Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Монголын хил гаалийнхан хоёр хөл нь гозойж, ил гарчихсан цогцос харалгүй гаргачихжээ

-ХЯТАДЫН ХИЛЭЭР ЦОГЦОСТОЙ ВАГОН ДӨНГӨЖ НЭВТРЭХЭД

ХИЛ ГААЛИЙНХАН НЬ МЭДСЭН БАЙНА-

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрсэн зэсийн баяжмал ачсан вагонд БНХАУ-ын Эрээн хотын хилийн албаныхан хяналт шалгалт хийж, хүний цогцос байсныг илрүүлсэн билээ. Урд хөршийн хилийн боомтынхон манай улсын хилийн албаныханд хилээр цогцос орж ирсэн талаар шуурхай мэдээлэл өгч, хоёр улсын хамтарсан ажлын хэсэг гарч,цогцсыг аль улсын иргэн болохыг тогтоох ажлыг хамтарч хийсэн байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн оролцсон шинжээчдийн баг цогцсыг Монгол Улсын иргэн болохыг тогтоожээ.

БНХАУ-ын Эрээн хотын боомтын зөвлөл талийгаа­чийн цогцсыг манай улсын хил гаалийнханд хүлээлгэж өгсөнбайна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хилээр цогцос нэвтэрсэн хэрэгт Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн байгууллага цогцсыг хэн болохыг олж тогтоосон. Талийгаач Дархан-Уул аймгийн харьяат Орхон аймагт буюу Эрдэнэт хотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй 54 настай Б.Хүрэлбаатар байсан аж. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр Эрдэнэтээс БНХАУ-ын Эрээн хот орох зэсийн баяжмал ачсан вагон хөдөлсөн гэнэ. Ачааны вагон замдаа дөрвөн удаа түр зогсолт хийжээ. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн зангилаа, суудлын вагон зөрүүлэх үүднээс Түнхэл тосгон, Улаанбаатар хот, Замын-Үүдийн хил дээрзогсоод улсын хилээр урд хөрш рүү нэвтэрсэн байжээ. Учир битүүлгээр амь насаа алдсан Б.Хүрэлбаатар ачааны вагонд зэсийн баяжмалд толгой нь далд ортол зоогдсон,хоёр хөл нь гозойжил харагдсан байдалтайгаар амь насаа алдсан байсан гэнэ. Мөн халуун наранд цогцос муудаж өмхийрсөн байсан гэдгийг ч эх сурвалж онцолж байлаа. Юуны учир гарсан зэсийн баяжмал ачсан вагоноос Б.Хүрэлбаатар гэх иргэний цогцос олдох болов, гадны нөлөөтэй амь насаа алдсан байж магадгүй гэсэн таамаглалыг хэргийг мөрдөж байгаа цагдаа нар дэвшүүлэн ажилласан байна. Ингээд шалгалтаар талийгаач Б.Хүрэлбаатар тавдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд олон малтай айлд очиж мал хариулахаар гэрээсээ гарсан байна.Очсон айлдаа хоёр хоноод “Гэр лүүгээ буцлаа. Бие өвдөөд байна. Малыг чинь хариулж чадахгүй нь” гэх утга бүхий зүйл хэлээд Түнхэл тосгон руу хүргүүлжээ. Үүнээс хойш ор сураггүй алга болсон байна. Цогцост үзлэг хийсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр “Талийгаач гадны ямар нэгэн нөлөөгүй амь насаа алдсан. Нас барах шалтгаан нь амьсгалын дутагдлаас болжээ” гэж гаргажээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Түнхэл тосгонд очоод согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ зэсийн баяжмал ачсан вагон руу шатаар авирч гарсан байж болзошгүй. Вагон дээр гарахдаа хөл алдаж зэсийн баяжмал руу толгойгоороо унаад амь насаа алдсан байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын Эрээн хот дахь хилийн боомтын зөвлөл манай улсын хил гаалийнханд нэгэн зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Уг зөвлөмжид “Сүүлийн үед Монгол Улсаас манай улс руу нэвтэрч байгаа вагон, авто машин зэргээс хууль зөрчсөн эд зүйлс ихээр орж ирж байгааг анхаарч ажиллана уу” гэх утга бүхий зөвлөмж хүргүүлсэн аж.

“Монголын тал хууль бус зүйлийг илрүүлж чадахгүй хилээргаргаад харинХятадууд түүнийг ньилрүүлдэг болчихсон”

Энэ талаар Замын-Үүдийн нэгэн албан хаагчтай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-Сүүлийн үед манай улсын хилээр урд хөрш рүүэд зүйлс хууль бусаар гаргах нь ихэссэн гэж сонслоо. Мөн урд хөршийнхөн манай хил гаалийн албаныхныг хяналт, шалгалтаа сайжруул гэсэн зөвлөмж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм зөвлөмж манай улсын хил гаалийнханд ирсэн гэсэн. Гэхдээ үүнийгээ дээш нь мэдэгдэхгүй гээд нууцалж байгаа юм билээ. Хятадын талаас манай хил гаалийнхныг маш зөв шүүмжилсэн асуудал гэж хүлээж авах хүмүүс ч байна. Ажлаа хийж чадахгүй байж эд нар юу юм гэсэн бодолтой нь ч байгаа бололтой. Өнгөрсөнхоёрдугаар сарын дундуур Замын-Үүдийн хогийн цэг дээрээс 40 настай хүний цогцос олдсон. Талийгаач хэрэгт холбогдоод байхдаа Хятад руу гарч, Эрээнд амьдарч байгаад эргэж орж ирэхдээ хөргөгчний цаасан хайрцагт нуугдаж хилээр нэвтрэх гэж байгаад бүтэж амь насаа алдсан. Тэр машиныг эхлээд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар дараа нь Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгасан байдаг. Тэгээд гаалийн байцаагч шалгасан боловч нэг нь ч илрүүлж чадалгүй хилээр нэвтрүүлсэн байсан. Харин сая зэсийн баяжмалд толгойгоо дүрээд хоёр хөл нь хүний нүдэнд харагдахаар гозойчихсон цогцос Монголыг хөндлөн гулд туулаад хилээр нэвтэрч байхад нэг ч хяналт шалгалтын байгууллага илрүүлж чадсангүй. Дүрэм журмаараа мэргэжлийн хяналтын байцаагч шалгасан байгаа юм. Дараа нь гаалийн гурван ч байцаагч шалгасан. Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамгийн сүүлд хяналт шалгалт хийгээд улсын хилээр ямар ч асуудалгүй, бүрдүүлсэн бичиг баримт нь бүрэн байна, ачаа тээшинд ямар нэгэн хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн эд зүйлс байхгүй гээд гарын үсэг зураад явуулчихсан байгаа юм. Тэгсэн Хятадын хилээр вагондөнгөж нэвтрэхэд хил гаалийнхан нь хүний хоёр хөл гозойж явааг харчихсан байсан. Тэгээд вагоныг шалгаад хүний цогцос байгааг мэдээд манай хилийн албаныханд мэдэгдсэн байсан. Энэ нь вагонд хяналт шалгалт хийлгүй хил нэвтрэх зөвшөөрөл шууд өгсөн нь ойлгомжтой байгаа биз дээ.

-Манайхан илрүүлж чадаагүй атлаа Хятадын талаас илрүүлсэн өөр баримт бий юү?

-Мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч нар нэн ховор амьтны эд эрхтэн, үнэт чулуу,нэн ховор үзмэр, бурхан шашны эд зүйлс,үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг, алт, малын түүхий эд, хөлдөөсөн чоно гээд хилээр гарахгүй юм байхгүй. Улайм цайм хууль бус зүйлс хилээр ороод ирж байхад хилийн мэргэжлийн хяналт, хил гааль, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан юу ч хэлэлгүй, нүд нь боолттой юм шиг л өнгөрөөдөг болчихсон. Үүний цаана мэдээж авлига хээл хахууль байгаа. Харин урд хөршийнхөн хяналт шалгалтаа сайжруулаад байгаа юм. Монголын талаас мэдэлгүй хил гаргачихсан алт, хөлдөөсөн чоно гээд их олон зөрчил илрүүлсэн. Удаа дараа хууль бус зүйлийг илрүүлж байна шүү дээ. Бүр сүүлдээ хэний ч нүдэнд ил харагдахаар хүний цогцос ил байхад нь мэдэхгүй байна. Замын-Үүдийн хяналт шалгалт хийж байгаа газрууд иймэрхүү байдалтай ажиллаж байна. Уг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан хилийн цэргийнхний ажлыг авахаас өмнө маш олон зөрчил илэрдэг байсан. Бурхан тахил, алт, хуурамч карт гээд л байнга л зөрчил илэрдэг байлаа. Одоо бол хэдхэн зөрчил илэрч байна. Саяхан гэхэд ховор амьтны эд эрхтэн их хэмжээгээр хилээр гаргахаар Замын-Үүдэд ирсэн этгээдийг цагдаа нар илрүүлсэн. Гэмт хэрэгтнүүд гурван шатны хяналт шалгалтыг ногоон гэрлээр гарах тохироогоо хийчихсэн байсан гэж энэ хавиар яриа гараад байгаа. Монголын хил гаалийнхан хууль бус зүйлийг илрүүлж чадахгүй хилээр гаргаад хятадууд илрүүлдэг болчихлоо. Намайг дотор нь ажиллаж байж ийм зүйл ярилаа гэж битгий бодоорой. Монголын хил, гаалийн үнэн дүр төрх энэ. Энэ бол Монголын нэр хүнд, эд баялаг, хууль, тогтоолтой холбоотой асуудал. Үүнийг дуугүй хараад, сонсоод сууж болохгүй.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой, Таван толгойн асуудлаарх Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн ишлэлүүд

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өдрийн сонин”-д Таван толгой, Оюу толгойн асуудлаар ярилцлага өгсөн билээ. Түүний хэлсэн ишлэлүүдийг хүргэж байна.

  • Оюу толгой төслөөс хэдэн төгрөг орж ирэх вэ гэдгийг л манайхан харж, ярьж байна. Оюу толгой төслийг дагаж хэдэн төгрөг олж болох вэ, Монголдоо хэдэн төгрөг бүтээж болох вэ гэдэг хамгийн чухал.

  • Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй.
  • Оюутолгой төслийг хөдөлгөх нь дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага болно.
  • Замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюу толгой төсөл хөдлөх болснооргадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямарч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа.
  • Таван толгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.
  • Сонгуульд ялсан улстөрчдийн шахааны газар болсон, үе үеийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулсан компани ажиллаж байна шүү дээ.
  • Оюу толгой төслийг анх хөдөлгөснөөр манай улсын ДНБ үндсэндээ гурав дахин томорсон.
  • Оюу толгойн далд уурхайн ажил эхэлснээр нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шууд утгаараа орох юм.
  • Жил бүр Монголд орж ирэх мөнгөн урсгал нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэнэ.
  • Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн мөнгө гэдгийг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид хэлдэг байсан.
  • Одоо таны халаасанд байгаа гурван төгрөг тутам дээр “Оюу толгой төслийн өгжөөжийн мөнгө” гэж нэг төгрөг нэмэгдэх бололцоотой боллоо.
  • Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор болсон.
  • Дотоодын эдийн засгийг хямраах, эсвэл өсгөх “дархлааны ганц вакцин” нь Оюу толгой болчихсон юм.
  • Дубайд болсон үйл явдал бол Оюутолгой төслөөр дамжуулж гадаад ертөнцөд эерэг мессэжүүдийг өгч чадсан.
  • Зочин уриагүй байж гэртээ хүн ирсэнгүй гэж уурлаад байж болохгүй биз дээ. Сая Ерөнхий сайдыг зочдоо урьж Дубайгаас урилгаа илгээчихээд ирлээ.
  • Дэлхийн стандарт болсон хооллох соёлоор эхлээд нэг, дараа нь хоёр, гуравдугаарт дисертээ иддэг. Тэгвэл манай зарим улстөрчид Оюутолгой дээр нэг, хоёрдугаар хоол хамаагүй, хамгийн түрүүнд бид дисертээ л идэх ёстой гэж зүтгэдэг.
  • Бидний өмнө Оюу толгой төслийг хөдөлгөөд жил бүр татвар болон бусад өгөөжийг нь хүртээд явах уу, өнөөдрөөс хойш зургаан жилийн дараа авах ноогдол ашгаа хүлээгээд суух уу гэдэг хоёр сонголт байна.
  • Ерөнхий сайдаа огцруулах, үгүй нь хамгийн олон суудалтай АН-ын л асуудал.
  • Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгож байгаа бол одоо бол дотооддоо ойлголцоод урагшаа явдаг цаг.
  • Бид баялгаа дэлхийн зах зээлийн үнээр нь худалдах зах зээлгүй, тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд хамгийн ойрхон байрлалтай л улс болж хоцрох нь.
  • Сонгууль дөхсөн нэрийдлээр хувийн ашиг хонжоо хайж улс орныхоо ирээдүйг барьцаанд тавьсан богино зайн улстөр хийж болохгүй.
  • Оюутолгой, Таван толгойн өмнө нь хийж байсан, одоо явж байгаа хэлэлцээрээр бол эдгээр төслийн менежментийг хэн хийх вэ гэдэг маргаан яваад байгаа.
  • Ерөнхийдөө л УИХ нь Засгийн газрын эрх мэдлийг булаацалдсан, Таван толгой төслийг хойшлуулах, бүдэгрүүлэх бүлэглэлийн улстөр л энд яваад байгаа.
  • Энэ консерциумтай хамтран ажиллах юм бол нүүрснээс экспортын 4.5 тэрбум ам.долларын орлого олно. Харин Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ явбал нүүрсний экспортоос таван жилд 990 сая ам.доллар олох юм.
  • “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ажиллах юм бол таван жилд 500 сая ам.долларын алдагдалд орно, харин консерциумтай ажиллавал зөвхөн нүүрсний хамтын ажиллагааны төлбөрөөс 108 сая ам.доллар олно.
  • Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ үргэлжилбэл ирэх таван жилд улсын төсөвт 167 сая ам.долларын орлого орно. Консерциумаар явбал таван жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого олохоор байна.
  • Эрдэнэс Тавантолгой уурхайг олборловол таван жилд 36 сая тонн нүүрс олборлоно, консерциум бол 117 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох боломж бүрдэнэ.
  • Консерциум ажлаа явуулбал жилд татвар хэлбэрээр нүүрсний үнээс шалтгаалан 200-500 сая ам.долларын орлого олж, найман мянган монгол хүн ажлын байртай болно.
  • Энэ бүтээн байгуулалтын үед дотоодын 2000 аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллана.
  • Таван толгойн цахилгаан станцаа бариад Оюу толгой компанид эрчим хүчээ өгсөн бол жил бүр 100 сая ам.долларын орлого олох байлаа.
  • Өнгөрөгч дөрвөн жилд тээвэр ложистикоо шийдэж чадаагүйн улмаас Чингэс бондын хэмжээтэй 1.5 тэрбум ам.долларыг бид алдсан.
  • Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюу толгойн далд уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Таван толгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо.
  • Хэрвээ ойрын хугацаанд Оюу толгой, Таван толгой хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй.
Categories
мэдээ цаг-үе

Сономын Лочин: Одоо би үнэнээ хэлье. Төв хорооны даалгавраар Бямбын Ринчен гуайг шүүмжилсэн юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн зохиолч Сономын Лочинтой ярилцлаа.

-Таныг “Эсэргүү Лочин” гэдэг. Хэнийг ч зоримог шүүмжилж, үнэнийг нь ил цагаан хэлдэг учир тэгж нэрлэсэн байх. Их утга зохиол, сэтгүүл зүйд өдий олон жил явж ирэхдээ хичнээн хүнийг үзэгнийхээ үзүүрээр нам авсан бэ?

-Би бол бодсоноо л бичдэг хүн. Хүнийг худлаа гүтгэж, доромжилж байсангүй. Гашуун үнэнийг нь ил цагаан хэлж ирсэн. Хэн нэгэнд долигонож ая тал засч сураагүй. Үнэнийг хэлэхдээ айж байсангүй. Алдар цолтой, эрх мэдэлтэй хэн ч байсан үнэнийг нь хатуу хэлдэг байсан. Очирбатыг Ерөнхийлөгч байхад “Үнэн” сонинд бүтэн гурван нүүр материал хэвлүүлж шүүмжлээд хаясан юм даг. Монголчуудыг Манжийн дарлалд байгаагүй гэх утга бүхий үгийг төрийн наадмын баярын хурал дээр хэлж болчимгүй загнасных нь төлөө шүүмжилсэн байхгүй юу. Утга зохиол хэмээх их далайд арван зургаан настайдаа хөл алдан унаснаас хойш нугачаа, нухлуулалт, доромжлол, завсар зайгүй дайралт, их донсолгоо, сэгсрэлтийн дундуур жаран жил бэдэрч ирж дээ. Манай зохиол уран бүтээлчид хүнийг хэтэрхий магтдаг хүмүүс. Миний бие сайн сайхан зүйлийг мэдээж магтана. Гэхдээ худлаа магтаж сураагүй юм. Утга зохиолд зүтгэсэн он жилүүдэд хэмжээгээ алдсан их зүйл сараачжээ. Зөвхөн роман гэхэд л “Сэтгэлийн өнгө”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Насны зам”, “Сарны гэрэл”, “Сүйрэл”, “Гал голомт” гээд арав гараад явчихаж байна. Сүүлд “Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэх анти роман бичиж хэвлүүллээ. “Эргэж бодох бодол” киног хүмүүс мэднэ. Ч.Алтан-Өлзий, Б.Цэрэнпагма гээд авьяаслаг жүжигчид тоглосон юм. За тэгээд судалгааны бүтээл, сэтгүүл зүйн туурвил, орчуулгын бүтээл гээд яривал барагцаалах юм биш. “Шар туужийн судалгаа”, Чингэс хааны тухай томоохон судалгааны бүтээл ширээн дээр минь байж л байна.

-Монголын уран зохиолд Д.Нацагдорж судлалын голлох эрдэмтдийн нэг гэвэл таныг зүй ёсоор нэрлэнэ. Нацагдоржийг хэдий үеэс судалж эхэлсэн бэ?

-1981 онд дэд эрдэмтний зэргээ Д.Нацагдоржийн гар бичмэлийг хэвлэгдсэн эхтэй нь тулгасан бичвэр судлалаар хамгаалсан юм. Харин ерэн есөн онд шинжлэх ухааны докторын зэргээ “Монголын хуучны уран зохиолын бичвэрийн судалгаа, шинэ уран зохиолын бичвэрийн судалгаа” гэсэн хоёр бүлэгт бүтээлээр хамгаалсан. “Хураангуй алтан товч”, “Нууц товчоо”, “Шар тууж” тэргүүт Монголын түүхэн сурвалжит гурвын зохиолыг хэвлэгдсэн эхтэй нь тулгалт хийсэн. Хуучны уран зохиолын бичвэр судалгаа гэдэг нь энэ л дээ. Орчин үеийн уран зохиолоос Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гурвыг авч үзэн анхны хэвлэгдсэн эхтэй нь тулгаж нарийвчилсан судалгааг хийсэн. Нацагдоржийн сэрүүн тунгалаг ахуйд нь хэвлэгдсэн зохиолуудыг тухайн үеийн хэвлэлийн газар хэрхэн хасч, зохиол бүтээлд нь хайр найргүй хандаж байсныг тогтоосон. Дамдинсүрэн гуайн “Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”, “Сталины далан насны ойд зориулсан ерөөл”, “Мао Зэдуны жаран насны ойд зориулсан ерөөл” гэсэн гурван зохиолыг мөн тулгалт хийж, улс төрийн байр сууринаас хэрхэн өөрчлөгдсөнийг нь харьцуулсан. Ринчен гуайн “Үүрийн туяа” роман дээр ажилласан. Үндсэндээ, 1951 онд хэвлэгдсэн анхны хэвлэл, 1971 онд хэвлэгдсэн хоёр дахь хэвлэл хоёрыг хооронд нь тулгаж үзээд бас ялгааг нь олон түмэнд дэлгэсэн. Ингэж Монголын утга зохиолч бичвэрийн судалгаа гэдгээ эртний болоод орчин үеийн бүтээл туурвил дээр зэрэгцүүлэн авч үзсэнээрээ эрдмийн ажил маань үнэ цэнтэй болсон доо.

-Саяхан Баабарын “Нэпко” хэвлэлийн газраас түүхэн хүмүүсийн тухай цуврал бүтээлүүд гаргасан. Нацагдоржийн тухай та бичсэн байна лээ?

-“Нэпко”-гоос эрхлэн гаргаж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын эхний таван ном уншигчдын гарт очоод удаагүй байна. Түүнд миний “Нацагдорж” гэсэн ном багтсан. Баабар “Лочин гуай та Нацагдоржийн талаар ном бичнээ. Нацагдоржийг судалж байгаа хүн хамгийн түрүүнд таны номыг л авч уншдаг байх тийм хэмжээний бүтээл хийнэ шүү. Урьд өмнө нь бичээд улиг болсон зүйлээ дахин бичихгүй шүү” гэсэн хатуухан үүрэг даалгавар өгсөн. Их өндөр шаардлага тавих чинь уран бүтээлч хүнд маш тустай л даа. Тухайн хүн өөрийгөө маш өндөр хэмжээнд тавьж, сайн бүтээл туурвих тухай бодно. Миний бие өмнө нь “Нацагдоржийн зохиолын бичвэрийн судалгаа”, “Сарны гэрэл” эссэ роман гээд туурвилууддаа Нацагдоржийнхоо тухай багагүй бичсэн. Саяны гаргасан “Нацагдорж” ном бол Нацагдорж судлалд өмнө нь тэр бүр сөхөгддөггүй, сөхөгдлөө ч бүдэг байсан зүйлүүдийг тодорхой дэлгэж гаргасан. Үүнийг би бардам хэлнэ.

Эрдэмтэн Э.Хэништэй холбоотой материалууд бол урьд өмнө байгаагүй баримт. Э.Хэниш Монголд ирээд Эрдэнэбат хаантай ямар холбоотой байсан, Нацагдорж тэр хоёрын хооронд ямар зөрчил байсан юм гээд өмнө нь тэр сөхөгдөж байгаагүй баримтуудыг энэ номонд олж хийсэн. Нацагдоржийг 1929 оны хавар Германаас буцаж ирсэн гэдэг. Захидлуудыг нь хараад байхад 30-аад оны эхэн үед Германд байсан баримтууд бий. Тамхи татсан хэргээр Нацагдоржийг сургуулиас нь хөөх болоход герман оюутнууд өмөөрч сургуулийн захиргаанд захидал, өргөдөл бичиж байсныг нь хүртэл олсон.

-Нацагдоржийн бүтээл туурвилуудыг уншихад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзчихсэн, мөн язгуур гарал түүхээ маш сайн судалсан хүн юм байна гэдэг нь яалт ч үгүй мэдрэгддэг?

-Намын төв хороонд байхдаа намын ажлаар хөдөө аймгуудаар явж байжээ. Экспедицийн ажлаар Монгол орныхоо зүүн хязгаар Хан Хэнтий аймаг цаашлаад Дорнод аймаг руу явсан байдаг. Зөвлөлтийн эрдэмтэдтэй түүх дурсгалт газруудаар багагүй явсан баримтууд бий. Жамсрангийн Цэвээн гуайтай Сэлэнгийн Ерөөд байхдаа “Капитал”-ын орчуулга дээр хэсэг хугацаанд суусныг манайхан мэднэ. Сонин болгож өгүүлэхэд, 1923 онд Зөвлөлтөд байх Элчингийн нарийн бичгийн даргаар томилогдоод өртөөгөөр хойшоо явжээ. Хиагт хүрээд бие нь муудаж эцэг Дашдорж нь хотын цагдаагийн дарга байхдаа Нацагдоржийг замаас нь буцааж авчирч гэдэг. “Миний нутаг” сонгодог туурвилынх нь тухай Дамдинсүрэн багш, Дожоогийн Цэдэв бид хэд багагүй судалж бичсэн. Нацагдорж бол өөрийн тань хэлснээр Монголынхоо түүхийг гаргуун мэддэг хүн байжээ. Монголын түүхийн тухай ном бүтээл ч бичиж байсан. Монголын он тооллыг их эзэн Чингэс хаанаасаа эхлэх нь зөв гэсэн санааг дэвшүүлж байсан удаатай. Чингэс хааны төрсөн оноос Монголын он тоолол эхлэх учиртай гэж үзсэн, тийм л халуун эх оронч юм. Энэ олон жилийн хугацаанд Их Нацагийнхаа оюун билгийн ертөнцөөр туучихад өчүүхэн надад мэдрэгдсэн нэг зүйл бол түүн шиг өргөн мэдлэгтэй болох юмсан гэх аугаа хүсэл. Нацагдорж бичиг соёлын өндөр мэдлэгтэй хүн байсан нь олон зүйлээс илэрхий мэдрэгддэг. Эртний грек, латин үсгийг судалж, таашаан байсан. Хуучин бичиг үсгээ шүүмжилж байсан түүх ч бий.

