Categories
мэдээ нийгэм

Бүх цэргийн наадам болно

 

Цэргийн цол чимэг олгодог  Бүх цэргийн наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Зургаадугаар сарын 14-ний бямба гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Буриад хүрэх дугуйчид замдаа гарлаа

Монгол, Буриадын нутгаар аялах “Найрамдал -2014” дугуйн аялагчид өнөөдөр Чингисийн талбайгаас хөдөллөө. Энэ сарын нэгнээс Сүхбаатар аймгаас гараагаа эхэлсэн таван дугуйчин хоёр сарын хугацаанд Монгол, Буриадын нутгаар аялах юм байна.  Тэдний аялал Баруун-Урт, Улаанбаатар Хатгал, Ханхын нутгаар дайран Монголоос гарч, цааш Монды, Байгаль нуур, Улаан Үд, Чита, Агинское гэсэн маршрутаар үргэлжлэх аж. Ш.Энх-Амар ахлагчтай, Н.Гантөмөр, М.Бямбадорж, Б.Тэгшбаяр, Э.Мөнх-Эрдэнэ гишүүдэй дугуйн багт ССАЖЯ, Монголын дугуйн холбоо, Адал явдалт аяллын холбоо, Төрийн банк, Бодь даатгал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо дэмжлэг үзүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн- Сэхэ боомтын ачааллыг багасгана

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомт БНХАУ-ын  Сэхэ боомттой хиллэдэг. Нийт боомтуудад Монголын гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх үеэр Шивээхүрэн- Сэхэ боомтын ажиллах цагийн хуваарийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын Сэхэ боомт дахь хил хяналтын байгууллагууд өдрийн цайны цагтай ажиллаж буй нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болдог ажээ. Тиймээс талууд энэ асуудлыг хэлэлцээд, цайны цаггүй болгож, хоёр талд харилцан хүндрэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн талаар албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хорионы хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ

Загасчлах хорионы хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Энэ үед загас түрсээ шахдаг учраас барихыг хориглодог юм байна. Харин хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгууль төлнө. Зэвэг барьсан тохиолдолд ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлдөг юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой”-н экспортын цагийн хуваарийг сунгана

 “Оюутолгой” ХХК  өдөрт 70 мянга орчим тонн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор гаргаж Ганц модны боомтод нийлүүлж буй. Энэ хэмжээг өсгөхийн тулд хил гаалийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ.  БНХАУ-ын Ганц модны боомт уурхайн бүтээгдэхүүн оруулж ирэх, зорчигч тээврийн автомашин нэвтрүүлэх гарц нэг тул 17.00 цагаас хойш “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг авахгүй байгаа. Тиймээс Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын хил гаалийн байгууллагынхан зөвшилцөлд хүрч, ойрын хугацаанд цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн чулууг хил давуулдаг бүлэглэл бий болжээ

Сүүлийн жилүүдэд байгалийн төрцөөрөө чулууг их хэмжээгээр хил давуулах явдал газар авч байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар, Дархан-Уул зэрэг төв суурин газруудад байгалийн чулууг түүдэг, наймаалцдаг, хууль бусаар хил давуулдаг бүлэглэл бий болсон тухай ч мэдээллээ.  Анар, хаш зэрэг чулууг хагас үнэт чулуунд тооцдог бөгөөд эдгээрийн ханш урд хөршийн зах зээлд өсч байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 13-нд солир чулууг урд хөрш рүү хууль бусаар хил давуулах гэж байгаад баригджээ. Энэ нь БНСУ-д нэг сая ам.долларт хүрдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сургагч багшийн сургалт эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Спорт бүхний төлөө” Олон улсын холбоо /TAFISA/, Монголын Үндэсний Олимпийн хороо, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв хамтран Олон Улсын Олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Үндэсний сургагч багш бэлтгэх, нийтийн биеийн тамирын арга зүйчдийн сургалт зургадугаар сарын 09-13-ны өдрүүдэд МҮОХ-ны Хурлын танхимд болох юм. Сургалтад аймаг, дүүрэг, харьяа байгууллага, спортын хороод, их, дээд сургуулиас сонгогдсон 30 арга зүйчийг хамруулж, “Үндэсний сургагч багш” сертификатыг гардуулах ажээ.

Сургалтанд TAFISA олон улсын байгууллагаас ХБНГУ-ын иргэн, доктор, Профессор Капустин Петер Константин /KapustinPeterKonstantin/, Австрали улсын иргэн Диксон Бэлинда Жэин /Dixon Belinda Jane/ нар оролцох бөгөөд ССАЖЯ-ны харьяа СБТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг нар сургалтыг удирдан зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 32 га талбайд өвлийн хүлэмж барина

Хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг бүрэн хангахаар Засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр болсон. Энэ чиглэлийн төсөл “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд импортыг дэмжих төслүүдэд багтсан бөгөөд улсын хэмжээнд энэ жил 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үүнээс 20 га –г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барих бол одоогийн байдлаар найман га талбайд хүлэмж байгуулах ажил эхэлсэн байна. Өвлийн хүлэмж байгуулах төсөлд “Чингис” бондоос нийт 17.4 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, саладны байцаа зэрэг ногоо нарийн ногоо тарих бөгөөд ингэснээр импортын 20 хувийг орлох боломж бүрдэхээс гадна хүнсний нарийн ногооны үнэ буурах, ажлын байр нэмэгдэхийг албаныхан онцлов.

Categories
мэдээ нийгэм

“Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан”

Монгол Улсын иргэн Намсрайн Буянжаргал элэг нэгт ахан дүүсээсээ тусламж хүсч байна. Тэрбээр өдгөө 34 настай бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг юм аж. 2013 оны долдугаар сард Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт тархи мэдрэлийн тасагт хагалгаанд орсон гэнэ. Учир нь мэдрэлийн судсанд наалдсан хавдар гэсэн оноштойгоор хагалгаанд орсон ч мэс заслын явцад хавдарыг судаснаас салгаж авах боломжгүй наалдсан байсан тул судастай нь хамт  хавдрыг  давхар авчээ. Түүнээс хойш бүрэн сонсголгүй болсон аж. Түүний сонсголыг сэргээх боломж бий бөгөөд Австралийн “Cochlear Implant фирм”-ийн “Таг дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгац”-ыг авч яаралтай суулгах шаардлагатай болоод байна. Уг суулгацыг  баруун чихэндээ нэн яаралтай суулгахгүй бол цаашид хэл ярианы чадвараа бүрэн алдана гэж эмч нар хэлжээ. Хагалгаа,  эмчилгээний төлбөр 50 орчим сая төгрөг болох юм байна. Тэрбээр одоогоор эхнэрийнхээ цалингаар амьдарч байгаа бөгөөд группынхээ мөнгөөр эм тариагаа аваад дуусдаг тухай хэлсэн юм. “Эрүүл байхад дуу чимээ гэдэг төвөгтэй санагддаг байсан.  Хүүхэд шуугиах, машин дуут дохиогоо хангинуулах, хүмүүс чанга ярихад хүртэл төвөгтэй мэт бодогддог байлаа. Харин одоо тэр бүхнийг ганцхан удаа ч гэсэн сонсохыг хүсэж байна. Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан” гэлээ. Хандив өргөх мессежний тусгай дугаар: 150850

Хандивын данс: Хаан банк – 5071108290, Голомт банк – 1109219104

Харилцах утас 96665883, 99616467

Categories
мэдээ нийгэм

Амрагч хүлээж авах эрх өгөх шалгалт маргааш эхэлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан хүүхэд хүлээн авах орчин нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх үүсэх юм. Шалгалтыг  06 дугаар 10-12-ны өдрүүдэд хийх бөгөөд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллана. Эдгээр зуслангаас Улаанбаатар хотоос хамгийн хол зайд 110 километрт буюу Төв аймагт байрлаж байгаа. Одоогоор Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл гэх зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Харин үнийн хувьд  үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч  дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөгийн ханштай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зуслангуудыг хуулийн дагуу ажиллах, холбогдох албаынхан хяналт, шалгалтаа сайжруулах нэгдсэн үүрэг, даалгаврыг нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461 дугаар захирамжаар өгсөн юм гэж Нйислэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.