Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар хураалт энэ сарыг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. 

Татвар, төлбөр хураах ажлын эхний шат тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. 

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй 504 кг нунтаг бодис оруулж ирэхийг завджээ

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар эд зүйл нэвтрүүлж болзошгүй гэх мэдээлэл ирсэн байна. Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын талаас нэвтэрсэн  57-17 ДГО улсын дугаартай ХОВО маркийн автомашинд хилчид  нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ.  Шалгалтаар барилгын материалын зориулалтын цавуу, ургамал хамгааллын зориулалтаар ашигладаг гэх нэр, гарал үүсэл нь тодорхойгүй хуурай нунтаг бодис 43 хайрцаг /504 кг/, цагаан хуванцар савлагаатай нэр шошгогүй, шингэн, хурц үнэртэй химийн бодис 1000 хайрцаг буюу 1000 ширхэг, ургамалын үр гэх хоёр төрлийн нийт 148 шуудай эд зүйлийг гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүйгээр тээврийн хэрэгслийн ачаан доор нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Замын-Үүдийн дахь Хилийн 0108 дугаар ангийн Хилийн тагнуулын тасгийн илрүүлсэн дээрх ачааг Монгол Улсын иргэн Г.Багахүү хүлээн авч, гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүй нуун оруулж ирсэн гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Ц.Содномдоржийн шийтгэл ирэх сард дуусна

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ жилийн сар шинийн барилдаанаар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан гэж үзсэн юм.  

Шийдвэрийг МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан билээ. Содномдоржийн шийтгэл ирэх сарын 11-ний өдөр дуусгавар болох бөгөөд ингэснээр улсын харцага үндэсний их баяр наадмаар зодоглох эрхтэй болж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа захиргааг эсэргүүцэж байна

МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, оюутнууд МУИС-ийн захиргааны шийдвэрүүдийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ.  МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс сургуулийнхаа захиргаанд хандаж хэд хэдэн шаардлага бичиг гаргасан ч захиргаа асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал МУИС-ийн шинэчлэл, өөрчлөлтийн улмаас төгсөх курсийн оюутнууд өрөнд орсон, түүнчлэн энэ жил сургалтын төлбөр 30-100 хувь нэмэгдсэн. Үүгээр зогсохгүй ирэх жил мөн сургалтын төлбөрийг нэмэх гэж байгаа аж. Энэ тухай МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, оюутнууд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх замыг маргааш хаана

Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км авто замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам, ногоон байгууламжтай болгож бүрэн шинэчлэх гэж байгаа. Одоогоор зам барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд маргаашнаас тус замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Замыг арваннэгдүгээр сарын 30 хүртэл хаахаар болсон байна. Иймд одоо ашиглаж байгаа замын урдуур түр туслах замаар машинуудыг явуулахаар төлөвлөжээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны талыг нь борлуулжээ

Нөөцийн махны худалдаагаар 7483.6 тонн буюу 50.2 хувийг одоогоор худалдан борлуулаад байна. Үүнээс хонины мах 3900.1, ямааны мах 1069,8 , үхрийн мах 2513, 7 тонныг борлуулжээ. Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8 тн (52.2%) мах худалдсан байна. Үүний  3449.4 тонн нь хонины, 817.4 тонн нь ямааных, 2002.0 тонн нь үхрийнх аж. Нийслэлд “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа аж. Нийслэл бэлтгэсэн 12,000 тонн махныхаа 50 гаруй хувийг худалдаад байгаа гэнэ. Орхон аймагт 33 цэгээр 683,6 тн мах худалдан борлуулсаны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины, 131,7 тонн нь ямааны мах байна. Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан байна. Үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9 тонн, ямааны мах 120,8 тонн мах байгаа аж. Нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалджээ.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагууд стандартын дугуйн зогсоол хийлгэж болох нь

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Санаачилгын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх аж. Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж  өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.  

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим газар цахилгааны хязгаарлалт хийнэ

Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараах хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын мэдээллийг хүргэж байна.

