Categories
мэдээ нийгэм

Монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах өвд оруулжээ

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад оруулжээ. Мөн  “Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. ЮНЕСКО-гийн 2013 оны 12 дугаар сард хуралдсан VIII хуралдаанаас энэхүү шийдвэрийг гаргажээ.

Монгол өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад оруулсныг тунхагласан БАТЛАМЖ-ийг өнөөдөр ССАЖЯ-нд гардуулах юм байна. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид, ГХЯ-ны албаны хүмүүс оролцох аж. Батламж гардуулах арга хэмжээ 11.40 цагт  Монголын Хүүхдийн ордонд болно.

Categories
мэдээ цаг-үе

Автобусны дуут дохионоос болж хүүхэд амиа алдах шахлаа

-ЖОЛООЧ НАР ХИЙН СИГНАЛЫГ ГАНГАРАА, ЗАГНАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСНООР БУСДЫН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА-

Автобусны жолооч дуут дохио (олны нэрлэж занш¬санаар сигнал)-гоо хангинуулснаас болж нярай хүүхдийн тархинд цус харважээ. Хагас сарын өмнө ээж нь хүүгээ тэврээд автобусны буудал дээр унаа хүлээгээд зогсч байж. Гэтэл автобусны жолооч буудал дээр зогсч байсан өөр нэг автобусыг шахахдаа дуут дохиогоо хангинуулжээ. Гэнэ¬тийн их дуунд цочсон нярайд таталт өгчээ. Ээж нь хүүг хурдан хугацаанд эмнэлэгт хүргэсэн ч тархинд нь цус харвасан байжээ. Хэдэн халтар төгрөгөөс болж шугамаа булаацалдан шахалцаж, уураа гаргаж сиг­на¬лаа орилуулсан жолооч хүний хүүхдийн аминд хүрэх шахсанаа мэдээгүй яваа. Ээж нь сандрахдаа ямар чиглэлд явдаг, аль компанийн автобус гэдгийг ч анзаараагүй гэнэ. Таталт өгсөн хүүхдээ хараад сандарч, ухаан­гүй шахам эмнэлэгт очжээ. Аль компанийн автобус дуут дохиогоо хангинуулж хүүхдийг нь алахаа шахсаныг мэдлээ ч зарга хийгээд явах аргаа хүмүүс мэдэхгүй. Учир нь жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бусдыг цочоох нь энгийн үзэгдэл болсон. “Автобусны жолооч сигналаа дуугаргаад хүүхдийн аминд хүрэх дөхжээ” гэж ярихад “Хөөрхий тэр хүүхдийн үйл нь таарч. Яах гэж нялх хүүхдээ аваад олон нийтийн газар явдаг байна аа” гэж халаглах хүн олон таарлаа. Хүмүүс жолооч нарын дуут дохиогоо хангинуулсан заналхийлэлд дасчихсан байгаагийн илрэл энэ. Гарцаар гарч яваа хүнтэй автобусны жолооч тулж зогсоод сигналаа орилуулж цочоогоод айсан балмагдсан царайг нь хараад баясах нь энгийн үзэгдэл болсон. Жолооч болоод удаагүй хүмүүс аль болох автобуснаас зайгаа барьж замын хөдөлгөөнд оролцдог. Автобус шахаж ирээд, сигналаа орилуулбал шинэ жолооч тэр доороо осол гаргаж мэднэ. 

Жолооч нар дуут дохио­гоо түгжрэлд уураа гар­гаж загнах хэрэгсэл, гэр­тээ очоод гараашаа онгойл¬гуулах “түлхүүр”, ойр яваа танилаа дуудах “утас” бол­гож хэрэглэдэг. Сууд­лын тэрэгний сигнал арай аядуу дуутай, удаан орилуулахгүй бол хүн харваа¬чихааргүй байдаг. Харин том оврын автобусны дуут дохио хүмүүсийг шоконд оруу¬лахаар байдаг гэдгийг хүмүүс ярьдаг. Учир нь автобусны жолооч нар уурхайд ачааны машинуудад хэрэглэдэг хийн сигналаар гангардаг байна. Ингэж унаж яваа техникээ зориулалтын бус хэрэгслээр тоноглож, бусдын амь насанд заналхийлж байгаагаа жолооч нар “гангараа” гэж тайлбарлах юм. 