-Нацагдоржоос гадна таныг Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай ном бичсэн гэж дуулсан. Дамдинсүрэн гуайтай ойр явсан он жилүүдээ дурсахгүй юу?

-Да багш бид хоёр жараад оны үеэс танил юм. Эрдэнийн Вандуй гуай намайг Да багштай танилцуулж байлаа. “Нацагдорж суд­лалыг сонирхож байгаа хүн Дамдинсүрэн багштай уулзах ёстой” гээд дагуулж очин танилцуулж байв. Тэр цагаас хойш амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл ойр дотно явжээ. Эрдмийн зэрэг хамгаалахад маань хамгийн их баярласан хүмүүсийн нэг Дамдинсүрэн гуай. “Би хүртэл өөрийнхөө алдааг мэдэхгүй явжээ. Энэ Лочин хэлээд өглөө” гээд суудал зэрэгцээд суучихсан, жигтэйхэн баяртай байж билээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа орой “Сансар” ресторанд хүлээн авалт хийсэн. Тэр чинь наян нэгэн он. Уг хүлээн авалт дээр Дамдинсүрэн гуай залуучуудтай хундага тулгаж, бүр болоогүй бүжиглэж байлаа шүү дээ. “Зуун билэг” зохиолынх нь эх хүртэл надад хадгалагдаж байна. Бид хоёр хамтдаа нэг үе цагаан хоолонд явж байв. Хорьдугаар зуунд Дамдинсүрэн, Жамсрангийн Цэвээн, Ринчен гуай энэ хэд шиг ухаантай хүмүүс дахин төрөөгүй юм билээ. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд Дамдинсүрэн гуайгаа бичээд өгсөн. Дараа нь Жамсрангийн Цэвээнийг бичнэ гэдгээ Баабарт хэлсэн байгаа.

-Далаад оны эхээр Ринчен гуайг айхтар шүүмжилж, түүнээсээ болоод утга зохиолын дараа үеийнхэндээ янз бүрээр хэлэгдсэн тал бий. Яагаад Ринчен гуайг шүүмжлэх болсон юм бол. Тэр тухай та ер нь ярьдаггүй?

-“Далан насанд даруулга хэрэгтэй” хэмээн Ринчен гуайн тухай намайг бичсэн гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Тэгвэл тийм биш шүү дээ. Тэртээ 1954 онд Дашзэвэгийн Сэнгээ тэгж бичсэн юм. “Хөдөлмөр” билүү, “Намын үнэн” сонинд хэвлэгдэж байсан санагдана. Ринчен гуайг доромжилж бичсэн шүлэг. Түүнийг над руу тохоод байдгийг би гайхдаг. Миний бие “Зохиолчийн үзэл санаа ба хариуцлага” гэдэг шүүмжийн бүтээл “Утга зохиол” сонинд хэвлүүлж байсан. Одоо би үнэн мөнийг хэлье л дээ. Төв хорооноос өгсөн даалгавраар л бичсэн зүйл шүү дээ. Энэ тухайгаа ном зохиолдоо бичнэ гэж бодож байгаа. Тухайн үед би Хэвлэлийн редакцид утга зохиол хариуцдаг хүн байлаа. “Ринченг шүүмжилж бич” гээд Хасбаатар багш даалгавар өгсөн. Хасаа багш тэгэхэд Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Дэжидийн Чимэддоржийн үзэл суртал харьцсан ерөнхий зөвлөхөөр нь ажиллаж байсан үе. Би гэдэг хүн Их сургууль дөнгөж төгсөөд хоёр жил болж байв. Олонд танигдаж байгаа залуу хүнээр бичүүлье гэж бодсон юм билээ. Тэгээд намайг сонгосон байдаг. “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Сэтгэлийн өнгө” романууд маань хэвлэгдчихсэн байсан үе л дээ. Ринчен гуайн тухай бичсэнийг эргээд уншихаар ноцтой, сүртэй зүйл огт байдаггүй. Би худлаа юм бичээ­гүй, зөвхөн үнэнийг баримттай бичсэн. Одоо ч түүнээсээ буцахгүй. Нацаг­доржоос олж авсан нэг зүйл бол ямар ч үед үнэнийг хэлдэг байх шударга зарчим юм.

-Сүүлд нь асуухад, Монгол Улсын шинжлэх ухааны академиас “Эрдэм­тэн зохиолч” өргөмжлөлийг анх хүртсэн зохиолчдын нэг та байх шүү?

-Миний бие Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд арав гаруй жил ажилласан байна. Эрдэм оюуны алтан өлгий болсон энэ газар Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас аваад Ш.Лувсанвандан багш, Э.Вандуй сүүл үеэс Хорлоогийн Сампилдэндэв, Жавзмаагийн Цолоо гээд оюуны цаст оргилууд өртөөлөн ажиллаж ирсэн. Академид ажиллаж байхдаа эрдмийн гол гол бүтээлүүдээ туурвисан байдаг. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлүүд хэл зохиолын хүрээлэнд хадгалаг­даж байсан. Тэгэхээр Нацаг­доржтой би тэнд учир­сан хүн юм. “Монголын утга зохиолын лавлах толь” гэсэн томоохон хэмжээний бүтээлийг Сампилдэн­дэвийнхээ зөвлөснөөр гардан хэвлүүлж байлаа. Орчин үеийн утга зохиолын урдаа барьдаг толь шүү дээ.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Өндөр зэрэглэлийн “Шангри Ла” зочид буудал ажиллаж эхэллээ

Дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн “Шангри Ла” зочид буудлын Улаанбаатар хот дахь салбар өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна. Тус буудал нийт 21 давхар. Өндөр зэрэглэлийн дөрвөн төрлийн өрөөтэй бөгөөд одоогоор хоёр ангиллын өрөөнд зочдоо хүлээж авч эхэлжээ. Энгийн өрөөнүүд нь 42 м.кв, люкс нь84 м.кв талбайтай. Өрөөнүүд нь дандаа модон тавилгатай бөгөөд утасгүй интернэт, ажлын ширээ, гантиг чулуун угаалгын өрөөтэй. Буудлын ор “Siemens” брэндийнх бөгөөд зөвхөн “Шангри Ла” зочид буудлын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэдэг юм байна. Нэг ёсондоо уг зочид буудлынхтай яг ижил орыг хаанаас ч худалдан авах боломжгүй. Мөн ор хөнжлийн цагаан хэрэгсэл, гар нүүрний алчуур, хөнжил зэргийг зөвхөн өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан тусгай захиалгаар хийлгэдэг гэсэн. Саван, шампунь ч гэсэн ялгаагүй. Тансаг брэндүүдийн нэг болох “L’Occitane” Шангри Лагийн зочдод зориулан бүтээгдэхүүнээ гаргадаг ажээ. Өрөөнүүдийн дотоод засал Монголын уламжлалт загварын хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулсан байв. Хана хэсгээрээ монгол үндэсний хээтэй байхад гэрэлтүүлэг нь сүүлийн үеийн загвартай байх жишээтэй. Ихэнх өрөөнүүд тагттай болохоор төв талбай, хүүхдийн паркийг харах боломжтой юм билээ. Үнийн тухайд энгийн өрөөнд нэг хоноход 215 ам.доллар, люкс бол 310 ам.доллар. Удахгүй дээд зэрэглэлийн өрөөнүүдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Эднийд байрлах гэж байгаа гадна, дотны зочид интернэтээр бүртгүүлэн өрөөгөө захиалж болно. Ирсэн зочдыг монгол үндэсний хувцас өмссөн ажилтнууд угтаж авах бөгөөд ачаа тээш оруулах, бүртгүүлэх зэрэгт туслах ажээ. Бас өндөр зэрэглэлийн үйлчилгээ авахыг хүссэн зочдодоо “Хорайзон” клубыг санал болгодог юм байна. Тус клубээр үйлчлүүлж байхдаа зочид буудалд байрлах, гарах бүртгэлийг хурдан шуурхай хийлгэх боломжтой. Дээрээс нь клубээр үнэ төлбөргүй үйлчлүүлэн өглөөний цай, коктейль, зууш, ундаа, ус зэргийг хүссэнээрээ авч болно. Мөн зочид буудлын уулзалтын өрөөг өдөр бүр хоёр цагийн турш ашиглах эрхтэй байдаг байна.

Тус буудалд “Шангри Ла Боллрүүм” гэж бий. Нийт 1300 м2 талбайтай уг зааланд хурал, чуулган болох тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой юм. Түүнээс томоохон талбайд арга хэмжээ зохион байгуулахыг хүсвэл 2643 м2 талбай гаргаж өгөх боломжтой гэсэн. Хурим найр, шинэ жилийн цэнгүүн зэрэг олон хүнийг хамарсан тэмдэглэлт баяруудаа Шангри Лагийн танхимд зохион байгуулах боломж хүн бүрт бий.

Зочид буудал дотор уушийн дөрвөн төрлийн газар бий. Хоёрдугаар давхарт Европ хоолны “Наадам” ресторантай. Эндхийн тогооч нь Шангри Лагийн бусад орны салбаруудад 13 жилийн турш ажилласан Швейцарь хүн гэсэн. Хоолны цэсэнд төрөл бүрийн стейкээс авахуулаад салат, зууш, нэг, хоёрдугаар хоол бий. Үнэ нь дунджаар 21 мянган төгрөг. Бас “Парк” кафед хооллохоор ирсэн зочид тогоочийн нэрийн хоолыг идэж болно. Мөн олон үндэстний хоолнуудаас сонгон идэх боломжтой юм билээ. Энэ сарын 17-ныг хүртэл гурван хүний үнээр дөрвүүлээ хооллох урамшуулал зарлаж байгаа юм байна. Нээлтийн арга хэмжээнд зориулсан энэхүү урамшуулалд хамрагдаж буфетээр үйлчлүүлэхийг хүсвэл нэг хүний 33 мянган төгрөг төлөөд “Парк” кафед хүссэн бүхнээ идэж болно гэсэн. Онцлох зүйл нь өвөрмөц хэлбэрийн задгай гал тогоотой. Тэгэхээр зочид тогооч нар хэрхэн хоолоо бэлтгэхийг болон ямар ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг харж болно. Зочинтой хамт яваа зургаан наснаас доош настай хоёр хүүхэд бүх л өдрийн турш үнэгүй хооллох эрх эдэлнэ. Гурав дахь хүүхэд болон 6-12 насныхан 50 хувийн хөнгөлөлттэй хоолоор үйлчлүүлэх ажээ. Харин бээжин нугас зэрэг Хятад үндэсний хоолоор үйлчлэх “Хутун” ресторанаа ирэх наймдугаар сард нээхээр төлөвлөжээ. Зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах лобби лоунжоор үйлчлүүлж байгаа хүмүүс 15 мянган төгрөг төлөөд хөнгөн зууш, амттанаар үйлчлүүлэх боломжтой юм байна. Энд нийслэл хотын өөр хаана ч байхгүй гурван метрийн өргөнтэй болор лааны суурин гэрлэн чимэглэл байрлуулжээ. Эргэн тойрны хана чулуун бөгөөд дээр нь үндэсний хэв шинжийг шингээсэн хээ, зураг дүрсэлсэн байв. Гэрлийн бүрхүүл нь л гэхэд ангийн эвэр бүхий дүрстэй. Үүгээрээ монгол үндэстний дайчин баатрын сүр сүлдийг илэрхийлэхийг зорьжээ. Ресторан, кафе, лоунжуудаас гадна бүрэн тоноглогдсон чийрэгжүүлэх клуб ажиллана гэсэн. Эндхийн багш нар зочдын биеийн жингээ барих, эрүүлжих, чийрэгжих, алжаал ядаргаагаа тайлахад туслах зорилгоор богино хугацааны хөтөлбөр санал болгож байгаа юм байна. Дотроо уурын болон хуурай саун, жакузи, алжаал тайлах массажны өрөөтэй болохоор холоос ирсэн зочдын ядаргааг хэдхэн цагийн дотор тайлах юм билээ.

