Categories
мэдээ нийгэм

Хүнсний барааны үнэ буурсан гэв

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, барааны үнийг харьцуулан гаргажээ. Түүнд, тавдугаар сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 1.0 хувиар өссөн бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буурсан гэсэн статистик тоо байна.
Тавдугаар сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны  махны үнэ өөрчлөгдөөгүй аж. Харин гурилын үнэ бүх төрөлдөө өссөн үзүүлэлттэй гарчээ. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ хэвийн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нэрт жүжигчин Jakie Chan-д монгол дээл бэлэглэжээ

2015 оны эхний өдөр дэлхий даяар нээлтээ хийх “Арслангийн сүрт тэнгэрийн жанжин” нэртэй уран сайхны кино зураг авалтаа эхлүүлээд байгаа аж. Тус кинонд адал явдалт киноны домог болсон дэлхийн кино ертөнцийн нэрт жүжигчин Jackie Chan, Хамаг Монгол төслийн дуучин М.Баясгалан нар хамтран дүр бүтээж байгаа юм байна. Жүжигчин Jakie Chan-тай бүтээсэн зураг авалтаа дуусгаад М.Баясгалан Монгол түмнийхээ нэрийн өмнөөс үндэснийхээ дээлийг Jakie Chan-д бэлэглэжээ. Монгол түмний өв соёл бахархал болсон бэлгийг хүртсэн Jakie Chan хэлэхдээ “Би Монгол цустай. Ийм сайхан дээлтэй боллоо” хэмээн тун ч баяртай хэлсэн гэнэ. Мөн “Хамаг Монгол төсөл”-ийн дуучин М.Баясгалан энэхүү киноны зураг авалтаа дуусгаад Монголд ирэх юм байна. Тэрээр Хамаг Монгол төслийн удаах хамтарсан уран бүтээлээ үргэлжлүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирдэг байжээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгч болон эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад өнгөрөгч гуравдугаар сард шалгалт хийсэн юм. Энэ шалгалтын дүнг нэгтгэж, өчигдөр /V.22/-ийн хурлаараа хэлэлцсэн байна. Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага хамрагджээ.
Нийслэлд ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 70 хувь нь зориулалтын байргүй, цэвэр, бохир усны системд холбогдоохгүй, 90 хүртэл хувь нь хор судлагч, эрүүл ахуйч, биологич, ариутгагч мэргэжилтэнгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн зарим байгууллагууд химийн хорт бодисоос үүдэн гарах эрсдлийг бүртгэх, дотооддоо хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах төлөвлөлтгүй, мэдээлэл хангалтгүй зөрчил илэрсэн байна. Ялангуяа “Вест мед”  компани бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлдэг, халдваргүйжүүлэх үйлчлэлийг баталгаажуулаагүй, гар ажиллагаатай багаж, тоног төхөөрөмж ашиглан бодисоо үйлдвэрлэдэг зөрчил илрүүлжээ.  Тиймээс тус компанийн ажлыг түр зогсоож, 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гашуун сухайтад байдал ийм байна гэж жиргэлээ

Facebook хуудаснаа “Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор Хятад улс руу орохоор тэмүүлэн буй Монголчууд портер машин дээр ингэж ачигдан амь насыг үл хайхран зүтгэж байна. Эдгээр хүмүүс нь хятадын компанид хүнд даацын машин барьдаг жолооч нар бөгөөд Гашуун сухайтын боомтын зохион байгуулалт ямар байгааг харуулж байна.” гэсэн өмнөтгөлтэй зураг тавигдлаа.  

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй компаниудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түр цуцалжээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид төлөвлөгөөний дагуу ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгчид болон  эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага  хамрагджээ.
 Улмаар Төв аймгийн “Бор бураа”, Завхан аймгийн “Ариусгал Завхан”, Баянхонгор аймгийн “Бурхант-Эх”, Сэлэнгэ аймгийн “Сод Алтай”  компанийн ажлыг түр цуцалсан байна. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Багануур дүүргийн “Эйнжил”, “Их Хурай” компани, шалгалтаас зайлсхийсэн, тогтвортой ажилладаггүй Баянхонгор аймгийн “Акос”,  Орхон аймагт байрладаггүй ч аймгийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотоос очиж үйлчилгээ үзүүлдэг “Хунтхайрхан”, “Цасны хачир”, “Сайн түшиг” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт хүргүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил бүрийг арилгах, эрсдлийг бууруулах сургалт зохион байгуулж, гарын авлагаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайхан агсны хэргийг амиа хорлосон гэх зүйл заалтаар шалгаж эхэлжээ

Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханы нас барсан хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүний хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам үүнийг эсэргүүцэж буй юм. Учир нь төрийн хамгаалалтад байсан хүнд амиа хорлосон гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн нь байж боломгүй асуудал гэдгийг тэрээр хэлсэн юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүнийг байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар Чингэсийн талбайг 12 жилээр гоёно

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингэсийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тодруулбал, Чингэсийн талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулахаар болжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингэсийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт оруулна

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг буруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхцалыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно. Мөн Баруун 4 замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг хуучин зогсоолыг шинэчилсэн бол Баруун 4 замаар 3,4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар  эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчилэхээр боллоо.Тиймээс 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дээрх зогсоолдуудад нийтийн тээвэр зогсон үйлчлэх болсныг  иргэд, үйлчлүүлэгч та бүхэнд анааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Зэрэг сум нэрээ өөрчлөв үү

Сүүлийн үед аймгийн төвийг болон сумдын нэрийг өөрчлөх моод газар аваад байна уу даа. Ноднин Хэнтий аймгийн Өндөрхаан хот Чингэс хот болж нэрээ өөрчилсөн. Тэгвэл Ховд аймгийн Зэрэг сум нэрээ өөрчилсөн тухай твиттерчид жиргэж байна. “Тус сум Зэрэг гэдэг нэрээ өөрчилж  Алтангадас сум болжээ. Сумын урдуур өнгөрөхөд хүмүүс 75 Алтангадастан төрсөн болохоор ийн нэрээ өөрчилсөн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн даатгалтай боллоо

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн долоо хоногт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд даатгалын компаниудад унадаг дугуйг даатгалтай болгох талаар санал хүргүүлсэн юм. Тэгвэл энэхүү саналын хариу ирсэн байна. “Монгол даатгал” ХХК” “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж ажиллах саналыг хүлээн авсандаа таатай байгаагаа илэрхийлээд “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ниймийн биеийн тамирыг хөгжүүлэх болон байгаль орчин, экологи хамгаалах сайн дурын арга хэмжээ тогтмол зохион байгуулан дэмжиж ирсэн. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл нь хотын агаарын бохирдол, замын түгжрэл, иргэдийн хөдөлгөөний дутагдал, байгаль орчин зэрэгт ээлтэй олон талын ач холбогдолтой төсөл хэмээн үзэж” хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлсэн байна. Ямартай ч даатгалын болоод төрийн байгууллагууд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамтарч ажиллахаар болж байгаа сайхан мэдээ эхнээсээ ирсээр байна. Цаашид “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа залуучууд сошиал ертөнцөөр болон өдөр бүр унадаг дугуй унаж өөрийн биеэр илэрхийлж байгаа нь харагдаж байна.  

Э.ЭНХ