ХИЙН СИГНАЛ 30-90 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Техникийн захуудад хийн сигнал 30-90 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Дуу нь удаан, чанга дуугардаг нь илүү үнэтэй. Бас товчлуур нь далд газар байдаг, овор багатай нь илүү үнэтэй аж. Хятадад үйлдвэрлэсэн ийм сигналыг жолооч нар гангараа болгож авдаг гэх юм. Ийм дуут дохио зардаг залуу “Япон машины дуут дохио намуун дуутай. Харин Солонгосынх баргил мөртлөө дуу багатай байдаг. Тиймээс хотын түгжрэлд дуу нь сайн сонсогддоггүй. Хятадын хийн сигнал чанга дуутай учраас залуус гангараа болгож авдаг. Бас том оврын автобус, микро автобусны жолооч нар нэгэнтэйгээ өрсөлдөж хийн сигнал авах нь их байдаг. “Хураалгачихлаа дахиад авъя” гээд ирдэг хүн олон” гэв. Харин автобусны жолооч “Автобусны өөрийнх нь сигнал бараг дуу гардаггүй. Тиймээс хүмүүс дайруулчих гээд, жолооч нар мөргөлдчих гээд байдаг. Автобусны буудал дээр чимээ ихтэй болохоор чанга сигналтай л байхгүй бол зогсоол олдохгүй, шугамынхандаа дээрэлхүүлэх гээд байдаг. Бид өөрсдийнхөө цалингаас илүүчилж сигнал авдаг. Замын цагдаа эсвэл нийтийн тээврийн шалгалтынхантай таарвал шууд хураалгана” гэж ярилаа. 

“ХИЙН СИГНАЛААР АВТОБУСАА ГОЁЖ БАЙНА ГЭДЭГ”

“Автобус I” компаниас жолооч нартаа хэрхэн хяналт тавьдаг талаар асуухад “Цахилгаан тээвэр”, “Автобус III” болон манай компанийн жолооч нар хийн сигнал хэрэг­лэдэггүй. Зориулал­тын цахил­гаан сиг­нал нь сууд¬лын тэрэг­ний­хээс ялгаа¬гүй намуухан дуутай. Оношилгоо хийх¬дээ хийн сигналтай эсэ¬хийг нь шал­гадаг. Өглөө бүр тээврийн хэрэгс¬лийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг учраас хийн сигналтай машин байх¬гүй. Жолооч нарын дунд улиралд хоёр удаа сур­галт зохион байгуулдаг учраас зориулалтын бус хэрэг­сэл машиндаа тавьж болохгүйг сайн мэднэ. Хувийн компанийн жолооч нар л хийн сигнал орилуулаад явдаг” гэв. Харин Нийслэлийн тээврийн газрын Хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсээс энэ талаар тодруулахад “Хувь, хувьсгалын гэлтгүй бүх ком­па¬нийн жолооч нар ийм зөрчил гаргадаг. Манайхаас иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийдэг. Жолооч нар өөрсдийнхөө мөнгөөр автобусандаа хийн сигнал авч, цон­хон­доо наалт наачихдаг. Зөрч-лийг нь илрүүлээд тор­гож, хийн сигналыг нь хураадаг ч дахиад л авчихсан байдаг. Хийн сигнал тавьсан бол жолоочийг 30 мянган төгрөгөөр торгож, сигналыг нь хурааж авдаг. Өглөө хийн сигналтай машин хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн албан тушаалтныг  60, албан байгуул­лагын 250 мянга хүртэл төгрөгөөр торгодог. Сүүлийн үеийн сигналын товчлуур нь доор, харагдахааргүй газар байрлуулж болохоор болчихож. Тиймээс жолооч нар мэдэгдэхгүйгээр хийн сигнал тавьчихдаг. Арга хэмжээ авахаар “машинаа гоёж байна” гэдэг. Нэгэнтэйгээ өрсөлдөж, шугамаа булаацалдах гэж ийм зөрчил гаргаад байх шиг байна” гэлээ. 

