Categories
мэдээ цаг-үе

Дүүрэг бүрт хуушуурын асар гарна

Энэ жил Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд нийтдээ 850 гаруй хуушуурын гэр гарах юм байна. Үүн дээр бусад үйлчилгээнүүд нэмэг дээд нийт дээ 1000 орчим цэг болох аж. Эдгээр хуушуурын цэгүүдийн талбайг олгох эрхийг дүүргүүдэд нь шилжүүлсэн байна. Ойролцоогоор нэг дүүрэг 100 орчим хуушуурын цэг гаргах эрхтэй гэсэн үг. Дүүргүүдийн зарим нь зургадугаар сарын 20, нөгөө хэсэг нь зургадугаар сарын 25 орчмоос эхэлж иргэдээс өргөдөл, хүсэлтийг нь авчээ. Наадмыг тохиолдуулсан амралтын өдрүүд олширсонтой холбоотойгоор хуушуурын цэг ажиллуулах хүсэлтэй иргэд ихээр хандаад байгаа аж. Мөн ноднин жилээс эхлэн зөвхөн аж ахуйн нэгж гэлгүй иргэдэд хуушуурын асар гаргах эрх өгсөнтэй ч холбоотой гэнэ. Өдөрт л 100 хүсэлт ирж байснаас шалтгаалж дүүргүүд нэмж өргөдөл авахаа зогсоогоод байгаа юм байна. Сүхбаатар дүүрэгт гэхэд л хуушуурын 85 гэр гаргах эрх байгаа атал 165 өргөдөл ирээд байгааг албаны хүн нь хэлж байлаа. Өнөө жилийн нэг онцлог нь хуушуурын цэгүүдийг дүүргүүдийн тодорхой газруу дад ажиллуулах аж. Тодруулбал, Бөхийн өргөөний ард, Гачуурт чиглэлд Амгалангийн зам дагуу, Төмөр замын дээд сургуулийн дэргэд, X хорооллын зам дагуу, III, IV хороолол Байгаль эх цог цолборын дэргэд, Морин тойруулгын талбай, Цамбагаравын талбай, Сонгино хайрхан дүүргийн гуравдугаар үйлчилгээний төв, Драгон төвийн дэргэд, Тусгаар тогтнолын талбайд тус тус хуушуурын асар, гэрүүд гарах нь. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд тусгай талбайд Монгол хуушуур фестиваль болох юм байна. Долдугаар сарын 11, 12­ны өдрүүдэд болох тус арга хэмжээгээр “Хамгийн том хуушуурыг хэн хийх вэ”, “Хэн хамгийн хурдан хуушуур чимхэх вэ”, “Хуушуурын

урилыг хэн хурдан элдэх вэ”, “Хамгийн цэмцгэр асар” зэргийг тодруулах аж. Гадаадад байдаг пиццаны фестиваль зэрэгтэй дүйцэх үйл ажиллагаа болгох зорилготой гэнэ. Наадмын талбайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 200 гаруй байцаагчид ажиллана. Тэд зөвшөөрөлгүй хүнсний худалдаа эрхэлсэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн шүхэр, цув зарахад л зориулж худалдааны цэг гаргах бөгөөд бусад бэлэн хувцас ч юм уу өөр төрлийн бараа байвал зөвшөөрөлгүй гэдэг үүднээс торгуультай аж.

Энэ талаар НЗАА-ны Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хуушуурын асар гаргах эрхийг хэдэн төгрөгөөр авах вэ?

­Үнэ өртгийг төв комисс хараахан өгөөгүй байна. Миний ажлаа авсан гурван жилийн хугацаанд бол асрын зөвшөөрлийг Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 20 мянган төгрөгөөр л өгдөг. Энэ жил үнэ нэмэгдэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ үүн дээр цахилгаан, хогны мөнгө авна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор хараагүйчүүдийн үйлдвэртэй хамтарч байгаа. Тэдний хийсэн цаасан уутыг хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст өгнө.

-Сонгинохайрхан дүүрэг хариуцаж Хүй долоон худагт хуушуурын гэр гаргадаг байсан. Энэ жил солигдсон байна?

­Сонгинохайрхан дүүрэг олон жил Хүй долоон худгийг хариуцаж байсан. Ноднингийн наадмаар 200 гэр гаргах байсныг 70 гаруйгаар хэтрүүлсэн. Тэгээд хооронд нь шавуулж бариулсан нь аюулгүй байдал талаасаа Онцгой байдлын газраас заасан стандартыг зөрчсөн ноцтой зүйл. Ноднингийн наадмаар хэт ачааллуулснаас цахилгааны гэмтэл гарч осолтой нөхцөл үүссэн. Тиймээс энэ жил дүүргүүдийг сольж байгаа. Хүй долоон худагт Баянгол, Сүхбаатар дүүрэг хуушуурын цэгүүдээ гаргана. Сонгинохайрхан дүүрэг Төв цэнгэлдэх хүрээ лэнд байх юм. Ингэж солбихгүй бол нэг нь олон жил болохоор янз бүрийн заль, дунд нь зөвшөөрөлгүй гэр бариулах явдал гаргадаг юм байна.

-Шүхэр, цувнаас өөр зүйл худалдуулахгүй гээд байгаа?

­Жилийн жилд л тийм шаардлага тавьдаг. Хэрвээ бороо орвол шүхэр, цув хэрэгтэй. Гадуур, дотуур хувцас аваачаад тавибал хүн авахгүй шүү дээ. Наадмаар иргэд хүнсний бүтээгдэхүүн, айраг, ус, ундаа л түлхүү авдаг шүү дээ.

-Тоглоом, соёлын бараа худалдаж байгаа хүмүүсийг яах вэ?

­Хүүхдийн тоглоом, соёлын зүйлийг худалдахыг зөвшөөрнө. Гэхдээ эрэлт хэрэгцээ их байдаггүйгээс тийм ч их гардаггүй юм.

-Наадмын талбайд шүхэр, цув наас өөр юм худал даж яагаад болохгүй гэж?

­Төв цэнгэлдэх хүрээлэн тал талаасаа барилгуудад шахуулаад талбай нь багасаж байна. Үүн дээр хуушуур, хүнсний бүтээгдэхүүн ихээр гаргах хэрэгцээ бий. Иймээс зай талбайгаа л бодож байгаа хэрэг. Ер нь тэгээд наадмаар зүгээр нэг хэрэглээний бараа, цахилгаан бараа бариад очвол хэн авах билээ дээ.

Ц.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Чинээлэг алдарт­нууд

“Forbes” сэтгүүлийн газраас чинээлэг 100 алдартны жагсаалтыг гаргасан байна. Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр болсон зууны тулааны ялагч Америкийн боксчин Флойд Мейвезер энэ удаа нэгдїгээрт бичигдлээ. Өнгөрсөн зургадугаар сарын нэгнээс хойшхи нэг жилийн хугацаанд тэрээр 300 сая ам.долларын орлого олжээ. Жагсаалтын хоёрдугаарт Ф.Мейвезертэй халз тулсан Филиппиний боксчин Мэнни Пакьяо бичигдсэн байна. Тэрээр ялагдал хїлээсэн хэдий ч энэ тулаанаас чамгїй ашиг олсон. Харин єнгєрсєн нэг жилийн хугацаанд 160 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтын гуравдугаарт Америкийн нэрт дуучин Кэти Перри бичигдсэн. НҮБ-ын элч дуучин тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 135 сая ам.долларыг ашиг олсон байна. Дөрөвдүгээрт Их Британийн “One Direction” хамтлаг оржээ.

Саяхан “Forbes” сэтгїїлийн газраас энэ жил хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргасан билээ. Тїїнд зууны тулаанд оролцсон Америкийн боксчин Флойд Мейвезер нэгдүгээрт орсон бол хоёрдугаарт Филиппиний тамирчин Мэнни Пакьяо бичигдсэн. Ингээд энэ жилийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтын эхний аравт орсон хүмүүсийг сонирхуулъя.

1.Флойд Мейвезер(боксчин) – 300 сая ам.доллар

2.Мэнни Пакьяа (боксчин) – 160 сая ам.доллар

3.Кэти Перри (дуучин) – 135 сая ам.доллар

4.“One Direction” (хамтлаг) – 130 сая ам.доллар

5.Ховард Стерн (радиогийн хєтлєгч) – 95 сая ам.доллар

6.Гарт Брукс (кантри дуучин) – 90 сая ам.доллар

7.Жеймс Паттерсон (зохиолч) – 85 сая ам.доллар

8.Роберт Дауни (жїжигчин) – 80 сая ам.доллар

9.Тейлор Свифт (дуучин) – 80 сая ам.доллар

10.Криштиану Роналду (хєлбємбєгчин-79.5 сая ам.доллар

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Монгол Улстай харилцан ашигтай, хамтран ажиллахыг уриалж байна

УИХ-ын дарга З.Энхболдын энэ сарын 19-ний өдөр болсон эдийн засгийн форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Энэ удаагийн Бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Монгол Улсын эдийн засгийн онцлог, бизнесийн боломжууд болон сорилтуудын талаар санал бодлоо солилцъё. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд Оюутолгой, Тавантолгойн төслийн талаар сонсохыг хүсдэг. Оюутолгой төслийн хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурсан явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн чухал бөгөөд таатай мэдээ болсон гэж би үзэж байна. Хоёр жил гацсан энэхүү төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хариуцаж ажилласан ажлын хэсгийнхэн сайн ажилласан гэж дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийнхан нэг завинд сууж байгаагаа ойлгосон явдал нь өөрөө их чухал. Мэдээж гэрээ хэлэлцээр гэдэг бол хоёр талаасаа өөрсдийн саналуудаа тусгаж үүн дээрээ ярилцан тохиролцож байж гэрээ байгуулагддаг. Аль нэг талын эрх ашгийг хохироосон тохиолдолд гэрээ болж, гарын үсэг зурагдаж чаддаггүй. Сарын өмнө Монгол Улсын Их Хурал дээр Оюутолгой төслийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Оюутолгой төслийн хоёр дахь шатны гэрээ хэлэлцээр дууссанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Мэдээж Монгол Улс ардчилсан улс учраас аливаа асуудалд хүн бүхэн 100 хувь сэтгэл хангалуун байна гэж байхгүй. Өөр байр суурьтай гишүүд байхыг үгүйсгэж болохгүй билээ.

Ажлын хэсгээс санал болгосон зарим саналууд, ялангуяа татвар болон монгол ажилчдын талаар тусгагдсан байсныг Рио Тинто өөрчлөлгүй хүлээж авсан нь УИХ-ын дийлэнх гишүүдийн саналд нийцэж дэмжсэн гэж бодож байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Би үүнийг сайн дохио гэж бодож байна. Оюутолгой төслийг хөгжүүлэхэд Монгол Улс ганц ч төгрөг зарцуулаагүй, гэхдээ янз бүрийн татвар шимтгэлээр 1.3 тэрбум ам.долларын орлого төсөвтөө шууд мөнгөн хэлбэрээр авсан байгаа. Энэ бол Монгол Улсад орж ирсэн цэвэр мөнгөн урсгал юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг талын ашигтай биш мэдээж Рио Тинто компанид ч ашигтай гэрээ.

Аливаа бизнесийн үйл ажиллагаа харилцан ашигтай байж, аль аль талдаа үр өгөөжтэй байж явагддаг нь бизнесийн хууль билээ. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай жижиг эдийн засагтай учраас дэлхийн түүхий эдийн үнээс хэт хамаарч, хүчтэй савалгаанд байнга өртдөг. Тэр хамаарлыг хөрөнгө оруулагчид анзаарч байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалт нь сүүлийн жилүүдэд буюу 2010-2012 онуудад нийт хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувийг шууд эзэлж байсан. Тухайлбал, тэр үед хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 7 тэрбум байсан бол 4 тэрбум нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байсан байх жишээтэй. Энэ хөрөнгө оруулалт нь 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд зогссон. Учир нь тухайн цаг үед үйлдвэрүүд хэдийнээ байгуулагдчихсан байсан бөгөөд дахин урьдынх шиг хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй болсон. Хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь шууд зогссонтой холбоотойгоор валютын ханш болон төлбөрийн балансад шууд нөлөөлж эхэлсэн. Харин сая Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа төлбөрийн ханшид хэрхэн нөлөөлж байгааг та бүхэн харж байгаа байх.

Тэгэхээр нэг том төсөл манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг ямар ч илүү тайлбаргүйгээр та бүхэн харж болно. Иймээс Монгол Улсын хувьд нэг том төсөл биш нэлээд олон төсөлтэй байх, эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэж Ерөнхий сайдын хэлсэн үгийг бодитойгоор хэрэгжүүлэхгүй бол дахин савалгаа үүсэхэд Монголын эдийн засаг гүн хямралд орж болохыг бид харж байна. Тиймээс бид зөвхөн уул уурхай бус, бусад бизнес экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ жил бид Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай хоёр улсын хооронд зөвхөн бараа таваарын татварыг бууруулахаас гадна ажиллах хүч, санхүү, хөрөнгө капитал чөлөөтэй урсах боломж бүрдсэн. Эдийн засгийг солонгоруулахын тулд энэхүү хэлэлцээрийг байгуулсан гэж дүгнэж болно.

Гадаадаас хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчин байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хойш нь татаж байгаа гол үзүүлэлт нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал байсан бөгөөд бас зарим нэг хүндрэлтэй асуудлууд гарсан гэж хэлж болохоор байгаа. Таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц эдгээр асуудлуудыг бид анхааралдаа авч сайжруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажлаа эхлүүлсэн байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг болон бизнесийн орчинг аль болох боловсронгуй болгох тал дээр нэлээд ажил хийгдсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа хүчингүй болгож, гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалтын орчинг бид бүрдүүлж өгсөн. Бизнесийнхэн бол ямагт шинийг эрэлхийлэгчид байдаг. Монгол Улсад байгаа эрх зүйн орчны таатай байдал, том зах зээлийн дунд оршиж буй газар зүйн байршлын давуу тал, түүхий эдийн хангалт зэргийг та бүхэн ашиглан шинэ түншүүдтэй болж, шинэ санаанд тулгуурлан амжилтад хүрэхийг ерөөж байна. Та бүхэн бүтээн байгуулалтын ажлуудтай маргааш танилцах аяллууд хийх учир Монгол Улсын талаар улам ихийг мэдэж авна гэдэгт найдаж байна.

Энэхүү боломжийг та бүхэн идэвхтэй ашиглаж, Монгол Улстай харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!

