Categories
мэдээ нийгэм

Монголын баруун нутагт газар хөдөлжээ

Монголын баруун нутагт, Оросын хилээс 20 километрийн зайтайт нутагт Рихтерийн шаталбараар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт болсон байна. Энэ тухай ОХУ-ын Геофизикийн албанаас өнөөдөр өглөө мэдээллээ. Тус бүс нутагт өмнө нь нэг бус удаа нэлээд хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Нээлтийн тоглолтыг япон шүүгчид шүүнэ

ОУХХ нээлтийн тоглолтыг Юити Нисимура тэргүүнтэй Япон улсын шүүгчид шүүн явуулахаар боллоо гэдгийг өнөөдөр зарлав. Бразил-Хорватын тоглолтыг шүүхээр томлигдсон энэ эрхэм 42 настай ,2004 оноос эхлэн ОУХХ-ын шүүгч гэсэн хэргэмийг хүртсэн, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр нийтдээ дөрвөн тэмцээн шүүж “сайн” гэсэн үнэлгээ авч байсан шүүгч гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Унадаг дугуйтай Улаанбаатар”-т Чэжү дэх монголчууд нэгджээ

Монголын Залуучуудын Холбооноос  зохион байгуулж буй “Спирт үү, спорт уу” аяны нэг хэсэг болох “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг гадаадад амьдарч, сурч буй монгол залуус дэмжиж эхэлжээ. Үүний нэг эхлэлийг МЗХ-ны салбар зөвлөл болох Чэжү дэхь залуучуудын зөвлөл тавьжээ. Тэд  “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг дэмжиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн Чэжүгийн Юунг-Ду-Ам гэдэг газраас Чэжүгийн хойд далайн эргээр унадаг дугуйн парадыг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд 9D кинотеатр нээгджээ

Хүүхэд, залуус 3D, 4D кино үзэхээр “Тэнгис”, “Өргөө” кино театруудыг зорьдог байсан. Тэгвэл саяхнаас Улсын их дэлгүүрийг зорих болжээ. Учир нь тус дэлгүүрийн зургаан давхарт 9D кино театр нээгдчихэж. Тиймээс энэ удаа 9D кино театраас сурвалжлага бэлтгэхээр Улсын их дэлгүүрийг зорив. Дэлгүүрийн зургаан давхарт гараад цахилгаан шатнаас буун чигээрээ алхсаар баруун урд буланд байрлах “9D cinema” гэсэн хаалгаар орлоо. Их цомхон юм. Хүлээлгийн танхимд хорь гаруй насны залуу угтаж аваад “Яг одоо үйлчлүүлэгчтэй байна. Манай кино найман минутын дараа дуусна. Уучлаарай та тэнд суугаад түр хүлээж байх уу” гэж байна. Тус кино театрын ажилтан Т.Аскербай биднийг угтаж авсан нь энэ. Удсан ч үгүй театраас тав, зургаан хүүхдүүд гарч ирэв. Бөөн инээд хөөр болчихсон, зарим нь царай нь цонхийчихсон хоорондоо “Тэр могой нь ямар аймаар юм бэ. Хөл доогуур явж байгаа юм шиг эрвэгнээд”, “Үгүй ээ хамгийн аймаар нь хаднаас доошоо унах байсан”, “Бороо орох нь бодит юм шиг” гэж ирээд л их л хөгжилдөцгөөж харагдав. Тэд нэг ангийн хөвгүүд аж. Хичээлээ тараад кино үзэхээр энд иржээ. Тэдэнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Кино театр хэр таалагдав? 

-Ёстой гоё.

-Өмнө энд ирж байсан уу?

-Манай хоёр найз өмнө нь энд кино үзсэн ёстой гоё гээд яриад байсан юм. Тэгээд өнөөдөр бид нарыг дагуулж ирсэн. Үнэхээр таалагдлаа.

-Ихэвчлэн хаана кино үздэг вэ?

-“Тэнгис”, “Өргөө” кино театруудад ангиараа кино үздэг. Долоо хоногт гурван ч удаа кино үздэг. “Өргөө”-гийн 3D киног үздэг. Энэ театр шиг бороо орж, салхилдаггүй. Гэхдээ “Тэнгис”, “Өргөө” зөндөө гоё тоглоомуудтай.

-Хэддүгээр анги вэ?

-Долдугаар анги. 

-Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол?


-Янз бүр ээ. Кино үзнэ, парк орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбай орж дугуй унана. Өмнө нь бол РС тоглоомын газар орж өдөржин тоглодог байсан. Одоо харин кино театр их ордог болсон гэв. Ингээд өнөөх хөвгүүд хоорондоо элдвийг ярьж хөгжилдсөөр гарч одлоо. Энд нэг кино үзэхэд 5000 төгрөг. Театр 12 хүний суудалтай бөгөөд аймшгийн, инээдмийн, хүүхдийн зэрэг найман төрлийн 80 гаруй киноноос сонгож үзэх боломжтой аж. Гол нь тус театрын хамт олон үзэгч­дэд дуу дүрсний дэвшилтэт технологийг бүрэн мэдрүүлэх гэнэ. Одоохондоо Монголд 9D үүнээс өмнө орж ирээгүй бөгөөд хамгийн сүүлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6D суурилуулсан аж. Мөн зарим аймагт 7D  нэвтэрчээ.  9D гэдэг нь цас, бороо, цахил­гаан, хөөс, утаа униар, гал зэрэг есөн өөр эффект мэдрэхийг хэлж байгаа юм. Эдгээр мэдрэмжийг төрүүлэх зориулалттай төхөөрөм­жүү­дийг театрын тал бүрт байрлуулжээ. Нэг кино 5-15 минут үргэлжилнэ. Сонгосон киногоо үзэх явцад хөл доогуур элдэв амьтан явж байгаа юм шиг мэдрэмж төрж эрвэгнэнэ. Суудлын дор байх ганцхан утас ийм мэдрэмж төрүүлэх аж. Мөн суудал чичирдэг бөгөөд кинонд бороо, цас гарвал мөн л театрт тийм эффектийг мэдэрнэ гэсэн үг. Одоохондоо галын эффект хараахан ашиглалтад ороогүй гэсэн. Театрын бүхий л тоног төхөөрөмжийг Туркт захиалж авчирсан байна.

9D кино театрын ажилтан Т.Аскербай Туркт сурч байх­даа ийм кино театртай болох талаар боджээ. Ингээд Мон­голд ирж ахтайгаа нийлж уг театрыг хоёр сарын өмнө нээсэн гэнэ. Тэрээр зориуд Улсын их дэлгүүрт талбай түрээсэлж кино театраа нээсэн нь учиртай. Учир нь удахгүй энэ кино театрт Улаанбаатарын тухай 9D кино гарах гэнэ. Одоогийн байдлаар зураг авалт нь эхэлчихсэн бөгөөд нисдэг камераар нийслэлийг тольдож байгаа бололтой. Түүнээс яагаад нийслэлийн тухай кино хийх болсныг сонирхоход “Туркт кино театр нь хамгийн том дэлгүүрийнхээ дээд давхарт байдаг. Жуулчид ихэнхдээ ордог учраас тэдэнд хотоо танилцуулж аялал, жуулчлалыг хөгжүүлэх бас нэг боломж юм билээ. Тиймээс би их дэлгүүрийн дээд давх­раас онгоцоор буугаад Улаан­баатараар аялж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх кино хийе гэж бодсон. Наадмаар Улаанбаатарын тухай 9D кино үзэгчдэд хүрээд эхэлчих байх” гэв. Хэдий нээгдээд удаагүй байгаа ч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчтэй бол­жээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ачаа­лалтай ажилласан гэнэ. Тус кино театрт гэр бүлээрээ үйлчлүүлдэг олон хүн байдаг аж. Тэд ихэвчлэн эхнэр, хүүхэд­тэйгээ хамт суугаад адал явдалт кино үзэх дуртай юм байна. Биднийг гарах үед хоёр хүүхдээ хөтөлсөн залуу кино үзэхээр орж харагдсан. 

Гэхдээ кино театр зорьсон хүн болгоныг оруулаад байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, цус, тархины даралттай хүмүүс уг кино театраар үйлч­лүү­лэх хориотой. Мөн дөрвөн наснаас доош хүүхдийг оруулахгүй аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үзлийн талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна

 “Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд болж байна. Шинжлэх ухааны академи, Монгол үндэсний ардчилсан нам хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг нээж Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан үг хэлэв. Тэрбээр “Иргэншил ба үндэстэн, төр улс” илтгэлээ танилцуулсан байна.  

Энэ удаагийн арга хэмжээнд ШУА, МҮАН, МУИС зэрэг байгууллагаас холбогдох эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд “Монгол иргэншил, Монгол Улсын хөгжлийн хандлага”, “Үндэсний үзлийн мөн чанарын асуудалд”, зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Энэ онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоов

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа.

Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн байдал дээшлэх ач холбогдолтой. Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийдэг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны 01-р сарын 04-ны өдрийн А-06 дугаар тушаал гаргаж, “2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байглийн аясаар, түймэр хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65 320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон байна. Эдгээрээс “Нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж  гол ишээрээ хугарч  унасан, хатсан моддыг цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагтай болжээ.  Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3  хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний  зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээг 5760 м3 байхаар тогтоолоо. Үүнээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ

Нийслэлийн орон сууцны 65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран 2013 онд 6 дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Эдгээр газрын зураглалуудыг багтаасан цахим газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайтыг ч бүтээсэн. Энэхүү цахим хуудаснаас иргэд, холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын хороодын нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийн талаар хүссэн мэдээллээ цахим хэлбэрээр харж, дүн шинжилгээ хийх боломжтой болсон юм.

Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийх гэж байна.  Эдгээр хороодоос  55 нь орон сууцных, үлдсэн 10 нь байшин,гэр хороолол бүхий холимог бүтэцтэй. Эдгээр хороодод газрын зураглалыг хэрхэн хийх, ямар үндсэн индикаторуудыг сонгож авах талаар санал солилцох уулзалт Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.

Хуралд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд  оролцсон. Хурлын үеэр Manaikhoroo.mn вэбсайтны онцлогийг танилцуулсан. Энэхүү сайтанд google газрын зурагт хэрэглэгчтэй харилцах интерфэйсийг суулгаж өгснөөр хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн хүссэн сонголтоор, олон хэлбэрээр харах боломжтой болсныг онцолсон. Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой болж байгаа юм.

 Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд 2014 оны 06 сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд амьдрах орчны газрын зураглалыг цаашид баяжуулан иргэдийн саналыг газрын зурагтаа тусгаж тэмдэглэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ламын гэгээний VIII дүр Ерөнхийлөгчид бараалхана

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Лувсанданзанжамбалчойжишинэн гэгээнтэн өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  бараалхах юм байна. Түүнчлэн  энэ сарын 12-ны өдөр буюу маргааш төрөлх нутаг болох Баянхонгор аймагтаа морилж нийт сүсэгтэн олондоо зориулан ном айлдах бөгөөд лам хуваргууд “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах юм байна. Тус арга хэмжээ зуны эхэн сарын шинийн арван таван Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зургадугаар сарын 13-ны 10.00 цагт Түйн голд болох аж. Дашрамд дуулгахад, Ламын гэгээний түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, даншиг наадам Баянхонгор сумд долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох юм байна. Сонирхуулахад, Ламын гэгээний мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн VIII дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын ганц хүү Эрдэнэбат тодорсон байна. Тэрбээр тус аймгийн Баянбулаг сумын Сангийн далай хэмээх газар мэндэлсэн бөгөөд Гэгээнтнээр тодрох жилдээ Б.Эрдэнэбат хүү 14 настай, “Номгон” ахлах сургуулийн сурагч байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Солонгосын өдөр” арга хэмжээ болно

БНСУ-ын элчин сайдын яам зургадугаар сарын 14-ний өдөр буюу хагассайн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Солонгосын өдөр”-ийг гуравдах удаагаа зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ энэ жил “Сэтгэл татам Солонгос орон” уриан дор зохион байгуулагдах гэнэ. Энэ өдөр “К поп тэмцээн” буюу Солонгос дууг хэн сайн дуулах вэ тэмцээн болох юм байна. тэмцээнд шалгарсан хүнийг “К поп дэлхийн наадам”-д оруулах гэнэ. Мөн Солонгосын энх тайвны нэгдлийг эрхэмлэн монгол хүүхдүүдийн дунд “Солонгосын энх тайван нэгдэл” уран зургийн уралдаан болох аж. Арга хэмжээнд К поп урсгалаар дуулдаг “Fiestar” хамтлаг ирж дуулах гэнэ. Солонгосын өдөр арга хэмжээг KCBN, UBS телевизээр шууд дамжуулах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэртээ гарсан ахмад хурандаа нарыг анхаарах хэрэгтэй

Монгол хурандаа нийгэмлэг өчигдөр мэдэгдэл хийлээ. Уг нийгэмлэг нь одоогоос есөн жилийн өмнө байгуулагдсан ч төдийлөн үйл ажиллагаагаа явуулаагүй байсаар өдийг хүрчээ. Монгол хурандаа нийгэмлэг гэдэг нь ямар нэгэн нам бус, улс төрийн үйл ажиллагаа биш бие даасан ахмад, хурандаа нарын эрх ашгийг хамгаалах ажиллагаа явуулдаг байгууллага гэнэ. Энэ онд тус нийгэмлэг шинэчилсэн зохион байгуулалтад орох бөгөөд зэвсэгт хүчний, хил аюулгүй байдлын, хууль хүчний байгууллага гэсэн гурван зөвлөл хамтарч ажиллах юм байна. Тэдний зүгээс цэргийн албаа хаагаад тэтгэвэртээ гарсан ахмад, хурандаа нарын тэтгэвэр тэтгэмж дээр цолны нэмэгдэл авдаг болох хүсэлтэй байгааг илэрхийллээ. Мөн зэвсэгт хүчний цэрэг, цагдаа нар 25, 30 жил зүтгэсэн ч орох оронгүй, амьдралын нөхцөл нь баталгаагүй байгаа зэрэг асуудлуудыг шийдэж өгөхийг хүссэн юм.