Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын иргэдийн санаачилгыг дэмжлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангаас санхүүжигдсэн энэхүү 9 төсөлд

•         Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы төгөл байгуулах төсөл, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а  хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагсны шийд болон тоглоомын талбай байгуулах төсөл

•         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 30-р гудамжинд хэрэгжиж дууссан 75 м урттай явган хүний шаталсан зам барих төсөл

•         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 3,4,5 гудамжинд хэрэгжиж дууссан өрхийн хог ангилан ялгах хогийн сав гэр хорооллын хашаанд суулгах төсөл

•         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхдийн тоглоомын талбай болон иргэд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх талбайг бий болгож тохижуулах төсөл

•         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсны шийд барих төсөл

•         Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжинд хэрэгжиж байгаа жишиг гэр гудамж бий болгон хүүхдийн талбай байгуулах төсөл

•         Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын шинэ эцэст хэрэгжиж байгаа иргэд, оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх ногоон төгөл, хүрээлэн байгуулах төсөл

•         Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Мандал Овоо гэр хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай байгуулах төслүүд орж байгаа. Эдгээр төслүүдийг гэр хорооллын иргэд өөрсдөө санаачлан бичиж, гар бие оролцон хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн амьдрах орчин сайжирч, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бүрдэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

Иргэдийн хүсэлтээр зундаа шавар намагт шигдэн, өвөлдөө хүн явах аргагүй мөстдөг хэсэгт явган зам тавьсанаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байгаагэх мэт олон давуу талуудыг дурьдаж болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уран баримлуудаар гоёлоо

Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэнэ. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна. Энэ олон шагналын эзэн хэн болох нь энэ баасан гаригт тодорно. Ирж үзээд иргэн та ч саналаа нэмэрлээрэй гэж Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийнхэн ярьж байна.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйчүүдийн тоо 18.8 хувиар буурчээ

Энэ оны хагас жилийн байдлаар бүрт¬гэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурчээ. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт аж. 

Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургаадугаар сарын эцэс гэхэд 4100-гаар буурчээ. Ха¬рин Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн дунд боловсролгүй ир¬гэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа гэнэ. 

Тодруулбал дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь бакалаврын боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Тахийн унагыг үрчилж, бас нэр хайрлаж болно

Манай гараг дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу-тахийг хамгаалах, байгальд буцааж зэрлэгшүүлэх буянт үйлст хувь нэмрээ оруулах, туслах гэсэн сайн санаат хүмүүс янз бүрээр тусалдагийн нэг хэлбэр  нь тахийн унага үрчлэн, нэр өгөх аж. Хүссэн хэн боловч тахь хамгаалахад 100 гаас доошгүй ам. доллар хандивлаж, тухайн жилд төрсөн нэг унага зүслэн үрчилж, нэр хайрладаг. Тэр нэрээр жил бүр Праг хотноо хэвлэгддэг дэлхий дээрх бүх тахийн удмын бүртгэлд бүртгэгдэн, түүх нь  хөтлөгддөг.  Одоогийн байдлаар Хустайн нуруунд төрсөн унагануудад  20 гаруй орны 200 гаруй иргэн, байгууллага  нэр хайрлаад байна.  Тэдгээрээс заримыг нь дурьдваас:

Нэр хайрласан хүмүүс

Тодруулга

Унаганд хайрласан нэр

Унаганы хүйс

Он

 Н. Багабанди

 Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч

 Нарстай

Эр

1995

 Филипп

 Эдинбургийн Хунтайж

 Белморал

Эр

1997

 Корен Лепаж

 Францын Байгаль орчны сайд

 Кабург

Эм

1997

 Жулия Робертс

 Холливудын нэрт жүжигчин

 Мөнхсанаа

Эр

1999

 Сунг Янг

 Өмнөд Солонгосын ерөнхий прокурор

 Бима

Эр

2000

 Николай Янков

 Болгарын Засгийн газрын гишүүн

 Пагани

Эр

2002

 Леонид Васильевич Потапов

 Буриад улсын ерөнхийлөгч

 Аргада

Эр

2004

 Коике Юрико

 Японы Байгаль орчны сайд

 Сараана

Эм

2004

 Ц.Саранцэцэг

 Амьдрах урлаг төвийн тэргүүн

 Сарансувд

Эм

2004

 Бруно Роби

 Италийн жуулчин

 Карина

Эм

2005

 Б.Бат-эрдэнэ

 Дархан аварга

 Аварга

Эр

2005

 Күүк Крестини

 Австралийн жуулчин

 Күүки

Эм

2006

 Вилъям ба Максима Александр

 Нидерландын ханхүү, гүнж

 Амексияа

Эм

2006

 Н.Энхболд

 УИХ-ын дэд дарга

 Зуун мод

Эр

2006

 Ж.Гүррагчаа

 Сансрын нисгэгч

 Салют

Эр

2006

Ban Ki Monn

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга

Энхтайван

Эр

2009

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн авах ёслол боллоо

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 18 олдворыг АНУ-ын Засгийн газраас манай Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол 7 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яамны Нью Йорк хот дахь салбарын байранд боллоо. 

