан” гэсэн смайл ч цөөнгүй харагдав. “Хүүхдүүд ийм үнэнч. Эхний долоо хоногуудын хүснэгтийг хар даа. Улаан, шар, ногоон өнгө алагласан байгаа биз. Дараа, дараагийн долоо хоногоос ногоон нь ихэссэн байгаа” хэмээн Х.Үүрцайх багш ярилаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлсэнд нь багш нар аав ээжүүд их олзуурхаж байгаа гэнэ.

Тавын “б”-гийн М.Сувдаа охин хажуугийнхаа дэлгүүрийн бухимдангуй харилцдаг худалдагчид эхэндээ их дургүй байж. Хөтөлбөр хэрэгжих явцад ууртай эгчийг ойлгож харилцдаг болжээ. “Би тэр эгчтэй уучилж харилцдаг болсон. Тийм ачаалалтай ажилладаг юм чинь уурлахаас яахав дээ” гэж хэвлүүхэн гэгч нь ярьсныг Үүрээ багш өхөөрдөн ярина лээ. Сувдаагийн ангийн С.Зундуй-Ёндон “Би өмнө нь мэндэлж хүндэлдэггүй, малгайгаа авдаггүй их дэггүй байсан. Одоо зүгээр. Би өмнө нь бусадтай ярьж байхдаа их харааж зүхдэг байсан. Одоо бол тэгж аймаар хараадаг байдлаасаа арай дээрдсэн “ гэж ирээд сэтгэгдлээ бичээд явуулчихаж. Тавын “б”-гийн Б.Номин-Эрдэнэ “Би өмнө нь дүрэмт хувцас өмсөх дургүй, эрээн мяраан хувцас өмсдөг байсан. Харин одоо дүрэмт хувцсаа өмсдөг сурагч болсон” гэж ирээд өчнөөн урт сэтгэгдэл бичжээ. Г.Жавзанпагма охин “Би өмнө нь чипс, хийжүүлсэн ундаа зэргийг их иддэг байсан. Одоо бол эд нарыг идье ч гэж боддоггүй” гэжээ. Ер нь хүүхэд бүр л хийжүүлсэнундаа, бэлэн гоймон, чимпс идэхээ больсон гэж бичсэн байна лээ. Нэг хүү бүр “Өглөө хичээлд явахад аав, ээж босохоосоо залхуураад идэх юм хийж өгдөггүй. Юм идэхгүй гарч болохгүй гэдгийг ойлгосон болохоор буцалсан ус уугаад хичээлдээ явдаг” гэж бичсэн харагдав.

“Ес зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөр хэрэгжсэн нь сургуулийн нийгмийн ажилтны ажлыг хөнгөвчилсөн гэнэ. Өмнө нь хүүхдүүдийг болохгүй юм хийх бүрд нь өрөөндөө авчирч шүүгч маягаар ажилладаг байсан нийгмийн ажилтан одоо тэгэхээ больжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтных нь оролцоо өндөр юм билээ. “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын О.Туяа ирэх намраас нийгмийн ажилтнуудыг сургах аргаар сургуулиудад хөтөлбөрөө түгээх бодолтой байгаа гэсэн. Тэрээр “Бурханы шашин 2550 жилийн түүхтэй.Сэтгэл судлалын 2550 жилийн түүхтэй шашин. Та өөрөө өөрийнхөө аврал, хүний дотоод сэтгэлээс бүх юм шалтгаална ч гэдэг юм уу, үзэл онол зөв бодлоор төлөвшдөг, буруу үзэл төлөвшвөл үйлдэл буруу болно гэх мэт сэтгэл судлалын асар том үзэл баримтлал байгаа юм. Дан ганц шашин гэдэг талаас биш ухаанаас нь санаа авч хялбаршуулаад нийгмийн ажилтнуудад ойлгуулъя гэж бодож байгаа. Бясалгал гэхэд л асар их ач холбогдолтой. Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал оюун ухааныг амраадаг гэж шинжлэх ухаан нотолчихсон” хэмээн ярилаа. Хархорины сурагчид хичээлийнхээ үеэр анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг аж. Тогтож өгөхгүй гүйж харайдаг хүүхдүүдэд хүртэл өөрчлөлт гарч байгаа гэнэ.

О.Туяа “Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал бол бясалгалын анхан шат. Уураг тархи өдөр, шөнөгүй ажилладаг. Унтсан ч оюун ухаан амардаггүй. Зөвхөн амьсгал дээр нь төвлөрүүлчихээр ямар ч бодол төрөхгүй, уураг тархи амардаг. Ийм дасгал хийгээд эхэлсэн хүүхдүүд өмнө нь анзаардаггүй байснаа анзаардаг болдог. Тусалъя гэж огт боддоггүй байсан нь тусалъя гэж бодож эхэлдэг” гэж ярилаа.“Орхон” цогцолборын Энхтуяа захирал сургуулийнхаа олон нийтийн арга хэмжээний үеэр сурагчидтайгаа хамт анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал хийдэг гэсэн. Энэ хөтөлбөрийг онцгойлж дэмждэг хүмүүсийн нэг аж.