2015.06.19

Categories
мэдээ цаг-үе

Чингис хаан тодруулах ёслол монголчуудад юу харуулав

“Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол цэнгүүнийг Чингисийн талбайд болно гэсэн зар сар гаруйн өмнөөс түгсэн билээ. Чингисийн талбайд цэнгүүн хийх зөвшөөрлийг өгөөгүй учраас Төв цэнгэлдэхэд өнгөрсөн ням гаригт энэ ёслол болсон юм. Ёслолын үйл ажиллагааг “ETV” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэв. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд цагаан, цэнхэр, шар, номин өнгөтэй хаад хатдын хувцас өмссөн 45-аас дээш насныхан дээлнийхээ өнгөөр ялгаран зогсжээ.

Мэдэхгүй хүн бол наадмын бэлтгэл сургуулилт болж байна уу гэж андуурмаар. Тэдэн дунд улаан хүрэн өнгөтэй хувцас өмссөн найман эрэгтэй хүн харагдсан нь найман ариун дагшин хутагт хувилгаан нь гэнэ. Цэнгэлдэхийн голд тайз засаж түүн дээр нь И.Мөнхсаруул гэх эмэгтэй зогсож, ёслолыг нээн цугласан олонд ерөөл хайрлахад, наадмын талбайн баруун хэсгийг дүүргэсэн иргэд бараг үг болгоных нь араас хурайлан түрэх аж. Энэ үеэр “Байгалийн гоц үзэгдэл ажиглагдлаа, нар тойрон хүрээ татлаа” гэж хөтлөгч залуу хэлж байх юм. Хурсан олон ам амандаа шуугилдан “Нээрэн тийм байна, ямар сонин юм бэ” гэж хоорондоо ярьж буйгаас нь анзаарвал тэдний бишрэл гүнзгийрч байгааг илэрхийлэх аж. Зарим нэг нь итгэмээргүй юм хэмээн хурайлж байв. И.Мөнхсаруул хаад, хатдыг танилцууллаа. “Дайчин цагаан Дарь эхүүдээ цагаан өнгөөр гоёлоо”, “Эрдэмт мэргэн бурхдаа ногоон өнгөөр гоёлоо”, “Эрч хүчтэй бурхдаа шар өнгөөр би гоёсон юм” хэмээн урсгав. Тэмүжинд өгөх төгс сайхан таван хатнаа бас тодруулчихжээ.

99 уртын дууч цэнгэлдэхэд дуугаа хадааж, И.Мөнхсаруул ийн 1000 бурхнаа тодруулав. Эцэст нь “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаасаа адис аваад буцаарай” гэж ард түмэндээ дуулгасан гэдгийг хэлж Чингис хаанаа тодруулсангүй. Эзэн Чингис хаанаа ирэх есдүгээр сарын 22-ны өдөр тодруулах болсноо уламжлав. Хурсан олон ундууцсангүй. Харин уухай хэмээн түрж буйг нь бодвол ирэх есдүгээр сарын 22-ны өдрийг хүлээхээр шийдсэн бололтой. Үүнийг сошиал ертөнцийнхөн тайвнаар хүлээж авчээ. Тэд И.Мөнхсаруулын уран цэцэн үгтэйг гайхаж, хуримаа тэр бүү хэл баяр наадмаа зохион байгуулуулбал зүгээр юм гэсэн санаагаар хошигнож бичиж байв. Зарим нэг нь “Тэдний яриад байгаа хар тэнгэр гэдэг нь үнэхээр байдаг бол өөрсдийг нь шийтгэх байлгүй дээ” гэсэн хатуухан үг чулуудаад авав. Юутай ч очиж хараагүй нэгэнд нь хачин санагдаж, зарим нэгэнд нь хүн итгэмээргүй зүйлийг тунхаглан яваа “Мөнх тэнгэрийн оньс“ буюу гэгээнтэн гэх И.Мөнхсаруулын зохион байгуулсан ёслолын цэнгүүн олны гайхлыг төрүүлэв.

Энэ тухай манай хууль хяналтынхан юу бодож байдгийг сонирхохоор хэд хэдэн хүнтэй уулзлаа. Дийлэнх нь тоосонгүй. Нийгэмд иймэрхүү хүмүүс байж л байдаг шүү дээ. Юуг нь анхаардаг юм гэв. Хууль хяналтынхнаас асуух болсон шалтгаан нь тэр сүртэй хатад хаад хувилгаадын хувцасны үнэ, цэнгэлдэхэд хийсэн ёслолын ажиллагаа, “ETV” телевизээр явсан төлбөртэй шууд нэвтрүүлэг, дээрээс нь реклам зар сурталчилгааны өртгийг нэмбэл энэ төрийн бус байгууллага багагүй бэл бэнчинтэйг харуулна. Үйл ажиллагаанаас нь ёслол цэнгүүнийг сайн зохион байгуулсныг анхаарахгүй өнгөрч болсонгүй. Бас тэнд цугласан иргэд И.Мөнхсаруулыг үгээ хэлээд уухай гэж хэлэхээс өмнө өөрсдөө мэдрээд үг болгон дээр уухай хэмээн түрж байсныг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Эх сурвалжийн ярьж буйгаар И.Мөнхсаруул нь АНУ-ын “Secret“ гэдэг киног үзэж, нарийн судалсны үндсэн дээр “Мөнх тэнгэрийн оньс“ болох санааг олсон гэнэ. Тэрбээр Холливудын нэртэй од Стивен Сигалийг нэгэн хаанд өргөмжилж Холливудад нэр нөлөөгөө бэхжүүлээд байгаа гэнэ. Түүний хаадын нэгээр манай нэгэн яамны дэд сайд хүртэл тодорчээ.

Физикийн шинжлэх ухаанд хэн нэгнийг тодруулна гэсэн ойлголт байдаггүй

ЦЕГ-ын эх сурвалжаас энэ талаар тодруулбал “Энэ үйл ажиллагаа хэн нэгний эрх ашгийг зөрчсөн эсвэл хэн нэг нь гомдол гаргавал шалгана. Арга хэмжээ, аливаа цэнгүүн ёслол үйлдэх нь тухайн хүний эрх. Шашин шүтэх нь бас л хувь хүний эрх гэсэн тайлбарыг өгөв. Найман зууны тэртээх их хааны нэрийг барьж тодруулна гээд байдаг нь байж болох уу, энэ нь үндэсний аюулгүй байдалд харшлах эсэхийг хууль дүрмээрээ бол Тагнуулын ерөнхий газар хариуцдаг юм байна. Тус газрын эх сурвалж “Судалж байгаа” гэсэн хариу өгөв. Үүнийг шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт юу гэж үздэгийг тодруулахаар Шинжлэх ухааны академийг зорилоо. Хэд хэдэн хүнтэй уулзсаны эцэст физикийн шинжлэх ухаан энэ тухай хэлж чадаж магадгүй юм гэв. Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлохоос энэ талаар лавлахад ийм тайлбар өглөө. “Физикийн шинжлэх ухаанд битгий хэл ямар ч шинжлэх ухаанд хэн нэгнийг тодруулна гэсэн ойлголт байхгүй. Физикийн шинжлэх ухаан битгий хэл аль ч шинжлэх ухаанд ийм зүйл байхгүй. Хэн нэгэн өөрийгөө зарлаад нэг хэсэг хүн дагаж баясаад байна гэдгийг ойлгохгүй байна. Энэ бол ямар нэгэн мунхруулгатай холбоотой зүйл. Энэ бол хүний ой тойнд багтах зүйл биш. Ийм зүйлийг дэврээх шаардлага байхгүй” гэлээ.

“Шидийг” олсон нь

Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Дотор гэнэт муухайрч бие хөлөрсөн. 2012 оны зургадугаар сарын 17-ны өдөр байсан. Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш нарын семинарт оролцож байсан юм. Орой нь огт унтаж чаддаггүй бөгөөд хэн нэг нь гэрээсээ гар гээд байгаа юм шиг санагдаад гарсан. Гэрээс гартал юу юугүй толгойг нь өөд нь татаад тэнгэр дээр монгол бичгээр үг бичиж харуулсан. Тэгээд би тэрийг үг үсэггүй тогтоож авсан. Итгэхгүй байя гэхнээ нүдэн дээр илтээр үсгийг нь цувуулаад биччихсэн байсан. Тэр үг нь “бүтээл” гэсэн үг байлаа. Энэ нэр юу хэлж байгааг тухайн үедээ би ойлгоогүй. Үүрээр нөгөө өвдөж байсан бие маань босч гүйж хараймаар хөнгөрсөн байсан. Тэнгэрээс өгөгдсөн нэр маань “Оньс”, би “түлхүүр” гэж орчуулсан юм. Гэтэл дараа нь тэр үгийг тайлж уншихад “Чи өөртөө бүтээлч гэсэн нэр өгөөд бүтээл гэсэн энэ уналгад суугаад энэ үйлийг бүтээ” гэсэн үг байсан. Энэ л цагаас эхэлж, тэнгэрийн элч болж, тэнгэрийн хэлийг ард түмэнд дамжуулж, монгол хүнд ийм агуу ухаан, суу заль, нууц өөрт нь байдаг юм шүү, өөрийгөө уудлаач ээ гэдгийг зааж эхэлсэн” гэж ярьжээ.

И.Мөнхсаруул гэж хэн бэ?

И.Мөнхсаруул Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, таван хүүхэдтэй, тус сумынхаа цэцэрлэгийн эрхлэгчээр 26 жил ажиллажээ. И.Мөнхсаруулд мөнх тэнгэрээс зарлиг илгээхдээ чихэнд нь шивнэж, нүдэнд нь өнгөтөөр харуулж, зүүдэнд нь оруулдаг. Тэнгэрээс зарлиг илгээхдээ 2012 оноос хойш түүнийг хоёр жилийн хугацаанд тэнгэрийн зарлигийг нууцлан хадгалж яв гэжээ. Ингээд 2014 оноос тэрээр мөнх тэнгэрийнхээ зарлигийг 21 аймгаар явж түгээсээр, 2015 онд их хаанаа залж байгаа нь энэ. 2015 онд их хаанаа залах ёслол үйлдсэний дараагийн гурван жилд тив дэлхийг алгасч, бүх хүний газар дэлхийг засан товхинуулна, түүний дараагийн гурван жилд монгол хүмүүс амар тайван амьдрах юм гэнэ. Ингээд гурав, гурав, гурав гээд нийт есөн жилийн даалгавар И.Мөнхсаруулд оногдсон гэнэ. Учир нь түүнд мөнх тэнгэрүүд нь шивнэхдээ “Чи бол их эзэн Чингис хааны гарыг нь түшиж явсан их эрдэмтэн, дараа төрөлдөө Өндөр гэгээн Занабазар болж ур ухаанаараа их эрдмээ 1000 бурханд шингээн бүтээсэн. Тэнгэрийн хуулиар чи мөнх тэнгэрийн оньс болох ёстой” гэсэн гэнэ.

“Мөнх тэнгэрийн оньс”-ыг дэмжигчид

“Мөнх тэнгэрийн оньс” гэгээнтэн гэх И.Мөнхсаруулыг “Эх орон”, “Малчин суваг”, “ETV” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжиж ажилладаг бөгөөд түүний тухай цуврал нэвтрүүлгүүд бэлддэг гэнэ. Телевизийн тухайд тэд рекламаа нэг секундыг нь 500-800 төгрөг, нэвтрүүлгээ нэг минутыг нь 50.000, тоглолт бичүүлэхэд 500-800 мянган төгрөг, үйл явдлыг шууд дамжуулахад их мөнгө байдаг байж таараа гэж зарим сайтууд мэдээлж байна. “Эх орон” телевизийн хувьд “Ажнай” хэмээн овоглогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн телевиз, “ETV” нь “Mass Agen­cy Group”-ын Ч.Даваабаярынх бол Монгол тулгатны 100 эрхмээр овоглогдсон П.Анужин түүний өмнөх айлдвар, айлтгалуудыг даган баясч түүнийг дэмждэг нь “Мөнх тэнгэрийн оньс” фэйсбүүк групп дахь видеонуудаас харж болохыг өгүүлжээ. Мөн Б.Лхагвасүрэн, Т.Галсан нарыг дуудаж тэднийг Монголын нууц товчоог үргэлжлүүлэн бичих төөрөгтэй хүмүүс гэсэн гэдгийг ч онцолсон байна. Харин Чингис хааны сүнсийг буулгах ёстой эрхэм АПУ-гийн гэж нэрлэгддэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү гэнэ гэх мэдээлэл ч явж байна. Г.Батхүү эд баялаг дуудагч Дорж Шүгдэн шүтдэг тухай баримтууд байдаг талаар дурджээ. Төр шашин хоёр хэзээ ч хосолдоггүй гэдэг билээ.

Бусдын мухар сүсэг дээр тоглож буй мөнгө олох гэсэн арга

Энэ ёслолын ажиллагааг Эзэн Чингисийн нэрийг барьж мөнгө олох гэсэн явуургүй арга гэж олон хүн хэлж байна. Сүлжээний бизнес шиг пирамид хэлбэртэй. Энэ сүлжээнд 45-аас дээш насныхан ордог аж. Амьдрал нь тогтсон үр хүүхэдтэй. Бас боломжийн амьдралтай. Зарим нь бизнес эрхэлдэг. Тодорсон гээд байгаа хаад хатдууд хань ижилтэй байх нь хамаагүй гэнэ. И.Мөнхсаруул өмнөх үедээ чи тэр хааны хатан байсан байна хэмээн хаадуудтай нь танилцуулж өгдөг аж. Тэд хоорондоо иргэний үнэмлэхэн дээр байдаг нэрээр өөрсдийгөө дууддаггүй бөгөөд Лигдэн хаан, Өгөдэй хаан, Мөнх хаан хэмээн ярьдаг гэнэ. Тэд “Бид их эзэн Чингис хааныхаа ивээлд багтлаа. Хаандаа баярлаж өргөл барьц өргөе” гэж хөрөнгө татдаг тухай нэгэн хүн ярив. Манай сонинд өөрийг нь хатан бол гэж хоёр сар гаруй гуйсан гэдэг тухай ч зарим иргэн хандсан юм. Тэдний мессэжний зургийг баримт болгон дэлгэж байна.

Юу ч хийдэггүй лекц уншсан хүмүүсээр Монгол дүүрэх нь

Улс төр судлаач, доктор А.Саруултай энэ талаар ярилцлаа.

-“Мөнх тэнгэрийн оньс” тбб өнгөрсөн ням гаригт Чингис хааныг тодруулах ёслол гэж үйлдлээ. Үүнийг хараад та улс төр судлаач хүнийхээ хувьд юу гэж бодож байна?