Олдворыг хүлээн авахтай холбогдсон АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд 2014 оны 6 дугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зурсан юм.  

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Нью Йорк хотын Өмнөд дүүргийн прокурор Прийт Бхарара болон албаны бусад хүн оролцов. 

Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ “Монголоос гаралтай нэн эртний олдворуудыг олж буцаахад тусалж буй Америкийн хууль сахиулах албаныханд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, манай хоёр орны энэхүү  хамтын ажиллагаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд чухал туршлага болж байгаа”-г онцлон тэмдэглэв. 

 Прокурор П.Бхарара “Бид үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаах түүхэн үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна” гэсэн бол Тусгай төлөөлөгч Ж.Хейз “Өнөөдрийн бидний буцаан өгч байгаа олдворууд хэн нэгний хувийн цуглуулгад байгаагүй зүйл. Эдгээр нь Монголын ард түмний өмч бөгөөд өнгөрсөн жилийн бидний буцаасан Батаарын хамт үндэсний байгалийн түүхийн музейн үзмэрт тавигдах юм” гэв. 

Олдворуудын дотор бүтэн шахуу Батаарын араг яс, Овирапторын чулуужсан өндөг, 5 үлэг гүрвэлийн хамтдаа чулуужсан яс зэрэг зүйл байна. Эдгээр нь 68-80 сая жилийн настай бөгөөд Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл ийм төрлийн олдворууд нь нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болохыг тэмдэглэж байв. 

АНУ-ын Засгийн газар 2007 оноос хойш  уран зураг, гар бичмэл, олдвор зэрэг 7000 гаруй соёлын үнэт зүйлс, эртний эдлэлийг Австри, Герман, Камбож, Ирак Итали, Монгол, Перу Польш, Хятад, Франц зэрэг 30 шахам оронд буцаагаад байгаа аж. 

Ёслолын үеэр Элчин сайд О.Оч АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах албаны зарим төлөөлөгчид ССАЖЯ-ны хүндэт өргөмжлөлийг гардуулав. 

 Ёслолын ажиллагаанд мөн Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Гансүх, Консул З.Эрдэнэбаяр, ССАЖЯ-ны Палеонтологи, археологийн музейг шинэчлэх төслийн зөвлөх Др. М.Болорцэцэг, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны дотоод аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Жеймс Хэйз, мөн албаны Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла, Эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан төлөөлөгч Дебора Хардос, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгийн дарга Марк Норелл, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.    

Categories
мэдээ нийгэм

Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгох хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч хатагтай Флесс нар Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгох хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

        ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны хүрээнд 2000-2009 онд Хархорум хотын “Их танхим” болон түүнтэй зэрэгцээ орших барилга байгууламжийг Германы Археологийн Институт, Монголын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран судалсан байдаг юм.

       Уг санамж бичгийн хүрээнд 2014 онд “Ил музей” байгуулах зорилгоор талууд эртний нийслэл Хархорум хотын буддын туурийн үлдэгдэлийг сэргээн засварлана. Мөн цаашид соёлын өвийг сэргээн засварлах, “Ил музей”-д тавигдахаар сонгогдсон олдворуудыг нөхөн сэргээх болон үзэсгэлэнгийн танхимыг тохижуулахад хамтран ажиллах юм.

         Монгол Улсын болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хууль тогтоомжийн дагуу мэргэжилтэн бэлтгэх, солилцох болон харилцан туршлага солилцох асуудлыг ч тусгасан аж.

       ССАЖЯ-ны  зүгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын судлаачид болон төсөлд шаардагдах овор ихтэй, зарим нэг  материал, тоног төхөөрөмжийн асуудлыг гаалийн татвараас чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлэх юм.  

       Төслийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгах зорилт  тавьжээ.