О.Туяа санаачилж хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө өгөөжийг “Дээрэнгүй хандаж, хүнтэй мэндэлдэггүй, уучилж чадахгүй бол хэн ччамайг хүндэлж харилцахгүй гэхээр сайхан харилцах ёстой юм байна гэсэн бодол хүүхдэд төрдөг. Сайхан харилцаатай, бие чинь эрүүл байлаа ч мэдлэггүй бол юм хийж бүтээж чадахгүй гэдгийг тайлбарлаадөгчихөөр бие, хэл, сэтгэл гурав хүнийг бүрдүүлдэг цогц зүйл гэдгийг хүүхэд ойлгодог. Энэ талаас нь хялбарханаар хэлж өгсөн нь манай хөтөлбөрийн давуу тал” гэж энгийнээр тайлбарласан. Үүрцайх багштай өдрийн хугас яриа өрнүүлэхэд байсгээд л “Ёс зүйт зөв хүүхдийн есөн дадал” хөтөлбөрийг сургуулийнхаа бусад сургуулиудад түгээх “брэнд” хэмээн онцолж байлаа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Амралтын олз

Гуравдугаар улирлын амралт эхэлж хөдөө гэртээ хариад хийх ажил ч үгүй, хэдэн гэрийн хооронд гүйгээд л, амттай шимттэй юм олж үмхээд л, ер нь нилээн хүндлэгдсэн амьтан хэд хонолоо. Нэг өглөө их гэрт, эмээ ээжтэйгээ энэ тэрийг ярьсан шиг хэвлүүтэн байтал шонгийн тэнд “Дамираан чи хаана байна аа” гэх чимээ гарав. Аавын дууг сонссон би дороосоо юм хатгуулсан мэт огло үсрэн бослоо. Аав морио эмээллэчихсэн юманд явах гэж байгаа шинжтэй харагдана. Шогшоод очтол аав,

-Би адуунд явлаа. Хоёр гурав хоног бараагий нь харсангүй. Юу болж байдаг юм бол. Тэнгэрийн янз ч олиггүй болох нь. Чи гэр сахинаа. Тэр хул үрээгээрээ мордоорой. Хамгийн гол нь үхэр… Хоёр ч тумай гунж тугаллах дөхчихсөн байгаа. Сарман гунж бол өнөө маргаашгүй болж билээ. Түүний эх нь шилэрдэг гэмтэй юм. Үр нь дуурайсан байхаа ядахгүй. Чи түүнээс битгий нүд салгаарай. Хэрэв чи түүнийг шилэргэчихвэл шууд л зуслангаад очоорой. Тэнд буханд гарсан юм. Тийшээ л явна… Мэдэв үү гэснээ үгийн хариу сонсолгүй нэг муухай харчихаад эргээд явчихлаа.

Би дуугүй л хойноос нь хараад зогсож байтал аав мордоод явснаа эргэж хараад “Юугаа хийгээд эргүүтээд байгаа юм бэ. Үхэр рүүгээ мордооч” гэж ташуураа занган хашгираад хойт толгой дээгүүр даваад явчихав. Би ч айсандаа, гэрт ч буцаж оролгүй, үхэр рүү явав. Үхэр маань тэрүүхэн булан дэрсэнд харагдана. Олонх нь хэвтэж байна. Аавын захиснаар нөгөө гунжийг нь харвал, хэвтэж байснаа намайг үзмэгц босон харайгаад сармайтал харж байна. Би морио тушчихаад, бөөн дэрсний нөмөрт суугаад тамхиа татаж эхлэв. Би л томчуулын маягаар хэлж байгаа болохоос өнөөх нь жинхэнэ тамхи биш, туулайн баас юм. Нагац ах өхөөрдөөд пийсүү ногоон соруултай жижигхэн ганс бэлдээд, эгч хоргойны өөдсөөр хавтага оёод өгчихсөн болохоор туулайн баас татахдаа би томчуулаас дутуугүй гэж л бодно. Харин ааваас тас нууж, үхтлээ айна. Ээж аль цагийн мэдээд аавд хэлснийг нь би мэдэхгүй л айгаад байсан юм билээ. Аав намайг сургуульд орохын урьд жил нэг өдөр худаг дээр хонь усалж байснаа “Аав нь гансаа гэрт орхичихож. Алий миний хүү ганс тамхиа өгөөч” гэж пал хийтэл асууж билээ. Би ухаан алдталаа айгаад “Бай… байх… гүй” гэсэнд, аав “За битгий золиг оргиод бай. Ламсүрэн та хоёр хуйвалдаад туулайн баас татдагийг чинь аль цагийн мэднэ. Аав нь багадаа татаж байсаан. Айхтар ходоодоор дамжчихсан, угаасаа өвсний үндэс юм болоод биед зүв зүгээр юм билээ. Харин би цэрэгт очоод туулайн баас олж чадахгүй, улаан тамхинд орж буруудсан. Харин миний хүү тамхи битгий татаарай, шал дэмий шүү. За алий тамхиа” гээд гараа сарвайв. Би хулчганасаар гансаа гаргаж өгвөл аав, энэ чинь тамхи татсан болохгүй л дээ гэж голсоор авч билээ.

Энэ бүхнийг бодоод туулайн баас татаж хөлсөө гаргаж суухдаа, хааяа нэг нөгөө гунжийг харна. Нэг харахад босчихсон байснаа, төдхөн хэвтчихсэн байна. Тэгснээ босоод дэрсний сор хэл ороон сөрмөж байснаа дорхноо хэвтсэн байна. Тэр л босож, хэвтэж байхаас бусад үхэр налайтал хэвтээд тавтайяа хивж байхыг харахад дэрсний нөмөрт жаахан унтмаар санагдана. Сайхан зүүрмэглэх аядаж байтал манай зүүн хар толгой дээр нэг морьтой хүн гарч ирээд, буусан ч үгүй тэрхэндээ жаахан эргэцэж байснаа, над руу ирэх янзтай наашаа чиглэн явж байгаад гэнэтхэн, манайх руу давхичихав.

