Categories
мэдээ нийгэм

Оюутнуудаа тэтгэлэг авах шинэ журамтайгаа танилц


Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг олгох журам

1. Нийтлэг үндэслэл
1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид “тэтгэлэг” гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.  Үндэсний тэтгэлэг
2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
     2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх;
     2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
     2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
     2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
     2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
     2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
     2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх;
     2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
     2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 2.8-аас доошгүй байх;
     2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.0-аас доошгүй байх;
     2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
3. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.
3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан  олгоно.
3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:

   3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.4 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
      3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;
   3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.
3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
     3.5.1.  3.6-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант,  докторантад 75 хувийн;
    3.5.2. хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;
3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал

4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
     4.1.1. бүтэн өнчин суралцагч;
     4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
     4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
     4.1.4.  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
   4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:
    4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
     4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
   4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.
4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
5. Бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:
     5.1.1.    элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
     5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
     5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
     5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.
6. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.2. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ.
6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно:
     6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно;
   6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ;
     6.6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ.
7.  Бусад
7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн  асуудлаар  хуурамч баримт бичиг  бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргаж ирүүлсэн нь тогтоогдвол сургуулийн  удирдлага, холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
7.2.  Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
 

Categories
мэдээ нийгэм

Говийн их дархан газраас алт хайгчдыг илрүүлжээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Говийн их дархан газар хууль бусаар алт хайгчид, алт олборлогчдыг нутгийн хүчний байгууллагынхан илрүүлэн саатуулжээ. Хоёр автомашиныг алт хайх, олборлоход зориулан тоноглосон найман хүнийг ийн саатулсан аж.
Алт хайгчид тэсэлгээний 21 бодис, металл илрүүлэгч, хоёр цохилтот өрөм, мотор. 5.5 кг нунтаг цагаан бодисыг мөн алт хайх ажиллагаандаа хэрэглэхээр тээвэрлэж явсан байна. Энэ хүмүүсийн тав нь Улаанбаатар хотын иргэн бол гурав нь Баянхонгор аймгийн харъяат аж.

Categories
мэдээ нийгэм

Ажилласан жилээ нөхөн тооцуулаарай

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арвандугаар сарын нэгэн хүртэл хүлээж авч, хуулийн хугацаанд өргөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн билээ. 

Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм. 

Гэвч энэхүү хуулийн хугацаанд нөхөн даатгалд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэдэд ажилласан жилээ нөхөн даатгуулах боломжийг олгох зорилгоор иргэдийн хүсэлт гаргах хугацааг ирэх сарын нэгэн хүртэл сунгажээ. 

Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуулийн хугацаанд ажилласан жилээ нөхөн тооцуулж амжаагүй иргэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжтой талаар Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар,хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Футволкны өдөрлөг болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 24-нд “футволкны өдөр” арга хэмжээ зохион явуулах гэж байна. Энэ өдөр үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хэн бүхэн фудволкоо ашиглан үзэл бодлоо илэрхийлэх аж.  Тус арга хэмжээнд аль ч сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хүмүүс нас, хүйс, ажил алба харгалзахгүйгээр орох боломжтой. Өдөрлөгийн үеэр дуртай фудволкоо худалдан авч, хэлэхийг хүссэн үгээ бичүүлэн өмсөх гэнэ.  Дашрамд дуулгахад хамгийн содон, гүн гүнзгий утга агуулгатай мессэжийг илэрхийлсэн хүнийг шалгаруулах юм байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Зиг Заг” хийцийн модны үйлдвэр нээжээ

Архангай аймгийн Цэнхэр суманд “Зиг Заг” хийцийн модны үйлдвэр өчигдөр нээжээ. 

aУлаанбаатар хотод м2 нь дунджаар 60000 төгрөгөөр худалдаалж буй зиг заг хийцийн хавтанг энд 40000 төгрөгөөр худалдах аж. Наамал зиг заг хавтангаар хийсэн хаалга, шал зэрэг нь дулааныг тусгаарлах өндөр чадвартай, элдэв цууралт гажилт өгдөггүй, бат бөх, хөнгөн байдаг гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Орчлон сургуулийн урдах замын хоёрдугаар энгээг түр хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажиллаж байна Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнүүдийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 1 дүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Railbus”-ын тасалбарын үнэ 2000 төгрөг байх нь

Ирэх сарын 6-ны өдрөөс нийслэлийн иргэдэд төмөр замын автобус үйлчилж эхэлнэ. “Амгалан-Толгойт” чиглэлд үйлчлэх “Railbus”-аар иргэд 2000 төгрөг төлж зорчих урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж.

Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өгвөл энэ дүнд өөрчлөлт орж магадгүй бололтой. “Railbus” нь Амгалан, Толгойт, Таван шар, Барс-2, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуаран гэх найман байршилд зогсолт хийн зорчих юм.

Categories
мэдээ нийгэм

Автобус шон мөргөжээ

Том оврын автобус шон мөргөсөн хэрэг гарчээ. “Гурав, дөрөвдүгээр хороолол-Зайсан” чиглэлийн 43 номерын автобус өнөө өглөө 120-ийн автобусны буудлын ойролцоо зорчигч тээвэрлэж яваад шон мөргөж осол гаргасан байна. Ослын үед автобус шонг баруун талаараа хүчтэй мөргөсөн бөгөөд хүн бэртэж гэмтээгүй аж. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Гайхамшгийг хүлээ

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Дөнгөж саяхан Испанийн аварга болсон “Атлетико” багийн хаалгач Куртуа, Арсенал, Ман  Сити багуудын ахлагчид болох Вермален, Компани, МЮ багийн Феллайни, Янузай, Челсигийн Азар, Эвертоны Лукаку гээд унтарч байгаа бус ид гялалзаж байгаа одуудаар хахсан “улаан чөтгөрүүд” буюу Бельгийн шигшээ багийг танилцуулж байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа 32 шигшээ баг дотроос хамгийн их хүлээлт, гайхамшиг, оньсого, гутралыг авчрах баг нь яах аргагүй Бельгийн шигшээ баг болчихоод байна. 

Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн 

хаалгач: Тибо Куртуа (“Атлетико”, Испани), Симон Миньоле (“Ливэрпүүл”, Англия), Кун Кастелс (“Хоффенхайм”, Герман), Сильвио Прото (“Андерлехт”).

хамгаалагчид: Тоби Алдэрвейрелд (“Атлетико”), Даниэль ван Бюйтен (“Байер”М, Герман), Венсан Компани (“Ман Сити”, Англи), Ян Фертонген (“Тоттенхэм”, Англи), Томас Вермален (“Арсенал”, Англи), Николас Ломбертс (“Зенит”, ОХУ), Лоран Симан (“Стандард”), Антони Ванден Борре (“Андерлехт”).

Хагас хамгаалагчид: Аксель Витсель (“Зенит”), Маруан Феллаини (“МЮ”, Англи), Стивен Дефур (“Порту”, Португал), Мусса Дембеле, Насер Шадли (“Тоттенхэм”, Англи), Кевин де Брюйне (“Вольфсбург”, Герман), Дивок Ориги (“Лилль”, Франц).

довтлогчид: Ромелу Лукаку, Кевин Миральяс (“Эвертон”, Англия), Эден Азар (“Челси”, Англи), Дрис Мертенс (“Наполи”, Итали), Аднан Янузай (“МЮ”).

Ахлах дасгалжуулагч Марк Вильмотс

Хөлбөмбөгийн үүсэл хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр гээд бичвэл их л эртний түүх ярьж чадах Бельгийн хөлбөмбөг хэзээ ч гавьтай амжилт үзүүлж байсангүй. Уг нь 1930 оны анхны ДАШТ-ээс эхлээд л алгасалгүй оролцож чадах чинээгээрээ тоглож байсан Бельгийн шигшээ багийн түүхийг өнгийхөд нэг сонин зүйл анзаарагддаг. Тэд арав гаран жил боломжийн тоглож байгаад алга болчихдог. Энэ алга болох хугацаа нь бас арав гаруй жил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл 2002 оны Солонгос, Японд зохиогдсон ДАШТ-ээс хойш сураг тасарсан Бельгийн шигшээ өнөө цагт шинэ дүр төрхтэй аль ч багийг айлгах хэмжээний болчихсон гараад ирлээ. Гэхдээ энэ удаа Бельгийн шигшээ багийн шинэ хувилбар урьд өмнө гялалзаж байсан Шифо, Кулеманс, Вильмотс нарын багуудаас чанарын хувьд шал өөр, илүү авьяаслаг, онцгой авьяаслаг залуучуудаас бүрдэж байгаа юм. 

