Categories
мэдээ нийгэм

100 айлын уулзварыг өргөтгөх ажил эхэллээ

 “Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын засварын ажлын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтжээ.  Энэ зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд” ХХК шалгарсан бөгөөд тэд ажлаа эхэлжээ. Уулзварыг өргөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах юм байна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэл руу зүүн гар тийш шууд эргэх боломжтой болох юм байна.
Бээжингийн гудамжны зам буюу Хөгжим бүжгийн сургуулийн зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах талаар “Гудамж” төслийнхөн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уран гарт эмэгтэйчүүдийн урлалыг худалдана

“Уран гарт эхчүүд” үзэсгэлэн маргааш Тусгаар Тогтнолын ордноо гаргах юм байна.  Эрхэлсэн тодорхой ажилгүй болон тэтгэврийн насны өрх толгойлсон хөдөлмөрч ээжүүдийгээ дэмжиж тэдэнд урам зориг өгч, хийсэн бүтээлийг нь зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж буй гэнэ.  Энэ үзэсгэлэнд 10 хамтгамалч эмэгтэйн бүтээлүүд тавигдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эко автобус хоёр чиглэлд үйлчилнэ

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр”-ийн хүрээнд Зам тээврийн яамны захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид байгаль экологид ээлтэй, арван ширхэг JEA-800D загварын Монбус буюу цахилгаан тээврийн хэрэгслүүдийг угсарч үйлдвэрлэсэн билээ. Уг автобусыг нийслэлд хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Арван ширхэг Монбус эхний ээлжинд 3,4 хорооллоос 120 чиглэл буюу БММЗ, болон офицероос ханын материалын чиглэлд үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа

УИХ-ын дарга З.Энхболд пүрэв гаригийн чуулганыг хааж үг хэлэхдээ энэ сарын эхээр Засгийн газраас, бүр тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн  барьсан  Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг засаг эргүүлэн татаж байгааг мэдэгдлээ. Уг тогтоолын төсөлд олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг мөр шийдэх зорилт тавьсан байв. Ингэхдээ манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос  Гашуун сухайт,  Сайншандаас  Замын-Үүд,  Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгажээ.  Харин Тавантолгойгоос Сайншанд,  Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод  Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийгдэхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгаад байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Авлига авсан хэлтсийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүү бусдын ажлыг хясан боогдуулах замаар авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг хэргийг гэх прокуророос хянаж үзээд, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газар хянан, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой”-н удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүслээ

МҮЭХ-ны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр 300 орчим ажилтнаа халсан Оюу толгой компанийн талаар мэдээллээ. Тэд Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүссэн юм. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Тэд Оюутолгой компанийг ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж буруутгаж буй гэнэ. Мөн тэд Монгол Улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгааг зогсоох цаг болсныг хэлээд, өмнө нь ч ажилтнуудаа халж байсан баримт байгааг гэв.

Categories
мэдээ нийгэм

Дагавар охиноо хэрцгийгээр хөнөөсөн эцэгт 16 жилийн ял оноов

Нэг нас 10 сартай хойд охиноо “өмдөө өмссөнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохин орны толгой мөргүүлэх зэрлэгээр зодож санаатай аминд нь халдсан Н.Аюушд 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гарлаа. Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр 10.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд гарсан юм. Уг хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сум дундын III шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Аюушид оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Анхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

Өнөө өглөө Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал хойшилсон байна. Өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг солих хүсэлт гаргасан тухай мэдээлсэн. Тэгвэл тэдний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Шүүх хурал завсарласны дараа үдээс хойш дахин ороход Х.Анхбаярын өмгөөлөгч өөр шүүх хуралд оролцохоор болжээ. Иймд уг шүүх хурлыг зургадугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

МХБ-ийн захиралыг Сангийн яам томилно

Төрийн өмчийн удирдлагын хороо өнөөдөр хуралдаад Монголын хөрөнгийн биржийн удирдлагын томилгоор авч хэлэлцсэн байа. МХБ-ийн гүйцэтгэх захиралд долоон хүн нэр дэвшсэн аж. Тэднээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулжээ. Түүнийг МХБ-ийн захирлаар томилох эсэхийг Сангийн яам шийднэ. Учир нь Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны тогтоолын дагуу Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн хувьцаанаас эзэмшихээр болсон юм. Иймд дээрх албан тушаалын томилгооны эрх Сангийн яаманд шилжсэн байна.
О.Сайнжаргал нь “Зэргэд” брокер, дилерийн компанид дилерээр ажиллаж байгаад Австрали улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2012 оны хугацаанд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байсан нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт болно

Нийслэлийн Арчилсан намаас “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-тэй хамран “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгийн Арчилсан намынхны хүсэлтийн дагуу энэхүү хурал зургадугаар сарын 4-нд “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд болно. Сургалтад Хөвсгөл аймгийн 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга нар оролцох аж. Тэд бүтэн өдрийн турш үргэлжлэх сургалтын явцад “Би хаана явна вэ. Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир” зэрэг хэд хэдэн сэдвээр номын дуу сонсоно. Мөн сургалтад оролцогчдод Нийслэлийн АН-ын үйл ажиллагааг танилцуулж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, хийсэн болон цаашид хийх ажлуудын тухай мэдээлэл өгөх юм байна.