Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн нээлт болов

Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болохуйц Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан болон Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн бусад албаныхан оролцлоо. Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газар зүйн байршлаараа ч, ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгээрээ Алтанбулагийг онцолж буй. Монголын хойд хил дээр байр¬¬лах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбо¬сон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан. Монгол Улс эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан юм.

Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна гэж газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Эдгээрээс урьдчилсан байдлаар 28 нь шаардлага хангасан гэж үзэж, гэрээ хийжээ. 24 тэрбум төгрөг зарцуулаад байгаа чөлөөт  худалдааны бүсийн зорилгын нэг бол ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах, ОХУ-ын иргэд тус чөлөөт худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчих юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амлаад байгаа гэнэ. Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажиллагаанд зарцуулна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн хөрөнгө-иргэдийн оролцоо” сэдэвт сургалт болж байна

Нийслэлийн СБД-ийн ЗДТГ, Иргэдийн идэвхитэй оролцоо ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Орон нутгийн хөрөнгө-иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг зургадугаар сарын 20-24-ний хооронд болж байна. Тус сургалтаар Иргэдийн идэвхитэй оролцоо ТББ нь үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, эрхэм зорилгын талаар иргэдэд танилцуулж, тэдний идэвхи оролцоог сайжруулах, мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Мөн иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж, сургалт семинар зохион байгуулан, ном гаргах гэнэ. СБД-ийн 9-р хорооны иргэдэд зориулан өчигдөр ээлжит сургалтаа явууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Нутгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, ОНХС, төсвийн тухай ойлголт” сэдэв дор зохион байгуулсан байна. Уг сургалтыг Иргэний идэвхитэй оролцоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ю.Отгонжаргал болон сургалтын менежер Э.Тэлмэнтуяа нар удирдан явууллаа.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Улс төр ба хөлбөмбөг

Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн талаар зургаан улсын гэрээ хэлцэл явагдаж байлаа. Иран болон “том зургаа” (ОХУ, АНУ, Герман, Франц, Хятад, Их Британи) –гийн хооронд явагдаж байсан энэ гэрээ хэсэг хугацаанд завсарласан. Завсарласан гол шалтгаан нь Ираны төлөөлөгчид хэсэг хугацаанд алга болсонтой холбоотой. Алга болсон төлөөлөгчид тусгай өрөөнд Нигер-Ираны шигшээ багуудын тоглолтыг үзэж байлаа.

Коста-Рика улсын ерөнхийлөгч Луис Гильермо Солис Бразилд очиж чадаагүй. Гэхдээ тэр жинхэнэ латин америк хүний ёсоор улсынхаа шигшээ багийг гэртээ сууж дэмжсэн гэнэ. Хөлбөмбөгийн хэмжээсээр их л жижигхэнд орох тус улсын баг Уругвайтай тоглохын өмнө Гильермо Солис “Манай баг 2:1-ээр өрсөлдөгчөө ялна” хэмээн “төлөг буулгаж” буй байдал.

Харин тэдний баг Уругвайн шигшээг 3:1-ээр хожсоны дараа Ерөнхийлөгчийн аз жаргалд хязгаар гэж үгүй байлаа. “Чин сэтгэлээсээ хүсэхэд бүтэхгүй зүйл гэж үгүй, эх орон нэгтнүүд ээ. Бууж өгч болохгүй. Эцсээ хүртэл тэмц. Хүсэл биелдэг гэдгийг үзүүлсэн та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн фэйсбүүктээ эрхэм Ерөнхийлөгч бичжээ.

Нидерландын хаан Уиллиам-Александр, хатан хаан Максима хоёр хөлбөмбөгт хачин дуртай гэдгийг бүгд мэднэ. Тэд улсынхаа шигшээ багийн тэмцээнийг алгасахгүй үзэх дуртай. Харин энэ удаа тэдний хайртай баг Австралийн шигшээ багийг 3:2-оор хожиж хэсгээсээ шалгарах нь ойлгомжтой болоход эрхэмсэг хаан, хатан хоёр тэвчсэнгүй, хувцас солих өрөөнд орж нүцгэн шахуу хөлбөмбөгчидтэй зургаа татуулж баяраа хуваалцлаа.

Дуулианы эзэн Жулиан Ассанжийг санаж байна уу. “Wikileaks” сайтыг үндэслэгч тэрбээр одоо Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамнаа орогнож байгаа. Тэгэхээр тэр ямар улсыг дэмжих нь ойлгомжтой, тийм үү.

