Categories
мэдээ нийгэм

Гадаадад аялсан монгол иргэдийн зардлыг судалжээ

“Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г  Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран хийжээ.

Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой боллоо хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан дүгнэж байна.  Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан адилгүй байгаа бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар байна. Энэ нь 2005 оны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрээс худалдан авалт хийхэд зарцуулдаг зэрэг дүн гарсан байна. Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна.

Categories
мэдээ нийгэм

PLAYTIME- 2014 амьд хөгжмийн наадам болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд “PLAYTIME 2014” амьд хөгжмийн наадам  энэ сарын 19, 20-нд “Монгол Шилтгээн”-д болно.  “PLAYTIME 2014” наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон  Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах аж. Мөн наадмын талаарх бүхий л мэдээллийг  www.playtime.mn –аас авч болно. “PLAYTIME 2014” наадам  VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан.

 Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.

 Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалана. Бүх тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ.

 Playtime 2014 наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан, Говь-Алтай аймагт боом гарлаа

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Онц, Таван толгой багт энэ  сарын 7-16-ны өдрүүдэд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхжээ. Боом гарсантай холбогдуулан энэ сарын 11-нээс Дөрвөлжин суманд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтонд байгаа найман өрхийн 6000 толгой малд вакцин тарьж, өвчилсөн тахь, адууг устган ариутгал халдваргүйтгэл хийжээ. Үүнээс гадна  долдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд зургаан айлын долоон  адуу, нэг ухна боом өвчнөөр үхсэн байна. Тиймээс Хөхморьтод хязгаарлалт тогтоон голомтын бүсэд байгаа гурван өрхийн малд үзлэг хийж, 52 адуунд боомын ийлдэс тарин, үхсэн адууны сэг зэмийг устгаж ариутгал хийжээ. Мөн арван хот айлын 23 өрхийн бод, бог нийлсэн 7500 малын 1500-г нь вакцинжуулаад байгаа аж.  

Нийслэлд хоёр хүн боомын халдвар авсан шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хүргэгджээ. Тэд Хан-Уул дүүргийн  13 дугаар хороо, Хүйтний хонхорхойд нутаглаж байгаа Төв аймгийн Баянцагаан сумын иргэн н.Нармандахынд үхсэн малын сэг зэм задалсан байна. Тухайн голомтонд 1100 бог, 75 адуу, 64 үхэр байгаа бөгөөд гурван км-ийн радиустай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Цэрэг хоёр давхраас унасан уу, хэн нэгэн түүнийг түлхэв үү?

Налайхад байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэрэг энэ сарын 12-нд хоёр давхраас унажээ. Унахдаа хүзүүгээ гэмтээж, хүзүүнийх нь сэртэн хугарсан байна. Түүнийг Госпиталь  буюу цэргийн эмнэлэгт хүргэжээ. “Одоогоор ухаан ороогүй байна, бие нь тааруу байгаа” гэж эмч нар хэлж байгаа юм. 014 дүгээр ангийнхан болон хамт цэргийн алба хааж байгаа нөхөд нь түүнийг өөрөө цонхоор ойчсон гэж байгаа ч хэн нэгэн түлхсэн байж болзошгүй талаар эмч нар хэлж буй юм. Учир нь өөрийн анхааралгүй байхад нь түлхсэнээс тэрбээр энэ гэмтлийг авсан байх магадлалтай. Түүнээс хоёр давхрын цонхоор өөрөө унасан хүн ийм хэмжээний бэртэл авах боломжгүй гэж үзэх магадлалтай аж. Эсвэл хэн нэгэн түүнийг зодоод дараа нь цонхоор шидсэн байхыг ч үгүйсгэхгүй юм байна. Юутай ч цагдаагийнхан цэрэг өөрөө цонхоор үсрэв үү, эсвэл хэн нэгэн түлхэв үү гэдгийг шалгаж эхэлжээ.