Би, энэ хүний байдал ч мань Хөх л байхаа даа. Манайханд буучихаад, намайг үхэр дээр яваа гэхээр хүрээд ирэх байх. Эндээ хүлээж л байя гэж бодсон хэр нь очмоор хорхой хүрээд болдоггүй. Сарман гунж руу нэг харлаа. Хээвнэг, хивээд л хэвтэж байна. Харьчихаад ирэх хооронд энэ муу хаачаа л гэж бодоод гэр рүүгээ давхичихлаа. Гэрийнхээ урд толгой дээр гараад очвол, мань Хөх мордох гээд шонгоос морио тайлж байснаа, намайг хараад болив бололтой, нэг харахнаа, манайхаад явж байна. Би улам яарав. Энэ Хөх гэдэг бол үеийнхнийх нь өгсөн хоч. Нэр нь Дашдэндэв гэдэг, надаас гурав дөрвөн насаар ах. Багийн даргын дүү эдний эмээ ээжийн хуурай хүү учраас түүний тусаар сургуульд суугаагүй юм гэж томчуул ярихыг сонссон л юм. Үнэн худлыг мэдэхгүй. Юу ч гэсэн сургуульд суугаагүй, том хүний маяг үзүүлэн тамхи татаж, тогооны нэрмэл балгаж суудагсан. Энэ мэтийг бодмоглон яарч хариад, морио хальт мөлт уясан болоод гэртээ яаран орвол мань эр, манай баруун хойморт завилан суучихсан, тамхи нэрж харагдана. Намайг харуут хэлхгэр өврөө суйлаад, даавуунд боодолтой юм гаргаж надад өгөхдөө “Ажаа, ээж хоёр өгч байна лээ. Яах гэсэн юм бол доо. Шалавхан сургуулиасаа гарч ирээд хэдэн хонио маллаг гэхгүй л байгаа юм даа” гээд тамхинд шарлачихсан хэдэн тагжгар шүдээ шазайлган хөхрөв. Би хэзээнээс айл аймаг байж дассан Цэвээн, Тогтох гэдэг хоёр эмгэн гараа гаргаж хийсэн тос даасан сайхан шар хурууднаас элтэж идээд найз хархүүгийнхээ аманд орчих шахан байтал ээж “Миний хүү, өнөөх үнээгээ мартаагүй биз” гэж сануулав. Би ч огло үсрэн босов. Мань Хөх ч “Цугтаа мордъё” гэв.

Бид хоёр энэ тэрийг ярьсаар манай үхэр байсан газар хүрч очвол бараа туруу ч алга. Би сандрахдаа “Өнөө муусайн мялан чинь алга” гэсэнд найз маань “Тэр хаачдаг юм. Урд хонхор руу л ороо биз” гэж хээвнэг хэлж байна. Давхиад урд дэл дээр гарвал, түүний хэлснээр манай үхэр харагдаж байна. Хамгийн түрүүнд сарман гунж санаанд ороод харвал алга шиг санагдав. Би мориод авиран, найзаасаа түрүүлээд үхэр дээрээ очвол нөгөө муу гунж чинь нээрэнгээсээ алга. Үхрээ хэд тойрч үзээд байдаггүй.

-Өнөөх чинь алга. Шилэрчихжээ дээ.

-Зун хаана байлаа танайх.

-Урсагын баруун дэнж дээр.

-Тэгвэл тэр чинь буханд гарсан газар руугаа явсан хэрэг. Шалавхан тийшээ явъя. Хоёул тугаллачихаас нь өмнө хөөгөөд ирье.

Ингэж хэлээд Дашдэндэв маань морио баруун тийш эргүүлэв. Би ч дагалаа. Тэнгэр нилээн янзгүй бүүдгэр саарал үүл нүүгээд хөх салхи үлээнэ. Бид хоёр Урсага руу яаран давхив. Усны зүүн толгой дээр гараад ийш тийш харвал, манайхны зуслангийн дэнж дээр ганц мал бөртийж харагдана. Дашдэндэв, надаас түрүүнд түүнийг харсан янзтай “Муу хог чинь, тэнд байна. Яасан бухсаг хог вэ. Тугаллахдаа хүртэл түүнээс анадаг байна” гээд түрүүлээд давхив. Бид яаран яаран очиход, үнээ маань тугаллачихсан, чөчийсөн хар тугал босож ядан шургачиж, эх нь нялх үрийнхээ хальсыг долоолж харагдана. Найз маань “Бадиагийн хар бух таалчихаж” гээд буун харайсаар дөхөж очвол сарман гунж улаан нүдээ эргэлдүүлэн хамраараа хуухиран дайрч шов хэврээ сүвээнд нь шигтгээд шидэхэд бэлэн байна. Найз маань “За яахав. Энэ ингэж байг. Хоёул адсага шир, эсгий навтас ч бол хайя. Уг нь морин дээр дүүрээд явчихаар юм. Чи бид хоёрын хэнийх нь ч морь дүүрүүлэхгүй. Муусайн адсага шир олж дээр нь тавиад дамжлаад, үгүй бол чирээд явахыг бодъё” гэв. Хоёул энүүгээр тэрүүгээр, хонхор хотгороор нилээд хайж байж, нэг тэмээний хатсан хөм оллоо. Өнөөхөө авчраад харвал, нөгөө муу тугал чинь чичрээд хариугүй осгох янзтай байна. Харах нь ээ нимгэн хөвөнтэй дээлтэй найз маань ч тугалаас дээрдэх юмгүй даарч холчгонож байх юм. Намайг үхэрт явахад ээж “Миний хүү хувцсаа зузаал” гээд эргэхэд нь би хавар болчихоод байхад үстэй дээл өмсгөх нь гэсэн шиг дүргүйлхэж байтал ээж минь эгчийн зузаан хүрмийг бариад гарч ирж билээ. Миний царайг харсан найз “Ээ мөн сайхан эд байна. Өмс өмс” гэж билээ. Дотроо дургүй өмссөн энэ хүрэм намайг дулаан явуулснаар барахгүй нялх тугалын аминд орох учиртай байж.