     Дашрамд дурдахад энэ жил хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон 2014 оны хоёр талын харилцааны археологи, соёлын өвийг хадгалан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших Орхоны хөндийн судалгаа хийгдсэн түүх соёлын дурсгалт газар, түүнд оршин байгаа Монголын эртний нийслэл Хархорум хотыг түүхийн дурсгалт газар болгон баталгаажуулж, түүнийг удаан хугацаанд олон нийтэд нээлттэй болгохыг зорилго болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж болзошгүй

ОХУ-аас
цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг
салган засвар хийж байгаа ба хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох
тохиолдолд Диспетчерийн үндэсний төв ХХК-аас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд
улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж
болзошгүйг Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компаниас сонордуулж байна.

УБЦТС
ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад
дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн
энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү.

Хязгаарлах цаг

Хэрэглэгчдийн байршил

08:00-10:00

БЗД 12, 15-р
хорооллын зарим хэсэг, Бөхийн өргөө орчимд

СБД 40, 50
мянгатын зарим хэсэг

ХУД Үйлдвэр
комбинат

БГД 2, 3, 4,
10-р хорооллын зарим хэсэг, Төмөр зам

СХД Баянхошуу,
1-р хороолол

Төв
аймаг
баруун
талаарх САА-ууд

10:00-12:00

БЗД Гачуурт,
Цагаан даваа, Ганц, Худаг, ШУТИС-КТМС, 12, 15-р хорооллын зарим хэсэг

СБД Автобус-3
компани орчим, 5-р хорооллын урд хэсэг, 220 мянгат, Зуун айлын хойд хэсэг, 2,
3, 6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Хайлааст,
Чингэлтэй, Зүрх-Уул

ХУД 120 мянгат,
ХААИС, Зайсангийн амны зарим хэсэг, 19-р хороолол, Яармаг, Нисэх

12:00-14:00

БЗД 12, 15-р
хорооллын зарим хэсэг, Замын цагдаагийн газар, Нарантуул зах, Алтан-Өлгий,
Цайз, Шар хад, Да хүрээ

Төв аймаг
Зуунмод сум, Жаргалантын амны зарим хэсэг

ХУД АПУ ХХК,
Арьс ширний үйлдвэр, Ноосны үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Эрэл ХХК, Говь
үйлдвэр, ДЦС-3 ХК-ийн хойд хэсэг, Яармагийн 1, 2-р буудал орчимд, Арцатын
гудамжууд, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам

БГД
Гурвалжингийн гүүрнээс урагш гол хүртэл, Төмөр замын хэсэг

СХД 5 шарын орон
сууцнууд, 12-р сургууль, Гал унтраах анги, ангийн орон сууц, 184, 164-р
Цэргийн ангиуд, МонЧехМет ХХК, Сүлжмэлийн үйлдвэр, Хангай зах, Тоосгоны
үйлдвэр орчим, Монос эмийн үйлдвэр, Сонсголон, Төв бараа бааз, Түүхийн эдийн
бараа бааз, Орбитын орон сууц, Дэвшил ХХК, ГЖүГ з/б, Бүрд, АТЦ, Хөсөг, Их
үүсгэл, Туул ХХК-иуд

14:00-16:00

БЗД Хонхорын гэр
хороолол, Чулуут, Хүрэл тогоот, Скай резорт,

РЦНК-ийн
баруун талын хорооллууд, Чингис зочид буудал, 12, 15-р хороолол, Цагаан
даваа, Ганц худаг орчим

СБД 40, 50
мянгат, Төмөр замын зарим хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар, Төв
шуудангийн арын хэсэг, Хангарьд ордон орчимд, МУИС-4, МУИС-2, Хүүхэд залуусын
хөгжлийн төв

ХУД Цэнгэлдэх
хүрээлэн орчим, Зуун айлын зарим хэсэг

СХД
Баянхошуу,
1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүрэг, Төв аймаг Баянцагаан, Баянчандмань
сум, Багахангай

16:00-18:00

БЗД Амгалангийн
тал хэсэг, Өгөөмөр техникийн захын урд хэсэг, 12, 15-р хорооллын зарим хэсэг,
13-р хороолол, 16-р хороолол, Офицеруудын ордны зүүн болон зүүн урд хэсэг

СБД 40, 50
мянгатын зарим хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар

ХУД Цэнгэлдэх
хүрээлэн орчим

СХД Орбит, 22-ын
товчоо, 05, 151, 158, 164, 013-р Цэргийн ангиуд, 25-р бааз, Чулуун карьер,
Хүнс ББ, Баянголын ам, Толгойт, 65-р сургууль, Монгол эд ХХК, Савангийн
үйлдвэр, Гахайн завод, Нефьт бааз, орон сууцнууд, Мах импекс, Гурилын үйлдвэр