Хамт алба хааж буй нөхөд нь түүнийг онгорхой байсан цонхоор үсэрсэн гэж мэдээлж буй гэнэ. Энэ сарын 12-ны өдөр цэрэг өглөөний тоондоо орохоос өмнө энэ хэрэг болжээ. Харин БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин  штабынхнаас энэ талаар тодруулах гэсэн боловч “Мэдэхгүй байна. Энэ талаар мэдээл ирээгүй хэмээж буй юм. Гэмтсэн цэрэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат бөгөөд өнгөрсөн хавар цэрэгт татагджээ.

 Г.НУУР

Categories
мэдээ нийгэм

Хаа газрын залуучуудын хүн чанар, хүний мөс гэж хаачаа вэ?

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын вакциныг хийнэ

Жил бүрийн долоодугаар сарын дунд үеэс тарваган тахлын вакциныг голомттой газруудын эрсдэл бүхий иргэдэд тарьдаг. Энэ жилийн хувьд тахлын вакциныг ирэх долоо хоногоос эхэлж, 15 аймгийн 70 гаруй сумын иргэдэд тарина гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Дашрамд сонирхуулахад, улсын хэмжээнд 17 аймгийн 140-өөд сумын нутагт тарваган тахлын халдварын байгалийн голомт байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

“Монгол костюмс”-ын захирал Б.Сувд шагналаа буцааж өгнө гэв

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Дээлтэй Монгол” наадмын нээлтэд үг хэлэх үеэрээ тус наадмын санаачлагчийг буруу зарласан нь цахим хуудаснаа шүүмжлэлийн бай болоод байгаа. Уг наадмын санаачлагч “Монгол костюмс” ХХК-ийн захирал Ц.Оюунгэрэл сайдад хандан ил захидал бичиж, Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналаа буцааж өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд дараах захидлыг бичжээ.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл танаа

Сайхан наадав уу? Сайд аа. Наадам сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах бага наадам “Дээлтэй Монгол” бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа “Дээлтэй Монгол” наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа. Харин таны хэлсэн үгийн дараа сэтгэл хоосроод явчихсаныг нуугаад яах вэ. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж, соёлын өвөө уламжлагч “Монгол костюмс”-ын санаачилж эхлүүлсэн “Дээлтэй Монгол” наадмын санаачлагчийг салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх. Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат “Дээлтэй Монгол” наадмыг санаачилж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар танд бас баярлаж байсан. Харин энэ шагнал маань “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ. Иймд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж, ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд амжилт хүсье.

“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 14 хүн хүнд, хөнгөн бэртжээ

Баярын өдрүүдэд зам тээврийн ноцтой гурван осол гарчээ. Ослын улмаас азаар хүн нас бараагүй, 14 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. Тухайлбал, энэ сарын 13-ны өдөр Хүй долоон худагт хоёр машин урд урдаасаа халз мөргөлдөж, хэд хэдэн хүн гэмтсэн байна. Тиймээс амралтын сар эхэлсэн энэ үед автомашиныхаа хурд, аюулгүй байдлаа сайтар сахиж явахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Төрмандахийн шинэ уран бүтээл ”Торгон хул”

Categories
мэдээ нийгэм

“Ухаалаг цагдаа” ашиглалтад орлоо

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл, гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн өгсөн өргөдөл, гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернэтийн орчинд хянах бололцоог хангах зорилгоор “SMART POLICE” буюу “Ухаалаг Цагдаа” цахим өргөдөл, гомдлын нэгдсэн систем ашиглалтад оржээ.

Энэхүү цахим системд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцээр өөрийн биеэр очиж өргөдөл, гомдол өгөх, шийдвэрлэлтийн явцыг хянахаас гадна интернэтийн орчинд хаана байгаа газраасаа www.smartpolice.mn буюу “Ухаалаг цагдаа” вэб сайтаар дамжуулан хандах боломжтой аж.