Би хөвөнтэй хүрмээ тайлаад, тугалаа хучаад, цулбуураар даруултал найз минь чирээд явав. Хоёр морио хөтлөөд би дагалаа. Харин нэг гайхалтай нь, өнөө сарман үнээ чинь, тугалыг нь юманд боогоод явахад яах ч үгүй, хааяа нэг хамраа дуугаргачихаад л, улаан нүдээ эргэлдүүлэн дагаад явж билээ.

Бид хоёр тугалаа ээлжилж, заримдаа хоёул нийлж чирсээр, одоогийн хэмжээгээр арав гаруй хилоомээтр газар яваад манай гэрийн барааг харж билээ. Нохой боргох чимээгээр эгч гарч харснаа буцаад орчихлоо. Төдөлгүй ээж эгч хоёр минь, хормойгоо өшигчин гүйсээр бид хоёрыг тосон ирэв.

Гэрт оруулсан хойно нялх тугал чичрээд байхаар нь ээж, нэрмэл архинд шар тос хийж халаагаад цутгаад өгчихөв. Тугал гэрийн хаяанд бэгцийн зогсож байснаа, дулаацсан янзтай халуун зуухнаас эхлээд, гэр доторхийг том алаг нүдээ эргэлдүүлэн хараад сулхан мөөрөв. Бодвол, “Би амьд шүү” гэж эхдээ дуулгаж байгаа бололтой.

Тугалтай цуг, шар тос нь хайлмагтсан нэрмэл уусан Дашдэндэвийн маань дуу бас наашилж “Энэ мөн ачтай сайхан идээ шүү” гэсэнд бидний бараанаар манайд цугласан айл хунарын хүүхэн чавганц нар хөхрөлдөв. Халуун зуухны хойно хонины азарган нэхий дээлэнд хучаатай хэвтэж байгаа миний ч инээд хүрч, хүмүүсийг дагаад хөхөрч байлаа. Дашдэндэв зэвүүрхсэн янзтай

-Та нар инээж хөхөрч байна. Уйлж урвайхад амархан байсан шүү. Би үнээ тугаллачихсаныг хараад айчихсан. Энэ хүйтэнд тугалыг нь осгоочихгүй юмсан гэж аргаа барсан шүү. Хэрэв энэ тугалыг осгоосон бол юу болох вэ. Энэ айлын буяныг ёстой бузарлах байсан даа… гэсэнд ээж

-За юун ч сүрхий юм гэв. Мань эр

-Хөөе та юу гэж байгаа юм. Танайх шиг үхэртээ хайртай айл энэ Хорин, Зуутын хонхорт өөр байхгүй. Айл малдаа хайртай л байдаг. Тэр дундаас танайх гойд. Танайх өвөл нэг үхэр идшинд хэрэглэдэг. Тэгсэн хэр нь өөрийнхөө зэлнээс барьдаггүй. Хэрэв өөрийн үхрээс хэрэглэх бол айлтай солих юмуу, хүнээс худалдаж авдаг. Ерөөсөө танайх үхрийнхээ зэлний дэргэд цус гаргадаггүй. Нэг удаа Сүрэн гуай “Сүргийнх нь дэргэд мал нядлах муу, мал өсдөггүй” гэж байсан. Тэр их учиртай үг гэж би бодоод л байдаг юм гэв.

-За за магтаал чинь болно. Аягүй бол амнаас ам дамжаад хар цагаан хэл ам хүрнэ, яршиг цаашаа… гэж ээжийг хэлсэнд Дашдэндэв,

-Үнэн юм чинь хичнээнхэн хэл ам хүрдэг юм бэ бурхан өршөөтүгэй гээд тооноор тэнгэр харснаа, би чинь тэмээ хураах ёстой. Орой болж байна явъя… гээд зүүн ор руу харсанд, миний өмсөж байгаад, тугал хучсан хүрэм нүдэнд нь туссанд Дуламжавынхүрэм ч өнөөдөр хүн, мал хоёрт ач тусаа үзүүллээ… гэсэнд ээж,

-ЭнэДашдэндэв чинь нүцгэн шахуу яваа юм байна шүү дээ. Тэр охины хүрмийг зад татчихнаа. Алив яваад Бадиагийнхаа шинэ хүрмийг аваад ир… гэсэнд эгч шурхийв. Төдөлгүй эгч маань, өнгийг нь утаж борлуулаад, шар өнгийн зосоор ланз хээ тавьчихсан нэхий хүрэм бариад орж иртэл, ээж “Дашдэндэвт өг” гэв. Мань эр, өөртөө жаахан элбэгдсэн хүрмийг хэдэрч үзсэнээ,

-Энэ буян үүний чинь хүчинд хэдэн тэмээгээ олж аваад харья… гээд өндөлзсөнд эмээ ээж,

-Тэгж үз хүү минь, оройтчихно шүү. Мэдээтэй яваарай гэж захив.

