Categories
мэдээ нийгэм

Солонгост баривчилгаа эхэллээ

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах, нутаг буцаах ажлыг Засгийн газраас нь үе үе зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд тав, зургадугаар сард баривчилгаа хийхээр аян эхлүүлжээ. Хотуудын цагдаагийн газар болон Цагаачлалын алба хамтран үйлдвэрийн цогцолбор газрууд, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон барилгын ажил явуулж байгаа газруудад шалгалт хийж байгаа аж. Мөн айл нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ. 

Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна. Хэрвээ харласан иргэд өөрийн хүсэлтээр гарах хүсэлт гаргавал торгуулиас чөлөөлж, дахин Солонгост ирэх нөхцлийг нь хөнгөвчилдөг байна. 

Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ. Ажлаасаа халагдсан иргэд баривчилгаа дуустал түрээсийн байрандаа бүгэх шаардлага гардаг аж. 

Цагаачлалын алба болон цагдаагийнхан үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ байрных нь бүх хаалгыг битүүмжилж, цонхон доор нь ажилчдаа зогсоодог аж. Харласан ажилчид цонхоор үсэрч хөл, гараа гэмтээх, зугтах тохиолдол их гардаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд монгол залуу хоёр давхрын цонхоор үсэрч хөлөө гэмтээж байжээ. 

Баривчилгааны үеэр цагаачлалын албаныхан хууль бус иргэдийн талаарх мэдээлэл авах утасны дугаараа зарлалын самбаруудад наадаг. Уг утсанд ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж, олон хүнийг баривчилдаг байна. Утсаар мэдээлэл өгөх боломжтой учраас Солонгост хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа монголчууд харласан нутаг нэгтнүүдээ барьж өгнө гэж айлгах тохиолдол ч гардаг байна. Ингэж дарамталж архи, тамхи авахуулж, байрныхаа түрээсийг даалгадаг хүмүүс ч байдгийг тэнд байгаа монголчууд ярьсан. Цөөн тохиолдолд “харласан” иргэн өөрийнхөө талаарх мэдээллийг утсаар өгчихдөг гэнэ. Цалингаа цуглуулаад нутаг руугаа явуулчихсан, дахиж Солонгост ирэх шаардлагагүй гэсэн цөөн хүн ийм сонголт хийдэг талаар нутаг нэгтнүүд нь ярьсан юм. 

Цагаачлалын албаныхан гудамжинд сэжигтэй хүн харагдвал “Хүүе” гэх зэргээр эх хэлээр нь дууддаг. Ингэж дуудахад монгол хүн эргэж хардаг аж. Ингээд бичиг баримтыг нь шалгаж, зөрчилтэй байвал шууд баривчилдаг байна. 

Солонгос дахь монголчуудын сайт болох www.mglradio.com сайтад баривчилгааны талаарх мэдээлэл, зөвлөгөө их ордог. Энэ сайтаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг Солонгост амьдарч байгаа монголчууд ярилаа.

Ц.ӨРНӨХ 

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомжтой байж уул уурхайн салбар хөгжинө

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг дэмж-сэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу.  Энэ салбараа дэндүү их улстөржүүллээ. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь эсрэг зүйл яриад сууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл хоёр Засгийн газартай болчихсон юм уу, кабинетын зарчмаар ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж сар ярилаа. Уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарна. Эл салбар ДНБ-ий 40 орчим хувийг, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь энэ салбар руу орж байна. Эдийн засаг хөгжихгүй бол ард түмэн яаж сайхан амьдрах юм бэ. Гол нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо гол концепциос хазайж болохгүй.  Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү. Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомж­той байж уул уурхайн салбар хөгжинө. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгохдоо төр захиргааны хүнд суртлыг нэмж болохгүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас илүү боловсронгуй болгох ёстой. Монгол Улс Эрдэс баялгийн салбараа тордож, хөл дээр нь тогтоож байж, хөгжинө. Хий хоосон улс төр хийхээ больё” гэсэн юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Амгалангийн дулааны станцын тоног төхөөрөмжийг онцгой албан татвараас чөлөөллөө

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Амгалангийн дулааны станцын тоног төхөөрөмжийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. 

Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцуулсан юм. Уг хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулийг улам сайжруулсан бөгөөд олон зүйл заалт нэмэгджээ. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих юм байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгохыг хоригложээ. Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.

УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас он дуустал зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцжээ. Нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтын зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд зардлыг шилжүүлэхээр төсөлд тусгасан байна. Харин улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгахаар зохицуулжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. Баасан гаригийн үдээс хойшхи чуулганыг даваа гаригт дэлгэрүүлэн хүргэх болно.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Э.Баянжаргалын “Огт оргүйг ширтнэм” ном хэвлэгдлээ

Эрдэнэбатын Баянжаргал хэмээх бүсгүй Японы хайку шүлгийн зарчмаар шинэ ном туурвилаа. Энэхүү номонд орсон яруу найргийг МЗЭ-ийн шагналт яруу най­рагч Жигмэдийн Бат¬сайхан “Монгол хайку” хэмээн онцолжээ. Э.Баян­жаргал анх Японы алдарт яруу най­рагч Мацүо Башёгийн шүлгийг сонирхож хайкуг судлахаар шийд¬сэн гэнэ. Ингэхдээ эх хэлийг нь сурч, хайкуг судлахаас гадна өөрөө бичдэг болсон байна. 2009 онд “Монголын орчин үеийн яруу найраг-III буюу Бүсгүй найрагчдын хайрын шүлэг”, 2011 онд “Огторгуйн далайн гэрэлт шүлгэн сондор оршвой” зэрэг номонд түүний шүлгүүд хэвлэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа өөрийн бие даасан хайку шүлгийн номоо ийн гаргаж байна. 

Цантай цонхыг

Зүрхээрээ хайлуулна

Бодол урсана… гэж бичсэнийг МУ-ын Төрийн соёрхолт, СГЗ Дарамын Батбаяр уншаад “Борооны дараахь мөөг шиг тэнгэрийн дүлий шиг энэ олон зуун шүлгэн дотор ийм мөр байна уу” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ-ийн шинэ онгоц 16.00 цагт газардана

 “МИАТ” компани ээлжит шинэ хөлөг онгоцоо өнөөдөр хүлээн авна. “МИАТ” компани 2020 он хүртэлх хугацаанд нийт онгоцныхоо 70-80 хувийг шинэчлэх төлөвлөгөө гаргаад байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд “Boeing 767-300” загварын шинэ онгоц худалдан авсан билээ. Харин өнөөдөр 16.00 цагт дараагийн шинэ онгоц Улаанбаатарт газардана.

Шатахуунаа дахин цэнэглэхгүйгээр 10 цагийн турш нислэг үйлдэх боломжтой “Гүюг хаан” хэмээн нэрлэсэн энэ онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай юм байна. “Boeing 737-800” онгоцыг 5-15 жилийн хугацаатай үйл ажиллагааны түрээсийн зарчмаар хүлээн авч байгаа юм. Мөн “МИАТ” компани 2016 онд дахин хоёр шинэ онгоц авахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монголоос хураасан арслан зааны ясыг Оросын музейд бэлэглэнэ

ОХУ-ын Хиагт боомтоор хил гарах гэж байсан Монголын иргэн нэгэн эмэгтэйгээс хураан авсан арслан зааны шүдийг Буриадын үндэсний музейд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн 2013 онд тэр эмэгтэй ОХУ-д борлуулах зорилгоор арслан зааны яс нууж авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд баригдсан юм. Оросын гаальчид уг ясыг Эрхүү хотын эрдэмтдэд шинжлүүлэхээр явуулжээ. Эрдэмтэд судлаад залуу арслан зааны шүд, түүх соёл, шинжлэх ухааны асар их үнэ цэнэтэй эд гэж тогтоосон байна. Үүнээс өмнө Хиагтын гаалиас монголчуудаас хураасан динозаврын өндөг, ясыг мөн Буриадын үндэсний музейд шилжүүлэн өгч байсан билээ. 

