Categories
мэдээ нийгэм

Голын усны төвшин 60-80 см-ээр нэмэгджээ

Өнгөрсөн ням гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харьяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллан аюулгүй байдлыг хангажээ. Усанд автсан дуудлагыг Чингэлтэй дүүрэг 2, Сүхбаатар дүүрэг 5, Баянгол дүүрэг  3, Сонгинохайрхан дүүрэг 3, Баянзүрх дүүрэг  9 удаа ирүүлсэн байна. Тухайлбал Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 9 давхарын айлын дээврээс ус ороод байна гэсэн дуудлагыг шөнийн 02:08 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч хүрэлцэн очиход дээврийг шалгахад ус зайлуулах хоолой бөглөрсөн байсныг хэвийн болгосон байна.

Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 32Г байрны айл амьдардаг суурийн давхар усанд автаад байна гэсэн дуудлагыг шөнийн 02:35 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч очиж усыг мотопомпоор соруулж, далан хийж усны урсгалыг хаах арга хэмжээ авч ажиллажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамжинд айлын гэр усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулсан бол тус дүүргийн 7 дугаар хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд байшин усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай цагт гарч усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулах арга хэмжээ авчээ.

Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас  иргэд, олон  нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Голын усны төвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд  хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах 23-наас ажиллаж эхэлнэ

Худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд амарч, өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тодруулбал “Нарантуул-2”  худалдааны төв, “Скай”  их дэлгүүр, “Хар хорин” худалдааны төв, “Барс” худалдааны төв, “Хүчит шонхор” худалдааны төв, “Да хүрээ ” техникийн зах өнөөдрөөс ажиллах юм. Харин Нарантуул худалдааны төв энэ сарын  23-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана. Мөн “Дүнжингарав”  худалдааны төв 18-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний усны тариф шинэчлэгдлээ

Долдугаар сарын 15-аас эхлэн шинэ тарифаар усны төлбөр авах болжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Ус сувгийн удирдах газар  хамтран орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргасан нь энэ.

Нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс нэг сард 2500 төгрөг төлөхөөр Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд голын эрэг орчмын газрууд хогонд дарагджээ

Тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн баяр наадмаараа ард иргэд тав хоног амарч баярлалаа. Тэгвэл энэ өдрүүдэд байгаль орчинд тунч халгаатай байсан аж.  Жилийн жилд Туул голын эргээр аялж зугаалж амарсны гороор тухайн орчин хогонд дарагддаг. Цагдаагийн ажилтан, онцгой байдлынхан, байгаль хамгаалагчид байнгын эргүүл хийж голын эрэг дагуу амарч байгаа хүмүүсийг хогоо хаяхгүй, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг сануулж, хянаж байсан ч голын урсгал бохирдсон байна.

Горхи тэрэлж, Хандгайтын бүс, Зүүн салааны зуслан гээд жижиг гол горхитой газрууд хогонд дарагдсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Туул гол хогийн цэг болжээ

Туул голын өнөөдрийн дүр, төрхийг та бүхэн зурган дээрээс харж байна. Наадмаар тав хоног амарч буйтай холбогдуулан иргэд олноор голын эрэг дагуу амарч, зугаалж  байгаа. Ингэхдээ эргэн тойрноо бохирдуулж, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар байгаль хамгаалагч нар хэллээ.

Тиймээс иргэдийг голын эрэг дагуу амрахдаа соёлтой байж хогоо голд хаяхгүй, байгаль орчноо бохидуулахгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд таван залуу голд живжээ

Энэ зун ихэнх нутгаар хур бороо ихтэй байгаагаас Хангай, Хэнтийн нуруу болон Зүүн зүгийн аймгуудын гол мөрнүүд үертэй байна. Үүгээр зогсохгүй өмнө нь сайр байсан газруудад ч үерийн аюул нүүрлэжээ.

Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд амиа алдсан. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын албан хаагчийг хүн хүчний хүрэлцээгүйн улмаас өвчтэй байхад нь голд осолдсон иргэнийг аврах ажиллагаанд дайчилжээ. Харамсалтай нь салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан  байна.

Иймд хүүхдүүд, өсвөр насныхан гэлтгүй залуус ч амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ голын эрэг  дээр амарч зугаалахдаа ихээхэн болгоомжтой, хянуур байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Сувдан сондор” хээр талыг зорилоо

 “Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг өнөөдөр “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа. Аялал энэ сарын 25-н хүртэл арван хоногийн турш үргэлжилнэ.