-Мүүнийн шашны Монгол загвар. Ингэхдээ эзэн Чингисийн нэрийг барьж мөнгө олох гэсэн хэсэг хүмүүсийн явуургүй үйлдэл. Хамгийн сайхан нь монголчууд энэ үйл явдлыг хараад доог тохуу хийж байгаа нь сэтгэл тайвшруулж байна. Миний олж сонссоноор энэ үйл явдлыг зохион байгуулж байгаа хүн 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гарах замаа бэлдэж байгаа юм гэнэ. Чингис хааныг тодруулах нэрээр бусдыг залилж мөнгө босгож яваа аж. Үүнийг мэддэг хүн надад ярилаа. Ямар хүн Чингисийн багш, Занабазар, Ногоон дарь эх байх вэ дээ. Шизо өвчний дээд шатанд орсон хэлбэр нь өөрийгөө агуу хүн гэж боддог. Дээрээс нь агуу хүн учраас өөрт нь даалгавар өгч байна гэж үздэг. Сул дорой сэтгэхүйтэй хүмүүсийг дагуулж тэднийг мөнгө олохдоо ашиглаж байна.

-Та шууд хараад л Мүүнийн шашин гэж хэлж байгаа хэрэг үү?

-Мүүни,”Scientology sekt” гэх урсгал нь хүмүүсийн сэтгэл санааг ариусгах, агуу зүйл бүтээх их сайхан зүйлийг ярьж уриалдаг. Мүүни шашныхан Христийн шашин бол үеэ өнгөрөөсөн. Бид бол жинхэнэ өнөө цагийн Христийн тусгай сонгогдсон хүмүүс гэж гарч ирж байсан. Нийгэм ороо бусгаа болохоор хүмүүс хошуурдаг. Ийм хүмүүс бурхан шиг шүтэгдсэн алдартай хүмүүсийн нэрийг барьж явдаг. Манайд Чингисийн нэрийг барьж явж байна. Чингис хаанаар дамжуулж одоо алтан ураг бий болгох юм уу. Уучлаарай, тэр түүх ингэлээ гээд сэргэхгүй, давтагдахгүй. Яагаад гэвэл Мүүнийхэн дээрээс сонгогдсон бусдаас илүү гэж итгүүлдэг. Дагагч нар нь итгэсэн учраас өөрт байгаа мөнгөө энэ шашиндаа өгдөг. Арга хэлбэр техник нь Мүүни шашин гэдгийг харуулж байгаа юм. Тэгээд толгойлогч нар нь баяждаг. Буцаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь сонгогч бүлэгтэй болж байна. Сонгогч бүлэгтэй болж байна гэдэг нь тэдний УИХ-ын ч юм уу аль нэг сонгуулиар худалдах боломжтой. Нэр дэвшиж байгаа хүмүүс тэдний саналыг авахын тулд эзэдтэй нь наймаалцана. Энэ бол тэдний амьдрах арга. Мөн тэдний цаад зорилго нь төр засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого. Юу ч хийдэггүй лекц уншдаг хүмүүсийн гарт Монгол Улс орох гэж байна шүү дээ. Эд нарыг шууд бага дээр нь дарах хэрэгтэй. Бидэнд хоёр дахь төр хэрэггүй.

-Үүний цаана ямар хүмүүс байгаа юм бол олон хүний нэр дуулдаж байх юм?

-Энэ И.Мөнхсаруул З.Бат-Отгоны шавь гэсэн. П.Анужин нар нэг бүлэглэл гэж сонслоо. Цахим ертөнцөөр энэ тухай шуугиж байна. Тэр “Соён гэгээрүүлэх” сувгаар З.Бат-Отгон яриад байдаг. Энэ хүн санхүүгээ хаанаас босгож байна. Тэр их мөнгөөр хүмүүсийг элий балай болгох зүйл яриад суу ухаан л гээд явсан. Хатан суу ухаан гэж олон жилийн өмнөөс сонссон. Яагаад хатан суу ухаан гээд байв. Тэр нь энэ үйл явдлын гэрч болж байна. Нийгэмд хийх зүйл их байна шүү дээ. Гэтэл тэд ганц ч болсон гол горхи хамгаалав уу. Монгол нэг их олон лекц уншдаг хүнтэй болж.

“Scientology sekt” гэдэг бас ямар учиртай юм бэ?

-Мүүнийнхэн шиг бас л адилхан. Эрүүл амьдарна, эрүүл хооллоно гэж уриалдаг. Тэгээд үнэтэй хичээлүүд заана, татвар төлнө. Хэнд ч хэрэггүй үнэтэй ном бусдад зарж, шоу арга хэмжээнүүд зохион байгуулна. Холливудын одууд энэ урсгалд ороод зарим нь амьд сэрүүн байж хөрөнгөө өвлүүлэх гэрээслэлээ биччихсэн байдаг юм билээ. Ийм сүлжээнд орсон хүн зугтвал алуулдаг. Өөрийнхөө нөлөөг алдахгүйн тулд урвасан хүнээ алдаг.

-Олны дунд нэртэй хүмүүсийг бас нэр хүндийг нь гутаах гэсэн санаа агуулдаг хүмүүс бий шүү. Мэдээлэл баталгаатай юу?

-Эрүүл хоол, эрүүл амьдарна гээд сургалт зохиодог мөртлөө үхлийн дасгал хийлгэдэг гэж тэр П.Анужинг ярьдаг. Энэ хүн 2000 доллараар курс хичээл заадаг. Үүндээ баян, хөрөнгө чинээтэй нөлөө бүхий албан тушаалтнуудын эхнэрийг уруу татагддаг. Эхнэрээр нь дамжуулж гэр бүлд нь нөлөөлөх гэсэн санаа. Хэрэв тэнгэрээс тэр хүмүүс тодордог юм бол яагаад “Чи хатан болохгүй юм уу” гэж явдаг юм. Энэ нэр холбогдоод байгаа хүмүүс ч тайлбараа өгөх хэрэгтэй. Тагнуулынхан үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Манайх шиг иргэд нь шийдвэр гаргаж чадахгүй, эрхгүй нийгэмд ийм зүйлс гаарахаас өөр аргагүй. Сайхан амьдруулах эрүүл хооллоно гэчихээд үхлийн дасгал заана гэхээр энэ чинь өөрөө залилан.

-Нөгөө талаар шашин шүтэх эрх үндсэн хуулиар нээлттэй гэсэн зүйлийг ярьдаг шүү дээ?

-Энэ чинь залилангийн хэрэг . Бүгд тэгш эрхтэй гэсэн атлаа Үндсэн хуулиа зөрчиж байна. Уучлаарай, бүгд тэгш эрхтэй. Хэн нэгэн тусгай гэсэн ойлголт байхгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж буй хэрэг.

-Хаанаар Г.Батхүү тодорсон л гэх юм?

-Би ийм мэдээлэл сонслоо. Г.Батхүү санхүүжүүлсэн юм уу. Эсвэл хаан болно гээд их мөнгө өгчихсөн юм уу. Төрийн түшээ байж өөрийгөө доог болгох ямар хэрэгтэй юм. Мэдэгдэл хийгээд тайлбар өгөхийг шаардаж байна. Хэрэв энэ нь үнэн бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй. Энэ хүнийг өнөөдөр ямар нэгэн тайлбар хийх болов уу гэсэн чинь хийсэнгүй. Би гайхаж байна. Эсвэл энэ хүний нэрийг барьж золиос болгоод байгаа юм уу. Ерөнхийлөгчийн санаачилсан иргэдийн санаа бодол дээр нь тулгуурлаж шийдвэр гаргах хуулийг нь хурдан батлахгүй бол парламант өөрөө мөхнө. Манай парламент хэврэг шүү дээ. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхөө байсан.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Цус ойртолтын 95 хувь нь цусан төрлийнхөн байна

Нийгмийн
эрүүл мэндийн хүрээлэнгээс цуврал лекц зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо
хоногийн онцолсон сэдэв нь цус ойртолт байлаа. Цус ойртолтын хамгийн сүүлийн
үеийн мэдээллийг анагаах ухааны доктор, хүний их эмч Ц.Энхмаа өгсөн юм.
Монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж. Малаа
дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байсан
гэж Ц.Энхмаа доктор ярилаа. Урьд цагт отор нүүдэл хийж явдаг залуус өөр аймгийн
бүсгүйчүүдтэй танилцаж гэр бүл болох явдал их байсан аж. Засаг захиргааны
нэгжийн хувьд өнөөдрийнх шиг хэтэрхий жижиг олон аймаг биш дөрвөн аймгийн
тогтолцоотой байсан нь эерэг нөлөө үзүүлж байж. Гэвч 1925 онд Засгийн газрын
нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Энэ
талаар Ц.Энхмаа “Ямар учиртайгаар тийм шийд гарсныг мэдэхгүй. Эрдэмтэн
судлаачийн хувьд ухаад бодохоор эртэй, бяртай хэдэн монголыг цус ойртуулах,
хүчийг нь сулруулах харь гүрний бодлогын нэг илрэл юм болов уу гэж хардаг”
хэмээн ярьсан юм. Ингээд монголчуудын цус ойртолтоос хамгаалах ухаан гээгдэж
эхэлжээ.

Монголчууд
аав, ээжийн удмаас есөн үеэс дотогш хүнтэй гэрлэхийг хориглосоор ирсэн нь
шинжлэх ухааны үндэстэй байж. Хүн 32040 генийнхээ 16020 буюу 50 хувийг
ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг аж. Өвөө, эмээгийн хувьд энэ хамаарал
хоёр дахин багасна. Тодруулж хэлбэл 8010 генээ өвөөгөөсөө авдаг байна. Үлдсэн
8010 нь эмээгийнх. Энэ мэтээр хамаарал нь багассанаар 10 дахь үедээ бараг хамааралгүй
болж харь элгийн хүнийх шиг болдог юм байна. Генийн сангийн тодорхой хувиар
ижил хүмүүс хоорондоо гэр бүл болох нь гажиг төрөлтөөс эхлээд олон үр дагавар
авчирдаг гэнэ. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж хоёр ангилдаг байна. Цусан
төрлийн улс шууд цус ойртолт болдог бол нэг нутаг усныхан хоорондоо гэрлэх нь
алсуур цус ойртолт болдог аж. Монголчуудын цус ойртолтыг судлаад үзэхээр нийт
цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлж байгаа юм байна.
2.74 хувь нь алсуур цус ойртолт гэсэн судалгааны дүн гарчээ.

НЭМХ-ийн
судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргажээ. Цус ойртолтгүй аймаг гэж алга.
Гэхдээ алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр
байгааг тэдний гаргасан статистикаас харж болохоор байв. Монголчууд өнөөдөр
өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун нь ч гэлээ үнэн гэж
судлаачид хэлж байна. Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр
удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа аж. Тэр дундаа
хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болж. Монголчууд гурав дахь үеэ
элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн
ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн
үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа
гэж судлаачид сануулж байна.

Гэрлэлтийн
бүтэц цус ойртолтод нөлөөлж байгаа гэнэ. Хөдөөгийн багийн хүн амын нийт
гэрлэлтийг судалж үзжээ. 85.4 хувь нь тухайн багийн уугуул хүмүүс хоорондоо
гэрлэж байгаа гэнэ. Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь мөн өндөр
хувьтай байна. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлж
байна. Нэг аймгийнхан ч хоорондоо гэрлэх нь ихэсчээ. Аймгийн хэмжээний
гэрлэлтийн хувийг тандаад үзэхэд 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болж байж.
Энгийнээр хэлбэл өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн
хувьтай гарч байгаа аж.

Цус ойртолтын тод хэлбэр нь
аминч үзэл

Цус
ойртолт ямар хор уршигтайг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ
тогтоожээ. Цус ойртолтын хэд хэдэн шинж тэмдгийг Ц.Энхмаа доктор нэрлэлээ. Оюун
ухаан сэтгэхүйн чадавхийн түвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий
хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн
дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод
хэлбэр гэнэ. Бие бялдрын өсөлт давжаарах ч цус ойртолттой шууд хамааралтай аж.
Ц.Энхмаа доктор цус ойртолтын жишээ зургуудыг сонирхуулав. Шүд нь давхарлаж
ургасан хүүхэд, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан хүн гээд нүд
хальтрам өчнөөн зураг байна. Цагаан сормуус, үстэй альбиносууд ч цус ойртолтын
үр дагавар юм байна. Цус ойртолтоос болж хаан угсаа мөхсөн жишээг ч тэрээр
ярьсан юм. Испанийн Хабсбургийн хаан угсаа мөхсөн шалтгааныг Сантъяго хотын их
сургуулийн эрдэмтэд судалж үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд гаргажээ.
Хабсбургийн хаан угсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино ч байдаг. “Хатан
хаан Си Си” гэхээр уншигчид андахгүй. Хабсбургийнхан 1500-1700-гаад он хүртэл
200 гаруй жил хаан төр барьсан хүчирхэг угсаа аж. Энэ хаан угсааны мөхөлд цус
ойртолт нөлөөлсөн эсэхийг эрдэмтэд судлаад тийм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хабсбургийн угсааныхны хувьд дандаа ойр төрлийнхөн хоорондоо гэрлэдэг байж.
Филипп I гэдэг хаанаас Хабсбургийн хаан угсаа эхэлжээ. Хамгийн сүүлчийн хаан нь
Чарльз II аж. Энэ хооронд 11 цус ойртсон гэрлэлтийг судлаачид илрүүлжээ. Найм
нь дандаа үеэлүүдийн гэрлэлт байсан гэнэ. Чарльз II хүртэл цус ойртолтын
коэффициент арав дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн хаан Чарльз II 39
насандаа өөд болсон юм байна. Үр хүүхэдгүй, удамшлын хоёр төрлийн эмгэгээр
тарчилж байсан, данхар толгойт гэсэн хочтой энэ хаан цус ойртолтын жинхэнэ
золиос болсон гэж судлаачид дүгнэжээ.