Хонгконг улсад төвтэй дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн Шангри Ла зочид буудал нь олон улсад 90 гаруй салбартай. Тэдгээр нь 37 мянган өрөөтэй юм байна. “Чин сэтгэлээсээ зочломтгой байя” уриатайгаар сүүлийн 40 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Филиппин, Камбож, Хятад, Энэтхэг, Шри Ланк, Мьянмар зэрэг улсын хөгжлийн бодлого дээр хамтран ажилладаг ажээ.

Зочид буудлын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэрэгслийг давхар ашигладаг юм байна. Мөн утасгүй интернэттэй лимузин машин хөлсөлж болох ажээ. Түүнээс гадна угаалга, хувцас цэвэрлэгээ, гутал өнгөлгөө, мэдээллийн технологийн тал дээр туслах, гадаад валют солих үйлчилгээтэй. Хэрэв хүсвэл нисэх онгоцны буудлаас тосуулж, үдүүлэх боломжтой.

Зочид буудлын залгаа хэсэг болох Шангри Ла төв ирэх онд ашиглалтад орох ажээ. Тэнд тансаг зэрэглэлийн орон сууц, бизнес төв, үзвэр үйлчилгээний төв байрлах юм байна. Нийт 28 давхар барилгатай байх бөгөөд нэгээс дөрвөн давхарт нь үйлчилгээний төвүүд байрлана. Мөн дотроо усан сан, жакузи, саунтайгаас гадна хүүхдэд зориулсан хоёр давхар тоглоомын талбайтай 7200 м2 спортын цогцолбор баригдах ажээ.

“Шангри Ла” зочид буудлын Улаанбаатар дахь салбарт одоогоор гадны 20, Монголын 250 гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Өөрсдийнхөө цахим хуудсанд нээлттэй ажлын байрны зарыг тавьсан бөгөөд шаардлага хангаж байгаа хүмүүсийг аижлд шалгаруулан авч байгаа гэнэ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Х.Батсуурь: Америк, Герман, Англи чөлөөт зах зээлээр хөгжилд хүрээгүй

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Монгол Улсын өнөөд­рийн явж байгаа зам буруу гэж та ярилаа. Уг нь чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон ерээд оноос зөв замыг сонгосон гэсэн итгэл үнэмшил бидэнд байгаа шүү дээ?

-Сүүлийн 25 жил бидний тархийг угаасан. Их дээд сургуулиуд ч ялгаагүй. Ба­рууны их дээд сургуулиуд ч яг тэгж заадаг. Биднийг хайрцагласан бодлогод оруул­чихаад байна л даа. Тийм учраас хөгжиж чадахгүй байна.

-Тэгэхээр та чөлөөт зах зээлийн тогтолцоогоор яваад хөгжихгүй гэж хэлэх гээд байна аа даа?

-Чөлөөт зах зээлийн онолын хувьдзах зээлийг үл үзэгдэгч гар зохицуулна гэсэн гол тайлбартай. Гэхдээ энэ нь батлагдаагүй. Чөлөөт зах зээлээр явах ёстой гэжбидэнд зааж байгаа улс орнууд өөрсдөө тийм замаар яваагүй. Тод жишээ нь АНУ, Англи, Герман байна. Чөлөөт зах зээлийн замаар яваад хөгжихгүй гэдгийг хэн нэг хүн, жишээ нь би гэдэг ганцхан хүн одооноос ярьж байгаа зүйл биш л дээ. Аль 1700, 1800 оны үед, зах зээл анх бий болж байхад гарч ирсэн бодлого. Чөлөөт зах зээлийн онол бий болж байх тэр үед ч энэ талаар ярьж байсан гэсэн үг. Хоорондоо тэрсэлдэж гарч ирсэн оно­лууд. Тодруулж хэлбэл нэг нь чөлөөт зах зээлээр явж байж хөгжинө гэсэн онол. Нөгөө нь хү­чирхэгжье гэвэлдотоодын зах зээлээ хамгаалж өрсөлдөх хэ­рэгтэй гэсэн онол. Чөлөөт зах зээлийн онолыг гаргаж ирсэн хүн нь Адам Смит. Анх хэрэгжүүлсэн улс нь Англи. Тэр үед Англи Улс харьцангуй өндөр хөгжилд хүрээд үйлд­вэрлэгч орон болсон. 1800 оны эхээр гэхэд л Англи цэм­бэний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байсан. Нэхмэл бүтээгдэхүүн тухайн үед өндөр технологиор үйлд­вэрлэгддэг байсан юм.Тэр өндөр технологийг анх бий болгосноороо Англи хамгийн хүчтэй нь байсан. Тийм ч учраас Америк, Герман зэрэг худалдаа хийдэг улсдаа “Та нар зах зээлээ нээ, чөлөөт зах зээл танай улсыг цэцэглүүлнэ” гэ­сэн.

Ингэж хэлсэн нь учиртай. Өөрсдөө үйлдвэрлэгч, тех­нологийн өндөр хөгжилтэй улс болсон учраас Германы хонины ноосыг хямд авахыг хүссэн хэрэг. Энэ хүслээ бие­лүүлэхийн тулд ийм бодлого явуулсан юм.Тухайн үед цэмбэний гол түүхий эд нь хонины ноос байсан. Герман, Америк хоёр ч тэр даруйд нь зах зээлээ нээж ямар ч татваргүй болгосон.Тэр том нээлттэй зах зээлд Англи өндөр үнэтэй бэлэн бүтээгдэхүүнээ зарж их хэм­жээний ашиг олсон л доо. Харин хонины ноосыг нь хямд үнээр авдаг байсан. Энэ маягаар хорь, гучин жил болсны дарааангличууд нь өмнөхөөсөө ч хүчирхэгжиж, Герман, Америк баяжих нь бүү хэл хоосорч эхэлсэн. Нэг талаас түүхий эдийн бэлтгэгч орон, нөгөө талаас бэлэн бүтээгдэхүүний хэрэглэгчулс болж хувирсан.

-Чөлөөт зах зээлийн тог­толцоог тунхаглагч Англи эхнээсээ ийм бодлогыг ха­туу­гаарявуулж байсан гэд­гийг та юугаар батлах вэ?

-Хуулиас нь харж болно. 1700 оны сүүлээр гарсан хууль бий. Түүхий эдийн бү­тээг­дэхүүн болох хонины ноо­сыг Герман руу түүхийгээр нь гаргахыг хориглосон хууль. Зөрчсөн хүнийх нь баруун гарыг тас цавч гэсэн хуультай байсан. Хоёр дахь удаагаа зөрчвөл дүүжилж алах хатуу ялтай хууль үйлчилж байсан юм. Зэрлэгдээ биш. Дотоод зах зээлээ хамгаалж байгаа хэрэг. Үйлдвэрлэгч орон байх статусаа хамгаалаад байгаа хэрэг.Би саявтархан “Буян”-гийн Жагаатай ярилцсан. Энэ хүнийг ноолуурын үйлдвэртэй гэдгийг монголчууд мэднэ. “Буян”-гийн Жагаагийн үйлд­вэрийг тэтгэх ёстой түүхий эд, ноолуур гэхэд л өнөөдөр ямар ч татваргүйгээр урд хөрш рүү гарч байна. Гэтэл Англи аль хэдийнэ 1700 оны сүүлээр ингэж болохгүй гэдгийг олоод харчихсан байсан. Үүнийг судалжмэдээд Германы хөгжлийн замыг тодорхойлсон хүн бол Фредрих Лист. Хоц­ронгуй хөгжилтэй улс орнуудын хувьд англичуудынзааж сургаад байгаа чөлөөт зах зээлийн бодлогоор явбалсүйрэлд хүрнэ гэж үзсэн хүн. Цаашдаа чөлөөт зах зээлийн бодлогоор явбал өндөр хөгжилтэй улс орнууд, тухайлбал Английн эдийн засгийн эрхшээлд орно гэж үзсэн. Орохын хувьд орчихсон байсан үе л дээ. Фредрих Лист “Английн эдийн засгийн хүлээсээс гарахын тулд Гер­маныхаа онцлогт тохирсон эдийн засгийн бодлого хэ­рэгжүүлнэ. Ингэхийн тулд Английн технологийг оруулж ирэх ёстой. Өөрсдөө үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Хонины ноосоо Англи руу хямдхан гаргадгаа зогсооё” гэсэн. Фредрих Лист онолоо гаргасныхаа дараа Америк руу нүүж очсон байдаг юм. Тэгээд Америкчуудад чонолоо зааж сургасан. Америк, Герман улсууд яг энэ онолыг баримталснаараа Англитай эн тэнцүү хөгжиж эхэлсэн. Өөрсдөө үйлдвэрлэгч болсон. Энэ гурван том улс цугаараа үйлдвэрлэгч болоод ирэхээр яах вэ, та юу гэж бодож бай­на?

-Английн хэрэгжүүлж бай­сан бодлогыг бусад улс орнуудад хэрэгжүүлээд эхэлсэн үү?

-Тэгсэн. Японд хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэхдээ чадаа­гүй. Азийн болон Латин Америкийн зарим оронд бол энэ бодлогоо яг хэрэгжүүлсэн. Тэр бодлого яг одоо манайд хэрэгжиж эхэлж байна.

-Үйлдвэрээ дэмжсэн хөн­гөлөлттэй зээлийг төрөөс дэмжээд эхэлснийгтаны яриад байгаа бодлогын эх­лэл гэж харж болох уу?

-Зарим талаар тийм. Бид энэ байдлаас гарахын тулд төрийн бодлого байх ёстой. Төрийн бодлого гэдэг маань татаасаар явдаг. Та­таасын нэг хэлбэр бол үйлдвэрлэлээ дэмжих. Экспортод бүтээгдэхүүн гар­гах үйлдвэрүүдээ дэмжих ёстой.

-Тэгэхээр бидний хөг­жилд хүрэх цорын ганц зам таны яриад байгаа өөрс­дөө үйлдвэрлэгч болох, дотоодын зах зээлээ хамгаалах арга уу?

-Хоцронгуй хөгжилтэй ул­сын хувьд ямар ч байсан хөгжлийн эхэн шатандаа чө­лөөт зах зээл гэж байх ёсгүй. Яг Герман шиг чөлөөт бус байж хөгжих ёстой. Гер­маны хувьд чөлөөт бус байсныхаа хүчинд хөгжсөн. Харин хөгжсөн хойноо бусад улс орнуудаас чөлөөт зах зээлийг шаардаж эхэлсэн. Тэгэхээр манайх чөлөөт зах зээлээ хамгаалсан бодлого явуулах ёстой. Төр нь үүнийг зохи­цуулах учиртай. Америк ч ялгаагүй. Саяхныг хүртэл чөлөөт бус зах зээлийн бод­логоор явж ирсэн. Өнөөдөр ч гэсэн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн мөртлөө тэр байгууллагынхаа үндсэн журмыг зөрчөөд фермерийн аж ахуйдаа татаас өгч байна. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнийхээ хувьд бол ингэж болохгүй. Ямар ч татаас, хөнгөлөлтийг үйлдвэрлэлдээ олгох ёсгүй. Фермерийн аж ахуйдаа татаас өгч байгаа нь нарийн учиртай. Америкийн үйлдвэрлэл асар өндөр хөгжсөн. Ганцхан фер­мерийн аж ахуй нь л өрсөлдөх чадвар муутай. Асар өндөр хөгжсөн хэрнээ өртөг нь их байдаг юм. Тийм учраас фермерийн аж ахуй нь дэлхийн зах зээл дээр гарахад хэцүү болдог.Калифорнид ургуулсан цагаан бу­даа Вьетнамд ургуулсан цагаан будаанаас өртөг нь их. Чанараараа ч гүйцдэггүй. Энэ тохиолдолд Вьетнамын цагаан будаа үнэ, чанараараа цохиж таарна. Тийм учраас фермерийн аж ахуйгаа ну­раах­гүйн тулд Америк мөрд­дөг хууль, барьдаг зарчмаа зөрчин татаас өгдөг юм. Уг нь чөлөөт зах зээл талаасаа бол байж боломгүй алхам шүү дээ.

-Манайхаар бол ноосны урамшуулал гэдэг шиг л юм байна?