“Ноён Обама, ноён Путин, ноён Ким Чен Ун нараа, дайн хэрэггүй, хайр дурлал, сэтгэлийн баясал гэдгийг мэдэрч амьдраач. Мишель Башелийн (Чилийн эмэгтэй ерөнхийлөгч) өгзгийг атгаач”. Чилийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч өөрийнх нь баг хэсгээсээ шалгарсны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж барьсан хуудас.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэр орлогоо ингэж нэмэгдүүлжээ

Эрдэнэт үйлдвэр 2013 онд зардлыг 34.9 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ


УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллах үеэрээ /2014.06.21/ “Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол-Оросын  хамтарсан “Эрдэнэт vйлдвэр” ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр бөгөөд  1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.

Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.

2012-2014 оны хооронд засвар механикийн заводод хийгдсэн импорт орлох бүтээгдэхүүний хувьд, цутгамал бүтээгдэхүүн, металь хийц, резинэн эдлэл, механик боловсруулалттай эд ангиудыг үйлдвэрлэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2000 оноос хойш үйлдвэрлэл, эдийн засгийн тогтмол өндөр үзүүлэлттэй, ашигтай ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас үүдсэн өнгөт металлын зах зээлийн үнийн өөрчлөлт нь компанийн ашиг буурахад нөлөөлсөн болохыг Үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Мөн 2013 оноос эхлэн Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан  5 жилийн гэрээний үндсэн дээр аймаг орон нутгийн хөгжлийг дэмжсэн 1 тэрбум 400 сая төгрөгийн ажлууд хийгдэж байгааг танилцууллаа. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртөж буй зулзаган хус, шинэс модыг Баян-Өндөр суманд шилжүүлэн суулгах, Эрдэнэт хотын нисэх онгоцны буудлыг сэргээх, “Эрдэнэт үйлдвэр-Орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүүхдийн ордон болон Янзага зуслангийн тохижилтын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Орхон аймгийн хөгжлийг дэмжсэн, эдийн засгийн эргэлтэнд орж иргэдэд онцгой ач холбогдолтой ажил хөтөлбөрт анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулав.

Үүний дараа УИХ-ын дарга “Шим-Технологи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэртэй танилцлаа. 2005 онд ашиглалтанд орсон энэхүү үйлдвэр 250 ажилтантай бөгөөд жилдээ 3600 тн молибдены баяжмал боловсруулж, 2500 тн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болохоо танилцуулав.

2014 оны 08 сарын 15-ны өдөр ашиглалтанд орох 35 мянган тонны Монголын анхны домен зуух

Үйлдвэр нь үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд сэргээн засварлах ажилд 407 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. УИХ-ын дарга  “Шим-Технологи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэртэй танилцах үеэрээ үйлдвэрийн удирдлага, албан хаагчидтай  санал солилцлоо.УИХ-ын даргыг тус үйлдвэртэй танилцахад Үйлдвэрийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар байлцав.

Categories
мэдээ нийгэм

Олон хүний амийг авч одсон ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдав

Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн том оврийн автобус өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдсон байна. Автобусанд нийтдээ 48 зорчигч явсанаас, долоон сартайгаас 18 настай нийт 14 хүүхэд, хоёр жолооч зорчиж явжээ. Осол болсон даруйд таван хүн, эмнэлэг хүргэгдэх замдаа нэг хү нас барсан байна. Бусад зорчигчид бүгд хүнд хөнгөн гэмтэлийн зэрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нийт 43 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэнээс хоёр хүн сэхээнд, найман хүн нуруу нугасны тасагт, есөн хүн тархи толгойны тасагт нийт 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Авто тээврийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн тээврийн авто замын газар, орон нутгийн тээвэрлэгч “Дайчин сүйх” компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан, хэргийн газар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээлж байна. Ажлын хэсгийнхэн осол гарсан шалтгаан, ослоос болж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарч, яаралтай тусламж үйлчилгээ, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхэд 13600 сандал шинээр байрлууна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын явцтай танилцах үеэр наадмын бэлтгэл ажил хариуцаж буй албаныхан төв цэнгэлдэх хүрээлэнд 13.600 сандал шинээр байрлуулахаар болсон тухай мэдээллээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтын түшлэгтэй сандлуудыг энэ сарын 24-нөөс суурилуулж эхлэх юм байна. Эдгээр сандлыг худалдан авахад нийт 200 сая төгрөг төсөвлөсөн аж.

