Categories
мэдээ цаг-үе

Цалингийн карттайгаа байхад хаана ч явсан алзахгүй боллоо

Хас банкны Картын менежментийн газрын захирал Ц.Бямбадоржтой ярилцлаа.

-Монгол төгрөг дэлхийд гарлаа гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-2012 оноос хойш манай банкууд зөвхөн Монголдоо хэрэглэх ₮ карт брэндийг гаргаад явж байгаа шүү дээ. Харин бид Монголдоо анх удаа ₮ картыг Юнион Пэй карттай холбоод хосолсон брэнд гаргаж байна. Ингэснээр ₮ карт гэдэг брэндийг олон улсад ашиглах боломжийг нээж өгч байгаа юм.

-Технологийн хувьд?

-Одоо бидний ашиглаж буй карт соронзон туузны мэдээллийн технологитой. Өнөөдөр ихэнх газрууд цалингаа аль нэг банкны карт ашиглаж авдаг болсон. Түүнтэй адил манай хас картаар цалингаа авдаг байсан бол тэр нь автоматаар хосолсон карт болоод олон улсад шууд хэрэглэгдэх боломж нь нээгдсэн гэсэн үг. Хүмүүс гадаадын аль нэг орон руу явахдаа заавал өртөг өндөртэй олон улсын карт авах биш зөвхөн цалингийн картаа авч яваад хэрэглэх боломжтой болж байна. Цалингийн карттайгаа байхад хаана ч явсан алзахгүй.

-Төгрөгийн данс ашигладаг Юнион Пэй картууд байдаг. Үүнээс юугаараа ялгаатай хэрэг вэ?

-Зарим банкинд зөвхөн төгрөгийн данс ашигладаг Юнион Пэй карт гэсэн юм бий. Гэхдээ манай онцлог нь ₮ картыг шууд хосолсон байдлаар ашиглаж болохоороо онцлог. Манай харилцагч цалингаа картаар авдаг эсвэл хас картыг хэрэглэдэг байсан бол шууд олон улсад гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Манай хувьд шууд Юнион Пэй карт гээд гаргаад явчихсан ч болох л байсан. Гэхдээ бид үндэсний брэндийг олон улсад гаргая гэдэг үүднээс хамтарсан карт зах зээлд гаргаж байгаа юм.

-Гадаадын улс орнуудад картны хэрэглээ ийм л байдаг уу. Манайд яагаад өнөөдөр нэвтэрч байгаа юм?

-Олон улсад дотоодод ашигладаг картаа олон улсад ашиглах зорилгоор хосолсон брэнд карт гаргадаг, хамтарч ажиллах зарчим байдаг юм. Бидний хувьд яагаад одоо хийж байгаа вэ гэхээр өмнө нь олон улсын, дотоодын гэж ялгадаг. Олон улсынх нь өртөг өндөртэй байдаг байсан. Тиймээс хөгжлийн дараагийн үе шатанд гарах шаардлагатай гэдэг үүднээс л бид ингэж байгаа юм. Харилцагч нар ам.долларын ч юм уу тусдаа данс захиалж нээлгээд олон улсын карт гэж авахгүйгээр цалингийн картаараа шууд олон улсад гүйлгээ хийдэг болох ёстой гэж л Хас банк ийм юм хийлээ.

-Бэлтгэл ажлын хувьд?

-Бид Юнион Пэйгийн үндсэн гишүүн болсон. Ингээд мөн Монголбанктай хамтарч ажиллаад гурван талын хамтарсан ажиллагааны үр дүнд энэ бүтээгдэхүүн бий боллоо.

-Хосолсон карт гаргаснаар хэчнээн оронд хэрэглэх боломж нээгдчихвээ?

-Юнион Пэй дэлхийн 150 гаруй улсад төлбөр хүлээн авах боломжтой гэсэн мэдээлэл албан ёсоор явж байгаа. Гэхдээ энэ нь Виза мастерийг бодвол хожуу үед гарсан Хятадын залуу брэнд. Тиймээс виза мастер шиг бүх газар ажилладаггүй юм гэхэд Хятад, Зүүн өмнөд Ази, Япон, Солонгост асуудалгүй ажиллана. Ер нь хойд хөршид ч хүрээ нь нэлээд тэлсэн.

-Шууд Виза мастертай нь холбоо тогтоочихсон бол илүү өргөн боломжтой байсан юм биш үү?

-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Виза Мастер картууд ажиллах үйл ажиллагаа, заавар, журамд нэлээд өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр хамтарч ажиллахад хэцүү байдаг. Юнион Пэйгийн хувьд манайд төлөөлөгчийн газартай. Төлөөлөгчийн газрынх нь захирал н.Бат картын системд олон жил ажилласан хүн байдаг болохоор банкууд юу хүсээд байгааг мэдэж Монголын зах зээл дээр Юнион Пэйгийн нэр хүндийг өсгөж яваа хүн. Тэр хүрээндээ бид Юнион Пэйг сонгож карт гаргасан.

-Шинэ бүтээгдэхүүн гаргасантай холбогдуулж хийж байгаа ажил байна уу?

-Бид шинэ бүтээгдэхүүн гаргасан гэдэг үүднээс энэ жилийн турш хураамжгүйгээр харилцагч нартаа карт олгож байгаа. Харилцагчид энэ жил ямар нэгэн шимтгэл хураамжгүй шууд карт нээлгээд авах боломжтой гэсэн үг. Цаашид ч олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа.

-Юнион Пэйтэй хамтарсан гэдэг утгаар карт ашиглахад шимтгэл, хураамж өөрчлөгдөх үү?

-Дотооддоо ашиглаж байвал дотоодод мөрдөгдөж байгаа үнэ тариф тэр чигээрээ л мөрдөгдөөд явна. Олон улсад гүйлгээ хийвэл яг тэр улсын тарифаар л явна гэсэн үг. Түүнээс биш хосолсон карт гаргасан гээд шимтгэлээ өндөрсгөсөн юм байхгүй. Төлбөрийн картын гол зорилго нь бэлэн мөнгийг багасгах, бэлэн бус төлбөр тооцоог дэмжих байдаг шүү дээ. Тиймээс ч бид төлбөрийг аль болох бэлэн бусаар хийлгэх үүднээс үйлчилгээний байгууллагуудаар гүйлгээ хийвэл ямар нэгэн шимтгэл хураамж авдаггүй. Тэр бүгд хуучин хэвээрээ мөрдөгдөнө. АТМ болон бусад банкны салбаруудаас мөнгө авдаг хураамж урьдынхаараа хэвийн явна. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй.

-Хосолсон карт гэдэг утгаараа бусад валютын данс нээлгээд картандаа уяж болох уу?

-Төгрөг, юань, ам.долларын гурвалсан данс нээлгээд нэг картандаа уяад явж болно. Холбоогүй дан төгрөгийн данстай байсан ч ямар нэгэн бэлэн бус гүйлгээ хийвэл банкны бэлэн бус ханшаар хөрвөгдөөд л хийгдэнэ гэсэн үг. Ханшийн хувьд уян хатан. Хосолсон данстай байж болох зарчим нь Хятадад их гүйлгээ хийдэг хүн бол юанийн данс нээлгэвэл ханшийн алдагдалд орохгүй шууд юаниараа уншигдаад явах боломжтой хэрэг. Харин Хятадаас өөр газар их зорчдог бол доллароор данс нээлгэчихвэл гүйлгээн дээр ямар нэгэн ханш нөлөөлөхгүй. Гэхдээ бидний хүсээд байгаа зүйл нь хүмүүс төгрөгийн дансаа голчилж ашиглаасай, заавал доллар гээд энд тэндээс авч дансандаа хийлгүй шууд л төгрөгөө л хөрвөөж ашигладаг болоосой гэсэн хүсэлтэй байдаг.

-Хэзээ нээлтээ хийлээ?

-Энэ сарын нэгнээс албан ёсны нээлтийг хийгээд явж байна.

-Тэгвэл одоо шууд гадаад руу нисчихвэл цалингийн картаа ашиглаж болох нь ээ?

-Бид тестийн орчинд гүйлгээ гээд бүх юмаа нарийн шалгасан. Одоо ер нь бол идэвхжсэн байгаа. Туршилтын гүйлгээ хийх гээд юмнуудаа явуулчихсан л байж байна. Зах зээлд шинэ гарч байгаа гэдэг үүднээс тооцоолоогүй зарим нэгэн асуудал гарч магадгүй. Гэхдээ ер нь гүйлгээ хийх боломжийг бид нээлгэчихсэн байгаа. Төлбөрийн картыг зарим тохиолдолд ажиллахгүй байдаг гээд хүмүүс гомдол санал гаргадаг л юм. Энэ юунаас болдог вэ гэхээр техник л учир цаад АТМ, пост төхөөрөмж нь заримдаа ажиллахгүй. Эсвэл сүлжээ нь ажиллахгүй байх тохиолдол гардаг л даа. Харин одоо энэ систем маань өөрөө 99,98 хувийн найдвартай ажилладаг картын систем юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Өнөөгийн санхүүгийн боломж энэ их өрийг дааж дийлэх боломж муутай, өрийн байдалд орчихлоо

Грек улс өрийн хямралд орж, банкууд нь үүдээ барин, Европын холбооноос “хөөгдөх” эсэхдээ тулсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Цар хүрээний хувьд арай бага ч гэлээ Монгол Улсад ийм хэлбэрийн өрийн хямрал нүүрлэхэд тун ойрхон байна гэх яриа сүүлийн үед чих дэлсэх болсон. Аюул үнэхээр ойрхон ирсэн эсэх, ирсэн бол түүнээс хэрхэн зайлсхийх ёстой талаар бид МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцсаныг хүргэж байна.

-Монгол Улсын гадаад өр, зээлийн түвшин бодит байдалд ямар хэмжээнд байна вэ?

-Манай эдийн засгийн байдал, ялангуяа санхүүгийн талаасаа сайнгүй байгаа. Ер нь 2012 оноос их хэмжээний арилжааны зээлүүдийг “босгосон”. Босгосон гэж ярьж байгаа боловч энгийн үгээр хэлвэл зээлсэн гэсэн үг. Зээлсэн төлбөрүүд маань таван жилийн дараагаас төлж эхлэх нөхцөлтэй. 2017 оноос үндсэндээ эхний төлбөрүүдийг төлж эхэлнэ гэсэн үг. Тэр болтол хүүгийн төлбөрүүд бас хуримтлагдаж байгаа. Энэ зээлүүдийг ихэвчлэн гадаадаас доллараар авсан. Өнгөрсөн хугацаанд ханшийн өөрчлөлт маш их савлаж, өөрчлөгдөж байсан. Тэгэхээр бидний төгрөгөөр төлөх төлбөрийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Дээрээс нь Монгол банк своп хэлцлийн хүрээнд их хэмжээний мөнгийг төлөх ёстой. Энэ мэтчилэн төлбөрүүдийг аваад үзэхээр, манай өнөөгийн санхүүгийн боломж энэ их өрийг дааж дийлэх боломж муутай, өрийн байдалд орчихлоо. Магадгүй эрх баригчид сонгуулийн дараа гэж бодож магадгүй, гэтэл сар сард нь төлөх хүүгийн төлбөрүүд хуримтлагдаад маш өндөр болж байгааг анхаарах хэрэгтэй.

-Олон улсад бон-дуудыг ар араас нь гаргаад л байгаа. Магадгүй бонд гаргаад мөнгөтэй болчихдог гэсэн буруу ойлголт тогтож байх шиг?

-Аливаа зүйлд санхүүгийн менежмент их чухал. Нэг өрх байлаа гэхэд өрхийн орлого зарлагаа хянаж, хамгийн үр дүнтэйгээр зохицуулахыг эрмэлздэг. Хамгийн зөв менежмент бол орлогоо нэмэгдүүлж, бүтээлч үйл ажиллагаа явуулж, тэр орлогоороо зарлагаа нөхөөд явах систем. Гэтэл манай улсад эсрэгээрээ, сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөрөнгө оруулалтууд нь зогсонги байдалд ороод, улс зарлагаа нөхөхийн тулд их хэмжээний зээл авч, сүүлдээ дотоодын бонд гаргах замаар шийдэх болсон. Гадаадаас эх үүсвэр бүрдүүлэх боломж муудмагц дотоодоос зээлж эхэлж байна. Дотоодоосоо авсан ч адилхан зээл тул төлж л таарна. Ингээд аваад үзэхээр зарчмын хувьд маш буруу бодлого яваад, айл өрхөөр авч үзвэл өдрийн хоолоо өөр айлаас өдөр өдөрт нь зээлээд идэж байгаатай л адилхан болж байна.

-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд аваад байгаа. Энэ арга хэмжээ бодитой үр өгөөжөө өгч чадаж байна уу?

