Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг чуулна

Авлигагүй, эрүүл бизнесийн орчин бүрдүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгэм, ТББ-аас санаачилан үндэсний хэмжээнд авлигыг бууруулах чиглэлээр сурталчлан таниулах зорилгоор “Авлигагүй эрүүл нийгмийн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

Чуулганыг МҮХАҮТ, Азийн сан, АТГ, НҮБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, МОНПАК бүлэг, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв хамтран зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

АНУ, Германы шигшээ багууд шударга тоглох болов уу

1982 он. Испанид зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсэгт Герман, Австри, Алжир, Чили гэсэн дөрвөн баг багтаж байлаа. Хэсгийн сүүлчийн тойрогт Герман Австрийн багууд тоглохоор үлдсэн байсан бөгөөд энэ хоёр баг тэнцсэн тохиолдолд хоёулаа плэй-оффт шалгарч цааш тоглох эрхээ халааслах байв. Тэгээд энэ хоёр баг 90 минутын туршид жүжиг тоглож үзэгчдийг уурлуулсаар байж тэмцээнийг дуусгаж билээ. Дунд насныхан бол санаж л байгаа байх. Хэн нэг нь гоол хийх юм уу хожсон тохиолдолд Алжирын баг хэсгээсээ шалгарах байв. 

Хожим нь баахан хэрүүл уруул болж шалгалт шүүлэг яваад л байсан ямар ч буруутай асуудал болоогүй гээд л намжиж билээ. Герман Австри хоёр нь нэг хэлээр ярьдаг, нэг угсаа үндэстэй ард түмэн учраас нүднийхээ харцаар бие биенээ ойлголцож “тэнцэх үү? тэнцье” гээд л тэр тоглоомыг дуусгаж байсан. Энэ түүхийг нуршихын учир нь яг одоо дээрхтэй адил түүх G хэсэгт бүрдээд байгаа тул сануулсан юм. G хэсгийн эхэнд бичигдэж байгаа АНУ Германы шигшээ багууд нэг угсаа үндэстэй, хэл язгууртай ард түмэн биш. Гэхдээ энэ багийн хоёр ахлах дасгалжуулагч нь герман хүмүүс. Зүгээр ч нэг герман хүмүүс биш, сайн найзууд хамт нэжгээд жил Германы шигшээ багийг дасгалжуулж нэг нь ахлах нөгөө нь туслах гэдэг гуншинтай өгсөж уруудаж явсан хоёр. Одоо Герман ба АНУ-ын шигшээ багууд тоглолтондоо зүгээр л тэнцэхэд аль аль баг нь цааш шалгарах тохироо бүрдээд байна. Тээр жилийнх шиг явдал дахин битгий давтагдаасай. АНУ-ын шигшээгийн баг Португалтай тэнцсэнээ дараахан шахуу л хоёр дасгалжуулагч “Бид хоорондоо утсаар яриагүй. Бид хожихын төлөө тоглох болно” гээд яг адилхан тайлбар хийгээд байх юм. Хэлсэн үгэндээ л байгаасай даа.

Марк Вильмотс (Бельгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч): Би та бүхэнд урьдчилсан тоглолтод хэн манай багт үлэмж их тус болсон бэ гэдгийг сануулъя. Тэр бол Кристиан Бентека байсан. Хэрвээ Бентека гэмтээгүй байсан бол энэ тэмцээнд үндсэн тоглогч болоод гүйж байх байлаа. Нэгэнт тэр тэмцсэн учраас Оригиг авчрахаас өөр арга байгаагүй. Тэр залуухан, хурд­тай, өөртөө таарсан техниктэй тул өрсөлдөгч багийн хам­гаалалт ядарч сульдсан үед талбайд гаргахад их ашигтай байна. 

Дивока Ориги одоо 19 настай. Түүний 89 дэх минутанд Оросын хаалганд хийсэн гоол ДАШТ-д хийсэн анхных нь гоол бөгөөд үүний ачаар Бельгийн шигшээ баг гурван оноо авч хэсгээсээ шалгарах нь нэгэнт тодорхой болсон.

