Categories
мэдээ нийгэм

Ногоон уутыг эсэргүүцэгчид жагслаа

Нийслэлээс нийтдээ 5.7 тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлэж, айл бүрт тараадаг болсон. Хогны уут өөрөө хог болдог. Тиймээс энэ  мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих хэрэгтэй гэж “Ардын аян” ТББ-ынхан уриа лоозон барин өнөөдөр хотын захиргааны гадаа жагслаа. Тус ТББ-аас “Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан ямар асуудал байна вэ гэсэн санал асуулгад иргэд сүүлийн гурван жил дараалан хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль гэсэн хариултыг тэргүүн эгнээнд өгсөн. Тэгвэл хогны уут хийж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байсан. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ. Гялгар уут нь 60 жил амьдрах чадвартай хог юм” гэлээ. Ийнхүү тэд хүүхдийн 5 цэцэрлэг, 4 эмнэлэг, 2 сургууль салхинд хийслээ гэсэн агуулгатай арга хэмжээг хүүхдийн баярын өмнөхөн зохион байгууллаа. Энэ санаагаа олонд ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд хогны уутыг тэнгэрт нисгэв. Үүнийгээ хогны уут нь дээрх тоо бүхий хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг аваад ниссэн гэж тайлбарлалаа. 

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар эдгээр зогсоолыг ашиглаарай

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хамгийн их ачаалал авдаг зам бол Нарны зам буюу Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор  Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоол ууд тухайн  өдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих бол та Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр,  Соёл амралтын хүрээлэнд очих бол  Паркийн өргөтгөлийн ажил хийгдэж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбай, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан луу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаарай. 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн  11 цагаас -16 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана.  Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд тухайн замыг сонгож хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн орчмын зогсоол

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг шинэ “Гүег хаан” онгоцтой танилцуулна

Удахгүй болох Эх үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын албаныхан “Хүүхэд бидний ирээдүй” хүмүүнлэгийн арга хэмжээг өнөөдөр хийх гэж байна.  Энэ хүрээнд  13.00 цагт “МИАТ” ХК-тай хамтран “Бойнг 737-800” буюу шинээр авчирсан “Гүег хаан” онгоцыг хүүхэд, багачуудад  үзүүлж сонирхуулахаар болжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 9,10,16 дугаар хорооны нэн ядуу болон амьжиргааны түвшингээс доор орлоготой айл өрхийн 60 гаруй хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн баяр”-ын үеэр Чингисийн талбайн хоёр талын замыг хаана

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ. Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд  10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд  зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр”  албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц , сонин байдлаар засахаар төлөвлөж байна . Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2  талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 1-нд хүчтэй салхи, шуургатай байна

Ойрын өдрүүдэд өдөртөө халж, маргааш баруун зүгийн нутгаар, 31-нээс 6-р сарын 01-нд  ихэнх нутаар хүчтэй салхи шуургатай байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв. 

31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2,3-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав газар болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6 дугаар сарын 1, 2-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Азгүй авьяастнууд

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Нидерланд улсын эрхэмсэг Хааны хөлбөмбөгийн холбооны шигшээ буюу тун энгийнээр Голландын баг гэж нэгэн сонирхолтой “айл” дэлхийн хөлбөмбөгийн багт багтан доогуур биш дээгүүр бужигнуулсаар даруй 100 гаруй жилийг өнгөрөөжээ. 70-аад оноос эхлээд Кройфф, Кроол, Нескенс, 90-ээд оны Гуллит, Ван Бастен, Клюверт одоо цагийн Ван Перси, Роббен гээд гялалзах том “мөнгөн” одуудыг энэ улсын шигшээ баг төрүүллээ. Тиймээ тэднийг алтан биш мөнгөлөг одууд гэж нэрлэдэг нь учиртай. Үе дамжих удамшил гэлтэй, эдгээр одууд хичнээн сайн тоглож наадсан ч бай эцэстээ түрүүлж чаддаггүй дэд байрт үлддэг тун муухай зуршилтай олон арван жилийг  өнгөрөөж байна. 

1988 онд Европ тивийн аварга болсон ганц тохиолдлыг эс тооцвол тэдний хүртсэн дэлхийн, олимпийн тивийн мөнгө, хүрэл медалиудыг тоолж барахгүй олон гээч. ДАШТ-д л гэхэд 1974, 1978, 2010 онуудад мөнгөн медаль дээр бууж байлаа. Мөнгөн медалийг ялагдаж байж зүүдэг, хүрэл медалийг ялж байж хүзүүддэг хэмээх хэлц үгийг хэлүүлэхээргүй мэддэг биз дээ. Тэгвэл ийм нэгэн авьяаслаг мөртлөө азгүй баг Бразилийг итгэл өвөрлөн зорьж байна. 

