Categories
мэдээ улс-төр

“Төсвийг улирлаар баталъя” санал гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлэгдсэн энэхүү төсвийн тодотголд 150 гаруй обьектын хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэхээр оруулж ирсэн юм. Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь, төсвийн хуульдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зардлыг 1384 төгрөгөөр тооцохоор оруулж ирчихээд 150 гаруй обьектын хөрөнгийг шийднэ гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй. Монголбанкны ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1800-д хүрчихсэн байхад төр нь валютын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцож буй нь бодлогоо алдсаны илрэл гэж шүүмжилж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог “Төсөв тогтвортой байх ёстой. Энэ ч утгаар нь УИХ төсвийг жилээр баталдаг. Гэтэл Засгийн газар дахиад ч төсвийн тодотгол оруулж ирнэ гэж байна. Төсвөө дотор нь хэд, хэд ангилчихсан. Өргөн тодотгол, жинхэнэ тодотгол, явцуу тодотгол гэх мэтээр. Ингэж байхаар төсвийг жилээр биш улирлаар баталдаг болъё. Эцсийн дүндээ энэ байдал чинь Засгийн газрыг хариуцлагагүй, сахилгагүй байдал руу түлхэж байна” гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Одоогийн байдлаар төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасарсан нь оны эцэст 1 их наядаар тасрахын дохио. Төсвийн орлого ийм хэмжээгээр тасрах нь эргээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг гацаах эрсдэлтэй. Эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэн нь зөвхөн энэ Засгийн газрын алдаа байгаад зогсохгүй өмнөх Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй” гэж шүүмжилсэн юм.
Сангийн сайд Ч.Улаан эл асуудалд “Засгийн газар ажил хийхэд амаргүй байна. УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд хоорондоо авцалддаггүй. Шийдвэрийг нь хүлээж аваагүй байхад УИХ хэрэгжилт шаарддаг. Тухайлбал, УИХ-аас баталсан 30 дугаар тогтоолд төсвийн урсгал зардлыг 10-30 хүртэл хувиар бууруул гэсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд урсгал зардлыг 20 хувиар бууруулахыг үүрэг болгосон. Уг тогтоолыг УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баталсан. Тогтоолыг гар дээрээ аваагүй байгаа ч төсвийн тодотголыг Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй уяж өгсөнгүй гэж УИХ-ын гишүүд нь шүүмжилдэг. Сангийн яамны хувьд аль болох тогтоол шийдвэрүүдээ хооронд нь уялдаатай болгохын төлөө ажиллаж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь төрийн алба данхайсан тухай байлаа. Тухайлбал, 2011 онд төрийн албанд ажиллагсдын тоо 148 мянгад хүрч байсан бол 2014 онд 181150 болжээ. Төрийн алба ийн томроход УИХ-аас гаргаж байгаад шийдвэрүүд нөлөөлж буйг Сангийн сайд сануулж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн хугацаа нь дуусгавар болж зарим гишүүдийг нь чөлөөлсөн байна. Тодруулбал, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, “Нээлттэй нийгэм форум”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, “Нирум фильм” студийн захирал Р.Батсайхан, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын Г.Даваахүү, “Зориг сан”-гаас Б.Гэрэлмаа, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ж.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн НШУС-ийн багш Д.Сүхбаатар, “Нээлттэй нийгэм форум”-ын зөвлөх Г.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, “25 дугаар суваг” телевизийн А.Баатархуяг, МХАҮТ-ын Ц.Энхцэнгэл, “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв”-ийн тэргүүн М.Ичинноров, “Нэг ардчилал клуб”-ын Т.Хасбаатар, “Ардчилал сан”-гийн Г.Байгальмаа нарыг  Ерөнхийлөгч 2009 онд томилсон байна. Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон хяналт тавих гишүүд өнгөрсөн хугацаанд ихэнх нь улс төрийн болон төрийн жинхэнэ албанд томилогдож, зарим гишүүдийн хугацаа нь дуусгавар болсон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Барилга хот байгуулалтын сайд Г.Байгальмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл тэргүүтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн баяраар одой циркчид Монголд тоглоно

Дэлхийд алдартай одой циркчид Монголын циркэд ирж тоглохоор болжээ. Тэднийг Монголын үндэсний циркийнхэн урьсан бөгөөд 20 жилийн өмнө Монголын үзэгчидтэй уулзаж байжээ. Энэ удаа тэд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг буюу баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтадтайгаа ирэх  юм байна. “Бяцхан оддын гайхамшиг” хэмээх энэхүү тоглолтын тасалбарын үнэ 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ сарын 25-наас зургадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гудамж, талбайн усыг соруулжээ

Багануур дүүргийн гуравдугаар хорооны  Нарангийн гудамжинд нэгэн айл үерт автсан талаарх мэдээлэл  өчигдөр 19.50 цагийн орчимд Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс найман алба хаагч очин эксковатороор үерийн шуудууг сэргээн усыг зайлуулж, гэрийг үерийн уснаас гаргажээ. Түүнчлэн төвийн дүүргүүдэд  ч ихээхэн хэмжээний ус тогтож зам талбайгаар иргэд явган бүү хэл машинтай зорчиход хүндрэл үүсээд байсныг шийджээ. Ийн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж Олимпийн гудамж, Гандийн гудамж, Их Монгол улсын гудамж,  Нэгдүгээр хорооллын арын замуудад тогтсон 700 м3 усыг соруулжээ. Мөн тавдугаар сарын 09-ний өдрөөс 05 сарын 10-нд шилжих шөнө гурван усны машин, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Олимпийн гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын байрын дундах замуудад тогтсон усыг шавхаж соруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Норвегийн эрх баригчид Далай ламыг хүлээн авч уулзаагүйгээ тайлбарлав

