Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үнэлгээ хийнэ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжийн байдалтай танилцлаа. Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийг “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори” болгон өөрчлөн зохион байгуулсан аж. Тус лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, Шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн удирдах,  Шинжилгээний ур чадварын сорилтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эко үйлчлэгч нар өнөөдрөөс ажилдаа гарлаа

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өнөөдрөөс   эко үйлчлэгч
нар ажиллахаар болсон гэнэ. Нийт 23
гудамж, 11 хэсэг, 2278 өрхтэй тус хороо иргэдийнхээ дундаас
13 хүнийг сонгож, эко үйлчлэгчээр
ажиллуулахаар болжээ. Хариуцаж авсан гудамжаа цэвэрлэх үүрэгтэй
эко үйлчлэгчид нэг өрх
сард 1000 төгрөгийн
урамшуулал олгох юм байна. Нэг гудамжиндаа 75-90 айлтай гэнэ. Харин эко үйлчлэгчийн
ажилд хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл,
урамшуулалт эргүүлийнхэн хяналт тавих юм байна.
Хорооны зүгээс эко үйлчлэгч
нарыг ажлын үнэмлэх, хувцас, багаж хэрэгсэлээр
хангахаар болжээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Монгол судлалын олон улсын бага хурал болов

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ дахь Монголын соёлын төвөөс хамтран зохиодог Монгол судлалын олон улсын 8 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаачид уригдан оролцож, Монголын түүх, уран зохиол, өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд илтгэл тавьж, мэдээлэл хийв.

Элчин сайд Б.Алтангэрэл бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол судлалын бага хуралд оролцож буй эрдмийн цол зэрэгтэй хүмүүс олон болж, тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгааг олзуурхан тэмдэглэж, цаашид олон улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.

Өмнөх жилүүдийн Монгол судлалын бага хурал манай улсын түүх археологи, утга зохиол, хэл шинжлэлийн асуудлаар зохиогддог байсан бол энэ удаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд, тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, ололт амжилт, алдааг үнэлж цэгнэх, шинжлэн дүгнэх зэргээр шинэ сэдвүүдийг хөндөж ярилцав.

Бага хурлын нэг салбар хуралдааныг нэрт эрдэмтэн Хангины Гомбожавын дурсгалд зориулсан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн талаар Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн тэргүүн Санжийн Алтан илтгэл тавьж, Х.Гомбожавийн шавь, Монголч эрдэмтэн А.Кэмпи, яруу найрагч Ч.Дагвадорж нарын хүмүүс дурсамжаасаа хуваалцлаа.

Х.Гомбожав бол АНУ-д монгол судлалын үндсийг тавьж бэхжүүлсэн, Монгол Улсыг НҮБ-д элсэх, Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох зэрэг түүхэн үйл явдалд гар бие оролцсон гавьяатай нэгэн билээ.

Хурал зохион байгуулагчдын зүгээс төлөөлөгчдийг АНУ-ын Конгрессын номын санд зочлуулж, Монголын судар бичгийн өв соёлтой танилцуулав. Мөн Монголын соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ  өөрийн цуглуулгаасаа 1920-иод оны Монголын хууль цаазын эх бичвэрүүдийг эх хувиар нь дэлгэн үзүүлж сонирхууллаа. АНУ дахь Монгол Улсын ЭСЯ дээр зохион байгуулагдсан энэ удаагийн бага хуралд нийт 50 гаруй төлөөлөгч оролцов.

Categories
мэдээ нийгэм

Оюутан, сурагчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9771 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 933, 102 дугаарт 5105, 103 дугаарт 3733 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 686, зам тээврийн зөрчил 292, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1759 бодит дуудлага хүлээн авчээ.

Түүнчлэн урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор оюутан, сурагчдын хонхны баяр болох нь ихэсдэг. Энэ үеэр амралт зугаалгаар явж байгаад архидан согтуурах, үертэй усанд живэх, сэтгэл санааны байдлаас шалтгаалан амиа хорлох, татсан тамхиа унтрааж хаяагүйгээс гал түймэр гаргах зэрэг хэргүүд ихээхэн гардаг байна. Иймд оюутан, сурагчдыг тэмдэглэлт баярын өдрөөрөө амралт зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.  

Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд түймэр гарсныг унтраажээ

Хаврын
хуурайшилтын улмаас гал түймэр гарах  нь
их байна. Өчигдөр л /05.05/ гэхэд  Хан-Уул дүүргийн
нутагт, Богдхан уулын Соёмботой уулын өвөр талын хэсэг талбайг хамарсан түймэр
гарав. Аврах гал
унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг шуурхай ажилласны хүчинд амжилттай
унтраажээ. Энэ талаар өчигдөр НОБЕГ-аас тодруулах хөрсний өвс шатсан, ой мод
өртсөн юм байхгүй хэмээн мэдээлсэн билээ.  Өмнөх долоо хоногт  тус газарт мөн л гал
гарч байна гэсэн дуудлагаар аврах гал унтраах анги очиж 0.6 га орчим газарт
дэгдсэн гал түймрийг унтраасан байна. Энэ
мэтээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд обьектын гал түймрийн 22 дуудлага
ирсэн талаар албаныхан мэдээллэв.

 Энэ сард хуурайшилт, салхи шуурга ихтэй байна хэмээн цаг
уурын үндэсний төвөөс мэдээлж буй. Иймд ард иргэд та бүхнийг тамхи, шүдэнз,
цогоо гүйцэт унтрааж, ил задгай гал түлэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг
анхааруулж байна.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Цахим машин замын цагдаагийнхны “но”-г илрүүлэв үү

-ЗЦГ-ЫН ТӨСӨВТ
ОРУУЛСАН ОРЛОГО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙНХЭЭС ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

Замын цагдаа авлига авдаг
гэсэн нэр цагдаагийн байгууллагаас лав салаагүй
өнөөг хүрсэн. Хэдэн жилийн өмнө баасан гариг бүрт болдог Хууль зүйн сайдын зөвлөлийн
хурлаас сурвалжлага хий­дэг байв. Шинэ соргог зүйл ярьчих болов уу гээд очоод суухаар “Танай цагдаа нар торгуулийнхаа мөнгийг халааслаад
байна. Иргэд гом­дол гаргасан” гэх үг сайдын
амнаас байнга л сонсогдож, Замын цагдаагийн газрын даргын нүүр нь минчийчихсэн, хэлэх үгээ олохгүй суудаг
байсныг тод санаж байна.Тэр даргыг сайд нь их ч загнана. Хууль зүйн салбарын харьяа
агентлаг, газрын дарга нарын дунд загнуулаад суух тэр даргад юуных нь сайхан байхав.

Олон жил ярьсан, цагдаа­гийн байгууллагын салбарын толгойны өвчин
болсон энэ асууд­лыг саяхан шийдэх шинэ аргыг замын цагдаа нарын дунд хэрэгжүүлсэн
юм. Тэр нь замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй. Харин
тусгай хэвлэгч машинаар тор­гууль бичдэг болгосон явдал. Жижиг авсаархан, гар утаснаас
жаахан зузаан энэ цахим машин уншигчаар зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим
үнэмлэх, жолоо­ны үнэмлэх эсвэл хуруу­ны хээг таниулан тодор­хой мөнгөн дүнгээр
торго­сон баримтыг тэр даруй нь гар­гаж өгдөг. Баримтын дагуу зөрчил гаргасан жолооч
торгуу­лиа төлөх үүрэгтэй. Бэлэн мөнгөөр ийн торгууль төлөхөө больсноор ЗЦГ-ын төсөвт
оруулсан орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. Нийт мөнгөн дүн
нь 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гэхэд цахим
машины ид шид ийн гарч эхэллээ. Энэ үзүүлэлтээс харвал өмнө нь
төсөвт ойролцоогоор замын цагдаа нар
400 орчим сая төгрөг оруулдаг байсан бололтой юм.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 орчим замын цагдаа нарын ажлыг
бага ч болов хөнгөлнө гэж үзсэн тус цахим машин нь тэдний хууль бус үйлдлийг илчилж, төсөвт орох
ёстой мөнгийг зүй ёсоор нь төвлөрүүлэх болсон байна. 2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум
төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн хэмжээнд
ажиллаж байгаа 400 цагдаад өгсөн юм. Тэгэхээр цахим машин богино хугацаанд өөрийн үнэ болох 1.8 тэрбум төгрөгийн 1.2 тэрбумыг олоод зогсохгүй
цаашлаад төсөвт оруулах төгрөгийн хэмжээг нэмэх нь тодорхой болжээ. Зөрчлийн торгуулийг
хэвлэж өгснөөс 14 хоногийн хугацаанд банкны
дансанд тушаах, төлөхгүй бол хэмжээ нь өсөх,
цаашлаад жолоочийн жолоо барих эрхийг
нь хасах хүртэл зохицуулалтыг суулгасан нь
бас ийм хэмжээний мөнгө төвлөрөхөд нөлөөлсөн бололтой.

Замын цагдаа торгууль бичиж бэлэн мөнгө авдаг байхад Замын цагдаагийн
газраас ийм хэмжээний мөнгө төсөвт төвлөрдөггүй байсан нь энэ цахим машины бас нэгэн
давуу тал болж байна. Нэг хэсэг толгойтой бүхэн л замын цагдаа болохыг хүсч байсан
нь нууц биш. Ямар сайндаа л ийм онигоо бий. “Залуухан замын цагдаа ажилд оржээ.
Ажилд ороод хоёр, гурван сар болов. Нэг өдөр дарга нь дуудаж “Та яагаад хоёр гурван
сар цалингаа авахгүй ажиллаад байгаа юм бэ” гэтэл нөгөө цагдаа “Өө бас цалинтай
байсан юм уу” гэжээ. Энэ мэтээр замын цагдаатай холбоотой онигоог хэлж барахгүй.
Бэлэн мөнгөтэй замын цагдаа нар харилцсанаар өөрсдөө халаасалж байсан уу гэдэг хардлага
эндээс гарч байгаа юм. Хардлага ч юу байх вэ замын цагдаа торгуулийн мөнгийг их бага хэмжээгээр халаасалдаг байсныг дээрх үйл
явдал харуулж буй юм. Торгуулиас орсон орлого
гурав дахин нэмэгдсэн нь осол зөрчил гаргасан, торгууль төлөх жолоочдын тоо өссөнтэй
холбоогүй гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байна. Түүний ярьснаар бол харин үүний оронд
замын цагдаа нар бэлэн мөнгөөр торгууль төлүүлдэг
байхдаа хэдэн төгрөгийг нь халаасалчихдаг
байсан нь үнэнд нийцнэ хэмээн хэлэв.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ нийгэм

Соёмбо толгойн түймрийн шалтгааныг тодруулна

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Соёмбо толгойд түймрийн талаар эргэн тодрууллаа.

Түймэр гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /V.05/ 16 цаг 14 минутад иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутад хүрэлцэн очиж, шуурхай ажиллан унтраасан байна. Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтооно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

53 аппарат хүлээлгэн өглөө

Эрүүл
мэндийн яамнаас хэрэгжүүлж буй  Эрүүл мэндийн довтолгоо аяны хүрээнд
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүрэгт 35
ширхэг цусны даралтын аппарат хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэдэд цусны
даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа аж. Засгийн газар, Азийн
хөгжлийн банк хооронд 2007 онд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын
хөгжлийн хөтөлбөр-3” төслийн хүрээнд нийлүүлэх 142 аппаратын 53-ыг нь
ийн хүлээлгэн өглөө. Цаашид хэрэгцээг бүрэн хангахад 450 ширхэг аппарат
шаардлагатай аж. Үүнийг худалдан авахын тулд Эрүүл мэндийн сайдын 2014
оны төсвөөс 387 сая төгрөг гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Замын цагдаа нар өнгөрсөн арванхоёрдугаар сараа эхлэн “Police reader” гэх ухаалаг төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Жолоочийн болон тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан энэхүү төхөөрөмжийг ашиглаж, дүрэм зөрчигчдийг бэлэн мөнгөөр торгохоо больсон.

Ингэж бэлэн бусаар торгодог болсноор өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд замын цагдаагийн байгууллагын төсөвд 1.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Өөрөөр хэлбэл дөрвөн сарын хугацаанд жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан гэсэн үг. Ингэснээр Замын цагдаагийн газрын төсөвт оруулах орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. 

Г.Ган

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 7591 ажлын байр бий болжээ

Даваа гаригбүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй найман хөтөлбөр, төслийн талаар
мэдээлэл хийсэн юм. Энэ жил нийтдээ 68569 ажлын байр шаардлагатай байгаагаас
8500 нь инженер техникийн ажилтнууд байх бол туслах ажилтнууд 16400, мэргэжлийн
43679 ажилтан хэрэгтэй гэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ, политехникийн 80 орчим коллеж ажилладаг бөгөөд эдгээрт 42.7 мянган
хүн суралцаж байгаа юм байна. Өнгөрөгч онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. Дэлхийн эдийн засаг
хямрах явц Монголыг дайрч байгаа ч гэсэн сөрөг хүчний мэдэгдэж байгаа шиг олон мянган
аж ахуй нэгж хаалгаа барьсан зүйл байхгүй гэдгийг Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ. Улсад
бүртгэлтэй 76 мянган аж ахуй нэгжээс 51 мянга нь үйл ажиллагаагаа явуулж, татварын
тайлангаа өгдөг аж. 20 гаруй мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэв. Аж
ахуй нэгжүүд эдийн засаг хүндэрч байгаа энэ нөхцөлд хэн нэгнийг ажлаас халахыг урьтал
болгохгүй байгаа гэсэн юм. Өнөөдөр улсын хэмжээнд нэг сая 103 мянган хүн ажил эрхэлж
байгаа юм байна. 180 мянган иргэн төрийн байгууллагад ажилладаг бол 915 гаруй мянган
хүнийг ажиллуулж байгаа баялаг бүтээгчдээ дарамтгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахаар
Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн юм.

Яамны зүгээс аюулгүй ажиллагааны
тал дээр онцгой анхаарч байгаа бол Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн бодлогоо Их хуралд
өргөн барихад бэлэн болжээ. Хөдөлмөрийн төв бирж www.hudulmur.mn вэб сайтаар дамжуулан
онлайн зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг
56 мянган аж ахуйн нэгж, компанийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул
ажлын байрны талаарх мэдээллээ байршуулж байна. Өнгөрсөн сарын 1-нээс ажиллаж эхэлсэн
энэ үйлчилгээнд 204 мянган иргэн хандсан бөгөөд өдөрт 1700 хүн нэвтэрч ажил хайж
байна. 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байр
бий болжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тавдугаар сард
энэ тоо нэмэгдэнэ гэсэн юм. 2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн
тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол,
гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг,
ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал
заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын
түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.
Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байна.
Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их
бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчод хандан “Нэн түрүүнд ажлын
байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.
Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим ажил олгогчтой
хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Э.ЭНХ