Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн замд болгоомжтой явахыг анхааруулж байна

Зуны улирал эхэлж, хөдөө гадаа явах хүмүүсийн тоо эрс өссөний зэрэгцээ, ослын хэмжээ ч ихэсчээ. Өнгөрсөн 12-ны өдөр л гэхэд Төв аймгийн Баян сумаас урагш 20 км-ийн зайд амины “Хонда Фит” маркийн автомашин “Ниссан Вингроуд” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас есөн хүн нас барж, таван хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ. Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа аж. Хохирогсдын найм нь газар дээрээ нас барснаас тав нь том хүн, гурав нь хүүхэд байжээ. Орон нутгийн замд амралт зугаалга, алба, амины ажлаар явахдаа тээвэрлэлтийн хэмжээг хэтрүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ жолоо барихгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган аюул эрсдлээс болгоомжлон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газар, ЦЕГ-аас анхаарууллаа. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Монголд хүнсний эрхийн асуудал доройтсоор байна

Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар “Хүнсний тусгаар тогтнолын төлөө эвсэл” ТББ  мэдээлэл хийлээ. Өнөөдөр иргэдийн дийлэнх нь чанарын шаардлага хангаагүй, хаанаас орж ирсэн нь тодорхойгүй хүнс хэрэглэж байгаа.  Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээ тэр бүрчлэн хэрэглэдэггүй. Малчид мах, сүү сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоогоо зарж борлуулах зориулалтын цэг байдаггүй гээд олон асуудал бий. Эдгээр асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь чухал хэмээн хэвлэлийн үеэр мэдээлсэн юм. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд  “Хүнсний тусгаар тогтнолын төлөө эвсэл” ТББ  “Хүнс хөдөө аж ахуйн бодлогод хүний эрхийн хандлагыг нэвтрүүлэх” нь форум зохион байгуулжээ. 

 Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургуулийн тугийг хүлээлгэн өглөө

Засгийн газрын тушаалаар 2011 онд Дотоодын цэргийн 804 дүгээр анги, Хилийн цэргийн дээд сургууль буюу Хилийн 0345-р ангиудыг нэгтгэн Дотоод хэргийн их сургуулийг байгуулж, улмаар  2012 оны Засгийн газрын 87 дугаар тогтоолоор  Хууль сахиулахын их сургуулийг шинэчлэн байгуулснаар тус сургууль байлдааны хоёр тугтайүйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

Гэвч энэ  онд  “Дотоодын цэргийн тухай” хууль хүчингүй болсон тулнДотоодын цэргийн 804 дүгээр ангийн “Байлдааны туг”-ийг Хууль сахиулахын их сургуулийн музейд шилжүүлэн хадгалсан байна.  Харин өчигдөр Хууль зүйн сайдын  тушаалаар “Их сургуулийн туг”-тай болж, туг хүлээн авах ёслолын ажлыг хийлээ.  

Энэхүү арга хэмжээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Н.Амарзаяа тэргүүтэй  албан хаагчид орсон юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хууль сахиулахын их сургуулийн туг, үнэмлэхийг Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингист хүлээлгэн өгсөн. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“77 Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов

Болив Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хурлын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Жон Аш нар хүндэт зочноор уригдан оролцсоноос гадна  дэлхийн 133 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. 

Нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баярын илгээлтийг уншиж танилцуулаад гарын үсэгтэй хувийг хуралдааны даргад гардуулав. Түүнчлэн, Дэд сайд Д.Ганхуяг хуралдааны үеэр 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, Элчин сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлэгт НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр багтаж, дэлхийн хүн амын 77 хувь, эдийн засгийн 43 хувийг уг бүлгийн гишүүд эзэлдэг. Энэхүү бүлэг НҮБ-ын хүрээнд дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хөгжиж буй орнуудын тэгш эрхийг хамгаалах, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих гол зорилготой бөгөөд манай улс тус бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. 

Хурлын төгсгөлд Санта Крузын Тунхаглалыг гаргав.

Categories
мэдээ нийгэм

Дулааны III станцын 50 МВт-ын өргөтгөл ашиглалтад орлоо

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

Дарханы дулааны станц 48 МВт-ын хүчин чадалтай. Энэ станцын дайны өргөтгөлийг өнөөдөр хүлээж авч байна. Энэ нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт юм. Энэхүү бүтээн байгуулалтад Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулсан. Чингис бонд 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очиж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жилийн 4 дүгээр сард Дулааны III цахилгаан станцыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн. БНХАУ-ын “Human Industrial Equipment Installation” компани нэг жилийн хугацаанд энэхүү өргөтгөлийг чанартай сайн барьж, ашиглалтад орууллаа. Тус компанийн хамт олонд болон олон айл өрхөд цахилгаан  гэрэл түгээдэг эрчим хүчний салбарын нийт ажилтан, ажиллагдсад талархал илэрхийлж, цаашид улам ихийг хамтдаа бүтээхийг Ерөнхий сайд хүслээ.

Засгийн газрын бүтцэд 2012 онд Эрчим хүчний яамыг шинээр үүсгэн байгуулсан нь сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирсэн энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босоход ихээхэн хувь нэмэр болж байна гэж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Мөн 4 дүгээр цахилгаан станцын 123 МВт-ын өргөтгөлийг энэ оны 10 дугаар сард хүлээж авна. Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300 MBт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станц 11 дүгээр сард ашиглалтад орно. Дулааны V станцын гэрээг энэ сард багтаан байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Өмнөговь, Эгийн голд цахилгаан дулааны станц барьж байгуулах томоохон төслүүд хэрэгжиж байна. 2014 он бол эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын жил юм гэж М.Сономпил сайд онцоллоо.

Дулааны III цахилгаан станцыг ийн өртгөтгөснөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хүчин чадал нэмэгдэнэ. Ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийхэд санхүүжилт олдоно. Засгийн газар, салбарын яам, аж ахуйн нэгж хамтраад нэг зорилгын төлөө ажиллаж чадвал амжилт олж болдгийг өнөөдрийн энэ арга хэмжээ харуулж байна гэж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

“Дулааны III станц” төсөл энэ өртгөө 6 жилийн хугацаанд нөхөж, ашигтай ажиллаж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилга болов

Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Архангай аймгийн Цэнхэр суманд 2014 оны 6 дугаар сарын 13-нд боллоо. 

Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг ээ. Энэ жил тэнгэр хангай эрт дэлэгнэж хур бороогоо харамгүй хайрлан, газрын цангааг тайлсан нь хангай нутагт дэлгэр зун ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна.

Архангайчууд Та бүхэн өнгөрсөн онд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр мал сүргээ 3 сая 772 мянга-д хүргэж улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг болжээ. Мөн тус аймаг хонь, үхэр, адуун сүргийн тоогоор улсдаа эхний байруудад орж улс орныхоо хөгжил дэвшилд  бахархам хувь нэмэр оруулсан байна. Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баяр, буян хишиг билээ. Үүнд эзэн хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хур бороо хугацаандаа орж, өлөн зуд өнөд хол байж, буянт малын хишиг арвин, өтгөс нялхас өвчин эмгэггүй, эх орон элдэв гай зовлон, гамшиггүй байх нь нүүдэлчин түмний нэгэн жаргалан билээ. 

Миний бие Хангай нурууны ар өврөөр идээшин амьдарч ирсэн түмэн олныхоо омог сүрийг тэтгэж, эх орон, элгэн нутгийнхаа төлөө улам ихийг хийж бүтээх урам зоригийг тань бадрааж байхыг байгаль эхийн хүү – Суварга хайрханы цэлмэг хөх тэнгэрт сүсэглэн даатгаж байна” хэмээв.

 Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд  Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат,Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ болон Архангай нутгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, сүсэгтэн олон өргөнөөр оролцов.

Ийнхүү Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол төгөлдөр сайхан боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нэг литр усны үнэ 48 төгрөг төгрөг болов

Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг  долдугаар сарын 15-ны өдрөөс нэмэхээр болжээ. Тодруулбал,  Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 /хоногт 83/ Багануур, Налайх, Төв аймагт 1800  /хоногт 60/ төгрөг тус тус төлөх юм. 

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтсон байна.

Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх дүүрэгт цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөгөөр нэмэгдсэн байна. Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15 мөнгөнөөс 1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83 мөнгөнөөс 2.28 төгрөг болох юм.