Цус ойртолтоос үүдсэн
гажгийн хэлбэр улам хүндэрч эхэлжээ

Эрүүл
мэндийн сайдын 2005 оны 77 тоот тушаалаар ЭНЭШТ-ийн дэргэд төрөлхийн согог
гажигтай хүүхдийг бүртгэдэг болжээ. Улсын хэмжээнд бүртгэж эхэлсэн гэсэн үг.
Төрөлхийн гажиг, согогтой хүүхдүүдийг бүртгэдэг хүмүүс улсын хэмжээнд ямар
гажиг согогтой хүүхдүүд төрж байгаа судлаад бүртгэчихэж. Зүрхний гажигтай,
уруул сэтэрхий, уруул, тагнай хоёулаа сэтэрхий, зөөлөн тагнай, хүүхэн хэл
сэтэрхий, зөөлөн тагнайгүй, өтгөний сүв битүү, хэвлийн урд талын хана
хөгжөөгүй, тархи устай, нугас эвэрхий, олон эрхтэн тогтолцооны гажиг хавсарсан
хэлбэрээр гэсэн арван төрлийн гажиг бүртгэгджээ. 2005-2009 оны эхний зургаан
сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд 689 хүүхэд гажигтай төрсөн байна. Гэхдээ
ихэнх аймгийн мэдээлэл бүрэн бус байж. Тэгэхээр үүнээс олон гажигтай хүүхэд
төрсөн гэсэн үг. Төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг байхгүйг
судлаачдын гаргасан тооноос харж болохоор байв. “Хоёр, гурван аймагт л согог
гажиг илрээд бусдад нь хоосон бол агаарын бохирдол, химийн бодис, хүнсний
аюулгүй байдал гэх мэт тохиолдлын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх аймагт
илэрч байгаа нь айхтар дэвсгэр хүчин зүйл байгаа хэрэг” гэж Ц.Энхмаа доктор
ярилаа.

Судлаачид
цус ойртолтыг уртраг, өргөргөөр нь судлаад гаргаад ирж. Өргөргийн дагуу
Хөвсгөлөөс Өмнөговь руу урагшаа явах чиглэлд цус ойртолт нэмэгдэж байжээ. Согог
гажигтай хүүхдийн тоо ч үүнийг дагаад өсч байгааг судалгаагаар тогтоожээ. “Хүн
амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй
бол согог гажигтай төрж буй хүүхдийн тоог цөөрүүлнэ гэж зүүдлээд ч хэрэггүй
болсон” хэмээн Ц.Энхмаа доктор онцолж байв.

Сүүлийн
үед илэрч байгаа гажгийн хэлбэр хүнд болж байгаа аж. Наад захын жишээ гэхэд л
улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлсэн хүүхэд төржээ. Уруул сэтэрхий,
тагнай цоорхойг мэс заслаар аргалж болох ч энэ тохиолдолд яаж ч болохгүй гэнэ.
Нүдний төрөл бүрийн хүнд гажигтай хүүхдүүд олноор төрөх болжээ. Хоёр нүдний
алим нь төрөлхийн жижигхэн, нүднийх нь алим дотор хальс бий болсон хүүхдүүд ч
олноор төрж байгаа гэнэ. Ямартай ч төрөлхийн согог гажигтай төрж буй хүүхдийн
тоо цус ойртолттой шууд шугаман хамааралтай өсч байгааг судлаачдын гаргасан
дүгнэлтээс харж болохоор байна.

Цус ойртолттой шууд
хамааралтай өсч буй өвчний 13 бүлэг бий

Монгол Улс
хүн амынхаа өвчлөл нас баралтыг 1996 оноос өвчний олон улсын аравдугаар
ангиллын статистик руу оруулжээ. Өвчлөлөө үүний дагуу бүртгэдэг болсон гэсэн
үг. Энэ статистикаар бол бүх өвчлөлийг 19 том бүлэгт хуваадаг байна. Цусны
эргэлтийн тогтолцооны өвчин гэхэд л дотроо даралт ихсэх, судас хатуурах гээд
задраад явчихдаг аж. Энэ өвчнүүдийг арван жилийн хугацаанд судлаад үзэхэд нийт
аймаг, суманд ялгаагүй шахуу жигд тархсан байж. Эндээс хүн амын өвчлөлд сүүдэр
шиг мөнхөд дагаж явдаг суурь шалтгаан үүссэнийг харж болно гэж судлаачид онцолж
байна. Сүүдэр шиг дагаж яваа шалтгаан нь тэднийхээр цус ойртолт аж. 95 хувиас
дээш түвшинд цус ойртолт, хүн амын нийт өвчлөл хоёр шууд хамааралтай байна
гэсэн цочирдмоор дүгнэлт гарчээ. Цус ойртолттой шууд хамааралтай өсч байгаа
өвчний бүлэг гэхэд л 13 байна.

Цус
ойртолтоос сэргийлэхийн тулд угийн бичгийг зөв хөтлүүлж заншуулах, засаг
захиргааны хэт жижиглэн хуваасан тогтолцоог шинэчлэн томсгох, нягтрал сийрэг
сум багад анхаарах зэрэг зөвлөмжийг НЭМХ-гийн судлаачид гаргажээ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Г.Батсүрэн: Дөрвөн давхар барилга нурах гээд байхад Засаг дарга Д.Оросоо тоохгүй байна

Баянгол дүүргийн XVI хорооны иргэн Г.Батсүрэн бидэнд хандсан юм. Хууль бусаар барилга барих гэсэн иргэдийн буруугаас болж зочид буудал нь нурах аюулд ороод байгаа гэнэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний нуралт үүсч, барилга барих аюултай нөхцөл бүрдсэн байна гэх дүгнэлтийг гаргажээ. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Гэвч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа гэнэ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хэзээнээс танай зочид буудлын барилгад тулган барилгын суурь нүх ухсан юм бэ?

-Ц.Оюунбат гэх иргэн 2011 онд манай зочид буудлын ард талд өөрийн эзэмшил газартаа барилга барихаар манай зочид буудал болон бусад ойр хавийн байшингуудад тулгаад барилгын суурь нүхээ ухаад эхэлсэн. Ойр хавийн хүмүүс эсэргүүцэж хаанаас, хэний зөвшөөрлөөр барилга барих гээд байгаа, барилгуудын хоорондын зай талбайн хууль журам зөрчиж байна гээд хэл ам хийсэн юм. Гэвч энэ бүгдийг тоолгүй суурь цутгах нүхээ их гүнзгий ухчихсан. Бид ч цонхоо хаалгаж барилга бариулахгүй гээд эсэргүүцэл, тэмцэл хийсэн юм. Тэгсэн нөгөө хүмүүс барилгынхаа нүхийг ухсан чигт нь үлдээчихээд яваад өгсөн. Хоёр жилийн өмнөөс зочид буудлын барилгын сууринд хагаралт өгч, цуураад эхэлсэн. Ингээд холбогдох газруудад удаа дараа хандаж, дөрвөн давхар барилга нурах гээд байгааг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудаасямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан гэсэн үү?

-Тийм ээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт барилгын суурь нүх ухсан нь манай зочид буудалд нөлөөлж байна. Сууринд хагаралт, цууралт өгсөн байна гэж хандсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин ирж хяналт шалгалт хийгээд явсан. Тус газраас гаргасан дүгнэлтээр барилгын суурь нүхнээс болоод зочид буудлын барилга нурах аюултай байна гэх зэрэг олон ноцтой дүгнэлтүүд гаргасан байна лээ. Барилгын талбай дээрх үзлэгээр барилгын суурийн нүхний хөрсний нуралтаас хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүйгээс болоод тус газарт хөрсний нуралт үүссэн байна. Ухсан нүхнээс болоод дөрвөн давхар үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгын хаяавч эвдэрч гэмтсэн байна. Мөн хөрсний нуралт тусгазарт бий болсон байна. Барилгын суурь нүхзочид буудлаас 70-80 см, нэг давхрын барилгаас 50 см байна. Хоёр барилгын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах шаардлагатай байна гээд дүгнэлт гаргасан. Хөрсний гулсалт үүссэн. Үүнээс болоод манай барилгад нөлөөлөөд суурь хэсэг нь хагарч цуураад эмтрээд эхэлчихсэн. Хүчтэй бороо ороод хөрсөнд өөрчлөлт орох юм бол дөрвөн давхар барилга нурах гээд байна гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод албан ёсоор хэлсэн. Мөн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Өмчийн харилцааны алба гээд холбогдох бүх хүнд мэдэгдсэн боловч одоог хүртэл арга хэмжээ аваагүй. Төрийн байгууллагууд магадгүй манай барилга нурсны дараа л ажлаа хийх бололтой. Уг нь энэ асуудлыг бүрэн шийдэж өгөх эрх нь Засаг дарга Д.Оросоод бүрэн байгаа шүү дээ.

-Барилга барихаар нүх ухсан компанийн холбогдох хүмүүст энэ тухайгаа хэлсэн үү?

-Ц.Оюунбат гэж хүн барилга барих юм гэсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраасД.Баттөр, Ц.Батцагаан, У.Ундармаа нарт дөрвөн давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон гэсэн. Гэвч иргэн Ц.Оюунбатын утас нь холбогдохгүй байгаа. Иргэн би битгий хэл төрийн байгууллага нь холбогдож чадахгүй байгаа. Одоо хаашаа хандахаа мэдэхгүй л сууж байна. Олон жилийнхээ хүч хөдөлмөрөөр барьж босгосон зочид буудлын барилга маань бусдын буруутай үйлдлээс болж нурах гээд байна. Холбогдох газруудад хэлээд ч нэмэр алга. Төрийн байгууллагын хүнд сурталд жирийн иргэн хохирч үлдэх гэж байна. Сүүлдээ зочид буудалдаа үйлчлүүлэгч авахаас хүртэл айж байна. Үйлчлүүлэгч авчихсан байтал гэнэт барилга нурчихвал эрдэнэт хүний амь нас үрэгдэнэ шүү дээ. Барилга нурчихвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ. Барилга нурах гээд байна гэж удаа дараа мэдэгдээд байхад арга хэмжээ авч өгөхгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар бурууг нь үүрэх үү гэдэг асуудал босч ирж байгаа юм.

-Ухсан нүхийг нь эргүүлээд булчих юм бол танай барилгад ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн үг үү?

-Гол нь хөрсний гулгалтыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргачихсан. Баянгол дүүргийн XVI байрны хөрс гулгалтаас сэргийлж “Хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийсэн шүү дээ. Яг үүн шиг хөрсөнд бэхэлгээ хийх шаардлагатай гэсэн. Хэн нэгний буруугаас болж эгэл жирийн иргэн хохирч болохгүй биз дээ. Барилга барихаар ухсан тэр нүх хогоор дүүрч, ойр хавьд нь байж болохгүй өмхий үнэртэй болсон. Гэр оронгүй иргэд хоол ундаа хийж идэж, хоног төөрүүлдэг газар болсон байгаа.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгийн дарга МАН Засагт хамтарсан цагаасаа хойш албан тушаалын асуудалд маш сайн хандаж Засгийн газрын бусад асуудалд гацаах маягтай оролцож байна гэсэн. Удахгүй МАН-ыг Засгаас хөөх тухай яриа ч гарчээ?

-Би энэ тухай хэвлэлийн мэдээ харсан. Өнгөрсөн оны сүүлээр МАН Засгийн газарт орж Шийдлийн хэмээх өнөөдрийн энэ Засгийн газрыг байгуулалцсан. Тэр үед Засагт орох нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байсан гишүүдийн нэг нь би мөн л дөө. Нэг талаас улс орны эдийн засаг хүндэрсэн тул хамтраад явчихвал арай дээрдэх юм болов уу гэж найдсан. Хэрэв манай нам улс төрөө бодсон бол Засгийн газарт хамтрах нь дэндүү утгагүй зүйл байлаа. Тэртэй тэргүй 2012 оны сонгуулийн дараа АН МАН-гүйгээр засаглаж эдийн засгийг ийм хүнд нөхцөлд хүргэсэн. Монгол ардын намынхан бол зөв харж инээн, буруу харж уйлах нь холгүй намынхаа эрх ашгийг хоёрт тавьж, ард түмнийхээ эрх ашгийг бодон хамтарсан. Манай нам Засагт хамтарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. МАН Засагт хамтран орсон ч гэсэн ард түмэнд харагдахуйц өгөөжтэй шийдвэрүүд гаргаж чадахгүй байгаа л даа.

Ер нь бол асуудлын гол нь МАН-д биш Ардчилсан намын засаглах хэлбэр ирээдүйд юу болохыг ойлгож байгаа, хүлээж авч буй нөхцөл байдал нь МАН-ынхаас эрс зөрүүтэй байна. МАН Засгийн газарт зургаан суудал, Их хуралд 26 гишүүнтэй байгаа энэ үед Ардын намын бодлого бүрэн утгаараа хэрэгжихгүй. Тиймээс ард түмний амьдрал сайжирна гэдэг итгэл өдрөөс өдөрт алдарч байгаа юм. Миний хувьд МАН ийм Засгийн газрын бүрэлдэхүүнд удаад байх шаардлага байхгүй. Нэгэнт үр дүн гарахгүй байхад ийм нөхцөлд Засгийн газраас бушуухан гарчих хэрэгтэй.

-Танай намынхан Засгаас гарах гээд АН-ыг иймэрхүү үгээр өдөөд байгаа юм биш үү?

-АН Засагт хамтраач ээ хэмээн МАН-ыг нэлээд удаан гуйж байж зөвшөөрөл авч чадсан. Одоо бидний шаардлага байхгүй гэж байгаа бол албан ёсоор шийдвэрээ гаргаад тавьчих л даа. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газраас оруулж ирж байгаа эдийн засгийн шийдлийн бодлогууд нь хэт нэг тал руугаа хэлбийсэн, улс эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд гаргаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардын нам ардаараа овоглосон учраас ард түмнийхээ эрх ашгийн төлөө явдаг. Харамсалтай нь энэ бодлого маань Шийдлийн Засгийн газарт биелэлээ олж чадахгүй байна.

-Нэгэнт гэрээ байгуулан хамтарч байгаа энэ үед танай намаас Засагт орсон зургаан сайд намынхаа үйл ажиллагаа, чиглэлийг төдийлөн сайн ойлгуулж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Би Засгийн газрын гишүүн биш болохоор Засгийн газрын хуралдаан дээр ямархуу уур амьсгал бүрэлдэж байгааг хэлж чадахгүй нь. Манай намаас Засагт орсон сайд нараас асуусан нь дээр байх. МАН-ын засаглах хэлбэр, эдийн засгийг харж буй байдал нь ард түмнийг өнгөц хэлбэрээр хуурах ёс зүй байхгүй байгааг харж болно. Шилний цаанаас мөхөөлдөс долоолгохоор мөхөөлдөсний амт амтагддаггүй биз дээ. Ард түмнийг түр зуурын шоу хэлбэрээр аргалах ийм засаглал руу яваад байна. Энэ Засгийн газрын нэг шинж нь шоу сайтай болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэнэ, тэгнэ, хийнэ гээд ирээдүй цагт л юм яриад байгаа болохоос ингээд хийчихлээ, ингээд хийж байна гэдэг зүйл харагдахгүй байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс энэ Засгийн газрын чадавхи нь маш сул байна.

