Categories
мэдээ цаг-үе

Өсвөрийн барилдааны түрүү бөх улсын шонхор Энхжингийн Үнэнхүү

Өнөө жил монголчууд шинэ арслан цолтонтой болсон бол өсвөрийн бөхийн барилдаанд мөн улсын шонхор цолтон шинээр төрсөн билээ. Багаасаа үндэсний бөхөөр барилдаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумынхаа наадмын өсвөрийн барилдаанд 10 жил түрүүлсэн босоо “аварга” энэ жил төрийн наадамд анх зодоглосон юм. Түүний хувьд “Нас хэтэрч хасагдахаасаа өмнө ул сын н аад мын өсвөрийн барилдаанд заавал түрүүлнэ” гэсэн бодол тээсээр явсан нь хэдхэн хоногийн өмнө ийнхүү биеллээ оллоо. Э.Үнэнхүү жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд энэ жил жүдо бөхийн 81 кг-ын жинд идэрчүүдийн улсын аварга болоод байсан юм. Ирэх сарын 3-нд Югослав улсад хөшгөө нээх жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороон дээр Цэдэн-Ишийн Шийрэв багшийн удирдлага доор базааж байгаад улсынхаа наадамд түрүүлжээ. “Энэ жил барилдаад л өсвөрөөс хасагдах болохоор түрүүлнэ гэж барилдав уу” гэхэд “Яг ч түрүүлнэ гэж бодоогүй ээ. Үзээд алдъя гэж л бодсон. Болдог юм болдог л юм байна. Аав намайг “Бэлтгэл чинь сайн байна. Улсын наадамд түрүүлнэ” гэж хэлсэн юм гэв.

Энэ жилийн өсвөрийн барилдаанд тэрбээр долоо давж түрүүлсэн бөгөөд хамгийн хүнд учраа нь “Аварга” лицей сургуулийн Дашжамц гээд 140 гаруй кг жинтэй хүүхэд байсан тухай ярьсан. Бусад хүүхдүүд нь бол гайгүй байсан шүү гээд саравчтай малгайгаа оролдон сууна. Э.Үнэнхүүгийн хувьд жүдо бөхөөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 81 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байлаа.

Гуравдугаар ангиасаа буюу 2009 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд анх жүдо бөхийн секц хичээллэж эхлэхэд Батболд багш дээрээ ирж байжээ. Үүнээс өмнө 5-6 настай байхад нь аав нь хувиараа бэлтгэл хийлгэдэг байсан гэлээ. Харин бөхийн спортод эргэлт буцалтгүй хөтөлсөн хүн нь яалт ч үгүй Батболд багш нь.

Тэрбээр дээрээ нэг эгч, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй юм байна. Жүдогийн тэмцээнд ороод хүрэл медалиас атгаад алдах бүртээ өөрийгөө хурцалдаг байсан ч Зүүнхараа хотод болсон нэгэн тэмцээн дээр ах нартаа хожигдоод ерөөсөө л бөхийн спортыг орхиё, хичээлээ хийе хэмээн шантарч байсан гэнэ. Тэр үед аав нь “Миний хүү хоёр, гуравхан жил тэсчих. Чиний цаг үе ирнэ” гэж хэлээд бөхийн спортоос холдуулаагүй гэдэг.

Түүний өвөө нь нэгэнтээ “Чи бол Халхын цуутай бөх Вандан аваргын удмын хүүхэд шүү” гэдгийг нь хэлж байсан аж. Тэгэхээр Үнэнхүүгийн хувьд бөхийн удамтай тэр дундаа Лу гүний Вандан аваргын удмыг залган гарч ирж буй залуу бөх юм.

Үнэн хүүгийн аавыг Чойжилсүрэнгийн Энхжин гэдэг. Харин ээжийг нь Шагдарын Уранзаяа гэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын унаган хүүхэд. Тэд Зүүнхараа хотод амьдарч байгаад ханийнхаа нутгийг бараадан ажиллаж, хөдөлмөрлөхөөр Баянгол сум буюу Баруунхараад төвхнөсөн ажээ.

Түүнээс “Дархан мэх чинь юу вэ” гэхэд “Одоогоор дархан мэх гээд онцлох мэх байхгүй ээ. Бүх мэхээ жигд сурч байгаа. Баруун, зүүн хоёр талдаа барилдаж сурсан” гэсэн юм. Төрийнхөө их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлээд улсын шонхор цолны болзол хангачихаад байж байхдаа “Зорьсон мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо шүү, би” хэмээн цээж тэнэгэр зогсож байсан тухайгаа хуучиллаа.

Энхжингийн Үнэнхүү саяхан 16 нас хүрчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын дунд сургуульд сурдаг бөгөөд энэ намар арванхоёрдугаар ангид орно. Сургуулиа төгсөөд МУИС-д орж хуульч болох хүсэлтэй яваагаа нуусангүй. Аав ээж хоёр нь хөдөө ажилтай байж байгаад хүүгээ түрүүлэхийг телевизээр харж чадаагүй ч дараа нь давталтыг үзсэн гэнэ. Үнэнхүү өсвөрийн барилдаанд түрүүлээд тэр оройдоо Баруунхараа руу очиход ээж нь, хамаатнууд нь баяр хүргэж үнсээд сүйд болсон аж. Харин аав нь түрүүлээд ирсэн хүүдээ төдий л олон зүйл хэлээгүй гэнэ. Чи тэр барилдаан дээрээ тэгэх байсан юм, чи ингэж алдах дөхөж гээд шүүмжлэх маягтай угтжээ.

Энэ жил өсвөрийнхөө барилдаанд түрүүлсэн юм чинь удахгүй болох дэлхийн аваргадаа гайгүй орчих байх аа хэмээн инээмсэглэн суугаа 16-тай хүүгийн өмнө их ирээдүй бий дээ гэсэн бодол төрсөн юм.

“Шүтэж явдаг бөх бий юу” гэхэд “Шүтдэг бөх байхгүй ээ. Би шинэ аварга болж өөрийнхөө шүтээнийг босгохын төлөө барилдана гэж боддог. Харин А.Сүхбат аваргын барилдааныг үзэх дуртай. Ёстой уян барилддаг юм” гээд бахархан сууна. Бидний яриа товчхондоо энэ хүрээд өндөрлөсөн. “Дэлхийн аваргадаа яваад алтан медаль хүртээд ирээрэй. Бахтай сайхан ярилцлага хийе” гэхэд “Тэгье ээ, ахаа. Дүү нь хичээнээ” гэсээр ахынх руугаа явахаар Дарь-Эхийн унаанд сууж одсон юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Аяны майхан дөрвөн хүнийх нь 250 мянган төгрөгийн үнэтэй байна

-АЯЛЛЫН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ХЯМДРАЛТАЙ, БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА ЭХЭЛЖЭЭ-

Монголчуудын их амралтын цаг эхэлж байна. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хөдөө явж амрах гэж буй хүмүүст зориулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон аяллын дэлгүүрээр орлоо. “Зуны зугаатай өдрүүд-2015” аяллын хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд болж байна. Энд майхан, асар, аяны хөнжлөөс эхлээд аялалд хэрэгтэй бүхнийг нэг дор худалдаалж байв. Майхан л гэхэд хаана үйлдвэрлэсэн, хэдэн хүнийх гэдгээс хамааран олон сонголттой. Хонконгт үйлдвэрлэсэн, дөрвөөс зургаан хүний майхан 250-620 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Солонгосынх мөртлөө 2-4 хүн хонож болохоор майхан 150-300 мянган төгрөгийн хооронд байсан. Анзаараад байхад энэ зун худалдаанд гарч буй ихэнх майхнууд тусдаа тасалгаатай, сүүдрэвчтэй байна лээ. Хоёр хүнийх ч бай унтлагын хэсэг тусдаа, үүд хэсэгтээ сүүдрэвчтэй ажээ. Үргэлж биш, тусдаа тасалгаатай ийм майхан зуны халуунд сэрүүхэн байдаг гэнэ. Бас хоёр талдаа цонхтой бол салхи нэвт үлээдэг учраас агаарын солилцоо сайн явагддаг гэж борлуулагч нар зөвлөв. Ер нь майхан худалдаж авах гэж байгаа хүмүүс хоёр талдаа цонхтой, шалтайг сонгоорой гэж байсан. Худалдан авагчид сүүдрэвчтэй майхан авбал барихад хэцүү байдаг гэж боддог хэдий ч сүүлийн үеийн ямар ч майханг хоёр хүн хамжаад таван минутад л босгохоор ажээ. Аагим халуунд майхнаа сэрүүхэн байлгая гэвэл голоос нь ууттай ус зүүчихэд сэрүү татаад сайхан байдаг гэнэ. Бас тодорхой хэмжээгээр агаарыг чийгшүүлдэг болохоор бага насны хүүхэдтэй аялж яваа хүмүүс санаж явахад илүүдэхгүй гэж байлаа. Иймэрхүү зөвлөгөөг майхан зарж байгаа хүмүүс харамгүй өгч байв.

Эндхийн үзэсгэлэн худалдаан дээр майхнаас гадна асар байна лээ. Аялал, зугаалгаар яваа хүмүүс асар сонирхдог болсон гэнэ. Гол, нуурын эрэг дээр олон хоног амрах гэж байгаа бол дундаж хэмжээтэй асартай байхад нарнаас айлтгүй. Асар хэмжээ болон өнгө, хээнээсээ хамаарч 280 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна лээ. Өлзий хээтэй, хөх эрээн асар 1.2 сая төгрөг гэж байсан. Нутагтаа наадам зохиох гэж байгаа болон олон хүн цугларсан нийтийн арга хэмжээнд хэрэглэж болох ажээ. Ийм асарт дор хаяж 20 хүн элбэг багтахаар юм билээ. Түүнээс арай багахан шиг буюу 10-15 хүний асар 750 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв гэр бүлээрээ амрах гэж байгаа бол 5-10 хүнд зориулсан сүүдрэвч сонгож болно. Сүүдрэвчүүд 80-320 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Аян замд хэрэгтэй бусад хэрэглэл болох аяны хөнжил 80 мянга, сандал дөрвөн хос нь 60 мянга, эвхэгддэг ширээ 35 мянга, хийлдэг гудас 25-80 мянган төгрөгийн үнэтэй байв.

Улсын их дэлгүүрийн гуравдугаар давхарт байрлах “Аянчин аутфиттерс” дэлгүүрээр орлоо. Эднийх Монголын анхны аяллын дэлгүүрүүдийн нэг. Бусдаасаа ялгарах онцлог нь ан агнуур, загасчлал, уулын аялал зэрэг аяллын олон төрлийн хувцас, хэрэглэл худалддаг. Бас “Columbia sportswear”, “MountainHardwear”, “Merrel”, “CAT” брэндийг борлуулах албан ёсны эрхтэй. Тэгэхээр эдгээр брэндийн барааг харьцангуй хямд үнээр авч болно гэсэн үг. “Browning” брэндийн майхан 189-399 мянган төгрөгийн хооронд байна лээ. Хоёр хүнийх нь 189 мянга, 4-6 хүнийх 399 мянган төгрөг гэж байсан. Эднийд зарж байгаа майхнууд борооны ус нэвтрүүлэхгүй, ямар ч салхинд хийсэхгүй давуу талтай гэж байв. Бас барихад маш амархан байдлаараа давуу талтай гэсэн. Аяны хөнжил буюу мешок хоёр хүнийх нь 460-590 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус дэлгүүрээс ууланд алхахад зориулсан гутал, усны хувцас, загас агнуурын хэрэгсэл тэргүүтэй аялалд хэрэгтэй ихэнх зүйлээ базааж болохоор юм байна лээ. Аяллын дэлгүүрүүд дундаа боломжийн үнэтэйд тооцогдож байгаа нь “Аяны дэлгүүр”. Ардын эрхийн хажууханд байх уг дэлгүүр онлайнаар худалдаа хийдэг давуу талтай. Хүсвэл худалдаж авах бараагаа дэлгүүр дээрээс нь очиж үзээд интернэтээр захиалж болно. Хотын аль ч хэсэгт нэмэлт төлбөргүйгээр хүргээд өгчихдөг болохоор овор ихтэй бараа авахаар төлөвлөж байгаа хүмүүст хэрэгтэй байж магадгүй юм. Эднийд бусад аяллын дэлгүүрийн нэгэн адил зугаалгаар явахад хэрэгтэй бүхэн бий. Герман, Солонгос, Хятадад үйлдвэрлэсэн майхнууд өргөн сонголттой байна лээ. 2-3 хүнийх нь 120-230 мянга, 3-5 хүнийх 130-300 мянга, 6-8 хүнийх 250-600 мянган төгрөгийн үнэтэй. Дээрх үнэ бүгд үндэсний их баяр наадамд зориулж хямдарсан байгаа нь гэсэн. Бас баяр наадмын бэлэгтэй худалдаа үргэлжилж байгаа юм байна лээ. Зургаан хүний майхан авбал аяны хөнжил өгөх жишээтэй.Тайваний үйлдвэрийн хийлдэг завь хоёр болон дөрвөн хүнийх гэж бий. Хоёр хүнийх нь 180 мянга, дөрвөн хүнийх нь 290 мянган төгрөг. Хийлдэг завь авбал сэлүүр, насос нь дагалдаж ирнэ гэнэ. Үүн дээрээ нэмээд баяр наадмын урамшуулал болгон хоёр ширхэг аврах хантааз өгч байгаа юм байна. Хийлдэг завинаас гадна хийлдэг гудас өргөн, нарийн янз бүрийн сонголттой байсан. Хүүхдүүд болон өндөр настнаа дагуулан аялах гэж байгаа бол нэг хийлдэг гудас авчихад гэмгүй. Ийм гудастай байхад доороосоо чийгэнд цохиулна гэж айлтгүй гэсэн. Майхандаа дэвсэж унтахаас гадна машин дотроо тавьбал гэртээ орон дээрээ унтаж байгаа мэт тав тухыг мэдрүүлэх ажээ. Сүүлийн үеийн хийлдэг завь, гудас зэргийг сайн чанарын материалаар хийдэг болсон болохоор хэр баргийн үзүүртэй зүйлийг тэсээд гарч чадахаар болсон гэнэ. Мөн олон хоног аялал зугаалгаар явах гэж байгаа хүмүүст зориулан аяны хөргөгч зарж байв. Хонины өрөөл мах элбэг багтахаар хөргөгч 250 мянган төгрөгийн үнэтэй. Сайн хөлдөөсөн махыг уг хөргөгчинд нэг хийсэн байхад тав хоногтоо гэсэхгүй гэж байна лээ. Хөргөгчнөөс гадна газан плитка 39 мянга, аяны үүргэвч 80 мянга, мах шарагч 250 мянга, дөрвөн сандалтай эвхдэг ширээ 120 мянган төгрөгийн үнэтэй байсан.

Ихэнх аяллын дэлгүүрүүд үндэсний их баяр наадамд зориулан 10-30 хувийн хямдрал зарласан байгаа болохоор наймдугаар сарын 1-нээс өмнө хэрэгтэй зүйлээ авах боломжтой байгаа юм байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ

-“Таван хүний амь яригдаж байхад мэдээ хҮлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан”-

Алтай таван богдод авирч байсан таван иргэн харамсалтайгаар амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Онцгой байдлынхан талийгаачдын шарилыг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирсан юм. Цаг агаар муу, бороотой байсан учраас нисдэг тэрэг Баянхонгор аймагт хэсэг саатжээ.

Талийгаачид Хүйтний оргил орчимд осгож нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Туршлагатай уулчид үүнийг тайлбарлахдаа “Онцгойгийнхон тэднийг дурангаар харж олсон гэсэн. Ил харагдаж байсныг бодоход нэг олсонд явсан багийнхан ангал руу унаж амиа алдаагүй. Мөн цасан нурангид ч дарагдаагүй. Ангал руу уналаа гэхэд бүгд өндөрлөг газар гарч ирсэн байна. Цаг алдалгүй хайсан бол талийгаачдыг эсэн мэнд олох боломж байсан. Эрлийнхэн цаг алдсан учраас тэр хүмүүс осгож амиа алдсан гэж таамаглаж байгаа юм.