Виктор Понедельник (ОХУ-ын нэрт хөлбөмбөгч): Багийн тоглолт огт алга. Хамгаалалтаас довтолгоон руу яаж шилжээд байгаа юм бэ. Хагас хамгаалалт үр дүн муутай байна. Тийм учраас довтолгоог олигтой дэмжиж өгөхгүй байна. Кокорин та ямар муу тоглож байна вэ. Танд итгэх итгэл-тэг. Арай гайгүй нь Канунников байлаа. Даанч залуу нялх, туршлага бага учраас нэг хэмжээндээ удаан тоглож чадсангүй. Яагаад ч юм Оросын шигшээ баг болон Капелло нар энэ дэлхийн аваргын тэмцээн дундуур тоглох арга барилаа хайгаад байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. 

Фабио Капелло (ОХУ-ын ахлах дасгалжуулач): Бид тун удахгүй гоол оруулах юм бай­на гэх мэдрэмж төрөх үедээ Загоевыг талбайд гаргасан юм шүү дээ. Тэр үед бид өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд ойрхон тоглож, ша­­хаад байсан. Загоев сүүлчийн дамжуулалтыг өгч гоол орох болов уу гэж бодтол эсрэгээр эргэчихлээ. Гэхдээ энэ Загоевын буруу биш шүү. Ийм үед энэ залуу тоглолтонд яг таардаг юм. Одоо сүүлчийн тоглолтоос хамаг зүйлс шалтгаалахаар болчихлоо. 

Вахид Халилходжич (Алжирын шигшээ багийн ахлах дасгалжуулагч): Нэгдүгээр үед бид сайн гэхэд багадахаар гайхалтай тоглолоо. Хоёрдугаар үе эхлээд тоглох арга барилаа бага зэрэг сулруулсны гор гарч солонгосчууд хоёр гоол хийв. Гэхдээ үйл явдлыг хянаж чадсан учраас тоглолтыг өөрсдийнхөө хүслээр дуусгалаа. Бельгийн багт санамсаргүй хожигдсон гашуудал бага зэрэг ч гэлээ арилсан байх.   

Оноо тэнцвэл яах вэ?

Юуны өмнө хэсэг болгоны хамгийн өндөр оноотой хоёр баг нь дараагийн шатанд шалгарна гэдэг бүх хүнд ойлгомжтой байх. Гэхдээ энэ удаагийн ДАШТ маш сонирхолтой, хэсэг болгонд оноо нь тэнцсэн багуудын тоо гурваас дээш байх магадлал өндөр байгаа тул оноо тэнцсэн тохиолдолд ямар үзүүлэлттэй, ямар чансаатай хоёр баг нь плэй офф-т шалгарах вэ гэдгийг тайлбарлая. Гурав болон түүнээс дээш багуудын оноо тэнцсэн тохиолдолд:

1. Хэсгийн тоглолтуудад авсан оноогоор байр эзэлнэ.

2. Оноо тэнцсэн тохиол­долд хамгийн их гоол оруул­сан буюу гоолын зөрүү нь өндөртэй баг дээд байр эзэлнэ. 

3. Илүү их гоол оруул­сан баг нь давамгай байр эзэлнэ.

4. Хоорондын тоглолтдоо илүү оноо авсан нь дээр бичигдэнэ.

5. Энэ бүгд тэнцсэн тохиол­долд сугалаа явуулна.

Д.БАТ-ЭРДЭНЭ
Categories
мэдээ нийгэм

Осолд орсон хүмүүсээс дахин есөн хүн эмнэлгээс гарчээ

Энэ сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан автобусны ослын улмаас зургаан хүн амь насаа алдаж 44 хүн гэмтэж бэртсэн билээ. Тэднээс хөнгөн зэргийн гэмтэл авсан 14 хүн эмчийн хяналтад гадуур эмчилгээ хийлгэж байсан бол хүнд, хүндэвтэр гэмтэл авсан 27 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм.

Тэгвэл өчигдөр тэднээс есөн хүний биеийн байдал сайжирч, гэртээ гарсан байна. Мөн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авч сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй ухаан оржээ.

Categories
мэдээ нийгэм

120 мянгатын буудал орчмын замыг маргааш хаана

Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, 120 мянгатын автобусны буудал дээр гүүрэн гарц баригдаж буй.

Тус ажлын хүрээнд маргааш 00:00-06:00 цаг, нөгөөдөр 00:00-06:00 цаг хүртэл Энхтайваны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг түр хаахаар боллоо.

Энэ үед гүүрэн гарцын дам нуруун дээр лист төмөр байрлуулж, гагнуурын ажил хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дэд төвийг барих ажил ирэх сард эхэлнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хот найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд ирэх сард Долоон буудал болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэх ажил ирэх сард эхлэхээр болжээ. Эхний ээлжийн энэ ажилд Азийн хөгжлийн банк санхүүжилт өгөхөөр болсон байна. Нийтдээ энэхүү ажилд 1.5 сая ам.доллар шаардагдах бөгөөд 60 сая ам.долларыг Европийн сэргээн босголт хөгжлийн банкнаас, 320 сая ам.долларын зээлийг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах юм. Энэ ажлын хүрээнд авто зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үзвэр үйлчилгээний газар, банк, санхүү зэргийг шинээр барихаар тусгажээ. 

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг шинэчилж байна

Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд байгуулагдсан. Анх л байсан урт модон сандлыг өнөө жил сольж байна. Нийт 13.6 мянган ширхэг шинэ сандал суурилуулах ажил өчигдрөөс эхэллээ. 200 гаруй сая төгрөгийн төсөвтэй ажлыг долдугаар сарын 8 гэхэд бүрэн дуусгасан байх гэнэ. Хуучин сандлыг будаж, засаад нийслэлийн гудамжинд суурилуулахаар болжээ. Үүнээс гадна Төв цэн­­гэл­дэх хүрээлэнд 37 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил явагдаж буй. Одоогоор гэрэлтүүлэг болон урсгал засварын ажил хийгдэж байгаа юм байна. Цэнгэлдэхийн эргэн тойрны авто замын нөхөөс хийх, зам талбайн цэвэрлэгээ зэрэг ажлуудыг мөн төлөвлөжээ. Харин сур харвааны талбайн индрийг будахаас өөр засвар хийхгүй юм байна.

С.АЛТ

Categories
мэдээ нийгэм

Зургаан хүүхэд БНСУ-ын Танвон эмнэлэгт зүрхний хагалгаанд орно

Эрүүл мэндийн дэд Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “Танвон” эмнэлэгт очиж эмчлүүлэн зүрхний хагалгаанд орох зургаан хүүхэд болоод Солонгосын “Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Тус зүрхний хагалгаанд төрлөхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд тус эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийсний үр дүнд зайлашгүй хагалгаа хийх шаардлагатай зургаан хүүхдийг сонгон авсан байна. Тус хөтөлбөр энэ жил 7 дахь удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 70 гаруй хүүхэд энэхүү төсөлд хамрагдан эрүүл болсон байна. Энэхүү зүрхний хагалгааны төлбөрийг 100% “Сэлвэшн Арми” ТББ гаргадаг байна.

Дэд сайд уулзалтын үеээр “Тус хагалгааны төсөв маань бүрэлдэхдээ Солонгост өвөл 12 сарын 1-с 12 сарын 31-ны хооронд 1 сарын турш хурдны замын замын төлбөр хураах цэг дээр сайн дурын ажилтнууд хандивын сав барин хандив цуглуулснааар бүрэлддэг. Энэ их хүч хөдөлмөр зарцуулсаны үр дүнд манай улсын зайлашгүй эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхэд багачуудад итгэлийн гараа сунган эмчлүүлж өгч байгаад гүнээ талархал илэрхийлж байна” хэмээсэн юм. 

alt

Тус үйл ажиллагаа нь Монгол төдийгүй Хятад, Кирзиз, Филлипин, зүүн өмнөд азийн нийт 30-40 хүүхдийг жил бүр хагалгаанд хамруулж эмлэдэг юм. Энэ жилийн хувьд БЗД-ээс 3 хүүхэд, Төв аймийн 3 хүүхэд нийт 6 хүүхэд сонгогдон 2014 оны 06-р сарын 25-нд БНСУ-руу эмчилгээнд явж хагалгаанд орох юм. 