ХИЙН СИГНАЛ ТАВИБАЛ 5-25 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Хийн сигналыг уул уурхайн талбайд л хэрэглэх зориулалттай. Олон нийтийн газар бол хориотой эд. Тиймээс Замын цагдаагийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард “Хийн дуут дохио” аян зохион байгуулсан. Тухайн үед Ленин клубийн автобусны буудал дээр арван минут зогсоход гурван автобус хийн сигналаа хураалгаж байв. Замын цагдаагийнхан аяны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн бүх жолооч нарт анхааруулга өгч, зориулалтын бус дуут дохио хэрэглэхгүй гэсэн гарын үсэг зуруулж авчээ. Гэвч жолооч нар дүрмээ зөр­чин хийн дуут дохио машин­даа байрлуулж, бусдыг айл­гах, загнах хэрэгсэл болго­соор байгаа аж. Замын хөдөл­гөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүй­лийн 12.7-д зааснаар тээв­рийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавихыг хориглосон байдаг. Үүнийг зөрчиж уул уурхайн бүсэд л хэрэглэх дууны өндөр давтамжтай сигналыг тавьсан жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авдаг байна. Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар зохих зөвшөөрөл­гүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг аж. Мөн хийн сигналыг нь хурааж авдаг гэнэ. Хэрвээ жолооч дуут дохио­гоо хангинуулж иргэдийн эрүүл мэн­дэд сөргөөр нөлөөлсөн бол хохирогч цагдаагийн бай­гуул¬лагад хандах эрх¬тэй юм байна. Улмаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр чанга дуунаас шалтгаалж эрүүл мэнд нь хохирсон нь нотлогдвол буруутай этгээ¬дэд хариуцлага тооцох боломж¬тойг цагдаагийнхан сануулсан юм. 

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Төрд шургалсан шашны мяндагтнуудыг хөөх хэрэгтэй

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл бөө болж “уг”-аа авсан бололтой юм. Элчин сайдынхаа яамны хашаанд овоо босгон гал тахиж бөөгийн шашны зан үйлийг сүр дуулиантайхан хийгээд амжжээ. Тэд чулуугаар тахилын овоо босгож, гал асааж, бүгд монгол дээлээ өмсч байгаад хэсэг бужигнасан бололтой. Монгол төрийн хар хүн гүйцэтгэхэд зохисгүй гэмээр энэхүү үйлдлийг гадаад, дотоодод хийж буй нь анхны тохиолдол биш. Өмнө нь төрийн өндөр дээд хэргэм зэрэгтэй хэд хэдэн хүн ийм ёслол хийж зайрантан, сахил санваартан гэдгээ харуулсан. Хэн нэгэн шашин шүтэх эрхтэй ч хаа газар мухар сүсгээр сүслэн ажил амьдралаа даатгана гэдэг шинжлэх ухаан хэт хөгжиж буй энэ эринд инээдэмтэй. Шууд хэлбэл “ажил, амьдралынхаа сайн сайхны төлөө залбирснаас зүтгэсэн нь дээр” гэдэг үзэл ноёлж ахуй энэ цагт манай өндөр, дээд албан тушаалтнууд харанхуй бүдүүлэг үеийн ухамсраар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.   

Тэгэхээр одоо төр, шашин хоёрыг ялгаж ойлгох, улмаар хуульчлах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдыг шашин шүтэхийг хориглох хэрэгтэй болж. Нэг бол төрийн хар хүн шиг ажиллах эсвэл шашин шүтлэг, сахил санваараа аваад мөрөө хөөх хэрэгтэй гэсэн хоёрхон сонголт тэдэнд бий. Уг нь Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг есдүгээр зүйлийн 1-д  “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг бол мөн зүйлийн 2-т “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалттай. Шашин, төр нэг байхаар улс орон  яаж самуурдгийг Монголын түүх олонтаа харуулсан. Түүхэнд төр шашин нэг байсны уршиг тодоос тод бичигдэн үлдсэн учраас Үндсэн хуульд дээрх заалтыг тусгайлан оруулсан хэрэг. 

