Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд яагаад хуучин хувцсаа худалдаж болохгүй гэж

Дэлгүүрээс авсан дороо голж орхисон  хувцас хунар  танд байдаг л байлгүй. Ялангуяа хүүхнүүдэд иймэрхүү зуршил гэм биш зан байдаг. Загвар нь таалагдахгүй ч шинээрээ,  хаяхад хайран, шатаахад тиймхэн хувцас хунараа хамаатан садны хүн амьтанд гуйх шахуу өгч байж далд оруулдаг. Эдгээр хувцас хунарыг хэр тааруу үнээр худалдаж аваад хэрэгтэй хэн нэг нь авах боломжийг олгодог дэлгүүр байвал зүгээр дээ.   Гадаадаас ирдэг комиссын барааны талаар энд ярих гээгүй юм. Ер нь монголчууд гадаадынхны өмсч хэрэглэж байсан эд зүйлсээс эрээлж цээрлэлгүй хэрэглэж байгаа юм чинь энэ төрлийн бизнесийн орон зай байгаа л байлгүй. Гэр оронд хөглөрч хог шахуу болсон хэрэггүй эд зүйлсээсээ хэдэн төгрөгийн ашигтайгаар сална гэдэг сайхан санаа. Хямдхан  хувцас хунар  эрж хайсан  хүмүүс байж л таараа.  Хуучин хувцас, эдлэлийн бизнес хотын хогийг ч багасгах буянтай үйлс. Загвар хөөдөг хүмүүс энэ төрлийн дэлгүүрийн гол нийлүүлэгч байх вий. Манай нэг ах лав шинэ загварын зурагт гарах болгонд телевизээ сольдог сонин зуршилтай. Японд амьдарч байгаад ирсэн танил маань хэлсэн юм аа. Манайхан тэнд очихоороо үнэтэй дэлгүүрээс юм авч дийлэхгүй. Хуучин бараа зардаг дэлгүүрийн сүлжээгээр орох дуртай байдаг гэсэн.  Японд хуучин бараа, хувцас эдлэлийн сүлжээ дэлгүүр байдаг гэнэ. Монголд ч бас ийм хэдэн дэлгүүрийн хэрэгцээ бий дээ бий.

Б.ЯНЖМАА 

Categories
мэдээ улс-төр

Л.Болд сайд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзав

   

 Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн хорооны Ази, Номхон далайн дэд хорооны дарга Стив Шабот, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Линч нарыг 5 дугаар сарын 15-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгресс, ард түмэн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг талархан цохон тэмдэглээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.
Конгрессын гишүүд Азийн орноор хийж буй айлчлалынхаа хүрээнд бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсад зочилж буйдаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд дэлхий нийтэд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж буй үүргийг АНУ болон америкийн ард иргэд өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш Алтай ятгын эгшгийг танилцуулна

  

  1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг сэргээн бүтээгээд байгаа билээ.
Тэгвэл уг хөгжмийг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ” маргааш болох гэж байна.
Алтай ятгыг анхлан дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогын 68 дахь их аврага Асашёорюү Д.Дагвадорж тодорсон бөгөөд ёслолын арга хэмжээнд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлчид хамтран оролцох аж.
Дашрамд сонирхуулахад 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон Алтайн ятгын цар нь 2 мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олджээ. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Туркийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсонд эмгэнэл илэрхийллээ

    

Бүгд Найрамдах Турк Улсын Маниса мужид нүүрсний уурхайд дэлбэрэлт болж олон хүний амь эрсэдсэнд Бүгд Найрамдах Турк Улс өнөөдрөөс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Турк Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж  эмгэнэл илэрхийллээ.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдоос Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд А.Давутолуд эмгэнэл илэрхийлж захидал хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг гэр бүлийг шалгаруулав


Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ өрнөлөө. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран  гэр бүлийн өдрийг Соёлын төв өргөөнд тэмдэглэлээ. Мөн улсын шилдэг есөн гэр бүлийг шалгарууллаа.  Нийт 180 гэр бүлээс 2014 оны
“Шилдэг гэр бүл”-ээр есөн  гэр бүлийг  шалгарууллаа.
 “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл, “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл,
“Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл, “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл, “Хүмүүнлэг гэр
бүл”-ээр
Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл, “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл, “Спортлог гэр бүл”-ээр
Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл, “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл, “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д.Дэлгэрсайханы гэр бүл тус тус
шалгарав.

Categories
гадаад мэдээ

“Sewol” хөлгийн ахмадыг бусад ажилтнуудын хамт хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байна

 

Өмнөд Солонгост осолдсон “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сеок болон ахлах инженер, түүний нэг, хоёрдугаар орлогчийг хүн амины хэрэгт буруутган яллаж буйгаа мөрдөн байцаах ажиллааг явуулж буй ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгджээ. Хэрэв тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих ажээ. Мөн хөлөг онгоцны 11 ажилтанг аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр яллахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 16-нд болсон дээрх ослоор 284 зорчигч амиа алдаж, сураггүй алга болсон 20 гаруй хүнийг одоо болтол хайсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд залуу зохион бүтээгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа

“Залуу зохион бүтээгч” улсын уралдааны шилдэг 37 бүтээлийг олон нийтэд дэлгэн танилцуулах үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Ерөнхий сайдын ивээл дор болдог уг  уралдаан энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, 21 аймгийн залуу зохион бүтээгчид өрсөлджээ. Булган аймгийн сурагч Р.Авирмэдийн зохион бүтээсэн бага оврын тракторын хөдөлгүүрийн хүчээр ажилладаг өтөг малтагч төхөөрөмжийг малчдын хөдөлмөрийг хөнгөвчисөн , хэрэглэхэд хялбар бүтээл гэж Ерөнхий сайд үнэллээ. Энэ төхөөрөмж нь өтөг бууц цэвэрлэж ачиж, зөөхөөс гадна цас цэвэрлэн зам гаргах боломжтой юм.
Залуучуудын сэтгэлгээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж,  хийсэн бүтээл нь амьдралд хэрэгжихэд улам ойр болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод цаашид  шинийг санаачлагч залуучууд хамтраад малчдад зориулсан зөөврийн тохилог сууц бүтээхийг уриаллаа.

“Залуу зохион бүтээгч-2014” улсын уралдааны  ялагч МУИС, ХААИС, ШУТИС-ийн инженер техникийн мэргэжлийн ангиудад дөрвөн жил суралцах тэтгэлгийн хамт 10 сая төгрөг гардан авна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг цаашид үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх боломжтой нэг бүтээлд олгож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эхлэл хөрөнгийг гаргаж урамшуулдаг. Ерөнхий сайд үзэсгэлэнтэй танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Categories
мэдээ улс-төр

Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.15/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д. Тэрбишдагва танилцууллаа.
Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтуудыг тодорхой шалгуурын дагуу шүүж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг шинээр боловсруулжээ. Хуулийн төсөлд ТББ, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, хяналтын байгууллага эрсдлийг тодорхойлох, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ТББ, шинжээч, мэргэжилтнийг оролцуулахаар тусгасан байна. Улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд тодорхой заалтуудыг оруулсан аж. Шалгуулагч этгээдийн зардлаар аялах, жуулчлах зэрэг аливаа хэлбэрээр шан харамж авах, шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг буруутгах, дарам шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргахыг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглохоор тусгажээ.


Хуулийн төсөлд төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохоор тусгажээ. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр мөн оруулсан байна. Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх хугацааг тогтоожээ. Ингэснээр аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас олон чиглэлийн хяналтыг давхардаж болон дараалан хийх, хяналтын нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид олон хоногоор үргэлжилсэн, сунжирсан шалгалт хийхийг хязгаарлаж, хяналтыг үр ашигтай, эрсдэлд суурилан төлөвлөх шаардлага хяналтын байгууллагад тавигдана хэмээн Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учир төслийг санаачлагчид нь буцаалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ

“Чингис” бондын хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгөхөөр тус төслийн албаныхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Сүүлийн үед “Гудамж” төслийн санхүүжилт, хийх ажлын талаар шүүмжлэл багагүй гарсан бөгөөд энэ талаарх тодорхой мэдээллийг өгөхөөр ийнхүү уулзалт зохион байгуулжээ.
Төслийн хүрээнд нийт 33 уулзварыг шинэчлэхээс өнгөрсөн жил 18-ыг засч, Чингисийн өргөн чөлөөний 2.2 км замыг өргөтгөн шинэчлэх, “Хүй долоон худаг”-ийн 8.5 км зам барьж, нийт 10.7 км авто замын ажил, 5496 авто машин, 102 автобусны зогсоол байгуулж, 12.6 га үйлчилгээний талбайг тохижуулсан байна. 2013 онд “Гудамж” төсөлд зориулж баталсан нийт 200 сая ам.долларын санхүүжилтээс 2014 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Хөгжлийн банкнаас 648 сая төгрөгийн санхүүжилт авснаас 50 тэрбум, 171 сая төгрөгийг зарцуулаад байгааг албаныхан хэллээ.
Энэ жилийн хувьд гурван уулзвар, 21 км авто зам, 479 у/м гүүр, Гандангийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц, Туул голын хурдны зам /33 км/, Сэлбэ голын хурдны зам /26 км/-ын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Замын уулзварыг шинэчлэх ажлын тухайд, эхний ээлжинд тодорхой болсон гурван уулзвар нь 100 айл, Ахуй үйлчилгээний төв, “Цэцэг” төвийн уулзварууд ажээ.
“Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэх бөгөөд аймаг бүрт төслийг хэрэгжүүлэх хүсэлт явуулсан áàéíà.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас мэдэгдэл гаргав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хаврын чуулган эхэлснээс хойш “давхар дээл” тайлах төслийг хэлэлцсэн ч олонхийн бүлэг унагасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөл өгснийг УИХ сар гаруйн хугацаанд  хэлэлцээд төсөл санаачлагч нь өөрөө хуулиа эргүүлэн татсан нь Монгол төрөөр тоглосон явдал гэж үзэж байна. Монгол Улсын иргэн төрийн хамгаалалтад байж байгаад амиа алдсан явдал гарсан. Тиймээс шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушалтнуудтай хариуцлага тооцохыг шаардаж мэдэгдэл гаргаж байна” гэлээ. Энэхүү мэдэгдлийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж байгааг тэд онцолсон юм.
Мэдэгдэлд, “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшилээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчимыг ард түмний  үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдэсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдалууд харуулж байна. Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо.Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг 2 сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж,  улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт  ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь  цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.