Монгол арслан зааны шүдийг музейд гардуулан өгөх ёслолын ажиллагаа Улаан-Үд хотын Шүүхийн байранд энэ сарын 21-нд болох гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Н.Алхааг Монгол Улсаас гаргах шийдвэрийг хойшлууллаа

Монголд 22 жил амьдарсан Н.Алхаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Түүнийг энэ сарын 15-нд Монгол Улсаас гарахыг ГИХАЭГ-аас даалгасан. Харин өчигдөр ГИХАЭГ шийдвэрээ өөрчилж Н.Алхааг Монгол Улсаас гаргах шийдвэрийг түр хойшлуулжээ. Уг газраас “Вэнь Шин (Н.Алхаа) нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ. Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй, олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй байна. Гэр бүлийн шалтгаанаар оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх бусад бодит шаардлагыг үүсгэсэн юм. 

Вэнь Шин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат болох болон цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор гаргаж хандаагүй байна.

Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна” гэжээ. 

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт золгүй байдлаар 20 шахам хүн амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт золгүй байдлаар
20 шахам хүн амиа алджээ. Тодруулбал, амралтын өдрүүдэд 10 хүн, даваа­гаас мягмар
гаригт гурав, мягмараас лхагва гаригт таван хүн амиа алдсан байна. Хохирогчдын олонхи
нь архи ууснаас үүдэж амиа алдсан гэдгийг цагдаагийнхан хэлсэн.

Дулааны улирал эхэлж байгаатай
холбоотой танхай, дээр­мийн хэрэг ихэсчээ. Амрал­тын өдрүүдэд танхайн 28, дээрмийн
таван хэрэг бүрт­гэгдсэн бол даваа гаригт танхайн 14 дээрмийн нэг хэрэг гарчээ.
Харин лхаг­ва гаригт танхайн ес, дээр­мийн дөрвөн хэргийг цаг­даа­гийн байгууллага
бүрт­гэж авчээ. Өчигдөр гэхэд Цэцэг төвийн эсрэг талын дэл­гүү­рийг дээрэмдэх гэж
бай­сан этгээдүүдийг цагдаа­гийнхан үйлдэл дээр нь барив­чилжээ.

Цас орж, цаг агаар мууд­са­наар
зам тээврийн осол цөөнгүй гарчээ. Лхагва гаригт зам тээврийн хэрэг 17 бүртгэгдсэн
байна. Энэ өдөр машин ачилтын компанийн ажилтан гарцаар гарч бай­сан хүүхдийг дайрч,
хүнд гэмтээсэн. Ачилтын компанийн жолооч машин ачихаар яарч урсгал сөрж явахдаа
ийм осол гаргасан. Өмнө нь машин ачдаг компанийн ажилтан мөнгөний төлөө хоёр сартай
хүүхдийг машинтай нь “журамлачихсан”. Энэ удаад мөнгөний төлөө улайрч яваад хүний
хүүхэд хөнөөх шахлаа.

Сүүлийн үед хүн амины ноцтой хэрэг
гарах болсон. Залуучууд кинон дээр гар­даг шиг нэгнийгээ хөөж бууд­сан хэрэг орон
нутагт гарсан талаар “Өдрийн сонин” сурвалжилсан. Өнгөр­сөн долоо хоногт хүний амь
хөнөөгөөд, арван хүн барьцаалсан хэрэг гарлаа. Тодруулбал, лхагва гаригт  “Цэцэрлэгжилт” компанийн ажил­чин Биокомбинатын
Мод үржүүлгийн газарт дад­лага хийж байсан 10 оюутныг барьцаалж, хүний амь бүрэлгэж.
Сэжигтэн тус компанид ажилд ороод нэг жил гаруй болсон, талийгаач ажилд ороод удаагүй
залуу байжээ. Цагдаагийнхан хоёр цаг шахам барьцаалагчтай ярилцаж байж хохирогчдыг
эсэн мэнд суллаж авчээ.

Монголд сонсогдоод бай­даг­гүй
буудалцсан, барь­цаалсан гэх хэрэг гарсан талаар цагдаагийн эх сурвалж “Залуучууд
нийгэмшээгүйн үр дагавар. Хүмүүсийн дунд амьдарч, олонтой харьцаж төлөвшөөгүй байна.
Ерөөсөө л киногоор амьдралаа төсөөл­дөг. Үзсэн кино дээр нь буудалцаад, хэн нэгнийг
барьцаалаад санасандаа хүрч болдог байх. Харин амьдрал дээр өөр. Гэмт хэрэг үйлдсэн
л бол баригддаг, ялаа эдэлдэг” гэв.

Дээрх хэргүүдээс гадна интерполоор
монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл түгсэн. С.Энхчимэг нь бусдын
эд хөрөнгийг хувьдаа завш­сан, шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх
хугацаандаа хилээр оргон зугтжээ. Тэрбээр 1972 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд
төрсөн нэгэн ажээ. Түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Интерполын албан ёсны вэб
сайтад байсан юм.

АНУ-ын иргэнийг хөнөөсөн гэх хэрэгт
Ч.Баттуулд хоёр шатны шүүхээс 23 жил хорих ял оноосон. Уг хэргийг Дээд шүүх хянаад
ялыг хэвээр үлдээлээ.

Үүнээс гадна найз бүс­гүй­гээ
хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж байсан Г.Алтан­хүүд холбогдох хавтаст хэрэг­тэй Улсын
ерөнхий проку­рор танилцжээ. Улмаар хэр­гийг олон талаас нь бодит байдлыг тогтооход
анхаарч, шалгах үүргийг өгсөн байна. Г.Алтанхүүд холбогдох хэр­гийг Улсын мөрдөн
байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэм­цэх хэлтэст шалгахаар болжээ.

 Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага ням гариг хүртэл үргэлжилнэ

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэлд өрнөлөө. Уг арга хэмжээ дүүрэг бүр дээр болж байгаа бөгөөд ням гариг хүртэл үргэлжилнэ.  Цэрэг татлага Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,  Бяанзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр явагдаж байна.
Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг дөнгөж сая  Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу хуваарилжээ. Харин маргааш Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрцгий эрийн үйлдэл хүн амын тооллогоор ил болов

Эхнэрээ гинжлээд зооринд хорьдог байсан харгис эрийн тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үйл явдал  Хятадын Сычуань мужид болжээ. Тэрээр эхнэрээ өөрөөс нь явчих вий хэмээн хорьж, цоожилдог байсан гэнэ. Орон нутгийн захиргааны ажилтнууд хүн амын тооллогоор явж байхдаа уг хэргийг илрүүлжээ.
40 настай Лин Дазюн хоёр удаа гэрлэж байсан бөгөөд эхнэрүүд нь түүнийг хаяад явчихсан гэнэ. Хоёр эхнэрээсээ салсаныхаа дараа анхны эхнэрээ санажээ. Ингээд 35 настай Лин Яныг хоёулаа түрхэн ярилцья гэж хуурч гэртээ  авчраад ирэнгүүт нь гинжлээд зооринд хорьжээ.


Тэрээр өөрөө гэртээ байх хугацаандаа бүсгүйг гарахыг зөвшөөрдөг байж. Харин өөрөө гадуур явахдаа буцаад зооринд хорьдог байсан гэнэ. Энэ харгис эр экс эхнэрийнхээ аминд халдана гэж үргэлж заналхийлж, улмаар сүрдүүлэн өөрийнхөө эрхшээлд байлгадаг байжэý. Уг нь энэ бүсгүй түүнээс салснаас хойш ахин өөр нөхөртэй болчихсон байсан гэнэ. Ингээд түүнийг гэнэт ор сураггүй алга болчингуут шинэ нөхөр нь цагдаагийн газарт мэдэгджээ. Гэвч цагдаагийнхан тухайн үед ямар ч ул мөр олж чадаагүй юм байна.
Харин хүн амын тооллогын үеэр санамсаргүй илэрсэн аж. Бүртгэл хийгдэж байх үед гэрийн эзэн эр сандрангуйгаар, зоорийн хаалга руу хараад байгааг ажилтнууд анзаарсан байна. Ингээд доод хонгилоос ямар нэгэн чимээ гараад байсан тул шалгахаар шийдэн ортол гинжлэгдсэн бүсгүй байхыг хараад мэл гайхацгаасан аж хэмээн  Daily Mail-д мэдээлжээ.