Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг мэдээлэв. Оны эхний дөрвөн сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сараас1,0 хувиар  өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, дүнгээрээ 2.1 хувь, бөс бараа , гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3  хувь өссөн нь нөлөөлжээ. 

Мөн энэ хугацаанд 26488 эх амаржиж өмнөх оны мөн үеэс 3,6 хувиар, хүүхдийн тоо 3,8 хувиар өссөн байна. 

Хүний хөгжил сангаас 2014 оны эхний дөрвөн сард 18 хүртэлх насны хүүхдэд 77.8  тэрбум төгрөг олгожээ.   

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр  азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2014 оны дөрөвдүгээр сард  Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд  28 удаа, 32-ын тойргийн  орчим 11 удаа  хүлцэх хэмжээнээс давсан байна.  

Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувь, 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 4 дүгээр сард 286.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.5 төг буюу 25.1 хувиар суларчээ. 

 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 138 хэрэг буюу 2.3 дахин өссөн байна.

Улаанбаатар хотод 2014 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 4 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт  тохиолдол 162 болжээ.

Categories
мэдээ нийгэм

Толгой нь тасарсан эмэгтэйн цогцос олдсон талаар ЦЕГ-аас зарлалаа

Баянзүрх дүүргийн  IX хорооны  Хар хошуу гэх газарт уулын оройгоос  толгой нь таслагдсан, маш олон гэмтэлтэй хоёр эмэгтэйн цогцос олдсон талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Хохирогч эмэгтэйн нэг нь 1995 онд төрсөн Өвөрхангайн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй БЗД-ийн XIX  хороонд оршин суугч Б гэгч байжээ. Нөгөө нь 1994 онд төрсөн Ховд аймгийн харъяат Х байжээ.  Эмэгтэйчүүдийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр этгээдийг барьж, 461 дүгээр хорих ангид хорьж байгаа аж. Сэжигтэн И нь эмэгтэй, 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөгөөх нь БЗД-ийн  XX хороонд оршин суугч  З гэгч байжээ. Сэжигтэнүүд хэрэг үйлдэх үеэрээ ууж согтуурсан байжээ. Хохирогчид архи уусан байсан эсэх нь задлан  шинжилгээний дүгнэлт гарахад тодорхой болно. Хохирогч эмэгтэйн  толгойг амьд байхад нь эсвэл өөд болсон хойно нь тасалсан эсэх нь мөн задлан шинжилгээний хариу гарсны дараа тодрох гэнэ.

 Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хохирогчид болон сэжигтэнүүд сэжигтэн З-гийнд танилцаад, ууж согтууран муудалцсны дараа ийм хэрэг гарсан байж болзошгүй байна.

Д.Сар     

Categories
мэдээ нийгэм

Том эмнэлгүүд цусны даралтын аппаратуудаа баталгаажуулаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгалаа. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна.

“Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд  дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдлээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр  төв эмнэлэг  33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөлөө.   

Эмнэлгүүд “Хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх гэрээ”-гээ Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулан тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслийг баталгаажуулалт, шалгалт тохируулгад хамруулсан. Нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцлийг бүрдүүлсэн ололттой тал байна.

Гэхдээ цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг  бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 зөрчил илэрлээ. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буянт-Ухаа1 хорооллын үлдсэн 224 байрыг хэрхэхийг Засгийн газар шийднэ

Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Хагас галзуу юм шиг л сууж байна” гэв.  “Буянт-Ухаа1” хорооллын сугалаанд оролцогчдоос байранд орох эрх авсан нэг нь баяртай, аваагүй нэг нь гомдол санал тээн Төрийн орон сууцны корпорацийг зорьцгоож байна. Олон хүн сугалаанд хожсон эсэхээ лавлахаар энд иржээ. Сугалаанд аз таараагүй хүмүүсийн хувьд үлдсэн 224 байрыг яах бол хэмээн сонирхож буй. Энэ талаар Т.Гэрэлт-Одоос лавлав. 9094 хүн ТҮЦ машинаар бүртгүүлсэн тухай ТОСК-ийнхан өмнө нь мэдээлж байсан. Гэтэл сугалаанд оролцох эрхтэй хүмүүсийн тоо 5935 буюу харьцангуй доогуур гарсан нь ямар учиртайг түүнээс мөн асуулаа. 

-Залуу гэр бүлийн 42.32  м кв байрны хувьд гэхэд 48 хүн бүртгүүлснээс 26 хүн журмын шаардлага хангасан. Ийм байдлаар захиалагчдын тооноос байрны тоо илүү гарсан. Үлдсэн байранд иргэдийг мэдээж оруулна. Өнөөдрөөс эхлээд худалдаж авах байрныхаа давхар, хаалгыг иргэд сонгож байгаа. 45 хоногийн хугацаанд  урьдчилгаа төлбөрөө төлөөд, гэрээгээ хийх учиртай. Банкны зээл хөөцөлдөх 60 хоногийн хугацаа бий. Эдгээр төлбөрүүдийг хугацаандаа  хийж чадаагүй тохиолдолд гэрээ цуцлагдах юм. Эндээс байр үлдсэн тохиолдолд үлдсэн байруудыг бүгдийг нийлүүлж байгаад хэрхэхийг манай саналыг харгалзан, Засгийн газар шийдвэр гаргах юм гэлээ. Тавдугаар сарын 23-нд Буянт-Ухаа1 хорооллыг гүйцэтгэгчээс нь  хүлээж авах аж. Сугалаагаар байр авах эрхтэй болсон 5935 хүний 946 нь төрийн албан хаагч бол залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 594 болжээ. 