Мань хүн, над руу нэг хяламхийснээ “За баяртай. Сургуульдаа сайн яваарай” гэчихээд гарав.

Би нэхий дээлээр хучаатай унтаж байснаа, духан дээр хүйтэн гар хүрэхэд нь сэрлээ. Аав, миний толгойг дарж үзээд “Энэ мааньдаарчихаа юу” гэсэнд ээж “Өнөө сарман гунж чинь хөдөө тугаллачихаад, ашгүй муу Хөх таарч авчиралцаад” гэхчилэн товчхон хэлэв. Аав орж ирээд анзаараагүй байсан юм байлгүй. Баруун урд хаяанд хэвтэж байгаа тугал хараад ухасхийн босож хоншоор, магнайг нь ханцуйгаараа зөөлхөн илсэнээ, сүүлийг нь сөхөж хараад “Манайүхэр өсөх нь ээ” гээд инээснээ, над руу ирж, дахин толгойг минь дарж үзээд “Энэ маань салхи авчихаа шив дээ. Халуурч байна. Алив жаахан архи халаагаатах. Ороолт хийхээс” гэж ээжид хэлээд миний бүх биеийг барьж, дарж илж үзээд,

-Энэ маань, хоёр гурван жил сууринд сууж, халуун байранд пэгнэж байгаад бүр хүүршчихээ шив дээ. Уг нь ч Урсгын хойт дэнж дээр хөл нүцгэн таваргаж өссөн л хүүхэд юмсан. За одоо яая гэхэв. Ийм болох цаг нь ирсэн юм байгаа биз… гэтэл ээж “Энэ болох уу?” гээд шанагатай халаасан архиа өмнө нь барив. Аав хуруугаа дүрж үзээд “Болноо. Хар даавуу аваад ир” гэв. Ээж төө илүүхэн өргөн, хоёр тохой хэрийн урт байх гэмээр хар далимба аваад ирэв. Аав архинд даалимбыг дүрж нэвтлээд, халуун чигээр нь миний цээжийг ороогоод “Эгчийнхээ орон дээр цаагуур нь унт” гэв.

Нойрон дунд эгч “Битгий тийчлээд байгаач” гээд хэд сүрхий ёворсныг л муухан мэдэж билээ. Их хөлөрсөн хэрэг. Нэг мэдэхнээ, өглөө болчихсон, үхэр тугал мөөрөлдөж, хүүхэн чавганц нар, хүүе хайя болж байв. Хуучин шигээ босон харайгаад л нүцгэн гадаа гарах гэсэнд “Юм нөмрөхгүй юү” гэж аав зандрав. Айхдаа, би унинд хатаах гээд өлгөсөн дээл байх шиг болохоор нь шүүрч авч нөмрөөд гарч шээж байвал ээж минь, сарман гунжийг саагаад тугалыг нь тавьж өгч байгаа харагдана. Хар тугал сүүлээ моодгонуулан халуун сүүгээ хөхөж байхад эх нь над руу хараад эвшээж байна. Мал эвшээхэд монгол хүн бэлгэшээдэг л юм чинь, би ч бас энэ амьтан, алаг үрээс минь салгаж амьдын хагацал болгосонгүй гэж бидэнд баярлаж байгаа ч юм бил үү гэж бодлоо. Гэрт орж ирсэнд аав мушилзаад “Энэ чинь нойрмоглоод хээгээ алдах нь ээ. Тэнд өлгөөтэй байсан муу таар нөмөрчихсөнийг нь хараач” гэснээ хуруу даран нэг юм тоолж эхлэв. Тэгж байснаа “Юу вэ энэ чинь. Миний хүү чинь хоёрхон хоноод явах нь байна шүү дээ. Цөөхөн хоног гэртээ байсан ч гэсэн миний хүү, тугалын гарзгүй амарлаа. Энэ ч миний хүүгийн амралтын олз мөөн”… гэтэл ээж тэндээс “Чи бидхүүгээ юугаар гийгүүлэв дээ” гээд инээсэнд аав “Арав хоног ч гэсэн сургуулийн дотуур байранд тэмээний булуу мэрүүлээгүйдээ” гээд, айхтар үг хэлж мадаллаа гэсэн янзтай нүдээ ирмэсэнд ээж,

-Энэ ямар тэнд ганцаараа байгаа биш.Олон аавын хүүхэд тэндбулуугаа хэмэлнэ үү, боорцогоо иднэ үү, хамаа байхав даа гээд аавыг хэлэх үггүй болгов. Аав тамхиа нэрж сууснаа “За байз, энэ хоёр хүүхдэд чинь ямар морь унуулдаг юм билээ” гэсэнд тэндээс эгч “Хөнгөн хөлтэй л юм унана. Бөөн сүүлт хээр энэ тэрийг унахгүй, олны газар хашин морьтой явахад ичмээр байдаг юм” гэж тэрхэндээ намжирдав. Аав охиноо нэг хяламхийснээ, охиныгоо энэ хооронд явгалчихгүй юм унуулнаа гэж аргадсан өнгөөр хэлэв.