-Яг үнэн. Гэхдээ нэг ялгаа бий. Тэд бүх үйлдвэрлэлээ дэмжээд байгаа юм. iPhone бол ойл­гомжтой. Шууд утгаараа татаас авах үйлдвэрлэл биш. Америкт үйлдвэрлэсэн iPhone өрсөлдөх чадвартай, өндөр технологийн учраас бусад улс орны зах зээл дээр нөлөөгөө алдахгүй. Ийм учраас татаас өгөх шаардлагагүй. Гэхдээ шууд бусаар дэмжсэн бодлого явуул­даг. Харин өрсөлдөх чадвар нь буурсан салбартаа бол татаас өгөөд байна л даа. Тэгэхээр АНУ-ыг чөлөөт зах зээлээр хөгжсөн гэж ойлгож болохгүй. 1948 оныг хүртэл Америкийн худал­дааны татвар 45 хувь байсан. Гэтэл манайд өнөөдөр хэд билээ. 0-5 хувьтай л байгаа. Ийм тэнэг гэнэн улс дэлхий дээр тун цөөхөн дөө.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Оюун: Юм л бол огцруулна гэж ярьдгаа болимоор байна

УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зурчихлаа гэдэг мэдээлэл яваад байна. Хэр бодитой гэж та бодож байгаа вэ?

-Ёстой мэдэхгүй юм. Бодитой үгүйг нь тэр мэдээллийг цацаад байгаа хүмүүсээс асуух нь дээр байх.

-Одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих цаг мөн үү. Та юу гэж бодож байна…

-Засгийн газрын ажлыг явуулсан нь зөв л дөө. Юм л бол огцруулна гэж ярьдаг байдлаа болимоор л байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ч байнга л ийм зүйл ярьдаг байлаа. Энэ Засгийн газар байгуулагдаад зургаан сарболж байна уу. Ийм байхад огцруулах тухай яриад хэрэггүй болов уу.Засгийн газар тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэдний зөв ажлуудыг нь дэмжиж, бурууг нь шүүмжлээд явсан нь дээр. Тиймээс ИЗНН-ын хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдвал дэмжихгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад ийм зүйл яриад нэмэргүй л байх. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьчихаагүй байгаа энэ үед олон юм яриад яах вэ.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг монголчуудад ашиггүйгээр шийдлээ гэж Ерөнхий сайдыг буруутгаад байгаа юм шиг байна лээ…

-Ерөнхий сайд асуудалд бизнесийн талаас нь хандсан гэдгээ хэлсэн. Санал нэг байгаа. Мэдээж аль аль талдаа ашигтай байдлаар гэрээг шийдсэн байлгүй дээ. Ер нь бол Оюу толгой, Таван толгойн төслийг цаг алдалгүй урагшлуулах ёстой гэдэг байр суурийг баримталдаг. Цаг алдахгүйн тулд алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй л дээ.Ер нь Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг бараг хоёр жилийн өмнөөс ярьж, одоо л шийдэж байна. Таван толгойн гэрээний төсөл ч ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх маягтай зогсчихоод байна. Хараад байхад монголчууд Оюу толгой, Таван толгой гэдэг хоёр төслийн тухай яриад олон жил боллоо.

Бүх зүйлийг эхнээс нь төгс хийнэ, нэг ч төгрөг алдахгүй гэсээр байгаад эцэст нь бүгдийг гацаачихав уу гэж боддог юм. Магадгүй энэ хугацаанд олон боломжийг алдсан байхыг үгүйсгэхгүй. Улсын төсөвт орж ирэх мөнгө, улсад ногдох хувь ахиу байх ёстой гэдэг дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд ашиг олсон ч юмгүй хэрэлдээд байдаг. Гэтэл цаана нь хэдэн хүнийг ажлын байртай, цалинтай болгож, хичнээн бизнесийг хөдөлгөх байсан боломжууд урсан алга болсон юм билээ, бүү мэд.Үүнийг л одоо анхаарах цаг болсон.

-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэхгүй байхад Таван толгойг ашиглах тухай яриад хэрэггүй гэдэг байр суурь ч яваад байх шиг байна…

– Ашигт малтмалын түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг. Тийм учраас уул уурхайн аливаа бодлогыг түүхий эдийн үнийн дунджийг харгалзан гаргах хэрэгтэй болохоос заавал өндөр үед нь тохируулж бүх шийдвэрийг гаргана гэдэг ойлголт байхгүй л дээ. Хятад, Энэтхэгийн эдийн засаг өсөлттэй байсан үеэс хамаарч дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт удаан үргэлжилсэн. Үүнийг супер цикл гэж нэрлээд байгаа юм. Ийм үед Оюу толгойн асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Ер нь нүүрсний зах зээлийг ажиглаад байхад уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хандлага дэлхий нийтэд их болж байна. Өнөө жилийн арванхоёрдугаар сард Парижийн гэрээ байгуулагдахаар бэлтгэж байна. Энэ гэрээг байгуулчихвал Киотогийн гэрээг орлох хэмжээнд очно. Киотогийн гэрээнд хүлэмжийн хий ялгаруулагч орнууд болох Хятад, Америк нэгдээгүй учраасэнэ гэрээний цар хүрээ өргөн хэмжээнд тархаж чадаагүй шүү дээ. Харин одооАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өндөр дээд хэмжээний уулзалтууд дээр хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр тодорхой амлалтууд өгчихлөө. Дээрээс ньЭнэтхэг улс Парижийн гэрээнд нэгдэх хандлага өндөр байгаа. Тэгвэл цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэх чиглэл рүү орно гэсэн үг.Тэгэхээр хүссэн хүсээгүй нүүрсний хэрэглээ хумигдаж ч магадгүй хандлага үүсчихлээ.Тиймээс нүүрсний үнэ өндөр, хэрэглээ их байгаа үед нүүрсээ борлуулж, эдийн засгийнхаа суурийг батжуулах нь бидэнд ашигтай байж магадгүй. Эдийн засагтаа хуримтлал бий болгосны дараа олсон орлогоо өөр салбаруудад зарцуулж, эдийн засгаа солонгоруулах тухай ярих хэрэгтэй болов уу.

-Оюу толгойн далд уурхайн асуудлыг шийдсэн нь манай эдийн засаг эерэг үр дүн авчрах байлгүй дээ…

-Тэгэх байх гэж бодож байна.Гэхдээ надад нэг ийм бодол байдаг юм.Монгол Улс Оюу толгойн 34 хувийг эзэмшинэ гэсэн учраас тэр хэмжээндээ санхүүгийн болоод өөр бусад үүрэг хариуцлагыг хүлээж байна. Тиймээс зээлээр ч хамаагүй Оюу толгойд хөрөнгө оруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдөө ачаа үүрч байна.Болдогсон бол бид өөрсдөө хөрөнгөний болоод өөр бусад хариуцлага хүлээх ачаа үүрэлгүйгээр бага хэмжээний хувь хэмжээ хүртээд явбал дээр байх байсан болов уу гэж санагддаг юм. Мэдээж Оюу толгойгоос авах ихэнх орлогоо рояалтийн татвараар авчихна. Дээрээс нь өөр бусад татварын орлогоо авчихна. Оюу толгойн гэрээний асуудлыг ярьж эхлэхэд л би ингэж боддог байсан. Гэвч тэр үед хэн нь илүү хувь хэмжээ хүртэх вэ гэдэг дээрээ маргалдаад сөхөөгүй байсан шүү дээ.

Чили, Казахстанзэрэг орнуудыг хараад байхад ийм гэрээнүүд дээр тийм их хувь авалгүйгээр явдаг. Казахстан гэхэд эхэндээ долоо, найман хувь эзэмшиж байгаад яваандаа хувь хэмжээгээ нэмэгдүүлдэг. Гол нь нөөц ашигласны болон бусад татвараар гол орлогоо улсдаа авчихдаг. Ийм зальтай ч гэх юм уу, ухаантай аргаар ашиг олоод явж болоод байгаа жишээнүүд бий. Гэхдээ одоо энэ тухай яриад яахав. Энэ бол зүгээр л миний бодол. Хамгийн гол нь Оюу толгой, Таван толгой гэх мэтийн томоохон төслүүдээ гацаахгүйгээр явуулчихвал хүмүүс ажилтай, орлоготой болчих юм шиг санагддаг. Ямар ч байсан энэ хоёр төслийг явуулах нь чухал байна. Тэгсэн тохиолдолд араас нь олон төсөл дагаад хэрэгжинэ шүү дээ. Ийм л байр суурьтай байна даа.

-Таван толгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхгүй Засгийн газарт буцаахаар болж байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ ажил мөд урагшлахгүй нь ээ?

-Тэр талаар нарийн мэдэх юм алга. Ажлын хэсгээс асуух хэрэгтэй байх.

-Байгаль орчны сайд байсны хувьд танаас нэг зүйл тодруулъя. Төв цэвэрлэх байгууламжийн бохирыг Туул гол руу урсгана гээд байх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Туул руу хаяна гэвэл хэцүү л дээ. Ер нь бол төв цэвэрлэх байгууламж хотын өмч. Жил хагасын өмнө энэ байгууламжийг засч сайжруулах талаар хоёр хувилбар ярьсан юм. Нэг нь концессоор шийдье гэсэн ч үүнээс болж иргэдийн нуруун дээр бөөн ачаа ирэх вий гэж болгоомжлоод хотоос ТЭЗҮ-г нь эхлээд хийе гэдэг шийдэлд хүрсэн. Одоо энэ ажил нь дууссан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Туул голыг цэвэрлэх, сэргээн засварлах талын судалгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд явж байгаа. Энэ судалгааны ажил дуусч байгаа юу гэдгийг яамнаас нь асуух хэрэгтэй. Нэгэнт төв цэвэрлэх байгууламжид засварлалт хийх гэж байгаа бол Туул голыг цэвэрлэх ажлыг ч зэрэг хийх хэрэгтэй байх л даа.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

Сүрэг

Дэлхий дээр амьдрал үүссэнтэй харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, нэг сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100-120 мянган жилийн өмнө үүссэн. 3,8 тэрбум жилийн өмнө манай дэлхийд амьдрал буй болсон гэхээр бид үүний 38 мянгад хуваасны нэгд ноогдох богино хугацааг туулжээ. Ингэхээр харилцааны хэл яриа үүссэний 15-20 мянган жил, иргэншил төрсний 6 мянган жил, хүн төрөлхтөн үйлдвэржсэний 300 жил, нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн, тэрбумаар тоологдох аугаа их хувьслын зураг дээр цэг ч эзэлж чадахгүй бяцхан үртэс ажгуу.

Хүн өнөөдөр манай гаригийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж. Шинжлэх ухаан хүнийг бусад бүх амьтнаас илүүтэй сүрэглэх чадвар нь гоц болохыг онцолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захирагддаггүй, шинэ нөхцөлд шинэ зохион байгуулалтад орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу. Хомо сапенс хэмээх ухаант хүний өмнө нэндэрталийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялангуяа Европоос их олддог. Гал олсон, тодорхой авиагаар хоорондоо нэлээд нарийн ойлголцдог энэ хүн-сүрэг биехэг, одоогийн хүнээс илүү том тархитай, сэтгэх чадвартай байжээ. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү?

Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапенс гэгдэх бид нар нэндэртальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Сүрэглэж чаддагийнхаа хүчээр тэднийг хүнсэндээ ч хэрэглэдэг байж, хүчинддэг ч байж. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн устсан. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ганцаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хүмүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож олжээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорондоо ялгагдсан төдийгүй түүхийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд буй болжээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапенс биенээсээ ялгагдах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа.

Хувь хүн сүрэг дотроо байж л хүчирхэг. Сүргээс шахагдвал хүн шиг арчаагүй өчүүхэн амьтан өөр үгүй биз. Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд бариулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж, хүнс зэргээсээ сална. Сүрэг төгөлдөршихийнхөө хэрээр өөр дотроо багтах хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ. Үүний нэг илрэл нь шашин. Шашнаар гадуурхах, сүм хийдээс хөөх, улмаар тэрслэгчдийг бие мах бодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчирхэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижигрэнэ. Төр бас яг үүнтэй ижил. Улс орон, үндэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийгмийн сүргийн хүчтэй зохион байгуулалтанд оруулж салж тасрах гэснийг хатуу цээрлүүлнэ. Ялангуяа тоталитар дэглэм энэ талаар гаажтай. Нацизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх эсбөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хүчирхэгждэг байна.

Сүргийг захирахаар онцгойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон байсан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлоготон ба хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сартваахи ухаантан хүртэл нийгмийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм. Бие хүн нь сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй, олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов.

Хууль орчны ийм бололцоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганц ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвартай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ. Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүүлэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг.

