Categories
мэдээ нийгэм

“Үндэсний сургагч багш” бэлтгэх сургалт болж байна

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Спорт бүхний төлөө” Олон улсын холбоо /TAFISA/, Монголын Үндэсний Олимпийн хороо, ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв хамтран Олон Улсын Олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд өглөө бүр 09.00-17.00 цагийн хооронд болох юм. Сургалтад аймаг, дүүрэг, харъяа байгууллага, спортын хороод, их дээд сургуулиас сонгогдсон 30 арга зүйчийг суралцуулж “Үндэсний сургагч багш” сертификатыг гардуулах юм байна.

Сургалтанд TAFISA олон улсын байгууллагаас ХБНГУ-ын иргэн, доктор, Профессор Капустин Петер Константин , Австрали улсын иргэн Диксон Бэлинда Жэин, ССАЖЯ-ны харъяа СБТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар сургалтыг удирдан зохион байгуулж оролцож байна.

Энэхүү сургалтаар спортын нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, иргэдийг спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндээ бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүйчдэд дэлхий нийтийн спортын өнөөгийн чиг хандлагын талаархи мэдлэг, мэдээллийг өгөх, орчин үеийн арга зүйг эзэмшүүлэх ажээ. Энэхүү сургалтыг TAFISA олон улсын байгууллагаас энэ жил Малайз, Иран, Тринидад Тобаго, Монгол, Дани, Турк, Гуамгэсэн дэлхийн долоон оронд зохион байгуулсан бөгөөд ССАЖЯ-ны хүсэлтээр Монгол Улсад анх удаагаа зохиогдож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн асуудлаар Боловсролын сайдад хандана

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өнгөрөгч баасан гаригт МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзсан юм. Тэд дээд боловсролын салбарт ажиллаж явсан, энэ салбарын жаргал зовлонг сайн мэддэг гишүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа талархсанаа илэрхийлэв. Улсын оюуны цөм болсон ууган сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийг багш нар дэмжиж байгаа ч хэрэгжүүлж буй арга зам, арга барил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа бөгөөд эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүй, хүчээр явуулж байгаа талаар багш нар мэдээллэв.

Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад олонтаа шаардлага хүргүүлж, оюутнууд хүртэл гурван удаа жагссан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас хандаж болох бүхий л албан тушаалтанд байр сууриа хүргэхээс өөр аргагүй болоод байна гэж онцлов. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад одоогийн захирал болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэж 80 орчим хувь нь илэрхийлсэн байна. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр ажлаа авснаас хойш Эрдмийн зөвлөлийн бүх эрх мэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж багш нар ярилаа. Мөн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгааг тэд хэлэв.

Бүтцийн өөрчлөлтөөс болж өөр сургууль, өөр ажил руу шилжин ажиллах багш нар ч цөөнгүй байгааг дуулгалаа. Энэхүү үл ойлголцлоос болж багш нараа, яваандаа оюутнуудаа ч алдаж болзошгүй байдал үүсээд байгаа учир асуудлыг багш, ажилчид, оюутнуудад ашигтай байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС дээр өрнөж байгаа та бүхний ярьсан асуудлыг улс төржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Тэрээр “Монголын оюуны нөөц дээр тулгуурласан шинэчлэл хийх ёстой. Шинэчлэлийг хэнд зориулж хийж байгаа, юуг нь өөрчлөх ёстой нь чухал гэдгээ бодох ёстой. Харамсалтай нь шинэчлэх зарчим нь тодорхой биш байгаа учраас маргаан их гарч байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын хямралыг хүлээн зөвшөөрч мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх тухай ярьж байна. Монгол залуучууд чадвартай, авьяастай. Сургуулиуд тэрхүү авьяас чадварыг хөгжүүлэх мэдлэгийн орчин болж хувирах ёстой.

МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан олон сургуулийг хооронд нь нэгтгэж, мэргэжлийн ангиудыг нийлүүлсэн, багш нарын саналыг аваагүй  гэх мэт олон асуудлыг ярьж байна. Багш, хамт олны олонхи нь удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлийг энэ хүн хийж чадахгүй гэж үзээд өөрчлөх хүсэлтээ Боловсролын сайддаа тавьсан юм байна. Бид БШУ-ы сайдад хандаж, тус сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцоно” гэж хэллээ. Мөн МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох тухайгаа ч хэлсэн юм.

Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус сургуульд үүсээд буй асуудлыг багш, оюутнуудын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх боломжтойг онцлов. Тэрээр их сургуульд багшилж байсны хувьд багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу эрдэмтэд Салхин парктай танилцав

Монголын залуу эрдэмтдийн холбооноос Төв аймгийн Сэргэлэн сум дахь Салхин паркийн захиргаатай хамтран “Залуу эрдэмтэд бүтээн байгуулалтыг дэмжиж байна” уриатай явган аялалыг өчигдөр зохион байгуулллаа. Энэ удаагийн аялалыг тус холбооны Газарзүй геологийн салбар хороо зохион байгуулсан аж.

Аялалд оролцогчид “Клен Инержи” компанийн Салхин цахилгаан станцийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн захирал, Монголын эрчим хүчний ассоциацийн тэргүүн Ц.Сүхбаатараас сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Салхин цахилгаан станцын тухай, монголд салхин цахилгаан станц байгуулах боломжууд хэр байдаг, байршил, дэлхийн жишиг болон хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад үзүүлсэн ач тус зэрэг олон асуудлаар тэд ярилцсан.

Уулзалтын төгсгөлд залуу эрдэмтэд салхин сэнснүүдийн хооронд явган аялал болон спортын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цахим татварын мэдээллийн систем нэвтэрч эхэлжээ

Монголын татварын алба нь орчин үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээнд суурилсан цахим татварын алба болох стратеги зорилтын хүрээнд татварын төлбөр тооцоо, тайлагнал, татвар төлөгчийн бүртгэл, татвар төлөгчтэй харилцах харилцаа, үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр татвар төлөгчтэй биечлэн харилцах, хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох аж.

Шинэ цахим татварын мэдээллийн системийг 2014 оноос эхлэн ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд татвар төлөгч 73 төрлийн тайлан, 29 төрлийн хавсралт мэдээг цахимаар татварын албанд илгээх, харилцан мэдээлэл соилцох, татвар төлөгч татварын түүхээ харах, лавлагаа тодохойлолт авах, татварын төлбөр тооцоог хийх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлдсэн байна.

Цахим татварын мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлэхтэй холбогдуулан татварын улсын ахлах байцаагч, татвар төлөгчдийг сургах, дадлагажуулах сургалтыг Азын сангийн дэмжлэгтэйгээр өнгөрөгч тавдугаар сарын 19-нөөс энэ сарын 20-ны хооронд зохион байгуулж байгаа аж. Сургалтад Багануур, Налайх, Төв, Хэнтий, Дархан-Уул,  Баян Өлгий, Говь-Алтай аймгуудад  2240 татвар төлөгч, 134 татварын улсын ахлах байцаагч нар хамрагдаж байгаа юм байна.

Сургалтын явцад татвар төлөгч шинэ цахим татварын мэдээллийн системийг хэрхэн ашиглах тухай демо-видео хичээл, татварын хууль тогтоомж, цахим төлбөр  болон гар утсанд зориулан бүтээсэн MTA апликейшныг үр бүтээлтэй хэрэглэх талаар танилцуулга хийж, татварын улсын /ахлах/ байцаагч нарт дотоод системийн болон хэрэглээний программын талаар мэргэшүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цэргүүдийн тангарагийн ёслол болж байна

Шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид болж байна.Арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон 20 гаруй аймгаас цэргийн албанд татагдан ирсэн 700 гаруй цэрэг, тэдний ар гэрийн төлөөлөл оролцож буй юм.

Categories
мэдээ нийгэм

Гудамжаа гэрэлтүүлбэл цахилгааны төлбөрийг нь нийслэлээс төлнө

Гэрэлтэй, аюулгүй тайван амьдралыг бүрдүүлэхийн тулд  “Гэрэлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Энэ хөтөлбөрт хувийн хэвшлүүд өөрийн байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд гэрэлтүүлэг хийсэн бол хотоос засвар үйлчилгээ, цахилгааны мөнгийг нь олгохоор төлөвлөжээ. 

Гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал хүн бүрийн анхаарлыг татдаг. Нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх хувь нь гэрэлтүүлэггүй гудамж, хороололд гардаг талаар цагдаагийн газраас байнга сануулдаг. 

Гэр хорооллын иргэд гудамжаа өөрийн хөрөнгөөр гэрэлтүүлбэл цахилгааны мөнгийг нь яаж зохицуулахаар шийдэж байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Тус албанаас “Энэ талаар журам гаргахаар боловсруулж байна. Иргэд зөвхөн хашааныхаа ойр хавийг л гэрэлтүүлнэ гэхээсээ илүүтэй хөршүүд, гудамжаараа нэгдээд гэрэлтүүлгийн асуудлаа шийдвэл цахилгааны төлбөрийг нь нийслэлээс гаргаж болно. Гэхдээ энэ талаар сайн судалж байгаа. Иргэд ийм маягаар гэрэлтүүлгийн асуудлаа шийдэхээр төлөвлөж байгаа бол хөдөлгөөн, дуу мэдрэгчтэй гэрэлтүүлэг сонговол зүйтэй” гэсэн хариулт өгсөн юм. 

Хөтөлбөрийн хүрээнд цаашид гэрэлтүүлэгтэй хамт камержуулалтын системийг ч цогц байдлаар шийдэхээр төлөвлөж байгаа аж.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Railbus” үйлчилгээнд явж эхэллээ

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ойн арга хэмжээний үеэр нийслэлийн автозамын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор ОХУ-ын “Трансмаш холдинг” компаниас худалдаж авсан РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ын эхнийхийг тусгай цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхэллээ. 

РА-2 маягийн “Railbus” нь  136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой.Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих гэнэ. Мөн дээрх чиглэлд явахдаа нийт найман зогсоолд зогсох бөгөөд одоогийн байдлаар зогсоолууд ашиглалтад хараахан ороогүй байгаа аж. Тухайлбал, Вокзалаас хөдөлсөн “Railbus” Вагон депогийн ойролцоо “Барс-2”-ын ард зогсоно. Цааш явсаар “Таван-шар”-ын автобусны буудлын ойролцоо зогсоод шууд Тол­гойт өртөө хүрэх аж. Ингэхдээ хэрэв зорчигч “Барс 2” дээр буух бол 500, “Таван-шар дээр буух бол 1000 төгрөг төлөх аж. Харин бусад тохиолдолд зорчигч үндсэн үнэ болох 2000 төгрөгийг төлөх юм байна.    

Боловсон хүчний хувьд ОХУ-д бэлтгэсэн дөрвөн машинист ажиллах аж. Харин өчигдрийн анхны аялалд ОХУ-ын мэргэжилтэн ахлах машинистаар томилогдсон байв.

“Манай улсын нийтийн тээврийн зэрэглэл, соёл, хөг­жил бусад хөрш орнуудтайгаа харьцуулахад ичмээр дүр зураг харагддаг нь үнэн. Хүн төрөлхтөн зуун жилийн өмнө газар доогуур метро ашигласан байдаг бол XXI зууны Монгол оронд автобус, такси л нийтийн тээврийн илэрхийлэл. Гэхдээ хөгжил бүхэн өөрийн цаг хугацаатай гэдэгчлэн Монголын Төмөр зам өөрсдийн хөрөнгөөр анхны хотын тээврийн “Railbus”-тай боллоо. Ямар ч байсан энэ унаа Улаанбаатарын иргэдийн хөл дүүжлэх чухал зүтгүүр болно” гэж Улаан­баатар төмөр замын вокзал дээр болж байсан арга хэмжээнд оролцогчид ярьцгааж байлаа.

Шинээр үйлчилгээнд явж эхэлсэн “Railbus”-ийн талаар Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодруулсан юм.

 -“Railbus” өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явж эхэлснээр хот доторх нийтийн тээврийн салбарт дэвшил гарлаа. Гэхдээ зогсоолууд эцсийн байдлаар янзлагдаагүй байх шиг?

-Юутай ч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар хотын иргэдэд саадгүй, хурдан үйлчлэх “Railbus”-аа өнөөдрөөс эхлэн үйл­чил­гээнд гаргалаа. Нэг тал­даа ойролцоогоор 40 минут зорчино. Одоогоор зогсоолуудыг эцсийн байд­лаар засч янзлан, хаана хаана зогсох тухай шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ заагдсан буудал бүрт цагтаа зогсч, иргэдэд хурдан шуурхай үйлчилнэ.

 -Дөрвөн машинист бэлтгэсэн гэлээ. Ээлжээр үйлчилгээнд явах уу?

-Тийм.

-“Railbus” автобустай адил кондуктортой юу?

-Мэдээж байгаа. “Railbus”-т ажиллах үүрэгтэй 15 кассер өнөөдрөөс ээлжээр ажилдаа орно.

 -Зөвхөн “Railbus” гэлтгүй Улаанбаатар төмөр зам ОХУ-аас 15 шинэ суудлын галт тэрэг худалдаж авсан. Өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлж байгаа юу?

-Тийм ээ. Бид анх удаа өөрсдийн хөрөнгөөр хойд хөршөөсөө хамгийн орчин үеийн суудлын галт тэрэг худалдан аваад байна. Эхний ээлжинд улс хооронд аялах бол яваандаа өртөөдөд хүрч ажиллахаар болсон.

Г.ЛХАГВА

Categories
мэдээ нийгэм

Барилгын хог хаягдал асгаж байгаад баригджээ илрүүллээ

Урин дулааны улиралд барилга
угсралтын ажил идэвхжсэнээс үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөлгүй
газар барилгын гаралтай хог хаях нь нэмэгдсэнтэйхолбогдуулан Баянзүрх дүүргийн
Засаг дарга Д.Пүрэвдаваа энэ оны тавдугаар сарын 30-ны өдрийн
А/236 дугаар захирамж гаргасан байна.

Тус захирамжийн дагуу иргэд, аж
ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг
хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг
дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2
дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2014 оны тавдугаар сарын
30-31-нд шөнийн 21.00-03.00 цагт явууллаа.

Ингэснээр 21 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт зөвшөөрөлгүй бүс нутагт “73-64УБО, 91-12 УНЗ,16-79 УНӨ, 11-26 УБР,
33-27 УНН, 34-17 УНЭ, 50-38 УНС, 34-17 УНЭ, 03-29 УНМ, 36-31 УНТ , 46-15 УНБ,
09-97 УБО, 51-12 УНП, 72-75 УБИ, 98-60 УБИ” улсын дугаартай машинтай иргэд
 барилгын шороо асгаж байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан байна.

Барилгын суурийн шороо, хог
хаягдалыг тээвэрлэж, зөвшөөрөгдөөгүй болон зориулалтын бус газар хаясан машин
жолооч нарынх нь бичиг баримтыг хураан авч, холбогдох хуулийн дагуу нэг машины
жолоочид 192.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ  авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон иргэний амийг аварсан албан хаагчдад талархал илэрхийлэв

 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “Range Rover” маркийн автомашинтай залуус гарамгүй газраар Туул гол гаталж байгаад голын усны хайрганд идэгдсэн гүн рүү орон улмаар живэх шахсан талаарх мэдээлэл гарсан. Тухайн үед голын ус тэдний сууж явсан автомашины оройг давж, дотор нь сууж явсан зургаан том хүн, хоёр сартай бяцхан хүүхэд амиа алдах аюулд орсон байна. Энэ үед жолоо барьж явсан М.Золбоо бусдыгаа цаг  алдалгүй машиныхаа дээр гаргаж чадсан ч өөрөө гар алдан голын хүчтэй урсгалд урссан гэнэ. Голын эрэг дагуу амарч байсан амрагчид тэднийг харсан даруйдаа Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн харьяа Гачуурт тосгонд ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, ахлах ахлагч Л.Мөнхбат нар ослын газарт очсон байна. Тэднийг ирэхэд голын эрэг орчмоор 20 гаруй хүн байсан хэдий ч яахаа мэдэхгүй, сандралдан ийш тийш гүйж байсан аж. Энэ үед нэгэн залуу амь тэмцэн голын дундах жижиг мөчирнөөс зүүгдсэн байхыг харсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр сэлж очин түүний амийг аварчээ. Үүний дараагаар гол дунд “Range Rover” маркийн автомашин дээр усны мандалтай зэрэгцэн цухуйж байсан таван том хүн нэг нярай хүүхдийг эсэн мэнд аварч, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, Л.Мөнхбат нар долоон иргэний амь насыг усанд живэхээс аварсан учир үүргээ амжилттай биелүүлсэн алба хаагч нарт иргэдийн гэр бүлийн зүгээс талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

“11 11” төвд 1500 орчим иргэн хандав

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт нийт 1439 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс 742 орчим иргэн цаг үе, нийгмийн шинжтэй асуудлаар ханджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 6 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож Засгийн газрын 11 11 төвд ирсэн 180 гаруй иргэдийн асуултад багцлан хариулт өглөө.

Их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад  эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авч байна, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх асуудлаар нилээдгүй ханджээ.

Нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.