Би гэгч хөөрцөг амьтан, сургуульдаа явна гээд хэдэн гэрийн дундхарайлгаж байтал явах өглөө болов. Аав зулбан зээрдийг, наадамд уядаг хүрэн морины хамт авчраад эмээллэчихсэн байна. Эгч маань, хэрдээ л гоёж гоодож байгаа бололтой, үс гэзгээ угааж самнаад л, үнэртэн цацаад л байна. Ээж, үсийг нь самнаж суухдаа ам нь хөдлөөд л байна. Бодвол, сумын төвд очоод биеэ яаж авч явахыг захиж байгаа биз гэж бодогдоно. Надад л олон таван юм хэлж үглэхгүй нь шиг байна. Ам лангайвал үглэж яншдаг юм чинь энэ удаа нэг өнжихөөр дөө гэсэн шиг бодож байтал нохой боргож хоёр талаас морьтой хүн ирж явна гэж гадаа хүмүүс ярих сонсогдоно. Би дотроо ашгүй, ингээд л мордоод явчихъя гэж бодож байлаа. Тэгтэл нэг танихгүй хүн ороод ирэв. Түүнийг аяганы амсар зуугаагүй байтал зүүн хотны нэг хүн орж ирэв. Хол ойрын хоёр эрэлчин мал сураглаж яваа бололтой. Аавыг эдэнтэй ярих хооронд гараад явчихъя гэж бодож байтал аав гаръя гэж над руу нүд ирмэв. Аав босох зуураа ирсэн хүмүүст “Та нар цай цүү ууж бай. Манай хоёр хүүхэд юманд явж байгаа юм. Би гаргаж өгчихөөд ирье” гэв. Аавыг түрүүлээд алхаж байхад нь би, сайн яваарай гээд хацар дээр үнсэхээс хэтрэхгүй нь дээ гэсэн шиг бодож явлаа. Аав шон дээрээс миний морийг хөтөлж ирээд

-За миний хүү номоо сайн үзээрэй. Тэгээд алив юман дээр үеийнхнээсээ илүү гардаггүй юмаа гэхэд, дутдаггүй юм шүү гээд баруун хацрыг минь үнсээд зүүн хацрыг нь ирэхээр нь үнсэнээ гэнгүүт морины цулбуурыг атгуулчихаад гэр рүүгээ алхав. Ээж минь нэг гартаа шанагатай сүү барьчихсан, охиноо дагуулчихсан өөдөөс нь гараад ирэв. Эгч нялуун зантай юм чинь гүйж очоод ааваар үнсүүлж л харагдана. Би ээжийгээ хүрээд ирэхээр нэг муу алиалахчаа болж “Ээж минь та, хүний, өөрийн яасан олон амьтны хойноос сүү өргөж байнаа” гэсэнд ээж инээмсэглээд,

-Миний өргөсөн цай, сүүний дээж хүүгийн минь өмнө цагаан зам татуулдаг л гэж боддог шүү. Алив нааш ир, үнсье гээд ханцуйгаараа амаа арчаад дөхөв. Би ч яахав, ээждээ хааяа хэгжүүрхэвч хэрэг дээрээ эрх хурга л юм чинь ухасхийгээд л элгэнд нь шигдэв. Ээж минь “Сайн яваад, сайн эргээд ирээрэй” гээд бидний явах зүгт дээжээ өргөж л байна. Намайг ээжид хоргодоод байхаар эгч “Хөөе явъя” гэж яарууллаа. Миний зэвүү хүрсэн шиг, энэ сум руу их яардаг юм шүү дээ. Суман дээр яаж явахыг нь ээж сайн захисан л байгаадаа гэсэн шиг бодогдоно. Тэгтэл ээж над руу хараад “За миний хүү аавынхаа захисныг хичээж яваарай” гэж сануулаад дээжээ бас л өргөв. Тэрүүхэн хооронд би, юу захилаа гэсэн шиг эргүүттэл аавын “Алив талаар миний хүү, үеийнхнээсээ түрүүлэхгүй ч гэсэн битгий хоцор” гэсэн үг нь нүдний өмнө дурайгаад ирлээ.

Х.ЗАНДРААБАЙДИЙ

2014 он

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчдийн жагсаалтыг гаргалаа. Энэ удаад ХБНГУ-ын канцлер дахин нэгдүгээрт бичигдсэн байна. Германы Засгийн газрын тэргүүн арван удаа уг жагсаалтад орохдоо таван удаа тэргүүлжээ. “Forbes” сэтгүүлд бичсэнээр энэ удаад А.Меркель Украины хямралыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Оросын Ерөн­хийлөгч В.Путинтай хэлэлцээ хийснийг онцолсон юм. Энэ нь хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчөөр тодрох шалтгаан нь болжээ.

Германы улстөрчдөөс уг жагсаал­тад нэгдүгээрт бичигдсэн хүн үгүй. Харин ХБНГУ-ын түүхэнд анх удаа­гаа канцлераар сонгогдсон эмэгтэй Ангела Меркель тэр­гүүллээ. Эмэгтэй улстөрчдөөс таван удаа уг жагсаалтыг тэргүүлсэн хүн дэлхийд байхгүй.