Сайн тал

Өнөө цагийн Бельгийн шигшээ багийн сайн талыг бичихэд тун удна, муулъя гэхээр сэдэв олдохгүй гэхэд хилсдэхгүй дээ. Үндсэн ба туслах хаалгачид “галзуу”. Куртуа, “Атлетико” Мадрид багийг Испанийн аварга болгосон бол Симон Миньолегийн ачаар Ливерпүүл энэ жил Английн АШТ-д арав гаран жилийн дараа аман хүзүүдэж үзлээ.

Төвийн хамгаалалт дээр тэр чигтээ дэлхийн шилдгүүд зогсож байна. Венсан Компани, Вермален, Ломбертс гээд аль ч багт гологдохооргүй эрчүүд бий. 

Хагас хамгаалагчдын талаар ярих юм алга. Витцель, Феллайни, Дембеле, Азар гээд авьяаслаг залуучууд дээр МЮ багийн шинэ од 19 настай Якузай “Би Бельгийн шигшээд тоглохоор боллоо” гээд нэмэгдчих юм даа. Уг нь энэ хүүхэд Серби, Турк, Англи улсуудын аль нэгийг сонгох боломж байсан. 

Сул тал

Бельгийн шигшээ багийг хөөдөж магадгүй ганц сул тал нь олон улсын тавцанд хамтдаа нийлээд нэг их удаан тоглож үзээгүй буюу туршлага дутах асуудал л байж магадгүй. Тэд хэдийгээр урьдчилан сонгон шалгаруулалт, нөхөрсөг тоглолтууд, цугларалт гээд хамтдаа байж өнгөрүүлсэн хугацаанууд бий ч гэлээ яг жинхэнээрээ Латин Америкт очоод дасаагүй орчин, үзээгүй хөгжөөн дэмжигчид, мэдрээгүй шинэ дарамтад хэрхэн бие биеэ ойлгож  тоглох вэ гэдэг л асуудал байна. Тээр жил Зааны Ясан эргийн улсын шигшээ баг бас л баахан авьяаслаг залуучуудаас бүрдэж том итгэл найдвар өвөртөлж очоод хэрэлдээд дууссан. Тийм л юм бүү болоосой.

Уг нь энэ удаагийн Бельгийн шигшээ баг тодорхой хэмжээнд ямар нэгэн амжилтад хүрсэн тохиолдолд дахиад цааш үргэлжлээд хөгжих боломжтой идэр насны залуучуудаас бүрдэж байгаа юм шүү дээ. Тэд байг гэхэд шилдэг наймд багтсан тохиолдолд өөртөө, багтаа итгэх итгэл төрнө. Ойрын дөрөв таван жилдээ шуугиулна даа. Бельгийн шигшээ багийн лозунг уриаг харсан уу. “Expect the Impossible” гэж байна лээ. 

“Гайхамшгийг хүлээ” гээд хөрвүүлж болохоор юм. 

ФИФА-д бүртгэлтэй хөлбөмбөгийн шигшээ багууд дотроос байгаа бүрэлдэхүүн нь өнөө цагийн зах зээлийн ханшаар гуравт жагсана хэмээгдэх  Бельгийн шигшээ багийн залуучууд гайхамшгийг бүтээнэ гэдэгт итгэе.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ.  

Тус загвар төвийг энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай,  гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ төвд өглөө 08:00-18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш 2-5 насны 15 хүүхдийг асардаг. Сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн  10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байгаагаас 500 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа юм байна. Энэ төвд олон иргэд хандаж хүүхдээ өгөхийг хүсэж байгаа ч байрны хүрэлцээнээс хамааран 15-аас илүү хүүхэд авах боломжгүй гэж тус төвийхөн дуулгав. Хүүхэд харах үйлчилгээний төвөөр сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм байна.