-МАН-ын удирдлагууд Засгийн газраас гарах асуудлыг юу гэж байгаа юм. Засагт ороод 200 гаруй хүн танай намаас албан тушаалд хүрсэн. Сайд, дэдсайдууд гээд маш олон хүн томоохон албанд очсон?

-Би манай намаас тийм хүмүүс ийм албан тушаалд очлоо гэсэн статистик гаргаж үзээгүй. Сураг сонсох нь ээ ганц нэг хүн Ардын намын нэрээр албан тушаалд очсон юм шиг байна лээ. Харин намын удирдлагууд Засгаас гарах тал дээр ямар бодолтой байгааг өөрсдөөс нь асуувал илүү хариулт авах байх аа.

Харамсалтай нь энэ Засгийн газар төвлөрсөн судалгаатай, үр дүн гарахуйц нэг ч шийдвэрийг гаргаж чадсангүй. Манай нам Засагт орсноор өрийн таацыг ил болон далд хэлбэрээр гаргаж чадсан юм. Шулуухан хэлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бараг байхгүй гэж хэлэхэд болно. Бид Засагт хамтрахдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж гэрээ байгуулсан ч гэрээ биелэлээ олж чадахгүй байгаа нь үнэн.

-МАН заавал Ардчилсан намаар хөөлгөж байж энэ Засгаас гарах гээд байгаа юм уу. Эсвэл өөрсдөө гарах гээд байгаа юм уу?

-Үүнийг би ганцаараа шийдчихдэг юм биш. Намын Бага хурлын 300 гаруй гишүүний олонхийн саналаар шийдэгдэнэ. Урьдчилж ийм шийдвэр гарна гэж хэлэх нь утгагүй зүйл. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд Шийдлийн Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна л гэж хараад байгаа. Энд тэнд гарсан өгүүлэл төдий зүйлийг уншин ямар ч судалгаагүй зүйл ярих юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эдийн засгийг сайжруулчих ямар арга хэмжээ авчихсан юм бэ.

-Бид л Засагт хамтрахгүй бол эдийн засаг тартагтаа туллаа гэдэг зүйлийг танай намынхан ярьж байсан. Орсныхоо дараа ингэж ярих байсан юм уу?

-Бид Засагт орно гэдэг нь нэр төдий ямар ч дуу хоолойгүй, Ардын намын мөрийн хөтөлбөр биелэлээ олж чадахгүй. Ингэж Засгийн газрын шийдвэр болгон гаргах боломжгүй цөөнхийн байр сууринаас Засагт байна гэдэг утгагүй асуудал.

-Тэгээд яах ёстой гэж?

-Магадгүй Ардын нам олонхи болоод Засгийн газрын шийдвэрийн зонхилох хэсгийн манай нам гаргаад явбал ард түмэн жаахан хожих байх. Хараад байхад Ардын нам ялагдахаар ард түмэн дагаад ялагдчихдаг юм байна. Ардын нам ялаагүй үед ард түмний амьдрал хүнд байгаа биз дээ.

-Танайхан Засгаас гарлаа гэхэд ард нь 200 гаруй хүний албан тушаалын асуудал яригдана. Энэ бүхэнд чинь ард түмэн чинь хохирч байна шүү дээ?

-Салбар хоорондын уялдаа алдагдсан, ирээдүйг хараагүй, эдийн засгаа тогтоож дийлэхгүй буруу бодлого явуулж байгааг засч чадахгүй байгаа юм чинь Засагт байх нь утгагүй асуудал. Гарлаа гэхэд таны хэлсэн шиг шүүмжлэл гарах байх. Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ардын нам ард түмнээ бодоод улс төрийн савлагаа үүсгэчихгүйн тулд ажиллаж байна. Улс төр нь савлаад эхлэхээр эдийн засаг нь дагаад савлачихдаг. Одоо бол хоёр муугийн арай гайгүй мууг нь сонгох шаардлага бий. Миний хувьд Ардын нам Шийдлийн Засгийн газарт орсноос хойш ийм үр дүн гарсан гээд ард түмэнд тайлагначих юм даанч алга.

-Засгийн газарт хамтарсны гавьяа гэж танай намд юу байна вэ?

-Үнэхээр Засагт хамтраад ийм зүйл хийлээ гээд хэлчих юм даанч алга.

-Тийм болохоор л Засгаас гар гээд байгаа юм уу?

-Би намын удирдлагын түвшинд ажилладаггүй. Бүлгийн гишүүн. Тиймээс хэлж мэдэхгүй байна. Ийм үлбэгэр, сул дорой, ард түмнээ боддоггүй бодлого явуулж байгаа нөхцөлд хэцүү байна л даа.

-Тан шиг байр суурьтай гишүүд танай намд хэр олон байгаа вэ?

-Нэлээд олон байгаа байлгүй дээ. Ардын нам Засагт хамтраад ард түмэнд хэрэгтэй зүйл юу хийчих вэ гэж хоорондоо ярьдаг юм. Удахгүй чуулган завсарлахаар бид тойргоороо явна. Намайг тойрогтоо очихоор таны асуугаад байгаа асуултуудыг иргэд асууна. Тэр үед ийм сайн зүйл бий болсон гээд хэлчих зүйл тун бага байна.

-Та тэгээд иргэдтэйгээ уулзаад юу гэж хэлье гэж бодож байна?

-Үнэхээр хэлэх үгээр маруухан л сууна. Эдийн засаг өдөр ирэх бүр л улам муудаад байгаа биз. Магадгүй эдийн засаг өнөөдрөөс хурдан унах байсныг манай нам Засагт хамтраад сааруулж чадсан. Бид уналтын хурдыг л сааруулсан. Аль аль нам нь ард түмний амьдрал сайжирчих хэмжээний арга хэмжээг авч чадсангүй л дээ. Одоогийн Засгийн газрын яриа нь хэтийдэж, хийх нь багадсан байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна.

-Асуудлын зангилаа нь Ерөнхий сайддаа байна уу, намууддаа байна уу?

-УИХ, Засгийн газрыг тодорхойлж байгаа Ардчилсан намдаа л асуудал нь байна. Бид өнгөрсөн гурван жил бодлогын алдаануудаа зас гэж ад үзэгдтэлээ л хэлсэн. Сөрөхийн тулд сөрөөд байгаа юм шиг хүртлээ бид шүүмжилж байгаа. Харамсалтай нь үүнийг ойлгохгүй байна л даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Марко Поло” кинонд Монголоос 45 хүн тоглоно

“Марко Поло” киноны Монгол талыг хариуцсан продюсер М.Оргилтой ярилцлаа.

-“Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдээс эхнээсээ явсан гэсэн. Үлдсэн хэсэг нь хэзээ явах вэ?

-Өнгөрсөн гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 24-нд “Хан монгол морьтны холбоо”, “Тэнгэрийн чоно” орлон тоглогч багийнхны 10, мөн олны хэсэгт тоглох эхний ээлжийн 10 хүн хоёр орчуулагчийн хамт явсан. Араас нь дөрвөн бүжигчин, нэг уртын дуучин, зургаан хөөмийч явна. Мөн дөрвөн бөмбөрчин нэмэгдэж явж магадгүй. Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Тангад, Бямба-Очир хоёр долдугаар сар гаргаад явах төлөвлөгөө бий. Тангад Хойд омгийн хүчтэний дүрд тоглох юм. Жүжигчин Ц.Цэрэнболд арванхоёрдугаар сарын 12-нд явах болсон. Ахмад настай сайхан баатрын дүр бий. Мөн Хубилай хааны бага насны дүрд 12 настай хүү сонгогдсон. Тэр хүү жүжигчин Ц.Цэрэнболдтой цуг нэг хэсэгт тоглох юм.

Цэрэнболдын сонгогдсон байдал их сонирхолтой. Үндэсний телевизэд сонгон шалгаруулалт болж байхад өөрөө сонирхоод явж байсан юм билээ. Цэрэнболд 40 хүрээгүй залуу шүү дээ. Уг нь 60-аас дээш насны нэг дүр байсан юм. Нас чинь арай болохгүй юм байна гээд явуулчихсан. Цэрэнболдын дүр төрх, жүжигчин талдаа сайн. Мэргэжлээ өөрийн болгож эзэмшсэн хүн. Явуулсныхаа дараа царайг нь төсөөлсөн нэлээд овортой санагдаад буцаагаад залгасан. Тэгсэн Цэрэнболд “Би их овортой харагддаг. Жаахан буурал тавихаар л хөгшин өвгөн болчихно” гэсэн. Тэгэхээр нь дуудчихсан. Цаанаас өгсөн зааврыг зөрчөөд өөрийн эрх мэдлийн дагуу Цэрэнболдыг 60 гарсан хүний дүрд бичлэг хийгээд явуулсан юм. Тэгсэн миний таамаглаж байснаар “Марко Поло”-гийн хүмүүст их таалагдсан. Найруулагч, зохиолч хоёр нь Монголд ирэхдээ Цэрэнболдыг дуудаад тоглуулж үзээд сонгосон. 60-аас дээш насны тэр дүрд Монголын ахмад олон жүжигчид проба өгсөн байсан юм. 20-30 насны зөрүүтэй дүрд тийм сайхан тоглож байна гэдэг сайн.

-Жүжигчид маань монгол хэлээрээ тоглох уу?

-Монголоор тоглуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Жаахан хэсэгт буюу Цэрэнболд, Хубилайн бага насны үед монголоор яриулъя гэсэн юм. Найруулагч, зохиолч нь монгол хэл дээр тоглохыг дэмжиж байгаа ч цаад “Netflix”-ын удирдах ажилтнууд нь зах зээлээ бодно. Үзэгчид нь дандаа англи хэл дээр ойлгох хүмүүс учраас заавал монголоор яриулах шаардлага байна уу гэсэн зүйл яриад байгаа юм.

-Албан ёсоор хэдэн хүн явахаар болоод байна. Өмнөх анги дээрээ хэдхэн л хүн явж байсан байх аа. “Марко Поло”-д тоглох хүмүүс маань англи хэлтэй юу?

-Өнгөрсөн жил дөрвөн хүн л тус кинонд тоглож байсан. Хубилай хааны 800 жилийн ой болох гэж байна. Үүнтэй уялдуулаад төр засаг маань хубилай хааны байгуулсан түүх, гавьяаг таниулах, Монгол түүхийг сурталчлахад Холливудын “Netflix” компанитай хамтраад ажиллана гэдэг асар том хөрөнгө оруулалт. Одоогийн байдлаар 45 хүн монголоос баталгаатай тоглохоор болчихож байгаа юм. Дээрээс нь ганц, хоёр жүжигчин нэмэгдэж магадгүй. Гол нь хэлний л асуудалтай байна. Энэ киног дэлхийн хэмжээнд үзэх учраас англи хэл дээр тоглох ёстой. Тиймээс том дүрүүдэд нь монголчууд сонгогдож чадахгүй байна. Яваандаа манай Монголын дуучид, жүжигчид англи хэл сурч байвал дэлхийн зах зээл ойрхон байна шүү. Магадгүй “Марко Поло”-гийн дараагийн бүлэгт хэлтэй болчихвол гол дүр авах боломж бий.

-Киноны нэгдүгээр бүл­гийн зөвлөхөөр ажилласан Бямбадорж явах уу?

-Долдугаар сард Бямбадорж маань зөвлөхөөр явна. Бас Баярцэцэг гээд охин орчуулагчаар явна. Орчуулагчаар явж байгаа гурван хүн дандаа кино салбарын хүмүүс. Тэд бүтэн гурван сар Холливудын кино үйлдвэрлэл яаж явагддаг юм бэ. Том найруулагчид яаж ажиллаж байна. Зохион байгуулалт ямар байх вэ гэдгийг үзээд туршлага судлаад Монголдоо ирж амьдралд хэрэгжүүлэх залуусыг явуулсан. Тэд бүгдээрээ маш сайн англиар ярьж, чөлөөтэй орчуулга хийдэг хүмүүс байгаа.

-Олны хэсэгт тоглох 10 хүн яаж сонгогдсон юм бол. Жүжигчин Цэгмэд ямар дүрд сонгогдсон юм бэ?

-Жүжигчин Цэгмэд эгч олны хэсэгт тоглох 10 хүний нэгээр сонгогдсон. Гол дүрийн хажууд монгол төрхтэй хүмүүс зогсож сууж байх юм. Энэ 10 хүний хувьд цаанаас нь 3-4 эмэгтэй хүн, 5-6 эрэгтэй хүн байх ёстой гэсэн. Мөн монгол нар салхи үзсэн хөрслөг сайхан царайнууд байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгээд бид орон нутгаас сонгон шалгаруулалт хийж Баян-Өлгий, Сэлэнгэ, Булганаас хүмүүс сонгогдсон байгаа. Тэр дотор малчин, ажилгүй байсан хүмүүс, Засгийн газрын автобаазын жолооч ах хүртэл сонгосон. Одоо Будапештын төвд буудалд буучихсан байгаа. Саяхан холбогдоход очсон хүмүүс маань их сэтгэгдэл өндөр байна лээ.

-Орлон тоглогчдын хувьд?

-10 орлон тоглогч маань мэргэжлийн хүмүүс. Очоод анхныхаа морины бэлтгэлд гарсан байгаа. Утсаар ярьсан чинь бусад орлон тоглогчдоос бид ялгарч байна. Бид морь малдаа арай илүү гарамгай байх шиг байна гэж байна лээ. Бүгдээрээ сайхан баатар, харуулын дүрд тоглоно. Мөн морин дээрээс харвах зэрэг үзүүлбэрүүд дээр орох байх. Олон сайхан кинонд тоглочихсон туршлагатай сайхан залуус бий.

-Сонгогдсон хүмүүс маань киноны зураг авалт дуустал тэндээ байх уу?

-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс гурван сар болно. Есдүгээр сард зураг авалт Малайз руу нүүхэд эндээс олны хэсгийн шинэ 10 хүнээ солиод явуулах юм. Харин орлон тоглочид маань зургаан сар ажиллахаар болсон.

-Хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?

-Олны хэсэгт тоглож байгаа хүмүүс сарын 800 долларын цалин авч байгаа. Гар дээр нь хоолны мөнгө гээд долоо хоногт 210 доллар өгч байгаа гэсэн. Нийлээд 1800 доллар гэсэн үг л дээ. Харин орлон тоглогчид сарын 1000 доллар авна.

-“Марко Поло” киноны зохиолч, найруулагч нар ирж манай төр засгийн удирдлагуудтай уулзсан. Тэр ажил хэр бүтэмжтэй байна?