Уулчид маш тэвчээртэй хүмүүс байдаг. Бага зэргийн гэмтлийг даагаад яваад байх чадвартай. Хэд хоногийн өл даах ч тэвчээртэй. Гурван хоногийн дараа тэдний цогцсыг оллоо шүү дээ. Тэгэхээр амь тавьтлаа эрлийн багийнхныг хүлээж, маш их зовсон байх. Үнэхээр харамсалтай байна. Туршлагатай, Монголд нэр алдартай уулчдын дэргэд явж байгаад амиа алдсанд, эрлийнхэн цаг алдсанд харамсаад барахгүй юм” гэлээ.

Наадмын өдрүүдэд Алтай таван богд руу авирах аялалыг “Mongolia expeditions” компани зохион байгуулсан. Гэхдээ тус компанийн захирал С.Алдархишиг “Манайхаас зохион байгуулсан, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 гаруй хүн бүртгүүлж авиралтад оролцсон. Тэнд манай багаас гадна Эрдэнэтийн баг, оросууд, судлаачдын баг очсон байсан. Сураггүй болсон хүмүүс манай багт бүртгэлгүй. Хамгийн гол нь тэд нэг олсноос бэхлэгдсэн, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэж мэдэгдсэн юм. Харин талийгаачдын ар гэрийнхэн, дотны хүмүүс нь Алтай таван богд руу аялуулах зар түгээж, хүмүүсийг уриалсан компанид гомдолтой байгаа бөгөөд, эрсдэлтэй замд зохион байгуулалтгүй олон хүнийг авч явсан гэж үзэж байгаа аж.

Тэд facebook дэх зараар нэгджээ

“Mongolia expeditions” аялал жуулчлалын компани өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр facebook-ээр Алтай таван богдод аялах аялал зохион байгуулж байгаагаа зарлаж, аялагчдыг нэгдэхийг уриалж эхэлжээ. Анх Алтай таван богдын Хүйтний оргилд Оросын мөсөн гол судлаач, уулчин ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов нар 1915 оны долдугаар сарын 12-нд гарч байсан түүхтэй. Үүнийг Алтай таван богдод уулчин гарсны 100 жилийн ой гэж үзэж, тус компани аялал зохион байгуулахаар болжээ. “Mongolia expeditions” компани уулын авиралтыг 2006 оноос хойш зохион байгуулж, 200 гаруй уулчдыг аялуулж байсан түүхтэй. Алтай таван богдод хүн авирсны 100 жилийн ойд зориулсан аялал энэ сарын 8-15-ныг хүртэл үргэлжилжээ. Аяллын үнэ 720 мянган төгрөг бөгөөд энэ дүнд Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн онгоцны тасалбарын үнэ ороогүй аж.

Хүйтний оргилд уулчид аялах зараар талийгаачид нэгдэж, нэг баг болохоор ярилцсан талаар дотны хүмүүс нь ярьсан. Тэд аялал зохион байгуулагчидтай холбогдож, мэдээлэл авч байгаад нэг өдөр явсан гэнэ. Талийгаачдын гурав нь сайн танилууд бөгөөд өмнө нь хамт ууланд авирч, аялж байжээ. Харин хоёр нь уулын аялал сонирхдог бөгөөд, сонирхлынхоо дагуу нэгджээ. Талийгаачид энэ сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс Цэнгэл сумын Хар-Уул багийн нутаг Алтай таван богд руу хөдөлжээ. 200 гаруй км замыг туулж, Цагаан гол орчимд хоноглосон байна. Маргааш нь Таван богд уулын бааз руу явган аялжээ. Тэр өдрөө далайн түвшнээс дээш гурван мянга орчим метрийн өндөрт гарсан талаар хамт явсан уулчдын нэг нь ярьсан юм. Долдугаар сарын 10-ны өдөр уулчид далайн түвшнээс дээш 4050 метрийн өндөрт Малчин оргилд гараад отог руугаа буцжээ. Ингэхдээ тэд Хоног толгойд буюу 3600 орчим метрийн өндөрт хоножээ. Маргааш нь Хүйтний оргил руу хойд талаас нь авирсан байна. Хүйтний оргил дээр Алтай таван богд руу авирсан бүх хүмүүс цуглаж, амарсан бөгөөд буцах замд нэг олсонд холбоотой явсан таван хүн сураггүй болсон байна. Тэдний нэг нь унаж, хоёр эмэгтэй хүн орилохыг Эрдэнэтийн багт явсан уулчин сонссон аж. Түүнийг шокын байдалтай байгааг эх сурвалж хэлсэн юм.

Уулчид сураггүй болсон талаар “Mongolia expedi­tions” компанийн багийнхан отогтоо ирээд мэджээ. Өглөө нь гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид эрэлд гарсан ч сураггүй болсон хүмүүсийг олоогүй аж. Улмаар энэ сарын 12-ны 02.35 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хэл дуулгажээ. Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Хилийн 0285 дугаар ангийн дөрвөн алба хаагч, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 15 хүн, гурван машинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг энэ сарын 13-наас эхлүүлжээ. Эрлийн баг энэ сарын 14-ний орой Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон бөгөөд маргааш нь нисдэг тэргээр Өлгий хотод авчирчээ.

Талийгаачдын нэг нь уулын спортын зэрэгтэй байжээ

Алтай таван богдод сураггүй болж, эндсэн таван хүний гурав нь ууланд авирч байсан туршлагатай байжээ. Тэднийг “Эрүүл монгол-хайкинг” клубын гишүүн Д.Гомбосүрэн ахалж явсан аж. Тэрээр 37 настай. Уулын спортын хоёрдугаар зэрэгтэй тэрбээр өмнө нь Сутай, Цамбагарав хайрхан, Алтай таван богдод авирч байжээ.

Түүнтэй хамт явсан О.Гантөмөр 49 настай. Сүхбаатар аймгийн Тохижилт үйлчилгээний нэгтгэлд ажилладаг байжээ. Дугуйн спортоор хичээллэдэг тэрбээр сонирхлоороо дотоодын хэд хэдэн ууланд авирч байсныг эх сурвалж хэлсэн юм.

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэг нь Б.Долгорханд. 57 настай тэрээр явган аяллын клубыг ахалдаг байжээ. 2011 онд явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэрээр цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний ахалж байсан клубт цэргийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг бөгөөд жилд хоёроос гурван удаа уртын явган аялал зохион байгуулдаг аж.

Тэдэнтэй хамт явсан 21, 48 настай хоёр иргэн анх удаа ууланд аялж явсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

“Тэр ӨндӨрт, цасан дунд хэр удаан Үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…”

Талийгаачдын нэгийнх нь ар гэрийнхэнтэй холбогдож ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

-Бид хүнээ хүлээж аваагүй байна. Цаг агаараас шалтгаалж нисдэг тэрэг нь саатсан гэнэ. Үнэхээр юу ярьж, хэнд хандахаа мэдэхгүй байна. Шарилыг нь хараагүй болохоор ямар байдалтай нас барсныг нь ч таамаглаж чадахгүй юм. Тэр өндөрт, цасан дунд хэр удаан үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…

-Алтай таван богд руу авирахаар явах гэж байгааг нь хэзээ мэдсэн бэ. Хамт явах хүмүүсийнх нь талаар асууж, судалсан болов уу?

-Гэнэт л шийдчихсэн байсан. Алтай таван богдод хүн авиралт хийсний 100 жилийн ойн аялал зохион байгуулах талаар уулын спорт сонирхогчид бүгд шахам мэдэж байсан. Аяллын компани нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа гэж найдчихсан байсан юм. Гэтэл “Mongolia expeditions” компанийн захирал мөнгөө өгсөн арваад хүмүүсийг л хариуцаж явсан гэсэн утгаар ярьж байна лээ. Нэг хүнээс 1.5 сая орчим төгрөг авсан гэсэн. Тэр багт нь ороогүй ч хамт явсан хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан бол гай тохиохгүй байсан болов уу гэж бодох юм. Миний сонссоноор 20-иод хүн л явсан юм билээ. “Mon­golia expeditions” компанийн багт гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, уулчин С.Бат-Эрдэнэ гээд туршлагатай хүмүүс явсан байна лээ. Нэгэнт л ой гэж нэгдсэн журмаар явж байгаагийнх явж болох, болохгүй газрыг нь тэмдэглээд бүх хүнийг зохион байгуулалтад оруулчих боломж байсан. Гэтэл “Зөвхөн мөнгө өгсөн нь манайх” гэдэг хандлагаар хандсан бололтой юм.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Сүлжээтэй газраас ярьж байсан. Хамгийн сүүлд “Малчин оргил дээрээс энерги дамжуулж байна шүү. Энерги тосоод аваарай” гээд инээгээд ярьж байсан. Тэр яриа нь одоо ч сонсогдоод байх юм. Тэгж яриад л сураггүй болсон.

-Онцгойгийнхонд мэдэгдэхээс өмнө уулчид бас эрэлд гарсан байна лээ?

-Нэг өдөр хайгаад, шөнө нь онцгойгийнхонд мэдэгдсэн гэсэн. Эрдэнэтийн багийн уулчдын төгсгөлд явсан эмэгтэй талийгаачдын нэгийг унахыг харсан гэсэн. Мөн хоёр эмэгтэй орилохыг сонссон гэсэн. Тэр даруйдаа тэнд байсан хүмүүс буцаад хайсан бол яах ч байсан юм билээ. Тэр дороо яагаад буцаагүй юм бол гээд сураглахаар “Шуургатай байсан учраас буцах боломж байгаагүй” гэж ярьсан гэсэн. Гэтэл тэр эмэгтэй харсныг бодоход нүдгүй шуураагүй байх. Алтай таван богд руу авирсан уулчид “Бид түрүүлээд буучихсан. Тэд уулан дээр удсан учраас биднээс хоцорсон” гэж ярьж байна гэсэн. Орой отогтоо цугласны дараа таван хүн байхгүй байгааг мэдээд өглөө нь эрэлд гарсан бололтой юм билээ. Нарийн учрыг нь мэдэхгүй юм.

-Талийгаачид ангалд унасан байж болох ч, дээшээ гарч чадсан. Осгож амиа алдсан. Тэгэхээр цаг алдаагүй бол аврах боломж байсан гэж туршлагатай уулчид таамаглаж байна лээ.

-Хүнээ хараагүй болохоор ямар байдалтай амиа алдсаныг нь хэлж чадахгүй байна. Гэхдээ яаж ч бодсон таван хүний амь нас яригдаж байхад фургоноор хайж, цаг алдсанд харамсч байна. Аймгаас Алтай таван богд хүртэл 200 гаруй км, зам муутай. Фургоноор хагас өдөр явж очсон байх. Очоод ууланд авирах бэлтгэл хангалттай байсан уу. Эрлийн багийнхан холбоо барьж, нэмэлт хүч нэхээгүй учраас нисдэг тэргээр хайхгүй гэдэг утгатай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга өгч байна лээ. Үнэндээ эрэлд явж байсан хүмүүст ядаж иридиум утас байсан болов уу. Таван хүний амь яригдаж байхад мэдээ хүлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан болов уу гэж харамсах юм. Наадам таарч, хаа хаанаа алгуурласан болов уу гэж бас хардаж байгаа. Хэрвээ шууд нисдэг тэрэг гаргаж эрлийг эхлүүлсэн бол тэр хүмүүс осгож амиа алдахгүй байсан байх. Бид учрыг мэдэхгүй буруу ярьж байж ч магадгүй. Алдсан хүн арван тамтай гэж элдвээр л таамаглах юм.

-Талийгаачдыг ууланд авирах туршлагагүй байсан талаар мэдээлж байна.

-Хэдэн золбин нөхдүүд тэнэж явсан юм шиг ярьж, бичих юм. 20 гаруй оргилд авирч байсан туршлагатай уулчин тэр багт байсан юм билээ. Уулчид тэнгэр рүү тэмүүлсэн тэнгэрлэг хүмүүс байдаг. Хаа дуртай газраа тэнээд явдаг юм биш гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлч С.Баттулгыг суллахгүй бол тайван жагсаал хийнэ гэв

“Info.mn” сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллуулахыг шаардаж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, “Глоб Интернешнл” төрийн бус байгууллагынхан болон сэтгүүлчдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн юм. Сэтгүүлч С.Баттулга сайтад “Ноёд” компанийн өмч хөрөнгийн маргааны асуудлаар тодорхой баримттай нийтлэл бичиж, ажил үүргээ биелүүлснийх нь төлөө түүнийг шалгаж эхэлсэн билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Буяндорж, С.Баттулга нарт холбогдох хэргийг энэ сарын 9-ны өдөр хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантай учраас хойшлогдсон. Шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэрийг шүүгчид хүлээж авахдаа шүүгдэгчдийг долдугаар сарын 27-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Шүүх шүүгдэгчдийг оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдэг шалтгаанаар цагдан хорих шийдвэр гаргаж байгаагаа тайлбарласан.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр доктор, профессор М.Зулькафиль “Хэвлэлийн эрх чөлөө Монголд ямархуу түвшинд байгаа нь сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсноос бэлхнээ харагдаж байна. Хорихоос гадна эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх зэрэг чөлөөт сэтгүүл зүйн эсрэг зохисгүй үйлдэл гарсаар байна. Хэдхэн жилийн өмнө Америкийн Аризона мужийн нэгэн сэтгүүлч хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлийг илрүүлэн, эрэн сурвалжлах материал бэлтгэсний төлөө шүүхээс ял сонсох дээрээ тулсан байдаг. Тэр үед 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үзэг нэгт нөхрөө суллуулахын төлөө нэгдэж, амжилтад хүрсэн байдаг. Зөвхөн үнэнийг хэлж, бичиж тэмцсэн” гэдгийг онцлон хэлсэн юм. Монголын телевизүүдийн холбооны тэргүүн Д.Дагиймаа “Энд ганц сэтгүүлчийг хууль бусаар цагдан хорьж байгаа гэдгээс гадна Монголын сэтгүүл зүйн салбарын эрх ашгийн асуудал хөндөгдөж байна. Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорих шийдвэр гаргасан шүүх хурлын бичлэгийг бүрэн эхээр нь телевизүүдэд өгч, түүнийг нь бид олон нийтэд хүргэх хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. С.Баттулгыг яаралтай суллахгүй бол маргааш (өнөөдөр) Шүүхийн ерөнхий зөвлөл болон Баянзүрх дүүргийн шүүхийн гадна талбайд тайван жагсаал хийнэ” хэмээн мэдэгдэв.

“Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Өнөөгийн эрх баригч, шүүх цагдаа, сэтгүүлчдийн хэвлэлийн эрх чөлөөнд халдах, айлган сүрдүүлэх тохиолдол газар авах хандлагатай болсонд харамсч байна. Сэтгүүлч мэдээллийг цуглуулж, боловсруулан олонд түгээдэг. Энэ тохиолдолд С.Баттулгын эх сурвалж нь нээлттэй байна. Сэтгүүлч маань Г.Буяндоржоос мэдээлэл авч, түүнийгээ боловсруулж сайтдаа нийтэлсэн. Тэр утгаараа эх сурвалжийн өгсөн мэдээллийг олон түмэнд хүргэснээс биш өөрөө зохиож бичээгүй. Энэ нь Г.Буяндоржийн бизнестэй ямар ч холбоогүй. Сэтгүүлч бол “Ноёд” компанийн хөрөнгийг залилсан гэх этгээдүүдийн нэг нь бус харин болсон үйл явдлыг л бичсэн. Энэ тухай бичсэн сэтгүүлчийг шийтгэдэг нь шүүхийн алдаа. Энэ тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-т заасан “Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно” гэсэн зүйл заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй. Дээр нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илэрхийллийн арга нь сэтгүүл зүй. Үг хэлэх эрх чөлөөг хорьж болохгүй. Шүүх аливаа хэргийг шийдэгдтэл энэ ширээ сандал, машин тэрэг, газар хашаа байшинг хэрэглэж болохгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Гэтэл хүний Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулчихаж байгаа юм.

Хэрэв С.Билэгт сэтгүүлчийг “миний нэр төрд халдсан, гүтгэсэн” гэвэл “Ноёд” группийн тус хэргээс тусдаа шүүхэд хандах ёстой. Энэ тохиолдолд шинээр хэрэг үүсгэх ёстой. Гэтэл сэтгүүлчийг гүтгэсэн гэх гомдлоо компанийн хөрөнгө залилсан гэх хэрэгтэй хольж хутгаад байгаад гайхаж байна. Ер нь нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээх гомдлын дагуу тухайн нийтлэл нэвтрүүлгийг хэлний шинжээч нарт аваачиж өгдөг. Тэд нар “Энд нь гүтгэсэн өнгө аястай юм байна, тэр нь доромжилсон аястай байна” гээд өндөр торгууль оногдуулдаг жишиг Монголын сэтгүүл зүйд ажиглагддаг. Торгууль төлөх санхүүгийн чадваргүй бол С.Баттулгын адилаар шоронд хорьчихдог. Түүнд анхан шатны шүүхээс 21 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Үүнийг сэтгүүлч цалингаараа эсвэл редакц нь төлөхөд тун хүндрэлтэй. Торгууль гэдэг маань өөрөө эдийн засгийн цензур гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, С.Баттулгад ямар ч үндэслэлгүйгээр шүүхээс торгууль оногдуулж, цагдан хорьж байгаа талаар дуулсан сэтгүүлч нар “Эрэн сурвалжлах материал бэлтгэж өөрийгөө их хэмжээний торгуульд оруулж, шоронд орохын оронд ойр зуурын мэдээ бичээд байж байя” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө” гэлээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Мияарагчаа: Ерөнхийлөгчөөс гавьяат цолоо авч байхад аавыгаа хамгийн ихээр үгүйллээ

Тулгар
төрийн 2224 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг
тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар наадмын өмнөхөн
ОУХМ С.Мияарагчаа гавьяат тамирчин цол
хүртсэн билээ. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монгол
Улсын гавьяат тамирчин гэдэг цол эзнээ олвол үнэхээр эрхэм шагнал шүү?

-Маш их
баярлаж байна. Энэ шагнал бол миний жүдо бөхөд зүтгэсэн 17 жилийн хөлс
хөдөлмөрийг маань төр, ард түмэн үнэлсний илэрхийлэл. Зөвхөн Мияарагчаа биш.
Манай жүдо бөхийн бүх тамирчид, багш дасгалжуулагчдыг үнэлсэн үнэлэмж.

-Ээжтэйгээ
утсаар ярьж баяраа хуваалцмаар байна гээд түрүүн ордноос гарч ирэнгүүтээ хэлж
байсан. Ярьж амжсан уу?

-Ээж
маань аль хэдийнэ ирчихсэн байна. Сая ээждээ үнсүүллээ. Дэвжээ нэгт нөхөд
маань, агуу багш нар маань ирээд баяр хүргээд, агаарт шидлээ. Сэтгэл үнэхээр
сайхан байна. Ерөнхийлөгчөөс гавьяат цолоо авч байхад аавыгаа хамгийн ихээр
үгүйллээ. Яг энэ үед аав минь байсан ч
болоосой гэж бодлоо /хоолой нь зангирав/.

-Таны
жүдо бөхөд хөл тавьсан нь аавтай тань салшгүй холбоотой байх шүү?

-Тийм
ээ. Би аавтайгаа адилхан бөх болохыг их хүсдэг хүүхэд байлаа. Дунд сургуульд байхдаа “Хүч” спорт
хорооны харьяа самбо, жүдо бөхийн секцэнд явдаг байлаа. Аавын найз нөхдийн
хүүхдүүд тэмцээнд орж барилдаад л би болохоор ааваас “Би барилдъя” гэж их
гуйна. Тэгэхэд аав “Болоогүй ээ миний хүү. Их багаасаа барилдсан хүний зүрх
үхчихдэг. Монгол хүний биеийн онцлог ч гэж бас нэг юм байна. Хүлээ л гэнэ. Би
ямар аавынхаа үгнээс гарах биш. Аав самбо бөхөөр барилддаг. Би ч аавтайгаа адил
жүдо, самбо аль алинаар нь барилддаг болсон. Бөхийн энэ хоёр төрөл Монголд
хамтдаа хөгжиж ирсэн. Одоо ч нэг их салж холдоогүй л дээ. Жүдо олимпийн төрөлд
багтсан болоод хөгжлийн хувьд илүү байдаг. Тиймээс жүдод илүү татагдсан хэрэг.

-Эр
хүнд төрсөн эцэг, төрсөн газар шороо нутаг уснаас илүү зүйл үгүй гэдэг. Аав
тань аль нутгийн хүн бэ. Та эхээс хэдүүлээ юм бэ?

-Би нэг
эгч, нэг эмэгтэй дүүтэй. Манай эгч С.Мияасүрэн бас жүдоч шүү дээ. 52 кг-д
барилддаг. Гавьяат Н.Батхишиг, одоо дасгалжуулагч байгаа Ш.Цэвэлмаа нартай нэг
жинд барилдаж байсан. Бөх сонирхогчид мэдэх байх. Миний аав Дундговь аймгийн
Эрдэнэдалай суманд төрсөн. Эрдэнэдалай сумын Өнт өнгөт гэх уужим сайхан нутагт
төрсөн гэдэг. Эргэнэгийн говь гээд хараа цуцаам тал хөндийтэй. Аав маань нутаг
шигээ уужим сэтгэлтэй ухаалаг хүн байсан даа. Нутагтаа очихоор нэг их сайхан
гүнзгий амьсгаа авмаар санагддаг. Би ааваараа бахархаж явдаг. Хүн чанартай,
авьяаслаг нэгэн байсан. Тиймдээ ч аавыг маань самбо, жүдогийнхон их хүрээлдэг
байсан болов уу.

-Бие
жижиг хэрнээ үндэсний бөхөөр чамгүй барилдчихдаг байсан байх аа?

-Аав
цэргийн арслан цолтой. Бие жижиг ч үндэсний бөхөд уран барилдаантай байсан шүү.

-Та
үндэсний бөхөөр барилдаж байна уу. Аавын тань шавь аймгийн цолд хүргэж байсан
гэж сонссон юм байна?

-Үндэсний
бөхөөр хаа нэг барилдана аа. Тэр жил олимпод оролцоогүй болохоор эхнэр,
хүүхэдтэйгээ нутгийнхаа наадмыг очиж үзсэн. Нутгийнхаа наадамд зодоглож дөрөв
давсан чинь Монгол Улсын өсөх идэр начин С.Чинзориг намайг амладаг юм байна.
Манай нутгийн бөх л дөө. Тэгсэн элэг бүсээ тайлж “За миний нөхөр тив, дэлхийд
Монголынхоо нэрийг гаргаж яваа хүн. Тиймээс аймгийн цол ав даа” гээд тахимаа
өгөхөд нь баярласан гэж жигтэйхэн. Нүдэнд нулимс хурж, шүлсээ залгиад л
дуугарах сөхөөгүй болчихсон. Тийм сайхан жудаг үндэсний бөхөд байдаг гэдгийг
ёстой биеэрээ мэдэрсэн. С.Чинзориг начин манай аавын шавь.

-Гэхдээ цолыг тань МҮБХ хүчингүй болгочихсон гэлүү?

-Харамсалтай санагдсан. Бөхчүүд бидний буруу
биш. Зөвхөн оноолт хийсэн дарга нарын л буруу. Би Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан.
Шийдэж өгөх байх гэсэн горьдлого тээж л явна. Өөрөө бөх хүүтэй хүн. Бидний
жаргал зовлонг ойлгох биз.

-Таныг
ганцхан секундэд гурван мэх хийдэг гэдгээр чинь дэлхийн дэвжээнд андахгүй. Ер
нь амжилтаар тань үнэлж нэр өгөх нь заримдаа омогшил түрүүлж, хүч өгнө биз?

-Парисын “Их дуулга” тэмцээний үеэр болсон
явдал. Жүдо бөхийг 40 жил тайлбарлаж байгаа Германы Шельдин гэдэг хүн миний
барилдааныг харж байгаад “Энэ тамирчин нэг секундэд гурван мэх хийлээ. Би 40
жил бөх тайлбарлахдаа ийм гайхалтайг харж байгаагүй” гээд л ярьсан байсан. Ер
нь би гадаадад очсон тэмцээн бүрдээ финальддаг, медаль авдаг байлаа. Нэр хоч ч
их авна. Заавал түрүүлэхдээ бус нэг сайхан барилдаан гаргахад л олонд
танигдана. Мэдээж энэ бүхэн их урам зориг өгдөг. Намайг “Аюултай Монгол” гэдэг
байсан.

-Бас
л сайхан барилдаан харуулж дээ?

-Японд
ДАШТ-д түрүүлэх магадлалтай бөхийн нэрэнд Х.Цагаанбаатар бид хоёрын нэрийг
оруулсан байсан. Тэгээд энэ хоёрын дундаас манай япон жүдочид гарч ирж чадах
болов уу гэсэн утгатай юм бичсэн байсан. Бас Монголын “Дак хорс” буюу “хар
азарга” гэсэн нэртэй болсон байсан. Ер нь жүдо бол хэдхэн секундын дотор ч
ялалт авчирч болдог спорт.

-Та
бол дэлхийн шилдэг 16 бөх оролцдог “World masters” тэмцээний хоёр удаагийн
аварга. Ер нь амжилтаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-“Мастерс”
тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Чансаагаар эхний 16-д бичигддэг бөхчүүд цугларч
өрсөлддөг болохоор дандаа олимп, дэлхийн аваргууд ирдэг. Мөн Гран-при
тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. “Их дуулга”-аас мөнгө, хүрэл
авч байлаа. Бас самбогоор дэлхийн цомын хошой аварга болсон, хоёр удаа мөнгөн
медаль хүртсэн гээд нэлээд юм бий.

-Энэ
олон жилийн хугацаанд дэлхийн жүдогийн татамид амжилт гаргахад олон ч
бэрхшээл тулгарч байсан байх. Ялангуяа анх гарч ирж байгаа тамирчдад санхүүгийн
асуудал их гардаг. Үүнээсээ болоод их спортоо орхидог ч гэж тамирчид ярьдаг…

-Байлгүй
яахав. Анх “Чиндао”-гийн Гранприд оролцох гэтэл 1200 ам.долларын зардал
хэрэгтэй болсон. Тухайд үед Монголд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр
хоолойн ангинаасаа болоод ялагдчихсан. Халуун бууруулах лаа хэрэглээд жингээ
хасаад барилдсан юм. Энэ ялагдлаас болоод Япон, БНСУ-ын тэмцээнээс хасагдчихсан
байсан. Тэгээд тасралтгүй бэлтгэл хийж байж “Чиндао”-гийн тэмцээнд оролцохоор
болсон хэрэг. Тэгсэн мөнгө олддоггүй. Нутгийнхаа Рааш гишүүн дээр орсон чинь
200 ам.доллар өгсөн. Үлдсэн мөнгөө олохын тулд машинаа ломбардахаас өөр арга байгаагүй.

-Хөрөнгөө
тавьж байж оролцсон тэмцээндээ тэгээд хэр амжилт гаргав. Машинаа авч чадсан уу?

-Хамаг
хөрөнгөө тавиад ирсэн болохоор заавал ялах ёстой гэсэн дарамт барьчихаад
барилдахад хэцүү байсан. Тэгсэн хагас шигшээд үлдээд ирлээ. Өөрийн эрхгүй нүүр
туяараад, дуу ороод эхэлсэн. Хүрэл медаль дээр буухаар 1000 ам.доллартай болж
зардлаа нөхчихөж байгаа байхгүй юу. Тэр эрчээрээ хөөрөөд өрсөлдөгчдөө буулгаж
авсан. Тэгээд түрүүлж 3000 ам.доллартай болоод зогсохгүй Азийн аваргын хүрэл
медалийн оноотойгоо дэлхийд 11-д эрэмбэлэгдээд “World masters”-т барилдах
эрхтэй нутаг буцаж билээ.

-Энэ
их амжилтын гол нууц, арга барил юу вэ. Залуу бөхчүүдэд тань шиг туршлагатай
бөхийн лекц хэрэгтэй шүү?

-Мэдээж
байнгын бэлтгэл сургууль. Хүчтэй өрсөлдөгч байна гэдэг сайхан. Уйгагүй
хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсгаж байж хүчтэй өрсөлдөгч байж чаддаг.

-Хүчтэй
өрсөлдөгч гэснээс таны жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар гол
өрсөлдөгч байх аа. Түүнийг таны тэмцээнд явах шаансыг булаадаг ч гэж ярих нь
бий…

-Бид сайхан андууд. Ер нь хүчтэй өрсөлдөгч
байна гэдэг бие биенээ хурцлаад сайхан л байдаг. Яахав заримдаа тив, дэлхийн
чанартай том тэмцээнд нэг жинд нэг тамирчин оролцох болсон үед л асуудал
тулгардаг. Х.Цагаанбаатар бол сайн бөх, сайн ч найз. Тэртэй тэргүй бид хоёрын
өрсөлдөгчид дэлхийгээр нэг байна.

-Удахгүй болох ДАШТ-д оролцох уу?

-Энэ
удаад өнжинө.

-Нэг
хэсэг та зодог тайлах тухай ярьж байсан. Харин одоо юу бодож, төлөвлөж байна?

-Тийм
ээ. Тэгж бодож байсан үе бий. Гэхдээ одоо надад огтхон ч зодог тайлах бодол алга.
Харин ч Рио Де Жанейрогийн олимпод оролцож амжилт гаргамаар байна. Өнөөдрийн
энэ шагнал намайг ирэх олимпод аварга болоорой гэсэн их том урам, зориг өглөө,
хариуцлага хүлээлгэлээ. Магадгүй тэрний дараа зодог тайлж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд: Жигжидийн Мөнхбат аваргын амжилтыг давтаж, 22 насандаа төрийн наадамд түрүүлсэндээ баяртай байна

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболдтой ярилцсанаа хүргэе.

-Төрийн наадамд ес давж бахтайхан түрүүллээ. Бөхөд хайртай монгол түмэн баярлаж байна. Ижий аав хоёр тань ихэд баярлаж байгаа харагдлаа. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж бодогдож байв уу?

-Хүний амьдралд дахин давтагдашгүй агшин хором гэж байдаг бол миний хувьд монгол төрийнхөө наадамд түрүүлсэн энэ цаг мөчөө хэлнэ. Дөрвөн уулынхаа дунд багтаж ядталаа баярлаж байна даа. Ижий аав, багш нар минь надаас дутуугүй баярлаж байна. Төрийн наадамд зодоглох хүүгээ нутгийн уулс нь түшдэг юм гэдэг. Хан Хэнтийн минь их уулс түшлээ. Есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давчихаад тугийн мандал руу алга хавсран гүйхдээ “Ингээд би төрийн наадмын түрүү бөх болчихлоо гэж үү” хэмээн бодоод хоёр нүдний нулимс гарсан. Энэ жилийн наадмын бэлтгэлээ Сүүж уулын өвөрт Бүдээбазарын Адъяахүү багшийнхаа удирдлага дор базаасан. Манай нутгийн хүчит бөх дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ Сүүж уулын өврөөс наадмын бүх түрүүгээ хүртсэн байдаг. Бөхөд ийм л ээлтэй сайхан дэвжээнээс наадмын түрүү хүртэж, улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадмын түрүү бөхөөр тодрон төв цэнгэлдэхийн индэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс арслан цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардчихаад нутгийн ах Бат-Эрдэнэ аваргад үнсүүлэхэд “Улсын арслан сайхан цол шүү. Хэн хүний хүртээд байдаг цол биш ээ. Хүндэтгэж яваарай” гэж чихэнд минь хэлсэн. Тэр үгний үнэ цэнийг мэдэрч байна.

-Мөөеө аварга 1963 онд хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Халхын их аваргын амжилтыг өөрөө 52 жилийн дараа давтлаа?

-Ес даван түрүүлж есөн хөлт цагаан тугаа баяр бахдал дүүрэн тойрч байхад бөхийн тайлбарлагч төв цэнгэлдэхэд “Мөнхбат аваргын амжилтыг 52 жилийн дараа Оюунболд маань давтаж байна” гэж хэлэхэд цэнгэлдэх дүүрэн наадамчид уухайн түрлэг хадаасан. Миний бие 2008 онд 15 настайдаа улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдээд унасан. Дараа жил нь түрүүлнэ гэсэн бодолтой очоод шөвгийн дөрөвт үлдсэн. Ингээд 19 насандаа Хэнтий аймгийнхаа наадамд зодоглон Б.Хадбаатар арслантай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жилийнхээ улсын наадамд зодоглоод хоёрын даваанд Ховдын Ц.Мягмарсүрэн зааныг өвдөглүүлж, гурвын даваанд Давааням зааны хүү улсын начин Лхагвадоржид тахимаа өгсөн дөө. 2013 онд хорин насандаа төрийн наадамд хоёр дахиа зодоглож До.Ганхуяг арслангаар дөрөв, И.Доржсамбуу гарьдаар тав давж начин болоод зургаагийн даваанд Т.Санчир заанд амлуулан барилдаад түүнийг хамж дайрах мэхээр давж улсын харцага цолонд хүрсэн. Харин түрүү жилийн наадмаар Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатараар гурав давж дөрвийн даваанд Сэлэнгийн өндөр Ч.Баянмөнх начинд өвдөг шороодсон юм. Тэгвэл өнөө жил 22 насандаа төрийн наадамд ес даван түрүүлж улсын арслан цол хүртэн Жигжидийн Мөнхбат аваргын монгол бөхийн дэвжээнд дархлан үлдээсэн түүхэн амжилтыг давтлаа. Үүнд маш их баяртай байна.

-Улаан хүрэн дээлтэй, бөхийн малгайтай хүн уйлаад л, ийш тийшээ гүйгээд л их баярлаж байсан. Тэр хүнд хүмүүс баяр хүргээд байсан нь танай аав юм билээ. Залуу арслангийн маань аав бөх хүн байдаг гэсэн. Тэр тухай сонирхуулахгүй?

-Ижий аав хоёр маань Өмнөдэлгэрээс манайд ирчихээд байж байгаа. Хотод наадам үзсэн. Хүүгийнхээ барилдааныг үзнэ гээд хүрээд ирсэн. Ерөөлөөр болсон юм шиг миний бие сайхан барилдаан үзүүлж ижий аав хоёроо, ус нутгийн олон түмнээ баярлуулж чадлаа. Наадмын өглөө аав “За миний хүү сайхан барилдаарай. Өөрийнхөө санаснаар л барилдаарай” гэж хэлсэн. Төрийн наадмын даваа бүхэн амаргүй байдаг. Энэ жил ч ялгаагүй, хэцүүхэн учраануудтай таарлаа. Тэр бүгдэд аавынхаа захиснаар өөрийнхөөрөө л барилдсан. Ээж маань сүүгээ өргөөд, тэнгэр бурхан, уул усандаа залбираад байсан гэсэн. Ээжид нь хамгийн хэцүү нь дөрвийн даваа байлаа гэж хэлж байв. Ш.Мөнгөнбаатар арслантай оноолт таарсан барилдааныг хэлж байгаа хэрэг. Мөнгөнбаатар арслан бид хоёр өмнө нь олон барилдаж байсан. Давж унаж явсан бөхчүүд. Адъяахүү багшийн шавь, “Аварга” сургуулийн бөхчүүд юм. Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны наймын даваанд Мөнгөнбаатар арслантай тунаж барилдаад би давсан. Өнгөрөгч жил Өндөрхаан хайрханы тахилгад түрүү үзүүрт шалгарч миний бие түрүүлж байсан удаатай. Харин монгол бөхийг Гиннест бүртгүүлсэн барилдаанд би Мөнгөнбаатар арсланд тавын даваанд унаж байсан юм. Манай аав Дашдоржийн Энхтөгс аймгийн начин цолтой. Өмнөдэлгэр сумын уугуул. Аавын маань аав, манай өвөө Өмнөдэлгэр сумандаа нэгдлийн адуу малладаг, морь сайхан уядаг, нутаг усандаа зартай уургач, уяач хүн байсан. Гоё халиун гэж хурдан хүлэг байсан. Манай удмынхны унаган адуу даа. Ээж Алимаасүрэн Цэнхэрмандал суманд төрсөн. Ээжийн аав болохоор Хэнтийн Дадал сумын уугуул, малын их эмч.

-Өнөө жилийн наадмын учраа бөхчүүдийн талаар асууя. Дөрвийн даваанд хурц арслан Шарын Мөнгөнбаатартай оноолт таарч давсан. Түүнтэй өмнө нь барилдаж байснаа ярилаа. Тавын даваанд аймгийн арслан М.Бадарчийг, зургаад шинээр начин цолны болзол хангасан Дашийг, долоод Ц.Содномдорж харцагыг тунаж давсан. За тэгээд наймын даваа буюу их шөвөгт Б.Гончигдамба гарьдыг тунаж, есийн даваанд П.Бүрэнтөгс арсланг давж түрүүлсэн. Даваа бүхэн амаргүй байсан нь мэдээж?

-Гурвын даваанд Өвөрхангайн П.Ганхүү начинг амлаж давсан. Энэ тухай хүмүүс асууж байна лээ. Улсын цолгүй олон бөх байхад яагаад Ганхүү начинг амласан бэ гэж. Тэр бол миний сонголт байсан. Монгол бөхөд цолныхоо эрэмбээр ам авдаг сайхан уламжлал бий. Тэр дагуу л ам авч барилдсан. Мөнгөнбаатар арсланг хагалж татаад давсан юм. Хурц арслантай наадмын бэлтгэлд хамт гарсан. Хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Тавын даваанд ам авах үнэндээ амаргүй байлаа. Ч.Ганзориг, О.Хангай, Э.Даш гээд улсын цолонд зүтгэж байгаа олон сайхан бөхчүүд байсан. Мөн Булганы Э.Энхбат начин, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Увсын Т.Баасанхүү гээд хүчтэй уран барилдаантай начингууд байсан. Тэр дундаас Архангай аймгийн арслан М.Бадарчийг амласан юм. Барилдаан таарах болов уу гээд амласан л даа. Бадарчийн хувьд өнгөрсөн жил төрийн наадамд дөрөв давчихсан бас л барилдаанч, сайхан арслан шүү дээ. Барилдаан багагүй удааширч би барьц сонгооноос давсан. Зургаад Б.Одгэрэл, Ч.Ганзориг, Э.Даш гэсэн улсын цолны босго дөнгөж алхаад байгаа бөхчүүдээс Дашийг амлаж барилдсан. Тахимдах мэхээр түүнийг давсан. Долоогийн даваанд Ч.Санжаадамба заан, Ц.Содномдорж харцага нарын аль нэгтэй нь тунах байх гэсэн таамаг байсан. Тэгтэл таамагласан ёсоор Содномдорж харцагатай тунасан. Тийм ийм барилдаан гаргана гэсэн төлөвлөгөө байгаагүй. Өөрийнхөөрөө барилдъя л гэж бодсон. Тэгээд хүч үзсэн дээ. Гончигдамба гарьд, Бүрэнтөгс арслан хоёр бол төрийн наадмын өндөр даваанд барилдаад үзчихсэн, түрүү үзүүрлэж байсан энэ цаг үеийн хүчтэй бөхчүүд. Миний хувьд шийдэмгий барилдаанууд гаргасан. Дээлийн маань захыг мушгиад зогсож байсан ээжийн маань нутаг Цэнхэрмандалын Бадарчийн Батбаяр начин гээд ус нутгийн ах нар зааж зөвлөж байсан. Адъяахүү багш маань барилдааны дундуур зааж зөвлөж байсан. Бүх даваануудад санасандаа хүртэл сайхан барилдлаа. Монгол бөхийн энэ сайхан цолыг хүндэтгэж явна. Нутгийнхаа уул усанд сүсэж монгол бөхийн дэвжээнд илүү их амжилт гаргахын төлөө зүтгэнэ дээ.

-“Тоёота” корпорацийн хамт олон “Ланд крузер-200” маркийн авто машины түлхүүр гардууллаа. Энэхүү ёслол Чингэсийн талбайд болсон. Тэр үеэр та Адъяахүү багш, Ц.Хосбаяр багш нартаа баярлалаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Ингэхэд Адъяахүү багш дээрээ арван хэдэн настай хүүхэд ирж байсан гэдэг. Тэр тухайгаа МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийг арав давж магнайлаад манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан даа?

-2007 онд арван дөрвөн настай хүүхэд Б.Адъяахүү багш дээр очсон. Надад бөхийн эрдэм анх заасан хүн Адъяа багш маань юм. Уран барилдаанч мундаг багш. Улсын харцага Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбатаас аваад олон хүнийг бөхийн эрдэмд сургасныг манайхан мэдэх байх. Бөхийн бэлтгэл гэдэг ийм нарийн дэг жаягтай, утга агуулгатай, тийм амар хялбар биш гэдгийг сургасан. Их спортоор хичээллэх хэрэгтэйг хэлж байлаа. Их спортоор, чөлөөт бөхөөр хичээллэсэн маань үндэсний бөхөд амжилт үзүүлэх нэг том бааз суурь болсон. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүллээ. Дараа нь Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авсан. Олон улсын олимпийн хорооноос хүүхдийн анхдугаар олимпийг Сингапурт 2010 оны наймдугаар сард зохион явуулсан юм.

Уг наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуайгаас хүлээн авсандаа маш их баярлаж билээ. Чөлөөт бөхийн 100 килограммын жинд хүч үзэж тавдугаар байрын шагнал хүртсэн. Мөн уг наадмын элсний чөлөөт бөхийн барилдаанд оролцож хүрэл медалийн эзэн болсон. Ингэж л их спортоор хичээллэж, хүүхдийн олимпийн наадамд төрийнхөө далбааг өргөж явах алдрыг “Аварга” сургууль, Адъяахүү багш маань өгсөн түүхтэй. Наймдугаар ангиасаа хойш бараг л хичээлд яваагүй хүн чинь “Аварга” сургуулийн лицей сургуульд суралцаж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон доо.

Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга түрүүллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд эхлэв. Шүдлэнгийн уралдаанаар наадам эхлэх үед газар, газраас ирсэн 228 шандаст хүлэг бүртгүүлсэн хэдий ч 137 нь хасагдаж, 91 шүдлэн гарааны зурхай руу хөдөлсөн юм. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооныхон үүлдэрлэг байдлыг үндэслэн 137 шүдлэнг хассан. Үүнд уяачид бухимдан “Шүдлэнгийн уралдааныг дахиж зохион байгуулах тухай гомдлыг зохих газарт нь гаргана. Дахин хэмжилт хийлгэмээр байна” гэж байлаа. Бусад насны морьдын уралдаан дээр ч гэлээ эрлийз гэх шалтгаанаар хассан тохиолдол олон байв. Гэхдээ “Түрүүлж, айрагдсан морьд дунд эрлийзүүд олон байгаа. Мөнгөтэй хүмүүс комиссын гишүүдэд таван сая төгрөг өгч морио уралдуулж байна. Эгэл жирийн уяачдад тийм хэмжээний мөнгө байхгүй болохоор эрлийз гэх шалтгаанаар хасууллаа” гэх яриа Хүй долоон худагийн Цагаан хөтөлд өрнөж байна лээ. Бас мөнгөтэй, мэдэлтэй эрхмүүдийн эрлийз морины оронд жирийн уяачийн монгол морийг сугалж хассан гэж бухимдах хүмүүс олон байсан юм.

Азарга-172 (193 бүртгүүлж 172 мордов)

1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Өсгий цагаан халтар азарга түрүүллээ.

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач Ононгийн Батболдын хээр азарга аман хүзүүдлээ.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн “Янзага” зээрд.

4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун.

5. Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хээр.

6. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн хонгор.

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхоодойн Жаргалсайханы хул алаг.

8. Дорнод аймгийн Халхгол Сумын Алдарт Уяач Занданбалын Хилийнхүүгийн хонгор.

9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач Эрдэнэбатын Цогтсайханы бор.

10. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Паламын Гөлгөөгийн буурал духт.

Их нас-321

1. Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан.

2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд.

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга.

4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар.

5. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал.

6. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал.

7. Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар халзан.

8. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор.

9. Архангай аймгийн Хотонт сумын уяач Гантулгын Эрдэнэбаярын хээр.

10. Дундговь аймгийн Хулд сумын уяач Сосорын Мөнхбатын хүрэн.

СоЁолон-196 (264 бүртгүүлж 196 мордов)

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд.

2. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд.

3. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Пүрэвийн Сэргэлэнгийн хээр.

4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан.

5. Булган аймгийн Могод сумын уугуул Нямцэрэнгийн Базаргарьдын хээр.

6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын зээрд.

7. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мижидийн Ганболдын хээр.

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Адъяагийн Мөнхбаярын хээр.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хээр.

Хязаалан-260

1.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал

2.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын Халиун

3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат уяач Мягмарсүрэнгийн Сартай хүрэн

4.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн борлог

5.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан

6.Төв аймгийн Баянжаргалан сумын Б.Мөнхтүвшингийн хонгор халзан

7.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажавын хээр

8.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн сартай халтар

9.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын буурал

10.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын хүрэн халзан тус тус хурдалжээ.

Шүдлэн-91 (228 бүртгүүлж 91 мордов)

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор.

2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан.

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы Лхагва-Очирын хүрэн.

4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн

5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн

6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дэмчигцогийн зээрд

7. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач З.Жавхлангийн Дуурсан халтар

8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Уламбаярын Туулай халтар

9. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Содбаярын халтар

10. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хул тус тус түрүүлж, айрагдлаа.

Даага-161 (237 бүртгүүлж 161 мордов)

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн халзан

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Магсарын Ариунбатын хээр

4. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Адъяагийн Баярмагнайгийн хонгор тус тус хурдалжээ.

Эрлийз дээд нас-59

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяны халиун.

2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул.

3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар.

4.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор.

5.Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хар.

Эрлийз дунд нас-92

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор.

2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лхагвын Отгонбаатарын хур зээрд.

3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Монгол Улсын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул.

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг.

Эрлийз бага нас-61

1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан.

2. Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар.

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар.

5. Төв аймгийн Жаргалантын Энхбатын Эрдэнэсайханы хүрэн хурдалжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хан Хэнтийн хүү төрийн наадмын түрүү бөхөөр тодорлоо

А.Сүхбат зодоглоогүй учир Г.ӨсӨхбаяр санаа амар зүүний магнайд гарлаа

Өнөө жилийн наадамд уламжлал ёсоор 512 бөх зодоглолоо. Бөхийн барилдааны зүүний магнайд хэн гарах вэ гэх маргаан хэдэн сарын туршид үргэлжилж, зарлигаар тодорсон хоёр дархан аварга зүүн жигүүрийг булаацалдан наадам эхэлтэл хэн гарах нь тодорхойгүй байв. Хууль ёсоороо бол Өсөхбаяр нь гээд байдаг. Гэвч Сүхбат нь хэвлэлийн хурал зарлаж, би гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хоёр “нялх” аваргын зүүн жигүүрийг магнайлах тэмцэл монгол бөхийн домог болсон аваргуудад хүртэл хүрч, Баянаа аварга “Бөхийн спортод үзүүлсэн амжилт, дархан аварга цолны болзлыг эхэлж хангасан байдлаараа Сүхбат зүүнийг магнайлах нь зөв. Би хадам, хүргэний харилцаагаар хэлж байгаа юм биш шүү. Монгол бөхийн дэвжээг 50 гаруй жил элээж яваагийн хувьд хэлж байна. Сүхбат бол байнга хавчигдаж ирсэн. Өсөхбаяр өнгөрсөн жил баруун жигүүрт гарсан шигээ өнөө жил дахиад гарахад юу нь болохгүй байгаа юм. Энэ асуудлыг түрүү жилийн наадмын дараагаас сөхөх ёстой байсан. Гэтэл наадам тулсан энэ үед маргаан үүсгэж, олон түмнийг талцахад хүргэлээ” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлээд авсан. Мөн тэрээр “Болохгүй бол энэ жилийн зүүний магнайд өвгөн би гаръя. Хөл муу байна. Гэхдээ тариа хийлгээд ч хамаагүй гаръя” гэж аргаа барсан байдалтай хэлсэн. Харин энэ асуудал Сүхбат нь зодоглохгүй гэж мэдэгдсэнээр сая нэг намжсан юм. Өсөхбаярынх нь санаа амарч, зүүний магнайг нь булаацалдах хүнгүй 512 бөхөө магнайлснаар ардын хувьсгалын 94 жилийн ойн наадам эхэлсэн билээ.

Наадмын бөхийн дуулиан хоёрын даваанаас эхэлсэн гэхэд болно. Энэ даваанд төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хорь шахам улсын цолтой бөх тахимаа өгсөн юм. Мөнх-Эрдэнэ арслан Сүхбаатар нутгийн залуу бөх Энхмөнхөд элэг бүсээ тайлсан. Уул нь хоёр давчихсан бол гурвын даваанд шавь нар, улсын цолонд зүтгэж байгаа залуучуудаас хэн нэгийг нь амлаж гар хөнгөн давуулдаг уламжлал бий. Гэвч чадсангүй. Хүчит арслан нэгэнтээ “Бяр тэнхээ гэдэг чинь нэг л өдөр байхгүй болчихдог юм байна. Хүний юмыг зээлдэн авч ашиглаж байгаад буцаагаад өгчихсөн юм шиг алга болдог эд байна” хэмээн хэлсэн байдаг. Сүүлийн хэдэн жилийн наадмаар зодоглолгүй өнжиж, Завхан нутгийн олноо гайхашралд оруулаад байсан М.Баяржавхлан гарьд өнөө жил зодоглов. Хоёрын даваан Дашдоржийн Цэрэнтогтох гэж Халхын их аваргатай овог нэр ижил, цэргийн начин цолтой горзгор бандид өвдөг шороодсон. Хэдхэн жилийн өмнө аварга, арслан болно гэж яригдаж байсан Баяржавхланг Цэрэнтогтох гарын үзүүрээр сунгаж татчихаад яваад өгнө лээ

Харцагуудад халгаатай гурвын даваа

Гурвын давааг харцагуудад халгаатай гэж наадамчид томъёолсон. Учир нь энэ даваанд тун дээгүүр барилдана гэж олон түмний итгэж хүлээж байсан улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй нар өвдөг шороодсон юм. Бат-Орших Архангай аймгийн арслан У.Батгэрэлд, Өсөх-Ирээдүй Говь-Алтай аймгийн арслан Д.Тангадад унасан. Гурвын давааг улсын цол горилж байгаа залуучуудын гүүр даваа гэдэг. Цолонд зүтгэж байгаа нөхдийг нутаг нугынх нь өндөр цолтнууд амлаж гар хөнгөн давуулдаг. Тэрхүү бичигдээгүй хууль өнөө жил ч үйлчиллээ. Тухайлбал, аварга О.Балжинням нутгийн хүү аймгийн хурц арслан О.Гантулгыг, Б.Гантогтох гарьд “Увс нуур” дэвжээний бөх Э.Элбэгбаярыг, Д.Бумбаяр заан өөрийн шавь “Алдартан” дэвжээний бөх цэргийн арслан Б.Ганзоригийг, улсын харцага Г.Элбэг өөрийн шавь аймгийн арслан Н.Эрдэнэчулууныг, улсын харцага Т.Амартүвшин нутгийн дүү Ховдын Б.Тайванг, А.Бямбажав харцага мөн нутгийн бөх аймгийн арслан Д.Энхбаярыг, Говь-Алтайн Ш.Тогтохбаяр начин өөрийн төрсөн дүү аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлаж гар хөнгөн давуулсан. Гурвын даваанд намайг авчихгүй байгаа даа гэж олон залуучуудын нүдийг бүлтгэнүүлж, горьдлого төрүүлсэн хүн бол Ц.Баярсайхан заан. Тэрээр аль нааштай хандсан залууд тахим өгөх нь тодорхой байв. Энэ удаад өөрийн хамаатан, Г.Эрхэмбаяр аваргынхаа захиасыг дагачихав уу гэсэн бодлыг төрүүлсэн. Учир нь Баяраа заан Сэлэнгэ нутгийн бөх, аймгийн арслан Б.Дэлгэрсайханыг амлаж элэг бүсээ тайлсан. Жилийн жилд өөрийн шавь нар, Ховд нутгийнхаа залуучуудаас амлаж гүүр болдог Цэдэвийн Мягмарсүрэн заан өнөө жил тэгсэнгүй. Завхан аймгийн харьяат “Жем интэрнэшнл” компанийн бөх Г.Баасандоржийг амласан нь хардахад хүргэсэн билээ. Мягаа зааны тахим өгсөн Баасандорж Л.Пүрэвжав харцагаар дөрөв, До.Ганхуяг арслангаар тав давж начин болсон. Тэр жил “Ажнай” компанийн бөхчүүд гурвын даваанаас том цолтой хүчтэнүүдээр амлуулж, гар хөнгөн явсаар начин болж байсан санагдана.

Гурвын давааны төгсгөлд улсын цол горилж байгаа тачигнасан хэдэн залуучууд хэн ч амлалгүй хоорондоо тунасан. Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр аймгийн арслан Д.Анартай, Д.Амаржаргал Ш.Пүрэвгарьдтай, Ч.Ганзориг Баянхонгорын Бат-Оршихтой, П.Мөнхбат Б.Эрдэнэхүүтэй, О.Хангай Н.Золбоотой, Б.Батдорж Б.Бат-Эрдэнэтэй учраа таарсан. Ийм олон залуучууд хоорондоо учраа таарна гэдэг улсын цолтой бөх цөөн зодоглосны илрэл. Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ гарьд, Ду.Батбаяр начин гээд олон бөхчүүд аймгуудын наадамд зодогложээ. Улсын цолтнуудад төрийн наадмаас илүү аймгуудын наадам ашигтай санагдсаных биз ээ. Бөхийн хүрээнд “золионы хоёр” гэж нэрлэгдээд байгаа түрүү жилийн шинэхэн начингууд болох Говь-Алтайн Б.Суманчулуун, Архангайн Н.Адъяабат нар энэ жил аймгийн цолтой зодоглосон. Түрүү жилийн намар допингийн асуудлаас болж барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгуулсан мань хоёр бүтэн жил барилдах нь бүү хэл бараа дүрээ ч харуулаагүй юм. Өмнөх жилүүдэд бөхчүүдээс допинг илэрч байсан. Тэр жил Рагчаа гарьдаас заан цолтой байхад нь илэрч байсан. Хэдэн жилийн өмнө Ховдын хоёр болох Алтангэрэл, Цогбаяр нараас илэрч барилдах эрхээ түр хугацаагаар хасуулж байсан. Харин цолоо хураалгуулж байсан тохиолдол байхгүй. Гэтэл Суманчулуун, Адъяабат нарын цолыг хүчингүй болгох шийдвэрийг баяр наадмын комисс гаргаж хүнд байдалд оруулсан юм. Суманчулуун, Адъяабат хоёр өөрсдийнхөө хүчээр хоёр давцгаасан. Гурвын даваанд гуниж, ганирч, ядарч, тэвдэж яваа тэр хоёрт гар хөнгөн давуулчих жудагтай аавын хүү гараагүй л юм даа. Бөхчүүдийг буруутгаж байгаа юм биш. Хэн ч гэсэн бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үгүй хийхийг бодохгүй. Гэхдээ нутаг усных нь, нэг дэвжээнийх нь бөхчүүдээс, найз нөхдөөс нь унаж давдаг наадам хойно, нэг удаа найр тавьж болох л байлгүй гэж бодогдсоноо нуух юун.

Залуу аварга Г.ЭрхэмбаЯр Дорнодын Д.Анарт годройтов

Үндэсний бөхийн дүрэм ёсоор дөрвийн даваа оноолтоор явагддаг. Бөхчүүд цолныхоо эрэмбээр учраа таардаг. Тиймээс дөрвийн давааг хамгийн харгис даваа гэх нь бий. Тэр жил Өсөхөө аварга Б.Сугаржаргалд, залуу аварга С.Мөнхбат Увсын Бүрэнтөгсөд өвдөг шороодож зүүн барууны жигүүр дөрвийн даваанд зэрэг нурж байсан. Энэ жил ч ялгаагүй Г.Эрхэмбаяр аварга, Б.Ганбат арслан, Д.Азжаргал арслан, Д.Рагчаа гарьд гээд төрийн наадамд түрүүлж, үзүүрлэж байсан хүчтэнүүд тахимаа өгсөн юм. Эрхэмээ аварга Дорнодын Доржийн Анар гэж залууд давхар тонгоруулаад нисэлттэй унасан. Анар бол бөхийн жүдо барилдаанаар хичээллэдэг залуу хүчтэн аж. Тэр хоёрын барилдааны бичлэг, зураг хөрөг сошиал ертөнцөд явж байгаа харагдсан. Хоёр бөхийн тохой ойрхон газардсан юм билээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Эрдэнэбатын Даш төрийн наадамд өнөө жил анх удаагаа зодоглож байгаа нэгэн. Түрүү жил аймгийнхаа наадамд барилдаж түрүүлсэн удаатай. Дашийн хувьд бие галбир, хийц сайтай, монгол бөхөд байх олон шинжийг хадгалж төрсөн хэмээн судлаачид үздэг. Бөхийн өргөөнд болсон улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол дээгүүр барилдсан. Тэрхүү амжилтаараа улсын цолны тааварт зүй ёсоор бичигдэж байлаа. Даш Ганбат арсланг ганцхан дайраад л давчихаж харагдсан. Харин Азжаргал арслан Увсын Д.Энхбаяраас барьц сонгож хариугүй унагадгийн даваанд өөрөө түрүүлээд өвдөглөчихсөн. Өнгөрөгч жилийн наадмаар бүх аварга, арслангуудыг тавын даваанаас хойш ханаруулсан Ш.Жаргалсайхан гарьд Ховдын О.Хангайд, Говь-Алтайн Б.Соронзонболд

заан Архангайн М.Бадарчид, Булганы М.Өсөхбаяр заан Архангайн Чагнаадоржийн Ганзоригт, олимпийн авварга, улсын харцага Н.Түвшинбаяр Дундговийн А.Алтанхуягт өвдөг шороодсон бол өнөө жилийн наадмаар тун дээгүүр барилдана хэмээн олны таамаглаад байсан Ховдын Б.Пүрэвсайхан Говь-Алтайн Ш.Шинэбаярт тахимдуулаад тэнгэр харчихсан. Түүний хувьд бэлтгэл дутуу байсан уу, эсвэл хүн бүгд түрүүлнэ хэмээн дээр доргүй ярьж, бичиж сэтгэл зүйн дарамтад оруулсан уу, ямар чиг байсан хоёр хөл, гар нь баглаатай юм шиг хөдөлж өгөхгүй байсаар дөрвийн даваанд уначих нь билээ. Өмнөх даваанд Увсын Оргилболд арслантай их л удаан барилдаж давсан юм даг. Пүрэвсайханы хувьд сэтгэл зүйн бэлтгэл дутсан байх. Японы сумод Кайог аварга болгоно гэх болзол тавихад эхний өдрөө л учраадаа унаж байдаг шиг тийм зүйл болсон доо.

Дөрвийн даваанд үнэндээ гал гарсан барилдаанууд олон болсон. Пүрэвсайхан харцагын ижил мөн л дээгүүр барилдана, их шөвгийн дөрөвт баттай үлдэнэ гэж яригдаж байсан Архангайн Р.Пүрэвдагва начин элдэвтэй барилдаанаараа үзэгчдийн талархлыг хүлээдэг Увсын Т.Баасанхүүд тахимаа өгсөн. Ийнхүү олны итгэл найдварыг хүлээгээд байсан хоёр Пүрэв дөрвийн даваанд дуу дуугаа аваад унаад өгсөн юм. Хоёр Пүрэв дор даваанд унаад өгсөн нь Ц.Содномдорж, Э.Оюунболд нарт боломж гарч ирлээ гэсэн үг. Тав, зургаагийн даваанд тэр хэд хоорондоо тунах нь дамжиггүй байв. Г.Эрхэмбаяр аварга, Б.Ганбат, Д.Азжаргал нарын арслангууд, Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан нарын гарьдууд, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын заанууд, за тэгээд Пүрэвсайхан, Пүрэвдагва нар дөрвийн даваанд өвдөг шороодсон нь энэ жилийн наадамд олон шинэ цолтон төрөх үүд хаалга нээгдсэн юм. Үүнийг нь бататгах гэсэн мэт тавын даваанд Г.Өсөхбаяр, С.Мөнхбат аваргууд мөн л дуу дуугаа авалцан тахимаа өгцгөөсөн. Дөрвийн даваанд улсын цолонд баттай хүрнэ гэж олны найдвар тавьж байсан Сүхбаатар нутгийн бөх аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Э.Оюунболд харцагад, аймгийн хурц арслан Оюуны Гантулга Ц.Содномдорж харцагад, Баянхонгор аймгийн харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Н.Ганбаатар гарьдад тахимаа өгсөн. Ц.Содномдорж О.Гантулга нар ураг садан хүмүүс. Тодруулбал, Содномдоржийн төрсөн эгчтэй Гантулга гэр бүл. Гэвч наадам бол наадам хойно яс үзээд Содном нь давсан. Эрдэнэхүүгийн аав Болд төрийн наадамд хоёр удаа дөрөв давсан бөх. 1995 онд дөрөв давж О.Балжинням аваргад, 2001 онд дөрөв давж Б.Ганбат арсланд унаж байсан түүх бий.

Ховдын Н.Батзаяа начин дархан аварга Г.Өсөхбаяртай гурав барилдаж гурав давав

Тавын даваанд Өсөхөө аваргыг Архангайн хоёр залуу хүчтэн болох Ч.Ганзориг, М.Бадар нарын аль нэгийг авч начин болгоно гэж наадамчид таамаглаж байв. Гэтэл Өсөхөө аварга нутгийн хоёр дүүгийн хэнийг нь гэхэв дээ гээд өөрийн хүчээр тав давж, дархан аварга цолтойгоор төрийн наадамдаа шөвгөрөх санаатай, цаашлаад харцага, заан цолтон төрүүлчих бодолтой Ховдын Батзаяаг амласан нь үнэндээ буруудсан юм. Өнөө Батзаяа золиг чинь Өсөхөө аваргаар тоглоод хаячихдаг байгаа. Тавын даваа эхлээд удаагүй байтал цэнгэлдэх шуугиад явчихлаа. Хартал, Батзаяа начин Өсөхөө аваргын ард гарчихсан хэдэн тийш нь угзарч савлуулж байгаад сөхрүүлчихлээ. Гэтэл аварга тахимаа өгсөнгүй. Барилдаан болоогүй байхад барьц авсан гээд гүрийчихлээ. Удаа ч үгүй бас л шуугиад явтал өнөөх чинь Өсөхөө аваргыг дөрвөн хөллүүлчихсэн амийг нь чангааж байна. Нааш цааш нь савлуулаад, жаахан өндийхтэй нь зэрэгцэн зүүн хөлөнд нь дэгээ ороож ч байх шиг. Дураараа дургиж байна шүү. Батзаяа болохоор түргэн шуурхай барилдчихъя гээд байдаг. Аварга болохоор цай цүйгээ ууж, хэсэг хугацаанд ч болов сүүдэр газар бараадах гээд байдаг. Үүнийг нь үзэгчид яаж зөвшөөрөх билээ. Цэнгэлдэхээр дүүрэн орилолдоон. “Өсөхөө аварга болиоч ээ, барилдаач”, “Бөхийн холбооныхон наад хүнээ босгооч” гээд орилолдоод байдаг. Ингээд эцэс сүүлд нь аварга шодооны барьцандаа хүрнэ биз дээ. Түүнийг л хүлээгээд байсан хэрэг. Шодтол аваргын талаар буужээ. Батзаяа ч хоёр гараа өргөөд барьцаа шууд өгчихлөө. Гэтэл аваргын тохой түрүүлж хүрснээр үзэгчдийн хөөрөл дээд цэгтээ хүрч, Ховд нутгийн хүү Нямаагийн Батзаяа начин цолоо баталж, улмаар зургаагийн даваанд өнгөрсөн жилийн түрүү бөх Н.Батсуурь арсланг ганцхан хүчтэй дугтарч тохойлдуулаад улсын харцага цолны болзол хангасан.

