Categories
мэдээ нийгэм

Алслагдсан хорооны хүүхдүүдийг анхаарч байна

Багануур дүүргийн төвөөс 17 км алслагдсан II хорооны хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардууллаа. 2013 оноос эхлэн дүүргийн Засаг даргын санаачлагаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд энэхүү үйлст нэгддэг.

Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, Засаг даргын зөвлөх Б.Батбилэг, “Дүүрэн чандмань” мал эмнэлгийн захирал н.Гэрэлттөр болон “Багануур эсгий” ХХК-ний захирал н.Жамбалдорж нар хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дүүргийн төвөөс алслагдсан энэхүү хорооны хүүхдүүдийн нийгмийн хамгаалалыг сайжруулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэр чиглэлээр дүүргийн ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болжээ.  

Categories
мэдээ нийгэм

“Өглөөний цай”-г УИХ-ын гишүүдтэй

УИХ дахь залуу гишүүд  “Өглөөний цай” клуб байгуулжээ. “Өглөөний цай” клубэд одоогоор АН-аас  4,  “Шударга ёс” эвсэлээс 4, МАН-аас 4, Бие даагч 2 гишүүн нэгдсэн байна. Тэдний ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ажиллах гэнэ. “Өглөөний цай” клубынхан долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө цуглаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар иргэдээ сонсч, санал солилцон, шийдвэрлэх гарцын талаар үзэл бодлоо нэгтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Саруул зам” багийн ахмад тамирчид тэргүүлжээ

 Монголын ахмадын чөлөөт холбооны нэрэмжит Ахмадын спорт явган аялалын хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улиастайн голын эх Баянголын аманд өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 20 багийн 120 ахмад тамирчид өрсөлдөж байгаа бол 40 гаруй ахмад аялагчид хөгжөөн дэмжигчээр оролцсон  байна.

Тэмцээнд оролцогч ахмадууд 25 км явган аялж, спортын долоон төрлөөр уралдаж, МАЧХ-ны шилжин явах цомын төлөө өрсөлдсөн юм.Монголын ахмадын чөлөөт холбооноос Ахмадуудын эрүүл мэндийг дээшлүүлэх идэвхитэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир спортоор бие бялдарыг нь чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү спорт явган аялалыг зохион байгуулсан аж.

Тэмцээнд оролцогчид нийт 17 баг болон өрсөлдөж, багийн нэгдсэн дүнгээр Нэгдүгээр байрыг “Саруул зам” баг, Хоёрдугаар байрыг “Дайчин” баг, Гуравдугаар байрыг “Тэгш хийморь” баг тус тус эзэллэсэн юм. Тэргүүн байт шалгарсан “Саруул зам” багийнхан Монголын чөлөөт ахмадын холбооны шилжин явах цомын эзэд болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд энэ сарыг дуустал үнэ төлбөргүй зорчино

Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн мэдээлэл гарах болсон. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор энэ сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд энэ өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй байдаг байна. Энэ нь ИТХ-ын 2010 оны 12 сарын 24-ний тогтоолд тусгагдсан байдаг бөгөөд энэхүү ташаа мэдээлэлтэй холбоотойгоор гарсан санал гомдлоо Нийслэлийн Тээврийн газар 11-326 352 утсаар мэдэгдэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн хэвлэлийн хурал болно

Өнөөдөр 11.00 цагт Дээд шүүхийн байранд хэвлэлийн хурал болох юм байна. Энэ үеэр Захиргааны шүүхэд ирж буй гомдол саналын талаар мэдээлэл хийх ба хуралд Тэргүүн шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга оролцохоор болжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Таргалалтаас сэргийлэх хүнс


Сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнсэндээ тараг, бүйлсний үр хэрэглэх нь таргалалтаас сэргийлэхэд тустай болохыг Нидерланд, Испанийн эрдэмтдийн судалгааны дүн харуулжээ. Тухайлбал, Балканы хойгийн өдөрт хоёр удаа тараг уудаг хүмүүс таргалалтад өртөх эрсдэл бага байдаг аж. Зарим тураах бэлдмэл нь элсэн чихрийн агууламж өндөр байдаг учир харин ч биеийн жинг улам нэмдэг байна. Түүний оронд хүнсний ногоо, Оливын тос, тараг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь биеийн жингээ барихад өндөр ач холбогдолтой байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн өдөрт идэх чихэр жигнэмгийн оронд 43 гр бүйлсний үр идэх нь мөн таргалалтаас сэргийлэх үр дүнтэй арга аж. Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум 100 сая хүн тарган буюу илүүдэл жилтэй амьдарч байна гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цөөрөмд хаясан цүнхэн дэх цогцос Монгол иргэн байсан байж болзошгүй гэнэ