-Миний бодлоор,эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг эхний байдлаар том хөрөнгө оруулалт оруулж ирж, том төслүүдийг хөдөлгөх замаар шийдэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт эдийн засагт дарамт болдоггүй, эргээд төсөвтөө орлого бий болгодог. Гэтэл бид өнөөдөр олон жил маргаж байж арайхийж Оюутолгойн хоёрдугаар шатны төслийн гэрээг зурлаа. Гэхдээ энэ жилдээ бол энэ төслийн үр нөлөө хязгаарлагдмал хэмжээнд, сайндаа 300 сая доллар юмуу түүнээс бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх дүр зурагтай байгаа.

Тэгэхээр юуны түрүүнд бид өрөө дарахгүй бол манай эдийн засаг өөдлөхгүй. Удахгүй 2017 оноос бондуудын эргэн төлөлт эхэлнэ. Эндээс яаж гарах вэ гэдэг гарц өнөөдрийг хүртэл харагдахгүй байна. Том хөрөнгө оруулалтын төслүүд болох ТЭЦ-5, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, нүүрсний салбарын бүтээн байгуулалт үнд-сэндээ бүгд зогсонги байдалтай байгаа болохоор эндээс мөддөө орлого орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр ойрын нэг хоёр жилд манай улсын санхүүгийн байдал нэн хүнд байдалд орох нь тодорхой болчихсон. Хямрал нэгэнт нүүрлэснийг Засгийн газар бонд гаргаад, гадаад, дотоодоос мөнгө зээлж байгаагаас харж, ойлгож болно. Гэсэн хэдий ч энэ авч хэрэгжүүлж буй арга хэмжээ урт хугацааны зөв гарц огтхон ч биш л дээ.

-Тэгвэл бид өнөөдөр юунаас орлого олж амьдраад байгаа юм бэ?

-Монгол төрийн олж байгаа гол орлого юу гэхээр, юуны өмнө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти татвар. Энэ татвар хуулиараа 5-10 хувийн хооронд хэлбэлздэг. Манай улсын нийт экспортын ихэнхи хувийг нүүрс, зэс хоёр эзэлдэг. Үүнээсээ татвар авч Монголын төр өөрийгөө санхүүжүүлж байгаа. Хоёрдугаарт, бусад салбараас авч байгаа татварын орлого. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэн салбарууд байгаа хэдий ч нүүрс, зэсийн татварыг хэмжээгээрээ гүйцдэггүй. Тэгэхээр нүүрс, зэсээс олж буй мөнгөөрөө шинэ, том хэмжээний бүтээн байгуулалт хийж үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлж байж л татварын орлогоо нэмнэ. Дэлхийн зах зээл хүнд байна. Хятадын зах зээл өөрөө удаашралтай байна. Энэ байдлаараа байвал манай татварын орлого зарлагаа нөхөхгүй. Эдийн засагчдын сайн мэддэгчлэн, хэрэв улс өрөө төлж чадахгүй бол дампуурлаа зарладаг. Ийм байдал руу орох гээд байгаад эдийн засагчийн хувьд санаа зовниж байна.

-Та 2017 оноос “Чингис” бондын эргэн төлөлт эхэлнэ гэлээ. 2017 он хэдий хол сонсогдож байгаа ч нэг л мэдэхэд нэхэгдэнэ. Одоогийн байдал өөрчлөгдөхгүй бол яах вэ?

-Одоогийн байдлаар манай улсын төсвийн алдагдал 700 тэрбум төгрөг байна. Гэтэл бидний төлөх ёстой мөнгө 4 их наяд төгрөг байгаа. Энэ байдлаар 2017 онд бид энэ төлбөрийг төлөх ямар ч эх үүсвэр, боломж нөхцөл харагдахгүй байна. Дээрээс нь эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа. 2014 онд 7.8 хувийн өсөлттэй гарсан бол энэ онд 4-5 хувиас хэтэрч чадахгүй байх төсөөлөл гарсан. Саяхан Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм дүгнэлтийг гаргасан. Энэ тайлангаар манай бүх өсөлтийн үзүүлэлтүүд уруудсан байдалтай байна. Энэ юуг харуулж байна гэхээр шинээр төсөвт орлого оруулах эх үүсвэр байхгүй байна. Байгаанууд нь үйл ажиллагаагаа хумиж байна, энэ нь яваандаа татвараа төлж чадахаа болино гэсэн үг. Төр засагт цалин тэтгэвэр тавихаас өгсүүлээд дэд бүтцийн болон нийгмийн халамжийн чиглэлээр хийх маш их ажил байдаг. Харамсалтай нь энэ янзаараа байвал энэ үүргээ биелүүлэх чадвар маш ихээр хумигдана гэсэн үг.

-Энэ янзаараа Грекийн араас орох вий гэсэн зовнил хүмүүсийн дунд үүсээд байгаа?

-Грек аж үйлдвэрүүдээ хөгжүүлээгүй, том төслүүдээ явуулаагүй. Нийгмийн хүрээнд өгсөн амлалтууд нь их өндөр байсан. Өөрөөр хэлбэл иргэддээ их хэмжээний тэтгэвэр, тэтгэмж амлачихсан. Тэрийгээ дийлэхээ байгаад Герман болон Европын банкуудаас их хэмжээний мөнгө зээлсэн. Одоо тэрнийхээ хүүг төлж чадахаа байсан. Ийм л нөхцөл үүссэн. Манайх ч ялгаагүй, хөрөнгө оруулалтуудыг оруулахгүй, том төслүүдээ явуулахгүй, ингээд зогсонги байдалтай байгаад байх юм бол нийгмийн чанартай төлбөрүүдээ төлж дийлэхээ болино. Одоо бол өрөөр шийдэж байгаа. Гэвч тодорхой хугацааны дараа өр “тааз”-ндаа тулвал бидэнд зээлэх улс олдохгүй. Олдсон ч хараат байдалд орох аюул бий. Ер нь манай улсад Грекийн хямрал туйлын том сургамж болж байна.

Грек Олон улсын валютын санд өгөх ёстой 1.8 тэрбум долларын төлбөрөө өгч чадахгүйдээ тулаад бүх банкууд нь 10 хоног үйл ажиллагаагаа зогсоож, Грекийн валютыг дэлхий даяараа нөөцөөсөө хасаж эхэлж байна. Одоо Грек Европын холбооноос хөөгдөх үү, үгүй юу гэдэг дээрээ тулж байна. Манайх бол ямар ч холбоонд байдаггүй болохоор хөөгдөх аюулгүй ч гэсэн санхүүгийн нэн хүнд байдалд ирчихээд байна гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Олон улсаас татаж байгаа зээл, бондыг харахад хүү, нөхцөл нь бүр л чангараад байх шиг харагдах юм?

-Ямар ч банк эрсдлийг авч үздэг. Эрсдэл өндөртэй газар мөнгө зээлэх дургүй байдаг. Зээллээ гэхэд тэр эрсдлийг тооцсон маш өндөр хүүтэйгээр өгдөг. Манайх анхны бондыг 5 хувийн хүүтэйгээр босгож байсан бол одоо 9 хувь рүү ойртож байна. Дараа нь 10 хувь болно. Сүүлдээ өндөр хүүтэй ч байсан зээлсээр байх болно.

Үндсэндээ нэг хормойгоор нөгөөхөө нөхөх гэж оролдоод, сүүлдээ дээлнийх нь даавуу, утас нь элэгдэж, урагдаж дуусаад дээл ч үгүй юу ч үгүй үлдэнэ гэсэн үг л дээ. Өнөөгийн нөхцөл яг ийм л байна. Удаан тэсэх хэцүү. Төрийн өөрийнх нь өр байгаа. Тэрийгээ дарах ёстой. Төрийн аж ахуйн өрнүүд байна, төмөр зам дээр үүссэн өр, Хөгжлийн банкны өр гэх мэт. Ашиггүй үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбар байна. Ямар нэгэн байдлаар гаргалгааг нь олж шийдэхгүй бол, дэлхий хямраагүй байхад бид цэвэр өөрсдийн нөөцөө ашиглаж чадахгүй, хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй, арчаагүй, хэрүүл маргаантай байдлаасаа өөрөө өөрсдийгөө боомилох зүйл рүү хөтөлж байна. Сонгууль ч ойртож байна, хүмүүс маш их бухимдалтай байна. Энэ бол бүх давхаргын дунд ажиглагдаж байгаа зүйл. Жишээ нь бага орлоготой хүмүүсийн цалин, тэтгэмж аравхан хувиар нэмэгдсэн байтал юмны үнэ хоёр дахин өссөн байна. Дундаж давхаргынхан байр орон сууц авчихсан, моргэйжийн зээлтэй. Гэтэл үйлдвэрүүд хаагдаж, төрийн болон хувийн байгууллагууд бүх шатандаа цомхотгол явуулж байна. Ингэхээр дундаж давхаргын амьдралыг ч бас буруу эдийн засгийн бодлогоор унагаж байна гэсэн үг. Бидний олигархи гэж шүүмжилдэг улсууд олон хүнийг ажилтай байлгадаг, эдийн засгийг “чирж” явдаг хүмүүс шүү дээ. Тэд ч гэсэн хүнд байдалтай байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын бодлого маш муу байна. Ялангуяа дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсдаа хөрөнгө оруулалт хийх ямар ч сонирхолгүй болсон. Эхнээсээ зарим нь гадагшаа гарчихсан. Монголдоо юм хийх ямар ч итгэлгүй, цөхөрчихсөн байдалтай байна. Ингээд харахаар нийгмийн бүх давхарга хүнд байдалтай байна. Хөдөө нутгийн 50 хувь нь гантай, өвөл зуд болох хандлагатай болчихлоо. Малчдын хувьд борлуулалт муу, махны үнэ уначихлаа. Эдийн засгийн том арга хэмжээ авахгүй бол улс даяараа гүн хямралд орохын ирмэг дээр байна, бараг орчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

-Эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломж бидэнд байгаа юу?

-Ер нь миний хэлсэн зүйл болгон дээр хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтын том төслүүдээ хөдөлгөж, эдийн засагт “цус сэлбэнэ” гэж ярьдаг даа, “шатахуун оруулах” хэрэгтэй. Ингэвэл өдрийн дотор биш ч гэсэн аажмаар сэргэнэ. Ядаж хүмүүсийн итгэл сэргэнэ. Одоо бол байдал улам хэцүү болно гэсэн бодол байгаа болохоор хүн бүр байгаа төгрөгөө хэмнээд барьчихсан, бүх хөрөнгө оруулалт, худалдаа, борлуулалтын эргэлт муудаж, унасан байдалтай байна. Тиймээс ядаж том төслүүд явна гэсэн итгэл төрүүлэх хэрэгтэй. Сая Оюутолгой хөдлөх шатандаа орсон. Гэхдээ манай хамгийн том, нөлөө ихтэй нүүрсний салбар бүхэлдээ хүлээлгийн байдалтай, зогсонги байна. Дээрээс нь дэд бүтэц байна. Авто зам барьж байгаа боловч одоо зам барих мөнгөгүй болчихсон. Төмөр зам, эрчим хүчний нэг ч том төсөл явахгүй байна. Засмал замаас өөр үзүүлэх юм алга. Арга хэмжээ авахгүй, ийм байдалтайгаар цааш явбал хэцүү гэдэг нь л маш тодорхой байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Думаагийн Содном: Олон жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их яригдаж байна. Нэг хэсэг нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв гэж байгаа ч нөгөө хэсэг нь буруу гэдэг байр суурийг илэрхийлж байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Улс орны хөгжилд саад болж байгаа гол зүйл нь одоогийн төрийн тогтолцоо гэж харж байна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн суурь заалт бий. Хуулийн энэ заалт тунхаг төдий зүйл болж, төр засгийн бүх эрх ард түмний биш улс төрийн намын нэрээр гарч ирсэн цөөн хүний мэдэлд орчихсон. Улс орноо хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөгүй улс төрийн намууд, түүнийг төлөөлсөн ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу ухаардаггүй хүмүүс зонхилсон бүлэг нөхөд засаг төрийн эрх мэдлийг атгаж байгаа ноцтой гэж хэлж болох алдаа гажуудлыг засах нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага.

Энэ шаардлагын үүднээс би хоёр үндсэн санал дэвшүүлдэг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт парламентыг хоёр танхимтай болгох өөрчлөлт оруулах. Тухайлбал, Ардын Их хурал, Улсын Бага хуралтай болох. Ардын Их хурал нь иргэд өөрсдөө нэрийг дэвшүүлэн сонгосон 400 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай байх юм. Харин хууль тогтоох үүрэгтэй байнгын ажиллагаатай Улсын Бага хурлын ажилд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байх. Уламжилж ирсэн ийм систем байх нөхцөлд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болгох, энэ асуудлыг хариуцсан яамыг Засгийн газрын бүтцэд байхыг хуульчлах. Энэ асуудлаар надтай адил саналтай хүмүүс улам олон болж байгаа. Харин одоогийн хууль тогтоогчдын ихэнх нь дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах сонирхолгүй байгаа. Ухамсартай л байх хэрэгтэй.