А.Меркель 2000 онд Христосын-Ардчилсан намын тэргүүнээр томилогдсон. 2005 онд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиар түүний удирддаг улс төрийн хүчин ялалт байгуулснаар Германд анх удаагаа эмэгтэй улстөрч Засгийн газрыг тэргүүлсэн түүхтэй. Түүгээр ч зогсохгүй тус улсын түүхэнд хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болсон.Бас нэгэн зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Анх удаагаа зүүн Германаас гаралтай улстөрч нэгдсэн Германыг удирдах болжээ. Энэ сонгуулиас хойш Христо­сын-Ардчилсан нам гурванудаа дараалан Бундестагийн сонгуулиар сонгогчдоос хам­гийн олон санал авч ялалт байгуулсан. Хамгийн сүүлийн буюу 2013 оны парламентын сонгуулиар германчууд А.Мер­келийг дэмжиж байгаагаа илэрхийлэн намынх нь төлөө саналаа өгсөн хэмээн судлаачид бичсэн байдаг.Тэрээр канцлерын албыг арав дахь жилдээ хашиж байгаа. Энэ хугацаанд олон удаа ард иргэдийн дунд санал асуулга явуулахад А.Меркелийн нэр хүндүргэлж өндөр байсан. Улс төр судлаачдын үзэж байгаагаар канцлерын улс орноо удирдаж буй арга барил, сөрөг хүчнийхэнтэйгээхэл амаа маш сайн ололцдог зэрэг нь нөлөөлсөн гэнэ. А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах хугацаанд ХБНГУ нь Европын Холбооны улс төр, эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэх болсон. Тиймээс ч өнөөдөр Европын Холбоог Германгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Канцлерийн жинхэнэ нэрийг Ангела Доротеа Каснер гэдэг. Хамбургт төрсөн боловч зүүн Берлин хотын ойролцоо орших Темплин хэмээх жижигхэн хотод өссөн. Шашны номлогчийн охин 1977 онд Ульрих Меркель хэмээх залуутай гэрлэж нөхрөөрөө овоглосон юм. Хожим нь тэд салсан боловч Ангела овгоо өөрчлөөгүй.Лейпцигийн их сургуулийг физикч мэргэжлээр дүүргэж, хожим нь доктор хамгаалсан. Тэрээр сургуульд байхдаа л сурлагаараа тэргүүлж байсныг ангийнхан нь дурсан ярьдаг. Хоёр Герман нэгдэхийн өмнөхөн буюу 1980 оноос улстөрд орсон. Зүүн Германы “Ардчилсан дэвшил” намд гишүүнээр элссэн боловч удалгүй хоёр Герман нэгдсэн. Тэрээр 1990 онд Христосын-Ардчилсан намын гишүүн болж тэр жилээ Бундестагийн гишүүнээр сонгогдсон. Нэг жилийн дараа гэхэдЗасгийн газрын гишүүн болж, Эмэг­тэй­чүүд, залуучуудын асуу­дал хариуцсан сайдаар томи­логд­сон юм. Тухайн үед ХБНГУ-ын канцлерын албыг хашиж байсан Х.Колийн дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд ийнхүү улс төрд нөлөөтэй болсон хэмээн ярьцгаадаг. Тиймээс А.Меркелийг “Колийн охин” гэдэг байжээ.

А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах болсноос хойш Герман, Америкийн харилцаа илүү ойр болсон. Түүний өмнө Г.Шрёдер Засгийн газрыг тэргүүлж байхад Герман, Орост хэт найр тавьж байна хэмээн А.Меркель нэг бус удаа шүүмжилж байсан. Мэдээжийн хэрэг үүнд Г.Шрёдер, В.Путин нарын хувийн харилцаа ч нөлөөлсөн. Харин А.Меркель канцлер болсноосоо хойш энэ “алдааг” залруулсан юм. Өдгөө ХБНГУ нь АНУ-ыг дэмжих бодлого явуулж байгаа бөгөөд Америкийн Европ дэх хамгийн гол түнш нь.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Украины байдал улам бүр хурцдаж, ОХУ бо­лон барууны орнуудын харилцаа илүү ээдрээтэй болсоор байгаа. Асуудлыг зохицуулахын тулд А.Меркель өнөөд­рийг хүртэл чамгүй хү­чин чармайлт гаргаж байгааг бүгд мэднэ. Энэ амаргүйүед Германы канцлер Америк, Оросыг ойлголцуулах гүүр нь болж өгсөн. Украины зүүн нутагт болсонзэвсэгт мөргөлдөөнийг даруйхан зогсоох зорилгоор канцлерын санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Минск хотноо Герман, Франц, Орос, Украины дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан юм. Украиныг хямралыг зохи­цуулах зорилгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд А.Мер­кель Ерөнхийлөгч П.Порошенкотой зөвхөн утсаар гэхэд 70 удаа ярьсан байна.

Өнгөрсөн тавдугаар са­рын есны өдөр Москва хот­ноо Ялалтын баярын 70 жи­лийн ойг тэмдэглэсэн билээ. Оросын эрх баригчид олон орны төр засгийн тэргүүнүүдийг баярын арга хэмжээнд оролцохыг урьсан. Гэвч дийлэнх нь очоогүй. Харин ХБНГУ-ын канцлер А.Меркель тавдугаар сарын 9-нд бус 10-ны өдөр Москвад очсон. Өөрөөр хэлбэл баярын гол арга хэмжээ болсны маргааш нь гэсэн үг. Оргүйгээс охинтой нь гэдэг шиг оросууд канцлерын айлчлалын талаар “огт ирээ­гүйгээс л дээр” хэмээн бичсэн. Канцлер Москвад байх­даа мөн л Украины хямралын асуудлаар Оросын Ерөнхий­лөгч­­тэй хэлэлцээ хийсэн юм. А.Меркель, В.Путин хоёр Кремльд уулзахдаа орчуулагчгүйгээр ихэд нухацтай ярьж байсан тухай “Der Spiegel” сэтгүүлд тухайн үед бичсэн байдаг.

Германы төрийн хариуцла­гатай албан тушаалтнуудын утсыг Америкийн тусгай албаныхан чагнасан, Украины хямрал, эдийн засгийн хямрал гээд А.Меркель Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа олон амаргүй асуудлуудтай тулгарсан. Профессор, химич И.Зауэрийн гэргий, канцлер А.Меркель энэ бүхнийг шийдэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласаар байгаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Амарсанаа хүүгийн аз жаргал

Баасан гариг Б.Амарсанаа хүүгийн хувьд онцгой ач холбогдолтой өдөр байлаа. Энэ өдөр хүүгийн төрсөн өдөр төдийгүй сургуулийнхан түүнд онцгойлон хүндэтгэл үзүүлсэн юм. Учир нь хүү саяхан Тайваньд болсон Зүүн Азийн тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн. Нийслэлийн 70 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Б.Амарсанаа, “Билэг оюун” сургуулийн 10б ангийн сурагч Г.Бямбасүрэн нараар аав ээж ах дүү хамаатан садан, сургуулийнхан нь төдийгүй олон монгол хүн бахархаж буй. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг уг олимпод тэд Монголоо төлөөлж амжилттай оролцоод ирсэн юм. Тэд уг тэмцээнд боче хэмээх шинэ төрлийн спортоор өрсөлдөөд, зохион байгуулагч орны тамирчдыг 6:0-ээр буулгаж авсан гэнэ. Боче нь талбайн голд байрлуулсан цагаан бөмбөг рүү өөрсдийн өнгийн бөмбөгийг өнхрүүлэн төвд хамгийн ойрхон зогсоож чадсан нь ялагч болдог спорт юм байна. “Боче спорт хүүхдийн мэдрэмжийг сайжруулж, орон зайн баримжаатай болгохоос гадна тэнцвэрийг хөгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төдийгүй бусад хүүхдүүдэд ч ач тустай гэж 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Л.Очгэрэл хэлсэн. Тэрбээр сургууль дээрээ энэ спортыг хөгжүүлэхийг хүсч байгаа юм байна. Б.Амарсанаа хүүгийн ээж Д.Гэрлээгээс хүүгийнх нь талаар тодрууллаа. “Хүү чинь оюуны чадвар тун бага. Гурван настай хүүхдийн дайтай” гэж эмч нар түүнд хэлжээ. Тийм болоод ч тэр үү Б.Амарсанаа хүү хамаатан садныхаа багачуудтай тоглох дуртай аж. Б.Амарсанаа хүүгийн хувьд уншиж бичих сурах нь амаргүй даваа ч бие бялдрын хөгжил сайтай учраас спортод амжилт үзүүлж яваа. Хүү мөн Монголынхоо тусгай олимпод оролцож, 50 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль авсан гэнэ. Тэр бас сургуулийнхаа сагсны секцэнд явдаг.

Боче хэмээх шинэ спортод монголчууд амжилт гаргах боломжтой нь харагдсан ч дасгал сургуулилт хийх боломж хомс, тусгай зориулалтын талбай шаарддаг онцлогтой юм байна. Гэсэн ч хүүгийн эмээ өвөө, гэрийнхэн ньтуслаж дэмждэг аж. Б.Амарсанаа хүүг аутизмтай гэдгийг гэрийнхэн нь өнгөрсөн жил л мэджээ. Солонгосоос ирсэн эмч нарт үзүүлж байж л оношоо бүрэн тогтоолгосон гэнэ. Хүүгээ нэг л болохгүй байгааг ойлгосон ээж нь багш нартай нь уулзаж, эмч нарт хандаж, төрийн бус байгууллагаас ч мэдээлэл авч эрэл хайгуул хийсээр өнөөг хүрчээ. Хүүхдүүдийг Тайвань руу эцэг эхчүүд нь өөрсдийн зардлаар авч явсан гэнэ. Монголын Тусгай олимпийн хорооноос Б.Амарсанаа хүүгийн ээж рүү утасдаж, ийм тэмцээнд оролцох уу хэмээн лавлахад “Би хүүтэйгээ оролцох боломжтой. Олдсон боломж болгоныг ашиглана” гэж хэлсэн аж. Хүүгийнхээ төлөө бүхнийг хийдэг ээжтэй болохоор Б.Амарсанаа жаргалтай яваад эргэлзэхгүй байна.

Аутизмтай гэж өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг оношилдог. Хэрэв Б.Амарсанаа хүүд өөрийнх нь дуртай орчинг бүрдүүлж өгч чадвал хүү аз жаргалтай амьдарна. Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг өөрчлөх, засахгэж оролдохын оронд орчин тойронд нь байгаа хүмүүсийг, амьдрах орчныг нь түүнд зохицуулж өөрчлөх нь хялбар гэж зарим мэргэжилтнүүд үздэг юм билээ. Хэрэв түүнд хөгжих боломжийг олговол Б.Амарсанаа хүү эх орныхоо нэрийг гаргаж чадна. Хамгийн чухал нь Б.Амарсанаа хүү, түүнтэй адил оюуны бэрхшээлтэй олон хүүхэд жаргалтай амьдраасай билээ. Ойлгож, мэдэрч, дэмжиж чадах хүмүүс ойр тойронд нь олон байгаасай хэмээн ерөөе.

Б.ЯНЖМАА