Монгол орны өргөн уудам нутгаар тархан оршсон эрт эдүгээгийн түүх соёл, байгаль экологийн орчины одоогийн байдал, түүний хувьсал хийгээд бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа аялал жуулчлалын брэнд бий болгох эрдэм шинжилгээний сан хөмрөгийг арвижуулахад туслах зорилготой “Монгол Сувдан сондор” соёл эрдэм шинжилгээний хөтөлбөрийг өнгөрсөн 2013 онд Сүхбаатар аймгийн Дарьгангын бүс нутаг, Дорноговь аймагт тус тус амжилттай хэрэгжүүлсэн юм.

“Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа.

Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид оролцсон аялалын багийнхан Сүхбаатар, Дорнод аймгийн нилээд хэдэн сумдын нутгаар аялах бөгөөд хээр тал дахь түүх археологи, байгаль экологи, утга соёлыг судлахын хамт Хатагин, Үзэмчин судлалд анхаарал хандуулах аж.

Уг хөтөлбөрийг санаачлагч Монголын Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёогийн ахалсан сувдан сондорын багт ШУА-н Археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д.Цэвээндорж, СГЗ доктор профессор Г.Гонгоржав, доктор профессор О.Сүхбаатар, Экологийн төвийн захирал доктор профессор С.Чулуунхуяг, нэрт эрдэмтэн доктор профессор У.Лигаа, биологийн ухааны доктор профессор  Х.Мөнхбаяр, түүхч доктор Г.Мягмарсамбуу, доктор М.Баярсайхан, урлаг судлалын доктор С.Бадрал, угсаатны зүйн судлаач У.Эрдэнэтуяа, судлаач зураач Ё.Бадарч, Европийн урлагийн академийн шагналт зураач Н.Санчир, яруу найрагч сэтгүүлч О.Цэнд-Аюуш, шашин соёл судлаач докторант О.Мөнхнаран, түүхийн магистр О.Батжин, Монголын үндэсний музейн угсаатны зүйч Ч.Туулцэцэг болон Сүхбаатар аймгийн соёлын өвийн мэргэжилтэн Г.Баярцогт, музейн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, мөн ӨМӨЗО-ны эрдэмтэдийн баг оролцож байгаа ажээ.

Хээр тал нутгаар 5000 шахам км зам туулах уг аялалыг “Нүүдэлчин групп” ивээн тэтгэж буй бөгөөд “Нью Жуулчин Турс” ХХК, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, ШУА Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей зэрэг байгууллагууд хамтран оролцож буй нь судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг илтгэж байна. Тус аялалын мэдээллийн түншлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, “Өнөөдөр” сонин, USB, BBS зэрэг телевизүүд болон мэдээллийн news.mn сайт ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит амралтын газруудыг хувьчилна

Төрийн өмчийн хорооноос энэ сарын 29-нд
“Саам” болон “Жигүүр” амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар
худалдахаар шийдвэрлэжээ.

Дуудлагын худалдаанд оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 29-ний өдрийн
10:00 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 417 тоотод хүлээн авах бөгөөд
хугацаа хоцорсон тохиолдолд хүсэлтийг хүлээн авахгүй аж.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд
оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх
болон аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэх гэнэ.Худалдан авагч нь
дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн
дотор төлөх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оролцох юм байна.

 

 

 

 

 

/мянган төгрөгөөр/

д/д

Эд хөрөнгийн цогцолбор

Байршил

Ашиглал-танд орсон он

Санал болгох доод үнэ

Дэнчингийн хэмжээ /Доод үнийн 20 хувь/

1

Саам амралт

Булган аймаг Хангал сум

2004

33,742

6,748.5

2

Жигүүр амралт

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум

2003

350,000.0

70,000.0

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германчууд Дэлхийн аварга багтаа зориулж шуудангийн марк гаргана

Германы шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болсонд зориулж Германд шуудангийн тусгай марк гаргах гэнэ. “Герман-2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга”  гэсэн бичээс бүхий маркийн загварыг Вупперталь хотын зураач Лутц Менце гаргасан байна. Маркийн эхний хувиудыг дэлхийн аварга болсон хөлбөмбөгийн шигээ багийнхан,   дасгалжуулагч, шигшээ багийн үйлчилгээний ажилтнуудад өгөх юм байна. 

“Энэ марк манай баг дэлхийн аварга болж бидэнд асар их баяр баясгалан авчирсныг эх орон нэгтнүүдэд минь ямагт сануулж байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ХБНГУ-ын Сангийн сайд  Вольфганг Шойбле хэлжээ. Шойблегийн хэлснээр бол пүрэв гарагаас худалдаанд гарч эхлэх шуудангийн энэ марк 60 евроцентийн үнэтэй байна гэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчид үерийн аюулаас болгоомжлохыг сануулав

Зун болж, хүмүүс ч аялал зугаалгаар хөдөө гадаа явах нь нэмэгдсэн. Тиймээс Ус цаг уурын хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газраас аялагч, зугаалагчдад хандан  үер усны аюулаас болгоомжлохыг сануулж байна. Наадмаар онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн томоохон гол мөрөн урсдаг аймгуудад иргэдийн дуудлагын дагуу онцгойгийнхон ажиллаж байгаа гэнэ. Эдгээр аймагт нийтдээ найман хүнийг эрэн хайж байгаа юм байна. Тэдний осолдсон эсэх одоогоор тодорхойгүй байгаа аж.