-Ухамсартай бай гэдэг нь?

-Ухамсартай байна гэдэг нь ухаантай бодлоготой байхыг хэлж байгаа юм. Болж байгаа үйл явдлын учир шалтгаан, үр дагавар ямар байхыг ухаж бодсон, ойлгож мэдсэн байхыг хэлж байгаа хэрэг. Ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө хөгжиж байгаа одоогийн нөхцөлд зөв ажиллах, зөв амьдрах, зөв шийдвэр гаргадаг байхын тулд хүн бүр ухамсартай байх, өөрөөр хэлбэл ухаалаг бодлоготой байх шаардлагатай.

-Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ Монгол Улсын хувьд ашигтай, ашиггүй гэх мэтгэлцээн олон жил үргэлжилж байна. Таны бодлоор яавал зохих бол?

-Гэрээний нөхцөлөөс болж манай улс ашиг олох биш өрөнд унана, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн саналтай хүмүүс улстөрчид, эдийн засагчид төдийгүй иргэдийн дотор байна. Асар их нөөцтэй, олон арван жил ашиглах энэ ордын ашиглалтын талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөл олон түмэнд ил тодорхой, хоёр талд ашигтай, аль нэг тал нь хохиролгүй байхыг, шударга ажиллах нөхцөл хэрхэн хангагдаж байгааг Монголын иргэдэд ойлгуулсан байх нь чухал. Олон арван жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй. Гэрээлэгч тал мэдээж ихээхэн хэмжээний ашиг олох зорилгоор ажиллана. Монголын Засгийн газар бол хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг харгалзахын хамт улсынхаа ашиг сонирхлыг хангах нөхцөлийг гэрээнд бүрэн тусгаж хэрэгжүүлэх чадвартай болох ёстой. Энэ үүднээс Оюу толгой, Таван толгой болон бусад ордын ашиглалтаар Хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах асуудлыг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнуудыг тогтвортой ажиллуулдаг бие даасан бүтцийг Засгийн газарт яаралтай бий болгох хэрэгтэй. Би Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байх ёстой гэж боддог. Хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дээр дурдсан яам болон салбар хариуцсан яамдын мэргэшсэн албан хаагчид хариуцдаг байх ёстой. Түр хугацаагаар ирж ажиллаад явчихдаг сайд дарга нар бол бодлого тодорхойлогчид биш яамныхаа мэргэшсэн нөхдийн боловсруулж албан ёсны болгосон бодлогыг өөрийн ажиллах хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь зөв. Миний бодлоор Оюу толгойн гэрээлэгч хоёр тал буюу Засгийн газар ба РиоТинто компани хэд хэдэн асуудлыг тодорхой болгож зохистой шударга шийдэл тохиролцоонд хүрч иргэдэд ил тод мэдээлэх шаардлагатай болоод байгаа.

-Тухайлбал юуг нь ил тод болгох ёстой гэж?

-Оюу толгойн гэрээлэгч тал төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон бүтээгдэхүүний өртөгт хамаарах зардлыг хиймлээр олон дахин өсгөх аргаар төслийн ашгийг эрс багасгаж байна гэдэг. Монголын талд төлөх ёстой ашгийн татвар болон ногдол ашгийг багасгах бодлого хэрэгжүүлж байна гэсэн өөр нэг хардлагыг байхгүй болгохын тулд гэрээлэгч талуудыг төлөөлөн хариуцаж байгаа хүмүүс одоо хэлэлцээр хийж байгаа албан тушаалтнууд хэдэн гол асуудлаар маш тодорхой үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй.

-Ямар гол асуудлууд байгаа вэ?

-Оюу толгойн анхны гэрээ байгуулах үед гэрээний нөхцөлийн үндэс болгож байсан ТЭЗҮ-д тусгагдаж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан бэ. Тэр ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтын хэмжээг ил ба далд уурхайг ашиглахаар тодорхойлж байсан уу, эсвэл зөвхөн ил уурхайг ашиглахаар тохиролцож байсан уу. Одоо хүртэл хийгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас олон тэрбум ам.долларын зардлын үндэслэл байхгүй буюу худал мэдээлэл байна гэсэн яриа үндэстэй эсэх. Хөрөнгө оруулалтын зардалд цаашид Засгийн газар хэрхэн хяналт тавьж байх вэ. Анхны ТЭЗҮ-д тусгагдаж байсан нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан юм гэх мэтээр тодорхой болгох зүйлс бий.

Түүнчлэн анх гэрээ байгуулагдаж байхад төслөөс Монгол Улсын төсөвт төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар, Хувьцаанд ногдох ашгийн төлбөрийн дүн нь нийт ашгийн буюу борлуулалтын орлого ба өртгийн зөрүүгийн 53-54 хувьтай тэнцэнэ гэж ярьж байсан. Тэр нь одоо хэвээр байгаа юу. Хэвээрээ байгаа бол тэр гурван татвар төлбөрийн дүнг ТЭЗҮ-д тусгагдаж байсан борлуулалтын орлогын дүнтэй нь харьцуулсан хувийг гаргаж цаашид тэр хувиар гурван төрлийн татвар төлбөрийг шууд борлуулалтын орлогоос нь авч байх тохиролцоог хийж болохгүй юу. Энэ нөхцөлд өртөг зардал болон ашиг тодорхойлохтой холбогдсон олон жил эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан, хардлагаас ангид байх биш үү.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмээд байвал хөрөнгө оруулагч тал хожоод байх, харин Монголын тал 34 хувийн оролцоогоо хадгалахын тулд олон тэрбум долларын өрөнд ороод байна. Үүний зэрэгцээ үндсэн хөрөнгийн элэгдэл нэрээр асар их хэмжээгээр өсгөж болох өртгийн өндөржилтийн гайгаар Монголын Засгийн газар олох боломжтой байсан Ашгийн татвар болон Ногдол ашгаа авч чаддаггүй байх шударга бус үйлдлийг яаж зогсоох ёстой вэ.

Ордыг ашиглах явцад хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөлд Монголын Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг хариуцахгүйгээр оролцооныхоо 34 хувийг хадгалж байх заалтыг гэрээнд нэмэлт болгон тусгахын төлөө ажиллах ёстой биш үү. Юуны өмнө эдгээр асуудалд харилцан тохиролцож зохистой хариу өгөхгүй бол энэ төслийн хэрэгжилтэд хүндрэл гарсаар байх болно гэдгийг хоёр тал аль аль нь онцгой анхаарах ёстой. Ялангуяа манай Засгийн газар гэрээний нөхцөлийг сайжруулахын төлөө маш анхааралтай ухамсартай тууштай ажиллах хэрэгтэй. Ёстой эзний сэтгэлээр энэ асуудалд хандах ёстойг, хожим хойтод том хариуцлага хүлээнэ гэдгийг манай эрхэм нөхөд ухаарч байгаа биз. Энэ гэрээний нөхцөлийг сайжруулахгүй, төслийг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа шударга бус гэмээр үйлдлүүдийг зогсоохгүй удаан үргэлжилбэл улс орны тогтвортой, аюулгүй байдалд муугаар нөлөөлж болохыг мэдэж л байгаа байлгүй дээ.

-Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэрээний төслийн талаар маргаан дэгдэж Засгийн газар төслөө эргүүлэн татсан. Үүнийг юу гэж харж байна вэ та?

-Таван толгойн ордыг ашиглахад үндэсний болон БНХАУ-ын хөрөнгө оруулагчийг оролцуулахаар сонгосон нь зөв болсон. Одоогоор бодит худалдан авагч нь, мөн дамжуулан тээвэрлэх нөхцөлтэй улс нь өмнөд хөрш. Дахин тендер зарлах, өөр хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэвэл улам их цаг алдана. Өнгөрсөн жилүүдэд тендерийг олон удаа зарласан. Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогыг УИХ буруу гаргасан шалтгаанаар ордыг ашиглах хугацаа олон жилээр хойшилж зах зээлээ алдахад хүрч байсан алдааг давтаж болохгүй.

Сонгосон хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээнд миний одоо хэлэх зүйлсийг анхаарч тусгавал ухаалаг шийдвэр болох байх. Нэгдүгээрт, Таван толгойн ордыг ашиглах ТЭЗҮ боловсрогдож төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ болон санхүүжүүлэх хугацаа, үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийн үзүүлэлтүүд маш тодорхой болсон, тэр үндсэн дээр гэрээний нөхцөлүүдийг тохиролцох. ТЭЗҮ-гүй гэрээ байгуулахыг би сохор явахтай адил гэж хэлж байсан удаа бий. Хоёрдугаарт, Таван толгойн ордоос БНХАУ-ын чиглэлд нарийн царигийн төмөр замыг яаралтай барих. Хөрөнгө оруулагчдад энэ замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр барих нөхцөлийг санал болгох. Хоёр дахь зах зээлд гарахын тулд БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх нөхцөлийг хангах талаар урд хөршийн хөрөнгө оруулагчтай тохиролцох. Гуравдугаарт, Таван толгой ордоос Сайншандын чиглэлд өргөн царигийн төмөр зам барих нь зөв. Таван толгойн нүүрсийг, ялангуяа эрчим хүчний өндөр илчлэгтэй нүүрсийг нь нутгийн төв хэсгийн хэрэгцээнд ашиглах, гүнзгий боловсруулах төсөл хэрэгжүүлэхэд ашиглах шаардлага гарна. Дөрөвдүгээрт, Сайншандаас Дорнод чиглэлд төмөр зам барих нь эхний ээлжийн зорилт гэж үзэж хөрөнгө оруулагчдад гэрээ байгуулах нөхцөл болгож болохгүй.

-Яагаад?

-Ашиглагдах магадлалгүй, ашигласан ч үр ашигтай байх үндэслэл муутай энэ чиглэлийн олон зуун км төмөр зам барихыг эхний ээлжийн зорилго гэж шийдэж урагш тавих төмөр замыг бариулахгүй удаасан нь ноцтой алдаа болсон. ОХУ-ын нутгаар тээвэрлэж далайд гарна гэж ярьж байсан нь судалгаагүй том эндүүрэл байсан. ОХУ Якутын өмнөд хэсэгт байдаг Нюренгриний тэрбум тоннын нөөцтэй кокосжих нүүрсний ордынхоо ашиглалтыг нэмэгдүүлж байгаа боловч далайд хүргэх төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл хүндрэлтэй, өвөл хөлддөг далайн боомтын хүчин чадал асуудалтай зэрэг мэдээлэл байгааг бодох ухаарах хэрэгтэй.

Зарим эрхэм нөхдийн зүгээс Таван толгойн ордын ашиглалтад төр 51-ээс дээш хувиар оролцох ёстой гэсэн санал хэлж байгааг би буруу гэж боддог. Учир нь төрд тийм хэмжээгээр оролцох хөрөнгийн бололцоо байхгүй, төрд сайн менежменттэй төрийн өмчийн компани байхгүй. Харин үүний оронд хувийн өмчийн “Энержи ресурс“ компани болон төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компани нэгдсэн консорциум байгуулаад Монголын талын хувь оролцоо 51 хувь байхаар шийдвэл зөв бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар байх болно.

-1072 хувьцаа амилах эсэх нь мөн л тодорхойгүй хүлээлт үүсгээд байна?

-Иргэдэд эзэмшүүлнэ гэж байгаа 1072 хувьцааны асуудал бол Монголын Засгийн газрын мэдэх зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарагдах асуудал биш байх. Хувьцаанд хуваарилж болох ногдол ашгийг ямар эх үүсвэрээс гаргах, тухайлбал Консорциумд оролцох “Эрдэнэс Таван толгой“ төрийн өмчийн компанид очих ногдол ашгаас гаргах уу эсвэл Таван толгой ордын ашиглалтаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар болон Ногдол ашгийн нийлбэр дүнгээс гаргах уу гэдгийг Засгийн газар шийдэх нь зөв байх. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын үүрэг хариуцлагын асуудлыг зөв шударга байлгахыг анхаарах ёстой.

-Стратегийн гэх ашигт малтмалын ордын ашиглал­тад төр оролцох нөхцөлийг хуульд заасан байдаг. Гэтэл зарим хүмүүс төр заавал их хувиар оролцох ёстой гэдэг л дээ…

-Өндөр үр ашигтай болох нь ТЭЗҮ-ээр баталгаажсан, их хөрөнгө оруулалт шаардах том төслийг Төр өөрөө 100 хувь санхүүжүүлж үр ашигтай хэрэгжүүлж чадаж байвал сайн. Гэтэл төрд хөрөнгийн боломж, төслийг үр ашигтай хэрэгжүүлэх туршлага, дэвшилтэй техник технологи дутагдах зэрэг бэрхшээл байдаг. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, тэдэнтэй гэрээ байгуулж ордын ашиглалтын санхүүжүүлэлтийг эрсдэлтэй нь хариуцан хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг. Энэ бол дэлхийн бүх улсад, өндөр хөгжилтөй улсуудад ч байдаг зүйл.