Тиймээс монголчууд бид шинжлэх ухааны энэ эринд мухар сүсгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж шашин шүтэж, сахил хүртэж болно. Гэхдээ бас Үндсэн хуулийнхаа “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалтыг мөрдөх хэрэгтэй. Нэг ёсондоо төрийн албан хаагч нь заавал шашнаа шүтэж, төрийн ажлыг шашны үзлээр, тэнгэр бурхнаас асууж явуулна гэвэл төрийн албанаас хөөдөг болъё. Шинэ байранд оруутаа л хонх дамар, хэнгэрэг цан цохиж, арц, ганга уугиулдаг нь бидний зан. Үүнээс улбаалаад төрийн ажлыг тэнгэр бурхнаас асууж явуулдаг жаяг, сүсэл тогтоод байна. Ламтанд шавилж, зайрантанд хадаг барьсан төрийн албан хаагчид “ажилдаа очиж болохгүй гэж зүүдлээд тасалчихлаа” гэж хэлэх нь энүүхэнд болсон учраас үүнийг заавал хуульчлах шаардлагатай мэт.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Сумын ИТХ, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргав

“Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой” гэдэг үг байдаг шиг санагдаж байна. Энэ  үг худлаа биш бололтой. Тус аймгийн Баян-Агт сумын ИТХ нь Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг хүчингүй хэмээн захирамж гаргаж будлиантав. Энэ тухай нь өнөөдөр цахим ертөнцөөр нэг жиргэж, олон нийт элэглэн  дооглож  байна. Засаг захир­гааны доод шатны нэгж  Мон¬гол Улсын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг бүр хуралдан, хэлэлцэж байгаад “хүчингүй болгосугай” хэмээн тамгаа даржээ. Монгол Улсын хараат бус шүүхийн шийдвэрийг хэлэлцэж буруу зөв хэмээн  дүгнэж байдаг нь   сумын ИТХ юм гэнэ.  Урьд өмнө нь сонсогдож байгаагүй ийм зүйл Булган аймагт болжээ. Дүрдээ итгэсэн иргэдийн хурлын төлөөлөгчид нь ”Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй. Үүнийг хүчингүй болгоё” гээд ярилцсан юмуу даа янз нь. Тэгээд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Сум орон нутгийн ИТХ нь шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, үгүйг нь хуралдаад шийдчихдэг бол энэ улсад шүүхийн байгууллага бай­хын хэрэг гэж ер нь байна уу. 

Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн  тавдугаар хур­¬лын 02 тоот тогтоолыг дор сийрүүлье. Тогтоолд “Мон¬гол Улсын  Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түү¬ний удирдлагын тухай хуу­лийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 8.1 дэх заалтыг урьтал болгоод 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-ын 6 дахь дугаарын сонгуулийн  тавдугаар хуралдааны тэмдэг­лэлийг үндэслэн сумын иргэ¬дийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь: 

2013 оны тавдугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг сумын ИТХ-ын 6 дахь удаагийн тав­дугаар хуралдаанаар хэ¬лэлцэн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхи нь шүү¬хийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул анхдугаар хуралдааныг хүчингүй гэж үзсүгэй” дарга Ганболд гэжээ. 

Тэдний үндэслэл болгон дурдсан Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удир¬дах ёсыг төрийн удирд­лагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийг¬мийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагааны ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө,тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн байх юм. Нэг үгээр хэлбэл энэ заалтад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж болох тухай ямар нэгэн  үг хэллэг, утга санаа   огт байхгүй  байгааг харж болох юм. 

Үүнийг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Дооглож тохуурхахаасаа илүүтэй ямар тэнэгүүд нь энэ сум орон нутагт ИТХ-ын тоонд багтаж, шийдвэр гаргаад байна вэ. Халаглахад ч багадмаар ийм л тэнэгүүд  орон нут­гийг удирдаж байгаа юм гэж үү. Үгүй ядаж, ямар хүрээний асуудал шийдвэрлэх эрхтэйгээ мэддэггүй хүмүүс иргэдийн төлөөлөгчид сонгогддог хэрэг үү. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр нь гарсан даруйдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж, тухайн шийдвэрийг  зөвхөн анхан шатны шүүгч  юм уу дээд шатны шүүгчид нь  хүчингүй болгох хууль бий. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг давж заалдаж л болдог болохоос түүнийг хэн нэгэн дураараа өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тэр тусмаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд  огт падлийгүй хэрэг.  ИТХ нь юуг ч шийдвэрлэж болно гэж эндүүрч Баян-Агт суманд  хэсэг нөхдүүд “дарцаг намируулж” Монгол Улсын хуульд захирагдахгүй дур зоргоороо авирлаж буй юм биш биз дээ. Тэднийг удирддаг аймгийн ИТХ гэж ер нь байна уу.

 Г.ЯЛГУУН

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт зул өргөх ёслол болно

“Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол өнөөдөр 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна. Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha Puja хэмээн нэрлэдэг аж. Түүнчлэн энэ нэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо юм байна.