Categories
мэдээ нийгэм

Оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байхыг үүрэг болголоо

Холбооны Бүгд найрамдах Бразил Улсад Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 74 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэйгээр уртасгасан цагаар ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгж нь өглөөний 08 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд хуулийн дагуу 00 цагаас хойш бага градустай согтууруулах ундааг худалдан, борлуулна. Мөн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Цагдаагийн газраас уртасгасан цагаар ажиллаж буй аж ахуйн нэгжийн ойролцоо цагдаагийн эргүүлийг тогтмол гаргаж байна. Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр дээрх мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Тэмцээн үзэж буй иргэдийн аюулгүй байдал, ойролцоо амьдарч байгаа оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байхад анхаарч, хяналт тавин  ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-тад нэг сурагч өөрийнхөө өмнөөс ахыгаа оруулж байгаад баригджээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын
газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн  зургаан дүүрэгт
ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн
хяналт тавин ажилласан байна.

Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион
байгуулалтын үйл ажиллагаанд байгаа нэлээд зөрчлүүдийг  илрүүлсэн байна.

Тухайлбал, Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус
цайны газрын зааланд авч байсан бол, Политехник коллеж дээр шалгалтын үед
хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч  хүүхдийн гар зүссэн.
УБ-Эрдэм дээд сургууль дээр 2 материал дутуу ирсэн, ХААИС дээр шалгалтын
материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай ирсэн, мөн
энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан
зэрэг зөрчлүүд гарсан байна.

Мөн сургууль, эцэг эхийн зүгээс
хайхрамжгүй хандаж шалгалт өгөх дээд сургуулийн байрыг сайн хэлж, автобус унааг
зааж, өгөөгүйгээс хүүхдүүд төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын журмын
3.6-д заасан материалуудаа дутуу бүрдүүлж ирснээс  шалгалтаасаа хоцрох
үзэгдэл их
гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Зам барилгын ажил хийхдээ иргэдэд зориулсан тэмдэглэгээ хийхийг шаардав

Нийслэлийн
удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр  зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй
асуудлаа танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 орон сууцны 400
гаруй өрхийг дулаан, усаар хангадаг “Ар жанар” ХХК цаашид үйл ажиллагаа явуулах
боломжгүй болсон гэдгээ мэдэгдсэн гэж тус дүүргийн Засаг дарга М.Чинболд
хэллээ. Ийм нөхцөл  үүссэн тул сэрүүний
улирал болохоос урьтаж энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол дээрх айлууд ус,
дулаанаар хангагдахгүй болох эрсдэл бий болно гэлээ. Сонгинохайрхан дүүргээс
холбогдох газруудад асуудлаа танилцуулсан байна. Гэвч тухайн компани нь
Ус  сувгийн удирдах газар, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-т
төлбөрийн өртэй байгаа тул нийслэл асуудлыг шууд шийдвэрлэхэд хүндрэл гарчээ. Нийслэлийн Засаг дарга уг асуудлыг Нийслэлийн
удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр боллоо.
Харин Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар “Улаанбаатарын Баянзүрх
товчоогоос Налайх дүүрэг хүртэлх авто замыг шинэчлэн, засварлах шаардлагатай
байна. Тус замд багагүй эвдрэл үүссэнээс жолооч нар зорчиход хүндрэлтэй байгаа
талаар гомдол ирсээр байна. Хамгийн гол нь осол  гарах нь ихэссэн бөгөөд он гарсаар 10 хүн амь
насаа алдсан харамсалтай тохиолдлууд байна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн удирдах ажилтнуудад дараахь үүрэг, даалгавар
өглөө.
Нийслэлийн нутаг дэвсгэрт зам барилгын ажил хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахгүй, иргэдэд зориулсан тэмдэглэгээ хийхгүй  байгааг анхаарч
аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэх, шаардлагыг хүлээж авахгүй бол  үйл
ажиллагааг нь зогсоох үүргийг Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн
газар, Мэргэжлийн хяналтын газар өглөө.
Үндэсний их баяр наадмыг угтаж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх
ажлыг эрчимжүүлж, гудамж талбайн тохижилтын ажлыг хугацаа алдалгүй хийхийг
дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Наадмын үеэр Дунд голоос Хүй 7 худаг руу Railbus явуулахаар төлөвлөж байна. Үүнтэй
холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Дунд гол руу нийтийн тээвэр явуулах шаардлагатай байгаа
тул Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газарт тусгай маршрут гаргахыг
үүрэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.