Б.Эгшиглэн      

Categories
мэдээ нийгэм

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт, Шар хадны эцсийн автобусны буудлын орчмоос өнгөрсөн лхагва гаригт /V.7/ 25-35 насны хоёр эмэгтэйн цогцос олдсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ хэрэг санаатай байж болзошгүй бөгөөд нэг хохирогчийн толгой тасарсан, нөгөөгийн хөл, гар нь тасарсан байдалтай байсан байна.

Гадны нөлөөтэй, онц хэрцгийгээр хөнөөгдсөн 25-35 насны хоёр эмэгтэйн цогцос олдсонтой холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар өнөөдөр 14.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл ЖДҮ-ийг дэмжих сантай болно

Монгол банк жижиг дунд үйлдвэрлэгч 2000 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн дунд судалгаа явуулахад 1400-аад нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй хэрэгцээтэй гэсэн хариу өгчээ. Тэдгээрт хөнгөлттэй нөхцлөөр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагын хүрээнд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцжээ.

Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банкинд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийх гэнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулахаар тусгажээ.

Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх журмын төслийг дэмжсэн бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Гудамж” төсөлд 193 сая доллар зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодотгол оруулсан. Тогтоолын дагуу дэд бүтцийн салбарт санхүүжилт хийгдэх 235 сая ам.долларын хөрөнгөнөөс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн “Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулахаар шийдвэрлэжээ. БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулж, төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Мөн төсөл тус бүрээр байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцож, Засгийн газарт танилцуулахыг, төслүүдийн санхүүжилт дутсан тохиолдолд Хятадын талтай хэлэлцэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тус тус даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ

Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараах хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын мэдээллийг хүргэж байна. 

 Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 20-р хороо Хуандай амны бүх хэрэглэгчид, 85-р сургууль, Дэлгэр тур, Мөнхийн гэрээ, Скайтел, Түшигт хангай ХХК-иуд, 63-р цэцэрлэг, Гачууртын ЗДТГ, шинэ найдварын аян ТББ, Мобиком, Жимобайл, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн салбар орчим;

Хан-Уул дүүрэг : 10.00-18.00 цагт: 3, 7-р хороо Автобус-1 ХК, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгосын техникийн коллеж, Хос өргөө хотхон, Яармагийн 9, 13, Жаргалантын 23-р гудамж орчимд;

Сонгинохайрхан дүүрэг: 10.00-17.00 цагт: Эмээлт прогресс, Геофизик, Мах импекс, Шунхлай ШТС орчимд;

Налайх дүүрэг: 10.00-17.00 цагт: Ус суваг /татах/ Их амны хэрэглэгчид;

Төв аймаг: 09.00-13.00 цагт: Аргалант сумын ЗДТГ, Эмнэлэг, Сургууль, Марс арвай ХХК, Аргалант цуглаан, Худаг, Аргалант-Атар ХХК тэр орчмын хэрэглэгчид;10.00-13.00 цагт: Зуунмод сумын Нацагдорж багийн байр, гэр хорооллын 1-9-р гудамж; 10.00-18.00 цагт: Хуучин Эрдэнэ сумын хэрэглэгчид; Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19, 20, 21, 22-р байр, Дэнжийн 4,5-р гудамж, Энгэрийн 1-3-р гудамжны хэрэглэгчид; 14.00-18.00 цагт: Аргалант сумын гэр хороолол.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихээр хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм.

Монгол банкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй байгаа, 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хийсэн судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд тэдгээрт хөнгөлттэй үнээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тиймээс одоогийн банк, санхүүгийн байгууллагаас үзүүлж буй зээлээс хялбар байдлаар иргэдэд хэрэгцээтэй зээл өгөх боломжийг бүрдүүлэх гэж байна.

Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банканд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулна.

Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3 тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дээрх журмын төслийг дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин нийслэлийн Засаг дарга “Олон жил жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгийг хий дэмий зарцуулсан. Зорилтод бүлгийн хүмүүстээ хүрч чаддаггүй энэ зээлийн хөтөлбөрийг нийслэл жшиг байдлаар зохион байгуулж, үр дүн гаргах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн юм. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулах, хэрхэн ажиллах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 05 дугаар сарын хуралдаанд өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хулгайлагдсан охидуудын тухай мэдээлэл авсан гэнэ

Нигер дахь “Боко Харам” хэмээх лалын бүлгийнхэн 200 охидыг хулгайлсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гарсан билээ. Тэднийг хаана барьцаалсан тухай тодорхой мэдээлэл одоо болтол байхгүй байгаа. Нигерийн Борно мужийн захирагч охидуудын байгаа талаар мэдээлэл авсан хэмээн ВВС-д мэдээлжээ. Тиймээс үүнийг шалгуулахаар цэргийнхэнд мэдэгдсэн байна. Ямар ч байсан барьцаалагсад нь Нигерт байгаа гэдэг нь тодорхой аж. 

Ю.Дэлгэр