Гэвч гэр бүл гэсэн байгаллаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үргэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамааралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээлгэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянгаар өөрийн биеийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ. Эхний хэв шинжийнхэн төрөөс болон сүм хийдээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэлтэй.

Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон байдаг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэдэг, түүндээ мэргэшсэн үнэнч шударга олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр институциүд дампуурсан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шударга нэгнээ шахан гаргана. Гааль, цагдаа, татварын алба, нийгмийн даатгал, шүүх, төрийн яамд, мэргэжлийн хяналт зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуудад үнэнч шударга хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хүчирхэг нэгэн” болдгийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячихвал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч тамир нь сүргийн эрэг шураг болсондоо байгаа юм.

Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапенс нь сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяасан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюун ухааныг давхар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапенсийн байгаллаг ба оюунлаг хоёр тал нь байх. Арга – билэг ч юм уу! Бурхан – буг ч юм уу! Гэрэл – сүүдэр ч юм уу! Нэгэнт Бурхан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүтцээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эрмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хүний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт худалдаа солилцоо нээлттэй, мэдээллийн технологи бүхэнд хүрэлцээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах бололцоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй! Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэггүй. Тэдний энэ хорвоод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй сайн цадъя гэсэн ганцхан зорилготой байдаг биз дээ?!

2008 оны 4 дүгээр сар 3

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн эрчим хүчний талаарх Билл Гейтсийн төсөөлөл

Хойд мөсөн далай, Алтай, Хималай зэрэг уулсын мөнх цас, мөсөн голыг хайлж эхлэхэд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийг бууруулахгүй бол Америк болон Хятадын, ядуу буурай болон хөгжилтэй орнуудын хуваагдал улам аймшигтай болно гэсэн таамаглал бий. Дэлхийг айлгаж буй нүүрсхүчлийн хийн гол буруутан нь хүн төрөлхтнийэрчим хүч гаргаж авдаг нүүрс, газ, нефть. Билл Гейтс ирээдүйд нүүрс, нефть, хийн алиныг нь ч хэрэглэхгүйгээр дэлхийг эрчим хүчээр хангах шинэ технологид хөрөнгө оруулагч эрхмүүдийн нэг. Шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүрээс гаргаж авсан эрчим хүчийгхэрэглэж байж л жил ирэх бүр дэлхийг дулааруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулж чадна гэж тэрүздэг. ТED-2010 арга хэмжээнд оролцохдоо тавьсан“Эрчим хүчний тухай:Тэг рүү хүрэх шинэ санаа” гэсэн илтгэлээс нь түүний хөрөнгө оруулж буй шинэ технологийн талаар мэдэх боломжтой. TED гэдэг нь technology entertainment design гэсэнгурван үгний товчлол. Дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид, сэтгэгчид жил бүр цугларч технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ. 1984 оноос өдийг хүртэл “Даян дэлхийд санаагаа хуваалцъя” уриан дор зохиогдож байгаа.

Билл Гейтсийн TED-ийн индрээс хэлсэн санааны анхаарал татах хэсгийг сийрүүлье. Тэрээр “Натань Мирволд бид хоёр нүүрс, сэргээгдэх хүчийг биш цөмийн эрчим хүчийг сонгож Terra power компанид хөрөнгө оруулж байгаа. Цөмийн эрчим хүчний технологид модуляр, шингэн гэх мэт шинэ технологи гарч ирсэн. Terra power ураны ердөө багахан хэсэг болох нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа дэвшүүлж байгаа. Үнэндээ солиотой санаа. Өмнө нь энэ талаар өчнөөн ярьсан ч яг ажиллах уу үгүй юу гэдгийг нь тооцоолж чадахгүй байсан юм. Харин одоо орчин үеийн супер компьютеруудын тусламжтайгаар бид тооцоолж чадсан.Боломжтой гэдгийг нь ч баталсан. Энэ технологи амьдралд нэвтэрвэл цөмийн хаягдал асуудал биш болно. Цөмийн реакторуудаас гарсан хаягдал түлш болоод явчихна гэсэн үг. Энэ бол гайхамшиг. Ураны шатдаг хэсгийг нь шатаангуут 99 хувь нь хаягдал болдог. Үүнийг ядуурсан уран гэдэг. Хаягдал болж үлддэг энэ ураныг ашиглаад эхэлбэл дэлхийн эрчим хүчийг хэдэн зуун жилээр хангах нөөц бий. Бид супер компьютер авч, тэргүүлэх эрдэмтдийг ажиллуулсан. Үүнд ердөө хэдэн арван сая ам.доллар л орсон” хэмээн ярьсан юм.

Түүний ярьж буй цөмийн шинэ технологийг хар үгээр тайлбарлавал одоогийнх шиг олон хүн ажилласан, нүсэр байгууламж шаардлагагүй юм билээ. Цөмийн реакторын хаягдал буюу ямар ч өртөггүй хямдхаан түлшийг газар доор байрлуулсан тусгай хоолой руу хийнэ гэсэн энгийн дамжлагатай. Тэгээд л тасралтгүй 60 жил ажиллах боломжтой. Хаягдал гэхээр юм бараг гарахгүй. Хаягдлыг нь дахин ашиглах боломжтой. Билл “Цөмийн станцуудын асуудал болж байгаа хаягдал бол бидний хувьд хоол. Хаягдлуудыг ийм технологиор хялбархан шийдэж болно. Орос, Хятад, Энэтхэгийн компаниуд бидний ажлыг сонирхож байгаа. Франц, Япон зарим зүйлийг нь хийчихсэн. Бидний туршиж буй технологи өмнө нь хийгдсэн зүйлийн ердөө нэг хувилбар нь. Бүтээхэд 20 жил, түгээхэд 20 жил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2050 он гэхэд эхэлсэн ажил маань амьдрал дээр хэрэгжиж эхэлнэ. Ураны нэг молекул нүүрсний молекулаас хэдэн сая дахин энерги агуулдаг” хэмээн ярьж байна. Биллийн хөрөнгө хаяж байгаа энэ технологи амжилттай болж, цөмийн хаягдлаас эрчим хүч гаргаад эхэлбэл гуч гаруй жилийн дараа лава нүүрс хэрэглээнээс гарах нь.

ТӨМСНӨӨС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ХУВИЛБАР

Эрдэмтэд органик материа­лаас эрчим хүч гаргаж авах судалгаануудыг аль эртнээсэхлүүлжээ. Ийм төрлийн туршилтууд тун энгийнээр хийгдсээр иржээ. Товчхондоо органик бүтээгдэхүүнийг цайр болон зэс утсаар холбоод л хийчихдэг туршилт. Хими, физикийн аргаар эрчим хүч хуримтлуулах замаар хийгд­сээр ирсэн ийм төрлийн тур­шил­тууд олон. Тэдний нэг жишээ нь Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэм­­тэн Рабиновичийн ахал­сан багийн төмснөөс эрчим хүч гаргаж авах эрэл.Эрдэмтэд төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбож гаргаж авсан цахилгаан лед гэрлийг асаах чадалтайг нотолжээ. Ийм энгийн аргаар алслагдсан хот тосгонуудыггэрэлтүүлэх боломж ойрхон гэсэн өөдрөг мэдээг Рабинович дуулгаад байна. Цаашлаад дэл­хийн эрчим хүчний тодор­хой хувийг ийм энгийн аргаар хангах боломжтой хэмээн тэд үзэж байгаа аж. Эрдэмтэд төмснөөс лед гэр­лээр тоноглосон 40 өрөөг гэрэлтүүлэх чадалтай эрчим хүч гаргаж авах боломжтой гэсэн тооцоо хүртэл гаргажээ. Төмснөөс гарах шүүс нь холболт хийсэн зэс болон цайртай эсэлдэхэд химийн урвал явагддаг байна. Ингэж эрчим хүч үүсдэг гэнэ. Мэдээж төмс эрчим хүчний том шийдэл биш. Гэхдээ цардуулын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнөөс болж төмснөөс татгалзаж эхэлсэн хүн төрөлхтний хувьд тодорхой хэмжээнд хэрэглээд байж болох л арга.

ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭЭНД НЭВТРЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИУД

Дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахын тулд ирээдүйн эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко тал руугаа шилжих нь тодорхой болжээ.

BusinessInsider-ынхан эрчим хүчний салбарын шинжээ­чид болон судалгааны байгууллагуудын онцолж буй ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх шинэ технологиудыг багцлан эмхтгэжээ. Эндээс эрчим хүчний технологи илүү ухаалаг, эко чиг рүүгээ эргэснийг харж болно. Ирээ­дүйд яг ямар шинэ технологиуд хэрэг­лээнд нэвтрэхийг сонирхуулъя.

Ямар нэг түлшийг хүчил­төрөгчтэй урвалд оруулж, химийн аргаар цахилгаан гаргадаг Fuel cell технологийн туршилтыг 2013 онд хийжээ. Энэ жилээс судалгаа нь эрчимжиж байгаа аж. Ирэх онд хэрэглээнд гаргах боломжтой гэнэ. Агаар, түлш тасралтгүй хангагдаад байвал эрчим хүч гараад байх нь. Үүгээрээ батарейнаас ялгаатай юм байна. Агаар дахь хүчилтөрөг­чөөр исэлддэг lithium-air бат­терейны туршилтыг хоёр жилийн дараа хийх аж. Уламжлалт баттарейнаас тав дахин их багтаамжтай, цахилгаан машины явах зайг эрс нэмэгдүүлэх давуу талтай энэ батарей 2020 оноос хэрэглээнд гарах юм байна.

2022 оноос цахилгааны оронд устөрөгчийг түгээж, хадгалдаг болох гэнэ. Энгийнээр хэлбэл устөрөгчийг энерги хувиргалтын аргаар цахилгаанд шилжүүлдэг болгох аж. Хэмнэлттэй, өртөг багатай гэгдэж буй энэ технологийн туршилт 2019 онд хийгдэнэ.

Нарны илч, дулааны цахилгаан станцаас гарч буй илчийг тусгай төхөөрөмжинд хадгалж, дараа нь орон сууцны халаалт, ус халаах зэрэг ахуйн хэрэглээнд ашиглах боломж 2027 онд амьдрал дээр биеллээ олно. Энэ аргын туршилтыг 2022 онд хийхээр төлөвлөжээ.

Цахилгааныг үрэлгэн түгээдэг асуудал ирээдүйд алга болох нь. Ухаалаг түгээлт гэдэг нэршил хүртэл гарч ирэх аж. Ердөө жилийн дараа л цахилгааныг түгээхдээ хэмжилт хийж, мэдээллийн хяналтын системд дамжуулах боломж нээгдэх юм байна. Энэ технологи цахилгааны ачааллыг тэнцвэржүүлэх, оргил үед чухал биш зарцуу­лал­туудыг хязгаарлах зэрэг давуу талуудыг үүсгэх гэнэ. Эрчим хүчний ухаалаг сүлжээ гэх нэршил 2020 онд хүн төрөлхтний хэрэглээнд орж ирнэ гэсэн мэдээлэл байна. Дэлхийн хэмжээний энергийн нэгдсэн сүлжээ бий болгож нийтээрээ хувааж хэрэглэх бололтой. Эрчим хүч яг интернэт шиг,хэн ч хаанаас ч цахилгаан, дулаан, хий зэрэг хүссэн эрчим хүчээ хэрэгцээгээрээ хэрэглэх боломжтой гэнэ. Туршилт нь 2019 оноос эхлэх юм байна.

Цахилгааны үүсгүүрүүд дээр ч багагүй шинэчлэл хийгдэнэ гэж эрчим хүчний салбарын экспертүүд онцол­жээ. Далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох далайн турбин гэдэг технологи хоёр жилийн дараа хэрэглээнд гарах аж. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд 2017 онд зах зээлд нэвтрэх нь. Жижигхэн роботуудын тусламжтайгаарнарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломж бүрдэх гэнэ. Одоо хэрэглэж буй хавтан бүрийг мотороор чиглүүлдэг аргаас хялбархан, зардал багатай гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Байшингийн фасад, цонхны шилнээс эрчим хүч гаргаж авах боломж 2021 онд нээгдэх юм байна. Энэ технологийг фото гүйдлийн тунгалаг шил гэж нэрлэжээ.Нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргадаг шилний технологи гээд ойлгочихож болно.Туршилтыг нь хоёр жилийн дараа хийхээр төлөв­лөжээ. Сансарт суурилагдсан нарны цахилгаан станц таны сонирхлыг татах байх. Сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах энэ арга 2028 онд хэрэглээнд нэвтрэх юм байна. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаас хамаагүй өгөөжтэй арга гэж эрдэмтэд хэлж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргын нөлөөгөөр сулардаг бол энэ арга хэрэглээнд нэвтэрснээс нарны эрчим хүчний хэрэглээнд огцом ахиц гарах бололтой. Цөмийн урвалаар түлшийг өдөөж задлан их хэмжээний энерги гаргах Inertial confinement fusion гэдэг аргыг 2021 оноос ашиглаж эхэлнэ, 2023 оноос хэдхэн метрийн урттай бага оврын цөмийн реакторуудыг дурхын газраа байршуулах ашиглах боломж нээгдэнэ зэрэг цөмийн эрчим хүч тойрсон шинэ мэдээллүүд ч байна.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ю.Идэрцогт: Дарга нар үнэлгээний хороонд нөлөөлөх гэж оролдох зүйл их гардаг

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогттой ярилцлаа.