Мөн дэд сайд Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголд үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх цэцэрлэг, өндөр настануудын халамжийн төв, Бейсболын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг зэрэг олон буяны үйл ажиллагааг явууж байгаад ЭМ-ийн дэд сайд, НИТХ-ийн төлөөлөгч болоод хувь хүнийхээ зүгээс маш их талархаж байгаагаа хэлээд Монгол улсын маань ирээдүйн эзэд бяцхан хүүхдүүдэд эрүүл саруул болон ирж эх орондоо хэрэгтэй, мэдлэг боловсролтой иргэд болон төлөвшөөрэй хэмээн ерөөж гарын бэлэг гардуулсан юм. 

alt

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарчууд урантай ус ууж байгаа гэв

“Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинар Туушин зочид буудалд боллоо. Монгол улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандорж ярихдаа “Би ураны чиглэлээр судалгаа, хайгуул хийж буй талбай, дэлхийн томоохон уран боловсруулах үйлдвэрүүдээр зөндөө явсан хүн. Одоо надад хордсон юм л алга. Дэлхийд цөмийн цахилгаан станцын хоёр томоохон осол гарсан нь үнэн. Гэхдээ манай улс зөвхөн олборлох бодлого барьж байгаа. Олборлож байгаа буюу хайгуул явуулж байгаа орнуудад осол гарч, хүн амьтан ургамалд хурцаар нөлөөлсөн тийм түүх дэлхийд гараагүй байна. Дэлхий дээр 50 гаруй улс ураны хайгуул явуулж, 30 гаруй улс олборлож байна. Хүн ард нь хордсон гэсэн мэдээ явж байхгүй.  Гажигтай мал Монгол улсын хаана ч төрдөг. Зохиомол зураг, эвлүүлгүүд ч явж байгаа. Ерөнхий сайдын тушаалаар тугал үхсэн хэрэгт шинжилгээ хийж, селен гэдэг элемент газын хөрсөн дээр байх хэмжээнээсээ их тархаснаас үүдэн хордсон байж болох магадлалтай хэмээсэн дүгнэлт гарсан байдаг. Ер нь бол Улаанбаатарчууд Богд уулын цацраг идэвхийн нөлөөнөөс үүдэн урантай ус ууж байгаа. Аргон ихтэй буцалгаж уу гээд байдгийн учир нь энэ. Монгол улсад хэд хэдэн ийм цацраг идэвхтэй бүс нутаг бий. Улаанбадрахад хайгуул хийхээс өмнө газрын гадаргаас мөн л ийм дүн шинжилгээ гарсан.  Энэ нь хүн аманд хор нөлөө үзүүлээд байх нь ховор” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны хуучин зогсоолыг такси зогсоол болгоно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дөрвөн буудлыг шилжүүлсэн.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг  “Армада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж  ашиглалтад оруулаад байна.  Үүнтэй холбогдуулан Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг такси зогсоол хэлбэрээр ашиглахаар Нийслэлийн тээврийн газраас шийдвэрлэсэн байна. Дээрх зогсоолуудад такси зогсон иргэдэд үйлчилж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийжээ

Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Хялганат” зах, “Сонсголон” зах, “Гялгар” зах, “Цолмонбадрах” зах, “Доной” зах , “Тэнгэр” гэсэн есөн  зах үйл ажиллагаа явуулдаг. Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар  “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг.

Энэ гэрээний дагуу мод, модон материалын захуудад экологийн хариуцлагын гэрээний биелэлтийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээ сунгахаар болж харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” захууд хангаагүй учраас уг зөрчлийг арилгах хүртэл экологийн хариуцлагын гэрээг түр түдгэлзүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.