Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн дэлхий аварга маргааш эхэлнэ

Хүн төрөлхтний хамгийн том спортын баярын нэг ДАШТ маргааш эхэлнэ. Бүхий л төрлийн спортоос хамгийн их үзэгч, шүтэн бишрэгчтэй гэгддэг хөлбөмбөгөөр сарын турш дэлхий дахинаар амьсгалж, даган догдолж, доргих мөч ирлээ. Латин Америкийн галзуу фенүүд энэ тэмцээнд эртнээс бэлдсэн. Самба бүжгийн цоглог карнавал наадмаараа алдартай Бразилийн Сан-Паулу хотноо өнөөдөр (Улаанбаатарын цагаар үүрийн 04.00 цагт) талбайн эзэн Бразил Хорватын шигшээ багийн хамт “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарснаар Мундиал нэртэй гайхамшигт шоу хөшгөө нээх гэж байна. 20 дахь удаагийн Мундиалыг “пентакампионе” буюу цорын ганц таван удаагийн дэлхийн аварга Бразил 58 жилийн дараа дахин нутагтаа хүлээн авч байгаа юм.

6Урьдчилсан шатнаас шалгаран үлдсэн дэлхийн шилдэг 32 орны шигшээ баг сугалаа татан дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон баг шөвгийн 16-нд үлдэн хасагдах журмаар тоглосоор долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүнд үлдсэн хоёр баг дэлхийн цомын төлөө хүч үзнэ.

Сонирхуулахад, Италийн алдартай уран барималч Силвио Газзанигийн загвараар бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг түшиж буй хоёр хүнийг дүрсэлсэн цом 36 см өндөр бөгөөд таван кг цул алтаар цутгагджээ. Дэлхийн цомыг урьд өмнө гардаж байсан найман баг бүгд энэ удаагийн Мундиалд оролцохоор шалгаран үлдэж чадсан юм. 

Дэлхийн цомыг гардах баг алтан медаль, 35 сая ам.долларын бай авах бол үзүүрлэсэн баг мөнгөн медаль, 25 сая ам.доллароор шагнуулах юм. Харин хүрэл медалийн эзэн 22 сая, дөрөвдүгээр байрт орсон баг 20 сая ам.доллар тус тус хүртэнэ. Түүнчлэн шөвгийн наймд үлдсэн баг тус бүр 14 сая, шөвгийн 16-д шалгарагсад тус бүр есөн сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээсээ дараагийн шатанд гарч чадаагүй багууд ч хоосон буцахгүй бөгөөд тус бүр найман сая ам.доллар авах юм. Энэ нүсэр тэмцээний шагналын сан дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон Мундиалаас даруй 37 хувиар өссөн гэнэ. Бразилийн 12 хотын цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 64 тоглолтын 3.3 сая тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тасалбарын үнэ байрлалаасаа хамааран 50-990 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн захирлын өрөөнд гал гарав

Хэдхэн минутын өмнө ШУТИС-д гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Гал тус сургуулийн захирлын өрөөнд гарсан байна. Ямартай ч гал цаашаа газар авахаас нь өмнө унтраасан аж.  Одоогоор юунаас бол гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. 

Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд хүн тавьбал торгууль ногдуулах журам гарлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах” журмыг хэлэлцэн, баталлаа.   Журам батлагдсанаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах нь тодорхой болж байна. Мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг тодорхой болж, ил тавьсан шарилыг тойрсон гомдол, саналыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлийн  бүсэд ил задгай шарилыг тавьсан  иргэн, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг тусгасан.  Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.

Энэхүү журам нь  оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах,  хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын оршуулах талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлохоор тусгасан.

Журамд нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавих, зөвшөөрөгдсөн оршуулгын газраас бусад газар оршуулгын ажил зохион байгуулах,  цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүс дотор газар олголт хийх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглохоор заажээ.

Мөн энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

“Номин” 10 сая төгрөгийн торгууль төлөхөөр болов

ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй “Номин”-гийн сүлжээ дэлгүүрийн асуудлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн ШӨХТГ-ын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн, “Номин тав трейд” компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. “Номин” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд нэг төгрөгийн хариулт өгдөггүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэн тус сүлжээ дэлгүүрт 10 сая төгрөгийн торгууль тавьсан юм.

Харин тус шийдвэрийг эсэргүүцэж, “Номин тав трейд” компани захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Номин”-гийн сүлжээ дэлгүүр нь нэр бүхий дөрвөн хэрэглэгчид задгай мөнгөний хариулт өгөөгүй, лангуу болон кассын үнэ зөрсөн байсныг ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гаргаж байсан юм. Харин ШӨХТГ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд хандсанаар ийн заргаа авч чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Морьтон монгол аялал боллоо

Монголын залуучуудын холбооноос “Морьтон Монгол залуу” хөтөлбөрийг санаачлан, сурагчидтай хамт анхны аялалаа хийгээд иржээ.   Аялагчид тавдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур байгалийн цогцолборт газраар аяласан байна. Аялалд “International School of Ulaanbaatar” дунд сургуулийн багш сурагчид оролцсон аж. Хүүхдүүдийн дийлэнх нь өмнө морьтой харьцаж үзээгүй  тул тэдэнд  морийг хэрхэн унах, уналга, ачлага, тоног хэрэгслийн талаар сургалт явуулсан гэнэ. Тэд нийт 115 км замыг  мориор туулж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцжээ. 

