Categories
мэдээ нийгэм

Л.Оюунчимэгийн дуунуудыг үнэгүй сонсох боломжтой гэв

“Баянмонгол” чуулгын гоцлол дуучин, СТА Л.Оюунчимэг агсанд хүндэтгэл үзүүлэх уран бүтээлийн уралдааныг СГЗ Д.Ухнаа болон дуучин Л.Оюунчимэгийн төрсөн дүү Л.Оюундэлгэр нарын санаачилгаар зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд  Л.Оюунчимэг агсны нэрэмжит олон улсын рок поп залуу дуучдын “Үртэй хүн жаргалтай” улсын уралдааныг  зохион байгуулах гэж байна. Уралдаанд 70 гаруй оролцогч бүртгүүлжээ. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг маргааш 15:00 цагаас Улсын филармонид явуулна.  Хоёрдугаар шат буюу эхний шатнаас шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчийн Гала концертыг   зургаадугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагаас улсын филармонид зохион байгуулахаар болжээ. Уралдааны шалгаруулалт, бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдана гэж зохион байгуулагчид нь хэлж байна.  Сонирхсон хүмүүс үзэж оролцож болох нь. 

Categories
мэдээ нийгэм

Европын хөрөнгө оруулалтын банк гэр хорооллыг дэмжинэ

Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилго бүхий “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 172 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайдад гарын үсэг зурах эрхийг олгосон билээ.

Хөтөлбөрт Европийн хөрөнгө оруулалтын банк Нийслэлийн гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжид зориулан 50 сая еврогийн (60.3 сая ам.доллар) санхүүжилтийг хийхээр тусгагдсан бөгөөд энэ сарын 19-21-ний хооронд Люксембургийн Их Вант Улсад зохион байгуулагдсан Европийн хөрөнгө оруулалтын банктай хийх зээлийн нөхцөлийг тохирох урьдчилсан хэлэлцээнд Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатараар ахлуулсан ажлын хэсэг оролцон урьдчилсан хэлэлцээг амжилттай хийлээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, мэргэжилтэн Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын  мэргэжилтэн Ц.Равдандаш нар ажиллажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар тусгай пост ажиллах нь

Хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн газар тусгай пост  ажиллуулахаар болсон байна. Иргэд хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал их гардаг учраас тусгай постонд ажиллаж байгаа цагдаа нар  төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг хийх гэнэ. Дашрамд дурдахад Нийслэлийн цагдаагийн газраас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад шалгалт хийсэн байна.  Шалгалтад 700 гаруй аж ахуй нэгж, хотын ойр орчим үйл ажиллагаа явуулдаг 54 амралтын газар, жуулчны бааз хамрагджээ. Шалгалтын хүрээнд хууль зөрчсөн 31 аж ахуйн нэгж, есөн иргэнд торгуулийн арга хэмжээ авсан аж. 

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.  

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.  Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага,  судлаачид анхааруулсаар байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх  шаардлагын дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан болон одоо боловсруулагдаж байгаа  Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүтэй харилцан уялдуулан  боловсруулсан тухай хууль санаачлагч танилцуулсан гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Казахстаны хоорондох шууд нислэгийг сэргээнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо боллоо.  

Хуралдаанд оролцсон Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Казахстаны төлөөлөгчдийг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсенова нар тэргүүлэв. Хоёр улсын холбогдох яам, газар, аймаг, мужийн төлөөлөгчид болон Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар оролцов.      

Хуралдааны явцад манай хоёр орны хооронд 2016 он хүртэл монгол-казахстаны харилцаа, хамын ажиллагааг хөгжүүлэх чухал чиглэлүүд, тодорхой арга хэмжээг хэлэлцэв. Тухайлбал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, соёл боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойллоо. Түүнчлэн Монгол Улс, БНКазУ-ын хооронд хамтын ажиллагааны дунд хугацааны  хөтөлбөр боловсруулж, байгуулахаар хоёр тал санал нэгдэв. Хоёр улсын хооронд шууд нислэг сэргээх талаар хэлэлцэн тохиролцлоо.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн нэлээд төрлийн баримт бичгийг эцэслэн тохиролцох, байгуулах ажлыг түргэтгэх талаар шийдвэрлэв.

Эдгээр чиглэл, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулахад ЗГХК, хоёр улсын холбогдох яам, газрууд, аймаг, мужууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд нар онцлов.