Далай ламыг Норвеги улсад зочлоход тус улсын Засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч уулзаагүй талаар Ерөнхий сайд нь тайлбар хийв.
 Ерөнхий сайд Эрна Солберг энэ сарын 9-ний өдөр орон нутгийн “NRK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Бид өнгөрсөн дөрвөн жилийн турш Хятад улстай улс төрийн ямар нэг харилцаагүй байж ирсэн. Улмаар байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн зэрэг асуудлаар тус улстай яриа хэлцээ хийх боломжгүй байна” гэж хэлэв. Тиймээс Хятадтай харилцах, ярилцах асуудал чухал байгааг тус улсад харуулахын тулд зайлшгүй золиос гаргах хэрэгтэй байсан гэж тэрээр тайлбарлав. Далай лам энэ сарын 7-9-ний өдрүүдэд Норвеги улсад зочлох үед түүнтэй тус улсын улс төрийн ямар ч төлөөлөгч уулзаагүй аж. Далай ламыг өмнө нь 2000 онд Норвеги улсад айлчлахад тус улсын эзэн хаан, ерөнхий сайд нар хүлээн авч уулзаж байсан ба 2005 онд мөн Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байсан юм. Харин Хятад улс 2010 онд хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог Нобелийн шагналд нэр дэвшүүлснээс хойш Норвеги улстай улс төрийн дээд хэмжээний харилцаагаа зогсоож, Норвегиос загас импортлохоо зогсоох зэрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Түүнчлэн Хятад улс хоёр улсын харилцааг сэргээхийн тулд тус улсын дотоод тогтолцооны эсрэг хүмүүст Нобелийн шагнал өгөхгүй байхыг шаардаад байсан билээ. Нобелийн шагналын комисс нь хэдийгээр улс төрөөс хамааралгүй байгууллага боловч комиссын таван гишүүнийг Норвегийн парламентаас томилдог байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд боллоо. Уг хуралдаанаар наадмыг зохион байгуулах төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нарын мэдээллийг сонсч, зохион байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар санал солилцлоо.
Хүй 7 худагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болон Их эзэн Чингис хааны талбайд 7 дугаар сарын 11-ны орой “Улаанбаатарын үдэш” 3D шоу зохион байгуулах талаар мэдээлэл сонсч, Баяр наадмын зохион байгуулах хороонд  иргэд, олон нийтээс ирсэн албан бичгүүдтэй танилцлаа. Салбар хороодод шаардлагатай бол бүрэлдэхүүнээ шинэчлэх, наадам зохион байгуулах төсвөө гаргаж, бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь:
•Үндэсний бөхийн салбар хороо
•Хурдан морины салбар хороо
•Үндэсний сурын салбар хороо
•Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо
•Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороо
•Хэв журмын салбар хороо
•Урлаг, соёлын салбар хороо
•Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо
•Шагайн холбооны зэрэг салбар хороодоос бүрддэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нялхасын эндэгдэл нэмэгджээ

Он гарсаар 26488 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 26669 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 929 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 984 буюу 3.8 хувиар өссөн байна.
 Өнгөрсөн дөрөвдүгээр сард 6744 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 11 хүүхэд буюу 0.2 хувиар өсчээ. Харин улсын хэмжээгээр  өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 929 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 984 буюу 3.8 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл эхний дөрвөн сарын байдлаар  112 болсон нь өмнөх оноос 24 хүүхдээр нэмэгджээ. Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 124 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр нэмэгдсэн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл оны эхний 4 сард 16, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчин алт гаргахыг завджээ

Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор тавдугаар сарын 9-нд иргэн Г, Г нар хууль бусаар алт гаргахыг завдаад баригджээ. Тэд БНХАУ-руу хил нэвтрэхээр унаж явсан “Ланд Круйзер-100” маркийн автомашиныхаа жолоочийн суудал дор их хэмжээний алт нуусан байсныг хилчид илрүүлсэн юм байна.
Хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын тасагт шалгаж, аймгийн Прокурорын газарт шилжүүлэн өгчээ.
Онцлоход, дээрх хууль бус хэрэг гарах гэж байгаа талаарх мэдээлэл урьдчилан аймгийн Хилийн тагнуулын газарт ирсэн юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

2014 оны 4 дүгээр сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулга

Categories
мэдээ нийгэм

Голд осолдсоныг аврах ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны гуравдугаар багийн нутаг Орхон голын Хар-Усан тохой гэдэг газар Дархан-Уул аймгийн харъяат иргэн М нь /34 настай, эрэгтэй/ усанд осолджээ. Мэдээллийг авсан даруйдаа тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, нэг автомашин, хоёр завь, Аврах тусгай ангийн найман албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Үйл явдал арав орчим хоногийн өмнө болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг өнөө ч үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс иргэдийг орон нутагт зорчихдоо, тухайн бүс нутгийн иргэдийг гол гатлахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.