-“Марко Поло” киноныхон­той манай төр засгийн удирдлагууд уулзаж сайхан дэмжсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “Марко Поло”-д тоглох монгол хүмүүсийг тодорхой хэмжээний санхүүжүүлэх шийдвэр гаргасан байсан. Одоохондоо биелэлээ олоогүй байна. Бид энэ шийдвэрийг нь биелэх байх гэж найдаад хүлээж байна. Санхүүгийн асуудлаас болоод бөмбөрчид явах уу, үгүй юу гэдгийг шийдээгүй байгаа. Тэр хүмүүсийн явах зардал, очоод байрлах зардал гээд асар өндөр зардал гарах учраас Европт байгаа япон, солонгос хүмүүсийг тоглуулах хувилбар яригдаж байна. Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хэр хурдан бүтнэ, тэр чинээгээр илүү олон монголчууд тоглох боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хубилай хааны 800 жилийн ойгоор энэ кино гарахаар манай улсын хувьд нэлээд сурталчилгаа болно байх?

-Үүнд манай соёлын биет ба биет бус өв тэр чигээрээ орж байгаа. Ийм том компаниар сурталчлагдаж байна гэдэг Монгол Улсын нэр гарч байна гэсэн үг. Тэгэхээр манай төр засаг тодорхой хэмжээний зардал гаргаад тогтоол гаргана гэдэг зөв алхам.

-Цаашдаа эдийн засгийн бас нэг гарц болгож Монголын зах зээл дээр кино үйлдвэрлэл явуулах ямар боломж байна?

-“Марко Поло” киногоор дамжуулаад цаашдаа бид соёлын үйлдвэрлэл буюу кино үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Киноны хуулийг олон ч жил ярьж байна даа. Киноны хуулиа гаргаад кино үйлдвэрээ хурдхан барих хэрэгтэй. Киноны хуульд хамгийн чухал зүйл нь татварын хөнгөлөлтүүд.

Бүх Холливудын кинонууд кино зураг авахад татварын хөнгөлөлт үзүүлдэг, хамгийн өндөр хөнгөлсөн орон хаана байна тэнд очиж зургаа авдаг. Малайзад гэхэд 30 хувь хөнгөлдөг. Энэ бүх асуудлуудаа шийдчихвэл “Марко Поло” болон бусад түүхэн киног Монголд ирж хийх магадлалтай. Кино хийх эрхзүйн орчингүй учраас тэр олон сая доллараар бүтэж байгаа киноны зураг авалт гадаадад болоод байна. Монгол хүмүүсийг гадагш авч явахад зардал их гарах учраас өөр хүмүүсээр орлуулах нь эдийн засгийн хувьд хэмнэлт гарна. Нэгдүгээр бүлэгт л гэхэд 90 сая доллар зарцуулсан. Тэр мөнгө Малайз, Казахстан, Италид үлдсэн.

-“Марко Поло” киног хийснээр Монголоос жүжигчид авч байгаагаас гадна эдийн засгийн үр өгөөж бий юу?

-Хоёрдугаар бүлэгт хэрэглэгдэх гэрийн бүх эсгийгээ манайхаас авсан. Олон хүн монголоос авч цалинжуулж ажиллуулж байна. Одоогийн байдлаар “Марко Поло”-гийнхон 300 гаруй мянган долларын хөрөнгө оруулалт Монголд хийчихсэн байна.

-Хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал гарах вэ?

-Эхний бүлэг дээр Марко Поло Монголд очиж Хубилай хаантай танилцаж, монгол ахуй нийгэмд Юань гүрэн рүү шилжихийг харуулсан. Одоо бол Хубилай хаан голдуу Ар Монголд байгаа хаад ноёдтой зөрчилдсөн зөрчлийн талаар гарах юм. Энэ удаад Ар Монголд Хайду хаан толгойлж Хубилайтай зөрчилдөөн үүсч буй хэсэг, Их хуралдай, Монголын хурим найр гээд тодорхой хэсгүүд гарах юм билээ.

-“Марко Поло” кино хэзээнээс олны хүртээл болох вэ?

-Зураг авалт нь арванхоёрдугаар сард дуусна. Өнгөрсөн жил зураг авалт нь есдүгээр сард дуусаад нэгдүгээр сард гаргаж эхэлсэн. Энэ жил оройтож байгаа ч гэсэн түрүүчээс нь нэгдүгээр сар эсвэл гурав, дөрөвдүгээр сараас гаргах байх.

Categories
мэдээ цаг-үе

Гомбожавын Занданшатар: Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлээ алджээ. Энэ бол маш том эмгэнэл

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Гомбожавын Занданшатартай ярилцлаа. Тэрээр АНУ-ын дэлхийд алдартай Стэнфордыних сургуульд олон улс судлал болоод улс төрийн шинжлэх ухааны зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирээд байна. Нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан эл эрхэм Америкт суралцаж байхдаа автын осолд орж олон хоног ухаангүй байсан юм.

Энэ бүхний дараа хэв­лэлд анх удаа ярилцлага өгч байна.

-Таны хувьд Стэнфор­дын их сургуульд зочин судлаачаар ажиллаж ирээд удаагүй байна. Ингэхэд яагаад Стэнфордын их сургуульд суралцах болов. Улс төрөөс түр зай авъя гэж бодсон уу?

-Улс төрд удаан хугацаанд хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгмийг, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон л доо. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс өөрийн хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн. Дэлхийн нэртэй улстөрч, олон улс судлаачдын лекцийг тухайн танхимд нь сонсч, мөн өөрөө лекц уншиж тэдэнтэй санаа бодлоо хуваалцана гэдэг аз завшаан.Ийм үүднээс миний бие Стэнфордын их сургуулийг сонгосон. Ардчиллын онолын эцэг гэгддэг Ларри Даймонд нарын олон улсад нэртэй хүмүүс ажилладаг, улс төрийн том сургууль юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс зэрэг нэртэй улстөрчид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр лекц уншдаг.

-Тэнд та хэр удаан хугацаанд суралцсан бэ?

-Нэг жил зургаан сарын хугацаанд байсан. Өөрийнхөө алдаа оноог нэг эргэцүүлээд үзье. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байна уу, үгүй юу. Үнэнч шударга ажилласан нь буруудаж, хэн мөнгөтэй, пиар хийж ард түмний тархийг угааж чадсан нь улс орныг удирдан залж буй нь зөв юм уу гэдгийг мэдрэх зорилгоор очсон. Ардчиллын үнэт зүйлийг ардчиллын эх орноос судалж үзэх эрмэлзэл төрсөн хэрэг. Олон улс судлалын талаар Билл Гейтс, Хятадын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн, Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан эрхэм гээд тал бүрийн мэдлэг, олон жилийн дадлага туршлагатай нөхөд цуглаж дундын мэдлэг хуримтлуулдаг. Фрэнк Фукуяама, Карл Эикенбэрри, Ги Воок Шин гээд олон эрдэмтэн судлаачтай найз нөхөд болсон. Миний харьяалагдаж байсан Ларри Даймондын “Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төв” бол улс төрийн шинжлэх ухааны зүтгэлтнүүд зорин ирдэг том гал тогоо л доо.

-Стэнфордын их сургуулийн судлаач гэх авторын дор улс төр, нийгмийн хэд хэдэн шуугиантай нийтлэл хэвлүүлсэн. Мөн уг нийтлэлүүдээр ном бичиж байгаа гэж дуулсан?

-“Зөвлөлдөх ардчилал ба хөгжлийн гарц” гэсэн судалгааны чиглэлтэй номоо сая гаргалаа. Өнөөдөр дэлхий дахинд ардчиллын гурав дахь давалгааны дараахь ухралтын үе тохиож байна. Даяаршил техник технологийн эрин үед дэлхийн олон орны ардчилал саарч, ухарч, хямралд орж байна. Тиймээс улс төрийн шинжлэх ухаанд ардчиллыг боловсронгуй болгох арга хэлбэрийг эрэлхийлж байна. Миний хувьд тэрхүү гарц нь зөвлөлдөх ардчилал гэж үзэж байгаа. Монголын эдийн засгийн хямрал хариуцлагагүй төрийнх гэдэг нь ойлгомжтой. Хариуцлагын төрийн хямрал нь хувь улстөрчдийн хариуцлагаас үүдэж эдийн засгийн, хариуцлагын, хуулийн засаглалын, институцийн, засаглалын гэх таван төрлийн хямрал гинжин холбоог үүсгэсэн байна. Үүнийг засч өөрчлөх тухай “Зөвлөлдөх ардчилал бас хөгжлийн гарц” ном бичиж олон түмэнд хүргэж байна.Таван толгой, төмөр зам бусад олон тулгамдсан асуудлыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар шийдсэн бол бид маш хурдацтай хөгжих байлаа. Оюу толгойг ч зөвшилцлийн ардчиллаар шийдсэн бол ийм их хэл ам гарахгүй явах байсан гэж боддог.

-Тогтолцооны гажгийн талаар нийтлэл хэвлүүлж санал дүгнэлтээ танилцуулсан байсан. Нэг Монгол үзэл чинь энэ бүхний тайлбар гэж ойлгож болох уу?

-Япон болон Зүүн өмнөд Азийн найман эдийн засаг, дэлхийн хөгжлийн загваруудтай харьцуулахад Манай төр нэгдсэн нэг бодлогогүй, хоорондоо эвлэлдэж уялдаагүй хэтэрхий олон зүйлийг хуулбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Герман, Америк, Орос, Хятад, Шинэ Зеланд, Канад гэхчилэн маш олон үндэстний хувцас хольж өмссөн хоорондоо уялдаагүй олон төрхтэй монгол болчихсон байна. Үүнээс улбаалаад “Нэг Монгол нэг зүгт нэгдэхийн учир” гэж номоо тайлбарлаж нэрлэсэн. Номын ерөнхий утга агуулга ч үүнийг нэг монгол болгох томъёололд багтаж байгаа. Монгол уламжлалыг өрнө дорнын ухаантай хослуулан үндэсний хөгжлийн зөв гарцыг олж, “зөвлөлдөх ардчиллаар” хамтран шийдээд Нэг Монгол нэг зүгт тууштай нэг мөр замнах нь Монгол Улс Азийн баруудыг гүйцэн түрүүлж хөгжлийн хурдан хүлэг болно. Бид чинь нэг л Монгол биз дээ.

Үндсэн хуулиас аваад төрийн бүх тогтолцоо тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн алба, хүн ам нийгмийн хамгаалал, эдийн засгийн энэ бүх тогтолцоо чинь гадны улс орнуудын загварын цуглуулга. Авлигатай тэмцэх тухай хуулийг Хонконгоос, төрийн албаны хуулийг Канадаас, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг Шинэ Зеландаас,тэгш татварын хуулийг Зүүн Европын орнуудаас, Эрүүгийн хуулийг Орос, Германаас гэх мэтчилэн жишиг загвар авч хэрэглэсэн. Сүүлийн үед далайн хууль, Герман Ромын хуулийн зарчмууд ч зөрөлдөж эхэллээ. Хуулийн засаглалын хямрал гэж үүнийг хэлнэ. 466 хуулийн ихэнх нь өөр өөр суурь зарчим, хэрэгжих механизмтай хуулиуд эвлэж ажиллаж өгөхгүй байна. Үүнийгээ даруйхан засч монгол төрийг дархлаатай, талцсан, намчирхсан энэ байдлыг зогсоон эв нэгдэлтэй болохгүй бол гадаад харилцаанд эвгүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Украины асуудал бидэнд маш том сануулга болсон.

-Таван толгойн асуудал дээр гэхэд төрийн гурван өндөрлөг гурван тийшээ хараад суучихаар Монгол Улс маань яаж хөгжих билээ гэх санааг уг нийтлэлдээ агуулсан байдаг. Тиймийн учир “Нэг Монгол нэг зүгт” гээд байна уу?

-Бид Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөс хойш Нэг толгойтой Нэг монгол биш гурван толгойтой улс болсон. Таван толгой хэлэлцэж байгаа байдлыг хар л даа. Ард түмэнд төрийн гурван толгой л маргалдаад байгаа харагдаж байна. Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгоно гээд заачихсан байгаа. Гэвч бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ-д тайлангаа тавьдаг. Энэ нь парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байх анхны төслийн загвар нь хэвээр үлдчихсэнтэй холбоотой.“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хууль” сэдэвт хуралд оролцсон Германы эрдэмтэн Штайн 1992 онд Үндсэн хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байхдаа“Анхны төсөл өөрчлөгдөөд бүхард түмнээс сонгодог Ерөнхийлөгчтэй болчихлоо. Энэ чинь яваандаа маш их зөрчлийг авчирна. Улс төрийг гацаанд оруулна” гэж хэлж байсан гэдгээ онцолж байна лээ. Сүүлийн 25 жилийн хугацаанд Ерөнхий сайд нарын огцорч байсан түүхийг аваад үзэхээр сонин түүх харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо байнгын зөрчилтэй байсан. Энэ нь улс төрийн хагарал бутрал, өнөөгийн хямралын эх үүсвэр болсон ч байж магад.

-Хэсэг хугацаанд улс төрөөс зай аваад ирэхэд Монголын улс төр ямар байх юм. Зөвлөлдөх ардчилал, нэг монгол нэг зүгт гэх ойлголтыг хэрхэн хүлээж авч байна?

-“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр онолын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж гадны зургаан нэртэй эрдэмтдийг урьж оролцуулсан. Улс орны том эрх ашгийн асуудал учир манай танай нам гэж явцууралгүй парламент дахь намын дарга нар, төлөөллийг бүгдийг нь урьсан. Дарга нар бүгд ирж оролцсон. Манай нийгэмд болохгүй байгаа төрийн тогтолцоо, системийн тухай ярьсан. Монголын улс төрд аливааг хүлээж авч байгаа өнцөг, ёс зүй, авлигын асуудал хэвээрээ байна. “Сант марал”-ын сүүлийн судалгаагаар “Монголын нийгэм шударга бус байна” гэж судалгаанд оролцогчдын 74 хувь нь үзсэн байна. Үндсэндээ дөрвөн хүний гурав нь нийгмээ шударга бус байна гэж үзэж байна. Энэ бол маш эмгэнэлтэй, аймшигтай явдал. Төрөө дээдлэх үзэл бол Ази тивийн үзэл юм. Түүнийхээ хүчинд Азийн улсууд хөгжиж байна. Гэвч Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлгүй болжээ. Үүнд улс төрийн нам болоод, улстөрчид буруутай. Ард түмнийхээ итгэлийг хөсөр хаясан байна. Төр нь төр шиг байж, төрийн түшээд түшээд шиг байж чадсангүй. Авлигатай холбогдуулж миний бие авлигын хэвтээ хяналтын тогтолцоо, Авлигагүй ардчиллын эвсэл бүрдүүлье гэсэн санаачилга гаргасан. Тодруулбал, Парламентын хяналт шалгалтын хороо Мэргэжлийн хяналтын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, прокурор, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс энэ байгууллагууд бие биенээ хянадаг тийм тогтолцоотой болъё. Хэд хэдэн байгууллага бие биенээ хянадаг системтэй болчих юм бол авлига устана. Орчин үеийн хамгийн шалгарсан аргын нэг энэ. Бүрэн төлөвшиж тогтоогүй байхад нь одоо л нэг хөлөө олж эхлэхээр нь АТГ-ын эрх мэдлийг өөр нэг мөрдөн шалгах байгууллага байгуулж шилжүүлэх нь оновчтой бус юм. Авлигатай дайн зарлаж сонгуульд ялсныхаа дараа АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй гэж ярьж байсан хүн энэ хуулийг санаачилж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Сүүлд нь нэмж асуухад, та Америкт өнгөрсөн зургадугаар сард автын осолд орсон. Олон хоног ухаан оролгүй удсан гэх мэдээлэл ирж байсан. Яг юу болсон юм бэ?

-Хар тамхичин нөхрийн 90 гаруй километр цагийн хурдтай явсан машинд дайруулсан. Ослын үйл явц ердөө л тэр. Тэгж л санамсаргүй байдлаас би гэдэг хүн үхээд боссон. “Нөгөө ертөнцөд очоод ирлээ” гэж ойр дотнынхоо хүмүүст тоглоом шоглоомоор хэлдэг. Ийм айхтар осолд орж олон хоног ухаангүй байсан хүнд буцаад ухаан ороход олон зүйл бодогддог юм билээ. Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ ярьж байсангүй. Харин “Өдрийн сонин”-оор дамжуулж хүнд бэрх цагт минь надад болоод манай гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан найз нөхөд, журмын андууддаа, намынхандаа баярласнаа илэрхийлье. Гэргий Г.Отгонгэрэл, үр хүүхдүүддээ маш их баярласан. “Бурхан надад хоёр дахь амьдралыг бэлэглэлээ. Хийх ажил байгаа учир намайг амьд үлдээсэн байх. Ард түмнийхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө зүтгэнэ” гэж ухаан орсныхоо дараа гэргийдээ хэлж байсан. Биед одоо ямар нэгэн зовиургүй болсон. Америкт ч юм уу, Энэтхэгт очоод бурхан шашинд ойр байдаг юм билүү гэж бодогдож байсан. Одоо бол Монголынхоо ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан сайн малчин Д.БАТМӨНХИЙНХ

Төв аймгийн Сэргэ­лэн сумын малчин Д.Батмөнхийнхийг нутгийн айлуудаас нь сурагласаар олж очлоо. Гэрийн эзэн эзгүй. Унагатай гүүгээ хэд хоногийн өмнө алдсан гэнэ. Сураг гаргаад хоёр хоног хайжээ. Долооны тэнд айлын адуунд байгаа дуулдсан учир өглөө эрт тийш хөдөлжээ. Отгон хүү нь хүргэн ахтайгаа хамт хонины хашаа татаж байна. Хоёр, гурван хоногоос хонио ноослох аж. Гэрийн эзэгтэй Л.Энхбаяр “Манай хүн адуунд явсан. Удахгүй, ингэсгээд ирнэ дээ” гэсээр угтлаа. Цай барьж, ааруул, бяслагаар дүүрэн таваг дөхүүлэв. Баруун талын орон дээр саяхан мэндэлсэн нярай байна. Дундах охиных нь хүүхэд гэнэ. Дундах охин Б.Уранцэцэг нь том охиноо эмээ, өвөө дээр нь байлгадаг юм байна. Гэтэл саяхны хэд хоногийн халуунд охин нь наршчихаж, бөөлжөөд байна гэсэн мэдээ аваад аймгийн төвд, дэргэдээ авч явахаар ирсэн нь энэ.

Бас нэг жаал хүү урдуур хойгуур гүйж, гадаа гарч унадаг дугуй унана. Л.Энхбаяр “Манайх чинь хагас, бүтэн сайнаар бөөнөөрөө цуглана. Тэр үед хөл толгой нь мэдэгдэхгүй жинхэнэ бужигнаад сайхан байдаг юм. Бусад үед яах вэ өвгөн бид хоёр л нэг нь гадаа, нөгөө нь гэртээ л өнждөг. Харин бага хүүгээ ажлаас нь гаргаад малчин болгохоор дэргэдээ авчихаад байгаа” гэлээ.

Хоймрын орны баруунтаа хувцас, хунар чихчихсэн нэг цүнх нүдэнд тусав. “Asics” брэндийн логотой улаан, хартай уг цүнхийг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ голдуу барьж харагддаг болохоор “Эдний хүүхдүүдээс нэг нь барилддаг болж таарлаа” гэж таамаглав. Тэгээд орж харсан хүүхдүүдийг нь шинжвэл барилдчихаар бие хаатай нь үгүй шүү. Харин хүүхдээ тэвэрч суусан дундах охиныг нь ажвал нэг л харсан төрх, бие нь ч тийм муугүй, барилдчих хэмжээний. Тэр охиноос “Танайхан дунд барилддаг хүн байдаг уу. Яагаад тэгж асуув гэхээр тэр цүнх” гээд заавал Л.Энхбаяр “Тийм шүү дээ. Манай хүү, манай хүргэн Мандахаа” гэлээ. Ямар Мандахаа вэ, Мандахнаран уу гэтэл “Тийм, тийм Мандахнаран, гавьяат тамирчин” гээд инээмсэглэлээ. Г.Мандахнаран эдний ууган охин Б.Ууганцэцэгийн нөхөр. Түрүүн унадаг дугуй унаад гүйгээд байсан жаал Г.Мандахнарангийн том нь, Д.Батмөнх гуайн том зээ хүү нь. Эмээ нь “Энэний маань дүү нь улаанбурхан тусаад ээж нь харж байгаа. Төвөөс хүн ирэхээр энэ чинь гэр рүүгээ явна гээд дагачихна. Тэгээд гэртээ очоод нэг, хоёр хоноод л наашаа буцаад хөөгдчихдөг юм” гэвэл зээ хүү нь “Эмээ, би эхлээд улаанбурхан туссан тийм ээ” гэнэ. Ингээд дундах охин нь хүүхдүүдийг суулгаад машинтай яваад өглөө.

Гэрийн эзэгтэй авдраа уудлаад гэр бүлийнхээ жаазтай зургийг гаргаж ирэв. Энд нэлээд гандуу, цагаан байгаа болохоор нүүх гээд хамаг юмаа далд хийчихсэн гэнэ. Өнөө өвөл зуд болно гэдэг үнэн байх шүү. Олны үг ортой гэдэг гэсээр гэр бүлийн зургаа сонирхуулав. Том охин нь газрын мэргэжилтэй, дундах охин нь эмч, отгон хүү нь цэргийн мэргэжилтэй. Отгон хүүг нь Б.Батжаргал гэдэг юм байна. Цэргийн ангид зургаан жил орчим ажиллаж, Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд хүртэл оролцсон мундаг залуу. Аав, ээж нь хүүгээ эзэмшсэн мэргэжлээр нь явуулах санаатай ч өөрсдийнх нь бие чилээрхэж, эд мал нь эзэнгүйдчих гээд байсан учир хүүгээ ийнхүү мал дээр гаргачихаад байгаа аж. Л.Энхбаяр гуай хүүгээ ихэд магтана. Хүү минь байхгүй байсан бол бид ч хэцүүднэ дээ гэнэ.

Хүү, хүргэн хоёр маань хашаагаа хатгачих шиг боллоо. Нүүнэ гээд хураачихсан байсан юм. Ямар ч байсан ойрын үед нутаг сэлгэнэ. Шинэ газарт очихоос өмнө хонио ноосолно доо. Тэгэхгүй бол хот бохирдоод байдаг юм гэлээ.

Удалгүй зүүн хойнотоогоос мотоциклийн дуу наашлав. Л.Энхбаяр гуай “Манай өвгөн ирж байна. Гүүгээ олоод ирж дээ. Манай гүүг айлын азарга тасдаад аваад явчихсан юм билээ” хэмээлээ. Д.Батмөнх гуай ирж байна. Унагатай гүүгээ олоод авчирчээ. Мэнд ус мэдэлцээд гэрт орцгоолоо. Гэрийн эзэн хоймортоо суугаад тэнгэр хангайн байдал, зуншлага, малын байр байдлын талаар ярина. Энэ зуур гэрийн эзэгтэй тогоо тавиад зууханд аргал нэмлээ. Тараг буцалгах гэнэ.

Д.Батмөнх гуай Баян-Өнжүүлийнх, Л.Энхбаяр гуай Алтанбулагийнх. Энэ хоёр аймгийнхаа Нийтийн аж ахуйн захиалгат гутлын тасагт хамт ажилладаг байж. Тэнд байхдаа танилцаж арав орчим жил ажиллаад 1991 онд хөдөө гарч, албан ёсоор малчин болцгоожээ. Д.Батмөнх гуайд аав, ээж нь өмч таслахдаа 75 толгой мал өгчээ. Түүнийгээ л өсгөж үржүүлж, буяныг нь хүртсээр өнөөдөр хонь, ямаа нь мянга хол давж, үхэр, адуу нь өсч үржсээр байгаа юм байна. Үүнийг сайн малчин маань “Малын буян” гэж тодотгов. Гэрийн эзэн удам дамжсан малчин айлын хүүхэд. Багаасаа л малын захад өссөн болохоор мал дээр гарахад их дуртай байжээ. Ах дүү 13-уулаа бөгөөд тав нь малчин. Д.Батмөнхөөс гадна хоёр дүү нь бас мянгат малчин. Ах дүүс нь ер нь бүгд шахуу Сэргэлэн суманд шилжиж ирсэн гэнэ.

Харин гэрийн эзэгтэй Л.Энхбаяр гуайн аав нь ойн цагдаа, ээж нь жирийн ажилчин байжээ. Бага байхдаа ах дүү, хамаатан садныхныхаа гэрт, хөдөө очиж амардаг байсан болохоор мал, идээ цагааны ажилд ч сүрхий нэгэн.

Эдний зусч байгаа энэ газрыг Зүлэгтэй гэнэ. Хур бороо арвинтай жил Зүлэгтэй шиг сайхан зуслангүй гэнэ. Булагтай бол булагтай, худагтай бол худагтай. Юм юмтай баян хангай.

Д.Батмөнх гуай гэр бүлээрээ мал дээр гарсныхаа дараа хурдан морь уядаг байжээ. Хүүхдүүд нь ч жаахан байсан болохоор ямар хүүхдээр морь унуулах вэ гэж толгой гашилгах шаардлагагүй байж. Гурван хүүхэд нь гурвуулаа хурдан морины нуруун дээр давхиж л явж. Аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмаар хул морь нь долоод хурдалж. Бас сумандаа айрагдаж, Өнжүүлийн наадамд гуравт орж байсан удаатай. Ер нь хурдан морь уях, хурдлуулах хүсэлтэй байсан ч бусад ажил нь хоолойгоор татсан их байсан болохоор ерөнхийдөө мориныхоо ажлаас хөндийрчээ. “Одоо морь унуулъя гэхээр хүүхэд алга. Гол нь хурдан морины хүүхэд шүү дээ. Морь уяна гэдэг маш том ажил. Хамгийн гол нь зав зай. Зав зайгүй болохоор амжихгүй” гэлээ. Д.Батмөнх гуай залуудаа адуу дагаж явахад өөрийнхөө хэмжээнд исгэрчихдэг байжээ. Одоо бол исгэрнэ гэж байхгүй. Харин нутаг нь өндөр настай хэрнээ, лимбэ шиг сайхан исгэрдэг Буд гэж өвгөн байдаг гэнэ.

Хоёулхнаа хэрнээ мянга хол давсан малтай хөдөө амьдарна гэдэг хэцүү. Малын ажил дуусах биш. Өглөөний үүрээс харуй бүрий тасартал ундарна. Хөдөөний амьдралын дуусашгүй тойрог жилийн дөрвөн улирлын туршид нэг л хэмнэлтэй.

Хажуудаа айл буулгаад эсвэл ажилд дуртай залуус байвал гэртээ байлгаад ч болтугай туслах малчнаар авч ажиллуулъя гэж хэд хэдэн удаа үзжээ. Залуучуудын хувьд хоёр гурав хоноод л алга болчихно, ажлаа хаяад явчихна. Мянгат малчин маань “Малчин авъя гэхээр тохитой хүн олдохгүй юм. Залуу хүмүүс ажил хийх сонирхолгүй, арчаагүй ч болсон юм уу даа. Бэлэн юманд л дуртай. Цалин өгөөд хажуугаар нь мал хуй тасалж өгнө дөө. Жаахан ч гэсэн хөрөнгөтэй болог дээ гээд бодож байтал нэг л өглөө яваад өгчихнө. Уг нь гурван жил л туслах малчнаар ажиллачихвал цалингаасаа гадна овоо тооны малтай болчихож болно. Сэтгэлээсээ, манай малыг өөрийн мал шиг үзээд харж хандаад байвал би гэдэг хүн баярлана биз дээ. Хүн гэдэг чинь баярлахаараа байдгаа л бариад гүйчихдэг цайлган сэтгэлтэй амьтан. Гэтэл гурван жил байтугай гурван хоногийн ажил дийлэхгүй залуус их болжээ” гэснээ “Манай Сэргэлэн сум чинь ер нь залуу малчид олонтой. Энд чинь эмэгтэйчүүл ховор. Охид нь эрдэм ном, их дээд сургууль гээд нутгаа орхиод явчихдаг. Хэдэн харчуул л энд даналзаад л явж байна шүү дээ” гэлээ. Л.Энхбаяр гуай галаа ихдүүлчихэж, тараг нь дэвэрлээ. Д.Батмөнх гуай “Алив тогоогоо тэгшил. Дээрээс нь жаахан авъя” гэсээр ухасхийн босч хувин ойртуулав. Л.Энхбаяр гуай “Өнөө халхын буянд тогоо дүүрлээ гэдэг юм боллоо доо” гэж инээлээ. Дээр үед нэг хятад монгол айлаас сүү аваад гэртээ аваачаад буцалгаж л дээ. Сүү яаж хөөрүүлдгийг мэдэхгүй болохоор ширүүн галаар буцалгатал сүү нь хөөрөөд дэвэрч. Хятад ч баярлаад “Халхын буянд тогоо дүүрлээ” гээд баярлатал гал нь буурсны дараа сүү нь юун тогоо дүүрэх манатай, тогооны ёроолоор л юм үлджээ. Энэ хууч яриаг гэрийн эзэгтэй тэрхэн зуурт бидэнд ярьж сонирхуулав. Л.Энхбаяр гуайн хамаатны арван настай хүү эднийд хоёр хоногийн өмнө иржээ. Өөрөө моринд их дуртай, морь унаж сурна гээд хөдөө гарчихаад байгаа нь энэ гэнэ. “Энэ хүүг морь унуулж сургах гэж байгаа юм. Дараа жилээс манай хурдан морийг унах хүүхэд. Одооноос хөдөөтэй танилцаж, морь малтай ойр байх гэж байгаа юм. Бие хаа нь жижигхэн, хөнгөхөн. Энэ нэлээд хэдэн жил уначихна шүү” гэж танилцууллаа.

Л.Энхбаяр гуай тогоон дахь цагаагаа зөөлөн самарна. Д.Батмөнх гуай хоймортоо урьдын адил суугаад ойр зуурын юм хуучилна. Гадаа хүү, хүргэн хоёр нь хашаа хороогоо бэхэлж, шонг нь суулгаж байгаа чимээ дуулдана.

Өнөө жил нэлээд гандуу байгаа болохоор мал орой тарга авах шинжтэй байгаа аж. Хэдий хурын улирал дуусчихсан ч одоо байна уу, долдугаар сард байна уу хамаагүй бороо орж л байвал сайхан. Хур бороо ахиухан шиг орвол ногоо ч дөмөгхөн гарчихна. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл зуд гээч нь болох нь уу даа гэж хашир малчин хүйтэн цай залгилангаа өгүүлснээ “Ган болсон газар хүйтэрч, цас их унах гээд байдаг. Тарга сайн авсан мал ямар ч цасан шуургыг давдаг юм. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг чинь тэр. Өлчир мал баргийн шуургыг тоохгүй сөрөөд явчихдаг. Малын хулгай төв газраа их байна л гэдэг. Малчин малаа хариулгагүй орхисноос бүх юм болж байна гэж шүүмжилдэг. Үнэндээ хонь гэдэг мал жаахан хөндийрвөл тасарчих гээд байдаг. Ер нь малд байнгын харуул хамгаалалт хэрэгтэй байдаг юм. Манай энд уяатай үхрийг нь аваад явчихсан тохиолдол хоёр, гурван жилийн өмнө гарч байсан шүү дээ. Тэр малчин өглөөнөөс орой болтол малаа хариулсан л байж таараа. Тэгээд шөнө нь унтахдаа үхрээ уяад унтсан байгаа юм. Тэгтэл тэр үхрийг нь аваад явчихна гэдэг чинь муухай биз” гэлээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Сэргэлэн сумын нутагт тийм хэрэг гарсан гэнэ. Уяатай үхрийг нь тууж аваадявахдаа “Нохойгоо сайжруул, нойроо багасга” гэж толгой холбож бичээд, бүтэн шил архи үлдээгээд гэрээс нь хэдэн зуун метрийн зайд өнөө үхрийг нь нядлаад шир, толгойг нь хаячихсан хэрэг гарсан гэнэ.

Л.Энхбаяр гуай гэрийн зүүнтээ унинаас аарцаа өлгөөд шүүлээ. Гандуу байгаа бас хүн хүч байхгүй болохоор хонь, ямаагаа саахгүй байгаа гэнэ. Харин үнээгээ өглөөд сааж байгаа аж. Хүүхдүүд нь бага, сургууль соёлд байхад зундаа эднийх хоёр гурван зуун хонь холбоод сааль гэж чухам юу болдгийг яруу тодоор харуулдаг байж. Энэ жил долдугаар сарын сүүлээр л гүүгээ барина гэнэ.

Сар шинэ, ёолкийг гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэнэ. Ямар нэг баяр ёслолоор хүүхдүүд нь төвөөс бүгд хүрч ирнэ. Аав, ээжийгээ Улаанбаатар хотод тоглолт үзүүлэхээр тасалбарыг нь аваад ирнэ. Заримдаа албан шахалтаар шахуу хот орж тоглолт үзнэ. Наадмаар нутагтаа л наадамлана. Аймаг, сумынхаа наадмаас хэтрэхгүй. Хүй долоон худагт очдог ч хэний хурдан хүлэг, ямар угшлын адуу давхиж байгааг сайн танихгүй болохоор морины уралдааныг гэрийнхээ зурагтаар үзэх дуртай гэнэ. “Телевизээр чинь сайхан тайлбарлаад өгчихдөг юм” гэлээ. Д.Батмөнх гуай 2009 онд Мянгат малчин болж байжээ. 2012 онд Сумын аварга малчин, өнгөрсөн жил Аймгийн сайн малчны өргөмжлөл хүртсэн байна. Мянгат, сайн малчин гэдгээсээ гадна сумынхаа малчид дундаа настай, тохитойн тоонд орох учир залуу малчид “Отрыг та ахал” гэж хүндэтгэнэ.

Д.Батмөнх гуай ийн ярилаа, отрын талаар. “Сэргэлэнгийн малчин хүүхдүүд байдаг юм. Адуу, хонины бэлчээр таардаггүй юм. Цастайхан жил адуу хонины бэлчээрийг цавчлаад сүйдлээд хаячихдаг. Энд тэнд шороо овоолоод, газар ухаад. Тэгээд дараа нь цас орж шуурахаар өнөө нүхэнд нь цас хунгарлаад хатуурчихна. Бид чинь есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр л оторт гарчихна. Мянга гаруй адуу, хоёр, гурван мянган хонь, ямаатай. Хүмүүс үзэхгүй, хөөж туугаад хэцүүхэн л байдаг. Ялангуяа адууг нутагтаа оторлуулах дургүй. Би малчин, адуучин гэдгээрээ дандаа бахархдаг. Адууныхаа захад очихоороо л малчин болсноороо бахархаж, сэтгэл минь хөдөлгөдөг. Адуугаа харах бүртээ баярладаг. Би залуудаа адуугаа ганц ч удаа шуурганд уруудуулж үзээгүй. Харин одоо ганц шөнийн нойр даах уу, үгүй юу л болчихоод байна.Адуу бол маш сайхан амьтан. Энд тэнд, эмнэлэг домнолгоор хэд хоног явж байгаад мал дээрээ ирэхээр сэтгэл сэргээд өнөө өвдөж байсан өвчин эдгэчих шиг болдог” хэмээн чин сэтгэлээсээ өгүүллээ. Хүүхдүүд нь ер нь хагас, бүтэн сайнаар бүгд ирэхийг хичээнэ. Ирж аавдаа, ээждээ, бага дүүдээ тусална. Хашаа босгочихсон юм чинь. Хоёр, гурван удаа бүгд дайраад л хонио ноосолчихно доо гэцгээнэ. Том хүргэн Г.Мандахнаран нь ч бас ажил төрлөө зохицуулаад нааш ирэх дуртай. Гэвч шигшээгийн тамирчин болохоор бидэнд байтугай, авгай хүүхдүүддээ үзэгддэг юм уу гэмээр л байдаг ш дээ гэж Д.Батмөнх гуай өгүүлээд “Том тэмцээний дараа л ирдэг юм. Нэг ирсэн чинь нүд нь булуу болоод чих нь урагдаад, толгойг нь ураад явуулчихсан байсан. Тэмцээн нь шударга болдоггүй юм шиг байна лээ. Хүүгийн минь нүүр нүдийг хэцүү болгоод хаячихсан байсан. Дэлхийн аваргын тэмцээн тийм аймаар болж байгаа юм чинь олимп бол бүр аймаар биз” хэмээн хүргэнээ өрөвдөнгүй хэлээд “Бид хоёр ар гэрт нь нэмэр болохоос биш өөрөөр тусалж чадах биш дээ” гэлээ.

Гаднаас хүү, хүргэн хоёр нь орж ирлээ. Машиных нь нэг юм болохоо байгаад хээр унтарчихаар нь монголчилж янзлаад хүрээд ирчихлээ гэцгээнэ. “Хоёр хонгор урд байна”, “Буурал ус уучихаад л явж байна” гэхчилэн ойр зуурын юм өгүүлнэ. Д.Батмөнх гуай “Уургаа наахсан” гэв.

Зүлэгтэд эднийхийг анх ирэхэд юу л байна тарвага л элбэг байж. Овоолсон шороо болгон л тарваганы дош байсан гэнэ. Нэг жил айхавтар ган болж тэрнээс хойш бараг үзэгдэхээ байсан гэнэ. Авдар хайрхны ам болгоноос нь ус гардаг байж. Сэргэлэн баялагтай ихтэй. Алтны зургаа, долоон уурхай ажилладаг болсноос хойш ихэнх булаг ширгэжээ. Малчдын яриагаар тэдгээр уурхайнууд алт угаана гэхээрээ газрын гүний усыг хэдэн мянган шоогоор татдаг. Тиймээс нутагт нь ган болж, задгай уснуудыг ширгээж байгаа аж. Өнжүүл задгай ус ховор. Д.Батмөнх гуай Сэргэлэнд анх ирээд задгай ус элбэг, хайрхны ам болгоноос булаг ундарч байхыг хараад ихэд гайхаж байсан гэнэ.

Салхи дэгдлээ. Гэрийн хаяагаар шороо тоос бужигналаа. Л.Энхбаяр гуай “Хаяагаа дээрдүүлчихжээ. Шороо орж ирээд авдар сав шороонд дарагдаад хар даа” гэвэл гэрийн эзэн “Хэтэрхий дор байвал бороо орвол ялзарчихна” гэж хариулав. Ээж хайрхны доод адагт Нарийны гол бий. Долоо найман жил тасраад сүүлийн үед жаахан урссан гэнэ. Уг нь дээхнэ үед уг голыг жолооч нар гатлах гэж хоёр гурав хонодог байж. Одоо сайр төдий л юм харагддаг болсонд харамсдаг гэлээ.

Сайн малчин маань бүлээн цай залгилж бидэнд ийн хуучилснаа “Хонь руугаа явъя даа” гэсээр мориндоо мордлоо. Л.Энхбаяр гуай борц гаргаж ирээд том том гэгч нь хэрчээд гоймонтой шөлтэй хоол хийж эхэллээ. Тэнгэр бүрхээд хойноос бараан үүл айсуй. Том, багагүй “Ашгүй борооших нь үү дээ. Жаахан ч болтугай дусчихаасай” хэмээнэ. Салхи улам хүчтэй шуурч, гэрийн хаяагаар шороо тоос орж ирнэ. Хүргэн хүү нь гэр дээрх дэлгэцтэй ааруулыг жийп машиныхаа арын хаалгыг онгойлгоод хийчихлээ. Хүү нь аргалаа хучина. Л.Энхбаяр гуай зээ нарынхаа тоглоом, унадаг дугуйг цуглуулаад гэрийнхээ гадаа хураагаад юмаар хучиж, өрхөө урагшлуулав. Б.Батжаргал орж ирээд “Ээж ээ, цувнууд хаана байгаа вэ. Аавд цув аваачиж өгье” гэлээ. Д.Батмөнх гуай саяхан уламжлалын эмнэлэгт хэвтээд гарсан учир даарч хөрж болохгүй. Хүү нь хоолоо идчихээд аавдаа цув өгөхөөр мотоцикль унаад явчихлаа.

Айхавтар шороогоор шуурч, бороо ганц нэг дусаллаа. Мотоцикльтой хүн айсуй.

Тогооны угаадас долоож байсан том банхар хов, хов гэж тасалдангуй залхуутайяа ёс болгон хуцаж чимээ өгөв. Багийн дарга нь хойноо нэг бондгор хүү сундалчихаж. Мянгатыг асууж, хонин дээр байгаа гэдгийг дуулчихаад цай оочилсноо “Жаахан бороо орох нь уу. Бороо орчихоосой билээ. Болохгүй бол говь руу нүүдэг юм билүү. Говьд бороо хур ороод байгаа гэсэн биз дээ” гэлээ. Багийн дарга гараад явчихлаа. Салхи тавьж, шороо боссоор л бороо орох ч өнгөрөв бололтой.

Л.Энхбаяр гуай “Хэд хоногийн өмнө манай энүүгээр тэрлэг норгох дайны бороо орсон юмсан. Даан ч дараа нь хурц нар гараад хатаачихсан. Ямартай ч хонио ноосолчихоод ногоо цагаатай, мал цадчихаар өвстэй газарт очиж бууна даа” гэлээ. Б.Батжаргал аавдаа цув өгчихөөд иржээ. Үхэр рүүгээ явъя даа гэсээр буцаад явчихав. Гэрийн эзэгтэй хамаатныхаа арван настай хүүтэй үлдэв. Энэ бид хоёр л энэ зун гэрийн мухар сахих байхдаа гэлээ. Хүү том хувинд аргал, хомоол оруулж ирээд дөрвөлжид хийв.

Д.Батмөнх, Л.Энхбаяр нар ахуй үйлчилгээнд цуг ажиллаж, ажил амьдралын гараагаа хамтдаа эхлүүлж байсан найзуудтайгаа одоо ч холбоотой гэнэ. Таван гэр бүлийн найзууд. Гэр бүлээрээ найзална. Саяхан Аглагийн хийд рүү явж газар үзээд ирсэн бол удахгүй Хамарын хийдэд очиж энерги авахаар төлөвлөсөн гэнэ. Жаргал, зовлон ээлжилдэг энэ хорвоод юу ч тохиолдсон дэргэд нь байж тусалдаг сайхан найзуудтай гэдгээрээ бахархдаг гэдгээ хэлж байлаа.

Гэрийн эзэгтэй “Дээр үед чинь анх мал дээр гарахад их л ганган айл байлаа. Алаг эрээн авдар сав, жааз толь, бүрхээр гээд л. Тэр үед архи их нэрдэг байлаа. Өдөржингөө нэрсэн архийг минь манай хүн найзуудтайгаа орж ирээд тойрч суугаад л цай ууж байгаа юм шиг уучихаад л гараад явчихна. Ер нь нэрээд байвал манай хүн уух дуртай болчихож магадгүй гээд нэрэхээ больсон юм. Одоо манай бүрхээр аймгийн төвд амбаарын мухарт л хэвтдэг байх даа” гэлээ.

Ийнхүү Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Д.Батмөнхийнд өнжлөө. Орж гарсан хүн бүр л хур бороо хүсч, хэдэн малаа л тарга тэвээргийг нь сайн авахуулчихвал бол оо гэсэн ганцхан зорилготой, зав чөлөөгүй л малаа хуйдаа санаагаа чилээсэн малчин айлын нэг өдрийн амьдралын өнгө төрх ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН