Categories
мэдээ нийгэм

Хэргийн газраас зугтсан жолоочийг хайж байна

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Завсрын автобусны буудлын “Кольцо” дэлгүүрийн зүүн талын авто зам дээр зам тээврийн осол гарчээ. Марк, дугаар нь тодорхойгүй автомашин иргэн Д-г мөргөж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулан хэргийн газраас зугтжээ.

Тиймээс уг ослыг харсан хүнийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй 88007660, 96661856 дугаарын утсаар холбоо барихыг хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгалах ба өндөр шагналаар урамшуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замд гарсан ослын улмаас жирэмсэн эмэгтэй зулбажээ

Налайхын замд тов оврын автобус осолдож зургаан хүн амиа алдсан талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл тус автобусанд явсан 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэл авсан бөгөөд хүнд гэмтэлтэй ихэнх хүмүүсийг Гэмтэл согог судаллын үндэсний төвд яаралтай хагалгаанд оруулж байгаа аж. Түүнчлэн тэр дунд зорчиж явсан би давхар нэг эмэгтэйн ураг зулбасан гэсэн мэдээлэл байна. 

Categories
мэдээ нийгэм

Хуушуур зарах зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс олгоно

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх 900 орчим
зөвшөөрлийг ирэх долдугаар сарын нэгнээс харъяа дүүрэг бүр олгож эхэлнэ.
Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15 мянган
төгрөгөөр, төв цэнгэлдэх хүрээлэнд 20 мянган төгрөгөөр олгох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гудамжны замыг хаана

Авто
замын өргөтгөл, шинэчлэл завсарын ажилтай холбогдуулан тодорхой
байршлуудад замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа. Сүхбаатар дүүргийн
нутаг, олимпийн гудамж, Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын
хойд талыг өнөөдөр хаахаар болсныг холбогдох байгууллагуудаас анхааруулж
байна. Тодруулбал, өнөөдөр 17:00 цагаас эхлэн зургадугаар сарын 23-ны
06:00 цагийн хооронд тус замын хөдөлгөөнийг бүрэн хааж дулааны шугам
шинээр суурилуулах ажил явагдах юм байна. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Испанийн шигшээ багийг битгий муулаарай

“Бразил-2014”-ийн эхний өдрүүдийн хамгийн том сенсааци нь Испанийн
шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй гэдэг асуудал байлаа. Түүх сөхвөл францчууд
1998 онд дэлхийн аварга болсныхоо дараа 2002 оны тэмцээнд нэг ялах нь битгий хэл
нэг гоол оруулж үзэлгүйгээр хасагдаж байсан. Италичууд 2006 онд дэлхийн аварга болсныхоо
дараа 2010 оны Африкийн тэмцээнд ирээд бас л нэг ч ялж чадалгүй гэртээ харьж байлаа.
Дээрх хоёр багтай харьцуулахад Испанийн шигшээ багт хүндэтгэх шалтгаан бий. Тэд
гэнэт цойлж гарч ирээгүй. Тэд 2006 оноос эхлэн дэлхийн хөлбөмбөгийн моодыг тодорхойлж
даруй 10 орчим жил энэ хэлбэрээ хадгалан бусад улсын шигшээ багийг чичрүүлж байлаа.
Испанийн шигшээ багийн Хави, Иньеста, Касильяс, Рамос, Торрес нарын түүх үүгээр
төгсч байгаа ч тэдний ард Иско, Лорьенто, Морьено гээд өчнөөн олон залуучууд зайг
нь нөхөх гээд хүлээж байгаа. Тийм учраас тэд айх юмгүй залуу үедээ халаагаа өгнө.
Испанийн шигшээ багийн ганц алдаа цагийг нь олж залуу үедээ зай тавьж өгөөгүй гэдэг
л байх шив дээ. Энэ бол тоглогчдын буруу биш, багийн ахлах дасгалжуулагч Де Боскегийн
алдаа юм шүү дээ. Испанийн шигшээ багийг баллаж мэдэх ганц алдаа нь авч болох бүх
шагналыг авсан “хөгшчүүл”, тэдэнд цаашид тоглох сонирхол бий юу гэдэг л тэдний хамгийн
том дутагдал хэмээн манай сонин өмнө нь бичиж л байлаа.

Тэр нь ч энэ удаад батлагдав. Хамгийн харамсмаар нь өмнөх дэлхийн
аврага багийнхны хувьд эмгэнэлтэй, ичмээр бас гунигтайгаар унав. Гэвч тэд хөлбөмбөгийн
түүхэнд хийдгээ хийж, гавьяагаа тамгалсан улсууд учраас тэднийг битгий муулаарай.

Робин
ван Перси (Нидерландын шигшээ багийн довтлогч):
Бид нэгдүгээр үед ямар
муу тоглов оо. Ерөөсөө болж өгөхгүй байсан. Гэхдээ австраличуудыг магтах хэрэгтэй.
Тэд хором ч зогсохгүй хөдөлж байсан шүү дээ. Дэлхийн дэвжээнд тоглож байгаа хүн
хэсэг ч хугацаанд зогсч болохгүй гэдгийг өнөөдрийн тоглолт харууллаа. Ийм тоглолтод
заавал ялж байх хэрэгтэй. Хоёрдугаар үед 4-3-3 схемээр тоглож эхэлсэн нь ашгаа өгсөн
болов уу. Бид чинь дандаа ийм схемээр тоглодог байсан тул их амар санагдсан. Миний
шар хуудасны тоо хэтэрсэн тул Чилитэй тоглох тоглолтыг өнжинө. Нэг бодлын сайн ч
юмуу.

Серхио Рамос (Испанийн шигшээ багийн төвийн хамгаалагч): Маш
хүнд байна. Испанийн шигшээ багийн хувьд өнөөдөр тун хэцүү өдөр. Гэхдээ энэ бол
Испанийн хөлбөмбөгийн төгсгөл биш шүү. Бид түүхийг бүтээсэн. Яг энэ баг Европын
аварга болж дэлхийн аваргын цомыг анх удаа нутагтаа авчирч байсан. Үүнийг мартах
аргагүй. Бидний араас сайн, авьяаслаг залуучууд гарч ирж байгаа. Бид Австралийн
шигшээ багтай тоглох тоглолтоо толгой өөдөө цоглог тоглож дуусгана.

Categories
мэдээ нийгэм

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээг үзэглэлээ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий “Дулааны Y цахилгаан станц”-ын Концессын гэрээг өнөөдөр /зургадугаар сарын 20/ Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Рибессе Беноут нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

“Дулааны Y цахилгаан станц”-ын концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан бөгөөд шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлж, тэдгээрээс 11 консорциум нь саналаа ирүүлсэн байдаг. Улмаар удаах гурван шатны шалгаруулалт явуулсны дүнд “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч хэмээн шалгаруулж, 2013 оны наймдугаар сарын 26-ны өдөр төслийн гэрээ болон дагалдах бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийхийг зөвшөөрч, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх түншлэлтэй  Санамж бичиг байгуулсан.

Төслийн хэлэлцээг манай талаас ЭХЯ, ЭЗХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооны Хамтарсан ажлын хэсэг тус түншлэлтэй хийж, төслийг эцсийн байдлаар боловсруулан 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан ба хуралдаанаас “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосны дагуу өнөөдөр ийнхүү баталгаажуулж байна. “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК буюу концесс эзэмшигч нь энэ өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Газар ашиглах гэрээ, Ус ашиглах гэрээг Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай тус тус хийснээр Концессын уг гэрээ хүчин төгөлдөр болж, станцын барилга угсралтын ажил эхлэх юм.

Гэрээг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлөөр байгуулж буй гэрээний эзэмшигч нь “Дулааны V цахилгаан станц”-ыг 4 жилийн хугацаанд барьж, удаах 25 жилд нь ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээнэ. Станцын хүчин чадлын хувьд цахилгаанд 450 МВт, дулаанд 587 МВт байна. CFB (circulating fluidized bed) технологийн бойлер ашиглах бөгөөд энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага хийгээд гэр хорооллын хүн амыг нэгдсэн халаалт бүхий орон сууцны хороололд шилжүүлэн суурьшуулах боломж бүрдэх аж. Төслийг хэрэгжүүлэхэд 648 ажлын байр шинээр бий болно гэж урьчилсан байдлаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар хуушуур зарах зөвшөөрлийг ирэх сарын 1-ээс олгоно

Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур, ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долоодугаар сарын 01-05-ний өдрүүдэд харьяа дүүргийнх нь Үйлдвэр үйлчилгээний газраас олгох юм байна.

Нийслэлийн Захирагчийн албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн ба үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Үйлчилгээ эрхэлж буй бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулна гэж Захирагчийн албаны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга ярилаа.

Мөн энэ жил эдийн засаг хямарсантай холбоотойгоор иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг хувь хүмүүст олгох юм байна. Зөвшөөрлийн үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил буюу Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бол 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөг төлөх аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Одхүү: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Эгийн голын УЦС-ын төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн

Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа. 

-Эгийн голын усан цахилгаан станц төслийг эхлүүлэх шийдвэр гаргах үед буюу өнгөрсөн оны сүүлчээр эдийн засаг харьцангуй тогтвортой байсан. Гэтэл он гарсаар нөхцөл байдал дордож эхэлсэн. Цаашид санхүүгийн хямрал удаан хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна хэмээн зарим эдийн засагчид ч хэлэх боллоо. Ийм үед ЭГУЦС-ын төсөл дахин бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол байгаад байх шиг?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу төслийн нэгж байгуулагдаж, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт-ын цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олгосон. Тухайн үед нь шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлэхээр болсон.  Энэ төслийг хэрэгжүүлэх нь цаг үеийн шаардлага болоод байгаа учраас Монгол Улсын Их Хурал,Засгийн газар, Эрчим хүчний Яам болон бусад холбогдох газрууд дэмжиж байгаа. Өмнө нь энэ төсөл хоёр ч удаа бүтэлгүйтсэн нь үнэн. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарладаг. Энэ нь тэдний хувьд өөрсдөд нь зөв болоод л яваг. Төслийн нэгжийн захирал гэхээсээ илүү Д.Одхүү гэдэг хувь хүнийхээ байр сууринаас авч үзвэл энэ нь зөвхөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй гадаад болон дотоод олон нөхцлүүдээс хамааралтай. Магадгүй 1990-ээд оны эхээр цаг нь болоогүй ч байсан байж болох талтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам тогтвортой өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэ төслийг хойш тавилгүй нэн даруй хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Одоо бол санхүүжилт зогсч, төсөл хэрэгжихгүй байх вий гэдэг дээр бус ажлаа өмнөх алдааг давталгүй, хэрхэн чанартай, шуурхай гүйцэтгэх дээр л төвлөрч, шалтгаан тоочих бус зорилгоо биелүүлэхийн төлөө мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд манай төсөлд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг нь тасалдуулалгүй, хугацаанд нь олгож байвал бидний ажил ямар нэгэн саадгүй бүтнэ.

-Төслийн төсөвт өртөг батлагдсан уу?

– ТЭЗҮ-ийн шинэчлэл, эдийн засгийн тооцооллын үнэлгээ зэрэг нь ирэх сард батлагдах учраас тухайн үед хэдий хэмжээний өртгөөр станц босох нь тодорхой болно. Өмнө нь 1992-1995 онд ТЭЗҮ хийгдсэн гэх утгаараа зарим талаар дөхөмтэй байгаа. Тэндээс шууд авч ашиглах эсвэл засч сайжруулаад тооцоолол судалгаандаа ашиглах олон зүйлс бий. Одоогоос 20-оод жилийн өмнө батлагдсан хэдий ч саяхныг хүртэл сайн төсөл хэмээн сайшаагдаж байсан юм шүү. 

-ЭГУЦС Монголын эрчим хүчний системд горим тохируулагч хэлбэрээр оролцоно гэдгийг та тайлбарлаач?

-Эгийн голын 315 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг 220 кВ-ийн хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр өдрийн болон оройн оргил ачааллын үед Оросоос эрчим хүч импортлох бус дотоодоосоо буюу ЭГУЦС-аасаа нийлүүлнэ.Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тохируулж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэх утгаараа усан цахилгаан станц эрчим хүчний системд горим тохируулагч болж өгдөг. Нүүрснээс эрчим хүч гаргадаг дулааны цахилгаан станцуудын хувьд эрчим хүчний хэрэглээ бага үед үйлдвэрлэлээ түүнд нь тохируулах боломж нь хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэн хэрэглэгчид үргүй цахилгаан үйлдвэрлэсэн өртгийг, хэрэглэсэн эрчим хүчнийхээ үнэтэй хамт төлдөг. Оросын холбооны улсаас жил бүр импортолдог 25-26 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчийг усан цахилгаан станц маань үйлдвэрлээд зогсохгүй цаашилбал ДЦС-ууддаа дэм өгөх боломжтой. Төсөл дээр дэлхийд тэргүүлэгч Францын “Tractebel Engineering” компани зөвлөхөөр ажиллаж байна. Бид өөрсдийн хүчээр буюу Барилгын инженерийн их сургуулийн эрдэмтдийн тооцооллыг зөвлөх компанийнхтай тулгахад зөрүү ажиглагдаагүй. Ганц нэгхэн зарчмын зөрүүтэй зүйлс байсныг үгүйсгэхгүй. Суурилах хүчин чадлыг 315 мВт-аар тогтоосон. 

-ЭГУЦС барих төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд гэвэл?

-113 метр өндөр, 744 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус далангаар хашигдах нуурын толион талбай нь 151 ам.дөрвөлжин км. Тус бүр нь 69 МВт хүчин чадал бүхий дөрвөн мөн тус бүр 20 МВт хүчин чадал бүхий хоёр турбин генератор суурилуулах юм. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ 220 кВ-н хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх учраас ЭГУЦС Эрдэнэт хотыг холбосон 72.3 км урт цахилгаан дамжуулах шугамыг барих юм. Мөн 78 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр 324 м урт гүүр баригдана.

-Усан сангийн нутаг дэвсгэрт хамаарагдах Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хангай багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухайгаа дэлгэрэнгүй яриач?

– Сарын өмнө Хантай багийн иргэдийн хурал дээр төслөө танилцуулсан. Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултанд ч хариулсан. Орон нутгийн иргэд маань манай төслийг дэмжиж байгаа. Бид бүтээн байгуулалт явагдах тухайн орчны байгалийн унаган төрх, эко систем, амьтны төрөл зүйл гээд бүгдийг нь тэр хэвээр нь хадгалж үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа. Нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх, үүнд зарцуулагдах хөрөнгийн санхүүжилт, иргэдэд олгох нөхөн олговор өгөх эсэх асуудлууд нь удахгүй тодорхой болно. Энэ бүх асуудлыг манай төслийн нэгж дангаар шийдэхгүй нь мэдээж. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан Булган, Орхон аймгийн ЗДТГ, төслийн нэгжийн дэд захирал тэргүүтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дээр талбай чөлөөлөлтийн ажлын зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Багийн иргэдийн өөрсдийн сонголтоор одоогийн суурьшлын бүсээс 4-5 км зайд буюу усан цахилгаан станцын нуурын эрэг хавьцаа нүүлгэн суурьшуулахаар газраа товлоод байна. 

-Байгалиа унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд олон талт судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа учраас нутгийн иргэд төслийг хэрэгжүүлэхийн эсрэг зогсохгүй байна гэж ойлгож болох нь ээ?

-Яг тийм. Нутгийн иргэд бүтээн байгуулалттэр дундаа байгаль орчинд ээлтэй гэдгээр нь ихээхэн дэмжиж байгаа. Хамгийн чухал нь олон жил идээшиж дассан газар нутгийг нь ганц усан цахилгаан станц бариад орвонгоор нь эргүүлчихэж магадгүй нь гэсэн Хантай багийнхны эргэлзээ бүр мөсөн арилсан. Тухайлбал энэ сарын эхээр ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн археологийн баг, МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим, Монголын үндэсний музей-Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хамтарсан таван багийн багийн 170 гаруй археологийн эрдэм шинжилгээний ажилтанархеологийн авран хамгаалах, малтлага судалгааны ажилдаа гарсан. Одоогоор Эрдэнэтээс төслийн талбар хүртлэх замд 22 археологийн олдворыг тогтоож, цэвэрлэн, баримтжуулж байна. Ер нь төсөл хэрэгжих бүс нутагт 300-аад эртний ховор олдвор байгаа нь археологийн удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон. Эгийн голд Монгол орны тул загасны багагүй хэсэг нь амьдардаг учраас Байгаль хамгаалах Монголын тул сантай хамтран ажиллаж байна. Орхон Сэлэнгийн бэлчирээс эхлээд усан сан байгуулагдах газар хүртэлх Сэлэнгэ мөрөн, Эгийн голын загас болон  усны амьтдын судалгааг хийж байна. Гэхдээ усан цахилгаан станц байгуулагдсанаар загасны тоо толгой буурах нь бүү хэл, томоохон хэмжээний нуур үүсэх учраас харин биологийн таатай нөхцөл бүрдэхийн эрдэмтэд онцолж байсан. Давхар мод хөрс, бусад төрлийн ан амьтан зэрэг экологийн бүх төрөл зүйлийн судалгааг иж бүрнээр нь хийж байна. Өмнө нь палеонтологийн талаар ямар нэгэн судалгаа байгаагүй учраас саяхан энэ чиглэлийн судалгааг хийлгэсэн. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Палеонтологийн төвийн судалгаагаар палеонтологийн ямар нэгэн олдворгүй гэдгийг албан ёсоор тогтоох судалгаа хийсэн гэсэн үг шүү дээ. 

-Малталтаас илэрсэн түүхийн олдворуудаар орон нутагт музейбайгуулна гэдэг үнэн үү?

-Нэн ховор үзмэрүүдийгмэдээж үндэсний архелогийн музейд хүргүүлнэ. Бусдыг нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа хажууд байгуулах музейдээ байршуулна. Мэдээж тодорхой тооны олдворуудыг аймаг, орон нутгийн музейн үзмэр болгоно. ЭГУЦС байгуулагдана гэдэг нь аялал жуулчлалын шинэ чиглэлийг бий болгож байгаа хэрэг. Газарзүйн содон тогтоц, бүтээн байгуулалтыг үзэхээр олон хүн тийш зорих нь тодорхой учраас станцынхаа хажууд музей байгуулахаар болсон. Өмнө нь хүрэл зэвсгийн үеийн дуулга, тогоо, Хүннү гүрний үеийн алтаар чимэглэсэн тэрэг бүхий булш хүртэл олдож байсан юм шүү дээ. 

-Усан цахилгаан станц хэдэн жилд өртгөө нөхөх вэ?

-Нүүрснээс эрчим хүч дулаан гаргаж авдаг Дулааны цахилгаан станц алдагдалтай ажилладаг бол сэргээгдэх эрчим хүчний станцууд өөрийн өртгөө бүрэн нөхөөд зогсохгүй, ашигтай ажилладаг. 2020 он гэхэд ЭГУЦС импортын эрчим хүчний дийлэнхийг үйлдвэрлэх боломжтой. Усан цахилгаан станцыг 50-100 жил ажиллана гэж үздэг. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд өртгөө хэдийд нөхөх талаарх судалгаа гараагүй байгаа ч ерөнхийдөө усан цахилгаан станц 15-20 жилийн дотор өөрийн өртгөө нөхдөг. Тэгвэл үлдсэн 80 жилд нь цэвэр ашигтай ажиллана гэсэн үг. 

-ЭГУЦС Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж байхыг чинь сонссон. Яагаад?

-Энд огт гайхаад байх зүйлгүй. Эгийн голын усан цахилгаан станцтай ижил хүчин чадал бүхий ДЦС-ыг Улаанбаатар хотод барьсан бол доод тал нь 500 мянган тонн хүлэмжийн хийг Улаанбаатар хотын агаарт ялгаруулах байсан. Харин УЦС огт хүлэмжийн хий ялгаруулдаггүй. Хүчин чадлын хувьд манайхаас дутахааргүй хоёр гуравхан усан цахилгаан станц нэмээд барьчих юм бол Монгол Улсын эрчим хүчний системийн эх үүсвэрийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, улмаар эрчим хүчний салбарт шинэ эрин эхлэх юм. Багануур, Шивээ Овоо, Шарын гол зэрэг томоохон нүүрсний ордуудынхаа дэргэд цахилгаан станцуудаа байгуулаад эрчим хүчээнийлүүлж байхад утааны асуудлаасаа салж болно. Харин нийслэлчүүдийн цахилгааны асуудлыг ингээд шийдчихлээ гэхэд дулаанаа утаагүй, хийгээр ажилладаг дулааны станцуудыг дүүрэг бүрт, хороодын дунд байгуулах хэрэгтэй. 

Categories
мэдээ нийгэм

Ё.Отгонбаяр гишүүн “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтээ хийв

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн эхнийх нь болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтийн ажиллагаа “Интерном” номын дэлгүүрт боллоо.  Энэхүү бүтээлийг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулан Булган аймгийн нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж гаргаж байгаа юм. Бараг хоёр жилийн өмнөөс тэрээр twitter сүлжээгээр Монголын эрт эдүгээ түүхийн баримтуудыг маш сонирхолтой жиргэж хэвшсэн. Түүх өгүүлсэн эл жиргээг нь унших дуртай мянга мянган дагагч-уншигчдын хувьд олон ЯАГААД гэсэн асуултын хариуг энэхүү цуврал бүтээлүүдээс харж болох нь ээ.

Уг бүтээлийг туурвих болсон учир шалтгааны тухай зохиогч хэлэхдээ  “….Монгол Улсын маань тусгаар тогтнолын төлөө эцэг өвгөд, ихэс дээдсийн маань тэмцэл, ялалт, ялагдлын үнэн түүхийг өгүүлэхийг эрмэлзэхээс гадна олон улсын харилцаагаар мэргэжсэн хүний хувьд улсынхаа түүхийг тухайн үеийн  дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдалтай холбон өгүүлэх хэрэгцээ байна гэж үзсэн.  Түүх эргэн давтагддаг хэмээдэг. Энэ цагт бид Оюу Толгой, Таван толгой гэх мэтийн ордууд, төмөр замын тухай маргалдан мэтгэлцэж буй үед ХХ зууны эхэнд мөн л яригдаж ирсэн “Монголор”-ын алтны уурхай, Дорнод Хятадын төмөр зам Монгол орны хувь заяанд ямархуу үүрэг гүйцэтгэснийг уншин эргэцүүлж, нэгийг бодох нь бас чухал гэж бодсон юм…” гэв. 

ХХ зууны эхэнд дэлхий даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн улсын нэг нь монголчууд юм. Дөнгөж зарласан тусгаар тогтнолоо хамгаалах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн жарны турш ээдрээтэй бэрхшээлтэй замаар замнан, алдаа онооны нугачаанд бүдэрч боссон түүхийг эл номд өгүүлсэн байна. Бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тус бүтээл уншигч Таны Монголын түүхийн мэдлэгийн санд чухал хандив болж, улс үндсээ хэмээсэн үзэл бодлыг тань улам ирлэж өгөх нь дамжиггүй.