Categories
мэдээ нийгэм

“Харанга & Пүүжээ”

“Харанга” хамтлагийн
бөмбөрчин, Монголын бөмбөрийн холбооны тэргүүн Н.Пүрэвдашийн “Харанга
& Пүүжээ” тоглолт өнгөрсөн бямба
гаригт  “UB palas”-т болсон юм. Пүүжээ энэ үеэр “Лазер” брэндийн 25 мянган
ам долларын үнэтэй бөмбөрийнхөө ид шидийг үзүүлсэн юм. Энэ тухай  манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэнгийн гэрэл
зургийн сурвалжлагаас тольдоно уу.

 

 

Categories
мэдээ нийгэм

Кино театрт үндэсний кино 50-иас доошгүй хувь байхаар хуульчлав

Солонгосын савангийн дуурьт монголчууд  хэт автаж байгаа талаар шүүмжлэл өрнөдөг. Соёлын яамныхан үндэсний ухамсарт сөргөөр нөлөөлж мэдэх энэхүү байдалд анхаарлаа хандуулахаар шийдэв бололтой. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар уг төслийг дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тус яамныхан үзэж байгаа гэнэ.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан аж. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

100 айлын гүүрэн гарц лифттэй болно

Нийслэлийн Авто
замын газраас Зам барилгын ажлын явцыг танилцуулав.

Хувьсгалчдын гудамж. Зурагтын шинэ эцсээс баруун тийш 2.4 км замыг өргөтгөн
хашлага суурилуулж, 3 цэгт зам доогуур ус зайлуулах хоолойг цутгаж угсраад
байна. Газар чөлөөлөлтийн асуудал энэ зам дээр анхаарал татаж байгаа хэвээр бөгөөд эзэмшигч
нь олдохгүй байгаа байшин, хашааг олон нийтэд зарлахаар төлөвлөж байна.
Тус зам дээр ус зайлуулах 4 дэх хоолойгоо угсарч байна.

Сэлхийн 4.5 км авто зам. “Пи Си Эф” ХХК он дамжуулан гүйцэтгэж
байгаа. Гэрээний дагуу Сэлхийн замыг энэ онд ашиглалтад өгнө.  Өнгөрсөн онд 1.7
км авто замыг хучсан бол энэ онд үлдсэн 2.8 км замын цементбетон суурь, асфальтбетон хучилтын
ажлыг хийхээр зам хаагаад байна. Замыг усалж тоосжилтоос сэргийлж байгаа бөгөөд 6 дугаар
сарын 30 хүртэл дээрх замыг гурав хувааж хаах болжээ.

100
айлын гүүрэн гарц.
Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын дам нурууг байрлуулж, лифтийн суурь хийж байна. Явган хүнд зориулсан энэхүү гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээтэй бөгөөд ажлын явц 70 хувь байна. 
Бээжингийн гудамжинд ажил эрчимтэй
явагдаж байна. ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүрэх авто замыг бүтэн хаахаар төлөвлөн ажиллаж байна. 6 дугаар сарын 13-ны 23:00 цагаас эхлэн
нэг сарын хугацаатай энэ замыг хаасан бөгөөд инженерийн шугам сүлжээний туннелийн
ажил хийх юм.
 Улсын баяр наадмаас урьтаж хойд урсгалаа шинэчлэн нээхээр төлөвлөж байгаа. Шугам сүлжээний туннелийн цементбетоны бэхжилтийн
хугацаанаас
шалтгаалан ийнхүү нэг сар хааж байна. 
120 мянгатын автобусны буудал дээр
баригдах явган хүний гүүрэн гарцын ажлын хүрээнд  шөнө 00:00-06:00 цагуудад зам хааж, гүүрэн гарцын дам нуруу байршуулах ажил хийхээр төлөвлөсөн. Гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тээврийн үйлчилгээ бий боллоо

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн иргэдийн хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг үндэслэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг  6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. Эхний ээлжинд троллейбусны  ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” чиглэл, “Нисэх-МУБИС” чиглэлүүдэд нийт 8 тээврийн хэрэгсэл  22:00-02:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Харин том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэв.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Францчууд шинэ технологийн ачийг мэдэрлээ

ДАШТ-ий
дөрөв дэх өдөр гурван тоглолт болов. Энэ тоглолтуудын эхнийх нь шөнийн
00.00цагт эхэлсэн бөгөөд Швейцарь, Экваторын багуудын халз тулаан байлаа.

 Швейцарь-Эквадор 2:1 (0:1, 2:0)

Гоол:
0:1 – 22 Э. Валенсиа, 1:1 – 48 Мехмеди, 2:1 – 90 Сеферович.

Энэ хосын тоглолт эн тэнцүү өрнөж тооны харьцаа ч адилхан
дуусах тийшээ хазааж байсан ч сэлгээгээр орж ирсэн Сеферович “энхийн гэрээ”-тэй
санал нийлсэнгүй сүүлчийн хоромд гоол хийснээр “бяслагны эх орныхон” яллаа.