Шинэ сандлуудыг байрлууснаар нийтдээ 15 орчим үзэгч төв цэнгэлдэхэд наадам үзэх боломжтой болох гэнэ. Харин наадмын тасалбарыг хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байгаа аж.

Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын цэвэрлэгээг Улаанбаатар нэгтгэл, гадна талбайн цэвэрлэгээг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Роналдо дэлхийн аваргын төлөө эрүүл мэндээ золиосолж байна

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдог дэлхийн аваргад оролцохын тулд эрүүл мэндээ золиосолж байна гэж мэс заслын эмч Жозе Карлуш Норонья хэвлэлээр өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Нороньягийн өгүүлснээр бол Роналдо зүүн өвдөгний гэмтлээ сэдрээж, насан туршдаа хөлбөмбөгч тоглож чадахааргүй болох гээгүй л бол энэ дэлхийн аваргаар дахиж нэг ч тоглолтод гарах хэрэггүй гэнэ.

Хэсгийн эхний  тоглолтод Португалын шигшээ Германд 4:0-ээр бут ниргүүлэхэд Роналдо бэлтгэл бүрэн ханаагүй мэт харагдсан нь өвдөгний гэмтэлтэй нь холбоотой гэж Норонья сануулжээ.

“Тэр дахиад хөлбөмбөгийн талбайд гарахгүй ч болж магадгүй тул ирээдүйгээ бодоод энэ дэлхийн аваргад дахиад тоглох хэрэггүй” гэж Норонья мэдэгдсэн байна. Гэлээ ч Роналдо АНУ, Ганын эсрэг тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаасаар байгаа юм. Дэлхийн аваргын өмнө Роналдо өвдөгний гэмтлийн улмаас хоёр нөхөрсөг тоглолтод оролцоогүй бөгөөд өвдгөө одоо ч боож яваа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх  тухай хуулийг энэ оны 06 дугаар сарын 06-нд УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар “тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дундын үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй бөгөөд эдгээр салбарт хамаарах тоног төхөөрөмж тус жагсаалтад ороогүй байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлт чөлөөлөлтийг дахин сэргээж байгаа тул Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан өмнөх жагсаалт болон яамдаас ирүүлсэн саналыг нягталж, жагсаалтад зөвхөн үндсэн үйлдвэрлэлд зориулагдсан тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг хамруулахаар боловсруулсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжид хамрагдахгүй сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, гар багаж, угсран борлуулах зориулалттай эд анги зэргийг хамруулаагүй байна. 

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй

МҮОНР-гийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь маргааш буюу зургаадугаар сарын 22-нд Чингисийн талбайд болох Радиогийн нээлттэй өдөрлөг юм.

Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлнэ. Чингисийн талбайд зассан зургаан тайзнаас  Монголын радиогийн түүхэн замнал, үе үеийн онцлогийг харуулсан театрчилсан тоглолт, тухайн цаг үетэй холбоотой урлагийн тоглолт болно.

Харин дараа нь 20 цагаас “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжигтэй.  Монголын ард түмнийг урлаг соёлд суралцахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Задгай цагаан” бүжгээр нэрийдсэн эл хэсэгт эрхэм сонсогч, үзэгч та залуу насаа дурсан бүжээрэй. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болно. Түүнчлэн шилдэг бүжигчдийг шалгаруулах юм. “Монголын радио” өдөрлөг МҮОНРТ-ээр шууд цацагдаж Монгол орон даяар үзэгч, сонсогчдын хүртээл болно.

Categories
мэдээ нийгэм

Хохирогчдын ар гэрийнхнийг бүртгэж байна

Төв аймгийн Эрдэнэсум Цонжинболдогын орчимд тов оврын шуудангийн автобус осолдож томоохон осол гарсан талаар бид мэдээлсэн. Хэргийн газарт, налайхын эмнэлэг дээр холбогдох байгууллагууд бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж. Баруун-Уртаас Улаанбаатарын чиглэлд явсан уг автобус Сүхбаатараас 44 зорчигчтой гарсан бөгөөд замын дунд Мөнххаан дээр 2 зорчигч бууж 4 зорчигч нэмж суусан аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд автобус далан руу унасан байдалтай байжээ. 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэл авч, нэг жирэмсэн бүсгүй зулбасан гэсэн мэдээлэл байна.

Аймгийн авто тээврийн газраас хохирогчдын арга гэрийнхнийг зөөх ажлыг зохион байгуулж буй ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлыг явуулж байна.  Өчигдөр оройн шуудангаар явсан хүмүүсийн ар гэрийнхэн 96514444 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэнэ.