Categories
мэдээ нийгэм

Нийслэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихээр хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм.

Монгол банкны судалгаагаар 2227 аж ахуйн нэгж, иргэдийн 69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй байгаа, 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулжээ. Харин нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хийсэн судалгаанд 935 аж ахуйн нэгж, иргэн оролцсоноос 52 хувь нь хөнгөлөлтэй зээлд хамрагдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээр судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд тэдгээрт хөнгөлттэй үнээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тиймээс одоогийн банк, санхүүгийн байгууллагаас үзүүлж буй зээлээс хялбар байдлаар иргэдэд хэрэгцээтэй зээл өгөх боломжийг бүрдүүлэх гэж байна.

Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банканд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулна.

Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3 тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дээрх журмын төслийг дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин нийслэлийн Засаг дарга “Олон жил жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгийг хий дэмий зарцуулсан. Зорилтод бүлгийн хүмүүстээ хүрч чаддаггүй энэ зээлийн хөтөлбөрийг нийслэл жшиг байдлаар зохион байгуулж, үр дүн гаргах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн юм. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” байгуулах, хэрхэн ажиллах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 05 дугаар сарын хуралдаанд өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж: Монгол Улсад инженерийн шинэ эрин үе эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн байрны өмнө мод тарьсныхаа дараа тус сургуультай танилцав. Ашигт малтмал, технологийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулж, анхны хичээлийн жилдээ оюутан сургаж байгаа юм.
Тус сургуулийг байгуулах баримт бичгийг анх 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг Монголд айлчлахад үзэглэж байсан бол өдгөө ажил хэрэг болж хичээлийн байр, дотуур байр, үйлчилгээний төвтэй сургалтын том төв байгуулагджээ. Ингэснээр өмнө нь ХБНГУ-д оюутан сургаж эзэмшүүлдэг байсан инженер, техникийн мэргэжлийг Монголдоо сургаж, сайн технологи, сайн мэргэжлийг Монголдоо  нэвтрүүлэх гүүртэй болсон байна. Канцлерын айлчлалын үеэр мөн Монгол-Герман хоёр улс ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байсныг дурдаж байв.
Сургуультай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“Ашигт малтмалаа монголчууд ашиглая гэвэл дотооддоо бэлтгэсэн өөрийн боловсон хүчнийг үйлдвэр, уурхай дээр ажиллуулдаг болъё гэсэн санаачлагаар тус сургуулийг байгуулсан. Сургууль байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байна. Цаашдаа энд судалгааны төв, лабораторитой, багш, оюутнууд эндээ амьдардаг цогцолбор, хотхон болох ёстой. Нийслэл болоод Налайх дүүргийн зүгээс газрын асуудлыг нь шийдэх шаардлагатай байгаа. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелд энэ санаачлагыг дэмжиж, хамтарсанд талархаж байгааг минь герман багш нар дамжуулж өгөөрэй” гэлээ. Энэ үеэр дэлхий дээр инженерийн чиглэлээр гардаг дөрвөн ном тутмын нэг нь герман хэл дээр гардгийг онцолж байв.


Ерөнхийлөгч химийн лабораторийг үзэж сонирхох үеэрээ “Монголын хамгийн том баялаг бол хүрэн нүүрс юм. Үүнийг түүхийгээр  нь гадагш зөөж гаргахад сайн үнэ хүрдэггүй. Зөвхөн коксжсон нүүрс авна гэдэг. Хүрэн нүүрсээ дотооддоо боловсруулъя гэвэл нүүрс-химийн асар том аж үйлдвэр хэрэгтэй. Тэгэхийн тулд 1970-80 оны үед бэлтгэгдсэн инженерүүдээ дахин сургалтад хамруулаад энэ үйл ажиллагаанд оруулах бүрэн боломжтой. Цаашдаа Монголд инженер техникийн ажилтнуудын хэрэгцээ өснө. 1990 оноос хойш болон одоо бэлтгэж байгаа мэргэжилтнүүдээ сайн боловсруулаад ажиллуулах хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуульд оюутан сургадаг, түүний эхний 20-д элсвэл тэтгэлэг өгдөг болсон. Энэ жил эхний 20-д 100 оюутан тэнцсэн байна. Санхүүжилтийг эхнээс нь хийгээд явж байна. Инженер, байгалийн шинжлэлийн чиглэлийн оюутны тоо нэмэгджээ. Энэ бол зөв хандлага юм.


Монгол Улсад инженерийн шинэ эрин үе эхэллээ гэж зарлаж болно. Монголчууд шинэ бүтээн байгуулалт, шинэ үйлдвэрлэл хийдэг болох гэж байна. Үүнд инженерүүд, шинжлэх ухааны лабораториуд, судалгааны ажил хэрэгтэй. Үүнийгээ бид дэмжихгүйгээр цаашаа явахгүй. Сургалт, судалгааг аж ахуйн нэгж, бизнестэй холбох хэрэгтэй. Үйлдвэрүүдийг их сургуулиудтай уялдуулах хэрэгтэй. Дэлхийд явж ирсэн зөв загвараар цаашаа хөгжих хэрэгтэй. Монголд газар нутгийн боломж байна. Инженерийн эрин үе рүү анхаарах боломж бүрдэж байна. Японд 3000 инженер бэлтгэнэ гэж байгаа. Тэдний эхний хоёр жилийн сургалтыг Монголдоо хийгээд Японд дадлага, гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгож болно. Дунд сургууль төгсөгчдийг хоёр жил үйлдвэр дээр дадлагажуулаад дараа нь онолыг заадаг чиглэлээр сургалт, судалгаа хийе. Энэ боломж улам цаашаа өргөжих боломжтой” гэлээ.
Зөвхөн нийслэлд сургуулиудыг төвлөрүүлэх бус, алслагдсан дүүрэг, аймгуудад сургалтын төвүүдийг барьж өргөжүүлэх хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч онцолж байв. Бусад зарим улс оронтой тус сургуулийн нэгэн адил орчин үеийн сургуулиудыг барих талаар хэлэлцэж байгаа юм байна. Төсөл сайн хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нойтон цас орно

Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,15-16-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус, өдөртөө 8-13 градус дулаан байх аж.

Categories
мэдээ нийгэм

З.Энхболд: Манай улс мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь орон

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих өдрөөр ойжуулах, байгаль дэлхийг ногооруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, орон даяар энэ хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагуудад талархал илэрхийллээ.
Түүний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг “Элстэй” хэмээх газар мод тарив.

Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон бусад албаны хүмүүс, “Эко Ази” дээд  сургуулийн 20 гаруй оюутан, ШУТИС-ийн 140 гаруй оюутан, Ногоон Ази төрийн бус байгууллагын төлөөллүүд мод тарих арга хэмжээнд оролцов.
Тэрээр “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо байгаа ч жил ирэх бүр багасаж байна. Цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарч байгаа төдийгүй цаашид өсч 90 хувьд ч хүрч болзошгүйг судлаачид анхааруулж байна.
Тиймээс бид мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх зайлшгүй шаардлагатай. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна.
Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна. Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай “Миний клуб” нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье.
Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс.
 Бидний тарьсан мод хэдэн тэрбумаар тоологдохуйц болж эх болсон тал нутаг маань өвч бүрэн ногоон хүрэмтэй болох болтугай

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн авто замыг “Нако” барина

Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д орсон “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сард зарласан бөгөөд 8 компани оролцох хүсэлтээ ирүүлж, уралдаант шалгаруулалтад “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл шалгаран гэрээний хэлэлцээ хийх эрхтэй болсон юм. Концессын тухай хуулийн дагуу “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл /шинээр байгуулсан төслийн компанийн нэр “Нако” ХХК/-тэй “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээний хэлэлцээ хийж, гэрээний төслийг эцэслэн боловсруулжээ.
Концессын гэрээг “Нако” ХХК-тай байгуулахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай авто замын трасс, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлах, авто замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн зурхай

Аргын тооллын тавдугаар сарын 11. Адъяа гариг. Билгийн тооллын 12. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 05.36 цагт мандаж 20.23 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр ба байр авах, тангарах тавих, гэр, байшингийн суурь тавихад  сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Азийн холдинг” компани зэс хайлуулах үйлдвэр байгуулна

“Эрдэнэт” үйлдвэр, Солонгос улсын “Азийн холдинг” компанийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хоёр тал Монголд зэс хайлуулах үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.  Үүний дагуу “Азийн холдинг” компанийн удирдлага, мэргэжилтнүүд Эрдэнэтийн зэсийг түшиглэн бага оврын хайлуулах үйлдвэр барихаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, үйлдвэр технологийн судалгаа хийхээр ирээд байгаа аж. Чуулганы дараа “Азийн холдинг” компанийнхан Эрдэнэт үйлдвэрээс технологийн туршилт хийх дээж 1 чингэлэг буюу 40 тонн молибден худалдан авч, судалгаа хийгээд зэс хайлах байгаль орчинд ээлтэй технологи боловсруулсан гэнэ.  Үүнийгээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд танилцуулаад Монголын зах зээл дээр бага оврын зэс хайлуулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авчээ.  

Categories
мэдээ нийгэм

Хоёр ачааны машин мөргөлдөж хүн бэртжээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн эцсийн буудлын дэргэд автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11:40 цагт өгснөөр Аврах ангийн Аврах, шуурхай салбарын бүлгийг гаргахад “Дэево” загварын ачааны автомашин, “Хюндэй” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн. Автомашины жолооч нар, зорчигч нэг иргэнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Налайх дүүрэгт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд,  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарисан юм. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн оролцоотойгоор мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэх үзлийг сурталчилдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч болон төрийн өндөрлөгүүд, Хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн цагаар зам хаахаар боллоо

 Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн замын зарим хэсгийг хааж, засвар шинэчлэлт хийж байна. Өнөөдрийн 23:00 цагаас 12-ны 6:00 цаг хүртэл Энхтайвны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуурх авто замын урд урсгалыг хаана.

Мөн Намъянжүгийн гудамжинд East төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг 10-ны 23:00 цагаас 11-ний 6:00 цаг хүртэл хаах юм байна.