Энэ жилийн наадмын нэгэн өнгө, шигтгээ нь Батзаяа байлаа. Өсөхөө аварга элэг бүсээ тайлахтай зэрэгцээд залуу аварга С.Мөнхбат мөн өвдөг шороодчихлоо. Тэрээр Дундговийн А.Алтанхуягаас барьц сонгоод өөрөө унасан. Алтанхуягийг начин болоосой гэж Дундговийнхон төдийгүй бөхөд хайртай монголчууд олон жил хүлээсэн. Мөн Баянаа аварга ихэд баярлаж байгаа харагдсан. Түүнд хэдэн жилийн өмнө Алтанхуягийг улсын цолонд хүрэхэд тус дэм болоорой гээд “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Ланд-200” өгсөн байдаг. Түүнийх нь хариу болгож Баянаа аварга далан насандаа төрийн наадамд зодоглож гурвын даванд Алтанхуягийг авч тахимаа өгч байсан түүхтэй. Тиймийн учир их аварга баярлахаас яах билээ. Тавын даваанд Сэлэнгийн Б.Одгэрэл Булганы Э.Энхбат начингаар, Дундговийн Э.Даш Увсын Т.Баасанхүү начингаар улсын цолны босго алхсан. Энэ хоёр бөх ямар нэгэн найраа, яриа хөөрөөгүй өөрсдийнхөө хүчээр улсын цолонд хүрсэн. Мөн Архангайн Ч.Ганзориг Ховдын Хангайгаар тунаж тав давж өөрийн хүчээр улсын цолны босго алхсан юм. Тэрээр бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга нэгэн билээ. Ш.Мөнгөнбаатар арслан дөрвийн даваанд бас л өвдөглөж Сүхбаатар нутгийнхныхаа урмыг хугалсан бол Болдбаатарын Батжаргал гэж “Олимп” дэвжээний залуу хүчтэн Б.Сайнбаяр заан, Х.Мөнхбаатар арслан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхан наран зүгийн олноо баярлуулсан. Батжаргал домогт Буянтоо аваргын нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бөх. Алдарт Шаравын Батсуурь аваргын нутаг Говь-Алтай аймгийн Жаргалант сумаас нэгэн начин төрсөн нь Шоовдойхүүгийн Шинэбаяр. Түүний төрсөн ах Ш.Тогтохбаяр нь 2008 онд улсын начин цол хүртэж байсан бол аав нь 1986 онд Дарийн Дамдин аваргаар тав давж начин болж байсан. Ийнхүү нэг голомтны гурван бөх улсын начин цол хүртэж байна. Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан Бүрэнтөгс арсланд тахимаа өгсөн. Түүнийг Эрхэмбаяр аварга начин болгох бодолтой байжээ. Гэвч Эрхэмээ аварга дөрвийн даваанд унаснаар Сэлэнгийнхний төлөвлөгөө нурсан байна. Тавын даваанд бөхчүүдийн хэлдгээр хамгийн их “шатаж” барилдсан бөх И.Доржсамбуу гарьд юм. Жилийн жилд начин цолтон төрүүлдэг тэрээр өнөө жил мөн л төлөвлөгөөтэй байжээ. Олны ярьж буйгаар Архангайн М.Бадарчийг авахаар тохирчихсон байж. Гэтэл Дооёо гарьдыг Увсын Батсуурь арслан аваад хаячихсан. Цолныхоо эрэмбээр яалт ч үгүй амласан. Үүнд Дооёо гарьд төдийгүй Архангайн бөхчүүд ч дургүй байсан дуулдана. Батсуурийг зарим нэг хүмүүс “Бөхийн гэр бүлд төрж өссөн, бөхчүүдийн зовлон жаргалыг мэддэг байж жаахан жудаггүй юм” гэцгээж байлаа. Энэ нь ахмад бөхчүүдийг амлаж гар хөнгөн давсантай нь холбоотой. Залуу арслан гурвын даваанд Г.Ганхуяг харцагыг амлаад, тавын даваанд дахиад өөрөөсөө үе мултарсан Доржсамбуу гарьдыг амлахад наадамчид ийн дургүйцсэн хэрэг ээ.

Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нар хуучин цолтойгоо үлдлээ

Б.Гончигдамба, Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Э.Оюунболд нар их дээшээ барилдах нь тавын даваанаас мэдрэгдээд эхэлсэн. Б.Гончигдамбын хувьд учраа бөхчүүдээ тун төвөггүй өвдөглүүлж байлаа. Тавын даваанд Санчир заантай жаахан удсан байх. Долоогийн даваанд Говь-Алтайн Ганбаатар гарьдыг хоёр хөлд нь хамж дайраад давсан. Ийм хүчтэй байгаа гарьдыг наймын даваанд Э.Оюунболд харцага илт илүүрхэн давсан нь бэлтгэл тун сайн буйгаа харуулсан юм. Оюунболд зургаагийн даваанд Э.Дашийг, долоогийн даваанд Ц.Содномдоржийг мөн л илүүрхэн давж байлаа. Ялангуяа Содномдорж харцагаар тунаж долоо даваад түүний ир бяр улам орох шиг болсон. Ч.Санжаадамба зааныг олон хүн түрүүлнэ гэж тааварлаж байв. Гэвч наймын даваанд Бүрэнтөгс арсланд амлуулаад унасан. Өнгөрсөн жилийн наадмаар Гончигдамбатайгаа тунаж долоо даваад наймын даваанд Увсын Батсуурь арсланд унаж байсан бол энэ жил Бүрэнтөгс арсланд ийнхүү тахимаа өглөө. Түүнийг сүүлийн хэдэн жилийн наадамд өөрийнхөө задгай барилдааныг огт гаргахгүй, биеэ барьсан байдалтай байгаад бөх сонирхогч олон шүүмжлэлтэй хандаж буй. Үнэндээ наадамчин түмний санасан хэмжээнд хүрч барилдахгүй байгаа юм.

Тэрээр улсын наадамд гурав дахь удаагаа долоо давж байгаа бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж мөн л харцага цолтойгоо үлдэн хоёр дахиа зургаа даваад байна. 2012 оны наадамд аймгийн цолтой залуу шууд ес даван түрүүлж улсын арслан цолонд хүрсэн Бүрэнтөгсийн хувьд сүүлийн хоёр жилийн наадамд доогуур даваанд унаад байсан. Энэ жилээс бөглөө нь гарлаа гэдэг шиг задгай сайхан барилдаан үзүүлж төрийн наадмын түрүү үзүүрт дахин шалгарсан юм. “Дахиад Увсын бөх түрүүлэх нь”, “Бүрэнтөгс аварга боллоо” гэсэн яриа үзүүр түрүүний барилдааны өмнө гарч байв. Гэвч Хан Хэнтий нутгийн хорин хоёртой залуу Энхтөгсийн Оюунболд улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсөөр ес даван түрүүлж төрийн наадамдаа магнайлан улсын арслан цолонд хүрсэн билээ. Оюунболд харцага өнгөрсөн хавар МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийг магнайлсан нэгэн. Ийнхүү монгол төрийн наадамд 11 удаа түрүүлж нэгэн давтагдашгүй амжилтын эзэн болсон Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын унаган нутаг Өмнөдэлгэр сумаас өнөө жилийн наадмын түрүү бөх тодорсон юм.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулсны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүйз

Гурвын даваа

Г.Өсөхбаяр дар.ав -Б.Дамдиндорж а.н

О.Балжинням у.а- О.Гантулга а.х.а

С.Мөнхбат у.ав -М.Лутсайхан а.н

Г.Эрхэмбаяр у.ав– Я.Мөнхтөр а.з

Д.Ганхуяг у.а-Ж.Батбилэг а.а

Х.Мөнхбаатар у.а– Ч.Энхмөнх з.б

Б.Ганбат у.а –Б.Насандэлгэр у.н

Н.Батсуурь у.а– Г.Ганхуяг а.х

Д.Азжаргал у.а– Д.Баянмөнх а.з

П.Бүрэнтөгс у.а– Р.Дамдин а.а

Б.Гантогтох у.г– Э.Элбэгбаяр а.н

Д.Рагчаа у.г– Л.Батсайхан а.з

Н.Ганбаатар у.г– Г.Баяржавхлан а.а

И.Доржсамбуу у.г– С.Багахүү у.н

Б.Гончигдамба у.г– Г.Отгонбаатар а.а

Ш.Жаргалсайхан у.г – Э.Батбаатар у.х

Ч.Санжаадамба у.з– Т.Сүрэнжав а.а

Ц.Баярсайхан а.а– Б.Дэлгэрсайхан а.а

Ц.Мягмарсүрэн у.з –Г.Баасандорж а.а

Б.Сайнбаяр у.з– Н.Бүрэнбаатар у.н

Д.Бумбаяр у.з– Б.Ганзориг ц.а

Д.Баасандорж у.з –Э.Баасандорж а.х

М.Өсөхбаяр у.з – Б.Болдбаатар а.з

Т.Санчир у.з – Т.Дүүрэнсаран а.х

Д.Амгаланбаатар у.з- Бо.Батжаргал а.а

Б.Батмөнх у.з– Х.Мөнхжаргал а.з

Б.Соронзонболд у.з– Ж.Гансүх у.н

Л.Пүрэвжав у.х– Б.Чинзориг у.н

Г.Элбэг у.х –Н.Эрдэнэчулуун а.а

Ө.Бат-Орших у.х– У.Батгэрэл а.а

Т.Мөнгөнцоож у.х– Г.Ганжад а.а

Т.Өсөх-Ирээдүй у.х– Д.Тангад а.а

А.Цацабшир у.х– Б.Суманчулуун а.а

Т.Амартүвшин у.х– Б.Тайван а.а

Ц.Содномдорж у.х– Б.Баянмөнх а.а

Б.Пүрэвсайхан у.х – Х.Оргилболд а.а

Ө.Даваабаатар у.х –Б.Заяамандах у.н

А.Бямбажав у.х– Д.Энхбаяр а.а

Г.Алтангэрэл у.х – Б.Бат-Өлзий а.а

Н.Түвшинбаяр у.х– Д.Цэрэнтогтох ц.н

Э.Оюунболд у.х–П.Ганхүү у.н

Э.Энхбат у.н– Н.Адъяабат а.а

И.Ёндонсамбуу у.н – М.Бадарч а.а

Ш.Уламбаяр у.н – Ш.Мөнгөнбаатар а.х.а

Ж.Отгонбаяр у.н– А.Алтанхуяг а.х.а

Р.Пүрэвдагва у.н– Ж.Наранбаатар а.а

Л.Гантулга у.н– Ч.Баянмөнх у.н

Л.Нямсүрэн у.н– М.Еркебулан а.а

Ш.Тогтохбаяр у.н –Ш.Шинэбаяр а.х.а

Н.Батзаяа у.н– Э.Ванданцэрэн а.а

Б.Сангисүрэн. у.н– С.Ерөөлт а.а

Б.Амарзаяа у.н – Б.Хадбаатар а.а

Ж.Чулуунбат у.н– Д.Хүдэрбулга а.а

Л.Цэрэнтогтох у.н– Ч.Хөхчирэнгэр а.а

Т.Баасанхүү у.н– Ж.Алтаншагай а.а

Ч.Батчулуун у.н – Ө.Сүхбат а.а

Б.Бадамсүрэн у.н – Э.Даш а.а

Б.Одгэрэл а.х.а– М.Баасанбат а.з

Н.Жаргалбаяр а.х.а– Д.Анар а.а

Д.Амаржаргал а.а –Ш.Пүрэвгарьд а.а

Ч.Ганзориг а.а– Б.Бат-Орших а.а

П.Мөнхбат а.а – Б.Эрдэнэхүү а.а

О.Хангай а.а– Н.Золбоо а.а

Б.Бат-Эрдэнэ а.а– Б.Батдорж а.а

Дөрвийн даваа (оноолтоор)

Г.Өсөхбаяр дар.ав– Э.Элбэгбаяр а.н

С.Мөнхбат у.ав– Э.Баасандорж а.х

Г.Эрхэмбаяр у.ав –Д.Анар а.а

Д.Ганхуяг у.а –Н.Эрдэнэчулуун а.а

Х.Мөнхбаатар у.а– Д.Тангад а.а

Б.Ганбат а.а – Э.Даш а.а

Н.Батсуурь у.а – У.Батгэрэл а.а

Д.Азжаргал у.а–Д.Энхбаяр а.а

П.Бүрэнтөгс у.а– М.Еркебулан а.а

Д.Рагчаа у.г–Б.Тайван а.а

Н.Ганбаатар у.г– Б.Эрдэнэхүү а.а

И.Доржсамбуу у.г– Г.Ганжад а.а

Б.Гончигдамба у.г– Б.Батдорж а.а

Ш.Жаргалсайхан у.г– О.Хангай а.а

Ч.Санжаадамба у.з –Б.Бат-Өлзий а.а

Б.Сайнбаяр у.з– Бо.Батжаргал а.а

М.Өсөхбаяр у.з – Ч.Ганзориг а.а

Т.Санчир у.з – Б.Ганзориг ц.а

Б.Батмөнх у.з– Д.Амаржаргал а.а

Б.Соронзонболд у.з – М.Бадарч а.а

Л.Пүрэвжав у.х – Г.Баасандорж а.а

А.Цацабшир у.х – Б.Дэлгэрсайхан а.а

Ц.Содномдорж у.х – О.Гантулга а.х.а

Б.Пүрэвсайхан у.х – Ш.Шинэбаяр а.х.а

Ө.Даваабаатар у.х – Б.Одгэрэл а.х.а

Н.Түвшинбаяр у.х – А.Алтанхуяг а.х.а

Э.Оюунболд у.х –Ш.Мөнгөнбаатар а.х.а

Э.Энхбат у.н – Ч.Батчулуун у.н

Р.Пүрэвдагва у.н – Т.Баасанхүү у.н

Л.Гантулга у.н – Л.Цэрэнтогтох у.н

Ж.Чулуунбат у.н – Н.Батзаяа у.н

Б.Сангисүрэн у.н – Б.Амарзаяа у.н

Тавын даваа

Г.Өсөхбаяр дар.ав – Н.Батзаяа у.н

С.Мөнхбат у.ав – А.Алтанхуяг а.х.а

Д.Ганхуяг у.а – Г.Баасандорж а.а

Х.Мөнхбаатар у.а – Бо.Батжаргал а.а

Н.Батсуурь у.а -И.Доржсамбуу у.г

П.Бүрэнтөгс у.а – Б.Дэлгэрсайхан а.а

Н.Ганбаатар у.г – Д.Анар

Б.Гончигдамба у.г– Т.Санчир у.з

Ч.Санжаадамба у.з – Б.Тайван а.а

Б.Батмөнх у.з – Д.Энхбаяр а.а

Ц.Содномдорж у.х – Б.Амарзаяа у.н

Э.Оюунболд у.х – М.Бадарч а.а

Э.Энхбат у.н – Б.Одгэрэл а.х.а

Л.Цэрэнтогтох у.н – Ш.Шинэбаяр а.х.а

Т.Баасанхүү у.н – Э.Даш а.а

Ч.Ганзориг а.а – О.Хангай а.а

Зургаагийн даваа

Н.Батсуурь у.а – Н.Батзаяа у.н

П.Бүрэнтөгс у.а – А.Алтанхуяг а.х.а

Н.Ганбаатар у.г – Ш.Шинэбаяр а.х.а

Б.Гончигдамба у.г – Г.Баасандорж а.а

Ч.Санжаадамба у.з – Д.Энхбаяр а.а

Ц.Содномдорж у.х – Бо.Батжаргал а.а

Э.Оюунболд у.х – Э.Даш а.а

Б.Одгэрэл а.х.а– Ч.Ганзориг а.а тунаж

Долоогийн даваа

П.Бүрэнтөгс у.а – Н.Батзаяа у.н

Н.Ганбаатар у.г – Б.Гончигдамба у.г

Ч.Санжаадамба у.з – Б.Одгэрэл а.х.а

Ц.Содномдорж у.х – Э.Оюунболд у.х

Наймын даваа

П.Бүрэнтөгс у.а – Ч.Санжаадамба у.з

Б.Гончигдамба у.г – Э.Оюунболд у.х

Есийн даваа

П.Бүрэнтөгс у.а – Э.Оюунболд у.х

Categories
мэдээ цаг-үе

Аварга О.Балжинням: Өнөө жилийн наадмаар цолоо дуудуулдаг юм билүү гэж бодож байгаа

Манай сонин жил бүрийн наадмын өмнө алдар цуутай эрхмүүдээс ярилцлага авдаг. Өнөө жилийн наадмын өмнө Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын аварга, гавьяат тамирчин, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Бал­жин­нямын ярилцлага гарч байсныг нийтэлж байна.