Хуралдааны дүнгээр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны протоколд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсеновна нар гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улс, БНКазУ-ын иргэний агаарын байгууллагуудын хоорондын Санамж бичигт монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд захирал Ч.Нямсайхан, казахстаны талаас Иргэний нисэхийн хорооны орлогч дарга Талгат Тлеубекович Ластаев нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга  Тамара Дуйсенова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол,Казахстаны ЗГХК-ын дараачийн хуралдааныг 2016 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Банк хоорондын гүйлгээ шууд ордог боллоо

Монголбанк улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах хүрээнд нэг саяас бага дүнтэй төлбөр тооцоог долоон хоногийн 24 цагаар тасралтгүй дамжуулдаг болсон байна. Ингэснээр харилцагчийн шилжүүлсэн төлбөр хүлээн авагчийн дансанд шууд орж, төлбөрийн гүйцэтгэл илүү шуурхай болж байгаа юм. 2013 оны жилийн эцсийн байдлаар банк хооронд нийт 16.7 сая удаагийн 900 тэрбумын бага дүнтэй гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь банкны нийт гүйлгээний 93.8 хувийг эзэлдэг ч үнийн дүнгийн ердөө 1.6 хувийг бүрдүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-т Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

АТГ-т өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслол болов. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар шинээр томилогдсон гишүүдэд танилцуулж, Зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.

Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Олон нийтийн зөвлөлийн 2009 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Зөвлөлийн бүрэлдэхүүнийг ийнхүү шинэчлэн томилсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:

1. Б.Амар Зориг сан

2. Р.Батсайхан Нирун фильм студийн найруулагч

3. Н.Дорждарь Орлогын ажиглагч хүрээлэн

4. М.Мөнхбат МУИС-ийн Хууль зүйн сургууль

5. Х.Наранжаргал Глоб интернэшнл

6. С.Насанжаргал 25 дугаар суваг телевиз

7. Б.Нямдорж Өдрийн мэдээ ХХК

8. М.Оюунчимэг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

9. Л.Сумати Сант марал сан

10. Л.Төр-Од Транспаренси Интернэйшнэл Монгол

11. Н.Урантогтох Улс төрийн боловсрол академи

12. М.Уламбадрах NTV телевиз

13. Т.Хасбаатар Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг

14. Д.Цэрэнжав.Ил тод байдал сан

15. П.Эрдэнэжаргал Нээлттэй нийгэм хүрээлэн.

АТГ-ын удирдлага шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзан тус газраас 2014 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон байгууллагынхаа талаар товч танилцуулж, ажилд нь амжилт хүсэв. 

Categories
мэдээ нийгэм

Үсчин гоо заслын тэмцээнд Монгол улс аравдугаар байранд оржээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоод хамтран дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн үсчин, гоо сайхны салоны захирал, мастеруудын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр эрэгтэй үс засалт, хуримын нүүр будалт, тайзны нүүр будалт, боди арт үзүүлбэр үзүүлсэн. Нээлтийг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нээсэн. Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл 2014 оны 05 сарын 03-наас 6-ны хооронд Германы Франкфурт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо заслын тэмцээний талаар мэдээлэл хийж, видео бичлэг үзүүлсэн.  Энэхүү “Hardworld 2014 тэмцээн”-д  нийт 58 орны 1500 гаруй үсчин гоо засалчид оролцсон. Монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6 төрөлд өрсөлдөж багаараа 10-р байрт орсон. Мөн Дэлхийн үсчин, гоо заслын холбооны бодлогыг хэрэгжүүлснийг үнэлэн тэмцээний үеэр Монгол улсыг дэлхийн хүндэт медаль “Archivement” медалиар шагнасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт 80 хувьтай байна

Монгол Улс энэ хавар 304 мянган га талбайд улаанбуудай тариалахаас 246.1 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Энэ нь нийт тариалалтын 80.8 хувьтай тэнцэж байгаа аж. Бусад төрлийн үр тарианы хувьд энэ сарын 27-ны байдлаар 2347 га-д арвай, 2323 га-д овьёос тариалжээ. Харин төмс хүнсний ногооны тариалалт ид үедээ үргэлжилж байна. Тодруулбал 7267 га-д төмс тариад байгаа нь төлөвлөсөн хэмжээнийхээ 46.9 хувь, хүнсний ногооны тариалалт 3558 га-д буюу 42 хувийг эзэлж байна. Улаанбуудайн тариалалт зургаадугаар сарын нэгнээс өмнө дуусах бол, төмс хүнсний ногооны тариалалт зургаадугаар сардаа багтаж дуусна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд 1180 аж ахуй нэгж, компани тариалалт эрхэлж байгаа аж. Монгол Улс энэ жил 426 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 106 мянган тонн хүнсний ногоо, 10 мянган тонн тосны ургамал хураан авах төлөвлөгөөтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Арван настай хүү гэр, машинаа шатаажээ

Арван настай хүүхэд шүдэнзээр тоглож байгаад айлын хоёр гэр, автомашин шатаасан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. Тус хорооны 11 хороонд оршин суух 10 настай М нь гэртээ ганцаар байх үедээ шүдэнзээр тоглож хоёр монгол гэр, “Аксент” маркийн автомашиныг өнгөрсөн даваа гаригт шатаасан аж. Галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал сэрэмжтэй байж, хүүхдээ ганцааранг нь хараа хяналтгүй үлдээхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.