 Долдугаар сар гарсаар усны төвшин эрс нэмэгдсэн  байна.  Ингээд  Ус цаг уурын хүрээлэнгийн сайтад тавигдсан цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

2014 оны долоодугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөний усны түвшин долоодугаар сарын 9-нд 66 см огцом нэмэгдэн үерийн түвшинд хүрсэн бол Эг, Бүгсий зэрэг голын усны түвшин арав хоногийн аажим нэмэгдсэн хандлагатай болөмнөх арав хоногт үерийн түвшинг давж байсан Үүр, Шишхэд голын түвшин арав хоногтоо 30 см орчим буусан байна.  Хөвсгөлийн уулсаас эхтэй дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал 5-50 см ахиу бол харин олон жилийн дундажтай харьцуулбал Эг голын дагуу 15-45 см бага бол Дэлгэрмөрөн, Үүрийн гол 10 см ахиу байлаа.

Хангай нурууны араас усжих Идэр голын дагууд болон Хануй голын усны түвшин өнгөрсөн арав хоногт хэлбэлзэл багатай, голын адгаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг нэмэгдсэн явцтай өнгөрлөө. Чулуут, Хойттамир, Урдтамир голуудын хувьд арав хоногийн эхээр ба сүүлчээр усны түвшин 5-15 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.

Хангайн арын Идэр голын дагууд усны түвшний арав хоногийн дундаж утгаар 2013 оны мөн үеэс 10 см доогуур, болон олон жилийн дунджаас 20-50 см бага байна. Чулуут, Хануй, Хойд ба Урд Тамирын голын арав хоногийн дундаж усны түвшин 2013 оны мөн үеэс ахиу ба ялангуяа Хойд ба Урд Тамирын голын усны түвшин 40-50 см ахиу байна, гэхдээ олон жилийн дунджаас бага түвшинд байгаа болно.

Хэнтэй нурууны баруун хажуугаас Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын хувьд арав хоногийн сүүлчээр буюу Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-95 см нэмэгдснээс Тэрэлж гол Долоодугаар сарын 8-нд 99 см, Туул гол Улаанбаатар хот орчмоор сарын 9-нд өмнөх өдрөөс 60 см тус тус нэмэгдэн үерийн түвшинг 30 см давсан байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй дээрх голуудын өнгөрсөн арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал Хүдэр, Хараа голуудын ойролцоо түвшинд байгаа бол Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шарын гол зэрэг голууд өмнөх оны мөн үеэс 10-40 см ахиу байна. Харин арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулбал Туул адгаар олон жилийн дунджаас бааг зэрэг ахиу, бусад голууд олно жилийн дунджаас доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний уртын дагууд, голын эх ба дунд хэсгээр усны түвшин арав хоногийн турш аажим буусан ерөнхий хандлагатай боловч адгаар буюу Сүхбаатар хот орчмоор арав хоногийн дундуур 10 см орчим нэмэгдсэн явцтай байлаа. Өнгөрсөн арав хоногийн дундаж түвшний утгаар Сэлэнгэ мөрний эхээр буюу Тосонцэнгэл, Хутаг орчмоор олон жилийн дунджаас бага бол голын дунд хэсэг, адгаар буюу Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн дунджаас 10-80 см ахиу байна.

Орхон голын хувьд голын эхээр буюу Батөлзийт, Хархорин орчмоор арав хоногийн сүүлчээр усны түвшин хоногтоо 20-30 см нэмэгдэн Хархоринд үерийн түвшинд хүрсэн байна. Орхон голын дунд ба адгаар усны түвшний хоногийн хэлбэлзэл бага, дунд хэсгээр аажим буурсан хандлагатай бол адгаар буюу Сүхбаатар хот орчмоор усны түвшин аажим өссөн явцтай, арав хоногийн турш нийтдээ 25 см нэмэгдсэн байна. Орхон голын арав хоногийн дундаж түвшин өмнөх 2013 оны мөн үеэс 40-80 см ахиу, харин олон жилийн дундажтай харьцуулбал голын эхээр ахиу, дунд ба адаг хэсгээр 30-40 см доогуур түвшинд байна.