-Та сайхан зусч байна уу?

-Сайхаан, сайхан зусч байна.

-Энд нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг гарчихаад байна вэ?

-Гран при тэмцээнд зохион байгуулж байгаа орон нь жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулах эрхтэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй 56 тамирчин. Дээр нь багш дасгалжуулагч, эмч нар гээд нийт 62 хүн байна. Өнөө, маргаашгүй Өмнөд Монголын жүдогийн багийнхан энд ирж хамтарсан бэлтгэл хийх юм. Тэндээс долоо, найман хүн ирэх байх.

-Жүдочдын бэлтгэл хэр байна вэ?

-Энэ удаагийн тэмцээнд маш олон орон оролцохоор болоод байгаа. Яагаад гэхээр манай Гра-при маань олимпийн зуун онооны тэмцээн. Гол оноо өгөх тэмцээн учраас гадаадынхан их ирж байна. Тэрийг дагаад маш өрсөлдөөнтэй тэмцээн болно. Манай тамирчдын хувьд өөрийн эх оронд болж байгаа тэмцээнд оролцоод олимпийнхоо оноог нэмэх зорилготой байгаа. Бэлтгэл төлөвлөгөөний дагуу сайн явж байна.

-Жүдогийн бүхий л шилдгүүд байгаа харагдана?

-М.Уранцэцэг, Д.Сумъяа нар энэ тэмцээнд орохгүй. Тэд оюутны универсиад тэмцээнд явж байгаа. Универсиадыг оюутнуудын олимп гэдэг утгаар нь тэнд ач холбогдол өгч хоёр тамирчнаа оруулах шийдвэр гаргасан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. Бусад бүх тамирчин маань Гран при тэмцээндээ оролцоно доо.

-Наадмын зүлэг ногоон дэвжээнээ барилддаг бөх, аварга хүний хувьд наадам дөхөхөөр битүүхэндээ сэтгэл хөдөлж, догдлох нь мэдээж. Танд ер нь хэзээнээс эхэлж наадмын сэтгэгдэл төрж, яардаг вэ?

-Ид барилдаж байх үед наадмыг бүтэн жил бодож явдаг шүү дээ. Наадмын бэлтгэлд гараад наадам ойртох тусам л сэтгэл хөдөл­дөг, ид барилдаж байхад. Дараа нь дасгалжуулагч болоод үндэсний бөхчүүдээ дасгалжуулахад бас л сайхан. Наадмыг хүлээгээд, дасгалжуулсан галаас бөх түрүүлэх бүр ч сайхан. Наадам бол Монголын ард түмний хувьд хүсэн хүлээдэг, бэлгэдэл болсон сайхан баяр. Тэгэхээр хүн бүхний л сэтгэл хөдөлдөг. Тэрэнтэй адил миний сэтгэл хөдлөөд л байж байна.

-Увсын бөхчүүд хаагуур галд гарсан бэ?

-Нэг л гал байгаа. Харзтайд. Жил болгон л тэнд гардаг.

-Та очиж байна уу?

-Очиж байгаа. Шигшээгийн дасгалжуулагч болохоос өмнө гурван жил Увсынхаа галд бөхчүүдийг дасгалжуулж гурван түрүү авсан. Шигшээ багт ирээд тамирчдаа ДАШТ, олимпод бэлтгэх хариуцлагатай ажилтай болсон болохоор нутгийнхаа галд хүссэн цагтаа очиж чадахгүй байгаа. Хүн чинь нэг л зорилготой байх ёстой.

-Нэгэн үе үндэсний бөхчүүдийн жингийн асуудал анхаарал татаж, уран барилдаантай бөхчүүд гарахгүй байна гэж наадамчид халаглаж байв. Бас сэргээшийн асуудал ч хөндөгдөж үндэсний бөхийн нэр хүнд муудсан. Харин сүүлийн жилүүдэд энэ спорт жаахан сэргэж, нэгэн үеийн шижигнэсэн сайхан залуу бөхчүүд гарч ирж байна уу даа гэж харагдаж байна?

-Тийм л дээ. Нэг хэсэг тийм байсан. Энэ бол дүрэмтэй л холбоотой асуудал байхгүй юу. Нөгөө барьц сонгуулдаг дүрэм гарснаас хойш бөхчүүд жингээ нэмэхээс өөр аргагүй болсон. Бөхчүүд уураг уугаад л хэвтэж байдаг болоод тэрнээс нь улбаалаад монгол бөхийн уран гоё барилдаанууд маш их ховордсон. Монгол бөх гэдэг чинь уран мэхийг уралдуулж, жин харгалзахгүйгээр барилдаан гаргадаг. Энэ тал нь нэлээд алдагдаж байсан. Одоо залуучууд маань тэрнийг ойлгоод, ивээн тэтгэгчид бөхийн галуудыг ивээн тэтгээд жилийн дөрвөн улирлын туршид бэлтгэл сургуулилттай болгосон. Энэ утгаараа үндэсний бөхөд шинэ залуучууд, залуу үе түрж гарч ирж байна л даа.

-Таны арслан цолтой барилддаг байсан үе их санагддаг юм. Та арслан цолтой хэдэн жил барилдсан юм бэ?

-Нэлээд удаан барилдсан даа. Дөрвөн жил барилдсан юм байна.

-Хэдэн оны үе гэсэн үг вэ?

-1991 онд түрүүлээд 1995 онд аварга болсон.

-Та өнөө жил барилдах уу. Зодоглоно гэсэн бодол байна уу?

-Үгүй ээ, яахав. Тамирчидтайгаа бэлтгэл хийж байна. Тэмцээн уралдаан дуусаад бие сайн байвал гарч цолоо дуудуулдаг юм билүү гэсэн бодолтой байна.

Гран при тэмцээн долдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. Тэрний дараа Жүдо бөхийн олон улсын холбооноос гурав хоногийн албан ёсны хамтарсан бэлтгэл зарласан. Тэр бэлтгэлийг удирдана. Тэгж байтал долдугаар сарын есөн болчихно. Бэлтгэл сургууль ямар байх нь уу, биеийн байдлаа харж байгаад л гарна даа.

-Таны сэтгэлд наадамтай холбоотой олон дурсамж бий. Яг энэ агшинд хэдэн оны наадам сэтгэлд тань бууж байна вэ?

-Олон наадам байна л даа. Наадам болгон өөр өөрийн гэсэн онцлог, өөр өөрийн өнгө төрхтэй. Олон ч явдлууд болно. 1989 оны наадам сэтгэлд дурсамжтай наадам даа.

Улсын наадамд үзүүрлэчихээд арслан цолны үнэмлэхээ авчихаад байж байтал буцаагаад авчихаж билээ. Наадмын талбай дээрээс эргүүлээд аваад явчихсан. Тэр үед аав маань амьд сэрүүн, наадам үзээд сууж байсан юм. Хөдөөнөөс орж ирсэн хүн чинь гайхна шүү дээ. Дараа жил нь аав минь бурхан болсон л доо. Тэгээд би 1991 онд түрүүлээд арслан цол авч байсан. 1989 онд арслан цолны үнэмлэхээ гардаж авчихаад үнэхээр их баярлаж билээ. Тэгэхэд аав минь байсан юм шүү дээ. Тэр л их дурсамжтай наадам болсон доо.

-Яагаад өгсөн цолоо буцаагаад авчихсан юм бол?

-Мэдэхгүй. Б.Бат-Эрдэнэ аварга арслан цолтой түрүүлээд, би заан цолтой үзүүрлэсэн. Арслан цолныхоо үнэмлэхийг гардаж авчихаад сууж байлаа. Цолны үнэмлэхийг найз маань уншаад л их хөөр баяртай сууцгааж билээ. Тэгтэл Мөнхсайхан гэдэг Биеийн тамир, спорт хорооны хэлтсийн дарга байсан залуу ирээд “Маргааш хуралдаж байж өгөхөөр боллоо” гээд үнэмлэхийг минь аваад явчихсан. Тэгээд хуралдсан юм уу, яасан юм мэдэхгүй. “Өгөхөө больчихлоо” л гэцгээсэн дээ. Тэр нэг дурсамж юм уу даа.

-Наадмаар барилдаж байгаа бөх болгон л түрүүлчих юмсан, үзүүрлэчихвэл сайхан даа гэсэн бодолтой. Гэхдээ нэг, хоёрын даваанаас буцаж байгаа бөхчүүдийг харахаар ямар их бэлтгэл, хөлс хүч, урам зориг нь талаар болж, дотроо харамсч байгаа бол оо гэсэн бодол төрөөд болдоггүй юм?

-Надад нэг тийм тохиолдол байдаг юм. 1980 онд улсын наадамд аймгийн заан цолтой ирлээ. Улсын наадамд барилдаад хоёр давлаа. Тэр үед чинь давсан бөх нь очоод үнэмлэх дээрээ давсан гэсэн улаан тамга даруулдаг байсан юм. Би ч яахав хоёр давчихаад хоёр давсан гэдэг тамгаа даруулчихлаа. Гурвын даваа эхэллээ. Би суугаад л байлаа. Аймгийн цолтнууд хоорондоо оноолтоор барилдаж байна. Тэгтэл гэнэт л сүүлийн хоёр бөх гарлаа гэдэг юм байна. Би байдаггүй. Нэрийг минь хэн ч дуудсангүй. Би давсан гэсэн тамгатай үнэмлэхээ бариад хөлийн цэц дээр очдог юм байна. “Би давчихсан. Гэтэл энэ юу болоод байна вэ” гэлээ. Хөлийн цэцийнхэн “Бөх дуусчихлаа шүү дээ” гээд л бөөн юм боллоо. Тэд бөхчүүдийн нэрийг эхнээс нь шүүгээд үзтэл миний нэр байхгүй байна гэнэ. Тэгээд бүгдийг нь тулгаад үзтэл даваагүй нэг цэргийг давсан болгоод тэрнийг Эрдэнэтийн Б.Батхуяг начин амлаад барилдаад давчихсан байдаг. Ингээд бөөн юм болов. Б.Батхуяг начныг дуудаад “Ийм юм болжээ. Чи энэ хүнтэй барилд” гэсэн чинь нөгөөх чинь “Барилдахгүй” гээд бөөн юм болоод бүр уйлахын наагуур юм болж “Би мэдээгүй шүү дээ. Хүн амлаад л тэгээд хаячихсан” гээд. Тэр үе чинь социализмын үе болохоор наадам сондгойруулж болохгүй. Тэгээд бөхийн комисс хуралдаад надад гурвын давааны бай өгөөд хасчихаж билээ. Тийм тохиолдол гарч байсан юм шүү, 1980 онд. Тэр үед би заалны барилдаанд дөрөвт үлддэг, үзүүрлэдэг, заримд нь эв нь таарвал түрүүлдэг болчихсон байсан л даа. Хөдөөнөөс орж ирээд хоёр жил болчихсон байсан юм. Начины тааварт явдаг байлаа. Тэр жил 1980 оны олимп гээд Д.Цэрэнтогтох аварга гээд хэд хэдэн хүн барилдаагүй юм. Тавын даваанд Ж.Ганболд, Ө.Тулгаа хоёр тунаад Ө.Тулгаа начин болж байсан байхгүй юу. Тэр үед би тэр хоёрыг хоёуланг нь хаячихдаг болсон байсан. Харамсалтай. Хэргээр тэгж будлиан хийсэн юм уу, эсвэл тэгж андуурна гэж байх уу. Тэгж нэг хасагдаж байлаа даа.

-Хэрэв одоо тийм үйл явдал болсон бол бөхчүүд заргалдаад сүйд хийнэ дээ?

-Одоогийн энэ чөлөөт нийгэмд заргалдахаас гадна хэн тэгсэн, хэргээр тийм юм хийсэн бол хариуцлага хүлээлгэнэ. Аягүй бол давсан хүний гарт өгөөд дахиж барилдуулж мэднэ. Тэр үед тийм юм байхгүй. Дээд дарга нар мэдчихвэл бөөн юм болно гээд л тэрүүхэн тэндээ шийдээд л гурвын давааны бай өгөөд л явуулчихсан. Би чинь тэр нарийн ширийнийг сайн мэдэхгүй, гомдоод л гараад явсан. Одоо тийм юм болвол бөөн юм болно шүү дээ, тэглээ, ингэлээ гээд л фэйсбүүкээр бичээд. Ер нь чөлөөтэй болж дээ.

-Монголчууд маань зүлэг ногоон дэвжээнд учраагаа хүндэтгэдэг гүндүүгүй бөхчүүдийг их хүндэлдэг. Бас уран гоё барилдаантай бөхчүүдээ нүдээ баясган байж магтдаг шүү?

-Үндэсний бөх гэдэг чинь уран мэхийг уралдуулж хийдэг. Бага жинтэй ч гэсэн олон гоё мэх хийж давах, ард түмнээ цэнгүүлэх л асуудал. Хэтэрхий их өрсөлдөөн болгоод, давж л байвал боллоо, яаж давсан нь хамаагүй гээд бүдүүлэг байж болохгүй. Засуултайгаа ч бүдүүлэг харьцаж болохгүй. Учраа бөхчүүд хоорондоо эвгүй харьцаад. Тиймэрхүү юмнууд ажиглагдаж л байдаг. Ер нь даваа, нэр хүндийн төлөө л гэсэн үзэл рүү хазайгаад байна уу даа. Дээр үеийн бөхчүүд уран барилдаантай байлаа. Хайнцаж уначихаад л “Би түрүүлж хүрсэн байх аа”, “Чи дав” гээд л нэгнээ хүндэтгэдэг байлаа.

-Та сумогийн ДАШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан. Японд сумоч хүн өлсөнө гэж хэзээ ч байдаггүй. Гудмаар явж байхад л захын айл гэртээ урьдаг гэдэг. Манайд ч ялгаагүй бөхчүүдээ ихэд дээдэлдэг?

-Үндэсний спорт гэдгээр нь үнэхээр хүндэлдэг. Улсын ямар нэгэн цолтой, тэр дундаа аварга болчихвол бүр илүү. Улсын цол авчихаад аль ч аймаг, суманд очсон “Начин дээшээ суу”, “Заан дээшил”, “Аварга дээш ээ” гэдэг юм. Үнэхээр их хүндэлдэг. Япончууд сумочдоо хүндэлдэг гэдэгтэй адил байхгүй юу. Үндэсний өв соёлоо хадгалж явдаг болохоор үндэсний спортоо ихэд хүндэлдэг. Манай үндэсний бөх маш олон ёс уламжлалыг хадгалан ирсэн. Ах захаа хүндэтгэдэг, цолны эрэмбээ дээдэлдэг гээд олон сайхан чанартай.

-Тухайн жилийн наадмын гоёлыг бөхчүүд тодорхойлоод байдаг юм. Та өнөө жил ямар дээлээр гангарахаар төлөвлөв?

-Миний зодог, шуудаг, дээлийг гэргий маань л урладаг. Бие нь жаахан муудаад хэвтэрт байгаа. Тийм учраас өнөө жил яах юм байгаа юм.

-Бөх байхдаа өөрийнхөө л амжилтын төлөө гүйдэг байсан бол одоо Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон болохоор олон хүний өмнөөс хариуцлага хүлээх болсон шүү?

-Тамирчин байхдаа өөрийнхөө л төлөө явдаг байлаа. Багшийн заасан юмыг хийчихээд л амжилт гаргавал баясчихаад л өөрт нэг их ачаа байхгүй. Дараа нь багш болчихоод маш том хариуцлага ирж байгааг ойлгосон. Сайн баг хамт олон бүрдэж байж амжилт гаргах нөхцөл нь бүрдэнэ. Дээр нь бэлтгэл сургууль хийж, тамирчин тус бүр дээрээ ажиллана. Тэр болгоныг л багш хүн харж байж л амжилт гаргана шүү дээ.

-Таныг жүдогийн шигшээ багийн тамирчид маань ямар ааш зантай багш гэж байна вэ. Өөрийг нь ер нь юу гэж тодорхойлох юм. Юм дуулав уу?

-Би хатуудаа хатуу. Энгийн үед бол зөөлөн шүү дээ. Намайг юу гэж дүгнэдгийг нь сайн мэдэхгүй (инээв). Хатуу талдаа л гэж ойлгодог. Жаахан айдаг байх. Багш, ахмад хүн гэдэг талаас минь эмээдэг. Тамирчин хүн гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай л байдаг. Тийм байж л амжилт гаргана. Түүнээс биш дур дураараа давхиад байвал амжилт гаргахгүй. Тэрийг нь багш хүн зөв талаас нь ойлгуулах хэрэгтэй л дээ. Тэнд л багшийн ур чадвар орох байх даа.

-Хэдэн жилийн өмнө жүдогийн шигшээгийн Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид бөөнөөрөө энд тэндхийн наадамд зодоглоод дараа нь ДАШТ-ээс бүтэн багаараа хоосон ирж билээ. Өнөө жил жүдочдоос наадамд хэн хэн барилдах вэ?

-Зарим нь барилдана аа, барилдана. Н.Түвшинбаяр барилдана. Х.Цагаанбаатар эд нар яахав аймгуудын наадам энэ тэрд очно оо, очно. ДАШТ арай холхон байгаа. Х.Цагаанбаатар нэг, хоёрын даваанд гарч магадгүй ээ. Наадмын дараа 15-нд Тумений “Их дуулга”-д хэсэг тамирчид явна. Нэлээд өндөр оноотой тэмцээн юм.

Баяр наадам дөхөж байна. Монголын ард түмэн маань жил жилийн наадмаараа сайхан баярладаг. Энэ жилийн наадмаар Монголын ард түмэн минь сайхан баярлаж, наадам маань хур бороо тэгширсэн сайхан болоосой. Наадмын өнгө сайхан байвал ард түмний минь аж амьдрал, бүх юм нь сайжирдаг. Монголчууд цагаан сар, наадам гэсэн хоёр том баяраа ихэд хүндэтгэж, сэтгэлээ засч явдаг. Наадам сайхан болох байх аа. Монголын нийт ард түмэндээ сайхан наадаарай гэж ерөөе.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Зэл тусдаа унагад шиг зүс ондоо жил жилийн наадам

“Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж мөн ч онож хэлжээ. Наадам дөхөхөөр сэтгэл нэг л гэгэлзээд, бөхсөн бол барилдмаар, морьсон бол уралдмаар санагдана. Нүүдэлчний цус судсанд нь лугшсан хүн бүхэн л ийн догдолдог биз. Энэ жилийн наадмаар хэний хүү түрүүлж, хэний морь магнайдаа тоосгүй ирэх бол гэсэн таавар зон олны дунд салхилна. Үсэргээний наадам дээр өвгөд дурангаа арчин арчин өндөлзөж, төө цагаан соруултай гаанснуудаар гангарах мэт ээтэн гутлынхаа түрийг алдан газар унагана. Хурдан морьдын түрүүч барианы зурхай руу ойртох тусам унаач хүүхдүүдийн гийнгоолох дуу хөндий талаар нэг цангинаж, нулимс өөрийн эрхгүй цийлэлзэж, тэртээх холын уулс зэрэглээнд торолзох мэт бүрэлзэнэ. Дээлээ сугалдаргалсан хүдэр хүрэн эрс тэнзэн ташуураа өргөн, түмний дуунд хөөрсөн эргэцээ омголон хүлгийнхээ дөрөөнд өлмийдөхүй агаарт нисэх мэт сэвхийн мордож, бүсэндээ хавчуулсан хадагтай хусуураа тэмтрэн тэмтчин давхилдана. Дэлхийд ганцхан монгол наадам минь ингэж дээл, бүстний бахархлыг төрүүлнэ. Наадамаа гэж юу сан билээ хэмээн бодохуй юун түрүүнд хангайн буга мэт ханагар цээжээ ханхалзуулан харцага шонхор мэт дэвэн дэлж, уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүд, эрчит дөрвөн туурайгаараа ээрэм талыг бөмбөрдөн давхих тод магнай, торгон жолоо өргүүлэх шандаст хурдан хүлгүүд санаанд бууна. Жил жилийн наадам зэл зэлний унагад шиг сонин содхон үйл явдлуудаараа сэтгэлд дотно санагдана.

УЯАЧ БОЛОХЫГ ШАХАВ

Тавдугаар анги төгсөх жилээ эгчийнхээ бидэрт хул морийг өөрөө сойж, наадамд уралдсан гэнэхэн нас минь инээд хүргэж бодогдоно. Тэр жилийн наадмаар би соёолон нас хүртлээ сумын наадмын цээжинд давхиж, айрагддаг хул морио унаган ижлээс нь алсын эрхэнд аргамжаагаар сойсон нь одоогийн Улсын их хурлын морины хорхойтнуудад үлгэр болмоор паянтай өнгөрсөнсөн. Аймгийн алдарт уяач Содной, улсын сайн малчин Галсансүрэн нарыг дуурайж тэдний морио хөлслөх үеийг анаж байгаад мөн адил тарлана. Өнөө цагийн алдар цолтой уяач хэмээгдэх их хурлын гишүүд, компанийн захирлуудыг бодохноо морио өөрөө сойно гэсэн тэрүүхэн тэндээ додигор санаатай уяач, цодгор унаач байсан юм уу даа. Нэг гэм нь өөрөө сойсон морио өөрөө унаж уралдсан тэр наадмын урд шөнө аргамжаатай хул морь минь хүний адууны араас тэлүүлж гадсаа аван бэлчээрт гарч, идшээ ихдүүлсэнээс барианд ч оролгүй ихэд ичээж, морь уях сонирхлыг минь мөн ч сайхан унтрааж билээ.

ИЧИНГҮЙРЭЛ ТӨРҮҮЛСЭН СУГАЛАА

Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн есдүгээр анги төгсөх жилийн наадмаар Бөлтүүш, Цолмон бид гурав ангийнхаа охидод хуушуур авч өгсөн шиг их л дотно наадсансан. Сумынхаа Шавгийн толгойн морь барианы газарт ачааны тэрэгний тэвшин дээр зарж байгаа хуушууранд дугаарлана гэдэг одоо бодоход яггүй бэрх даваа байж. Сумын хоршооноос наадамчин олны дунд бор эсгий, халуун савны хонжвортой сугалаа явуулна. Бид ангиараа сугалаатай машин дээр очиж таван төгрөгөөр сугалаа сугалцгаав. Дийлэнхид нь гурвын бал, тавын дэвтэр таарч байна. Миний ээлж болоход нэг хуйлсан сугалаа аваад дэлгэж үзвэл сексологич Д.Болдцэрэнгийн “Эр эмийн ёсон” хэмээх цэнхэр хавтастай ном таарч, худалдагч эгчээс гардан авахдаа жигтэйхэн ичиж, нөгөө номыг хожим харах бүр инээд хүрдэгсэн.

БӨХИЙН КАРЬЕРАА ӨНДӨРЛӨВ

1992 онд аравдугаар ангиа төгсөөд Бөмбөгөр суманд алтны хайгуул шинжилгээ хийж байсан Архангай аймгийн Тариат сумын өнгөт чулуу олборлолтын ангид туслах ажилчин болов. Энэ хээрийн шинжилгээний сумын заан Нармандах, сумын начин Лхагвадорж нараас гадна Жонхоон, Дэлгээ гээд хөөрхөн ноцолдчихдог үе тэнгийн залуус байв. Бид өдрийн ажлын дараа голын зүлгэн дээр очиж байнга барилдах. Хэрдээ наадмын бэлтгэл хийгээд байгаа царай нь тэр. Наадмын өглөө монхор ногоон “ЗИЛ-130” машины тэвшинд суугаад Бөмбөгөр сумын наадмыг авахаар гарч өглөө дөө, хөөрхий. Сумын наадам сайхан эхэлж байна. Хэдийгээр таньж мэдэх газар биш боловч анзаарвал бөх гэчихээр хүн цөөхөн харагдана. Бүгд л барилдахаар бөхийн комисст нь бүртгүүлчихлээ. Нэгийн даваанд нөгөө хэд маань цөмөөрөө л давлаа. Надтай бүсгүй хүн шиг гулжганасан алхаатай унжийсан шар нөхөр таарч. Газар шорооны ажилд нухлагдсаных цаанаа л нэг бяр амтагдаад учраа нөхрөө давчихмаар санагдаж байна шүү. Гарлаа. Өрлөө. Гулжгар шар баригддаггүй дээ. Хоёр шуун дээрээс атгаад авах санаатай хөөж явтал “юу болов оо” гэж бодогдох ч завдал өгөлгүй нэг их цэлийсэн цэнхэр юм бүрхээд ирдэг юм байна. Тэгэхнээ учраа бөх маань ухарч зугтаж байгаа мэт хуурч байгаад гишгэдэл тааруулан намайгаа тэнгэр харуулсан нь тэр юм байж. Надаар даваагаа ахиулсан залуу сүрхий барилдаанч эр болох нь тодорч үзүүр, түрүү булаалдсан юм. Бөх болох карьер минь тэр жилийн наадмаар Бөмбөгөр суманд ингэж төгссөн билээ. Юун төлөө эрийн гурван наадам гэдэг билээ, багадаа холбооны шонгийн цагаан вааран лонхыг онож явсных улсын наадамд цэц мэргэнээ нэг сорьж үзнэ дээ гэж бодож явдаг юм.

ШҮЛЭГТЭЙ СОНИНГОО АВЧ МАГНАЙ ХАГАРТАЛ БАЯРЛАСАН МИНЬ

1994 онд манай сум байгуулагдсаны 70 жилийн ой нижгэр сайхан болов. “Зангиагүй, дипломгүй сэхээтэн болно” гэж мал дагасаар жилийн нүүр үзсэн ч мянгат малчин болох ирээдүй маань Баянхонгорыг нэрмэсэн байгалийн гамшигт нэрвэгдээд бүүдийсэн эл үеэр нутгийн найрагч Тангадын Галсанд монгол бичгээр хэдэн шүлгээ сийрүүлээд шуудангаар илгээсэн байсан юм. Сумын ойн хүндэт зочид ирцгээж, наадам сайхан болох төлөвтэй айл саахалтаараа хөл хөгж өөн ихтэй зун байлаа. Наадмын өглөө сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхжаргал анд маань манайд ирж “Галсан найрагч урьд шөнө гэр бүлээрээ ирээд сурагчдын дотуур байранд байрлаж. Хоёулаа очиж золгонгоо явуулсан шүлгүүдийнхээ хувь заяа хэрхсэнийг мэдье” хэмээж байна. Алд цэнхэр хадаг, нутгийн “Ламын гэгээн” сархад өвөртөлж, жаал жуул ааруул бяслагхан ээжээрээ боолгож аваад, яваад очлоо. Багш бид хоёрыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж аваад “Нутгийн малчин, сурган хүмүүнж үүлэгч та хоёрын тансаг найраг өвгөн надад таанын сэнгэнэсэн айргийг санагдуулж, “Хөдөлмөр” сонинд хэвлүүлсэн байгаа. Та хоёр Д.Пүрэвдаш эрхлэгчтэй уулзан, сониноо авна буй заа” хэмээдэг юм байна. Эдүгээ зурхай судлалын ухааны доктор болсон Мөнхжаргал бид хоёр нутгаас төрсөн нэрт сэтгүүлч Д.Пүрэвдаш гуайтай уулзвал шүлгүүд маань хэвлэгдсэн 1994 оны долдугаар сарын 1-ний өдрийн дугаараас тус бүр нэг ширхгийг бэлэглэж, цээжинд нар мандаав. Ирээдүйн ламтан, найрагч хоёр хөвүүн наадмын тэр өдөр Загийн голынхоо хаяаны цагаан дэрсэнд нуугдах шахан байж өөрсдийн хэвлэгдсэн шүлгүүдээ уншин, ертөнцийг эрхшээсэн бурхад болсны дайтай магнай хагартал баярлан, наадмыг марттал “наадсан” минь одоо ч санаанд илхэн байнам.

НОХОЙН МАХТАЙ ХУУШУУР ЗООГЛОСОН ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН НААДАМ

Сониноосоо хурдан морь сурвалжлах томилолт өвөрлөн Хүй долоон худгийн хөндийг зорилоо. Морины зурхай дээр “Улаанбаатар таймс” сонины сэтгүүлч, яруу найрагч Д.Баянтунгалаг ахтай тааралдан, морины комиссын дарга Самданжамц гуайн жийпийг хөлөглөн уяачдын галаар зочилж, богц дүүрэн олзтой, алга нойтон соёолонгийн тоостой сайхан наадсан минь 2007 оны наадам. Хүн зон хөлхсөн Хүй мандлын дэнж дээр очсоных наадмын хуушуур амталсуу хэмээн сэтгүүлчид бид “Нүүдэлчин” иж бүрдэл зоогийн хуушуураас авч, айргаар даруулан хөөрхөн тансагласан сан. Орой нь хариад зурагт харжээ суутал “Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрынхан нохойн махтай хуушуур хийж наадамчин олонд худалдсаныг Улсын мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн байна” гэсэн мэдээ гарч, хамтран хуушуурдагч нөхөд рүүгээ утас цохивол “Нохойн мах уушгинд сайн гэсэн биз дээ” хэмээн харин ч нэг үл тоосон билээ. Жил жилийн наадмыг эргэн санахын цагт хүн бүхэнд олон янзын дурсамж үлддэгийн адил сэтгэлд ойрхон наадмуудын бяцхан сэтгэгдлээ хуваалцахад нэг иймэрх үү. Нар хур тэгширсэн дэлгэр зунаар тохиодог дэлхийд ганцхан монгол наадмаа орхиод явж чадах хэн л байдаг сан билээ дээ.

Л.БАТЦЭНГЭЛ