Categories
мэдээ нийгэм

Дундговийн Засаг дарга солигджээ

Дундговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч батламжилжээ. Харин тус аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан байна.Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон С.Од-Эрдэнэ нь тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Нохойн үзэсгэлэн яармаг болно

Хүний үнэнч анд хэмээгддэг нохойг монголчууд сүүлийн жилүүдэд тэжээх нь элбэг болсон. Үүнтэй холбоотой тэмцээн уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүд ихээхэн зохиогдох болсон. Тэгвэл “Монголын нохой судлалын холбоо”, “Мишээл Групп” хамтран нохой болон түүний хоол тэжээл, дагалдах хэрэгслийн худалдаа, нохой үржүүлэгчид сонирхогчдыг хамарсан “Нохойн Үзэсгэлэн Яармаг-2014” арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 7,8-нд буюу энэ амралтын өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох бөгөөд нохой үржлийн газар, эмнэлэг, түүний хоол тэжээл, дагалдах хэрэгсэл зардаг хувь хүн болон байгууллага оролцох юм. Нохойнд хайртай, нохой сонирхдог, тэжээдэг хүн бүрт үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Такси барьсан бүсгүйг хээр аваачиж хутгалжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хүчирхийлэхийг завдаж, хутгалж хээр хаясан хэрэг гарчээ. 22-ын товчооноос 30 гаруй насны эмэгтэй 61-ийн гармын орчимд айлд очихоор такси барьжээ. Таксины жолооч 50 гаруй насны хүн байж.  Тэд үнэ мөнгөнөөс болж маргалдсан бололтой.  Жолооч бүсгүйг хээр аваачин цээж, гарыг нь хутгалж хаячихаад явсан байна. Хохирогч эмэгтэйг ямаа хариулж явсан хоёр охин олсон аж. Хохирогч “Амь авраарай, аллаа” хэмээн хашгирахад нь охид явж очжээ. Энэ үед сэжигтэн  машинаа асаагаад зугтаасан байна. Охид тэр даруй цагдаад мэдэгдсэн гэнэ. Сэжигтнийг айлд байхад нь баривчилжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн хөгжлийн сайд чөлөө авчээ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч Н.Батбаяр сайд УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанаас чөлөө авчээ. Эдийн засгийн байнгын хоро өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тиймээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.  Сайд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчээ. 

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид уул уурхайн талаар захидал илгээжээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ашигт малтмалын хуульд тусгасан ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэхийг хүсч Ерөнхийлөгчид захидал бичсэн байна. Тэрээр Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүсчээ.Засгийн газраас өнөөдөр эргүүлэн татсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасан байсан юм. Тэрээр захидалдаа “Лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгох талаар огт дурьдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдөж байна. Эрх баригчид “урт нэр”-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхөөр зэхэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу” гэж дурджээ. 

Categories
мэдээ нийгэм

“Изинис”-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд нислэг тасалдахгүй

“Изинис Эйрвэйз” ХХК үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбогдуулаад ЗТЯ, ИНЕГ-аас ажлын хэсэг гарч, шуурхай арга хэмжээ авсны үрээр тус агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд нислэг хэвийн үргэлжилж байна.

“Изинис Эйрвэйз ”
агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж байсан чиглэлүүдэд өнөөдрийг хүртэл түр зуурын зохицуулалт хийж, “Аэрмонголиа”, “Хүннү эйр” агаарын тээвэрлэгчдэд хуваан нислэг үйлдүүлж байсан бол ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газар/АНҮГ/-аас зургаадугаар сарын 02-ноос аравдугаар сарын 25-ныг
хүртэлх нислэгийн тогтмол хуваарийг батлан гаргалаа.
“Ингэснээр үйл ажиллагаагаа зогсоосон авиакомпаниар үйлчлүүлж байсан иргэдэд ямар нэгэн
хүндрэл учрахгүй, бүх нислэгүүд хэвийн горимдоо орж, нислэг хэвийн үргэлжлэх болно” гэдгийг ЗТЯ-ны ажлын хэсэгт орж ажилласан,
ИНЕГ-ын АНҮГ-ын дарга П.Ганболд онцоллоо. Тус ажлын хэсгийнхэн идэвхитэй ажиллаж, “Изинис” авиакомпанид захиалга
өгсөн байсан 1800-аад зорчигчийн 8-аас бусдынх нь нислэгийг
зохицуулсан байна.

ИНЕГ-аас бусад агаарын
тээвэрлэгчдэд ч орон нутагт нислэг үйлдэх талаар санал тавьсан бөгөөд “МИАТ” компани Ховд болон
Оюутолгой нисэх буудал руу
Боинг 737 онгоцоор нислэг үйлдэх боломжтой гэсэн хариу ирүүлжээ.

Дотоодын 2 агаарын тээвэрлэгчийн орон нутгийн 12 чиглэлийн нислэгийн хуваарийг
танилцуулбал:

 

Чиглэл

Агаарын тээвэрлэгч

Өдөр

Давтамж /Долоо хоногоор/

Агаарын хөлгийн
маяг

1.     

Баян-Өлгий

Аэромонголиа

2,3,4,6,7

5

Fokker-50

2.     

Баянхонгор

Хүннү
Эйр

2,4,6

3

3.     

Говь-Алтай

2,4,6

3

4.     

Дорнод

1,3,5,6

4

5.     

Завхан /Доной/

Аэромонголиа

1,5

2

Хүннү
Эйр

2,4,6,7

4

6.     

Ховд

Аэромонголиа

2,4,6

3

Хүннү
Эйр

1,3,5

3

Fokker-50,
А319

7.     

Хөвсгөл /Мөрөн/

Аэромонголиа

1,2,3,4,5,6,7

7

Fokker-50

Хүннү
Эйр

1,2,3,4,5,6,7

7

8.     

Өмнөговь /Даланзадгад/

Аэромонголиа

1,2,3,4,5,6,7

8

Хүннү
Эйр

1,2,3,4,5,6,7

14

9.     

Увс

Аэромонголиа

2,4,6

3

Хүннү
Эйр

1,3,5

3

10.   

Оюутолгой

Аэромонголиа

2,3,5,6,7

5

11.   

Тавантолгой

2,4,6

3

12.   

Овоот

1,5

2

 

Шинээр “Хүннү Эйр”
ХХК УБ-Увс-УБ чиглэлд долоо хоногийн 3, “Аэромонголиа” ХХК УБ-Баян-Өлгий-УБ чиглэлд 2, УБ-Оюутолгой-УБ чиглэлд 3
удаагийн давтамж нэмсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдрөөр “Нарантуул”, “Сандэй”, “Бөмбөгөр” ажиллахгүй

Энэ хагас сайнд “Автомашингүй өдөр” болж, “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан зарим томоохон  худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийсэн байна. 

5Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн 06 дугаар сарын 07-ны бямба гаригийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

5Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК Хөгжлийн банкнаас 40 сая ам.доллар хүсчээ

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК Орхон аймгийн ИТХ-ын дарга болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад хүсэлт тавьжээ. Тус компани катодын зэс боловсруулах үйлдвэр барих бөгөөд үүний техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын Бээжин хотын уул, уурхай, металлургийн судалгааны ерөнхий институттэй хамтран боловсруулсан байна. Жилд 5000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ үйлдвэрийг барихад 40 сая ам.доллар шаардлагатай аж. Энэ мөнгийг Хөгжлийн банкнаас хүсэхэд, тус банк юуны өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байр сууриа нэгтгэ гэжээ. Учир нь барих гэж буй үйлдвэрийн нийт зардлыг “Зэс Эрдэнийн хувь” ХХК дангаараа гаргах уу, эсвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтрах уу гэдгээ эхлээд зөвшилцөх шаардлагатай ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.medee.mn 

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах наадам хүртэл дуусахгүй

Улсын хэмжээнд энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн. Ирэх долдугаар сарын дунд хүртэл нөөцийн махаар хангана гэж албаныхан хэлж байна. Оны эхэнд нөөцийн махны борлуулалт муу байсан бол сүүлийн үед сайжирч эхэлжээ. Нэг кг үхрийн махыг 5950 төгрөг, ямааны махыг 4900 төгрөг, хонины махыг 5750 төгрөгөөр худалдаж байгаа аж. Одоогоор нийт бэлтгэсэн нөөцийн махны 66 хувийг худалджээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд борлуулалт нэмэгдэж, өдөртөө 100-120 тонн нөөцийн мах борлуулсан дүнтэй байна. Нөөцийн махыг  Улаанбаатар хотод 350 цэгээр, Дарханд 110, Эрдэнэтэд 33 цэгээр худалдаж байна. Мөн долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагт томоохон худалдааны төвүүдэд өртгөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махыг гулуузаар болон жижиглэнгээр худалдаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатарын өмгөөлөгчид халджээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг АТГ-аас цагдан хориод хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, хамтран ажиллаж байсан хуульчид Цогтбаатарыг заавал цагдан хорих шаардлагагүй, хүний эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж ярилцлага өгч байсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг рүү үл таних этгээд дайрч, толгой нүд рүү хүчтэй цохиод зугатжээ. Үүний улмаас өмгөөлөгчийн зүүн нүд  болон тэр орчмын яс нь бэртэж гэмтсэн байна. Гэмтлийн эмч нар Г.Баянбилэгийг яаралтай эмчилгээ хийлэхгүй бол хараанд нь нөлөөлөхийг анхааруулжээ. 

Дашрамд дуулгахад, Д.Цогтбаатарыг хэдэн хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа боловч жил гаруйн хугацаанд аль нь нотлогдоогүй байгаа юм.