Монгол иргэнийг хөнөөж, цогцсыг нь цүнхэнд хийж хаясан байж болзошгүй хэрэг БНСУ-ын  Инчон хотын Намданг дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн нэгэн цөөрмөөс аялалын том цүнхэнд хийж хаясан, эрэгтэйн цогцос олджээ. Цөөрмийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн ажилтны өгсөн мэдээллийн дагуу  шалгаж үзсэнээр аялалын цүнхэн дэх цогцос Монгол иргэнийх болохыг шинжилгээгээр тодруулсан гэнэ.  Уг хэргийг тус хотын цагдаагийн ажилтнууд шалгаж эхэлжээ.

С.Нарангарав

Categories
мэдээ нийгэм

Олныг түгшээж, цалингаа нэхэмжлэв

Ажлынхаа хөлсийг нэхэж, өндөр барилгын орой дээрээс аюултай үйлдэл хийсэн нэгэн ажилтны тухай бичлэгийг Солонгосын хэвлэлүүд онцолж байна. БНСУ-ын Кангванду аймагт баригдаж буй нэгэн сүмийн барилга дээр ажилласан барилгачид сүүлийн дөрвөн сарын турш ажлын хөлс болох 23 сая воныг авч чадаагүй юм байна. Тиймээс өнөөдөр тус бригадын 59 настай Ким ажлынхаа хөлсийг нэхэн сүмийн орой дээр гарчээ. Тэрээр барилгын гадуур босгосон тулгуур төмрүүд дээр явж, унах гэснээ зогсч олон удаа аюултай үйлдэл хийжээ. Барилгачин Ким ийнхүү дөрвөн цаг 30 минутын турш эсэргүүцэл зарласны эцэст, 23 сая воны цалингаа бэлнээр авахаар болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд долдугаар сарын 1-нийг хүртэл үнэгүй зорчино

Нийтийн тээврийн кондукторууд өнөөдрөөс оюутнуудыг визагаар зорчуулахгүй гэж, мөнгө нэхэж байгаа тухай мэдээлсэн билээ. Монголын оюутны холбооныхны тайлбарласанаар “Оюутнуудын нийтийн тээврийн нөхөн олговрыг төрөөс зургадугаар сарын 30 хүртэл олгосон байдаг учраас энэ сарыг дуустал том оврын автобусаар үнэгүй зорчих эрхтэй” гэв.  Харин долдугаар сарын 1-нээс оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ тасалбараа авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хариуцлагагүй эцэг эхчүүдийн жолоо барих эрхийг хасна

Хүүхдэдээ бүс зүүлгэж, хамгаалах суудалд суулгаагүй иргэдийг торгож, эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Нийслэлийн засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А92 тоот захирамжийн дагуу бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч нарт тооцох хариуцлагыг нэлээд өндөржүүлэх үүргийг Нийслэлийн замын цагдаагийн газарт өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б дээр хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч нь хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхийг хориглоно гэсэн заалт байгаа аж. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21Е, Б дээр гурав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй тохиолдолд хамгаалалтын суудал дээр тээвэрлэнэ гэсэн заалт бий. Тэгвэл энэ хоёр заалтыг зөрчсөн жолооч нарт өчигдрөөр торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн. Хуулинд дээрх зөрчил гаргасан жолоочийг 10 мянган хүртэлх төгрөгөөр торгохоор заажээ. Энэ зөрчлөө ухамсарлаагүй, удаа дараа алдаагаа давтсан хариуцлагагүй эцэг эхчүүдэд зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах ажээ.
Өнгөрсөн 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн осол хэргийн улмаас амиа алджээ. Үүнээс долоон хүүхэд нийслэл хотод, 30 хүүхдийн 20 нь авто машин дотроо зорчиж яваад нас барсан байна. Энэ нь автомашинууд хамгаалах бүс, хүүхэд тээвэрлэх зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой аж.