-Энэ жил нийслэлд хийгдэх ямар ажлуудын тендер шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж ажиллаж байна вэ?

– Нийслэлийн Засаг даргаас манай байгууллагад энэ онд худалдан авах ажиллагааг зохион байгуул гэж 120 гаруй ажлыг эрх шилжүүлж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын 70гаруй хувийн тендер зарлагдсан, хэвийн явцтай байна. Үлдсэн 30 хувь буюу 35 ажлын тухайд уг ажлуудыг зохион байгуулах эрх оройтож ирсэн мөн эрх шилжиж ирэхдээ зургийн даалгавар, төсөв зэрэг материал нь дутуу ирж байна. Дутуу ирсэн материалыг бүрдүүлж дуусаад тендерүүдээ зарлана.

Эрх шилжиж ирсэн ажлуудын материал нь бүрэн бол тендерүүд зарлагдах гэж саатахгүй.Томоохон ажлууд гэвэлнийслэлийн хойд чиглэлийн зуслан, Гачуурт, Улиастай чиглэлийн замын ажлууд хийгдэх гэж байна. СХД,БГД, БЗД-т тус бүр нэг үерийн далан барих ажил байна. Одоогоор далан барих ажлын нэгнийх ньзөвлөмж явчихсан, хоёрынх нь үнэлгээг хийгээд дуусах гэж байгаа. Ирэх долоо хоногт шийдвэр нь гарчих байх.

-Нийслэлийн иргэдийг зусландаа гарах гэж байхад нь зам засварын ажил эхэлж зам хаагдах гэж байна. Танай байгууллага дээр ажил гүйцэтгэх компани шалгаруулахтендер дээр асуудал гарсан гэсэн үү?

-Замын асуудалд саатаж байгаа зүйл байна. 2015 оны төсвийн тодотголын дагуу өнгөрсөнгуравдугаар сарын 23-нд ИТХ-аар замын ажлууд батлагдсан. Тэгээд манайд эрх шилжиж ирэхдээ дөрөвдүгээр сарын дундуур буюу оройтож ирсэн. Нийслэлийн Засаг даргаасиргэдийг яг зусландаа гарах үед замын ажил хийгдэж таарах гээд байна. Тиймээс хамгийн чадвартай, хөрөнгө мөнгөтэй, тоног төхөөрөмж сайтай зам засварын компанийг шуурхай шалгаруулаад яв. Зам засварын ажлыг түргэн богино хугацаандхийх ёстой гэсэн үүрэг өгсөн. Шууд гэрээний аргыг ил тод нээлттэй зохион байгуулах ажилбар хийгдэж байна. Шууд гэрээний арга гэдэг маань хуулийн 30 хоногийг хэмнэж богино хугацаанд явуулах л гэсэн үг. Гэвч яг үнэндээ үнэлгээний хороо байгуулагдах гэжнэг сар болчихлоо. Дунд хоёр гурван удаа өөрчлөлт орлоо. Шууд хэлэх юм бол Нийслэлийн Засаг даргын санхүү эрхэлсэн орлогч дарга дээр ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй дарагдаад их удсан. Энэ асуудал дээр миний хувьд их бухимдалтай байгаа. Бид тавдугаар сарын 1-нд багтаагаад зөвлөмж өгөх бүрэн боломж байсан. Ажил эхлээд сар орчим болчих байлаа. Сарын хугацаанд их ажил амжуулчихна шүү дээ. Авто замын газрын удирдлагууд ч гэсэн иргэдийн зуслан руу гарах хугацааг арав орчим хоног хойшлуулаад долоон сарын 1-нд замынхаа гол урсгалыг нээх боломжтой гэж байсан. Гэвч үнэлгээний хорооноос болоод ажил хойшлогдож, иргэд зусландаа гарах үеэр замын ажил хийгдэхээр болчихлоо.

-Ер нь тендертэй холбоотой хардалт сэрдэлт их байдаг. Танил талынхаа компанийгтендерт шалгаруулдаг гэх мэт?

– Гарч болзошгүй хардлага сэрдлэгийн асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Манай байгууллагаар дамжин хийгдэж байгаа ажлын тендер шалгаруулалтын 90 гаруй хувь нь цахим хэлбэрээр явагдаж байна. Бүр материал хяналтын төсөв гээд бүхий л зүйлс цахим хуудсан дээр ил тавигдаж байгаа. Үнэлгээний хороог байгуулахдаа хөндлөнгийн төлөөлөл, чиглэл чиглэлийн төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг тэгш хараат бусаар оруулах, ажлын тендер шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах, гарсан шийдвэрийг хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавих, компаниуд дээр ямар учраас яагаад энэ компани шалгарсан юм бэ, бусад компаниуд яагаад шалгарч чадаагүй юм бэ гэдгийг тодорхой ойлгомжтойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн цахим хаягт байршуулж байна гээд олон ажлуудыг хийж байна. Бүх зүйл ил тод байгаад байхаар хардах сэрдэх асуудал ч багасч байна. Манай дээр ажлын тендерт оролцох компанийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, манайд итгэх итгэл сайжирсан байна. Хүмүүсийн тендер будлиантай яваад байна гээд хардаж сэрдээд байгаа гол ажлыг үнэлгээний хороо хийж байгаа. Тэгвэл үнэлгээний хороог яаж шударга шийдвэр гаргуулах юм бэ гэдэг гол зорилт болчихож байгаа юм. Үнэлгээний хороонд бүрдэж байгаа төлөөллүүд нь хараат бус байх ёстой. Бид үнэлгээний хороог хуулийн дагуу зөв шийдвэр гаргасныг хянадаг. Мөн бүх зүйл ил тод байхаар шаардлага хангахгүй компанийг шалгаруулах гээд зүтгээд байх асуудал байхгүй болж байна. Эсвэл шаардлага хангасан компанийг албаар унагах гэж янз бүрийн байдлаар оролдох асуудал ч багассан. Бусад тендер шалгаруулж байгаа газрууд ч гэсэн ил тод байх юм бол хардах сэрдэх асуудал байхгүй болно. Тендерийн шалгаруулалт хийж байгаа газрууд материалаа уламжлалт аргаар буюу цаасаар авч байна. Наад зах нь лац хэрэглэх хэрэгтэй байна.Тендерийн шалгаруулалтад өгсөн компанийн материал дундаасаа алга болдог, өөр материалаар солигддог асуудал гардаг. Харин бүх материалыг цахимаар аваад эхлэх юм болхардах асуудал алга болно.

-Үнэлгээний хороог байгуулах ажил асуудалтай байдаг гэсэн. Томоохон албан тушаалтнуудөөрсдийнхөө хүмүүсийг оруулах гэж нөлөөлдөг. Үүнээс болоод ажил гацаа үүсдэг гэсэн яриа байдаг?

-Хийгдэх гэжбайгаа ажлынхаа төсвийг батлахдаа газрын асуудал шийдэгдсэн. Зураг төсөв нь хийгдсэн, тендер зарлах иж бүрэн материал нь бүрэн хангагдсан ажлуудыг төлөвлөж төсвөө баталж байх хэрэгтэй гэх асуудлыг өнгөрсөн жилүүдэд тавьж байсан. Гэвч зураг төсөв дутуу хийгдсэн ажлын материалууд орж ирж байна.Ажил саатаж байгаа асуудал үүнээс болж байна. Мөн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал байна. Тухайлбал манайх мэргэжлийн байгууллага учраас үнэлгээний хороог эндээ тушаалаар шуурхай гаргаад явах боломтой байхад Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж явж байна. Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдахад олон даргын гарын үсгийг аваад тойрч явдаг. Тэр олон дарга нар нь гарын үсгээ зурж байгаа учраас хараат бус байх ёстой үнэлгээний хороонд энэ хүнээ хас, оронд нь энэ хүнийг оруул гэдэг ч юм уу нөлөө оруулах гэх тохиолдол гарч байна. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүсч, үнэлгээний хорооны захирамж гарахгүй удах саатах асуудал гарч байна. Зуслангийн зам дээр гэхэд ийм асуудлаас болоод сар гаруй хугацааг алдаж энгийниргэд хохирч байна. Нөгөө хараат бус байна гэсэн зарчим энэ дээр алдагдаад байна. Уг нь хуулиндаа мэргэжлийн байгууллага тендер шалгаруулах ажлын үнэлгээний хороог байгуулна гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг.Хотын удирдлагуудад энэ талаарх хүсэлтээ өгчихсөн байгаа. Мөн Сангийн яамнаас мэргэжлийн байгууллагад үнэлгээний хороо байгуулах эрхийг нь өгөхгүй байна. Хараат бус байдал гэсэн зарчималдагдаад байна. Энэалдааг засаад хуулийн дагуу яв гэдэг чиглэлийг гурван ч удаа өгчихсөн. Гэхдээ энэ одоо хүртэл хэрэгжихгүй л байна.

-Тендерт шалгараагүй­гээсээ болоод ажилд албаар саад хийх гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж ажил хийлгэхгүй байгаа асуудал байдаг юм билээ. Энэ талаар?

-Ер нь иргэн хуулийн байгууллагаар үнэн зөвийг тогтоолгох эрхтэй. Мөн хуулиараа ч байгаа. Тендерт орсон компаниуд хуулийн байгууллагад хандаж байгааг хараад байхад зарим нь “Би ялах ёстой байсан.Гэтэл өөр компанид эрхийг ньөгчихлөө” гэж гомдол гаргадаг.Бас тендерт ороод ялагдсан шалтгаан нь тодорхой, яагаад шалгарч чадаагүй шалтгааныг нь хэлээд өгчихсөн байхад зарим нь тэр ажлыг гацаах гэж албаар хуулийн байгууллагад ханддаг тохиолдол цөөн ч гэсэн байх шиг. Мөн ер нь энэ шалгаруулалт шударга явагдаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоолгодог хүмүүс бий. Хүнд хардах эрх нь байгаа. Ийм гурван зорилгоор компаниуд хуулийн байгууллагад ханддаг. Он гараад долоо найман ажил дээр компаниуд Сангийн яаманд хандсан.Гэхдээбид ч хийсэн ажлаа үнэлүүлэх, компаниуд ч гэсэн итгэл үнэмшлээ баталгаажуулаад авдаг сайн тал байгаа.

-Танай байгууллагаас болоод Шарга морьтын чиглэлийн зам хийгдээгүй.Зам тавигдаагүйгээс болоод жирэмсэн эмэгтэй автобусанддутуу төрсөн гэх мэдээлэл гараад байгаа. Юунаас болсон юм бэ?