Голландын шигшээ багийн бүрэлдэхүүн:

хаалгачид-Яспер Силессен (“Аякс”), Тим Крул (“Ньюкасл”), Мишель Ворм (“Суонси”), Йерун Зут (ПСВ);

хамгаалагчид-Патрик ван Анхольт (“Витесс”), Дэйли Блинд (“Аякс”), Дари Янмат (“Фейеноорд”), Теренс Конголо (“Фейеноорд”), Бруно Мартинс Инди (“Фейеноорд”), Куинси Промес (“Твенте”), Карим Рекик (ПСВ), Жоэль Велтман (“Аякс”), Паул Верхаг (“Аугсбург”), Рон Флаар (“Астон Вилла”), Стефан де Врей (“Фейеноорд”);

 хагас хамгаалагчид – Жан-Поль Боэтиюс (“Фейеноорд”), Йорди Класи (“Фейеноорд”), Мемфис Депай (ПСВ), Лерой Фер (“Норвич”), Жонатан де Гузман (“Суонси”), Найжэл де Йонг (“Милан”), Жэремейн Ленс (“Динамо” Киев), Арьен Роббэн (“Бавария”), Уэсли Снейдэр (“Галатасарай”), Тонни Вильена (“Фейеноорд”), Рафаэль ван дер Варт (“Гамбург”), Жоржиньо Вейналдум (ПСВ);

довтлогчид – Клаас-Ян Хунтелаар (“Шальке 04”), Дирк Кёйт (“Фенербахче”), Робин ван Перси (“Манчестер Юнайтед”).

Алхах дасгалжуулагч Лун ван Гаал

Сайн тал

Эхний ээлжинд ахлах дасгалжуулагчийг нь онцолно. Алоизиус Паулус Марий ван Гаал гэх 62 настай энэ эрийг “дарангуйлагч”, “генерал”, “төмөр тюльпан (алтанзул цэцэг)” гэх мэтчилэн хочилдог. Голландаас олон сайн дасгалжуулагчид төрөн гарсан. Тэдний нэг нь болох Луй ван Гаал довтолж тоглох дуртай, хоёр жигүүрийг сайн ашигладаг, тоглолтын тактикаа эсрэг багтаа тааруулж зөв зохион байгуулдаг, удирдаж буй тамирчдаа хатуу гараар барих дуртай нэгэн гэж ярьдаг. Түүний удирдлага дор “Аякс”, “Аз Алкмаар”, “Барселона” багууд амжилттай тоглож байсан бол өнөө цагийн шилдэг баг “Байер” Мюнхэнийг чухамдаа дээрх голланд дасгалжуулагч өдий зэрэгтэй болгох эхний ноён нурууг нь босгож байлаа. Тэр удирдсан багаа заавал амжилтад хүргэдэг, гэхдээ эцэстээ дарангуйллыг үл тэвчих хөлбөмбөгчдийн эсэргүүцлээр ажлаасаа халагддаг заншилтай нэгэн бөлгөө. Ийм учраас яг одоо шигшээ баг удирдахад тохирсон хүн гэж дүгнэж болохоор. 

Голландын шигшээ хоёр жигүүр болон довтолгоо нь тун дажгүй. Ер нь Голландын шигшээ багийн хагас хамгаалалт тун сонирхол татахуйц хэсэг нь гэхэд болно. Уг нь тэд 4-3-3 схемээр тоглодог ч гэлээ Стротманы гэмтлээс шалтгаалан ийм байрлалаар бус өөр гарц хайх шинжтэй. Тэгвэл бид энэ ДАШТ-ий үеэр цоо шинэ одуудыг харах боломж нээгдэнэ гэсэн үг.

Сул тал нь

Хамгаалалт сул. Ар талд бултаараа олны танил бус залуучууд цугларсан байгаа. Хэдийгээр сонгон шалгаруулалтын  тэмцээнүүдэд Голландын шигшээ баг тун цөөхөн бөмбөг өөрийнхөө хаалганд алдсан гэдэг ч дэлхийн шилдгүүдтэй таарах үед залуучууд яах бол гэдэг асуудал бий. Энэ асуудлыг аятайхан давсан тохиолдолд Флаар, Янмат, Блинд зэрэг нь шинэ од болон гялалзахыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь Голландын шигшээ багийг дэлхийн шилдэг клубуудын менежерүүд ДАШТ-ий дараа хуваагаад  авчихдаг шүү дээ. Учир нь ДАШТ бүрт энэ улсын шигшээгээс шинэ од төрдөг. Тэр од нь очсон баг, клубдээ шинэ уур амьсгал  авчирч чаддаг хөдөлмөрч авьяаслаг хүмүүс байдаг юм. Гэхдээ тэд даанч азгүй авьяастнууд даа. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд “ЭСТО” ХХК Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэнэ. Дээрх 10 хоногийн хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Учир нь Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй байна. Иймд 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас иргэдэд мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн осол гэмтэл эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хув нь асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3,4 дахин их байна.

2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн өвчлөлийн тохиолдлын 27.9 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд ба бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлын тэргүүлэх шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10000 хүүхдэд 321.2, зам тээврийн осол гэмтэл 42.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 154.4 байна.

2014 оны эхний дөрвөн сарын байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, халамж сул, хариуцлагагүй байдал, хүүхдийг хормын төдий эзэнгүй орхисноос хүүхэд халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, гадаа жорлонд ойчих, мөн хөхөөр дарж бүтээх, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас 5 хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна.

ИймдДЭМБ болон ЭМЯ эцэг, эх, асран хамгаалагчид ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 

Ахуйн гэмтлээс сэргийлэх:

  • Нярай хүүхдийг шөнө, өдрийн аль ч цагт заавал сууж хөхүүлэх, хүүхдээ хөхүүлэх, асрахад нөхөр, гэр бүлийн гишүүд, эхэд туслан дэмжиж, хөхүүл эхийг сайтар унтуулж, амраах,

  • Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж, уухгүй байх,

  • Бага насны хүүхэдтэй айл ширээний бүтээлэг, “Хятадын халуун тогоо” хэрэглэхээс зайлсхийх,

  • Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах,

  • Бетон, том савтай усыг хүүхэд авч чадахааргүй таглаатай байлга,

  • Эм, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

  • Шүдэнз, гал гаргаж болох зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах,

  • Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах,

  • Пийшин, зуухны эргэн тойронд хүүхэд хүрэхээс сэргийлэх хамгаалалт хийх,

  • Цонх, тагтыг түгжээтэй, хамгаалалттай болгох,

  Хүүхдийн хамгаалал:

  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх,

  • Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх,

  • Бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт харгалзах хүнгүй явуулахгүй байх,

  • Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх,

  • 10 доош насны хүүхдийг “Уралдааны морь” унахыг хориглох ба өвлийн улиралд хүүхдийг морь унуулахгүй байх,

  • Өвлийн улиралд бага насны хүүхдийг морь, мотоцикль дээр авч явахгүй байх.

  Зам тээврийн ослоос сэргийлэх:

  • Нярай, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа зориулалтын суудалд бэхэлж, арын эгнээнд суулгах,

  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд суулгаж явахдаа гар, толгой, цээжийг цонхоор гаргахгүй байлгах, тээврийн хэрэгслийн хаалгыг заавал түгжиж байх,

  • Зам хөндлөн гарахдаа хүүхдийг тэврэх юм уу эсвэл хүүхдээ заавал хөтөлж, гэрлэн дохиогоор гарах,

  • Хүүхэд зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, “Машинд хүүхэд байна” тэмдгийг наасан байх,

  • Жолооч нар гудамж, хороолол дотор тээврийн хөдөлгөөнд орохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойронд хүүхэд байгаа эсэхийг заавал нягтлах,

  Орчны аюулгүй байдал:

  • Орон сууцны хүүхдийн тоглоомын талбайг цементлэхгүй, хүүхэд гэмтэхээргүй тоглоом суурилуулах, 

  • Гадаа жорлонг тогтмол хааж түгжих, муу усны нүхийг таглаж, хаяаг нь сайтар манасан байх, 

  Зөвлөмж: 

  • Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хүйтэн усаар шавших, цэвэр боолт хийгээд өвчин намдаах эм эсвэл лаа хэрэглэж, эмнэлэгт яаралтай хандаарай, 

  • Элдэв зүйл түрхэж болохгүй, 

  • Хүүхэд гэмтсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай. 

Categories
мэдээ нийгэм

Т.Батаарыг Лениний музейд байрлууллаа


Хууль бусаар хилээр гаргасан дал гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 17-нд АНУ-аас Монголд авчирсан билээ.  Зориулалтын байр, агуулах сав байхгүйгээс хэсэг хугацаанд Дархан-Уул аймагт хагас жил шахам байсан Т.Батаарыг өнөөдөр нийслэлд авчирч, Ленины музейд байрлууллаа. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Т-Батаар болон түүний нөхдийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт байрлуулж, нутгийн иргэдэд үзүүлж, сонирхуулсан. Нэгэнт шүүхээс Ленины музейг төрийн өмч болохыг тогтоосон тул Т.Батаар болон түүний нөхөд гэртээ ирж байна. Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаас урьтаж иргэдийн хүртээл болгохоор зорьж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Арван мянган оюутан нэг сая хүртэлх төгрөгийн цалинтай ажиллана

Их, дээд сургуульд суралцдаг оюутан залуусыг ажлын байраар хангах зорилгоор өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Ажлын гараа”, “Сумын залуус”, “Цагийн ажил” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь амжилт олж, 3000 орчим залуусыг ажилд хамруулж чадсан юм.
Хөтөлбөрийг энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр болж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр өнөө жилийн бүтээн байгуулалтад 10 мянган оюутан залуус гар бие оролцож, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллах болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн яамнаас хоёр тэрбум төгрөгийг зарцуулна. Харин ажилд зуучлагдан очсон залуус сард 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн цалин авч ажиллах юм байна.