Баянзүрх дүүрэг

10.30-18.00 цагт: 10, 14, 20, 23-р хороо. Консулын 1-4, Дүүргийн 1-р гудамж, 81, 81А, 83, 84-р байр, Монгол шуудан транс, Цагаан-Уул СӨХ, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол Контракт, Гамба ХХК-иуд, Шинэ өргөө СӨХ, Ватиканы газар, Гэгээнтройцк сүм, Дэвшилт, Фгуп госзагрансобтвенность, Ором байшин, Мастер Хайндс, Ньюдьюрал, Финанслайн ХХК-иуд, Торговой дом /Сэрж интернэшнл, Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм, Хилийн цэргийн 288, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52 задгай, Дан байрууд, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН-ийн 15-р төв, Бум цайз СӨХ, Цагаан өд, ЭХО хангал ХХК-иуд орчимд;

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 6, 8, 19-р хороо 25, 26, 27, 29, 31, 47-2 байр, 6, 8, ОХ-5, Инэл-12, 37Б-р байр, Хөгжил хотхон 25, 25-1, 25-2, 25-3-р байр, Цагдаагийн 60 айл, Глоб констракшн, Гоё ертөнц цэцэрлэг, ААББ ХХК, тэр орчмын хэрэглэгчид;

 Хан-Уул дүүрэг

10.00-18.00 цагт: 4, 5-р хороо Арцатын 8, Яармагийн 1, 2-р гудамж;

 Сонгинохайрхан дүүрэг

10.00-18.00 цагт: 10-р хороо Хөтөлийн 1-4-р гудамж орчимд;

11.00-18.00 цагт: 1, 2, 3-р хороо Орбитын 5, 32-36, Баганарангийн 25-р гудамж орчимд;

 Багахангай дүүрэг

10.00-17.00 цагт: Үнэгтэй гэр хорооллын хэрэглэгчид;

 Налайх дүүрэг

10.00-17.00 цагт: Дулааны станц;

 Төв аймаг

10.00-18.00 цагт: Батсүмбэр сумын Будаан толгой, Мандалын ар, Хужирын тохой, гэр хороолол, Цагаан нуга, Баянгол, Сөгнөгөр, Соёл, Миний зуслангууд, Скаут, Батсол ХХК, МШХХТГ ХХК, Улсын асрамжийн газар орчимд.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны барилгыг шинэ технологиор сайжруулна

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан Концессын жагсаалтад орсон Хан-уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хуучин барилгуудыг буулгаж орон сууцны цогцолбор хороолол барих төслийн Концесс олгох нээлттэй уралдаант шалгаруулалтын концесс эзэмшигчээр “Атек” ХХК шалгарчээ. Харин тус төслийг Концессын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй гэж уралдаант шалгаруулалтын комиссоос шийдвэрлэсэн байна. Тиймээс оршин суугчдын олонхийн саналаар “Атек” ХХК-иар тус орон сууцыг Орон сууцны тухай хуулийн 151-р зүйлийн дагуу шинэчлэн сайжруулах хүсэлт ирсэнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дугаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын орон сууцны салбарын комиссын хурлаар дэмжсэн байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцныг шинэчлэн сайжруулах гурван талт гэрээний загвар батлах тухай” А/380 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу тус байрыг шинэчлэн сайжруулах ажлыг хөрөнгө оруулагч “Атек” ХХК болон тус байрны сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн энэ захирамжаар хөрөнгө оруулагч, оршин сууц өмчлөгчидтэй байгуулах Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний загварыг баталлаа.

Гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрыг буулгаж, 2015 оны 4 дугаар улиралд багтаан орчин үеийн технологиор, чанар стандартын шаардлагад нийцсэн, орон сууцны барилга барьж орон сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангана.

Тус ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт даалгасан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобус, такси энэ замуудын нэгдүгээр эгнээгээр явж болно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2012 оны 8 сараас эхлэн Таван шараас  Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус зорчдог болсон.

Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна. Тиймээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга  2014 оны 5 дугаар сарын 16-нд А/395 дугаар захирамж гаргалаа.

Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.