Налайх дүүргийн
зарим хэсэг

18:00-20:00

БЗД Гачуурт

ЧД Усан сан,
ногоон зоорь, Нохойн сургууль орчмоор, Нохойн сургуулийн хойд хэсгээр,
Дэнжийн 1000, Хайлааст

ХУД Яармагийн 1,
2-р буудал, Арцатын гудамж, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам, Нисэхийн дэнж

БГД
2, 3, 4, 10-р
хорооллын зарим хэсэг

СХД 1-р
хорооллын зарим хэсэг

Төв
аймаг
Зуунмод,
Сэргэлэн сум, Жаргалантын ам,

20:00-22:00

БЗД 12, 15, 16-р
хорооллын зарим хэсэг, Цагаан даваа

СБД 40, 50
мянгатын зарим хэсэг, 2, 3, 6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Чингэлтэй,
Хайлааст

ХУД 120 мянгат,
Оргил рашаан сувилал, Удирдлагын академийн орчимд

СХД Рашаант,
Баянхошуу, Геологийн лабораториос зүүн тийш Менгеогийн орон сууц хүртэл,
Хилчин, Тоосгон орчимд, 1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд
хэсэг

Налайх дүүргийн
зарим хэсэг

Жич:
УБЦТС ХК-аас хийж буй засварын ажилтай холбогдуулан хийж буй таслалтууд энэ
хуваарьтай холбогдолгүйг анхаарна уу.

 

Диспетчерийн үндэсний төв

Утас: 70041778

Categories
мэдээ нийгэм

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүнэ

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, н.Хурц, н.Баттулга нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд болно. Энэ сарын 7-нд болсон шүүх хуралдаанаар шүүгдэгч н.Хурцын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч н.Баттулга өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа нь энэ юм. 

Categories
мэдээ нийгэм

Боомоос сэрэмжлүүлж байна

Энэ сарын  13–нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны хоёр иргэн боомоор өвчилсөн малаас халдвар авч, эмчилгээ хийгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэг гаргажээ. 

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Манай улсын тал хээрийн чийглэг хар хүрэн хөрстэй бүс нутагт боомын байгалийн голомттой. Сүүлийн арван  жилд 15 аймгийн 126 суманд, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хүний өвчлөлийн 157 тохиолдол бүртгэгдэж нас баралт 7,6% -тай байна. Малын өвчлөл 15 аймгийн 81 суманд, Улаанбаатар хотын 4 дүүрэгт 1000 орчим мал боомоор өвчилсөн байна.

Боомын малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байгаа нь малыг нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилнө.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт:

– Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах

– Шалтгаан тодорхойгүйгээр мал үхвэл аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх

– Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх

– Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх

– Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах. 

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр хоолны хордлого гараагүй байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үед худалдаа үйлчилгээнд ажиллах 206 аж ахуйн нэгжийн нийт 2891 хүний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт хийхэд 98,3 хувь нь хамрагдсан байсан бөгөөд шинээр 1492 хүнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрчимжүүлсэн шалгалт хийж мал худалдаалах нэгдсэн түр цэгийг зохион байгуулж байнгын хяналт тавьж ажиллан 132 зөрчил илрүүлэн арилгуулжээ. 

7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд үйл ажиллагаа явуулж буй 1666 цэгт хяналт хийснээс, нийтийн хоолны 1202, худалдаа үйлчилгээний 456, цэвэр усны сан, бие засах газар зэрэг  цэгүүдэд  хяналт тавьж, шалгалтын явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна. Баяр наадмын үеэр хоол хүнстэй холбоотойгоор хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй бөгөөд ХӨСҮТөвөөс авсан мэдээгээр хоолны хордлого гэсэн оноштой өвчтөн бүртгэгдээгүй байна.

Шалгалтаар махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, улсын байцаагчийн 24 дүгнэлт гаргаж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш,  645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 9 акт үйлдэн хураан авч, устгуулах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг үндэслэн 7 иргэнд 786,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,  зөвшөөрөлгүйгээр төв цэнгэлдэхээс 120 мянгатын автобусны буудал хүртэлх замд гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн, айраг худалдан борлуулж байсан 28 иргэний үйл ажиллагааг НЦГ-тай хамтран таслан зогсоожээ.

Төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоолоо гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.