-Шарга морьтын чиглэлд 6.3 километр зам тавих ажил 2014 онд төсөв нь нь батлагдаад манайхаар зарлагдаад явагдсан боловч одоо төсөв нь буцаад татагдчихсан байдалтай байна. Яагаад энэ ажлын тендер шалгарч чадаагүй юм бэ гэдгийг тодорхой хэлмээр байна. Мэргэжлийн байгууллагын хувьд тэр ажлыг хийж чадах туршлагатай, тоног төхөөрөмж техникээр бүрэн хангагдсан. Инженер техникийн туршлагатай ажилчидтай ийм компани шалгаруулах ёстой. Хуулинд заачихсан үндсэн шаардлага нь энэ. Гэтэл тендер шалгаруулалтын хоёр дахь шатанд үнэлгээний хороо шаардлага хангахгүй “Си Эф Си” групп гэж компанийг шалгаруулсан. Бид үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийгхуульд нийцэж байгаа үгүй хянаж үзээд төрийн болон орон нутгийн өмчийнхөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн 14-16 дугаар зүйлийнүндсэн шаардлага гэж бий. Энэ хуулийн гол шалгуурыг хангахгүй буюу нэг ч инженер байхгүй компани шалгарчихсан байсан.Тиймээс энэ компанийг шалгаруулахгүй үнэлгээгээ дахиж хий гэсэн шаардлагыг өгсөн. Үнэлгээний хороо шаардлагыг хүлээж авахгүй удсан. Нөгөө гэрчилгээ тамганаас өөр юмгүй чэнж гэдэг шиг компани гэсэн үг. Үүнд бид хатуу байр суурьтай хандсан юм. Ийм компанийг дэмжвэл зарчим алдагдаж, ийм компани шалгарч болдог юм байна гэсэн муухай жишиг тогтоно. Энэ асуудал дээр хотын томоохон албан тушаалтнууд хүртэл нөлөөлөх гэж оролдож “Энэ компанийг дэмжээд өг. Шалгаруулаад өгчих” гэж байсан. Тендер шалгаруулах үнэлгээний хороо ч шахалт нөлөөнд автсан байсан. Сангийн яамны шийдвэр хүртэл энэ компанид үйлчилсэн байсан. Илт хууль зөрчсөн шийдвэр асуудал. Үнэлгээний хороо, Сангийн яам, манай байгууллагын хооронд зөрчил үүссэн гэсэн үг. Маргаан явсаар байгаад хамгийн сүүлд хөрөнгө татагдсан. Гэхдээ хууль зөрчсөн асуудал дээр би хатуу байр суурьтай байж чадсан.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сар гарч зун цаг ирлээ

Зургадугаар сарын нэгэн болж өнгөрлөө. Зөвхөн энэ л өдөр хүүхдүүд урьд хождоосоо илүү олддог амттанд бялуурч, шинэхэн гоёлоор гангарч,шуналын хязгаар гүйцэлдсэн мэт баяр хөөрөөр бялхдаг. Гэвч үнэндээ энэ өдөр бол хүүхдээчихэр жимсээр хуурахын нэр биш. Хагас өдөр дагуулж явсан болоод дугаарлан зогсч байж төв паркт тоглуулах нэртэй баяр биш. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.Ганцхан өдөр ингээд өнгөрөхөөсөө илүү хамгийн гол нь хүүхдүүдэд ямар ирээдүй бий болгож,ямар орчин бүрдүүлж өгч, хэн болгож хүмүүжүүлэх вэ гэдэг дээр томчууд өдөр бүр ухаанаа уралдуулж байх ёстой. Энэ талаас нь харах юм бол хүүхдийн төлөө байгуулсан, бүтээсэнзүйл манайд ховор. Социализмын үед Ц.Филатовагийн байгуулж өгсөн хэдэн сургуулиас өөр зүйл үнэндээ алга. Тэр цагаас хойш нэмж барьсан сургууль, цэцэрлэгийг тоолно гэвэл нүдний гэм. Ингээд бодохоор нүүдэлчид юу ч бүтээдэггүй гэдэг үнэн ажээ. Бүтээн байгуулалтыг суурьшмал соён иргэншилтнүүд л хийж чаддаг болохыг түүх гэрчилж байна.

Ийм л учраас монголчууд намар болохоор цэцэрлэг, сургуулийн дажин дэгдээсэн хэвээрээ. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүдийн хэрүүл маргаан оволзсон чигээрээ. Яалт ч үгүй цэцэрлэгийнх нь багтаамж хүрэлцэхгүй учраас зарим нь хүүхдээ гэрийн “хорионд” оруулахаас өөр аргагүй байдал үргэлжилсээр байна.Гадуур хараа хяналтгүй тэнэж гуйлга гуйгч, зах дээр тэрэг түрж, ширхэгийн бохь зарагч, ууттай самар худалдах гэж зам дээр зогсогч хүүхдүүдийн тоо нэмэгдэхээс цаашгүй үр дүн харагддаг.Монголд хүүхдийн эрхийн асуудал ийм л дүр зурагтай байна.

Ер нь бол хүүхдийг боловсролтой болгох, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, амар тайван гэрт амьдруулах гэх мэтийн наад захын үүргээ эцэг, эхчүүд биелүүлэх учиртай.Адаглаад хүүхдийг машинд тусгай зориулалтын суудалд суулгах нь ч нэг үүрэг. Эцэг, эхийн ийм үүргүүдийг биелүүлэх талаасаа бид маруухан. Тэр бүү хэл нялх үрээ зодож, тамлаж, аминд нь хүрсэн тухай сэтгэл шимшрүүлэм хэргүүд л байнга дуулдах болж. Хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлж өгдөггүй юмаа гэхэд зодож жанчиж, өлсгөж зовоодоггүй л баймаар байна.

Хэдийгээр ийм асуудлууд байдаг ч хэзээнээсээ юм бүү мэд, бид энэ өдрийгхүүхдийн баяр болгон тэмдэглэсээр иржээ. Хүүхэд л бол хүүхэд учраас амттанд умбаж, аав, ээжээсээ хөтлөөд зугаалдаг энэ өдөр тэдэнд хамгаас сайхан. Миний хувьд ч тэсэн ядан, хоног тоолон хүлээдэг хүүхэд насны минь хүслэнт өдөрэнэ л байлаа. Гэхдээ өнөөдөр бол зургадугаар сарын нэгнийг зун цагийн дохио болгон хүлээдэг болжээ. Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхийн царайд инээд тодорч, баяр хөөрөөр цалгисан цовоо цолгин хүүхдүүдийн дуу аргагүй л зун цаг ирснийг зарлах мэт. Энэ өдөр Монгол Улс өвөл, хаврын улирлыг үдэж, урин дулаан цагт шилжиж байгааг илүүтэй мэдэрдэг. Мод нахиалж гүйцээд хөвчиндэлхий номин ногоон өнгөөр аль хэдийнэ хучигдчихсан. Бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцсаар гангарч, хотын гудамжаар алхлах нь хаа сайгүй цэцэг дэлбээлэх шиг. Энд ч цэцэг тарьж, тэнд ч хайс хашлага будсан хүн олонтой их хотод зуны эх орон ирлээ. Удахгүй сургуулиуд амарна. Эмээ, өвөөгийндөө зусдаг хүүхдүүд хөдөөг зорино. Оюутнууд амарч нутаг буцна. Орон сууцны айлууд зусландаа гарна. Гадаа нарлах, агаарт салхилах хос залуус олширно. Амралтаа авсан хүмүүс Монгол нутгаараа аялахаар замдаа гарна. Хотын хөдөлгөөн багасч, хөдөөгзорих машины цуваа нэмэгдэнэ. Аялж барахгүй эх оронтой бид зуны дэлгэр цагт зугаалаад байхаас өөр яах билээ. Замд адуу мал багширч, айраг цагаа сэнгэнээд л цээж дүүрэн амьсгалах талын салхи сэвэлзэх хөдөөгийн зун бүр ч сайхан.

Удахгүй наадам болно. Уяаны морьд наадам зүүдлэх мэт хамраа сарталзуулан эвшээж, нутгийн хөх өвгөд морьдоо шинжиж, тамхиа нэрээд завгүй. Үүрийн таван жингээр босч ажлаа амжуулсан эзэгтэйн ар үдийн алдад аяга цай хуваангаа зуныг шинжин ярилцаж гэрийн хаяанд нарлана. Нүцгэн жаалууд модон морь хүлэглэн давхилдаж, хотоос ирсэн авгай хүүхнүүд хувин сав бариад модны хаяа бараадаж, жимсний эрэлд гарцгаана. Таана мангирын тансаг үнэр ханхийж, голио, царцааны час час хийх дуу аниргүй гэгдэх хөдөө талд саатахын жаргал монголчуудад л заяасан мэт. Энэ үед өвлийн тэсгим хүйтний тухай бодол, төсөөлөл хэн бүхний толгойд үл орж ирнэ. Яагаад гэвэл Монгол нутаг минь өвөл болсон гэх тэмдэггүй өнө мөнхийн дулаан орон шиг хувирч чаддаг учраас тэр. Наадмын дараа үргэлжлэх найрууд хөвөрнө. Дараа нь монголчууд намартай золгоно. Өглөө босоход өвсний толгойд шүүдэр тогтсон байхыг харна. Намар оройн бороо хааяа шаагихад жиндүүхэн чөвс хагдарч, навчис шарлаж өнгөө хувиргадаг энэ улирал өөр хаана ч байдаггүй зөвхөн Монголынх юм шиг санагддаг.

Мөдхөн найр наадмын цаг хумигдаж, хичээл сургууль цуглаж, алба ажилдаа яарсан их хотын хөдөлгөөн өрнөнө. Хавар нь тарьсан тариа, ногоогоо хураах их ажил оволзож, хотод зам засвар үргэлжилнэ. Айл бүхэн идшээ базааж, монголчууд өвлийг өнтэй давахад бэлтгэнэ. Удалгүй намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, гол мөрөн зайрмагтана. Дахиж ирэхгүй юм шиг сураггүй алга болсон өвөл буцаад л ирнэ. Гэвч хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, сэтгэн бодох чадвар, ажлын хариуцлага хүйтний улиралд сайжирдаг юм гэнэ лээ. Тиймээс өвлийн тас няс хийх жавар зун, намарт хуримтлагдсан муу бүхнийг ариусган эрч хүч өгөх мэт сэнгэнэнэ. Зун байсны ул мөр үгүй болж, уур савсаж, цас навсайсан ийм л хүйтэн өвөл айлчлах нь ганцхан Монголынх гэлтэй өнөө л сэтгэгдлийг дахин төрүүлдэг. Гэвч анх удаа өвөлтэй золгож буй мэт түгших сэтгэл хэнд ч үгүй. Оготно, зурам, мал амьтнаас эхлээд цөм зөнгөөрөө энэ өвлийн улирлыг мэдэрдэг, давж гараад хавартай золгодог юм.

Үндэстэй бүхэн соёолж, өвөлжин “даарсан” модод нахиагаа дэлгэж, навчин “дээлээ” өмсөнө. Монгол түмэн ч хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсны баяраа тэмдэглэдэг. Бороонд осгосон хонь шиг ноорхой бор болжморууд хашаан дээр сууж үзэгдэх нь олширно. Харин залгуулаад зун цаг дахиад л морилно. Тиймээс налгар зуны сайхныг мэдрэлгүй явсаар нэг л мэдэхэд малгай ороолтондоо орчихсон, энд тэндхийн байшингийн нөмөр бараадан бээвийж явах вий дээ,цаана чинь зун болчихсон байна гэдэг бодол зургадугаар сарын нэгэнд төрөх аж.

Ингээд бодохоор Монголын дөрвөн улирал тус бүртээ тусгаар тогтносон эх орон лугаа ийм ялгаатай ажээ. Дэлхий ертөнц дээр энэ дөрвөн улирлыг нэг дор үзэхийг мөрөөдөгчид бий. Тэдний хувьд бид онцгой заяатай ард түмэн. Ийм л гайхамшигтай эх орнуудыгэцэг, өвгөдөөс минь бидэнд бэлэглэжээ.Энэ сайхан эх оронд төрсөн үр хойчдоо бид ямар улс үлдээхээ бодох цаг ирсэн байна. Ирээдүй хойч минь хэдэн үеэрээ ч сурч боловсорсон хүрэлцэх сургууль, цэцэрлэгтэй.Утаагүй, түгжрэлгүй, тав тухтай орчинд хүүхэд бүр тайван амгалан гэрт өсчторних тийм л нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.Хамгийн гол нь дэлхийд зөвшөөрөгдөх боловсролтой, дэлхийтэй харьцах хэлтэй,эх орноо хайрлах сэтгэлтэй, Монголоо хөгжүүлэх ухаантай хойч үеийг бий болгохын төлөө бид нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж, суурьшмал соёлд суралцах шаардлага тавигдаж байна.Бусад өдрөө байг гэхэд ядаж зургадугаар сарын нэгэнд хүүхдээ яаж хөгжүүлэх, тэдэндээ ямар ирээдүй бэлэглэх тухай асуудлыг хөндөн ярилцдаг болмоор байна.Хэрэв томчууд энэ үүргээ умартваас хувиа хичээсэн, биесээ үл тоомсорлосон, эх орноо хайрлаж мэдэхгүй хүмүүсээр ирээдүй дүүрнэ. Тэр тохиолдолд ийм сайхан эх орон минь энэ хэвээрээ үлдэх магадлал хэр бол гэдгийг бодох л хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