Франц
– Гондурас 3:0 (1:0, 2:0)

Гоол:1:0
– 45, торгуулын цох. Бензема, 2:0 – 48, автогоол Вальядарес, 3:0 – 72 Бензема.

Бенземаг
тогтоох хүч Гондураст байсангүй. Түүнчлэн энэ ДАШТ-д анх удаа шинэ технологийг
ашиглан гоол орсон эсхийг баталгаалж шалгав. Францын хоёр дах гоол орсон эсэх
талаарх мэдээлэл шүүгчийн бугуйнд байгаа цаг дээр секундын дараа ирж байгаа тул
урд цагийн маргаан ул болох үе иржээ.

Аргентин – Босни Херцоговин 2:1

Гоол:1:0 – 3, автогоол Колашинац, 2:0 –
65 Месси, 2:1 – 84 Ибишевич.

Аргентин
оруулсан бөмбөг нь илүү байсан уу гэхээс бусдаараа Боснигоос ялгарсангүй. Месси
анхны гоолоо хийлээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэг” төвийн уулзварын хучилтыг хийхэд бэлэн болжээ

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм. Тэгвэл тус уулзварын шинэ замын суурийн үе шатны ажил дуусч, хучилт хийхэд бэлэн болжээ.

Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм. Ингээд энэхүү ажлын явцын зургуудаас сонирхуулъя.

Categories
мэдээ нийгэм

Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол боллоо

Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 13-нд боллоо. Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат,Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон Архангай нутгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, сүсэгтэн олон өргөнөөр оролцов.

Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагааг нээж Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг ээ. Энэ жил тэнгэр хангай эрт дэлэгнэж хур бороогоо харамгүй хайрлан, газрын цангааг тайлсан нь хангай нутагт дэлгэр зун ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна.

Архангайчууд Та бүхэн өнгөрсөн онд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр мал сүргээ 3 сая 772 мянга-д хүргэж улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг болжээ. Мөн тус аймаг хонь, үхэр, адуун сүргийн тоогоор улсдаа эхний байруудад орж улс орныхоо хөгжил дэвшилд  бахархам хувь нэмэр оруулсан байна. Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баяр, буян хишиг билээ. Үүнд эзэн хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хур бороо хугацаандаа орж, өлөн зуд өнөд хол байж, буянт малын хишиг арвин, өтгөс нялхас өвчин эмгэггүй, эх орон элдэв гай зовлон, гамшиггүй байх нь нүүдэлчин түмний нэгэн жаргалан билээ.

Миний бие Хангай нурууны ар өврөөр идээшин амьдарч ирсэн түмэн олныхоо омог сүрийг тэтгэж, эх орон, элгэн нутгийнхаа төлөө улам ихийг хийж бүтээх урам зоригийг тань бадрааж байхыг байгаль эхийн хүү – Суварга хайрханы цэлмэг хөх тэнгэрт сүсэглэн даатгаж байна” хэмээв.

Ийнхүү Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол төгөлдөр сайхан боллоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталжээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг энэ  сарын 6-ны өдөр УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг тогтоол гарган, шинэчлэн баталжээ.

Өмнө нь Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 37 чиглэлийн 1065 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн байна. Тогтоолоор Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

Үйлдвэрийн шинж чанаргүй бүтээгдэхүүн болох зурагт, компьютерын дэлгэц, принтерийн хор, Ай пад болон гаднаас сэлбэг хэлбэрээр оруулж дотоодод угсран борлуулж байгаа мэдээллийн технологийн зарим сэлбэг хэрэгсэл, ахуйн үйлчилгээний зориулалт бүхий тоног төхөөрөмжийг жагсаалтаас хассан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын бэлтгэл ажлын талаар чиглэл өгөв

Өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Засгийн газрын 2014 оны 6 сарын 7-нд болсон хуралдаанаар наадмын төсвийг баталсан. Тиймээс 7 сарын 7-ноос өмнө наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва хэллээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн зүлэгжүүлэлт, тохижилт, наадамчдын тав тухтай наадамлах нөхцөлийг хангахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг бүрэн шинэчилэн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хүй долоон худаг буюу Монгол наадам цогцолборт энэ жилийн баяр наадмаас өмнө наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина. Мөн Хүй долоон худаг руу Railbus буюу төмөр замын автобусыг явуулна. Наадамчдыг тээвэрлэх Railbus нь Давааны өртөөн дээр зогсох бөгөөд энэ зогсоолоос наадмын талбай хүрэх 2 км орчим зайд хайрган түр зам хийж, нийтийн тээврээр иргэдийг наадмын талбай руу тээвэрлэнэ. Дараа жилээс энэхүү хайрган түр замыг хатуу хучилттай зам болгохоор төлөвлөж байна. Тиймээс Хүй 7 худагт автозам, зогсоол, үйлчилгээний талбайг холбосон автозамын ажлуудыг эхлүүлэх, хяналт тавьж ажиллахыг баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалт, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, хөтөлбөрийг батлуулах , наадмын нэгдсэн хөтөлбөрийг 6-р сарын 20-ны дотор бэлэн болгох, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам болтол элдэв уралдаан тэмцээн, сунгаа, аливаа арга хэмжээ зохиохгүй байхыг хариуцсан салбар хороодын дарга нарт үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Итали Английг хожлоо

ДАШТ-ий С, D хэсгийн дөрвөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолт 00:00 цагаас Колумб болон Грекийн шигшээн хооронд болж, 3:0-ийн харьцаатай Колумб хожсон. Дараагийн тоглолт 03:00 цагаас Уругвай болон Коста Рикагийн шигшээн хооронд болсон юм. Энэ тоглолтод 3:1-ийн харьцаатай Коста Рика хожиж, 2014 оны ДАШТ-ий анхны томоохон шуугианыг тарилаа.

Харин 05:45 цагаас Англи болон Италийн шигшээ багийн “тулаан” боллоо. Энэ “тулаанд” Английн “Гурван арслан” Италийн шигшээд 2:1-ийн харьцаатай хожигдлоо. Англи хэзээ ч Италийг хожиж байгаагүй гэсэн цувралаа дахин үргэлжлүүллээ.

Мөн өглөөний 09:00 цагаас Япон болон Кот дИворийн шигшээ багийн тоглолт болж, 2:1-ийн харьцаатай Кот дИвори хожлоо.

ДАШТ эхэлснээс хойш А, В, С, D хэсгийн шигшээ багууд нэг, нэг тоглолт хийж, өнгөө үзээд байна.

АНГЛИ 1-2 ИТАЛИ

Дэлхийн аварга бүрийн өмнө Англи түрүүлнэ гэж итгэгчид олон байдаг. Гэсэн ч Англичууд сайндаа л шөвгийн наймд үлддэг. Энэ удаагийн ДАШТ-д Английн шигшээ баг залуу тоглогчоор хүчээ зузаатган, тоглолт нь харьцангуй үзүүштэй болсон байна. Гэлээ ч Италийн шигшээ багийг хожиж чадсангүй.

Тоглолтын 35 дахь минутад Италийн шигшээн хагас хамгаалагч Клаудио Маркисио анхны гоолыг оруулсан. Италичууд булангийн цохилтоо гэртээ бэлдсэн хувилбарын дагуу хийж, Английн хаалганд гоол оруулж чадсан юм. Италичууд булангийн цохилтоо дамжуулалтаар эхэлж, төв рүү дамжуулсныг Андреа Пирло тун ухаалгаар ардаа үлдээн, Маркисио хаалганд цохин гоол оруулсан.

Харин энэ гоолоос ердөө хоёр минутын дараа Английн шигшээ сөрөг довтолгоогоо амжилттай болгож, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Төвөөс зүүн жигүүр лүү өгсөн Рахим Стерлингийн дамжуулалтыг Уэйн Рууни хүлээн авч, Даниел Старрижид дамжуулан гоол оруулж чадлаа. Ер нь өнөөдрийн тоглолт Рахим Стерлинг тун сайн тоглосон. Энэ гоолыг баярыг Английн шигшээ багийн эмч Гари Левин тэмдэглэхдээ хөлөө эвгүй гишгэж, гэмтэл аван талбайгаас гарлаа. 

Хоёрдугаар хагас эхэлмэгц буюу 50 дахь минутад Италичууд тоглолтыг тэргүүлж эхэллээ. Баруун жигүүрээс өгсөн Антонио Кандревагийн дамжуулалтыг “дэггүй” довтлогч Марио Балотелли мөргөж, гоол оруулснаар тооны харьцааг 2:1 болгосон юм.

ЯПОН 1-2 КОТ ДИВОРИ

Хөлбөмбөгийн ДАШТ арлын Япончуудад энэ тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ тоглолт Токиогийн цагаар 10:00 цагаас эхэлсэн. Гэсэн ч Япончууд Африк тивийн хүчирхэг Кот дИвори шигшээд хожигдлоо.

Тоглолтын 16 дахь минутад Японы шигшээ баг гоолын салхийг хагаллаа. Италийн “Интер Милан” багийн хамгаалагч Юто Нагатомогийн дамжуулалтаар “АС Милан” багийн довтлогч Кэйсүкэ Хонда гоол оруулсан юм. Ингэснээр Хондагийн гоолоор эхний үеийг Япончууд тэргүүлж өндөрлүүллээ.

Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутад Уилфред Бони, 66 дахь минутад Жервиньо гоол оруулж, Япончуудыг буулган авлаа.