Categories
мэдээ нийгэм

Сурагчдын дийлэнх нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн гэжээ

“Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг ирэх даваа гаригт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Манай улсад 2013 онд явуулсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар тамхины хэрэглээ хот суурин газрын хүн амын -29 хувь, хөдөөгийн хүн амын -25.4 хувь, хот суурин газрын эмэгтэйчүүдийн 8.6 хувь тамхи хэрэглэдэг нь хөдөөгийн эмэгтэйчүүдээс бараг дөрөв дахин их байгаа нь тогтоогджээ. 2013 онд явуулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар сурагчдын 22.0 хувь тамхи татаж үзсэн байна. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61.4 хувь нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн байжээ. Үүнд эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчдаас илүү (65.4%), хөдөөгийн сурагчид (62.7) хотын сурагчдаас (60.3) хувь илүү байв.

Ажлын байранд дам тамхидалтад өртөх байдал нийт хүн амын дунд – 25.5 хувь , үүнээс эрэгтэйчүүдийн 31.9 хувь нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байгаа гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс тамхины хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Харин ингэхийн тулд тамхины татварыг нэмэгдүүлдэг олон улсын туршлага байдаг аж. 

Categories
мэдээ нийгэм

300 гаруй иргэн урьдчилгаа төлбөрөө төлжээ

 Хямд үнэтэй “Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэд орон сууцныхаа сонголтыг хийжээ. Тэгвэл 300 гаруй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлж сонгосон байраа баталгаажуулсан байна. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж орон сууцны захиалгын гэрээг байгуулах боломжтой юм. Иргэд гэрээ байгуулахдаа албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр (эх хувиар) заавал авчрах ёстой бөгөөд байраа сонгосон иргэд 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөхийг анхааруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сингапур хороолол барих төслийг хэлэлцэнэ

 “Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм байна. Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хамтран  зохион байгуулж байгаа аж.

аСеминарт Сингапур улсын  Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн Ма Бо Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл, Сингапурын Амьдрах таатай хотууд төв, Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар, Сурбана зураг төслийн компанийн төлөөлөгчид урилгаар оролцож, илтгэл тавих юм. Мөн энэ үеэр Сингапур хороолол барих төслийн талаар хэлэлцэх ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчдын өвлийн хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна

 Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан. Үүний дагуу өнгөрөгч сараас цагдаагийн албан хаагчдад шинэ загварын хувцас өмч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Нийт 7000 гаруй албан хаагчийн дүрэмт хувцсыг Турк улсад хийлгэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй хэмээн ард иргэд шүүмжилж байсан.

Харин цагдаагийн албан хаагчдын өвлийн хангалтад өгөх гутлыг үндэсний “Хос аз” компанид үйлдвэрлэж байгаа аж. Тэд алба хаагчдын өвөл өмсөх гутлыг үхрийн ширэн арьсаар, гурван давхар цэвэр хонины ноосон улавчтайтайгаар хийж буй гэнэ. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын шинэ агсамж буюу жижиг хэрэглэлийн савыг үндэсний үйлдвэрлэгч “Мэргэн тур” компанид үйлдвэрлэж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Австрийн бизнес уулзалт” болно

Энэ сарын 26-нд МҮХАҮТ-д “Монгол Австрийн бизнес уулзалт” болох юм байна. Монгол Австрийн Эдийн засгийн танхимаас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ. Бизнес уулзалтад Австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцох ажээ. Тодруулбал, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, барилга үйлдвэрлэлийн технологи болон техникийн зөвлөгөө, техникийн эд анги нийлүүлэх, гал унтраах багаж хэрэгсэл, машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Rosenbauer”, Австрийн “Unicredit” банк зэрэг бизнесийн төлөөлөгчид оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хөгжүүлэх аргууд

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж тэлэх аргуудыг шинжлэх ухаанаар баталжээ. Ингээд доорх арван аргыг эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө алхам тутамдаа санаж, хэрэгжүүлэхэд илүүдэхгүй. 

     1.   Хөгжмийн хичээл

Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад IQ илүүтэй байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.

     2.   Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20 хувь нь хурдан цээжилж байжээ.

Гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоомжийн хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30 хувь өссөн нь тогтоогдсон.

     3.   Уншиж өгөх бус түүнтэй хамт унш

Уншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь үд дүнгүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал цаашдаа хурдан уншиж сурдаг гэнэ.

     4.   Нойр дутагдал хүүхдийг тэнэг болгодог

Нэг цагийн дутуу нойр VI ангийн хүүхдийг IV ангийн хүүхэд шиг болгодог.

Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал.

     5.   Хувийн сахилга батгүй бол өндөр IQ-ийн хэрэг байхгүй

Хэчнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.

     6.   Суралцах бол идэвхтэй процесс

Аливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал. Өөрөөр хэлбэл суралцахдаа 30 хувьд нь уншиж, 70 хувьд нь дасгал хийж  шалгаж байх нь зөв.

     7.   Зөв цагт баярлуулах

Судалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэвхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвжүүлнэ.

     8.   Аз жаргалтай хүүхэд амжилт авчирна

Сэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл, эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

     9.   Хүрээллийн асуудал

Хүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс бас хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дүн гарчээ.

    10.  Тэдэнд итгэл үзүүл

Хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдүүдээс санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30 хувийнх нь IQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс “IСT- Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна

 Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “IСT-Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна.

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой болон “Цахилгаан холбоо, мэдээллийн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс анх удаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн “IСT-Экспо 2014” үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор явагдаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын  Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны холбогдолтой бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг open.parliament.mn, мөн  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  эрх зүйн актуудыг он, үсгийн дарааллаар эрэмбэлэн үзэх боломжтой LawsMN, ТҮЦ машины “Улсын Их Хурал“ модуль гээд таван аппликейшн программ, гурван үндсэн цахим хуудастай оролцож байна.

ТҮЦ машины программ хангамжид шинээр нэмж хийсэн “Улсын Их Хурал“ модуль нь Улсын Их Хурлын гишүүний мэдээллийн хэсэгтэй бөгөөд Нийслэл төдийгүй аймгуудад байрлах ТҮЦ машинуудын нүүр хуудсанд тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн мэдээллийг ил байрлуулжээ.

Улсын Их ХурлынТамгын газар 100 гаруй цахим хуудастай бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд www.parliament.mn, open.parliament.mn khural.mn гэсэн үндсэн гурван цахим хуудастай оролцож байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа онцлов.

Мөн Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны бүх төрлийн ухаалаг гар утсанд зориулсан хувилбар болох ParliamentMn аппликейшн программыг үзэсгэлэн сонирхогчдод танилцуулж байгааг нэмж хэлсэн юм.

“Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй “IСT- Экспо 2014” үзэсгэлэн энэ сарын 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын царигийн асуудал шийдэгдчихвэл нүүрсний экспорт нэмэгдэнэ гэв

Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа. Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар дөрөвний нэгийг нь буюу 8.05 сая тонн нүүрс экспортолсон байна. Хятадын гааль Монголын нүүрсийг авахад нэлээд хойрго хандаж байна гэж Гашуунсухайтын гаалийн газраас мэдээлсэн юм. Харин Хятадын талаас 2.05 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээ гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Төмөр замын царигийн асуудлыг эцэслэн шийдчихвэл нүүрсний экспортын урсгал нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун тархи хөгжүүлэх сампингийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай

Монгол Японы төвд “Сампингийн баяр” болж байна. Энэ арга хэмжээний үеэр сампингаар хичээллэхийн ач холбогдол, баруун тархи хөгжүүлэх сургалтын талаар болон хамгийн гол нь сурах арга барилд хэрхэн суралцах талаар зөвлөгөө, зааврыг үнэ төлбөргүй өгөх аж.

Монголын Хүүхэд Залуучуудын Соробаны урилгаар эгнээндээ 60 гаруй улс орныг гишүүнээр элсүүлээд байгаа Олон улсын Цээж Тоолол Ментал Арифметикийн Холбоо буюу UCMAS-ийн ерөнхийлөгч ноён Дино Вонг, сургагч багш хатагтай Женни Яанг нар манай оронд зочилж буй. Олон улсын сургагч багш, хатагтай Женни Яанг “Оюуны Тулга” дунд сургуультай танилцах үеэрээ хэдхэн секундэд олон үйлдэлт бодлогуудыг цээжээр бодон хүн оюун ухааны чадамжийнхаа өчүүхэн хэсгийг ашигладаг гэдгийг баталж сампингаар хичээллэдэг хүүхдүүдэд урам өгөн амжилт хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг хаана

Олимпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх гэж буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд хэд хэдэн замыг хэсэгчилэн хаах юм. Элчингийн гудамжны уулзварыг урд шөнө хаасан бол Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг өнөө шөнө хаана. Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг ням гаригийн шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болжээ.

Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” гүйцэтгэж байна.