Манай Ашигт малтмалын тухай хуульд Геологи хайгуулын ажлыг Засгийн газар санхүүжүүлсэн эсэхээс хамааруулж ордын ашиглалтад төр 51 хүртэл хувиар, эсвэл 34 хүртэл хувиар оролцож болно. Тэгэхдээ оролцооныхоо хэмжээнд тохирох санхүүжүүлэлтийг төр хийсэн байх ёстой гэсэн заалт байдаг. Энэ хуулийг би зөв гэж үздэг. Хуулиа гуйвуулалгүй хэрэгжүүлж байх ёстой. Зарим хүн ордын ашиглалтад төр 51-ээс доошгүй хувиар оролцох ёстой гэж ярьдаг. Ордын ашиглалтаас гарах ашгийг төр ахиухан авч байх санааг буруутгаж болохгүй. Харин тийм санал хэлдэг нөхөд оролцооныхоо санхүү­жүүлэлтийн эх үүсвэрийг бүрдүүлэх бодит бололцоо байгаа эсэх, хөрөнгө оруулагчтай тохиролцох боломж ямар байхыг бодолцох ёстой. Зарим ордын ашиглалтад төр хөрөнгө оруулж оролцох шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад ордоо үнэгүй өгчихлөө гэж ярих хүн дайралддаг. Ордыг үнэлээд худалдчих, эсвэл гэрээлэгч талд ордын ашиглалтын бүх санхүүжүүлэлт, эрсдлийг хариуцуулчихаад төр хууль ёсоор авах төлбөр татваруудаа бүрэн авч байх хувилбарын аль нь илүү зохимжтойг орд бүр дээр бодох хэрэгтэй.

-Татварын тогтворгүй орчин гэдэг зүйл яригдаад байгаа. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Татвар төлбөрийн хуулиа тогтвортой байлгах, гэрээлэгч нарт ялгаваргүй хандаж байхад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны борлуулалтын орлогоос таван хувиар авдаг хуультай байсныг 2.5 хувь болгож бууруулсан. Зэсийн борлуулалтын орлогоос авдаг нөөц ашигласны төлбөрийг одоогийн хуулиар Эрдэнэтийн үйлдвэрээс 15 орчим хувиар авч байгаа бол Оюутолгойн үйлдвэрээс таван хувиар авч байхаар гэрээлсэн байгааг би буруу гэж боддог. Ард түмний, төрийн өмч гэж үздэг ашигт малтмалын ордыг ашигласны төлөө авдаг энэ төлбөрийг аль болох ахиу хэмжээгээр нь ялгаваргүй төлүүлдэг байх бодлого барьж ажилламаар байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа аваад явна. Харин үндэсний хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа Монголдоо үлдээж шинэ хөрөнгө оруулалтад ашиглана. Тийм учраас томоохон төсөл хариуцаж хэрэгжүүлэх санаачилга гаргасан үндэсний хөрөнгө оруулагч компанид төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлдэг баймаар. Үндэсний компанид дэмжлэг үзүүлэх асуудлыг “авлига авсан байж таарна гэсэн яриа гарахаас” болгоомжлоод шийдэхгүй байх, баялаг бүтээгчдээ дэмжицгээх хөдөлгөөн өрнөж байхад тэр баяжих нь гэж муугаар атаархаж байх хэрэггүй.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хуулинд оруулсан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ. Тэгвэл өчигдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс 25 хорих байгууллагатай. Үүнээс үзэхэд наймаас 10 мянган хоригдлыг үйлдвэрлэж байдаг махны машин байгүй юу. Энэ Эрүүгийн хуулийн гол зорилго хорих ялыг хавтгайруулан хэрэглэж бүгдийг нь шоронд явуулдаг байдлыг таслан зогсоох юм. Уг хуулинд хорихоос өөр ялыг нэмэгдүүлж байгаа. Түүний нэг нь хуулийн төсөл өргөн баригдах үед гэрийн хорио гэх нэршлээр өргөн баригдсан ч чуулганаар эрх чөлөөг хязгаарлах ял болон хувирсан зүйл анги л даа.

Өмнө нь албадан хөдөлмөрлүүлэх гэдэг гоё үгтэйгээр зорилгоо хэрэгжүүлдэг байсныг нийтэд тустай ажил хийх гэдэг ял болгож хувиргаж байна. Ял эдэлж байгаа хүнийг хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлэх гэж байгаа бол үр дүн нь нийтэд тустай байхаас биш хэн нэгний хувийн байшинг барьдаг байж таарахгүй. Энэ мэтчилэн философийнхоо хувьд ялгаатай болж өгсөн.

-Эрүүгийн хуульд ямар шинэтгэл хийгдэж байгаа вэ. Хуулинд хэрхэн тусч байгаа бол?

-Эрүүгийн хуульд томоохон ямар шинэтгэл бий болж байна гэхээр хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татдаг, ял оноодог шинэ механизм бий болж байна. Өмнө нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс гэмт хэрэг хийчихээр хуулийн этгээд нь биш нягтлан, гүйцэтгэх захирал нь юм уу шийдвэр гаргасан, ажил хариуцаж байсан хэн нэгэн хувь хүн шоронд ордог байсан. Юун түрүүнд татвараас зайлсхийсэн гэмт хэрэг гэнгүүт нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг нь юун түрүүнд барьж хорьдог байсан бол одоо хуулийн этгээдийг мөрдөн шалгахад тусдаа журам үүсгээд ямар нэгэн хувь хүнийг барьж, хорих тухай ойлголт байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр хавтгайруулан хорьдог систем арилж байна л даа. Мөн хуулийн этгээдийн ялыг хэн нэгэн хувь хүн үүрдэг байдлыг таслан зогсоож байгаа. Энэ нь ял халдан хэрэглэх зарчмыг хэрэглэхгүй байх гэсэн Үндсэн хуулийн зарчмыг бодит утгаар нь бий болгож байгаа юм.

-Гүтгэх гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хууль руу оруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уг хуулийн хамгийн гол зүйл нь мэдээж доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа юм. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна. Судалгаанаас харахад ердийн гүтгэх гэмт хэргийн дийлэнх нь сэтгүүлчид рүү эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна. Тиймээс социалист агуулгатай гүтгэх гэдэг гэмт хэргийг болих ёстой. Харин гэмт хэрэгт холбогдуулж хүнийг гүтгэсэн байх юм бол шүүхэд худал мэдүүлэх гэдгээр өөр гэмт хэргээр явах ёстой. Энэ хүнийг хулгай хийж байхыг харсан, энэ хүнийг хүн алж байхыг харсан гэж худлаа ярьсан бол шүүхийн өмнө худлаа гэдгээ хэл гэдэг зарчим руу явж байгаа.

Сонгуулийн үед сонгуулийн дүнд нөлөөлөх, будлиантуулах, төрийн эрх хууль бусаар авах зорилгоор нэр дэвшигчдийн талаар илт худал мэдээлэл тараах юм бол энэ нь өөр гэмт хэрэг болж тусад нь хуульчилна гэж асуудлыг шийдэж байгаа. Энэ мэтчилэнгээр Эрүүгийн хуулинд дэвшилттэй олон зохицуулалт орж байна. 25 жилийн өмнө ардчилсан зах зээлийн иргэний нийгмийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийг хүндэтгэдэг энэ үнэт зүйлсээ хамгаалдаг Эрүүгийн хуультай болж байна гэсэн үг.

-Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хууль руу оруулсан ч хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ нь хоёр сая төгрөгөө өгөөд гүтгэлгийг улам хавтгайруулах юм биш биз гэсэн санаа гарч байсан. Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ?

-Одоо байгаа хуулиар таван жил шоронд сууна гэсэн байгаа. Үүнийгээ дэнслээд үзэхгүй юу. Та таван жил хайртай хүмүүсээсээ хол, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй шоронд суух уу эсвэл хоёр сая төгрөг хүртэл торгуулах уу гэдэг нь таны сонголт. Ер нь бол гүтгэх гэдэг чинь хориотой зүйл. Хууль бус худал мэдээллийг тарааж хүний нэр хүндэд халдана гэдэг чинь угаасаа хууль бус үйлдэл.

Хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох нь торгуулийн хэмжээ. Түүнээс хохирсон хохирлоо төлүүлэх нь иргэний эрхийн асуудал. Тиймээс мөнгөтэй хүн болгон бүгдийг хийгээд байна гэсэн үг биш.

-Твиттер, фэйсбүүкт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө торгуулах, ял эдлэх заалт орж байгаа гэсэн. Тэр юу болсон бэ?

-Одоогийн Эрүүгийн хуулиар твиттер, фэйсбүүкээр бүү хэл хоёр хүн хоорондоо ярьж байхдаа гүтгэх юм бол шийтгүүлэх хуультай. Одоо бид ямар хуулин дор амьдарч байгаа вэ гэдгээ унших ёстой. Тэгэхгүйгээр цоо шинэ зүйл ороод ирчихсэн мэт харж болохгүй. Гурван хүн зогсож байгаад нэг нь яваад өглөө гэхэд үлдсэн хоёр нөхөр нь муу хэлэхэд доромжилсон гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.

-Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн хуулийг дэмжихгүй гээд чуулганы хуралдааныг орхин гарсан байна. Гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар заалтууд уг хуульд тусчихаад байгаа юм бэ?

-Мэдээж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаралгүй л яахав. Манай улс шинэ нийгэмд шилжээд 25 жил болж байгаа боловч хууль бичдэг хэл нь социализмаараа, ойлголтууд нь социалистоороо б а й н а . Ө н ө ө д ө р г э х э д экстермист үйл ажиллагаа явуулах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах гэдэг хоёр ойлголтыг Монгол Улсын Эрүүгийн хуулинд яаж оруулах вэ гэдэг дээр маргаан гарч байна. Өмнө нь энэ ойлголт манай улсад байгаагүй. Тухайлбал, экстермист үйл ажиллагаа гэж юуг хэлээд байна вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчдыг хөөе, гадны хөрөнгө оруулагчид Монголын баялгийг сорон мөлжиж байна гэдэг ч юм уу иймэрхүү үзэл бодол байж болно. Энэ үзэл бодлоо илэрхийлэх эрх 100 хувь иргэнд нээлттэй байгаа. Эрхээ эдлэхдээ харин гадны хөрөнгө оруулагчдыг харсан газраа бууд, хятад хүнийг хүн биш гэж тооцох тул тааралдсан газраа зодъё ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар Монгол Улсын ямар ч хуулиар хүний өмч хөрөнгө рүү дураар халдах, амь насыг бүрэлгэх эсвэл нэр төрийг нь шууд гутаан доромжилсон байдлаар хүч хэрэглэж халдахыг хориглодог. Энэ чинь хууль бус үйл ажиллагаа. Тэгэхээр экстермист үйл ажиллагаа гэдэг маань нэгдүгээрт хууль бус. Хоёрдугаарт хүч хэрэглэсэн байдаг юм байна. Гуравдугаарт өөрийн үзэл бодлыг цорын ганц туйлын үнэн гэж үзэн бусдыг үгүйсгэдэг. Энэ чинь өөрөө социализмын үед Марксист үзэл туйлын үнэн өөр зүйл яривал буруу номтон гэж үздэг тэр агуулгаар ялгарах юм алга. Хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг орнуудад экстермист үйл ажиллагааг хуулиараа хориглодог. Тэр нь манайд шинэ ойлголт тул хэрхэн орчуулах вэ, яаж томъёолох уу гэдэг маргаан гарч байна. Тэгэхээр үүнийг хуучин социалист хэлээр бичиж болохгүй. Тиймээс шинэ хэлээр бичиж таарах тул маргаан гарч байгаа юм.

-Ямар маргаанууд гарч байгаа вэ?

-Шинэ Эрүүгийн хуультай холбоотой маш их маргаан гарч байгаа. Эрдэмтэд маш хүчтэй эсэргүүцсэн. Эсэргүүцэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг шиг шинэ ойлголтуудыг ойлгохгүйгээсээ болж зарим нь эсэргүүцэж байна. Зарим хэсэг нь хувийн ашиг сонирхолтой байна л даа. Тухайлбал, хуучин Эрүүгийн хуулиар маш их ном биччихсэн хүний тэр ном шинэ Эрүүгийн хууль гарчихаар үнэгүй болох нь. Миний хичээлийн агуулга утгаа алдах нь гэсэн бодолтой хүмүүс ч байгаа шүү. Өөр нэг хэсэг нь хуучин хуулийн нэр томъёогоор сүржигнэн хүнийг айлгадаг байсан бол одоо өөр болж эхэлсэн.