Зул өргөх ёслолын билет энэ сарын 04-ний өдрөөс  Ачлал их дэлгүүрийн доод давхарт TB тохиролцоо-1, Улсын их дэлгүүрийн баруун талд Алтай центр-ийн доод давхарт TB тохиролцоо-2, “SUNDAY PLAZA” 1039 тоот павильон Дашчойлин хийдийн касс, МУИС-ийн 7 байрны хажууд Танан төв 202 тоот, Төв цэнгэлдэх 12-р хаалгаар тус тус худалдаалж эхэлжээ.  

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Улаан оролцоно

Засгийн газрын 11 11 төвд лхагва гариг бүр Засгийн газрын гишүүд орж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Сангийн сайд Ч.Улаан оролцож иргэдийн асуултад хариулах юм байна. Түүнээс асуух асуултаа онлайнаар болон 11 11 шууд утсанд хэлж болох аж.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдын хүсэлтийг Байнгын хороо хэлэлцэнэ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Түүний өргөдлийг өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг  Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой хэмээж байсан ч УИХ-ын дэгийн дагуу харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэнэ гэсний дагуу өнөөдөр ийн хуралдаанд оруулахаар болсон юм.

Э.ЭНХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гадныхан гайхжээ

Барууны аль нэгэн оронд юмны үнэ өсвөл бөөн дуу шуугиан дэгдэж, иргэд нь үймэлддэг. Гэтэл монголчууд тэрэнд огт санаа зовдоггүй нь сонирхол төрүүлж байна гэж гадныхан гайхжээ.

Латин Америкийн нэгэн улсад ариун цэврийн цаасны үнэ өснө гэхэд хүн бүр дэлгүүрт дугаарлаж бүтэн жил хэрэглэх цаасаа худалдан авч хомсдол үүсгэж байсан үйл явдал болсон. Гэтэл Монголд юмны үнэ өсч байна, өсөх байх гэсэн мэдээллийг эдийн засагчид өгдөг ч үүнд ач холбогдол өгч хашгирч байгаа хүмүүс бараг алга. Өнөөдөр 850 төгрөгийн үнэтэй байсан талх маргааш 860 болчихвол хэн ч уурлаж бухимдаж жагсдаггүй. “Яагаад юмны үнэ өсгөөд байна” гэж худалдагч руу ширэв татаад л өнгөрцгөөдөг.

Хүн төрөлхтөн нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалдаг ч аливаа үйл явдалд өөр өөрийнхөөрөө ханддаг. Тухайн нэг асуудлыг үндэстэн, улс бүр өөрийнхөөрөө хүлээж авна. Төгрөг суларч, доллар чангарч байгаа нь бидний амьдралд хамаатай ч монголчууд үүнд өндөр ач холбогдол өгөөд дагаж сэтгэлээр хямрахгүй байна. Тиймдээ ч “Эдийн засгийн хямрал биш хүндрэлтэй үе” гэж ярьцгаах болсон. Тухайн асуудлыг хэн ямар өнцгөөс харж байгаа нь чухал. 250 төгрөг байсан бүтээгдэхүүн 450 төгрөг болсон нь бухимдал төрүүлж болох ч болж байгаа үйл явцыг уужуу тайван, хүлээцтэй хүлээн авч байгаа нь сэтгэлзүйн хувьд ухаалаг байгааг илтгэнэ. Ухаалаг байгаа болохоор өөрт байгаагаа зүй зохистой, тооцоотой зарцуулна гэсэн үг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд өргөн барив. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй байгааг төсөл санаачлагч тайлбарлав.

Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын даргад танилцууллаа. Мөн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Манай улсад 462 зүйл хачиг байна

Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 сарын  үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байдгийг судлаачид тогтоосон.

Хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой.

 Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм. Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.

 Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо ялангуяа толгой хэсэгт үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях хэрэгтэй.

 Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м

 Биед шигдсэн хачгийг зөв авах. Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос эсвэл 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.

Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ.

Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү уухгүй байх, махыг сайтар боловсруулж хэрэглэх, гөрөөс ямааны цус уухгүй байх

 Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

–  Хачигт энцефалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.

–  Хачигт хазуулсан тохиолдолд антибиотик эмчилгээг урьдчилан сэргийлэх журмаар 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.