Categories
мэдээ нийгэм

Галан солонго татаж, байгалийн ховор үзэгдэл тохиов

Нарны илч 58 градус буюу түүнээс их агаарын хэмийг үүсгэхэд галан солонго татдаг байна. Нарны гэрэл үүлний мөсөн талстууд руу зөв өнцгөөр нэвтэрснээр ийм үзэгдэл бий болдог аж. Энэ ховор үзэгдлийн үед тэнгэрийн харагдах хэсэг маш бага байдаг гэнэ. Тэгвэл өнөөдөр Монголд галан солонго татаж, байгалийн ховор содон үзэгдэл тохиолоо. Энэхүү гайхалтай үзэгдэл бий болохын тулд маш нарийн цаг агаарын нөхцөл байдал үүсэх ёстой байдаг аж. Харин өнөөдөр Улаанбаатарт агаарын хэм  28 градус байгаа юм. 

Галан солонго ихэвчлэн зуны улиралд үзэгддэг болохыг одон орон судлаачид тодотголоо. 

Categories
мэдээ нийгэм

Польш дахь Монголчууд наадмаа хийжээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Монгол оюутнуудын холбоотой хамтран “Монгол наадам-2014” арга хэмжээг 2014 оны энэ сарын 7-нд Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ.

Наадмын үеэр үндэсний бөх барилдаж, шагай харваагаар наадаж, бага насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн болсон байна. Наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас залуу бөх Б.Тэмүүлэн түрүүлж, Б.Очирдогсом үзүүрлэсэн гэнэ.

Монгол орноо Польшийн ард түмэнд танилцуулах, соёл, урлагаа сурталчлах үүднээс ардын урлагийн “Дүнжингарав” хамтлаг, мөн Польш Улсад суралцаж байгаа авьяаслаг оюутан залуус үндэснийхээ дуу хуур, бүжгийн дээжээс толилуулсан байна. Мөн ВИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд монгол дуу дуулж сонирхуулжээ. Наадмын үйл ажиллагааны үеэр Варшав хотын 300 гаруй оршин суугчид Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ ардын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг ихэд талархан хүлээж авсан гэнэ. Наадмын үеэр Монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээжээс амтлуулж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, зан заншлын талаар сурталчлан таниулсан нь Польшуудын сонирхолыг татсан байна. 

Categories
мэдээ нийгэм

“Гудамж” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаа. Тэд  “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалттай танилцаж, дүүргийнхний зүгээс нэмж бариулахаар хүсэлт гаргасан шинэ замуудын маршрутаар явж, газар дээр нь зөвшилцөн, тодорхой чиглэл өгсөн байна. Тус дүүргийн хувьд “Гудамж” төслөөс өнгөрсөн жил 25-р эмийн сангийн уулзвар, 10-р хорооллын уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзвар, Өргөөгийн уулзвар, Хорооллын эцсийн уулзвар, Тасганы уулзвар, Тээврийн дээд сургуулийн уулзваруудыг тус тус өргөтгөн шинэчилсэн. Тэгвэл төслийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ жил Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар, Гандангийн дэнж дэх гэр хорооллын дундуурх чулуун замын ажлыг Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн 10-р хорооллын арын зам болон хорооллын дэнж дэх айл өрхүүдэд зориулан барихаар төлөвлөж буй шинэ замын одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Гудамж” төслийнхөнд зохих үүрэг чиглэлийг өгсөн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр мөн 06.00 цагаас эхлэн “Гудамж” төслийн Сонгинохайрхан дүүрэг дэх бүтээн байгуулалт болон 2014 оны төлөвлөгөөнд багтсан замуудын нөхцөл байдалтай  танилцах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эмч нарын хувийн бизнесийг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 26-наас хойш ажлын зургаа хоногт МХЕГ-аас Гэмтэл согог судлалын үндэсний төвд шалгалт хийжээ. Шалгалтыг дөрвөн чиглэлээр зургаан байцаагч хийсэн бөгөөд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал ГССҮТ-ийнхөн 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны зургадугаар сар хүртэл долоон даргын нүүр үзсэн нь тухайн байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдахад хүргэсэн гэсэн дүгнэлт гарчээ.

 Мөн тус байгууллагад ажиллагсдын 90 хувь нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байжээ. Учир нь эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга нь 1998 онд томилогдсоноосоо хойш ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй байна гэж МХЕГ-ынхан үзжээ.

 Хамгийн чухал нь тус эмнэлгийн эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байжээ.  Тодруулбал үе түнхний хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, өөр давхар нь  3600 доллараар хийдэг байсан байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа” хэмээн өөрийгөө зөвтгөж буй аж.

 Мөн ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдгаас нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх байжээ. Түүнчлэн Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан зэрэг мэс заслын эмч нар нийлж өрөөндөө имплант буюу хиймэл үе хадгалдаг байсан нь илэрсэн бөгөөд түүнийгээ өвчтөнүүдэд зардаг байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрээн рүү нэвтрэхэд хураамжгүй болжээ

Замын-Үүдийн боомтын захиргаа энэ сарын 1-нээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус боомтын захиргаанаас БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна.

 Уулзалтын үр дүнд Эрээн хотруу зорчих монгол иргэн бүрээс 5 юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болголоо. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хотруу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Эрээн хотруу нэвтрэхэд жилд дунджаар Монгол улсын иргэд 12 000 000 юань буюу 2 000 000 долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо.

Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэднэвтрэхэд олон төрлийн 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг асуудлыг шийдвэрлэхээртөлөвлөжээ.МөнШинэчилсэн Засгийн газрын бодлогын хүрээнд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгах гэнэ.