Санал хураалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагчийг гүтгэх юм бол гэмт хэрэгт тооцно гэдгийг алга болгож байна. Учир нь хүмүүсийн хамгийн ихээр хүсдэг зүйл нь эрх чөлөөгөө хамгаалахын тулд хардаж, энэ чинь юу вэ гэж асуух ёстой хүмүүс нь прокурорууд байхгүй юу. Тэдний гарт хууль гэдэг том хэрэгсэл бий. Харин нөгөө хүмүүсийн гарт юу ч байхгүй аманд нь өөрийгөө өмгөөлөх үг л байдаг. Тэгэхээр үгээ хэлснийхээ төлөө шүүгч, цагдаа, прокурорыг гүтгэсэн гээд гэмт хэрэгт холбогдож болохгүй байхгүй юу.

Бид 1992 оны Үндсэн хуулиар нэр төр гэдэг ойлголт бол хувь хүнд байдаг гэж оруулж өгсөн. Төрд харин нэр төр гэдэг ойлголт байхгүй. Төр гэдэг чинь хүний жам ёсны эрхийг хангаж өгөхийн тулд үүссэн үүсмэл зүйл тул хүний нэр төрийг үгүйсгэж болохгүй гэсэн үзэл санаа руу орсон мөртлөө одоог хүртэл социалист агуулгаараа төрийн нэр хүндийн тухай ярьж болохгүй. Гэх мэтчилэн үнэт зүйлсийн ялгаа байгаа тул үүн дээр зөрчилдсөн хүмүүс шүүмжилж байна.

-Та хуулийн салбарыг шинэчилнэ гэж байсныг санаж байна. Гэтэл шинэ сайд гараад хуучин хэвэнд нь оруулах зүйл яриад байх шиг байсан л даа. Энэ үед Эрүүгийн хууль гарч байна. Хуулийн салбар цаашид хэрхэн явах бол?

-Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан Эрүүгийн хуулийг татаж аваад Эрүүгийн хуулийг дахин өргөн барьсан. Өмнөх хуулийн төслөөс ялгаатай зүйл бараг байхгүй. 95 хувь нь бараг тэр чигээрээ өргөн баригдсан болохоор эрүүгийн шинэтгэлийн үйл явц дэмжигдээд явж байна. Анх гүтгэх гэмт хэргийн Зөрчлийн хуулинд оруулсан байсныг эргүүлээд Эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэж оруулсан байсныг Их хурал дээр хасаад Зөрчлийн хууль руу орууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Урлагийн олимпийн аварга

Энэ залууд дэлхий хүлээн зөвшөөрсөн гэсэн тодотгол яг тохирно. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаан болсонгодог хөгжмийн шилдгүүд тодруулдаг гэдгээрээ цэнхэр гаригт танигдсан наадам.57 жилийн түүхтэй. Хагас зууны турш дэлхийн сонгодгууд энэ тайзан дээр хүч оюунаараа өрсөлдсөн гэсэн үг. Энэ жил дэлхийн сонгодгуудыг тэргүүлсэн хүн нь Монголын Г.Ариунбаатар. Төв аймгийн уугуул залуу эрэгтэй дуучдаас нэгдүгээр байр эзэлж алтан медаль авсан юм. Өнгөрсөн хугацаанд энэ уралдаанаас дэлхийн нэртэй олон хөгжимчин төрөн гарсан түүх бий. Дэлхийн сонгодгуудыг төрүүлдэг олон улсын энэ тэмцээнд монгол дуучин магнайлна гэдэг том олз.

Шагнал авсныхаа дараахан Г.Ариунбаатар цахим хуудсандаа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хүнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээби урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо тэргүүн байр, алтан медальтай очих нь ээ. Аав, ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нартаа баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн асуудал нэн чухал байдаг. Намайг чин сэтгэлээсээ ойлгож байнга тусалж дэмждэг дархан аварга А.Сүхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” төрийн бус байгууллагын тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа, мөн CMS группийн хамт олонд, Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүндээ, Улаан-Үдийн театрынхандаа дахин дахин талархаж байна” хэмээн бичсэн юм.

П.И.Чайковскийн уралдаанд 39 орны 500 орчим уран бүтээлч видеогоо илгээснээс 40 дуучин тэнцсэний тав нь монгол. Тэдний нэг нь алтан медаль авч эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр цуурайтуулсан юм. Тэр нь Г.Ариунбаатар. Энэ наадам ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод хагас сар үргэлжилсэн юм. Дуучин залуу наадмынсүүлийн шатны тэмцээнд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн арийг дуулж оролцжээ.

Тэрээр хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ер нь дуучин хүн сэтгэлтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр сэтгэлээс гарсан аялгуу нь хүнд хүрдэг. Хиймэл зүйл байхаар л юм худлаа болж эргэнэ. Тэгэхээр ямар ч дуучин өөрийн уран бүтээлдээ сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн эд материал харж болохгүй. Өнөөдөр тоглолтоо нилээд өндөр өртгөөр босгож байж болно. Тоглолтын орлого 50 хувьтай байж болно. Гэхдээ тэр надад хамаагүй. Зүгээр л энэ тоглолтоо хийгээд сэтгэлийн жаргал эдэлж байвал миний зорилго” гэж сэтгэлээ дэлгэсэн байдаг.

Г.Ариунбаатар гурван жилийн өмнө М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлж байв. Дэлхийн сонгодгуудын чансааг сорьсон уралдаанд тэргүүлснийхээ дараа гавьяат жүжигчин цол авч байсныг нь уншигчид андахгүй. Залуу дуучин уралдаанд орж байх үеийнхээ сэтгэгдлийг “Соёлтой үзэгчид өөр байдаг юм билээ. Би Монголын ард түмнийг тэнд аваачаад үзүүлчих юмсан гэж бодож байсан.Браво гэж орилоод л. Тайзны ард орчихсон байхад буцаж гаргаж ёслуулсан. Буцаж гарч ёслоод л надад үнэхээр кайфтай байсан. Большой Монгол гэж орилох ямар гүн сэтгэгдэл үлдээснийг хэлэх юм биш.Гэхдээ олон уралдаанд орохоосоо илүү чанартай цөөхөн уралдаанд оролцох нь чухал. Монголчуудын нэг зан байдаг.Оролцсон уралдаан болгондоо түрүүлэхийг хичээдэг чанартай үндэстэн. Бид гурван сая байж болно. Гэвч бид хүчтэй. Намайг зун Тэрхийн Цагаан нууранд амраад явж байхад Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяролимпийн хошой медаль хүртэхэд би үнэхээр их баярласан.Нууртайгаа ярьж уйлсан. Таны хүү ийм амжилт гаргасан байна гээд л нууртайгаа ярьж уйллаа. Тэр хавийн хүмүүсийг айргаар дайлаад л. Миний бахархал болсон маш олон хүн байдаг. Дуучин хүн эвдрэл байхгүй сэтгэлээ хайрлах хэрэгтэй. Дуучныг олон хүн эвдэх гэж оролдоно. Чи ёстой мундаг юм аа, гайхалтай юм аа гээд л эхэлнэ шүү дээ. Түүнд нь биеэ тоож болохгүй” гэж хэрсүүхэн өгүүлсэн нь бий. Тэрээр Павел Лисицины нэрэмжит тусгай шагнал хүртэж байсныг сонгодог урлагт дурлагсад андахгүй.

Г.Ариунбаатар СУИС-ийн төгсөгч, 2012 онд Монгол Улсын шилдэг дуучны тусгай шагналыг хүртэж байсан түүх түүний намтарт бий. Жилийн өмнө Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдынуралдааны тэргүүн шагналыг хүртсэнээс нь дэлхийн чансаа­ны уран бүтээлч гэдгийг нь харж болохоор. Сүүлийн нэг жилийн хугацаанд Улаан-Үд хотноо Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлч.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Их сургуулийн цахилгааны инженерийн хагас зуун жилийн өмнөх анхны сурагчид

Монгол Улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн ангийн анхны төгсөгчдийг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Нэгэн мянга есөн зуун жаран таван оны намар Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос чуулалдан ирсэн охид, хөвгүүд далан онд сургуулиа төгсчээ. Их сургуулиа дүүргэснээс хойш өдгөө 45 жил болсон байна. Дөчин таван жилийнхээ ойг тэд саяхан тэмдэглэж, их хотынхоо төв талбайд хөөр баяртай уулзах цаг мөчид манай сурвалжлах багийнхан таарсан юм. Цахилгааны инженерийн анхны ангийнхан хэмээн Их сургуулийн үе үеийн төгсөгчдийн түүчээ болсон тэд хорин зургуулаа цуглаж байсан гэнэ. Хорин зургаан анхдагчдаас 23 нь хөвгүүн, гурав нь охид байжээ. Цахилгааны инженерийн анхдагчдаас бүр тодруулбал, нэг тасгийн нөхдөөс эрчим хүчний сургуулийн гурван захирал төрсөн нь энэ ангийнхны бас нэгэн бахархал ажээ.

Тодруулбал, тус ангийн 23 хөвгүүний нэгэн болох техникийн шинжлэх ухааны доктор Загирын Цэрэндорж, Ринченгийн Лхагвасүрэн, Монгол Улсын зөвлөх инженер Алтангэрэлийн Нацагдорж нар мэргэжлийнхээ буюу Монгол Улсын эрчим хүчний гурван суурь, том сургуулийг удирдаж, мянга мянган шавь нар төрүүлэн, ангийнхныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн гавьяатай. З.Цэрэндорж доктор бас бөхөд сонирхолтой, барилдана. Түүнд нөхөд нь “хэвтэж цохидог” гэдэг хоч өгсөн байгаа юм. Тэрээр сургуулиа дүүргээд багш болж өнөөг хүртэл Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эрчим хүчний сургуульд багшилж байна. Эрчим хүчний сургуулийн захирлаар ажиллаж байсан нэртэй профессоруудын нэгэн. Гурван захирлын нөгөөх нь Ринченгийн Лхагвасүрэн доктор. Дарханы Политехникийн их сургуулийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Арын хангай нутгийн оюунлиг сайхан нөхрөө ангийн нөхөд нь хайрлан дурссаар байна. “Ид хийж бүтээх, эрдмийн оргил руу тэмүүлэх насандаа хорвоог орхисон доо” гэж харамсангуй өгүүлнэ.

Энэ ангиас тодорсон дараагийн захирал нь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул А.Нацагдорж инженер. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Түлш эрчим хүчний сайд байх буюу 1984 онд Налайхын эрчим хүч, геологийн дунд сургуулийн захирлаар томилогдож байсан нэгэн. Монгол Улсын зөвлөх инженер А.Нацагдорж өгүүлэхдээ “Нэг ангиас улсын гурван том сургуулийн захирал төрнө гэдэг бас л бахархал юм даа. Бид гурав яг нэг үед буюу 1984-1991 онуудад захирлын албыг хашиж байлаа” гэв. Тэрээр гурван захирал төрөхөөс гадна ангийнхныхаа нэг том бахархлыг хэлсэн. “Манай ангид эрх чөлөөгөө хасуулж шоронд орсон хүн байхгүй. Тушаал хэргэм ахиж төрийн сайд болсон хүн байхгүй. Бүгд л хувь хувийн ажлыг хөөж, өөрт оногдсон тавилан заяагаараа дутах зүйлгүй, мөрөөрөө жаргалтай сайхан амьдарч явцгаана. Нэг нэгнээ дурсаж, уулзаж учирч, ярьж хөөрч явна гэдэг хүний амьдралын үнэт чанар юм даа” хэмээн амьдрал таньсан хүний ухаалаг хариултыг өгсөн юм.

“Гурван гал” компанийн захирал Ц.Ганхуяг мөн энэ ангийнх. Тэрээр цахилгааны инженерийн ангийн хуваарь авчихаад анх уйлах дээрээ тулж байснаа дурссан юм. Малчны хотонд өссөн хүүхэд учир хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж, малын зоотехникч болох хүсэлтэй байж л дээ. Гэтэл юун зоотехникч, цахилгааны инженерийн хуваарь ирчихсэн байна. Түүнийгээ солиулах санаатай үзээд бараагүй гэсэн. “Энэ сайхан хамт олонтой нэгэн ангид суралцаж, энэ он жилүүдэд хамдаа явах хувь тавилан, заяа төөрөг байсан юм байлгүй дээ. Бид Монголын айл өрх бүрийн галыг нь асаадаг, илч гэгээ гэрэл нэмдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс. Эрдэм номтой олон багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа байх” гэж өгүүлсэн юм. Ганхуяг захирал ангийнхнаасаа бараг л ганцаараа бизнес эрхэлдэг нэгэн гэсэн.

Тус ангийн дарга байсан Ц.Ганболд сургуулиа төгссөн ч даргын зангаргаа алдаагүй байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжил зүйн газраас тэтгэвэртээ гарчээ. Ганболдын хувьд Улсын цаг давтамжийн албыг бий болгоход гар бие, оюун ухаан оролцсон хүндтэй хүмүүсийн нэгэн юм.

Улс орныхоо илч гэрлийг түгээгч түүчээ болсон ангийнхнаас Д.Нохойжав, Б.Чулуунбат гээд халуун залуу наснаасаа эрчим хүчний салбарын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн “нэргүй баатар”-ууд олон. “Миний гар бие, хүчин зүтгэл оролцоогүй барилга байгууламж ховор доо” гэж Нохойжав гуай ам бардам хэлээд авсан. Нийтдээ 1200 гаруй барилгын цахилгаан, эрчим хүчийг хариуцсан байна гэж тоо баримттай нь хэлж байна. Чулуунбат гуай гэхэд мэргэжлийнхээ салбарт 40 жил ажиллаж байна. Улаанбаатар хотод болоод Дархан, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний салбарт бүхий л насаараа ажиллахдаа энгийн нэг диспетчерээс тэргүүн дэд захирал хүртэлх он жилүүдийг туулсан нэгэн. “Энэ хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхэлж 45 жилийн дараа эргээд уулзахад ярих юмтай, туулсан замналтай байгаадаа баяртай байна” гэж даруухан өгүүлнэ билээ.

Улаанбаатар хотноо хагас зуун жилийн нүүрийг үзсэн ч тэгтлээ их хотжоогүй юм гэж ангийнхандаа егөөдүүлэх Л.Рагчаадорж хуучнаар Эрчим хүчний яаманд ажиллаж байгаад дараа нь нэгдүгээр цахилгаан станцад мөн л хариуцлагатай алба хашиж байсан аж. Одоо мөн мэргэжлийнхээ салбарт захирлын алба хашиж буй нэгэн юм. 23 бандийн хамгийн ахмад нь Н.Цэвээн байжээ. Өнөө хэдээсээ арван насаар ах байсан гэнэ. Ангийн ахмад сурагч тэрээр Нефть баазыг тохижуулахад хувь нэмрээ оруулсан гавьяатан.

Ангийн үзэсгэлэнт гурван охины нэг болох Цэдэндамба “Ердөө гурван охинтой учир манай хөвгүүд их тусална. Цаг үргэлж анхаарал халамж тавина шүү дээ” гэж он жилүүдийн хойно ч сэтгэл ихэд таатай байдгаа нүүрэндээ инээмсэглэл тодруулаад илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Дандаа эрчүүдтэй найзлаж хамт байсаар бүр дасчихдаг юм билээ. Ийш тийшээ ганцаар явахдаа тооно гэж байхгүй.Баахан банди нартай дунд нь ороод л алга болоод өгнө. Банди нарынхаа хэнтэй нь ч ажил хөдөлмөрт хамт зүтгэсэн тэд тухтай. Архи дарс ууна гэсэн ойлголт байхгүй, журамтай байжээ” гэж хөвгүүдээрээ бахархаж явдгаа хэлээд авсан.

Тэд бусдын жишгээр намрын ногоо, тариа хураалт, сангийн аж ахуй явах, худаг ус гаргах гээд оюутан ахуй цагаасаа улс эх орныхоо төлөө зүтгэцгээсэн байна.

“Их сургуулийн үүднээс 30 машины чиргүүл дээр суугаад л замдаа гардаг байлаа” хэмээн дурсамж дурдатгалаа дэлгэж байлаа. Жаргалантын сангийн аж ахуйд ажиллаж байсан оюутан цагийнхаа хөгтэй хөөртэй дурсамжаас Чулуунбат гуай хуваалцсан. “Дашдаваа, Нямсүрэн, Жадамбаа бид нийлж зоорь ухдаг ажилд үргэлж түрүүлдэг байв. Тэгсэн хажуугийн зоорь түрүүлээд эхлэхгүй юу. Энэ юу болов гэсэн чинь Нямсүрэн өнөөдөр орой лаа дуусна гэж тэдний ярьж байхыг нь сонссон байна. Эд нар шөнө ирж ухаж байгаа юм байна гэж мэдээд бид ч бас лаа авч шөнө ухдаг болсон. Тэгээд ахиад түрүүлээд эхэлсэн” гэж дурслаа. “Юундаа тэгж их түрүүлэхийн төлөө хичээдэг байна. Шагнал урамшуулал байдаг байсан юм уу” гэж үгийн далимд асуухад “Өглөөний хүүхдийн нэвтрүүлгээр бид дөрөв яригдсан, манай зоорины үүдэн дээр түрүүлсэн гээд туг хатгадаг. Самбар дээр зураг гаргадаг байсан, тэр нь л шагнал байлаа” гэв.“Оюутны намрын ажил нэг нэгнийхээ сайхан чанарыг олж харж, нөхөрлөх боломжийг олгодог” гэж Л.Мөнхболд ярьсан. Мань хүн Борнуурын сангийн аж ахуйд хөдөө орон нутгийг цахилгаанжуулна гэж байх үед очиж ажиллаад тэндээсээ тэтгэвэртээ гарсан байна. Эрчим хүчний салбарт суралцахаасаа өмнө буюу 1964 онд спортын мастер болсон Э.Гантөмөр төгсөөд МҮОНР-д ажилд орсон гэнэ. Тэрээр ангийнхаа даргыг егөөдөж дөрвөн мөрт зохиосноо уншиж сонирхуулаад бөөн инээдэм болсон.

Эрх танхи охидын нэг Г.Цэдэндамба гуай Улсын хэвлэлийн үйлдвэрт 30 жил тасралтгүй ажилласан байна. “Бид хичээлээ нийлээд давтана. Нийлээд хичээл давтсан байхад амжилттай дүн авах нь мэдээж. Ганцаараа давтвал жаахан тааруухан байна. Хөдөөний сурлага сайтай хүүхдүүд их байсан. Жишээ нь, Цэрэндорж, Ганхуяг, Нохойжав, Гантөмөр, Мягмар, Лхамсүрэн гээд олон хүнийг нэрлэж болох юм. Төгсөх болоход нэг нэгнийхээрээ зочлоод л, хөдөө явах хүүхдээ үдэж өгдөг байлаа. Эд нарынхаа буянд насаараа инженер гэж дуудуулж явна” хэмээсэн юм. Ангийн бас нэг гишүүн Г.Борхүү нь төгсөөд анх Шугам сүлжээний ашиглалтын албанд ажиллаж байсан ба дараа нь Биокомбинатад мэргэжлийнхээ ажлуудыг хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэрээр “Манай ангийнхан нэг тогооноос таван жил хоол идсэн хамт олон. Нэгнийхээ жаргал зовлонг байнга хуваалцдаг. Уг нь бид 26-лаа төгссөн,гэвч одоо 10-ааднь бурхан болсон. Тэд маань таван жил мөн ч сайхан явсан нөхөд байгаа юм” гэж уяралтайхнаар хэлсэн болУлаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газарт 30 жил ажилласан О.Бямбадорж “Элсэлтийн шалгалтан дээр би Черчиллийн зургийг их олон хүүхдэд зурж өгч байсан нь санаанаас гардаггүй. Цэрэндоржийн тоог би бодож өгч байсан гэсэн. Ийм мундаг хүний элсэлтийн шалгалтын тоог бодож өгч байсан гэхээр сайхан байгаа биз дээ” гэж дурсамжааа хуваалцсан юм. Их сургуулийн цахилгааны инженерийн ангийнхны хагас зуун жилийн нүүр үзсэн бахархалт он жилүүд, хүүхэд бүрийнх нь алдар замналын тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас алтан медаль хүртлээ

П.И.Чайковскийн нэрэм­жит олон улсын хөгжмийн уралдаанд Монгол Ул­сын гавьяат жүжигчин Г.Ариун­баатар түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэ уралдаанд 39 орны билэг авьяастай 500 дуучин оролцсон юм. Дөрвөн шатны шалгаруулалтаар эцсийн шатанд Монгол, ОХУ, БНХАУ,БНСУ-ын дуучид тунаж үлдээд байв. Харин манай цагаар долдугаар сарын 02-ны 01:00 цагт сүүлийн шалгаруулалт болж, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар “Трубадур” дуурийн Ди Луна­гийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг дуулж, тэргүүн байр эзэллээ.

Дөрвөн жил тутамд болдогП.И.Чайковскийн нэрэмжит уралдааныг дэлхийн дуурийн дуучдын “олимп”, хамгийн оргил тэмцээн гэж үздэг. Тэг­вэл Монгол Улс дуурийн “олимп”-ийн аварга дуучинтай болж байна. Сонсогчид түүний энэ амжилтыг Монголын сон­годог урлагт түүхэн үйл явдал болж, цоо шинэ хуудас нээлээ гэж үнэлж байна.

Г.Ариунбаатар тэмцээний дараа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаа эх орондоо тэргүүн байр, алтан медальтай очих нь ээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхдөдөө бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чин сэтгэлээсээ ойлгож байн­­­га тусалж дэмждэг авар­­га А.Сүхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” ТББ-ын тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа, мөн “CMS group”-ийн хамт олондоо, Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ, Улаан-Үүдийн театрынхандаа да­хин дахин талархаж байна” гэж өөрийнхөө фэйсбүүк хуу­дас­таа бичсэн байв. Түүнтэй өчигдөр онлайнаар холбогдоход “Чайковскийн уралдаан их хүнд байлаа. Баяр наадмын өмнө монгол түмэндээ бэлэг барьсандаа баяртай байна. Очиж байгаад танай сонинд ярилцлага өгнө өө. Одоо зав муутай байна” гэсэн юм.

Төв аймгийн Баян-Өнжүү­лийн унаган хүү Г.Ариунбаатар ийн­хүү дуурийн дуучдын дунд болдог гурван том уралдааны хоёрт нь түрүүлж байна. Өмнө нь М.Глинкийн нэрэмжит урал­даанаас алтан медаль хүртэж, гавьяат цол хүртэж байсан билээ.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг цувралаар танилцуулж байна.

Оройд нь дүнхийх мөнх цасаа жилийн дөрвөн улиралд гялалзуулж, огторгуйн чимэг мэт дүнхийх гоёмсог, эрхэмсэг уулыг Отгонтэнгэр гэдэг. Тэнгэрийн нэг хэсэг газарт буусан мэт сүрлэг учраас Отгонтэнгэр хэмээн нэрлэсэн болов уу гэмээр. Энэ цаст уулын түүх домгийг хүүрнэвэл нэлээд эртний улбаа хөөх бөгөөд галав юүлж, дэлхий усан далайгаар бүрхэгдсэн гурван тэрбум жилийн өмнө усан доороос Отгонтэнгэр хайрханы орой цухуйжээ. Ингэж Монголд анх эх газар үүссэн гэдэг домогтой.

Энэ тухай “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулсан байна. Өнө эртнээс цаст цагаан Очирваань хайрханыг монголчууд шүтэж мөргөж, хувь заяагаа даатгаж ирсэн түүхтэй. Хүн, байгалийн харилцан шүтэлцээний хамгийн утга учиртай холбоог цаст уулаа тахиж тайж ирсэн уламжлалт ёсноос мөн харж болно. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрханыг тахиж эхэлжээ.

Эртний Хятадын Тан улсын бичиг сударт манай эриний VII зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад Очирваань хайрханыг тахиж, рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан тухай дурдсан байдаг аж. Отгонтэнгэрийг 1818 оноос дархан цаазат уул болгож байжээ. 1911 оноос Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахиж, мөн “Халхын бишрэлт түшээ гүн” цол өргөмжилсөн түүхтэй. 1992 онд дархан цаазат уул болгон улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд төрийн тахилгатай болгох зарлиг гарч, түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа тахиж ирэв. 2015 онд Юнеско-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн байна.

Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 45 км-т, Улсын нийслэл Улаанбаатар хотоос 1000 км алслагдмал байх Отгонтэнгэр хайрхан үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар бөгөөд хамгийн халуун улиралд ч мөнх цастай орой нь дүнхийн цайвалзаж байх авай.

Монгол Улсын улаан номд орсон олон зүйлийн болон дэлхий дахинд устах аюулд ороод байгаа амьтан ургамлаар элбэг. Энэ бүс нутагт 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, зургаан зүйл нэн ховор ургамал ургана. Мөн вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур зэрэг 70 төрлийн эмийн ургамал ургадгийг судлаачид судлан тогтоожээ. Бор гөрөөс, буга согоо, аргаль, янгир гэхчилэн хангайн сүрлэг амьтад уулын асга хаданд сүрэглэн оршдог. Уул орчимд ан ав хийхийг цээрлэдэг учир амьтдын тоо толгой жилээс жилд үржин олширсоор байгаа ажээ. Завхан аймгийн Отгон сумын нутагт далайн түвшнээс дээш 4031 метр өндөрт орших Отгонтэнгэр хайрханыг 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөм тойрон мэлтийж байдаг.

Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц цогцлон байдаг билээ. Уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд уулын хархираа хүрхрээ ихтэй, түргэн урсгалт голуудын хамгийн том нь ар суганаас эх авч урсах Идэрийн гол.

Идэрийн гол хойд мөсөн далайн ай савд цутгах бол өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савыг сэлбэдэг юм. Уулын урд өврийн алдарт Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрлана. Хөлгүй их усан мандал Бадархундага нууранд монголчууд эртнээс хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөж иржээ. Отгонтэнгэр уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл, асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан оройн мөнх цас доороосоо шуугдсаар байгаа гэх ч зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг хэвээрээ. Отгонтэнгэр уулын эргэн тойронд 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанартайг нь аль XIII зууны үеэс олж мэджээ. Халуун рашаан бүхий Отгоны амралтанд Завхан аймгийн төдийгүй бусад аймаг, ОХУ, Тувагаас хүртэл хүмүүс ирж амарч сувилуулдаг.

Мөн Бага Отгонтэнгэр, Даянхайрхан, Хөх нуур, Бадархундага нуур, Ногоон нуур, Алтан элс зэрэг байгалийн нэн үзэсгэлэнтэй өвөрмөц тогтоц бүхий газар нутгаар баян. Даян хайрханыг мөргөлчдийн газар гэх бөгөөд жилд дунджаар 2000 орчим хүн очиж, Эндээс Отгонтэнгэр уул болон өндөр уулын бүсийн байгалийн сайхныг, холбоо нууруудыг харж болно.

Эдүгээ Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна. Уг хамгаалалтын захиргаа нь Отгонтэнгэр уулын хамгаалалтын менежментийг хариуцахаас гадна Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэр, Алдархаан сумдын хэсгийн 200.000 га талбайг, Улаагчины хар нуурын байгалийн цогцолборт газрын 253.300 га талбайг тус тус хариуцан хамгаалдаг.

Байгаль орчны сайдын 1994 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар анх байгуулагдсан уг хамгаалалтын захиргаа өнөөдөр дарга, дөрвөн мэргэжилтэн, есөн байгаль хамгаалагч, нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Уг хамгаалалтын захиргааны даргаар 11 жил ажиллаж байгаа Д.Батдэлгэр сүүлийн үед эко системийн өөрчлөлттэй холбоотойгоор байгаль хамгаалалд шинэ бэрхшээл тулгарч байгааг хэлсэн юм.

Том газар нутгийг цөөн хүн хамгаалдаг учраас байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай ажээ. Мөн тахилга тайлга болдог, уулчид ирдэг, сүүлийн үед аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул Отгонтэнгэр уулын дархан цаазат газрын хилийн цэс, аяллын маршрут дагуу тэмдэг тэмдэглэгээ хийх, тохижуулах хэрэгцээ байгаа юм.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол үзэсгэлэнт байгаль, анагаах ариун ид шидтэй бүхнийг олон хүнд хүртээх, их уулаа түшин байгаль дэлхийгээ хамгаалж байгаа нутгийн ард иргэдийн амьжиргааг тэтгэх зорилгоор Отгонтэнгэр хайрханыг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгохоор ажиллаж байна.

Цаст цагаан уулын домог өнө мөнх үргэлжлэх болтугай.

Т.Үлэмж

Categories
мэдээ цаг-үе

Манай хамтлаг 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй

“Guys” хамтлагийн ахлагч М.Мягмартай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим ертөнцөд нэлээд эрэлттэй байгаа “Байна уу ээжээ” дуу төрсөн түүхээс яриач. “Unitel”-ийн реклам гэж хараад байгаа?

-Хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уран бүтээл л дээ. Дууны үгийг Мөнхжаргал гээд манай уран бүтээлийн хамтрагч ах бичээд надад санал тавьсан. Уран бүтээл болгож чадахгүй яваад байсан юм. Сүүлд 2015 оны гуравдугаар сард Солонгос руу явж ирэхэд “Unitel” компани албан ёсоор энэ дуун дээр хамтран ажиллахаар болсон. Тэр даруй ажилдаа шаргуу орж нэг дуу хийсэн ч тэр нь хөгжмийн урсгалын хувьд жаахан таагүй болчихоод дахин ажиллаад одоо яваад байгаа дууг гаргасан л даа. Тавдугаар сарын 28-нд нээлтээ хийж, олон нийтэд сонсгосон.

-Хамтарч дуулсан бүсгүйнхээ талаар яриач?

-Монгол модель агентлагт харьяалагддаг загвар өмсөгч Сарнай гэдэг бүсгүй бий. Гэр бүлийн талдаа урлагийн хүмүүс их байдаг юм билээ. Тэр утгаараа урлагт их дуртай байсан. Нэгдүгээрт, залуу уран бүтээлчийг дэмжсэн. Хоёрт, миний хоолойны өнгөтэй нийцэх хоолой ховор байсан.

-Дуугаа дуулахдаа ээжийнхээ талаар их бодсон уу. Ээжийнхээ талаар яриач?

-Би 1996 онд ээжийгээ тэнгэрийн оронд алдчихсан хүн. Газарт нэг хүн ээжгүй болж, тэнгэр нэг ээжтэй болсон. Урлагийн замд орсон ч ээжийнхээ ачийг хариулах ямар нэг зүйл хийж байгаагүй юм. “Байна уу ээжээ” дуу ээждээ зориулж хийж байгаа анхны уран бүтээл. Тэр утгаараа маш их сэтгэл хөдөлж байсан. Хоолойгоо бичүүлж байхдаа найзтайгаа компьютерийн наана, цаанаас харж уйлж байж бичүүлсэн. Яг тэр нулимстай хэсгийн дублүүд нь дууны хэсэгт орчихсон явж байгаа. Уран бүтээл хамрах цар хүрээний хувьд нийт хүмүүсийн ээжид зориулсан. Ээжтэй болон ээжгүй хүмүүст ч таалагдах ёстой гэдэг үүднээс ганцхан хүний үзэл бодол байгаад байж таарахгүй. Энэ дуунд маш олон хүний үзэл бодол, төлөөлөл үгнүүд бий. Тэрийг сонсоод нээрээ би ингэдэг. Манай эгч яг ингэж ярьдаг гэж олон хүн хэлсэн. Дууны уран бүтээл дээр яривал миний ярианы өнгө, дууны өнгийг янз бүрийн байдлаар гаргасан.

-Жүжигчин хүний хувьд таныг “Ану хатан” киноны Галдан Бошгот хааны дүрээр чинь андахгүй. Энэ кинонд тоглосон тухайгаа яриач. Яаж сонгогдож байв?

-Киноны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн надад тавьсан санал. Уг нь би өөр дүрд тоглохоор болчихсон байсан. Сахлаа ургуулчихсан байсан болохоор бэлэн ургачихсан сахалтай байгаа дээрээ яагаад түүхэн кинонд тоглож болохгүй гэж гэж бодоод саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэр дүр дээрээ ажиллагаа хийгээд явж байсан чинь зураг авалт эхлэхээс 14 хоногийн өмнө Галдан Бошгот хааны дүрийг санал болгосон. Тухайн үедээ их айж, эмээсэн. Тийм том дүр дээр миний хувьд бэлдэх цаг цав бага байсан. Надад өөрийгөө бэлдэх хугацаа хэрэгтэй байсан ч 14 хоногийн дараа зураг авалт эхлэх гээд байна гэдэг миний хувьд нэлээд авцалдахааргүй байсан л даа. Шахуу хугацаанд энэ дүрийг авч ажилласан. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, найз нарынхаа түшиг тулгуурт найдсан. Өөрөө бас нэлээд том үүрэг хариуцлага үүрсэн. Урт хугацааг хамарсан зураг авалт байсан болохоор дүрдээ уусч, ажиллаж байгаад орсон л доо.

-Түүхэн кинонд дүр бүтээх ямар байв?

-Сайхан шүү. Уран бүтээлчийн хувьд түүхэн кинонд тоглох их сайхан. Би гэртээ ирж унтахдаа XXI зуунд эхнэр хүүхэдтэйгээ байна. Өглөө XXI зуунд сэрнэ. Ажилдаа гараад ажлынхаа салбарт очихоор би XIII зуунд орчихож байгаа юм. 24-хөн цагийн дотор хоёр зуунаар дамжаад байхаар сонирхолтой. Зураг авалтынхаа талбай дээр очингуутаа би дээл хувцсаа өмсөнө. Хоорондоо ярьж байгаа үг харилцаа болгон өөр. Натурт байгаа бүх хүмүүс намайг “Хаантаан” гэж дууддаг байсан юм. Хоёр зуунаар дамжиж байна гэдэг сайхан. Мэдээж хэцүү зүйл байлгүй яахав. Гэхдээ би хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байдлаар нь харах дуртай. Хүн албатай юм шиг ажиллачихаад хүнд хэцүү байсан гэж ярихад би дургүй. Яагаад гэвэл анхнаасаа цаг зав гаргаж сонгосон учраас би илүү дурладаг. Аливаа юмны хэцүүг олж харж тэрэндээ шантраад явж болохгүй.

-Та бизнес эрхэлж байна уу. Фенүүд дунд чинь та нарыг юу хийгээд алга болчихов гэсэн хүлээлт үүсээд байна уу даа?

-Уран бүтээл дээрээ л ажиллаж байна. Уран бүтээл гэдэг өнөөдөр хийчихээд маргааш цацахдаа чухал биш. Багаар ажиллана. Тэгж хийхийн тулд их төлөвлөгөө зарцуулна. Бид хийсэн ажлаа “Guys official” page дээр тайлагнаад бичдэг. Тэрийг олж хараагүй хүмүүс биднийг зүгээр суугаад байна гэж хардаг. Гэтэл бид ажиллаад л байгаа. Шинэ жилээр завгүй ажилтай байж байгаад он гарсны дараа хосуудын баярт зориулж хоёрдугаар сарын 14-нд “Хайрын бүжиг” тоглолтоо хийсэн. Тоглолтоо дуусгаад нэг хоног амарчихаад Солонгос явж тоглосон. Сөүлд тоглоод Бусанд тоглоод эргээд үзэгчдийн хүсэлтээр Сөүлд буцаж ирж тоглосон. Мөн тавдугаар сард Япон руу явсан. Хаврын баярт нь оролцчихоод ирсэн юм. Дараахан нь АНУ явахаар болсон ч жаахан хойшилчихсон байгаа. Сая Эрдэнэт хотод 6000-8000 хүнийг хамарсан стадионы тоглолтоо хийчихээд ирсэн. Одоо орон нутгаар ажиллана. Дараагийн тоглох газраа тодорхой болгох гээд ажиллаж байна. Маш завгүй ажиллаж байгаа учраас энэ хооронд бизнес хийх ямар ч зав чөлөө байхгүй. Фенүүддээ битгий хэл гэр бүлдээ ч олдох завгүй ажиллаж байна. Хийж байгаа зүйл маань хүний нүдэнд ил биш байгаа байх л даа.

-Гадаадад тоглолт хийхэд хүмүүсийн хүлээлт хэр их байна?

-2006 оноос “Зун орсон цас” гэж мюзикл тоглолт хийснээс хойш тоглолт хийгээгүй есөн жил өнгөрсөн байна. Есөн жилийн хугацаа гэдэг “Guys” хамтлагийн дууг мэддэг хүний хувьд асар их хүлээлт. “Guys” хэрвээ тогловол үзнэ гэсэн хүлээлт Монгол оронд төдийгүй гадаадад ч их байдаг. Нөгөө талаасаа киноны уран бүтээл. 2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг дандаа аялан тоглолтын жил болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Энэ жилдээ Монгол орондоо төдийгүй гадаадад байгаа монголчуудтайгаа уулзахаар төлөвлөсөн.

2008 онд “Тэнгис” кино театр гээд ганцхан кино театртай байхад “Сайн уу амьдрал минь” кино киноны хөгжлийн түвшинд нэг шат ахих зүйл хийж байсан. Гурвалсан үйл явдлын хэлхээг үзүүлж, киноны маркетинг продакшны ажлыг илүү шат ахисан түвшинд оруулсан. Одоо эргээд харахад кинонууд тэр зарчмаар ажиллаж байна. Official постерууд байх ёстойг мэдсэн байна. Анх зүгээр нэг плакат наадаг байсан ш дээ. Манайхан анх Official постер гаргаснаас хойш кинонууд тэр зарчмаар л ажиллаж байна. 2016 онд техник технологийн хувьд ч юм уу, хамрах хүрээний хувьд шинэ ахиц гарахаар кино хийнэ. Өнөө маргаашийн дэлгэцийн уран бүтээлийг хэдэн хүн үзсэн гэсэн статистик хардаг киноны түвшинд биш гадаад зах зээлийн кино хийхээр зорьж ажиллаж байна. Одооноос хамтарч ажиллах багаа бүрдүүлээд, зохиолоо судалж ажиллаж байна. Хэр зэрэг холыг зорьж байна, тэр хэмжээндээ илүү эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг учраас одооноос киноныхоо ирээдүйг харж ажиллаж байна. Бид тодорхой хугацаанд өөрсдийн төлөвлөгөөг гаргачихсан байдаг. 2017 онд “Gyus” хамтлагийн 20 жилийн ой болох гэж байна. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж байгаа учраас дундуур нь ямар нэг ажил хийх боломж байхгүй.

-Бага насаа дурсаач. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага, дээрээ хоёр эгчтэй. Аав, ээжийн хайранд өсөж торнисон үе бий. Гэхдээ намайг шилжилтийн нас буюу бие хүн болж төлөвших үед ардчилал гараад картанд ороод эхэлсэн. Тэр үед нийгэм нь тийм байхад эрхлэх завгүй л байсан үе. Илүү их биеэ дааж, өөрийгөө олж хардаг юм билээ. Талхыг хоногт талоноор, хүнсний хэрэглээг картаар өгдөг байсан. Маргаашийнхаа ажлыг яая даа гэж байхад юун хүүхэд эрхлүүлэх л биз дээ. Тийм болохоор би шалгууртай нийгэмд хэрсүүжиж өссөн хүүхэд гэж өөрийгөө ойлгодог.

-Яагаад СУИС-д орсон юм бэ?

-Урлагт дуртай, илүү их сонирхолтой хүүхэд байсан. Кино үзэх, уран зохиолын ном унших дуртай. Уран зохиолын ном уншихаар өөрөө жүжигчин нь болоод, найруулагч нь болоод л явчихна ш дээ. Тэр үүднээсээ тэр сэтгэхүй нь хөгжчихсөн хүүхэд урлагт илүү дуртай байсан. Уншсан зохиол маань кино болж гарвал миний төсөөлж байснаас хэр өөрчлөгдсөн байна гэж хардаг. Энэ мэтчилэн сонирхол нь урлаг тал руугаа явчихсан байсан.

1997 онд улсын сургуульд орно гэдэг тэр болгон хүүхдүүдийн хийж чаддаг зүйл биш байлаа. Аав ээжүүдийн хувьд ч ямар мэргэжил сонгох нь гол биш улсын сургууль илүү байсан үе. Тэр үед улс, хувийн сургуулийн ялгаа хурцаар тавигдаж байсан. Тухайн үед 1997 онд МУСУИС-д элсэн орж аавыгаа баярлуулж байлаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Хоёр ой гарантай нэг хүүтэй. Гэргий маань бизнесийн эдийн засгийн салбарын хүн. Урлаг өөрөө маш их цаг хугацаа гаргадаг мэргэжил. Тиймээс нэгэн биеийн нөгөө тал нь цаг хугацааны талд бас их өгөгдөлтэй хүн байхгүй бол болохгүй ш дээ. Хоёр сэтгэл нэг болоод явахаар дундуураа дүүргээд л явах юм.

-Одоо “Guys” хамтлагийг хэдэн насныхан сонсож байна?

-18-45 насныхан байдаг. Энэ нь нэлээд том цар хүрээ шүү. Одоогийн 18 настай хүүхдүүд биднийг жүжигчин ах нар гэж хараад байдаг. Жүжигчин ах нар нь хамтлаг болоод гараад ирэхээр та энэ дууг дуулдаг байсан юм уу гэдэг. Манай ах, эгч нар намайг бага байхад энийг дуулдаг байсан гэдэг. Энэ үүднээсээ 18-аас дээш насныхныг хамраад байна. Одоо “Guys” хамтлагийн сонсогчид харьцангуй залуужиж байна. Нөгөө талаас бидний нэг үеийнхэн байна. Бидэнтэй адил нас нэмээд л яваад байгаа. Энэ хүмүүс нийгэмд эзлэх байр суурьтай, эрхэлсэн ажилтай, төлбөрийн чадвартай болоод ирэхээр бидэнд айгаад байх зүйлгүй болчихож байгаа юм. Эргээд уран бүтээл хийхэд бидэнд санхүүжилт байхгүй, хүн үзэх болов уу гэсэн айдас байхгүй. Тэр хүмүүс маань багаасаа сонссон хамтлагаа санхүүжүүлээд эхэлж байгаа юм. Манай CD одоо HIFI re­cords-д шилдэг борлуулалттай CD-ны хоёрт жагсдаг. Энэ чинь үнэнч фенүүдийн чадамжийн асуудал.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Бодсон ажил байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн 18 жилийн турш гаргасан уран бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана. Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл хийнэ. Манай хамтлагийн хувьд 18 жилийн түүхэнд хүнээс үг, ая авч байгаагүй. Өөрсдийнхөө уран бүтээлийг өөрсдөө хийдэг хамтлаг. Тиймээс энэ удаад ч тэр зарчмаараа ажиллаж байгаа. Бид уран бүтээлээрээ оюуны өмчийн зохиогчийн эрхийн дагуу 100 хувийн баялаг бүтээгч нар болно. Өөрсдийн оюуны бүтээлийн эрхийг хамгаалах эрх бүхий хүмүүс.

Бусад уран бүтээлчид хүмүүсээр ая зохиолгоод, үгээ бичүүлээд өөрөө дуулахаар нэг дуу гурван эзэнтэй болж байна гэсэн үг. Энэ нь оюуны өмчийн эрх дээр саад болдог. Дуучин, ая зохиогч, шүлэг бичсэн хүн аль нь дууныхаа эрхийг авах вэ гэдэг асуудал гардаг. Тэгэхээр бид ямар ч цаг үед зөвшөөрөгдөх өөрсдийн гэсэн уран бүтээл хийдэг. Клипнийхээ зохиолыг ч бас өөрсдөө гаргах жишээтэй. Уран бүтээлийн хувьд илүү даацтай гэсэн үг л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын талбайн хуушуурын асруудад газ хэрэглүүлэхээр шийдвэрлэсэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Хуурамч цагаан будаа орж ирсэн тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна. Энэ талаар танайд мэдээлэл байна уу?

-Хуурамч цагаан будааны талаар яг манай байгууллагад албан ёсоор ирсэн мэдээлэл алга. Фэйсбүүк хуудсуудаар хоёр, гурван хүн тийм мэдээлэл тавьсан байна билээ. Түүнд бид хандаж мэдээллийн эх үүсвэрийг нь олох гэж үзсэн. Олдохгүй байгаа. Ерөнхийдөө манай байгууллагад иргэд энэ цагаан будаа хуурамч байна, шаардлага хангахгүй байна гэж хандаж байна л даа. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өчигдөр (уржигдар) нэг гомдол ирсэн.

Уг гомдлын дагуу тухайн будаанаас нь дээж аваад лабораторид шилжүүлсэн байгаа. Лабораторийн шинжилгээний дүнг гарахаар олон нийтэд мэдээлнэ. Хуурамч мөн эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Учир нь үнэхээр хуурамч биш хадгалалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан будаа ч байж болно шүү дээ. Тэгэхээр лабораторийн шинжилгээний дүн гарсны дараагаар хуурамч эсэх нь мэдэгдэнэ.

-Энэ жил наадмаар хоолны үйлчилгээ үзүүлэх цэгүүд газ ашиглах юм байна?

-Наадмын талбайд 850 орчим цэг гарна. Тэд бараг бүгдээрээ л хоол үйлдвэрлэл явуулдаг. Цахилгааны хэрэглээ ихэссэнээр хүчдэл нэмэгдэж тог тасрах асуудал үүсэх нь бий. Тиймээс энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хуушуурын асруудад газ хэрэглүүлж үзье гэж шийдсэн юм билээ.

-Хийн баллоныг буруу хэрэглэвэл аюултай. Тэр тал дээр нь хэрхэн анхаарч байна вэ?

-Үүн дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар байнга хяналт тавьж ажиллана. Манайхаас газтай хэрхэн зөв харьцах вэ гэсэн зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжөө баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүмүүст тараана. Түүний дээр наадмын үеэр ажиллах худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зургаан дүүрэг дээр энэ сарын 7, 8 орчим сургалт зохион байгуулах юм. Сургалтаар газтай хэрхэн харьцах, яаж хадгалах вэ гэдгийг манай Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн мэргэшсэн байцаагчид заана. Мэдээж хэрэг тусгай зөвшөөрөлтэй газ оруулж ирдэг компаниудтай хамтарна. Тэд ч үйлчлүүлэгч нартаа бас зөвлөгөө өгөх юм.

-Наадамд танай байгууллага хэрхэн бэлдэж байна?

-Үндэсний их баяр наадам болж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр аюулгүй байдлын бэлтгэл ажлыг хангуулах, баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах вэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байна.

Эхний ээлжинд бид Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн усны дээжинд шинжилгээ хийсэн байгаа. Хүй долоон худагт байдаг таван худгаас дээж аваад лабораторид шинжлүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн дээр байгаа төвлөрсөн уснаас мөн дээж авсан байгаа.

Мөн баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа. Уг шалгалтын дүнг энэ сарын 10 гэхэд гаргана. Ер нь бол баяр наадмын үеэр хоол үйлдвэр үйлчилгээний 850 орчим газар ажиллах юм. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллагын 250 орчим улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Иргэддээ уриалахад баяр наадмын үеэр зөвшөөрөлтэй хүнсний цэгээс үйлчилгээ аваарай. Гар дээрээс худалдаа хийж байгаа хүмүүсээр битгий үйлчлүүлээрэй. Зөвшөөрөлгүй байна гэдэг чинь хаана, хэн, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ.

-Гар дээрээс худалдаа хийж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын өдрүүдэд байцаагчид байнга ажиллах юм. Хэрвээ зөвшөөрөлгүй шорлог, зайдас, хотдог гэх мэтчилэнгийн гар дээрх худалдаа байвал үйл ажиллагааг нь зогсооно. Бараа бүтээгдэхүүнийг нь устгах арга хэмжээ авна. Гар дээрх худалдаанаас нийтийг хамарсан хоолны хордлого ч гарах магадлалтай. Ер нь зөвшөөрөлгүй юм битгий зараачээ эдийн засгаараа хохирно шүү гэдгийг хэлмээр байна. Наадамтай холбоотойгоор зөвшөөрөлгүй барилга байгууламжийн ажил хийх нь ихэсдэг. Тиймээс иргэд баяр наадамтай холбоотой гомдол байвал манай 70128012 утсанд хандаж болно.

-Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хориглосон бараа худалдвал үйл ажиллагааг нь зогсоох уу?

-Тэр даруй үйл ажиллагааг нь зогсооно. Түүнчлэн архи согтууруулах ундаа, тамхи, эм гээд тусгай зөвшөөрөлтэй зарагддаг зүйлс байвал хурааж улсын орлого болгоно. Устгах ёстойг нь устгана. Мөн хүнсний зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг шаардана.

Манайхан гол төлөв наадмын талбайгаас гэртээ хуушуур аваачдаг. Ингэхдээ зориулалтын сав баглаа боодол авч яваарай гэж хэлмээр байна

Хоёрдогч түүхий эд болсон буюу шар, бор янз бүрийн өнгөтэй гялгар уутанд хийсэн зүйлсийг битгий хэрэглээрэй. Зориулалтын сав баглаа боодлоор үйлчлүүлээрэй гэж байгаа.

-Наадмаар ариун цэврийн газрууд ачаалал ихтэй байдаг. Энэ нь эрүүл ахуйн талдаа ямар байдаг бол?

-Төв цэнгэлдэх хүрээлэн өөрсдийн ариун цэврийн газруудаас гадна контейнер нойл тавьж байгаа юм билээ. Түүнчлэн Улаанбаатар нэгтгэл био нойл тавьж байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчимд нийт 119 бие засах газар ажиллана гэсэн мэдээ ирсэн. Энэ бол маш хүрэлцээгүй тоо. Эрүүл ахуйн талаасаа нэг бие засах газар 200 орчим хүн орвол болно гэсэн тооцоо бий.

Гэтэл наадамчид олноор цуглардаг газруудад хүрэлцээ муу байгаа. Жилийн жилд л бие засах газар хүрэлцээгүй байдаг. Нэмэгдүүлэх нь Төв цэнгэлдэх хүрээлэн компанийн асуудал болчихоод байгаа. Бид бие засах газраа нэмээрэй гэсэн шаардлага тавьсан. Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор ОНӨҮГ бие засах газрыг нэмсэн байналээ. Стандартын дагуу бие засах газар нь төвлөрсөн бохирт холбогдсон, усаа цэвэрлэдэг, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэх мэтчилэн шаардлага тавина л даа. Манайхаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ариун цэврийн газруудыг халдваргүйтүүлэх ажил хийж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН